Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Мөнгөн мод”-ын эзэд тодорлоо

Засгийн газраас соёл урлагийн салбарын “Оны шилдэг бүтээлч шалгаруулах журам”-ыг 2008 онд баталсан. Уг журмын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчийг шалгаруулсаар ирсэн бөгөөд энэ жил найм дахь удаагаа шилдгийг шалгаруулж “Мөнгөн мод” цомыг гардууллаа.

Шалгаруулалтыг “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Тайз, дэлгэцийн шилдэг зураач”, “Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин”, “Оны шилдэг дуучин”, “Оны шилдэг хөгжимчин”, “Оны шилдэг бүжигчин”, “Биет бус өвийг тээгч” гэсэн долоон төрлөөр явуулдаг. Шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд гурван сая төгрөгийн мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цомыг гардуулав.

Оны шилдэг тайз дэлгэцийн найруулагч”-аар “Босуул”, “Lovers” уран сайхны кинонуудыг мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьсан хэмээн үнэлж найруулагч Ж.Сэнгэдоржийг өргөмжлөв. “Оны шилдэг тайз, дэлгэцийн зураач”-аар ҮДБЭЧ-ын тайзнаа тавьсан “Оройн дээд” үндэсний дуулалт жүжиг, “Мөнх тэнгэрийн Монгол” концертын тайз, зураг чимэглэлийг бүтээсэн ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч Г.Ганболд шалгарч “Мөнгөн мод”-ын эзэн боллоо.“Оны шилдэг тайз, дэлгэцийн жүжигчин”-ээр Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” уран сайхны киноны Галсмаагийн дүрийг бүтээсэн СТА жүжигчин Р.Анхням тодорсон бол “Оны шилдэг дуучин”-аар МУГЖ Г.Ариунбаатар шалгарлаа. Түүнийг ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдааны дуурийн дуулаачийн төрөлд нэгдүгээр байр, мөн уралдааны Гран-При шагнал хүртсэнийг онцолж энэхүү нэр хүндтэй шагналыг олгож буй юм байна.“Оны шилдэг хөгжимчин”-өөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн олон улсын залуучуудын оркестрын “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцсоноос гадна “Дөрвөн улирал” бие даасан тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсан Улсын филармонийн хөгжимчин Х.Санчир шалгарав. Харин “Оны шилдэг бүжигчин”-ээр УДБЭТ-ын балетын жүжигчин Д.Саруул тодорлоо. Тэрбээр 2015 онд П.И.Чайковскийн “Шелкунчик” балетын Маша, “Франческа да Римини” балетын Франческа, “Хунт нуур” балетын Одетта зэрэг дүрийг бүтээсэн.“Оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч”-аар монгол үндэстний уртын дууг судлан сурталчлах зорилгоор уртын дууны сургалтыг тогтмол зохион байгуулан 2500 гаруй хүнд зааж сурган, уртын дууг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Улаанбаатар чуулга”-ын уртын дууч Б.Батболдыг тодруулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *