Өнгөрсөн амралтын өдрүүдээр Mongol HD сувгаар Турк улсад болсон нэгэн шүүх хурлаар дэлхийд алдартай кока кола ундааны нууц найрлагад кошениль гэх шавжнаас гаргаж авсан будагч бодис ашигладаг гэсэн мэдээлэл цацагдсан юм. Уг мэдээлэл Mongol HD сувгийн фэйсбүүкт нийтлэгдсэн мэдээ цахим орчинд хурдацтай тарж, хүмүүсийн анхааралд ороод байгаа билээ. Уг мэдээллийн хариуд MCS Coca Cola компани албан ёсны вэб хуудсаараа дамжуулан өөрсдийн үйлдвэрлэж буй кока кола ундаанд кошениль гэх будагч бодис ашигладаггүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.Уг мэдэгдэлд “Монгол Телевизийн 10 сарын 28-ны 21 цагийн Оргил цаг мэдээллийн нэвтрүүлгээр цацсан тус компанийн ундааны орцын бүрдэл хэсгүүдийн талаархи сөрөг мэдээлэл нь худал бөгөөд Монголд үйлдвэрлэгдэж байгаа аль ч ундаа үүнд Кока-Кола нь мэдээнд дурьдагдсан Кошениль (Е120) будагч бодисыг агуулдаггүй гэдгийг мэдэгдэж байна. Энэ завшааныг ашиглан манай ундааны түүхий эдүүд орон нутгийн болоод олон улсын хүнсний стандарт шаардлагуудад бүрэн нийцсэн, хүний биед хоргүй бүтээгдэхүүн байдгийг баталгаажуулж байна. Тухайлбал, Монголд үйлдвэрлэж байгаа Кока-Кола ундааны будагч бодис болох карамел (150d) нь хүнсэнд хэрэглэхэд огт аюулгүй, дэлхий нийтээрээ өргөн хэрэглэдэг бодис юм. Кока-Кола Kомпани нь 132 жилийн турш хэрэглэгчиддээ үнэнч байж ундаа усаар хангаж ирсэн бөгөөд 500 гаруй нэр төрлийн брэнд бүтээгдэхүүнийг 200 гаруй улсад борлуулдаг олон улсын компани юм. Бид дэлхий нийтээрээ өдөрт 1.9 сая аяга Кока-Колагийн ундааг ууж амны цангаагаа тайлдаг. Кока-Кола Компани нь Монголын хэрэглэгчдэд ундаагаа түгээсээр даруй 17 жил болжээ. Бид хүнсний аюулгүй байдлыг хангасан, өндөр чанартай ундаа, ус үйлдвэрлэх эрхэм зорилгодоо өнөөдөр ч үнэнч байгаа билээ” гэжээ.