Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад баярын цахилгаан илгээжээ

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Ахмет Давутолу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн цахилгаан утас ирүүлсэн байна. А.Давутолу цахилгаан утсандаа Монгол, Туркийн бэхжин гүнзгийрч буй ах дүүгийн нөхөрсөг харилцааг шинэ Засгийн газар улам дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Өнөөдөр 09 цагт хуралдах байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан тодохойгүй хугацаагаар хойшиллоо. Тус байнгын хороо хэрэв хуралдсан бол өчигдөр Ерөнхий сайдын зүгээс Их хурлын даргад өргөн барьсан Засгийн газрын бүтцийн талаарх асуудлыг хэлэлцэх байсан юм. Байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүйн дээр хэлэлцэх асуудалтай холбоотойгоор зарчмын зарим зүйлс дээр нэгдсэн ойлголцолд хүрэхийн тулд хойшлуулсан гэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал хуралдсаны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны орох юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /14.12.03/ хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төслийн талаар хэлэлцлээ.Төслийн танилцуулгын дараа гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн. А.Тлейхан, Ц.Нямдорж, Ц.Баярсайхан нарын гишүүд өмнө хэрэгжүүлсэн Тогтвортой амьжиргаа 1, 2 төслийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар ажлын хэсгээс асуугаад уг төсөл нь маш олон зүйл рүү орж буруу төлөвлөгдсөн. Өмнө хэрэгжүүлсэн байдлаас харахад төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байгаа. Суманд төслийн мөнгөөр сайн засаглал хөгжүүлнэ гэх мэт дэмий зүйлд мөнгө үрэх шаардлага байхгүй. Зээл хэдий урт хугацаатай ч төлж барагдуулах нь зайлшгүй тул бусад хөгжлийн хэрэгцээнд зориулсан төслийг зээлээр санхүүжүүлэх шаардлагатай байгаа тухай хэлж байв.

Энэхүү зээлийн хэлэлцээрийн төсөл нь орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой нэн тэргүүний ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой 16.100.000 зээлжих тусгай эрх (ЗТЭ)-тэй тэнцэх хэмжээний санхүүжилттэй гурав дахь удаагаа үргэлжлэн хэрэгжих төсөл юм байна. Зээлийн хөрөнгийн хүүгийн хураамж нь жилд 1.25% байх бөгөөд зээлийг 20 жилийн хугацаанд барагдуулахаар тусгажээ.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад “Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Байнгын хороо санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байгын хороонд хүргүүлэх юм.

Үүний дараа Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсад өнөөгийн байдлаар үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэхээр нийт 480 гаруй бодлогын баримт бичиг 1991–2013 оны хооронд баталсанаас 190 гаруй нь хугацааны хувьд хүчинтэй байна. Эдгээр бодлогын баримт бичгүүд нь үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй байна. Түүнчлэн хэрэгжих хугацаа, бодлогын зорилго, зорилт давхацсан, хоорондын уялдаа сул байгаагаас хэрэгжилт хүсэн хүлээсэн үр дүнд хүрэхгүй байна. Бодлогын баримт бичгүүдийн хэрэгцээ, шаардлагын үндэслэл, тооцоо, судалгаа нь хангалттай түвшинд хийгдэж санхүүгийн эх үүсвэртэй зохистой түвшинд уялдаагүй байгаа нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагын улмаас энэхүү төслийг боловсруулжээ.


Хэлэлцүүлгийн үеэр Ц.Нямдорж гишүүн, төслийг Засгийн газрын бүтцийн асуудал шийдэгдэж, салбарын сайдууд томилогдсоны дараа сайд нарыг нь байлцуулж, саналыг нь тусган хэлэлцэх шаардлагатай байна. Иймд энэ удаад хэлэлцэх асуудлуудаа түр хойшлуулаад шинэ Засгийн газрын сайд нарт нь асуудлаа судлан, оруулж ирэх боломж олгох саналтай байна хэмээв. Түүний гаргасан саналын талаар тус байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, Засгийн газар хуулийн төслийг хэлэлцүүлгийн аль ч шатанд нь татаж авах боломжтой учир төслүүдийн хэлэлцэх эсэхийг нь шийдээд, нэгэнт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд явах нь зөв гээд хуралдааныг цааш үргэлжлүүлэн санал хураалт явуулав. Энэ удаад харин хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн болно.


Үүний дараа Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлуудын хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч Г.Уянга гишүүн мөн санал гаргаж, түүний саналыг гишүүд дэмжсэнээр үлдсэн асуудлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар тогтлоо. Тэрээр, Засгийн газрын сайд нар томилогдоогүй, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байхгүй яамны ажилтнууд сууж байгаа нь зохимжгүй байна. Тиймээс хуралдааныг хойшлуулах саналтай байна хэмээсэн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана

БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Хөшөөт, Цайдам нуур, Гацууртын ордуудын тухай, хэлэлцэх эсэх/.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/;
  • Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэгт/;
  • Бусад.
Categories
мэдээ улс-төр

2.6 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжив

Монголын хөрөнгийн биржийн энэ өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай явагдах Засгийн газрын үнэт цасны арилжаанд, 2.6 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй нийт 26.816 ширхэг хувьцаа худалдан авах захиалга иржээ. Тус үнэт цаасыг жилийн 15.96 хувийн өгөөжтэй худалдах юм. Дээрх саналыг Сангийн яамны зүгээс 100 хувь нийлүүлэлтийг баталгаажууллаа. Энэхүү арилжаанд хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниуд оролцсон байна.

Categories
мэдээ улс-төр

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Турк улсад айлчилж байна

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид өчигдрөөс эхлэн хоёр өдөр Бүгд Найрамдах Турк улсад зочилж, тус улсын шүүхийн шинэчлэлийн явцтай танилцаж байна. Тус улсын Шүүх, прокуроруудын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Метин Яндырмаз, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нар уулзалт хийж, зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай харилцан мэдээлэл хийв.

Мөн шүүхийн зөвлөлүүдийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, шүүхийн шинэчлэлийн талаарх туршлага судлах тухай ярилцжээ. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид Туркийн Хууль зүйн академид зочилж, хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав. Уг баримт бичигт жил бүр Монголын 40-өөс доошгүй шүүгчдийг Туркийн Хууль зүйн академийн сургалтанд хамруулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны материал солилцох, техникийн туслалцаа үзүүлэх талаар тусгажээ.

Categories
мэдээ улс-төр

20,9 км замын ажлыг гүйцэтгэх санамж бичиг байгуулав

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга БНХАУ-ын CRCC төрийн өмчит компанийн дэд ерөнхийлөгч Ху Фан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр БНХАУ-ын нэр хүнд бүхий CRCC төрийн өмчит компани Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж, Баянзүрхийн товчооноос Налайхын чиглэлийн 17.5 км авто замын ажил болон Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо чиглэлийн 3.4 км авто зам, тус чиглэл дахь 288 метр гүүрийн ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэхээр болж, талууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн энэхүү компани нь нийслэлийн орон сууцны барилга угсралтын ажилд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Та бүхнийг нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг болж байгаад талархаж байна. Бидний хамтран хэрэгжүүлэх гэж байгаа ажлууд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн эхлэл бөгөөд цаашид олон төсөл дээр Та бүхэнтэй харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн төсвийн эцсийн хэлэлцүүлэг болно

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн дагуу нийслэл ирэх оны оныхоо төсвийг иргэдийн оролцоотой боловсруулж төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хоёр хэлэлцүүлгээр хэлэлцэж, батлахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу төсвийн эхний хэлэлцүүлгийг Нийслэлийн ИТХ-ын 11 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар хийж, нийслэлийн ИТХ-ын хороод, намын бүлгүүдээр хэлэлцүүлэх ажил үргэлжилж байна.

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 4-ний өдөр хийх бөгөөд төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, Өмчийн концессын зүйлийн жагаалт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтийг хэлэлцэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн юм. Энэхүү зээлийн хэлэлцээрийн төсөл нь орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой нэн тэргүүний ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой 16.100.000 зээлжих тусгай эрх (ЗТЭ)-тэй тэнцэх хэмжээний санхүүжилттэй гурав дахь удаагаа үргэлжлэн хэрэгжих төсөл юм байна. Зээлийн хөрөнгийн хүүгийн хураамж нь жилд 1.25 хувь байх бөгөөд зээлийг 20 жилийн хугацаанд барагдуулахаар тусгажээ. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэнээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ улс-төр

Оксфорд бизнес группын үүсгэн байгуулагчтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Оксфорд бизнес группын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрю Жеффризийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монголын эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, тус группээс эрхлэн гаргадаг тайлангийн энэ оны дугаарт орох ярилцлага болон бусад мэдээ материалуудын талаар санал солилцов.

Оксфорд бизнес групп нь дэлхийн 33 оронд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2010 оноос Монголын макро эдийн засгийн тайланг жил бүр хэвлэж, дотоодын эдийн засгийн талаарх бодитой мэдээ, судалгааг дэлхий нийтэд хүргэж иржээ. Тус байгууллага нь Монголын уул уурхай, банк санхүү, дэд бүтэц зэрэг макро эдийн засгийн 17 салбараар тайлан гаргадаг байна.