Categories
мэдээ нийгэм

Прокурорууд тангараг өргөлөө

Монгол  Улсын Ерөнхий  прокурорын  2014 оны 07  дугаар сарын 01-ний  өдрийн Б/99  тоот  тушаалаар Өмнөговь аймгийн   прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд  тавих хяналт хариуцсан хяналтын  прокуророор томилогдсон Нямтуул овогтой Ундрах, Сайнбуян овогтой Мөнхтулга, Төмөр овогтой Баярмаа нарыг  “Прокурорын тангараг” өргүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр болжээ.

Тус арга хэмжээний үеэр аймгийн прокурор С.Давааравдан тангараг өргөсөн прокуроруудад баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмаар 19 хүүхэд мориноосоо унажээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Үндэсний баяр наадмаар тус газар Үндэсний баяр наадмын Бөх, Сур, Хурдан морины салбар хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Даатгагчдын холбоо, Монголын Морин спорт уяачдын холбоо, Цагдаагийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажилласан байна.

Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ажилтнууд нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өсвөрийн бөх, Өсвөрийн сурын харваа, Хурдан морины уралдааны үеэр таван өдөр ажиллажээ.

Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Өсвөрийн хүчит 128 бөх барилдсанаас бөхийн барилдаан элдэв маргаан, бэртэл, зөрчилгүй болж, Батжаргалын Лхагвадорж нь сүүлийн гурван жил дараалан түрүүлж үндэсний бөхийн түүхэнд шинээр бичигдэх амжилт үзүүлсэн байна.

Үндэсний баяр наадмаар 120 хүүхэд Өсвөрийн сурын харваанд оролцсон нь өмнөх оноос 40 хувиар нэмэгджээ. Үндэсний сурын спортоор хичээллэж буй хүүхэд тусгай зай талбайд биеийн өндөртөө харьцуулсан нум сумаар хичээллэдэг бөгөөд хүүхдэд тохирсон нум сумыг хийх хүн ховор байдаг нь гол хүндрэл болдог байна.

Үндэсний их баяр наадамд /Хүй долоо худаг/ 7-18 насны 511 унаач хүүхэд бүртгүүлсэн ба есөн насны 1751 морь унаж уралджээ. Хурдан морины үндсэн зургаан нас болон эрлийз морины гурван насны уралдаанд нэг уралдаанч хүүхдийн унаж уралдаж буй байдлыг авч үзвэл нэг удаагийн наадамд дунджаар гурван насны морь унажээ.

Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих ММ5:6264:2011 тоот стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлийг уралдаанч хүүхдүүдэд өмсүүлэх шаардлагыг тавьж ажилласаны үр дүнд унаач хүүхдүүд 100 хувь хамгаалалтын малгай, цээживчтэй уралдаанд оролцож 80 гаруй хувь нь өвдгөвч, тохойвчтой уралдаанд оролцсон байна. 19 хүүхэд мориноос унаж гурван унаач хүүхэд хүндэвтэр, найман хүүхэд хөнгөн гэмтэл авч, найман хүүхэд гэмтэлгүй гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Google-тэй хамтрана

Улаанбаатарыг Бүс нутгийн аялал жуулчлал, бизнесийн төв болгоно гэсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Найрсаг Улаанбаатар” аяныг эхлүүлээд байгаа билээ. Энэ аяны хүрээнд 2020 он гэхэд хоёр сая жуулчин хүлээж авдаг болохоор зорилт тавин ажиллаж байгаа юм. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголыг дэлхийд таниулахын тулд Нийслэл Google-тэй хамтарч ажиллахаар төлөвлөөд байгаа ажээ.

Эхний ээлжинд Аялал жуулчлалын байгууллагуудыг Гүүгл сүлжээнд оруулах ажлыг хийж эхлээд буй юм байна. Э.Бат-Үүл дарга цаашид Улаанбаатарын талаарх бүхий л мэдээллийг “Гүүгл”-ээс авах боломжийг бүрдүүлэх тал дээр нягт хамтарч ажиллахаар төлөвлөж байгаагаа хэлсэн.   

Categories
мэдээ нийгэм

Д.Дагвадорж аварга сумын ойд зодоглолоо

Энэ жил зуу гаруй сумын ой тохиож байгаа. Өнөөдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 90 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэлж байгаа билээ. Наадмын үндэсний бөхийн барилдаанд сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж барилдаж байна. Наадмын өмнөхөн “Хужиртын наадамдаа зодоглодог юм бил үү, хорхой хүрчлээ” гэсэн тайлбартайгаар зодог, шуудаг өмссөн зургаа олон нийтийн сүлжээнд тавьж байсан билээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Олон хүүхэдтэй эхчүүдийн ажилласан жилийг нөхөн тооцно

Нийгмийн даатгалын сангаас иргэдийн ажилласан жилийг нөхөж тооцох ажил үргэлжилж байгаа юм. Тэгвэл энэ ажлын хүрээнд 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд  ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой болсныг УИХ-ын эмэгтэй гишүүд онцлон хэллээ. Одоогоор 38-42 насандаа тэтгэвэрт гарсан 30 гаруй мянган эх байгаа бөгөөд тэд доод тэтгэвэрийг авч байга аж. Тиймээс энэ асуудлыг ХАНХЯ-нд хүсэлт гаргаж, шүүхэд нэхэмжлэл гарган шийдүүлж одоогоор 30 гаруй мянган эхчүүд ажилласан жилээ нөхөх боломжтой болжээ.  

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд ирэх сарын 1-нээс газар өмчлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн Өмчийн харилцааны газрын удирдлагууд өнөөдөр иргэдэд цахимаар захиалга авч өмчлүүлэх 52 байршлын талаар мэдээлэл өглөө. Иргэдээс онлайнаар захиалга авч дараах газруудыг олгох ажил ирэх наймдугаар сарын 1-нээс эхлэх юм байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хожуулын аманд 909 иргэнд, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Соёондын аманд 4189 иргэнд, Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн 4-р хороо, Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд, Багахангай дүүргийн 2-р хороо, Бор-Үзүүрт 1483 иргэнд тус тус газар өмчлүүлэх ажээ. 

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанкны валютын нөөц буурчээ

Монголбанк дахь гадаад валютын улсын албан нөөц он гарсаар эхний таван сарын байдлаар 28.6 хувиар буурсан байна.

Нийт албан нөөц 1604.5 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Монголбанк гадаад валютын улсын албан нөөцийг өмнө нь гурван сарын хоцрогдолтойгоор нийтэд мэдээлдэг байсан бол долоодугаар сарын 1-нээс эхлэн нэг сарын хоцрогдолтойгоор нийтэд мэдээлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын мэдээлэл долоодугаар сарын сүүлчээр гарч байхаар болж байна. Гадаад валютын нөөц буурч байгаа нь валютын ханш чангарах нэг шалтгаан болж буй билээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэд осолдсон таван залуугийн хоёрынх нь цогцсыг олжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө голын гүүр орчимд 18-20 насны таван иргэн усанд осолдсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Өчигдрийн байдлаар усанд осолдсон таван иргэний хоёрынх нь цогцсыг олжээ. Онцгой байдлын 100 гаруй албан хаагч урсгал усанд эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна. Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсаар байгаа ч иргэд голд осолдож амь насаа алдсаар байна. Дархан-Уул аймгийн ОБГ долдугаар сарын 15-ны өдөр Орхон голын хавцлын хуучин бирвааз орчим эрэгтэй хүний цогцос  урсаж байна гэсэн дуудлагаар очиж цогцосыг гаргаж холбогдох газруудад хүргүүлжээ.

Долдугаар сарын 16-нд Дархан сумын гуравдугаар баг “Монгол катлон Түшиг-Уул” ХХК-ий карьерт хүн алга болсон гэсэн дуудлагын дагуу ажиллаж өчигдөр уг цогцсыг Онцгой байдлын Ерөнхий газрын аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран олжээ.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Цариг өргөн нарийн байх нь гуравдугаар асуудал

 “De facto” нэвтрүүлгийн зочноор оролцсон УИХ-ын дарга З.Энхболд оролцсон юм. Түүний ярилцлагыг тоймлон хүргэж байна.

УИХ бол манай нийгмийн багасгасан хувилбар. Гудамжинд хэрэлдэж суухаар наанаа тусгай дэгийн дагуу саналаа гаргаад, биднийг төлөөлөөд бидний асуудлыг шийд гээд явуулдаг.

“Давхар дээл”-ийн асуудлыг буруу гэж үзээд, Ерөнхийлөгч хууль санаачлаад, хууль яг гардаг дээрээ батлагдаагүй. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёр хоорондоо холилдчихоод байгаа учраас болохгүй байгаа юм. Үндсэн хуульд заасны дагуу ойлгомжтой болгох ёстой.

Ашигт малтмалын хувьд бид алдаж л явна. Манайд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа байж болох хамгийн либерал дэглэмээр явж ирлээ. Гэтэл сонгогчид шүүмжилсэн. Тэгэхэд нь сандраад 2008-2010 онд гэнэт бүх хөрөнгө оруулалтаа хаачихсан. Шинээр лиценз олгохоо байж, үндсэндээ уул уурхайн салбарыг зогсоочихсон. Эдийн засаг хямраад болохоо байгаад ирэнгүүт, “Энэ чинь болохгүй юм байна, үүнийгээ нээе ээ” гээд хуучин шиг бүх юм нээлттэй биш, зөвшөөрөгдсөн газар хайгуул хийдэг байх ийм Ашигт малтмалын хууль баталлаа л даа. Үүгээрээ хөрөнгө оруулалтыг татъя, хөрөнгө оруулалт орж ирэхэд валютын ханш буурна гэж тооцож байгаа. Эдийн засгаа сэргээе гэдэг утгаар. Ер нь бол бүгд нээлттэй байсан нэг хязгаараас бүгдийг хаасан нэг хязгаар болсон байсан. Одоо дунджийг нь олж явах гээд байна. Монголын ард түмэн уул уурхайгаа явуулъя аа, гэхдээ хэмжээ хязгаартай, зааж өгсөн газарт үйл ажиллагаа явуулдаг байя гэж байгаа. Энэ дагуу дуртай газраа очоод ухаад байдгаа больё гэдэг ийм шийдэл гаргалаа. Энэ утгаар Ашигт малтмалын хуульд орсон өөрчлөлтийг түүхэн гэж хэлж болно. Уул уурхайгаа яаж ашиглах арга замаа одооноос л олж авч байна. Алдан онон байж.

Гадаадын хөрөнгө оруулалтыг хааж үзсэн. 2012 оны сонгуулийн өмнө тавдугаар сард. Түүнийг буруу юм гэдгийг 2013 оны сүүлээр ойлгоод буцааж нээж өгсөн.

“Урт нэртэй хууль”-ийг аваад үзье. Асуудал нэлээд олон жилийн турш хуримтлагдсан болохоор тийм хууль гаргахаас аргагүй байдалд орсон. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн. Монголчууд өөрийнхөө газар нутаг дээр ингэж амьдраад байхдаа яадаг юм.

Төрийн өмчийн хороо 1996 оны наймдугаар сарын 1-нд байгуулагдаж, анхны даргаар нь очсон. Цаанадаж 10 жил ажиллаад, хэрэгтэй хэрэггүй өмчөөсөө салаад, төрд хувийн өмч давамгайлаад, баяртай гээд татан буугдах байгууллага гэж тооцож байсан. Өнөөдөр 2014 он, энэ байгууллага байсаар байгаа. Удах тусмаа эдийн засагт саад учруулж эхэлж байгаа. Төрийн оролцох ёстой юм, оролцох ёсгүй юм гэж байна. Энэ мөнхийн сэдэв л дээ.

“Оюутолгой”-д зээл авч орсноосоо болоод, ороогүй байсан нь дээр юм гэдэг үзэл бодол руу өнөөдөр шилжиж байна.

Нүүрс бол дэлхийн бүх улсад байна, тэгэхээр энэ нь стратегийн биш юм байна гэж үзэх болж байна. Стратегийн ойлголтыг орд гэдгээр нь биш, бүтээгдэхүүн гэдэг ойлголтоор шинэчилье гэдэг концепц Их хурал дээр яригдаж байгаа. Ер нь алт, газрын ховор элемент гэх мэтийн батлан хамгаалахын чиглэлтэй онцгой бараанууд байна.

Төрд татвараас цугласан мөнгөөр ямар нэгэн бизнес хийх нь буруу юм байна гэдэг шийдэлд сая “Цагаан суварга”-ыг шийдсэн байдлаас харахад УИХ-ын гишүүдийн олонх нь хүрч байгаа нь өөрөө их том дэвшил болж байгаа юм.

Бидний зан араншин хэтэрхий туйлшрал руу яваад байна.

Хөгжлийн банкаа татан буулга, “Чингис”, “Самурай” бондоо төсөвтэйгөө нийлүүлэх шийдвэрийг 76 гишүүнээ хуралдуулахад олонх нь сая л гаргалаа шүү дээ. Хөгжлийн банкны одоо өгсөн зээлийн байдлыг харах юм бол зээлээ төлөх чадваргүй. Чадваргүй учраас хэн төлөх вэ, УИХ-аас өөр төлөх газар байхгүй.

Улсын төсвийг компаниудаас авсан татвараар бүрдүүлж байгаа юм. Эцсийн эцэст энэ зээлийг төлөх газар нь УИХ учраас УИХ жагсаалтыг батална гэдэг хуультай. Гэтэл УИХ-аар батлуулалгүй хоёр жил явчихсан хариуцлагагүй Засгийн газар байгааг би шүүмжилсэн. Одоо энэ зээлийнхээ учрыг олох ажил хүлээгдэж байна.

Ханшийг интервенц хийх мөнгөтэй бол багасгаж болдог. Ханш яагаад өсөөд байдаг юм, Монголбанкны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд яагаад буулгаж болдоггүй юм, ханшийн өсөлт гай болж байна гэсэн яриа, ойлголт яваад байдаг. Энэ талаар тайлбарлах гэж Эрдэнэтэд байдаг “Бэрэн” компанийн дөрвөн бүтээгдэхүүн авчирсан. Эхнийх нь хүн болгоны мэддэг арматур. Хоёр дахь нь Архангайн Төвшрүүлэхэд газар дороос гаргадаг, тонныг нь 40 доллараар зардаг төмрийн хүдэр. Үүний 50 хувьд нь ч юм уу төмөр байна, үлдсэн нь чулуу. Бутлаад одоо бариад байгаа зууханд нь хийхэд ийм ширэм (гурав дахь бүтээгдэхүүн нь) болж байгаа юм, 400 долларын. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэглэдэг ган бөмбөлөг 900 долларын үнэтэй. Жилдээ нэлээд олон арван сая доллараар худалдаж авдаг эд. Өнөөх 6670 доллараар зардаг зэс дотор энэ тодорхой хувь эзэлж байгаа. Гэтэл энэ бөмбөлөг доторхийг хэд ч байдаг юм, тухайлбал 600 долларын  орцыг бид биш, оросууд хийж байна шүү дээ. 

Валютын ханш хэзээ буурч, хүмүүсийн хүсч буй түвшинд хүрэх вэ гэхээр Архангайн Төвшрүүлэхийн төмрийн хүдэр явсаар байгаад ган бөмбөлөг болсон үед. Тэр цагт ханш тогтворжино. Уул уурхайн экспортод Монголынхоо оролцоог нэмэх юм бол ханш гэдэг юм баригдана.

Цариг өргөн нарийн байх нь гуравдугаар асуудал Монгол Улсад үйлдвэрлэсэн 10 сая тонн ширэм дэлхийн зах зээлийн үнээр зарагдах нь царигаас илүү хэрэгтэй. НҮБ-ын далайд гарцгүй орнуудын хэлэлцээрт “Далайд гарцгүй улс далай руу явахад замд нь байгаа улсууд өөрийнхөө компанитай адилхан тарифаар нэвтрүүлэх үүрэгтэй”. Бид тийм эрхтэй, тэр эрхээ гэрээгээр зохицох ёстой юм. Тэгэхээр бид хоёр улстайгаа тэдний нутгаар дамжин далайн эрэгт хүрдэг гэрээнүүдээ байгуулж авах нь чухал. Тэгэхгүй бол бид бус нутгийн худалдаагаар хятадад өгөөд дэлхийн үнийг авч чадахгүй байгаа юм.  Манай бүтээгдэхүүн далайд хүрч байж л дэлхийн зах зээлийн үнээ барьж авна.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд хөл хорио тогтоолоо

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн нутагт зургаан айлын долоон адуу нэг малчны нэг ухна боом өвчнөөр үхсэн билээ. Одоогоор  тухайн газар нутагт ариутгал хийж хорогдсон малын сэг зэмийг булж устгах ажил хийжээ. Мөн уг голомтын бүс нутагт байгаа гурван өрхийн бүх малд үзлэг хийж Ц.Дамба, Д.Лхаасүрэн нарыг суурийн 52 адуунд боомын ийлдэс тарьжээ.

Аймгийн Мал эмнэлэгт нөөцөд байсан 1.4 литр буюу  2800 бог мал эсвэл 1400 бод мал вакцинжуулах вакцин мөн 600 мал эмчлэн сэргийлэх ийлдсийг багийн малын эмч нар өгөн өнөөдрөөс вакцинжуулалтын ажил эхэлж байна. Уг бүсэд 14 хоногийн хорио тогтоож, аймгийн холбогдох газруудаас ажлын хэсэг гаран ажиллаж байгаа аж.