Categories
редакцийн-нийтлэл

МАНАН-гаас тодорсон Н.ЭНХБАЯР

Д.ЗОРИГТЫГ ЗОЛИГТ ГАРГАХ БҮТЭЛГҮЙТЭЛ

Төрийн ордон гадна доторгүй савчаантай. Гадуур нь “Гал үндэс­тэн”-ийхэн морьтойгоо шаардлага барьж давхиад Чингэсийн үеийг дахин сэргээхдээ тулав. Харин Төрийн ордны дотор үйл явдлууд өрнөж байна. Сонгуулийн хууль, Засгийн газрыг унагах   янз бүрийн хувилбартай улстөржилт, эрх ба­ригч намуудын дотоодын зөрчил тэмцэл, албан тушаалын амбиц гээд ер юу эс болохов. Саяхан АН-ын гурван гишүүн болох С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар  Д.Зо­ригт сайдыг огцруулах санал оруул­сан ч бүтэлгүйтэв. Санал оруулсан болж ингэж жүжиглэх нь зөвхөн өөрсдийнхөө пиарыг л хийх гэсэн оролдлого гэж нэг хэсэг нь хардаж  байгаа. Тэдний энэ сана­лыг улстөржилт гэж харах хүн олон. Зориуд хамгийн залууг нь барьж авч байна. Цаагуураа Засгийг  хөдөлгөх гэсэн оролдлого гэж тэд үзэж  байгаа юм.

Удирдах зөвлөл  дээр нэгэнт огцруулахгүй гэдгээ тохирсон уч­раас дээрээ удирдлагын заавартай шийдвэрийг МАН-ын гишүүд да­гахгүй гээд яахав. Ингээд л кноп­чины ажил хийж нийтээрээ Д.Зориг­тыг авч үлдлээ гэж дургүйцэх МАН-ын гишүүд  бас байна.  Ер нь тэгээд МАНАН байгаа цагт ганц нэгээр нь ингэж сугалах гэсэн оролдлого бүтэхгүй юм байна. Тэгээд эрх барьж байгаа намын сайдыг цөөнх болоод Засгийн газарт хамтарсан намын гишүүд огцруулна гэдэг нь өөрөө утоп санаа. Гэхдээ ийм санаануудыг гаргах боломж нь УИХ-ын тухай хуулинд байдаг болохоор яая гэхэв.

Аль ч Засгийн газрыг огцруулах сонирхол байнга л явж байдаг.  Энэ удаа Засгийн газрыг унагах со­нирхолтнууд  урсгалаар нь явуулж байгаад намраас дахин оролдож эхэлье гэж ярьсан байх юм. Энэ бол угаас байж л байдаг зүйл. Учир нь албан тушаалгүй хоцорсон хүмүүс албан тушаалтай болохыг хүсэл­гүй л яахав. Ийм хүмүүс МАН-д ч байгаа. АН-д ч байгаа. Харин МАНАН-гаас АН-ыг гаргах сонир­хол Ардчилсан намын жирийн ги­шүү­дийн дунд бүр их яригдах бол­жээ. Дайны хажуугаар дажин гэг­чээр элдэв асуудлаа яая гэж байхад нь АН-ынхнаас гадна өөрийнх нь намынхан янз бүрийн бор шувуу нисгээд Ерөнхий сайд С.Батбол­дыг амраахгүй байгаа аж. Тухайл­бал нарийн бичгийн дарга У.Хүрэл­сүхийг намын даргад зүтгэх нь гэж ярьж эхэлжээ. Намын дарга, Ерөн­хий сайд хоёрыг салгаж на­мар Засгийн газрыг унаган Ерөн­хий сайдад Н.Энхболдыг зүтгүүлнэ гэсэн мессэж ч МАН-ын зарим улстөрчдийн хүрээнд таржээ. Хэн нь хэн байхав гэдгээс илүүтэй МАНАН-г сарниах төлөвлөгөө бол   хаа сайгүй л яригдаж байгаа сэдэв. Гэхдээ МАНАН-г МАНАН л сарниах  болов уу. МАН-д ч , АН-д  ч Засгийн газрыг огцруулчих сонирхолтнууд бий. Ялангуяа сонгууль дөхөж байгаа энэ цаг үед. Тэртэй тэргүй ирэх сонгуульд нэгдэж орох гээгүй л юм бол салж сарних цаг нь болсон. Энэ Засгийн газар уул уурхайг эргэлтэд оруулах, Үндсэн хуулийг өөрчлөх, Сонгуулийн хуу­лийг өөрчлөх зорилготой л байсан биз дээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулиа баталсан. Одоо Үндсэн хуулийг өөрчлөх хугацаа энэ парламентад байхгүй. Өөрч­лөлт оруулах хуулиа баталчихсан хойно одоо болоо ш дээ. Уул уурхайг эдийн засгийн эргэлтэд зөв,  буруу  аль нь ч бай оруулчих­лаа.  Сонгуулийн хуулийг батлахын хувьд заавал Хамтарсан засаг байх албагүй. Угаасаа намуудын эрх ашгийг хөндсөн хууль намын бүлэг дээр л шийдэгддэг шүү дээ. Засгийн газрын оролцоотой орол­цоогүй. Энэ нь хоёр нам хамтраад засаг бариад цааш явах нь улс төрийг улам л увайгүй,  ичгүүргүй болгож хувиргана. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн өгсөн ярилц­лагаас харахад ялангуяа МАН-ын гишүүд АН-ынхаа гишүүдэд хойд эцэг мэт хандаж эхэлж байна. Энэ нь Ардчилсан намыг нийгэмд өөрийгөө авч явж чадахгүй балчир хүүхэд мэт харагдуулж байгаа. 

Улмаар Ардчилсан нам сон­гуульд орох санал авах боломжоо  өдөр хоногоор МАН-д алдаад байна гэсэн үг. Энэ нь МАН-д  ашигтай болохоос АН-д хамгийн хортой үзэгдэл. Хэрэв хамтраад цаашид ингэж удаан явбал улс төрийн гуравдагч хүчинд боломж олгоно. Яг ийм нөхцөлд 1933 онд Гитлер Засгийн эрхэнд гарч ирсэн. Том хүчнүүд үг хэлж чадахгүй дор­витой сөрөг хүчингүй байсан нь захын нэг нацистыг  төрийн эрхэнд гарах боломжийг олгосон шүү дээ. Нийгэмд сөрөг хүчингүй болохын аюул нь нийгмийн тогтолцоог өөрч­лөх сэдлийг төрүүлдэг. Учир нь иргэд 76 мангуу гэж ярих нь их болсон. Энэ нь парламентын за­саг­лалд итгэхээ байсны эхний шинж тэмдэг. Цаашлаад нийгмийн сэтгэхүйг Ерөнхийлөгчийн засаг­лал руу түлхэж буй буруу  хандлага юм.

БУЦАЖ ИРСЭН Н.ЭНХБАЯР

“Сант
марал”-ын судалгаагаар “Хамгийн нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь улс орныхоо улс төрийн амьдралд оролцоосой гэж хүсдэг вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчид  Ерөнхийлөгч  Ц.Элбэг­дорж, Ерөнхийлөгч асан Н.Энх­баяр хоёрт олонхи нь санал өгчээ. Нэг үгээр хэлбэл дээрх хоёр хүн бусад улстөрчдөөсөө хол тасар­хай гарч иржээ. Одоо ажлаа хий­гээд яваа Ц.Элбэгдорж олон ний­тэд үнэлэгдсэнийг нь ойлгож болж байна. Харин улс төрөөсөө жийгд­сэн Н.Энхбаяр өндөр рейтингтэй яваа нь яах аргагүй анхаарал татаж байна. Манай ард түмэн чинь өрөвчхөн сэтгэлтэй улс. Цагтаа цалгиж явсан Н.Энхбаярыг нам нь,  нөхөд нь жийгээд эхлэхээр өрөв­дөж хайрласан байх талтай.     Ямар ч байсан Н.Энхбаяр эргэж ирж байгаа юм байна гэж энэ судалгааны дүнгээс харлаа. Сал­гаад авсан МАХН-ыг нь зөвшөө­рөхгүй байлаа гэхэд  бие дааж нэр дэвшээд ч ороод ирж мэдэх хүн.

“Баатарцогтын нагацыг бага үнээр банжаа юу даа” гэдэг шиг Н.Энхбаярыг басч болохгүй ээ. Цаадах чинь ирж яваа юм байна. Гараад ирлээ гэхэд нэг суурин дээрээ сууна гэж байхгүй. Заавал л ахина. Тэгээд өндийгөөд ирвэл нь нөгөө урвасан нөхдүүд одоо ер нь яанаа.  Тэр нөхдүүдийн заримыг нь гадны биеэ үнэлэгчдийн өврөөс  гаргаж  ирээд ч өөд нь татаж явсан үе бас бий. Хүний тусыг огт үгүйсгэ­вэл хүн чанаргүй л юм болно шүү дээ, МАН-ынхаан. Цаадах чинь ингээд нэг өндийчихвөл ч  өшөөгөө харин ч нэг сайн авах байх шүү.   Н.Энхбаяр өөрийнхөө хүчээр тө­рийн өндөр суудлуудыг зайдалж байсан. Монголчууд төрт ёсны уламжлалтай ард түмэн. Хачир­халтай нь ард түмэн өнөөдөр Н.Энхбаярыг эрх баригчид шиг зүхэхгүй байгаа. Н.Энхбаяр дахин орж ирэх орон зай бий. Судалгаа угаас Н.Энхбаяр сайндаа биш,  намууд муу учраас тэгж гарч  байгаа юм. Түүний гарт дахиад олон том хөзөр бий. Өнөөдөр МАН-аас МАХН-ын нэрийг нэхэх эрх  Н.Энх­баярт байна. Хамтарсан засгийн газраас үр дүн шаардах эрх мөн л Н.Энхбаярт бий. Хам­тарсан Зас­гийн газар хэдэн хүнийг баяжуулж хэдийг ядуу болгосныг тооцоод зарлачих чадал мөн л түүнд бий. Өнөөдөр тэрээр гудманд гарснаа­раа сөрөг хүчний хэм­жээлш­гүй эрхийг эдлэх боломжтой болсон. Ирэх УИХ-ын сонгуулиас долоо хоногийн өмнө тавьсан долоон асуулт нь түүнийг парла­ментад намын бүлэг байгуулах хангалттай боломж олгоно. Хам­тар­сан Зас­гийн газрын жижиг алдаа Н.Энх­баярын нүдээр харвал хангалттай том алдаанууд болж хувирна. Энэ бүхэнд МАНАН хариу өгөх ямар ч чадалгүй сон­гуульд орно. Харин МАНАН хуга­цаа ал­далгүй сарни­сан тохиол­долд Н.Энх­баярын өнгө бүдгэрч эрх баригч намуудын өн­гийг ард түмэн сонирхох болно.

 
МАНЫН ТОЛГОЙНЫ ӨВЧИН БУЮУ СОНГУУЛИЙН ХУУЛЬ

Уг нь аль, аль намын хувьд Сонгуулийн хууль толгойны өвчин мөн. Тэр тусмаа Сонгуулийн хуу­лиас болж хамгийн их толгой нь өвдөж шаналж буй нам бол МАН.   Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын дарга нартай уулзаж Сонгуулийн хуулийн талаар ярилц­жээ. Ерөнхийлөгч намын дарга нараас аль хувилбараар явуулах нь дээр гэж бодож буйг нь асууж. Ихэнх нь холимог хувилбарыг дэмжиж байна гэнэ.  МАН ч холимог хувилбарыг байж болох юм гэж. Харин тооны харьцаа ямар байхыг тодорхой хэлж мэдэхгүй байна гэж МАН-ынхан хэлсэн гэнэ. Одоо яригдаад байгаа 26:50 гэсэн хувил­барыг шууд авлаа гэхэд УИХ-д  байгаа дөчин хэдэн гишүүнээ алийг нь гэхэв. Заримыг нь жийлээ гэхэд МАХН-аас очоод нэр дэвших ч юм билүү. Зарим эх сурвалжийн ярьж байсанчлан МАН Н.Энхбаяртай­гаа учраа олно гэдэг бол лөөлөө бол­сон бололтой юм. Тиймээс эцсээ хүртэл Н.Энхбаяртайгаа үзэж тарж байгаад л  дуусах юм байх. Гэхдээ Н.Энхбаяраасаа айж байгаа нь бол илт. Хөдөөгөөр явуулсан нууц судалгааны сураг сонсдох болсон.

МАН, МАХН хоёр
бараг л ижил тэнцүү хувь авсан байх аж. Үнэндээ энэ хоёр
нэрийг ялгахаа
байсан юм билээ. Тэгэхээр Сонгуулийн хуулиа Н.Энхбаяртаа тааруулж хийх хэрэг гараад байдаг. Н.Энх­баярын МАН-д учруулах хамгийн том аюул бол МАХН гэсэн үсэг ч
биш, одоо дагаж далдаганаж байгаа улсууд нь ч биш. Харин Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс болж түүн рүү хөрвөж чадах МАН-ын парламентад бай­гаа арваад гишүүн. Ямар ч
тохиол­долд дээрх гишүүд МАН-д
Н.Энх­баяраас хэд дахин илүү хохирол учруулж чадах бөгөөд Н.Энхбаяр­тай нэгдсэн тохиолдолд МАН-ын хувь заяа бүрхэг болно.

Categories
редакцийн-нийтлэл

Хөгжиж байгаа ч улстөржиж угтсан СҮХБААТАРЧУУД

Ерөнхий сайд Сүхбаатар аймагт очиход
хүндэт харуул жагсан угтан авлаа. Иргэд төв талбайгаараа дүүрэн ирсэн байв.  Д.Сүхбаатар жанжны  хөшөө бүхий төв талбайдаа  LED дэлгэц байр­луулжээ. Дэлхийн хөл бөмбөгийн
аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн төвийнхөн эндээ үзэж таашаал авдаг юм байх.
Ерөнхий сайд тус аймгийн ус цэвэршүүлэх байгууламж, дунд  сургууль, эмнэл­гээр орж үйл ажиллагаатай нь танилцсан
юм. Мөн очсон аймаг бүртээ зарим асуудлыг 
газар дээр нь шийдэж  явлаа.    Иргэд Ерөнхий сайд С.Батболдыг хүлээгээд  Хөгжимт жүжгийн театрт зайгүй цугларчээ.  Орон нутгийн асууд­лаас гадна ажиллаж буй салба­рынхаа,
бүр хувийн зовлон жаргалаа тоочих нь байх юм. Үгүй бол үзэл бодлоо илэрхийлэх аж.
Сүхбаатарчууд УИХ-ын сонгуу­лиар үргэлж МАХН-ын (МАН-ын) төлөө санал өгч ирсэн болоод
ч тэр үү уулзалтын үед час улаан хэвээрээ л байгаа нь анзаарагдсан юм. Орон нутагт  өнгөрсөн сонгуу­лиар Ардчилсан нам ялжээ.  Байдлыг харах нь ээ Сүхбаатар аймаг өнгө зассан
байна. Хэдэн жилийн өмнөхөөсөө шүү. Залуу удирдлагууд нь ч гар нийлж ажиллаж байгаа
бололтой. Ядаж л нийслэлд шороо болоод байдаг гутал бүртийх тоосүй байж болоод байна
лээ. Явган хүний хавтангаа хийх гэж хөрш Дорнод аймгаасаа зөөдөг байсан бол одоо
өөрсдөө хийдэг болж. Тоосгоны үйлдвэртэй болсон болохоор дорнодчууд тоосго авдаг
болжээ. Хатуу хучилт­тай зам, автомашины зогсоол, үйлчилгээний шинэ төв, цэцэрлэгт
хүрээлэн, 75 айлын орон сууц гээд сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа ажил нүдэнд илхэн.
Аймагтаа жишиг хороолол байгуулсан нь сонирхол татаж байв. Заасан юм шиг нэгэн жигд
байшингууд, ижил өнгийн хашаа нь цэвэр цэмцгэр харагдах аж. Сүхбаатарчуудын нэг
гол шүдний өвчин бол ундны ус байсан. Одоо харин цэвэршүүлэх байгууламж барьсан
учир энэ зовлонгоосоо салсан байна. Мөн хэдхэн хоногийн өмнө дулааны цахилгаан станцын
шав тавьсан гэнэ. Сүхбаатар аймаг зоогийн газартаа тамхи татахыг хориглоод хэдэн
жилийн нүүр үзжээ. Иргэд ч энэ журмыг сайн биелүүлэх юм. Дээр нь гялгар уутыг хэрэглээнээс
гаргахаар зорьсон учир дэлгүүрээс уут олно гэдэг нүдний гэм болжээ.  Саяхан сүхбаатарчууд Соёлын өдрүүдээ нийслэлд
нижгэр зохион байгуулсан билээ.  Олон хийсэн
ажлууд байгаа ч хэд хэдэн хүн үг хэлэхдээ 
Засаг даргаа хатуу шүүмжлэв.  Хувийн
болоод улс төрийн өнгө аяс орсон энэ шүүмжлэлд Ерөнхий сайд харин зөв өнцгөөс нь
харсан үг хэлнэ лээ. “Юм хийсэн хүн үргэлж шүүмжлэлд өртөж байдаг” гэж.   Засаг даргаа зад шүүмжилсэн нутгийнхан бурхан
мэт үзэх Ч.Улаан, Р.Буд хоёрыгоо харин ч нэг зайгүй маг­таж байна лээ. Ч.Улаан гишүүнийг
үг хэлэх бүрт ширүүн бороо шаагих мэт л алга ташаад байсан. УИХ-ын гишүүн ч гэж
хэлэхгүй юм. Улаан сайд маань гэцгээх аж. 

Уулзалтын гадуур бас иргэдээс Засаг
даргын үйл ажиллагаатай холбоотой асуулт асуухад гурван хүний хоёр нь лав ам сайтай
байна лээ. Уулзалтын үеэр ирэдийн их сонирхож буй зүйл нь хүний хөгжлийн сангийн
мөнгийг бэлнээр нь, бөөнөөр нь өгөөч гэж гуйх юм. Таван толгойн хувьцааны талаар
ч сонирхож байна. Зүүн аймгийн иргэд нэг зүйлд их санаа зовдог аж. Учир нь аль ч
аймагт очсон уул уурхайн асуудал сөхөгдөх бөгөөд байналь орчин сүйдэж байгаа болон
монгол ажилчдын цалин хөлс бага байдаг, гадаадын хөрөнгө оруулагчдын дураараа загнах
нь хэтэрсэн гээд л шүүм­жилж гарах юм. 

  
Мөн “Хотод жагсаал цуглаан хийгээд байгаа тэр Их хуралдай энэ тэр чинь ард
түмэн бүгдээрээ биш үү, Ерөнхий сайд аа. Хэсэг хүмүүсийн л улстөржилт. Түүнээс биш
юу юугүй хүний толгой авах юм яриад байгаа нь зөв биш”  гэж байна, тэд. 

Иргэд “Гэрийн нохойн сүүл өөдөө гэдэг
байсан бол манай аймагт үйл ажиллагаа явуулж гадны хөрөнгө оруулалттай компаниуд
хэтэрхий даварч байна” гэсэн гомдол хэлж байв. Уулзалтын үеэр  анхаарал татсан зүйл нь Жаргалсайхан хэмээх залуугийн
үг байв. Эмч, эмнэлгийн ажилчдын буруугаас эхнэр, дөнгөж төрсөн хүүхдээ алдсан тэрээр
зааланд байгаа олон хүнийг нулимс унагахад хүргэсэн юм.   Тэрээр “Одоо болтол шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй.
Үүнээс болж хэнд ч арга хэмжээ аваагүй.  Холбогдох
бүх л байгууллагад хандаад хэн ч хариу өгөөгүй”-г Ерөнхий сайдад хоолой зангируулан
хэлсэн юм. Мөн тэр залуу “Ганц хар амиа бодож байгаа юм биш. Дараа ийм зүйл давтуулахгүйн
тулд үүнийг хэлж байна” гэлээ. Эмч эмнэлгийн байгуулагад арга хэмжээ авч өгөөч ээ
гэхэд газар дээр нь баг томилж,  уулзалтын
дараа энэ талаар яаралтай хуралдахыг Ерөнхий сайд үүрэг болгов.

    Хүүгээ хүний гарт алдсан гэж үздэг  Б.Чадраа гуайн  үг бас анхааралд өртөв. Олон жил холбогдох бүх
байгууллагаар нь яваад ч олигтой үр дүнд хүрээгүй гэдгээ өвгөн хэлнэ лээ. Уулзалтын
төгсгөлд өндөр настан О.Мангал гуай эв эетэй байхыг сануулаад “Улстөржөөд сайн зүйлд
хүрэхгүй. Хамтраад засаг барилаа гээд муудсан юм алга, тэр энэ нам гэхээсээ илүүтэй
улс орноо л өөд нь татах хэрэгтэй хүүхдүүд минь” гэж танхимын уур амьсгалыг зөөллөсөн
юм. 

Сүхбаатарчууд Ерөнхий сайдад дарьганга
хийцийн гайхал­тай уран сэтгэмжтэй тэнзэн ташуур бэлэглэсэн юм. Харин Ерөнхий сайд
эмнэлэг, сургуульд машин бэлэглэнэ лээ.  

Ямар ч байсан Сүхбаатар аймаг хөгжих
нь тодорхой болжээ. Харин улстөржсөн хэвээрээ л байна лээ.

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Зоригт: Хүний амийг ямар ч тохиолдолд егүүтгэж болохгүй гэдгийг төр өөрөө үлгэрлэн харуулах ёстой

Улсын Дээд шүү­хийн Ерөнхий
шүүгч, Шүүхийн Ерөнхий зөв­лө­лийн дарга Ц.Зоригт­той ярилцав. Түүний Ерөнхий
шүүгчээр то­ми­логдсоноосоо хойш хэвлэлд өгч байгаа анх­ны ярилцлага нь энэ юм.

-Та Улсын Дээд шүү­хийн Ерөн­хий
шүүгчээр томилогдоод бараг ха­гас жил болох гэж бай­на. Энэ хугацаанд юуг хийж
амжуу­лав гэдгээс яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы
уншигчдын энэ өдрийн амар амга­ланг айлтгая. Миний бие Ул­сын Дээд шүүхийн Ерөн­хий
шүүгч, Шүүхийн Ерөн­хий зөвлөлийн дар­гын ажлыг хүлээн аваад удах­гүй зургаан
сар бо­лох гэж байна. Өнгөрсөн хуга­цаанд Монгол Улсын Үн­дэсний аюулгүй байд­лын
зөв­лөлөөс зөвлөмж бол­госон “Шүүх эрх мэд­лийн хүрээнд шинэт­гэ­лийг гүнз­гийрүүлэх
хөтөл­бөрийг шүүхэд хэрэгжүү­лэх аж­лыг эрчимжүүлэх үндсэн чиглэл” гэсэн аж­лын
тө­лөв­лөгөөг боловс­руулж гаргалаа. Энэ ба­римт би­чиг нь шүүхийн стратеги
төлөвлөгөө буюу бидний цаашдын зорил­го, зо­рилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх
үр дүнг тодор­хойл­сон нэг үгээр хэлбэл үйл ажилла­гааны “газрын зураг” гэж
ойлгож болно.

Мөн шүүхэд эрх зүйн шинэт­гэлийг
гүнзгий­рүүлж, Захиргааны хэр­гийн шүүхийн тогтолцоог улам боловсронгуй бол­гох
үүднээс Захир­гааны хэр­гийн давж заалдах шатны шүүхийг шинээр бай­гуулж, үйл
ажилла­гааг нь эхлүүллээ. 2004 онд Мон­гол Улсад Захир­гааны хэргийн дагнасан
шүүх анх байгуу­лагдаж, үйл ажиллагаагаа эхэлс­нээс хойш 2011 оны дө­рөв­дүгээр
сарын 1-ний өд­рийг хүртэл давж заал­дах шатны чиг үүргийг Улсын Дээд шүүхийн
За­хиргаа­ны хэргийн танхим хэрэг­жүүлж байлаа. Давж заал­дах болон хяналтын
шат­ны шүүхийн чиг үүр­гийг нэг танхимын шүүг­чид хэрэг­жүүлж байсан нь
дагнасан шүүхийн зо­рилго, үйл ажил­лагааны үндсэн зар­чим зөр­чиг­дөж, зарим
хүндрэлүүд үүсгэдэг бай­сан. Одоо давж заалдах жур­маар гомдол гаргасан захир­гаа­ны
хэргийг улсын хэм­жээнд бие даа­сан шүүх хянан шийдвэрлэх болс­ноор Монгол
Улсад за­хир­гааны хэргийн даг­на­­сан шүүхийн тогтол­цоо бүрэн утгаараа
ажиллах болов. Шинэ шүүхийг бай­гуулж, хуульд заасан хуга­цаанд үйл ажил­ла­гааг
нь эхлүүлэхэд дэмж­лэг тус­лалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхий­лөгч, Ул­сын Их
Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороонд энэ даш­рамд та­лархлаа илэр­хийлье.

Шүүхийн
үйл ажилла­гааг олон
нийтэд нээлт­тэй, ил тод болгоход чиг­лэсэн зарим ажлуудыг хийж байна. Юуны тү­рүүнд бүх
шатны шүүхүү­дийг өөрийн цахим хуу­дас­тай болгож, түүнд ту­хайн шүүхийн талаарх мэдээ, мэдээлэл,
үйл ажил­ла­гааны
тайлангаас гадна шүүхийн
шийдвэр, тогтоо­луудыг нийтэлж байна. Энэ нь шүүхийн
шийдвэр хэрхэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий
гарч бай­гааг иргэд олон нийт үзэж
ойлгох, тэдний эрх зүйн
мэдлэ­гийг дээшлүүлэх, шүүг­чид шийдвэр, тогтоо­лоо бо­ловс­­руулахдаа
илүү чам­бай хандахаас
гадна шүү­хийн практик
судла­лын чиглэлд чухал ач хол­богдолтой байх болно.

Монгол Улсын бүх
шатны шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санг бий болохоор төлөвлөн холбогдох
судал­гаа, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулаад байна.

Энэ хугацаанд
Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймаг
дахь шүүхүүдийн ажил байдалтай биеч­лэн танилцаад байна. Ингэснээр шүүхийн үйл
ажиллагаанд тулгам­даж байгаа ямар асуудлууд бай­гааг газар дээр нь судлан
биечлэн танилцаж, шийдвэрлэх арга замуу­дыг тодорхойлж  байна.   

Цаашдаа шүүх эрх
мэдлийг Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн шударгаар хэрэгжүү­лэх,
шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхийн удирд­лага,
дотоод ажлын зохион байгуулалт, хүний нөөцийг бэхжүүлэх, гадаад харилцаа, хам­тын
ажиллагааг өргө­жүүлэн хөг­жүү­лэх, менежментийг боловс­ронгуй болгох зэрэгт
гол анхаарлаа хандуулан ажиллана.

-“Шүүх эрх
мэдлийн шинэч­лэл ба шударга ёс” чуулга уул­залт саяхан болж өнгөрлөө. Энэ
чуулга уулзалтаас ямар үр дүн гарав. Ер нь энэ арга хэмжээний дараа шүүх
дорвитой өөрчлөг­дөнө гэж найдаж болох уу?

-Монгол Улсын
Ерөнхийлөг­чийн санаачилгаар “Шүүх эрх мэд­лийн шинэчлэл ба шударга ёс”
үндэсний чуулган Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганы онцлог
нь шүүх эрх мэд­лийн шинэт­гэлийн талаар зөвхөн тухайн салбарын төдийгүй, хууль
тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, иргэ­ний нийгэм, бизнесийн төлөөлөл, хууль зүйн
сургуулиуд болон эрдэм­тэн судлаачид, олон улсын байгууллага зэрэг бүхий л
талуу­дын төлөөллийг оролцуулсан, асуудлыг олон талаас нь ярилцаж, шийдлүүдийг
тодорхой хэмжээнд томъёолж чадсанаараа чухал ач холбогдолтой болж чадсан гэж
үзэж байна. Үндэсний чуулганаас нэгд­сэн санал, зөвлөмжүүд гарсан, шинээр
батлагдан гарах Шүүхийн тухай багц хуулиуд болон бусад хууль тогтоом­жид
тусгалаа олно гэдэгт итгэлтэй  байна.

Шүүхийн
тогтолцооны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн ерөнхий
зөвлөлийн тухай хуулиудад зарч­мын шинжтэй шинэлэг зохицуу­лалтуудыг зоригтой
оруулан, Улсын Их Хурлаас тэдгээрийг баталж чадвал шүүхийн шинэчлэл амжилттай
хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэнэ. 

-Олон нийт
шүүхэд шүүмж­лэлтэй хандах нь олонтаа. Шүүхийн шинэтгэл гэж яриад удаж байна.
Шүүхэд ер нь шинэт­гэл хэрэгтэй байгаа юу. Хэрэгтэй бол юуг нь шинэчлэх
хэрэгтэй вэ?

-Хүмүүнлэг
иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон иргэд
төрийн үйл ажиллагааны талаар санаа бодлоо чөлөөтэй илэрхий­лэх, алдаа дутаг­далтай
зүйлийг шүүмжлэх эрхтэй. Төрийн байгуул­лагын бүтэц, тогтолцоо нийгмийн
хэрэгцээ шаардлагыг даган байнга шинэчлэгдэж байх ёстой, шүүх ч үүнд мөн адил
хамаарна. Иймээс хүрсэн үр дүн ололт дээрээ тул­гуур­лан алдаа дутагдлыг залруу­лах
замаар шинэчлэлийг байнга хийх шаардлагатай. Нэн түрүүнд чадварлаг, ёс зүйтэй
хүний нөөцөөр шүүхийг хангадаг, шударга тогтолцоог бий болгох, шүүхийн
санхүүжилтийн өнөө­гийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх, үйлчилгээг олон нийтэд
илүү ойр­туулж, чанар, үр дүнг нэмэгдүүлэх, шүүхийн бие даасан байдлыг нь
бодитоор баталгаажуулах шаард­лагатай байна.

-Та сайн
ажиллалаа ч удирд­лагад тань байгаа хүмүүс алдаа дутагдал гаргасаар л байна.
Тэр нь шүүх муу гэсэн нэр зүүхэд хүргэдэг. Тухайлбал нэг дүүр­гийн шүүгчийн
хүүхдийн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг нь дуус­гах гэж элдэв арга саам хийсэн
тухай яригддаг. Сая Хэнтийд гар­сан үйл явдал гээд шүүгчийн нэрд цөвтэй зүйлс
цөөн­гүй гарч бай­­на. Шүүхийн ажилтны ёс зүйн талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Шүүгчийн ёс зүйн
дүрмийг 2003 онд Шүүгчдийн зөвлөлийн хуралдаа­наас баталж мөрдсөн боловч цаг
хугацааны эрхээр дээрх дүрмийн зарим заалтуудыг өөрч­лөх зайлшгүй шаардлага
байсан учир “Транс­пэрэнси-Монгол” ТББ-тай хамтарч Үндсэн хууль, бусад хуулиуд,
шүүхийн ёс зүйн талаарх Банглорын болон, Азийн бүс нут­гийн шүүхийн хараат бус
байдлын зарчмуудад нийцүүлж, шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн боловс­руулж,
2010 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Шүүгч­дийн зөвлөлийн хуралдааны 02 дугаар
тогтоолоор, мөн шүүхийн ажилтны ёс зүйн дүрмийг Шүүхийн ерөнхий зөвлө­лийн
даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр захирамжаар тус тус
баталсан, өнөөдөр шүүгчид шүүхийн ажилт­нууд дээрх дүрмийг мөрдөн ажил­лаж
байна.

 Өөрөөр хэлбэл манай шүүгч, шүүхийн ажилтнууд
бүгд үйл ажил­лагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээтэй болсон. Ёс зүйн зөрчил
гаргасан шүүгч, шүүхийн ажилт­нуудад хариуцлага тооцдог меха­низм шүүхийн хувьд
бүрэлдсэн бөгөөд шүүгчийн хувьд Шүүхийн Сахилгын хороо, шүүхийн ажилт­нуудын
хувьд тухайн шүүхийн тамгын газар, хэлтсийн дэргэд ёс зүйн хороод  ажиллаж байна. 2010 оны 11 сараас хойш нийт
66 шүүг­чид холбогдох 53 гомдол иргэд, байгууллагаас шүүхийн сахилгын хороонд
ирүүлсэн бөгөөд найман шүүг­чид сахилгын хэрэг үүсгэн шалгас­наас долоон
шүүгчид сахил­гын арга хэмжээ авснаас хоёр шүүгчийг албан тушаалаас нь
огцруулсан байна. 

Цаашид шүүгч,
шүүхийн ажилт­нуудыг сонгон шалгаруулахад хамгийн түрүүнд анхаарах зүйл бол нэр
дэвшигч нарын зан сурта­хууны байдал бөгөөд түүнд боди­той дүгнэлт өгч,
шаардлага ханга­сан хүмүүс шүүхийн өндөр босгоор алхаж ордог төрийн албан хааг­чийн
дийлэнх олонхи нь шударга, ёс зүйтэй хүмүүс гэдэгт итгэлтэй байдаг.

-Ээжээрээ
шүүлгэж ааваараа мөрдүүлнэ гэж ярих юм. Хууль хяналтын байгууллагад гэр бү­лийн
ийм тогтолцоо бий болчих­сон юм биш үү. Үүнийг яаж өөрчлөх вэ?

-Хянан
шийдвэрлэгдэж байгаа хэргийн оролцогч нь шүүгчтэй садан төрлийн холбоотой эсвэл
шүүгч нь хэргийн оролцогчтой хувийн харь­цаатай бол шүүгч өөрөө татгалзан гарах
үүрэгтэй байдаг. Энэ зарчим прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид ч
адилхан үйлчилдэг. Амьдрал дээр харж байхад хуулийн сургуульд хамт сурч байхдаа
гэр бүл болсон хүмүүс нэлээд байдаг цаашид мэргэжлийнхээ чиглэлээр буюу шүүх,
прокурор, цагдаа, өмгөөлөл гээд үйл ажиллагаа нь өөр хоорон­доо холбоо­той
байгууллагуудад ажиллах нь бий. Энэ нь эргээд олон нийтийн зүгээс элдэв
хардлага төрүүлэх үндэслэл болдгийг үгүйс­гэхгүй. Бид энэ хард­лагыг төрүү­лэхгүй
байх нөхцөлийг хангах зорилгоор шүүхийн хүний нөөцийн бодлого дээр онцгой
анхаарч, зохион байгуулалтын шинжтэй ажлуу­дыг байнга хийж байна.

-Шүүгчид
авлигаас ангид байж чадаж байна уу. Тэр энэ шүүгчид мөнгө өгсөн гэх яриа их
байдаг. Өөрийнхөө хэргийг бү­тээж байгаа болохоор үүнийг ир­гэд ил хэлэхгүй энэ
асуудал да­раг­даад өнгөрдөг гэсэн яриа бий?

-Шүүгч авлига,
ашиг сонирхлын зөрчлөөс ямагт ангид байж, зөвхөн хуульд захирагдан, шударга
ажиллах үүрэгтэй. Шүүг­чид мөнгө өгсөн, шүүгч мөнгө авсан нь тогтоогдож,
шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг одоогоор байх­гүй боловч иймэрхүү төрлийн яриа
яагаад гараад байгаад анхаа­рал хандуулж, тодорхой арга хэм­жээ­нүүдийг авна.
Шүүгч гаргаж байгаа шийдвэрийнхээ үндэслэ­лийг хэргийн оролцогчдод дэлгэ­рэн­гүй
тайлбарлан ойлгуулж байх ёстой. Монголын шүүх авлигагүй гэсэн бат итгэл
үнэмшлийг олон нийтийн дунд бий болгохын төлөө бид хичээх болно.

 -Цаазын ялыг халах саналыг Ерөнхийлөгч
гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд бэрхшээл хэр байна. Жишээ нь хүнээ алуул­чихсан
хүмүүс цаазын ялыг халахыг их эсэргүүцдэг шүү дээ?

-Цаазаар авах ял
ногдуулсныг хэрэгжүүлэхгүй байх талаар гарга­сан Монгол Улсын Ерөнхийлөг­чийн
шийд­вэрийг хуульч, иргэн хүний хувьд бүрэн дэмжиж байгаа.  Хүний амийг ямар ч тохиолдолд егүүтгэж
болохгүй гэдгийг төр өөрөө үлгэрлэн харуулах ёстой юм. Энэ бол соёлт хүн
төрөлхт­ний нийтлэг жишиг бөгөөд бид ч гэсэн үүнээс гажих ёсгүй. Ерөнхий­лөг­чийн
санаачилгыг хууль хэрэглээ­ний талаас нь авч үзвэл онцгой хүндрэл байхгүй. Учир
нь Эрүүгийн хуульд ялын дээд хэмжээг сонголт­той хэрэг­лэж болохоор заасан.
Гэхдээ одоо хүчин төгөлдөр үйл­чилж байгаа Эрүүгийн хуульд зарим онц хүнд хэрэг
үйлдсэн тохиолдолд цаазаар авах ял оног­дуулах тухай заалт хэвээр үйл­чилж
байгаа тохиолдолд шүүх тухайн ялыг хэрэглэх боломж нээлттэй байна л гэсэн үг.
Монгол Улс цаашид цаазаар авах ялыг бүрмөсөн хэрэглэхгүй байх заалтыг Үндсэн
хууль, Эрүүгийн хуульд тусгах нь зүйтэй.

Нөгөө талаас
хохирогч, гэрчийн эрхийг хамгаалах асуудал дээр төрөөс онцгой анхаарах, тэдгээ­рийн
эрх зүйн баталгааг хуульчлах шаард­лага зүй ёсоор гарч байна.

 -Танайхан шүүх хараат бус гэдэг ч шүүхийг
хараат гэж үзэх нь бий. Тухайлбал Улсын Их Хурал, Засгийн газар төсвөөр
боомилох жишээтэй?

-Шүүгчийн хараат
бус, шүүхийн бие даасан байдал хэрхэн бодитой хангагдах нь шударга шүүх оршин
тогтнох үндэс, үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн явуулах гол нөхцөл юм.
Харамсалтай нь манай улсад энэ зарчмыг хангалттай ойлгож, өргөн утгаар
хэрэгжүүлэх тал дээр хуримт­луулсан туршлага, мэдлэг харьцангуй хомс  байгаа нь үнэн. Гэхдээ бид шүүгчийн хараат
бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиглэлээр тодорхой санал, санаачилгуудыг
гаргаж, бодитой ажлуудыг хийж байгаа. Тухайлбал таны хөндсөн шүүхийн бие даасан
байдлын нэг чухал бүрэлдэ­хүүн болох төсвийн хараат бус байд­лыг хангах тал
дээр чанарын эргэлт хийж, шүүхийн төсвийг үлдэгдлийн зарчмаар хуваарилдаг
байдлыг халах нь зүйтэй. Ингэхийн тулд шүүхийн төсвийг улсын нэгдсэн төсвийн
тодорхой хувиас буюу 1.5-аас багагүй байх, төсвийн төслийг шүүхээс шууд Улсын
Их Хуралд өргөн мэдүүлдэг байх, хэмжээг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх зэрэг
зарчмын шинжтэй шинэлэг зохицуулалтуудыг холбог­дох хуулийн төсөлд оруулахаас
гадна хуулийн зохицуулалт батал­гаатай 
хэрэгжих механизмыг хуульд суулгаж өгөх хэрэгтэй. 

-Жилд дөчин
мянган хэрэг шүүхээр шийдэгддэг гэж үзэхэд 400 гаруйхан шүүгч үүнийг хянана
гэдэг нь өөрөө боломж багатай юм шиг. Энэ талаар?

-Монгол Улсад
нийт 436 шүүг­чийн орон тоотой. Улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа
хэрэг мар­гааны 50 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж
байгаа шүүхүүдэд ногддог. Харин эдгээр шүүхүүдэд Монголын нийт шүүгч нарын 1/3
нь л ажил­ладаг тул нэг шүүгчид оногдох ажлын ачаалал их байдаг. Гэтэл орон
нутгийн анхан шатны шүүхүүд сум дундын гэх нэртэй боловч ихэвчлэн аймгийн болон
томоо­хон сумын төв дээр байнга байрладаг болохоор хөдөөгийн иргэд тэр болгон
шүүх дээр очиж  үйлчлүүлж  чадахгүй, эрх ашиг нь хохирч  байна. Өөрөөр хэлбэл тэнд шу­дарга ёс
хүртээмжтэй биш байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн арга байна. Нэгдүгээрт
шүү­хийн өнөөгийн тогтол­цоо, зохион байгуулалтыг эргэн харж, газар нутаг, дэд
бүтцийн хөгжлийн байд­лыг харгалзан зарим аймгийн давж заалдах болон захиргааны
хэр­гийн шүүхийг нэгтгэн тойргийн жур­маар байгуулах, анхан шатны шүүхийн
хэргийн харьяаллыг заа­вал засаг, захиргааны нэгжийн хил хязгаарт
баригдалгүйгээр аль болох иргэдэд ойр дөт байхаар зохион байгуулах, сулар­сан
хүний болон санхүүгийн нөөцийг ачаа­лал ихтэй газарт шилжүүлэх, анхан шатны
шүүхийг иргэдэд илүү ойр болгох, шүүхийн үйл ажил­лагаанд орчин үеийн
мэдээллийн технологийг эрчимтэй ашиглах зэргээр шүүхийн дотоод менеж­ментийг
сайжруулах замаар шийд­вэрлэнэ. Хоёрдугаарт шүүхийн хүний нөөцийн хангамжийг
зөв тооцоолон  зохистой хэмжээнд
нэмэгдүүлэх замаар тус тус  шийд­вэрлэж
болно гэж үзэж байна.           

-Шүүх хурлаас
хэргийг нэ­мэлт мөрдөн байцаалтад буцаа­даг. Гэтэл нэг их шинэчилж өөрчлөгдөө­гүйгээр
хэрэг буцаад л ороод ирдэг шиг санагддаг?

-Сүүлийн үед
Эрүүгийн бай­цаан шийтгэх хуулийн талаар олон нийт, судлаачид, практик ажилт­нуудын
дунд нэлээд хүчтэй яриг­даж байгаа зүйл бол шүүхээс эрүү­гийн хэргийг нэмэлт
мөрдөн бай­цаал­танд буцааж байгаа асуудлын талаар юм. Шүүх хөндлөн­гийн
байгууллагын хувьд хэргийн нэг тал болох прокуророос яллах дүгнэлт үйлдээд шүүх
дээр ирсэн хэргийг хянаад яллагдагчийн гэм буруу тог­тоог­дохгүй байх
тохиолдолд түүнийг заавал яллуулах гээд бай­гаа мэт нэмэлт мөрдөн байцаал­танд
дахин буцаадаг явдал нь зарчмын хувьд зөв биш гэсэн байр суурь давамгайлж
байна. Энэ то­хиол­долд шүүх хэргийг шууд хэрэг­сэхгүй болгодог  байвал хэрэг бүрт­гэл, мөрдөн байцаах, проку­рорын
байгууллага болон шүүгч шийдвэр гаргахдаа илүү хариуц­лагатай ханд­даг
болох  ач холбог­долтой юм. 

-Сүүлийн үед
шүүхээр ший­дэгд­сэн зарим хэргийн тухайд иргэдийн хандлага харьцангуй эерэг
байгаа. Жишээ нь Ц.Жар­гал­сайханд тулгасан эх орноо­соо урвасан гэх ялыг Дээд
шүүх өөрчил­сөн нь талархал хүлээ­сэн. Гэхдээ яагаад анхнаас нь ингээд
шийдчихэж болоогүй юм бол?

-Хэрэг шүүхээр
хянан шийдвэр­лэгдэх явцад анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр, тогтоол нь
давж заалдах болон хяналтын шатанд өөрч­лөгдөх, хүчингүй болох явдал байдаг.
Хүний эрх, эрх чөлөө ханган батал­гаажуулах, шударга ёсыг тог­тоох шүүхийн үйл
явц нь их хариуц­лага шаардаж, алдаа мадаг гарах аливаа боломжийг аль болох
бага байлгах, алдаа гарсан тохиолдолд өөрийгөө засах до­тоод механизмтай
байдаг. Таны дурд­сан тодорхой хэргийн хувьд анхан шатны шүүх тухайн хэргийг
хуулиар олгогдсон өөрийн эрх хэмжээний хүрээнд хянаж шийдвэрлэснийг буруут­гах
боломжгүй бөгөөд шүүг­чийн дотоод итгэл үнэмшил юм. Ер нь бол шүүг­чийн хууль
хэрэглээний ур чадварыг  сайжруулахад  бид байнга анхаар­даг.

-Та аль аймаг,
сумын хүн билээ.

-Би Хэнтий
аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.

-Жалга довны
үзэл шүүхийн­хэнд байдаг уу?

-Жалга довны үзэл
гэж шүүхийн­хэнд, эсхүл шүүгчид байхгүй. Шүүгч хэрэг маргааныг хуулийн дагуу
шийд­вэрлэдэг. Хууль Монгол Улсын хэмжээнд хэрэгж­дэг, нийт ард түмний ашиг
сонирхлыг  илэрхийлдэг  тул ямар нэгэн “жалга дов”-ны  үзлээр асуудалд хандах боломжгүй. Шүүхийн
хүний нөөцийн хувьд ярьж байгаа бол шүүгч, шүүхийн ажилтны сонгон
шалгаруулалтыг бид нээлттэй зарладаг, хуулийн шаардлага ханга­сан хэн ч сонгон
шалгаруулалтанд орж нэрээ дэвшүүлэх эрх нь нээлт­тэй байдаг.

-Аль намын
гишүүн байлаа?

-Би аль нэг намын
гишүүн байгаа­гүй ээ. Шүүгч нь төрийн тусгай албан хаагчийн хувьд хууль болон
ёс зүйн дүрмийн дагуу улс төрийн үйл ажил­лагаанд идэвхтэй оролцох, аль нэг
намд харьяалагдаж болдоггүй. 

-Таны найз
нөхөд чинь элдэв хэргийг аргалуулах гэж хандах уу.  Тэр тусмаа улс төрийн хүрээнд найз нөхөд
байдаг л байлгүй. Хэрэв ханд­вал та яадаг вэ. Танилын нүүр халуун биш үү?

-Нам, улс төрийн
үйл ажилла­гаанд анхнаасаа оролцож байгаагүй болохоор  намаар холбогдсон нөхөд гэж алга. Шүүх улс
төрөөс ангид байх ёстой. Ер нь шүүгч хүн аливаа хэрэг маргааныг шийдвэр­лэхдээ
зөвхөн Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хуулийг баримталж, хараат
бусаар өөрийн дотоод итгэл үнэмш­лээр л шийддэг тул найз нөхдөд  найр тавих асуудал байхгүй.    

-Шүүхийг улс
төрөөс яаж ха­раат бус байлгахав. Уг нь шүүгчид өөрс­дөө асуудлаа шийдмээр бай­на.
Шу­дарга хийе гэхээр улс төр нөлөөлөх гээд байдаг гэх юм билээ. Шүүхийн
шинэчлэл яриг­даж байгаа энэ үед үүнийг ч гэсэн анхаармаар санагддаг?

-Шүүхийг улс
төрөөс, улстөрч­дөөс хараат бус байлгах тэрхүү эрх зүйн орчныг л бодитой
бүрдүүлэх хэрэгтэй. Шүүгчид хөндлөнгөөс нөлөөл­­сөн аливаа албан тушаал­танд
хариуцлага хүлээл­гэдэг механиз­мыг хуульчилж өгөх ёстой. Манай улстөрчид үүнд
өөрсдөө манлайлан оролцох ёстой гэж би боддог. Шүүх улс төрийн гар хөл болоод л
эхэлвэл энэ нь улс орны цаашдын хөгжил, иргэдийн эрх чөлөөнд аюул учруулах
нөхцөл үүснэ.

-Нямдоржийн
хар хууль Монго­лыг шоронжуулж байна гэдэг. Энэ хэр үндэстэй вэ?

-Хуулийг хэн
нэгэн хүний нэрээр нэрлэж, өнгө будгаар будах нь зохимж­гүй юм.  Гэхдээ би таны хэлэх гэсэн санааг ойл­гож
байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ням­доржийг өмнө нь мөн энэ албан
тушаалаа хашиж байх үед буюу 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн талаар ярьж
байх шиг байна. Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийг илүү боловс­ронгуй
болгох, ялыг тухайн хэр­гийн нөхцөл байдлаас шалтгаа­лан ялгамжтай ногдуулах
эрхийг шүүгч нарт олгох нь энэ байд­лаас гарах гарцын нэг гэж үздэг. 

-Хүн хорих эрх
маш олон газар байх юм. Захын цагдаа ч хүнийг хэрэг үйлдсэн үйл­дээгүйг нь л
харгалзан баривч­лах гэх юм. Тухайл­бал манай нэг сэтгүүлчээс тайлбар авна гээд
цагдаагийн нэг байцаагч очиж тайл­бар өгөх гэхээр нь барьж хорино гэж бөөн юм
болсон. Ийм олон баривчлах эрх­тэй байгууллага байх нь зөв үү?

-Ардчилсан
нийгэмд хүний эрх, эрх чөлөө хамгийн дээд үнэт зүйл байдаг. Төрийн байгуулла­гаас
хүний эрхэнд халдах үндэс­лэл холбогдох хуульд маш тодорхой заагдаж, тэр
хүрээнд нь төрийн албан хаагчид үйл ажил­лагаагаа явуулдаг байх шаард­лагатай.
Цагдан хорих таслан сэргий­­лэх арга хэмжээг одоо зөвхөн шүүгчийн зөвшөөрлөөр
авдаг бол­сон. Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу богино хугацаанд түр
саатуулах эрх хэрэг бүртгэх, мөрдөн байцаах буюу цагдаагийн бай­гуул­лагад
байгаа бөгөөд проку­рор үүнд хяналт тавьдаг. Гүйцэт­гэх ажил­лагаатай холбоотой
зарим үйлдлийг зөвхөн шүүгчийн зөвшөөр­лөөр авдаг болох талаар ч яригдах
болсон. Энэ нь ч зөв байх. Цаашид хэрэг бүрт­гэлт, мөрдөн байцаалтын явцад
хүний үндсэн эрх, эрх чөлөө хөндөгдсөн тохиолдолд асууд­лыг зөвхөн шүү­хээр
шийдвэр­лэдэг байх журманд шилжих нь зүйтэй юм даа.

-МАХН-ыг
танайх яагаад хуга­цаанд нь бүртгэхгүй зув­чуулаад Үндсэн хуулийн Цэц рүү шил­жүүлчихэв
ээ?

-Улс төрийн намын
бүртгэ­лийг хуульд заасны дагуу Улсын Дээд шүүх хийдэг.  МАХН-ыг бүртгүүлэх тухай хүсэлтийг хуульд
заасан хугацаанд хянаж үзсэн. Хянах явцад Улс төрийн намын тухай хуулийн
тодорхой заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ
гарсан. Мөн энэ үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх Монгол Ардын Намын гарга­сан
нэхэмжлэлийг хянан шийдвэр­лэх явцад Улс төрийн намын тухай хуулийн
тодорхой  заалт Үндсэн хуульд нийцэхгүй
байна гэж үзэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэл­зүүлж, саналаа УДШ-д
оруулсан юм. Эдгээр  асуудлуудыг Шүүхийн
тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасны дагуу Улсын Дээд шүүхийн нийт
шүүгч­дийн хуралдаанаар 2011 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хэлэл­цээд
саналыг үндэслэлтэй гэж үзсэн тул 3 дугаар тогтоо­лоор Үндсэн хуулийн Цэцэд
хүсэлт гаргаад байна. Улсын Дээд шүүхийн хүсэлтээр Үндсэн хуулийн Цэц маргаан
үүсгэсэн, энэ асуудал удахгүй шийдэгдэнэ гэж найдаж байна.

Өөрөөр хэлбэл
МАХН-ын бүртгэ­лийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гартал түр түдгэлзүүлээд
байгаа.

-МАН энэ шийд­вэрийг
гарга­хад нөлөөлөв үү?

-МАН-ын зүгээс
шууд болон шууд бус хэлбэрээр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдэд нөлөөл­сөн эсхүл
нөлөөлөхийг оролд­сон асуу­дал байхгүй. Харин олон нийтийн хэвлэл мэдээллийн
хэрэгслүүдээр дамжин санал, шүүмжлэл нэлээд хүчтэй өрнөс­нийг та бид мэдэж
байгаа шүү дээ.  Шүүх улс төрийн ч бай,
олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ч бай аливаа нөлөөнд автах учиргүй, гагцхүү
хуульд захираг­даж шийдвэрээ гаргасан.

-Сангарагчааг
албан тушаа­лаас нь түдгэлзүүлээгүй бай­хад шүүх анхан шатны хурлаа­раа шийдвэр
гаргалаа гэх юм. Одоо Улсын Их Хурал энэ асууд­лыг сөхөх гээд байгаа гэсэн.
Заавал албан тушаа­лаас нь огцруулж байж шийдэх ёстой байсан гэж үү?

-Авлигатай
тэмцэх газрын дарга болон зарим удирдах албан тушаалтнуудтай холбоо­той эрүүгийн хэрэг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байгаа. Шүүх бүрэлдэхүүн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэр
гаргасныг  Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга хөндлөнгөөс “Ингэж, тэгж шийдвэрлэх ёстой
байсан” гэж тайлбарлах нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөө­лөх тул боломж­гүй юм. Шүүгдэгч­дийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан гэсэн.
Тэгэхээр хуульд заасан журмын дагуу Нийслэлийн Давж заалдах шат­ны шүүх хэргийг хянаж шийдвэр­лэх байх аа.

Categories
редакцийн-нийтлэл

Д.Зоригт сайдыг дахин авч үлдэхээр боллоо

МАН-ын Удирдах зөв­лөл Д.Зоригт
сайдыг 100 хувь хамгаална гэсэн шийд­­вэр гаргасны дараа УИХ дахь хоёр намын бү­лэг
хуралдсан юм. Ар­дын намын бүлэг үдээс хойш 17.00 цагийн үед хурлаа дуусгахад
зөрөөд АН-ын бүлэг орлоо. Тэд оройн 19.00 цаг хүртэл хуралд­сан. Энэ өдөр
МАН-ын бүлгийн хуралд цөөн хүн сууж асуудлыг хэлэл­цэхэд нэг их хугацаа зар­сангүй,
Д.Зоригт сай­дыг огцруу­лах­гүй гэж үз­жээ. Тэртэй тэргүй Удир­дах зөвлөл нь
Д.Зоригтыг хам­гаална гэ­сэн боло­хоор бүлэг уг шийдвэрийг нь үг дуугүй дагасан
бо­лолтой. Тэгээд ч бүлгийн гишүүдэд Удир­дах зөв­лө­лөөс асууд­лыг сунж­руу­лахгүй
хурдан хэ­лэл­цэж, Д.Зориг­тыг авч үл­дэнэ гэсэн чиг өгсөн бай­жээ. Нэг сайдын
асуудал ярихаар дор хаяж 14 хо­ног, цаашлаад 21 хоно­гийн ажил болно. Богино
хугацаа үлдсэн үед ийм зүйл дээр цаг алдах ёсгүй гэж тус на­мынхан үзжээ.

Түүнчлэн
МАН-ын Удир­­дах зөвлөлийн за­рим гишүүн Эрдэс бая­лаг, эрчим хүчний сайдыг огц­руулах санал өргөн барь­сан АН-ын бүлгийн
гурван гишүүний нэгтэй
уулзаж “Та нар Засгийн газрын ганц сайдыг огц­руулах асуудал ярьж бай­гаад
яваан­­даа Хамтар­сан Зас­гийн газраас на­маа салгах юм биш биз дээ. Сонгууль дөхөж бай­гаа үед
та нар биднээс сал­чихвал манай нам алуул­на шүү
дээ” хэ­мээн хэлсэн удаа ч бий гэнэ. Ардын намын бүлэг ганц сайдыг огцруулах нь хам­тарсан Засгийн
газ­рын байр суурь ганхахад хүр­гэ­нэ
гэж эмээж байгаа уч­раас яаж ч байсан хоёр намын бүлэг, намын дар­га нар Д.Зоригт сайдыг хамгаалж
авч үл­дэ­хээр болсон
бололтой. МАН-ын бүлэг
Оюу тол­гой, Та­ван толгой гэх мэт­чи­лэн бүтээн
бай­гуу­лал­тын асууд­­­лаар бүлгийн
дүг­нэлт гаргахаар
тогтоол үйлдсэн  байна.

ТӨР БАРИЛЦАХ АЛТАН БОЛОМЖОО АЛДМААРГҮЙ
БАЙГААГАА
АН-ЫНХАН ИЛЭРХИЙЛЖЭЭ

Харин АН-ын бүлгийн хуралд 20
гишүүн сууж Эрдэс баялаг, эрчим хүч­ний сайд Д.Зоригтыг огцруулахгүй гэж үзжээ.
Д.Зоригт сайдыг огцруу­лах саналыг анх гаргасан тус бүлгийн гурван ги­шүүн
Д.Зоригт сайдыг хамгаалсан гишүүдтэй нэлээд ширүүхэн марга­сан бололтой, хурал
сун­жирч нэлээд удсан юм.  Эцэст нь санал
хураахад З.Энхболд, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Одхүү, Н.Батбаяр,
Лу.Ган­төмөр, Р.Амар­жар­гал нарын 
найман ги­шүүн Д.Зоригт сайдыг огцруулъя гэсэн санал өгчээ. Үлдсэн
Ц.Баяр­сай­хан, Я.Батсуурь, С.Лам­баа, Д.Зоригт, Л.Ган­сүх, Л.Болд, Г.Батхүү,
С.Баяр­цогт, П.Ал­тангэ­рэл, Ч.Сай­­ханбилэг, Д.Кёкүш­юү­зан Батбаяр, Н.Ал­танхуяг
нарын арван хоёр гишүүн түүнийг авч үл­дэхээр болсон байна. Хам­тар­сан Засгийн
га­зарт орж ажиллаж, төр барил­цах болсон болом­жоо алд­маар­гүй, “алтан
өндгөө” хагалмааргүй байна гэд­гээ тэд илэр­хийлсэн гэнэ. Бүлгийн хурлын дараа
Эдийн зас­гийн байнгын хороогоор уг асуудлыг оруулж, УИХ-ын чуулганаар
хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөөтэй бай­сан юм. Гэвч цаг орой болж тус байнгын хороо­ны
гишүүдийн ирц бүр­дэхгүй учир хурлыг хойш­луулав.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Цэнхэр униар дунд талстах цагаан сувд DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хөх пансан хөшиг шиг униар дундаас
чанх дээшээ пуужин харвах гэж байна уу гэмээр сонин бодол төрөх ажгуу. Дундаа ямар
ч завсар зайгүй жижигхэн талбарт нүүр нүүрээрээ наалдан байж, улам л өөдөө дүүлсэн
нарийн шовх барилгуудыг нь харах бүрийд тийм нэг сэтгэгдэл тархинд харвана. Үндсэндээ
бодол санаа жингүй­дэж, сайхан гэгч уртаар амьсгал авмаар санагдаж байгаа хэрэг
ээ.

Онгоцноос буухуйд л хүлэг морин адил
угтаж авсан шар автобус маань уухилсаар байгаад ноёлог уулсын оргилд гараад ирлээ.
Азийн цагаан сувд Хонкон­гийн хамгийн өндөр цэг дээр хүрч ирсэн минь энэ.

Тэрхүү тэгш өндөрлөгөөс л сүүлийн
он жилүүдэд эдийн зас­гийн хөгжил, бүтээн байгуулал­таараа дэлхийд тэргүүлж, цээжний
морьд шиг өнгөлж яваа уг орныг бүрэн тольдох боломжтой ажээ. Унаа минь өнөөх өндөр
уулыг хэдэнтээ бүслүүрдэн ороож, нарийн замаар тэлүүрдэн зүтгэсэн. Хажуугаар машин
өнгөрөх нь яг л шүргэчихэж байгаа юм шиг санаг­дана. Зам нь тийм нарийн. Энгийн
олон барагтай л бол уг өндөрлөг рүү зүтгэдэггүй гэсэн. Учир нь нарийн зам дээр шүргэлцэх
юм уу, ямар нэгэн аваар хийхэд оргил руу зүтгэж байгаа бүх машин нам зогсох аж.
Хэргийн эзэн бараг л толгойгоо тасдуулахаас наагуур юм болдог гэнэ. Төлбөр тооцоо
нь ч санаанд оромгүй өндөр. Тэнд бол жуулчид л автобус хөлөглөөд очно.

Үндсэндээ жуулчдын заавал үзэх газрын
нэг тэрхүү ноёлог сайхан уул бөлгөө.

Уул гэхээр манайхан алсаас дүнхийж
лүглийсэн уулс шигээ бодож байж магад. Гэвч хонконг­чууд уулыг үнэндээ “амьтан”
болгосон байгаа юм. Дундуур нь нүхлэх, ар өврөөр нь жимбийтэл байшин барилга сүндэрлүүлэх
бол наад захын асуудал даа. Ер нь арлын орныхны амьдрал тийм билээ. Жинхэнэ ногоон
хот, ногоон байгууламж, ногоон ирээдүй гэж үүнийг л хэлэх байх гэх бодол өөрийн
эрхгүй төрж байв. Түмэн зүйлийн цэцэгсийн содон сайхан үнэрт илбүүлж, нов ногоон
мөчир дээрээс нисч буух шувуудыг харахуйд гэгээн тунгалаг орон зайд яалт ч үгүй
умбана даа. За тэгээд үзэж харах зүйл мундахгүй. Орон орноос ирсэн залуустай цуг
л туугаад байна шүү дээ. Дэлхийн алдартай одод, нэр­тэй удирдаг­чидтай тэнд нэг
уул­заад авна. Ухаандаа Барак Обама­гийн ширээнд тухалж, утсаар нь ярьж, Жорж Буштай
гар барьж, Мерлин Монротой патераа та­туулж, Дэвид Бэкхэмтэй хөлбөмбөгийн ногоон
тал­байд өрсөлдөх эрх олдож байгаа хэрэг.

Шөнө оройхон буудлаасаа гарлаа. Гол
зорилго маань ганц нэг пиво уух санаатай. Төөрч будлиад балрах вий гэсэндээ бидний
хэсэг залуус түр орогнож байгаа гэрээсээ холдохыг бодсонгүй. Тэрүүхэнд байх нэгэн
уушийн газар орлоо. Шөнийн 00:00 цагийн үед юм. Мухлаг адил жижиг, жижиг өрөө­нүүдэд
хүн пиг дүүрэн. За даа, нөхдүүд ч нам авч байна даа гэсэн юм бодтол бүгд хоол идэж
байна. Манайхаар бол үдийн цайндаа орж байгаа мэт хоолыг таваг тавгаар нь гөрж байна
шүү. Шар айраг шимж суугаа хүмүүс олны дунд бас чиг байх юм аа. Харин бид хэдийг
нэг дор захиалга өгөхдөө арваад “шил”-ийг авч байхыг хараад зарим нь гайхаа байлгүй.

Уушийн газрын эзэн шар халимаг­тай
эмэгтэй. Үйлчлэгчдээ хятад аялгатай хэлээр жаахан зандрангуй. Наашаа хандахдаа англиар
яриад туяарангуй. Шар халимагаа гялалзтал тосолчихож. Үснийх нь тос нүүрэнд нь тунараа­гүй
байлтай, нүүр ам нь бас л гялтганаад. Мань хүн шөнө арван хоёр цагт ороход ямар
нэгэн зүйл идэж байсан, гурван цаг орчим суугаад гарахад ам нь бас л завгүй байв.
“Та хэд Японоос ирсэн үү” гэж асууж байсан. Ер нь хонконгчууд ихэвчлэн Японых уу
гэж асуугаад байсан шүү. Бид шар айрагтаа жаахан халамцсан ч байх. Учир нь нэгэн
дуугаар далайн эрэг дээр очъё, бараг л далайд сэлнэ гэх нь холгүй гадуур багагүй
сэлгүүцсэн. Гайхалтай нь буудлын ойр хавьд далай байгаагүй л дээ. Тэгээд яахав,
сүүлдээ эцээ биз. Савлуур дээр сууж доторх халуунаа бага ч болов гадагшлуулаад
“Regal” бууд­лынхаа зүг алхсан даа, хөөрхий.

Амрагчид нэг давхрын ресто­ранд өглөөний
цайгаа ууна. Төрөл бүрийн хоолноос юу дуртайгаа сонгох буюу. Арван хэдэн давхар
буудалд хэдэн зуун хүн байрлаж байгаа нь тодорхой. Цайны цагаа­саа жаахан хождонгуй
ороход зарим үед суудал ховор. Гадны­хантай хамт сууна. Нэг өглөө энэтхэг хоёр бүсгүйтэй
суудал зэрэгцэж таарлаа. Бие галбир тэгш сайхан, дөлгөөхөн хар нүднээс нь ухаарал
гэрэлтсэн, тийм нэг гоё “амьтад” байв. Хоорондоо хаа нэг шивэр авир хийх юм. Би
ямар ойлгох биш. Цай, кофе авахаар босоход араас нь ширтэх л харин аятайхан шүү.

Тийн суух ахуйд хоёр хоногийн өмнө
усан онгоц дээр тунгалаг нүднээсээ нулимс унагаж, гуниг гутралаа дааж ядахдаа далай
руу үсрэх гэж зүтгэсэн турьхан бүсгүйн дүр төрх нүдэнд харагдаж байлаа. Зэргэлдээ
ширээнд хар арьст хоёр бүсгүй, цагаан арьст хоёр залуугийн хамт цайлж суув. Энэ
тэрийг ярилцан инээд цацрааж суусан нь их л жаргалтайн шинж. Залуу хосууд гар гараасаа
барил­цахыг нь ажихуйд алаг эрээн бөмбөг шиг л харагдаж байлаа. Бүсгүйчүүдийнх нь
буржгар үс шанх түүшээ дагаж намирсан нь даанч нэг анзаарагдахгүй дээ. Харин амраг
залуу нь бүсэлхийгээр нь тэврэх бол өөр. Хар берзинтэн гэрийг цагаан шар бүслүүрээр
ороосон юм шиг тодоос тод.

“МИАТ” компанийн Хонконг дахь төлөөлөгчийн
газрын менеже­рүүд зав л гарвал “За та хэд шопинг хийх үү” гэнэ. Зочид “тэгье” л
гэнэ. Тэгээд л гарч өгнө дөө. Олны хөлгүй урсгалд залуургүй завь шиг явах нь бий.
Тодорхой нэгэн газрын үүдэн дээр цаг товлож, эргэж уулзах болзоо тавиад тал тал
тийшээ бутарч одно. Цаг болоогүй байгаа, болзсон газраа эргээд олох байгаа гэсэн
бодол бүгдийнх нь сэтгэлд хадаатай боловч дэлхийн олон арван орны мянга мянган хүн
зөрж өнгөрөх үйлчилгээний газрын хаалгыг татсан л бол хэсэгтээ ухаанаа алдана. Манайхаар
бол “Нарантуул” зах шиг газар том том брэнд дэлгүүрүүдийн ойролцоо байх аж. Захаас
нь худалдаа хийхгүй бол өнөө брэнд дэлгүүрээс нь санаснаа авна гэдэг бэрх. Үнэ гэдэг
нь талийж өгнө шүү дээ. Захынх нь гудамжны үзүүрээс нэг л атгасан бол хөлгүй их
далайд тэр чигээрээ умбалаа гэсэн үг.

Өнөө болзоо молзоо ор тас мартагдаж
байгаа юм. Гэхдээ тэр ирсэнгүй гээд нэгийгээ хүний нутагт хаяад явахгүй нь дамжиггүй.
Хонконгийн зах чинь үнэ өртгөө буулгана гэдгийг харин ч нэг үзүүлж өгдөг юм байна.
Эхлээд хэлсэн үнээр нь худалдаа хийгээд байсан маань буруудлаа гээд явсан газрынхаа
сониныг дуулгана даа. “Нэг нөхрөөс үүнийг сонирхтол хоёр зуун хонконг доллар гэдэг
юм. Үнэтэй байна гэсэн чинь өөрөө хэдэд авах юм гэв. Тэгэхээр нь тавин доллар гэлээ.
Уурлаад тооныхоо машиныг шидчихдэг байгаа. Цаашаа эргээд явтал араас ирж зүүгдээд
жараар ав даа гэсэн дээ” хэмээх яриа буудлаа зорих замд өрнөж байлаа.

Ч.Дэлгэрцэцэг хэмээх бүсгүйтэй Хонконгийн
төвөөр түр алхлаа. Өмнө нь Швейцарьт амьдарч байгаад хоёр жилийн өмнө арлын энэ
оронд хөл тавьсан гэнэ. Тэрээр Монгол орноо ихэд санаж буйгаа, багадаа урлаг соёлд
тун сонир­холтой уран нугардаг, хөгжим тоглодог байснаа дурссан. Манай сониныг ихэд
таашаадаг, болж өгвөл интернэтээр уншдагаа хэлсэн юм. Ер нь намайг “Өдрийн сонин”-ы
сэтгүүлч юм байна гэдгийг нэрийн хуудаснаас минь мэдчи­хээд их л нааштай хандаж,
амьдарч буй хотынхоо сонин хачнаас мэдэх бүхнээ л ярьсан билээ.

Задгай хоолны газраас би шар айраг,
мах, ороомог маягийн зүйл авч, мань хүн хүйтэн ундаа шимсэн шигээ хол ойрыг хуучлав.

Түүний ярианаас ямар нэгэн нэмэр хачиргүйгээр
хүргэе л дээ. “Цэнхэр униар татаад, болортон тунгалагшаад гээд өөрөө их уянгын зүйрлэж
хэлэх юм. Ингэж саарал­таад байгаа чинь униартаад, манантаад байгаа зүйл огтхон
ч биш ээ. Энэ бол утаа юм. Гэхдээ манай Улаанбаатарын утаа шиг хоолой хорсгохгүй.
Хятадын үйлдвэрлэлийн томоохон цөм нь болох Гуанжу муж эндээс холгүй байдаг. Тиймээс
тэрхүү үйлдвэр­лэлийн утаа тортог нь наашаа ирж агаарыг бохирдуулж байгаа хэрэг.
Хонконгчууд агаарын бохирдлын тухай сүүлийн үед их ярьж байгаа. Томоохон бодлого
ч хэрэгжүүлж байгаа. Хоёр жилийн өмнө би анх ирчихээд цэнхэр манан татсан хот байна
даа гэж бодож байв. Яг үнэндээ үгүй юм билээ” гэв.

Мөн тэрээр нэг зүйлийг ихэд бухимдангуй
ярьсан юм.

Чухам юу вэ гэвэл нэг хятад хөгжимчин
өөрийгөө монгол гэж олонд зарлаад, Хонконгийн нэгэн театрт юм уу даа тоглолт хийсэн
аж. Дээгий монгол хөгжимчний тоглолт гээд ихэд баяр баяс­галантай, ажил алба бүх
зүйлээ орхиод очжээ. Тэгээд ой нь гутаад, өнөө тоглолтыг нь шууд орхиод явсан гэнэ.
Тэнд байсан бүх хүмүүс Монгол гэж л ойлгож байгаа. Ийм урлагтай, тийм нэг ядмагхан
ард түмэн л гэж бодно ш дээ хэмээн чин сэтгэлээсээ хэлэхэд хоолой нь зангирч байсан.
Тэрхэн агшинд харь нутагт суугаа залуу бүсгүйг өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрж
байлаа.

Ази тивдээ “Дэлхийн улс” гэж өөрсдийгөө
цоллох дуртай, түүндээ ч бүрэн дүүрэн хүрч чадсан Хонконгт цөөн хэд хоносон тэмдэг­лэлээ
тоймлон хүргэхэд ийм байна. Нисэх онгоцны буудал руу өнөө л шар автобустайгаа галигуулж
явахад далай зөөлнөөр давал­гаалж, усан онгоцууд зөрөлдөн, цонх бүрээсээ хувцас
хунар зүүлттэй, ойроос анзаарч харсан хүнд нэвсийсэн мэт санагдахаар байшин барилгууд
нь ард хоцорч байлаа. Цагаан саарал униар дунд цагаан сувд хот үлдэж байгаа нь энэ.
Дөнгөж ирсний шөнө далайн хөвөөн дээр сувдран талстаж байсан тийм л өнгө жавхаагаар
сэтгэлд минь үлдлээ дээ, Хонконг.

Н.ГАНТУЛГА
Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар

Categories
редакцийн-нийтлэл

Л.Отгонбаяр олимпийн эрх авлаа, дэлхийн аварга ч боллоо

Тавдугаар сарын 8-нд Чехийн Праг хотноо зохиогдсон Лондон­гийн
зуны олимпийн эрх олгох “Праг-2011” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд ОУХМ Л.Отгон­баяр амжилттай
оролцлоо. Тэрээр 2:39:40 секунд гүйж
наймдугаар байрт шалгарснаар олимпийн эрх авч, Монгол Улсын дээд амжилтыг
эвдлээ. Эл өдөр тус хотноо цаг­даагийн
марафоны ДАШТ зо­хиогд­сон бөгөөд Л.Отгонбаяр уг тэмцээнд
уралдаж алтан медаль хүртжээ.
ОУХМ Л.Отгонбаяр нь Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн
газрын цагдаа, “Ажнай” корпора­цийн тамирчин юм. Лондонгийн олимпийн анхны
эрхийг ОУХМ “гүйдэг”
Б.Сэр-Од хүртсэн бол хоёр
дахь эрхийг Л.Отгонбаяр ийн хүртэж
байна.

Categories
редакцийн-нийтлэл

Сумоч, үсчин, туслахууд ордны үүдэнд ирээд гар утсаа хураалгадаг болжээ

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар
сарын башё Токиогийн  “Рёогокү Кокүгикан”
ордонд зо­хиогдож байна. Тавдугаар сарын 8-нд эхэлсэн энэхүү башё юм, юмаараа өмнөх
барилдаануудаас өөр.

“Шинса-гүрёо” буюу зэрэглэл тогтоох
тэмцээн гэх нэртэй зо­хиогдож буй энэ удаагийн башёг зохион байгуулсан гол шалтгаан
нь долдугаар сарын башёд сумо­чид хэрхэн эрэмбэлэгдэх чансаа буюу банцүкэг гаргах
юм. Ердөө л энэ. Тийм болохоор түрүүлсэн бөхөд эзэн хааны цом олгохгүй, ямар ч шаг­нал,
бооцоо байхгүй­гээс гадна башёг “NHK” телевиз шууд дам­жуу­лахгүй байгаа. Сумо­гийн
холбооноос хэд хэдэн “болохгүй” гэх утгатай шаард­лага гар­­гасан бай­на. Тү­рүүл­сэн
сумо­чид зориул­сан баярын жагсаал хий­хийг хо­риг­лосон бөгөөд түрүү бөх бүхээг­гүй
машинд сууж, үзэгч, сумо сонир­хогчид руу гараа даллаж мэндчилэх төдийхнөөр л баяраа
тэмдэг­лэж болно гэжээ.

Алдагдсан нэр төрөө сэргээ­хийн тулд
Сумо­гийн холбоо төрөл бүрийн арга хэмжээ авч буй. Тэд­гээрийн нэг нь үзэгчдийг
ордонд үнэ төлбөр нэхэхгүй чөлөөтэй оруулж байгаа явдал юм.

Дээд зиндаанд манайхаас Ха­ку­хо М.Даваажаргал,
Асасэкирюү Б.Дашням, Какурюү М.Ананд, Ха­ру­мафүжи Д.Бямбадорж, Тамава­ши Б.Мөнх-Оргил,
Кёкүтэнхо Н.Цэвэгням, Шотэнро Д.Нямсүрэн, Токитэнкү А.Хүчитбаатар нар барилдаж байна.

Бейсболын шуугиан, даваа наймаалцсан
хэрэг, цунами, газар хөдлөлт гэхчилэн гадна дотны олон шалтгаанаар башё удаан завсарласан
нь сумочдын бэлт­гэлд их, бага хэмжээгээр ул мөрөө үлдээсэн бололтой. Ганц жишээ
дурдахад, дээд зиндааны 35 бө­хөөс 22 нь жингээ алдсаныг барил­дааны өмнөх эмчийн
үзлэгээр тогтоожээ. Хамгийн их турсан нь Точиношин, Аминишики нар гэнэ. Тэд 10 кг-аар
турсан байна. Озэки нараас Кайо ес, Котоошюү тав, Баруто хоёр кг-аар тус тус турсан
бол ёкозүна Хакухо нэг кг нэмж 154 кг жинтэй болсон гэнэ.

Харин даваа наймаалцсан хэр­гээр зиндааныхаа
ихэнх бөхийг алдсан жюүрёд 18 бөх барилдаж байгаа юм. Тэдэн дунд манай ганц ч бөх
байхгүй.

Хэдий түрүүлсэн бөхөд эзэн хааны цомыг
олгохгүй ч ялалт, ялагдлын тоо, рекорд амжилтуу­дыг тооцож, албан ёсоор бүртгэх
гэнэ. Хэрэв Хакухо энэ удаагийн башёд түрүүлбэл Асашёорюү Д.Дагвадоржийн үзүүлсэн
долоо дараалан түрүүлсэн амжилттай эн зэрэгцэх юм. Хакухо башёгийн өмнө “Асашёорюүгийн
амжилттай тэнцэх эсэх талаар огт бодохгүй байна. Найрааны асуудлаас үүдэн холдож
хөндийрсөн үзэгчид, сумо сонирхогчдоо дахин татахыг хамгаас их хүсч байна. Дэвжээн
дээр алдсан итгэл, үнэмшил, хүн­дэтгэлийг эргүүлэн авчрах болно” гэжээ.

Байгалийн гамшигт үзэгдэл болсонтой
холбогдуулан тус ул­сын цахилгаан, холбооны газраас цахилгааны хязгаарлалтыг үе,
үе хийж байгаа. Барилдааны үеэр дэвжээнээс бусад хэсэгт буюу үзэгчдийн суудал, танхимын
гэрэл­түүлгийг 40 хүртэл хувиар бууруул­сан гэнэ. Мөн газар хөдлөлтийн идэвхтэй
бүс нутагт байсан, сэтгэлзүйн дарамтад өртсөн 900 гаруй иргэнд хүндэтгэлийн суудалд
сууж бөх үзэх боломжийг сумогийн холбооноос олгосон байна.

Сумогийн холбоо сахилга алд­сан сумочдоосоо
болж башёгоо зохих түвшинд нь “бүтнээр” нь хийхгүй байгаа нь япончуудад “таалагдаж”
байгаа гэнэ. Бүхий л зүйл нь хязгаарлагдмал, даруухан болж байгаа ч нөгөө талаар
бөх­чүүд, холбоо нь гэмээ ухаарсан нь сайшаалтай гэж байгаа аж.

Өмнө нь башёгийн банцүкэг ёслол төгөлдөр
танилцуулж, муу­туу цаасан дээр тусгай журмын дагуу уран бийрээр бичин олон нийтэд
хүндэтгэлтэйгээр танил­цуул­даг байсан. Гэтэл эл башёгийн банцүкэг бичгийн цаасан
дээр шивээд дэвжээнүүдэд хүргүүлсэн байх юм. Энэ башёгоос эхлэн сумоч, тэдний туслах,
үсчид ордны үүдэнд ирээд гар утсаа хураал­гадаг болжээ. Энэ нь мэ­дээж мес­сежээр
найраа хийхээс урьд­чил­сан сэргийлсэн хэрэг.

Түүнчлэн хувцас солих өрөө, хүлээлгийн
танхим, дэвжээний ойролцоо “чих сайтай” туршуулууд тавьж хэн, юу ярив гэдгийг чагнаж
байхаар болжээ.

Өчигдөр башёгийн гурав дахь барилдаан
боллоо. Башёг гурван даваатайгаар Хакухо М.Даваа­жаргал, Асасэкирюү Б.Дашням, Кайсей
нарын таван бөх тэргүүлж байлаа. Харин Какурюү М.Ананд, Тамаваши Б.Мөнх-Оргил, Кёкү­тэнхо
Н.Цэвэгням, Шотэнро Д.Ням­сүрэн, Токитэнкү А.Хүчитбаатар нар тус бүр хоёр даваа,
нэг унаа­тай, Харумафүжи Д.Бямбадорж нэг даваа, хоёр унаатай болоод байлаа.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Сүхбаатар: АТГ-ыг татан буулгах, эсвэл даргыг нь яаралтай томилох хоёр зам байна

АТГ-ын Олон ний­тийн зөвлөлийн дарга Д.Сүхбаатартай
ярилцлаа.

-АТГ-ын дарга нар хоригдож байгаа.
Олон нийтийн зөвлөл юу гэж үзэж байгаа вэ?

-АТГ-ын удирдлагууд шүүхийн шийдвэрийн
дагуу хоригдсон. Энэ бол хууль ёсных. Шүүх хараат бус шийдвэрээ гаргасан гэж үзэж
байгаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ байгууллага эзэнгүй байна. АТГ-ын дарга
нар байхгүй ч гэлээ Авлигын эсрэг хуулийн 22.2 дугаар заалт хүчин төгөлдөр үйл­чилж
байх ёстой.

-Ямар заалт юм?

-АТГ-ын дарга, дэд дарга нь гэмт хэрэг
үйлд­сэн нь нотлогдож шүү­хийн шийтгэх тогтоол хү­чин төгөлдөр болсон бол тэр өдрөөс
нь албан ту­шаалаас нь огцорсонд тооцно гэсэн байна. Тийм учраас шүүхийн шийд­вэ­рийг
хүндэтгэн үзэж, Ав­ли­гын эсрэг хуулийн да­гуу АТГ-ын удирд­ла­гуу­дыг огцорсонд
тооцно. Гэтэл АТГ-ын дарга, дэд дарга нар үүрэгт ажил­даа хэвээрээ, ажлаа “Ганц
худаг”-аас удирдаж байна гэх мэт мэдээлэл тарааж орных нь даргыг томилохгүй байна.
Жи­рийн иргэн ял авсан бол шүүхийн шийдвэрийн да­гуу хэл амгүй хоригдоод явж байгаа.
Жирийн ал­бан тушаалтан буруутай нь нотлогдсон бол аль хэдийнэ ажлаасаа ха­лагд­чихна.
Өндөр албан тушаалтанд хууль өөрөөр үйлчилж болох­гүй шүү дээ. Тэд нэгэнт буруутай
нь нотлогдоод хоригдож байгаа. Хууль хэнд ч алагчлалгүй үйлч­лэх ёстой. Ийм тохиол­долд
АТГ-ыг татан буулгах асуудал хөндөгдөх ёстой.

-Авлигатай тэмцэх газаргүй болно
гэж үү?

-Татан буулгах тухай хуульд заасан  байгаа. Авлигын эсрэг хуулийн 15.3-т АТГ-ын бүтэц,
зо­хион байгуулалтыг өөрч­лөх асуудлыг хөндөхдөө Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлийн
зөвлөм­жийг үндэслэн АТГ-ыг татан буулгахыг УИХ шийд­вэрлэнэ гэсэн бай­гаа. Энэ
байгууллагыг эх­лээд татан буулгачихаад, Авлигын эсрэг хуулиа өөр­чилж, дараа нь
ши­нээр байгуулах асуудал яригдана гэсэн үг.

-Шинээр АТГ бай­гуу­лахаар бөөн
ажил юм биш үү. Тэр хооронд ав­лига газар авч дийл­дэхээ болино биз…

-Энэ асуудлыг бид ҮАБЗ-д бичгээр явуул­чихсан
байгаа. Одоогоор хариу ирээгүй байна. АТГ-ыг татан буулгаснаар энэ чиглэлийн үйл
ажил­лагаа зогсохгүй. Ийм чиг үүргийг биелүүлж байгаа тагнуул, цагдаа, эдийн засгийн
мөрдөн байцаах газар гээд тусгай бай­гууллагууд бий шүү дээ. Тэгэхээр хүссэн хүсээгүй
АТГ-ыг татан буулгах, эс­вэл даргыг нь яаралтай томилж эзэнтэй болгох хоёр зам байна.

-Ер нь АТГ-ын да­раа­гийн даргыг
томи­лох­гүй, энэ байгууллагыг эзэнгүй байлгаад бай­гаа нь ямар учиртай юм бэ?

-АТГ эзэнгүй байгаа нь үнэхээр ноцтой
хэрэг. АТГ-ыг удаан хугацаанд эзэнгүй байлгах нь цаа­наа улс төрийн ашиг со­нирхол
агуулж байна. Манай улс НҮБ-ын өмнө үүрэг хүлээж Авлигын эсрэг конвенцид нэгдэн
орсон. Уул уурхайгаа ашиглаад эхэлсэн энэ үед баялаг дагасан авлига, албан тушаалын
гэмт хэргийг таслан зог­соох нэр хүндтэй үүрэг биелүүлэх ёстой. Гэтэл энэ байгууллага
эзэнгүй болсноор үүргээ бие­лүүлж чадахгүйд хүрч бай­на. Дээрээс нь АТГ-ын одоогийн
нөхцөл бай­далд УИХ-ын дарга бу­руутай.

-Яагаад?

-АТГ-ын дарга нар хо­ригдсон учраас  тэднийг тус байгууллагын Тамгын газрын дарга Бадарч
орлох үүргийг УИХ-ын дарга өгсөн. Энэ бол түү­ний эрхийн хүрээнд ший­дэх асуудал
биш. Тийм учраас энэ үйлдлийг  хууль бус гэж
үзэж бай­гаа. Хэрэв энэ хугацаанд АТГ-т  олон
асуудал ноц­той зөрчигдвөл хэн ха­риуцлага хүлээх юм. УИХ-ын дарга уу эсвэл Бадарч
уу. Тэгээд ч Бадарч нь АТГ-ыг удирдах ёс зүйн эрхгүй. АТГ-ын дарга Ч.Сан­гарагчаа,
дэд дарга нартай хамт шалгагдаж явсан хүн гэдэг утгаараа шүү дээ.

-АТГ-ын дарга нарыг огцруулах асуудал
УИХ-аар шийдэгдээгүй гэдэг үүднээс томилгоо хийхгүй байгаа юм бо­лов уу?

-УИХ хараат бус шүү­хийн өмнө хөндлөн
хэвт­чихээд байна. Тэгээд ч өмнө нь Ерөнхий проку­ро­рын зүгээс АТГ-ын удирд­лагуудын
бүрэн эр­хийн асуудлыг УИХ-аар оруулсан. Гэвч тухайн үед Хууль зүйн байнгын хороо
саналыг хүлээж аваагүй. “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр тэд­нийг шалгах эрх
олголоо” гэсэн шүү дээ. Тэр дагуу нь АТГ-ын дарга нарыг шалгаад, буруутайг нь тогтоогоод
зохих ёстой арга хэмжээг нь авлаа. Өөр яах юм. Тэгэхээр энэ УИХ-ын гишүүд, байнгын
хорооны шийддэг асуу­дал биш юм аа.

-АТГ эзэнгүйгээс болж хичнээн хэрэг
ший­дэгдэлгүй гацаж бай­гаа бол. Та нарт су­далгаа байгаа юу?

-АТГ эзэнтэй байсан бол ямар ч байсан
одоо­гийнхоосоо үр дүнтэй ажиллана. Монгол Ул­сын төрд хууль үйлчилдэг бол УИХ энэ
байгуул­ла­гын удирдлагыг томи­ло­ход онцгой анхаарах хэ­рэгтэй. Ер нь АТГ-ын дарга
нар хуулийн дагуу шийтгүүлснээс хойш би­дэнтэй албан ёсоор ха­рилцах субьект  энэ бай­гууллагад үгүй болсон. Гэхдээ манай зөвлөлд
жирийн иргэд саналаа их ирүүлж байгаа. Гол нь тус байгууллагын удирд­ла­гыг томилохгүй,
үйл ажил­лагааг нь идэвхжүүлэхгүй байгааг шүүмжилж бай­на. Ард түмний баялгийг хулгайлж,
халаасалж бай­гаа авлигачидтай ха­туу тэмцэх ёстой энэ бай­гууллага эзэнгүй болсонд
иргэд бухимдаж байна. Уул уурхай ашиглалтад ороод түүнийг төрд шур­галсан луйварчид
хувааж халааслах гээд байна шүү дээ. Үүнийг таслан зогсоохын тулд АТГ-ыг яаралтай
эзэнтэй болгох хэрэгтэй.  Гэвч АТГ-ыг эзэнгүй
байлгах сонир­хол авлигачдад байна.

-Та тэр авлигачдыг нэрлээч?

-Бүгд мэднэ шүү дээ. Ард түмнийг ядууруулж
байгаа хүмүүсийг авлига­чид тооцох ёстой. Манай төсвийн мөнгө өмнөхөө бодвол өссөн.
Харам­салтай нь Монголын ард түмэн улам ядуураад бай­гаа нь Монголын төр өөрөө авлигад
идэгд­сэ­нийг гэрчлээд байна шүү дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Үүрэг биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоохыг “Петрочайна Дачин Тамсаг”-ийнханд анхааруулав

Зуншлага сайхан бо­лох нь ээ. Хотоос зүүн тийш  гарч явахад л 
хур дагалаа.  Ерөнхий сайд С.Батболд Хэнтий, Дор­нод,
Сүхбаатар аймагт хэд хоног
ажиллахаар яваа нь энэ. Гурван аймагт Ерөнхий
сайдыг яг нэг стандар­таар угтах аж.  Хүндэтгэ­лийн жаг­саал хийж, бүрээ бөмбөр
үлээн, улаан хив­сэн дээр
алхуулж хүлээн авлаа. Зарим  аймагт бороо оро­хын өмнө
сал­хи дэгдсэн нь өнөөх ган­ган хивсийг нь Ерөнхий сайдыг ирэ­хээс өмнө арай л хийсгэ­чих­сэнгүй.   Социализмын
үеийнх шиг ингэж угтах хэрэг
бай­на уу гэж ал­баны хү­мүүсээс асуу­хад  Засгийн газраас зөв­шөө­рөөгүй ч төрөө хүндэтгэж байгаа хэрэг гэж тайлбар­лав. Иргэд Ерөнхий сай­даа угтах гээд аймгийн
тө­вийн­хөө талбай дээр, эсвэл хурлын танхимд
дүүрэн цугласан байх аж. Настнууд
энгэр дүүрэн одон медалиа
гялал­зуулж, гоёлын дээлээ өмсчихөж. Хачирхалтай нь зүүн аймгийнхан бүгд л Ерөнхий сайд С.Бат­болдыг “манай нутгийн хүү” гэцгээх аж.

Сүхбаатар аймгийнхан  гэхэд л аавынх нь нутаг болохоор угшлаа дагавал
яалт ч үгүй манайх гэнэ, Дорнод аймагт төрж өссөн боло­хоор бас л манайх гэх юм.
Хэнтий­чүүд Цэцэн ханаас төрсөн манай сайд гэх юм. За ямар ч байсан Зүүн аймгийнхан
Ерөнхий сайдаа өөр өөрийнхөө­рөө өмчлөөд л суугаа юм байна.  Дээрх аймгуудад хийсэн ажлынх нь талаар дараагийн
дугаарт хүргэх учир энэ удаа Ерөн­хий сайдын Зүүн бүсэд ажилласан өдрүүдэд анхаарал
татсан нэг зүйлийг онцолъё. Энэ нь Дорнод Тамса­гийн сав газарт газрын тосны хайгуул,
олборлол­тын ажил хийж байгаа “Петро­чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагаатай
танилц­сан явдал юм. Ирсэн зочдод тус компанийн захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн
дарга нар танилцуулга хийв. Мэдээж тэд их л сайхан юм хийж байгаа гэж хэлсэн. Сайхан
зүйл хийх гэхээр нь саад тотгор учруулаад байгаа нь Монго­лын тал гэх маягийн үгс
ч урсав. Мон­голын тал хөшүүн хойрго байхаар Хятадын талын хөрөнгө оруулалт цаанаа
л нэг болж бүтэхээ бай­чихаад байна гэж ирээд л учирлаж гуйхын зуур ярьж байх юм.
Үнэн хэрэг дээрээ Монгол Улсын 26 хууль тогтоомжийг зөрч­сөн гэж Мэргэжлийн хяналтынхан
тус ком­па­нийнхныг дүгнэсэн бай­гаа юм. Ингээд тэдний үнэнээс зөрсөн танилцуулгын
дараа Ерөнхий сайд, түүний танхимын гишүүд, УИХ-ын гишүүд, холбогдох албаны хүмүүс
асуулт асуулаа. Бас анхаа­руулга ч хэллээ. “Петро­чайна Дачин Тамсаг”-ийнхан үүнд
их дургүй бай­гаа бололтой.

Биднийг очихоос өмнө ажилч­дадаа хэвлэл
мэдээл­лийнхэнд янз бүрийн юм хэлж болохгүй гэж анхааруулсан байгаа юм. Өнөө­дүүл
нь элдэв юм асуух гэхээр дөлж зугтаад болдоггүй. Уг нь саяхан цалингийн доод хэмжээг
нь 300 ам.доллартай тэнцэхээр  болгосон гэж
байсан. Сумын иргэ­дийн хурал хуралдаад мон­гол ажилчдын цалинг нэмүүлэхээр шийдвэр
гар­гаж нөгөөдүүл ч үүнийг нь хүлээн зөвшөөрчээ. Дорнодчууд Ерөнхий сайдыг очиход
“Газрын тосны баялгаас орон нутгийн иргэд хүртэх ёстой” гэсэн утгатай уриа лоозон
барьж угтсан нь ч учиртай аж. Орон нутгийн иргэд эдний үйл ажил­лагаанд таагүй ханддаг
гэнэ. Үнэн хэрэгтээ Монгол Улсад асуудал нь байгаа юм биш. Нөгөө тал асуу­далтай
байгаа нь уулзалтын явцад тов тодорхой болов. Угаас гэрээ­ний олон заал­тыг зөрчиж
заримыг нь биелүү­лэхгүй байгаа юм байна. Сайд дарга нар юм асуухаар тоймтой юм
ч хэлэхгүй юм. Асуул­тад хариулж чадахгүй болох үедээ нүүрэнд нь илт уур хилэн тодроод
ирэх аж.   

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл “Та нар
ирэх болгонд л ийм юм ярьж суух юм. Нөөцийн гуравны хоёрыг нь Монголын Засгийн газар
баталж өгсөн атлаа үлдсэнийг нь баталж өгөхгүй байгаа нь байгаль орчны нөхөн сэргээлт
бусад асуу­далд нөлөөлөөд байна гэж ярих юм. Та нарын энэ барьсан юмнууд хэзээд
ачаад явахад бэлэн. Дээр нь хэт хямдхан материалаар хийгд­сэн байдаг. Монголд юу
үлдэх юм. Зам барина гэчихээд яагаад одоо бол­тол худлаа яриад байж байдаг юм” гэтэл
тус компанийн захиралд хэлэх үг олдсонгүй. Нөгөө л танил­цуулгад дурдсан зүйлийг
давтан “Манай илрүүлсэн нөөцийн гурав­ны хоёрыг Монголын Засгийн газар баталж гуравны
нэгийг нь батлаагүй. Бүгдийг батлахгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхэд саад­тай
байгаа гэв. Нөөцийн асууд­лыг бүрэн шийдэхгүй бол манай ком­панийн үйл ажилла­гаанд
нөлөөлж байна гэлээ. Ч.Улаан гишүүн “Гэрээнд заасан үүргээ биелүү­лэхгүй байж хандив
тусламжаар ам хаах нь зохисгүй”-г дурдав. Д.Одбаяр гишүүн “Газрын тос олборло­­хоосоо
өмнө газрын тос боловс­руулах дунд оврын үйлдвэр барина гэсэн яасан” гээд мөн хатуу
хучилттай зам барих ажил одоо хүртэл хийг­дэх­гүй байгаа талаар асуухад Зам тээвэр,
барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчны яам асуудлыг нь шийдэж өгөхгүйгээс
болсон гэв. Түүнээс болоод гэрээнд хатуу хучилттай зам барихаар тусга­чихаад одоо
хайрган хучилттай болгож өөрчилсөн төдийгүй 
хөрөнгө оруулалт нь ч шийдэг­дэхгүй байгаа тухай ярилаа. Гэтэл  Байгаль орчны дэд сайд Ч.Жаргал­сайхан Замын элэгдэл
маш их байгаа. Байгаль орчны яамнаас бүх замыг хатуу хучилттай байлга­хаар зорьж
байгаа. Гэтэл тус компанийн захирал газрын тосны хайгуулын онцлогоос шалтгаалж эхний
үед тодорхой хэм­жээгээр байгаль орчинд нөлөөлдөг гээд олигтой зүйл хэлсэнгүй. Гэсэн
атлаа гэрээнд заасан амласан зүйлээ огт хийхгүй байгаа нь энд ирсэн албаны хүмүү­сийн
дургүйц­лийг хүргэж байв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэ­рийн сайд Т.Бадам­­­жунай  монгол, хятад ажилчдын цалинг сонирхов.
500-1000 ам.долларын цалин авч байгаа гэж байна. Манай ажилчид цалиндаа сэтгэл хангалуун
байдаг хэмээн өнөөх эрхэм заллаа. 

Үнэн хэрэгтээ монгол ажилчдын цалинг
300 ам.доллар болгохыг Монголын тал сая л зөвшөөрүүлж талаар дээр мэдээлсэн. Дараа
нь Зам тээвэр, барилга, хот байгуулал­тын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ
“Танай компани батлагдсан чиглэлд баталгаатай аюулгүй тээвэр хийх ёстой. Танайх
хайрган хучилт­тай замын төслөө маш нарийхан, хоёр машин зөрөх зайгүй, тийм санал
оруулж ирсэн. Бид та бүхэнд өргөн болгоод ир гэсэн даалгавар өгсөн” гэлээ. Ингээд
Монголын талаас л болохгүй байгаа юм шиг зүйл яриад байсан тус компанийн удирдлага  сүүлдээ хэлэх үггүй болов. Энэ бүхний эцэст Ерөн­хий
сайд үг хэллээ. Газрын тосны хуульд Засгийн газраас шинэчил­сэн найруулга хийх санал
оруулж байгаа. Газрын тосны нөөц ашиг­ласны төлбөр, бүтээгдэхүүн хуваах гэрээг нэмж
тусгах шаард­лага байна. Тэгэхгүй бол хуучин гэрээ­нээс болж Монгол Улс алдаг­­далтай
байгаа талаар хэлээд энэ онд багтааж цуглуу­лах, хадга­лах, цэвэршүүлэх олбор­­лолтын
бай­гууламж  бари­хыг үүрэг болгов. Хийж байгаа,
хийх гэж байгаа гэсэн шалтаг шалтгаан дахиж сонсох­гүй гэдгээ ч хэлсэн юм. Мөн тэрээр
нүүрс олборлож буй дотоодын компа­нийн­хаа тээвэр­лэл­тийн үйл ажил­лагааг зогсоож
болж байхад гадаадын компанид ч адилхан арга хэмжээ авч болохыг анхааруулав.

Ерөнхий сайд энэ уулзалтын дараа Байгаль
орчны дэд сайд Ч.Жаргалсайханыг тус ком­па­нийн удирдлагуудтай дахин уулза­хыг үүрэг
болгосон юм. Дэд сайд Ч.Жаргалсайхан тус компа­нийн удирдлагуудтай уулзахдаа хэд
хэдэн шаардлага хэлсэн юм. Тэрээр “2007 оны тавдугаар сард та нар Ерөнхий сайд С.Баяр­тай
намайг энд ирэхэд техник, эдийн засгийн үндэслэлээ бэлэн болгосон. Нэг жилийн хугацаанд
хатуу хучилт­тай зам барина гэж байсныг чинь би санаж байна. Гурван жилийн дараа  ирлээ. Та нар ч юу хийгээ­гүй байна. Бүр ухраад
хайрган зам барих тухай ярьж байна. Энэ байдлыг бид хүлээж авах боломжгүй. Хатуу
хучилттай зам барихыг Байгаль орчны яам хатуу шаардана. Та нарт нэг сарын хугацаа
өгнө. Энэ хуга­цаанд багтааж хатуу хучилт­тай замын техник, эдийн засгийн үндэслэ­лийг
хийлгэж оруулж ирэх ёстой. Өөр тайлбар сонсох­гүй. Үгүй бол үйл ажиллагааг чинь
зогсооно. Нөгөө талаас техни­кийн болон биологийн нөхөн сэргээлт хийг­дэх­гүй байна.
Газрын хөрсний бохирдуулалтыг саармагжуулах ажил хангалтгүй. Ахуйн болон үйлдвэржилтийн
хогны асуудал одоо болтол хийгдээгүй. Хог хаягдлаа шууд газарт булж бай­гаа. Энэ
тухай нутгийн иргэдээс гомдол ирж байна. Байгаль орчныг хам­гаалах, нөхөн сэргээх
ажил хийгээ­­гүй. Энэ жилийн хөрөнгийн  фон­дод
байгаль орчинд зарцуу­лах мөнгө төвлөрүүлээгүй. Энэ бүх байдлыг чинь ойрын хуга­цаанд
газар дээр нь ирж шалгах ажлын хэсэг явуулна” гэлээ. Ямар ч байсан “Петрочайна дачин
Там­са­г”-ийн асуудлыг Засгийн газар хэлэлцэ­хээс өмнө Ерөнхий сайд байдлыг газар
дээр нь очиж үзлээ.

Categories
редакцийн-нийтлэл

Ингэхэд ер нь цаагуур чинь ЮУ БОЛООД БАЙНА АА?

ЗАСГИЙН ГАЗРЫН
ГЭХ ТОДОТГОЛТОЙ ХЭНИЙ Ч МЭДЭЭГҮЙ ШИЙДВЭР

Засгийн газрын саяхны хурал­даан дээр
ийм юм болжээ. Сонин уншиж суусан Ц.Нямдорж сайд “Х.Баттулга сайд аа,   өмнөд хөрш рүү машинаар нүүрс экспортлохгүй  байгаа 
талаар тайлбар өгнө үү” гэтэл Х.Баттулга сайд “Мэдэхгүй” гэсэн  хариу өгчээ. Ц.Нямдорж “Та мэдэхгүй юм бол сонинд
өгсөн  ярилцлагадаа яагаад “Энэ шийд­вэрээсээ
яаж ч байсан буцахгүй” гэж хэлсэн байдаг юм” хэмээн  дахиад асууж. Гэлээ гээд тоймтой хариу сонсоогүй
байна. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг энэ үеэр “Би ч энэ талаар мэдээгүй юм байна.
Засгийн газар мэдээгүй байхад яагаад ийм шийд гаргасан байдаг юм. Ядаж Засгийн газрын
хуралдаан дээр ярих ёстой байсан юм биш үү” гэж ирээд л цаагуураа манай намын бодлого
биш шүү гэсэн аястай бусдадаа тал зассан юм байх.  Ингээд эзэнгүй шийдвэ­рийн эзнийг нь хайцгаажээ.
Энэ талаар Өмнөговь аймгийнхныг хардтал үнэн хэрэгтээ тус аймгийн  ИТХ ч хуралдаж шийд гаргаагүй байж. Тэнд байгаа
Мэргэжлийн хяналтын байцаагч, Авто замын газрын байцаагч хоёр л том толгой гарган
ийм шийдвэр гаргасан болж таарчээ. Үүнээс үүдэлтэй Авто  замын  газрын  дарга,  
Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын тайлбарыг ч авсан байна. Засгийн газрын
хурал иймэрхүү маягтай болж байхад Төрийн ордны гадна нь “Гал үндэстэн” тэргүүтэй
иргэний хөдөлөөнүүд хуралдайгаа хурал­дуулж, шаардлагаа тавьсаар бай­на. Тэд хамтарсан
Засгийн газрыг  огцорч, УИХ-ыг тарахыг шаард­саар
байгаа билээ.

ЗАСГИЙН ГАЗРЫГ
ОГЦРОХЫГ ХЭН, ХЭН ШААРДАВ?

Энэ Засгийн газрыг бол өөрс­дөө “Хамтарсан”
гэж нэрлээд бай­гаа ч олон нийт нэгэнт МАНАН-гийн  Засгийн газар гэх болж. Хамтарч нийлж болсон юм
салж сарниж, бүр цаашлаад огцорч болох талаар Ардчилсан намын зарим фракц бүлэглэл
тэр дундаа эгэл жирийн гишүүд, иргэний хөдөлгөөнүүд, “Гал үндэстэн” холбоо, бүгд
л  сонирхлоо илэрхийлж байгаа.  Зарим нь Төрийн ордны гадаа гэр бариад суучихаад
нэлээд хэд хоног боллоо. Энэ тэмцэлд нь морьд хүртэл оролцлоо шүү дээ. Дээр нь Н.Энхбаяр
ч нэмэгдэнэ.   Тэд зөвхөн Засгийн газрыг огцруу­лахыг
шаардах төдийгүй УИХ-ыг ч тар гэв. Одоогоор их хуралдай­гаас гарсан  шийдвэрээ УИХ, Ерөнхий­лөгчид хүргүүлсэн. Сүүлийн
үед  МАН-ынхан ч хамтарсан засгаас Ардчилсан
намыг гаргах нь зүйтэй гэх болсон. Ингэж эрчимтэй ярих  болсныг Ардчилсан намаас  зохион байгуулалттайгаар МАН-ын гишүү­дийг шахаж
хэлүүлж байгаа гэх таамаг ч газар авчээ. Засгийн газрыг огцруулах гэсэн хэд хэдэн
сонирхлууд байна. Үүний дотор МАН-ынхан  ч
багтана.

С.БАТБОЛДООС НАМЫН ДАРГЫНХ
НЬ СУУДЛЫГ АВАХ ТУХАЙ ЯРИА БУЮУ “НАЙЗУУДЫН
БҮЛЭГ”-ИЙН ЭСРЭГ
ХЭРХЭН ХӨДЛӨХ БОЛ?

“Дараагийн ээлжийнхэн хоо­лондоо”
гэдэг шиг уул уурхайн  баялгаас бид ч  хүртэх ёстой гэсэн зарчмаар асуудалд хандаж байгаа
МАН-ын лидерүүд хамтарсан зас­гийг салгах нь бүү хэл огцруулах сонирхолтой. Ил л
хэлж чадахгүй байгаа болохоос цаагуураа юм явуулаад эхэлж. Мөн Засгийн га­зарт байгаа
хоёр талын хөдөлшгүй эрх ашигтай нөхдүүдийг “найзуу­дын бүлэг” гээд  нэрлэчихэж. Ма­гад­гүй засагт байгаа нөхдүүд өөрс­дөө
тэгж нэрлэснийг нь МАН-ынхан  дотор хэлж заншиж
байж ч болох юм.

МАН-ын ХХV их хурлын үеэр яригдаж
байсан нэг яриа дахиад сэдэрчээ. Тэр нь намын дарга, Ерөнхий сайд хоёрыг салгах
сонир­хол. Гэтэл одоо С.Батболдод Ерөнхий сайдынх нь албыг үлдээ­гээд  намын даргаа өөр хүнд өгөх хэрэгтэй гэдэг юм яваад
эхэлжээ. Энерциэрээ яваад байгаа яриа гэнэ. Тэд намын даргаа зөөлдөөд байна гэж
шүүмжлээд сонгууль хаяанд ирсэн энэ үед ийм өөрч­лөлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа
аж. Гэвч энэ нь намын дарга, Ерөнхий сайдын албыг хавсран гүйцэтгэдэг жаягаа дагахад
аяндаа хүргэх юм байх. Өөрөөр хэлбэл эхлээд намын даргын албыг нь аваад дараа нь
Ерөнхий сайдынх нь албыг ч авах санаархал гэнэ.  

Үүнтэй холбоотой МАН дотор дараагийн
намын дарга хэн байх талаар ч яригдаад эхэлж. Үүнд М.Энхболд, Н.Энхболд,  Х.Наран­хүү, Ө.Энхтүвшин нарын нэр хүчтэй яригдаж  байна.

АН-ЫНХАН УДИРДЛАГУУДДАА
ХАРШИЛТАЙ БАЙНА

АН дотор хамтарсан засгаас намаа  гарчихаасай гэсэн ил далд хүсэлтнүүд олон бий.
Мөн нэр дэвшигчдийн  мөнгөний хэмжээ 50 сая
гэж зарлагдсан ч тэр бүр ту­шаах гээд  барьж
гүйх хүмүүс алга   байгаа нь Сонгуулийн хуулийн
эцсийн шийдийг мэдэх гэсэн хү­лээлт нөгөө талаар юу юугүй  Н.Ал­танхуягийг мөнгөжүүлээд яахав гэсэн бодлоос
нь үүдэлтэй гэнэ.  Ямар ч АН-д байсан өвөрт
нь орсон МАН-ынхаа хажуу бөөрнөөс салах­гүй байгаа Н.Алтанхуяг даргадаа харшилтай,  түүнийг унагах сонир­холтой гишүүд өдөр ирэх бүр
нэмэгдэж байна.  

Цаашлаад  нийслэлийн намын
удирдлагыг ч өөрчлөх сонирхол бүхий  бүлэглэл
фракцуудын яриа хэлцэл нэгэнт явагдаад эхэлжээ. Учир нь Ш.Түвдэндоржийг нийслэ­лийн намын хорооны
даргаар нь байлгаж сонгуульд орвол хотын тойргуудаа алдах магадлал өн­дөрсөнө гэж тэд үзэж байгаа юм байна. Ганц хүнийг ажилтай байл­гахын төлөө бүхэл
бүтэн намаа ингэж баллаж болохгүй хэмээн тэд ярьж байгаа юм. Ийнхүү хамтарч  засаг барьж буй хоёр намд сон­гуулийн өмнөх хүчтэй
салхи сал­хилаад эхэлжээ.