Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Цандэлэг: Мал, тарианы төлөө их ч зүтгэж байна. Тэр хэрээрээ адлагдаж ч байна

Монгол Улсын Тод ман­лай уяач, Үр та­риа эрхлэгчдийн “Га­зар Тариалан” холбоо­ны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.

-Та хөдөөгүүр яваад ир­жээ. Зуншлага хэр байна вэ?

-Би 25 жил тариа тарилаа. Мал маллаж, тариа тарьж байгаа хүмүүс чинь дандаа л тэнгэр харж, тэнгэрийн аясаар явдаг улсууд шүү дээ. Газар тариалангийн хуультай холбоотойгоор манай холбооны Удирдах зөвлөл хуралдлаа, Сэлэнгэ аймагт, “Гацуурт” компанийн байранд цуглаад. Манай хоёр гавьяат Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булганы тариаланчдын хүсэлтээр бүгдтэй нь уулзаад ирсэн.

-Хэн хоёрыг хэлж байна вэ?

-Норовсамбуу, Чинбат хоёр гавьяатаа цагийн байдалтай танилцаад ирээч ээ гэж холбооны томилолтоор явуулсан. Тариаланчид маань нийт 400-гаад мянган га-д улаанбуудай тариалсан байна. Улс мөнгөгүй ч тариаланчид яаж ийгээд л тариагаа тарьжээ. Үр байхгүй байсан. Манай холбоо дээрх талбайн 150 гаруй мянга га-гийн үрийг дангаараа хангасан. Тариаланчид мөнгө цаасгүй, өртэй байгаа болохоор өөрсдийнхөө үрийг өгсөн. Үүнд “Гацуурт” компани, “Ариун хур”, “Ургац хүдэр” гэсэн гурван компани голчилж ажилласан л даа. 120 гаруй мянга га-гийн үрийг бид зээлээр тараасан. Адилхан л мөнгөгүй байгаа юм чинь “Та нар намар, бололцоотой болохоороо буцаагаад өгчихөөрэй” гэсэн. Ингэж тохироод үрээ тараагаад тариалалтаа дуусгачихсан. Одоо нийт үрийн тавиад хувь нь соёолоогүй, шороон дотроо байна. Соёололт их муу байна. Соёолсон газруудад нь хур багатай байна. Газар тариалангийн бүсийн 80 хувь нь гангийн байдалтай байна. Өмнө нь аймаг аймгаараа яриад үүл буудаад бороо оруулдаг байсан. Гэтэл энэ ажил өнөө жил нам зогссон.

-Юунаас болоод тэр вэ?

-Олон дарга солигдох хооронд тендерийнх нь ажил хойшлогдчихсон. Гэтэл хурын улирал нь дуусчихаад байна. Манай орны хувьд хоёр том циклон орж ирдэг юм. Нэг нь Хөвсгөлийн цаанаас том үүл, нөгөөх нь Дорнодын цаад талын Соёлз уулаар дамжин орж ирдэг далайн чиглэлийн үүлс. Энэ хоёр үүлийг л бид алдах юм бол хэцүү л дээ. Үүл бууддаг хоёр төхөөрөмжийн нэг нь Сэлэнгэд эвдэрхий байж л байна. Үүнийг хариуцах эзэнгүй болчихоод байна. Энэ нь зөвхөн газар тариалан гэлтгүй мал аж ахуйд ч хүндээр тусч байгаа юм. Нийт газар нутаг, Төв аймгийн урд талаар гантай байна. Сүхбаатар аймагт хоёр, гурван хоногийн өмнө л жаахан бороо орж ган тайлагдлаа гэж байна лээ.

-Та наадмын бэлтгэлээ хэр хийж байна. Морьдынхоо уяа сойлгыг эхлүүлэв үү?

-Морьдоо барьчихсан. Гантай байна. Төв аймгийн Баянцагаанд манай адуу байдаг юм. Төв аймгийн урд тал тэр чигээрээ гантай байгаа болохоор морь барихад хэцүү байна. 61-гийн гарам дээр уяачид цуглаж байна. Тэр хавиар та бүхэн яваад үзээрэй. Өвс ерөөсөө ургаагүй. Энэ бороо чинь хотод л ороод байх юм. Уг нь үүл буудах хэдэн сум байсан гэнэ. Тэр сумаараа сая түймэр унтраах гэж үүл буудаад дуусгачихсан гэнэ. Одоо бол сум байхгүй байгаа гэсэн. Бороо, хурын асуудал хүндрэлтэй л байна даа.

Бид яахав ямар ч байсан морьдоо барилчихаад байж байна. Хүй долоон худаг тэр чигээрээ гангийн байдалтай байгаа ч уяачид маань тэндээ тойрч буугаад нааддаг шүү дээ.

-Хичнээн тооны хурдан хүлэг сойх вэ?

-Гуч орчим уяаны морьдтойгоо Баянцагаанд л байна даа, бид нар.

-Наадмын өнгө хэр байх бол?

-Найдлага тавьж байгаа хүлгүүд байлгүй яахав. Миний бор азарга гайгүй. Өнөө жил би соёолон их сайтай байгаа. Хоёр гурван соёолонтой байгаа. Азарган соёолон, морин соёолон ч бий. Бага адуунууд ч байна. Миний их насны хүрэн морь ч гайгүй уралдчих болов уу гэсэн иймэрхүү л байдалтай байна. Наадмын өнгө ямар байхыг наадмын өдөр л мэднэ шүү дээ.

-Таны соёмбо хүрэн азарга улсын баяр наадмаас олон айраг, түрүү авсан хурдан ажнай. Хүрэн азаргын угшил нь?

-Соёмбын эцэг Хандгай хүрэн азаргыг найз Жамбагаасаа авч байсан юм. Хандгай хүрэн азарга маань “Их хурд”-д нэг удаа наймаар давхиж байсан. Соёмбо хүрэн чинь Хандгай хүрний төл байхгүй юу. Эх нь манай найз Жамбагын хонгор гүү. Соёмбо хүрэн чинь шүдлэндээ Төв аймгийн 80 жилийн ойгоор аман хүзүүдсэн. “Их хурд”-д соёолонд нь уясан. Соёолондоо их хурдан байсан. Соёолонгоосоо хойш нийт бүс, улсын наадамд арав гаруй түрүү, айраг авсан тийм л хурдан ажнай. Одоо бол үр төлүүд нь их сайн наадаж байна. Соёмбын нэг үрээ нь сая Сүхбаатарт болсон Зүүн бүсийн хурдад өнгөлж гарч ирж байгаад наймаар давхисан. Соёмбын энд тэнд очсон төлүүд нь ер нь хурдан байгаа.

Би улсын баяр наадам болон бусад том жижиг уралдаануудаас жар гаруй айраг түрүү авчихаад байна.

-Та Завхан аймгийн Улиастайн уугуул. Тэнд төрсөн үү?

-Тэнд төрсөн. Аав, ээж хоёр маань Цагаан хайрханы улсууд. Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхнүүд гэдэг. Манай Тэсийн гол их хурдтай. Манай Завханаас төрөн гарсан Тод манлай уяачид бий. Миний араас Дагвадорж, Содномцог гуай тод манлай болсон. Мөн олон манлай уяачидтай. Би чинь Завханы анхны Тод манлай уяач гэж явдаг юм.

-Та соёмбо хүрнээ Монголын хамгийн хурдан адуу гэж ярьж байсан?

-Морьдыг чинь одоо хоёр ангилж уралдуулаад байгаа шүү дээ. Арабуудын дээд хурдад түрүүлсэн азаргыг тэр үед ялгахгүйгээр Эрдэнэтийн 30 жилийн ойгоор уралдуулчихсан. Уг уралдаанд соёмбо хүрэн маань тэр араб азаргыг дийлсэн. Анх соёолон байхдаа Занабазарын 360 жилийн ойгоор байх аа, цэвэр үүлдрийн араб адуутай уралдсан. Тэгэхэд гурван удаа гүйцэж очиж билээ. Өөд газар хоёулаа зэрэгцэж ирээд алхсан. Том адуу чинь том алхдаг юм билээ. Тэрүүгээрээ тэр адуу нь түрүүлээд соёмбо маань аман хүзүүдэж байсан. Тэгэхэд ар талын адуунууд их зайтай байсан л даа. Тэгээд л үнэхээр хурдан юм гэж итгэсэн. Араб адууг хурдан л гээд байдаг. Монголд байгаа араб адуунуудыг түрүүлсэн ганц монгол морь нь Соёмбо хүрэн. Одоо ч азарга маань хөгширлөө дөө. Соёмбо маань 16 настай. Уралдахгүй, зодог тайлчихсан. Үр төлөө өгөөд л байж байна.

Би чинь Монголын ес дэх тод манлай уяач. Намайг адуунд орж ирэхэд эхний таван тод манлай уяач нь бараг тодорхой болчихсон байсан ч би хүчтэй дайрч орж ирж олон айраг түрүү авсан л даа. Ямар ч байсан эхний арвын нэгд орж цол авсандаа баяртай байдаг.

-Уяа, морьтой ойр амьдрах нь хийморьтой гэлцдэг?

-Адууны л тоос тэнгэрт хүрдэг гэдэг хуучны үг байдаг. Бүх юм тэнгэрт хүрдэггүй. Харин түмэн адууны тоос л тэнгэрт хүрдэг гэдэг. Төрийн сүлдэнд адуу байдаг. Монголчуудын амьдралыг адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголын бүх үеийн түүх адуутай холбоотой. Хэдэн уяачид л энэ ард түмнийг баясгаж байгаа юм. Бид л өөрсдөө баясаад байгаа юм биш шүү дээ. Энэ олон түмнийг цэнгүүлнэ, морио уяна, осолгүй уралдуулна гэдэг том ажил. Аюулгүй осолгүй уралдуулах ёстой. Бид чинь их айдаг. Хүний нялх хүүхдийг суулгачихсан, яадаг бол гээд. Хамгийн сайхан наадам гэж хүүхэд, морь эндэхгүй наадахыг л хэлнэ. Морь эндэнэ. Хүүхэд унана. Унаач хүүхдийн асуудал гээд бид өөрсдөө эмзэглээд байхад дээрээс олон нийтийн баахан байгууллагууд ирээд зугаа цэнгэл хөөцөлдлөө гээд л буруугаар хүмүүст сурталчлаад байдаг. Зугаа цэнгэл хийж, таван цаас л олох гээд байгаа юм биш шүү. Энэ чинь төрийн наадам. Морьгүйгээр төрийн наадам гоё уу.

Монгол хүний ген хаана байна вэ гэхээр тэр морь унаж байгаа хүүхдүүдэд л бий. Түүнээс биш энэ хотод байгаа гоё, гоё солонгос маягийн сонин залуучуудад монгол ген байхгүй шүү.

Монголчуудыг өнөөдөр 400 гаруй мянган хүн л тэжээдэг юм байна. Бусад нь хүүхэд, өндөр настан, тэтгэврийнхэн, төсвийн байгууллагынхан. Монгол Улсыг тэжээж байгаа хүмүүс чинь энэ хэдэн малчин, тариачин хоёр л байхгүй юу. Ийм цөөхөн улсын нуруун дээр л энэ улс тогтож амьдарч яваа. Эзэнгүй энэ их талыг адууны туурайгаар тамгалж байгаа, соёлыг тээж, монгол генийг авч яваа хөдөөний улсууд руугаа нэг их дайрч давшилмааргүй байгаа юм.

-Наадам гурван хоног болоод дуусдаг ч уяачдын хувьд бүтэн жилийн турш адуутай ноцолддог?

-Одоо чинь морьдоо бүр тавихаа байсан шүү дээ. Наадмын дараа түр амрааж байгаа юм, зайлуул. Намар яаж зөөлөн унах вэ, өвөл оруулж ирээд яаж хооллож услах вэ гээд л бүтэн жил хөдөлмөрлөдөг. Бүтэн жил тэр адуунаас салахгүй зүүгдэж явсаар ганцхан наадмын өдөр л нэг удаа няслаад алдвал алдаад, оновол онодог. Монгол наадмын хамгийн хатуу нь тэр. 500, 600 морь уралдахад тавхан л хүн баярладаг. Бусад нь уучлаарай, арван хэдээр орсон ч тэр нь тоо биш.

-Тэгэхээр л морь нь айргаар орж ирж байгаа уяачдын сэтгэлийг юугаар ч илэрхийлэшгүй гээд байдаг?

-Тэгэлгүй яахав. Бүтэн жилийн хөдөлмөрийн үр шим. Эр хүн яах гэж, юунд баярлаж явдаг юм бэ гэхээр миний хувьд үр хүүхдийнхээ сайн сайхныг үзэх гэж явдаг. Хүүхдээ хичнээн муу байсан ч хүнд муу хэлүүлэхгүй хамгаалдаг. Хоёрдугаарт, үрээ дааганыхаа хурдыг үзэх гэж явдаг. Гуравт нь, үр тариагаа, Монголын хөрсөнд ургасан буудайгаа хэнд ч муулуулахгүй гэж зүтгэдэг. Монголдоо ургуулсан, өөрсдөө идэж болоод байгаа тариаг Оросынхоос муу гэж байгаа нь арай дэндэнэ. Энэ жил гэхэд гаднаас 30 мянган тонн улаанбуудай оруулж ирээд Монголын тариаланчдын буудайг заруулахгүй, бүхэл бүтэн газар тариалангийн салбарыг унагачихаж байна шүү дээ. Тэрийг хийж байгаа хүмүүс үүнээс 10 сая ам.долларын ашиг олж байгаа байхгүй юу. Хоёр, гуравхан хүн ийм юм хийж том салбарыг унагачихаж байгаа юм. Үүнийг эсэргүүцсэний төлөө энэ яам, тамга нь бидний эсрэг болчихлоо. Цандэлэг, Цандэлэгийн холбооны эсрэг зогсч “Тэдэнд юу ч битгий өг” гэж байна. Яамны зүгээс жаахан шатахуун энэ тэр тараадаг. Тэгтэл “Газар тариалан” холбооныхонд юу ч битгий өг гэж дээрээс нь тушаасан гэдгийг доод мэргэжилтнүүд нь хэлж байгаа юм. Тэд “Сайд та нарт юм битгий өг гэсэн” гэж байгаа юм. Нийгэм ингэж доройтож байна.

Мэргэжлийн бус хүнээр яам удирдуулна гэдэг ийм аюултай. Хүнс, хөдөө аж ахуйн яам гэдэг чинь маш том яам байхгүй юу. Бидний аюулгүй байдал, аюулгүй хүнс гэдэг чинь юу юм бэ. Нэгдүгээрт мах. Хоёрдугаарт, гурил. Тавантолгойн нүүрсээр хэзээ ч гурил хийдэггүй. Бид өлсвөл очоод тэр нүүрсийг идэхгүй шүү дээ. Гэтэл энэ байгаа хоёр зүйлдээ ерөөсөө анхаардаггүй улстөрчид байна. Юу ч хийхгүй байна, энэ Засгийн газар. Арай дэндүү. Олон толгой ярьсан л хүмүүс. Уул нь энэ улс чинь мал аж ахуйн орон. Нүүдэлчин улсууд шүү дээ. Одоо л уул уурхай гэж хошуураад байгаа болохоос биш.

-Та үр тариа, тариаланчдынхаа төлөө нэлээд тэмцэж, үгээ хэлдэг шүү?

-Энэ бүхний төлөө их явж байна даа. Хүнд их адлагдаж байна. Өнөөдөр үнэний талд дуугардаг хүн байхгүй болсон юм байна.

Өнөө жил зуд болно. Мичин жилийн зуд гэдэг чинь маш аюултай. Яг ийм хавар ажиллагаа хийхгүй болохоор зуд болдог. Үүлэнд нөлөөлж бороо оруулах нь 50, 60 сая төгрөгийн л асуудал байхгүй юу. Үүнийг бид нар хийж болдоггүй. Би тариаланч хүн бороо оруулъя гэвэл манайд тэрийг нь хориглодог. Тэгтэл Хятадад бараг айл болгон үүл бууддаг төхөөрөмжтэй. Тэр төхөөрөмж чинь хорин литрийн хувин шиг хэмжээтэй жижигхэн юм байдаг. Сум нь урд 70 мянган төгрөгийн үнэтэй мөртлөө Монголд орж ирэхээрээ 150 мянга болчихдог. За тэр нь яахав. Тэгтэл энэ ажлыг ганцхан төр л хийнэ гэдэг. Ийм хариуцлагагүйн ган Монголд болж байна. Улстөрчдийн хариуцлагагүй байдал доошилсоор төрийн албан хаагчдад нь нөлөөлж бүгд маш муу ажиллаж байна.

-Газар тариалангийн хууль мөн газар тариалангийн чөлөөт бүсийн асуудал олон хүний анхаарлыг татаж байна?

-Газар тариалангийн хууль болон бодлогын хугацаа нь дууссан. Хуулинд газар тариалангийн худалдааны чөлөөт бүс гэдэг аюултай юм орж ирж байна. Хятад малчин Дорнодод мал маллаж байна. Хятад тариачид орж ирсэн. Дорнодын гурван компани хятадуудын мэдэлд оччихсон. Наанаа монгол эзэнтэй ч цаана нь хятад хүн байна. Монголд хятад хүн мал маллаад тариа тариад эхэлбэл маш хэцүү байдалд орно. Дээрээс нь солонгосчууд Дорнодод орж ирж байна. Тэд тэндээс татвар төлөхгүйгээр юм авч гарах нь байна шүү дээ. Халх гол, Дорнодын ай сав, Нөмрөгийн ай сав бол Монгол Улсын ирээдүйд идэх хоол хүнсний үүц нь. Үүнийг үе, үеийн сайдууд, газар тариалангийн шинжээчид “Монгол Улсын хүнсний нөөц бааз” гэж үзсээр ирсэн. Хөндөж болохгүй газар. Цөлжилт урдаасаа хойш яваад Сэлэнгэ, Булганы газар түүнд нь өртөөд дуусна. Цөлжилт явсаар одоо Дарханыг өнгөрчихөөд байна. Цөлжилт энэ чиглэлээр явж дуусахад буудайгүй болно. Тэр цагт Дорнод Халх голын ай сав руугаа бид орох юм. Тэр хүртэл тэрийг ерөөсөө хөндөж болохгүй байсан юм. Тэгтэл тэр рүү гадны баахан хүмүүсийг авааччихлаа. Тэр ай савыг эвдэж, сүйтгэж байна. Энэ бол Монголын ирээдүйн зуун жилийн хоолны асуудал. Тэрийг Солонгос, Хятадыг тэжээх гэж өнөөдрийг хүртэл хадгалаагүй. Монголчууд өвөлжөөнийхөө өвсийг одоо идэж байгаа гэсэн үг. Өвөл болохоор бид юугаа идэх болж байна аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *