Categories
редакцийн-нийтлэл

Уламжлалт харилцааны шинэ эрмэлзэл

-УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ФРАНЦ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТЭМДЭГЛЭЛ-

Үргэлжлэл

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл айлч­лалынхаа үеэр Францын Зас­гийн газрын гишүүн, Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лөлүштэй уулзсан билээ. Гадаад худалдаа, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт гээд олон сал­барыг хариуцдаг энэ яам нэлээд нөлөө бүхий яамд тооцогддог, өндөр байшиндаа 15 мянган хүн, салбартаа 35 мянган хүн ажил­ладаг гэж байгаа. Парис хотын даргын гадаад бодлогын зөвлөх, Үндэсний ассамблейн гишүүн, Ерөнхийлөгчийн Франц-Туркийн харилцааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, Засгийн газрын гишүүн, Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга одоо Гадаад худалдааны асуудал эр­хэл­­сэн Төрийн нарийн бичгийн дарга гээд олон хариуцлагатай алба хашиж ирсэн Пьер Лөлүш өдгөө 60 настай гэхэд тун овор багатай. Түүний багийнхан залуу бас ажил хэрэгч хүмүүс бололтой. Монгол Улсад айлчлахыг мөрөөд­дөг гэдгээ нуухгүй гэсээр уулзалтаа эхэлсэн Пьер Лөлүш Монгол гэдэг нэр дорно дахины нууцлаг бүгдийг агуулдаг шиг санагддаг гэж байв. Хоёр орны харилцаа харилцан сайн сайхан явж ирсэн ч одоо өөр цонхоор харцгаан, шинэ эрмэлз­лээр баяжигдах ёстой гэдэг санааг Засгийн газрын гишүүн тэрбээр онцолж байлаа. УИХ-ын дарга ч Францтай ураны салбарт хамтран ажиллахаа нотолж, хоёр улсын Засгийн газар харилцан санамж бичигт үзэглэсэн. Одоо бусад салбаруудад хэрхэн яаж ажиллах талаараа ярилцвал зүйтэй гэж байсан. Тухайлбал, Монголын талаас хөдөө аж ахуйн салбарын хөгжил, бүтээгдэхүүний борлуу­лалтаараа өндөр Франц ул­саас туршлага судлан, технологи хий­гээд олон боломжоор туслахыг хүссэн. Мөн европ стандартыг Монголд нутагшуулж, Европын холбоонд нэр нөлөөтэйн хувьд манай улсад Европын холбооны төлөөлөгчийн газар байгуулахад бодит санал оруулбал сайн байна хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Пьер Лөлүшт  хандан хэлж байлаа. Эрхэм Төрийн нарийн бичгийн дарга ч улсаа төлөөлөн Европын холбоонд ажиллаж байсан хүний хувьд тусалж, нөлөөлөх боломжтой хэмээж байсан юм. Түүнчлэн эл уулзалтаар хоёр талынхан гадаад худалдааны эргэлт санасанд хүрэх хэмжээнд бус бага байгаа гэдэг дээр санал нэгдэж байсан бөгөөд үүнийг нэмэгдүүлэхээр шаргуу хамтран ажиллая хэмээн тохирсон.

Пьер Лөлүшийн хувьд Францын талын хөрөнгө оруулагчид “Арева”-гийн асуудал хэрхэхийг дараа дараагийн хөрөнгө оруулагчид харж байгаа гэсэн санааг цухуйлгаж байсныг дурдахгүй байхын аргагүй. Байн байн “Арева”-гийн асуудлыг манайхнаас лавлаад байсан. УИХ-ын дарга парламентаас хуулиа баталсан, Засгийн газар хоорон­дын санамж бичигт гарын үсэг зурсан одоо аж ахуйн нэгж хоо­рондын гэрээний асуудал үлдсэн хэмээж байсан юм.

2009 оны долдугаар сард УИХ-аас Цөмийн энергийн тухай хуу­лийг баталж, өнгөрсөн намар Зас­гийн газрууд гэрээ дээр үзэглэсэн. Уг нь энэ тухайд галт тэрэг нэгэнт хөдөлсөн атал “Арева” хийгээд “Мон Атом”-ын хооронд хийх гэрээ л саатаад байгаа юм билээ.

Францын талын хандлага байр байдлыг хараад байхад манайх “Арева”-тай хийх гэрээгээ нэг мөр болгох нь дараа дараагийн олон асуудлын эхлэл болно гэдэг нь илт ажиглагдаж байсан. Франц бол цөмийн цахилгаан станцаараа дэлхийд бусадтай зэрэгцэхгүй гэж үзэцгээдэг юм билээ. Үнэндээ ч нийт цахилгааныхаа 80 хувийг эндээс гаргаж авдаг тэднийх шиг орон дэлхийд одоогоор үгүй.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Японд болсон газар хөдлөлтийн дараагаас цөмийн энергийг ашиг­лах талаархи улс орнуудын ханд­лага, техник технологийн байдал өөрчлөгдөж таарах байх. Энэ тал дээр танайхан яах вэ” хэмээн сонирхсон юм. Пьер Лөлүш “Мэ­дээж цөмийн энергийг ашиглах талаараа улс орнууд эргэж харах байх. Ашигладаг зарим нь техно­логио сайжруулах тухайд ярьц­гаан, эхлэх гэж байгаа нь харзнах байх. Гэхдээ Японы хэрэг явдлаас шалтгаалж энэ тал дээр дүгнэлт хэлэхэд эрт байна. Манайхан энэ талаар ярилцаж эхэлсэн. Гэхдээ манай улсын хувьд цөмийн энер­гийн ашиглалт дээрээ эргэлзээд байх зүйл байхгүй. Бид үүнээсээ ухрахгүй. Бид гурав дахь үеийн атомын цахилгаан станцыг ашиг­лаж байгаа. Давхар хам­гаа­лал­тын системтэй. Харин ч бид нэг зүйлд итгэлтэй байгаа нь цаашид ба­ригдах атомын цахилгаан стан­цууд Францын гурав дахь үеийн­хийг сонгоно гэдэгт. Арабын Эми­рат цахилгаан станцдаа Японых эсвэл Солонгосынхыг биш харин Францыхыг сонгоно гэдэгт итгэлтэй байна” хэмээж байлаа.

Хар ухаанаар ойлгоход техно­ло­гийн хөгжил өдөр бүр шинэч­лэгдэж, пентиум 3, пентиум 4 гээд хөгжсөөр байдаг шиг цөмийн ца­хил­гаан станцын шинэ үе буюу давхар хамгаалалттай гурав дахь үеийг францчууд нэвтрүүлжээ. 1945 онд Хирошима, Нагасаки дээр атомын бөмбөг хаяж, хүн төрөлхтөн нэгнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн тэр үетэй атомын цахилгаан станцын хөгжлийн эх­лэл шууд холбогддог. Тэр эмгэнэлт явдлын дараагаас атомыг энхийн төлөө гэсэн уриатайгаар цахил­гаан станц барих ажил эрчимтэй эхэлжээ. Харин францчууд ийм цахилгаан станц ашиглаж эхэлсэн хагас зуун жилийн түүхэндээ ямар нэгэн осол эндэл гаргаагүй гээд их бахархдаг бололтой юм билээ. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын реакторуудад дэлбэрэлт болж байгаа тухай мэдээлэл цацаг­дахтай зэрэгцээд л францчууд хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ үүнийгээ ихээхэн рекламдаж бай­сан.

 Ер нь дэлхийд энэ салбарт тоглодог цөөхөн хүнд жингийн тоглогч нар байдаг нь Франц, АНУ, Орос, Япон.

2050 онд эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өснө гэж байгаа учраас эдгээр орон энэ салбарт бүгд л орон зайгаа тэлэхийг хүсч байгаа юм. Хуучин “Хэн мөнгийг хянаж байна байна тэр бүгдийг хянана” гэдэг байсан хэлц өдгөө “Хэн эрчим хүчийг хянаж байна тэр бүгдийг хянана” гэж өөрчлөгджээ. Харин тэрхүү эрчим хүчийг хянах гэж байгаа техник технологи хөгжсөн орнуудын сонирхлыг ураны нөөцтэй орнууд татах нь мэдээж. Сүүлийн арваад жил францчууд манайд хайгуулын ажил хийж, одоогийн энэ ордоо нээсэн бөгөөд хамтран ажиллах гэрээгээ хүлээж байгаа. Харин Казахстан түүхий эд нийлүүлэх орон зайд тун хүчтэй гарч ирж байгаа аж. Францчууд өнөөх эрчим хүч гаргаж авдаг шар нунтагийнхаа 30 хувийг Казахс­танаас авч байгаа гэсэн. Францаар тогтохгүй Япон, ОХУ, АНУ-тай сүрхий гэрээ байгуулаад авсан дуулдсан. Франц бол цөмийн энер­гийн салбарт олж авсан амжилтаа улам бүр батжуулна, ямар ч Чер­нобыл, Фукушимагаас цэрвэхгүй хэмээж байгаа нь илт анзаарагдаж байлаа. Ураны салбарт хамтрах нь манай хоёр улсын харилцааны бодит эхний байдал хийгээд дараа дараагийн салбарт хамтрах боломж бий гэдгийг айлчлалын үеэр хоёр тал нотолж байсан билээ. Бас эртнээс явж ирсэн түүхэн харилцааг шинэ түвшинд гаргах цаг болсон гэдгийг ч харилцан нээлттэй илэрхийлж байсныг хэлэх хэрэгтэй.

Үргэлжлэл
бий.

Categories
редакцийн-нийтлэл

Уламжлалт харилцааны шинэ эрмэлзэл

Рубрук тосгонд

-УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ФРАНЦ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТЭМДЭГЛЭЛ-

УИХ-ын дарга Д.Дэм­бэ­рэл энэ сарын 13-17-ны өдрүүдэд БНФУ-д аж­лын айлчлал хийгээд ир­лээ. Багийн бүрэлдэхүүн цомхон хэдий ч УИХ дахь Монгол-Францын бүлгийн дарга Ц.Батбаяр, гишүүн Ө.Энхтүвшин, С.Оюун, С.Эрдэнэ нарын турш­лагатай парламентчид багтсан байв. Мөн энэ удаагийн спикерийн айлч­лалын багт Ховд аймгийн Булган сумын Засаг дарга С.Баярсайхан багтсан нь ихээхэн учиртай байжээ. Ер нь сүүлийн үед манай төр засгийн тэргүүнүүд гадаад айлчлалдаа аль нэг албаны хүмүүс да­гуулж явахаасаа илүүтэй “сонин содон” хүмүүсийг зочин төлөөлөгчөөр авч явдаг уламжлалтай бо­лоод байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд айлч­лахдаа жүдо бөхөөр олим­под аваргалсан Н.Түв­шинбаярыг, Швей­царьт ОУОХ-ны төв офисст очихдоо пара­лимпийн аварга Д.Баа­тар­жавыг дагуулж явж байх жишээтэй. Харин С.Баярсайханы засагла­даг баруун Алтайн буйд­хан сум нь Францын Руб­рук хэмээх нэгэн сумтай эгч дүүсийн барилд­ла­га­тай ажээ. Хоёр улсын харилцаа хэр сайн бай­гаагийн илрэл нь дарга нар, Ерөнхийлөгч нарын уулзалтуудаас гадна эн­гийн иргэдийн дотносол, нэг нэгийнхээ соёл ахуйг хэр мэддэгээр хэмжигдэх нь мэдээж.

Рубрук жижигхэн тос­гон. Францын хойд хэсэгт Бельгитэй залгах шахам оршдог. Угаасаа эндхийн­хэн фландерүүд гэдгээрээ элэг нэгтэй юм билээ. Ев­ро­пын түүхийн гол хуудас болон үлдсэн Флан­де­рийн газар нутаг өдгөө Бельги, Нидерланд, Фран­цад ху­ваагджээ. Гэх­дээ тэр ха­вийнхан Флан­дерийн уламжлал, ёс дэг, хоол хүнсээрээ нэг байж чад­даг. Рубрукийн хүн ам 900 орчим. Францын “таг хө­дөө”-г харуулъя гэвэл тэнд л очиход болох газар. Тэнд Монголыг гэсэн чин сэтгэлтэй хүмүүс амьдар­даг.

Өнөөдөр хоёр улсын харилцааг хамгийн нэгж хэсэгт нь үзүүлнэ гэвэл яах аргагүй Францаас 300 орчим км-т орших тэрхүү тосгоныг л зорьж таарна.

Тэр ч утгаараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл түү­нийг дагалдан яваа ба­гийнхан Рубрукт хүрч оч­сон билээ. Бас Францын Сенатын гишүүн, Сенат дахь Франц Монголын найрамдлын бүлгийн дарга Жан-Рене Лөсөрф болон Сенат, Үндэсний ассамблейн Франц Мон­голын найрамдлын бүл­гийн хоёр дэд дарга Франц дахь бяцхан мон­голжуу хүрээнд очиж спи­керт бараалхсан.

Рубрукийг Францын “бяцхан Монгол” гэхэд хилсдэхгүй. Тэнд Монго­лыг гэсэн сэтгэлтэй, мон­гол ахуй, монгол наад­маар өвчилсөн тийм гэгээ­хэн хүмүүс амьдардаг юм. Рубрук гэсэн нэр мон­гол­чуудад тун ч ойрхон байж таарна. Францын ван Лю­до­викийн зараалаар 1253 онд Их Монгол гү­рэнд аялан ирсэн хувраг Вилгельм (1215-1295)  Рубрук нутгийн хүн бай­сан. Тиймээс ч бид энэ нэрийг “Их Монгол Улсад аялсан тэмдэглэл”-ийг бичсэн В.Рубрук хэмээн танимхайран мэддэг би­лээ. Чингэс хааны ач хүү Мөнх төр барьж, Их Мон­гол улам бүр хүчирхэгжин мандаж байсан тэр цаг ахуйд Рубрукийн Вил­гельм, Крелоногийн Бар­толеомо нар Конс­тан­тин­полиос Хархорумыг чиг­лэн хөдөлсөн гэдэг. Явган хийгээд мориор 16 мянган км замыг туулж, Үрэмчээс Монголд хөл тавьсан нь одоогийн Ховд аймгийн Булган сумын нутаг юм байна. Тийм ч учраас Ховд аймгийн Булган су­мынхантай эднийхэн 1994 онд эгч дүүсийн ба­рилдлагатай болсон ажээ. Үнэндээ эл түүхийг мэ­дэхгүй байхдаа Д.Дэм­бэ­рэл даргыг тойргоосоо нэг сумын засаг даргыг л да­гуулаад явж байгаа юм байна гэж бодож байснаа нуух юун. Харин үнэн хэ­рэгтээ Рубрукийнхны хү­сэл захиалгаар, хоёр ул­сын харилцааны энгийн боловч нот баталгаа нь тэр байсан учраас С.Баяр­сайхан ах багт маань багтсан хэрэг байж.

С.Баярсайхан засаг даргатай зиндаа нэг Руб­рукийн засаг дарга хатаг­тай Кристин Дэвюльдер гэж жинхэнэ улаа бу­тар­сан хацартай фландер эмэгтэй биднийг угтан авав. Гурван жилийн өмнө Рубрукийн мэрээр сон­гогд­сон аж. Тэрбээр Руб­рукт парламентын за­саг­лалтай Монгол ул­сын спи­кер ирж байгаад хяз­гаар­гүй баярлаж бай­гаагаа илэрхийлж бай­лаа. Мөн сүүлийн 17 жи­лийн хуга­цаанд шефлэн ажиллаж байгаа Булган сумаас төлөөлөл авчир­санд нь баярлаж байгаа­гаа хэлсэн юм. Харин Д.Дэмбэрэл дарга “Одоо та бүхэн өөрс­дөө Булган суманд очих боллоо доо” гээд хөнгөн хошигноод авч байгаа харагдсан. Үнэ­хээр ч тэднийхний хэлж байгаачлан Францын ард түмэнд Монголын соёлыг түгээдэг газар нь Рубрук тосгон. Тэнд ажилладаг Рубрук нийгэмлэг билээ. Уг нийгэмлэгийн дарга Эрик хэмээх халзан эр Монголтой холбоотой бүх юманд хичээнгүйлэн зүт­гэдэг.

УИХ-ын даргыг тос­гонд нь зочлох сургаар Рубрук нийгэм­лэ­гийнх­нээс гадна хавь ойрд байх Монголд элэгтэй бүхий л франц иргэд цугларчээ. Тэд Парисаас буйд энэхүү тосгонд Монголын Их Хур­лын дарга хэрэг зориг болгон ирсэн нь хоёр ор­ны харилцаанд нэгэн ша­тыг нэмж байгаа хэрэг хэмээн хэлж байсан юм. 1996 онд анхны Ерөнхий­лөгч П.Очирбат уг тосгонд зочилж, Рубрукийн му­зейд очиж байжээ.

Харин Их Хурлын даргыг ирсэнд хөөрсөн уугуул тосгоныхон музейн аль ханандаа Д.Дэмбэрэл даргыг зочилсон тухай дурсамжаа хадах вэ гээд өөр хоорондоо ярьж байгаа харагдсан.

Жижиг боловч сэтгэл шингэсэн нь илт энэхүү Рубрукийн гэр музейд гурван жилийн өмнө ирэх тохиол таарч байсан юм. Рубрукийн аял­сан зам мөрийг харуулахаас гадна энэ музейн гол онцлог нь монгол гэдэг үндэстний тухай таниулах зорилготой. Монгол дээл хувцас, бас нялх хүүхдийн хантааз, жижиг­рүүлсэн монгол гэр гээд француу­дад дэндүү содон санагдах зураг хөрөг тэнд бий. Улбар эмжээртэй цэнхэр хантааз өмнө ирэхэд ямар байсан яг л тэр янзаараа, цэмций­тэл индүүдлэгтэй харагдаж байх юм. Гэхдээ өнгө нь ганджээ. 2008 онд Францад Элчин сайдаар сууж байсан Р.Алтангэрэл сайд сэтгүүлч хүмүүс энэ тосгонд заавал очиж үзэх хэрэгтэй гэсээр дагуулж ирж байж билээ. Тэр үеийн үзмэрүүд нэмэг­дэж гавиагүй ч эмх цэгцтэй, үнэ цэнэтэй хэвээрээ байгааг харахад монголчууд энэ тосгоныг ах дүү гэсэн нэрээр багагүй торгодог ч өөрсдөө нэмэрлэж хандивлах нь татуу улсууд юм даа гэж өөрсдийгөө буруутгамаар санагдаж байв. Бас хөөрөгний даалин боловч аваад ирэхгүй яав гэж өөрийгөө зэмлэх бодол төрсөн.

Тэр ч оюутны тэтгэлэг, энэ ч арга хэмжээний хандив гээд тэднээс мөнгийг бол манайхан татдаг л юм билээ. Ховдын Булган суманд гэхэд хамгийн сүүлд сургуулийн дотуур байранд тусламж дэмжлэг өгсөн гэсэн. Энэ музейнхэнд малын шагай ч гэсэн багадахгүй чухал үзмэр болно.

Тэнд эрэгтэй, эмэгтэй хүний дээлийг дэлгүүрийн хуванцар өл­гүүрт өмсгөн тавьсан байгаа нь багагүй яриа дагуулсан юм. БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл Бельгиэс эрхэм спикерт хүндэтгэл үзүүлэхээр ирсэн хөрш Элчин сайд А.Баттө­рийн дээл болохыг онцолж, харин С.Эрдэнэ гишүүн “Эрхэм Элчин сайд ямар тааруу дээлтэй байгаа вэ” гээд А.Баттөр сайдыг явуулж байна лээ. Уг музейн гол үзмэр болсон эрэгтэй, эмэгтэй хүний хоёр дээлийг музейд бэлэглэх үзмэр­гүй­дээ бантахдаа А.Баттөр сайд дээ­лээ эхнэрийнхтэйгээ өгсөн гэх. Ямартай ч монголоор “өвчил­сөн” франц хүмүүст тэр дээл ихээхэн мэдээллийг өгөх нь дамжиггүй. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн гэргий М.Долгорсүрэн гуай үндэсний дээл хувцсаараа их гоёдог юм билээ. Биднийг явахын урьд өдөр Элчин сайд Ш.Алтангэрэлд өөрийнхөө өмсч явсан улаан хүрэн торгон хантаазыг Рубрукийн музейд зо­риу­лан өгөөрэй гэж байсан. Гандуу цэнхэр хантаазтай тэдний хамгийн гол үзмэр тэр болох байх даа. Бас дараа дараагийн зочдод нэгэн шинэ уламжлалыг тогтоож ч таарах биз.

Элчин сайд Ш.Алтангэрэл саяв­тар Вилгельм Рубруктай Монгол нутагт ирсэн Бартолеомо Крело­ногийн төрсөн газар Крелонод очихоор зориуд Италийг зорьсон гэдгээ ярьж байлаа. Католик ша­шинтны хатуу дэг жаягаар хувраг хүмүүс туйлын ядуу байх ёстой гэдгээ батлан хуруу нь гарсан улавч өмсдөг байж. Тийм гуталтай холын орныг зорьсон хоёр ламыг жавар тасхийсэн Монголын өвөл тун ха­туухан угтсан ажээ. Аль аль нь хөлөө хөлдөөж, хөөрхий итали лам холын Монгол гүрэнд ясаа тавьсан байна. Харин Рубрук тосгоны  Вил­гельм нутгаадаа буцаж ном бичиж үлдээсэн нь түүхээ мэдэхгүй бидэнд чиглүүлэгч од болж өгсөн билээ. УИХ-ын дарга ч Вилгельмийн ном монголчууд түүхээ мэдэх нэг зүг чиг нь болж байдаг гэдгийг онцолж байсан. Их хурлын даргыг ирэх сургаар тэнд Монголыг гэсэн чин сэтгэлтэй францчууд цугларсан байсныг дээр хэлсэн. Тэдний нэг Лилийн их сургуулийн профессор Ален Дежакийг монголчууд андах­гүй. Монголч эрдэмтэн тэрбээр энэ өдөр хэлмэрчийн үүргийг гойд гүй­цэтгэв. Бас монгол эхнэртэй Рене Бури хэмээх эр ойролцоо хотоос Рубрукийг зорин иржээ. Тэрбээр “SUGJE” буюу “Сайн үйлсийн жим Европод” гэсэн байгууллага бай­гуулж, монголчуудад тусалсаар иржээ. Өөрөө Парисын тээврийн газрын удирдлагын багийг хянах газарт санхүүгийн зөвлөхөөр ажил­ладаг аж. Сөүл, Өмнөд Африкт метроны төсөл дээр ажиллаж бай­сан өндөр горзгор франц эр мон­голчуудад ч энэ тал дээр туслах бүрэн боломжтой гэх. Мөн тэнд цугларсан хүмүүс дундаас нэгэн эрийг онцлон хэлэхээс аргагүй. Дүр төрхийн хувьд эрэлхэг цэрэг Швейк л нэг ийм байсан даа хэмээн бо­дог­­дуу­лах мань эр Рубрук дахь монгол наадмын гол зохион бай­гуулагч.

“Улаанбаатарт наадам долду­гаар сарын 11-нд болдог бол бид наадмаа 17-24-ний хооронд хийдэг юм” гэж тэр сонирхууллаа. Нут­гийнхаа лам хөгшин болох Вил­гельм Рубрукийн номноос анх мон­голчууд наадам хийдэг тухай унш­сан гэнэ. Дараа нь нэг сэтгүүлээс наадмын тухай зураг харжээ. Тэгээд л улаан хацартай, бүдүүн эр тос­гондоо Монгол наадам хийхээр шийдсэн байна. Угаасаа энэ хүний талаар урьд нь ирэхдээ сонсч байсан хэдий ч үг сольж байсангүй. Тухайн үед наадмаар монгол дээл малгай өмсч, морь унаад явдаг, магадгүй өөрийгөө монгол гэж боддог нэгэн эр бий гэсэн түүний талаархи хөгжилтэй яриаг сонсч байсан билээ. Харин тэрхүү хөгжил­тэй эртэй энэ удаа тухлан ярилц­лаа. Жил бүр наадам хийж, монгол соёл ахуйг тэндхийнхээ хүмүүст танилцуулах хүсэлтэй байдаг гэнэ. Франц дахь анхны наадмаа 2007 онд хийжээ. Жил бүр үзэгчид нэмэг­дэж, Бельгид амьдардаг монголчууд ч олноороо ирдэг болсон байна. 2009 онд тэндээс автобустай мянга шахам хүн ирсэн гэж байгаа. Тэр наадам хийхийн тулд эрийн гурван наадмыг заавал байлгах ёстой гэж хатуу боджээ. Ингээд морин той­руул­гаас морь олж, спорт клубээс нум сум авсан аж. Гэвч нэг асуудал боссон нь бөх олдохгүй явдал байв. Харин ярьж байгаад элчингийн жолоочийг бас Бельгиэс нэг монгол залуу ирснээр хоёр бөхтэй болж эрийн гурван наадамтай монгол цэнгүүнийг хийсэн түүхтэй гэнэ. Одоо нэмэгдээд шагайн харваа ч хийдэг болсон аж.

Эрэлхэг Швейк шиг эрийг Ми­шель Дескот гэдэг юм билээ. Дескот гуай наадмынхаа хамгийн гол юмыг нь хийдэг гэдгээ надад сонир­хуу­лаад авав. Тэр нь хорхог. Ах өнгөрсөн жил гэхэд 50 кг хонины мах, 40 кг лууван, 75 кг төмс, 10 кг сонгиноор хорхогоо хийжээ. Порц энэ тэр нь тун давгүй гэсэн. Нэг порцоо 10 еврогоор зардаг, тэгж байж л наадмаа хийж, хөгжимчин энэ тэрээ хөлсөлдөг юм шүү гэж учирласан. Тэр ер нь тун хөгжилтэй хүн. Хэдэн хүүхэдтэй вэ гэхэд “Тав” хэмээн хариулснаа “Бүгд эхнэрийн хүүхдүүд” гэлээ. Бидэнд хэлмэр­чилж байсан Ален Дежак багш бид хоёр ч тэр хооронд “Өө, хөөрхий” гэлцээд авав. Гэтэл 1968 оноос хойш амьдарч байгаа түүний эхнэр өөртэй нь адил Дескот овогтой байжээ. Тэгснээр нөхрийнхөө ов­гийг авсан ч охин цагийнхаа Дескот овог нь хэвээрээ байгаа учир мань Мишель ийн хошигносон нь тэр ажээ. Удахгүй наадам болно. Дес­кот гуай Монголоос 250 евро өгч захиж авахуулсан монгол дээл, малгай, ээтэн гутлаа өмсөөд морио унаад тосгоноороо явах байх даа. Ямартай ч өөрийнх нь тухай бичсэн нийтлэлээ өгч явуулна гэж түүнд амласнаараа явуулна аа.

Манай элчин сайдын яамныхан Ховдын Булганы засаг дарга С.Баяр­сайхантай э-мэйлээр хол­бог­дох гээд интернэтгүй  учраас утсаар ярьсан гэж байсан. Булган сумын “эгч” Рубрукийнхан ч ялгаагүй бололтой. Дескот гуайг э-мэйл хаягаа өгчих, нийтлэлээ онлайнаар явуулчихна гэхэд интернэт ашигла­даггүй гэж байна лээ. Талын Монго­лын тухай тэнгэрийн орны тухай ярьж байгаа мэт санадаг тийм л хүмүүс Францын Рубрукт амьдардаг ажээ. Рубрукийн засаг дарга Крис­тин Дэвюльдер, Ховдын Булганы засаг дарга С.Баярсайхан нарт уг нь аминчилж ярих зүйлс их байгаа бололтой. Даанч хэлний бэрхшээл тэдэнд багагүй түвэг учруулсан. Хатагтай Кристин Дэвюльдерийн санааг зовоож байгаа зүйл бол тосгонд төрөлт тун бага гэнэ. Жилд 15 шинэ хүн мэндэлдэг аж. Харин Булганд 300 илүү гардаг. Тэгэхээр Булганы хүн ам 10 мянга, Руб­ру­кийнх 900 гээд бодоод шилжүүлээд үзлээ ч Ховдын Булганд нөхөн үржихүй үзүүлэлт дахин өндөр байгаад байгаа юм. С.Баярсайхан даргаас “Та хатагтай Кристинд юу гэж зөвлөх байсан бэ” гэж асуухад “Цахилгааныг нь тасал гэж хэлэх байсан” гээд биднийгээ инээлгээд авав. Үнэндээ ч алс хязгаарын Булган сумынхан саяхнаас л байн­гын гэрэл цахилгаантай болж бай­гаа юм гэсэн. Ерэн хоёр, гурван онд хойноос авдаг байсан цахилгаан тасалдахад дараагийн нэг хоёр жилээс нь төрөлт эрс нэмэгдсэн гэх юм билээ.

Эрхэм спикерт хүндэтгэл үзүү­лэн Парисаас хөдөөний буйд тос­гон руу довтолгон ирсэн сенатын гишүүд ч “Бид энд тал талаас цугларан уулзах хувь ерөөлтэй байжээ” гэж байсан нь оргүй үг биш. Тэр хол замыг явган нүцгэн туулж Монгол орныг зорин ирсэн хувраг  Вилгельм Рубрукийн гаргасан зам мөрийг улам бүр тодосгоход энэ удаагийн айлчлал үнэтэй хувь нэмэр оруулсан нь мадаггүй.

Үргэлжлэл бий.

Categories
редакцийн-нийтлэл

Өсгөсөн үнэд өширхсөн сайд

Байгаль орчин, аялал жуулчла­лын сайд Л.Гансүх телевиз хэвлэ­лээс салахаа болилоо. Сайндаа ч биш л дээ. Сэтгүүлч А.Баатархуяг, түүний эхнэр сэтгүүлч Г.Уянга нар Л.Гансүх сайдыг сая долларын үнэтэй хаусанд амьдардаг гэж  бичсэнээс  бүх зүйл эхэлжээ. Хоёр сэтгүүлч үнийг нь жаахан их хэл­чихсэн байж болох юм. Түүнээс биш сайд хаустай нь бол үнэн юм билээ. Хэрэв сэтгүүлч ганц өрөө байрыг тань хаус гэж бичсэн бол бас яая гэхэв. Сайнаар бодвол  сайдын өөрийнх нь хэлснээр  хямд­хан авсан гээд байгаа хаусыг гэр бүлийн хоёр сэтгүүлч харин ч үнэд хүргэж орхиж. Тэрний төлөө л  миний хаусны үнийг нэмж хэллээ гээд  бухимдаж, бачуураад  хэвлэ­лээс салахгүй байгаа нь тэр.

Өмссөн костюм нь арай хямд байхад алдартай брэндийн хувцас өмсч, гоё харагдаж байна гээд биччихсэн бол  дотроо жинхэнэ үнийг нь мэдэж байгаа ч инээд нь хүрээд л өнгөрөх байсан биз. Гэтэл хаусыг нь үнэд хүргэж бичлээ гээд уурлаж бухимдаад “165 саяар л авсан ш дээ” гээд сэтгүүлчийг  шорон оронд оруулахдаа тулах гээд байгаа нь  хачирхалтай. Өөрийнх нь мэдэгдсэнээр 120 саяыг бэлнээр төлөөд үлдсэн мөн­гөнд нь гурван ч вэб сайтыг нэг бүрийг нь 15 саяар бодож хаусны анхны эзэнд өгч төлбөрөө дуусга­сан  гэх. Л.Гансүх сайд яахаараа ч төдийлөн олны дунд танил бус сайтын эрхийг бүр гурваар нь авчихаад нэг томоохон компанийн дэд захиралд байрны үлдэгдэлд тийм өндөр үнээр шахсан байдаг  юм. Түүнийх шиг хаус    зах зээлийн ханшаар 100 гаруй сая байх уу, үгүй юу гэдэг бас эргэлзээтэй. Уг нь сайдын хүргэн нь л хадмыгаа сая долларын хаустай гээд хэлчихсэн юм билээ. Тэр хоёрыг шүүх, цаг­даад өгөхөөсөө өмнө хүргэн хүү­тэй­гээ нэг сайн тооцоо бодох байж дээ. Ер нь тэгээд одоо хэдэн  өрөө байр хэд болчихсон байгаа билээ. Гэтэл хаус яагаад Л.Гансүх сайдад харьцангуй хямдхан ирдэг юм.  Цагтаа Л.Гансүх сайд энэ хоёр сэтгүүлчтэй нэг дор ажиллаж, хамт­ран зүтгэж явсан. Одоо болохоор амьдардаг байшингийнх нь хан­шийг өсгөж хэллээ гээд цагдаа шүүх болоод байдаг. 

Тэгээд дөнгөж төрөөд хоёрхон  сар болж буй сэтгүүлч эмэгтэйг авч явах гэж гэрт нь орж ирчихээд гарахгүй зогсоод байдаг цагдаа­гийн­хан ч бас хэцүү еэ. 1937 онд л эхийнх нь хөхний сүүг асгаруулан нялх үрээс нь салгаад явч явдаг байсан тухай түүхээс мэдэх юм. Одоо чинь хүн болоод мэндэлсэн  байтугай эхийнхээ хэвлийд өсч бойжиж буйнх нь эрхийг бодоод гэмт хэрэг хийсэн эхийнх нь ялыг хойшлуулдаг болсон цаг. Гэтэл Л.Гансүх сайд хоёр сэтгүүлчийг уучлал гуйвал санаа нь амарна,  үгүй бол шилий нь харна гээд гэдийчихлээ. Хүнийхээ хувьд муу­хай л юм.

Иргэний хөдөлгөөнүүд нэгдээд мэдэгдэл хийж байна лээ. Ноён Л.Гансүхийг Монголын олон ний­тийн телевизээр захиалгат нэвт­рүүлэг хийсэн гэж. Монголын үн­дэс­ний олон нийтийн  телевизийн­хэн болохоор бид өөрсдөө ийм нэвтрүүлэг хийсэн,  захиалгагүй энэ тэр гээд байна лээ. Яалт ч үгүй сэтгүүлчийн талд биш, Л.Гансү­хийн талд л зогсоод байгааг нь хэн ч хараад ойлгохоор байлаа.

Сэтгүүлчид хардах эрх байдаг гэдгийг нөхөр Л.Гансүх яагаад тооцоолохгүй байгаа юм бол. Сайд ойлгож чадахгүй бол мэргэжил нэгтэй Олон нийтийн телеви­зийн­хэн  яагаад үүнийг ойлгодоггүй гэж. Олон нийтийн телевизийнхэн бид­нээс ялгаатай нь татварын мөнгөөр цалинждаг. Тийм атал ингэж олон нийтдээ биш эрх баригчид, сайд дарга нарт үйлчлэх нь юуны учир вэ.

Олны нүдэнд ил хардуулахаа, шаардуулахаа, шүүмжлүүлэхээ мэдэж л өндөр албан тушаалд очсон юм байгаа биз дээ. Түүнээс биш өөрийнхөө нэр төрийн төлөө бусдын амьдралыг сүйрүүлэх дээ­рээ тултлаа өс зангидах нь юу билээ. Утсан чинээ улаан амь минь л болж байвал бусдын амьдрал хамаагүй хэрэг үү. Шүүмжлүүлж чадахгүй юм бол сайд болох хэрэг юу байна. Ер нь тэр хаусных нь үнийг бодуулж, олсон орлоготой нь харьцуулж үзвэл зөрүү гарах ма­гадлал өндөр. Даанч сайд үүнийг аргалж дөнгөнө л дөө. Л.Гансүхэд хувь хүний эрх гэж байдаг байх. А.Баатархуяг, Г.Уянга нарт бас бий. Бүр сайдаас илүү эрх  бий. Яагаад гэвэл сэтгүүлчид өөрсдөөсөө гадна нийгмийн төлөө, олон нийтийн төлөө дуугардаг. Сэтгүүлч тэднийг  юу хийгээд,  хэнтэй хаагуур, яагаад байгааг олон нийтэд мэдээлж байх ёстой. Тэд татварын мөнгөөр сайд тансаг хаусанд амьдарч байна уу, үгүй юу гэж хардах эрхтэй. Тэр хаус нь сая доллар байж магадгүй гэж бодох эрхтэй, бичих ч эрх бий. Сэтгүүлчийнхээ төдийгүй олон нийтийн өмнөөс шүү. Тийм атал  ард түмний татвараар боссон телевиз яахаараа нэг сайдыг өмөөрч иргэдээ тэр тусмаа адил­хан  мэргэжилтэй сэтгүүлчээ зүхээд шоронд явуулах гээд  нэвтрүүлэг хийдэг байна. Тиймээс сайдад сөгдөж үйлчилдэг Монголын үндэс­ний олон нийтийн телевизийн   удирдлага олон нийтэд бус ганц сайдад үйлчилснийхээ төлөө ха­риуцлага хүлээх хэрэг гарах  байх. 

Мөн саяхан 60 жилийнхээ ойг сүр дуулиантай тэмдэглэсэн Мон­голын хэвлэлийн байгууллага яагаад өнөө хүртэл сэтгүүлчдээ өмөөрч дуугардаггүй юм бэ. Өч­нөөн сэтгүүлч үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээрээ эрх баригчдад иймэрхүү маягаар дээрэлхүүлж байна. Ой тэмдэглэхээс илүү сэт­гүүлчийнхээ төлөө дуугарвал ард түмэн та бүхнийг ажил хийлээ гэж харах бус уу. Үгүй бол сэтгүүл­чээ өмөөрдөг, дуугардаг удирд­лагатай болмоор юм.

Л.Гансүх сайд ч гэсэн дээ, ичих нүүртэй баймаар даа. Тэр тусмаа Ардчилсан намын гаралтай сайд ингэж дөвчигнөдөг  нь ардчилал ер нь хэцүүдээд байгааг илэрхийлээд байна. МАН-тай нэг хөнжилд ороод АН хачин байгаа юм байна. Үнэ­хээр МАНАН дунд төөрөөд манан­гаасаа гарч чадахгүй яваа юм байна. Угаас эрхэм сайдын харьяа­лагддаг “Алтан гадас” фракц  МАНАН дундаа төөрч. Үүнийгээ ард түмнийг төөрүүлчихлээ гэж эндүүрдэг бололтой юм. Сүүлийн үед дэлхийгээр нэг гараад байгаа хувьсгал гээч нь нэг иймэрхүү юмнаас л болж ард түмний тэсвэр тэвчээрийг нь барснаас үүддэг юм шиг билээ. Тунист нэг нөхөр ажил олдохгүй байна гээд өөрийгөө шатаасан. Египетэд яалаа. Эх баригчид, дарга, доргынх нь эрх  хэтрээд, бусдын амыг дураараа хааж, боогоод байхаар тэсгэл алдан хувьсгалждаг юм байна.  Гэтэл ардчилсан Монголд, тэр тусмаа Ардчилсан намын гишүүн ингэж хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх рүү дураараа дайрч байгаа нь гутамшиг.   Энэ нь зөвхөн өөрийгөө төдийгүй МАНАН-гаа хамгаалах аргаа олж ядаж байгаа оролдлого шиг харагдаж байна.

Харин ч Г.Уянга, А.Баатархуяг хоёроос сайд өөрөө уучлалт гуй­вал яасан юм. Уучлалт гуйвал хоёр сэтгүүлчийг өршөөгөөд өргөдлөө татаж авах юм гэнэ лээ.  Тэд танаас уучлалт гуйх ямар хэрэг хийсэн юм.
Сайд та хямд үнэтэй хаусны
чинь ханшийг өсгөж өгсөнд
баярлаад цаг завыг нь үрж,
хувийн өмчид нь дураараа цагдаагаар
халдуулж, өдөржин тэр  айлын амгалан 
тайв­ныг алдагдуулсныхаа төлөө ууч­лал гуйх хэрэгтэй юм биш
үү.

Categories
редакцийн-нийтлэл

Миний муу охин нурсан байшингийн буланд суугаад л уйлж байгаа даа…

Японд болж буй үйл явдлуудын тухай Сэн­дай хотоос  Монголын  сайтад Э.Онон хэмээх оюутан охин сэтгэг­дэл бичиж ирүүлснийг олон хүн уншсан байхТэрээр өнгөрсөн  даваа гаригт Монголдоо ир­жээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

Сайн явж ирэв үү. Би чиний сайтад бичиж явуулсан зүйлийг ун­шаад эрэгтэй хүн гэж бодож байлаа. Гэтэл эмэгтэй хүн байж. Сэн­дайгаас хэдүүлээ ирэв?

-Сэндайгаас гурвуу­лаа ирсэн. Өчигдөр л ир­лээ. Миний бичсэн зүй­лийн талаар сониндоо бичсэн таны материалыг  онгоцоор ирж байхдаа уншсан.

Японд аль сур­гуульд сурдаг юм бэ?

-Тококүгийн их сур­гуульд эдийн засгийн чиг­лэ­лээр Япон улсын Засгийн газрын тэтгэл­гээр суралцдаг. Одоо хоёр­дугаар курст сурч байна.

Нэгэнт халуун цэгээс ирсэн хүнтэй уулзаж байгаа болохоор  тэнд болж буй үйл явдлын талаар л юуны түрүүнд сонирхмоор бай­на?

-Монголчуудтайгаа хорго­дох байранд байлаа. Жар орчим монгол хүн тэнд бай­сан. Тог нь тасарсан  учраас Сэндайд  бүх юм нь зогссон  Их хүйтэн байгаа, халаалт ч ажиллахгүй бол­сон. Хоол хүнс нөөцлөөгүй байсан уч­раас тэр өдрөө аргацаагаад маргаашаас нь өглөө үүрээр дугаарлаж байж ус талх олж авсан даа. Япон­чууд ч гэсэн үүрээр  очоод дугаарлаад зогсчихсон байна лээ. Их  урт дараалал  үүссэн байсан. Тэгээд савтай цэвэр ус, талх  олж авсан. Сэндайд гаднаас хүн оруулахгүй, гадагшаа хүн гаргахгүй хөл хорио тогтоо­чих­сон байв. 

Чиний бичсэн зүйл дээр яарч сандраад бичиг барим­таа аваад гарсан гэж бай­сан. Буцаад байр руугаа очсон уу?

-Очсон. Их газар хөдлөл­тийн үеэр визнийхээ сунгал­тыг хөөцөлдөж явж таарсан.  Тэгээд байдал ийм болсныг сонсоод гэртээ орж дулаан  хувцсаа өмсөөд, бичиг барим­таа аваад  явсан. Маргааш нь  гэртээ буцаж очоод тэр зүй­лийг бичиж Монгол руу ил­гээсэн. Эхлээд хэрэгтэй мэ­дээллээ олохын тулд Япон дахь Монголын  Элчин рүүгээ холбогдох гэхээр Монголоос  эцэг,  эхчүүд маань бидэн рүү байн байн утсаар  ярьж утас­ны цэнэг дуусгаж байсан. Тоггүй учраас утасныхаа цэ­нэ­гийг хайрлахгүй бол болох­гүй байлаа. Хоргодох байрны эргэн тойронд тог байхгүй байтал маргааш нь хотын төвд зарим газар тог ирсэн  учраас  амьдарч байсан бай­ранд минь интернэт ажиллаж байлаа. Би оюутны байранд биш орон сууцны байр хөл­сөлж  амьдардаг байсан. Тэ­гээд л сайтад тэр зүйлийг бичиж үлдээхээр шийдсэн. Юм бичээд сууж байхад  да­хин нэг цунами үүсч магадгүй гэж зарласан. Тэр үед их хо­лоос алхаж ирсэн болохоор гар бээрээд хаалгаа онгойл­гож чадаагүй. Нэг давхарт үл хөдлөх хөрөнгийн газар бай­даг. Тийшээ  орж цай уугаад дулаацаж гэртээ орсон.  Мон­гол руу бичиж байхдаа байр­ны цонхоор буух,  олсоо ха­жуу­даа ойрхон байлгаж та­виад дахин газар хөдөлбөл   олсоороо цонхоор бууна гэж бодож байлаа.

 Хэдэн давхраас вэ?

-Манайх гурван давхарт байдаг.

Байрандаа  дахиж очи­ход зүгээр байсан уу?

-Байшин маань зүгээр. Өрөөн доторх эд зүйл л газар хөдлөлтөөс болоод л ундуй сундуй, эмх замбараагүй бол­сон байсан.

Тийм хэцүү үед юм би­чье гэж  яагаад бодоо вэ?

-Тухайн үедээ юмыг яаж мэдэхэв. Үхчихвэл тэрнээс өмнө энэ тухай бичсэн нь дээр гэж бодсон юм. Байр руугаа ирэх замдаа бичих зүйлээ бодчихсон байсан болохоор бичихэд төвөггүй байсан. Ха­рин компьютерийн товчин дээр хуруугаараа тогшиж суу­хад гар чичрээд л байсан  даа.

Энэ үйл явдал эхлэх тэр мөчид  ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Одоо юу хийхэв,  дараа нь яахав гээд л ар араасаа тол­гойд янз бүрийн бодлууд  орж ирсэн.  Хүн бүр өөр болохоор зарим хүн ингээд үхдэг юм байна гэж ярьж суух нь ч сонсогдож байлаа. Эхний өдөр хоргодох байранд очих ёстойг би мэдээгүй байсан. Ойр хавьд өндөр байшингүй болохоор цэцэрлэгт хүрээ­лэнд хүмүүс их цугларсан байсан. Би нэг тэмээний ноо­сон хөнжил, нэг дэртэй  аваад тэр хүмүүс рүү очиж хонохоор гарлаа. Тэгэхдээ хөлдчих байх гэж их айсан. Гадаа хасах градустай. Дараа нь хоргодох байр луу явсан даа.   Тэр  шөнө  би монголчуудтай биш япон­чуудтай  хамт хоргодох бай­ранд байсан. Сүүлд монгол­чуудтайгаа нийлсэн. Нэг  шөнө бид нар гадаа хоносон юм. Учир нь  биднийг нисдэг тэр­гээр авна гэсэн буруу  мэдээ­лэл тарсан байсан юм.  Тэгээд мод цуглуулж байгаа газраа мэдэг­дэхийн тулд гал гаргая гэж ярьцгаасан байсан. Гэтэл  энэ нь худлаа болж таарав. 

Япончууд энэ бүхнийг яаж хүлээж авч байна?

-Ямар ч байсан айж сан­дарч байгаа нь мэдэгдээгүй. Шоконд орсон байдалтай яахаа мэдэхгүй болсон бай­сан байх.

Телевизээр аймшигтай зүйл болсон юм шиг хараг­даж байна лээ. Чамд ямар санагдсан бэ?

-Гамшгийн голомт болсон хот боловч би тэрийг нь олж хараагүй. Хүчтэй газар хөд­лөлтийн үеэр байшингийн цонх хагарч, ан цав гарсан байсан. Гэхдээ миний амь­дарч байсан байшин биш. Газар хөдлөлтөөс болж бай­шин нурах нь бараг үгүй юм билээ. Яаж тэгж барьдаг юм мэдэхгүй. Байшин нурж сүйд­сэн нь цунамигаас болсон болохоос газар хөдлөлтөөс шууд болоогүй.   Манай сур­гууль олон факультеттэй. Ми­ний сурч байсан эдийн зас­гийн факультетын лабора­торийн хэсэг нурсан гэж сонс­сон.

Тэнд ямар ч газар ажил­лахгүй байгаа юу?

-Тог ирсэн гэж сонссон. Одоо ажиллаж байгаа байх. Сургуулийн хувьд амралтын үе таарсан байлаа. 

Монгол руу яаж ирэв ээ?

-Интернэтээр  Сэндайгаас Ямагата руу автобус явж бай­на гэсэн мэйл ирсэн. Тэр цагийн хуваарийг нь аваад монголчууд руугаа очсон. Энэ тухай дуулгатал манайхан  бужигначихсан. “Автобус ирэ­хээр суугаад явъя” гэсэн чинь хүмүүсийн санал зөрөлдсөн. Зарим нь Ямагатад очихоор ямар байдал угтахав, тавь жаруулаа очлоо гэхэд хонох газар хоол хүнс олдох уу, хурдны замаар  давхиж байх замд ямар нэгэн осол гэмтэл учирвал яана гээд байсан. Мөн цацраг идэвхт бодис тархсан гэдэг мэдээлэл сонс­сон байсан тул тэр тархсан газар нь хаана вэ гэх мэтээр ярьж эргэлзэх нь эргэлзэж эхэлсэн.  Мэдээлэл авна гээд  элчин­гийнхэнтэй холбогдтол  тодор­хой мэдэхгүй байна гэ­лээ. Элчингийнхэн  байдгаа­раа хичээж байсан ч яахыгаа мэ­дэхгүй эхэндээ их л санд­ралдсан юм шиг байна лээ. Тэгээд цагдаа дээр очъё гэсэн. Гэтэл цагдаа нар нь ч мэдээ­лэлгүй сууж байсан юм. Энэ бүхнээс болоод тэнд байсан монголчууд явахгүй байхаар шийдсэн.  “Ямар ч байсан би аргалаад явлаа” гэж тэдэнд хэлж тэнд байсан гэр бүлийн хоёр хүнтэй Ямагата орохоор болсон.  Тэд маань ч азаар машинтай хүмүүс. Хэд дам­жиж байж нэг Токиод ирээд Элчин дээрээ очиж уулзан өргөдөл бичиж, бичиг хийлгэж аваад Монгол руу нисэх билет авч  Наритагийн онгоцны буу­дал дээр ирэхэд  наашаа ирэх онгоцонд суух хүмүүс битүү дугаарлачихсан байв.

Урдуур нь оруулах гэж манай нисэхийн төлөөлөгч залуу хэлэхэд япончууд үүнийг зөвшөөрөхгүй байсан. Сүүлд нь би уйлаад. Гаднаас хара­хад бэртэж гэмтээгүй юм шиг бо­ловч дотроо ямар хэцүү бай­гаагаа хэлсэн юм. Тэгээд сүүл­дээ биднийг онгоцонд оруулж Монголдоо ирсэн нь энэ.

Хүмүүс наашаа ирэх дур­гүй байна гэж сонссон юм байна?

-Бүс бүсэд өөр, өөр байгаа. Бидний байдаг газрын  ойрол­цоо аймгууд гамшгийн бай­дал­тай байгаа. Өөр хотуудад байгаа хүмүүс биднийг дэгс­дүүлээд байна гэж бодсон юм шиг байна лээ.

Энэ бүхэн хэвийн бай­далдаа орохоор сургууль руугаа буцах уу?  

-Миний хамгийн гол санаа зовж байгаа зүйл бол эргэж яаж явах вэ гэж бодож байна. Виз маань дөрөвдүгээр са­рын нэгэнд дуусна.  Би тэтгэл­гээр сурдаг Японы Засгийн газрын тэтгэлэгтэй болохоор тэнд албан ёсоор хэлэлгүй ирсэн нь ямар байдалд хүргэх бол гэхээс эмээж байна.

Монголын Засгийн газар энэ талаар анхаарах байл­гүй дээ..

-Зарим хүүхдүүд маань хойноос ирэх байх. Тэдэн­тэйгээ ярьж байгаад Боловс­ролын яаманд хандана даа.

Бид ч гэсэн энэ талаар зохих байгууллагаас нь лав­лаж асууя..

-Тэгвэл сайн л байна. Су­руулиасаа хасагдчих вий гэж хүүхдүүд санаа зовж байгаа. Би ч гэсэн.  Дахин виз авах гэж их олон бичиг баримт бүр­дүүлдэг. Уг нь тэндээ визээ сунгуулахаар хөөцөлдөж бай­тал ийм юм болчихлоо. 

Монголдоо буухад уйлав уу?

-Уйлсан. Уйлсан гэхэд ч хаашаа юм. Нулимс ч гарахаа больчихсон байсан даа.  Хам­гийн гол нь энд байгаа ар гэрийнхэн илүү санаа зовж бай­сан юм билээ. Манай өвөө, эмээ хүртэл “Миний муу охин нэг нурсан байшингийн буланд л уйлаад сууж байгаа байх” гэж ярьж суусан байна лээ.

Categories
редакцийн-нийтлэл

Чин сэтгэл буюу Япон ёс зүй

Наран ургах зүг рүү дэлхий нийтээрээ анхаарал хандуулаад хэд хонолоо.  Тэр тусмаа манай ард түмэн япончуудад сэтгэлээсээ хан­даж байна. Манайхны хувьд хө­рөн­гө оруулагчдын тэргүүн эгнээнд жагсдаг энэ улсад туслах хөдөл­гөөнийг өрнүүлж эхэллээ. Зарим нь газар нутгаасаа өгнө гээд ч ярьж байна лээ. Зарим нь өгөхгүй гээд л баахан уурлав. За энэ ч яахав. Тэдэнд газар өгтлөө  зай ч  байна,  тэд автлаа ч хол байна.  Япончууд шиг хөдөлмөрч, хатуу чанга ард түмэн удахгүй энэ бүхний  ард гарч таараа. Гэвч энэ удаа  Японы ард  түмний өнөөдрийн зовлон бэрх­шээлийн тухай бичихээсээ илүүтэй тэдний давтагдашгүй нэгэн зан чанарыг өгүүлэх гэсэн юм.

Энд тэнд дайн дажин, байга­лийн гамшиг, бослого хөдөлгөөн гарахад дайны хажуугаар дажин гэгчээр  илүү харж,  билүү долоогч­дын гар,  хөл зүгээр байхгүй хулгай, дээрэм тонуул хийдэг олон жишээг  бид мэднэ. Тухайлбал Гаитид газар хөдөлж гамшиг болоход олон улсын тусламжаар очсон мөнгийг хүртэл хулгайлсан хэрэг гарч бай­сан. Хэт хар амиа бодсон арчаагүй үйлдэл гэхээс өөр юу хэлэхэв. Мөн энэ үеэр хулгай дээрэм хийсэн олон хүн баривчлагдсан. Чилийн газар хөдлөлтийн үеэр хэдэн зуу­гаараа мөн л дээрэм тонуул хийж,  сүүлдээ цагдаа нар нулимс асга­руулагч хэрэглэж байж нэг юм зогсоосон. Иракт дайн боло­ход баячууд нь дүрвэж, үлдэгсэд нь  ёстой л нэг эзэнгүй арал дээр үлдсэн мэт дураараа загнаж баа­хан хулгай, дээрэм хийсэн байдаг. Зарим дэлгүүр хоршоог бүр  байх­гүй болгочихсон байсан. Дэл­хийн сонгодог бүтээлүүдийг хүртэл үнэгүйдүүлж хамаагүй хямдаар зарж байлаа. Манай нэг улстөрч   Иракт очоод нэгэн алдарт бүтээ­лийн үнийг нь сонсоод чихэндээ итгэхгүй худалдаж авсан гэдэг. Бүр жинхэнэ эх зургийг нь шүү.

Иракт сурвалжлагаар явж байх­даа Саддам Хусейны олон ордны нэгэнд очиж байлаа. Үнэхээр тан­саг чимэглэл, уран хийцтэй тавилга бүхий тэр ордныг юу ч үгүй тоно­чих­сон гэж тэндхийн хүн хэлсэн ч өргөж дийлэмгүй том ор, ханын шүүгээ зэрэг нь үлдсэн байж билээ.

Тиймэрхүү өлөн нүдтэй, “урт гарт”-нуудын  жишээг  нэг их холоос хайгаад яахав. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр манайхан яаж байлаа. МАХН-ын байран дахь татваргүй барааны дэлгүүрийг тэр чигт нь тонож,  галерейгаас үнэт өв,  соёлын бүтээлүүд хулгайд алдагд­сан билээ.  Тэр үйлдэл нь шударга сонгуулийн төлөөх тэмцлийг нь үнэгүйдүүлж орхив. Бүгд тэгж дээрэм хийгээгүй ч заримынх нь дүйвээнд олонхи нь хэлмэгдсэн.  Үгүйдээ л манайд өдөр бүр хулгай дээрмийн хэрэг байнга л гарч байдаг. Ахархан бодолтой, арчаа­гүй сэтгэлтнүүдийн гарт эд юмсаа алдаж үзээгүй хүн Монголд бараг байхгүй байх.   Харин одоо Японд  тийм зүйл огт болохгүй байгааг бид харж байна. Япон хүний гайхал  төрүүлэм тэр зан чанараас бид ч бас суралцах хэрэгтэй юм гэсэн бодол төрөв. 

Хэдэн жилийн өмнө Японы  хотуудаар аялах боломж таарсан юм.  Тэр үе тодхон санагдаж байна.  Саяхан тэнд сурч буй дүү рүүгээ ярьж болж буй үйл явдлын  талаар асуулаа. Элдвийг сонирхов. Эг­чийн хувьд дүүгээ сайн байгааг мэдэхийн сацуу  сэтгүүлчийн хувьд тэнд болж буй үйл явдлыг тандлаа. Хажуугаар нь бас хүний мууд дурлаж, “Далимдуулаад хулгай дээрэм гарах юм уу” гэтэл дүү маань их цааргалангуй “Хүний  орхиод явсан юмыг ч авдаггүй хүмүүс юу гэж ийм үед хулгай дээрэм хийж байхав дээ. Япон хүн хэзээ ч тэгэхгүй” гэх нь тэр. Нээрээ л тийм дээ.      

Чин сэтгэл,  үнэнч байдал гэсэн утгатай макото гэдэг үг Японы ёс зүйн үндэс нь болдог. Нэг үгээр хэлбэл хүн бүр өөрт оногдсон үүргээ хариуцлагатай биелүүлж, чин сэтгэлээсээ хандсанаар бүх зүйл зохих байрандаа байна гэж япончууд үздэг. Үүрэг хариуцлага гэдгийг хэн нэгнээс өгсөн даалга­вар гэж тэд үздэггүй. Өдрийн хоол, өглөөний цай уухтай адил амьдра­лын салшгүй чухал зүйл гэж бод­дог. Мөн гадаад зан байдал нь дотоод сэтгэлтэйгээ нэг шугамд байх ёстой гэж үздэг. Тиймээс хэр баргийн зүйлд сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй. Зүгээр нэг жижигхэн үдэшлэг болоод дуусахад тэнд байсан оюутнууд бүгд л байсан  орчноо цэвэрлээд явдаг. Хэний ч шахалт шаардлагагүйгээр шүү. 

Японы соёлд Шинто, Күнз, Буддын ёсны нөлөө их байдаг. Самурайн ёс буюу дайчин эрсийн хатуу дэг жаяг ч энэ улсын  ёс зүйн хатуу хэм хэмжээнд нөлөөлсөн гэдэг. Энэ бүхнээс япончуудын сэтгэлийн хат, зөв ёс жаяг бий болсон биз ээ. Самурай нарын дэг жаягт зорилгогүйгээр хүн алах, дээрэм хийхийг цээрлэдэг байж.   Жинхэнэ дайчин эрс дээрэм хийдэг­гүй юм.

Ойрын өдрүүдийнх шиг сэтгэл өмрөм үйл явдлын үеэр тэд бүр ч хатуу чанга хариуцлагатай болсон байгаа.

Хэдэн жилийн өмнө дэл­хийн томоохон хотуудын онгоцны бууд­луудад том чемодантай юм тавьж эзгүй орхиод аль хотод хамгийн түрүүнд алга болохыг нь туршжээ. Хойд хөршид буюу Моск­вад эргээд харах хооронд л алга болсон гэдэг. Харин Токио хотын онгоцны буу­дал дээр нөгөө чемо­данд хэн ч гар хүрээгүй гэдэг. Энэ талаар хэвлэ­лээр ч гарч байсан.  

Хүүхэд байхад оросууд гер­манчуудтай байлдаж байтал нэг герман  зүлгэн дээр гишгэхгүй гээд тойрч гүйгээд суманд оногдон буудуулсан тухай  явган яриа явдаг байлаа. Түүн шиг өлсөж үхэхдээ тулж байсан ч япончууд хүний юм руу гар дүрэхгүй.

Их мөнгөтэй түрийвчээ гээчи­хээд толгой унжуулан шаналж суухад нь цагдаа дээр хэн нэгэн хүн авчраад өгчихсөн байсан та­лаар Японд сурдаг нэг монгол залуу ярьж байсан. Тэнд суралцаж,  ажил­лаж амьдарч байсан олон хүн үүнийг хэлнэ дээ. Эндээ ирэхээр нэг хэсэгтээ л анхаарал болгоом­жоо мартаж Японд байсан шигээ амгалан явж байгаад юмаа алдсан хүн олон.

Нагоя хотод “Ехро” болж хаал­тын өдөр нь хэдэн сая хүн оролцов. Орой унаанд  амжиж суух гэсэн тэр олон хүний ихэнх нь япончууд атал хоёр, гуравхан цагдаа тэднийг зохицуулаад л нэг эгнээ болохыг хүсэхэд бүгд тэр ёсоор болов. Нийтийн унаанд суусан хойноо өөрөө хөл дээрээ тогтож ядан байж хажуу хүндээ санамсаргүй хүрсэндээ өршөөл эрэн нахилз­ах япон хүн олон байлаа. Харин тэр олон хүний дунд түрийвч цүнх нь онгорхой ил хүн цөөнгүй байсан. Би өөрөө л тэдний өмнөөс юм нь алга болчих вий гэж монго­лоор сэтгэн бодож зогссонсон. Япон залуус үнэтэй алт мөнгөөр гоёхоос илүүтэй   цүнх,  түрийвчээр гангар­даг. Тэд брэндийн түрийвч­ний­хээ логог зориуд ил гарган өмднийхөө арын халааснаас цухуйлгана гээч. Ма­найд бол нэг алхахгүй хулгайд алдана. 

Хүний юманд илүү харж шуна­даггүй сэтгэл япончуудаас л гарна. Юманд хандах хандлагаараа тэд  монголчуудаас тэс өөр. Ямартаа л үндэсний спорт болох сумогоо  даваа наймаалцсан асуудлаар хэдэн сар зохион байгуулахгүй байгааг бид мэднэ. Яс юман дээрээ манайхнаас анх сурсан гэж ч ярьдаг шүү. Тэнд юмыг аргалах, дүрэм журмыг зөрчих гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс ч байсхий­гээд л Засгийн газраа огцруулж,  Ерөнхий сайдаа өөрчилж байдаг. Яагаад гэвэл улс орных нь тэргүүн өчүүхэн төдий алдаа гаргана гэдэг тэдний хүлээн зөвшөөрөх зүйл биш. Огцорч буй сайд, дарга нар нь ч  олон түмний өмнө мэхийн байж гэм нүглээ хүлээдэг.

Японы уламжлалт соёл, ша­шин нь тэднийг сэтгэл хөдлөлөө тэр бүр ил гаргахгүй болгосон аж. Дорнын уран зохиол тэр дундаа Японы уран зохиолд сэтгэл рүү хандсан хандлага, сэтгэлээр илэрхийлэх арга барил түлхүү ажиглагддаг. Үрээ алдсан эхийн сэтгэлийг нэгэн алдарт зохиолч гаргахдаа “Нү­дэн­дээ нулимсгүй, бага зэрэг инээм­сэглэж ярих тэр эмэгтэй хүү­гийнхээ төлөө гашуудсан сэтгэ­лээ огт ил гаргахгүй, юу ч болоогүй мэт суугааг харсан сургуулийн захирал санам­саргүй унагасан юмаа ава­хаар тонгойхдоо ширээн доор атгасан алчуураа хөштлөө атгасан эхийн гарыг олж харжээ” гэсэн байдаг. Яг л тэгж сэтгэл дотроо хамаг бүхнээ нууж чадаж өөрөө өөрийгөө ялж сурсан ард түмэн.  Тэдний хөгжлийн нууц нь ч хатуу чанга, сэтгэлийн их хатаас нь болсон биз. Юманд аргалах ухаа­наар хандаж сурсан бидний үйлд­лийг тэд хэзээ ч ойл­гож хүлээж авахгүй.

Сүүлийн
өдрүүдэд бусад улс орноос  илүүтэй
монголчууд тэдэнд  их санаа тавьж,  анхаарал хандуу­лаад байх шиг. Энэ нь ч буруу
зүйл биш. Гэхдээ яаж ч
ядарсан макото буюу чин сэтгэлээ хэзээ ч гээхгүй
Япон ёс зүйд л илүү ойртмоор байгаа юм.

Categories
редакцийн-нийтлэл

АН өөрсөдтэйгөө, МАН МАХН-тайгаа…

АН ҮЗХНЫ ЭЭЛЖИТ БУС ХУРЛАА ЗАРЛАЖЭЭ

Сонгууль
хэрхэн явагдах нь эцэслэн шийдэгдээгүй ч сонгуулийн бэлтгэл ажил 
намуудад
дотооддоо
ч, га­даад­даа ч аль хэдийнэ эхэл­жээ.

Ардчилсан
намын  Үндэс­ний зөвлөлдөх хороо ирэх лхагва гаригийн 16 цагт ээл­жит бус хурлаа хийхээр зар­лажээ. Жил бүр зарладаг ротаци энэ намын ардчил­лыг 
тодотгодог
ч  дотоодын зөрч­лийг туйлд нь хүргэдэг аюул бий. ҮЗХ өчигдрийн байд­лаар ҮЗХ-г хуралдуу­лахаар 130 гаруй гишүүн гарын үсэг зурсан 
учир ийн­хүү хурал­дахаар болсон бай­на. Энэ хурлаар намын дүр­мийн өөрч­лөлт яригдах бө­гөөд 
фракцуудыг  “зодолдо­ход” хүргээд байгаа  
ротацийг  яах 
эсэхээ  шийдэх юм. На­мын дарга Н.Алтанхуягтай Ард­чилсан хүчнүүдийн хол­бооны тэргүүн З.Энхболд уулзахдаа ротаци явуулахгүй байх санал хэлжээ. 
Намын дүрэмд нэгэнт үүнийг зөв­шөөрөхгүй учир дүрмийн өөрчлөлт хийж байж ийм шийдэлд хүрэх аж. Ямар ч байсан дүрмийн өөрчлөлтөө энэ удаагийн ҮЗХ-ны хур­лаар нэгмөсөн шийдчихвэл энэ удаагийн ротаци яваг­дахгүй болж, 
ирэх сонгууль хүртэл АН 
одоо байгаа ҮЗХ-ны 
гишүүдээсээ
л УИХ-д нэр дэвшүүлэхээр болно гэсэн үг. Мөн нам дотор маргаантай дүүргүүд хэд хэд байгаагаас эхний ээлжинд Чингэлтэй дүүрэг асуудлаа шийдэж чад­сан бол араас нь 
өөр дүүр­гүүд ч цэгцэрч магадгүй бо­лоод бай­на.

Өнгөрсөн
ҮЗХ-ны хур­лаар генсекээ өөрчлөх та­лаар ярьж байсан билээ. Гэвч асуу­дал тэр удаа ямар ч бай­сан хойшилсон. Гэхдээ бүр­мөсөн цэглэгдээгүй нь нам доторхи фракц бүлэглэлүү­дийн со­нирхлоос харагдаж байгаа юм.   
Харин генсекийг ингэж өөрчлөх хор явсны  
дараа МҮДН фракц хөдөл­гөөнд орж эхэлсэн. МҮДН-тай Ардчил­сан хүчний холбоо, залуусын фракцууд эвсэл болохоор ярьчихсан яваа. Нэг ёсондоо зүгээр байхад зүгээр байл­гахгүй нь гээд хөдөлсөн хэрэг. Сүүлийн үеийн мэдээл­лээр МҮДН нийслэлийн на­мын хорооны даргын сууд­лыг сонирхож эхэлсэн гэх авч хажуугаар нь “Кроун”-ы Ням­хүү ч энэ албыг мөрөөдөж буй мэдээлэл тарах болов. 
Нийс­лэ­лийн намын хорооны одоо­­гийн удирдлагыг 
унагах фракцуудын сонирхол 
ийн­хүү эхэлсэн бололтой. 
АН-д фракцуудын тоглолт ид яваг­даж байгаа ч үүнийг эс ажран АН дахь “Алтан гадас” хүчээ зузаатгахаар элдэв арга сү­вэгчилж ил далд хороо най­руулсаар байна. 
Нэг үгээр хэлбэл АН 
одоогоор
дотоод­доо тэмцэлдэх нь намжаагүй л байна. 

МАХН НЭРИЙГ ЗӨВШӨӨРВӨЛ  ЯАХ ВЭ, ҮГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?

Ардчилсан
намын ҮЗХ ирэх долоо хоногт хурал­дахаар гишүүддээ зар түгээж эхэлсэн бол 
МАН-ын аймаг, 
нийслэл,  дүүргүүдийн бага хурлууд тус тусдаа 
хурлаа хийж байгаа.

Ерэн  насныхаа ойг шинэ нэртэйгээ хамт таниулах гэ­сэн МАН-ын баяр сүр дуу­лиантай болов. Хажуугаар нь 
МАХН бас өөрсдийн хэмжээ­гээрээ насны ойгоо тэмдэг­лэлээ. Аль 
нь жинхэнэ ерэн настайг нь 
ард түмэн ялгаж ойлгосон ч үгүй. Гэвч насны ой яахав ээ. Ямар ч байсан С.Батболд 
МАН-ын 
даргын хувьд хэлмэгдүүлэлтийн он жилүүдийн өмнөөс ард түм­нээсээ анх удаа уучлалт гуй­сан. Ерэн насны ойн арга хэмжээнээс иргэдийн ярих сэдэв болж үлдсэн нь энэ л байлаа.

Дээр нь тэрээр “МАН ч, 
МАХН ч манай нам” гээд байгаа бол Н.Энхбаяр “МАХН манайх” гээд зүтгээд байгаа. 
Н.Энхбаярын намын хувьд Дээд шүүх МАХН гэдэг нэрийг нь албан ёсоор зөвшөөрөх үгүй нь 
ирэх долоо хоногт шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл 
хуулийн
хугацаа
нь болж байгаа. Саяхан МАХН-ынхан албан ёсоор Дээд шүүх нэ­рийг нь өгвөл яах вэ, өгөхгүй бол яах вэ гэдгийг ярьж. Өгвөл ч яахав, улс төрөө хийгээд цааш явна. Өгөхгүй бол яахав гэдэг нь харин анхаарал та­таж байна. Удахгүй өрнөхөөр яриад байгаа хувьсгал гээчээ хийнэ гэх юм биш биз. 
Дэл­хийн олон оронд өрнөөд буй хувьсгалт тэмцлүүд манайд ч болох тухай яриа л олныг айдаст автуулаад байна. Үүний тулд ч Н.Энхбаяр дол­дугаар сарын нэгний үйл явдлыг дахин сануулж, 
бас ч үгүй цаана нь болж байсан нарийн зүйлийг 
сөхөж эхлэв. Америкт байгаа С.Баярыг үүнд буруутай, 
өөрийг нь шахаанд оруулж Онц байдал зарлуулсан гээд байгаа нь тэр үед Ерөнхий сайд байсан С.Баярыг 
буруутгахаас
гадна  одоогийн МАН-ыг  
ч буруутай гэдгийг хэлээд байх 
шиг. Тэрээр нэгэнт дайн эхэлснээ үүгээрээ зарлаж байгаа бо­лолтой. Айхгүй хэлснийг бод­вол арын үр дагавраас нь санаа зовохгүй байгаа гэлтэй. МАН-ын өнөөгийн удирд­лагаас үүнд тодорхой хариу өгөөгүй байна. Бодвол тухайн үеийн удирдлагатай хамаа­тай гээд дуугүй байж болох талтай. Харин Н.Энхбаярын хувьд С.Баярыг ч, МАН-ыг зүгээр орхихгүй.       

МАН-ын хувьд голж ор­хисон  МАХН нэр, жийж орхи­сон Н.Энхбаяр хоёр нь нэ­лээд
гай болох нь тодорхой. Н.Энхбаярын намын нэрийг Дээд шүүх зөвшөөрөх эсэхээс  Сонгуулийн хуулиа аль талд нь эцэслэхээ шийдэх
биз. Тухайлбал намын нэр, хүний
нэрийн алийг сонгох гэх мэт. Одоо яригдаж байгаа хувил­бар нь өнгөрсөн 2008 оных дээрээ тогтож байгаа.  Сон­гууль хүртэл
бас хугацаа байна. Түүнээс өмнө АН өөр­сөдтэйгөө, МАН
МАХН-тайгаа үзэлцсээр л….

Categories
редакцийн-нийтлэл

Хоёрдугаар сарын жагсаал

Жилийн хамгийн цөөн өдрүүд­тэй хоёрдугаар сар тэр чигтээ жагсаалаар дүүрэн өнгөрлөө. Энэ жагсаал 23 жил төрийн эрхэнд байсан Ерөнхийлөгчөө хөөж гар­гасан Тунисээс эхлэлтэй л дээ. Ажилгүйдэл, хүнсний хомсдол, инфляц, төрийн толгойд байгаа эрх мэдэлтнүүдийн хязгааргүй тансаглал, нөгөө талд ядарч до­ройтсоор байгаа ард түмний өлөн зэлмүүн байдал Тунисийн наснаа­саа овор багатай харагдах Ерөн­хийлөгчийг хүний нутагт гарахад хүргэсэн. Дараа нь египетчүүд хагас жарны турш эзэн суусан Хосни Мубаракийг буулгаж чадлаа. Гадна дотны олон нөхцөл байд­лын улмаас түүнийг унагаж чадах­гүй гэж үзэгсэд олон байсан ч өнхрөөд л өгөв. Хүмүүс амиараа золин байж ийм эрх чөлөөг авчирч байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард эхэлсэн Араб, Хойд Афри­кийн орнуудын жасмин буюу мэл­рэг цэцгийн хувьсгал улам бүр хүрээгээ тэлж, хаана эрх мэдэл хэт төвлөрч, хаана хүмүүс нь ядуу чадуу амьдарч байна тийшээ халд­варлаж байна.

Тунис, Египет, Ливид хувьсга­л болж Алжир, Бахрейн, Иран, Ирак, Йордан, Оман, Йеменд дийлэнх олонхи нь жагсч, Кувейт, Мавритан, Марокко, Саудын Арави, Сомали, Судан, Сирид хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байна. Бас хуучин ЗХУ-ын стан орнуудын ардчилсан хуультай ч ардчилалгүй орнуудын эрх баригчид айж, өмнөд хөрш Хятадад ч энгэртээ мэлрэг цэцэг зүүн гоёж үзэл бодлоо илэрхийлэх иргэд цагдаад баригдаж байна. Мөнх ногоон навчтай жасмин цэцэг­ний нэр нь араб хэлнээс утгачилбал бурхны бэлэг гэсэн утгатай үг юм гэнэ лээ. Хүн гэдэг амьтанд бурхны хамгийн том бэлэг нь эрх чөлөө, сайхан амьдралыг нэхэх эрх байх биз. Тэр ч утгаараа бурхнаас авч болох хамгийн том эрхийнхээ төлөө гуталтай, гуталгүй арабчууд гудамжиндаа гарч тэмц­сээр байна. Хоёрдугаар сард бү­хэл­дээ жагсаал тэмцлийн өдрүү­дээр дүүрэн байлаа. Нэгдүгээр сарын 14-нд бурхнаас авах бэл­гийнхээ төлөө анхны алхмаа хийж чадсан тунисчуудын жишгээр Нил мөрнийг хөвөөлөн амьдрах египе­түүд жагсч эхэлсэн билээ. Нэгдүгээр сарын 25-наас эхлэн 18 өдрийн турш үхэх сэхэхийг үл огоорон тэмцэж чадсанаар египетчүүд Мубаракийн 30 жилийн хаанчла­лыг 2011 оны хоёрдугаар сарын 11-нд дуусгаж чадсан. Үүний да­раагаас Йемений 35 жил төр барьж байгаа Али Абдулла Салех 2013 онд хугацаа нь дуусахад дахин улирах тухай бодохгүй гэж, Суданы Ерөнхийлөгч Омар ал Башир 2015 онд дахин сонгуульд оролцохгүй гэж, мөн Иракийн Ерөнхий сайд Нури ал Малики ч 2014 оны сон­гуульд оролцохгүй гэдгээ мэдэгдэж эхлээд байна. Өөрөөр хэлбэл ямар ч хүчтэй эрх мэдэл, хөрөнгө мөнгө, бас олон жилийн дарангуйлал байсан ч гэсэн ард түмэн хүсч чадвал унагаж чаддаг ажээ. Тунист 220 гаруй хүн, Египетэд 400 орчим хүн энэ тэмцлийнхээ төлөө амиа алдсан. Тэгвэл Ливид түүнээс олон хүн амь насаа золиод байна. Ли­вийн дарангуйлагч М.Каддафи бол эртний аюултай амьтан билээ.

Хоёрдугаар сарын 16-наас Ливид эхэлсэн жагсаалыг нугачин дарахын тулд нисэх хүчин, танк ашигласан бөгөөд амь үрэгдэгсэд хэдийнэ 2000 болсон. 3000 хүрсэн ч гэх эх сурвалжууд байгаа юм. Африкийн хөлсний цэргүүдийг эрх баригчид нь оруулж ирснийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс эрс буруу­шааж байгаа билээ. Мэлрэг цэц­гийн үнэрээр боссон хувьсгалчид дотроос онцгойлон ливичүүдийг НҮБ, АНУ ил хийгээд тодорхой дэмжиж байгаа юм. АНУ Ливийн Шилжилтийн үеийн Сөрөг хүчний зөвлөлд ямар ч тусламжийг үзүүлэ­хэд бэлэн гэсэн бол Европын хол­боо энхийн байдлыг хангах төлөв­лөгөөг зохиогоод эхэлсэн гэж байгаа. Мөн нэг улс нөгөөдөө хал­да­хад хуралддаг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливид болж буй дотоодын энэ асуудлаар нь хурлаа хийж, Барак Обама “М.Каддафи явах цаг болсон” гэж мэдэгдсэн билээ. Энэ бол М.Каддафи дэлхийн хэмжээнд анхаарлын тэмдэгтэй удирдагч байсантай нь холбоотой хэмээн ажиглагчид онцолж байгаа. 1969 онд цэргийн хүчээр төрийн эрх мэдлийг авсан цагаасаа хойш М.Каддафи чухам өөрийн дураар дургиж ирсэн билээ. Хэд хэдэн террорист үйл ажиллагааг түүний зүгээс санхүүжүүлсэн гэж үздэг бөгөөд Америкийн онгоцыг дэл­бэлж, Шотландад унагасан хэрэгт түүнийг шууд буруутгадаг юм. Тий­мээс ч ерээд оны дундаас АНУ Ливид хориг арга хэмжээ авч, М.Кад­дафи арав гаруй жилийн турш үүнийг нь эсэргүүцсэний эцэст 10 гаруй сая ам.долларын нөхөн төлбөрийг хохирогчдод өгснөөр хориг нь цуцлагдаж байсан.

Өөрийнхөөрөө, тун дураараа М.Каддафи Европод нефтийн гол нийлүүлэгч, бас Африкийн цагаач­дыг Европ руу оруулахгүй байх хаалганы эзэн гэдгээрээ Европод тал тохой татдаг байсан бол одоо дэлхийн улс орнууд түүнээс илэр­хий нүүр буруулж байна. Тэр охи­ноо НҮБ дахь сайн санааны элчээр суулгасан ч хөвгүүдээ яг өөр шигээ дарангуйлагч болгон бэлдсэн би­лээ. НҮБ түүний охиныг нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хэдийгээр хөвгүүд нь Ливийг бид хяналтдаа байлгана гэсээр бай­сан ч тэдний гэр бүл ихэнх газар нутагт мэдлээ алдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутагт гарсан мэлрэг цэц­гийн ханх хийх үнэр 42 жил эрх мэдлийг гартаа атгасан М.Кадда­фиг унагахад ч ойртжээ. Одоо энэ буухиа хаана хэнд эрх мэдэл удаан байсан тэр бүгдийг унагахаар зүтгэж байна.

Ер нь хоёрдугаар сарын жаг­саал дэлхийн энд тэндгүй их л сонин өнгө төрхийг харуулж бай­гааг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Арабын орнуудад язгуур эрх чө­лөө, ардчиллын төлөө хүмүүс тэмцэж амь насаа алдаж байхад Европод арай өөрөөр жагсч байна. Италид гэхэд Ерөнхийлөгчийгөө шар сэмжлэн, насан бага бүсгүй­тэй учир ургууллаа гэж, Бельгид Засгийн газраа эмхлүүлж чадахгүй байна хэмээн бухимдан жагсч байна. Ингэхдээ итали бүсгүйчүүд толгойдоо дотоож углан, бельги хүүхнүүд эрчүүдтэй бэлгийн харил­цаанд орохгүй байхыг нэгэндээ уриалан, шарсан төмс идсэн шиг жагсч байх юм. Бас хаана ч билээ эсэргүүцлийг эрчүүд сахлаа хусах­гүй байж илэрхийлэхийг уриалсан байсан. Иргэншлийн хийгээд амьд­ралын ялгаа хоёрдугаар сарын энэ жагсаалуудаар мөн ч их анзаараг­даж байна аа.

Ялгаа байгаа ч хамгийн гол нь хүмүүсийн төрөлх мөн чанар али­ваа зүйл удаан оршин тогтноход дургүй байдаг юм байна. С.Бер­лус­кониг олон жилийн турш эмс хүүхнүүдтэй холбогдож ирсэнд нь, Бельгийн эрх баригчид Засгийн газраа хоёр зуун тавь гаруй өд­рийн турш байгуулж чадахгүй удаж байгаад, Х.Мубарак гучин жил төрийн толгойд байсанд, М.Кад­дафи бүр ч илүү дөчин жил илүүрх­сэнд нь дургүй байна.

Манайд ингэж удсан зүйл юу билээ. Монголд ирсэн ардчиллаар аз болж төрийн толгойд хүн ингэж удахаа байсан. Харин өчигдөр уржигдархан 90
насны ойгоо тэм­дэглэсэн ах нам хүнээр бол тун удаж дээ. Аливаа зүйл удах бүрийд хүмүүсийн уур унтуу хүрдэг. Ийм уналт ирэхээс сэргийлж МАХН нэрнээсээ салах гэж яаран хичээс­нийг нь бид харсан. Гэхдээ энэ алхам тэдэнд 90 насны босгон дээр нь мөн ч их эрсдлийг авчирлаа даа. Тэгээд ч нэрнээсээ Х үсгийг авч хаяснаар өөрчлөгдөх үү. Үгүй л болов уу. Аливаа нам, удирдагч­дын удтал тогтсон дэглэмээс ард түмэн уйддагчлан ерэн настай энэ намаас ч монголчууд уйдаж байна. Уг нь ардчилсан хувьсгалын дараа МАХН-ыг бүрмөсөн татан буулгаад дараагийн шинэ намыг байгуулсан бол зөв байсан гэдэг билээ. Гэвч тэд тэгээгүй. Одоо их идсэнд дур­гүй, их удсанд дургүй ард түмэн дүнгээ тавих цаг дөхжээ.

Categories
редакцийн-нийтлэл

С.Оюун: Том зорилгоо харахгүй, дотроо муудалцвал онигоо л болно биз дээ

ИЗН-д МНН нэгдэх тухай гэрээ үзэглээд удал­гүй
МНН-ын хэсэг хүмүүс намын дарга Д.Энх­батыг гишүүдийн­хээ саналыг харгалзал­гүй
шийдвэр гаргалаа хэ­мээн буруут­ган намаас хөөснөө мэ­дэгдсэн. Мөн онц их хур­лаа
хурал­дуулж өөр намд нэгдэх тог­тоолыг хүчин­гүйд тооц­сон бол намын одоогийн удирдлагууд
нь уг хурлыг хүчин төгөлдөр биш хэмээж байгаа билээ. Ногоон намынхан ийнхүү гэдсэндээ
хөлөө жийлцэж байгааг уг нэгдлийг хүлээн зөвшөөрч, гэрээн дээр гарын үсэг зураад
байгаа ИЗН хэрхэн үзэж байгаа бол. Энэ талаар ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюунаас
тодрууллаа.

-Сүүлийн үед шуу­гиан дагуулаад байгаа Ногоон нам танайд нэг­дэх
болсон асуудал ер нь хэзээнээс эхтэй юм бэ. Энэ талаар юуны өмнө асуумаар санаг­даж
байна?

-Энэ асуудал өнгөр­сөн хавраас эхэлсэн юм. Ногоон нам бидэнд нэгдэж
нийлэх талаараа эхэлж санал тавьж, бид ч үүнд маш нухацтай хандсан. Нэлээд ч хаширласан.

 2000 оны сонгуулийн
дараа ардчилсан чигийн намууд ердөө дөрөвхөн суудалтай хоцорсон тэр үеийг хүмүүс
санаж л бай­гаа байх. Тэр үеэс би хувьдаа намууд нэгдэж нийлэхээс өөр гарц байх­гүй
гэж үздэг болсон. Тэр үед ч, одоо ч сонгуулийн тогтолцоо ганц, хоёрхон том намыг
дэмждэг, жиж­гүүдэд халтай тийм тогтол­цоо байгаа шүү дээ. Ма­най тогтолцоо намуудыг
нэгдэж, нийлэ­хээс арга­гүйд хүргэдэг учраас сүү­лийн 20 жилийн хуга­цаанд на­мууд
аль болох нэгдэж, эвсч ирсэн. Ард­чилсан нам гэхэд л арав гаруй намын нэгдэл.
2000 онд байгуулагдсан ИЗН-д гэ­хэд өнгөрсөн хугацаанд дөрвөн нам нэгдлээ. Нэг­дэж,
нийлэх процесс бол байж л байдаг.

Гэхдээ бид нэгдэж нийллээ гэхэд на­рийн ширийнээ маш то­дорхой
болгохгүй бол асуудал үүсдэг гэдгийг туршлагаа­раа мэддэг уч­раас хашир хандсан
юм. Ногоон нам­тай бүтэц нь ямар байх юм, нэрээ яах юм, дарга нь хэн юм гээд маш
на­рийн ярилцаж, намынхаа шат шатны ху­ралдаа­нуу­даар шийдэж, нэгдэх гэ­рээнд гарын
үсэг зурсан. Тэгээд оны эхний улиралд хоёр нам их хур­луудаа хийж, нэгдэх сана­лыг
хэ­лэлцүүлэхээр бол­сон. Ма­най намын хувьд олон­хиороо нэгдэхийг зөв­шөөр­сөн.
Эсэргүүцсэн хүмүүс байсан ч цөөн­хийн­хөө үгийг сонсоод олонхийнхоо шийдвэрийг дагаад
явдаг ардчиллын зарчмаар асуудалд хан­даж байсан.

-Харин нөгөө намын чинь хувьд ингэж чадаа­гүй байсан юм биш үү?

-Би манайхтай ади­лаар асуудлаа ярилцсан гэж ойлгож байгаа. Бас
цөөнх ч байсан биз. Гэх­дээ намынхаа дүрмээр, Улс төрийн намуудын ту­хай хуулиар
асуудлаа яриад явахын оронд ха­дуу­раад явчихаж байгаа нь харамсалтай санагдаж байна.

-Заримынх нь хэлж байгаагаар гадныхны захиалгаар танайхан Ногоон
намыг үгүй бол­гох гэж ийм алхмыг эх­лүүлсэн гэж байгаа шүү дээ?

-Нэгдэх тухай саналыг анх Ногоон намын зүгээс гаргасан. Бид саналыг
нь судалж үзээд хариугаа гаргасан. Түүнээс бус ха­дуурч байгаагаар нь хэрэв бид
тийм бодол санаатай  байсан бол эхлээд тэр
саналыг гаргах байсан байлгүй. Гэтэл биднийг гадаадынхны гар хөл болж байгаа мэтээр
яри­хад хариу хэлэх ч үг ол­дохгүй байна. Тийм юм гэж юу байхав, тэгж хадуурч болохгүй
ээ.

-Таныг “Рио Тинто” компанид ажиллаж байс­ныг онцолж бай­гаа…

-Би 1996-1998 онд “Рио Тинто” компанид ажил­лаж, дараа нь өөрийн­хөө
хайгуул хийх төлөөлөгчийн газраа нээж байсан нь үнэн. Тухайн үедээ Кембрижийн их
сур­­­гуульд докторын зэрэг хамгаалж, дэлхийн томоо­хон уул уурхайн компанид ажиллах
болсондоо ба­хархаж байсан, одоо ч бахархдаг. Одоо “Майк­рософт”, “Эппл” компанид
монгол залуучууд ажил­лаж байгааг бахархалтай хэрэг гэдэг шиг тухайн үедээ сайхан
л хэрэг бай­сан. Гэхдээ аль арван тав, зургаан жилийн өмнө ажил­лаж байсан компа­нитай
одоо холбож ярих нь утгагүй юм. Одоо ч гэсэн хувь ногдол авдаг гэж бай­гаа нь ямар
ч үндэсгүй.

-Та тэндээс хувь ху­вьцаа авч байсан то­хиол­дол бий юу?

-Энэ компани ажилт­нууд­даа арван гурав дахь сарын цалиндаа хувьцаа
өгдөг байсан. Би хоёр жил ажиллах хугацаандаа 2000 орчим ам.долларын хувьцаатай
байсныгаа 2000 онд бил үү дээ зар­чихсан. Түүнээс хойш на­дад ямар ч хувь, хувьцаа
гэж байсангүй. Үүнийг албан ёсоор хэлж байна. Тэгэхгүй бол бүр хадуу­раад худлаа
зөрүү яриад явчих юм.

Нийлж нийлэхтэй хол­боотой асуудал маань сүүлдээ өөр зүйл рүү
ин­гээд ха­лиад явчихаж бай­на. Нийлж нэгдэнэ гэдэг бол эрүүл үзэгдэл шүү дээ. Бид
өнөөдөр нэг нэг намаа­раа, ганц ганц суу­далтай байхын оронд аль болох нийлээд бүлэг
бай­гуулах хэмжээнд суудал­тай байж, бодлого ярьдаг, санаагаа оруулдаг бай­маар
байна шүү дээ. Уг нь бидний аль аль нь 2008 оны сонгуулиар бүлэг бай­­гуулах хэмжээний
са­налыг сонгогчдоосоо авч чадсан нам. Манай нам 76 бус 38 хүнийг дэвшүүлж, 126
000 сонгогчийн сана­лыг авсан. Энэ нь хувь тэнцүүлж үзвэл сонгогч­дын 11 хувь буюу
найман суудал гэсэн үг. Ногоон намын эвссэн Иргэний эвсэл ч гэсэн арваад ху­вийн
санал авсан юм би­лээ. Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хувил­бараар тооцоход
шүү дээ. Аль болох хүчээ нэгтгэж сонгогчдынхоо санал бод­лыг төрийн бодлогод тусгуулж
чаддаг хүчтэй болохын төлөө нэгдэхийн оронд байгаа нэгийгээ хэмлээд байвал бид цаа­шаа
явахгүй.

-Дэлхийн ногоон­тууд бусадтай нэгддэг­гүй, тэгээд ч ногоонтны
үзэл, Иргэний зориг на­мын үзэл баримтлал хоёр өөр чигийнх гэж байгаа дээр та юу
хэлэх вэ?

-Одоо дэлхийн улс төрийн намууд баруун, зүүн гэлтгүй бүгд ногоорч
байна. Угаасаа байгаль орчиндоо ээлтэй, халгүй байх бодлого баримталж байна. Манай
нам анх байгуулагдахдаа баруун төвийн нам хэмээн бай­гуулагдаж байлаа. МАХН зүүний,
АН баруун чиг­лэлийн нам гэгддэг ч сүү­лийн жилүүдэд бүхий л намууд халамж, амлал­тын
мөнгө гэцгээн зүүн рүү хуйларч байна шүү дээ. Энэ тохиолдолд төвийн чиг баримжаатай
манай нам баруун талд их тод харагдаж байх шиг байна л даа.

-Та нартай албан ёс­ны хэлэлцээр яригдаж байх энэ үед намд нь
асуудал гарсанд Д.Энх­бат дарга юу гэж хэлж байх юм?

-Бид асуудлаа дотоод­доо тодорхой болгоё гэж байсан. Бид бол асуудлыг
хүлээцтэй бас анхаа­рал­тай ажиглаж байгаа. Тэд­ний хурлын тогтоол, про­токолтой
танилцсан. Яг манайхтай адил дороо­соо журмаараа явсан юм билээ. Миний ойлгосноор
нэгдэх процессийг 80 ор­чим хувь нь дэмжсэн, 20 орчим нь цөөнх болсон. Тийм л юм
билээ. Гэхдээ цөөнх нь байр сууриа хүчтэй илэрхийлж байгаа.

Манай намын хувьд хэзээнээс эвслийн хий­гээд нэгдэх аливаа гэрээн­дээ
тууштай байдаг. Тэр зарчмаараа энэхүү хийсэн гэрээндээ тууштай байна. Энэ нам дотроо
ойлгол­цоод асуудлаа ярина гэх нь үү, олонхийн шийдвэр энэ гэх нь үү хойшлуулна
гэх нь үү. Шийдвэрт нь хүндэтгэлтэй хандана.

-2008 оны сонгуульд МНН нь Соцдек хийгээд Иргэний намтай Иргэний
эвсэл болж оролцсон. Тэгэхээр энэ эвсэл 2012 он хүртэл хүчинтэй бай­тал дараагийн
нэгдлийг ярих нь утгагүй гэж бай­гаа. Үүн дээр та юу хэ­лэх вэ?

-Аливаа нам хүчинтэй эвсэл болж орсон нам хүчин дараагийнхтай
нэг­дэж болохгүй гэсэн хуу­лийн зүйл, заалт байхгүй. 2000 онд манайд яг үүнтэй адил
асуудал өрнөж, Дээд шүүх хүртэл явж уг асуу­дал тодорхой болж бай­сан учраас би
тодорхой хэлж байгаа юм. Тиймээс МНН-ыг эвсэлд орж бай­сан учраас одоо нэгдэж болохгүй
гэж хэлэх бо­ломж­гүй. Тэгээд ч манай хоёр нам 2000 оны сон­гуульд нэгдэж орж бай­сан
хуучин туршлага­тай хү­мүүс. 2000 оны сон­гуульд ИЗН, МНН хамтдаа нэг­дэж байсан.
Тэр үед Но­гоон намын дарга нь Д.Басан­дорж байсан.                                                                                    

-2000 онд танай намд Монголын төлөө нам, Орон нутгийн хөгжлийн
нам гээд хоёр ч нам нэг­дэж байсан. Дараа нь Монголын Бүгд найрам­дах нам, сүүлд
Үндэс­ний Эв нэгдлийн нам гээд олон нам нэгдэж байжээ. Бүгд татан бууг­даад нэгдэж
байсан. Үүнд ногоон намынхан эвгүйцээд байгаа юм биш үү?

-Нэгдэнэ гэдэг нь на­маа татан буулгаад нөгөө намд нийлж, нийлнэ
гэ­хээр хоёр нам аль аль нь намаа татан буулгаад ши­нээр нам байгуулж бүрт­гэлд
шинээр бүртгэгдэхийг хэлж байгаа юм. Манай нам анх байгуулагдахдаа аль нэг намд
нэгдэхгүй талаар дүрэмдээ тусгасан байдаг. Тиймээс нэгдэж байгаа тохиолдолд дан­даа
манай намд нэгдэж ирсэн нь үнэн. МНН, ИЗН бол Дээд шүүхийн бүрт­гэлд гурав ба дөрөвт
би­чигддэг намууд. Аль нь ч алиндаа нэгдсэн адилхан гуравт л бичигдэнэ. Үүнд чанарын
ялгаа байхгүй. Энэ бол техникийн л асуу­дал. Нийлээд нэг нам бо­лоод жагсаалтын
сүүлд бичигдэхийн оронд нэгдье гэдэг дээр санал нийлсэн. Мөн харилцан ярилцаж, намын
дарга, туг бэлгэ тэмдгээ хэрхэх вэ гэдгийг ярьсан байгаа. Хэрэв тэд дотооддоо санал
нийлэх­гүй үүн дээр ингэе гээд саналаа оруулаад ирвэл бид нам дээрээ ярилцаад харилцан
ойлголцоход болохгүй юм байхгүй. Би ямар ч байсан намууд нэгдэж нийлж байж л ураг­шилна
гэдгийг нэгэнт ойл­госон, бидний алтан зар­чим энэ учраас үүнийгээ биелүүлэхийн
төлөө буулт, эрсдлийг хүлээн авч болно гэж үздэг.

-Та энэ намыг бай­гуулагдсан цагаас хойш тасралтгүй даргыг нь
хийж байгаа. Харин энэ удаад Д.Энхбатад на­мын даргын суудлаа өгөхийг хүлээн зөв­шөөр­сөн
нь намуудын нэгд­лийг чухалчилсандаа гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Том зорил­гоо харж байгаа хэрэг шүү дээ. Хоёр нам нэгдээд
нэг нэг суудлаа хоёр болгох гээд байгаа хэрэг биш шүү дээ. Хүчтэй гурав дахь хүчин
бий болгох нь чухал

-БНН танайхтай нэг­дээд бөөн хэл ам болж өрх тусгаарлаж байсныг
одоо ч хүмүүс ярьдаг. Сүүлдээ ИЗН-тай нэгд­вэл дэмий гэдэг ойл­голт төрсөн юм биш
үү?

-Бид олон асуудал дээр санал нэгдэж байсан ч санал нэгдээгүй нэг
асуу­дал байсан. Бид 2004 оны сонгуульд эвсч орох­той Б.Жаргалсайхан санал нийлээгүй.
Бид хэзээнээс нэгдэж нийлж байж ам­жил­тад хүрнэ гэж үздэг. Харин Б.Жаргалсайхан
“Эх орон-Ардчилал эв­сэл”-ийг дэмжээгүй. Энэ бол байдаг л асуудал. Гэхдээ Б.Жаргалсайхан
өөрөө хүчтэй бие хүн, улстөрч байсан учраас уг зөрчил их том болж ха­рагдсан. Сүүлдээ
их том зөрчил шиг харагдаж хү­мүүсийн ой тойнд үлдсэн байх. Түүнээс бол эвсч нэгдэх
бол байдаг л асуудал. АН бол арван хоёр гурван намын, манай нам нийтдээ таван намын
нэг­дэл. МАН-д намууд нийлж нэгдэж байсан. Пар­ламентад байсан бүх намууд хоорондоо
нийлж, нэгдэж Засгийн газар бай­гуулж байсан. Хоорондоо нэгдэж хам­тарч байгаагүй
ганц ч нам байхгүй. Угаа­саа сонгуу­лийн тогтолцоо нь ийм байхыг шаарддаг, ийм байдал
руу түлхдэг. Тэгэх­гүй бол амжилтад хүрдэг­гүй.

-Ер нь өөр үзэл бо­долтой хүмүүсийг нам­даа нэгтгэх аюултай биш
үү. 2009 оны Ерөн­хийлөгчийн сонгуулийн өмнөхөн танайхтай Үн­дэсний эв нэгдлийн
нам нэгдэж, хэнийг дэмжих вэ гэдэг дээр асуудал үүсч фракцууд зөрчил­дөж байгаа
нь анзаараг­даж байсан?

-Хэцүү зүйл байлгүй яахав. Тэр үед би амар­жаад эзгүй байсан ч
бүх мэдээллийг авч байсан.  Гэхдээ хэцүүгээс
нь айгаад нэгдэж эвсэхгүй байх боломжгүй. Том зо­рилгоо бодоод нэгдэхээс аргагүй.
Улс төрийн өнөө­гийн ма­шин нэгдлийг л шаардаж байна. Энэ бол ИЗН-ын ч асуудал биш.
Анх  бид том итгэл үнэм­шил, улс тө­рийн турш­лагагүй
байдал, сэтгэлийн догдлолоор на­маа бай­гуулаад явсан. Бас байнга дэмжигчдийн хувь
тоо өс­сөөр ирсэн ч нэг, хоёр суудлаас хэтрэх­гүй бай­на. Энэ өнөөх тог­тол­цоо­той
холбоотой. Тий­мээс на­мууд нэгдэж нийлж байж л амжилтад хүрэх юм бай­на гэдгийг
хатуу ойл­госон.

Улс төрийн гурав дахь хүчин өнгөрсөн 20 жилийн хугацаанд бүрэлдэж
бий болж чадаагүй нь хоёр намыг дэмждэг сонгуу­лийн тогтолцоотой шууд холбоотой.
Улс төрийн бодит нөхцөл байдал ийм байхад бид нийлэхээс өөр аргагүй.

-Уучлаарай. Сүүлийн үед яригдаад байгаа зүй­лийг асуумаар байна
л даа. ИЗН, НН нэгдэх эсэх нь асуудал биш ээ. Харин НН-ын эсрэг байр суурьтай хүмүүсийг
Н.Энхбаяр өдөөж, ИЗН-ын цаана С.Баяр байгаа гэж бичигдэж байна. Өөрөөр хэлбэл энэ
бол хоёр намын асуудал бус харин ах намын хоёр лидерийн зөрчил гэж байгаа дээр та
юу хэлэх вэ. С.Баяр гишүүний экс эхнэр Х.Хулан танай на­мын гишүүн хэвээр бай­гаа
юу?

-Х.Хулан 2000 онд анх ИЗН-ыг санаачлан бай­гуул­сан нь үнэн. Гэхдээ
2000 оны сонгуулийн да­раагаас намын үйл ажил­лагаанд идэвхтэй орол­цо­хоо больж,
удалгүй на­маас гарсан. Манай на­мын үйл ажиллагаанд ерөө­сөө оролцдоггүй. За­рим
хүмүүсийн цаана нэр бүхий хүмүүс байгаа гэсэн яриа гарч л байна. Би тэрийг нь харсан
биш яаж мэдэхэв. Гэхдээ сүүлийн үед МАН-ын дотоод зөр­чил хэнд ч ил байгаа. Магадгүй
тэрийг анхаар­лын төвөөс гаргаж, бидэн рүү чиглүүлэх гэж энэ асууд­лыг дэвэргэж
бай­гааг үгүйсгэх аргагүй. Гэх­дээ нэгдэнэ нийлнэ гэсэн том зорилго тавьж, араа­саа
залуучуудыг, итгэл үнэмшил нэг байгаа хү­мүүсийг дагуулна гэж зо­рихын оронд дотроо
бай­гаа явган хэрүүлээс болж энэ асуудал зогсоно гэвэл харамсалтай л юм. Би­дэнд
эрх барьж байгаа намын болохгүйг хэлж, сөрөг хүчний ажлаа хийх том даалгавар байна.
Гэ­тэл том даалгавраа хий­хийн оронд ингэж дотроо муудалцах нь ёстой они­гоо л гэхээс
өөр юу байхав дээ. Байгаа онохгүй л бай­на гэж хэлнэ.

Categories
редакцийн-нийтлэл

АН-д шинэ эвсэл төрж, МАХН Дээд шүүхэд өргөдлөө өгнө

АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛ ХОЙШЛОВ

Ардчилсан намын фрак­цуудын зөрчил ид өрнөж байна. Үндэсний зөвлөлдөх хорооны хур­лаараа намын дүрмийн өөрчлөлт, намын ерөн­хий нарийн бичгийн дар­гын асуудлыг хэлэлцэ­хээр тохирсон Алтан гадас, МоАХ фракцынх­ны төлөвлөгөө ну­ран уна­сан талаар бид мэдээ­лэл хүргэж байлаа. Тохи­рооноосоо буцсан Н.Ал­тан­хуягт ҮЗХ дахь МоАХ фрак­цынхан хурал хаяж бэлэг барьсан. Харин саяхнаас энэ тохирооны нөгөө талд үлдсэн Ард­чилсан хүчний холбоо, МҮДН, Нэг ардчиллын залуус нэгдэн эвсэл бай­гуулахаар ярьсан гэнэ. Өнгөрсөн удаа­гийн гэнэ­тийн тохиролцоо шиг үйл явдал өрнөх аваас хариу барихаар тэд ийнхүү гар барилцахаар болжээ.

Үүнээс гадна өнгөр­сөн баасан гаригт тус намын Хяналтын ерөн­хий хороо хуралдахаар цаг товлосон ч Н.Алтан­хуяг даргынхаа ту­шаа­лаар гэнэт хойшлогдов.  Уг нь удаан хугацаанд хоёр даргатай явж ирсэн мар­гаантай дүүргүүдийн асууд­лыг энэ удаа цэгц­лэх ёстой байлаа. Хянал­тын ерөнхий хорооны гишүүдийн олонхи Алтан гадасынхан. Тиймээс ч хоорондоо ойлголцож өгдөг­гүй Баянзүрх, Чин­гэлтэй, Хан-Уул  дүүргүү­дийг Алтан гада­сынхан өөрсдийн хүндээ өгөх нь гэсэн таамаг нам дотор хэдийнэ бий болчихоод бай­сан юм. Гэвч энэ удаа асууд­лыг нэг талд нь гар­гасангүй хойшлуулж ирэх долоо хо­ногт ярихаар болов. Намын дарга, Ал­тан гадасын тэргүүн Н.Алтанхуяг ямар нэгэн улс төрийн үйл явцаас шалтгаа­лан ийнхүү хойш­луулсан байж болох юм. Нэгэнт л ингэж улайрч байгаа бол Алтан гадас­таа энэ дүүргүү­дийг авчи­хсандаа ч дээр биз. Тэгэхгүй энэ янзаараа сон­гуультай золговол бай­дал улам л төвөгтэй болно. Мөн Ардчилсан нам дүрмээ өөрч­лөхөөр ярьж эхлээд нэлээд цаг хугацаа өнгөрлөө. Харин сүүлийн үед дүрмийн өөрч­лөлтийг хийхээр  энд тэндгүй хуралдах болжээ.

МАХН ДЭЭД ШҮҮХЭД ӨРГӨДЛӨӨ ӨНӨӨДӨР ӨГНӨ 

Улс төрийн жижиг на­мууд нэгдэж гуравдагч хүчин бий болох явц руу явчихлаа. Үүнд  Дээд шүү­хэд нэрээ бүртгүүл­чихвэл МАХН голлох үүрэг гүй­цэт­гэхээр яригдаж байна.

Онц их хурлаа хийсэн МАХН өнөөдөр өргөдлөө Дээд шүүхэд өгөхөөр болжээ. МАХН нэрээр  нь Дээд шүүх бүртгэнэ  гэдэгт тэд итгэлтэй байгаа гэнэ. Өөрсдийн зүгээс хуулийн гаргалгааг ч нарийн судалжээ. Мөн өнөөдөр тус намын Гүйцэтгэх тов­чоо ху­ралдах юм байна. Энэ удаа тэд бүтэц зо­хион байгуулалт, аппа­ратын ажилтнуудын ажил үүргийн хуваарийг ярил­цах аж. Дээд шүүх МАХН нэрээр нь бүртгэсний дараа аймаг, нийслэл, сум, дүүргүүд дэх нэгжүү­дээ байгуулахаар төлөв­лөөд байгаа юм байна. Хэдийгээр байдал ийм бай­гаа ч тэдний дунд бие биенээ МАН-ын тагнуул гэж хардаж сэрдэх явдал газар авчээ. Хурал хаяж гарсан Ц.Алтан­шагай хэ­мээх залууг ч ингэж хар­даж сэрдсэн байна. Уг нь түүний бухимдлын шалт­гаан Хэнтий, Орхон айм­гаас ирсэн төлөөлөгчдөд мандат олгох­гүй буцаас­наас эхлэлтэй байж. Ирсэн төлөөлөгчдийн ман­датыг өгсөнгүй гэж хур­лын өмнөх өдөр Ц.Ал­танша­гайг ундууцахад Гүйцэтгэх тов­чоо­ны гишүүн Ю.Атар нүүр рүү нь нулимж, түлхэж орхи­сон байна. Үнэн хэрэгтээ хурал орхиж гарсан Ц.Ал­таншагайг МАН-ынхан ч нэ­лээд орол­дож хувийн бизнест хүртэл саад хийх гэж хавчиж байсан атал ийнхүү МАХН-ынхан нь бас тагнуулч гэж үзжээ. Цааш­лаад Н.Энхбаяр, Ц.Ши­нэ­баяр нарын зөр­чил ч Онц их хурлаас өмнө  явж байсан бөгөөд намын даргын сууд­лыг хэн хэн нь сонирхсо­ноос болсон гэнэ. Одоогоор энэ намынхан өндийх гэж зүтгэж байгаа ч ард нь иймэр­хүү явдлууд бас болоод байгаа ажээ.    

МАН АЛТАН ГАДАСТАЙ ТОХИРОВ УУ?

Энэ хооронд МАН-ын­хан бас л толхил­цоон­той. Нам доторхи жижиг ашиг сонирх­лууд намын даргатайгаа зөрөн байж жагсаал
цуглаан дураа­раа зохион байгуулсан У.Хүрэлсүхийг эрүүл мэндийн шалтгаанаар
ажлаа өгөх гэж байгаа
талаар мэдээлэл
нисгэх болов.
Үүнийг харин эх
сурвалжууд үгүйсгэж бай­гаа
бөгөөд  “У.Хүрэлсүх шиг эрүүл хүн байхгүй” хэмээн хэллээ.  Харин улс төрийн үл ойлголцол, үйл явдлын өрнө­лөөс шалт­гаалан удаан хуга­цаанд хойшилсоор байгаа Сон­гуулийн тухай хуулийг ирэх хавар хэлэлцэхээр да­хин хойшлуулсан. За­рим эх сурвалж гарцгүй гацчихаад байгаа
энэ хууль дээр Ард­чил­сан намын Алтан гадас фракц Ардын намын­хан­тай тохироонд хүрсэн гэж үзэж байгаа юм.
Тэд Сон­гуулийн хуулийг энэ удаа­даа 2008 оныхоороо явуулъя гэж са­нал нэгд­сэн гэх. Намуудын ойрын үеийн сонин
хачин нэг иймэрхүү л
байна.

Categories
редакцийн-нийтлэл

Монголчууд хонзогнуур хүмүүс биш

Монгол
Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди ээлжит титэм үгээ тэрэлжээ. Түүнийг ард түмэн­дээ
хэрэгтэй сургаал бичдэг хэмээн хүмүүс ам сайтай байдаг. Мөн  энд тэндхийн зүйр цэцэн үгийг цуг­луулаад биччихдэг
хэмээн муу хэлэх нь ч бий. Бас далд утгатай үгийг хэн нэгэнд зориулан нийт­лэлээ
бичдэг нь нууц биш. Хэвлэл мэдээллийнхэн ч үүнийг нь андах­гүй  олон түмэн уншигчдадаа тай­лан хүргэдэг. Тиймээс
Ерөнхийлөгч асны сүүлийн нэг нийтлэлийн талаар шүүмжлэл өрнүүлмээр байна. Тэрбээр
“Зуун найз бага, нэг дайсан их” гэсэн нийтлэл тэрлэжээ.

Уг
нийтлэлийг Ардын намын­ханд зориулж бичсэн бололтой юм. Бүүр тодруулбал Ардын намын
дарга болон ерөнхий нарийн бич­гийн дарга нарт зориулжээ. Тэр нь   намын дарга байсан Н.Энхбаярыг хэрхэх тухай юм
шиг байна лээ. Хэнд зориулж юу бичих нь түүний эрх учир маньд падгүй хэрэг юм. Гагцхүү
уг нийтлэлийн утга санаа нь бараг айн цочмоор харгис байгаа нь л уншсан хүнийг сэрт­хийлгэж
байна. Тэрбээр дайснаа хэрхэн дахиж босож ирэхгүй бол­тол нь нам дарах тухай өөрийнхөө
баримталж ирсэн сургаалаа нэгд нэгэнгүй бичжээ. Энэ бол  өнгөрсөн зууны гучаад оны дундуур үүссэн цэвэр
коммунист сургаал юм. 

Энэ
сургаал ертөнцийн бүхий л үеийн гэгээлэг сэтгэгчдийн, дээр нь бурхад, шашны бүх
сургаа­лын эсрэг байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Ёстой л ад мөрийн сургаал гэж
ийм байдаг байх. Тэгвэл бурхад юу гэж сургадаг вэ. Христ “Чиний нэг хацрыг чинь
алгадвал нөгөө хац­раа тавьж өг” гэдэг. Энэ нь юмыг өнгөрөөж сур. Хүлээцтэй бай
гэсэн сургаал юм. Будда “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд байгаа
бүхнээ бүү харамла” гэж  сургадаг. Энэ нь
дэлхийн бүхий л зүйлийн төлөө санаа сэтгэлээ зовоож түүн дотроо дайсандаа ч хүртэл
тус бол гэсэн үг мөн биз дээ. Мухаммед болохоор “Хилэг­нэх сэтгэлийн эсрэг хилэнт
бодол  агуулбал Аллахын сэтгэлд ний­цэхгүй”
хэмээн үздэг. Эвдрэл­цээнээс эвдрэл л үүсдэг гэсэн сургаал юм.

Тэгвэл
биднийг найман жил удирдсан Монгол Улсын нэр нүүр болж явсан хүн юу гэж сургаж байна
вэ. “Чамтай дайсагнасан хорон санаатны өмнө хүлцэнгүй ноомой үхээнц дорой царайлан
битгий бөхөлз. Тэгэх юм бол чамайг номхчлон дураараа дээрэлхэж бах таваа хангана.
Тулалдсан хүн л гагцхүү ялдаг юм. Хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо. Чи гөлөг
муурын дүртэй байвал дайснууд чамайг нүдээр олзлон дээрэлхэнэ. Арслан барсын дүртэй
байвал айн сүрдэнэ. Арслан ангийн олзондоо биш ялалтандаа баярладаг гэдгийг мэд.

Цохиж
байгаа бол өвдтөл цохь. Нэг жил тахиа мэт амьдарснаас нэг өдөр шонхор мэт амьдар
гэдэг үгсийг хатуу санаж өстөнтэй тэмц. Хэрэв хэн нэгэн танд халдах юм бол хариуг
нь хоёр дахин илүү хүчтэй өг. Хэн нэгэн тэнд хор хохирол учруулсан бол яг адилхан
хариуг нь барь, гэхдээ өөрөөс нь илүү ихээр хариугаа ав” гэхчлэн сургажээ. Мөн бут
цохиогүй дайсан шинээр босч ирнэ. Чамд хор хүргэж чадахгүй болтол дайсныг дарахгүй
бол амар заяа үзэхгүй, амгалан тайван унтахгүй. Дайсанд өршөөл үзүүлж буй хүн өөрөө
энэрлээс татгалзаж байгаа хэрэг. Өстөн дайсан өр зүрхний нөхөр болох нь юу л бол
гэх мэтчлэн сургасан байна.

Энэ
бүх сургаал ямар ёс сурта­хууныг номлоод байна вэ. Ийм цэвдэг өрөвдөх сэтгэлгүй
үзэл бодол зөрөлдөж байвал заавал устгаж байж бодьгалынх нь хувьд байхгүй болгож
байж санаа нь амардаг цэвэр коммунист үзэл одоо цагт хоцрогджээ. Зүгээр ч хоцрогдсон
үзэл биш. Бүүр хоригло­­вол зохилтой харгис үзэл санаа юм.

Тэгээд
ч монголчууд ингэж их өс хонзонг үе удам дамжуулан аваад байхыг боддоггүй. Яагаад
гэвэл ингээд хэрэггүй гэдгийг тэд яс махаараа мэдэрсэн байдаг. Бага хаадын үеийн
хонзогнол, баруун зүүн монголчуудын хонзогнолоос хойш ийм зүйл хийж, ярихаас цэрвэж
ирсэн нь илт харагдаж байдаг.

Язгуурын
монгол ухаанд “юмыг өнгөрөөж сур” гэж л сургадаг. Энэ бол талын монголчуудын үндсэн
философи юм. Олон юман дээр монгол эрчүүд нэг гараараа нөгөө гараа барин хэлээ хазан
юмыг өнгөрөөдөг. Нөгөө уужуу тайван монгол эр хүн гэж үүнийг л хэлдэг байсан. Энэ
зан чанар улаантнууд Монголд орж ирэх хүртэл оршин тогтнож байсан юм.

Харин
улаан коммунистууд, тэдний үзэл санаа нийгэмд ялан мандсан гучаад оноос хойш л улс
төрийн өс хонзон манайд дэлгэр­сэн. Тэд харин ч үзэл санаа ний­лээгүйн хонзонг сайн
авсан даа. Гучаад мянган иргэдийг зөвхөн өөр үзэлтэй байсных нь төлөө толгойд нь
сум зоосон юм. Энэ бүхэн  коммунистуудын бут
цохиогүй дайсан дахин босч ирнэ. Хэн нэгэн танд хор учруулсан бол хоёр дахин хариуг
нь барь. Арслан олзондоо биш ялалтандаа баярладаг гэсэн сургаалын дагуу явагджээ.
(Уул нь арслан хий хоосон ялалтад биш хоолондоо л баярламаар юм) Энэ үзэл санаа
энэ хорон сургаал бол коммунистуудын үндсэн сургаал араншин юм. Үүнийг ч МАХН буюу
Ардын намын гаргаж байгаа ави­рууд батлан харуулсаар байдаг.

Уг намаас сонгогдон ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхий­лөгч асан ийм харгис дээрэнгүй  хонзонч үзэл бодолтой хүн байсан юм байжээ хэмээн бодоход одоо өн­гөр­сөн хойно нь үнэмшмээргүй  санагдана. Юун хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах байх вэ. Түүний сэтгэлд сэв суулгасан хүн бол өөрийнх нь хэлснээр “далд дайсны удаан зажилдаг эрүүнд өртсөн хүн л хамгийн өрөвдөлтэй”
гэгч болох буй за. Тэрбээр одоо ч нийгэмд нэр нөлөөгөө алдаагүй байгаа бөгөөд хамгийн өндөр цалинтай ажил буюу Оюу толгойн ТУЗ-д ажилла­даг. Тиймээс энэ хонзон авах коммунист үзлээсээ ангижрахгүй бол бас л аймаар хэвээрээ аж. Тэгээд дээрээс нь залуу хүмүүсийг  ийм харгис сургаалаар дөгөөж  өөрөө таагүй ханддаг хүнээ тэд­ний гараар даруулж уулын орой дээ­рээс барсын тулалдахыг хара­хаар зүтгэх нь нийгэмд таагүй сэтгэгдэл төрүүлж байна.