Categories
мэдээ улс-төр

МАН-ын 7 гишүүн ирэхгүй байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйгээс одоо хэр нь эхэлж чадахгүй байна. Нийт 19 гишүүн оролцох ёстойгоос одоогоор 10 гишүүн иржээ. Уг нь нэг гишүүн ирчихвэл ирц 50 хувьд хүрэх ёстой.

Ирцээр “боож” хуралдааныг эхлүүлэх боломжгүйд хүргэж байгаа бүлэг бол МАН-ынхан юм. УИХ дахь МАН-ын бүлгээс нийт долоон гишүүн тус байнгын хороонд харьяалагддаг аж. Мөн УИХ-ын гишүүн Л.Цог гадаадад байгаа тул хуралдаанд оролцох боломжгүйн дээр УИХ-ын гишүүн Г.Уянга, Р.Бурмаа нар ирээгүй байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Р.Бурмаа гишүүн ирж, хурал эхэллээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая эхэлсэн байна. Нийт 2 цаг шахам саатсан тус бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Р.Бурмаа ирсэнээр гишүүдийн ирц 50 хувьд хүрч, хурал эхэлжээ.

Уг хуралдаанаар Ерөнхий сайдаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэгийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Categories
мэдээ улс-төр

Усны салбарынхан цаашдын зорилтоо тодорхойлов

“Усны салбарын ололт амжилт, цаашдын зорилт” нэртэй хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд болж, усны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоод, ахмадууд ажилтнууд оролцлоо. Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрахын “Монгол улсын усны аюулгүй байдал, дүн шинжилгээ, цаашдын зорилт” илтгэлд дурьдсанаар нийслэл, Архангай, Говь-Алтай, Өмнөговь аймагт хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн усны аюулгүй байдлын талаар хууль, тогтоомж, бодлогын баримт бичигт хэрхэн туссанд үнэлгээ хийсний үндсэн дээр цаашид хийх өөрчлөлтийн саналаа ч бэлэн болгожээ. Мөн тэрбээр Үндэсний хорооноос усны салбарт мөрдөгдөж буй хуулиудыг өөр өөр салбараас өргөн мэдүүлж байсан нь тухайн салбарын явцуу эрх ашигт хөтлөгдсөн, хоорондоо зөрчилтэй байгаа тул юун түрүүн “Усны тухай” хууль болон “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулиудыг нэгтгэсэн төслийг УИХ-д хүргүүлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогсдын анхааралд хүргэлээ. Дээрх хуулиудыг нэгтгэснээр усны салбарын удирдлагын нэгдсэн, тогтвортой бүтцийг бий болгоход түлхэц болох юм байна.

Хэлэлцүүлэгт “Усны ашиглалтын барилга байгууламж, өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар “Монгол Ус” ТӨҮГ-ын захирал Ц.Сосорбарам тавьсан илтгэлдээ тодорхой баримт дурьдаж, цаашид хэрхэх талаар асуудал дэвшүүллээ. Услалтын системийн барилга байгууламжийн боомт, толгойн барилга байгууламж, талбайн эзэмшил өмчлөлийн асуудал хууль зорчин хувьчилагдсан маш тодорхой болсон.

Услалтын системийг эзэмшигчид түүнийг сайжруулах талаар санаачлага гаргахгүй, тоног, төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ хийдэггүй, услалтын системүүдийн барилга байгууламжууд 10-40 хувийн ашиглалттай байгаад илтгэгч шүүмжлэлтэй хандаж байв. Ийм муу жишээний эзнээр Увс аймгийн Давст сумын Торхилог, Килэнцэг, Өлгий сумын Сондуульт, Баян-Өлгий аймгийн, Алтай сумын Шаргуу, Баяннуур сумын Улаан цул, Ховд аймгийн, Сэлэнгэ аймгийн, Ерөө сумын Хонгорын нурууны, Сант сумын Цагаан толгойн, Хөвсгөл аймгийн услалтын системүүд нэрлэгдэж байв. Түүнчлэн Усан цахилгаан станцуудын хувьд ч ч ашиглалт, хамгалалт хангалтгүй байгаа бөгөөд тухайлбал, Дөргөны УЦС-ийн загас өнгөрүүлэх байгууламж эвдэрсэнээс ашиглагдахгүй, загасны популяцийн орчинг бурдүүлэх боломжгуй болсон. Ашиглалтын зардал тусгагддаггүй, мэргэжлийн засвар уйлчилгээ огт хийдэггуй, ашиглалтын асуудлыг 4-6 кипавтоматикийн инженер хариуцдаг вм байна. Ер нь УЦС-уудад дэлхийн жишгээр 30 м-ээс ондор боомт загас өнгөрүүлэх байнгын ажиллагаатай байгууламжтай байдаг ч орон нутгийн буруу шаардлагаар хэдхэн хоног ажиллуулж байгаад зогсоосон, эрчим хучний байгууллагын харъяанд байгаагаас боомтын суулт, шилжилт,шүүрэлтийн хэмжээг байнга хянаж байх мониторинг хийгддэггуй, зовхон эрчим хуч уйлдвэрлэх талыг 4-5 жил хэт барьсанаас цаашид ашиглалтын найдвартай ажиллагаа хангагдахгүй байдалтай байна. Энэ байдлыг засахын тулд цаашид “Усны тухай” эцэг хуульд “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийг нэгтгэх, усны засаглалын институцийг бий болгох, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн хүрээнд усны нөөц ашигласны төлбөрийн 55 хувь хүртэлх хэмжээнээс ус, усан орчны зохистой ашиглалт, хамгаалалт, арвижуулах, нөхөн сэргээхэд зарцуулах санхүүжилтийн байнгын эх үүсвэрийг бий болгон, тусгай сан байгуулах ажлыг хуульчлан тогтоох ажлыг ирэх онд яаралтай хийх нь зүйтэйг санал болголоо.

БОНХЯ-ны буюу Монгол төрийн усны бодлогын эрхэм зорилго нь хүний хэрэгцээ, аюулгүй орчинхангагдах явдал юм гэдгийг БОНХЯ-ны Мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм илтгэлдээ дурьдаад энэ чиглэлээр тавьсан зорилт, хэрэгжилтийн талаар мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн 2 жилд БОНХЯ хот суурин, аймаг, сумын ус хангамжийн эх үүсвэрийг тогтоох ажлыг зохион байгуулах, усны нөөцийн хайгуул судалгааны ажлын тогтоосон нөөцийг баталгаажуулах, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, ус хуримтлуулах бодлогын хэрэгжилт, усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах ажлыг зохион байгуулах, усны ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, дүгнэлт гаргах, төлөвлөх, надаргын болон газрын доорхи усны хяналт шинжилгээний сүлжээг төлөвлөх, үйл ажиллагааг зохион байгуулах, усны бохирдол, төлөв байдалд үнэлгээ өгөх, бууруулах, улсын усны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хөтлөх чиглэлд анхаарч ажиллажээ. Түүнчлэн усны нөөцийн менежментийг Сав газрын бүтэц, зохион байгуулалтаар хийж, 29 захиргаадыг байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулсан байна. Үндэсний хэмжээний болон сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлж байна.

БОНХЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга А.Оюунсувд тавьсан илтгэлдээ “Улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон усны ордыг ашиглуулах талаар Усны тухай хуульд заасны дагуу Нөхөн төлбөрийн журам боловсруулж Засгийн газрын 2014 оны 012 тоот тогтоолоор батлуулснаас хойш өнөөдрийн байдлаар 8 аж ахуйн нэгжид нөхөн төлбөр тооцож, нийт 3 тэрбум 768 сая төгрөгийн нөхөн төлбөрийн гэрээ байгуулсан.Түүнчлэн

журмыг хэрэгжүүлэх хүрээнд 1976 оноос хойш хийсэн хайгуулын үр дүнгийн тайланг геологийн фондоос хуулбарлан авч, газар зүйн мэдээллийн системд шилжүүлэн, газар зүйн зурагт буулган байр зүйн зураг хийсэн” тухай дурьдлаа. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах чиглэлээр хуульд заасны дагуу унд ахуйн усан хангамжийн зориулалтаар нөөц нь тогтоогдсон газрын доорхи усны ордын тэжээлийн гадаад, дотоод мужийг тогтоон газар зүйн зурагт буулгаж, тэжээлийн мужийн зураг болон солбицол, хамгаалалтын бүс тогтоох зөвлөмжийг 19 аймаг, 82 сумын Засаг даргад хүргүүлсэн байна.

Усны нөөцийг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний хөв цөөрмийн 6 зураг, 13 хөв цөөрмийн ажлыг Байгаль хамгаалах сангийн болон төвлөрсөн арга хэмжээний зардлаар гүйцэтгэжээ. Орхон голын урсацад тохируулаг хийх усан сан байгуулах ажлын ТЭЗҮ, Хэрлэн голын урсацыг шилжүүлэх ТЭЗҮийн урьдчилсан судалгаа, Туул голын урсацад тохируулга хийх ажлын концесс олгох бичиг баримт боловсруулах ажлыг хийж дууссан байна. Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дах заалтыг дагуу “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам”-ыг БОНХ-ийн 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлуулж, бүх ашиглагч нарын усны эх үүсвэрийг тоолууржуулах, газрын гүний ус ашигладаг томоохон ус ашиглагч байгууллагын усны нөөцөд хяналт шинжилгээ хийх ажлыг эхлүүлэн ажиллаж байна. Засгийн газраас баталсан шинэ журмаар усны үнэ тарифыг нэмэгдүүлж, ашигласан усаа хаягдлын усан санд хуримтлуулан цэвэрлэж дахин ашиглаж байгаа ус ашиглагчдын төлбөрийг хөнгөлөх эдийн засгийн урамшууллын нөхцлийг бүрдүүлснээр жилд дунджаар 73 сая тонн ус хэмнэсэн нь усны нөөцийг хамгаалах чухал ажил болсон байна. Энэ бүхэн илтгэгч А.Сувдын илтгэлээс иш татсан жишээ бөгөөд 2015 онд хийх ажлаа тэрбээр Усны тухай хуулийн зүйл, заалтын хүрээнд ийн томьёоллоо. Үүнд:

  • Гадаргын болон газрын доорхи уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг усны сав газар бүрээр тогтоон батлуулна.
  • Улсын усны менежементийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодлого боловсруулна.
  • Усны барилга байгууламжийг ашиглах, эзэмшихтэй холбоотой журмыг Эрчим хүч, Барилгын асуудал хариуцсан яамдтай хамтран боловсруулж батлуулна.
  • Рашааны хязгаарлалтын бүсийг тогтооно.
  • Нийслэлийн усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээлийн мужийн хилийн зургийг боловсруулан хилийн заагийн солбицлыг батлуулна.
  • Гол мөрний эх болон, газрын доорхи усны цэнгэг усны ордуудыг улсын болон орон нутгийн хамгаалалтанд авах талаар санал боловсруулж, шат шатны байгууллагад хүргүүлнэ.
  • Усны салбарын мэргэжилтнүүдийн мэргэшсэн зэрэг олгох сургалтыг зохион байгуулж, зэрэг дэвийг шинэчлэнэ.
  • Усны барилга байгууламж, УЦС, Усан сангийн мэргэжилтнүүдийгн мэргэжил дээшлүүлэх сургалтыг Донор байгууллагуудын дэмжлэгтэй зохион байгуулна.
  • Эгийн голын УЦС-ын техникийн зураг төсөлд дүгнэлт гаргана.
  • Туул усан сангийн тендерийг зарлана.
  • Цөмийн энергийн газар, “Мон Атом” ХХК- тай хамтран зарим ураны ордын Монголын талын хөрөнгийн оролцоонд усны нөөцийг үнэлж оруулна.
  • Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх боломжийн судалгаа, зөвлөмж боловсруулна.
  • Нийслэлийн дахин төлөвлөлтийн бүсүүдэд усны нөөцийн дүгнэлт, үерийн байгууламжийн шаардлага дүгнэлт гаргана зэргээр томьёолжээ.

А.Оюунсувд илтгэлдээ “Хуурай сэрүүн уур амьсгалтай, усны нөөц хомс Монгол улсад хүн ардаа цэвэр усаар хангах нүсэр ажил Засгийн газрын хэд хэдэн яамны дунд хуваагдан, нэгдсэн бодлого алдагдсанаас хөрөнгө буруу зарагдан, салбарын нэр хүнд унах шалтгаан болж байна” гэж дүгнэсэн нь “…Анхаарал татсан, эрх зүйн хүрээнд даруй шийдвэрлэх ёстой асуудал” хэмээн хэлэлцүүлэгт оролцогсод дэмжиж байв.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, УИХ-ын ХХБОБХ-ны дарга Г.Баярсайхан нарын албаны хүмүүс оролцсон “Усны салбарын ололт амжилт, цаашдын зорилт” хэлэлцүүлгээс холбогдох талуудад хандсан Зөвлөмж гаргахаар болсон байна. Уг зөвлөмж нь хоорондоо уялдаагүй хуулиудыг нэгтгэх замаар усны менежментийн тогтолцоо болон санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой болгох чиглэлийн эрх зүйн орчинг даруй бий болгох, усны салбарын боловсон хүчнийг бэхжүүлэх, усны сав газрын захиргаадыг бэхжүүлэх, захиргаадын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, усны мэргэжлийн байгууллагуудын уялдаа, нэгдмэл хамтын ажиллагааг сайжруулах, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд өнгөрсөн “Усны түншлэл” ТББ-ын нэгдсэн удирдлага дор үйл ажиллагаагаа уялдуулах зэрэг олон асуудалд чиглэжээ.

Хэлэлцүүлэгт тавигдсан илтгэлүүдийн дэлгэрэнгүйг яамны www,mne.mn сайтаас үзнэ үү.

Мэдээллийн эх сурвалж: БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Хэвлэлд бэлтгэсэн: Хэвлэл мэдээллийн алба

Categories
мэдээ улс-төр

Польш улстай хамтран ажиллах талаар ярилцав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Семийн дэд маршал Ежи Вендерлих тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Польш Улсын Семийн дэд маршал Ежи Вендерлих хоёр улсын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн болсон талаар танилцуулж, УИХ-ын даргыг Польш Улсад айлчлах үеэр гарын үсэг зурахаар хоёр тал тохиролцсон гэлээ . Түүнчлэн МУИС-ийн Польш хэлний ангийн оюутнуудтай уулзаж, санал солилцсоны зэрэгцээ оюутнуудад олгох тэтгэлэг, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн тухайгаа танилцуулсан юм. УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улс нь Европын Холбоог гуравдагч хөршөө гэж үздэг. Тэр дундаа Польш Улстай олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр дэд маршал Ежи Вендерлихын Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь парламентын харилцааг гүнзгийрүүлэхэд нэгэн шинэ хуудас болж байгааг тэмдэглэж, парламентын Тамгын газар хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг дэмждэгээ илэрхийллээ. Түүнчлэн хоёр талын хооронд боловсрол, соёл, батлан хамгаалах болон улс төрийн салбарын харилцаа идэвхтэй хөгжиж байна гээд, цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах, тэр дундаа зам тээвэр, барилга,үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн болоод уул уурхайн чиглэлээр илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гэж байна.

Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэх юм. Харин үүний дараа УИХ-ын чуулган хуралдаж Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

“Шударга ёс эвсэл” нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлжээ

Ардчилсан намаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, зөвшилцөх саналаа УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлээд байгаа юм.

Одоогийн байдлаар УИХ дахь МАН-ын бүлэг “Өмнөх Засгийн газрын сайдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг дэмжихгүй” гэдэг байр сууриа илэрхийлээд байгаа.
Харин “Шударга ёс эвсэл” дөнгөж сая Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжихээ илэрхийлж, бичгээр хүргүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Цахим лабораторитой боллоо

БШУЯ хүүхэд бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ЕБС-ийн 8-12 ангийн сурагчдад зориулсан байгалийн ухааны хичээлийг бие даан суралцах цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэн түгээж эхэллээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн энэхүү цахим хичээлээр хүүхдүүд танхимаас олж авсан мэдлэгээ сэргээн баяжуулж, сургалтын нэмэлт хэрэглэгдэхүүн болгон ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл цахим лаборатори бий болж байгаа гэсэн үг юм.

Багш, сурагч, эцэг эхчүүд болон суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй энэхүү цахим хичээлийг БШУЯ-ны www.meds.gov.mn сайт руу орж үзэх боломжтой бөгөөд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригийн 14,00 цагт хичээл тогтмол шинэчлэгдэж байх юм.

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яам энэ жил салбарынхаа мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн системийг бий болгоод байна. Ингэснээрээ сурагч, оюутан, багш, эрдэмтэд, эцэг, эхчүүд дэлхийн хаана амьдарч байгаагаас үл хамааран боловсролын салбарын мэдээллийг цаг тухайд нь авах боломж бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ил тодын хурц гэрлийг бүх газарт тусгамаар байна

Ардчилсан хүчний ахмад зүтгэлтний хорооны тэргүүн Д.Энхтайвантай ярилцлаа.

Та ардчилсан хувьсгалын партизануудын нэг. Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлыг харахад нийгмийн сэтгэл зүйн тодорхой хэсэг нь таны үеийнхнийг үүргээ гүйцэтгэчихсэн, одоо зайгаа тавьж өгөх хэрэгтэй гэсэн үзлээр хандаж эхлэв бололтой. Та санал нийлж байна уу?

-Шинэ үеийнхний хувьд бол зөв. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөлд бол танай манай үе гэхээсээ илүү хууль дээдлэх зарчмыг л ярих ёстой. Ардчилсан хүчний зүтгэлтнүүд бол эх орон, ард түмэн хүнд байдалд орсон үед ил гарч ирдэг, харин албан тушаал алдар нэртэй болох боломж бүрдсэн цаг үед арагшаа нуугдаж далд ордог ийм сонин хүмүүс.

Бид 1990 онд арын хаалгыг халъя, Цэдэнбалын тойрон хүрээлэгчдийг ард түмний онц зөвлөлд шилжүүлье, Ардын түр хурал байгуулъя, Улс төрийн товчоо, намын төв хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулъя, шударга ёсыг буй болгоё гэж жагсаж боссон. Энэ нь олон түмний дэмжлэгийг хүлээж 1990 оны Ардчилсан хувьсгалын уриа лоозон болж байлаа.

Одоо хэсэг бүлэг хүмүүс өөрсдийгөө нам гэдэг халхавчийн дор, намын дүрэм гэдэг халхавчийн дор Үндсэн хуулийг зөрчөөд бусдаас давуу эрхээр хуульд захирагдахгүй төрийн өмчийг шамшигдуулдаг. Ингээд төрөөс тэрбумтнууд төрдөг. Энэ байдал нь ч заримдаа ерэн оны өмнөхөөс дордсон юм шиг санагдах юм байна шүү дээ. Төрийн албыг төрлийн алба болгодог тогтолцоо бий болчихлоо. Үүнтэй манай 1990 оны Ардчилагчид эвлэршгүй тэмцэнэ. Энэ бидний хүсч байсан Ардчилал биш юм. Энэ бүгдийн гол дүрд таны үеийнхэн л тоглож байна хэмээн хүмүүс үзэж байгаа юм биш үү?

-Хавтгайруулан үзэж болохгүй. Тотлитор нийгмийн тогтолцооны үед амь нас, хувь тавилангаа золиослож зогссон хүмүүс бол тусдаа. Бидний нэрийг ашиглаж бидний байгуулсан ардчиллын ариун сайхан нэрийг ашиглаж бузар буруу зүйл хийж байгаа, хуульд захирагдахгүй байгаа, дураараа авирлаж байгаа нөхдүүд бий. Энэхүү шударга бус тогтолцоогоор цаашид явахыг хүсэхгүй байгаа шинэ залуу үе, ардчиллын зүтгэлтнүүд хамтдаа өнөөдөр Монголын ирээдүйг эрүүл саруул болгох ёстой.

Тогтолцоог өнөөдөр төрд байгаа хүмүүс өөрчилж чадах уу?

Тогтолцоог Монголын ард түмэн, сонгогчид өөрчилнө. Үүнийг нэг хүн өөрчлөхгүй. Нэг хэсэг бүлэг хүн өөрчлөхгүй. Яагаад гэхээр бид ард олноороо сонгууль өгдөг ардчилсан тогтолцоонд орсон. Сонгож байгаа хүнээ хэнийг сонгож байна гэдгийг сонгогчид өөрөө дүгнэлт хийх ёстой.

Ард түмний сонголт буруу байгаа гэж та хэлж байна уу?

-Ард түмнийг сонгох бололцоогүй болгож байгаа намаас сонгогдож байгаа хүмүүс. Нам гэдэг коридороор орлоо л бол тэр харанхуй коридор дотор ард түмнээс нууц, хаалттай хуралдаанаар хэнийг Их хуралд дэвшүүлэх вэ, яах вэ гэдгээ шийддэг. Энэ хаалттай коридор дотор юу төлөвлөгддөг вэ гэхээр хэсэг бүлэг хүн нийлж нийтийн хөрөнгө, баялгийг идэхийг л төлөвлөдөг. Тэгж болохгүй гэсэн хүнийг нэр дэвшүүлдэггүй. Та нар надад жаахан юм өгчих, би та нарын хэлсэн зүйлийг үг дуугүй биелүүлнэ. 100 хувь дэмжинэ, гараа өргөнө, алгаа хорстол ташна гэсэн хүмүүсийг энэ нам гэдэг коридороор алхуулдаг. Энэ нь Цэдэнбалын үеийн намын амьдралыг сануулж байгаа юм.

Урагшаагаа харж ярья. Тэгээд энэ болж бүтэхгүй байгаа тогтолцооны гажгаас гарах арга зам юу байна?

-Ил тод байдлын хурц гэрлийг бүх тогтолцоон дээр тусгах ёстой.

Улс төр дэх бүх үйл явц алган дээр байгаа мэт харагддаг тогтолцоо дэлхийн түүхэнд байсан юм уу?

-Байна аа. Ерөөсөө ардчилал ил тод байдал гэдэг чинь 1990 оны бидний хүсэл мөрөөдөл. 1996-2000 оны хувьд ил тод байдал тодорхой хэмжээгээр улс төрд байсан. Тэгээд далд байдал руугаа шилжиж эхэлсэн. Одоо бүр дордсон. Өөрөөр хэлбэл, намын хурал хаалттай болох ёсгүй. Үндэсний зөвлөлдөх хороо гэдэг чинь гишүүдээс сонгогдсон юм. Гишүүдээсээ нууж хурал хаалттай хийдэг нь шударга ёс мөн үү. Гишүүдээ төлөөлж байгаа хүн нь төлөөлүүлж байгаа хүмүүсээсээ нууж хурал хийж болохгүй шүү дээ.

Сөрөг хүчинд хэрүүлээ харуулах нь тэдэнд хоол болдог гэх. Тэр талаасаа байдаг юм болов уу?

-Том утгаараа харвал сөрөг ч бай, эерэг ч бай, эрх баригч ч бай, бүх улс төрийн хүчин нууц хурал хийх ёсгүй. Улс төрийн намын үйл ажиллагаа нууц байх ёсгүй. Улсын нууц биш шүү дээ энэ чинь. Нууц хуралдаанаар, нууц тохиролцоогоор, нууц амлалтаар, нууц нэр дэвшигчид далд амлалтууд улс орныг мөхөөж байна. Тэгэхээр Монгол Улсын нийт иргэдийн төлөө, тэдний эрх ашгийн төлөө гарч ирж байгаа төрийн эрх барих, эрх бүхий этгээд нууц байдлаар гарч ирэх ёсгүй.

Өнөөдрийг хүртэл Ерөнхий сайд томилогдохгүй байна. Та төрийн гурван өндөрлөгийг ямар хүмүүс байгаасай гэж боддог вэ?

-Төрийн гурван өндөрлөг хэн ч байлаа гэсэн ил тод байдлыг хангаж өгөхгүй бол энэ хүмүүс ард түмний төлөө ажиллаж чадахгүй. Энэ далд тохиролцоо, далд бялуу хуваалт, бялуу хуваалтын цаана төсвийн мөнгийг идэх, элдэв тендэр булхайгаар гаднаас орж ирсэн зээл, тусламжийг хувааж идэх, бүгд далд явагдаж байгаа.

Таны хэлж байгааг яриад л, бичээд л байдаг, тоож байгаа ч юм алга. Та УИХын гишүүн байсан, улс төрийн тогоонд чанагдаж явсан хүн. Улсын Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд хүмүүс ийм л байвал зохистой юм байна даа гэж боддог биз дээ?

-Төрийн гурван өндөрлөг чинь гурван өөр хүн байх ёстой. Ард түмэн гэдэг чинь Улсын их хурлаас гарсан дүрмийг л мөрдөж ажиллана. Монголын гурван сая ард түмний амьдрах дүрмийг баталж өгөх ёстой. Тэгэхээр Их хурлын дарга хүн хамгийн гол нь хуулийн байгууллага дахь алдаа завхралыг мэдэрсэн. Эрх зүйн орчинд юуг өөрчлөх, юуг сайжруулахыг мэддэг тийм хүн байх ёстой. Улсын Ерөнхийлөгч хүн бол олон сахилгагүй хүүхэдтэй айлын эзэн. Дураараа авирладаг, сахилга бэт муутай, тийм өрхийн тэргүүн хүүхдүүддээ ойлгуулахыг нь ойлгуулж, учирлахыг нь учирлаж, суран бүсээ сугалж аваад ороолгохыг нь ороолгодог. Ингээд энэ гэр бүлээ бүтэн байлгадаг ийм үүрэг Ерөнхийлөгчид байдаг юм. Гадна талдаа манай гэр бүл бүтэн шүү гэдгээ харуулдаг байх ёстой. Бид дэлхийн бусад улс үндэстэнтэй эрх тэгш хамтын ажиллагааг явуулж, харилцан ашигтай үйл ажиллагаа явуулна. Ерөнхий сайд бол аж ахуйн хүн байх ёстой. Ерөнхий сайд бол ерөөсөө л тэр хоттой хэдэн хонио хэрхэн арвижуулах, хонины морио хурдан борлог болгох, Азийн баруудтай уралдчих санаа зорилгыг дотроо агуулсан хүн байх ёстой. Тэгэхээр энэ нь өөр өөр функц. Сая Чингэс бонд, Самурай бонд гээд хоёр их наяд ам.доллар орж ирсэн. Иймих мөнгө үнэндээ манайд хэрэггүй байсан юм. Энэ улс орны эдийн засагт нэг их наяд нь хангалттай хүрэлцэнэ. Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал гаргаж байгаа. Энэ зэсийн баяжмалын агуулгад цэвэр зэс нь 20 хувь байдаг. Тэр цэвэр зэсийг тооцвол 120 мянган тонн болдог юм. Бондын мөнгөөр эхний удаад энэхүү 120 мянган тонн цэвэр зэсийг дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулах байлаа. Боловсруулах үйлдвэр нь өнөөдөртөөхамгийн хямд нь 250 сая доллар байгаа. Харин орчин үеийн технологийн сайн үйлдвэр бол 500 сая доллар байгаа болов уу. 120 мянган тонн дотоодын цэвэр аранжин зэсийг хайлаад гулдмайлаад үйлдвэрлэе л дээ. Зэсийн үнэ одоо 5700 ам.доллар болоод уначихсан байгаа. Эрдэнэт үйлдвэр 5500 ам доллараар гаргаж байгаа. Ашиг нь 200 сая ам.доллар байгаа болов уу. Хэрэвзээ цэвэр зэс болгоод гаргахад зардлаа хасаад нэг миллиард долларын ашиг харагдана шүү дээ.

Үүнийг танаас бусад нь олж харахгүй байв гэж дээ. Хэт утопи сонсогдож байна шүү?

-Бодит тооцоо шүү. Хамаг зовлон нь сонгуульд ялалт байгуулсан улс төрийн хүчний Эрдэнэт дэх нөлөөлөл. Жишээлбэл Эрдэнэт үйлдвэрийн шахааны бизнес байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн зардлын 70 хувь нь шахааны бизнес байдаг. Хуучин юу ч хамаагүй нийлүүлдэг байсан юм. Одоо арай дээрдсэн байх гэж найдаж байна. Тэрхүү юу ч хамаагүй шахаж, нийлүүлж байх үед Эрдэнэт үйлдвэрийн хоёр скалад дүүрээд ирэхээр нь гал гаргаад шатаачихдаг байсан юм. Санхүүгийн архивын өрөөг бас шатаачихдаг байсан юм. Ер нь улс төрийн намууд ялалт байгуулаад хэдхэн бялуу хуваадаг юм. Хамгийн эхнийх нь Эрдэнэт үйлдвэр шүү дээ. Эрдэнэт үйлдвэрийн шахааны бизнесийн ил тод болгож чадвал дор хаяж 600 сая доллар улсад орж болно. Өөрөөр хэлбэл 600 сая долларын хэрэгтэй, хэрэггүй зүйл шахдаг шахааны бизнесийг үгүй болгоно гэсэн үг. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн ашиг 600 сая доллараар нэмэгдэх юм л даа. Цэвэр зэс Лондонгийн металлийн бирж дээр очоод л арилжаа ил тод байдаг. Тэгээд л биржийн арилжаанд ороод явахад хамгийн багаар бодоход миллиард доллар орж ирнэ. Ингээл миллиард доллар орж ирэхэд Чингэс бондын өрийг жилийн дотор төлнө.

Ямар ч Ерөнхий сайд гарч ирсэн фракцууд буланд шахах юм байна. Яг л Н.Алтанхуягийг аваад хаячихсан шиг?

-Төрийн механизм ил тод л байх юм бол авч хаях боломжгүй. Тэр фракцуудын хууль бус шахаа, шаардлагуудыг олон нийтэд ил болгохын тулд тэдний уулзалтын олон нийтэд ил тод, камерийн өмнө уулзалтаа хийдэг жишгийг одоо болох Ерөнхий сайд зарчим болгох ёстой.

Та шинээр байгуулагдах Засгийн газрын ирээдүйг яаж харж байна. Өөр удирдлага, өөр бодлого орж ирэх болов уу?

-Өнөөдөр Монголд хууль хэрэгжихгүй болчихоод байна. Хуулийн байгууллагууд ньаль нам гарна тэрний төлөө ажилладаг болчихсон. Ямар ч улс төрийн хүчин гарсан хуулиа дээдэлдэг байх. Ардчилсан нийгмийн үнэт зүйл юу гэвэл хараат бус шүүх засаглал, чөлөөт сэтгүүл зүйг хэлнэ. Энэ бол ардчиллын алтан дүрэм. Энэ алтан дүрэм гажуудаад байна. Бид ардчиллын алтан дүрмээс дэндүү хазайсан. Хуулиа дээдлэх ёстой. Хууль бидэнд байна. Шинээр хууль зохиох шаардлага байхгүй. Хуулийг уландаа гишгэж, ер хэрэгжихгүй байгаад л эмгэнэл нь байгаа юм.

Хуулиа хэрэгжүүлээд явахад л бүх зүйл зөв голдрилоороо явна гэж үзэж байгаа юм байна.

-Тэгэхээр нам гэдэг харанхуй коридороор явахаар ямар ч шударга хүнийг чи энэ бүлэг фракцийн эрх ашгийг хамгаалахгүй л юм бол чамайг дээш нь гаргахгүй гэдэг тогтолцоо манайд байна. Тиймээс манай нийгмийн хямралын голомт нь энэ нам гэдэг каналаар л дамжиж төрийг удирдах тогтолцоог зөв хэмнэлд нь оруулах. Өнөөдөр хуулиа ягштал баривал асуудалгүй. Хоёрт, Ардчиллын алтан дүрэм болсон ил тод байдал байхгүй байна. Ил тод байдлын хурц гэрлийг шүүх дээр, хаалттай хуралдаанууд дээр, фракцуудын уулзалтууд дээр тусгах хэрэгтэй. Ил тод гэрэл туссан газар жоом, хархнууд байж чадахгүй. Ил тодын гэрэл бол ардчиллын гол эм нь, эмчилгээ нь.

Эцсийн дүндээ намын дүрмэнд мэс засал хийх ёстой. Бохир орчинд л нян үрждэг. Нам гэдэг хууль зөрчсөн, хяналтгүй газар Засгийн эрхийг бариад төрийн өмчийг идэж байна. Бизнес хийлгүйгээр төрөөс тэрбумтан төрүүлдэг дамжлага болсон. Мөнгө олъё, эрх мэдэлд хүрье гэсэн хүн болгон нам руу дайрч байна. Нам хэмээн хошуурч байгаа хүмүүс зүгээр бизнесээ эрхлээд яв. Үүн рүү хэт шунавал шоронд ордог юм байна гэдгийг харж байгаа биздээ. Энэ гаж тогтолцоог л засч залруулахгүйгээр цааш явахгүй.

Categories
мэдээ улс-төр

Чуулган хуралдахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц хүрээгүйгээс цуцлагджээ. Гишүүдийн ирц 51 хувьд хүрч байж чуулган хуралдах ёстой. Харин өнөөдөр 48.7 хувийн ирцтэй байсан учраас чуулганыг хойшлуулсан байна. Энэ өдрийн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Гэр бүлийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 13 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын дарга ОХУ-д айлчилж байна

Москва хотын Думын дарга Алексей Шапошников тэргүүтэй депутатууд Монгол Улсын Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. “Уулзалтын үеэр Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Д.Баттулга сүүлийн жилүүдэд ОХУ-ын нийслэлд хот төлөвлөлт, газар ашиглалт хэрхэн явагдаж байгаа талаар болон эрүүл мэнд, байгаль орчин, залуучуудын бодлогын тухайд сонирхон ярилцав.

Уулзалтын дараа Алексей Шапошников “Бид цаашдын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тиймээс бүх талаар хамтран ажиллах болно. Хоёр орны нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажилд саад учрахгүй. Хэлэлцэж тохиролцсоны дагуу Москва, Улаанбаатарын хооронд “ногоон” гэрэл үйлчилнэ. Москва монгол нөхөддөө тусламжийн гараа сунгахад хэзээд бэлэн байна. Улаанбаатар хотын дэд бүтцийг ЗХУ болон ОХУ-ын инженерүүд барьж байгуулсан бөгөөд өнөөдөр түүнийг шинэчлэх шаардлага тулгарсан учраас Монголын төлөөлөгчид Москвад ирээд байна. Бид Улаанбаатарыг орчин үеийн нийслэл болоход нь туслана” гэлээ.

Хамтран ажиллах гэрээнд Улаанбаатар хотоос Москва руу газар зохион байгуулалт, хот төлөвлөлт, хот суурин газрын бодлого чиглэлээр хүмүүсийг сургалтад хамруулах боломжийг зааж өгсөн. Энэ нь бидэнд маш чухал асуудал юм хэмээн Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга хэлэв. Мөн тэрээр “ОХУ-тай харилцах харилцаагаа улам батжуулах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм гэж нэмж хэлэв.

Дашрамд дурдахад, арваннэгдүгээр сарын 14-нөөс ОХУ, Монгол улсын иргэд харилцан визгүй зорчихоор болсон. Эхний монголчууд Москвад визгүй зорчсоны нэг нь Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байлаа.