Categories
мэдээ нийгэм

Ж.Энхнаран: 1000 морьтон эмэгтэй чуулж, Гиннесийн амжилтад бүртгүүлнэ

Монголд анх удаа “Морьтон Монголжин” парадыг зохион байгуулсан төдийгүй адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлж яваа Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат  “Монголын Морьтой Монголжин Холбоо”-г үүсгэн байгуулагч Жамбалсүрэнгийн Энхнарантай ярилцлаа.

Түүнийг хүмүүс “Адууны Дүүгий” хэмээх нэрээр андахгүй. Тэрбээр өвөөгийнхөө нэр алдрыг өргөж, монгол морьтны өв соёлыг дэлхий дахинд таниулах эрхэм зорилготой аж


-2025 онд анх удаа “Морьтон Монголжин” парадыг зохион байгуулсан. Энэ санаачилгыг хэрхэн гаргасан бэ?

-Ханийнхаа ард  үргэлж дэмжиж, бат зогсдог айлын гэргий болсон сайхан бүсгүйчүүд олон бий. Тийм ч учраас жилдээ нэг  удаа ч болов оролцдог эвент, фестивальтай болоосой гэх үүднээс Монголдоо анх удаа “Морьтой монголжин” парадыг зохион байгуулахаар  шийдсэн. Тэгээд л гурван өдөрт зар тарааж, долоо хоногийн дотор эх орны минь өнцөг булан бүрээс 300 орчим  морьтон бүсгүйчүүд ирж чуулсан. Энэхүү парад маань өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, монгол морьдын гайхамшгийг харуулах, их хатдын үр удам эмэгтэйчүүдийн моринд эрэмгийг сайшаан дэлгэрүүлэх зорилготой.

-Морьтны соёл, уламжлалыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, залуу үед таниулахад таны хийсэн ажил олон бий болов уу?

-Одоогоос гурван жилийн өмнө хүмүүс мориноосоо буучихсан юм шиг санагдаж билээ. Мотоцикл их унадаг болсноор морьдоо унаж гаршуулдаг уламжлалт арга барил алдагдаж, үүний улмаас адуу бага зэрэг зэрлэгшсэн тал ажиглагдсан. Тийм ч учраас адуучин тэмцээнийг тогтмол зохион байгуулснаас хойш залуучууд маань мориндоо ойрхон болсон гэж харж байгаа.

-Сүүлийн жилүүдэд эрлийз адууг үржүүлэх болсноос үүдэн цэвэр монгол адууны үнэ цэн буурах вий гэх болгоомжлол бий. Адууны соёлыг түгээж яваа таны байр суурь юу вэ?

-Энэ асуудал хоёр талтай. Адууныхаа цусыг сэлбэж, чанарыг нь сайжруулахыг зорьдог хүмүүс цөөнгүй. Харин миний хувьд монгол морио хамгаалан үлдэхэд анхаарч ажиллаж байна. Зохион байгуулж буй “Адуучин”, “Ганган морьтон”, “Хос морьтон” гэх мэт бүхий л  тэмцээн, уралдаанд зөвхөн цэвэр монгол адуугаар оролцох шалгуурыг тавьж, энэ үнэт өвөө хамгаалахыг зорьдог.

-Адууны өв соёлыг тээн яваа таныг үргэлж дэмжиж, арыг нь дааж явдаг хүн  хэн бэ?

-Миний хань, гэр бүлийнхэн, хоёр талын аав ээж маань миний ард үргэлж бат зогсдог. Энэ дашрамд та нартаа баярлалаа гэж хэлье.

-Монголын “Морьтой Монголжин Холбоо” ТББ нь морин соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, тэр дундаа эмэгтэй уяачид, адуунд хайртай бүсгүйчүүдийн дуу хоолойг хүчтэй хүргэх зорилготой байгууллага гэж сонссон. Энэ холбоог санаачлах болсон шалтгаан, зорилго тань юу  вэ?

-Олон эмэгтэйчүүдийн хүсэл тэмүүлэл болсон морин их өв соёлыг түгээх зорилготой “Монголын морьтой Монголжин Холбоо” төрийн бус байгууллагыг энэ оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол улсын морин спортын анхны эмэгтэй гавьяат тамирчин Төмөржаагийн Цэрмаа, хоёр мянган километр замыг мориор туулсан анхны Монгол эмэгтэй Б.Түмэннаст нар томилогдсон. Төв холбоо 18 гишүүнтэйгээс гадна 21 аймагт  салбар, холбоод байгуулагдаж “Морьтой Монголжин” парадыг сум сумдаа зохион байгуулсаар байна.

-Залуу үе, ялангуяа охид, бүсгүйчүүд адууны соёлоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг өгч байгаа болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Залуу үе, дүү нар маань мориндоо их ойрхон, уяж уралдуулах сонирхолтой болсоор байна. Хотод сурдаг ч  зуны амралтаараа хөдөө нутгаа зорьж байгаа нь сайшаалтай. Тааваараа жаргах тал нутагтаа эзэн суух залуус олон болж байна гэж харж байна.

-“Адуунд дурлагсад” группийг үүсгэн байгуулсан шүү дээ. Цаашид хүрээгээ хэрхэн тэлэхээр төлөвлөж байна вэ?

-Адуунд дурлагсад бүлгэм бол зөвхөн сонирхогчдыг нэгтгээд зогсохгүй, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх чухал үүрэгтэй нэгдэл гэж харж байгаа. Ялангуяа залуус, эмэгтэйчүүд, хөдөө амьдарч байгаа адуунд элэгтэй гэр бүлүүдийг илүү өргөнөөр хамруулж, тэдний санал бодол, оролцоог идэвхжүүлэх зорилготой байна. Мөн маш олон нууцлаг зүйлс хүлээж байгаа гэдгийг хэлье.

-Удахгүй “Адуунд дурлагсад” группийн 100 адуучинтай гурав дахь жилийн ойн тэмцээн болох гэж байна. Энэ талаар ярихгүй юу?

– Тэмцээн маань зургадугаар сарын 14-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт буюу Түргэний голд болно.  Олон аавын хөвүүд, моринд эрэмгий эрчүүд цугларч хурд хүч, авхаалж самбаа, сэц оюун, ур чадвар, эр зоригоо сорьно. Мөн арав гаруй улсын аварга, хорь гаруй аймгийн аварга, таван өсвөрийн аварга адуучин ирж оролцно.

-Хурдан морины уралдааныг тавдугаар сар хүртэл хориглосон. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Зөв гэж үзэж байгаа. Хүүхдийн эрх, оюулгүй байдал хамгийн чухал.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Тун удахгүй монгол бүсгүйчүүдийг дэлхийд таниулах түүхэн үйл явдал болох гэж байна. “1000 морьтон эмэгтэй” хэмээх Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэх зорилготой томоохон санаачилгын бэлтгэл ажил эрчимтэй өрнөж буй. Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисоос морьт бүсгүйчүүд нэгэн зорилгын төлөө нэгдэж, сүр жавхааг үзүүлэх боно.

-Адуунд хайртай, өв соёлоо түгээж, монгол морио зөв сайхан эдэлж яваа эмэгтэйчүүддээ хандаж юу гэж хэлэх вэ?

-Зорьсон зүйлдээ тууштай байгаарай хэлж хэлье. Монгол хатдын үргэлжлэл мандан бадрах болтугай.

 

Э.Жавзандулам

One reply on “Ж.Энхнаран: 1000 морьтон эмэгтэй чуулж, Гиннесийн амжилтад бүртгүүлнэ”

Дүүгээрээ маш их бахархаж байна мундаг шүү амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *