Categories
мэдээ цаг-үе

Н.Ганбаатар: Аавын ажлаас болж миний бөхийн карьерт дарамт учирсан тохиолдол байхгүй

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын хүчит гарьд Нямдоржийн Ганбаатартай ярилцлаа.


-Таныг Улаанбаатар хотод төрсөн гэдэг. Гэхдээ цолоо дуудуулахдаа аавынхаа нутгаар зарлуулдаг шүү дээ. Ойрдоо уугуул нутагтаа очсон уу?

-Би 1982 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. Бөхийн дэвжээн дээр цолоо дуудуулахдаа аавынхаа төрсөн нутгаар зарлуулдаг болохоор зарим хүмүүс намайг Чандмань суманд төрсөн мэтээр андуурдаг. Гэхдээ уг гарал маань энэ сайхан нутагтай салшгүй холбоотой болохоор төрснөөс өөрцгүй л дээ. Алтайн магтаал, аялгууны өлгий Говь-Алтай аймгийн Чандмань сум маань Алтайн нурууны салбар хоёр нурууны хөндийд байдаг сум. Алтайн нурууд үзэсгэлэнтэй байгаль, эрс тэс уур амьсгалтай, ан амьтан, ховор содон ургамал ихтэй газар. Говь-Алтайчууд ааш зан сайтай, сэтгэлийн хаттай, улсууд байдаг гэж хүмүүс ярьдаг. Тэр ч үнэн үг. Ойрдоо аавынхаа нутгаар очсонгүй. Удахгүй болох сар шинээр л явах байх даа.

-Хүүхэд байхдаа хэр хөдөлгөөнтэй байв. Багын өндөр нуруулаг хүүхэд байсан уу?

-Багадаа тийм ч сахилгагүй хүүхэд байгаагүй. Гэхдээ хүүхэд юм чинь тоглож наадан дэггүй зан гаргаж явсан. Нэгдүгээр хорооллын 80 дугаар дунд сургуульд суралцаж, 1998 онд төгссөн. Миний хүүхэд нас нэгдүгээр хороололд л өнгөрсөн дөө. Ер нь багын өсгөлүүн хүүхэд байсан.

-Оюутан ахуй цагаа эргээд нэг дурсвал?

-Аав, ээж маань Монгол Улсын Их сургуулийн Физикийн ангийг төгссөн. Физикийн шинжлэх ухааны ач холбогдлыг ээж, ааваараа байнга яриулдаг хүүхэд байлаа. Мөн арван жилийн анги удирдсан багш маань физикийн мэргэжилтэй хүн байсан. Тийм учраас их сургуулийн элсэлтийн шалгалтаа физикийн хичээлээр өгч, өндөр оноо авсан юм. 1998 онд МУИС-ийн Физикийн ангид элсэн орсон. Оюутан байхдаа хичээлээ шамдан хийхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний ажил сонирхож байсныг минь Ж.Бандихүү багш маань их ярьдаг. Энэ хүн намайг бөхийн спорт руу хөтөлсөн хүн л дээ. Үнэнийг хэлэхэд би барилдах сонирхол багатай, яагаад ч юм эрдэм номын талдаа илүү сонирхолтой оюутан байж.Ер нь их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний уралдаанд түрүүлж, бусад тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог оюутан байлаа. Тухайн үед модны үртсийг малын тэжээл болгон ашиглах, үйлчлэлийн аргыг оролдсон юм. Энэ ажлынхаа эцсийг үзэлгүй бөхийн дэвжээнд гарсан даа.

-Тэгвэл анх үндэсний бөхийн спортоор хичээллэх болсон тухайгаа яриач. Таны авга ах улсын заан Рэгжийбуугийн Давааням гуай 1980-1990-ээд оны үед ид барилдаж байсан хүчтэнүүдийн нэг. Энэ сайхан бөх удмынхаа тухай тодруулахгүй юу?

-2002 оны хавар их сургуулиа төгсөөд, намар нь багшаар үлдчих санаатай байлаа. Гэтэл авга ах Р.Давааням заан “Хүч” спорт хороонд бөх болгоно” гээд оруулсан. Тэрнээс хойш 15 жил үндэсний бөхөөр барилдаж байна. Манай аавын ээж Янжмаа гэж хүн байсан. Энэ хүний ах дүү нар сүүлийн 40 гаруй жил сумынхаа наадмын түрүүг алдаагүй юм гэдэг. Эдгээр ах, дүү нар дотроос улсад барилдаж анх улсын том цол хүртсэн хүн нь Р.Давааням ах. Харин өвөөгийн талынханд бөх хүн байхгүй ч, эрчүүд нь мундаг тэнхээтэй, бичгийн хүмүүс байсан гэдэг. Р.Давааням гурван сайхан хүүтэй хүн. Том хүү Баасандорж нь дифлентийн чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан. Аймгийн начин цолтой хүн. Дифлент нь одоогийн паралимп шүү дээ. 1930 оноос хойш паралимп болон салсан гэдэг. Дунд хүү Лхагвадорж нь улсын начин цолтой бөх. 2001 оны үед Х.Баянмөнх аварга Говь-Алтайд явж байхдаа Лхагвадоржийн барилдааныг үзээд “Дараагийн аварга бол Лхагвадорж юм байна” хэмээн хэлж байсан. Харамсалтай нь улсын начин цолтойдоо бэртчихсэн. Бага нь Японы сумо бөхийн их аварга Харумафүжи Бямбадорж. Бямбаа маань багын барилдах сонирхолтой жаал байсан. Анх жүдо бөхөөр барилдаж байгаад Япон улс руу явсан. Нутгийнхан маань Бямбадоржийг Говь-Алтай аймгийн “Хоёр дахь аварга” хэмээн хүндэлдэг. Нэг дэх нь мэдээж Говь-Алтай аймгийн Жаргалан сум харьяат, дархан аварга Ш.Батсуурь. Авга ах маань улсын баяр наадмын бэлтгэлд Лхагваа, Бямбаа, Улаанаа бид дөрвийг дагуулж явдаг байлаа. Бөхчүүдийн бэлтгэлийн үеэр бид дөрөв хоорондоо ноцолдож, том цолтой бөхчүүдийн гар, хөлийн үзүүрт зарагддаг байсан юм. Тухайн үед би 14 настай байж. Хамгийн анх 1995 оны улсын баяр наадмаар хүүхдийн барилдаанд барилдаж, бөхийн ногоон дэвжээн дээр хөл тавьж билээ. Аав маань сумын заан цолтой хүн. Авга ах Р.Дашдорж гэдэг хүн 1986 оны Дундговь аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртэж байсан нутаг усандаа нэртэй бөх. Р.Давааням ах маань 1987 оны нэгдүгээр сард болсон Монголын бүх ард түмний VII спартикиадын үндэсний бөхийн барилдаанд аймаг, нийгэмлэгээс шалгарсан шигшмэл 34 бөх тойргийн журмаар барилдахад 30 давж хоёрдугаар байр эзэлж улсын заан болсон. Р.Давааням ах залуугаасаа үндэсний бөхөөр тууштай хичээллэж, өсвөр үеийн улсын аваргаар 1973, 1975 онуудад шалгарч байсан. Улс хувьсгалын 59 жилийн ойгоор дөрвийн даваанд улсын заан Пүрэвийг, тавын даваанд улсын начин Д.Цэрэндашийг, зургаагийн даваанд улсын начин Ё.Ишгэн гуайг давж улсын начин цол хүртэж, долоогийн даваанд Х.Баянмөнх аваргад өвдөг шороодож байсан түүхтэй. Д.Лхагвадорж бид хоёр нас чацуу. Айлын ихэр хүүхэд шиг байнга л цуг явж, бэлтгэл сургуулилт хийдэг байв. Авга ахын маань бага хүү Д.Бямбадорж Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь аварга. Энэ сайхан бөхийн зүтгэлтнүүд, бөх удмаараа бахархаж, биширч явдаг.

-Аймгийн цол хүртэж байсан анхны наадмаа дурсвал?

-2003 онд Говьсүмбэр аймгийн наадамд барилдаж тав даван аймгийн начин цол хүртэж байсан. Дараа жил нь Өмнөговь аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Ингэж л аймгийн наадамд анх удаа барилдаж үндэсний бөхийн цол, чимэг хүртэж явлаа. Тухайн үед аймгийн цол хүртчихээд бөөн баяр хөөр болж байсан даа. Манай хадам аав Өмнөговь аймгийн уугуул. Нутагтаа олон жил бөхийн засуул хийсэн хүн л дээ. Ханийнхаа нутагт зодоглож аймгийн арслан цол хүртсэндээ баяртай байдаг.

-Улсын их баяр наадамд анх зодоглохдоо гурав давж байсан бил үү?

-Тэр цаг үеэ одоо бодоход их сайхан санагддаг. 2002 оны улсын баяр наадмаар анх барилдаад одоогийн улсын харцага Л.Бадарчаар хоёр, улсын начин Хэнтийн В.Батбаяраар гурав даваад, дөрвийн даваанд улсын аварга О.Балжиннямд унаж байлаа. 2005 оны Ардын хувьсгалын 84 жилийн ойн их баяр наадмаар зодоглож тавын даваанд улсын арслан До.Ганхуягт амлуулан барилдаж өвдөг шороодсон. Дараа жилийн наадмын дөрвийн даваанд улсын начин Д.Пүрэвсүрэнд өвдөг шороодож билээ. 2006 онд бүх цэргийн наадамд түрүүлж, цэргийн арслан болсон юм. Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадмын нэгийн даваанд Ганбагана нэртэй залуутай таарсан. Тэр жил миний хувьд бэлтгэл сургуулилт ханачихсан байсан л даа. Хоёрын даваанд одоогийн улсын гарьд Ш.Жаргалсайхантай оноолт таарч барилдаад давсан. Гурвын давааны төгсгөлийн өмнөх дүйцэд босч, аймгийн арслан Б.Золбаяртай таарч давсан юм. Дөрвийн давааны оноолт их эвгүй л дээ. Хэн хэнтэй ч таарч мэдэх даваа. Тэр жилийн наадмын өмнөх жил заан цол хүртсэн Д.Амгаланбаатартай оноолтоор таарч давсан. Тавын даваанд улсын аварга, арслан заан, харцага, начин цолтой бөхчүүд ам бөхөө авч, улсын начин Ду.Батбаяртай тунан барилдаж давсан. Зургаагийн даваанд улсын начин Л.Нямсүрэнтэй тунаж, санаархаж явсан улсын начин цолоо алгасч, харцага цолтны эгнээнд орсон доо. Л.Нямсүрэн бид хоёр “Хүч” нийгэмлэгийн тамирчид. Нэг дор бэлтгэл сургуулилт хийдэг болохоор бие биенийхээ барилдааны арга барилыг сайн мэднэ. Барилдааны цаг дуусаад золгосон барьцнаас би шахаж татаад давсан санагдана. Долоогийн даваанд мөн л тунаж, улсын заан цолтой барилдсан Х.Мөнхбаатарт тахим өгсөн. Тэр жил Х.Мөнхбаатар түрүүлж арслан болж байлаа. Улсын харцага цолны болзол хангачихаад есөн хөлт цагаан тугаа баярын нулимстай тойрон, дэвэх ч сайхан. Дараа жилийн баяр наадмаар үзүүрлэж, Монгол Улсын гарьд хэмээх эрхэм цол хүртсэн. Улсын өндөр цолонд хүрээд мэдээж хэрэг их баярласан л даа.

-Гарьд цол хүртэж байсан наадмаараа одтой сайхан барилдсан шүү. Бэлтгэл сайн байв уу?

-Ер нь өмнө барилдаж байсан бичлэг, бөхчүүдийн барилдааныг ажиглаад байхад бэлтгэл сайн хийсэн хүн л тухайн жилийнхээ наадамд одтой барилддаг юм билээ. Миний хувьд 2006-2008 оны хооронд бэлтгэлээ маш сайн хийсэн. Тийм болохоор 2008 оны улсын баяр наадмаар найм даван үзүүрлэж, цол ахисан байх. Тэр жил наадмаар өөртөө итгэлтэй, урам зоригтой барилдсан. Өмнө нь улсын цол авчихсан учраас барилдааны намба суучихсан байлаа. Бас доор даваануудад ам авах боломжтой болсон. Ингээд зургаагийн даваанд Мөнгөнцоож харцагатай тунан барилдаж давснаар улсын харцага цолоо баталсан. Улсын аварга Д.Сумъяабазарыг долоогийн даваанд хаяж, заан цолны болзол хангачихаад их баярласан. Д.Сумъяабазар аварга бол бие хаатай, гайхалтай аварга шүү дээ. Тэр үед аварга хүнд унасан ч яахав гэхээс өөр юм бодоогүй. Бид хоёр удаан барилдсан ч цаг хугацаа хоромхон зуур л өнгөрөх шиг санагдсан. Харин наймын даваанд улсын арслан Б.Ганбат амлан авсан. Тухайн үед Б.Ганбат арслан, улсын заан цолтой, бас л ид барилдаж байсан даа. Бид хоёр элэг бүс, сэнжигний барьцтай урд урдаасаа тулаад зогсож байтал Б.Ганбат арслан зүүн талын сэнжигний барьцаа халаад тавиулах зуур, би баруун талдаа зайлж гуд татсан. Тэр үед Б.Ганбат арслангийн хий нь таарсан уу, эргэлдээд унасан даа. Сүүлд уулзахад Б.Ганбат арслан “Чамайг тийм мэх хийнэ гэж бодоогүй байсан шүү” хэмээн хуучилж билээ. Миний хувьд тэр мэхийг өмнө бэлдэж байгаагүй л дээ. Тухайн үед мэдрэмжээрээ л хийсэн. Манай ард түмэн наадамд зодоглох эрчүүдээ араас нь сүү өргөж, “Үзүүр, түрүүнд үлдээрэй” хэмээн ерөөдөг. Тэр ч утгаараа улсын их баяр наадмын бөхийн барилдааны үзүүр, түрүүнд үлдэнэ гэдэг нэр хүндтэй сайхан санагддаг.

-Таныг бөх сонирхогчид наадам, цагаан сарын баяраар сайн барилддаг гэж ярьдаг. Бусад заал танхимын барилдаанд төдийлөн ирж барилддаггүйн учир юу вэ?

-2009 оны нэгдүгээр сард хөлөндөө бэртэл авсан. Сүүлийн хоёр жил хөлөндөө эмчилгээ хийлгэж байна. Харин одооноос бэлтгэлээ сэргээж байгаад цагаан сар, дөрвөн уулын хишиг барилдаанууддаа гарч, барилдахыг бодож байна даа. Бэртэл, гэмтэл гэж тамирчин хүний ганц дайсан байна шүү дээ. Цагаан сарын барилдаан их сайхан болдог. Миний хувьд цагаан сарын барилдаанд яагаад ч юм их сайн барилдаж чаддаггүй юм. Нэг удаа л дунд шөвөгт үлдэж байсан байх.

-Таныг хүүхэд байхад ч юм уу, аймгийн цолтой байхад ид барилдаж байсан бөхчүүдийн талаар дурсахгүй юу?

-Манай дээд үеийнхэн үлгэр дуурайл болсон жудагтай сайхан бөхчүүд. Тэр дундаас Р.Давааням ахаасаа их юм сурч мэдсэн дээ. Намайг хүүхэд байхад Пүрэв заан гэж бөх байдаг байлаа. Давааням ах, Пүрэв заан хоёр уулзаж шатар тоглодог, найзууд байсан юм. Уг нь насны хувьд хоорондоо их зөрүүтэй. Пүрэв зааны “Заан юунд инээв” хэмээх ном бий. Тэр номноос уншиж байхад сонин амьдрал туулсан, бахархмаар жинхэнэ эр хүн шиг л хүн байсан юм билээ. Дагвасүрэн арслан жижиг биетэй ч ухаанаар барилдаж өндөр амжилт үзүүлсэн бөх шүү дээ. Тухайн үеийн аваргуудын тухайд бөх сонирхогчид надаар хэлүүлэлтгүй мэдэх биз.

-Өнөө цагийн бөхчүүдийн арга барил, бэлтгэл сургуулилт мэргэжлийн түвшинд хүрсэн. Энэ тухай таны бодол ямар байна вэ?

-Манай үндэсний бөх бусад бөхийн төрлүүдээс хамгийн шилдэг нь гэж боддог. Хувцас хэрэглэл, мэх, жин харгалздаггүй, жижиг биетэй бөхчүүд том биетэй бөхөө унагаахын тулд хурд авьяас авхаалж гаргана гээд бүх зүйлээрээ онцгой. Том биетэй бөхчүүд учраа бөхөө давахын тулд арал бяраа ашиглан барилддаг. Сүүлийн үеийн бөхчүүд бэлтгэлээ маш сайн хийдэг болсон байна. Орчин үед мэдээлэл маш их хөгжсөн. Тэр чинээгээрээ юмыг таних сэтгэн бодох чадвар өндөр болж. Намайг хүүхэд байхад орой зургаан цагаас л телевиз үздэг байлаа. Бусад үед ном л уншдаг байсан. Өнөө цагт хэн бүхэн, хаанаас ч ухаалаг утсаа ашиглаад интернэтээс хүссэн мэдээллээ авч байна. Иймд өнөө цагийн бөхчүүд хэн хэнийхээ барилдааны арга барил, мэхийг бичлэг болгон хадгалж аваад, үздэг болж.

-Таныг бөхийн холбооны тэргүүний хүү гэдгийг бөх сонирхогчид андахгүй. Тэргүүний хүү байна гэдэг тухайн салбартаа хэцүү юү?

-Зарим хүмүүс аавыг маань янз бүрээр хэлж, гүтгэх нь надад тааламжтай байна гэж байхгүй. Гэхдээ ингэж хэл аманд өртөж, хэлүүлэхийг нь ажлын онцлог л гэж ойлгодог. Миний барилдах ч бас ажил шүү дээ. Тийм учраас аавын эрхэлж байгаа ажил, миний барилдаан хоёрыг ялгаж салгах л хэрэгтэй. Тэр хүний ажил тусдаа ойлголт. Аавын ажлаас болж миний бөхийн карьерт дарамт учирсан тохиолдол байхгүй. Цаашдаа ч гарахгүй биз. Өөр юу ч ярих билээ.

-Бөхчүүд улсын баяр наадмын үеэр цол хүртэхээрээ баярлан хөөрч наадмын дэвжээн дээр янз бүрийн үйлдэл үзүүлдэг. Таны барилдааныг харж байхад улсын өндөр цолонд хүрсэн ч сэтгэл хөдлөл гаргадаггүй. Ер нь тайван зантай хүн үү?

-Би эмоцитой. 2008 оны наадмаар улсын гарьд цолны болзол хангачихаад хуруугаа гозолзуулаад гүйдэг шүү дээ (инээв). Улсын гарьд болсныхоо дараа цолны найр хийсэн юм. Ах дүүсээ цайлаад сүртэй л юм боллоо. Дагвасүрэн арслан их шооч хүн л дээ. Найрын үеэр Дагвасүрэн арслан “Найр, наадмыг чинь арай өөр тохиолдолд хийдэг биз дээ. Үсний найр, амраг хосын гэх мэт хүний амьдралд ганцхан тохиох үйл явдалд зориулан хийдэг шиг санагдах юм. Чи яасан гэж найр хийж байгаа юм” хэмээн инээд алдан хэлж билээ. Өөрөө улсад гурван удаа үзүүрлэж, дөрвөн удаа их шөвөгт үлдсэн нэгэн цаг үеийн хүчтэн шүү дээ. Ер нь энэ гар хөлөө өргөж гозолзуулж гүйх зэрэг нь хар арьстнуудаас л орж ирсэн соёл болов уу. Тамирчин хүн элдэв үйлдэл хийнэ гэдэг нэг бодлын өөрийгөө улам хурцалж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь зарим хүмүүст таалагдана, зарим хүмүүст таалагдахгүй шүү дээ.

-Удахгүй монгол түмний уламжлалт цагаан сарын баяр болох гэж байна. Битүүний өдөр болох барилдаанд та зодоглох уу?

-Цагаан сарын бөхийн барилдаан бол чансаагаараа улсын наадмын дараа ордог төрт ёсны их баяр наадмын барилдаан. Улс, аймгийн цолтой алдартай том бөхчүүд хүрэлцэн ирж барилддагаараа онцлогтой. Ард түмэн маань битүүний өдөр цэнхэр дэлгэцээрээ бөхөө үзэж, маргааш нь аав, ээж, ах дүү нартайгаа золгодог. Ингэж учран уулзахдаа хоорондоо бөхөө ярьж, хэн яаж түрүүлсэн, ямар бөх сайхан мэх хийсэн талаар хөөрөлддөг. Тийм ч учраас энэ сайхан төрт ёсныхоо барилдаанд очиж зодоглоно.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *