Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Ж.Амарсанаа амбицаа илэрхийлэв

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа салбараа тэргүүлэхэд бэлэн гэдгээ зарлалаа. Тэрбээр телевизэд өгсөн ярилцлагадаа Эрүүл мэндийн салбарыг удирдахад хэзээд бэлэн байгаа гэдгээ дурдана лээ. Дэд сайд Ж.Амарсанаа сүүлийн үед Н.Удвал сайдтайгаа эрс муу харилцаатай болж, хэвлэлээр янз бүрийн дайралтыг хийх болсон. Тэгвэл энэ нь түүний Эрүүл мэндийн сайд болох амбиц гэж улс төрийн хүрээнийхэн үзэж байна.

Элэгний С вирусийн эм оруулж ирэхээс эхлээд тэдний хооронд багагүй зөрчилдөөн үүссэн.

Сүүлийн үед Засгийн газрыг байгуулах их ажилд улс төрчид шуурхайлж, дор бүрнээ л тохироо хийж байх шиг байна. Энэ хэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Засгийн газраа хэрхэн бүрдүүлэхийг олон нийт маш анхааралтай ажиглаж байна. Чухам аль намын хэн нь ямар яамыг авах эсэх нь одоогоор тодорхойгүй ч шинэ Засгийн газрыг АН, МАХН, МҮАН, ИЗНН, МАН гээд улс төрд суудалтай намуудын төлөөллөөс бүрдүүлэх нь тодорхой юм.
Харин чухам аль намаас Эрүүл мэндийн сайдыг томилох юм. Хүн ардын эрүүл мэндийн төлөө ажилладаг энэ салбарт хамгийн хариуцлагатай томилгоог хийх ёстой билээ.

Categories
мэдээ улс-төр

Буриадын Ардын хурлын дарга Улаанбаатарт айлчилж байна

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Ардын хурлын дарга М.М.Гершевич Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд НИТХ-ын дарга Д.Баттулга Бүгд Найрамдах Буриад улсын Ардын Хурлын дарга М.М.Гершевич болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, хөгжил дэвшлийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга Буриад улсын төлөөлөгчдөд хурэлцэн ирсэнд талархал илэрхийлж, НИТХ-ын бүтэц, зохион байгуулалт, шийдвэрлэж буй асуудлуудыг танилцуулж, хоёр орны жуулчны компаниудын форумыг Улаанбаатарт зохион байгуулах саналыг тавив.

Харин ноён М.Гершевич “Орос Монгол улсын Ерөнхийлөгчийн уулзалтын дараа хоёр орны харилцаа шинэ түвшинд гарч, сүүлийн жилүүдэд бага зэрэг бүдгэрээд байсан худалдаа наймаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжих нөхцөл бүрдэж байна. Танай улстай хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

Цаашид Буриадын талаас Улаанбаатар – Улаан-Үд хооронд 20 хүний суудалтай нислэгийг сэргээхээр хэлэлцэж, төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийллээ. Түүнчлэн автозамын логистикийг хамтран хөгжүүлэх, байгалийн хий хийжүүлэх, Монголоос Улаан-Үдийн махкомбинатад мах нийлүүлэх асуудалд хамтран ажиллахад бэлэн байгааг онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН, МАН-ын гишүүд хамтарч ажиллах эсэх талаараа мэдээлнэ

Засгийн газарт хамтрах асуудлаар зөвшилцсөн АН, МАН-ын ажлын хэсгийнхэн зөвшилцлийнхөө үр дүнгийн талаар өнөөдөр 17.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ. Хоёр намын ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд нар хамтран мэдээлэл хийх юм байна. Хоёр намын ажлын хэсэг засагт хамтрах асуудлаар өчигдөр орой хуралдаж шийдвэрээ гаргасан билээ.

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсгүүдийн зөвшилцөл үргэлжилж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан Засгийн газарт хамтран ажиллах асуудлаар УИХ-д суудалтай нам, эвслүүдтэй зөвшилцөх ажлын хэсэг өнгөрч буй долоо хоногт ИЗНН, МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслийн бүлэг, МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгүүдтэй уулзалт, зөвшилцөл хийлээ.

Тус Ажлын хэсэг ИЗНН, “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсэгт 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулсан хамтын ажиллагааны гэрээндээ зарим шаардлагатай тодотгол хийж, Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа дахин нотолсон.

АН-ын Ажлын хэсэг мөн МАН-ын намын Ажлын хэсэгтэй ойлголцлоо нэмэгдүүлэх, тодорхой асуудлаар зөвшилцөлд хүрэхийн тулд дөрвөн удаагийн уулзалт зохион байгуулав. Хоёр намын ажлын хэсэг улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа үед УИХ-д суудалтай улс төрийн намууд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтвортой хөгжлийн үндсийг тавих ойрын болон дунд хугацааны хөтөлбөрийг хамтран баталж хэрэгжүүлэх, Оюутолгой, Тавантолгой болон уул уурхай, дэд бүтцийн бусад томоохон төслүүдийг холбогдох хууль, УИХ-ын шийдвэрийн хүрээнд ил тод, харилцан хяналттайгаар урагшлуулах, ажил хэрэг болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Мөн эдийн засгийн чиглэлийн хүлээгдэж буй олон хууль тогтоомжуудыг батлан гаргах талаар хамтын хүчин чармайлт гаргаж ажиллахаар ойлголцлоо.

Ажлын хэсгүүд улс төрийн тогтвортой байдлыг хангах, парламентын засаглалаа улам боловсронгуй болгох, улс төрийн намыг бодлогын байгууллага болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг нь ил тод, хуулийн нарийн зохицуулалттай болгох, бүх шатны сонгуулийн зардлыг бууруулах, шударга сонгууль явуулах нөхцөлийг баталгаажуулах зэрэг асуудлаар санал солилцов. Эдгээр асуудлаар дэлгэрэнгүй ярилцсаны дүнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиудыг батлах чиглэлд УИХ-д суудалтай бүх улс төрийн намууд цаг алдалгүй зөвшилцөж, хамтран ажиллах нь чухал гэж үзлээ.

Зөвшилцлийн Ажлын хэсгүүдийн уулзалт ирэх долоо хоногт Засгийн газар байгуулах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах зэрэг тодорхой асуудлуудаар үргэлжлэх бөгөөд эдгээр хэлэлцээрт МАН-ын Ажлын хэсэг оролцох эсэх нь тус намын Бага хурлаас гарах шийдвэрээс хамаарахаар байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас манайд мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын хурал хаалттай үргэлжилж байна

Нээлттэй болно хэмээн зарласан ч хаалттай үргэлжилж байгаа МАН-ын бага хурлын дундуур зөвшилцөх ажлын хэсгийг ахалсан Су.Батболд мэдээлэл хийжээ. Ажлын хэсгийнхэн эдийн засгийн хямралаас гарах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр зөвшилцөлд хүрчээ. Оюутолгой төслийн тухайд нөхцөлийг бууруулахгүйгээр хуулийн хүрээнд асуудлыг урагшлуулах боломжтой гэж үзсэн бол гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хүндрэлээс гарахтохироо хийсэн байна. Мөн Үндсэн хуулийн болон сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр нээлттэй хамтарч ажиллахаар болсон аж. МАН-ын бага хурал хаалттай үргэлжилж байна. Бага хурлын өмнө хуралдсан удирдах зөвлөлийн хурал дээр санал хураалт явуулахад 94 хувь нь хамтарч засаг байгуулахыг дэмжсэн байна. Энэ өдрийн хурлын гол шуугиан нь экс Ерөнхий сайд С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нар Бага хурлыг орхин гарсан явдал байлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр твиттерт жиргэсэн юм. Ц.Нямдорж гишүүн өмнө нь МАН, АН-тай хамтарч Засгийн газарт орох юм бол намаасаа гарна гэжээ. МАН-ын Шинэчлэлийн хорооныхон тодорхой найман шаардлагыг хангасан тохиолдолд МАН АН-тай хамтарч Засгийн газар байгуулах боломжтой гэдгийг илэрхийлсэн аж.

Categories
мэдээ улс-төр

АН, МАН-ын ажлын хэсэг танилцуулгаа хойшлууллаа

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Су.Батболд нар өнөөдөр 17.00 цагаас ямар шийдэлд хүрсэн талаараа Төрийн ордонд хэвлэлийн хурал хийхээр товлосныг мэдээлсэн. Гэвч уг хэвлэлийн хурлыг хойшлуулжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгээс зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулсан билээ. Тус намын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг ахалж байгаа аж. Ажлын хэсэг МАН-ын ажлын хэсэгтэй арваад удаа уулзалт хийсэн байна. МАН-ын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Су.Батболд ахалж байгаа юм. Хоёр намын ажлын хэсгийнхэн шинээр байгуулагдах Засгийн газарт хамтрах эсэх, улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох зэрэг асуудлаар хэлэлцээ хийгээд байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

Санал асуулгаар МАН засагт орохыг 52.6 хувь нь дэмжжээ

МАН-ын “Стратеги” академиас МАН Засгийн газарт орж, хамтрах эсэх асуудлаар ард иргэдийн дунд энэ сарын 25-наас 27-ны хооронд судалгаа явуулсан байна. Энэхүү судалгааныхаа талаар “Стратеги” академиын тэргүүн Я.Төмөрбаатар мэдээлэл хийлээ. Судалгаанд Улаанбаатар хотын есөн дүүрэг, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймгийн нийт 2500 иргэн хамрагджээ.

Судалгааны урьдчилсан дүнгээс харахад Улаанбаатар хотын иргэдийн 63 хувь нь, хөдөө орон нутгийн иргэдийн 47 хувь нь “МАН Засагт орж ажиллах нь зөв” гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, нийлбэр дүнгээр 52.6 нь дэмжиж, 47.4 хувь нь эсэргүүцжээ. Харин тус намын мэдээлж байгаагаар судалгаанд оролцсон хөдөөгийн иргэдийн 69.2 хувь нь нам бус иргэд байсан гэнэ. Мөн Улаанбаатар хотын иргэдийн 35.9 хувь нь МАН засагт орох нь “Улс орон эдийн засгийн хямралаас хурдан гарах байх” гэж хариулсан байна.

Дашрамд дурдахад, МАН-ын Бага хурал анх эхлэхдээ 63.5 хувьтай байсан бол одоогоор 310 гишүүнээс 250 нь ирж 75 хувийн ирцтэйгээр хурал үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын дарга М.Энхболд илтгэл тавьж байна

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан “Тусгаар тогтнолын ордон”-д эхэллээ. Хуралдаан 63.5 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд яг одоо МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьж байна. Эх сурвалжуудын хэлж байгаагаар МАН АН-тай Засгийн газарт хамтрахгүй, харин улс орны хэмжээний томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд шийдлийн Засгийн газрыг дэмжиж ажиллана гэдэг урьдчилсан шийдвэрт хүрээд байгаа гэх мэдээ байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бага хурал нээлттэй болно

МАН-ын 2-р бага хурал өнөөдөр 13 цагаас товлогдоод буй. Уг хурлыг ард түмэн, сэтгүүлчдэд нээлттэ хүргэх зорилготойгоор МАН-ын ОНХМТГ-аас наймдугаар давхарт хэвлэлийн нэг цэгийн үйлчилгээ нээж ажиллуулах гэж байна. Энэ хэсэгт сэтгүүлчдийг интернэтээр хангахаас гадна цай, ундаар үйлчлэх гэнэ. Мөн ярилцлагын хэсэг, мэдээллийн төв гэсэн дөрвөн хэсэгтэйгээр ажиллахаар болсон байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөл хамтрахыг дэмжлээ

МАН-ын удирдах зөвлөл өнөө өглөө хуралдаж АН-ын зүгээс тавьсан хамтран ажиллахыг саналыг дэмжиж, бага хурлаараа хэлэлцүүлэх шийдвэр гаргасан байна. МАН, АН-ын зөвшилцлийн ажлын хэсэг өчигдөр хуралдаж бодлогын томоохон асуудлуудаар тохиролцоонд хүрсэн аж. МАН-ын бага хурал 13.00 цагт эхэлж удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг баталгаажуулах нь тодорхой гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байна.