Өнгөрсөн сард Э.Чимидцэрэн багшийн бүтээлийн ач холбогдол “Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл Д.Пагмадуламыг чөлөөлсөн нь” сэдвээр Осакагийн их сургуулийн монгол судлаач, дэд профессор Имаока Рёко МУИС дээр илтгэл тавьсан юм. Э.Чимидцэрэн багшийн шавь МУИС-ийн түүхийн тэнхимийн багш эрдэмтэн профессорууд, багшийн ач охин оролцсон сонирхолтой халуун яриа өрнүүлсэн дурсамж бүхий онцлогтой семинар болсон юм. Элчинбуугийн Чимидцэрэн багшийн 100 жилийн ойн өмнөхөн болсон энэ арга хэмжээний үеэр Осакагийн их сургуулийн монгол судлаач, дэд профессор Имаока Рёкотой цөөн хором ярилцсанаа толилуулъя.
-Малчдын нийгмийн асуудлыг судалдаг хүн гэв гэнэт эмэгтэйчүүдийн тэр тусмаа Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл Д.Пагмадуламын талаар сонирхох болсны учир юу вэ?
-1989 онд Монголд ирсэн тэр үед би аспирантур төгссөн, Осакагийн гадаад хэлний их сургуульдаа цагийн багш хийж байсан. Онуки багштай говь судлалын өмнөх ажилд оролцсон. Түүнээс хойш жил болгон ирдэг байсан ч ковидын гурван жилд ирж чадаагүй. Баянхонгор аймгийн Бугат сумын Цэлгэр багт судалгааны ажлуудаа хийсэн.
Япон улсад олон судалгаанууд байдаг. Манай сургуулийн багш Азийн эмэгтэйчүүдийн талаар судалгаа хийдэг. Ингээд тэр багш маань 1998 оноос төсөл хэрэгжүүлж Монгол, Филиппин улсын эмэгтэйчүүдийн төлөөлөл гараагүй тул чи үүнийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж даалгавар өгсөн. Ингээд би бичихээр болж байна. Манай сургуулийн багш намайг “ядарсан эмэгтэйчүүд, хэлмэгдсэн бүсгүйчүүдийн судалгаа хийж байгаа хүн Монголын тухай та судалсан дээр” гэсний дагуу эхэлсэн.
Манай Осакагийн их сургуулийн номын санд Э.Чимидцэрэн багшийн “БНМАУ-д эмэгтэйчүүдийг нийгмийн дарлалаас чөлөөлсөн түүхэн туршлага” (1973) номыг орчуулсан. Тухайн үед номны үнэ цэнийг би ойлгож мэдээгүй байсан. Д.Нямаа 2008 он. “Их Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал аж төрөл” номыг уншаад миний уншсан Э.Чимидцэрэн багшийн номын үнэ цэнийг ойлгосон. Үүнээс өмнө ямар ч түүхч зохиолч бичээгүйг Э.Чимидцэрэн багш бичсэн нь анхаарал татсан.
-Таныг яагаад монгол орон татах болсон, мөн монгол судлаач, эрдэмтэн болгоход хүргэсэн бэ?
-Одоо бодоход арван жилийн сурагч байхад Японы эдийн засаг АНУ-ын эдийн засгаас илүү сайн байсан. 1970 -аад онд дунд сургуулийн сурагч байхад “Японы хөгжлийн зам буруу байна. Өөр улс руу очиж амьдаръя” гэж ярьдаг аав маань Индонез, Тайландад ажлаар явах боллоо. Ааваас би тэдгээр орны тухай сонсдог байсан. Тэгээд халуун оронд очмооргүй санагдаад Төв Ази руу очихыг хүссэн. Тэгээд л Монгол Улсыг сонгосон.
-Цаашид ямар судалгаа хийх вэ?
-1925 онд “Бүсгүйчүүдийн тасаг”-аас эрхлэн “Монголын эмэгтэйчүүдийн санал” сэтгүүлийн гурван дугаарыг хэвлэн гаргаж байжээ. Сэтгүүл дараа нь “Монголын эмэгтэйчүүд” нэртэй болж, анхны редактороор нь Д.Пагмадулам ажиллаж байв. Тэр үеийн сэтгүүлд юу гэж бичиж байсан талаар ном гаргахаар шийдэж байна.Осакагийн их сургуулийн багш хүн хичээлийн 90 минутанд оюутнууддаа эсгий хийх, шар тос гаргаж авахыг зааж байна. Онолын хичээл чухал. Жишээ нь, Ээдэм яаж ээдүүлэхийг Гүүглээр орчуулаад “За багш аа би даалгавраа хийчихлээ” гэж үзүүлэх бус толгойд нь суулгаж сонирхолтой хичээлүүдийг зааж сургаж байна. Үүгээр дамжуулаад Монголын ахуй амьдрал, цагаан идээ боловсруулах ёс заншлууд давхар заагдаад явж байгаа. Хөвсгөл аймагт манай шавь ээдэм ээдүүлсэн шар сүүг 65-70 градус халаагаад шөл хийхийг үзүүлсэн.Гашуун болдоггүй. Дээрээс нь мах, сүү, сонгиноо нэмж хийгээд амттай шөл болдог. Тэгэхээр энд юу харагдаж байна вэ гэхээр технологи чухал гэдгийг ойлгож болно. Мөн сүү хөөрүүлэхдээ яагаад самардаг болохыг сайн зааж өгдөг. Яагаад гэвэл сүүнд хоёр төрлийн уураг байдаг. Сүүний уургаас биетэй болгож өрөм дээр хальсан давхарга үүсгэх гэж самардаг. Тэгээд тогооноос өрмийг гараар барьж болдог. Нүүдэлчдийн маш чухал технологи юм. Дараагийн залуучуудад шинжлэх ухааны үндэстэй үйлдвэрлэл зааж сургаж, тайлбарлах нүүдлийн болон явуулын судалгаа хийж байна. Үүнийгээ өргөжүүлэн явуулын сургууль хийх зорилготой байгаа.
-Багш хүний хувьд оюутнуудад зөвлөгөө өгнө үү
-Өнөөдөр сошиал, интернэт дэлгэцнээс бүх мэдээлэлийг бүрэн олж авах чадахгүй тул энэ орчноос түр салж хөдөө явж хэрэгтэй. Сурах ёстой зүйл чинь хөдөөд байгаа шүү. Бүх юм, байгалийн ухаан гэдэг чинь хөдөө байна шүү. Хөдөөний туршлагатай хүмүүсээс суралцаарай. Малчдаас сурах юм их байгаа шүү гэж хэлмээр байна даа.
Нүүрийг бэлтгэсэн Ц.Отгонсүрэн