Categories
мэдээ улс-төр

Гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх гэж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл өнөөдөр хийлээ.

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжээд байгаа юм. 2013 онд Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Ганбаатар, Г.Уянга, Ц.Оюунгэрэл, З. Баянсэлэнгэ нарын гишүүд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа бөгөөд энэхүү хоёр хуулийн төслийг нэгтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг Л.Эрдэнэчимэг гишүүн тодотголоо.

Өнөөдөр 2-5 насны 247100 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос 80000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагаас гэртээ байгаа юм байна. Цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхэд тус бүрт улсаас 116 мянган төгрөгийг сар бүр төсөвлөн өгч байгаагийн зэрэгцээ эдгээр хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол олж авах боломжоор хангагдаж байгаа. Гэтэл цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдэд энэ бүгд хаалттай байгаагийн зэрэгцээ эцэг, эхийн аль нэг нь гэртээ хүүхдээ харж ажил хийхгүй байснаас нэг айлын өрхийн орлогод нөлөөлж, ядууралд хүргэх нэг шалтаг болж байгааг тэрээр хэлсэн. Мөн хүүхэд харах үйлчилгээ бол нийгмийн үйлчилгээний шинэ хэлбэр. Энэ хуулийг гаргаснаар цэцэрлэгүүд үүдээ барьж, сургуулийн өмнөх боловсролын систем байхгүй болох гэж байна гэсэн шүүмжлэл нэлээд дагуулж байгаа ч хууль батлагдсанаар хүүхэд харах төвүүд олноор нээгдэж, хүүхдийн аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан үйлчилгээний цэвэр өрсөлдөөн бий болно гэж харж байгаа. Хүүхэд харах үйлчилгээг тодорхойлохдоо, хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах, хөгжүүлэх цогт ажиллагаа байх ёстой гэж үзэж байна.

Энэ үйлчилгээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хариуцах бөгөөд сургуулийн өмнөх боловсрол олгож буй одоогийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байх болно. Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс болон гишүүдийн зүгээс гарч байгаа санал, шүүмжлэлд хүүхэд харах үйлчилгээний төвийн стандартыг яаж хангаж байгаа болон аюулгүй байдлыг хэрхэн хангах асуудлыг байнга хөндөж байгаа. Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын яамны харьяанд аймаг, нийслэл, дүүрэгт салбар, хэлтэстэй Хүүхдийн төлөө газар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн орон нутагт ажиллаж байгаа Хүүхэд, гэр бүлийн газар хүүхэд харах үйлчилгээг хариуцаж стандартыг бий болгон, хяналтаа тавиад явна. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газар давхар хяналт тавихын зэрэгцээ тухайн хороо, багийн нийгмийн ажилтан хяналт тавьж, өрхийн эмнэлгүүд хамтарч ажиллана. Хамгийн гол нь эцэг, эхийн хяналт чухал гэдгийг хуулийн төсөлд оруулж өгсөн. Ингэснээр эцэг, эхчүүд тухайн Хүүхэд харах төв дээр эцэг, эхийн зөвлөл байгуулж тодорхой хяналт тавих боломж бүрдэх юм. Гадаадын олон улс оронд хүүхэд харах үйлчилгээгээр сургуулийн өмнөх насны хүүхдийн асуудлыг шийддэг гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Хоёр байнгын хороод хуралдана

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, дараахь асуудлуудыг хэлэлцэнэ.

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Categories
мэдээ улс-төр

АН бусад намуудтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газрыг байгуулах асуудлаар УИХ-д суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийг зургаан гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Батчимэгийг томилжээ.

Ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн нам, эвслүүдтэй зөвшилцөх анхны уулзалтыг хийж эхлэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Маргааш нийслэлийн төсвийг хэлэлцэнэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хэлэлцээр товлоод байсан. Харин тэргүүлэгчид төсвийн төслийг НИТХ-аар хоёр удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэхээр тогтож энэ сарын 27-ны өдөр буюу маргааш эхний хэлэлцүүлгийг хийх шийдвэр гаргажээ. Эдгээр хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн 2015 оны төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн 2014 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэх аж.

Categories
мэдээ улс-төр

Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.11.25/ хуралдан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд бүрэн тусгаж, дэмжсэн саналуудтай холбогдуулан хуулийн төсөлд найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийсэн хэмээн Байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулсан юм. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явууллаа.

Төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн “харилцах дансны” гэсний өмнө “мөнгөн хадгаламжийн болон” гэж нэмэх саналыг УИХ-ын гишүүн Д.Ганбат гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд дээрх хуулийн төслүүдийг батлуулах нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх батлах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засагт хамтрах эсэхийг МҮАН маргааш нягтална

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн илгээсэн Засгийн газарт хамтран ажиллах тухай саналыг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өчигдөр хэлэлцээд “Нам, намынхаа төвшинд ярих шаардлагатай” хэмээн үзсэн юм. Шударга ёс эвслийн бүлгийг МАХН, МҮАН бүрдүүлдэг. МАХН-ын Гүйцэтгэх товчоо яг энэ цагт хуралдаж байгаа бол МҮАН маргааш хуралдаж, Засгийн газарт хамтрах эсэхийг шийдэхээр болжээ. Дээрх хоёр нам нь шийдвэрээ гаргасны дараа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээрээ дахин хэлэлцэх юм.

Categories
мэдээ улс-төр

А.Бакей, С.Дэмбэрэл нар хуулийн төсөл өргөн барив

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар “Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт Хүний эрх, Эрх чөлөөг хуульчилан заасан нь Олон Улсын хүний эрхийн гэрээ, конвенци дэлхий нийтийн жишигт хүрсэн алхам болсон бөгөөд манай улс 1961онд НҮБ-ын гишүүнээр элсэн орж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын /ХЭТТ/ үзэл санааг дэмжиж улмаар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад 1974 онд нэгдэн орсноос хойш хүний эрхийн талаарх 30 гаруй гэрээ, конвенци, протоколд нэгдэн орсон буюу соёрхон баталжээ. 2000 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталснаар олон улсын гэрээ, конвенци, Монгол Улсын хууль, тогтоомжийн биелэлтэд хүний эрхийн чиглэлээр хяналт тавьж, судлан дүгнэх үүрэгтэй үндэсний байгууллага болох Хүний эрхийн Үндэсний Комиссыг 2001 онд байгуулав. Сүүлийн 14 жилийн турш нэмэлт, өөрчлөлт, ямар нэгэн засваргүйгээр хэрэгжүүлж ирсэн энэхүү хуулийг “НҮБ-ын Парисын зарчмуудаар баталгаажуулсан наад захын зарим хэм хэмжээг хуульчлаагүй” хэмээн олон улсын зүгээс одоог хүртэл шүүмжлэлтэй хандаж ирсэн. Монгол Улсад хүний үндсэн эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний түвшинд өргөмжилсөн хэдий ч түүнийг хангах нийгэм эдийн засгийн нөхцөл, эрх зүйн таатай орчин хараахан бүрдэж амжаагүй байгаа билээ. Ялангуяа хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэм хэмжээг амьдралд хэрэгжүүлэх шатанд багагүй бэрхшээлүүд учирч цөөнгүй зөрчил гарч байгаа нь нийтэд ил болсон. Иймд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хэрэгжүүлэх явцад гарч байгаа тэдгээр зөрчлийг бууруулахын тулд хууль сахиулагчдад нөлөөлөх, эрх нь зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалах явцад хүний эрхийг хамгаалах, дэмжих төрийн механизмыг боловсронгуй болгох, ХЭҮК-ийн хараат бус, бие даан ажиллах чадавхыг бэхжүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр уг хуулийн төслийг боловсрууллаа хэмээн хууль санаачлагч мэдэгдсэн юм.

Categories
мэдээ улс-төр

МАН засагт орох асуудлаар санал солилцлоо

Монгол Ардын Намын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим Тусгаар Тогтнолын ордноо хуралдаж байна. Хурлаар Монгол Ардын Нам шинэ байгуулагдах Засгийн газарт хамтрах эсэх асуудлаар хэлэлцэнэ.

УИХ-ын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар МАН-ын дэргэдэх зөвлөхүүдийн танхимын гишүүд болох МАН-аас нэр дэвшин Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгогдож ажиллаж байсан, түүнчлэн Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хажиж, намын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан хүмүүстэй уулзаж, Засгийн газарт хамтрах эсэх асуудлаар санал солилцож байна.

Нийгэм, эдийн засаг хямарсан, ялангуяа засаг бүрэлдээгүйгээс болж төрийн ажил цалгардаж буй энэ үед Монгол Ардын Нам олон жил төр барьсан туршлагатай, тулхтай улс төрийн хүчний хувьд үүнд ихээхэн анхаарал тавьж буй юм. Тодруулбал, энэ хүнд нөхцөл байдлаас гарахын тулд МАН Засагт хамтах уу үгүй юу гэдэг асуудлаар шат шатандаа хэлэлцэж, ойрын өдрүүдэд санал бодлоо солилцож байна. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар УИХ дахь намын бүлэг болон Удирдах зөвлөлөөр хэлэлцэн гишүүдийнхээ санал бодлыг сонссон бол өнөөдөр Монгол Улсад төрийн өндөр албан тушаал хашиж байсан, олон жил төрд ажилласан туршлагатай хүмүүсээ хүлээн авч уулзан саналыг нь сонсож байна.

Монгол Ардын Намын дэргэдэх Зөвлөхүүдийн танхим нь 15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Н.Багабанди, Д.Содном, Ш.Гунгаадорж, С.Баяр, Сү.Батболд, Г.Очирбат, Б.Даш-Ёндон, С.Төмөр-Очир, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Д.Идэвхтэн, Ё.Отгонбаяр, У.Хүрэлсүх, Г.Занданшатар гэсэн хүмүүс багтаж буй юм.

Зөвлөхүүдийн танхим нь улс төрийн үйл ажиллагааны уламжлалыг хангах зорилго, улс төрийн бодлогын талаар зөвлөлдөх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан Монгол Ардын Намын даргын харьяа бүтцийн байгууллага юм.

Categories
мэдээ улс-төр

Согтууруулах ундааны борлуулалтыг хязгаарлана

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг УИХ-ын дарга З.Энхболдод Согтууруулах ундааны хуулийн төслийг өргөн барилаа. Уг хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг хэдэн удаа зохион байгуулсан бөгөөд стандартын шаардлага хангасан согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох үйл ажиллагааг согтууруулах ундааны эрэлт, нийлүүлэлт, хэрэглээг хязгаарлах агуулгаар төслийг санаачилсан аж.

Уг төсөлд буй онцлох заалтууд гэвэл, “Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг ням гарагт 10-18 цагт, бусад өдрүүдэд 10-21 цагийн хооронд худалдана. Спиртийн сул агууламжтай согтууруулах ундааг 10-24 цагийн хооронд худалдана” “..согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхгүй, татварын өршөөлд хамруулахгүй, бусад давуу тал олгохгүй, татварын хэмжээг бууруулахгүй байх”

“Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүнсний зориулалтын бус түүхий эдээр согтууруулах ундаа үйлдвэрлэх, согтууруулах ундаанаас өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглох”

“Тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх, шилжүүлэх болон Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэл явуулж буй байршлаа өөрчлөхийг хориглох”

“Сум, дүүргийн Засаг дарга согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг тухайн сум дүүргийн татвар, цагдаа, аймаг нийслэлийн онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын санал, тэдгээрийн эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн олгоно.Эдгээр байгууллагын аль нэг нь татгалзсан санал өгсөн бол тусгай зөвшөөрлийг олгохгүй, сунгахгүй. Тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар тухайн сум дүүргийн Засаг дарга олгоно”

“Согтууруулах ундаа худалдах дагнасан цэгийн тоо, байршлыг тухайн орон нутгийн хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, орон сууцны хороолол, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан 2000 мянган хүн ам тутамд нэгээс ихгүй, 2000-аас доош хүн амтай суманд 2-оос дээшгүй байхаар тооцож сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно” зэрэг заалтууд байгаа бөгөөд агуулгын хувьд нэлээд чангарсан заалтууд орж буй юм байна.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар Ерөнхий сайдад хичээл заана гэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Лондон хотноо уул уурхайн салбарынхны уулзалтад оролцох үед Ерөнхий сайд томилогдсон учраас санал бодлоо илэрхийлж амжаагүй аж.

Тэрбээр “Ч.Сайханбилэг нео либериал зүйл их ярьсан байна лээ. Тухайлбал төрийн өмчийг хувьчилна, эмнэлгүүдийг хувьчилна гэсэн. Ингэж төрийн өмч рүү ханцуй шамлан орвол 20 жилийн өмнөх алдаагаа давтана. Хэрэв улсын эмнэлгийг хувьчилбал дунд, доод орлоготой иргэдэд очиж үзүүлэх газар олдохгүй.

Өнөөдөр хувийн эмнэлгүүд байгаа ч тэнд баячууд л очдог. Үүнийг салбарынхантай нь, эмнэлгүүдтэй нь, иргэдтэй нь ярьж байж шийдэх ёстой. Зах зээл нэрээр бүх хүмүүсийг хар зах руу гаргах юм яриад байна. Зах зээлд ч төрийн зохицуулалт хэрэгтэй байдаг юм. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нийгмийн хичээл заахгүй бол болохгүй санагдлаа” гэсэн юм.