Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягийн нэрийн хуудас болсон сонгодог жүжиг, кино, жүжгийн зохиол, жүжигчний уран чадвар, театрын талаарх ном, дууны шүлэг гээд түүний уран бүтээл ар араасаа үргэлжилнэ.
Тэрбээр Германы гүн ухаантан, яруу найрагч, жүжгийн зохиолч Фридрих Шиллерийн бичсэн “Хар санаа, хайр сэтгэл” эмгэнэлт жүжгийг 2004 онд найруулан, XIX зууны сонгодог зохиолыг XXI зууны үзэгчдэд сонирхолтойгоор хүргэхийг зорьж, өнөөгийн нийгмийн уур амьсгал, амьдралтай холбож тавьсан нь тухайн үедээ шуугиулж байсан билээ.
Мөн УДЭТ-аас хэрэгжүүлж буй “Бэсрэг жүжиг” төслийн хоёр дахь уран бүтээл болох “Бүүвэй” жүжиг найруулан өнгөрсөн хавар толилуулсан. Тэрбээр “Сонгодог жүжигт давж болдоггүй хана, халдаж болдоггүй хил гэж бий” хэмээн хэлсэн удаатай. Дэлхийн томоохон театруудын урын санг баяжуулан, үе үеийн найруулагчийн, жүжигчдийн ур чадварыг шалгасан жүжгүүдийг сонгож, тайзнаа тавьдаг найруулагч урлаг судлалын ухааны доктор, профессор урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн эмхтгэсэн “Бүх цаг үеийн сонгодог жүжгүүд” гурван боть ном мөн урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Ц.Батцэрэнгийн “Дуулах ур зүй”, утга зохиолын шүүмжлэл судлаач П.Батхуягийн “Эсрэг цаг” номын нээлт өнөөдөр 15:00 цагаас “Интерном” дэлгүүрт болох юм.