Categories
мэдээ спорт

Олимпод барилдах Л.Отгонбаатар гэж хэн бэ

“Рио-2016” олимпийн тав дахь өдөр үргэлжлэн явагдаж байна. Өнөө орой 22:00 цагаас бөхийн жүдо барилдааны 90кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар хүч сорих гэж байна.

Тэрээр 1993 онд Архангай аймгийн Батцэнгэл суманд төржээ. Үндэсний бөхийн сумын заан цолтой аж. Түүнийг Архангайн Л.Үйтүмэн, Л.Шинэбаатар арслангуудын төрсөн дүү гэдгээр нь бөх сонирхогчид андахгүй мэддэг билээ. Ах нарынхаа адилаар олон түмний хайр хүндэтгэл хүлээсэн бөх юм. Төв аймгийн Эрдэнэ суманд барилдаж сумын заан цол хүртэж байсан Л.Отгонбаатар энэ жил “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг төгсөж дипломоо гардан авчээ. Одоо Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах дэслэгч цолтой нэгэн юм.

Л.Отгонбаатар нь бөхийн жүдо барилдааны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний хошой алт, өсвөрийн улсын аваргын мөнгө хүртэж байсан. БНСУ-д зохиогдсон жүдо бөхийн залуучуудын олон улсын тэмцээний аварга, Тайваньд зохиогдсон насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд түрүүлсэн түүхтэй. Мөн Самбо бөхийн өсвөр, залуучуудын улсын аваргаас хошой алтан медаль авч байсан юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн 100 кг-ын жиндээ болон багийн тэмцээнд барилдан хүрэл медаль хүртэж байсан гээд олон амжилтыг дагуулж чадсан 23 настай залууд Монголын ард түмэн найдлага тавин хүлээж сууна.

Б.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *