Олон улсын жүдо бөхийн холбооноос Японы Токиод болсон “Их дуулга” тэмцээний дараа 2024 оны сүүлчийн чансааг шинэчлэн гаргажээ.
Шинэ чансаагаар эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинг гавьяат тамирчин Б.Баасанхүү тэргүүлж байгаа бол Г.Наранцэцэг 15-д жагсав. Харин залуу мастер Ж.Анударь 37 байр ахиж, 65-рт эрэмбэлэгдсэн байна. 52 кг-д Л.Сосорбарам нэг байр ухарлаа. 57 кг-д эхний 15 байрт ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд энэ дунд гавьяат тамирчин Л.Энхрийлэн бий. Токиогоос хүрэл медаль хүртсэн Т.Ариузаяа 78 байраар урагшилж 65-д, О.Оюунчимэг 36 байр ахиж, топ 100-д багтлаа. 63 кг-д Б.Ганхайч 29-т, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ 44-т, С.Лхагвадулам 100-д, -78 кг-д О.Хүслэн 24, +78 кг-д А.Адъяасүрэн 25, Д.Номинзул 40 дүгээр эрэмбэлэгджээ.
Тэгвэл эрэгтэйчүүдээс 60 кг-ын топ-100 тамирчны жагсаалтад манай улсаас таван жүдоч багтлаа. Тодруулбал, Э.Ариунболд 27, Ц.Бямба-Очир, Э.Сумъяабазар 60, К.Ёолк 80, Н.Мэндсайхан 91-т жагслаа. К.Ёолкийн хувьд Токиогийн “Их дуулга”-ын дараа чансаагаа 78 байраар ахиулж, шилдэг 100-гийн эгнээнд багтсан юм. Харин 66 кг-ын жинд Ё.Басхүү гавьяат дөрөвт, Б.Эрхэмбаяр хоёр байраар ухарч, 11 дүгээрт эрэмбэтэй болжээ. Тэгвэл 73 кг-д Б.Эрдэнэбаяр 17, Ц.Цогтбаатар 42, Л.Анхзаяа 44, О.Уранбаяр 93, Ж.Энхтөр 98-т жагсав. Үүнээс гадна 81 кг-д Г.Болор-Очир 34, 90 кг-д Г.Алтанбагана 38, -100 кг-д Б.Гончигсүрэн 17, А.Энхбаяр 99, +100 кг-д О.Цэцэнцэнгэл 24 дүгээрт эрэмбэлэгдлээ.
Дашрамд сонирхуулахад, Олон улсын жүдо бөхийн холбооноос 2024 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдоч, Оны шилдэг иппон ялалт, үйл явдлыг шалгаруулж байгаа бөгөөд манайхаас Б.Баасанхүү “2024 оны шилдэг үйл явдал” шагналд нэр дэвшжээ. Санал хураалт 2025 оны нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд https://judotv.com/awards#female-judoka-of-the-year хаягаар саналаа өгөх боломжтой юм.