Categories
мэдээ нийгэм

“Korean Air” Улаанбаатарын чиглэлийг 19 жил өндөр үнэтэй тасалбараар монопольдож байгааг нийтэлжээ

Өмнөд Солонгосын “The Digital Times” эдийн засгийн мэдээллийн сайтад “Korean Air” компани Улаанбаатар-Инчеоны чиглэлийг 19 жилийн турш үнэтэй тасалбараар монопольдож байгаа тухай нийтэлжээ.

Уг мэдээлэлд Улаанбаатар-Инчеоны чиглэлийн нислэгийг тус компани Монголын засгийн газартай тохиролцсон онцгой эрхийн хүрээнд ижил зайтай бусад чиглэлээс даруй гурав дахин өндөр үнээр сүүлийн 19 жилийн турш үйлчилж байгаа гэжээ.

Тухайлбал Инчеон-Хонг Конгийн хоёр чиглэлтэй нислэгийн үнэ 323,700 воны үнэтэй байгаа бол Улаанбаатар-Инчеоны чиглэл зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний хооронд 955,500 воны үнэтэй байгааг дурдсан байна.

Дээрх асуудалд шатахууны нэмэлт зардал 30,800 вон ижил хэмжээтэй багтсан нь хоёр чиглэл ижил зайтай болохыг харуулж байгаа гэнэ. Улаанбаатараас Инчеон хүртэл 3 цаг, 10 минутаас 3 цаг 40 минутын хооронд нисдэг бол Хонг Конг-Инчеоны чиглэлд 3 цаг 40 минутаас 3 цаг 50 минутын хооронд нисдэг байна.

Онцгой эрхийг цуцлан шинэ өрсөлдөгч оруулж, хоёр орны хоорондын нислэгийг нэмэгдүүлэх талаар засгийн газар хооронд хэлэлцдэг ч Монголын талаас няцаасаар байдаг тухай Өмнөд Солонгосын Газар, Тээвэр, Аялал Жуулчлалын яамны эх сурвалж мэдээлжээ. 2012 онд Өмнөд Солонгосын Шударга Өрсөлдөөнийг дэмжих газар монополийг арилгах даалгавар “Korean Air” компанид өгч байсан ч шийдэгдээгүй өнгөрснийг дурджээ. Тухайн онд Монголын иргэний нислэгийн өндөр албан тушаалтан Жэжү арал руу аялахдаа зардлаа “Кorean Air” компаниар төлүүлсэн нь илэрч, маргаан дэгдээж байсан гэнэ.

“Korean Air” компанийг эзэмшдэг Ханжин группын ерөнхийлөгч анх Boeing 727 нисэх онгоц Монголын талд хандивлаж, “Korean Air”-ийн ерөнхийлөгчийг Монголын засгийн газар “Алтан гадас” одонгоор шагнаж байжээ. Мөн Монголд зочлоход нь төрийн хүндэтгэлийн түвшинд угтан авч, үйлчилдэг зэрэг онцгой харилцаатайг өгүүлсэн байна.

Харин “Korean Air” компанийн төлөөлөгч “Монголын чиглэл зуны улиралд ачаалал нь нэмэгддэг тул жилийн орлогоо энэ үед нөхөж авдаг. Цаг агаарын хүнд нөхцөл байдал нь тасалбарын үнийг нэмэх үндэслэл болдог” хэмээн тайлбарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *