Наймдугаар сарын 1-нээс газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн. Бүртгэл өчигдөр дууссан билээ.
Тэгвэл цахим бүртгэлийг өнөөдөр 12.00 цагаас эхлэн хааж, бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулах болж байна. Шалгаруулалтыг өнөөдрийн 12.00 цагаас эхэлж UBS телевизээр шууд дамжуулна. Өчигдрийн байдлаар нийслэлийн иргэдээс 265 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлтээ илэрхийлж цахим бүртгэлд бүртгүүлсэн юм. Гэхдээ тэднээс 14 954 иргэнд газар өмчлөн авах эрх үүснэ.
Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу дээрх иргэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн IV хороо Тариан булагийн I хэсэг, Багахангай дүүргийн II хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй болно.