Categories
мэдээ нийгэм

“Хаврын бүргэдийн баяр” гуравдугаар сарын 3-4-нд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран “Хаврын бүргэдийн баяр”-ыг 2019 оны гуравдугаар сарын 3-4-нд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад зохион байгуулна.

Бүргэдээр ан хийх уламжлалыг Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүссэн бөгөөд энэ уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй уг ёслолыг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр”-ыг жилд хоёр удаа зохион байгуулах болсон. Жил бүрийн намар Баян-Өлгий аймагт 10 дугаар сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг. Харин хаврын улиралд Улаанбаатар хотод болдог “Бүргэдийн баяр” тэмцээн хэлбэрээр зохион явуулдаг.

Тэмцээний эхэнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтойгоо жагсаж орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг.Үүний дараа бүргэдийн баяраар бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээн явуулдаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна.

Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг. Зарим жилүүдэд амьд амьтан бариулж, бүргэдийн анд сургасан байдлыг шалгадаг ч жуулчдын хүсэлтээс хамаарч сүүлийн жилүүдэд хориглосон. Мөн энэ баярын үеэр Көкпар буюу тулам булаацалдах, газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоомыг үзүүлэхээс гадна үндэсний хувцсаар гангарсан казах хүмүүстэй танилцаж, казахын зан заншил, ахуйн соёлтой танилцах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *