Categories
мэдээ спорт цаг-үе

“Улаанбаатар ММС энержи” баг олимпийн аваргуудыг хожлоо

Сагсан бөмбөгийн ФИБА 3х3 төрлийн Мексикийн Их дуулга тэмцээн энэ сарын 7-8-ны хооронд үргэлжлэн явагдаж байгаа билээ.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй “Улаанбаатар ММС энержи” баг хэсгийн эхний тоглолтод Олимпийн Аваргууд болох Латви улсын Рига багийг 21:20 харьцаатай хожиж хэсгийн эхний ялалтаа авлаа.

Categories
мэдээ нийгэм спорт

Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Бакугийн Гранд Сламын хоёр дахь өдрийн барилдаанууд болж байна.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг болон эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг-ын жингийн барилдаанууд болох хуваарьтай. Монгол Улсаа төлөөлөн долоон жүдоч барилдаж байна.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар ОХУ-ын тамирчин Казхалевтай барилдаж, торгуулиар ялалт байгуулж, хүрэл медаль хүртлээ.

Categories
мэдээ спорт

Д.Батсүмбэрэл АНУ-ын тамирчинг яллаа

Америкийн холимог тулааны “Legacy Fighting Alliance” холбооны 117 дахь тэмцээн АНУ-ын Калифорни мужийн Пресно хотод зохион байгуулагдлаа. Монгол Улсыг төлөөлж “Хилчин спорт хороо”-ны тамирчин хошууч Д.Батсүмбэрэл 77 кг жинд өнөөдөр Монголын цагаар 10.00 тулалдлаа.

Тамирчин Д.Батсүмбэрэл АНУ-ын тамирчин Emilio Williams-ыг I үед боолт хийж хугацаанаас өмнө яллаа. Ингэснээр манай тамирчин найм ялж, хоёр ялагдаад байгаа юм байна.

Хилчин тамирчингийн хувьд Mонголын холимог тулааны MGL-1 холбооны 77 кг жингийн гурван удаагийн аварга, DragonHouse холбооны 77 кг жингийн аваргын бүсийг 2017 онд эзэмшсэн юм.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр манай долоон жүдоч барилдана

Жүдо бөхийн Бакугийн Гранд Сламын хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр (2021.11.06) болно. Энэ өдөр эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг болон эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг-ын жингийн барилдаанууд болох хуваарьтай. Монгол Улсаа төлөөлөн долоон жүдоч барилдана.


Эрэгтэйчүүдийн -73 кг

  • Ц.Цогтбаатар жингийнхээ чансааг тэргүүлсэн учир эхний тойрогтоо гоц мөргөлөө. Харин хоёрдугаар тойрогтоо Японы Рёо Цүкамото болон Азербайжаны Руфат Маммадов нарын ялсантай нь барилдана.
  • О.Уранбаяр эхний тойрогтоо Японы Кэн Оёошитой учраа таарлаа. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Азербайжаны алдарт Рустам Оружовтой барилдана.

Эрэгтэйчүүдийн -81 кг

  • Б.Мөррэнцэн эхний тойрогтоо Азербайжаны Карим Маммодовтой учраа таарчээ. Хэрэв ялалт байгуулбал хоёрдугаар тойрогтоо Молдовын Дорин Готоноагатай барилдана.
  • Г.Болор-Очир эхний тойрогтоо гоц мөргөлөө. Харин хоёрдугаар тойрогтоо Канадын Франкоис Гаутьер Драпеау болон Бразилын Эду Ловган Рамос нарын ялсантай нь барилдана.

Эмэгтэйчүүдийн -63 кг

  • С.Лхагвадулам эхний тойрогтоо Японы Мэгүми Хорикаватай учраа таарлаа. Хэрэв ялвал дараагийн тойрогтоо Венесуэлийн Анрикуэлис Барриостой барилдана.
  • Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөлөө. Харин хоёрдугаар тойрогтоо Чехийн Рената Зачоватай учраа таарав.

Эмэгтэйчүүдийн -70 кг

  • Ц.Энхчимэг эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Германы Жулье Хоэлтерхоффтой учраа таарлаа.
Categories
мэдээ нийгэм спорт

Белград-2021: ​Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ

“Белград-2021” 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өчигдөр шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар тун харамсалтай ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Софиа Шифлийг оноогоор цэвэр (13:0) яллаа. Э.Дэлгэрмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “U-23” ангиллын ДАШТ-ээс 11 дэх медалийг эх орондоо авчирч байна.
Белградын дэвжээнд манай хоёр эмэгтэй тамирчин оролцож байгаа бөгөөд 53 кг-ын жинд ОУХМ М.Мөнхгэрэл шөвгийн наймд залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучууд, 23 хүртэлх насны Европын аварга ОХУ-ын Екатерина Вербинад 0:10-ээр ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар маргааш дагаж барилдана.
Categories
мэдээ спорт цаг-үе

Тамирчид дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдлаа

ЭМЯ, НЭМГ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Спортын төв ордонтой хамтран тамирчдыг өнөөдөр дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрууллаа. Нийт 350 тамирчин Пфайзер болон Синофарм вакцины сонголттой III тунгийн дархлаажуулалтад хамрагдаж буй юм.

Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц “Соёл урлаг, спортын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй, III тунд хамрагдсан бол түргэвчилсэн шинжилгээ шаардахгүйгээр явуулах болсон. Манай салбар хоёр жилийн хугацаанд гацаанд орлоо. Дотоодод спортын ямар ч үйл ажиллагаа болоогүй. Тиймээс хүнд байдлаас гарах боломж бол III тун гэж харж байна. Тамирчид болоод спорт сонирхогчдын хувьд нэмэлт тун хийлгээд спортын тэмцээн уралдаанд оролцох, үзэж сонирхох боломжтой болж байна. Тиймээс спортын салбарынхан вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн. Мөн ирэх даваа гарагаас Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан, багш нар вакцинаа хийлгэнэ. Нийт спорт сонирхогчдодоо хандаж III тундаа хамрагдаарай гэж уриалж байна” гэлээ.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын эмч Ц.Даваажав “Ковид-19”-ийн халдвар авч, өвчилсөн бол эдгэрээд 21 хоносны дараа III тундаа хамрагдаж болно. Баянгол дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 23 явуулын баг ажиллаж байна” хэмээв.

Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар “Би хэвийн амьдралдаа шилжихийн тулд III тунг өнөөдөр хийлгэж байна. Дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаад, урлаг, спортын арга хэмжээ, бусад үйл ажиллагаа хэвийн үргэлжлээсэй гэж хүсэж байна. Хүн бүр өөрийн хариуцлагын хүрээндээ, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө нэмэлт тундаа хамрагдаарай” хэмээн уриаллаа.

Categories
мэдээ спорт

Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-7-ны өдрүүдэд Сербийн нийслэл Белградад болж байна. Энэ тэмцээнд Монголоос эрэгтэй тав, эмэгтэй хоёр, нийт долоон тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзэж явна.

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа салхийг хагалж, шөвгийн наймд Оросын Вусала Парфиановичэд 3:3-аар харамсалтай ялагдсан. Түүний өрсөлдөгч нь хагас шигшээд ялалт байгуулснаар манай бөх өнөөдөр/2021.11.04/ Германы Софиа Шифльтэй хүрэл медалийн төлөө барилдана.

Монголын бөхчүүд 23 хүртэлх насны ДАШТ-ээс хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медаль хүртээд байна.

Белградад зодоглох Монгол эрэгтэй тамирчид:

  • 57 кг: Б.Мөнх-Эрдэнэ
  • 61 кг: Н.Наранхүү
  • 70 кг: Б.Сандуйжадамба
  • 79 кг: Д.Батзул
  • 92 кг: Д.Оргилох

Эмэгтэй тамирчид:

  • 53 кг: М.Мөнхгэрэл
  • 68 кг: Э.Дэлгэрмаа
Categories
мэдээ спорт

Г.Ганбаяр Олон улсын хэмжээний мастер цол хүртлээ

Монголын шигшээ баг төдийгүй Унгарын “Пушкаш академи”-ийн тоглогч Ганболдын ГанбаярОлон улсын хэмжээний мастер цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.

Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцохоор эх орондоо ирсэн Г.Ганбаярт МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар цол тэмдэгийг нь гардуулсан юм.

Г.Ганбаяр нь Монгол улсаас Европ тивийн клубтэй мэргэжлийн хөл бөмбөгчиний гэрээ байгуулсан анхны тоглогч гэдгийг хөл бөмбөг сонирхогчид мэднэ.

2013 оноос Монгол улсын 14, 17, 19, 23 хүртэлх насны шигшээ багуудад тоглож ирсэн Г.Ганбаяр өдгөө үндэсний шигшээ багт дуудагдан, тоглож байгаа билээ.

Categories
мэдээ спорт

Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар ДАШТ-ээс тавдугаар байр эзэллээ

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо ес дахь өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн шөнө -67 кг жингийн шөвгийн наймд ОУХМ Баатарсүхийн Чинзориг Казахстаны Аблайхан Жуссиповтой тулалдан 5-0 харьцаагаар ялагдсанаар тавдугаар байр эзэллээ.Харин -48 кг жингийн шөвгийн наймд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Беларусийн Яахени Кармилчуктай тулалдан нэгдүгээр үед шүүгчийн шийдвэрээр ялагдсанаар мөн тавдугаар байр эзлэв.

Боксын ДАШТ-ийг зорьсон манай улсын 8 тамирчин ийнхү тэмцээнээ дуусгалаа.

Бусад тамирчид:

  1. -57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.
  2. -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.
  3. -60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
  4. -71 кг жингийн 32-т Отгонбаатарын Бямба-Эрдэнэ айландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсан.
  5. -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
  6. -54 жинд Энх-Амгалангийн Баярсайхан Барбадосын Жабали Бридитэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
Categories
мэдээ спорт

Мэргэжлийн сумогийн шинэ эрэмбэ гарлаа

Сумогийн холбоо арваннэгдүгээр сарын “банзүкэ” буюу бөхчүүдийн эрэмбэ чансаагаа танилцууллаа.

“Озэки”, “сэкивакэ” цолтнуудад өөрчлөлт ороогүй бол Шодаи, Такакэишо нар озэки цолтойгоо, Митакэүми, Мэисэи нар “сэкивакэ” цолтойгоо тус тус барилдана. Харин Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар “сэкивакэ” цолтой зодоглоно. Өдгөө 25 настай Кирибаяама Б.Лхагвасүрэн 2015 оноос “саняакү” цолонд хүрч буй анхны Монгол, 26 дахь гадаад бөх болж байна. Хамгийн сүүлд 2015 оны гуравдугаар сард “Тамаваши” Б.Мөнх-Оргил, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар “саняакү” цолны босгыг алхаж байв.

Мөн Шохозан 37 насандаа дээд зиндаанд эргэн ирлээ.

Кюүшү башё энэ сарын 14-нд Фүкүока Кокүсаи төвд эхэлнэ. Сонирхуулахад, их аварга Хакүхо М.Даваажаргал зодог тайлснаар Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ “ёкозүна” цолтой ганц бөх болоод байна.

Энэ удаагийн кюүшү башёд зодоглох Монгол бөхчүүд:

Макүүчи зиндаа:

Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан

Жүрёо зиндаа:

Дайшохо Ч.Шижирбаяр, Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд

Макүшита зиндаа:

Хокүтэнкай Г.Сүхбат, Сакигакэ Я.Баттүшиг, Тамашохо Э.Энхманлай, Ёшояама Б.Анхбаяр, Дэванорюү Т.Тэмүүлэн, Саданохикари Д.Наранцогт

Жонидан зиндаа:

Араүма Б.Төртогтох, Хокүтомарү Н.Чинзориг