Categories
мэдээ нийгэм

Иргэдийн дунд хоёр дахь шатны Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна. Зөвлөлдөх санал асуулга бол ардчилсан тогтолцооны дэвшилтэт хувилбар бөгөөд аливаа нэг асуудлын шийдлийг тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэх явдал юм. Нэг дэх үеийн санал асуулгыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулсан бол хоёр дахь шатыг өнөөдөр Налайх дүүрэгт зохион байгуулж байна. Өнөөдрийн санал асуулгад 380 гаруй иргэд оролцов.


Өнөөдрийн санал асуулгын нэгдсэн хуралдаанд УУХҮЯ-ны Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний хэлтсийн дарга М.Мэндбаяр “Уурхайн үйл ажиллагаанаас хамааралтай дүүргийн иргэдийн ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь”, нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа “Хууль бус олборлолт хийгдсэн талбайг хамгаалалтад авах, нөхөн сэргээх, орон нутагт хүлээлгэн өгөх, олон улсын сайн туршлага нэвтрүүлэх”, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Цолмон “Налайхад хууль бусаар нүүрс олборлуулахгүй тохиолдолд Налайх болон Улаанбаатар хотын иргэдийн нүүрсний хэрэглээ, ханган нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх”, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Налайх дүүрэг дэх хууль бус нүүрсний олборлолтыг таслан зогсоож, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах нь” гэсэн сэдвүүдээр илтгэл тавилаа. Үүний дараа иргэд мэргэжлийн байгууллагын төлөөллүүд 4 сэдвийн хүрээнд 23 салбар хуралдааныг зохион байгуулав.


Налайх дүүрэгт зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга Б.Чинзориг “Зөвлөлдөх санал асуулгын хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөл нь ажлын хэсэгт зөвлөгөө өгөх, санал асуулгатай холбоотой асуудал дээр өөрслийн саналыг тусгуулах үүрэгтэй. Үүний дагуу санал асуулгыг батлах, хоёр дахь шатны хуралдаанд ажиглагчаар оролцох, хуралдаанаас гарсан шийдвэрийг Засгийн газар болон НЗДТГ-т хүргэх үүрэгтэй. Налайх дүүргийн цаашдын ирээдүйг ямар байдлаар тодорхойлох ёстой вэ гэдгийг иргэдээс нь асууж тэдний гаргасан саналуудыг тусгаж, холбогдох шат шатны байгууллагууд нь шийдвэр гаргах үндсэн суурь нөхцлийг бүрдүүлэх гэж байгаагаараа онцлог. Налайх дүүргийн хувьд Уул уурхайн хаалт, уурхайн нөөц дууссаны дараа яах вэ гэдэг асуудал, нөгөө талаасаа хууль эрх зүйн орчныг хэрхэн боловсронгуй болгох вэ, ажлын байрны хангалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, уурхайн хаалтын дараа нөхөн сэргээлтийн ажлыг хэрхэн олон улсын түвшинд хийж орон нутгийн байгууллагуудад хүлээлгэж өгөх зэрэгт иргэд өөрсдийнхөө санал бодлыг хүргэж байгаагаараа онцлог. Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар болон, уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл зөрчигдснөөс улбаатай үүсэх хүний амь насны эрсдлийн асуудлыг таслан зогсоохоор иргэд цуглаж, хэлэлцэж байна” гэв.


Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “2000 оноос хойш Налайх дүүрэгт зөвхөн уурхайн асуудлаас болж 230 гаруй хүн амь эрсдсэн байдаг. Үүнийг цэгцлэх нэн чухал шаардлагатай байна. Бид хүний амь нас, эрүүл мэндийг хохироохгүйгээр үүнийг хэрхэн шийдэх боломж бий вэ гэдгийг хэлэлцэж байна. Иргэдээс ирж байгаа санал хүсэлтийн ихэнх хувь нь зөвшөөрөлгүй уурхайг хааж өгөхийг хүссэн байдаг. Өнөөдрийн энэ санал асуулга нь цаг үеэ олсон, ил тод, иргэдийн оролцоог ихээр оролцуулж байгаа гэдгээрээ үр дүнтэй болно гэж бодож байна” хэмээлээ.


НИТХ-ын дарга С.Амарсайхан “Найлаахын уурхай бол 40 гаруй мянган хүний ажил амьдралыг залгуулж ирсэн. Энэ зөвлөлдөх уулзалт, санал асуулгаар бид уурхайг цаашид ямар байдлаар явуулах, үргэлжлүүлээд ямар хэлбэрээр явуулах вэ гэдгийг ярьж байна. Дүүргийн 6600 га газар хөрсний эвдрэлд орсон байгаа. Үүний нөхөн сэргээлтийг хэрхэн хийж, оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх вэ, дүүргийн иргэдийн ажлын байр, ашиг орлогтой байх боломж бололцоог хэрхэн бүрдүүлэх вэ гэсэн гурван асуудлыг шийдэх гэж байна. Өнөөдөр бид уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа 1000 хүрэхгүй иргэдийн асуудлыг дан ганц шийдэх гэж байгаа бус. Энэ дүүргийн 10, 20 жилийн дараах ирээдүйн хөгжил зэргийг шийдэх гэж байна. Уурхайг бүгдийг нь ор тас хаах гэж байгаа үйлдэл огт биш. Үйл ажиллагаа явуулж болохыг нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангуулж, нөхөн сэргээлтийг хийлгээд ажиллуулна. Цаашдаа энэ уурхайнууд ажиллах боломжгүй болно тэр үед эдгээр хүмүүс юу хийх вэ гэдгийг ярьж байгаа” хэмээв.


Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Налайх дүүрэгт ажиллаж буй уурхайн асуудал, тэнд ажиллаж буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл бололцоог хангах зэрэг асуудлууд яригдаж байна. Иргэд төрийн бүх шатанд өөрсдийнхөө оролцоог хангаж саналаа тусгана гэдэг маш чухал. Иргэдийн оролцоотой зөвлөлдөх санал асуулгаас гаргасан шийдвэрийг Засгийн газарт танилцуулна” хэмээн ярилаа.

Зөвлөлдөх санал асуулга, хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн санал, зөвлөмжийг боловсруулж шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд хүргүүлэн ажиллах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *