Categories
мэдээ цаг-үе

Энди: Би метал хүн

“Аясын салхи” хамтлагийн ахлагч Д.Энхтэгш буюу Эндитэй ярилцлаа.


-Танай хамтлагийн ой энэ сард тохиож байна?

-Тийм ээ.

-Хэдэн жилийн ой вэ?

-2020-оос 1984-ийг хасаарай. 36 жилийн ой маань дөрөвдүгээр сарын 16-нд тохиосон.

-Баяр хүргэе?

-Баярлалаа.

-1984 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монголын анхны метал хамтлаг болох “Аясын салхи” байгуулагдаж байжээ?

-Тэр өдөр манай хамтлаг байгуулагдаж, гарын үсгээ зурцгаасан. Бид социализмын үед хүмүүсийн ойлголтоор буруу юм тоглох гэж байсан учраас намын нууц бүлгэм шиг, намын эрмэлзэх арван зүйл гэдэг шиг эрмэлзэх зүйлүүдээ бичээд тангаргаа өргөж байсан.

-Ямар тангараг вэ. Ёс бус юм дуулахгүй, намын эсрэг юм дуулахгүй гэсэн утгатай тангараг уу?

-Үгүй. Тийм биш. Бид энэ намын үзэл бодолд таарахгүй, харш юм тоглоно. Бид метал гэдэг барууны хөгжим тоглож байгаа. Тийм учраас бид дарагдана, хаагдана, аягүйтнэ. Маш хэцүү зүйл тулгарна. Тиймээс хэдүүлээ зорилгоосоо няцахгүй гэж тангараглая гэсэн. Шантрахгүйгээр явна шүү гэж тангараг өргөсөн.

-Тэр өдөр хэдэн хүн тангараг өргөсөн бэ?

-Тэр өдөр гурван хүн байсан. Бид гурав тангараг өргөсөн.

-Хамтлагийн нэрний тухайд. Метал хамтлагийн нэр гэхэд их аядуу сонсогддог шүү?

-“Аясын салхи” гэдэг нэрийг хамтлагаа байгуулаагүй байхдаа ийм нэртэй хамтлагтай болно гэж бодчихсон байсан. Метал хамтлагууд аймаар нэртэй байдаг байхгүй юу. Чамайг ална, будаа болгоно гэсэн. Чиний “Чамаар гоёно” гэдэг триллер шүлэг шиг чинь. Тийм аймаар нэртэй байдаг байхгүй юу. Тэгэхээр “Чамайг ална”, “Чамайг ингэнэ, тэгнэ” гэсэн нэрийг хамтлагтаа өгнө гэхээр болохгүй шүү дээ. Тийм учраас “Аясын салхи” гэж маш гоё нэр өгсөн. Зөөлхөн, уянгын нэр өгсөн.


-36 жил гэдэг бол урт хугацаа. Ялангуяа хамтлагуудын түүхэнд. Монголд гарч ирээд л алга болсон хамтлаг өчнөөнөөрөө бий?

-Нэг хүчтэй гарч ирэнгүүтээ байхгүй болчихоод арван жилийн дараа гэнэт гарч ирээд “Манай ой болж байна” гээд тэмдэглээд явчихдаг. Тэр маш буруу. Манай хамтлаг байнга байсан.

-Танай хамтлагийг сонсъё, харъя гэвэл амьд хөгжмийн наадмууд дээр очих хэрэг гарна. Өөр бусад цагт танайхыг сонсъё гэвэл хаана очиж болох вэ. Хаагуур тоглодог вэ?

-Playtime наадам гэж бий. Тэр наадамд манайх нэлээд хэдэн жил тоглосон. Дөрвөн жилийн өмнө би албан ёсоор “Playtime” бол метал наадам биш. Дахиж энэ наадамд тоглохгүй” гэж хэлсэн. Манай хамтлагийн фенүүд гэдэг чинь айхавтар хүмүүс байдаг шүү дээ. Өмссөн зүүснээсээ эхлүүлээд. Одоо харин тэр наадам ягаан, цэнхэр, ногоон өнгөтэй бүх хүмүүс очдог болсон шүү дээ.

-Цаг үеэ дагаж хүмүүсийн сонирхдог урлаг, сонсдог хөгжим өөрчлөгдөж байгаа ч метал хөгжмийн үнэ цэнэ хэвээрээ байдаг?

-Яг зөв. Брек мрек гээд төрөл гарч ирээд нэг жил шахуу хүмүүсийг хуйлруулж байгаад л тэгээд унтарчихдаг. Гэтэл метал хэзээ ч унтардаггүй. Дандаа хөгжөөд явж байдаг. Маш хэрэгтэй. Хэрэггүй нь унтраад байхгүй болдог.

-40 жилийн ойгоо дөрвөн жилийн дараа угтах нь?

-(Инээв). Би тоо ярих дургүй л дээ. Хүмүүс 30, 40 жил гэхээр айхавтар хөгшин, хуучных гэж бодоод байдаг. Метал, рок урлагт нас хамаардаггүй. Дал гарчихсан рокууд будаа болгоод л тоглоод явж байна. Попыг залуу, гоё байхдаа хийдэг. Хөгшрөнгүүт нь хэн ч тоохоо больдог. Гэтэл манай урлагт тийм зүйл үгүй. Тэр нь сайхан.

-Танай тоглолтыг үзье гэвэл хаана очиж болох вэ?

-Наад асуултыг чинь олон хүн асуудаг юм. Танайх тийм том хамтлаг юм бол яагаад тоглолт хийдэггүй, яагаад зурагтаар гардаггүй юм, яагаад та нарыг хүн болгон мэддэггүй юм гээд байдаг. Манай метал урлаг бол un­derground урлаг байхгүй юу. Энэ үгийг махчилж орчуулбал газар доор гэсэн утгатай үг шүү дээ.

Энэ бол хэдхэн хүнд, тусдаа зориулагдсан урлаг байхгүй юу. Яг металуудад зориулагдсан урлаг. Бид Монголын тайзан дээр гараад бүх хүнд тоглоод байх ямар ч шаардлага байхгүй. Зөвхөн өөрийнхөө хүмүүст тоглож байх нь бидний жаргал, тэдний жаргал. Ийм учраас under­ground гэж ярьдаг юм.

-Аливаа уран бүтээлчийг туурвисан уран бүтээлийнх нь үйл явдалтай холбож ойлгоод байдаг. Таныг метал тоглодог, метал дуулдаг гэхээр хүмүүс бас тэр мэтээр ойлгодог байх?

-Тэгнэ тэгнэ (Инээв). Метал чинь тусдаа урлаг болчихсон. Намайг рок гэвэл би маш их гомдоно. Яагаад вэ гэвэл би рок биш. Би метал хүн. Өөр ертөнц байхгүй юу. Рок зөндөө олон урсгалтай. 1969 оноос хойш өдийг хүртэл явж л байна. “Нисванис” гэхэд л гранд рок хамтлаг. Би бол метал. Энэ бол тусдаа гарчихсан урлаг. Бид өөрсдийгөө “Өөр гаригийнхан” гэж онгирдог.

-Метал хөгжим аль улсаас үүдэлтэй юм?

-Англиас үүссэн. Led Zep­pelin гэж хамтлаг бий. Тэр бол хард рок тоглодог. 1960-аад оны сүүл,1971-аад оны эхээр хард рок тоглож байсан ч гэлээ хөгжимд нь жаахан өөр үнэр байгаад байсан байхгүй юу. Жинхэнэ метал тоглож эхэлсэн хамтлаг бол бас л Английн хамтлагууд. Тэр нь Ju­das Priest, Motorhead. Эндээс жинхэнэ heavy метал гэдэг юм үүссэн. Энэ бол манай анхны юм байсан. Дараа нь Америкаас готик, блэк метал гээд үүсээд явчихсан. Хамгийн анхны үүсэл нь Англи. Хөгжсөн нь Америкаас гарсан.

-Танай хамтлаг байгуулагдаад тодорхой хугацааны дараа арав, хорин хүн цуглуулаад анхны тоглолтоо хийсэн байж таараа. Яаж хүлээж авсан бэ?

-Нээрэн л арав хорин хүн үзсэн л дээ. Үзэж байгаа нь яг сонирхож байсан хүмүүс байсан. Нэг хамтлаг тоглож байна гэсэн гээд гаднаа орж ирсэн хүмүүс “Ойлгохгүй юм байна, ямар сонин юм тоглодог юм бэ” гээд буцаад гараад явчихаж билээ. Тиймэрхүү л янзтай байдаг байлаа. “Аясын салхи”-ийн нэг том гавьяа бий. Дэлхийн ийм том хөгжим Монголд байх ёстой гэдгийг л харуулж байна.

-Металгүй орон байдаг уу?

-Лалын улсууд чинь элдэв зүйл хорьдог. Гэтэл тэнд метал хөгжчихөөд байна. Манайх шиг жижигхэн хүрээнд хөгжчихөөд байж байна. Яагаад вэ гэвэл метал хөгжмийг хэн ч дарж чадахгүй. Метал юунд ч захирагддаггүй. Мөнгөнд, улс төрд, намд захирагдахгүй. Баян, ядуу хамаагүй. Тийм гоё хөгжим болохоор лалын улсуудад хөгжөөд байна.

“Аясын салхи”-д насаараа үнэнч явсан, хэзээ ч замаасаа ухраагүй хүний хувьд Монголын метал үрс маш олон болох болтугай гэж хэлье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *