Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөх цавын “МАК-ЕВРОЦЕМЕНТ” үйлдвэр евро чанарыг монголд нутагшуулжээ

МОНГОЛЧУУДАД ТҮГЭЭСЭН САЙН МЭДЭЭ

“МАК компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “МАК-Евро цемент” үйлдвэрээ ашиглалтад орууллаа” гэсэн мэдээлэл хоёр жилийн өмнө хэвлэлээр цацагдаж, нээлтэд нь тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байлаа. Энэ бол монголчууд бидний хувьд гэрэл гэгээтэй сайн мэдээ болж түгсэн юм. Бүтээн байгуулалт өрнүүлж, үйлдвэрлэл хөгжинө гэдэг Монгол Улс өсөн дэвжих, өөдлөн хөгжихийн үндэс суурь билээ. Ердөө хоёр гуравхан жилийн өмнө монголчууд цементийнхээ дийлэнхийг урд хөршөөсөө худалдаж авдаг байсан. Вагон вагоноор урдаас урсан орж ирэх цементийг “стандартын шаардлага хангадаггүй”, “үнстэй хольдог учраас чанаргүй” гэсэн гомдол байнга дагалддаг байлаа. Барилгын чанар муудсан нь ч үүнтэй холбоотой гэдэг. Тухайн үед ганц байсан Хөтөлийн цементийн үйлдвэрийн хүчин чадал дотоодын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломжгүй, хүчин чадал нь ч хүрэхгүй байв. Яг энэ үед МАК жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий өндөр технологийн үйлдвэр барьж, ашиглалтад оруулсан нь гадагшаа урссан мөнгөний их урсгалыг зогсоох бодит ажил болсон юм. Түүгээр ч барахгүй ажлын байр нэмэгдэж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж эхлэв. Энд онцолж хэлэх чухал нэг зүйл бол Данийн Вант улсын 130 жилийн түүхтэй “FLSmidth” компанийн дэлхийд танигдсан Евро стандартыг Монголд нутагшуулж, монголчууд чанартай, аюулгүй бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг олгосон юм.

ЖИЛД САЯ ТОНН ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР

МАК-ийн барьсан энэхүү цементийн үйлдвэртэй танилцах завшаан тохиосон бөгөөд дараахь сурвалжлагаар Хөх цавын хөндийд сүндэрлэсэн бүтээн босголтын талаарх мэдээллийг уншигч танд хүргэе.

Дорноговь аймгийн Даланжаргалан бол Улаанбаатар хотоос 305 км, аймгийн төвөөсөө 150 км зайтай сум. Энэ сумын Хөх цавын хөндийд МАК-ийн барьж байгуулсан “Евро цемент”-ын үйлдвэр нь холоос маш том цамхаг мэт харагдах юм билээ. Ойртох тусам хоорондоо холбоотой өндөр том том байгууламжууд, орон сууц, дотуур байр, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай зэрэг нэгэн цогц хотхон болж тодрох нь гайхалтай.

Тус үйлдвэрийн дарга болон ерөнхий инженерээр газарчлуулан үйлдвэрийн үйл ажиллагаа болон бүтэцтэй танилцсан юм. Анх үйл ажиллагаа эхэлсэн жилдээ 100 гаруйхан мянган тн цемент үйлдвэрлэж зах зээлд гаргаж байсан бол өнгөрсөн жил 420 мянган тонн цемент үйлдвэрлэн борлуулсан хэмээн инженер залуу хэлэв. Энэ нь үйлдвэрийн нийт хүчин чадлын 40 хувь гэсэн үг. Тэгвэл2018 онд манай дотоодын зах зээлд 900 мянган тонн цемент борлуулагдсан байдаг бөгөөд Хөх цавын цементийн үйлдвэр дотоодын цементийн 47 орчим хувийг нь хангажээ. Бүтэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын хэрэгцээг дангаараа хангаж чадах юм байна.

“МАК Евро цемент” үйлдвэр нь цементийн технологийн тэргүүлэгч “FLSmidth” компанийн техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогджээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад Хятадын “Heng Yuan” компаниас гадна Монголын 71 аж ахуйн нэгжийн 340 гаруй мэргэжилтэн гар бие оролцсон байна. Үйлдвэр байгуулах энэхүү нүсэр төслийг хэрэгжүүлэхэд МАК ХХК, Данийн Вант улсын BHF банк болоод “Чингис” бондын санхүүжилтээр нийт 330 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулсан байна. Төслийн хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км зам, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км зайд 110 кВ хүчдэлийн агаарын шугам татаж, 110/10кВт-ын 32000кВА чадалтай дэд станц барьж байгуулжээ.

ГОВЬД ЦОГЦОЛСОН ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Эхлээд бид үйлдвэрийн Удирдлагын төв байраар ороход ирийсэн олон дэлгэцийн өмнө 4-5 хүн сууж байв. Энд анхдагч түүхий эдийг хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх технологийн бүхий л дамжлагын үйл явцыг хянаж, удирдаж байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн техник, технологийн бүхий л үйл ажиллагаа, үйлдвэрлэлт нь аюулгүй, найдвартай, нарийн тохируулгатай, автоматжуулсан системээр явуулдаг болохыг энэ өрөөнөөс харж болно гэсэн үг.

Хиймэл оюун ухаан моодонд орж, хүнээс дутахгүй роботууд хөдөлмөрийн талбарт ажиллаж эхлээд удаж байна. Роботууд телевизийн нэвтрүүлэг уншиж, хүүхэд харж, настныг асарч, хийхгүй юмгүй болжээ. Энэ тухай бид ихэвчлэн гадаад мэдээллээс харж, гайхдаг бол Монголын говьд цогцлоосон МАК-ийн “Евро цемент”-ийн үйлдвэрт өнөө гайхал робот “ажлаа хийгээд сууж” байхтай таарав. Юу гэвээс үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн нь өндөр чанартай гарах гол нууцын нэг нь тэдний “Робот лаборатори” болж байна. Тэнд түүхий эд, бүтээгдэхүүний бүхий л дээжийг автоматаар авч, чанарыг хянаж шинжилнэ. Робот нь цаг тутамд нэг дор 300 ширхэг дээжинд шинжилгээ хийдэг бөгөөд хүсвэл 30 минут болгонд хийсэн ч чадна гэнэ. Орц найрлага зөв явж байгаа эсэх, алийг нь нэмж багасгах гэх мэтээр чанарын стандартаа робот маань хатуу барина. Хүний оролцоо байхгүй учир хүний хүчин зүйлээс үүдэлтэй чанаргүй бүтээгдэхүүн гарна гэсэн ойлголт байхгүй. Хүн нэгийг нь мартаж болно, зарим найрлагыг нь стандартаас бага хийчихэж мэднэ. Роботууд тийм алдаа гаргадаггүй учраас бүтээгдэхүүний чанар тогтвортой сайн байдаг ажээ. Ийнхүү бүрэн автоматжуулагдсан технологийн удирдлага хяналтын систем, робот лабортори, чанартай тоног төхөөрөмж, чадварлаг боловсон хүчинтэй учраас тэд уриагаа ТӨГС ЧАНАР хэмээхийн нэгэн учиг энэ болой.

ЦЕМЕНТИЙН ҮНИЙГ УРТ ХУГАЦААНД НЭМЭХГҮЙ БАЙХ БОЛОМЖТОЙ

Цементийн үндсэн түүхий эд нь шохойн чулуу. Нэг тонн цемент байлаа гэхэд 78-84 хувь нь шохойн чулуу, 14-16 хувь нь шавар, төмрийн хүдэр нэг орчим хувь, гөлтгөнө бага хэмжээгээр орж байж бидний мэдэх цемент бий болдог ажээ. Цементийн үйлдвэрээс баруун урагш 14 орчим км Хөх цавын шохойн чулууны уурхай бий. Шавар, төмрийн хүдрийн ордууд нь 10 гаруй км-ийн зайтай байдаг бөгөөд түүхий эдээ машинаар үйлдвэр рүүгээ зөөдөг ажээ. Шохойн чулуу,гөлтгөнө, элс, шаврын ордууд “МАК”-ийн эзэмшилд байдаг нь бүтээгдэхүүн зах зээлд хямд гарах нэг гол шалтгаан аж. Учир нь үндсэн түүхий эдээ холоос, өөр уурхайгаас зөөвөл алдагдалтай байх бөгөөд үнэ ч нэг жигд байх боломжгүй юм. Өөрийн уурхайгаас түүхий эдээ татах нь удаан хугацаанд үнэ нэмэгдэхгүй үндэс суурь нь болдог. Харин энэ нарийн ширийнийг мэдэхгүй тохиолдолд олон орд газар эзэмшдэг юм шиг харагдах тал байдаг бололтой.

ЦЕМЕНТ, ШОХОЙН ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЦ

Цементийн үйлдвэрийн байгууламж бол асар том. Лифтээр хамгийн дээд цамхагт гарч харвал эргэн тойрон алган дээр тавьсан мэт илхэн. Доошоо харвал алхаж яваа хүн өчүүхэн жижиг үзэгдэнэ. Энэ байгууламжийн өндөр 40 давхар барилгатай тэнцэнэ гэхээр аварга том гэдэг нь төсөөлөгдөх буй за.

Цемент, шохойн үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтыг энгийнээр тайлбарлая. Мэргэжлийн үг хэллэг оруулбал энгийн хүн ойлгоход хэцүү болж магад. Тус үйлдвэр 3 үндсэн хэсэгтэй. Хамгийн түрүүнд түүхий эд бэлтгэлийн хэсгийг онцлох учиртай. Тээвэрлэж авчирсан шатаах түүхий эд болох нүүрс, үндсэн түүхий эд болох шохойн чулуу, нэмэлт түүхий эд болох шавар, гөлтгөнө, төмрийн хүдэр зэргийг буталж, жижиглэн тус бүрийн 3000т-оос 30000т-ийн нуруулдаж, уриншуулж нөөцөлнө.

Дараагийн үндсэн хэсэг нь чулуунцар үйлдвэрлэх хэсэг юм. Энд бүхий л түүхий эдүүдийг хольж хүчирхэг булт босоо тээрмээр тээрэмдэж гурил мэт нунтаг хольцийг бий болгож 7500т багтаамжтай битүү силосонд нөөцөлнө. Үүссэн нунтаг хольцийг 5 үет бүлэг циклон бүхий 110м өндөртэй байгууламжинд Цельсийн 900 орчим градус хүртэл нь халааж, улмаар эргэлдэгч зууханд 1500 орчим градусаар шатааж чулуунцарыг үйлдвэрлэнэ. Ингэж хоногт 3000т хүчин чадалтайгаар цементийг хатуу хоргол хомоол шиг хэлбэртэйгээр чулуунцар болгон анхлан үйлдвэрлэн гаргадаг байна.

Эцэст нь цемент үйлдвэрлэх хэсэг юм. Энд нөгөө саарал чулуунцарыг үнс, гөлтгөнө, шохойн чулуутай хольж дэлхийд зөвхөн “FLSmith” компанийн лицензтэй 225т/цаг хүчин чадал бүхий аварга том, булт босоо тээрэмд нунтаглаж бидний их бүтээн байгуулалт, барилгын талх гэгдэх цементийг үйлдвэрлэн гаргадаг байна.

Энэ бүхий л технологийн процессийн үйл ажиллагаа нь бүрэн автоматчлагдсан, чанарын найдвартай хяналтанд байна гэж төсөөлөхөд хэцүү зүйлийг нүдээр хараад бишрэхгүй байхын аргагүй юм билээ.

Мөн үйлдвэрлэсэн цементээ 200 т/цаг хүчин чадалтай задгай, 360 т/цаг хүчин чадалтай 50 кг-ийн савалгаатай, 90 т/цаг хүчин чадалтай 1.5-2.5 т-ийн том савлагаатай 3 хэлбэрээр борлуулалтанд бэлтгэн галт тэрэг, автотехникт ачилтуудыг хийдэг байна.

Цементийн задгай ачилтын 74 тонн багтаамж бүхий хоппер вагон УБТЗ-ийн хэмжээнд 18-хан байсан тул МАК компани өөрийн хөрөнгөөр 182 хоппер вагоныг Украин улсаас захиалан худалдаж авахад хүрсэн байна.

Үйлдвэр нь уулын машин техникт үзлэг хийх, засах, сэлбэг эд ангийг үйлдвэрлэх, нөхөн сэргээх цехтэй. Үйлдвэр дотроо орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эмнэлэгтэй. Ажилчдын хувцас солих өрөө, душ зэрэг нь тун тав тухтай, тохилог цэвэрхэн юм. Хөх цавын цементийн үйлдвэр 800 гаруй ажиллагсадтай, бүрэн хүчин чадлаараа ажиллавал 3 ээлж гарна. Ажиллагсдын 50 орчим хувийг орон нутгийн залуус эзэлдэг. Мөн аймгийн МСҮТ-д мэргэжлийн ажилчдыг олноор захиалж байгаа нь хөдөөд ажилгүйдлийг бууруулах бодит алхам болж байна. Мөн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөллийг бий болгож байгаа аж. Үйлдвэрийн дэргэд ээлжийн ажилчдын 4 давхар шинэхэн байр байх бөгөөд мөн л ажилчдынхаа тав тухыг хангахад чиглэсэн фитнессийн танхим, номын сан, кино театр, дэлгүүр, биллиард теннисийн өрөө зэраг 4 одтой зочид буудлын хэмжээнд тохижуулалт хийсэн байна.


УЛСЫН ТӨСӨВТ ЖИЛД 32,5 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛНЭ

“МАК Евро цемент” үйлдвэр бүрэн хүчин чадалдаа хүрснээр Монгол Улсын төсөвт жилд 32.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 70-75 орчим сая ам.долларын импортыг орлож, валютын гадагш чиглэсэн урсгалыг хаана гэж “Монголын Алт” компанийн удирдлагууд үзэж байна.

МАК-ийнхан зөвхөн дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй өнөө жил анх удаа гадаадад гаргахаар гэрээ хийжээ. Хойд хөрш рүү жилд 400 мянган орчим тонн цемент гаргахаар гэрээ хийгээд байгаа бөгөөд евро технологийн чанартай цементийн эрэлт хэрэгцээ хаана ч байдаг аж. Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл “МАК Евро цемент” үйлдвэр өндөр маркийн олон янзын цемент үйлдвэрлэдэг. Заримыг нь Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад захиалж авдаг байна. Яагаад гэвэл, шүлтлэг орчинд тэсвэртэй цементийг зөвхөн эднийх л үйлдвэрлэх боломжтой. Бас нэгэн сонирхолтой нь ус чийгт тэсвэртэй барилга байгууламж барих зориулалтын цемент юм. Хэрэв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулна гэвэл стандартад нийцэх цементийг нийлүүлэх газар Монголд эднийхээс өөр байхгүй гэх юм билээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байх Сонсголонгийн гүүр, цементэн замыг барихад МАК-ийн цементийн үйлдвэрээс багахан захиалга авчээ. Багахан гэсний учир Хятадын хөрөнгө оруулалттай, хөнгөлттэй зээлээр хийж байгаа бүх бүтээн байгуулалт Төв аймгийн Баян сумын нутаг дахь “Улааны цементийн үйлдвэр”-ээс цементээ авдаг. Яармагийн нүүр, замын дийлэнх цементийг ч уг үйлдвэрээс авчээ. Тиймээс МАК-ийн зүгээс Барилга, хот байгуулалтын Яаманд нэгэн хүсэлт гаргасан байна. Гол утга нь концессоор болон гадаадын зээл, тусламжаар барьж, байгуулж байгаа том төслүүдийг хэрэгжүүлэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого бариач гэж. Тухайлбал, Хятадын хөрөнгө оруулалтаар том төсөл хэрэгжүүлж, барилга байгууламж барьсан ч түүхий эд, бүтээгдэхүүнийхээ тодорхой хувийг нь Монголын дотоодын үйлдвэрлэгчдээс авч байх заалтыг дүрэм, журмандаа оруулж өгөөч гэж хүссэн хэрэг. Ингэвэл үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа сэргэж, улам л өргөжих боломж нээгдэнэ.

“Монголын Алт” компани нь цаашид үргэлжлүүлээд 130 мянган тоннын хүчин чадалтай барилгын болон металлургийн шохой үйлдвэрлэх Итали технологи бүхий шохойн үйлдвэр, Японы тэргүүлэгч технологийн дагуу төмөр бетон хийцийн үйлдвэрүүдийг барихаар төлөвлөж буй аж.

Монголчууд хоцрогдож, орхигдсон технологийг шилжүүлэн авч ирж байсан цаг үе ард хоцорч, үр ашигтай, эдийн засгийн өгөөжтэй, манай орны эрс тэс уур амьсгалд зохицсон хамгийн сүүлийн үеийн шинэ техник, технологитой үйлдвэрүүдийг барьж байгуулах боломжтой гэдгийг МАК-ийн Хөх цавын Цементийн үйлдвэр бодитоор харууллаа.

Ийн Дорнын говьд үлгэрийн гэмээр том үйлдвэр сүндэрлэж, тэнд ажил өрнөж, амьдрал буцалж байна. Ажилсаг, бүтээлч хүмүүсийн хичээл зүтгэлээр бий болсон Хөх цавын цементийн үйлдвэр монголчууд бид хий хоосон ярих биш хийж бүтээх, хөгжих боломж байгааг бүрэн утгаар нь нотолж байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар барилгын материалын 800 гаруй жижиг дунд үйлдвэрүүд ажиллаж байна. Бүтцээр нь ангилан үзвэл: Цонх хаалганы үйлдвэр 300 гаруй, Керамик эдэлхүүний үйлдвэр 80, Элс хайрганы үйлдвэр 100, Бетон эдлэл, төмөр бетон хийцийн үйлдвэр 28, Бетон зуурмагийн үйлдвэр 144, Хөнгөн бетоны үйлдвэр 30, Хөнгөн дүүргэгчтэй бетон гулдмайн үйлдвэр 14, дулаан тусгаарлах материалын үйлдвэр 16, полистрол хавтангийн үйлдвэр 48, шохойн үйлдвэр 23, ган туйвангийн үйлдвэр 12, хуванцар хоолойн үйлдвэр 8, цементийн үйлдвэр 5 байна. Эндээс харахад барилгын бараг бүх төрлийн материалын хувьд дотоодын өнөөгийн хэрэгцээгээ хангах боломжтой болсоор байгаа өөдрөг мэдээгээр сурвалжлагаа өндөрлөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *