Categories
редакцийн-нийтлэл

Социализм руу буцахгүйн төлөө АН-ААР АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭЕ

Египетийн Дээд шүүхээс Үндэс­ний Ардчилсан нам буюу Ерөнхий­лөгч асан Хосни Мубаракийн на­мыг татан буулгаж буйгаа зарлав. Ингэснээр уг намын бүх өмч хө­рөнгө Засгийн газрынхаа мэдэлд шилжих юм. Төвийн үзэлтэй гэгдэх энэ намыг Хосни Мубаракийн өмнө Ерөнхийлөгчийн сэнтийд сууж байсан Анвар Аль Садат 1978 оны аравдугаар сарын 2-нд үүсгэн байгуулжээ. Хэдийгээр олон намын тогтолцоотой ч өнгөрсөн он жилүү­дэд Нил мөрний хөвөөнөө Үндэс­ний ардчилсан нам гагцаар эрх мэдлийг эзэгнэж байсан гэдэг. Харин өнгөрсөн хавар болсон хувьсгалын дараа египетчүүд олон жилээр эрх барьж, бугшиж хөгцөр­сөн ийм нам бидэнд хэрэггүй хэ­мээн үзээд татан буулгах шийдвэ­рийг ийн гаргалаа.

Египетчүүд сүрхий улсууд юм. Хорин жилийн өмнө гаргасан мон­голчуудын алдааг давтахгүй байна шүү. Монголчууд Азид ардчилсан нийгмийг цогцлоосноороо анх­дагч­дын тоонд орно. Бас энэ бүс нутагт ардчиллын өлгий, түүчээ гэдгээрээ бид яах аргагүй ялгардаг. Гэхдээ бид шинэ нийгэмд шилжих­дээ, алдаж эндэж байсан зүйлийн нэг нь өнөөгийн египетчүүд шиг олон жилээр улирч ирсэн эрх ба­ригч намаа татан буулгаагүй явдал юм. Тухайн үедээ далан настай МАХН-ыг татан буулгаагүйн гор нь өнөө бүр тод мэдрэгдэж байна.

Хэрэв одоогоос хорин жилийн өмнө ард түмнээ үзэл бодлын буулганд боолчилж, олон мянган сэхээтэн, лам хуврагуудаа хэл­мэгдүү­лэн хороосон ах намыг татан буулгачихсан байсан бол сүүлийн үед үүсээд буй хэрэг явдлууд өрнөхгүй байх байсан билээ. Бас коммунист хийгээд социалист нэрнээс жийрхдэг олон мянган залуус ийм нэртэй холбог­дож байгаадаа эмзэглэхгүй байсан юм. Хорин жилийн өмнө л энэ алхмыг хийчихсэн байсан бол тэр үед арав орчим л настай байсан хүүхдүүд өнөөдөр Хувьсгалт гэсэн үгийг “овоглолоосоо” авах гэж зүтгэж, ингэснээрээ өөрсдөдөө гал дуудахгүй байх байлаа. Тэд ер насалсан хөгшин намаа дахиад хэдэн жил авч үлдэх гэж л ингэж байгаа хэрэг л дээ. Гэвч одоо нас бий болов уу. Хосни Мубаракийн нам бол 1921 онд байгуулагдсан манай ах намын дэргэд нялх хүүхэд л гэсэн үг. Гэвч улс төрийн нам буг болтлоо удах хэрэггүй гэж үзээд татан буулгаад хаячихлаа. Уг намыг татан буулгахтай холбоотой яриа ид өрнөх үед буюу Дээд шүүхийн шийдвэр гарахаас дөрвөн хоногийн өмнө намыг үндэслэгч Анвар Аль Садатын хамаатан Талаат Садат тус намын дарга болж байгаагаа мэдэгдэж байсан. Хэзээ ч уг намын гишүүн байгаагүй, харин ч сөрөг хүчний байр суурин дээрээс хандаж ирсэн энэ хүн авгынхаа байгуулсан намыг цэвэр­лэнэ гэв. Цаашид шинэ зарчмаар замнаж, “Үндэсний шинэ ардчил­сан нам” болгож нэрээ өөрчилнө хэмээв. Тийм хэдий ч Дээд шүүх татан буулгах шийдвэрээ гаргаж л орхисон. Уг нь Египетийн Үндэсний Ардчилсан шинэ нам манай ах намтай адил Соц-Интернийн ги­шүүн юм билээ. Бас үүх, түүхийг нь харвал адил төстэй зүйл их л үзэгдэх санж.

Урьд нь парламентын сон­гуульд 444 суудлын 39 хувийг нь л авч, дийлэнх олонх болж чадаагүй хэрнээ бие дааж гарч ирсэн 181 гишүүнийг талдаа татаж, олонхийг бүрдүүлж байсан нь 2004-2008 оны парламентад Симба Ц.Батааг намдаа урвуулж, олонхийг бүр­дүүлж байсан цаг үеийг сануулах мэт. Сүүлд гэхэд 2010 оны парла­ментын доод танхимын сонгуульд  508 суудлын 420-ийг авч, парла­мен­тын тавны нэгийг нь бүрдүүлж байсан сөрөг хүчний нам нэг ч суудалгүй хоцорч, таван суудалтай өөр нэг нам ердөө хоёрхонтой л үлдсэн сэлт нь танил технологийг өгүүлэх шиг. Бас уг сонгуулийг шударга бус болсон талаар олон улсын байгууллага, ажиглагч нар үгээ хэлж байсан нь нэгийг хэлнэ.

Хэрэв үнэхээр л ард түмний саналаар дийлэнх олонхи болж байсан бол хэдхэн сарын дараа хувьсгал өрнөхөд тулж, улмаар нам нь татан буугдахгүй байсан биз ээ.

Ямартай ч египетчүүд олон жил толгойд суусан намаа ийнхүү татан буулгачихлаа. Харин бид яах ёстой вэ. Татан буугдах ёстой байсан ах намыг татан буулгаагүйгээс яршиг түвэг нь улам бүр нэмэгдсээр бай­на. Насаа уртасгах гэж оролдож, нэрээ өөрчилсөн нь энэ нам дахь үзэл бодлын зөрүүтнүүдийг бүр ангилчихав. Одоо Н.Энхбаяр тэр­гүүтэй хүмүүс МАХН гэсэн нэрийг барьж, улс төрийн тоглолт хийж байна. Дээрээс нь олонх болсон нам сөрөг хүчин бай гэж ард түм­ний сонгосон Ардчилсан намыг өвөртөө хийж, стандарт бус Зас­гийн газар байгуулснаар байдал улам хэцүүдлээ.

Өөрсдийгөө сөрөг хүчний байр суурин дээрээс ажиллана хэмээн мэдэгдээд байгаа бүлэг хүмүүсийн гаргаж буй байдал, хийж буй мэдэг­дэл нь олон хүнийг  гайхшруулаад байна. Зарим хүн социалист үеэ санагалзан, бүгдийг хөдөлмөрч­дөд, бүгдийг нийгэмчлэх тухай яриад эхэлжээ. Гэтэл бид бүгд нэг өмч хөрөнгөтэй, нийгэмчлэгдсэн сэтгэлгээнээсээ дөнгөн данган салж ядаж буй бус уу. Ах намынхны социализмаасаа салах гэж орол­дож буйн тэмцэл  нөгөө талд эргэн тэр үедээ очих их хүслийг нь тө­рүүлж байх шиг. Уг нь монгол хүн хүссэн цагтаа тогоо тослох хувийн ганц хоёр толгой малтай болсон­доо баярлаж, хүссэн үедээ гадаа­дад зорчиж, хэрэгцээ гарвал орон суу­цаа барьцаалж мөнгөтэй бол­чих­дог болсондоо баярлаж явах бол­сон. Тэгвэл одоо монгол хүн хө­рөнгөтэй байгааг нь буруутгах хүчин гарч ирэх нь. Угаасаа байдал энэ мэт болтол явсныг хүмүүс ганц л зүйлтэй холбож байгаа нь МАН-д АН нэгдэн нэг засаг байгуулсных хэмээж байгаа юм. Ардчилсан нам бол барууны үзэлтэй, хүнийг эд хөрөнгөтэй байхыг өөгшүүлж, үзэл бодлын хувьд ташуурдаж өгдөг нам билээ. Гэтэл энэхүү нам нь хууч­наар МАХН-тай нэгдсэнээр өөх ч биш булчирхай ч биш болсон. Хувьдаа хөрөнгөтэй байхыг үздэг­гүй, хэсэг цагаан чулуу харсан ч нийгэмчлэх тухай боддог энэ на­мын хуучин үзэлтнүүд нөгөө хэдээ хөрөнгөтөн үзлийг дэвэргэдэг хү­мүүс­тэй нийлчихлээ гэж үзсэндээ соц цагийг санагалзаад ирэв бо­лолтой. Энэ бол тухайн цагт нь уг намыг татан буулгаагүйн гай.

Ингэж хуучнаа санагалзан, өнгөрсөн үе рүүгээ тэмүүлэх нь асар хор холбогдолтой билээ. Нэгэнт тухайн цагт МАХН-ыг татан буулгаж, өнөөгийн их хагарлын үүдээс сэргийлж чадаагүйгээс хойш одоо үүссэн нөхцөл байдалд ухаалаг шийдвэр гаргах нь чухал. Энэ нь Хамтарсан Засгийн газраас АН гарах явдал юм. Баярлалаа гэж хэлнэ үү, болно оо гэнэ үү ямартай ч баяртай гэх цаг нь иржээ.

Энэ нь алдаа оноотой ч ард­чил­сан замналаараа урагшлах боломжийг нээж өгч таарна.

Египетэд Үндэсний
ардчилсан намаа татан буулгаж түүхэн
хэргийг хийж байгаа бол Монголд Хам­тарсан Засгаас АН-ыг салгаж, сөрөг хүчнийх
нь ажлыг хийлгэмээр байна.

Categories
редакцийн-нийтлэл

Цэг, таслалын АЛДАА

2011 оны дөрөвдүгээр сарын 13-нд өдөр тутмын сонинуудад гарсан алдаатай хэсгийг дугуйлав

Жижигхээн зүйл том юмны эхлэл болох нь бий. Энэ нь сай­наар ч, муугаар ч төгсч болно. Цэг, таслал, үг, үсгийн алдаа  хожим нь засч залруулж боломгүй алдаа болох нь байдаг. Саяхан Авлига­тай тэмцэх газар төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүл­гийг олон нийтэд зарлалаа. Зар­лахдаа таслалын алдаа гаргажээ.  Өнгөц харахад алдаа гэж ойлгож болох юм. Алдсан гэж өөрсдөө залруулсан энэ тэрийг тооцвол шүү. Таслалын тэр алдааны хор уршиг их л дээ. Улс төржүүлэх дуртай хүмүүс бол тэр олон хүн дотроос яахаараа төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэг дээр хэд дахин нэмсэн тоо бичиж алд, дэлмээр алддаг юм. Хөрөнгө орло­гоо мэ­дүүл­сэн бусад төрийн албан хааг­чид гомдол гаргаагүйг бодоход ганцхан Ерөнхийлөгчийнхийг алддаг нь гайхмаар. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангараг­чаа нь шоронд явснаас болж Ерөн­хий­лөгчид ингэж хандаж байгаа юм биш үү гээд л хардаж эхэлж байна. Эвгүй бодвол зориудаар ч юм шиг энэ алдаа эхний мэдээл­лийг үнэн гэж хүлээж авдаг хүмүүст бол шууд утгаараа хүрч байгаа юм. Мэдээл­лийг харсан хүмүүс бол Ерөнхий­лөгч ямар их орлого олоо вэ гэж шууд бодож байгаа. Дараа нь “Бид таслал алдаад мэдээлчихлээ” гэж  залруулга гаргалаа ч Авлигатай тэмцэх газрынхан Ерөнхийлөгчийн шахаанд ороод үнэнийг худал болгосон мэт ойлголтыг ард түмэнд  нэгэнт өгчихөж байгаа юм. Ам алдвал барьж болдоггүй гэдэг биз дээ. Үгүй бол Ерөнхийлөгч Авлига­тай тэмцэх газрын хооронд далд тэмцэл яваад байгаа юм шиг ойл­голт төрж байна. Томоохон бизнес­тэй гэгдэх улстөрчдөөс ч орлого нь давсан тоог Ерөнхийлөгчийн хө­рөнгө орлогын мэдүүлэгт ийнхүү бичих нь юуны учир вэ. Сэтгүүлч бид ийм алдаа гаргавал цаад газар нь гомдол нэхээд салдаггүй. Тэгээд залруулга гаргасан ч санаа нь амрахгүй шүүхдэж байдаг.

Өдөр тутмын хэвлэлүүдээр нэ­гэн зэрэг гаргасан энэ мэдээллийг  ганц ажилтан нь бичээд гаргаагүй баймаар. Авлигатай тэмцэх газрын хийдэг ажлын хамгийн олон нийтэд ил хүргэдэг нь албан хаагчдын хөрөнгө орлогын л мэдүүлэг шүү дээ.  

Авлигатай тэмцэх газар ха­риуц­лагатай ажилдаа хариуцла­га­гүй хандсан албан хаагчдаа ямар арга хэмжээ авах бол. Улсынхаа Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт ийм хайнга алдаатай хандаж байгаа хүмүүс өөр хэдэн хүнийг хэлмэгдүүлж алдаа гаргадаг бол. Авлигатай тэмцэх газар бол алдаа гаргах учиргүй газар. Энэ алдаа жижигхээн зүйл шиг хэрнээ томоос том утга агуулж байгаа юм. Таслалын цаана хүний хувь заяа, цаашлаад улс орны эрх ашиг ч явж байдаг. Тиймээс энэ удаагийн алдаа гээд байгаа зүйлийг нь зүгээр л нэг эндүүрэл, байдаг л юм гэж хүлээж авч боломгүй. Саяхан л гэхэд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл гишүүн нэг ноцтой алдааны тухай ярьж түүний дагуу холбогдох газар нь засч зал­руул­сан байх. Энэ нь Нийслэлийн чанарын албаныхан 50 гаруй тэрбум төгрөгийг алдаж тооцсон байсан гэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл манай төрийн алба ямар налгар наазгай болсныг хэлээд өгч байна. Тавин тэрбум гэдэг бага тоо биш. Анзаарахгүй өнгөрвөл ямар их хохирол учрах нь тодорхой. Тэр алдаатай тоог нь УИХ-аар батал­чихсан бол яах болж байна. Эв­гүйт­вэл зориудаар ч юм шиг энэ алдаа цэг, таслалаасаа илүүтэй ажилдаа хариуцлагатай байхыг тус бай­гууллагынхан төдийгүй төрийн албаныханд сануулаад өгөх шиг боллоо.

Төрийн
албан хаагчид  хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг
уламжлал тогтоод хэдэн жилийн нүүр
үзлээ. Энэ хугацаанд хэдэн
хүний хө­рөнгө
орлогын мэдүүлгийг ийнхүү алдаатай мэдээлж байсныг хэн
мэдэхэв. Ямар ч байсан Авлигатай тэмцэх газар ажилдаа яаж хандда­гаа  яруу тодоор харуулаад авлаа. Санаатай, санамсаргүй нь тодор­хойгүй ч Ерөнхийлөгчөө чимхээд авсан хэрэг боллоо.

Categories
редакцийн-нийтлэл

Д.Нинж хэний хатгаасаар хөдөлгөөнүүдийн нэрийг хугалж, хувьсгал яриад явна вэ?

Сонины редакцийн утас дуу­гарч хэн нэгэн бухимдуу хоолой­гоор “Энэ хэдэн нөхдүүд ху­вьсгал яриад байх юм. Одоо л амар жимэр амьдаръя гэ­хээр айдас хүйдэс дагуулсан юм яриад эхэллээ. Та­най сонин үүний эсрэг байгаа биз дээ” хэмээн асуух, гуйхын хооронд үг хэлээд ууртай гэгч нь утсаа шидчихэв. Үнэхээр хүн төрөлхтний мөнхийн хү­сэл амар амгалан, аз жаргал­тай амьдрал. Аль за­маар,  аль жимээр тэр аз жаргалд хүрэх вэ гэж хүн төрөлхтөн хөгж­лийнхөө явцад бодож  боловсруул­саар ирсэн хам­гийн зөв зам нь энэ л юм гэж ардчиллыг сонгосон. Одоо­гоор үүнээс илүү төгөлд­рийг  нь олж хараахан чадаа­гүй байна. Ямар ч байсан өмнөх нийгмээс,  өмнө нь явж ирсэн замаас хавь илүү дээр байс­ныг нь 1990 оны ард­чилсан хувьсгалаас хойш бид мэдэр­сэн. Одоохондоо тэр аз жар­галд хүрэх зам нь үүнээс өөрөөр харагдахгүй байна. Диваа­жин гэдгийг заавал үхсэн хойноо очиж мэдэх алба байхгүй. Амьд байж аз жаргалыг мэдрэхээс үхсэн хойноо яахыг нь мэдэхгүй диваа­жинг мөрөөдөөд яахав.  

Одоо хувьсгал болоод байгаа улс орнуудын үйл явцыг давтах тухай яриад мөрөөдөөд хэрэгжүү­лэх гээд байгаа хүмүүс бий болсон нь тодорхой болжээ. Уг нь  хувьс­­­галыг манайхан аль хэдийнэ хий­чих­сэн. Бүр огот­нын хамраас цус гаргалгүй­гээр шүү. 

Ордон тойрч гороолоод байгаа Д.Нинж хэний захиал­гаар ардчил­лын нэрийг гутаа­гаад байна. Ирж яваа цагийг үгүй хийх гэж хувьсгал ярих нь юун нь сайн юм. Хүмүүс жаг­саж цуглаж, хувьсгал өрнө­хийг, цус гаргахыг хүсдэггүй. Гэтэл сүүлийн үед гарч ирж байгаа хувьсгалыг хүсэгчид мөнгөтэй хүмүүсийн дан­сан дахь мөнгийг хураагаад уст­гах тухай ярьж эхлэв.

Буцаад нөгөө 1937 оны хэл­мэгдүүлэлтээ хийж таарах нь. Тэр он жилүүд Монголын түүхэнд хараар бичигдэж, оюуны сор бол­сон  сэхээтнүү­дийг нь хоморголон алж, хэл­мэгдүүлж байсан. Д.Нин­жийн гэх тунхаг тэр хэлмэгдүүлэл­тээс ялгаа алга. Д.Нинж, Н.Энх­баяр, А.Баа­тархуяг, Г.Уянга, О.Магнай,  М.Энхсай­хан нар үүнийг л  суртал­даад байна. Нэгэнт бий болсон ардчиллыг хувьсгалаар алга бол­гох юм ярих нь ардчил­лаар бий болсон хөдөлгөө­нүү­дийн тэмцлийг ч угтаа үгүйсгэж буй хэрэг юм.  Тэд­ний тэмцэл хүчингүй мэт, 1990 оны ардчилсан хувьсгал бо­лоогүй мэт ойлгуулах гээд байгаагийн цаад санаа хэ­нийх вэ. Д.Нинжийн ард хэн байна вэ. Үүнийг бид Засгийн газар, Ерөнхий сайд захиа­лав уу гэж хардахад хүрч байна. Эрх баригчид л Ард­чил­сан намыг өвөр­төө хийн сул дорой болгож, ард­чил­лыг, ардчиллаар үг хэлэх тэм­цэх эрхтэй болсон хөдөлгөө­нүү­дийг саармагжуулах ажил­­ла­гаагаа Д.Нинжээр дам­­жуулан явуулж байх шиг.

Тэрэн дээрээ тулах юм бол аль ч нийгмийг хөрөнгө­тэй мөнгөтэй хүмүүс, тэр дун­даа боломжийн амьдарч буй олонхи буюу дунд­чууд авч явдаг. Өнөөдөр Монголыг ч тийм л хүмүүс авч явж байна.   Ядуу байна гэдэг арчаагүйн шинж. Дээд,  дунд хөрөнгөлөг хэсгийнхнээ устгачихаад үлд­сэн ядуу хэсгийг нь яаж амь­дар гэх гэсэн юм бол. Өөрийн­хөө өрх гэрийг авч явж чадахгүй байгаа тийм хүмүү­сийг улс орноо авч яв гэх хэрэг үү. Баян хүнийг үзэн ядах сэтгэл ядуу хүнд л байдаг. Тэр сэтгэлгээгээр нь тоглож хувьс­гал хийгддэг. Ингэж ад үзээд алах талах дээрээ тулах юм бол эх орондоо амьдрах аргагүй болох юм байна. Виз­гүй зорчдогоор нь өмнөд хөрш рүү л толгой хорго­дохоор явах болж таарах нь. Тэ­гээд тэдний хүслээр бол Эрээнд очиж амьдрах  юм байна.

1917 онд Ленин “Наад хө­рөнгөтнүүд   чинь та нарыг өлсгөөд байна” гэж суртал­даж байгаад л хөл нүцгэн пролетариудыг босго­сон.

Ш.Сайхансамууг баян бай­на гээд тэр устгах төлөв­лөгөөнд орж гэж бодъё. Түү­нийг дүүжлэх амар­хан байж. Тэрээр 10 мянган хүн  тэжээж байгаа. Түүнийг устгахаар  10 мянган хүн ажлын байргүй болж, 50 мянган хүн өлсөж, Монго­лын жижиг, дунд  аж ахуй болох 30-аад мянган хүн дампуурна. Дээр нь хорин мянган ганзагын наймаачин талбай дээр үр хүүхэдтэйгээ гарч ирнэ. Үүнийг л хүсээгүй бол проле­тариудын сэтгэхүй­тэй хувьсгалыг номлох нь Монголын тусгаар тогт­нолд аюул авчирна. Энэ нь Мон­голд хууль бусаар үйл ажил­лагаа явуулж их хэмжээний ашиг олдог хоёр хөршийн маань таалалд л нийцнэ.

Тэдний хүслээр бол баян хү­нийг буудах амархан юм байж. Тэгээд баяныг нь, өмч­тэй, хөрөн­гөтэйг нь буудаад арчаагүй хэд нь үлдэх юм уу. Баян хүнийг үр удмаар нь устгана гэнэ. Монголд баян хүн амьдарч болохоо байсан хэрэг болж. Баян хүний хүү­хэд болж төрсөн нь бас бу­руутай юм байна.  

Тэгэхээр Нинжтэнгүүдийн  хий­хийг хүсээд буй хувьсгал гээчийг нь ардчиллыг төгөл­дөржүүлэх биш бүр үгүй хий­хээр санаархаж байна гэж ойлгож байна.  

1990 оноос өмнө бид өмч­гүй байсан. Одоо нийгмийн ихэнх хэсэг нь өмчтэй болсон. Ядаж л амьдарч буй байраа, хэдэн малаа хувьч­лаад ав­лаа.

Үгээгүй ядуу хүн нь хэт баян, дундаж амьдралтай хүмүүсээс харьцангуй цөөн болсон. Өөрийн­хөө өмчийг Д.Нинж болон түүний нөхөд ард нь байгаа хүмүүст ху­раалгахыг хэн хүсэх юм.

Хэний даалгавраар Д.Нинж үүнийг хийгээд байна. Хувьсгал хийхийг хүсээд бай­гаа хүмүүс байгаа бол хувьс­гал гээчийг хийх­гүйн төлөөх ард түмэн бас байдаг юм шүү.

Categories
редакцийн-нийтлэл

М.ЧИМЭДЦЭЕЭ: Өнөөдөр хятад судлал шиг чухал зүйл алга байна

Монгол Улсын их сур­гуу­лийн багш, хятад суд­лаач доктор, профессор М.Чимэдцэеэтэй ярилц­лаа.

Өөрийг тань Күнзийн сур­гаалыг орчуулсан, хя­тад суд­лалын нэртэй эр­дэмт­дийн нэг гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ. Гэхдээ дэндүү даруу байдаг шиг санагддаг. Танаас эхлээд Күнзийн сургаалын үндсэн философийг сонирх­моор байна?

-Хятадын
соёл, гүн ухаан хоёр том урсгал чиглэл, дэг сургуулиар явж ирсэн байдаг. Үүний нэг нь Күнзийн сургаал номлол, нөгөө нь Даогийн ёс. Эдгээр сургаал нь арга бэл­гийн  ёстой холбогддог. Үнд­сэндээ Күнзийн сургаалыг арга, Даогийн сургаалыг бэ­лэг гэж үздэг. Күнзийн сур­гаалд хүний нийгмийн бодит байдлыг номлосон. Хүн ний­гэмд хэрхэн оршин амьдрах, яаж хувь хүн болж төлөвших тухай сургасан бол Дао-д цэвэр оюун ухааны талаар өгүүлсэн байдаг. Бясалгал, хий хоосноос дэлхий ертөнц үүссэн гэж үздэг. Ялгаа нь ийм юм.

Хятадын бодлоготой Күн­зийн сургаал хэр нийц­дэг бол?

-Өнөөдрийн
байдлаас харахад Хятад улсын явуулж байгаа гадаад болон дотоод төрийн бодлого нь ерөн­хийдөө Күнзийн сургаал дээр үндэслэгдэж явдаг. Хятадын үе үеийн удирдагчид илэр­хийлж хэл­сэн баримтууд бий. Жишээлбэл 2000-гаад оны дундуур Хятадын Ерөнхий сайд АНУ-д айлчилж, Харвар­дын их сургуульд лекц ун­ших­даа “Манай улсын тө­рийн бодлого эртний их сэт­гэгч Күнзийн сургаал номлол дээр үндэслэж явдаг” хэмээн хэлсэн байдаг. Мөн НҮБ-ын жаран жилийн ойн нэгдсэн хуралдаан дээр Ху Жинтао илтгэл тавьж, үг хэлэхдээ “Манай улсын төрийн гадаад бодлого эрт­ний сэтгэгч Күн­зийн сургаал дээр үн­дэс­­лэж…” хэмээн бас мэдэгдсэн байдаг.

Күнз “Зохирол бол бүхнээс эрхэм” гэж сургасан. Энэ нь хүн төрөлхтөн тэрсэж биш зохирч амьдрах ёстой гэдгийг хэлсэн хэрэг. Хятадад өнөө­дөр зохирол гэдэг үгийг маш өргөн хэрэглэж байгаа. “Зохи­ролт дэлхий ертөнц”, “Зохи­ролт нийгэм”, “Зохиролт гэр бү­лийн­хэн” гэдэг ч юм уу.

Яриагаа энгийн болгох үүд­нээс наад захын асуул­тууд тавья л даа. Хятад хүн гэж яг ямар хүн бэ. Гол онцлог нь юу юм бол оо?

-Наад
чинь харин маш чухал асуулт байна шүү дээ. Учир нь манай хоёр улс хувь заяаны эрхээр айл хөрш оршиж байна. Мон­голчууд бид Хятадын тухай сайн мэд­дэг юм шиг хэрнээ төдийлөн сайн мэддэггүй байхгүй юу. Тэгэ­хээр эхлээд хятад хүн ямар хүн байдаг, бусдаас ямар онцлогтой байдгийг мэдээд авъя л даа. За тэгээд Хятадын бодлого, соёл, сэт­гэл­гээний онцлогийг мэдье гэвэл зайлшгүй судлах шаард­­­­лагатай. Хятадууд бус­даас их олон зүйлээр онц­гойрдог. Нэгдү­гээрт, аливаад цогцоор хандаж, сэтгэдэг. Хоёр­дугаарт ямар ч зүй­лийг бүр нарийн углуургаар нь ухаж ойлгодог. Юмыг боди­тойгоор харж тусгадаг. Хийс­вэрлэн сэтгэх сэтгэлгээ бага байдаг гэсэн үг. Дөрөвдүгээрт, дотоод сэтгэл, оюун бодол нь учир битүү­лэг, шууд хараад таньж мэдэхэд төвөгтэй бай­даг ч юм уу, ийм зүй­лүүд мэд­рэгддэг. Ер нь хятад хүний сэтгэл­гээг дотогшоо хандсан гэж үздэг. Өрнө дахины сэт­гэлгээ гадаг­шаа хандсан бай­даг. Хятадын соёл, сэт­гэл­гээнд дандаа төв рүүгээ тэ­мүүлэх хүч үйлчилдэг. Харин өрнө дахинд бол төвөөс зуг­тах хүч үйлчилдэг. Цаад на­рийн мөн чана­руудыг нь таньж мэдээгүй учир бид хя­тад хүмүүсийг зөв өнцгөөс харж байгаагүй. Дотуур та­мир­тай, манж зантай, нэг муу хужаа гэсэн байд­лаас л харах нь бий. Мэдээж сэтгэл­гээний дээрх онцлогуудыг мэдэх аваас хятад хүнийг таних боломж нээгдэнэ. Бид хята­дуудыг муугаар хэлэхээсээ илүүтэйгээр таньж мэдэх хэ­рэг­тэй. Дотоод ахуйд нь нэвт­рэх учиртай. Тиймээс хятад судлал өнөөдөр маш чухал болоод байна шүү дээ.

Хятад улс дэлхийд хү­чир­хэгжиж байна. Хятадын зуун ч гэж ярьж, бичиж байгаа. Тийм болохоор бу­сад томоо­хон улс орнууд хятад суд­лалыг бод­логоор бий болгож байна. Харин манай улс энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ. Хятад судлаач гэхээр хуруу дарам цөөн эрдэм­тэд л байдаг?

-Манайд
хятад судлалын газ­рууд байна аа.Тухайлбал, Олон улс судлалын хүрээлэн, Шинжлэх ухааны академи болон их, дээд сургуулиудад хятад судлалын тэнхим бай­на. Харин нэгдсэн гол бод­лого байхгүй гэж хэлж болно. Үндсэндээ нэг дор зангиддаг  төв цэг гэж байхгүй байна. Эрдэмтэд судалгаа хийгээд л байдаг, түүнийг нь хэрэг­жүүл­дэг газар гэж байхгүй.  

Өвөр Монгол, Түвдээс гадна хятад гэж тусдаа бай­даг. Тэр хятадуудыг дотор нь яаж ангилдаг бол. Ма­найх шиг аймаг, сумаар зааглагддаг болов уу?

-Хятад
56 үндэстэн яст­наас бүрддэг. Гол үндэстэн нь хан үндэс­тэн буюу өөрийн тань хэлээд бай­гаа хятад үндэстэн. Нийт хүн амын ер гаруй ху­вийг хан үндэстэн эзэл­дэг. Бидний яриад бай­гаа Хятад үндэстэн Хөх, Шар хоёр мөр­ний сав гольдрол дагуу аж төрж ирсэн. 56 үн­дэс­тэн ястан бүгд өөр өөрийн гэсэн соёл­той. Ихэнх нь өөрийн гэсэн хэл, бичиг үсэг­тэй. Хятадад хэлний найман том аялгуу байдаг. Хойд нут­гийн хүн өмнөд хэсэгт очоод ойлгол­цож чадахгүй. Бээ­жин­­гийн хүн Шанхайд очоод Шан­хайн хэлээр ярьж чадахгүй. Хоёр шанхай хоорондоо ярил­цаж бай­хад Бээжингийн хүн ойл­гохгүй. Хэлнийх нь аялга тийм их зөрүүтэй. Бүр харь хэл юм шиг. Бичиг үсэг нь бол мэдээж нэг байна. Ярианых нь хэл тийм өөр байдаг. Тэр хэл ярианы хувьд Монголтой адил биш байгаа биз. Мон­голчууд олон үн­дэстэн ястан, үг яриа нь аял­гатай ч шууд л ойлголцдог ш дээ.

Манайхан хятадууд гэ­хээр дээхнэ үед манайд ногоо тарьж амьдарч бай­сан тариачин өвгөд, өнөө­дөр барилга дээр ажиллаж байгаа залуучуудаар л тө­сөөл­дөг. Яг өнөөдөр  хятад тариач­дын энгийн амьдрал ямар байгаа бол. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Бид
жаахан явцуу ойлгож ир­сэн. Хятад хүн гэхээр хөх хувцастай тариачин буудаг. Тийм биш. Хүн амын дийлэнх хувь нь газар тариа­лан эрхэл­дэг ч шинэ зуунд хөгжлөөрөө дэлхийд гайхагдаж байгаа том гүрэн. Гэхдээ тэнд сайн муу хосолж байгаа. Дийл­дэхээ байсан баян хүмүүс байхад өнөө маргаашаа яая гэж байгаа ядуу тариачид ч байна. Харин төрийн бодлого нь нээлттэй байдаг. Анзаа­раад байх нь ээ, хүн рүүгээ чиг­лэсэн бодлого явуулдаг юм билээ. Сургууль соёл, эмнэлэг гээд бүх албан бай­гуул­лагуудынх нь төлбөр ерө­н­хийдөө өндөр байдаг ч иргэд­дээ үзүүлэх хөнгөлөлт их байдаг л даа.

Дэлхийд хөгжлөөрөө ман­лайлж байгаа энэ том гүрэн­тэй хаяа залгаа бай­гаа­гийн сайн болоод муу талыг нь хэлэхгүй юу?

-Монгол
Улсын хөгжилд Хята­дын хөгжил маш их үүрэг гүйцэтгэх нь мэдээж. Хятад орон ямар нэгэн халдлагад өртөхгүй, чимээ аниргүй хөг­жөөд л байх юм бол манайх адилхан өнгө зүс ороод л байна. Энэ талаас нь хара­хад, Хятад улстай хаяа залгаа байгаа минь сайн. Бас сөрөг муу зүйл байна л даа. Тэр нь Хятад гүрэн ямар нэгэн байд­лаар донсолж эхлэх юм бол манайх бас л дагаад ганхана. Гэхдээ тийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна. Ер нь аль ч талаас нь аваад үзэхэд бидэнд ашигтай даа.

Цаашдаа найзалж, нө­хөр­лөж явах нь зөв гээд байна аа даа?

-Ерөөсөө
л тийм. Манай улсын хөгжил дэвшилд ихээ­хэн нөлөө үзүүлнэ. Тэгэхээр нөхөрлөж, бүр ах дүү шиг дотносохоос аргагүй. Дээр нь нэг зүйлийг нэмээд хэлэхэд, Хятадын “хил залгаа хөрш орнуу­дад явуулах бодлого” гэж байдаг. Үүнийгээ төрийн бодлогын түв­шинд авч үздэг. Тоймлоод хэлэх юм бол хөрш орнууд маань бидэнтэй адил хөгжил дэвшлийн оргил руу тэмүүлэх ёстой гэх ойлголт. Манай­хыг бусад хөрш орнууд шигээ баян, хөгжилтэй, амга­лан байгаасай гэж үздэг.

Хятад улсын тухай, хя­тад хүний сэт­гэл­гээний онц­лог гээд олон сонир­холтой зүйл ярилаа. Одоо харин өөрийн тань талаар асуумаар байна. Хэзээ, хаа­на сургууль соёл дүүр­гэ­сэн бол оо?

-Миний
бие Монгол Улсын их сургуулийн хятад хэлний ангийг 1979 онд дүүргэсэн. Дараа нь Хятадад мэргэжил дээшлүүлж, сурч боловсорч байсан он жилүүд бий. Ер нь өнөөг хүртэл туулж ирсэн амьдрал маань хятад суд­лал, Хятадтай холбоотой байсан. Миний судалдаг зүйл бол маш тодорхой. Би хятад хэ­лийг судал­даг, судлаач, ор­чуулагч. Харин сүүлийн үед Хятадын соёл сэт­гэлгээ бо­лоод хятад хүний онц­логийг ихээхэн судалж байна. Ор­чуулгын хувьд Күнзийн сур­гаал номуудыг орчуулсан. Мөн “Хята­дын сон­годог утга зохиолын дээж” гэх нэрээр хэд хэдэн бүтээлийг цув­ра­лаар гаргасан.

Тухайлбал?

-Күнзийн
сургаалын ном байна. “Сүнзийн дайтахуйн ухаан” гэж бүтээл байна. Уг номоороо би утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд” 2006 онд хүр­тэж байлаа. Орчуулгын төрөлд шүү дээ. Дэлхийд багагүй шуугиан тарьдаг уг ном Мон­голд орчуу­лагдаагүй байсан. Миний бие анх удаа ор­чуул­сан нь  тэр юм. Мөн эрт­ний Хятадын гүн ухааны сэт­гэл­гээний сонгодог судар болох “Их суртахуй” номыг Монголд анх бү­рэн эхээр нь орчуулж олонд хүр­гэсэн. Одоо “Хятадын соёл, сэт­гэлгээ” гэсэн томоохон хэм­жээний бүтээлээ хэвлэлд бэлт­­гээд байж байна.

Чой.Лувсанжавын нэ­рэмжит шагналыг саяхан хүртсэн дээ?

-Тийм
ээ, Монгол Улсын их сургуулийн олон улсын шагнал болох “Алтан од”-ыг хүртсэн. Хэл судлалын сал­барт томоохон ам­жилт гар­гасан нэг эрдэмтэнд гурван жилд нэг удаа олгодог нэр хүндтэй шагналын эзэн болсондоо ихэд баяр­ладаг. Хятад суд­лалын сал­барт гаргаж буй амжил­тыг минь үнэлсэн шагнал. Сонир­хуулахад, “Алтан од”-ыг хүрт­сэн дөрөв дэх хүн нь болж байгаа юм билээ. Өмнө нь гадаадын хоёр Монголын нэг эрдэмтэн дээрх шагналыг хүртэж байсан юм билээ.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

ХАВРЫН ЧУУЛГАНААР бид юуг хүлээж байгаа вэ?

Өнөөдөр УИХ-ын хаврын чуул­ган эхэлж байна. Энэ хаврын чуул­ган одоогийн парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн цагаас хой­ших гурав дахь чуулган. Өөрөөр хэлбэл, парламентчид нь хамгийн туршлагажиж, хамгийн ажил хэрэгч хандах хаврын сүүлчийн чуулган. Ирэх жилийн өдийд хууль батла­хаар бодол санаагаа төвлөрүүлж суух хүн хуруу дарам болж, ихэнх нь сонгуулийн буухиандаа морд­сон байх вий. Тийм ч учраас энэ удаа­гийн хаврын чуулганаас ихийг хүлээж байна. Улс төрийн нөхцөл байдлыг харж саатсан хуулийн төслүүд, улам бүр чамбайруулан сайжруулахаар буцаагдсаар өнөөг хүрсэн хуулийн нэмэлтүүд гээд ер нь хамгийн ажил хэрэгч байх чуул­ган энэ болж таарна.

Хаврын чуулганы хэлэлцэх асууд­­луудаас Сонгуулийн тухай, Ашигт малтмалын тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуулийн төсөл гээд хүмүүсийн анхаарлыг татаж байгаа асуудлууд бий. Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөх нь тун ойрхон байсан сан. Гэвч хаврын чуулган эхэлж байгаа энэ нөхцөлд асуудал хэрхэн шийдэгдэх нь тун бүрхэг болоод байгаа нь намууд дотор яригдаж байгаа яриануудаас тод болж байгаа юм. Бараг энэ хууль бат­лагдахгүйгээр дараагийн сонгууль болж магад гэдгийг ажиг­лагчид онцолж байгаа. Хэдийгээр төгс төгөлдөр сонгуулийн тогтолцоо байхгүй ч хамгийн боломжийн ху­вил­бар энэ гэдэг дээр намууд нэг­дэж, уг хуулийн төсөл бараг бэлэн болчихсон байв. Харамсалтай нь аль тогтолцоо ирэх жилийн сон­гуульд ашиг дагуулах вэ гэж тооцоо хийсэн нам хийгээд хувь хүмүүсийн жижиг­хэн сонирхлын улмаас энэ хууль гацахыг үгүйсгэхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өмнөх чуулган дээр яригдахдаа 2007 онд оруул­сан дордуулсан долоон өөрчлөл­тийг сайжруулах тал дээр төвлөрөн, ажлын хэсэг байгуулагдаж байсан. Гэхдээ сүүлийн үед өрнөөд байгаа үйл явдлаар энэ өөрчлөлт хоёр танхимтай болох асуудлаар өрнөх төлөвтэй. Хоёр танхимтай болох нь хяналтыг сайжруулж, улс орны томоохон асуудлуудыг шийдэхэд чухал тустай гэж парламентын гол хоёр намын дарга нар онцлон ухуулж байгаа.

Хэлэлцэх асуудлуудын жаг­саал­тыг тэргүүлж байгаа нь Хөдөл­мөр эрхлэлтийг дэмжих тухай хуу­лийн төсөл билээ. Засгийн газраас өнөө жилийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, хө­дөлмөр эрхлэлтийн яармаг үзэсгэ­лэн энэ тэр гээд олон ажил зохион байгуулаад эхэлсэн ч хууль нь батлагдаагүй байсан санж. Бодвол хуульгүй атлаа пиараа эхэлсэн Засгийн газарт хуулийг нь баталж өгөх гээд парламентын эхэнд нь тавьсан бололтой юм. Мэдээж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль­тай болох нь ажилгүй олон иргэд ажлын байраар хангагдаж, энэ цагийн хүмүүсийн гол бэрх­шээлээс гэтэл­гэ­хэд тус дөхөм болж таарна.

Энэ удаагийн чуулганаар эрүүл мэндийн салбараас нэлээд хэд хэдэн бодлогын чанартай даацтай хуулиуд орж ирнэ гэж хүлээгдэж байгаа. Монголчууд шилжилтийн үеийг туулна гээд ханцуй шамлан орохдоо зарим салбаруудаа онхи тас мартаж орхисны нэг нь энэ салбар гэгддэг. Сүүлийн үед гараад байгаа асууд­лууд бүгд бодлого алдагдсантай холбоотой гэх нь ч бий. Тэгвэл энэ удаад хэлэлцэх асуудлын жаг­саал­тад орж ирсэн Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга)-өөр эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээнд тавих хянал­тын хоо­рондын уялдаа холбоог сайжруу­лах тал дээр ихээхэн анхаа­рах аж. Мөн анхан шатны болон хоёр, гуравдугаар шатны эмнэлгүү­дийг гүйцэтгэх үүргийг тодорхой болгоно гэсэн үг. Манайд аймаг, дүүргийн эмнэлгүүдийн хувьд өр­хийн эмнэл­гээс бичигтэй ирсэн хэдэн хүнийг үзээд, дотрын голдуу эмчилгээ хийхээс хэтэрдэггүй. Орц­ныхоо үүдэнд халтирч унаад хөлөө хугал­сан бол дүүргийнхээ эмнэлэг дээр очоод чиг бариад боолгуулах боломж ч үгүй. Өнөөх л Гэмт­лийн эмнэлэг рүү явах ёстой болдог. Тэгвэл мэргэшсэн хийгээд клини­кийн нэгдсэн нэг, хоёр, гурав гээд гурав дахь шатлалын эмнэлгүүд дээр ачаалал дийлдэх­гүй түмэн бэрх­шээл. Хэдийгээр сүүлийн үед энэ тал дээр уг салба­рынхан санаа­чил­га гарган зарим ажлуудыг хийж эхэлж байгаа ч хуульчилж байж л бодлогын хэм­жээнд үр дүнгээ өгч таарна.

“Иргэний эрүүл мэндийн даат­галын тухай хуулийн төсөл мөн шинэчилсэн найруулгаар орж ирнэ. Үүнийг мэргэжлийн хүмүүс тун чухал хууль болно хэмээн онцолж байгаа билээ. Өөртөө анхаарч эрүүл бай­даг хүн, биеэ гаргуунд нь хаячихаад эмнэлэгт үнэгүй эмч­лүүл­дэг хүмүүс адилхан мөнгө төлж ирсэн тэр асуудал энэ хуулиар хөндөгдөх болов уу. Мөн манайд олон жилийн турш явж ирсэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсрон­гуй бие даасан тогтол­цоотой болго­ход уг хууль нөлөөлөх ёстой юм. Манайд орныхоо тоогоор эрүүл мэн­дийн даатгалаас эмнэлэг, эрүүл мэндийн байгуулла­гууд руу мөнгө торхийн унаж, харин уг үйлчилгээ нь чанартай байна уу, үгүй юу гэдэг хяналтын тогтолцоо байдаггүй явж ирсэн. Тэгэхээр тэртэй тэргүй бага­хан төсвөөр урд хормойгоо хойдо­хоороо нөхөж ирсэн энэ салбарын­хан үйлчилгээ­гээ чанаржуулахын талаар бодо­ход хэцүү. Харин эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалгаж, үүнд тохирсон үйлчилгээг гаргаад ирвэл хүмүүс чанартай үйлчилгээг авч, бас хяналтын хө­шүүр­гээр ахиц дэвшил гарах нь мадаггүй юм.

Мөн энэ удаагийн чуулганаар дэлхийн олон газар хэрэгжиж эхэл­сэн ч манайд л мэдээгүй мэт хоцор­соор ирсэн “Тамхины хянал­тын тухай хууль” яригдана гэж байгаа. Ингэснээр тэртэй тэргүй агаарын бохирдлоос өдөрт таван хайрцаг янжуур татдаг бид дахин бусдын татсан тамхийг дам татдаг тэр явдал эцэс болох юм. “Тамхины хяналтын тухай хууль” батлагдвал үйлчилгээ­ний бүх газар тамхи татахыг хориг­лоно. Энэ нь зарим тамхичдын уур унтууг барах ч тамхилдаггүй мөрт­лөө дам тамхи­далтын золиос бол­дог олон хүний талархлыг хүлээж таарна.

Бас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах хуулийн төсөл” ч энэ чуулганаар орж ирэх бөгөөд сүү­лийн үед үүссэн шинэ нөхцөл бай­далд тохирсон хууль цаг үеэ хүлээж байгаа асуудал билээ.

Сүүлийн үед хуулиар тусгайлан хамгаалагдаагүй мэдээллийг иргэд чөлөөтэй авч байх эрхтэй талаар онцлон ярих болсон. Гэтэл хуулиар тусгайлан хамгаалбал зохих нуу­цад хамаарахгүй мэдээллийг ч төрийн түшмэд, байгууллагууд нууц хэмээн цааш хийдэг байсан тэр явдал “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөө­ний хууль”-аар эцэслэгдэх юм. Энэ хууль батлагдвал төрийн ажил бүхэлдээ ил ойлгомжтой байж, хөшигний ард байдгаас хаданд гарсан хүнд суртал, ашиг сонирх­лын зөрчлүүд тодорхой болж ирэх билээ. Жинхэнэ утгаа­раа төрийн ажил тунгалаг шилний цаана бай­хын эхлэл энэ хууль болно хэмээн олон хүн найдаж байгаа. Магад ингэснээр төрдөө итгэх итгэл нь алдарч, бүгд хуйвал­даан булхай­гаар хийгддэг гэж хүмүүсийн бухим­даж байсныг багасах байх.

Алслагдсан болон говийн бү­сийн нэмэгдлийн тухай хууль нэг талаасаа нийслэл хотоос зайдуу амьдардаг хүмүүсийг дэмжсэн мэт боловч нөгөө талаасаа хотын хэт төвлөрлийг сааруулах давхар ач холбогдолтой гэгдэж байгаа. Уг хуулийн төслөөр алслагдсан айм­гуу­дын төрийн албан хаагчдын цалин дээр 20 хувийг нэмж, таван жил тутам зургаан сар ажилла­сантай тэнцэх нэмэгдэл олгон, гурил будаа, цай, түлш шатахуун зэрэг чухал хэрэглээний бараа бүтээгдэхүүний НӨАТ, гааль, онц­гой албан татварыг багасгаснаар амьжиргааны чанарыг төвийн­хөн­тэй ойртуулах талаар ярих юм. ОХУ, Канад, АНУ гээд орнуудад хэрэглэгддэг энэ зарчмыг хэзээнээс хэрэглэж эхлэх бол гэсэн хүлээлт баруун аймаг, говийнхонд эл хуу­лийн төслийг яригдаж эхэлсэн цагаас нь л бий.

Цахим гарын үсгийн хууль цаг үеэ олсон гэгдэж байгаа нь үнэн ч нэг л асуудлаас болж гацах магад­лалтай юм. Монгол Улсын иргэний бүхий л мэдээллийг хадгалсан ухаалаг үнэмлэхийн асуудал яриг­даж, хувь иргэний эд хөрөнгө, хувь мэдээлэл гээд бүгд Улсын Бүрт­гэлийн Ерөнхий газарт бий. Шинэ­чилсэн бүртгэлээр ч иргэдийн тухай мэдээлэл нэгэнт төрийн энэ бай­гууллага дээр цугларсан. Ухаалаг үнэмлэх дээр тохирох цахим гарын үсгийг авахуулах ажлыг УБЕГ бус нэр бүхий гурван компаниар хийл­гэх зөвшөөрлийг Засгийн газраас өгчихсөн юм гэсэн. Уг нь цахим гарын үсэг хэрэгтэй ч Монгол Улсын иргэн бүр 90 ам.доллар хувийн компаниудад төлөх ёстой гэвэл багагүй маргаан дагуулж таарах болов уу. Ямар гурван компанид иргэн бүрээс орж ирэх 90 ам.дол­лар  нийт 180 сая, аж ахуйн нэгжүү­дээс орж ирэх 80-90 сая ам.дол­ларыг давуу эрхээр олгож байна гээд яривал яригдах л байх.

Бас хэлэлцэх асуудлын бусад гэсэн хэсэгт багтсан нэг хууль яах аргагүй хүмүүсийн анхаарлыг тат­на. Тэр нь Үндэсний аюулгүй байд­лыг хангахад стратегийн ач хол­богдол бүхий салбар дахь гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл юм. С.Бям­бацогт, Ө.Энхтүвшин, Ц.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Тэр­бишдагва гэсэн зургаан гишүүний өргөн барьсан уг хуулийн  төслөөр бол уул уурхай, төмөр зам, харил­цаа холбоо, банк санхүү, хэвлэл мэдээлэл гээд чухал чухал салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохи­цуулах чухал хууль ажээ.

Иргэдийн чухалчлан хүлээж байгаа нэг хууль бол Дээд боловс­ролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл. Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төслөөр суралцагчдад хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээний тал буюу 54 мянган төгрө­гийг сар бүрт өгөх тухай дурдсан нь бараг айл бүр оюутантай мон­голчуудын хувьд чухал сэдэв. Ма­най 670 мянган өрхийн 65 хувь нь оюутантай гэсэн судалгаа байдаг билээ. Уг хууль нь оюутанд тэтгэлэг өгөхөөс гадна дээр дурд­сан эрүүл мэндийн салбарын адил хаягдсан  боловсролын салбарыг дэлхийн жишигт ойртуу­лах, тэр гольдролд дөхүүлэх зорил­готой хууль гэгдэж байгаа. Зах зээлийн нийгэмд шил­жин орох үедээ хувийн сургуулиу­дыг хувийн компани мэт тооцож хаясан нь бидний том алдаа бол­сон хэмээн үздэг. Гэтэл дэлхийн улс орнуудад боловсро­лын салбар гэдгээр нь хамаагүй өөр авч үздэг. Европын холбооны улсуудад бо­ловс­ролын байгууллагадаа нийт зардлын 84, АНУ-д 47 хувийг нь төрөөс өгдөг бол манайд 5-9 хувийн үзүүлэлттэй гэж байгаа. Харин энэ хаврын чуулга­наар яригдах хуулийн төс­лөөр бол 20 хувь гэсэн хувилбар яваа юм билээ. Ямартай ч эхний шатанд үүнээс эхлэн олон улсын боловсро­лын чиг хандлага руу шилжинэ гэдэг нь чухал гэх хүмүүс олон.

Энэ мэт хаврын чуулганаар хэлэлцэж, шийдэх олон хуулиуд байна.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

МИАТ-ийн захирал шаардлага тавьсан инженерүүдээ халж, оронд нь хятадуудыг авчирсан байна

МИАТ компани олон ул­сын нислэг цаашид хийх эсэх нь эргэлзээтэй бо­лоод байгаа аж. Олон улсын иргэний нисэхийн бай­гуул­лагаас ч манайд энэ та­лаар анхааруулж хугацаа өгсөн боловч асуудал  хүнд хэвээр, МИАТийн үйл ажил­­лагаа арай зогсчихоо­гүй торгоож ажиллаж бай­гаа гэнэ. Компанийн асууд­лаа шийдэх гэж дээд удирд­лагууддаа хандаж санаа тавьж гүйсэн гурван ч хэлт­сийн дарга, инжене­рийг МИАТийн захирал хал­чихаад байгаа юм байна.   Мөн техник, засварын хэлт­сийн бусад дарга, ин­женерүүд ч ажлаас гарах өргөдлөө өгөөд байгаа аж. Ингээд ямар шалтгаанаар  халагдсан  талаар нь  МИАТийн  Аюулгүй ажилла­гаа, чанар, нисэхийн аюул­гүй байдлын албаны техни­кийн хяналтын хэсгийн ахлах байцаагчинженер Б.Баяр, Инженерийн хэлт­сийн дарга Ц.Амгаабазар, Техникийн хангамжийн хэлт­сийн дарга Ж.Чулуун­жав нартай  уулзлаа.

МИАТт юу болоод бай­гаа юм бэ. Ямар учраас та гурав ажлаасаа халагдах болов?

Ж.Ч: -Бид Иргэний нисэ­хийн хууль дүрэм, олон улсын дүрэм, стандартын хүрээнд ажиллах шаардлагыг удирд­лагадаа удаа дараа тавьж байснаас болсон. Халах ту­шаал дээрээ харин компа­нийн нууц задруулсан, буруу бичиг цаас ашигласан гээд биччихсэн байгаа.

Тэр шаардлага нь ямар утгатай байсан юм?

Б.Б:-Манай компанийн сүүлийн үеийн үйл ажиллагаа хууль дүрэм зөрчөөд байна. Агаарын хөлгийн засвар үйл­чилгээг хийхдээ стандарт дүр­мээр хийх ёстой. Манайд байгаа онгоцнууд гадаад улсад бүртгэлтэй  түрээсийн  онгоцнууд. Европын иргэний нисэхийн “EASA Part-145” гэдэг стандартаар явах ёстой бай­даг. Тэр стандартаар  ма­най засвар үйлчилгээний бай­гуул­лага маань гэрчил­гээж­сэн. Онгоцны засвар үйл­­чил­гээ нь бүгд ийм стан­дартаар явуулна гэсэн ам­лал­тыг Ев­ропын иргэний нисэхийн га­зарт Монголын “МИАТ” компа­ни өгдөг. Үйл ажиллагааны явцад ялангуяа удирдлагын зүгээс энэ стан­дартыг мөр­дөхдөө алдаа­нууд гаргаад байсан. Бид МИАТ-ийн удирд­лагад ал­даа­нуудаа засаач гэж өнгөр­сөн хавар, зунаас удаа дараа бичгээр болон амаар мэдэг­дэж уул­заж ярилцаж  байсан.

Тэгээд тэр шаардлагыг чинь танай компанийн удирд­­лага хүлээж аваагүй юм уу?

Б.Б: -Европоос жилд нэг удаа  стандартаа барьж бай­на уу, үгүй юу гэж ирж шал­гадаг юм. Нэгдүгээр сард ирэхдээ “Засвар үйлчил­гээ­ний үйл ажиллагааг болж байна. Бага сага жижигхэн зөрүүнүүд байна. Үүнийгээ засаарай гэсэн. Мэргэжлийн хэлээр үл тохирол гэж хэлдэг юм. Заасан хугацаанд нь засаад тайлагнана  гэж бид хэлээд ажиллаад явж байсан. Хоёр жилд нэг удаа Европын “EASA” байгууллагын манай­хыг хариуцсан газраас “Та­найх манай олгосон эрхээр үргэлжлүүлээд ажилла”  гэдэг.  Нэг ёсондоо гэрээгээ сунгаад явдаг гэсэн үг. Миний бие  МИАТ компанийг төлөөлсөн  Чанарын менежер учраас  тэдэнтэй харьцдаг. Тэгээд  Европын холбооны Монго­лыг хариуцсан төлөөлөгчөөс “Та бүхний цаашид үргэлж­лүүлээд ажилла гэдэг зөв­лөмж хэзээ гарах гэж байна” гэж лавлахад сунгах процесс чинь зогсчихлоо гэсэн. Яагаад зогссон бэ гэтэл “Та­най Орхон захирал чинь  өн­гөрсөн оны долдугаар сард ирээд уулзаад явахдаа өн­гөр­сөн жилийн 4,5 дугаар  сард болсон үйл явдлын ту­хай тайлан ирүүлнэ гэж ам­лаад явсан. Тэрийгээ одоо болтол ирүүлээгүй байгаа учраас” гэж бичигт дурдсан байсан.

Монголыг хариуцсан мэргэжилтэн нь хаана бай­даг юм бэ. Тэр тайлан гээд байгаад нь юу шаардсан юм бэ?

Б.Б: -“EASA”-ийн гишүүн
улс Францын Иргэний нисэ­хийн удирдах газрынхан бай­даг. Яг “EASA” mөв нь Гер­манд байдаг юм. Тэр тайланд
гур­ван зүйл шаардсан байна
лээ. Өнгөрсөн жил манайхан 
засвар үйлчилгээ хийж
бай­гаад онгоцон дээр алдаа гаргаж онгоцныхоо далавчийг гэмтээсэн. Тэр гэмтээсэн
асууд­­лыг яаж шинжилсэн юм. Шинжлэн шалгахдаа тэр “Part 145” стандартад заасан
хү­ний хүчин зүйлийн нөлөөлөл бо­лон үл
шийтгэх бодлогыг хэрхэн хэрэгжүүлсэн
бэ.

Энэ бүхнийг багтаасан тай­лангаа гаргаж өгөөч гэсэн. Орхон дарга энэ талаар тайлан бичиж гарга гэж надад үүрэг өгөхөөр нь тайлангийн эхний хэсгийг 
дол­дугаар сард гаргаад Орхон дар­гад өгсөн. Би өгөхдөө “Энэ бол миний хэрээс хэтэрсэн асуудал байна. Тэр онгоцны далавч гэмт­сэн асуудлаас чинь болж манай­хан хэд хэдэн хүнээ шийт­гээд, цагдаад өгөх замаар асууд­лыг шийдсэн. Нэгэнт ингэж ший­дээд явчихсан асуудлыг EASA -д тэр чигээр нь явуулбал тэд хүлээн зөвшөөрөхгүй ээ. Хүний хүчин зүйлийн нөлөөлөл үү, санаатай юу санаагүй юу, 
дав­тан гаргахгүй байх тал дээр, урьдчилан сэр­гийлж яаж ажил­лав гэж асууж байхад “Та нар шийтгээд эсрэгээр юм 
хийчих­сэн байна гэж хэлээд, харин эрхээ хураалгаж магадгүй тул та үүнийхээ учрыг өөрөө ол, миний эрхээс хэтэрсэн асуудал бол­лоо” гэж хэлсэн. Тэгээд энэ чигээрээ байсаар гуравдугаар сарын 18-нд Европын холбоо­ноос сунгах процесс зогсчихлоо гэсэн захиа ирсэн. Яг амралтын өдөр таарсан байсан. Би Орхон захирал руу хамгийн түрүүнд утасдаж ийм юм болжээ. Гэр­чилгээ сунгах үйл ажиллагаа зогссон байна гэж хэлсэн. Чи хариуг нь бэлдээд над руу явуулчих гэсэн. Миний хэм­жээ­­нээс хэтэрсэн асуудал бай­наа, одоо тэд эрхээ хурааж ч магад­гүй нь гэж би хэлсэн. Орхон захирал чаддагаараа намайг загнаад 
өнгөрсөн.
Энэ нь зөвхөн манай байгууллагын асуудал биш төдийгүй цаашлаад агаарын хөл­гүүдийн нислэг үйлдэх эсэх нь тодорхой бус болоод явчихаж байгаа юм.

Гэрчилгээгээ сунгахгүй бол яадаг юм?

Б.Б: -Тэгвэл онгоцоо нислэгт тэнцэж байна гэж гарын үсэг зурж нислэгт явуулж чадахаа байчихаж байгаа юм. Гэрчилгээн 
дээрх 3
дугаар сарын 23-ны өдрөөр тэд дүгнэлтээ гаргаж, сунгах эсэхээ шийддэг.

Ж.Ч: -Тухайн байууллагаас танай үйл ажиллагааг зогсоолоо гээгүй, сунгах процесс зогслоо гэж явуулсан.

Б.Б: -Ингээд Техникийн газ­рын ерөнхий менежер, хэлт­сийн дарга, ахлах инженерүүд бид арвуулаа амралтын өдөр байсан хэдий ч энэ талаар хуралдсан. Онгоцны засвар үйлчилгээ хариуц­сан зургаан хэлтэс байдаг. Ингээд бид Орхон захирлын ч хэрээс хэтэрсэн асуудал байна. Дээшээ төр засагтаа хандъя гээд миний ажил үүргийн хуваарьт заасан ёсоор салбарын яам, Ерөнхий сайдад “Байдал ийм байна. Цаашид ингэж болзошгүй байна шүү” гэсэн захиа бичиж явуулсан. Миний ажлын үндсэн үүрэг бол Европын энэ стандарт хэрэгжиж байна уу, гажиж байна уу, үгүй юу, гажуу­лахгүйн тулд юу хийх хэрэгтэй вэ гэсэн үүрэг байдаг. Зургаан хэлт­сийн дарга дээр нь хэлтсүүдийг хариуцсан ерөнхий менежер бүгд ярилцаад энэ шийдвэрийг гар­гасан. Дараа нь даваа гаригт биднийг харьяалж байдаг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэд хандаж бүг­дээрээ очиж уулзсан. Тэгээд ажил дээрээ ирсэн чинь компанийн сүлжээгээр захиа тараасан бай­сан. Гурван хуудас гаруй захид­лын тал нь намайг баахан буруут­гаад “Өөрийн эрх мэдлийг хэт­рүүлэн ашигласан. 
Монгол Улс Японоос иргэдээ татах гэж буй хэцүү үед үймээн тарьж, саад хийхийг оролдлоо” гэх мэтийн үгтэй захиа явуулсан байсан. Захирал болон бусад удирдлага­тайгаа 3 дугаар сарын 21-нд 11 цагт бид уулзаж, байдал хүндэр­вэл яах вэ гэж ярилцаж нислэгээ зогсоохгүйгээр үргэлж­лүүлэн ажиллуулах чадвартай болгох арга хэмжээг авцгаая. Захирал өөрөө тэр захиа тай­лангаа Евро­пын холбооны иргэ­ний нисэхийн удирдах газар луугаа явуулъя, онгоц эзэмшиг­чид рүүгээ ч хандъя, энэ хуга­цаанд манай онгоцыг 
таг зогсоо­чихгүй байх арга хэмжээг авъя гэж хоёр талдаа тохирсон. Онгоц 
эзэмшигчид
маань ч тодорхой хугацаанд, тодорхой нөхцөл­тэйгөөр нислэг үйлдэж болно гэсэн. Зөвшөөрлийн бичиг өгсөн ба “EASA”-аас ч гэсэн “Зогсоолгүй ажиллаж бай. Тай­лангаа ийм ийм асуудлаар дэл­гэрүүлж явуул. Бид дөрөвдүгээр сард очиж уулзъя” гэсэн хариу өгсөн.  
Тийм ч учраас 
гуравду­гаар сарын 23-наас хойш 
онгоц­нууд маань таг зогсолгүй, нислэг хэвийн, манай компанийн үйл ажиллагаа үргэлжлээд явж байна.

Компаниа аврах гэсэн энэ бүх үйл ажиллагаанд Орхон  захирал чинь оролцсон бай­на, тийм үү?

Б.Б: -Оролцсон.
Тэгээд захи­рал нэг тайлан гаргаад явуулсан. Мэдээж Орхон захир­лын гаргасан тайлан Европын шаардлагыг хангаагүй байх. Би тайланг нь хараагүй ч сургийг нь сонссон. Европын иргэний нисэ­хийн газ­раас буцаагаад хариу ирүүлэхдээ өмнө шаардсан тайлангаас бүр их нарийвчилсан асуулга тавьсан байсан.

Нэгэнт байдал нааштай болоод тодорхой хэмжээний ажил явагдаж эхэлж байхад яагаад та бүхнийг халчихсан юм бэ?

Ц.А: -Дээрх үйл явдлаас гадна бас нэг зүйл байна. Ма­найд нислэгт бэлэн байгаа “А310 “онгоц байхад Хятадаас хуучин “B767” онгоц түрээслэхээр оруулж ирэх нь буруу гэж бид хэлсэн. 
Хята­даас авах гэж байгаа онгоц нь түрээслэх эзэн олдохгүй 
бүтэн жил болчихсон онгоц. Сүүлдээ аргаа бараад АНУ-ын 
компанид
онгоцоо
зараад тэр нь цааш түрээслэхээр болж байгаа юм билээ. Гэхдээ АНУ-ын ком­пани нь манай МИАТ-ийг тү­рээсэлнэ гэсэн гэрээ хийсэн тохиолдолд Хятадаас тэр онго­цыг худалдаж авах гээд байгаа юм. Бид тэр онгоцыг очиж үзсэн. Шаардлага хангахгүй онгоц бай­на. Бүх бичиг баримт нь ч хятад хэл дээр байхад юу мэдэж үзэж шалгах вэ гэсэн юм. Онгоц европ болон бусад улс руу нисэхэд тодорхой шаард­лагуу­дыг хангасан байх ёстой. Гэтэл энэ онгоц нь 16 жил Хятадад орон нутагт ниссэн, сайндаа л Гонконг орж байсан тийм онгоц байгаа. Олон улсад огт нисч байгаагүй болохоор олон моди­фикаци, өөрчлөлт нэмж хийх шаардлагатай болчихсон онгоц байна, шаардлага 
хангахгүй
нь гээд тайлангаа гаргаж өгсөн. Ийм хоёр асуудлыг удирдлагадаа бид олон удаа тавьсан учраас халагдлаа.

Ц.А: -Манайх түрээслэх гээд байгаа “B767” гэдэг онгоц чинь манай өөрийн эзэмшлийн, зог­соочихсон байгаа “А310” онгоцтой ижилхэн ангиллынх. Манайд байгаа “А310” онгоц түрээслэх гээд байгаа онгоцноос аль та­лаасаа илүү. Манай онгоц Хята­дын тэр онгоц хоёр өдөр шөнө шиг ялгаатай байхгүй юу. Манайх техникийн үзүүлэлт нь хамаагүй илүү. Тийм онгоцоо нисгэхгүй байж тэндээс шаард­лага хангаа­гүй онгоц авах гээд байгаа нь ёстой ойлгомжгүй хэрэг. Тэгээд ч манай онгоц Монгол Улсын өмч болчихсон. Ямар ч түрээс төлө­хөөргүй болчихсон. Тийм байхад түрээ­сээр ижил ангиллын онгоц авах гээд байгаа юм. Хятадын онгоцыг авбал техникийн 
болон эдийн засгийн талаасаа асар өндөр 
зардалтай.  Тэр онгоцыг авбал эхний жилд арван сая долларын зарлагатай. Нисэхэд бэлэн бай­гаа манай онгоц жилд нэг сая долларын зардлаар л нисэх боломжтой. Энэ талаар бид бас Засгийн газар, холбогдох хү­мүүст бичиг хүргэж ч байсан. Тэгээд биднийг ажлаас халах гол хоёр шалтгааны нэг нь 
дээр өгүүлсэн зөв зүйтэй энэ ажлаа явуулаач гэсэн шаардлага, хоёр дахь нь энэ онгоцыг хүлээж авах­гүй гэсэн бидний тайлбар юм. Энэ асуудалтай холбоотой­гоор УИХ-ын гишүүн Г.Батхүү, Р.Буд хоёр 
Х.Баттулга сайдад асуулга тавь­сан юм билээ. Үүний дагуу салбарын сайд энэ бүх асуудалд тус бүрт нь де­тальчлан хариулна уу гэсэн бичиг өгсөн байна лээ.

Б.Б: -Тэр асуулгад юу гэж хариулсныг нь бид мэдэхгүй байна. Бидний дээр ярьсан хоёр зүйл ч гэсэн энэ асуулгад тус­гагд­сан байсан.

Та бүхнийг халах үндэс­лэлдээ юу гэж  бичсэн байв. Халах тухайгаа хэзээ мэдэгд­сэн юм?

Ж.Ч: -Гуравдугаар
сарын
31-нд биднийг хариуцсан Ерөнхий менежер Аюуш “Захирлууд дуу­даж байна” гэж ирээд “Та гурвыг ажлаас халсан тушаал гарлаа” гэсэн. 

Б.Б: -Намайг  халсан тушаал дээр “Компанийн дотоод дүрэм журмыг ноцтой зөрчиж албан ёсны бус бланк ашиглаж, ком­панийн хэвийн ажиллагааг алдаг­дуулах, олон нийтийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх буруу ташаа мэдээллийг төр засгийн албан тушаалтан, ажилтан албан хаагчид дур мэдэн тараасан, “Аэробус 310” агаарын хөлгийн техникийн дүгнэл­тийн талаархи мэдээллийг олон улсын “EASA” байгууллагад өгөх үүрийг бие­лүүлээгүй, дээрх олон улсын байгууллагын нэр хүндэд хал­даж тус байгууллагын өмнөөс гэрчилгээ сунгагдахгүй талаар­хи буруу ташаа мэдээлэл хийс­нээс компанийн нислэг тех­ни­кийн хэвийн ажиллагааг алдаг­дахад хүргэсэн, улмаар компа­нийн бизнесийн болон ажил хэр­гийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх байдалд хүргэсэн зэрэг ноцтой зөрчлүүдийг гарга­сан тул ажлаас халсугай гэсэн тушаал байсан.

Ц.А: -Чулуунжав
бид хоёрыг халсан тушаал нь яг ижил утга­тай байсан. Бид хоёрыг дунд мэргэ­жил­тэй болохоор нь аж­лаас хал­сан гэсэн бор шувуу нисгэсэн байна лээ. Бид эхлээд нисэхийн дунд сурууль төгссөн боловч дараа нь хэд, хэдэн дээд сур­гуульд мэргэжлийн дагуу сурч төгссөн хүмүүс.

Орхон захирал баривч­лагдлаа гэсэн мэдээлэл ин­тернэтээр тараад байсан. Та бүхний ярьсан асуудалтай арай холбоотой юм биш биз дээ?  

Б.Баяр: -Үгүй байх аа. Ин­тер­нэтээс л харин тийм юм олж уншсан. Ер нь МИАТ компанийн удирдлага буруу ажиллаад бай­гаа. 2010 онд 1.8 тэрбум төг­рөгийн алдагдалтай ажилласан. Дээр нь зорчигчийн тоо нь ч нэмэгдээгүй. Харин зардал нэмэгдсэн. Жишээ нь зорчиг­чийн хоол ундны зардал нэг тэрбумаар нэмэгдсэн. Тэр тав зургаан тэрбумыг идсэн гэж нэтэд тавигдаад байгаа нь үнэн бол МИАТ компани гурав, дөр­вөн тэрбумын ашигтай ажиллах бо­ломжтой байжээ гэж бодогдож байна. Монгол Улсад компани амжилттай удирдаж байгаа биз­нес­мэнүүд зөндөө. Тийм хүмүүс манай компанид хэрэгтэй байна. Нарийн мэргэжлийн нисгэгч, 
инженерүүд  зэрэг бусад хүмүүс ажлаа хийдгээрээ хийнэ. Гэхдээ МИАТ-ийг хүнийхээ аж­лыг үнэлж чаддаг, нисгэгч, инже­нерүүд, ажилчдаа ойлгож чаддаг, шудар­га бизнесмэн удирдвал бараг дээр гэж бодогддог юм.

Тэгэхээр чинь  мэргэж­лийн бус энэ, тэр гэж улстөр­жүүлээд л эхэлдэг биз дээ?

Б.Б: -МИАТ-ийн маркетинг, удирдлага 
заавал мэргэжлийн байх албагүй шүү дээ.

Ж.Ч: -Бид улстөржөөд байх шаардлага угаасаа байхгүй. Бай­гууллагад эрүүл уур амьсгал байхгүй бол ажиллахад үнэхээр хэцүү. Мэргэжлийн бид худал хэлж, бусдыг хуурч, шударга бус зүйлтэй эвлэрч 
байснаас
аж­лаасаа гарсан ч гомдох юм алга. Ард түмнийг хуурч ажиллаж угаас чадахгүй.

Та нар  гэнэт халагдсаны өргөдлөө шүүхэд  өгөхгүй юм уу?

Б.Б: -Мэдээж өгнө. Гэхдээ шударга бус зүйлийнх нь төлөө л өгнө. Түүнээс ажилдаа орох гэж гуйж давхиад байгаа хэрэг гэж шууд утгаар нь ойлгож бо­лохгүй. Одоо техникийн газрын үлдсэн хэлтсийн дарга нар ч гэсэн ажлаасаа гарах өргөдлөө Орхон даргад өгчихсөн байгаа. Энэ алдаа дутагдлаа засч ажил­лахгүй бол цаашид энд ажиллах шаард­лагагүй боллоо гэсэн утгатай өргөдөл өгсөн гэсэн.

Ж:Ч: -Амгаабазар
бид хоё­рыг халсан нь ташаа зүйл болж. Уучлал гуйгаад ирвэл авч болох юм гэж манай ерөнхий менеже­рээр хэлүүлсэн байна лээ. Одоо өөр таван хүн өргөдлөө өгчихөөд байгаа.

Халсан нь буруу болсон юм бол дарга чинь өөрөө уучлал гуйхгүй та нар гуйдаг нь ямар учиртай юм бэ?

Ж.Ч: -Үзэгний
үзүүрээр
хү­ний амьдралыг шийдчихээд гуйгаад ирвэл ажилд нь авна гэдэг нь өөрөө утгагүй зүйл юм. Тэгсэн атлаа халагдах өргөдлөө өгсөн нөгөө таван хүний өргөдөл дээр гарын үсэг зурахгүй гэсэн байна лээ. Хөдөлмөрийн хуулин дээр өргөдлөө өгөөд сар болоход шийдэхгүй бол өргөдөл нь шууд 
хүчин төгөлдөр болно гэсэн 
заалт бий. Тэгэхээр манай тех­ни­кийн газрын хэлтсүүдийн үйл ажилла­гаа цаашид яах нь то­дорхойгүй болж байна. МИАТ-ийн удирдлага хууль, дүрэм, стандартаараа ажиллахыг зори­хын оронд гадны хүмүүс, хята­дуудыг ирүүлчихээд байна.

Тэр хятад инженерүүдийг та нарыг халснаас хойш ав­чир­сан уу?

Ж.Ч: -Үгүй ээ, өмнө нь ав­чирсан. Гуравдугаар сарын 20-доор манай онгоц нисэх эрхгүй болчих гээд байхад шүү дээ.

Инженерүүд  нь байхгүй юм чинь  цаашид нөгөө ирсэн хятадууд ажиллах байх, тийм үү?

Ж.Ч: -Тийм л болж таарч бай­гаа. Энэ хятадууд ажиллалаа гэхэд онгоцны нисэх үйл ажил­лагаа сараас илүү үргэлжлэх боломжгүй болно. Тэд зөвхөн өдөр тутмын ажил л гүйцэтгэх болно. Яагаад гэвэл 
долоон хятад зүгээр нэг ирээд тэр их ажлыг хийж чадахгүй. Бусад чухал нарийн ажлыг гүйцэтгэ­хийн тулд нэмж 30-40 хятад ажилчин нэмж ирэх байлгүй. Ер нь тэгээд үндэсний боловсон хүчин иргэний нисэхэд хэрэггүй болох нь шиг байна. Манай инженерүүд чинь асар их зардлаар бэлтгэгд­дэг, дадлага туршлагатай, тэр EASA Part145 стандартын шаард­лага хангасан, тэднээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс юм, уул нь.                                                                                

Ярилцсан Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
редакцийн-нийтлэл

Хамтдаа мөхөх гээгүй л юм бол АН дэр нэгтгэсэн эмгэнийхээ өврөөс гарах хэрэгтэй болжээ

Жижиг намуудын эвсэж,  нэгдэх үйл  явц эхэлчихлээ. Ганц нэгээрээ сонгуульд өр­сөл­дөөд гавихгүй нь гэдгээ ч мэдсэн байх. Хорин жи­лийн хугацаанд сонгууль бүрээр жижиг намуудын гялайх ганц нэгхэн лидер нь суудал л авч байлаа. УИХ-д сонгогдсон ч нэг их үүрэггүй, хичнээн зөв юм яриад олонхид дарлуу­лаад дуусдаг. Одоо тэд  гурав­дагч хүчний орон зайн тухай  ярьж байгаа.

Төдийгөөс өдийг хүртэл Монго­лын төрд эрх баригч, сөрөг хүчин хоёр л  явж ирлээ. Үгүй бол хамтарч засаг барьж үзлээ. Хөнжилдөө  шургалсан ийм  хувилбар зөв биш гэдэг нь харагдлаа. Угаасаа эрх баригч, сөрөг хүчин хоёр тэв­рэлдэх нь ардчилсан зар­чимд нийцэхгүй.

Жижиг намууд сонгуульд өр­сөл­дөөд ганц нэг төлөөлөл УИХ-д  гарч ирсэн ч ардчи­лалд биш эрх баригчдад ар­гаа бараад үйлчилдэг жишиг бий болчихоод байна. Түү­нээс биш хэд гурваараа дуу­гараад ч тэр яриад байгаа гуравдагч хүч­нийхээ хэргийг гүйцээж чадаж байсангүй. Үнэндээ ардчиллаар гарч ирсэн тэд Ардчилсан намын саналаас зулгааж ардчилал­даа гай авчирснаас гавьяа тарьж бай­гаагүй. Хоёр сая гаруйхан хүн амтай манайх шиг улсад ийм олон намаар ч яадаг юм билээ.

Өнгөрсөн хорин жилийн хуга­цаанд хоёр намаас өөр нам торойж тодорч гарч ирсэн удаа ч алга. Үүнийг мэдээд ч энэ удаа жижиг намуудын нэгдэл явагдаж байна. Гэхдээ тэдний нэгдэл МАН, АН хоё­рыг ялж, тодорч гарна гэдэг бараг л худал зүйл. Харин  Ардчил­сан нам жижиг намуу­дын нэгдлийг ашигтайгаар эргүүлж тэдэнтэй эвсэж, нэг­дэх замыг сонговол энэ сон­гуульд ялах магадлал өндөр­сөнө. Түүнээс биш хорин  настай АН мөхөх гээгүй л юм бол ерэн настай МАН-ын  өвөрт ийм удаан хэвтэх шаард­лагагүй юм. АН-ыг Хам­тарсан Засгийн газраас гарах хэрэгтэй тухай улс тө­рийн хүрээнд нэгэнт яригдаад эхэллээ.

Түүхийн тавцангаас арчиг­дах шахсан ерэн настай МАН энэ янзаараа удаан явбал АН цуг арчигдах дээрээ хүрнэ. Хамтдаа мөхөх гээгүй л юм бол АН дэр нэгтгэсэн ерэн настай эмгэнийхээ өврөөс гарах хэрэгтэй болжээ. Ингэх­гүйн тулд АН жижиг гэх бүх намуудад найр тавьж  байж л ялах магадлал нь өндөрсөнө. Сөрөг хүчингүй Монголын төрд жижиг гэх тэр намууд сөрөг хүчний үүргийг хагас дутуу гүйцээх гэж мэрийж байгаа. Иргэний зориг, Но­гоон нам, ҮШН, бүр цааш­лаад Н.Энх­баярыгаа ч эвсэлд дуудсан яадаг юм.

МАН-ын хувьд дотоодоо асууд­лаа шийдэх гэж үйлээ үзэж одоо бүр салж үлдсэн хэдтэйгээ хэл үгээ олох гэж асуу­далтай байна. Хоёр тол­гойтой мангас шиг л толгой бүр өөр,  өөр юм ярьж маргаж мэтгээд  ард түмнийг төөрөг­дүүлж суугаа.  

“Ардчилсан
нам ардчил­лыг аварч үлдэхийн тулд бусад бүх сөрөг хүчинтэй нийлж энэ сонгуу­лиар ялалт авчирч байж МАН-ыг бүлгийн хэмжээнд хүргэхгүй уна­гаж байж л улс төрийн тавцангаас зайлуулна. Ингэж мөнхийн шахам эрх барьдаг комму­нист, олигар­хиудаасаа сал­на. Тэдний ихэнх хугацаанд эрх барьсан энэ он жилүүдэд эрх Монгол Улс өөдөл­сөнгүй” гэж хал үзсэн улстөрчид ярьж байна.

Хамаа алга, жижиг на­муудтай боломжийн тохироо хийг л дээ. Хүсээд байвал 50 квотоо өөрсдөө авч үлдсэн 26-г нь бусад намдаа өгчихнө биз. Тэдэнд боломжийн квот өгчихвөл аль өнгөтэй өөдтэй лидерүүд нь  гараад л ирнэ. Жижиг гэх намууд ч парла­ментад болом­жийн суудал­тай болохын тулд ийм алхам хийж АН-аас биш МАН-аас суудал булааж ардчилалд хувь нэмрээ оруулах юм. Уг нь жижиг гэх намууд АН-ыг ба­раадаж ирсэн жишиг байдаг. Одоо хэрэгжүүлэх л хэрэг байгаа юм. Тэдний том  болох үндэс нь АН. 

Түүнээс
биш иргэний хө­дөлгөө­нүүдийн
яриад байгаа элдвийн хувьсгал хийвэл ол­сон ардчиллаа шууд алдаж байгаа хэрэг болохоос
ард­чил­лыг аварч байгаа хэрэг биш. Төрийн
эрх барихын тулд Үндсэн хуулийн
хүрээнд шударга сонгуулиар
л ялал­тыг олж авах хэрэгтэй юм.

Categories
редакцийн-нийтлэл

Сүржин хийдэлтэй даржин айлчлал

Засгийн газрын хэвлэл мэдээл­лийн албанаас илгээсэн албан мэдээнд “Монгол Улс, БНСУ-ын харилцаа Сайн хөршийн, най­рамдал, хамтын ажиллагааны Түншлэлийн зарчимд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол,  хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжсөн харилцаагаа цаашид шинэ ша­танд гарган хөгжүүлэх зорилтоо  тодорхойлсон Монгол Улсын Ерөн­хий сайд Сүхбаатарын Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлч­лал амжилттай боллоо гэж талууд үзэж байна” хэмээн дурджээ. Али­ваа албан айлчлалын үеэр чамгүй олон зүйлийг ярьж, улс орны тэргүүнүүдтэй харилцан нүүр тулж уулздаг болохоор ямар нэг байд­лаар амжилт дагуулж чаддаг л байх. Гэхдээ Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлалаас наад цаад олон юмнаас нь илүү ард түмэн ганцхан зүйлийг л хүлээж байлаа. Тэр нь визгүй зорчдог боллоо гэсэн мэдээ. Харийн оронд хар ажил хийж хэдэн бор юм оло­хоор явсан залуус, хүний нутагт ажиллахаар явсан хань нөхрөө санагалзан суугаа эхнэрүүд, амьд­рал хайж алга болсон хүүгээ ирээ­дэх гэж айлгаж ч чадахгүй суугаа ээжүүд энэ айлчлалаас зөвхөн үүнийг л хүлээж байв. Уг нь гүйцэт­гэх засаглалын тэргүүнийг БНСУ-д айлчлал хийнэ гэсэн мэдээ­лэл хэдэн өдрийн өмнөөс л цацагдаад эхлэхэд хүмүүс өөр хоорондоо “За, өнөө визгүй зорчдог сайхан мэдээг л дуулгаж, гарын үсэг зурахаар явж байна даа” хэмээн ярьж байсан билээ. Багагүй ач холбогдол өгч, хэвлэл мэдээлээр сурталчлаад байсан болохоор тийм итгэл төрөх нь ч аргагүй биз. Гэтэл “визгүй зорчих асуудлыг судалж байгаа” гэсэн жижүүрийн хариулттайгаа хүрээд иржээ. Тиймээс ч энэ та­лаар ёс болгон хийсэн уулзалт­даа өөрөө ч бус Т.Ганди сайдыг орол­цуулж, НХХ-ийн сайд нь өөрийн­хөө зэрэг зиндаа ижил нэгнээс ёс болгон асуусан болол­той юм. Бараг ч визний хөнгөлөлт, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих тэр асуу­дал бүтэхгүй гэдгийг мэ­дээд С.Бат­болд сайд салбарын сайдаа өмнөө барьсан аж. Иймээс энэ айлчлалыг сүржин хийдэлтэй дар­жин айлчлал гэхээс аргагүй байна. Монголчууд Солонгосын хойг дахь өмнөдийнхнөөс олон юм хүлээ­дэггүй. Зөвхөн визний хөнгө­лөлт, тус улсад визгүй зорчдог өдөр хэзээ болох вэ гэдгийг л хүлээн харж суугаа. Ард түмэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа гэж томыг харахаас өөрийнх нь амьд­ралд юу ойр байна түүнийг л хүлээж байдаг. Тэгвэл БНСУ-д ажиллаж байгаа 40 мянган монгол иргэн тэдний гэр бүлийнхэн С.Батболд даргын айлчлалаас үүнийг л хү­лээж байлаа. Визийн зөрчилтэй­гээсээ хэзээ мөдгүй баригдахаа хүлээж сэтгэлийн шаналантай ажиллаж суугаа залуу, визгүй болчихвол нөхөр дээрээ очоод, хүүгээ үнсүүлээд ирэх гэсэн бүсгүй ер нь хүлээгээгүй хүн ховор доо. Үнэндээ ч тус улс руу визгүй зорч­дог болбол хоёр сая гаруйхан монгол бөөнөөрөө давхиад очлоо ч асуудал гарахгүй байх. Харин ч хоёр сая гаруйхан монголчуудад биш 49 сая солонгосчуудын хувьд визгүй зорчих нь илүү таатай нөхцөл болж таарна. Гэвч энэ удаагийн сүржин айлчлалаар виз­ний асуудал шинэ шатанд гарч чадсангүй. Улс төрийн хүрээнийх­ний ярьж буйгаар энэ удаагийн айлчлал нь “Скайтел” компанийг хувьчлан авсан бизнесмэн С.Бат­болдын ажилтай л холбоотой байж, хувьчлалын гэрээгээ батжуу­лан авсан явдал байсан гэх юм.

Ер нь энэ Засгийн газар ажил­лаж эхэлснээр ард түмэнд үр ашиг нь ойрхон байх ямар асуудал шийдэгдсэн юм бэ. Ард түмэн өөрсдөдөө хамгийн ойрхон тэр л асуудал шийдэгдээсэй гэж харж хүлээсээр байгаа ч нэг мөр болж байгаа нь алга байна. Харин дарга даамлуудынх нь ногоон гэрлээр хурдалсаар. Монголчууд Солон­гост визгүй зорчдог тэр асуудал хэзээ шийдэгдэх вэ. Монголын уран сайхны кинонд гардагчлан визгүй зорчдог болно гэсэн мэдээг “Мөн ч их хүлээсэн дээ”, С.Батболд сайдын айлчлалаас.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ирвэс өршөөж чаддаг юм байна, сэтгүүлчийг өршөөж чадах уу?

Цоохор ирвэс өршөөгдлөө. Бүр хоёр хос шүү. Азтай л амьтад юм. Сүүлийн үед Л.Гансүх сайдын унасан нэр төрийг сэргээж, пиараа хийх боломж олгож  буй хос цоохор ирвэсийг өмнө нь Засгийн газрын тогтоолоор судалгаа шинжилгээ­ний зориулалтаар  агнахаар шийд­вэрлэсэн байв. Энэ шийдвэрээ хянаж үзэхийг судлаачид хүсч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд хандаж. Тэгэхээр нь Л.Гансүх сайд ирвэсийг өршөөх үү, эс өршөөх үү гэж хэлэлцүүлэг хийлгэжээ. Үүний үр дүнд цоохор ирвэсийг агнахгүйгээр судалгаа шинжилгээ хийж болно гэж үзэж.   Нэг ёсондоо цоохор ирвэс өр­шөөлд хамрагдаж чадлаа. Л.Ган­сүх сайд ч хос цоохор ирвэсийг өршөөлд хамруулж чадав. Үүний­гээ хэвлэл бүрээр пиардаж байна. Амьтны амь аварлаа гэсэн утга­тайгаар.

Үнэндээ бол цоохор ирвэс бай­гаа эсэхийг мэдэх юм алга. Ганц ирвэс судлаач байсныг нь ад үзээд ажлаас нь хөндийрүүлчихсэн хой­но одоо хэн судлаад ийм дүгнэлт гаргуулаад байгааг бүү мэд. Бай­гааг нь ганц нэгэн авгай нарын амаар л ярьж байдаг байх. Малаа алда­хаараа л ирвэст бариулчих­лаа гэж нутгийнхан ярьдаг ч хэн ч тэр ирвэсийг нь харсан юм бас бүү мэд.

За ямар ч байсан ирвэс бай­гаад ирвэсийг нь Байгаль орчны сайд “аварсан” бол юу нь муу байхав. Харин тэрээр гэр бүлийн хоёр сэтгүүлчтэй хаусны үнийн маргаан үүсгээд байгаа. Цагтаа сайд тэдэн­тэй анд нөхөд явсан. Тэр байтугай намынхантай хийсэн гэрээний дагуу нь  тэдний хөлсөлж амьдарч байсан байрны үнийг генсек байх­даа АН-ын санхүүгээс өгч явсан юм билээ. Үйл хэрэг, үзэл бодол нэг л зүг рүү харж явсан нөхөд.

Ирвэс агнахыг болиулж чадсан болохоор нь эрхгүй ингэж асуумаар санагдлаа. Хаусны чинь үнийг өсгөж ярилаа хэмээн өширхөөд байгаа гэр бүлийн хоёр сэтгүүлч болох А.Баатархуяг, Г.Уянга на­рын­хаа асуудлыг харин яах гэж байна аа, эрхэм сайд аа. Гэрийн эзэн А.Баатархуягийг нь гэхэд Сүхбаатар дүүрэгт эрүүгийн хэр­гээр, Баянгол дүүрэгт иргэний хэргээр өгсөн байгаа юм. Үүнээс харвал Л.Гансүх сайд их завтай хүн юм. Хамгийн анхаарал хандуулах ёстой салбарын сайд атлаа бай­галь орчноо сүйтгээд байгаа нөх­дүүдтэй шүүхдэлцээд явахын оронд хоёр сэтгүүлчтэй л хэрэлдээд байхаар аргагүй ингэж бодлоо.

Амьтан өршөөж болсон юм бол анд нөхөд явсан сэтгүүлчдийг  шо­ронд явуулах гэж эрүүгийн хэрэг үүсгүүлээд байгааг тань юу гэж ойлгох вэ. Эцэг, эхийг нь шоронд явуулчихаад хоёр сартай нялх үрийг эмээгийнх нь гар дээр үл­дээж, арай том хоёрыг нь асрам­жинд аваачих гээгүй л юм бол өс санасан сэтгэл рүүгээ өнгийж нэг хармаар юм. Аягүй бол эздийг нь ийм мэтээр явуулчихаад орон байрыг нь хураах уу. Хамт нэр дурдагдсан МАН-ын сайд дуугүй л байж байхад АН-ын сайд та юунд ингэтлээ омогшив. Амьтны амь хайран ч хүний амь, амьдралаас илүү гэж үү.

АН-ын сайд ингээд байхаар хамтарсан Засгаа, хамтрагч МАН-ыгаа өмөөрч байна гэж бодоход хүрлээ. Энэ маягаараа Лү овогтын хүү Сү овогтын хүүтэй ханьсахаа­раа төрлөө мартаад өөд уруугүй сагадаг юм байна. 

Байсхийгээд л хаданд авирдаг ямаагаа  тэнгэрт авиртал нь хуу­лиар эрхлүүлдэг манайхан одоо ирвэс эрхлүүлж эхлэв. Харин хүнээ хэзээ ингэж бодох юм бол. Хос  ирвэсийг өршөөх,  хоёр сэтгүүлчийг
шоронд явуулах хоёрын хооронд нэлээд ялгаа бий шүү.
Ирвэс өр­шөөг­дөж байхад сэтгүүлч
өршөөг­дөж болдоггүй
юм уу? Ирвэсээсээ илүү хүнийг өршөөвөл эрхэм сай­дын нэр төр пиартай, пиаргүй тэнгэрт гараад л явчихна. Харин
тэднийг шоронд явуулчихвал, юун ирвэсний пиар, юун нэр төр л болох байх даа.

Categories
редакцийн-нийтлэл

Уламжлалт харилцааны шинэ эрмэлзэл

-УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ФРАНЦ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТЭМДЭГЛЭЛ-

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн Францын Үндэсний ассамблейн дарга Бернар Аккуайетэй хийсэн уулзалт тун элэгсэг дотно болсон билээ. Манай спикер УИХ-д таван удаа сонгогдсон нэгэн бол ноён Бернар Аккуайе Үндэсний хурал­даа гурван удаа дараалан сонгогд­сон нэгэн аж. Тун чиг хөнгөн шингэн алхаатай франц спикер гадаа үүдэн дээрээ Д.Дэмбэрэл даргыг угтан авч, үдэхдээ бас машинд нь суулгаж өгсөн билээ. Зочломтгой монгол гэж өөрс­дийгөө тодотгодог манайхан сур­маар хүндэтгэл шиг санагдсан. Хоёр спикерийн хувьд найрсаг харилцаагаа улам бүр батжуулах тухай хэлэлцсэн нь яриангүй. Бер­нар Аккуайе монгол­чууд Франц улсыг гурав дахь хөр­шөө хэмээдэгт нь талархаж явдгаа илэрхийлж байсан. Хуучин цагт социалист ахан дүүсээс гадна барууны ер­төнцөд Франц хийгээд Англи манай гурав дахь хөрш 
мөнийг судлаачид онцолдог. Мон­голчууд шинэ зам­налыг сонгосон 1991 онд Их до­лоогийн уулзалт дээр Франц л манайхыг дэмжих ёстой гэж ил цагаанаар ятгаж байсан гэдэг билээ. Сансар суд­лал, нисэх он­гоц­­ны үйлдвэрлэл, эрүүл мэндийн тогтолцоо, цөмийн эрчим хүчээр ертөнцөд толгой цохидог энэ улс хөгжлөөрөө дэл­хийд айргийн тавд л яригддаг. УИХ-ын даргын айлч­лалыг хоёр улсын харилцаанд томоохон үйл явдал хэмээн дүг­нэсэн Бернар Аккуайе­гаас гадна спикер Д.Дэмбэрэл Францын сена­тын гишүүн Робер Бадинтэртэй уулзсан юм. Тэрбээр цаазаар авах ялыг халуулах тухайд маш хүчтэй тэмцэж ажилладаг нэгэн. Францын Хууль Зүйн сай­даар ажиллаж байхдаа цаазаар авах ялыг улсдаа халуулж дөнгө­сөн Бадинтэр гуай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ санаачилгыг гар­гасанд талар­халтай байгаагаа илэрхийлж байв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Уг асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа, харин нөх­цөл байдал цаг хугацааны хувьд хэрхэж таарах нь уу” гэхэд 82 настай сенатын ги­шүүн “Цаазаар авах ялыг халахад цаг хугацааны хувьд тааламжтай үе гэж хэзээ ч байдаггүй. Үүнд зөвхөн улс төрийн зориг л гаргах асуудал байдаг юм” хэмээн турш­лагаасаа хуваалцаж байлаа. Хүн ямар ч бузар булай гэмт хэрэг хийсэн байлаа гээд хүний амьд явах эрхийг тунхаглаж байгаа энэ цаг дор улс орон, төр засаг нь хүнийхээ амийг авах утгагүй гэж онцолж байсан юм. Франц улс цаазаар авах ялаас татгалзсан 1981 онд хүн амын гуравны хоёр нь үүний эсрэг байсан аж. Гэхдээ одоо эсрэг байсан хүмүүс тухайн үед зөв шийдвэр гаргажээ, хүний амьд явах эрхийг тунхаглах гэмт хэрэгтнийг шийтгэх зорилгоо­соо илүү томыг харсан хэрэг байж гэцгээж байгаа юм байна. Насаа­раа энэ чиглэлээр ажиллаж ирсэн өвгөн ярианы сэдвийг болж л өгвөл цаазаар авах ялыг халах тухай руу оруулчихаад байсан. УИХ-ын дар­га сүүлийн үед яригдаад байх болсон парламентын их, бага танхимтай байх тухайд өвгөн се­натчтай санал солилцоод авсан. Робер Бадинтэр “Англи, Франц улс эртнээс төлөө­лөгчийн болон лор­дын гээд хоёр танхимтай явж ирсэн уламжлалаа­раа яваад байгаа юм. Түүнээс ач холбогдлын хувьд чухал биш” хэмээгээд манай хүн амыг яг хэд билээ хэмээн лавлаж байсан. Түү­ний үзэж байгаагаар гурав хүрэх­гүй сая хүн амтай Монголд хоёр танхимтай байх ямар ч шаардлага­гүй аж. Энэ уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн С.Оюун “Аливаа зүйлийг ярьж эхлэхэд л хүмүүс бодож эхэлдэг юм байна л даа. Одоогоос жилийн өмнө Ерөнхий­лөгч цаазаар авах ялыг үгүй болгох талаар хэлэхэд хүмүүс их цочир хүлээж авсан. Гэхдээ тэр цагаас хойш хүмүүс аль нь зөв бэ гэж бодож эхэлсэн. “Алдсан хүмүүс арван тамтай” гэгчээр ахаа, дүүгээ алдсан Даш.Зоригт ги­шүүн бид хоёр үүнийг нэлээд эмзэгээр хү­лээж авч, олон асуулга тавьж байсныг сэтгүүлч та нар санаж байгаа байх. Гэхдээ энэ тухай яригдаж эхэлснээс хойш бодож тунгаагаад байхад, сая бас энэ хүнтэй уулзсаны дараа ч гэсэн эргэцүүлэхэд хүний амьд явах эрхийн талаархи язгуур эрх ашгийг гэмт хэрэгтнүүд ойлгохгүй байлаа гэхэд төр нь ойлгох хэрэгтэй юм байна гэж бодогдож байна” хэмээж байсан.

Дэлхийн
198 орны 135
нь цаа­заар авах ялыг халсан бө­гөөд үүнийг үгүй болгосноор гэмт хэрэг өсдөг бас буурдаг гэсэн ямар нэгэн үзүүлэлт байдаггүй гэх юм билээ. Ямартаа ч Ерөнхийлөгч Ц.Эл­бэг- доржийн гаргасан энэ санаа­чилгыг бүгдийг хүлээн зөв­шөөрс­ний да­раа бус ердөө улс төрийн зоригоор л хийдэг гэдгийг хашир улстөрч байн байн сануулж байв.

Мөн спикерийн уулзсан нэгэн эрхэм бол Францын Ерөнхийлөгч Н.Саркозийн гадаад бодлогын зөвлөх, Элчин сайд Жан-Давид Левитт байлаа. Францын Ерөнхий­лөгч хамгаас нөлөөтэй байдаг учраас зөвлөхүүд нь ч улсдаа нэр нөлөө ихтэй, зөвлөхүүдийн каби­нет нь манай Засгийн газрынх шиг буцалж байдаг юм даг уу даа. Францын хувьсгалаар анхны бүгд найрамдах улсыг байгуулсан энэ үндэстэн өөрсдийгөө тав дахь бүгд найрамдах улс дээрээ явж байна хэмээн тодотгодог нь ч учиртай. Тэд дэлхий дахинд бид л анхны бүгд найрамдах улсыг байгуулсан шүү дээ гээд сануулаад байгаа нь тэр л дээ. Напалеон ирсэн буцсан үед дараа нь Шарль де Гөль дөрөв дэхийг зарласан энэ тэр гэсээр Жак Ширак тав дахь бүгд найрамдах улсыг зарласан. Хүссэн үедээ парламентаа тараачих эрхтэйгээс эхлээд энэ улсын Ерөнхийлөгчид эрх мэдэл ихээр төвлөрсөн гэгддэг. Зөвлөх Жан-Давид Левитт бол дорно дахинаар мэргэшсэн, Мон­голын тухай асар их мэдлэгтэй нэгэн байлаа. Бас 
манай түүхийг сонирхон судалдаг Ерөнхийлөгч асан Жак Ширакийн зөвлөх байсан учраас манай талаар мэдээлэл ихтэй. УИХ-ын дарга болон түүнийг дагалдан яваа багийнхан ноён зөвлөхтэй ид яриад сууж байх үед Ерөнхийлөгч Николя Саркози утас­даж таарсан юм. Тэрбээр Мон­голын спикертэй ярилцаад сууж байгаагаа хэлж, нөгөөх нь ч бүгдэд нь хүндэтгэл илэрхийлээрэй гэс­нийг тэр дамжуулсан билээ.

Ер нь энэ айлчлал олон жилийн уламжлалтай харилцаагаа улам бүр лавшруулан зузаатгах цаг ирснийг, үүний тулд аль аль талаа­саа анхааран ажиллах болсныг хэн хүнгүй сануулсан явдал болсон билээ. Ер нь хоёр орны харилцаа багахан зүйлээс л эхлэлээ авч байдаг аж. Тухайлбал францчууд Монголын ШУТИС-д франц хэл­нээс бусдаар нь мэргэжилтэн бэлт­гэдэг гэнэ лээ хэмээн гоморхонгуй ярьцгаадаг аж. Учир нь тэд техник технологийн ажилтан бэлтгэж, мэргэшүүлээд өгье гэхэд франц хэлтэй хүн олдоггүй гэж байгаа юм. Жижиг зүйл ч жижигдэхгүй их харилцааны үүд болдог ажээ.

Нар ээхүйд нүд гялбам цагаарч харагддаг Парис хот спикерийн айлчлалын эхний өдрүүдэд манан будан дунд л байсан. Цэлмэг өдөр Эйфелийн цамхаг дээрээс цасан талд байгаа мэт сэтгэгдлийг төрүүл­дэг Парис нүүрээ дутуу угаасан жаал шиг бишүүрхэнгүй. Баригдаж байх үедээ хамгийн их шүүмжлэлд өртөж, төмрийн хог гэж хэлэгдэж байсан энэ цамхаг өдгөө Францын төдийгүй дэлхийн нүүр царай болж, өдөрт сая сая хүн ирж үздэг газар болоод байгаа билээ. Төмөр хатагтай гэсэн хочтой Эйфелийн цамхгийг 1887-1889 оны хооронд гурван зуун ажилчин 18038 ширхэг төмөр хэсгийг зөөвөрлөн босгосон гэдэг. Тэр үед өдөр тутмын сонинуу­дад төмрөөр босгож буй эл цамх­гийг байнга муулж бичдэг байсан гэх бөгөөд хүчтэй эсэргүүцэгчдийн нэг нь нэрт зохиолч Ги Де Мопас­сан байжээ. Харин цамхаг ашиг­лалтад орсны дараа өдөр бүр тэнд байх ресторанд цайлж суудаг болсон аж. Түүнээс “Та Эйфелийн цамхгийг үзэн яддаг байж яагаад энд байнга ордог юм бэ” гэхэд мань зохиолч “Парист энэ цамхгийг харахгүйгээр суучих газар үүнээс өөр байна уу” хэмээн ам таглаж байжээ. Үнэхээр ч Парисын хам­гийн өндөр энэ байгууламжийг үзэн ядах хүмүүс их байсан ч эдүгээ хамгийн их жуулчин ирж, мөнгө саадаг газар болсон. Шамп де Марсын чөлөөнд “зогсох” 20 жи­лийн зөвшөөрөлтэй Эйфелийн цамхаггүйгээр Парисыг, 
Францыг
төсөөлөхөд
бэрх учраас одоо тэрхүү зөвшөөрлийн бичиг хэрэггүй болжээ. БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтан­гэрэлийг Эйфелийн цамхаг өөд бараг л наснаасаа олон гарсан байх гэж бодмоор. Гэтэл тэр хүн УИХ-ын даргыг дагалдан энэ удаад анхлан гарах гэж байгаа гэнэ. Гэхдээ Ш.Алтангэрэл сайд Парист 1964 онд 14 настайдаа анх ирж байжээ. Эцэг нь Африкийн Гвинейд Элчин сайдаар ажиллаж байгаад гэр бүлээрээ буцаж явахдаа ийн Парист саатаж. Аавынх нь бие чилээрхүү байсан тул эжий нь дүүгээ дагуулаад Эйфелийн цамх­гийг үзүүлээд ир гээд явуулсан байна. Жаал хүү цамхагт ирээд өөд гарах тасалбарын үнийг хар­тал үрэхэд дэндүү харам санагд­жээ. Дүүдээ цамхгийг үзүүлчихлээ гээд аргалах гэтэл “Дээшээ га­раагүй гэж ээжид хэлнэ дээ” гээд сүрдүүлээдэхсэн аж. Ах юм хойно аргыг нь олж, Эйфелийн дэргэдэх тоглоомын тойруулга дээр суул­гаад, зайдас авч өгөөд хуурчихжээ. “Өнгөрсөн тавь шахам жилийн хугацаанд багадаа гарч амжаагүй Эйфел дээр гаръя гэсэн хүсэл төрөөгүй гэж үү” гэж асуухад Ш.Ал­тангэрэл сайд “Тэр үед нэгэнт гараагүй хойно гараад яахав гэж бодогддог байлаа. Харин түүн дээр л суух юмсан гэж боддог” гээд хүүхдийн тоглоомын тойруулга руу эрүүгээрээ дохисон. Дүүгээ суул­гаад өөрөө ахын шийр зааж үлдсэн хүүхэд цагийнх нь хүсэл одоо ч байдаг биз ээ. Араас нь залгуулж элчин сайд “Одоо цамхгийн орой дээр өргүүрээр гарч өнгөрсөн он жилүүдэд юуг алдаж явж вэ түү­нийгээ харъя” гээд хошигнож бай­сан. Ямартай ч тэртээ 47 жилийн өмнө Эйфелийн цамхаг дээрээс Парисыг тольдож чадаагүйгээ Эл­чин сайд энэ удаа амжуулсан юм даг. Тэртээ арвангуравдугаар зуунд эхлэлээ тавьсан манай хоёр улсын харилцаа өргүүрт сууж, дээш гарч амжихгүй айвуу тайвуу явсаар өнөөг хүрчээ.

Дэлхийн
тэргүүлэх
энэ гүрэнтэй, эртний сайхан ха­рилцаатай энэ үндэстэнтэй хамт­ран шинэ шатаар өгсөх их ажлын эхлэл энэ айлчлал болох биз ээ. Элчин сайд Эйфе­лийн орой руу гарч түвдэхгүй явсаар сая нэг амжуулсан шиг Монгол Улс гурав дахь хөршөө хэмээсэн Франц улс­тай харил­цаагаа жинхэнэ утгаар нь өр­гөжүүлэх өргүүр өнөөдрөөс, спи­керийн айлчлалын аясаас хө­дөлж эхлэх буй.