Categories
гадаад мэдээ нийгэм

“Спутник V” вакцинаар тариулахдаа хоёр сарын турш архи хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

Москвагийн Гамалейн хүрээлэнд бүтээсэн “Спутник V” вакцинтай холбоотой согтууруулах ундааны хоригийн талаарх яриа өчигдөр Оросын олон нийтийн анхаарлын төвд оржээ.

Тус улсын засгийн газрын хэрэглэгчдийн эрх ашиг, нийтийн эрүүл мэндийг хамгаалах Роспотребнадзор агентлагийн тэргүүн Анна Попова “Вакцин хийлгэхээс өмнө хүмүүс хамгийн багадаа хоёр долоо хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй байх ёстой. Анхны тунг хийлгэсний дараа зургаан долоо хоног архийг цээрлэвэл бүрэн гүйцэд дархлаа тогтоно” хэмээн хэвлэлд ярьжээ.

Харин үүний дараа Оросын Эпидемиологи, Микробиологийн Судалгааны Үндэсний Төвийн захирал Александр Гинцбург “Согтууруулах ундаа хүний дархлааны системд хортой нөлөө үзүүлдэг нь үнэн. Гэхдээ ганц хундага шампайн дарс ямар ч хор нөлөөгүй” гэж ярьсан нь Поповагийн хэлснийг зөөлрүүлж, олон хүний санааг амраасан байна. ОХУ-д өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг хоёр төрлийн вакцин албан ёсоор бүртгүүлээд байгаа. Тэдгээрийн нэг нь Гамалейн хүрээлэнд бүтээсэн Спутник V бол нөгөө нь Новосибирскийн Вектор судалгааны төвд бүтээсэн EpiVacCorona юм.

Энэ хоёроос гадна гурав дахь вакцин туршилтын шатандаа яваа. Москва хотын иргэд өнгөрсөн Бямба гарагаас эхлэн вакцинжуулалтад хамрагдаж эхлээд байна. Эхний ээлжинд эмч, сувилагч нар болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг хамруулж байгаа юм. 2021 онд нийтдээ 600 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин үйлдвэрлэх боломжтойг ОХУ-ын албаныхан мэдэгдээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *