Categories
мэдээ нийгэм

Шинэ оны өмнө гавьяатууд төрлөө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой маргааш тохионо. Энэхүү түүхт ойг угтан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж салбар, салбарын шилдэг тэргүүний хүмүүсийг төр засгийн одон медалиар шагнаж урамшууллаа.

“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо

“Хурд” хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүрчээ. Хурд хамтлаг нь зургаан гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны 3 сард Улсын Циркт амжилттай тоглосноор, Монголын хөгжиж буй “РОК” хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв. Өнөөдөр тус хамтлагийн ахлагч Д.Ганбаяр Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо.

Мөн ДБЭТ-ын дуучин Ж.Цэцэгээ Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа. Түүнийг “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын ээж гэдгээр нь хүмүүс мэдэх билээ.

“Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъянхорол гавьяат цолоор энгэрээ мялаалаа

“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъянхоролд Монгол Улсын гавьяат багш хэмээх хүндэт цол, тэмдэгийг гардуулан өглөө. С.Жамъянхорол багшийг Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газраас Монгол Улсын гавьяат багшид тодорхойлжээ.

С.Жамъянхорол багш хүүхэд бүр ямар нэг авьяастай, түүнийг нь нээж, хөгжүүлэх л чухал хэмээн хэлсэн юм. Тэрээр 2012 оноос хойш “Зөв Монгол хүүхэд”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдээ бэлдэж уралдаанд оролцон, улмаар нэгдүгээр байранд орсондоо маш их баярлаж, шавь нараараа бахархаж байгаагаа илэрхийллээ.

Гэрэл зурагчин Н.Бөхдамбий Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Тэрбээр Монголын сэтгүүл зүй, тэр дундаа гэрэл зургийн сэтгүүлчээр олон арван жил үр бүтээлтэй ажилласан гавьяаг нь үнэлж, өнөөдөр түүнд СГЗ цол тэмдгээр мялаалаа.

Монголын нэрт гэрэл зурагчдын нэг Н.Бөхдамбий МУИС-ийг хэл уран зохиолын багш, судлаач мэргэжлээр 1972 онд төгсмөгцөө нийслэлийн 10 жилийн хоёр дугаар дунд сургуульд гурван жилийн турш багшийн ажлыг хийжээ. Үүнийхээ дараа “Үнэн” сонинд хянагч, нийтлэгчээр ажилд ороод өнөөг хүртэл буюу 30 гаруй жил тасралтгүй ажилласан эрхэм билээ. Тэрбээр утга зохиолын ажилтан, сурвалжлагч, утга зохиолын хариуцлагатай нарийн бичгийн дарга, албаны дарга зэрэг албыг хашиж үйлдвэр, аж ахуй, хөдөө, гадаа олонтаа явж хөрөг, найруулал, аян замын тэмдэглэл, сурвалжлага, олон арван мэдээ, мэдээлэл бичиж уншигчдынхаа талархлыг хүлээжээ. 1990-ээд оны дундаас өнөөг хүртэл “Үнэн” сониндоо гэрэл зургийн албаны даргаар ажиллаж байна. Тэрбээр хөрөг зургаас гадна байгалийн гэрэл зургийг өөрийн бүтээлдээ түлхүү оруулдаг юм.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь Сүхбаатарын одонгоор шагнуулав. Мото спортын дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, Жүдоч, ОУХМ Ж.Сумьяа, Ц.Мөнхзаяа нар Монгол Улсын Гавьяат Тамирчин, УИХ-ын гишүүн А.Бакей Монгол Улсын Гавьяат Эдийн Засагч цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *