Categories
мэдээ нийгэм

Гүүрэн замын төслийн гүйцэтгэлийн явцыг танилцуулав

Өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ЗЦГ-ын ойролцоо барьж буй гүүрэн замын төслийн гүйцэтгэлийн явцын талаар мэдээлэл сонслоо.
Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаярын танилцуулснаар гүүрэн замын бүтээн байгуулалтын ажлын эхлэл өнөөдрийн байдлаар нийтдээ 19.1 хувьтай явж байна. Харин гүүрэн замын тулгуур, тулгуур багана, холбоос, суулгац, суурь цутгал, инженерийн шугам сүлжээний ажлууд гээд тус бүрээр нь авч үзвэл 30-89 хувийн хооронд гүйцэтгэлтэй явж байна.

Гүүрний байгуулалт дээр гарч буй нэг асуудал нь гүйцэтгэлийн хугацаа бөгөөд энэ асуудлыг өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаас мөн хөндөв. НИТХ-ын дарга С.Амарсайханы зүгээс Автозамын газрынханд хандан тавьсан “Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар ирэх оны 11-р сарын 30-нд ашиглалтанд орох ёстой гүүрийг мөн оны есдүгээр сарын 30-нд буюу хоёр сарын өмнө дуусахаар төлөвлөж байгаа гэсэн, тийм боломж бий юу?” гэсэн асуултанд Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, “Ажил хоёр сараар хоцорч эхэлсэн. Бид алдсан хугацааг нөхөж шахуу ажиллаж байгаа. Хугацаа алдахгүй, төлөвлөснөөр явна” гэсэн хариулт өгч байлаа. Гүүрний гүйцэтгэгч, БНХАУ-ын барилгын хоёрдугаар товчооны барилга хариуцсан захирлын зүгээс, “Бид графикт хугацаандаа шахаж амжуулна. Бидэнд хугацаанаас гадна чанар, хяналтын асуудал чухал байна” гэж хариулав. НИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс гүүрэн замын ажилд ямар бэрхшээл гарч байна, нийслэлийн зүгээс дэмжлэг хүсэх зүйлийн талаар тодруулсан. Автозамынхны хэлснээр газар чөлөөлөлтийн асуудлыг Газрын албатай хамтран түргэн шуурхай шийдсэн, одоо төмөр замын гарцын аюулгүй байдлыг хангах, ус худаг, дулааны шугам сүлжээг нүүлгэн шилжүүлэх ажил явж байна гэв. НИТХ-ын Тэргүүлэгчдийн зүгээс ажиллах хүчний цалин хөлс, ажлын нөхцөл байдал, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, туслан гүйцэтгэгч ААН-үүдийн уялдаа холбоог ханган ажиллахад анхаарахыг санууллаа. Үүний өмнө долдугаар сарын 10-нд НИТХ-ын дарга С.Амарсайхан гүүрний ажлын явцтай газар дээр нь очиж танилцах үеэр өрмийн машин эвдэрсэн, зарим туслан гүйцэтгэх компани ажилчдын хөлсийг нь өгөөгүй, шаардлагатай санхүүжилтийг өөр төсөл хөтөлбөрт зориулсан, ажил бүрэн хийгдэхгүй хугацаа алдаж байгаа учир гэрээг дахин дүгнэх шаардлагатай гэсэн яриа гарч байсныг дор дор нь шийдээд явж байгаа гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *