Categories
мэдээ спорт

EURO-2020: Испанийн шигшээ баг

Зургадугаар сард эхлэх Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Испанийн багийг танилцуулж байна.

Испанийн шигшээ баг

ЕАШТ-д оролцсон байдал: 10 удаа оролцохдоо 1964, 2008, 2012 онуудад алт, 1984 онд мөнгөн медаль хүртсэн

Шигшээ багийн дасгалжуулагч: Луис Энрикэ

Шигшээ багийн ахлагч: Серхио Рамос

Гялалзах од: Ансу Фати, Ф.Торрес

Испанийн “алтан” үе дуусаж дараагийн шинэ үе эхэлж байна. Испанийн шигшээ баг 2008-2012 оны хооронд Европ, дэлхийд “ялагдашгүй” баг байсан. Харин А.Иньеста, Д.Вилла, Шави, И.Касияс, К.Пуйол, Ф.Торрес, Д.Силва, Ш.Алонсо нар зодог тайлсан бол тэдэнтэй мөр зэрэгцэн тоглож байсан С.Рамос, С.Бускетс нар л өдгөө шигшээ багтаа үлдсэн. Талбайн төвийн “жанжин” А.Иньеста, Шави нар зодог тайлснаар Испанийн шигшээ багийн талбайн төвд урьдынх шиг хүчирхэг, эзэрхэг тоглолт үндсэндээ үгүй болсон. Шигшээ багийн сүүлийн том тэмцээнүүд тун амжилтгүй болж 2014 оны ДАШТ-д хэсгийн шатнаас, 2018 онд шөвгийн 16-д тэмцээнээ өндөрлүүлж байсан бол 2016 оны ЕАШТ-д шөвгийн 16-д тэмцээнээ өндөрлүүлсэн. Ерөнхийдөө Испанийн шигшээ багийн шилжилтийн үе болж байна. Шигшээ багийнхаа талбайн төвд Коке, Иско, Тиаго нар “ах” нарынхаа энд арай л хүрэхгүй байгаа гэвэл буруудахгүй байх.

Испанийн шигшээ баг ЕАШТ-ий урьдчилсан шатанд Швед, Норвеги, Румын, Мальт болон Фарерын арлуудын багуудтай тоглохдоо 8 хожил, 2 тэнцээ авч хэсгээ тэргүүлсэн. Швед болон Норвегийн шигшээ багуудтай тэнцсэн. Гэхдээ “том” багийн зангарга Испанийн шигшээ багт бий. ЕАШТ-д Швед, Польш, Словак улсын шигшээ багуудтай Е хэсэгт багтсан. Эхний тоглолт нь Шведийн шигшээ баг байх бол дараагийн тоглолтоо Европын шилдэг довтлогч Р.Левандовски тэргүүтэй Польшийн шигшээ багтай хийнэ. Хэсгийн эхний 2 тоглолт бол маш чухал тоглолт байна. Шведтэй урьдчилсан шатанд тэнцсэн бол Европын клубүүдийн түвшинд С.Рамос, Ж.Пике нарын хамгаалагчдын эсрэг тоглоод үзчихсэн, хэрхэн аргалах тухайгаа сайн мэдэж байгаа Р.Левандовскийн Польштой тоглоно.

Дасгалжуулагч Л.Энрикэ шигшээ багаа 4-3-3 хувилбараас гадна 4-2-3-1 хувилбараар тоглуулж буй. Бускетс, Родри болон Тиаго нар тулгуурын хагас дээр гарч байгаа бол довтолгоог дэмжих байрлал дээр Коке, Иско, Д.Себаёос нараас гарч байна. Испанийн шигшээ багт цэвэр #9 довтлогч байхгүй. 2016 оны ЕАШТ-д А.Мората, 2018 оны ДАШТ-д Д.Коста цэвэр довтлогчийн байрлалд тоглож байсан. Магадгүй энэ удаагийн ЕАШТ-д А.Мората шигшээ багтаа багтвал туршлагаараа үзүүрийн довтлогчийн байрлал дээр тоглож магадгүй юм. Харин Европын аваргын өмнө А.Фатигийн бэртэл түүнд томоохон сорилт болж байгаа бөгөөд бэртэлтэй түүний хувьд гараанд гарахаас урьтаж шигшээ багтаа багтах нь нэн чухал болоод байна. Хэрвээ түүнийг шигшээ багтаа багтаж чадахгүй бол Манчестер Ситид хүчин зүтгэдэг Ф.Торрес Жерардтай гарааны эрхийн төлөөх гол тоглогч байх боломжтой.

ЕАШТ-д оролцох боломжтой тоглогчид:

-Хаалгач: Давид де Хеа (Манчестер Юнайтед), К.Арризабалага (Челси), У.Симон (Атлетик Билбао), Р.Санчез (Брайтон энд Хоу Альбион)

-Хамгаалагч: С.Рамос, Д.Карвахаль (хоёулаа Реал Мадрид), Х.Алба, С.Роберто (хоёулаа Барселона), Ж.Навас (Севилья), Ж.Гаяа (Валесниа), Э.Гарсья (Манчестер Сити), И.Мартинез (Атлетик Билбао), Д.Ёоренте (Лийдс Юнайтед), П.Торрес (Вилляреал), С.Регуёон (Тоттенхэм Хотспур), Х.Беллерин (Арсенал)

-Хагас хамгаалагч: М.Асенсио (Реал Мадрид), Д.Себаёос (Арсенал), М.Мерино (Реал Сосьедад), С.Бускетс, Педри (хоёулаа Барселона), Родри (Манчестер Сити), Тиаго (Ливерпүүл), С.Канатес (Бетис), Коке (Атлетико Мадрид), Фабиан (Наполи)

-Довтлогч: А.Мората (Ювентус), Жерард (Вилльяреал) Ф.Торрес (Манчестер Сити), А.Фати (Барселона), М.Оярзабал (Реал Сосьедад), Д.Олмо (Лайпциг), Родриго (Лийдс Юнайтед), А.Траоре (Волверхэмптон Уондерерс)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *