Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монгол бичигт латин галиг ингэж хэрэглэе” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Сайд нар нь чуулганд суухгүй, асуудлаа мэддэг хүн алга” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Халх голын дайны ялалтын улс төр дипломатын түүхэн ач холбогдол, сургамжийн талаар Хүмүүнлэгийн их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Монгол бичигт латин галиг ингэж хэрэглэе” нийтлэл хэвлэгдлээ.

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Авто замын зөвлөх инженер, доктор, дэд профессор Р.Болормаа “Хотын түгжрэл, авто замыг цогцоор нь хот төлөвлөлттэйгээ уялдуулах хэрэгтэй” гэлээ

Дэд хурандаа О.Одонбаатар “Сошиалд хандивын аяныг ашиглаж бусдыг залилдаг этгээдүүд 15-40 насныхан байна” хэмээв.

ГАДААД МЭДЭЭ:  Оросын агаарын хүчирхэг
цохилтын эргэн тойронд


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчид Оман Улсын Гадаад хэргийн сайд бараалхав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад бин Хамуд Аль-Бусайди 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр бараалхав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс гадаад бодлогынхоо хүрээнд Булангийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлздэг гэдгийг тэмдэглэв.

Оманы Султант Улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг  эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Сайид Бадр Аль-Бусайди Оманы Султант Улсын Султан Хайтам бин Тарикийн халуун дотно мэндчилгээг уламжлаад Оман Улсын Засгийн газар Монгол Улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оманы Султант Улсын Султан Хайтим бин Тарикт халуун мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Categories
мэдээ нийгэм

17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой байна DNN.mn

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой байна.

Халдвар дамжих зам:

  • Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
  • Агаар дусал
  • Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
  • Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан   мах идэх)

Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног

Эмнэл зүйн хэлбэр: 

  • Арьсны хэлбэр
  • Булчирхайн хэлбэр
  • Уушгины хэлбэр
  • Үжил хэлбэр
  • Гэдэсний хэлбэр
  • Залгиур хоолойн хэлбэр

Шинж тэмдэг:

  • 380-400 хэм хүрч халуурах
  • Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
  • Бүх бие булчингаар шархирч өвдөх
  • Толгой өвдөх
  • Ханиалгах
  • Цустай цэр гарах
  • Амьсгалахад хүндрэлтэй болох
  • Бөөлжих
  • Хэвлийгээр өвдөх
  • Суулгах
  • Урьдчилан сэргийлэх:
  • Тарвага агнахгүй байх
  • Тарваганы мах идэхгүй байх
  • Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
  • Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
  • Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
  • Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
  • Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
  • Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
  • Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
  • Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
  • Нохойг байнга уяатай байлгах
  • Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
  • Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
  • Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгнө.

Хууль бусаар тарвага агнасан тохиолдолд тухайн этгээдэд торгууль, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, амьтны аймагт учруулсан экологи-эдийн засгийн хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж төлүүлдэг.  Иймээс хүн бүр байгаль орчин, ан амьтнаа хайрлахын зэрэгцээ эдийн засаг, эрүүл мэндээ бодож хууль бусаар тарвага агнаж хүнсэндээ хэрэглэхгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу наймдугаар сарын 28-нд нутгийн төв хэсгээр, наймдугаар сарын 29-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд:

-Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, сэрэмжлэх

-Хол, ойрын замд гарахдаа бэлтгэл бэлэн байдал, аюулгүй байдлаа хангах,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, анхааруулсан газарт хоноглож, отоглохгүй байх,

-Баталгаат зам гарцаар зорчиж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн хороод, улс төрийн намуудад арга зүйн сургалт зохион байгуулж байна DNN.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнд сонгуулийн хууль тогтоомж, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх арга зүйн сургалтыг орон нутагт өчигдрөөс томилолтоор, цахим сургалтыг өнөөдрөөс хуваарийн дагуу зохион байгуулж байна. Цахим сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хуулийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Наранбат нар удирдан Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн сонгуулийн хороодын гишүүд оролцож сонгуулийн зохион байгуулалт болон нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой арга зүйн зөвлөмж, мэдээлэл авлаа. Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон аймгийн сонгуулийн хороод маргааш цахим сургалтад оролцоно.

Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой улс төрийн намуудад хууль тогтоомжийн зохицуулалт, сонгуулийн мэдээллийн цахим сан- www.e-election.mn системийг ашиглах талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газар, Мэдээллийн технологийн төвөөс наймдугаар сарын 24-өөс хуваарийн дагуу цахим сургалт зохион байгуулж байна.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотойгоор аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодод чиглэл хүргүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр (2024.08.27) эхэлж есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ.

Нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилж, есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд баримт бичгээ хүлээлгэн өгнө. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр тухайн шатны сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.

Нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичигтэй танилцана уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 4 хувиар буурчээ DNN.mn

Улаанбаатар хотод 2024 оны наймдугаар сарын 26-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 4.0 хувиар, өмнөх 7 хоногоос 0.8 хувиар буурсан байна.

Үндэсний статистикийн хорооноос 2024 оны наймдугаар сарын 26-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахилгааны төлбөрийн хуримтлагдсан өртэй хэрэглэгчдийн хэрэглээг түдгэлзүүлнэ DNN.mn

Төлбөрийн өртэй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг өөртөө болон цахилгаан эрчим хүчээр хангагч компанид хүндрэл учруулалгүйгээр хэрэглэсэн цахилгааны төлбөрөө яаралтай төлөхийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас сонордуулав.

Эрчим хүчний салбарын тасралтгүй ажиллагааг хангахын тулд тус байгууллагаас өр авлагыг бууруулах ажлыг эрчимтэй явуулж эхэлсэн байна.

Энэ хүрээнд хэрэглээг түдгэлзүүлэх ажлыг тухайн цахилгаан хэрэглэгч нь нэг сарын төлбөрөө төлөөгүй бол гэрээнд заасан хугацаанд, хоёроос дээш сарын төлбөрийн өртэй бол хугацаа харгалзахгүйгээр хийж байгаа аж.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Өмнөдийг зорих замд” УСК ирэх сарын 20-нд нээлтээ хийнэ DNN.mn

Монгол, Солонгосын хамтарсан “Өмнөдийг зорих замд” уран сайхны кино есдүгээр сарын 20-нд нээлтээ хийхээр болжээ.

Уг кинонд солонгосын алдарт “Эхнэрийн урхи” киноны жүжигчин Choi Jun Yong, залуу жүжигчин Oh Su Jung, Park Kwang Hyun нар тоглосон аж.  Харин Монголоос С.Сарантуяа, Г.Эрхэмбаяр, О.Самданпүрэв, Б.Замилан нар тогложээ.

Монгол хүний холч ухаан, хариу нэхдэггүй чин сэтгэлийн тухай тус кинонд өгүүлнэ. Эх орныхоо энхийн манаанд зогсоо торгон хилийн харуулууд, их говийн зоригтон хүмүүс өмнөдийг зорьж яваа нэгэн гэр бүлд дулаан гараа сунгаж, халуун амиа зориулсан бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Солонгос жүжигчид өмнө жилийн есдүгээр сард зураг авалтдаа оролцохоор Монголд ирж байжээ.

Зураг авалт Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумын нутагт сар гаруйн хугацаанд үргэлжилсэн юм.

 

Т.УНДРАХБАЯР

Categories
мэдээ нийгэм

ТББХ: “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.08.27/ хуралдаж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.  Чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcэн саналуудаар эхлээд санал хураалт явуулсан.

Төслийн 1 дүгээр хавсралтын 3.3.1.3 дахь заалтыг “Монгол Улсын зэсийн ордуудыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн байршлыг эцэслэн тогтоож, дэд бүтцийн нарийвчилсан техник, эдийн засгийн үзүүлэлтийн судалгааг хийж хэрэгжүүлнэ.” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн төслийн 1 дүгээр хавсралтын 4.2.1.13 дахь заалтыг “Нууц мөрдөн шалгах ажиллагаанд тавигдах шүүхийн хяналтыг сайжруулж, тус ажиллагаанд өртсөн иргэнд мэдэгдэх, хүний хувийн мэдээллийг хамгаалах, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах хуулийн зохицуулалтыг бий болгоно.” гэж  өөрчлөн найруулах санал мөн дэмжигдсэн.

Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 8 саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Тогтоолын төслийн 3 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал томьёолол чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэнтэй холбогдуулан Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хууль тогтоомжийн хоорондын уялдааг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсгийг баримтлан “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2024.08.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад Улсын Их Хурлын гишүүдийн 65.9 хувийн ирцтэйгээр эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр танилцуулав.

Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулах үеэр 26-ны өдрийн 10 цаг хүртэл завсарлага авсан бөгөөд хугацааг нь 27-ны өдрийн 10 цаг хүртэл сунгасан. Завсарлагын хугацаа ийнхүү дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, С.Бямбацогт гишүүний гаргасан горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 100 гишүүний 79 нь дэмжсэн юм. Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооны дэмжээгүй, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухайҮндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулах үед 26-ны өдрийн 10 цаг хүртэл завсарлага авсан бөгөөд хугацааг нь сунгуулж өнөөдрийн 10 цаг болгосон. Ийнхүү Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн завсарлага дууссан болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд, төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Төсвийн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Заяабал танилцууллаа.

Төсвийн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд, мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд ирүүлснийг тус Байнгын хороо нэгтгэн хэлэлцсэн болохыг Л.Заяабал гишүүн танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухайҮндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр Байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим гишүүн, ажлын хэсгээс төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зардал шилжүүлэх, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах, төслийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй уялдуулан төсөл, зардалд өөрчлөлт оруулах болон найруулгын шинжтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т “Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн санал энэ хуулийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаар Тамгын газрын төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгж дүн шинжилгээ хийж, дүгнэлтийг нэгжийн дарга нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу холбогдох дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн байна.

Ийнхүү Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед завсарлага авч, өчигдөр дууссан завсарлагын хугацааг сунган 27-ны өдрийн 10.00 цаг болгосон. Тус бүлгийн завсарлага ийнхүү дууссан талаар Улсын Их Хурлын дарга мэдэгдээд, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн тодотголын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Заяабал танилцуулав.

Тус Байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн өмчийг Нийслэлийн өмчид шилжүүлэх тухай”, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулж, зүйл бүрээр хэлэлцсэн байна. Түүнчлэн  дээрх төслүүдийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулахаар Төсвийн байнгын хорооноос Улсын Их Хурлын Тамгын газарт хүсэлт гаргасны дагуу эдгээр төслүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргасантай танилцсан болохыг санал, дүгнэлтэд дурдсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, П.Ганзориг, П.Сайнзориг, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, Улсын Их Хурлын дарга болон Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 13 хууль, 2 Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 28 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Энэ үеэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцдог. Энэ дагуу хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоолууд батлагдсан. Ийнхүү Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр хураалт явуулан шийдвэрлэсний дараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үдээс өмнөх чуулганы хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэсэн болохыг тэрбээр дурдав. Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Төрийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, улсын болон орон нутгийн 62 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5442 төсөвт байгууллага, 619 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд, 370 төрийн сан, 295 төсөл, сан, нийт 6726 байгууллагын тайланг нэгтгэсэн байна.

Боомтын сэргэлтээр 2022 оны сүүлийн хагаст бий болсон нүүрсний экспортын сэргэлтийг хадгалж, дэлхийн зах зээлд буурч байсан түүхий эдийн үнийн бууралтыг ил тод, нээлттэй өрсөлдөөнт биржийн арилжаанд шилжүүлсэн нь уул уурхайн салбар, түүнийг дагасан газар, худалдаа, үйлчилгээний салбарыг эрчимжүүлж, ДНБ 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 68.9 их наяд төгрөг буюу төлөвлөгөөнөөс 14.4 хувиар давж, эдийн засгийн бодит өсөлт 7 хувь буюу төлөвлөгөөнөөс нэг пунктээр өссөн гэв.

Монгол Улс 2023 онд 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 15 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 5.9 ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 21.1 хувиар өсөж 15.2 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрсний экспорт 36.8 хувиар буюу 2.4 тэрбум ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн болохыг танилцуулгад дурдсан.

Засгийн газрын 2022 оны “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоолын хүрээнд экспортод гаргах нүүрсийг нээлттэй, цахим арилжаагаар хийж, хилийн үнээр борлуулж боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулснаар 2022 онд 0.7 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл 2023 онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар гадаад валютын улсын нөөцийн эцэст оны эцэс 4.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 44.7 хувиар өссөн байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан болохоо Сангийн сайд тэмдэглэж байв.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 16.1 их наяд төгрөг, зарлага 16.1 их наяд төгрөг, нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 5.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газар хилийн боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд 2023 оны нүүрсний экспортын хэмжээг төлөвлөсөн хэмжээнээс 19.6 сая тонноор, өмнөх оноос 37.8 сая тонноор нэмэгдүүлж 69.6 сая тоннд хүргэсэн нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд гол нөлөөг үзүүлсэн байна.

Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан 2023 онд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдээ дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, төрийн албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд төрийн захиргааны албан хаагчдын цалинг 39 хувь, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 32.7 хувь, төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 69.2 хувиар тус тус нэмэгдүүлжээ. Улмаар олон шатлал бүхий, харилцан адилгүй, тэгш бус үнэлэмжтэй цалингийн тогтолцоог адил үнэлэмж бүхий нэг шатлалтай болгосон байна. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор даатгуулагчийн тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өнөөгийн цалин хөлсний түвшинтэй жишиж ойртуулах итгэлцүүрийн суурь он 2011 он байсныг 2022 он болгож шинэчлэн тогтоосон байна. Энэ итгэлцүүрийг ашиглан тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тооцож тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг шийдвэрлэснээр тэтгэвэр авагч ахмадуудын орлогын баталгаа сайжирч, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулсан хэмээн үзжээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлт, хэт төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгох, орон нутгийн удирдлага нь төрийн албан хаагчийнхаа цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэн олгох эрх зүйн орчныг бий болгосноор тайлант онд 35.1 тэрбум төгрөгийн цалингийн нэмэгдэл олгосон аж.

Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зохистой удирдаж зарцуулсантай холбогдуулан гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг байгууллагаас бусад байгууллагын 23602 албан хаагчид 25.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон гэв. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд 1143 төсөл арга хэмжээний шинээр 10 төсөл арга хэмжээний 0.5 их наяд төгрөг өмнөх онуудаас шилжин хэрэгжиж буй 1129 төсөл арга хэмжээнд 2.1 их наяд төгрөг, концессын эргэн төлөлтөөр 4 төсөл арга хэмжээнд 0.2 их наяд төгрөг олгосноор гүйцэтгэл 93.8 хувийн биелэлттэй байгаа гэлээ. Эдгээр төслийг гүйцэтгэсэн 1460 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж 40.9 мянган ажлын байрыг хадгалж 2.8 их наяд төгрөгийн санхүүжилтээр эдийн засгийг дэмжсэн байна аа. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа зардал тавих хяналтыг сайжруулан санхүүгийн сахилга батыг мэдрүү мөрдүүлснээр 2023 оны төсвийн жилд 122,8 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэж өмнөх оноос 39.4 тэрбум төгрөгөөр өссөн болохыг тэрбээр нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Сангийн сайдын энэхүү танилцуулгаар өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгээр үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.