Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Отгонтуяа: Дүрэм биелүүлэх нь ямар ач холбогдолтойг эмнэлгийн үйлчлэгч ч сайн ойлгосон байх учиртай

-БАЙГУУЛЛАГУУДЫН ҮҮДЭНД ХАЛУУН ХЭМЖИХ ГЭЖ “ГУРИЛДАЖ” БАЙНА ШҮҮ ДЭЭ-


Хувь хүний хөгжлийн дасгалжуулагч, судлаач Д.Отгонтуяатай ярилцлаа. Тэрбээр 2008 оноос эхлэн 25000 гаруй хүнд сургалт, зөвлөгөө өгчээ. Түүний судалгааны ажлын бас нэг анхаарал татсан сэдэв “Төрийн үйлчилгээний бүтээмжийн шинжилгээ” юм. Д.Отгонтуяа докторын судалгааны ажлаа энэ сэдвээр хийжээ. Ялангуяа эрүүл мэндийн салбарт эмч нар ямар бүтээмжтэй ажиллаж байгааг судалсан гэнэ.


-Дөнгөж амаржсан эх, нярайд сэтгэл гаргаагүйгээс болоод Засгийн газар огцорсон. Эрүүл мэндийн үйлчилгээ, бүтээмжийг хэрхэн сайжруулах ёстой вэ?

– Үйлчилгээний салбарын бүтээмжийг хэмжихэд түвэгтэй. Хэрэглэгчийн сэтгэл ханамж чухал. Үйлчлүүлэгчийн оролцоотойгоор бүтээмжийг хэмждэг. Би бүтээмжийн чиглэлээр Японд сурч байсан. Бүтээмж чухал гэдгийг япон багш нар тархи толгойд шингээж өгсөн л дөө. Улс орны хөгжлийн тулгуур үзүүлэлт нь стандарт, дүрэм журам байдаг. Бүтээмж ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн стандарт шаардаж байдаг. Түүндээ үндэслэж алхам алхмаар ахих учиртай.

-Манай иргэд төрийн үйлчилгээнд ихэвчлэн сэтгэл ханамжгүй байдаг даа. Ямар нөхцөлд иргэнд сэтгэл ханамж өгөх юм бол?

-Хамгийн гол нь манай тогтолцоо асуудалтай. Нэг дарга гарч ирэхэд бүх юм өөрчлөгддөг. Тогтолцоо тогтворгүй, ойлгомжгүй болохоор төрийн албан хаагчид ажил хийгээд ч нэмэргүй гэсэн хандлагатай болдог. Би ч төрд ажиллаж үзсэн. Угаасаа сайн ажиллаад нэмэргүй, авдаг цалингаа авна гэсэн хандлагатай байдаг. Цалин багатай, хариуцлагын тогтолцоо нь сул.

-Яавал эмнэлэгт ажилладаг хүмүүсийн харилцаа хандлага сайжрах вэ?

-Эрүүл мэндийн байгууллагууд ДЭМБ-ын янз янзын тогтолцоо, системүүдийг уг нь нэвтрүүлдэг. Ингэж болно, тэгж болохгүй гэсэн дүрэм журам хангалттай байдаг. Гол нь түүнийгээ хэрэгжүүлэх учиртай хүмүүс маань энэ яагаад чухал вэ гэдгийг ойлгож ухамсарлаагүй байдаг. Наад захын жишээ нь тэр амаржсан ээжийг дараагийн эмнэлэгт шилжүүлэх дүрэм журам байсан л байж таараа. Гол нь яагаад тэр дүрмийг баримтлах ёстой вэ гэдэг ухамсар луу нь чиглэсэн сургалт хангалтгүй байгаа юм. Хангалттай их цаас үйлдвэрлэсэн. Харин хүмүүс “Энэ дүрэм журмыг бариагүй гээд яав л гэж” гэсэн хандлагатай байдаг.

-Хүмүүстэй харьцдаг жолооч, асрагч, эмч сувилагч нар нь дүрэм журмаа мэдэж байна уу гэдэг асуудал юм байна?

-Дүрмээ мэдэж байна уу гэдэг асуудал. Хоёрдугаарт, тэр дүрмийг биелүүлснээр ямар ач холбогдолтойг түвшин түвшиндээ сайн ойлгоогүй байдаг. Түүнээс биш том товхимлууд орчуулагдсан, олон төсөл хөтөлбөр хэрэгжсэн, мөнгө зарцуулсан хэрнээ үр нөлөө нь хэрэглэгчид, эмнэлгийн ажилтанд яаж нөлөөлснийг судалсан юм байдаггүй.

-Ажилтнуудынхаа харилцаа, хандлагыг өөрчлөхөөр сургалт авсан төрийн байгууллага таарч байв уу?

-Байгаа. Удирдлагын арга барилаас олон зүйл шалтгаалдаг юм билээ. Ноднин судалгаа хийж байхдаа тухайн үед Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал байсан Л.Баттөртэй яг энэ сэдвээр ярилцсан юм. Тэр Японд төгссөн юм билээ. “Манайх зөндөө сургалт авч байсан. Та яаж оръё гэж бодож байна, ийм сургалт нөлөөлөх үү” гэж асууж байсан. “Хүний харилцаа, хандлага урт хугацаанд өөрчлөгддөг. Нэг, хоёр удаа сургалт хийгээд өөрчлөгдөхгүй” гэж би хариулсан юм.

Би энэ талаар олон туршилт хийж үзсэн. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагад ажиллаж байхдаа 1200 амьдралын боломж тааруу хүүхдүүд, ээж, аав нартай ажиллаж байлаа. Тэр хүмүүсийн хандлагыг өөрчлөх гэж их үзсэн. Ялангуяа мэдээлэл багатай хүмүүсийн хандлагыг өөрчлөх хэцүү, маш их хугацаа орсон. Мэдээлэл ихтэй хүн ч “Би яагаад өөрчлөгдөх ёстой гэж” гээд шууд хүлээж авахгүй. Олон удаагийн давтамжтайгаар сургалт хийж, ажиллахаар үр дүн гардаг л даа. Хүний хандлагыг өөрчлөхөд дор хаяж зургаан сараас жил гаруй хугацаа хэрэгтэй юм билээ.

-Та олон байгууллага, хүмүүстэй хамтарч ажиллажээ. Танд хандсан хүмүүсийн гол асуудал нь харилцаа, хандлага байсан гэж та ярьсан байна лээ?

-Тийм. Би 2008 оноос хойш ойролцоогоор 25 мянга орчим хүмүүст янз бүрийн шатны сургалт хийсэн байна. Малчин тариачин, албан хаагчид байгууллагын удирдлагууд гээд олон хүнд сургалт хийсэн дээ. Таван настай хүүхдүүдэд ч сургалт хийсэн. Ялангуяа томчуудын хандлагыг өөрчлөх хамгийн хэцүү. Байгууллага, айл гэр, улс орны түвшинд ч ажил сайн явах, хөгжих гол үндэс нь харилцаа байдаг. Дээр дурдсан амаржсан эмэгтэйн жишээн дээр ч байгууллагын удирдлагууд яриад нэг нь “Наад эмэгтэйгээ хурдан явуул” гээд нөгөө нь сандраад явуулсан гэсэн яриа сонсогдсон. Байгууллага хооронд албан харилцаа гэж байх ёстой.

ДЭМБ-ын зааварчилгаа, байгууллагын дотоод дүрэм журам гэж бий. Энэ эмнэлгүүд аль хэдийнэ олон улсын стандартад нэгдсэн гээд батламж ханандаа хадсан байгаа даа. Тэр батламжийн гол зорилго, үзэл санаа юу билээ. Тухайн байгууллагад ажиллаж байгаа үйлчилгээний ажилтан цэвэрлэгчээс авахуулаад дээр байгаа дарга хүртэл бүх түвшиндээ стандарт чухал юм байна. Би өөрөө эрүүл, аюулгүй ажиллах ёстой гэж байгууллагад ажиллаж байгаа эд эс бүхэн нь ойлгосон тохиолдолд заавал батламж ханандаа хадах шаардлагагүй ч байж болно. “Танай байгууллага ийм гоё батламжтай, олон улсын стандартаар ажилладаг юм байна, тийм үү” гэхээр хүмүүс нь “Юу билээ” гээд мэддэггүй. Зөвхөн бодлогын түвшний хэдэн хүн л цаасан дээр хэдэн сар ажилласан.

Маш гоё дүрэм журамтай. Цэвэрлэгээ хийж байгаа хүн нь ойлгоогүй “Мэдэхгүй ээ, манайхан тэр хавиараа бужигнаад л байсан. Эгч нь сайн мэдэхгүй шүү дээ” гэх жишээтэй. Гэтэл тэр эгч сайн мэдэж байх учиртай. Одоо байгууллагуудын үүдэнд халуун хэмждэг нэг хүн зогсож байна. Халуун хэмжих гэж “гурилдаж” байна шүү дээ. Халуун хэмжигчийн зайг ойр ойрхон солихгүй бол нэмэргүй. Гэтэл “Халуун хэмжээрэй л гэсэн” гээд зогсож байдаг. Монгол Улсын хөгжил жижиг зүйлээс л эхэлнэ. Япон, Америкт ч бүх юм дүрэм журамтай. Америкт гэхэд хурдны зам дээрээ зогс гэсэн тэмдэглэгээтэй. Зогсохгүй өнгөрвөл шууд 150 доллараар торгоно. Дүрэм журам зөрчвөл ямар хариуцлага ногдуулах нь бүгдэд тодорхой. Болно болохгүй гэсэн хэм хэмжээг багаас нь хэвшүүлсэн байдаг.

Японд хог хаяж болохгүй гэдгийг хүүхдүүдэд ойлгуулахын тулд хог боловсруулдаг үйлдвэрт аваачиж үзүүлээд “Чи хогоо ангилж хаяхгүй бол тэнд байгаа настай эмэгтэй хог ангилах ажил хийнэ” гээд харуулдаг. Чихээр сонсох, нүдээр үзэх өөр. Манайд бол “Нус цэрээ хаяж болохгүй” гэж хичнээн хэлээд нэмэргүй. Яагаад хог хаяж болохгүй, дүрэм журам яагаад сахих ёстойг түвшин түвшинд нь тайлбарлах ёстой юм болов уу гэж боддог.

-Саяхан та цахим сургалт хийсэн тухайгаа нүүр номдоо бичсэн байна лээ. Хөл хорионы үеийг ашиглаад юм сураад авъя гэсэн хүмүүс хэр олон байна?

-Миний хувьд сургалтын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Сүүлийн гурван өдөр багш нар, дотоод аудиторуудад сургалт хийсэн. Уул уурхайн компани, шингэн хүнсний үйлдвэр гэх мэтээр үйл ажиллагаа нь тогтвортой явж байгаа салбарынхан сургалт авдаг. Сая бол том хүмүүст яаж багшлах талаар сургалт байсан л даа. Цэвэрлэгч нарт зориулсан сургалт гэхэд л огт өөр, байгууллагын удирдлагад та нар өөр өнцгөөс тайлбарлана гээд заасан. Байгууллагын сургалт хангалттай явж байгаа. Хувь хүмүүс, хүүхдүүд бас их хандаж байна. Дархан, Орхон, Гов-Алтайгаас ээжүүд хандаж байна. Идэвхтэй хүмүүс байна. Хамгийн ахмад нь 65 настай оролцогч байлаа. Тэр ач нарыгаа өсгөдөг юм билээ. “Орчин үеийн хүүхдүүдтэй харилцахад амаргүй байна. Нөгөө хэддээ зөв заахын тулд юмнаас хоцорч болохгүй” гэж тэр эгч ярьсан.

Багш, эцэг эхчүүд, хүүхэд гэсэн алтан гурвалжин хамтарч байж хүүхэд амжилттай суралцана. Хичээлээс хоцорсон хүүхдүүдтэй ажиллахдаа аав, ээжид нь тусгайлан зөвлөгөө өгдөг. “Та нар нэг сарын хугацаанд хүүхдээсээ юу ч шаардахгүй. Болж байна уу, сурч байгаа биз дээ гэж дарамтлахгүй. Яагаад гэвэл наад хүүхдүүдийн чинь тархины мэдрэлийн эсүүд нь унтчихсан байгаа. Ийм нөхцөлд хичнээн мундаг багш заасан ч сарын дотор шууд сайжрахгүй” гэдэг. Хүүхдүүддээ орчин бүрдүүлж өг, хичээл хийж байхад нь бусад хүмүүс саад болохгүй, төвлөрч даалгавраа хийх боломж олгоорой” гэдэг. Хүн дуртай зүйлдээ цаг гаргадаг. Хүүхдийг хичээлд нь дурлуулахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг дээ.

Амжилтад хүрсэн хүмүүсийг судалдаг. Тэр хүмүүст нийтлэг шинж байдаг. Бүгд зөв дадалтай байдаг. Энэ улс орныг хүн л хөгжүүлнэ. Хүнээ хөгжүүлэх, зөв дадал хэвшилтэй болгоход түвшин түвшиндээ анхаарах хэрэгтэй юм болов уу гэж боддог.

-“Зөв харилцаа, хандлагатай хүнийг ажилд авна” гэдэг болжээ. Гэтэл зөв хандлага гэдэг бага насанд нь төлөвшдөг гэдэг шүү дээ. Ээж, аав нь хүүхэдтэйгээ зөв харьцаж, үлгэрлэх хэрэгтэй шиг байгаа юм?

-0-6 насанд хүний хандлагын 70-80 орчим хувь нь тогтдог гэсэн Шведийн эрдэмтдийн судалгаа байдаг. Япончууд болохоор гурав хүртэлх насанд хүний хандлага төлөвшдөг, өрөвдөх хайрлах тэр бүх мэдрэмж бий болдог гэж үздэг. Гэтэл ажлын байран дээр ирж байгаа 22 настай хүний хандлагыг өөрчлөх хэцүү. Эцэг, эхчүүд хүүхдэдээ зөв нөлөөлөх учиртай.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *