Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн ирэх оны төсвийг 12 дугаар сарын 4-нд эцэслэн батлана

niislel

НИТХ-ын ээлжит 21-р хуралдаан өчигдөр нийслэлийн Хангарьд ордоны Их танхимд боллоо. Тус хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Үүнээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралын танилцуулсан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах” талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг төлөөлөгчдийн саналаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр тогтжээ.

“Нийслэлийн 2014 оны нийгэм эдийн засгийн зорилтын хэрэгжилт”, “2015 оны зорилтыг батлах” тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн, “Нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт” батлах тухай, “Концессын зүйлийн жагсаалт” батлах тухай, “Нийслэлийн 2015 оны төсөв батлах” тухай Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн, “Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт”, “Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах” тухай Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарын танилцуулсан асуудлуудтай холбогдуулан 28 төлөөлөгч асуулт асуун хариулт авч, 23 төлөөлөгч саналаа хэлсэн байна.

Эдгээр асуудлуудыг НИТХ-ын дэгийн 20 дугаар зүйлд заасны хоёр үе шаттайгаар хэлэлцүүлэн батлуулдаг бөгөөд дараагийн ирэх сарын 4-ний өдрийн НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтжээ. Энэ хугацаанд НИТХ-ын хороод болон нам, эвслийн бүлгүүд хурлаараа дээрх асуудлуудыг авч хэлэлцэн санал дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулах дэгтэй юм байна. НИТХ-ын хороодын болон нам, эвслийн бүлгийн хурлын тов гарсан ба хуваарийн дагуу “Хууль зүй, төрийн байгуулалтын хороо”, “Өргөдөл гомдлын хороо”-ны хамтарсан хурал 11 дүгээр сарын 28-нд, “Байгаль орчин, экологийн хороо”-ны хурал, “Хот байгуулалт, дэд бүтцийн хороо”, “Гэр хорооллын хөгжлийг дэмжих хороо”-ны хамтарсан хурал, “Нийгмийн бодлогын хороо”-ны хурал тус бүр 12 дугаар сарын 01-нд, Нам эвслийн, бүлгийн хурал 12 дугаар сарын 02-нд, “Төсөв, санхүү, эдийн засгийн хороо”-ны хурал 12 дугаар сарын 3-нд тус тус хуралдах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

BSN_1609Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.11.28/ үдээс өмнөх хуралдаан 10.25 цагт гишүүдийн 51,3 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын дарга хуралдаанаар хэлэлцэх дөрвөн асуудлыг танилцуулж, баталлаа. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хүн амын бодлого нь хүн амын ирээдүйн хэв маяг, хандлагын өөрчлөлтийн дүнд хүмүүсийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулахыг зорьдог.

Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод хийсэн дүн шинжилгээгээр энэхүү бодлогын зорилго, хүрэх үр дүн, хэмжих хэмжүүрүүд тодорхой бус гэсэн дүгнэлт гарсан байна. Учир нь бодлогод туссан асуудлуудын салбар дундын зохицуулалтыг зааж өгөөгүй, бодлогын зорилго, зорилтууд нь хэт ерөнхий туссанаас бодлогыг бодитойгоор үнэлж, дүгнэх боломжгүй байгаа аж.

Үүний үндсэн учир шалтгаан нь тус бодлого үндэслэлгүй, нөхцөл байдлын дүн шинжилгээгүйгээр боловсруулагдсанаас үүдэлтэй гэж төсөл санаачлагч үзсэн байна . 2004 оны бодлогын зорилтыг Монгол Улсын хүн амын одоо, ирээдүйн чиг хандлага, хэтийн тооцоололд нөхцөл байдлын шинжилгээ хийлгүйгээр тодорхойлсон нь бодлого дөнгөж батлагдсаны дараахнаас эхэлсэн хүн ам зүйн шилжилтийн асар том үйл явдал болох хүн ам зүйн цонх үеийг тусгаагүй байгаа тул бодлого хүн ам зүйн цонх үед тохиох хүн амын асуудлыг бүрэн хамарч, тулгамдсан асуудлуудыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн явцад харилцан уялдаатайгаар цогц байдлаар шийдвэрлэхээр төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Г.Уянга, С.Дэмбэрэл, Н.Батцэрэг нарын тавьсан асуултад Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ хариулт өгөв. Гишүүдийн зүгээс өнөөдөр хүн амын гуравны нэг нь нийслэлд амьдарч байгаа нь сөрөг нөлөө үзүүлэхээр хэмжээнд хүрснийг онцолж, нийслэл рүү чиглэсэн их нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг багасгах асуудлыг хүн ам зүйн бодлогын хүрээнд хэрхэн шийдэх асуудлыг хөндсөн. Мөн нөхөн үржихүйн бодлого, түүний дотор олон хүүхэд гаргасан ээжүүдийг урамшуулах болон бүтэн өнчин хүүхдийг дэмжихийн тулд төрөөс ямар бодлого барих, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг яаж дэмжих зэрэг асуудлыг тодотгож байсан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ өгсөн хариултдаа, Хүн амын бодлогын баримт бичгийг 2004 онд боловсруулсан бөгөөд энэхүү баримт бичгийг судалж үзэхэд тунхагын шинжтэй байдаг. Иймд төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулахдаа хүн амын хөгжлийн эрх зүйн цоо шинэ орчин бүрдүүлэх зорилтыг тусгасан бөгөөд энэ бүхэнд суурилсан эдийн засгийн бодлого явах ёстой. Мөн хөдөө орон нутаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн амьдралын чанар адил байх, цаашлаад хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал хотын иргэдийн амьдралаас давуу байх асуудал нийгмийн зөв тогтолцоог бүрдүүлснээр бий болно гэж харж байгаа. Бодлогын хүрээнд 50 гаруй зорилтыг тусгасан. Энэ нь салбар дундын түвшинд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хүн амын хөгжлийн суурь цогц бодлого юм. Өмнө нь материаллаг тал руу хэт анхаарч, хүн амын хөгжлийн бодлогыг орхигдуулж ирсэн. Үүнийг яаж богино хугацаанд нөхөх, хүн амын цонх үед хэрхэн оновчтой хэрэгжүүлэх нь чухал гээд, хүн амын цонх үед бодлогоо зөв боловсруулах юм бол хөгжлийг хурдасгах боломжийг бий болгодог практикийг бусад улс орны жишээн дээрээс харж болно. Ялангуяа бүсчилсэн хэлбэрээр хүн амын амьжиргааны чанарын асуудлыг тавих ёстой гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Р.Амаржаргал нар төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, байр сууриа илэрхийллээ.

Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68,6 хувийн саналаар дэмжив. Ингэснээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал 92,6 хувийн саналаар дэмжигдсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Үүний дараа Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 3 гишүүн 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүд 85,5 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай тогтоолын төсөл, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл болон Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Одоо эдгээр хуулиудыг байнгын хорооны хурлаар хэлэлцэж анхны болон эцсийн хэлэлцүүлэгт бэлдэх юм.

Categories
мэдээ улс-төр

НАТО-гийн төлөөлөгчид Монголд айлчилж байна

НАТО-той Монгол Улсын засгийн газар 2012 онд түншлэлийн гэрээ байгуулж байсан билээ. Энэ хүрээнд ШУА-тай НАТО-гийн “Энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ сарын 25-29-ны өдрүүдэд НАТО-гийн албаны төлөөлөгчид манай улсад НАТО-ийн төслийг хамтран хэрэгжүүлж буй хүрээлэн болон бусад хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар хүрэлцэн иржээ.

НАТО-ийн төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан өнөөдөр ШУА, Гео-экологийн хүрээлэнгээс НАТО-ийн Энхийн төлөө Шинжлэх Ухааны хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Нээлттэй өдөрлөгт НАТО-ийн албаны төлөөлөгчид, НАТО-ийн гишүүн орнуудын элчин сайдын яам, Гадаад Харилцаа Эдийн Засгийн Яам, ШУА-ийн хүрээлэнгүүд, Батлан хамгаалах яам, Байгаль орчны мэдээллийн төв, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 50 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн аж. НАТО-гоос манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн байна

Categories
мэдээ улс-төр

Н.Батцэрэг: МАН-ын шийдвэрийг хүлээж байна

“Шудрага ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс сэтгүүлчид дараахь тодруулгыг авлаа.

Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлаар нам эвслийн ажлын хэсгүүд зөвшилцөж эхэллээ. АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсгийн зөвшилцөх хурлаар юу яригдаж, ямар шийдэл, үр дүнд хүрсэн бэ?

-М.Батчимэг гишүүн урьж, АН-ын ажлын хэсгийнхэнтэй уулзсан. Гэхдээ манай бүлгийн хувьд ажлын хэсгээ эцэслэн хурлаараа ярьж албажуулаагүй байгаа, бас манай МАХН-ын гишүүдийн хувьд баярын арга хэмжээнүүд гээд завгүй байдалтай байсан зэргээс үүдээд би бүлгээ төлөөлөн ганцаараа уулзсан. Бид товчхон зарчмын хэдэн зүйл дээр санал солилцсон. Гол нь Ерөнхий сайдын ирүүлсэн албан бичигт дурьдсан Үндсэн хуулийн өөрчлөлт, Намуудын тухай, сонгуулийн тухай хуулиудын өөрчлөлт болон эдийн засгийн хямралыг даван туулахад шаардагатай гэж үзэж байгаа хуулиудын төслүүд дээр хамтран ажиллах, улмаар батлан гаргаж чадах эсэх тухай асуудлаар санал солилцсон.

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлаар хөндөж яриагүй юм уу?

-Үгүй, Энэ тухай өнөөдөр ярих нь арай эртэднэ. Ер нь бол Ерөнхий сайдыг томилохын өмнө АН-ын удирдлагатай Эвслийн удирдлагын зүгээс хоёр намынхаа төлөөллийг оролцуулан товчхон протокол үйлдсэн юм. Гол санаа нь 2012 оны сонгуулийн дараа Засгийн газрыг байгуулахад АН болон эвслийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа гэдгээ нотлоод, шаардлага гарвал гэрээнд нэмэлт хийж болно гэсэн утгатай. Иймээс одоогоор бидний зүгээс гэрээтэй холбоотой асуудлаар зөвшилцөж ярилцах шаардлага гараагүй байна.

-Шаардлага үүсээгүй гэдэг нь МАН засагт орох эсэхийг харж байна гэсэн үг үү?

-Товчхондоо тэгж ойлгож болно.

Categories
мэдээ улс-төр

Шинжлэх ухааны салбарт японы технологийн хүрээлэнтэй хамтарч ажиллана

Боловсрол, шинжлэх ухааны яам, Япон Улсын Үндэсний технологийн хүрээлэн Монгол Улсад чадварлаг инженер, технологийн боловсон хүчин бэлтгэх шаардлага байгааг харгалзан, КООСЭН төрлийн сургалтыг өөрийн Улсад хөгжүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү Санамж бичгийг байгуулснаар Монгол, Японы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн хамтаар Монгол, Японы КООСЭН сургууль хоорондын шууд хамтын ажиллагааг тогтох, хоёр орны КООСЭН сургуулиудын гэрчилгээг харилцан зөвшөөрөх, КООСЭН сургууль хоорондын туршлага мэдээлэл солилцох, багш оюутан солилцоог хэрэгжүүлэх боломжийг ч бий болгож байгаа билээ.
Санамж бичиг нь таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд Талууд энэхүү Санамж бичигт тусгагдсан үйл ажиллагааны санхүүжилтийг харилцан тохиролцох замаар шийдвэрлэх юм.

Categories
мэдээ улс-төр

“Монгол контент” хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 54.4 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 140 орчим телевиз үйл ажиллагаа эрхэлдэг байна. Гэвч цацагдаж байгаа нэвтрүүлгийн дийлэнх хувь гадаад контент эзлэх болсон аж. Иймээс телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлэг тэр дундаа хүүхдэд зориулсан бүтээлийн дийлэнх хувь Монгол Улсад бүтээгдсэн мөн монгол агуулгатай байх шаардлага тулгарч байна гэж үзэн, дээрх хуульд өөрчлөлт оруулахаар болсон.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хуульд оруулж байгаа өөрчлөлтийг харахад түүхийг гуйвуулсан, бүдгэрүүлсэн, улстөржсөн агуулгатай нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн байвал түүнийг хэрхэх вэ гэдэг шалгуур хангагдаагүй байна” гэж хэлсэн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Арилжааны телевизүүд өөрсдийгөө аваад явж байна. Энэ үед таван тэрбум төгрөгийн авлигын уралдаан зарлах ямар хэрэг байна. Дэлхийн сонгодог урлаг, кино гэж бий. Ийм зүйлүүдийг заавал оруулна гэж яривал дэмжинэ. Түүнээс төр нь “Ресторануудын хоолны цэсний 60 хувь нь монгол хоол байя гэж ярих нь утгагүй. Энэнийхээ оронд Буриадаас орж ирж байгаа жуулчдыг татах ямар арга хэмжээг Соёлын яамнаас хэрэгжүүлэх вэ, дэлхийд монголын соёлыг сурталчлаад алтан медаль, гранпри хүртсэн урлагийнхнаа яаж дэмжээд байгаа юм. Дээр нь казиногийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар бодлогоо оруулж ир. Ийм хууль оруулж ирэхийг дэмжихгүй” гэж шүүмжиллээ.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Монголд 142 телевиз үйл ажиллагаа явуулж байна, үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг нь 50. Тэдэнд реклам өгдөг компаниуд нь хэд билээ. Эдгээр телевизүүд 1990 оноос өмнө хийсэн монгол киногоо сар эргүүлээд дуусаж байна. Хуульд өөрчлөлт оруулах шаардлага байлаа ч зохицуулалт нь буруу яваад байна. Соёлын яаман дээр лобби явна, 5 тэрбумыг хуваахаар 140 телевизийн аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусна. Үүнийхээ оронд салбарын зохицуулалтад нь оруул, салбар нь өөрийн бодлогоо гарга. Төр кино, нэвтрүүлэг хийх гээд хэрэггүй. Төрийн хийж байгаа кино, нэвтрүүлэг нохой шиншлэх аргагүй юм болдог. Ийм байдлаар асуудалд хандвал эргээд социализм руугаа буцаж орно” гэсэн юм.

Гэвч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Мөн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.

Завсарлагааны хугацаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хуралдах юм байна. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хуралдуулах чиглэлийг УИХ-ын дарга өглөө.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.11.27.Пүрэв гараг/ нэгдсэн хуралдаан 10 цаг 40 минутад 55.3 хувийн ирцтэй эхэлж, 8 асуудал хэлэлцэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга зарим хуулиудын төслийн эцсийн найруулгыг танилцууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн юм. Иймээс чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гэрийн бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төслийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан 11 бүлэг, 121 зүйлтэйгээр шинэчлэн найруулжээ. Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний бүртгэлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хууль зэрэг хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн агентлаг болгож нийслэл, аймаг, орон нутагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан бүтэцтэй байхаар тусгасан хэдий ч улсын төсөвт ачаалал нэмэгдүүлэхгүй байх үүднээс одоо ажиллаж буй хөгжлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар шилжүүлэн ажиллуулахаар тусгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх ажээ.

09:00 цагаас

1. Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

2. Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийн тухай, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

3. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.БОЛДтанилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

4.Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

5.Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Л.ГАНТӨМӨР танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

6.Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нарын 3 гишүүн 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнЖ.БАТСУУРЬ танилцуулна.

7.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна;

8.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.ЭРДЭНЭ танилцуулна;