Categories
мэдээ спорт

Г.Эрхэмбаяр Бразил жюү жицүгийн Дэлхийн аварга боллоо

АНУ-ын Лас Вегас хотод болж буй Бразил жюү жицүгийн мастерс ангиллын тэмцээнд Улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүллээ.

Тэрээр бор бүсний М3 ангиллын +100 кг жинд барилдан дэлхийн аварга боллоо.

Өнөөдөр манай улсын хоёр тамирчин мастерс ангилалд медаль хүртээд байсан гэж Монголын жюү жицүгийн холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ спорт

AIBA-гийн ерөнхийлөгч Умар Кремлёв Монгол Улсад айлчилж байна

Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар AIBA буюу Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв манай улсад хоёр өдрийн хугацаатай айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Үндэсний шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчид, хүүхдүүдтэй “Ган зам” спортын төв дээр бэлтгэл хийж, “Буян-Ухаа” спорт ордон болон “Steppe areana” мөсөн өргөөний үйл ажиллагаатай танилцах юм. Мөн үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, Биеийн тамир спорт хорооны удирдлагуудтай уулзана.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч, Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны аравдугаар сарын 25-наас арваннэгдүгээр сарын 6-ны өдрүүдэд Серби улсын нийслэл Бельград хотод болсон боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр олон уулзалтууд хийсний эхлэл нь энэхүү айлчлал болж байна.

Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв нь 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд болсон хурлаар олонхийн санал авч, АЙБА-гийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр тамирчдын амжилтын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж, энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөр шагналын сантай зохион байгуулсан байна. Жин тус бүрт түрүүлсэн тамирчдад 100 мянга, мөнгөн медаль хүртсэн тамирчдад 50 мянга, хүрэл медаль хүртсэн тамирчдад 25 мянган ам.долларын шагнал олгосон юм.

Categories
мэдээ нийгэм спорт үндэсний-бөx

“Бүх цэргийн наадам -2021” бямба гаригт болно

Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” ирэх Бямба гариг буюу 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд цэрэг, хүчний 5 спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглоно.

Идэр залуу, эрмэг хурц барилдаант залуусынхаа онц сонирхолтой барилдааныг хүрэлцэн ирж үзэн, сэтгэлийн цэнгэл эдлээрэй. Тасалбар маргааш www.ticket.mn-ээр борлуулагдаж эхэлнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Categories
мэдээ спорт

Өвлийн олимпийн бэлтгэл бүрэн хангагджээ

БНХАУ Бээжингийн 2022 оны өвлийн олимпийг Бээжин, Жанчхүү, Яньчин гэх гурван газарт хуваарилан зохион байгуулна. Одоогийн байдлаар олимпийн 12 ордон, талбай, барилга байгууламжийг ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөөд байгаа талаар CCTV мэдээллээ. Тухайн бүсүүдэд цагаан олимпыг угтсан өвлийн спортын олон улсын тэмцээн уралдааныг удаа дараа амжилттай зохион байгуулж, бэлтгэл туршилтыг хангалттай хийж гүйцэтгэжээ.

Бээжин дэх “Шувууны үүр” үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпийн нээлт, хаалтын ёслолын арга хэмжээ, “Мөсөн тууз” хэмээн нэрлэгддэг Тэшүүрийн үндэсний төв ордонд олимп, паралимпын тэшүүртэй гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах юм байна. Бээжингийн хамгийн том үйлдвэр байгаад хаягдсан районыг шинээр засварлан тохижуулж байгуулсан цанын спортын “Шөүган” төв нь дэлхийн хамгийн анхны байнгын ажиллагаатай снөүбордын харайлтын тавцан бөгөөд өвлийн олимпийн түүхэнд анх удаа аж үйлдвэрийн байгууламжийг дахин ашиглаж бүтээсэн тэмцээний талбай гэдгээрээ онцлог болжээ. “Усан шоо” хэмээн нэрлэгддэг Усан спортын үндэсний төвийг “Мөсөн шоо” болгон өөрчилж, өвлийн олимпын кёрлингийн тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэсэн байна. Харин хоккей, богино зайн тэшүүр, уран гулгалт зэрэг төрлийг Ү Кэсүний спортын төв ордон болон Бээжингийн спортын төв ордонд хийх ажээ.

Жанчхүүгийн тэмцээний бүсэд олон улсын стандартаар байгуулсан Үндэсний цанын спортын төвд цанын харайлтын таван төрөлт тэмцээн болон Нордикийн тэмцээнийг зохион байгуулна.

Бээжингийн хойд хэсэг дэх алслагдсан дүүрэг Яньчинд олимпийн хоёр шинэ ордон бүхий спортын их талбайг байгуулсан бөгөөд Уулын цанын үндэсний төв Хятад улсын хамгийн өндөр зэрэглэлийн тусгай замтай. “Цасан луу” хэмээгдсэн энэхүү чарганы замын нийт урт нь 1.9 километр, 16 хэсэг тахиралдсан хийцтэй бөгөөд техникийн хамгийн өндөр ур чадвар шаардсан байгууламж болжээ.

Categories
мэдээ спорт

Б.Баттулгад Гавьяат дасгалжуулагч, Б.Болортуяад Гавьяат тамирчин цол хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Токио-2020” олимп болон паралимпийн наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн дээд одон медаль гардуулахаар болжээ.

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулгад Гавьяат дасгалжуулагч, “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяад гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.

Шагналыг маргааш 14:00 цагаас Төрийн ордонд гардуулна.

Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш салбартаа амжилт гаргасан хүмүүст төрийн дээд одон, медаль гардуулахаар болжээ.

Тухайлбал, “Токио 2020” паралимпын наадмын аварга, Риогийн паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгох юм байна.

Мөн хүндийг өргөлтийн спортын дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Ц.Хосбаярт Гавьяат дасгалжуулагч цол олгох юм.

Categories
мэдээ нийгэм спорт

Өвлийн олимпийн тамирчдад тэтгэлэг гардууллаа

ОУОХ-ноос хэрэгжүүлдэг Olympic solidarity хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны олимпын наадамд оролцох тамирчдад тэтгэлэг олгодог. Өмнөх “Токио-2020” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт 17 тамирчин хамрагдсанаас 12 нь олимпын эрхээ аван өрсөлдөж байв. Харин“Бээжин-2022” өвлийн олимпын тэтгэлэгт дөрвөн тамирчин 2019 оноос хойш хамрагдаж буй бөгөөд 2022 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм.

Энэхүү хөтөлбөрт хамрагдаж буй тамирчин нь спорт холбоо, МҮОХ, ОУОХ-той хамтарсан гэрээ байгуулснаар тэтгэлэг хүртэх бөгөөд тамирчин нэг сарын 750 ам.доллар буюу дөрвөн сар тутам 3000 ам.долларын тэтгэлэг авч байна. Бээжингийн олимпын тэтгэлэгт энэ удаа цанын ОУХМ Б.Ачбадрах (“Пёнчан-2018” өвлийн олимпод оролцсон), Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, тэшүүрийн ОУХМ А.Зул нар хамрагдаж байгаа юм. Тамирчдын тэтгэлгийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулж өглөө.

Энэ үеэр өвлийн олимпын эрхийн нөхцөл байдлын талаар холбоодын төлөөлөл мэдээлэл өгсөн юм. Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гэрэлт-Од “Нэгдүгээр сарын 16-нд Олон улсын цанын холбоо (FIS)-ны эцсийн чансаа гарна. Энэ үеэр олимпын эрхийн байдал албан ёсоор тодорхой болох юм. Ямартай ч урьдчилсан байдлаар олимпын хоёр эрх аваад байна.

Манай тамирчид энэ ондоо дөрөв, он гаргаад хоёр тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Одоо оролцох Дэлхийн цомын зургаан гараандаа сайн уралдвал эрхийн тоогоо дахин нэгээр нэмэх боломжтой. Тэмцээн бүртээ FIS-ийн 100-гаас доош оноо авах буюу шилдэг тамирчдын эгнээнд орж байж олимпын эрх нэмэгдэнэ. Одоо тамирчдын маань хичээл зүтгэл, уралдааны үзүүлэлтээс бүх зүйл хамаарна.

Холбооны зүгээс тамирчдын бэлтгэл сургуулилтад нэлээд анхаарсан. Зуны сэргэлтийн бэлтгэлийг Монголдоо хоёр удаа хийсэн. Үргэлжлүүлээд шууд Швейцар улсыг зорьж, зун, намрын бэлтгэлээ базаалаа. Одоо Монголдоо ирж, БТСУХ-ны Спортын эрдэм шинжилгээний төв дээр эрүүл мэндийн үзлэгт орж, сэргэлтийн эм витаминаа хийлгэлээ. Энэ сарын 11-нд дахин Швейцарыг зорьж, швейцар дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийж, тэмцээнд орж байгаад нэгдүгээр сарын 19-нд Монголдоо ирэхээр төлөвлөөд байна” гэв.

Харин Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл “Гүйлтийн тэшүүрийн тамирчид Дэлхийн цомын эрхийг биелүүлж, олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор болсон нь сүүлийн таван удаагийн олимпын мөчлөгийн хувьд анхны тохиолдол болж байна. Манай тамирчид Ковидын улмаас хоёр жилийн турш олон улсын тэмцээнд оролцоогүй, мөсөн дээр бэлтгэл бага хийсэн ч гэсэн амжилт харьцангуй сайн байна. Ялангуяа ОУХМ А.Зул, Я.Зоригтбаатар нар улсынхаа рекордыг шинэчлэн тогтоож байна.

Олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулдаг Дэлхийн цомын тэмцээний эхний цуврал арваннэгдүгээр сарын 12-14-нд Польшид болно. Манай тамирчид энэ тэмцээнд оролцохоор өнөөдөр Америкаас нисэж байна. Дараагийн цувралууд арванхоёрдугаар сард АНУ-ын Солт Лейк, Канадын Калгари хотод болно. Бид бүгдэд нь орохоор төлөвлөсөн.

Өмнө нь зохиогдсон Америкийн цомын аварга шалгаруулах тэмцээний бөөн гараатай төрөлд А.Зул хоёрт, Я.Зоригтбаатар наймдугаар байрт орсон. Тамирчдынхаа тэмцээнд орж байгаа байдлыг харахад олимпын эрх авчих болов уу гэсэн найдлага байна” хэмээн ярилаа.

Эх сурвалж: МҮОХ

Categories
мэдээ спорт

Ө.Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч боллоо.

2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Завхан нутгийн бүсгүй тэрбээр тивийн шүүгчдийн шалгалтыг давж Монгол Улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байгаа юм. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч гэдгийг онцлох нь зүйтэй.

МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчиддээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгчид ийнхүү олон улс, АХБХ-ны элит зэрэгт хүрдэг.

АХБХ-ны Элит туслах шүүгч болсон Ө.Батцэцэгдээ удахгүй олон улсын тэмцээн дээр ажиллах томилгоо авч, амжилттай шүүн явуулахыг хүсье.

Categories
мэдээ спорт

ДАШТ: Н.Наранхүү, Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн залуучуудын буюу 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Тус тэмцээнийг манай улсын долоон тамирчин зорьсноос эмэгтэйчүүдийн -68 кг жинд Э.Дэлгэрмаа, эрэгтэйчүүдийн -61 кг жинд Н.Наранхүү нар хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн -53 кг жинд М.Мөнхгэрэл тавдугаар байр эзэлсэн.

Categories
мэдээ спорт цаг-үе

Баку-2021: Монголын жүдочид Их дуулгаас таван медаль хүртлээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн, Бакугийн их дуулга өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Тус тэмцээнийг манай улсын 22 тамирчин зорьсноос 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр наймдугаар байр эзэллээ.

Тодруулбал

  • эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч мөнгө
  • эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн мөнгө
  • эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой хүрэл
  • эрэгтэйчүүдийн -73 кг жинд Ц.Цогтбаатар хүрэл
  • эрэгтэйчүүдийн +100 кг жинд О.Цэцэнцэнгэл хүрэл медалийг тус тус хүртлээ.

Мөн

  • эрэгтэй -60 кг жинд Э.Сумъяабазар тав
  • эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг тав
  • эмэгтэй -57 кг жинд Л.Энхрийлэн тав
  • эмэгтэй -70 кг жинд Ц.Энхчимэг долоо
  • эмэгтэй -78 кг жинд Б.Эрдэнэт-Од долоодугаар байрыг тус тус эзэллээ.

Медалийн дүнгээр Япон улс 5 алт, 1 мөнгө 4 хүрэл медальтайгаар Бакугийн их дуулгад тэргүүллээ.