Categories
мэдээ улс-төр

Нийслэл 2015 онд 57 тэрбум төгрөгийг хэмнэнэ

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, иргэдийн саналыг тусгах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, дүүргийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч нар болон ТББ, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийн эхэнд нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа УИХ-аар батлагдсан Монголын Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу боловсруулсан нийслэлийн 2015 оны төсвийг танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх, нийслэлийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлах, эдийн засгийн хүндрэлтэй үед татварын орлогын хэмжээг өмнөх оны түвшингээс бууруулахгүй байх, Монгол Улсын УИХ, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, орон тооны давхардлыг арилгах үндсэн чиглэлээр нийслэлийн 2015 оны төсвийг боловсруулжээ.

2015 онд нийслэлийн төсөвт 575 тэрбум 678.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 42.6 тэрбум төгрөгөөр буюу 8.0 хувиар, 2013 оны гүйцэтгэлээс 101.6 тэрбум төгрөгөөр буюу 65.8 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна. Үүнээс хотын шуудын орлогын төлөвлөгөө 457,1 тэрбум, дүүргүүдийн орлогын төлөвлөгөө 118,6 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Орлогын 82,4 хувийг нийслэлийн Татварын газар, 11,8 хувийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, 5,8 хувийг бусад орлого бүрдүүлэгч байгууллагууд бүрдүүлнэ гэж үзэж байна.

Нийслэлийн 2015 оны орон нутгийн хөгжлийн санд 38,6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Үүнээс 80 орчим хувийг буюу 23,2 тэрбум төгрөгийг нийслэлийн 9 дүүрэгт, нийслэлд 15,4 тэрбум төгрөгийг тусгажээ.
Нийслэлийн 2015 оны төсөвт дараахь үндсэн өөрчлөлт орж байна.

  • Оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслэлээр үнэ төлбөргүй зорчуулах зардал 53.1 тэрбум төгрөг.
  • Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг 38.6 тэрбум төгрөг.
  • Улсын тусгай шилжүүлгээр санхүүжих нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн салбарын санхүүжилт 283.1 тэрбум төгрөг.
  • Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд 20.8 тэрбум төгрөг.

Өмнө нь Улсын төсвөөс шийдвэрлэдэг байсан тээврийн хэрэгслийн зардал, нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн салбарын дээрх санхүүжилтийг УИХ-аар батлагдсан Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн дагуу ирэх жилээс нийслэл хариуцахаар болж байгаа юм.

Харин нийслэлийн төсвийн урсгал зардлыг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоол, Нийслэийн ИТХ-ын “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг батлах тухай 18/21 дугаар тогтоолын хүрээнд урсгал зардлыг бууруулжээ. Тухайлбал 2014 оныхоос бичиг хэргийн зардлыг 261,2 , тээвэр шатахууны зардлыг 282,8, дотоод албан томилолтын зардлыг 117, гадаад албан томилолтын зардлыг 1360,1, эд хогшил худалдан авах зардлыг 3013,3, урсгал засвар 1864,6 сая төгрөг гэх зэргээр нийт 57,09 тэрбум төгрөгийг бууруулж тооцоохоор төлөвлөжээ.
Мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуультай холбогдуулан 186 албан тушаалтны цалин, холбох зардлыг төсвийн төслөөс бууруулж тооцсон байна. Ажлын чиг үүргийн давхардалттай Нийслэлийн Агаарын чанарын алба, Байгаль орчин ногоон хөгжлийн газрыг нэгтгэх, Соёлын төв өргөө, Улаанбаатар чуулгыг нэгтгэж орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгох, Гэр хорооллыг орон сууцжуулах төслийг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгож өөрчлөх, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Зуслангийн товчоог Захирагчийн ажлын албанд шилжүүлэхээр боловсруулалт хийгээд байна. Харин зарим төсөлд өнгөрсөн жилээс тодорхой хэмжээгээр буюу нийслэлийн халамжийн санг 1,18 тэрбум, хот тохижуулалтын зардлыг 3,5 тэрбумаар нэмжээ. Ингэхдээ хот тохижуулах чиглэлээр гудамжны гэрэлтүүлгийн цахилгааны төлбөр, засварт 890,6 саяар нэмж 5,8 тэрбум, хог хаягдал тээвэрлэлтэд 1,02 тэрбумаар нэмж 24,8 тэрбум, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд 190,9 сая төгрөгөөр буюу 14,6 тэрбум төгрөг байхаар төлөвлөж байна.

Нийслэлийн дүүргүүдэд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилахаар тооцоод байна. /тэрбум.төгрөг/

Хотын шууд-15,4
Баянгол дүүрэг-3,1
Баянзүрх дүүрэг-4,1
Багануур дүүрэг-1,9
Багахангай дүүрэг 1,6
Налайх дүүрэг 1,9
Сонгинохайрхан дүүрэг- 3,9
Сүхбаатар дүүрэг- 2,1
Хан-Уул дүүрэг- 2,1
Чингэлтэй дүүрэг- 2,5

Дээрх нийслэлийн 2015 оны төсвийн төслийг иргэдэд танилцуулж, төсвийн төсөлд санал авах ажиллагааг зохион байгууллаа. Саналаа илэрхийлсэн иргэд Нийслэлийн төсвийг боловсруулахдаа иргэдээс санал авч байгаад талархаж байна гээд Улс, нийслэлийн төсвийн зарцуулалтад сайтар хяналт тавьж, иргэдтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Мөн нийслэл газраа дуудлага худалдаанд оруулж, үнэ цэнэтэй болгох хэрэгтэй гэсэн юм. Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганы хуралдаанд өргөн барихаар төлөвлөж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Урт нэртэй хуульд хориг тавихыг хүсэв

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс урт нэртэй хуулийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд энэ оны УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын 19 дүгээрт байгаа “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг өөрчлөх төсөл орсныг ийн эсэргүүцэж дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан юм. УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн газар нутгаа боддог бол энэ хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхгүй буцаах, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос энэ хуулийн төсөл дээр хориг тавихыг хүсч байна гэв. Энэ хууль хэрэгжсэнээр сүүлийн 20 гаруй жил замбараагүй олгосон лицензийг цэгцлэх боломжтой ганц хууль гэж байлаа. Тус хуульд стратегийн 15 орд хамрагдаагүй тул гадаадын хөрөнгө оруулалт болон уул уурхайг зүй зохистой ашиглан хөгжих боломж байгаа талаар Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн хэлж байсан юм.

Э.БОЛД

Categories
мэдээ улс-төр

Шинэ манлайлагчид “Ухаалаг шийдэл” төсөл хэрэгжүүлнэ

Улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт түүчээлэн манлайлахаар зорьж яваа “Улс төрд шинэ манлайлагч” төслийн залуус “Ухаалаг шийдэл” төслөө танилцууллаа. “Ухаалаг шийдэл” төсөл нь дотороо гурван дэд хөтөлбөртэй. Манлайлагч залуус төслийнхөө хүрээнд “Эко аялал” хийх, “Мод тарих үндэсний өдөр”-ийн талаар Ерөнхийлөгчид санал хүргүүлж ажиллах, Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолд үндэслэсэн хэлэлцүүлэг хийх бөгөөд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ тус хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллах гэрээнд тус тус гарын үсэг зурсан байна. “Ухаалаг шийдэл” төсөл ирэх даваа гаригт эко аялалаар эхэлж, ухаалаг хэрэглээ хэлэлцүүлгээр өрнөж, гэр хорооллын 160.000 өрх айлыг нэг нэг мод тариулснаар өндөрлөх аж. Мөн хотын утааг нэмж буй бензин, дизель унаанаас татгалзаж эко машин сонгохыг уриалж, энэ сарын 24-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Цонжин болдог руу эко аялал зохион байгуулахаар болжээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

1.Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал; /Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1.3 дахь заалтын талаар/;

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

3.Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

4.Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг хариуцагч Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

5.Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай /Засгийн газар 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

6.Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох тухай /Засгийн газар 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

7.Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

8.Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

9.Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийн тухай, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

10.Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.БОЛД танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

11.Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ГАНТӨМӨР танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

12.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, санал дүгнэлтийг Ж.БАТСУУРЬ танилцуулна.

13.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, санал дүгнэлтийг Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболдын бусад намуудтай хамтарч ажиллах уриалгын тухай

УИХ-ын дарга, З.Энхболд АН-ын дарга болсон даруйдаа Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлсэн Ч.Сайханбилэгийг дэмжих талаар УИХ-д суудалтай бусад нам, эвслүүдтэй хамтарч ажиллах урилга хүргүүлэв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн даваа гаригт Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход дэмжээрэй гэсэн албан тоотыг Монгол Ардын нам, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвсэл, Иргэний зориг Ногоон намд явуулсан байна.

Үүний хариуд Иргэний зориг Ногоон нам Ч.Сайханбилэгийг дэмжих хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн бол МАН өнөөдөр Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Харин “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлэг одоогоор албан ёсны хариугаа өгөөгүй байгаа ажээ.

Намын дарга З.Энхболд ийнхүү бусад нам, эвслүүдэд албан тоот явуулсан нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 33.2-т заасны дагуу буюу “Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах” гэсэн заалтыг үндэслэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж олон ноцтой баримт дэлгэнэ гэв

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оролцсон “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг өчигдөр зарим сувгуудаар цацагдсан. Зарим хүн түүний ярьсан зүйлд шүүмжлэлтэй хандаж байгаагаа цахим ертөнцөөр өнөөдөр илэрхийлсэн. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байв. Тэрээр дөнгөж өнөөдөр нээсэн өөрийн твиттер хуудсанд “Зарим нэг хүмүүс намайг идэвхтэй байдалд орууллаа. Орой ТВ2-оор Л.Мөнхбаясгалантай ярилцана” хэмээн бичсэн нь Н.Энхбаярын ярьсан зарим зүйлд тайлбар өгөх гэсэн хэрэг бололтой.

Тэрээр мөн “Би бүх хүнд хариу бичиж чадахгүй байх. Цензургүй яриа нэвтрүүлгээр олон ноцтой мэдээлэл хүргэнэ” хэмээн жиргэсэн юм. Олон төрийн нүүр үзсэн ахмад гишүүдийн нэг Ц.Нямдорж өнөө орой Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эсрэг ямар ноцтой баримтууд дэлгэх бол гэсэн асуулт үлдлээ.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжив

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар эхлээд Гэр бүлийн тухайхуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав.

1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан шинэчлэн найруулж төслийг боловсруулсан байна.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл нар Гэр бүлийн тухай хуулийн төслийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй зайлшгүй уялдуулах шаардлагатай гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, гэр бүл салсны дараа хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлөгддөггүй тохиолдол маш их байна. Тэтгэмжийн мөнгө гэр бүл салсны дараах хүнд цаг үед л хүүхдүүдэд хэрэг болдог. Харин олон жилийн дараа бөөнөөр нөхөн төлүүлэх нь оновчтой биш. Тэтгэмжийн мөнгийг төлүүлэх процесс маш удаан хугацаа шаарддаг. Гэр бүл салсны дараа амьдралд тулгарч байгаа зовлон бэрхшээлийн талаар олон ээжүүд ярьдаг. Иймд хүүхдийн тэтгэмж төлдөггүй эцгийн өмнөөс тухайн гэр бүлийн хүүхдэд тэтгэмж олгох сан бий болгох хэрэгтэй. Энэ жишиг бусад улс оронд байдаг гэв. Мөн хуулийн төсөлд шинэ нэр томьёо нэлээдгүй оруулж ирснийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ онцолж, хамтран амьдрах гэсэн зүйл, заалтыг заавал хуульчлах шаардлага байгаа эсэхийг эргэж харах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэлсэн юм.

Хуралдаанаар хуулийн төслийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлтэй уялдуулах, цаашид ажлын хэсэг байгуулж ажиллахад гишүүд санал нэгдэв.

Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд 85,7 хувийн саналаар дэмжлээ.

Үүний дараа Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа.

Танилцуулгад дурдсанаар, 2004 оноос хойших хүн ам зүйн өөрчлөлтийг энэ бодлогын гол зорилго болгож, уг өөрчлөлтийг тойрсон хүн амын асуудлыг цогц байдлаар олон улсын гэрээ хэлэлцээр болон үндэсний зорилтуудтай уялдуулан шийдэхийг зорьж байна. Монгол Улсын Засгийн газрын олон улсуудтай хийсэн гэрээ хэлэлцээр, МХЗ-ууд, ХАХОУБХ-ын ҮАХ зэрэг нь энэхүү бодлогын ерөнхий хүрээг тодорхойлж өгч байгаа ба үндэсний эдийн засаг, нийгэм, байгаль орчин, соёл зан заншилтай холбоотой олон тулгамдсан асуудлууд энэхүү бодлогын тэргүүлэх чиглэл, зорилго, зорилтын илэрхийлж өгч байна. Бодлого нь хөгжлийн тэргүүлэх чиглэл, зорилго, зорилтыг чиглүүлж буй хэд хэдэн зарчмуудад тулгуурлаж байна. Эдгээр зарчмууд нь уг бодлогын үйл ажиллагаа, үр дүнгийн хэрэгжилтийн хүрээг тодорхойлж, арга замыг ч зааж өгч байгаа юм. 2004 оны хүн амын бодлогоор дэвшүүлэгдэж байсан ч шийдэгдээгүй хүн амын тулгамдсан асуудлууд энэхүү шинэ бодлогод тусгагдсан тул 2004 оны бодлогын зарим зорилго, зорилтуудын агуулга шинэ бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтуудын агуулгатай давхцаж байгаа юм.

Бодлого хүн ам зүйн цонх үед тохиох хүн амын асуудлыг бүрэн хамарч, тулгамдсан асуудлуудыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн явцад харилцан уялдаатайгаар цогц байдлаар шийдвэрлэхийг зорьсон гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, хүн хөгжих орчин бүрдүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Гэтэл энэ талаар төр, засгаас тодорхой хийж гүйцэтгэх ажил үгүйлэгдэж байна. Өнөөдөр хүн хөгжих нь байтугай төрөөс үйлчилгээ авах асуудал хүнд байгаа гээд, хүн хөгжих орчин гэдгийг юу гэж ойлгох талаар тодотгосон.

Монгол хүний хөгжлийн асуудлыг сүүлийн 20 гаруй жил орхигдуулж ирсэн. Энэ бол маш том алдаа байсан гэж харж байгаа. Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг баталснаар эрх зүйн тодорхой шинэчлэлүүдийг хийх шаардлага гарна. Энэ хүрээнд зарим хуулийн төслүүд өргөн баригдаад байна. Өнөөдөр эрх зүйн орчин нь бүрдээгүй байгаа хүн амын хөгжлийн цоо шинэ эрх зүйн орчинг бий болгохоор зорьж байна гэсэн тайлбарыг салбарын сайд өгөв. Мөн хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, төрөөс хүн амын талаар баримтлах цогц бодлогын хүрэх үр дүнг илүү тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, бодлогын гол зорилго нь хүн амын төрөлтийг нэмэгдүүлэх асуудал гэдгийг чухалчилж, хүн амын өсөлтийг бодлогоор дэмжихэд анхаарах хэрэгтэй гэв.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 92,2 хувийн саналаар дэмжлээ.

Мөн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлЗасгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийн тухай/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 58,3 хувийн саналаар хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хорооны ирц хүрсэнгүй

Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 13.00 цагт хуралдах байсан ч хойшиллоо. Учир нь УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүй юм. Уг нь энэ хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх Үндэсний аудитын газрын тайлан, Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг тус бүр сонсохоор төлөвлөсөн байв.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг албан ёсны байр сууриа танилцуулна

МАН-аас өнөөдөр 12.00 цагт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлажээ. Ардчилсан намаас Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүнийг нэр дэвшүүлэхээ мэдэгдэж, намын бүлгүүдтэй зөвшилцөл эхлүүлсэн. Анхны зөвшилцлийг УИХ дахь МАН-ын бүлгээс эхлүүлж, өчигдөр тус бүлгийн хуралдаанд Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэг гишүүн нар оролцсон. Үүний дараа тус бүлэг Удирдах зөвлөлдөө танилцуулж, шийдэл гаргасан юм. Энэ талаарх албан ёсны мэдээллээ МАН-ын удирдлагууд хэвлэлийнхэнд танилцуулахаар болсон байна.

Categories
мэдээ улс-төр

М.Батчимэг: Үндсэн хуулиар УИХ, Засгийн газрыг зааглах цаг болсон

УИХ-д суудалтай намуудын найман гишүүн нэгдэж “Маргаашийн төлөө” нэртэй тунхаг гаргасан билээ. Тунхагийг санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.

Юуны түрүүнд энэ тунхагийг гаргах болсон шалтгаан, тунхаг бичгийн агуулга, зорилгын талаар ярихгүй юу?

-Энэ тунхагийг гаргах болсон гол шалтгаан нь өнөөдөр бий болоод буй улс төрийн хүндрэл, засаглалын хямралыг даван туулах бодитой арга замуудыг цаг алдалгүй хурдан хугацаанд хэрэгжүүлэх. УИХ-ын олон гишүүд өнөөдрийг хүртэл туулсан зам, туршлагаасаа улс төрийг тогтворжуулах, эрүүлжүүлэхийн тулд юу хийх вэ гэдгийг мэдэж байгаа. Гол нь үүнийг хийх, хамтарч ажиллаад болохгүй байгаа асуудлуудаа хурдан шийдвэрлэх бүтээлч үйл ажиллагаа чухал байна. Бид энэ УИХ-ын үлдэж байгаа жил гаруй хугацаанд шаардлагатай өөрчлөлтийг хийх хуулиудаа гаргаж чадахгүй бол дараагийн 4 жилд хямрал үргэлжилнэ. Тиймээс бидний 8 гишүүн гишүүддээ хандаж уриалга гаргаж байгаа юм.

Улс төрийн тогтворгүй байдал газар аваад байгаа энэ үед “Маргаашийн төлөө тунхаг” цагаа олсон уриалга болжээ. Та бүхэн хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзсэн бэ?

-Нэн түрүүнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, түүний дотор гол нь сайд нарыг УИХ биш, Ерөнхий сайд өөрөө мэдэж томилдог болъё гэж байгаа юм.

Манай улс өнгөрсөн 24 жилд 14 Ерөнхий сайдтай байсан. Одоо 15 дахь нь томилогдох гэж байна. Нэг Ерөнхий сайд дунджаар хоёр жил ч ажиллаж чадахгүй байна шүү дээ. Тухайн Ерөнхий сайдын сайн муугаас үл хамаараад тогтвортой ажиллах боломж хомс байна гэсэн үг. Одоогийн МАН УИХ-д дангаараа үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байсан үед л П.Жасрай, Н.Энхбаяр гэж хоёр хүн сонгуулийн 4 жилд бүтэн ажиллаж. Цаашид нэг нам УИХ-д тийм суудал авах магадлал тун бага. Ийм нөхцөлд алсаа харсан хөгжлийн тогтвортой бодлого гарах, хэрэгжих боломж байхгүй. Бид Үндсэн хуулийн одоогийн зохицуулалтаар Засгийн газар тусдаа инститүц болж ажиллах боломжгүй, УИХ-аас чөдөрлүүлчихсэн байна гэж харж байгаа. МанайдЕрөнхий сайд бусад парламентын засаглалтай орнууд шиг өөрөө сайд нараа томилоод улс төржихгүй ажлаа хийгээд явах боломж байхгүй. УИХ бүх сайд нарыг томилно, томилсон сайд нараа хүссэн үедээ огцруулна. УИХ-ын гишүүд сайд нарыг томилдог учраас УИХ дээрх бүх хэрүүл тэмцэл Засгийн газар дээр үргэлжилж, тэнд төрийн нэгдмэл бодлого биш, томилсон гишүүд, фракцуудын бодлого, эрх ашгийн өрсөлдөөн үргэлжилдэг. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, Ерөнхий сайд нэг гараар Засгаа удирдах боломжгүй.

Тэгэхээр Ерөнхий сайд өөрөө л сайдаа томилж, чөлөөлж танхимаа байгуулдаг болохгүй бол сайд нар УИХ-ын гаднаас томилогдсон ч томилсон фракц, гишүүдийн барьцаанд хэвээр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, давхар дээлний хууль бүрэн шийдэл болж чадахгүй гэдэг нь харагдаад байна. Ийм учраас л Үндсэн хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй хийе гэж байгаа юм.

Энэ өөрчлөлтийг хийхгүй бол дараагийн Ерөнхий сайд хэн ч болсон удаан тогтвортой ажиллах хэцүү, Ерөнхий сайд өөрөө мэдэж багаа бүрдүүлэхэд хуулийн хувьд боломжгүй, гаднаас мэргэжлийн сайд нар томилогдсон ч фракцуудаас хамааралгүй, улс төржихгүй ажиллаж чадахгүй гэж үзэж байна гэсэн үг үү?

– Яг тийм. Нэн ялангуяа энэ удаагийн УИХ дахь хүчний харьцаа ийм эмзэг, байгаа үед, хамгийн олон суудалтай байгаа манай нам дотроо ийм бэрхшээл, хагаралтай байгаа үед. Парламентын засаглалтай ямар ч оронд их хурал дээрээ улс төржилт, хэрүүл тэмцэл болж л байдаг. Тэр нь тэр болгон Засгийг бужигнуулах тэмцэл болдоггүй нь парламент, Засгийн газар нь огт хоёр өөр инститүц байж бие дааж ажиллаж болдогт байгаа юм.

Тэгэхээр Засгийн газ­рын тэргүүн танхимаа бүр­дүүлдэг болбол давхар дээл­ний асуудал ч мөн цэгц­лэгдэнэ гэж харж болох уу?

-Би дээр хэлсэн. УИХ сайд нарыг томилдог эрх нь хэвээр үлдэх л юм бол сайд нар хичнээн гаднаас томилогдсон ч УИХ-ын гишүүний барьцааны хүмүүс хэвээр үлдэнэ. Тиймээс УИХ сайд нарыг томилдгоо болих нь эхний бөгөөд суурь асуудал, үүн дээр УИХ-ын гишүүн сайд хийдэггүй, дан дээлтэй болчихвол асуудал маш их цэгцэрнэ.

Зөвхөн Үндсэн хууль биш, бусад хэд хэдэн хуулиудыг өөрчлөх санал гаргасан байна лээ. Энэ талаар?

-Үндсэн хууль бол эхний бөгөөд хамгийн чухал асуудал нь. Гэхдээ дан Үндсэн хуулиар асуудал шийдэгдэхгүй. Бид Төрийн албаны хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, хуулийн шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх асуудлуудыг тунхагт тусгасан.

Шүүх засаглал улс төрөөс хамааралтай, улс төр нь бизнестэйгээ хутгалдчихсан өнөө үед та бүхний дэвшүүлсэн са­наачилга УИХ-аас дэм­жигдэж хэрэгжих магадлал хэр байна вэ. Тунхаг гарснаас хойш УИХ-ын бусад гишүүд байр сууриа илэрхийлж байна уу?

-Ер нь ийм өөрчлөлтийн талаар зөвхөн бидний хэдэн гишүүн эхэлж ярьж байгаа юм биш. Манай эрдэмтэн судлаачид, УИХ-ын олон гишүүн ийм чиг рүү явах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаа. Бид гол нь ажлыг шуурхайлуулах алхмыг эхлүүлье, ярьж сууж цаг алдахгүй байя гэж санал нэгдсэн. Өнөөдөр асуудлыг зөвхөн хэнийг ямар албан тушаал, сандал ширээ хуваах өнцгөөр хармааргүй байна. Хэн гэдэг хүн, ямар ажил хийх гэж сайд дарга болох вэ, улс төрийн намууд Засгийн газарт орвол яг юуны төлөө эвсэх вэ гэдгээ нухацтай ярилцах цаг. Намуудын эвсэх зорилго албан тушаал, бие биеэ хаацайлах хуйвалдаан байж болохгүй. Санаачилга гаргасан гишүүд дотор бүх намын төлөөлөл байгаа. Бид олонхиороо дэмжиж, санаа нэгдэх бүрэн үндэстэй энэ асуудал дээр УИХ-ын удирдлага, бусад гишүүд, намын бүлгүүдтэй хамтран ажиллая, субботникийг нь хийе гэж байгаа. Олон гишүүд энэ асуудлыг дэмжинэ, хамтдаа ажиллая гэж хэлж байна.

УИХ-д суудалтай намуудын төлөөлөл нэгдэж тунхаг бичиг гаргасан нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэж нэг талаар уриалж байгаа мэт харагдаж байна?

-Магадгүй намууд ойлголцолд хүрээд Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдвал энэ асуудлыг шийдэхэд тус дэм болох талтай. Гэхдээ Үндсэний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдахгүй байлаа гээд асуудлыг шийдэхгүй орхиж болохгүй. Хууль өөрчлөх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас энэ чухал асуудлыг Засгийн газраар барьцаалж гацааж, хойшлуулж болохгүй. Тиймээс бид тунхагтаа Засгийн газар хэрхэн бүрдэхээс үл хамаарч УИХ энэ ажлыг хийх ёстой гэдгийг онцолсон. Монголын төр бат бэх, тогтвортой эрүүл саруул байх нь ямар ч улс төрийн зорилгоос илүүтэй улс төрийн намуудыг, гишүүдийг нэгтгэх, цаг үеийн бэрхшээлийг харгалзахгүйгээр урагшуулал асуудал гэж бодож байна.

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд олон ажил хийсэн ч хангалттай үр дүн өгөхгүй байна гэх шүүмж бий. Маргаашийн төлөө тунхагт шүүхийн шинэчлэлийг үргэлжлүүлэх ёстой гэж тусгасан байсан. Чухам яаж ажиллах ёстойг асуумаар байна л даа?

-Хууль шүүхийн байгууллагууд улс төрөөс хамааралгүй байж, хууль дээдэлж, хүний эрхийг хамгаалж ажиллах ёстой. Сүүлийн үеийн судалгаагаар шүүх хуулийн байгууллагад авлига хамгийн их байна гэж иргэд үзэж байна. Хамгийн цэвэр, шударга, ёс зүйтэй байх ёстой шүүх хуулийн байгууллага ийм байгаа бол Монголын ирээдүй маш хүнд байдалд оржээ гэсэн үг. Тэгэхээр одоо хэрэгжиж байгаа шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэх ёстой. Шүүгчдийн цалин хангамжийг нэмэгдүүлснээр авлигын асуудал буурна гэсэн найдлага бидэнд байсан.Өнөөдөр аль ч шатны шүүгч УИХ-ын гишүүдээс хавьгүй өндөр цалин авч байна. Гэтэл байдал сайжрахгүй байна. Бид үүнд дүгнэлт хийх ёстой.

Тэгэхээр нэг талаас шүүхийн шинэтгэлийг тууштай үргэлжлүүлэх, нөгөө талаас манай хууль шүүхийн байгууллагынхан өөрсдөө ч, улстөрчид ч нийгэмд үлгэрлэхнь чухал байна.

Тэр ч утгаараа Маргаашийн төлөө гэсэн нэрнээсээ авахуулаад энэ тунхаг ирээдүй рүү хандаж ээ дээ?

-Үнэхээр тийм. Бидний ярьж буй энэ асуудал зөвхөн улс төрийн асуудал биш. Хойч үе, үр хүүхдийнхээ амьдрах нийгмийг сайн сайхан болгоход бид өөрсдөөс хамаарах ажлыг хийх ёстой. Аль нэг нам, хувь хүнд биш, нийт монголчуудад хэрэгтэй энэ ажлыг олон хүн дэмжээсэй гэж хүсч, уриалж байна. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн маань, хууль, эдийн засгийн салбарынхан, засаглал сайжирч, бизнес нь хөгжөөсэй гэж хүсч байгаа бүх хүмүүс өөрсдөөсөө хамаарах дуу хоолойгоо гаргаасай гэж бид хүсч байгаа. Энэ ажлыг богино хугацаанд хийж чадвал урт хугацааны өөрчлөлт авчирна гэж итгэж байна.

Та Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн уриалга гаргаж байна. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэж, санал хураалт явуулахад та танхимыг орхин гарсан. “М.Батчимэг шинэ гишүүн байж намынхаа эсрэг ажиллалаа” гэсэн шүүмж таныг тойроогүй. Нөгөө талаар танд итгэж байсан олон хүний урам хугарсан болов уу. Ямар тайлбар өгөх вэ?

– Миний одоо хийж, илэрхийлж байгаа байр суурь, чуулган дээр санал өгөөгүй хоёр хоорондоо зөрчил байхгүй гэж би бодож байна. Нөхцөл байдал өнөөдрийг хүртэл тасралтгүй муудаж ирлээ. Дорвитой өөрчлөлт гарахгүй бол байдал улам муудна. Эдийн засаг улам хүндэрнэ, намын дотоод зөрчил цаашид улам хурцадна гэж харж байсан. Улс орон хохироод зогсохгүй Ардчилсан нам ч 2016 онд маш хүнд байдалд орно гэж намын гишүүний хувьд харж байсан. Би гэнэтийн шийдвэр гаргаагүй. Бүлэг дээрээ энэ байр сууриа бүтэн сарын өмнө хэлсэн. Гэхдээ санал хураалтаар унасан нөхцөлд намд ямар хагарал гарахыг төсөөлж байсан. Иймээс би санал хураах сүүлийн мөчийг хүртэл чуулган дээр товч даруулахгүйгээр ойлголцоод асуудлаа шийдээч гэдгийг нам, бүлгийн удирдлагад хэлсэн. Ингээд үр дүнд хүрээгүй учраас би санал хураалтад оролцохгүйгээр шийдсэн. Ийм л зүйл болсон, байдлыг ийм түвшинд хүртэл бугшуулж хурцатгасанд Н.Алтанхуяг даргад би илүү бурууг өгч байгаа юм. Н.Алтанхуяг дарга нэгэнт байдал тэгтлээ хүндэрснийг мэдсээр байж өөрийг нь огцруулах санал хураалтаас өмнө өөрөө өргөдлөө өгчихсөн бол нам хагарахгүй, улс төр бага савлагаатай, Засаг их донслохгүй байж болох байлаа.

Стратеги судлаачийн тань хувьд сэдвээс хазайсан ганц асуулт байна. Монгол- Хятадын харилцааг та яаж харж байна вэ?

-Улс төрийн түвшинд хоёр талын харилцан ойлголцол сайн байгаа. Хятадын удирдлагын зүгээс манай улстай хамтран хөгжье, эдийн засгийн хөгжлийн боломжийг хөрш орондоо бүрдүүлж өгөхийн төлөө ажиллая гэдгээ илэрхийлж байна. БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын үеэр транзит тээврийн, далайн боомтын гэрээ хэлэлцээрийг байгуулсан нь далайд гарцгүй манай улсад урт хугацаанд хөгжлийн томоохон боломжийг нээж байна.

Харин бидний зүгээс хөрш орнуудаас олгож байгаа хөгжлийн боломжийг үр бүтээлчээр ашиглахын төлөө ажиллах ёстой. Үүний цаана бас эдийн засгийн аюулгүй байдал, бие даасан байдал гэж том асуудал байгааг бодох учиртай. Тусгаар улсын хувьд нэг орноос хэт хамааралтай болохгүй байх нь үндэсний эрх ашгийн асуудал. Үүнийг манай хөршүүд ч мэдээж ойлгож байгаа. Бий болгсон боломжийг Монголын төр ашиглаж чадах эсэх нь биднээс л хамаарна. Хөрш оронтойгоо аливаад авах гээхийн ухаанаар хандаж, тэнцвэртэй, хэт нэг талыг барихгүй найрсаг харилцаа хөгжүүлэх ухаалаг бөгөөд уян хатан бодлого явуулах нь чухал байна.

М.МӨНХЦЭЦЭГ