Манай улсад цар тахлын энэ үед эхийн эндэгдэл өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад 27.8 хувь өсчээ.
Энэ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Жендэрийн Үндэсний хороо АХБ-ны дэмжлэгтэйгээр явуулсан “Монгол Улсад охид, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлж буй “COVID-19″-ийн цар тахлын үеийн нөлөөлөл”-ийн судалгаагаар гарсан байна.
Судалгааны тайланд, халдварын цар тахалтай тэмцэх ажилд эмэгтэйчүүд тэргүүн эгнээнд ажиллаж байгааг дурдаж, Монгол Улсад эрүүл мэндийн салбарт ажиллагчдын 81.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буйг онцолжээ.
“Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар Монгол Улсад эрүүл мэндийн 41 албан хаагч “COVID-19″-ийн вирусээр халдварлагдсан байна. Энэ мэдээлэлд хүйсийн ялгааг дурдаагүй боловч тухайн салбарт ажиллах эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр байгааг харгалзан үзвэл эмэгтэйчүүд халдварт илүү өртсөн байж болзошгүй” хэмээн өгүүлжээ.
Цар тахлын үед эхийн эндэгдэл өссөнийг Баян-Өлгий аймагт эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдсэнээр жишээ татжээ. 2020 оны 3-10 дугаар сар хүртэлх хугацаанд дээрх аймагт бүртгэгдсэн тохиолдол нь коронавирусний халдвараас сэрэмжлэн эмнэлэгт хандахаас зайлсхийж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авч чадахгүйтэй холбоотой байжээ. Хөл хорионы үед эмэгтэйчүүд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн яаралтай тусламж авахад хүндрэлтэй байсан бөгөөд зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэд шаардлагатай эм тариагаа авч чадаагүй байна.
Мөн жендэрт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс улбаатай үйлдэгдсэн хэрэг, зөрчил нэмэгджээ. Гэхдээ Засгийн газраас цар тахлыг даван туулах, эдийн засаг, иргэдийн амьжиргааг дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн үр дүнд хүрч, хүнсний эрхийн бичиг, хүүхдийн мөнгө нь хүн амын хамгийн ядуу хэсэгт дэмжлэг болжээ. Нийгмийн халамжийн тэтгэмж авагчдын тоо эрс өссөн байна.
Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ганц бие өрх толгойлсон эцэг, эхэд өгөх нийгмийн халамжийн тэтгэмж, хүнсний эрхийн бичгийн мөнгөн дүнг нэмэгдүүлсэн нь зохих эзэндээ хүрч, ялангуяа нийгмийн хамгийн ядуу бүлэг, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд хүрч чадсаныг статистик мэдээлэл болон гүнзгийрүүлсэн ярилцлага харуулж байна. Хүүхдийн мөнгө, нийгмийн даатгалын хөнгөлөлт, татварын чөлөөлөлт нь өрхөд шууд орлого болон хүрчээ. Нөхцөл байдлаас гадна цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг судалгаанд тусгасан байна. Үүнээс үзвэл:
- Одоо хэрэгжиж буй нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдээ цар тахлын улмаас уналтад орсон эдийн засаг сэргэтэл үргэлжлүүлэх,
- Хөл хорионы үед хүүхдүүдийг цахим хүчирхийлэл болон бусад хэлбэрийн хүчирхийлэл, тухайлбал ЖСХ/ГБХ-ээс хамгаалахын тулд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх,
- Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасан сул зогсолтын олговрын хэрэгжилтэд цар тахлын үед хяналт, аудит хийх зайлшгүй шаардлагатай байна,
- Гамшиг, цар тахлын үед болон отроор явж буй малчин өрхийн гишүүд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэхийн тулд тэдний хэрэгцээнд тулгуурласан журам боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэжээ.