Categories
гадаад мэдээ нийгэм

Сиань хотод хөл хорио тогтоожээ

Хятадын Шэньси мужийн Сиань хотод коронавирусийн дэгдэлт гарсантай холбоотойгоор хотын бүх хүн буюу 13 сая оршин суугчийг хөл хорионд оруулжээ. Энэ талаар CNA агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын 22-ны өдөр Сиань хотод коронавирусийн халдварын 52 тохиолдол шинээр илэрч, 12 дугаар сарын есний өдрөөс хойш нийт тохиолдол 143-д хүрсэн байна.

Улмаар 12 дугаар сарын 23-ны пүрэв гаригийн шөнө дундаас эхлэн хөл хорио тогтоохоор болсон бөгөөд Сиань хотын айл өрх бүр долоо хоногт хоёр удаа өрхийн нэг гишүүнээ шаардлагатай хүнс бусад зүйлсийг худалдан авахуулахаар гэрээсээ гаргаж болох гэнэ. Мөн хотоос гарахыг хориглосон, гарах шаардлагатаөй бол “онц шаардлага гарсан” гэдгийг батлах баримт бичиг үзүүлэх ёстой аж.

Хөл хорио тогтоож байгаатай холбоотойгоор хот хоорондын автобусны өртөөнүүд хаагдаж, хотоос гарах хэсэгт хяналт шалгалтын цэгүүдийг байршуулсны дээр нислэгүүдийн 85 хувийг цуцалжээ. Үүнээс өмнө, Сиань хотын бүх дунд сургуулиудын хичээлийг зогсоосон байна. Түүнчлэн супермаркет, хүнсний дэлгүүр, эмнэлгийн байгууллагуудаас бусад бүх байгууллагыг хааж, ажилтнуудыг гэрээсээ ажиллахыг уриалжээ.

2019 оны сүүлээр коронавирусийн анхны тохиолдол илэрч байсан Хятадад энэ жил бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага халдварын тохиолдол илэрч байгаа юм. Өдөрт шинээр илрэх халдварын тохиолдол 100-аас бага бүртгэгдэж байгаа. Гэсэн ч тус улсын эрх баригчид огт халдвар гаргахгүй байх бодлого баримталж байгаа тул хил дээр хатуу хязгаарлалт тавьж, халдвар илэрсэн бүс нутгуудад хөл хорио, урт хугацааны хязгаарлалтууд тогтоосоор байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *