Categories
гадаад мэдээ

“Time” сэтгүүл“ алиа салбадай, суутан, бас өдөөн хатгагч” Элон Маскийг оны хүнээр тодруулсны учир

АНУ-ын нэр хүнд бүхий “Time” сэтгүүл 1927 оноос эхлэн 94 дэх жилдээ “Дэлхийн оны хүн”-ийг зарласан билээ. Тухайн оны турш нийт хүн төрөлхтөнд сайнаар төдийгүй муугаар хамгийн их нөлөөлсөн хүнийг тус сэтгүүлийн редакц тодруулдаг уламжлалтай. Жишээ нь, 70 гаруй сая хүний аминд хүрсэн хөнөөлт дэлхийн II дайныг өдөөсөн нацист Германы удирдагч Адольф Гитлер 1938 оны хүнээр шалгарч “Time” сэтгүүлийн хавтсанд хөрөг зураг нь заларч байсан удаатай.

Харин 2021 оны хүнээр тус сэтгүүл цахилгаанаар ажилладаг автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Tesla”, сансрын хөлөг үйлдвэрлэгч хамгийн том хувийн компани болох “SpaceX” зэргийг үүсгэн байгуулагч, 300 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон анхны хур баян Элон Маскийг тодруулаад удаагүй байна.

“Time” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Эдвард Фелзентал хэлэхдээ, түүний үүсгэн байгуулсан компаниудын зохион бүтээсэн шинэ технологиуд хүн төрөлхтний хөгжлийн нэг бус, арван жилийг тодорхойлж буйг онцолжээ. Тэрээр, “Нэг дор алиа салбадай, суутан, өдөөн хатгагч, зөнч мэргэн, шоучин, үйлдвэрлэгч байж чаддаг Элон Маск бол манай гаригийг аварч, хүн төрөлхтнийг өөр гаригт амьдруулахын тулд чадах бүхнээ хийж буй ер бусын хүн гэдгээ үйл хэргээрээ нотоолсоор ирсэн” гэжээ.

Элон Маскийн дотны анд, хамтран зүтгэгч Антонио Грасиас “Тэрээр маш онцгой оюун ухаантай төрсөн бөгөөд амаргүй нөхцөлд өсч торнин хат суусан эр. Дэндүү их эрсдэлтэй цоо шинэ салбаруудад түүн шиг зориглон орж уйгагүй зүтгэн амжилтад хүрэх чадвартай өөр хүн үгүй. Тэрээр асар их дарамт дор чухал шийдвэр гаргаж чаддагаараа, нийт хүн төрөлхтний амьдралыг өөрчлөх оролдлогоо хэзээ ч зогсоодоггүйгээрээ бусад удирдагчдаас ялгардаг. Үйл хэргийнхээ үр дүнд тэрээр асар их хөрөнгөтэй болж чадсан. Гэвч Элон баяжих донтой хүн биш. Олсон бүх хөрөнгөө цоо шинэ зорилтод зориулаад хадмынхаа машины гаражид амьдрахаас ч сийхгүй гэдгээ хэлж байсан удаатай” гэсэн нь бий.

Цар тахлын үеэр Элон Маск коронавирусийн аюулыг хэт дөвийлгөсөн гэж үзэн орон нутгийн захиргааны шаардлагыг үл ойшоон үйлдвэрүүдээ ажиллуулсаар байсан аж. Тэрээр “Time” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, өөрөө вакцин хийлгэсэн ч хүн бүрийг хүчээр вакцинжуулахын эсрэг байдгаа илэрхийлжээ. Вакцин хийлгэх ач холбогдлыг сурталчлан ойлгуулалгүйгээр хүчээр тарих нь Америкийн уламжлалт хувь хүний эрх чөлөөнд заналхийлж буй явдал гэж тэрээр байр сууриа тайлбарласан юм.

“Time” сэтгүүлийнхэн түүний тэгээс эхлүүлээд сансрын пуужин зохион бүтээж чадсан зоримог алхам дэлхийн сансар судлалыг огцом урагшлуулж, хүн төрөлхтөнийг илүү хүртээмжтэй интернэтээр хангахад түлхэц болсныг онцолсон байна. Тэд “Элон Маск бол технологи аливааг боломжтой болгодог ирээдүйгээс ирсэн хүн гэлтэй. Үүний сацуу тэрээр элдэв дүрэм заавар, хязгаарлалт ба “Facebook”-ээс өөрийг бүтээхээ больж зогсонги байдалд орсон Америкийг шинийг санаачлан үйлдвэрлэгч байсан цаг руу нь эргүүлэн оруулж буй нь сайшаалтай. Элон Маск хуучирсан арга барилуудыг устган цоо шинэ ертөнцийг цогцлоож, дэлхий болон хүн төрөлхтөн аврагдана гэсэн итгэл найдварыг дахин төрүүлж байна” гэжээ.

Харин Элон Маск тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Хүн төрөлхтөнийг олон гаригт амьдрах боломжийг нээж, сансрын соёл иргэншил цогцлоох нь бид бүхний гол зорилт байх ёстой. Энэ тал дээр дараагийн чухал алхам бол Ангараг гариг дээр өөрийгөө бүрэн тэтгэх хот байгуулах явдал. Библи дээр Ноагийн хөлөг гэж гардаг даа. Тэгвэл тэр хот нэг ёсны футурист Ноагийн хөлөг болох юм. Тийшээ бид дэлхий дээр амьдардаг амьтад, ургадаг ургамлуудыг зөөвөрлөнө” гэж хүсэл мөрөөдлөө ний нуугүй хэлсэн аж.

Элон Маскийн санаачилсан бүхэн асар их эрсдэл, саад бэрхшээлийг даван туулж байж амжилтад хүрдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. АНУ-ын сансар судлалын “NASA” агентлагт ганц пуужингийн осол томоохон бүтэлгүйтэл болж, хэвийн ажиллагаагаа сэргээхэд олон жил шаардагддаг.

Тэгвэл Элон Маскийн “SpaceX” компани бүтэлгүйтлийн дараа аль болох хурдан дахин нэг оролдлого хийхэд бүхнээ зориулдаг байна. Үүнд асар их хөрөнгө шаардагддаг нь тодорхой. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25 буюу АНУ-ын Талархлын баярын өдөр тэрээр компанийнхаа ажилтнуудад электрон шуудан илгээхдээ, пуужингийн “Rap­tor” хэмээх шинэ хөдөлгүүр бүтээх ажил саатсанаас үүдэн “SpaceX” дампуурч болзошгүйг дуулгажээ. Үүгээрээ Элон Маск ажилтнууддаа тайвширч болохгүйг, олж авсан давуу байдал дээрээ зогсож болохгүйг сануулсан гэнэ.

Тэрээр “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа төгсгөлд “Бид ойрын таван жилийн дотор Ангараг гариг дээр газардахгүй бол би маш их гайхна” гэж итгэлтэйгээр хэлжээ. Гэхдээ тэрээр Ангараг дээр сансрын хөлгөөр хүн буулгах хөтөлбөр бүтэлгүйтэх эрсдэлтэйг бүрэн ойлгож буйгаа үгүйсгээгүй.

Элон Маск “Би хөтөлбөр бүтэлгүйтэх бус, амжилтад хүрэх магадлал 50 хувь гэж өөдрөгөөр хэлмээр байна. Эс тэгвээс урьд өмнө байгаагүй хамгийн хүчирхэг, олон тэрбум долларын үнэтэй пуужин сүйрнэ гэдгийг төсөөл дөө. Дэндүү аймшигтай биш гэж үү? Ийм тийм юм болохгүйг л эрмэлзэхээс өөр замгүй” гэсэн юм.

Д.Цэрэндолгор

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *