Өнгөрсөн бямба гаригт суллагдсан Израилийн иргэдийн биеийн байдал маш муу байгаа бөгөөд бас ХАМАС бүлэглэлийнхний нийтийн сүлжээнд тавьсан тэднийг доромжилж буй бичлэг Израильчуудын уур хилэнг улам бадраагаад байна. Израилийн барьцаалагдсан хүмүүсийг суллахын өмнө уг бичлэгийг газар доорх хонгилд хийсэн гэдгийг тогтоосон байна. Бичлэг цацагдсаны дараа барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэн Израилийн телевизүүдэд уг бичлэгийг дамжуулахгүй байхыг хүссэн уриалга гаргажээ. Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Израиль эдгээр бичлэгийн талаар чимээгүй үлдэхгүй бөгөөд зохих арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ. Израиль болон ХАМАС хоорондын хэлэлцээрийн хоёр дахь шатны зохицуулалт энэ сарын 10-ны өдөр эхэлж байгаа бөгөөд Израилийн тал ямар арга хэмжээ авах гэж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Палестины радикал исламист ХАМАС хөдөлгөөн барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагааг өөрсдийн том ялалт болгон сурталддаг билээ. “Израильтай байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн дагуу палестин хоригдлуудыг Израилийн тал суллахгүй байгаа учир өөрсдийн гарт байгаа тэдний иргэдийг суллахыг хойшлуулж байна” гэж мэдэгдээд, Израилийн талыг хэлэлцээрийг биелүүлээгүй гэж буруутгав. Харин Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Катз “ХАМАС бүлэглэлийн Израилийн барьцаанд байсан иргэдийг доромжилсон үйлдэл гэрээг бүрэн зөрчсөн явдал. Би өөрийн цэргүүдэд Газад явуулж болох аливаа хувилбарт хамгийн дээд түвшинд бэлэн байхыг даалгасан” гэж мэдэгджээ.
Мөн ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчид “Израиль гал зогсоох нөхцөлийг биелүүлээгүй учир энэ сарын 15-нд товлогдсон барьцааны хүмүүсийг шилжүүлэх ажлыг хойшлуулах бодолтой байна” гэж мэдэгдсэний дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Хэрэв ирэх бямба гаригийн 12:00 цаг гэхэд ХАМАС Израилийн барьцаалагдсан хүмүүсийг буцааж өгөхгүй бол гал зогсоох хэлэлцээрийг цуцалж, та нарыг тамд живүүлэх болно” гэж анхааруулав.