Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд, Шадар сайд, дэд сайд, УИХ-ын гишүүнтэй луу жилтнүүдийн анги

“Дараа уулзахад минь хавар байг

Дахин золгоход минь амар байг” гэсэн үг улсын тэргүүний лаборатори Нэгдүгээр дунд сургуулийн 1982 оны 42 дахь төгсөлтийнхний уриа үг юм. Тэртээ 1972 оны намар улиасны навчис газар шүргэх, ухааныхаа дайдад эрдэм өвөртлөх тэр л цагт сургуулийн босгыг алхацгаажээ. Тухайн цаг үеийн хүүхдүүд ямар байсан билээ дээ. Эрэгтэйчүүдийг нь эмэгтэйчүүдийнх нь дэргэд суулгахад нь ичингүйрсэн харцаар л анх биесээ харсан нь дамжиггүй. Тэдний хувьд үнэхээр л уулзах бүр нь хаврын налгар өдөр байдаг тул байгаль дэлхий өнгөө сэргээх цагийн салхин дунд уулзах дуртай гэдгийг төгсөлтийнхөн бүгд дуу нэгтэй хэлж байсан юм. Наймхан настай наалинхай хонгор ааштай бичгийн ширээ­нээ учирсан тэдний хувьд 10 жилийн бэхэн цэнхэр өдрүүдээ дурсахаар хаврын урь хэдийнэ орсон байхад Бишрэлтэд уулзацгаав. 10 а, 10 б, 10 в ангиудыг азын ч гэмээр юм уу, бэлгэдлийн ч гэмээр юм уу 111-үүлээ төгсөж, амьдрал хэмээх хөлгүй далайд анхны сэлүүрээ буулгаж байжээ. Энэний, тэрний анги гэж хэлэх дургүй болохоор гурван бүлгээ нийтэд “Том” анги буюу Өмнөд Монголоор “бүдүүн” анги болгосон тухай уулзалт эхлээд удаагүй байхад сонин болгож надад дуулгасан юм. Үнэхээр тэдний төгсөлтөөс энэ цаг үедээ л лидер гэж хэлж болох толгойтой охид, хөвгүүд төгссөнийг дуулаад бахархах сэтгэл төрлөө. Учир юу гэвээс Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын гишүүд, яамдын дэд сайд, Улаанбаатар хотын захирагч, Төрийн нарийн бичгийн дарга, Монголбанк тэргүүт банкны банкирууд, мэргэжлийн хяналтынхан, эрдэм­тэд гээд бүхий л сал­барт түүчээлэгчид энэ төгсөл­тийнх. Сургуулийнхаа 90 жил, төгсөлтийнхөө 30 жилийн ойгоор сургуулийнхаа гурван кабинетийг тохижуулан, сур­лагаа­раа тэргүүлсэн 10 хүүхдэд Их сургуульд суралцах төлбөрийн тэтгэлэг өгсөн гээд сургуулиас зохион байгуулдаг бүхий л зүйлд хамгийн идэвх­тэй оролцдог нь ерөөсөө энэ төгсөлтийнхөн аж. Энэ удаагийн уулзалт нь луу жилтнүүдийн сургуулиа төгссөний 32 жилийн ойтой давхцав. “Арай л цөөхөн хү­мүүс ирчихэв үү” хэмээн 10 жилдээ “Белаз” хэмээх сүрхий хочтой явсан одоогийн Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд Ядмаагийн Төмөрбаатар хэлснээ ирсэн хүмүүсээ хараачлан бүртгэв.Эл төгсөлтийнхөн РЦНК-ийн шинэ жилд оролцож, урлаг спортын арга хэмжээнд үргэлж тэргүүн байрт шалгарч, нийгмийн идэвх сайтай манлайлагчид явцгаасан байна.

9б анги 1981 он

Уг нь ангийн бүхий л уулзал­тад оройлон оролцдог “Бүдүүн” ангийн дарга Б.Батхуяг уулзал­тын үеэр Бээжинд ажлаар яваа тул ирж амжаагүй гэдгийг Я.Төмөрбаатар хэллээ. Б.Бат­хуя­гийн хувьд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан билээ. Түүнчлэн уулзалт бүхнийг хөгжөөн наадмаар чимдэг хурандаа Дэмбэрэлийн Номт мөн л ажилтай байгаад ирж чадаагүй аж. Тэд 111-үүлээ сургуулиа төгсөхөд 104 нь улсын сургууль авч байсан гэлээ. Ер нь л бол сурлагаар манлайлна уу л гэхээс ард хоцорсон нь энэ ангид үгүй юм байна. 10 а-гийн багш нь гавьяат багш Ц.Гүррагчаа байжээ. Хожим сургуулийнхаа захирлаар олон жил ажиллаж байгаад ноднин гавьяаныхаа амралтад суужээ.

Харин 10б ангийн багш нь тухайн цаг үедээ л гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж явсан “Аман хуур” киноны Бадам бүсгүй, “Баянбулагийнхан” киноны саальчин бүсгүй буюу Ц.Эрдэнэчимэг багш гэнэ. Ц.Эрдэнэчимэг багшийнхаа тухай Б.Энхмаа ийн дурссан юм. “Манай багш цагтаа хүрээ хүүх­нүүдийн нэг явлаа. Мэргэжилдээ сайнаас гадна сургуулийн маань мисс явсан хүн шүү” гэхэд “бүдүүн” ангийн­хан дуу нэгтэйгээр дэмжсэн юм. Харин 10в-гийн багш нь Монгол Улсдаа “математикийн” хэмээн алдаршсан С.Шарав багш юм байна. Эдний төгсөлтийн талаар нэгэн зүйлийг нэмж өгүүлэхэд тэд математикийн багш Цагаан, С.Шарав, мон­гол хэлний Гомбосүрэн, физикийн Гомбожав, химийн Сумъяагарав, Пүрэвдагва гээд үнэхээр мундаг багш нараар хичээл заалгаж байсан нь тэдний нэгэн бахархал гэдэг нь ярианы өнгөнөөс нь илтэд мэдрэгдэнэ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Салдангийн Одонтуяа, Ашигт малтмалын газрын дарга Г.Өлзийбүрэнтэйгээ, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Улаанбаатарын хотын захирагчаар ажиллаж байсан өдгөөгийн МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд гэргий Ж.Туяацэцэгтэйгээ, Энхцэцэг, Амарсанаа гэхчлэн зургаан хос төрөн гарсан байх юм. Тэдний дундаас “Хонхот бүжиг” хэмээх бүжгээрээ алдаршсан Б.Энхмаа нь ангийнхаа “Белаз” Я.Төмөрбаатарыг эхнэртэй нь танилцуулсан ачтан юм байна. Б.Энхмаа Төмөрөөгийндөө очихоороо хоёр хүүхдэд нь хандаж “Би байгаагаагүй бол та хоёр байхгүй шүү” хэмээн наргидаг юм гээд инээмсэглэсэн юм. Тэгвэл 10 в-гийн Д.Адилбиш ангийнхантайгаа уулзахаар Германаас хүрэлцэн ирээд байлаа. Тэрбээр дэлхийн алдарт үйлдвэр буюу “Bosch” брэндийн компанид ахлах нягтлан бодогчоор ажилладаг. Ц.Гүррагчаа багш нь өдгөө сумогийн дэвжээнээ түүхэн амжилтын эзэн болсон ёкозуна Хакухо М.Даваажаргалын багш байжээ. Мөн Кёкүшүюзан Д.Батбаярыг сумо бөхийн зодог тайлах ёслолд Я.Төмөрбаатар бүх зардлыг нь дааж оролцуулсан тухай ангийнхан нь хууч дэлгэлээ. “Бүдүүн” ангийнхан сургуулийнхаа 90 жил, төгсөлтийнхөө 30 жилийн ойгоор Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд маш олон мод суулгаж, ангийнх нь Д.Аззаяа гэр бүлийн хамт арчилж, хамгаалан амьдардаг юм байна. Д.Аззаяа одоогоор Сэлэнгэ аймгийн газрын тосны хэлтсийн даргын албан тушаалтай.

ХААИС-ийн Эрдэм шинжилгээ сургалт, үйлдвэрллийн төвийн захирал, доктор Лхамын Даваа эдний анги. Тэрбээр Монгол Улсад анх удаа “Артишок”-ийг ангийн найз Бат-Очирын Энхмаагийн хамт нутагшуулсан байна. Энэ мэтчилэн эмч, судлаач, эрдэмтэн, агентлагийн дарга гээд энэ ангийнхны гайхам түүхүүд хөвөрнө. “Олонлог” сургуулийн захирал Б.Баясгалан, Ийгл ТВ-д ажиллаж байгаад өдгөө ТВ9 телевизийн олон улсын тоймчоор ажиллаж буй Ш.Гантулга хүртэл 1982 оны төгсөлтийнх. Монгол Улсын Ерөнхий сайд агсан Пунцагийн Жасрайгийн хүү Жанцан агсан, “Чингэс хаан” банкны захирал агсан Сайнцогт ч гэсэн ангийн нэг гишүүн. Тэдний яриа “шар” Золоо, “хар” Золоо гээд үргэлжилнэ. “Шар” Золоо гэдэг нь одоогийн Монголбанкны Ерөнхийлөгч Найдансүрэнгийн Золжаргал бол “хар” Золоо нь Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хадбаатарын Золжаргал юм байна. Монголбанкны Ерөнхийлөгч зургадугаар ангиа төгстлөө ангийн даргаар ажиллаж байгаад гэр бүлээрээ Унгар руу нүүсэн бөгөөд өнөө Х.Золжаргал нь бууриа сахиж үлдсэн байна. Мэдээж тэднийг хооронд нь ялгахын тулд ийн хочилсон хэрэг. Гэхдээ энэ төгсөлтийнхөн дунд хочгүй үлдсэн хүн бараг үгүй ажээ.

10а ангийн хамгийн сахилгагүй нь Б.Өлзийсайхан хэмээх тэнгэр баганадсан нуруутай сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин байж. Б.Өлзийсайхан ангийн анд Г.Ганхүүтэйгээ үй зайгүй найзууд явжээ. Нэгэн хөгжилтэй түүх дэлгэхэд Б.Өлзийсайхан, Г.Ганхүү хоёр цэвэрлэгээ хийхээр сургууль дээрээ очтол хоёрдугаар давхарт зургадугаар ангийн дүү нар нь зогсож байсан гэнэ. Гэтэл Өлзий цаашаа харан зогсоо хоёр хүүхдийнх нь мөрөн дээр гараа тавин “Дүү нар зодолдох гэж байгаа юм уу. Зодолд, зодолд” хэмээн хэлээтэхтэл мөрөн дээр нь гараа тавьсан хүн нь Дангаа багш нь байж таарчээ. Мэдээж үүнийг сонссон багш нь яаж зүгээр байхав жавтий хүртээж таараа шүү дээ. Тухайн үедээ нэгдүгээр сургууль гэдэг голдуу дарга нарын хүүхдүүд сурдаг, “гавал”-уудын сургууль байсан гэдэг. Тэдний ангид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Баянмөнхийн ууган охин Сүрэнжав сурдаг байжээ.

Герман улсаас анги хамт олноо санан нүүдлийн шувуу шиг хүрээд л ирсэн Дуламдоржийн Адилбиш Монголбанкны “шар” Золоо, “Чингэс хаан” банкны захирал агсан Сайнцогттой нэг анги юмсанж. 1981 оны гуравдугаар сарын наймны өдөр есдүгээр ангид байхад ангийнх нь хөвгүүд охидууддаа мартын сюрприз барихаар урилга илгээсэн байна. Үдэш оройхон ангийн охидууд нь математикийн ангидаа ороод иртэл өрөө нь тас харанхуй. Айх, гайхах зэрэгцэн суудал суудлаа олон суумагц нэг их тансагхан аялгуу зүрх гижигдэн эгшиглэж самбарын урд талд ТВ-ийн дэлгэц мэт дөрвөлжин хүрээг бий болгон дотор нь ангийнх нь Батбаасан сууж байсан аж. Яг л ТВ-ийн нэвтрүүлэг явж байгаа мэт тийм л орчныг бий болгон шүлэг уншиж, Мартын 8-ны мэнд дэвшүүлсэн байх юм. Кабинетийн арын өрөөнөөс ангийнх нь хөвгүүд бялуу барин гарч ирсэн нь ангийнхаа охидуудыг шоконд оруулжээ. Ноомой даруухан гэж боддог байсан ангийн хөвгүүдийнх нь сэтгэлийн бэлэг байж л дээ. Түүнээс хойш дисконд явахдаа ангийн хөвгүүн буюу одоогийн “Космо”-гийн захирал Батбаасангаар шүлэг уншуулсан шигээ алхацгаадаг байсан тухайгаа ярьцгаана.

Эл төгсөлтийн 30 жилийн ойн уулзалт гурван жилийн өмнө болсон бөгөөд 10-ын гурван бүлгээс нь нэг нэг хүн УИХ-д нэр дэвшсэн тухай ҮХАА-н дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргал ярьсан юм. Түүнээс хойш гурван бүлэг илүү нягтарч яг л нэг анги мэт болжээ. Х.Золжаргалыг 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихэд ангийнх нь анд Миеэгомбын Энхболд МАН-аас нэг тойрогт нэр дэвшиж таарсан гэнэ. Золоо сонгуульд өрсөлдөж байсан тухайгаа үргэлжлүүлэн ярихдаа “Яг ийм үед улс төр үү, ангийн хүүхэд үү гэдэг том сонголтын өмнө ирдэг юм билээ. Энхболд маань тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан тул олны танил болчихсон байлаа. Харин би олонд танигдаагүй ногооноороо явж байв. Ногооноороо яваа хүн олонд танигдсан хүнийг балбаж, хар Пи Ар хийж өөрийнхөө рейтингийг өсгөдөг аргачлал байсан. Би сонгуульд ялахын тулд ангийнхаа найзыг гүтгэж, балбаад байлтай биш дээ. Ёстой амаргүй салаа замын заагт тэгэхэд л ирсэн. Өөрөө гаръя гэхээр заавал Энхболдыгоо балбах болчихоод байхдаа нэг л зүйлийг сайтар тунгаасан нь “Найз нөхдийн харьцаа гэдэг бол нэгэн насны харьцаа. Сонгууль гэдэг бол сурталчилгааны 30-хан хоногоор хэмжигддэг тул нэг насныхаа найзын үерхлийг нэг сарын сонгуулиар хэмжээд яахав гэдэг сонголтод хүрсэн. Бидний нөхөрлөл үүгээрээ агуу юм” гэлээ.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Тамгын газрын дарга Ламжавын Бямбасүрэн ийм нэгэн дурсамж дэлгэв. 1982 оны хавар сургууль дээрээ төгсөлтийн баяраа хийчихээд 220 мянгатад Гү.Нарантуяагийндаа очиж баяраа үргэлжлүүлсэн байна. Гү.Нарантуяагийн хувьд хуулийн чиглэлээр анхлан АНУ-ын хөрөнгө оруулалттай компани байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд ажил нь ч тун даваагүй яваа гэсэн шүү. Бүжиг таанц гэж явсаар ангиараа үүрийн таван жингээр Энхтайваны гүүрэн дээр алхаж явтал төгсөлтийн гурван анги яг халз тулгарсан байгаа юм. Тухайн үед одоогийнх шиг зураг авдаг гар утас ядаж байсан бол маш сайхан зураг гарах байсан тухай “бүдүүн” ангийнхан бүгдээрээ ярьцгааж байв. Гэхдээ Нийслэл хүү кинон дээр “Энүүгээрээ л нэг сайн хараад авъя” гэдэг шиг тэдний сэтгэлд үлдсэн хамгийн тод үлдсэн зураглал нь тэр. Эдний төгсөлтөөс гавьяат нисгэгч Бат-Эрдэнэ, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан Эрдэнэцогт гээд мундгууд ч мөн төрөн гарчээ.

Уг төгсөлтийн 10 б ангиас л гэхэд долоон эмч төрөн гарсан байна. Тэдний нэг нь Хүний их эмч, ус судлаач, докторант Б.Энхмаа аж. Тэрбээр сургууль болон анги хамт олонтой нь холбоотой бүхий л зүйлд уриалан зохион байгуулж оролцдог байсан бол одоо ч энэ үүргээ биелүүлсээр яваа тухай ангийнхан нь магтан ярьсан билээ. Тэрбээр 1980 оны түүхийг дэлгэхдээ нийгэм нь социализм байсан ч сургууль маань ардчилсан сургууль байсан шүү гэхэд “Ёстой үнэн” хэмээн дэмжицгээнэ. Луу жилтнүүдийн хэлж буйгаар Монголд ардчилал 1990 онд биш түүнээс олон жилийн өмнө ч тус сургууль ардчилалтай байсан нь бүхий л зүйл дээр илэрдэг байжээ. Тухайн үед сургуулийн хүүхдүүд бүгд формын хувцас өмсдөг байсан бол тус сургуульд заавал форм өмсөхийг шаардахгүйн дээр барууны хөгжмийн соёлыг түгээн дэлгэрүүлж байжээ. Тухайн үед цаг хатуу байхад анхны цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулж Алтан-Од, Амарсанаа, Бадрах нар нь хамтлагийн дийлэнх ачааг үүрдэг байжээ. Энэ яриаг дэмжиж Я.Төмөрбаатар “Ангидаа их ч шоудсан даа” хэмээн инээнэ. Ангийнх нь багш ангийн хурал хийхгүй байхад охидын хурал, хөвгүүдийн хурлаа сайн дураараа хийгээд эцэст нь ангийн хурлаа хийдэг байжээ. Тийм ч болохоор ангийнхаа хүүхдүүдийн жаргал, зовлонгийн алинд ч хамтдаа байдгаа дурссан юм. Манай анги сургуульдаа бүү хэл нийгэмдээ ч даацтай анги шүү хэмээн Б.Энхмаа дурсангаа ангийнхан руугаа харахад бүгд л толгой дохин “Үнээн. Үнэн” гэж байх жишээтэй. Тэд хичээлийнхээ завсарлагаанаар “Бамбарууш” ресторанд хооллож, тавьдугаар дэлгүүрээс 60 мөнгөний гөөхий авч бор ходоодоо божийлгон, тэр бүү хэл нэг төгрөгөнд хар чавга, Ирис чихэр хэд ирэхийг хүртэл мэддэг болсон байжээ. Тухайн үед од болж байсан Смоуки, АББА гээд бүхий л хамтлагийн пянзуудыг сонсохоос гадна, сургуулийнхаа коридорт магнитфон хөгжим тавьж, дууны аянд нь бүжиглэж байсан нь сургуулийнх ардчиллыг илүүтэй тодотгоно.

ТВ 9 телевизийн олон улсын тоймч Ш.Гантулга математикийн гүнзгий 10 б-гийн гавал нь байсан гэнэ. 10 жилийн сурагч байхдаа бүх орос номнуудыг уншчихаад түүнийгээ ангийнхандаа ярьчихдаг “овоо гар” байжээ. Тэр бүү хэл Х.Золжаргалыгаа ОХУ-д очиход архаг оюутан Ш.Гантулга сурч байсан аж. Монголоос очсон нэг оюутан Ш.Гантулгаас “Энэ юу гэсэн утгатай үг вэ” хэмээн асуухад хэдэр зан нь хөдөлсөн Гантулга “мэдэхгүй” гэж л дээ. Нэгэнт бүтэлгүй хариу дуулсан оюутан номын тавиур дээрээс словарь аван харах гэтэл “Наад словарь дээр чинь энэ үг чинь байхгүй” хэмээн жишим ч үгүй хэлээд сууж байсан байх юм. Словарь дээрх бүх үгийг цээжилчихсэн, толгой гэж компьютер тийм л эр байсан гэнэ. Хэд хэдэн улсын олимпиадад тэргүүлсэн мундаг л сурагч байж.

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга асан Д.Цогт-Очирын гэргий Ц.Амарсанаа энэ ангийнх. Түүний хувьд дөрвөн хүүхэд төрүүлсэн алдарт эх болжээ. 10в-гийн Ариунчимэгийн (эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер) хувьд математикийн шалгалт өгч тэнцэн сургуульдаа орж байжээ. Тэдний анги математикийн гүнзгий сургалттай анги байсан ч наймдугаар ангидаа монгол хэлний улсын олимпиадад ангиараа гуравдугаар байр эзэлсэн сайхан амжилт гаргажээ. Монгол хэлний багш Цэрэндулам нь “Нэгдүгээр байранд орно шүү” хэмээн захихад аравдугаар ангидаа монгол хэлний улсын олимпиадад түрүүлж багш нараа баярлуулахаас гадна мөнгөн шагналаа аваад ангиараа Бугын сангийн аж ахуй руу зугаалж явсан түүхтэй. 10 в-гийн Хаянхярваагийн Болормаагийн хувьд Эрхүүгийн сургуулийн математикийн анги төгсч ирээд төрөлх сургуульдаа багшаар ажилласан байна. Таван жилийн өмнө сурагчийн ширээнээ хичээл заалгаж байсан багш нартайгаа мөр зэрэгцэн багшлах эрхэм үүрэг Болормаагаас гадна Өлзийсайханд оногдсон гэнэ. Болормаа сургуультайгаа холбоотой нэгэн түүхийг ийн өгүүлсэн юм. Нэгдүгээр сургуулийн захирал Гомбосүрэн багш нэг өдөр өрөөндөө сууж байтал хаалга сэвхийтэл татаад нэг хүн ороод ирсэн нь Ю.Цэдэнбал дарга байж. Бал даргын гэр нэгдүгээр сургуулийн хажуугийн байранд байсан гэнэ. Бал даргыг харсан сургуулийн захирал сандартал Бал дарга “Зүгээрээ хөгшөөн. Би комиссаргүй явж байна. Юм байна уу” хэмээн архи асуужээ. Захирал ч ширээнийхээ нүднээс нэг шил архи гарган хоёр удаа хундагалаад өгтөл Бал дарга “Баярлалаа. Хэрэгтэй юм юу байна” гэхэд нь “Заал” гэдэг ганцхан үг хэлж амжсан гэнэ. Ингэж л нэгдүгээр сургууль хамгийн анх удаа тусдаа спорт заалтай болсон түүх байдаг ажээ.

1982 оны төгсөлтийнхөн хүрз, жоотуугаар өвч хуяглан автобусанд сууж Зайсангаас Их тэнгэрийн ам хүртэл алхаж тэнд өдгөөгийн Төрийн гурван өндөрлөгийн амьдардаг газрын кабелийн утасны нүхийг ухаж байсан гэнэ. “Космо” группын захирал Бэх-Очирын Батбаасан сургуулиараа бахархаж байгаагаа хэллээ. Учир нь хайрцаглагдсан сэтгэлгээ гэж байгаагүй. Тэр нь хичээл, сурлага, урлаг спорт гээд бүхий л зүйлд гардаг байсныг хэлсэн юм. Батбаасангийн хоёр ах, хоёр дүү гээд тавуулаа энэ сургуулийг төгссөн байна. Тэр тусмаа тавуулаа тооны анги төгссөн мундаг толгойтой хэмээн Өлзийсайхан нэмж өгүүллээ. Ийм тохиолдол өөр байдаггүй юм байна. Б.Батбаасангаас бусад нь доктор, профессор болцгоосон гэлээ. Яг энэ яриа өрнөж байтал Б.Энхмаа “Манайхаан, Салдангийн Одонтуяагаас маань мессэж ирлээ. Та нар сайхан баярлаарай. Би томилолтоор Говь-Алтайд явж байна” гэдгийг хэллээ. Эндээс эхлэн С.Одонтуяа гишүүний талаарх яриа эхэлсэн юм. Түүний хувьд 10 жилийн сурагч байхдаа төгөлдөр хуур маш сайхан тоглодог, хичээлдээ сайн охин байжээ. Нэгэн түүхийг эргэн сөхвөл есдүгээр ангид байхдаа ангиараа Чингэлтэй ууланд гарч зугаалжээ. Үдээс хойхно С.Одонтуяа гишүүн гэрийн түлхүүрээ ууланд гээснээ мэдэж түлхүүрээ хайхаар болжээ. Эхэндээ ангийнхаа охидуудыг дараа нь хөвгүүдийг хамт явж түлхүүр хайлцаад өгөөч гэсэн ч тусыг эс олжээ. Аав, ээждээ загнуулахаас айсан Одонтуяа нулимс бөмбөрүүлэх шахам болж байтал Г.Өлзийбүрэн хамт явахаар болжээ. Явсан газраараа эрэл сурал болон хайсан ч түлхүүр нь олдохгүй байсаар орой ч болох дөхжээ. Орхиод явсан ангийнхандаа гомдох сэтгэл төрж байсан ч Өлзий түүнийг зоригжуулан хайсаар байгаад түлхүүрээ олж авчээ. Тэр үед С.Одонтуяа гишүүн Өлзий зоривол санасандаа заавал хүрдэг тууштай залуу юм байна гэсэн бодол тээн үлдсэн байна. Тэр өдөр би ганцхан түлхүүр биш энэ насны ханиа бас олсон юм даа хэмээн дурссан байдаг. Тэдний хайрын түүх эндээс эхлэлтэй юм шиг байгаа юм.

Энэ төгсөлтийнхөн дунд маш олон дарга, сайд нарын хүүхдүүд байсан ч хэзээ ч ихэрхэж яваагүй гэдгийг онцоллоо. МАН-ын дарга сурагч ахуйдаа ангийн охин болох өдгөөгийн гэргий Ж.Туяацэцэгт дурлачихаад хэсэгтээ хэцүүдсэн юм байх. Ангийнхан нь Энхболдыгоо “Манай Энхболдод дурлал маш их зохидог. Ганц удаа дурласан нь Туяацэцэг маань байсан юм. М.Энхболдыг бид “Монтооно” гэж хочилно. Туяацэцэгт дурласныхаа дараа унаган мяраатай мань хүн тураад ёстой сайхан залуу болчихдог юм. Тэгэхээр нь манай ангийнхан “Монтооноо дурлал чамд зохиж байна шүү” гэж хэлдэг байсан” гэлээ. М.Энхболд Туяацэцэгт сэлтгэл алдарчихаад байхад мань хүнийг жил тоодоггүй гэнэ дээ. Тэгээд М.Энхболд “Туяацэцэгтэй яаж үерхэх вэ” гэсэн бодолтой явсан юм байна. Айлын эрх хүүхэд хэдий ч хоол хийж, бялуу хийж сураад ганцхан Ж.Туяацэцэгийг дуудалтай нь биш ангийнханаа гэртээ урьж дайлдаг байжээ. Б.Энхмаа “Манай Туяацэцэг насаараа М.Энхболдын өөрийн гараар хийсэн нарийн боовыг идсээр байгаад хүнсний технологич мэргэжилтэй болсон доо” хэмээн бөөн инээдэм болов. М.Энхболд даргын эхнэр Ж.Туяацэцэг одоо ШУТИС-ийн харьяа Үйлдвэрийн технологийн сургуулийн захирлаар ажиллаж байгаа юм байна. Нэгдүгээр сургуульд гэр бүлээрээ сурсан хүмүүсийн цувааг М.Энхболд даргын гэр бүл үргэлжлүүлжээ. М.Энхболд даргын аав, ээж хоёр 1952 онд эл сургуулийг тэр дундаа нэг ангид сурч төгссөн байх юм. Тэгвэл М.Энхболд дарга Ж.Туяацэцэгтэйгээ 1982 оны төгсөлтийн мөн л нэг ангиас төрсөн хосууд. Хожмоо тэдний хүү Анар гэргийтэйгээ мөн л энэ сургуулийг төгссөн байна. Хүний хувь тохиол тэр дундаа ийм ховорхон хувь заяаны эзэд байна гэдэг гайхалтай юм. М.Энхболд дарга есдүгээр ангидаа байхдаа “Дайн ба Энх” романаас сэдэвлэсэн багт наадмын жүжигчилсэн тоглолтод оролцохдоо Пьер Безуховын дүрийг бүтээж байжээ. Мөн урлагийнхаа үзлэгээр “Отелло” жүжгийг тоглоход М.Энхболд Отеллод, гэргий Ж.Туяацэцэг нь Дездемонагийн дүрийг бүтээсэн байх жишээтэй.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг зургадугаар анги төгстлөө ангийн дарга явсан тухай дээр өгүүлсэн. Тэгвэл мань эр ангийнхнаа чимээгүй байлгахын тулд хатаасан алим өгдөг байсан гээд тэдний дундах гэрэл сүлсэн гэгээн дурсамж их ажээ.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Н.Туяа: Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хэлэлцэн ирэх сард хуралдана

Ирэх дөрөвдүгээр сарын 27-нд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурал Нью Йоркт нээгдэнэ. Энэ гэрээнд дэлхийн 190 орон багтдаг бөгөөд тэд таван жилд нэг удаа цугларч гэрээний хэрэгжилтийг хэлэлцэж, цаашдын зорилтоо тодорхойлдог. Үл дэлгэрүүлэх гэрээ анх 1970 онд хүчин төгөлдөр болж байсан бөгөөд өнөө жил ес дэх цугларалт нь болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор цөмийн зэвсгийн өнөөгийн байдал болон тус бага хурлын талаар олон улс судлаач Ням-Осорын Туяатай ярилцлаа.

-Цөмийн зэвсгийг дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-д “Манхэттен” нэртэй нууц төслийн хүрээнд боловсруулж, үйлдвэрлэсэн. 1945 онд анхны туршилтаа хийж, тэр жилийнхээ наймдугаар сард Японы Хирошима, Нагасаки хот дээр бөмбөг хаяж хүн төрөлхтний эсрэг анх удаа энэ зэвсгийг хэрэглэсэн гэж үздэг. Харин өнөөдөр тооны хэлээр яривал дэлхий дээр цөмийн зэвсэг хэр их байна вэ?

-“Хүйтэн дайны” ид үед дэлхийд 70,000 орчим цөмийн зэвсэг байжээ. Одоо 16,300 гаруй болтол буурсан нь гарцаагүй ахиц юм. Судлаачдын үзэж байгаагаар, үүнээс 10, 000 орчим нь цэргийн арсеналд, үлдсэн нь задлагдахаа хүлээж байгаа зэвсэг байдаг. Хэдийгээр Орос, АНУ хоёр цөмийн зэвсгээ хамгийн ихээр хорогдуулсан ч одоо байгаа зэвсгийн 90 гаруй хувь нь энэ хоёр орных. Аль, аль нь барагцаагаар тус тусдаа 7000-8000 цөмийн зэвсэгтэй гэсэн тоо байдаг. Цөмийн зэвсгийг стратегийн, стратегийн бус, оператив байдалд байгаа, агуулахад байгаа гэх мэтчилэнгээр ангилдаг учраас тоолох асуудал нарийн байдаг. Дашрамд хэлэхэд, цөмийн зэвсэгтэй орнууд тус зэвсгийн хэллэгийн тайлбар толь бэлтгэхээр ажиллаж байгаа юм билээ. Зэвсгийг тодорхойлох, тоолоход нэмэртэй зүйл болох юм. 2010 оны Стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээгээр ОХУ, АНУ хоёр оператив байдалд байгаа стратегийн хошуугаа тус бүр 1550 хүртэл хорогдуулах амлалт авсан. Харин цаашид хорогдуулах тухай хэлэлцээ хийх төлөв харагдахгүй байгаа. Бусад орнуудын хувьд гэвэл, Франц 300, Хятад 250, Британи 225, Израиль 80, Энэтхэг 90-110, Пакистан 100-120, Хойд Солонгос 10-аас доош цөмийн зэвсэгтэй гэсэн тоо байдаг. Эдгээр орноос Энэтхэг, Пакистан, Израиль гурав Үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй, тиймээс тэднийг “албан ёсны” цөмийн зэвсэгтэй орон гэж үздэггүй. Хойд Солонгос гэрээнээс гарснаа мэдэгдсэн. Энэ бүх зэвсэг 14 оронд 97 орчим байршилд байршиж байдаг байна. Дээр дурдсан есөн орноос гадна НАТО-гийн таван орон (Герман, Турк, Итали, Бельги, Нидерланд) АНУ-ын тактикийн 180-200 орчим цөмийн зэвсгийг нийт зургаан баазад байршуулж байдаг. Тус байгууллага, цөмийн зэвсэг байсан цагт цөмийн холбоо хэвээр байна гэсэн стратегитэй байдаг.

-Үл дэлгэрүүлэх гэрээгээр цөмийн зэвсэгтэй орнууд, цөмийн зэвсэггүй орнууд гэсэн хоёр бүлэг орон бий болсон. Аль, аль нь цөмийн аюулыг багасгах, устгах тал дээр ямар байр суурь баримталж байна вэ, нэг нь нөгөөдөө хэр шахалт үзүүлдэг вэ. Ер нь ирэх сард болох бага хурлаар ямар асуудлыг түлхүү анхаарах бол?

-Үл дэлгэрүүлэх гэрээ гурван “тулгуур” дээр тогтдог гэж үздэг. Нэгдүгээрт, цөмийн зэвсэгтэй орнууд зэвсгээ хураана, хоёрдугаарт, цөмийн зэвсэггүй орнууд ийм зэвсэгтэй болохоос татгалзана, гуравдугаарт, хамтдаа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглана. Үүн дээр тэнцвэр олох нь амаргүй байдаг. Өмнөх найман бага хурлаас дөрөв нь төгсгөлийн бичиг баримт дээрээ тохирч чадалгүй тарж байсан. Сүүлчийн бага хурлаас дээрх гурван чиглэлээр үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөө 1995 оны хянан хэлэлцэх бага хурлаар баталсан Зарчмууд ба зорилтууд, 2000 оны Практик алхмуудыг нотолж, дэлгэрүүлсэн. Түүний хэрэгжилтийг судалгааны ба иргэний нийгмийн байгууллагууд мониторлож ирсэн байдаг. Цөмийн зэвсэггүй орнууд, тухайлбал Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, энэ төлөвлөгөөний зэвсэг хураах хэсэгт түлхүү анхаардаг. Учир нь гэвэл Үл дэлгэрүүлэх гэрээ, цөмийн зэвсэгтэй орнуудад зэвсэг хураах асуудлаар хэлэлцээ хийхийг үүрэг болгосон эрх зүйн хүчинтэй цорын ганц баримт бичиг юм. 2000 онд эдгээр орнууд цөмийн зэвсгээс бүрэн дүүрэн ангижрах “хоёргүй амлалт” авсан. Цөмийн зэвсэггүй орнууд нөгөөдүүлээсээ энэ үүрэг, амлалтаа биелүүлэхийг шаарддаг. Өнгөрсөн хугацаанд зэвсгийг хорогдуулах чиглэлээр нэг болон хоёр талын зарим арга хэмжээ авагдсан ч цөмийн зэвсэгтэй бүх орон зэвсгийн модернизац хийж, цэргийн стратеги, номлолдоо энэ зэвсгийн чухлыг нотолсон хэвээр байгаа. Энэ нь зэвсэг хураах сонирхол тэдэнд алга байгааг харуулж байна гэж цөмийн зэвсэггүй орнууд дүгнэдэг. Тиймээс зарим асуудал дээр тодорхой хугацаа заахыг шаарддаг, олон талт хэлэлцээ даруй эхлүүлэхийг уриалдаг. Зэвсгийн асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээ хийх үүрэг бүхий Зэвсэг хураах бага хурал хэмээх байгууллага бий. Тэр нь ажлын хөтөлбөр дээрээ тохирч чадахгүй байгаа тул цөмийн зэвсэг хураах асуудлаар туслах бүтэц байгуулах, задрагч материалын үйлдвэрлэлийг зогсоох гэрээг хэлэлцэж эхлэх, цөмийн зэвсэггүй орнуудын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, хэрэглэхээр заналхийлэхгүй тухай батлалыг ярьж эхлэх ажил урагшлахгүй байгаа. Цөмийн зэвсэгтэй орнууд цөмийн туршилтын сайн дурын моратори баримталдаг ч Цөмийн туршилтыг иж бүрнээр хориглох гэрээг хэд хэдэн чухал орон соёрхон батлаагүй, зарим нь гарын үсэг зураагүй тул энэ гэрээ хүчин төгөлдөр болж чадахгүй байгаа. Энэ мэт зэвсэг хураах чиглэлийн тодорхой, практик алхмууд бага хурлын анхаарлыг татна байх. Цөмийн зэвсгийн хүмүүнлэгийн үр дагаврын тухай сүүлийн үед хүчтэй ярих болсон. Гэрээнд нэгдээгүй орнууд түүнд нэгдэх тухай асуудал ч хөндөгдөж таарах болов уу. Мөн цөмийн зэвсгээс ангид бүсийг байгуулсан гэрээнүүдэд оролцогчид болон Монголын оролцоотой бага хурал Үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурлын үеэр болдог уламжлал тогтсон. Энэ бага хурал тус бүсүүдийн хамтын ажиллагаа, харилцан зохицуулалт, туршлага солилцоог бэхжүүлэхэд түлхэц өгнө гэж харж байгаа.

-Ихээхэн маргаан дагуулах асуудал юу байх бол. Та юу гэж таамаглаж байна вэ?

-Хянан хэлэлцэх бага хурлаар маргаан дагуулах асуудлын нэг нь Ойрхи Дорнодод цөмийн ба үй олноор хөнөөх бусад зэвсгээс ангид бүс байгуулах асуудал л даа. Ийм бүсийн тухай тогтоолыг 1995 онд Үл дэлгэрүүлэх гэрээг хугацаагүй сунгах шийдвэртэй багцаар баталсан. Гэтэл гэрээ сунгагдсан ч тогтоол хэрэгжээгүй. 2010 оны хянан хэлэлцэх бага хурлаас 2012 онд энэ асуудлаар бага хурал зохион байгуулахаар заасан ч түүнийг хугацаагүй хойшлуулсан. Бүс нутгийн ихэнх орон үүнийг таагүй хүлээж авсан.

-Цөмийн зэвсэгтэй орнуудын байр суурь хатуу хэвээр л байна уу. Хариуцлагатай, нэр нөлөөтэй орнууд атлаа энэ тал дээр хөдөлж өгдөггүй дээ?

-Тэд ерөнхийдөө цөмийн зэвсгийг хориглох, энэ тухай конвенц байгуулах, хугацаа заах, хүмүүнлэгийн үр дагавар гэх зэргийн асуудалд нааштай ханддаггүй. Хэтдээ конвенц байгуулж болох тухай Хятад л дурдсан байдаг. Асуудалд алхам-алхмаар хандах, стратегийн тогтвортой байдлыг хадгалах, аюулгүй байдлыг хангахын чухлыг тэд тэмдэглэдэг. “Шинэ хэлэлцэх хэргийн эвсэл” нэртэй бүлгийг төлөөлж Ирландын элчин сайд “Аюулгүй байдлыг хангахад цөмийн зэвсэг чухал гэж үзэх нь чухамхүү цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийг санаандгүй өөгшүүлсэн хэрэг” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, цөмийн зэвсэгтэй болохыг хүсэмжилдэг орон чухамхүү аюулгүй байдлаа хангах зорилтыг үндэслэл болгодог.

2009 оноос хойш цөмийн зэвсэгтэй орнууд, энэ зэвсгийг хураах асуудлыг “олон талжуулахын” тулд, тодруулбал ОХУ, АНУ-аас бусад гурван орныг хэлэлцүүлэгт татан оролцуулахын тулд зөвлөлдөх процесс эхлүүлсэн. Энэ хүрээнд дээр дурдсан хэллэгийн толь, тайлагналын нийтлэг маягт боловсруулах зэргийн техникийн гэмээр чанартай асуудлууд дээр тохирсон. Өнгөрсөн жилд цөмийн зэвсэгтэй таван орон бүгд тайлангаа гаргасан. Ийм механизм бий болсон нь нааштай алхам боловч 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний зэвсэг хураах чиглэлээр тодорхой алхам хийгдсэнгүй гэсэн шүүмжлэлд тэд өртөөд байгаа. Ерөнхийдөө цөмийн зэвсэгтэй орнууд, цөмийн зэвсгийг хураах асуудлаас илүү түүнийг үл дэлгэрүүлэх асуудалд илүү анхаардаг. Тухайлбал, Ираны цөмийн хөтөлбөр энхийн зорилготой эсэх, Хойд Солонгос Үл дэлгэрүүлэх гэрээнээс гарснаа зарласан зэрэг нь үл дэлгэрүүлэх дэглэмийг сулруулах аюултай гэж үздэг. Тиймээс гэрээ, тохиролцоог чанд мөрдөх, цөмийн материалын хяналтыг сайжруулах, цөмийн терроризмаас сэрэмжлэх, Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн нягтлалыг чангатгахын төлөө байдаг. Ил тод байдал, харилцан итгэлцлийн асуудлууд ч хэлэлцэх асуудалд нь байдаг. Зарим орон цөмийн зэвсгийг задлах явцыг хянан нягтлах технологи, аргачлал дээр хамтран ажиллах болсон.

-Та цөмийн зэвсгийн хүмүүнлэгийн үр дагаврын тухай сүүлийн үед их ярих болсон гэж дурдаж байна. 1945 онд анх удаа цөмийн зэвсэг хэрэглэхэд зуу гаруй мянган хүн амиа алдаж, хүмүүнлэгийн үр дагавар нь тодорхой болсон баймаар. Энэ тухай хөндөхгүй явж ирснээ 70 жилийн дараа яагаад санах болов?

-Уг нь үнэхээр тэр үед л тодорхой болсон баймаар. Одоо илүү хүчтэй ярих болсон нь энэ зэвсэг өдий болтол байсаар байгаатай холбоотой байх. Цөмийн зэвсгийн нэг чухал үүрэг бол тогтоон барих үүрэг гэж үздэг, энэ нь манай нэг багшийн тайлбарлаж байснаар, “Чи над руу дайрахгүйн тулд би найдвартай зэвсэгтэй байна. Чи надаас эмээгээд хөдөлж чадахгүй. Чамайг мөн л ийм зэвсэгтэйг мэдэж байгаа учраас би ч чам руу дайрахгүй” гэсэн үг. Хүйтэн дайны үеэс тогтоон барих бодлого, “баталгаатай харилцан устгах” гэдэг сүржин нэртэй номлол дээр тогтож ирсэн. Энэ нь “Чи миний эсрэг түрүүлж цөмийн зэвсэг хэрэглэсэн ч би чиний цохилтыг тэсэж гараад ижил хэмжээний эсвэл түүнээс ч давсан хүчин чадалтай хариу цохилтыг чамд өгнө, улмаар аль аль нь баталгаатай ба харилцан сөнөнө” гэсэн номлол юм. Энэ бодлого, номлолд цэргийн бодлого захирагдаж, газар, тэнгэр, далайд бодитойгоор хэрэгжиж байсан. Их гүрнүүд хүйтэн дайны үед өөр хоорондоо дайтаагүй нь чухамхүү цөмийн тогтоон барих бодлогын үр дүн байсан гэж дүгнэх үзэл байдаг.

Хүмүүнлэгийн санаачилга нь аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдал гэх зэргийн “хатуу бодлогын” хэллэгийг бус, хүний амь, хүний амьдрах орчин, эрүүл мэнд, хүнс, уур амьсгал гэх зэрэгт цөмийн дэлбэрэлтээс учрах аюулын тухай хэллэгийг хэрэглэж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар гурван бага хурал болсон. Эхний хоёрт цөмийн зэвсэгтэй таван орон оролцоогүй, Венад болсон сүүлчийн хуралд АНУ, Британи хоёр оролцсон. Энэ оролцоо бодлогын гэхээс илүү улс төрийн оролцоо байсан гэж ажиглагчид дүгнэсэн байдаг. Яагаад гэвэл, бодлогын хувьд цөмийн зэвсэгтэй орнууд хүмүүнлэгийн санаачилгыг зэвсэг хураах чиглэлийн алхам-алхмын бодит ажлаас анхаарал “сарниулсан” зүйл гэдэг дээр ерөнхийдөө санаа нийлдэг. Өнгөрсөн намар НҮБ-д 155 орон, үүний дотор Монгол, энэ асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан. Үл дэлгэрүүлэх гэрээний ирэх сард болох бага хурлаар асуудал хэр зэрэг урагшлах нь тодорхой болох байх.

-Хүйтэн дайны нөхцөл эргээд бий боллоо гэлцэх болсон. Үнэндээ олон улсын байдал түвэгтэй байна. Энэ нь хянан хэлэлцэх бага хурлын үр дүнд хэр нөлөөлөх бол?

-Үл дэлгэрүүлэх гэрээг “хүйтэн дайны” гол өрсөлдөгчид болох Америк, Зөвлөлт хоёр эвсэлд нэгдээгүй орнуудын хамт олон жилийн турш хэлэлцэж, ярилцаж байж байгуулсан. Энэ гэрээ “хүйтэн дайныг” давж, одоо 190 орон түүнд нэгдээд байгаа. Түүнийг үл дэлгэрүүлэх глобал дэглэмийн тулгын чулуу, зэвсэг хураахын суурь, олон улсын аюулгүй байдлын чухал хэсэг гэх зэргээр нэрлэдэг. Тиймээс бага хуралд оролцогчид тодорхой үр дүнд хүрэхийг хичээнэ гэж найдаж байна. Пуужингийн хамгаалалтын систем, ердийн зэвсгийн чадавхийн үл тэнцвэр, стратегийн бус цөмийн зэвсэг, богино ба дунд тусгалын пуужингийн гэрээ гэх зэргийн түвэгтэй асуудлууд байдаг ч эдгээрийг голдуу гэрээний гадуур ярьдаг. Дээр хэлсэнчлэн, зэвсэг хураах чиглэлийн практик алхмуудыг түргэсгэх, Ойрхи Дорнодын тогтоолыг хэрэгжүүлэх энэ хоёр асуудал дээр анхаарал төвлөрнө гэсэн хүлээлт байгаа.

Ирэх долдугаар сард цөмийн зэвсгийг анх туршсан, наймдугаар сард анх хэрэглэснээс хойш 70 жил болно. Хүн төрөлхтнийг “дайны гамшгаас ангижруулах” зорилт тавьсан НҮБ байгуулагдсаны 70 жил, Цөмийн зэвсгийг үл дэглгэрүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсны 45 жил, тус гэрээг хугацаагүй сунгасны 20 жил, цөмийн зэвсэгтэй орнууд түүнийг бүрэн устгах “хоёргүй амлалт” өгсний 15 жилийн ой энэ жил тохоож байгаа. Тиймээс Үл дэлгэрүүлэх гэрээний хянан хэлэлцэх бага хурлаар эдгээр түүхэн туршлага дээр тулгуурлаж, практик үр дүнд хүрэх нь чухал юм.

Ч.БҮЖИН

Categories
мэдээ цаг-үе

“Өчигдрийг хайрла”

Улаанбаатарт Жон Ленноны 68 насны төрсөн өдрөөр Битлзийн хөшөө нээгдсэн гэдэг. Харин Битлзийн буурал фэн, МУСГЗ сэтгүүлч Ө.Рагчаасүрэн тэдний дуунуудын тухай номон хөшөө босгожээ. Энэ ном “Өчигдрийг хайрла” хэмээх гүн утга агуулгатай нэртэй. Өчигдөр байгаагүй бол өнөөдөр гэж байхгүй. Өнөөдөр гэж байхгүй бол ирээдүйн тухай ярих ч утгагүй. Тийм ч учраас өчигдрийн хүмүүсийн туулсан амьдрал, дурлаж хайрлаж бас нандигнаж байсан бүхэн үнэ цэнтэй. Цаг үе болгон өөрийн одтой. Үнэт зүйлтэй байдаг.

Э.Бат-Үүл, С.Баяр, Б.Долгион зэрэг олны танил хүмүүс Битлзийн тухай ярьж байхыг сонсч байсан. Битлзийн дөрвөл эрх чөлөөний мэдрэмжийг олон хүнд өгсөн юм билээ. “Тэд биднийг өөрчилсөн” гэж хүмүүс хэлдэг. Үнэндээ манай үеийнхэн Битлзийн гал улаан фэнүүд биш л дээ. Тэд бол бидний хувьд зүгээр л домог байв. Гэхдээ л Битлзийн үнэнч шүтэн бишрэгчид, тэдний бүтээсэн бүхэн, дүрэлзсэн сэтгэл зүрх нь Битлзийг хүндэтгэх сэтгэл төрүүлдэг юм. Өөр хэн энэ уртаас урт он жилүүдэд хүмүүсийн зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн билээ дээ.

“Өчигдрийг хайрла хүмүүс минь. Өнгөрч одсон гэж түүнийг бүү март. Өнөөдөр та нарын зүрхэнд байгаа хайрын илчийг хэзээ асаасан билээ. Өчигдөр л асаасан шүү дээ. Гал халуун дурлалын оч анхлан гэрэлтсэн тэр мөчөө бол бүр ч мартахгүй. Хэн нэг нь өчигдөртөө сэтгэл дундуур үлдсэн байж магадгүй. Тэгвэл маргаашийн гэгээн итгэлийг энэ дуунуудаас л мэдэрнэ” хэмээн Ө.Рагчаасүрэн бичсэн юм. Пол Маккартнийн 1965 онд зохиосон “Yesterday” хэмээх дуу дэлхийн Гиннесийн дээд амжилтын номонд XX зууны дээд амжилтаар тэмдэглэгдэн үлдсэн. Тэгэхээр зохиогч өчигдрийн тухай онцлохоос аргагүй.

“Битлз энэ ертөнцийн хүмүүсийн санааг өнөөдөр зовоож байгаа бүхний тухай дуулсан. Ийм учраас Битлзийн дуунууд орчин үед улам хэрэгтэй. Хүмүүст хамгийн их дутагдаж байгаа халуун дулаан сэтгэлийг бие биендээ бэлэглэх тухай дуулсан. Байгаль ижийгээ хайрлан энэрэх тухай дуулсан. Эв нөхөрлөлийн тухай дуулсан. Дуу болгон нь хайр, өгөөмөр сэтгэл, итгэл найдварын тухай өөр хоорондоо огтхон ч адилгүй тус тусдаа нэгэн дууль байдаг. Хайраар дутахгүйн тулд хүмүүс Битлзийг сонсдогийн учир нь ийм юм” хэмээн номын зохиогч онцолсон. Битлзийн 35 шилдэг дууг тэр сонгон авч, өөрийн мэдрэмжээ уншигчидтайгаа хуваалцаж байна. Бас Битлзийн дуунд уяран хайлахдаа юуг төсөөлж мөрөөдсөнөө хүүрнэжээ. Мэдээж дуу төрөх үеийн сонин хачинг ч өгүүлэхээ мартаагүй. Битлзийн хамгийн алдартай дуунуудын нэг “Let it be” 1969 онд төрсөн түүх ийм. Дуу зохиогдох үед хамтлагийн дотоод уур амьсгал сайнгүй байснаас Пол Маккартни сэтгэл тавгүй байв. Нэг шөнө Маккартнийн зүүдэнд бурхан болсон ээж нь ирж ингэж хэлжээ. “Хүү минь чамд хичнээн хэцүү байсан ч сэтгэл битгий зов. Тэр бүгдийг зүгээр л байгаа чигээр нь орхи. Бүх юм сайхан болно” гэжээ. Ээжийн үг Маккартнийг “Let it be”-гээ зохиоход хүргэсэн гэдэг. Энэ дуу тухайн үеийн ЗХУ-д хүрсэн Битлзийн анхны дуу. Хөгжилтэй нь тэр үед пянзны нүүрэн дээр “Англи ардын дуу” гэж бичсэн гэдэг. Битлз гэдэг нэр коммунист нийгэмд хориотой байснаас тэр гэнэ. “Долоо хоногийн найман өдөр” хэмээх хөгжилтэй өгүүлбэрийг эндээс унших вий. Жоны гэр рүү очихоор явах замдаа Пол таксины жолоочоос “Амьдрал ямар байна даа” гэж асуужээ. “Борви бохисхийх ч зав алга. Долоо хоногт найман өдөр ажиллаж байна” гэж цаадах нь хариулсан байна. Энэ үгнээс санаа авч “Eight days a week” дуугаа зохиосон аж. Харин мөнөөх жолооч ямархан билэг танхай санаа хэлснээ мэдсэн болов уу…

Битлз хамтлагтай холбоотой түүхэн дурсгалт газруудыг очиж үзэх нь аялагчдын дуртай бас нэг жим. Харин талын Монголд тэр тусмаа Дарханд Битлзийн шүтэн бишрэгч ном бүтээж, “Битлзийн анд нөхдийн клуб” байгуулсан мэдээ мөнхийн залуу энэ хамтлагийн фэнүүдийн хувьд бас л сонин байх болов уу.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

62-ын хэрэг буюу монгол “Боко Харам”

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн багш, сурагчид хоёр хуваагдчихжээ. Ажлаа хаясан багш нар нь ажлаа хийж байгаа хэдийгээ “Та нар ажил хаяхгүй бол дараа нь амаа барина даа. Захирал болж ирчихээд байгаа Ш.Сарантуяа чинь удахгүй яваад өгнө. Тэр явчих юм бол та нар ажилгүй болно” гэж байгаа гэх. Харин ажил хаяагүй багш нар нь “Хэн ч захирал болсон яадаг юм. Ажлаа хийж, сурагчдадаа хичээлээ ороод, цалингаа авч байвал болох нь тэр. Харин та нар ажил хаяж байгаад дараа нь хэцүү байдалд орно доо. Боловсролын яамнаас дарга нар ирээд хууль бусаар ажил хаясан гээд халчих вий дээ” гэх мэтээр маргалдаж, тэмцэлдэж эхэлжээ. Багш нар тэмцэлдээ сурагчид болоод эцэг, эхчүүдээ хүртэл татан оролцуулах болжээ.

Мөн сурагчид нь ч багш нараа өмөөрөөд хоёр хуваагдчихсан байна. Томилогдож ирсэн, ажлаа өгсөн хоёр захирал болоод хоёр хуваагдаад байгаа багш нарынхаа төлөө сурагчид маргалдаж, зодоон цохион хийх дээрээ тулсан асуудал ч гарсан байна. Багш нар нь ангийнхандаа “Хичээлээс илүү чухал асуудал болоод байна. Та нар Ш.Сарантуяа дээр бөөнөөрөө очоод “Та ажлаа өг. Та багш нараа дарамталж дээрэлхдэг, их муу хүн гэсэн гэж хэл” гэж хэлдэг болсон тухай эх сурвалжууд дурдаж байна.

Мөн ингэж ятгахдаа “Багш нь дараа дүнг чинь сайн гаргахыг бодно” гэх утгатай зүйлс хэлдэг гэх. Сурагчид нь багшийнхаа хэлснээр “Багш зөв ярьж байна. Тэртэй тэргүй сургуулиа төгсөх юм чинь хичээл ороод яах юм. Тэгснээс сургуулиа аврахгүй бол манай сургууль хаагдах юм байна” гээд ажил хаяхгүй байгаа багш нар болоод шүүхийн шийдвэрээр томилогдож ирсэн захирлыг хэл амаар доромжилж, мессэж хүртэл бичдэг болжээ. Харин ажил хаяагүй багш нарын ангийнхан “Хичээл орохгүй байгаа багш нар болоод сургуулийн удирдлагууд биднээс хураасан мөнгөнөөсөө болоод ингэж байгаа гэсэн. Угаасаа байнга мөнгө хураадаг байсан. Энэ байдлаараа удвал бид бусад сургуулийн хүүхдүүдээс сурлагаараа хоцорно” гэх болжээ. Сурагчид багш нар нь юу гэнэ тэр үгээр байдаг болсон байна. Эцэг, эхчүүд ч “Багшийнх нь үгнээс гарвал хүүхдийг минь шахаж хавчиж, дүнгээр нь боох байх” гээд хэлсэн үгээр нь байдаг болжээ.

62 дугаар сургуулийн сурагч нарт багш нарын хэрүүл тэмцлээс үүдэн хичээл орохгүй байгаа нь огт хамаагүй болжээ. Хүүхэд болгонд “Мэдлэг боловсрол чухал биш болжээ. Сургуулийн хувь заяаг бид шийдэх юм байна. Багш нарынхаа зааснаар л бүх зүйлсийг нь хийе. Захирал нараа эсэргүүц гэвэл жагсаал хүртэл хийе” гэсэн бодол оюун ухаанд нь бат нот суучихжээ. Яг л Нигерид суурьшилтай исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийнхэнтэй адилхан болсон байна. Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа “Боко Харам” бүлэглэл 500 гаруй бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалсан. Бүлэглэлийнхэн барьцаалсан хүүхдүүдийн оюун ухааныг өөрчилж, бусадтай харилцдаггүй, ярьдаггүй болгож, зөвхөн өөрсдийнхөө бүлэглэлтэй ярилцаж, юу хий гэсэн болгоныг хийдэг робот шиг л болгочихсон нь тогтоогдоод байгаа. “Боко Харам” бүлэглэлд барьцаалагдсан 80 гаруй хүүхдийг барьцаанаас суллахад нэрээ хүртэл мартсан байсан талаарх мэдээлэл дэлхий нийтийг шуугиулсан. 62 дугаар сургуулийн багш нар сурагчдаа яг л “Боко Харам” бүлэглэлийн барьцаалагдсан хүүхдүүд шиг хэн ч биш болгож өөрсдийнхөө “амьгүй албат” болгож байгаа нь биднийг сурвалжлага хийх үед мэдрэгдэж байв.

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ 84 БАГШ АЖИЛ ХАЯЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн хамгийн шилдэг гэгдэх 62 дугаар сургууль дээр юунаас болж ийм асуудал үүсэх болсон талаар сурвалжиллаа. Тус сургуулийн 84 багш энэ сарын 19-нөөс эхлэн ажил хаялт зарлаад байгаа. Тэд долоо хоногийн турш ажил хаяад байгаа шалтгаан нь шүүхийн шийдвэрийн дагуу сургуулийн захирлаар томилогдож ирээд байгаа Ш.Сарантуяаг эсэргүүцэж байгаа юм. Багш нарын ажилт хаялтаас үүдэн хоёр мянга гаруй хүүхэд хичээлдээ явахгүй байгаа аж. Сурагчид “Багш хичээл орох болохоор утсаар холбогдож хэлнэ. Тэр болтол хичээлдээ битгий ирээрэй” гэж хэлсэн гэнэ. Ажилт хаялт зарлаад байгаа багш нарын төлөөлөл өчигдөр МҮОНРТ-ийн байранд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Багш нар ажил хаяад байгаа шалтгаанаа “Шүүхийн шийдвэрийн дагуу захирал болж ирсэн Ш.Сарантуяаг иргэний зориг гаргаж захирлын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өг. Хэрэв тэгэхгүй гэвэл бид ажил хаяна гэж хэлсэн. Ш.Сарантуяа нь энэ сургуульд өмнө нь гурван жил захирал хийгээд сонгон шалгаруулалтад тэнцээгүй юм. Ингээд ажлаа өгч байсан. Ш.Сарантуяа удирдах ажилтны ёс зүйгүй, хамт олныг хагалган бутаргасан үйлдлийг удаа дараа хийсэн, үндэслэлгүйгээр багш ажилчдадаа хариуцлага тооцдог, бусдыг байнга дарамталдаг байсан. Иймд түүнийг ажлаас чөлөөлтөл ажил хаялтаа үргэлжлүүлнэ” гэж мэдэгдэв.

БАГШ НАР НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН ДАРГА НАРЫН НҮДЭН ДЭЭР ГАР ГАРААСАА БАРИАД Ш.САРАНТУЯАГ СУРГУУЛЬ РУУ ОРУУЛААГҮЙ ГЭНЭ

62 дугаар сургуулийн гадуур цөөн тооны сурагчид гүйлдэж, тоглож байв. Ихэнх ангид хичээл ороогүй гэнэ. Харин 75 багш ажлаа хаяагүй болохоор 21 бүлгийн 800 гаруй сурагчийн хичээл хэвийн үргэлжилж байлаа. Багш нар ажил хаях болсон талаар сурагчид болон сургуулийн зарим ажилчин бидэнд мэдээлэл өгсөн юм.

Захирлаар томилогдож ирсэн Ш.Сарантуяа нь 2010-2013 оны хооронд уг сургуулийг удирдаж байсан гэнэ. 2014 оны гуравдугаар сард захирлын сонгон шалгаруулалтад орж, шалгаруулалтын хоёрдугаар байранд оржээ. Ингээд 62 дугаар сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад нэгдүгээр байр эзэлсэн Н.Батжаргал томилогдож ирсэн байна. Тэрбээр ажлаа аваад жил орчим болж байгаа аж. Гэтэл сонгон шалгаруулалтад тэнцээгүй нөөцөд шалгарсан Ш.Сарантуяа “Намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна” гээд шүүхийн байгууллагад хандчихсан байна. Бүр гурван шатны шүүхээр “Ш.Сарантуяаг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан байна. Эргүүлэн ажилд нь томил. Шүүхийн шийдвэрийн биелэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалга” гэж шийдвэр гаргажээ. Улсын дээд шүүхийн шийдвэр өнгөрсөн сарын 24-нд гарсан байна. Ингээд гурван шатны шүүхээр хууль бусаар халагдсан гэдэг нь тогтоогдсон Ш.Сарантуяа шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа хүлээн авахаар сургууль дээрээ ирсэн гэнэ. Тэгсэн 62 дугаар сургуулийн 20 гаруй багш сургуулийнхаа үүдэнд гар гараасаа бариад зогсчихсон байжээ. Багш нар Ш.Сарантуяад хандан “Чамайг энэ сургуулийн босгоор оруулахгүй. Чи энэ сургууль руу орох эрхгүй хүн. Орох гээд байгаа юм бол гар гинжийг таслаад ор” гэжээ. Энэ бүгдийг сургуулийн захирал Н.Батжаргал цонхоороо хараад зогсож байсан гэнэ. Мөн Нийслэлийн боловсролын хэлтсийн томоохон албан тушаалтнууд ч сургууль дотроос хараад зогсож байжээ. Боловсролын салбарыг удирдаж яваа тэд багш нарын энэхүү үйлдэлд юу ч хэлээгүй байна. Харин багш нарынхаа “Гагнасан гинжийг таслахтун” гэх тоглоомоор “тоглож” байгааг харсан сурагчид Ш.Сарантуяаг сургууль руу орохыг эсэргүүцэж тэр хавьдаа тэмцлээ илэрхийлж, ширээ сандлаа тачигнуулж эхэлсэн байна. Үл ойлголцох байдал эндээс эхэлжээ. 62 дугаар сургуулийн зарим багшид Ш.Сарантуяаг сургуулийн босгоор алхуулахгүй байх том шалтгаан байсан бололтой.

62 дугаар сургуулийн үүдэнд ахлах ангийн бололтой сурагчид коридорт зогсож байв. Тэд “Ш.Сарантуяа захирал угаасаа муу хүн. Манай сургуулийн олон багшийг сургуулиас нь халсан. Нэг багшийг сургууль дээр архи ууж ирлээ гээд шууд халчихсан. Сурагчдыг үймүүллээ, харин хичээл орж байгаа багш нарыг хичээлээ муу заадаг гээд л загнана. Их дээрэнгүй зан ааштай хүн. Ажил хаясан багш нар бидэнд хичээлээ нөхөөд заана гэж ярьж байна лээ. Бид гэртээ хийх ажилгүй болохоор сургууль дээрээ ирчихсэн байна” гэв. Харин сургуулийн ажилтан “Ш.Сарантуяа багш нарт ажлын шаардлагыг арай хэтэрхий чанга тавиад байдаг юм. Үүнээс болоод л багш нар дургүй байдаг. Хэнхэг гэж ярьдаг” хэмээн ярив. Ажил хаялт зарлаагүй багш нар “Н.Батжаргал сургуулийн захирлаар томилогдож ирээд л багш нарыг ялгаж салгаж харилцдаг болсон. Өөрт нь саймширч харьцаагүй багш нарыг шахаж хавчдаг болсон. Харин өөрийнхөө хүрээлэлд байдаг багш нарт цалингийн нэмэгдэл, мэргэжил дээшлүүлж сургуульд сурч байгаа урамшуулал гэх зэргээр байнга мөнгө өгнө. Ажил хаялт зохион байгуулж байгаа хүмүүс цалингүй ажил хаялт хийж байгаа. Тэгсэн тэдний цалинг зохион байгуулж байгаа хүмүүс өгнө гэж байна лээ. Адилхан цалинтай багш бусдынхаа цалинг өгнө гэж яриад байгаа. Мөн ажил хаяж байгаа багш нарт өдөр болгон цаанаас нь хоол, цэвэр ус өгөөд байгаа. Тэд сургуулийн хажууд амьдардаг айлд орж орой болгон л хурал хийж ажил хаяагүй багш нарыг өөрсдийнхөө талд оруулах гэж утасдаж дуудаж байгаа. Хэн ч захирал болсон яах вэ. Гол нь сурагчдын эрх ашиг хохирч байна. Улирлын амралт эхлэх гэж байхад манай сургууль амрахгүй гэж байна” гэж учирлаж байв.

“БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 25 ЖИЛ АЖИЛЛАСАН ХҮНИЙ ХУВЬД ИЙМ БАЙДЛААР АЖЛАА ӨГӨХГҮЙ”

Ингээд тус сургуулийн захирал Ш.Сарантуяатай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-Халагдсан, томилогдож ирсэн хоёр захирлаас болж гурван мянган хүүхдийн эрх зөрчигдөөд байна. Багш нар таныг дарамталдаг гээд эсэргүүцлээ илэрхийлж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Ийм нөхцөл байдал үүсээд байгаад үнэхээр их харамсч байна. Миний бие боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байна. Энэ салбарт ажиллах хугацаанд Улаанбаатар хотын аварга багшаар хоёр удаа, улсын тэргүүний багшаар мөн л хоёр удаа шалгарч байсан. Төр засаг ч миний хүч хөдөлмөрийг үнэлж одон тэмдгээ харамгүй өгч байлаа. Энэ салбарт хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн гэж өөрийгөө бодож явдаг. Одоо болж байгаа зүйлсийг нууж хаах зүйлгүй үнэн зөвөөр яримаар байна. 62 дугаар сургуульд гурван жил захирал хийж байгаад өнгөрсөн жилийн өдийд сонгон шалгаруулалтаар захирлын ажлаа өгсөн юм. Сонгон шалгаруулалтад тэргүүлсэн хүн надаас 0.8 оноо илүү авсан байсан. Миний бие хоёрдугаар байр буюу нөөцөд шалгарсан. Ингээд энэ ажлыг авч болсон юм чинь өгсөн шиг өгье гэж бодоод ёс уламжлалын дагуу ажлаа албан ёсоор өгсөн. Хэсэг хугацаанд гэртээ суулаа. Тэгээд Нийслэлийн боловсролын газарт очоод би нөөцөөр шалгарсан. Надад ажил байна уу. Байхгүй гэвэл аль нэг сургуульд багшаар ажилламаар байна гэсэн.Тэгсэн “Та багшаар ажиллаж чадахгүй байх. Нөөцөд үлдсэн хүн хоёр жил хүлээх ёстой” гэсэн. Юу гэсэн үг вэ 13 жил олны хүүхдэд багшилж, АНУ-д мэргэжил дээшлүүлсэн хүн шүү дээ. Миний олон шавь нар салбар бүртээ амжилттай явж байна. Ингээд хэсэг хугацааны дараа шүүхэд гомдол гаргасан. Эхлээд энэ салбарт өдий болтол ажиллаад шүүх энэ тэр гээд яах вэ гэж бодож байсан. Ингээд шүүхээс хууль бусаар халсан байна гээд ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсан. Харин ажилдаа жил гаруй хугацааны дараа иртэл ийм байдал угтлаа. Миний бие багш, ажилтнуудаа дарамталж шахсан зүйл огт байхгүй. Бүх хүнтэй ижил тэгш харилцдаг байсан. Нэг хамт олон болохоор жаргал зовлонг нь хуваалцаад л ирсэн юм.

-Юунаас болоод багш нар таныг эсэргүүцээд байгаа юм бол?

-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Муухай харилцаа үүсгэж гомдоож байсан зүйл огт байхгүй гэдгийг хэлсэн. Багш нар ажил хаях болсон шалтгаан нь учир битүүлэг байгаа. Цаанаа том эрх ашиг байх шиг байна. Багш нарыг ашиглаж өөр хүмүүс удирдаад байна гэж хараад байгаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа Боловсролын хэлтсийн дарга дуудсан. Тэр хүн хоёр цаг өмнөө суулгаад юу ч хэлэхгүй байсан. Яагаад тэгснийг мэдэхгүй байна. Үүний дараа Нийслэлийн боловсролын газарт дуудаад “Чи салбараа шүүхэд өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж доромжилсон гэж хэлсэн. Би ч Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж үзэл бодлоо илэрхийлсэн гэж хэлсэн. Үүний дараа сургуулийн үүдэнд багш нар оруулахгүй зогсоосон. Дөрвөн удаа ажлаа авах гээд очтол Нийслэлийн боловсролын газраас хүн ирээгүй. Би дарга руу нь залгаж та нарыг иртэл энд сууна гэж байж арай гэж ирсэн. Тэгээд ажлаа хүлээж авах болтол сургуулийн багш нар хамт ороод ирсэн. Багш нар бүх ажлыг хянаад ажил хүлээн авахад байлцсан гэсэн акт дээр гарын үсэг хүртэл зурсан. Би энэ салбарт ажиллаж дөрвөн ч удаа удирдах албан тушаалтан болж ирэхдээ анх удаа ингэж ажил авч байгаа юм. Ажил хүлээж аваад дуустал Нийслэлийн боловсролын дэд дарга “Үйлдвэрчний эвлэлийн даргаа нөгөө юмаа гардуулж өг” гэсэн. Тэгсэн сургуулийн үйлдвэрчний эвлэлийн дарга “Та иргэний зориг гарган ажлаа эргүүлээд өг. Бид ажлаа өгөхгүй гэвэл ажил хаялт хийнэ” гээд шаардах хуудас өгсөн. Яагаад ингэж байгааг асуухад юу ч хэлээгүй. Ингээд л багш нар ажил хаяад сурагчид хохироод сууж байна даа.

-Таныг захирал хийх гээд хэт улайраад байна гэж ярих хүн олон байна?

-Зарим хүнд тэгж харагдаж байгаа байх. Боловсролын салбарт гэр бүлээрээ хоёргүй сэтгэлээр ажиллалаа. Би захирал болох гэж зүтгээд байгаа юм биш. Багшийн ажлаа хийе гэсэн ажил байхгүй гэсэн. Аргаа бараад л шүүхэд хандсан. Энэ сургуулийг дүүргийн тэргүүний сургууль, улсын тэргүүний хүүхдэд ээлтэй загвар сургууль хүртэл тордож, додомдсон. Энэ амжилтад миний болон хамт олны хүч хөдөлмөр орсон шүү дээ. Энэ салбараас би ийм байдалтай гарахгүй. Яагаад гэвэл олон жилийн хүч хөдөлмөр, залуу насаа энэ салбарын сайн сайхны төлөө зориулсан. Гэхдээ цагийн юм цагтаа гэж үг байдаг байх аа гэв.

АЖИЛДАА ОРОХГҮЙ БОЛ ШҮҮХЭД ХАНДАНА ГЭВ

Бид 62 дугаар сургуулиас гарч явахад нэгэн сурагчийн ээж таарав. Тэрбээр багш нар ажил хаяад байгаа шалтгаан нь сургуулийн 40 жилийн ой болох гээд ирэх сарын 11-нд “Улаанбаатар палас”–т сурагчдын нэгдсэн тоглолт болох юм. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөг. Сургуулийн хүүхдүүдээс мөнгө хураасан. Тэр мөнгөө эргүүлээд өгч чадахгүй болчихоод ийм асуудал үүсээд байгаа. Сурагчдаас хураасан мөнгө нь хэдэн арван саяар хэмжигдэж байгаа” гэдгийг онцолж байлаа.

62 дугаар сургуулийн багш нар Ш.Сарантуяаг Улсын дээд шүүхийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн бүрдүүлсэн гэж шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдлыг шүүх хэлэлцээд Ш.Сарантуяаг хуурамчаар бичиг баримт бүрдүүлээгүй гэх шийдвэрийг ч мөн гаргажээ. 62 дугаар сургууль дээр болоод байгаа үйл явдлын талаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбатаас тодруулахад “Бид ажил хаясан багш нартай хэд хэдэн удаа уулзсан. Уулзалтаар тэдэнд хууль бусаар ажил хаяад байгаа шүү гэдгийг сануулсан. Маргааш мөн л очиж уулзана. Хэрэв уулзаад ажилд орохгүй бол шүүхийн байгууллагад хандана. Хууль хяналтын байгууллага шийдвэр гаргасны дараа арга хэмжээ авах асуудал яригдана” гэв.

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбатын хэлж буйгаар багш нар ажил хаялтаа зогсоохгүй бол шүүхэд хандах гэж байгаа юм байна. Харин шүүх аливаа гомдлыг 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Мөн тодорхой шалтгаан гарвал шүүх хурал хэдэн ч удаа хойшилж болдог. Тэгэхээр багш нар ажил хаялтаа зогсоохгүй гэвэл 62 дугаар сургуулийн хоёр мянга гаруй сурагчдад энэ хавар хичээл заах багш олдохгүй бололтой.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Өөрийгөө хурцалж зоригжуулж байгаа нь аархуу харагдуулдаг биз ээ

Саяхан Мэргэжлийн сумогийн хаврын башё Осака хотноо болж, шинэхэн сэкивакэ Тэрүнофүжи Гантулгын Ган-Эрдэнэ их аварга Хакухог давж, барилдааны сүүлийн өдрийг хүртэл сонирхолтой болгож олныг хөгжөөж чадсан билээ. Тэмцээнийг 13 даваа, хоёр унаатай дуусган, дайчин барилдаан, гарамгай барилдааны хоёр тусгай шагналыг хүртэж жинхэнэ шуугиан тарьсан. Тэрбээр 1992 оны гуравдугаар сарын 29-нд Улаанбаатарт төрж, 16 настайдаа монгол үндэсний бөхийн хүүхдийн тэмцээнд түрүүлж, 17 настайгаасаа жүдогоор хичээллэж эхэлсэн нэгэн. Анх 18 настайдаа Тоттори аймгийн Сумогийн гүнзгийрүүлсэн сургалттай Жёохокү ахлах сургуульд элсчээ. 2011 онд Исэгэхама дэвжээнд орж, 2013 онд Жюүрёод түрүүлэн 2014 оны гуравдугаар сард Макүүчи тойрогт чансаа ахисан байдаг. Түүнтэй манай сонины Япон дахь тусгай сурвалжлагч Ц.Эрдэнэцэцэг Осакад байдаг дэвжээнд нь очиж ярилцсаныг хүргэж байна.

-Одоогоос яг жилийн өмнө Осакагийн Хару башёд анх макүүчи зиндаанд барилдаж эхэлсэн байх аа. Осакагийн дэвжээ ээлтэй байна шүү?

-Тийм ээ. Одоогоос жилийн өмнө Осакагийн башёд дээд зиндаанд орж барилдаж байлаа.

-Энэ удаагийн башёд үнэхээр сайхан барилдаж, сүүлийн өдөр ч гэсэн үзэгч олныг баясгаж чадсан. Ер нь хэр барилдана гэж бодож байсан бэ?

-Ямар ч байсан арваас дээш давъя гэсэн бодолтой байсан. Түүнээс биш түрүүлэхийн төлөө сүүлийн өдөр хүртэл явчихна гэж огт бодоогүй. Баяртай сайхан л байна.

-Аваргыг давж аварга болно гэдэг. Башё эхлэхээс өмнө мэдэгдэж байснаараа Хакухо аваргыг давна гэсэн амлалтандаа хүрлээ. Ер нь башё болгоны өмнө нэг бөхийг онилж, ялна гэж өөртөө зорилго тавьдаг гэсэн. Үнэн үү?

-Түрүү жилийн нэг сарын барилдаанд жүрёод байсан. Тэр үедээ энэ жилдээ багтаад санякү цолонд хүрнэ гэсэн зорилт тавиад бэлтгэл хийж эхэлсэн боловч чадаагүй. Жаахан хожуу сая хүрлээ. Саяын нэгдүгээр сарын башёд ч энэ жилдээ багтаж озэки цолонд хүрнэ гэсэн зорилт тавьсан. Ер нь дээд зиндаанд барилдаж эхлэхэд Эндо, Оосунараши хоёр бөхийн нэр их гарч, түмэнд танигдаж эхэлсэн. Ичиножо хараахан гарч ирээгүй байсан. Тэгээд тэр үед би 13 унаатай ч байсан хамаагүй энэ хоёр бөхийг л давна гэж хэлж байгаад давсан юм. Тэрнээс болоод ийм яриа гарсан байх. Энэ сард ч гэсэн 14 унаатай ч байсан хамаагүй, зөвхөн Хакухо аваргыг л давна гэж хэлсэн юм. Аваргыг унагаж байна аа гэдэг бусдыг нь ч давна л гэсэн үг шүү дээ. Яахав ингэж өөрийгөө хурцалдаг гэх үү дээ.

-Такануива А.Баасандорж, Ичиножо А.Ичинноров та нарыг Жёохокү ахлах сургуулийн хүчтэнүүд гэдэг. Анх 18 настайдаа Японд ирж байсан хүүхдүүд хэл ус ч мэдэхгүй, гэр орноо санаад их хэцүү байдаг гэсэн. Үүнийг яаж даван туулсан бэ?

-Бид дөрвүүлээ анх ирж байлаа. Нэг нь одоо Их сургуулийн сумод тун сайн барилдаж байгаа. Нэг нь Монгол буцсан. Тэгээд Ичиножо бид хоёр энд барилдаж байна. Анх 2010 оны гуравдугаар сарын 27-нд ирж байсан юм. Одоо яг таван жил боллоо. Дөрвүүлээ хэл мэдэхгүй. Ер нь анх бүгдээрээ тийм байдаг л даа. Хоорондоо бас монголоороо ярьж болохгүй. Хориглочихдог. Дотуур байранд амьдардаг. Хичнээн утас байсан ч ярьж болохгүй. Гар утас бариулдаггүй. Манай сургууль тун хатуу дүрэмтэй. Сардаа нэг л удаа утсаар ярихыг зөвшөөрнө. Багшийнхаа өрөөнд 10 минут ярих боломжтой. Сайн уу, баяртай гээд л дуусчихдаг байсан сан. Хулгайгаар интернэтэд их ордог байсан. Нууцаар дэвжээний утсаар ярьсан нь баригдаад бөөн юм болж байлаа. Манайх бэлтгэл сургуулилтын хувьд тэргүүний сургууль гэдгээрээ орон даяар алдартай. Бэлтгэлийн үеэр бол хүнээс ямар хүч гардаг тэр хүчээ шавхан дайчилж, бэлтгэл хийдэг байсан. Өглөө хичээлдээ яваад л өдөр дөрвөн цагаас орой есөн цаг хүртэл тасралтгүй бэлтгэл хийдэг байсан. Бид дөрөв хоорондоо их ярьдаг байсан л даа. Би тэднээс биеэрээ хамгийн том. Ичиножо бас том. Нөгөө их сургуульд барилдаж байгаа найз бас адилхан. Манай дэвжээний ахлагч залуу бие нь жижигхэн хэрнээ бидэнд дийлддэггүй. Бид нэг мөргүүлээд л гараад байдаг. Ийм жижиг биетэй хүн барилдаад байхад бид чадах юм байна. Бууж өгч болохгүй шүү гэж их ярьдаг байсан. Би ер нь ялагдах их дургүй. Манай ахлах сургуулийн Ишиура багш бидний хор шарыг их малтдаг. Маш их загнуулна, доромжлуулна. Намайг “Их муу байна. Чам шиг хэрэггүй хүн алга. Нутаг руугаа харь” гэж ирээд загнаж өгнө. Одоо эргээд бодоход бидний бэлтгэлийг илүү сайн хийлгүүлэх гэж л ингэж хэлдэг байж. Ингэх тусам нь л улам хүчтэй болж, хэн болохоо харуулъя гэж зүтгэдэг байсан болохоор л тэр бэрхшээлүүдийг давсан болов уу.

-Ер нь таныг их аархуу байна гэж хүмүүс яриад байгаа. Та өөрөө юу гэж хэлэх вэ?

-Хэдхэн хормын дотор бүх зүйл шийдэгддэг спорт шүү дээ. Давах, унахаас гадна цаана нь бидний амьдрал явж байдаг юм. Өрсөлдөгчөө давж л байж амьдралаа дээшлүүлж чадна. Өөрөөр хэлбэл, унаад байвал тэр хүнд өөрийнхөө амьдралыг булаалгаад байна гэсэн үг. Сайхан амьдрах эсвэл энгийн амьдрах уу гэсэн хоёр юмны зааг дээр байдаг гэж боддог. Хэн ч гэсэн сайхан амьдрахыг л бодно. Тиймээс л барилдахаасаа өмнө өрсөлдөгчөө давахгүй бол болохгүй гэж сэтгэлээ хурцалдаг. Өөрийгөө зоригжуулж хурцалж байгаа нь аархаж харагддаг биз ээ. Дэвжээн дээрээ гарчихаад сулбайгаад байж болохгүй биз дээ. Тэгвэл ялах ч үгүй.

-2011 онд “Магаки” дэвжээнд анх хөл тавьж байжээ. Яагаад “Исэгахама” дэвжээ рүү шилжсэн юм бэ?

-“Магаки” дэвжээ их цөөхөн бөхтэй. Ояагата нь болих гэж байсан юм. Тэгээд энэ дэвжээтэй нэгдсэн. Анх Вакамишёо гэдэг нэртэй байсан. Жүрёод гарч ирснээс хойш Тэрүнофүжи нэртэй болсон. Хоёр аваргын нэрийг нийлүүлсэн юм. Тэрүкүни аваргын Тэру, манай энэ дэвжээний ояагата Асахифүжи аваргын Фүжиг авсан юм.

-Харумафүжи аваргатай нэг дэвжээнд байдаг. Аваргатай хамт байх ямар байна?

-Хажууд аварга хүн байна гэдэг маш их нөлөөтэй шүү дээ. Аваргын давж, туулж гарсан болгоныг мэдрээд, хажуунаас нь хараад явна гэдэг маш их зүйлийг ойлгуулдаг. Ийм хүн болох юмсан. Илүү их хичээе гэсэн бодлыг гүн суулгадаг болов уу. Өглөө хамт бэлтгэл хийнэ. Яавал хүчтэй болох уу, яаж хүнтэй харьцаж байна, яавал сэтгэлийн тэвчээртэй байх уу гээд бүгдийг л дэргэдээс нь харж, суралцаж байдаг. “Алтны дэргэд гууль шарлана” гэдэг шиг ахыгаа харж байж л явна шүү дээ. Надад ах байхгүй. Нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй болохоор ахаасаа бүх л юмыг сурч байна даа.

-Нэг дэвжээний Аминишики бөх башё дундуур гэмтээд, барилдангаа зогсоосон. Ингэж амжилттай барилдахад ахын зүгээс их юм захиж байсан байх даа?

-Тэгэлгүй яахав. Монголд бол ах зах, насны эрэмбийг их харж, хүндэлж харьцдаг бол сумод анх орсон жилээр нь харгалзаж, хүндэлж харилцдаг. Би Аминишики бөхөөс их эмээж бас хүндэлдэг. Бэртээд сууж байхдаа намайг яг гарахын өмнө хажуу талын өрөөнөөс “Ганаа хичээгээрэй” гэсэн. Тэгтэл нь би Кайсейд уначихаад хүрээд ирсэн. Маргааш нь хаалган дээр “Ганаа хичээгээрэй” гээд цаасан дээр бичээд наачихсан байсан. Тэрийг харангуут сэтгэл нэг л сонин болчихсон. Давахгүй бол болохгүй юм байна даа гэж бодогдсон. Ялчихаад ирлээ. Дараа нь дахиад цаасан дээр “Одоо хоёр барилдаан л үлдлээ. Ганаа хичээгээрэй” гээд биччихсэн байсан. Дараа өдөр нь хоёр гэдэг тоог арилгаад нэг болгосон байсан. Дууссаны дараа өрөөний хаалган дээр “Ганаа маш их хичээлээ” гээд бичээд наасан байсан.

-Үгээрээ хэлж болохгүй байсан юм байх даа. Яагаад тэгж бичиж наагаад байсан юм бол?

-Хэлээд гаргахад унаад ирсэн болохоор бичээд тавиад байсан байна л даа. Бид хоёр долоон даваатай байсан өдрөө хоёулаа уначихсан. Тэгээд орой нь Аминишики надад “Чи тийм муу бөхөд унаад байхдаа яадаг юм” (Кисеносато) гэхээр нь “Би таныг л уначихаар адилхан болчихлоо шүү дээ” гэсэн юм л даа.

-Башёгийн 14 дэх барилдаанд Ичиножо та хоёр таарч нэлээн удаан барилдаж, та давсан. Урьдах башёод ч гэсэн гурван минутаас дээш удаан барилдсан. Ер нь яагаад та хоёр ийм удаан барилддаг юм бэ. Монгол бөхчүүдийн хав золгоод уддаг шиг. Монгол бөхтэйгөө таарахаар тэгээд байна уу?

-Хоёулаа яг адилхан барилдаантай. Нэг нь нөгөөгийнхөө арга барилыг бүр багаасаа өөр шиг нь шахам мэдэлцсэн хүмүүс шүү дээ. Аль, аль нь золгоод л бяраар үздэг, хүч чадлын хувьд тэнцүүхэн байгаа болохоор тэгж уддаг юм байлгүй.

-Ичиножо найзыгаа сэкивакэ болоход нь их гоёмсог үнэтэй цаг бэлэглэсэн гэсэн. Таныг сэкивэкэ болоход цаадах чинь бэлэг өгөв үү?

-Аваагүй байгаа. Өгөх байлгүй. Сэтгэлээрээ болно биз. (Инээв) Такануива Баасандорж ах, Ичиножо бид гурав бие биенээ цол ахихаар бэлэг авч өгдөг юм. Ичиножог цол ахихад нь Баасандорж ах бид хоёр нийлж, бэлэг авч өгсөн юм. Одоо миний ээлж болчихоод, бэлгээ хүлээгээд л байна. (Инээв)

-Озэки цолонд тун ойртчихлоо. Ирээдүйн зорилго гэвэл?

-Энэ жилдээ багтаж озэки цолонд хүрэхийг бодож байна. Үүнийгээ л биелүүлэхийн төлөө үзнэ дээ. Хэвлэл мэдээллийнхэн нэг сайн барилдахаар хэтэрхий дөвийлгөж магтаад, шуугиад л, жаахан тааруухан барилдахаар энэ ер нь явахгүй, бүтэхгүй нь ээ гэж л яриад эхлэхээр онцгүй санагдаад байдаг юм. Ичиножог анх гарч ирэхэд яалаа. Монгол, Японгүй шуугилаа. Тэгээд л дараа нь бараг мартчихдаг шахуу. Иймэрхүү хандлагад би дургүй. Адилхан л байдгаараа хичээгээд барилдаж байна. Бэртэл гэмтэл байна. Сүүлийн үед энэ нүүр номоор ч гэсэн элдвээр хэлэх юм. Ер нь хамт байгаа хэдэн бөх л бие биенийхээ зовлонг ойлгодог доо.

-Найз охинтой юу?

-Яагаад ингэж асууж байгаа юм?

-Монгол төдийгүй япон олон шүтэн бишрэгч охид байгаа шүү дээ. Тэд хамгийн их сонирхож байгаа гэж бодож байна.

-Одоо амжилттай сайхан барилдахдаа л хамаг анхаарлаа төвлөрүүлье гэж бодож байна шүү.

Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Гэрэл зургийг

Р.ДАВАА

Categories
мэдээ цаг-үе

Бямбасүрэнгийн Хүдэр-Ян: Аавыг Ерөнхий сайд байхад өрөөнд нь нэг л удаа хальт орж үзсэн

Хэнтийд 1986 он. Д.Бямбасүрэн аав, ээж, үр хүүхэд, ах, дүүсийн хамт

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн том хүү Хүдэр-Янтай ярилцлаа. Тэрбээр ИЗ-НН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, “Хэт” компанийн дэд захирлын алба хашдаг.

-Таны ширээн дээрх хэвлэмэл хуудсыг харсан чинь ээж тань нэлээд хэдэн жилийн өмнө “Урлах эрдэм” гээд хэвлэлийн газар ажиллуулдаг байсан нь санагдлаа?

– “Урлах эрдэм”-ийг одоо манай бага дүү Биндэръяа авч яваа. Манайх чинь эмэгтэй эрэгтэй гээд сөөлжсөн зургаан хүүхэд байдаг. Онон, Хүдэр-Ян, Хонгорзул, Хашмаргад, Энхбайгаль, Биндэръяа гээд зургуулаа.

-Хүмүүс Д.Бямбасүрэн гуайг бүгд мэднэ. Харин угсаа гарлыг нь сайн мэдэхгүй. Буриад байх аа?

-Ер нь бид Буриадын Сонгоол овгийн улсууд. Анх манайхан хувьсгалын өмнө Хэнтий нутагт орж ирсэн гэдэг. Намайг багад хөгшин ээж хэлдэг байсан юм. “Бид чинь Ац, Сүхийн голоор нутагтай байсан улсууд аа” гэж.

-Тэгэхээр хэлмэгдүүлэлтийн үеийг туулаад өнгөрчээ?

-Хэлмэгдүүлэлтийн үеийг туулсан. Манай өвөө найман настайдаа арваад айлын дунд ганц эр хүн болж үлдсэн гэдэг юм. Арваад айлынхаа мал хуйг янзлах, түлээ модыг дөхүүлэх гээд бүх л ажлыг хийдэг байжээ.

-Бямбасүрэн гуайн аав Даш гэдэг хүний тухай ярьж байна уу?

-Тийм ээ. Даш гэж хүн байсан. Өвөөгийн аав, ах нь бүгд хэлмэгдсэн л дээ. Өвөө байнга түр цэрэгт татагддаг байсан гэдэг. Манай аав “Бага байхад аав дандаа түр цэрэгт татагдаад явчихдаг. Аавыгаа их санадаг байж билээ” гэж ярьдаг юм. Аав нэг эгчтэй хоёулаа улсууд. Нутагтаа бага насаа өнгөрөөсөн гэдэг.

-Бямбасүрэн гуайнд нэг очиход хөрөнгөөр исгэсэн буриад том талх, зөөхийгөөр дайлж байсан, буриад ахуйтай санагдсан л даа?

-Ер нь хүнд хамгийн ойрхон юм өсч төрсөн орчин, идэж ууж өссөн хүнс л байдаг. Түүнээс биш одоогийн гоё нэртэй, өнгө зүстэй хоол нэг их наалдацгүй. Бид ч гэсэн заримдаа Хэнтийгээс талх, зөөхийгөө зөөгөөд идчихдэг. Манайхан чинь онцлогтой, зөөхийгөө мойлтой тосоо барьсан талхаа, гогодтой хуушуураа бүгдийг нь хийнэ. Багадаа арьс нэхий, сураа элдээд, хазаар ногтоо хийгээд, ус түлээгээ бэлтгэж яг л хөдөөгийн ахуйд өслөө шүү дээ.

-Танай нэг дүү малчин болж, Ерөнхий сайд хүүгээ малчин болгохоор явуулж байна гээд телевизээр мэдээлж байсан даа?

-Миний доод талын эрэгтэй дүү л дээ. Мал ахуй гэр орон хөдөө байдаг. Нутгаа нэг нь сахих хэрэгтэй болсон. Тэгээд тэр дүү маань аравдугаар ангиа төгсөөд явж байсан. Өөрөө ч малд сонирхолтой. Хөдөө таван жил гаруй мал маллаад, тэндээсээ хань бүлтэй болоод хотод ирж, сургууль төгссөн. Одоо энд ажиллаж амьдарч байна даа. Хаш-Маргад маань одоо Хан-Хэнтийн дархан газрын даргаар ажиллаж байна. Онон эгч ТББ-д жендэрийн асуудлаар ажилладаг. Энхбайгаль маань Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал ажилтай.

-Харин та ямар мэргэжлийн хүн бэ?

-Би эрчим хүчний мэргэжлийн хүн. Анх Москвагийн эрчим хүчний дээд сургуульд Турбин хөдөлгүүрийн зохион бүтээгчийн ангид явсан. Ийм мэргэжлээр яваад, 1990 оны гуравдугаар сарын 8-нд ирсэн юм. Буцаад сургуульдаа явах гэсэн чинь тухайн үеийн нөхцөл байдлаас болоод явж чадаагүй л дээ. Энд Политехникийн дээд сургуулийн дулааны ангид турбины ашиглалтын инженерээр төгссөн.

– Аав тань зах зээлд шилжих үеийн анхны Ерөнхий сайд. Цаг төр ч хэцүү байж. Ерөнхий сайдын хүүхэд гэсэн давуу тал байв уу?

-Тэгэхэд Политехникийн дээд сургуулийн оюутан байсан. Бидний үед тусгай хангамж гэж хөөцөлддөггүй. Байдгаараа л байсан. Сургууль төгсөөд Эрдэнэтэд илгээлтээр явсан. Эрдэнэтийн дулааны станцад очиж, тэнд зуухны галчаас эхлээд 18 мэргэжил дамжиж явж, мастер болж байлаа. 1994 онд Эрдэнэтээс ирж, хотод ажиллаж эхэлсэн л дээ.

-Улс төрд орсон гэсэн үг үү?

-Улс төрд ороогүй. Тэр үед биднийг улс төрд оруулдаггүй байсан. Манай аав чанга. Биднийг ном унш, ажил хий гэж шахдаг байснаас биш улс төрд ойртуулдаг ч үгүй байлаа. Би аавыг Ерөнхий сайд байхад өрөөнд нь нэг л удаа хальт орж үзсэн.

-Тэр нь ямар учиртай байсан юм бэ?

-Нэг орой аав оройтох болоод ээж хоол хийгээд тавьчихсан байснаа хүргээд өгчих гэхээр нь би өрөөнд нь очиж үзсэн. Хоолыг нь өгөөд л гарч байгаа юм.

-Та Д.Бямбасүрэн гуайтай үнэхээр адилхан юм аа. Хүмүүс таныг Д.Бямбасүрэн гуайн хүү гээд шууд таньчихдаг байх даа?

-Таньдаг. Төрх байлгүй яахав дээ.

-Хүдэр-Ян гэдэг нэрийг яагаад танд сонгосон юм бол. Их л ховор дуулддаг нэр?

– Манай ээж охин төрвөл Хонгорзул гэж нэр өгнө гэж байсан юм билээ. Тэгээд би гараад ирсэн. Би чинь гэртээ мэндэлсэн шүү дээ. Аав маань намайг эх барьж авсан гэдэг. Ээж болохоор Хонгорзул гэж нэрээ өгнө гэж. Одоо миний эрүүл мэндийн гэрчилгээн дээр Хонгорзул гэдэг нэр байдаг. Сарын дараа аав нэг орой хэвтэж байгаад “За би хүүдээ нэр өглөө” гээд Хүдэр-Ян гэдэг нэр өгчихсөн гэж байгаа юм. Хүдэр гэдэг нь том хүдэр гэсэн утгатай, Ян гэдэг нь ян сарьдаг мөнх цастай уулын оргил гэдэг утгаар нэрлэсэн юм билээ. Ээж миний дараагийн дүү охинд Хонгорзул гэж нэрээ өгсөн. Миний дүү зураач хүн одоо уран бүтээлээ хийгээд явж л байгаа.

-Аав ээж тань сэхээтэн улсууд даа. Яагаад гэртээ хүүхдээ төрүүлчихсэн юм бол?

-Тухайн үедээ утас холбоо байхгүй. Ээж амаржих дөхсөн. Аав ер нь юмыг яаж мэдэхэв гээд номын санд суугаад, эх барихын ном уншсан гэдэг. Аав их зөнтэй. Хэд хоногийн дараа орой бууз идээд унтахаар хэвтсэн чинь гэнэт ээж өвдсөн гэж байгаа юм. Тэгээд л сандраад аав эх барьж авсан. Түргэн дуудсан ч амаржсаных нь дараа иржээ.

-Ямар ч байсан Д.Бямбасүрэн гуай эхнэрээ төрөхийг хараад ухаан алдаж унах хүн биш л байж?

-Аав ярьдаг юм. “Чамайг эх барьж авахдаа хүйг нь жаахан уртхан боочихсон байсан” гэж. Гар нь том юм чинь. Дөрвөн хуруу зай аваад бооно гэж уншсан шиг байгаа юм. Аав тэр үед хойно сургууль төгсөөд ирчихсэн, Статистикийн төв газар ажиллаж байж.

-Ээж тань юу хийдэг байв. Тэд хаана танилцсан бол?

-Ээж хэвлэлийн хүн. “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байсан. Аавын дурсамжийн номууд дээр байдаг даа. Нутагтаа танилцсан гэж.

-Эцгийн тухай таны бага насны дурсамж юу байдаг вэ?

-Миний багад аав их завгүй байсан. Ер нь бараа нь бараг харагдахгүй шүү. Шөнө орой болтол ажил дээрээ сууна. Бид багадаа зуны улиралд бол хөдөө хоёр хөгшин дээрээ очдог. Тэгэхдээ манай эгч дөрвөн ой гарантай уншаад сурчихсан. Би ч бас тав, зургаан настай уншаад сурчихсан. Би чинь Хонгорзул дүүтэйгээ нэг ангид сурдаг байлаа. Манай аав эгчтэйгээ нэг ангид явдаг байсан юм гэдэг. Бид хоёр хөтлөлцөөд гүйж явдаг. Наймдугаар анги хүртлээ нэг анги байсан. Есдүгээр ангиасаа Хонгорзул маань Дүрслэх урлагийн дунд сургуульд шалгалт өгч орсон.

-Таныг мэргэжлээ сонгоход чиглүүлж байсан уу?

-Үгүй. Аравдугаар анги төгсөхдөө ямар ч байсан инженер болно гэж бодоод конкурсдэж байсан. Мэргэжил сонгохдоо аавтай хамт орсон. Ээж сургуулийн гадаа зогсч байсан юм. Турбины зохион бүтээгч гэсэн мэргэжил сонгосон. Ээж гадаа турба гээд сонсчихож,”Та хоёр очиж очиж турбаны мэргэжил аваад байхдаа яадаг юм” гэж билээ. Энэ мэргэжлээр Москвад сурч байхдаа зураг зурж, тоо бодоод л явдаг байж. Шалгалт өгөх гээд гурав, дөрөв хоног унтахгүй үе зөндөө. Нэг удаа физикийн шалгалт дээрээсээ хөөгдөж гарч байсан юм. Шууд элссэн учраас хэлний бэрхшээл байсан. Бусад хичээлээ амждаггүй. Физикийн хичээлийг мэднэ гээд лекцэнд нь суугаагүй. Тэр цаг дээрээ бусад хичээлээ нөхөж авдаг. Яг шалгалт боллоо. Федор Федрович Федров гээд багш “Чи яах гэж байгаа юм” гэсэн “Шалгалтаа өгье” гэсэн. “Би чамайг танихгүй” гэхээр нь “Би бас таныг танихгүй байна” гэсэн чинь “Гар” гэсэн. Тэгээд унагачихсан. Дөрөв хоногийн дараа өөр ангитай давхиад очлоо. Багш нөгөө үгээ хэлж байна. Би “Багшаа, одоо би таныг таньдаг болсон, шалгалтаа өгье” гэлээ. “Үгүй” гэж байна. Нэгдүгээр курстээ хоёр унаад гурав дахиа ордог байхгүй юу. “Чи яагаад миний хичээлийг тасалсан” гэж байна. Үнэнээ л хэллээ. Нөхөр конспектоо гаргаж ирээд эхний хичээлээс сүүлийн хичээл хүртэл бүх хичээлээр дөрвөн цаг шалгалт авсан. Тэгээд “За яахав чи ойлгодог юм байна, мэддэг юм байна. Гэхдээ би чамд олигтой дүн тавихгүй дээ” гэсэн. Нөхөр харин дөрөв тавиад гаргасан юм.

-Та хүүхэд байхдаа зүггүйтдэг байсан уу?

-Нэг их сахилгагүй хүүхэд байгаагүй. Гэр амьтай, ном шагайсан хүүхэд байсан даа.

-Ээж тань ямар хүн байсан бэ?

-Манай ээж сэтгүүлч, бас жаахан зохиол бичдэг. Ээжийн бичсэн шүлэг, өгүүллэгийн ном бий л дээ. Спортлог, цанаар сайн гулгадаг байсан. Хүүхдүүд том нь багыгаа чирээд өсдөг зарчмаар л бид өссөн. Аав ажил ихтэй учраас ээж л ар гэрийн ажлыг бүгдийг зохицуулдаг. Манайд аавын аав, ээжийн аав ээж бүгдээрээ шавааралдаад амьдарна шүү дээ. Жаахан хүүхдүүд мэдээж сахилгагүйтнэ. Орой ажил тарахын үед гэр жаахан эмхэрдэг шиг байгаа юм. Пижигнээд л гэрээ цэвэрлээд, хоол ундаа хийдэг байж.

-Картын барааны үеийг бидний үеийнхэн тод санадаг. Хүмүүс Засгийн газрын элдэв тогтоолын дугаарыг анзаардаггүй л болов уу. Гэхдээ хорьдугаар тогтоолыг бүгд мэддэг. Харин тэр үед танайхан картын барааны үеийг хэр мэдэрсэн бэ?

-Яг л бусдын адил байсан. Картын бараандаа оочерлоно. Мах, гурил будаандаа явна. Би нэг удаа нормын хоёр шил архийг нь дэлгүүрээс авч гарахдаа нэгийг нь хүний хөлд цохиод хагалчихсан. “Хөгшин аавд ёстой арьсаа хуулуулна даа“ гэж айсан ч гайгүй өнгөрч билээ. Хөдөө хөгшчүүл байдаг, хэдэн малтай болохоороо өвөлдөө мах, сүүгээр тасардаггүй л байсан. Сүү аарц хүрээд ирнэ, зөөхийгөө цохиод авчихна. Бас ч гайгүй байсан л даа.

-Хэдийнээс улс төрд орохоор шийдэв?

– Улс төрд бид их сонин түүхтэй орсон. 2011 онд Дорнодод “Хэт” компани нефтийн үйлдвэр барина гээд явж байхад Сү.Батболд, тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байсан Д.Зоригт хоёр очдог байхгүй юу. Би тэдэнд хэлүүлсэн юм. “Бид үйлдвэрийнхээ шавыг тавих гэж байна. Манайхаар нэг ороод нээлтэнд оролцоод яваач” гэсэн юм. Тэгсэн нөгөө хоёр “Амжихаа байлаа” гэв. Би ажилчидтайгаа үйлдвэрийнхээ шавыг тавилаа. Орой нь газрын тосны сургуулийн захирал Цэвээнжав гуай “Хүдрээ, юу болсон бэ, танайх үйлдвэр барихаа больсон юм уу. Цаад хоёр сайд чинь Дачинд очоод Монголд үйлдвэр байгуулаад өгөөч гээд гуйгаад явж байх юм” гэсэн. Миний дургүй хүрсэн. Үндэсний компани үйлдвэр барихаар шав тавьж байхад хажуугаар нь давхиж гараад Хятадын компаниас гуйна гэдэг юу гэсэн үг вэ. Энэ улсууд чинь болохоо байсан юм байна. Зүгээр байж болохгүй юм байна гэж бодсон. Улс төрд орох сэдэл анх тэгж төрсөн.

-Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах ирээдүй бий юу?

-Ер нь 1996 оноос манайх нефтийн хайгуул хийгээд Монголын нефтьтэй гэсэн талбай болгон дээр шахуу ажиллаж үзсэн. Монголын анхны хувийн компани нефтийн хайгуул хийж эхэлсэн нь тэр. Түүнээс хойш Монголд нефть гарна гэдэг нь ойлгомжтой болсон. Ерөнхийлөгч очоод дээлээ мялаадаг чинь 1997 он шүү дээ. Тэр нефтийн үйлдвэр Монголд хэрэгтэй юм байна гэсэн бодол төрсөн. 2009 оноос Дорнодод үйлдвэр барихаар хөөцөлдсөөр өнгөрсөн жил 2014 оны долдугаар сарын 14-нд тусгай зөвшөөрлөө авлаа. Энэ сард багтаад Засгийн газрын хуралдаанаар орж шийдэгдэх юм шиг байна.

-Дорнодын газрын тосыг түшиглээд боловсруулах үйлдвэр барина гэсэн үг үү. Монголыг хангах хэмжээний тос гарах уу?

-Ер нь зөвхөн Дорнодын сав газраас жилдээ сая гаруй тонн түүхий тос гардаг. Дорнодын нефть хангалттай. Одоо байгаа нөөцөөр элбэг 20-30 жил Монголыг хангана. Хайгуул хийх хэмжээгээр газрын тосны нөөц нэмэгдэнэ. Гадныхны тусламжтайгаар газрын тос боловсруулах төслүүд явдаг. Дотоодынхоо тосон дээр боловсруулах үйлдвэр барина гэж манайх л дуугарсан. Бусад нь Оросоос тос авчирч нэрэхээр тооцоолдог. Боломж их байгаа. Манай төр барьж байгаа нөхөд хүсэх л юм бол бид боловсруулах үйлдвэр барьж чадна. Тэд хүсэхгүй байна. Нефтийн үнэ ханш савлахад хомсдол үүсэхэд нефть боловсруулах үйлдвэр барих тухай ярьдаг. Бусад үед нь мартчихдаг.

-Зарим нэг лидерийн хэлснээр бол Монголд газрын тос боловсруулах өртөг өндөр гэсэн. Нэг литр нь бараг 4000 төгрөг хүрэх юм биш үү?

-Бид өөрсдөө газрын тосоо боловсруулбал өртөг асар ихээр буурна. Манай тооцоогоор 1600 төгрөгөөр борлуулахад хангалттай. Одоо бол бензинээ борлуулахдаа хилийн үнэ, ашиг, зардлаа нэмээд тооцдог. Монголчууд түүхий эд нийлүүлэгч улс байгаад хожихгүй эцсийн бүтээгдэхүүн л хийх ёстой гэж боддог.

-Таны удам судрыг харсан ч том намууд сонирхож л байсан байх. Та яагаад Иргэний зоригийг сонгосон юм бэ?

-Би сүүлд улс төрд орж ирсэн. Анх оюутан байхдаа талбайд өлсгөлөн зарласан хүмүүсийг дэмждэг байлаа. Ардчиллынхан бүгд л ааваас зөвлөгөө авдаг, уулздаг байсан. Хажууд нь сонсож суудаг байсан болохоор энэ улсууд зөв юм хийж байна гэж дэмждэг байлаа. Сүүлдээ тухайн үед ярьж байсан, мөрөөдөж байсан нь огт өөр болоод, өөрсдөө дарангуйлагчид болоод эхэлсэн. Зам нийлэхгүй юм байна. Улс төрд орвол эхнээс нь шинээр эхлүүлье гээд Иргэний зориг, ногоон намд орсон юм.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Монголчууд гэрийн автоматжуулалтын систем зохион бүтээж байна

“Аметрос технологи” компанийг Н.Дорждэрэм, Д.Тулгабаатар нар Америкт байхдаа үүсгэн байгуулжээ. Физик, электроникийн чиглэлийн залуус баг бүрдүүлэн анхны бүтээлээ гаргасан нь гар утасны утасгүй цэнэглэгч байсан гэнэ. Уг бүтээлээ бэлэн болгоод АНУ-ын зах зээлд нэвтрүүлэх гэсэн боловч хөрөнгө оруулалт дээр асуудал тулгарчээ. Тухайн үед тэдний хийсэн бүтээлийг гадны компаниуд 300 мянган ам.доллараар худалдаж авах санал тавьж байсан ч татгалзсан байна. Хэдийгээр эхний төсөл нь бүтэл муутай байсан ч гэлээ монгол инженерүүд гадны зах зээл дээр өрсөлдөх бүтээгдэхүүн гаргаж чадах юм байна гэдгийг ойлгоод дараагийн том төслөө эхлүүлжээ. Энэ үедээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг эх орондоо хийсэн нь зөв юм байна гэж шийдээд Монголд албан ёсоор бүртгүүлсэн гэнэ.

Тус компани байгуулагдах үедээ гар утасны утасгүй цэнэглэгч үйлдвэрлэж байсан бол өнгөрсөн жилээс “Ametros” нэртэй таблет хийж эхэлжээ. Гэхдээ уг бүтээлийг тодорхой хүрээнд буюу эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан гэнэ. Тиймээс олон нийтэд зориулан зах зээл дээр борлуулахгүй юм билээ. Уг таблетыг мэдээллийн технологийн дэвшил төдийлөн сайн нэвтрээгүй эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан гэх мэт салбарт өдөр бүр тулгамддаг технологийн асуудлуудыг хөнгөвчлөхөд зориулан бүтээжээ. Жишээлбэл, эмч нар өвчтөний бүртгэл, түүх, эмчилгээний явц, эмийн жорын системийг хялбаршуулах зорилгоор энэхүү таблетыг ашиглаж болох юм билээ.

Хэрэв идэвхтэйгээр ашиглаад эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх юм бол яваандаа эмч нар өвчтөнөө бичиг аваад ир, шинжилгээ хийлгээд ир гэж ийш тийш явуулах шаардлагагүй болох юм гэсэн. Бас уг таблет нь өөр дээрээ халуун мэдрэгчтэй болохоор өвчтөний нүүр рүү харуулахад халуурч байгаа эсэхийг шууд мэдэх боломжтой ажээ. Тус компани дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг электроникийн компаниудтай өрсөлдөхүйц үндэсний брэндийг бий болгох зорилгоор “ДОБУ” нэртэй өндөр хүчин чадалтай гэрийн автоматжуулалтын систем зохион бүтээж байгаа ажээ. Энэхүү систем нь гэрийн автоматжуулалтын системийн хөгжлийн чиг хандлага болоод буй утасгүй, мэдрэгч бүхий сүлжээн дээр суурилан ажиллах боломжтойгоороо уламжлалт технологиудаас давуу талтай гэсэн. Тухайлбал уг системийг гэртээ тавиулсан байхад хулгай орох, ус алдах, гэрлээ унтраахгүй явах, гааз алдах зэрэг аюултай үед автоматжуулалтын систем ажиллаж өрхийн гишүүдэд автоматаар мэдэгдэх юм билээ. Бүр болоогүй ус алдлаа гэхэд крантыг хаах, гэрлээ асаалттай орхиод явсан бол унтраах зэрэг үйлдлийг мэдэрч хийх юм гэнэ. Уг систем хэрхэн ажилладаг болохыг тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Д.Тулгабаатартай ярилцлаа.


-Та бүхэн уг бүтээгдэхүүнээрээ дэлхийд өрсөлдөнө гэсэн. Яагаад заавал ийм систем зохион бүтээх болсон бэ?

-Бид зурагт эсвэл гар утас үйлдвэрлээд “SAMSUNG”, эсвэл “APPLE”-тай өрсөлдөнө гэвэл инээдтэй хэрэг болно. Яагаад гэвэл энэ тал дээр тэд бусдаас нэг хоёр ч биш нэлээд хэдэн алхмаар түрүүлж яваа. Харин гэрийн автоматжуулалт, ухаалаг системийг хөгжүүлэх тал дээр дэлхий нийт яг бидэнтэй адил судалгаа, туршилт хийн хөгжүүлэлтийн түвшинд явж байгаа. Шинээр хэрэглээнд нэвтэрч буй бүтээгдэхүүн, шинэ зах зээл гэдэг утгаараа бидэнд өрсөлдөх боломж дүүрэн байгаа юм. Бидний зохион бүтээж буй ухаалаг системийг энгийнээр тайлбарлавал та орондоо хэвтэж байхдаа эсвэл гэрээсээ хол газар байгаа үедээ удирдлагын төхөөрөмж болон ухаалаг утасны аппликэйшн ашиглан гэрэл, хөшиг, хяналтын камер болон бусад цахилгаан хэрэгслүүдээ удирдаж болно.

-“Добу” гэдэг нь юу гэсэн утгатай нэр вэ?

-“Монголын Нууц товчоо”-дээр ах дүү Дува сохор, Добу мэргэн хоёр гэж гардаг шүү дээ. Добу мэргэн шиг мэргэн, ухаалаг байх болтугай гэж бэлгэшээн нэрлэсэн. Нөгөө талаасаа монгол хүн хийсэн шүү гэдгийг мэдрүүлэх зорилгоор ийн нэрлэсэн байгаа. Манай бүтээгдэхүүний лого ч үндэсний хэв шинжийг харуулсан. Монгол гэрийн дүрстэй, гэрийн тоононоос утаа гарч байгаагаар дүрсэлсэн.

-Бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд нийлүүлэх үү?

-Үндэсний үйлдвэрлэл гэдэг утгаараа бүтээгдэхүүнээ эхний ээлжинд Монголын зах зээлд нийлүүлнэ. Гэтэл манай зах зээл жижиг учир бүтээгдэхүүн маань сайн борлуулагдлаа гэхэд 10 мянга 20 мянгад хүрээд зогсоно. Тийм болохоор бид хамгийн түрүүнд Америкийн зах зээлд гаргах бодолтой байна. Урьдчилж төлөвлөж байгаагаар бид ирэх долдугаар сар гэхэд АНУ-ын зах зээл дээр гаргачих болов уу. Дотооддоо гэвэл ирэх сарын дундуур худалдаанд гарч эхэлнэ.

-Бүтээгдэхүүнээ зохион бүтээснийхээ дараа хаана үйлдвэрлэж байгаа вэ?

-Бүх зүйлийг бэлэн болгосны дараа гадаадад очиж үйлдвэрлэж байгаа. Тухайн үйлдвэрийг Монголд оруулж ирэхээр одоохондоо боломжгүй л дээ. Тиймээс гадаадад үйлдвэрлүүлж байна. Одоогоор Тайвань, Солонгос, Хятадын үйлдвэрүүдэд өгч байгаа. Дандаа хэсэг хэсгээр нь салгаж хийлгэдэг юм. Хар ажлыг хаана хийлгэх вэ гэдэг тийм ч сонин биш. Хамгийн гол нь нууцлалаа чандлаад ажиллах хэрэгтэй. Бидний хамгийн гол зорилго бол гадны, тэр дундаа АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх. Нэг ч гэсэн монгол угшилтай компани гадны томоохон зах зээлд гарч чадвал энэ чиглэлээр ажиллаж байгаа олон зуун монгол залуучуудад итгэл төрүүлнэ гэж найдаж байна. Цаашлаад технологийн салбарт хэд хэдэн монгол компани дэлхийд өрсөлдөөд эхэлбэл манай улсын эдийн засагт шинэ хөгжлийн гарцыг нээх юм.

Тус компанийнхан гэрийн автоматжуулалтын системээ эхний ээлжинд барилгын компаниудад санал болгож байгаа ажээ. Барилгын компаниуд шинээр ашиглалтад оруулж байгаа барилгууддаа автоматжуулалтын систем тавих үедээ гаднаас өндөр үнээр худалдан авдаг гэсэн. Дор хаяж 30-35 сая төгрөгөөр авах уг системийг “Аметрос технологи” компанийнхан 1-1.5 сая төгрөгөөр санал болгож байгаа юм билээ. Бас албан байгууллага, худалдааны төв, хувийн орон сууц, нийтийн орон сууц, гэр хорооллын оршин суугчдад зориулсан багц бүтээгдэхүүн гаргаж байгаа юм байна. Бүтээгдэхүүн нь бэлэн болоод ирсний дараа үзүүлэнгийн танхим гаргаж олон нийтийн хүртээл болгоно гэсэн.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

“Их Засаг” их сургуулийн оюутнууд бусдын дарамт шахалтаас болж амиа хорлосон уу

Ангийнхантайгаа цэргийн баяр хамт тэмдэглэчихээд “Одоо гэртээ харилаа” гээд явсан хоёр оюутан зочид буудлын өрөөнд өөрийгөө боомилсон байдалтайгаар олдсон хэрэг энэ сарын 19-нд гарсан. Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэргэл” гэх зочид буудалд гарсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Дундговь аймгийн Луус сумын харьяат 21 настай Б, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат 19 настай Агэх хоёр залуу юуны учир амиа егүүтгэх болов. Хоёр залуугийн үхлийн талаар олон нийт янз бүрээр ярьж байна. “Их Засаг” их сургуулийн Хууль эрх зүйн ангийнтөгсөхкурсийн оюутнуудюуны учир амиа егүүтгэх болсон талаар бид нэхэн сурвалжиллаа.

Энэ сарын 19-ний 12:50 цагийн орчимд Баянзүрх дүүргийн “Тэргэл” зочид буудлын үйлчлэгч эмэгтэй Нийслэлийн шуурхай удирдлагын төвд “Зочид буудлын өрөөнд хоёр залуу амиа хорлочихсон байна” гэсэн дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчид хэргийн газарт буюу “Тэргэл” зочид буудлын .. өрөөнд ороход нэг нь хананд зурагт тогтоох зорилгоор суурилуулсан төмөрнөөс, нөгөөх нь угаалгын өрөөний шүршүүрний хананд тогтоосон гогцоо төмөрнөөс уяагаар хоолойгоо боомилсон байдалтай амиа алдсан байжээ. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчдийн гаргасан анхны дүгнэлтээр өөрсдийгөө боож амь насаа алдсан байна гэж гарчээ. “Тэргэл” зочид буудлын үйлчлэгч болон зохион байгуулагчдын хэлж буйгаар “Өмнөх шөнө нь костюм зэрэг хослол өмссөн хоёр залуу 25 мянган төгрөгийн үнэтэй өрөө хөлсөлсөн. Бичиг баримтаа барьцаанд үлдээгээд, өглөө төлбөр тооцоогоо хийнэ гээд өрөөндөө орсон. Дахиж өрөөнөөсөө гарч ирээгүй. Архи ууж согтчихоод унтаад байгаа юм байна гэж бодсон. Буудалд хоносон хүмүүсийг 12 цагт гаргадаг. 12:00 болгоод хаалгыг нь тогшсон огт хариу өгөхгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хаалгыг нь онгойлгоод ортол амиа алдчихсан байсан” гэх утга бүхий зүйлсийг мэдүүлжээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач Баав, ээж рүүгээ “Хүүгээ уучлаарай. Хүү нь энэ хорвоогоос явлаа. Миний үхэлд хэн ч буруугүй шүү” гэсэн утга бүхий мессеж бичсэн байсан гэнэ. Талийгаач Б-ын ар гэрийнхэн мессэж авсан даруйдаа гар утас руу нь залгасан боловч холбогдох боломжгүй болсон байжээ. Хотод байдаг ах, дүү хамаатан садан руу нь утасдаж энэ талаар хэлжээ. Ар гэрийнхэн чталийгаач Б-г хайсан боловч олдоогүй байна. Удалгүй цагдаагийн байгууллагаас ар гэрийнхэн рүү нь утасдаж, амь насаа алдсан болохыг мэдэгдсэн гэнэ. Хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нар талийгаач нарын ангийнхантай уулзаж, тайлбар авсан байна. Ангийнхан нь “Ангийн охидуудын урилгаар цэргийн баяр тэмдэглэж байгаад салцгаасан. Талийгаачид бусадтайгаа маргааш уулзъя гээд гар бариад л явсан. Ангийнхан хоорондоо муудалцаж, маргалдсан зүйл байхгүй” гэсэн тайлбар өгсөн байна. Ойр дотно байдаг хэдэн найздаа “Баянгол дүүрэгт хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа” гэж өмнө нь хэлж байсан гэнэ.

“МАНАЙ СУРГУУЛИЙН ШИЛДЭГ ОЮУТНУУД БАЙСАН”

Хэргийг мөрдөн шалгаж байгаа цагдаа нарын үзэж буйгаар тэд сэтгэл санааны хямралын үүднээс амиа егүүтгэсэн бололтой. Ангийнхантайгаа уулзаад явах үедээ бусдад зодуулсан гэх шинж тэмдэггүй, эрүүл саруул байсан аж. Зочид буудлын камерийн бичлэгээр хоёулаа орсон. Тэдний араас өөр хүмүүс ороогүй учраас амиа хорлосон байх” гэж таамаглаж байгаа гэв. Бид хэрэг гарсан гэх “Тэргэл” зочид буудалд очсон боловч “Энд тийм хэрэг огт гараагүй. Хүмүүс худлаа мэдээлэл өгөөд байгаа юм. Манайх биш. Өөр зочид буудал байх” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

Харин “Их засаг” их сургуулийн удирдлагууд “Сургуулиас өөр газарт, хичээлийн бус цагааргарсан байна лээ. Бид юунаас болж хоёр залуу ийм үйлдэл хийх болсон талаар мэдээлэлгүй сууж байна. Ангийнханд нь ч гэсэн ямар ч мэдээлэл алга байна лээ” гэв.

Харин талийгаач залуусын ангийнхан “Манай сургуулийн шилдэг оюутнуудын нэг байсан юм. Сэтгэл санааны маш хүнд дарамтад ороод л амь насаа алдсан байх гэж бодож байна. Цагдаа нар хэргийг үнэн зөвөөр шалгаж шийдэх байх. Хэргийн цаана ямар асуудал байсныг олж тогтоох хэрэгтэй. Хуулийн сургуулийн шилдэг оюутнууд амиа хорлоно гэхээр итгэж өгөхгүй байна. Тэд тийм муухай зүйл хийх хүмүүс биш. Дөрвөн жил нэг ангид сурсан болохоор ямар зан ааштай хүмүүс байсныг мэднэ. Хичээл сурлага, спорт гээд бүх зүйлсээрээ бусад оюутнаас тэргүүлдэг байсан. Талийгаач Б гэхэд бусадтай огт муухай харилцаж байгаагүй. Тайван дөлгөөн зантай, бөх, гар бөмбөгөөр хичээллэдэг, олон тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн. Бүр медалиуд нь энгэрийг нь дүүргэдэг байсан. Сар хүрэхгүй хугацааны дараа бид сургуулиа төгсөх гэж байсан юм. Ангиараа хонхны баяраа тэмдэглэх гээд баяр хөөртэй байсан юм. Найзууд маань дөрвөн жил сурчихаад их сургуулиа төгсөж чадсангүй” хэмээн ярьсан юм. Мөн талийгаач А “Хүссэн мэргэжлээрээ сургуулиа төгсөх гэж байна. Ангиараа хонхны баяраа гоё тэмдэглэнэ шүү. Сургуулиа төгсөөд сайн хуульчид болчихоод хэдэн жилийн дараа эргээд уулзвал гоё оо” гэж ярьж байсан гэнэ.

Тэд Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийг судалдаг, мэддэг байв. Ангийнхаа найзуудтай хамт улсын шалгалтаа сайн өгөх гэж хонон өнжин сууж, давтдаг байжээ. А, Б нарт хийж бүтээх, сайхан амьдрах, аав ээжийнхээ ачийг хариулах гээд амьд явах маш олон шалтгаан байсан. Гэвч ….

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач залуус Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байжээ. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст 19 настай Н гэх эмэгтэй “Их засаг” сургуулийн оюутан Б, А нар намайг хүчиндчихлээ” гэх утга бүхий өргөдөл өгсөн гэнэ. Өргөдлийн дагуу цагдаа нар хэрэг бүртгэл хөтөлж Б, А нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Удалгүймөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна.Хэргийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтнууд болон хохирогч хэмээх эмэгтэйн ар гэрийнхэн талийгаач нартай дээрэнгүй харилцаа үүсгэж, дарамталсан бололтой. Мөн хохирогч эмэгтэйн талаас маш их дарамт шахалт залууст ирсэн гэх мэдээлэл байна. Тэдэнд хүчингийн хэрэгт холбогдож олон жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Хүчингийн хэрэгт холбогдсон хүн шоронд очоод бусдад доромжлуулж, дээрэлхүүлээд хэн ч биш болдог гэх мэтээр сэтгэл санааны хувьд асар их дарамт шахалт ирснээс болж ийм үйлдэл хийсэн бололтой.

Монголд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүний эрхийг хамгаалдаг байгууллага нэг ч байхгүй. Хэрэг нь шүүхийн байгууллагаар шийдэгдээгүй сэжиглэгдэн шалгагдаж байхад гэмт хэрэгтэн болсон мэтээр дарамталдаг. Хууль хяналтынхан ч маш бүдүүлэг харилцаж, доромжилж, элдвээр хэлдэг нь нууц биш юм. Амьдралын хатуу хөтүүг туулаагүй,нэг ньхорин насныбосгыг дөнгөж алхсан нөгөөх нь 19 настай орчлон хорвоог гэгээн сайхнаар харж явсан залуус анх удаа хэрэгт холбогдсон юм байна. Тэд наргиж цэнгэж яваад алдсан бололтой. Харин алдаан дээр нь бусдаас дарамт шахалт ирж, ийм хэрэгт холбогдчихоод аав, ээж, ах, дүү гээд танилхүмүүсийнхээ царайг яаж харна даа гэх эмзэглэлээс болж дөрвөн жил их сургуульд сурсан хөдөлмөрийн үр шим болсон дипломоо ч авч чадалгүй цэл залуухнаараа нартаас буцах хатуу шийдвэрийг гаргасан бололтой. Гэхдээ тэдний үхлийн шалтгааныг цагдаагийнбайгууллагаас эцэслэн тогтоогоогүй байгаа. Залуус амиа хорлох болсонд хэн буруутай вэ.

Э.БААТАР

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Төмөр замын инженерүүд чууллаа

Төмөр замын инжене­рүүдийн нэгдсэн чуулган энэ сарын 20-нд буюу өнгөрөгч Баасан гаригт боллоо. Уг чуулганыг Зам тээврийн яамны дэмжлэгтэйгээр УБТЗ ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, Төмөр замын нэгд­сэн холбоо, Монголын төмөр замын инженерүүдийн холбоо зэрэг төмөр замын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг төрийн өмчит болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Чуулганаар төмөр замын салбарт нэвтэрч буй өөрчлөлт шинэчлэл, шинэ техник, тех­нологи, инновацийн талаар тус салбарын мэргэшсэн ин­же­нерүүд сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тухайлбал, манай улсад хүнд даацын төмөр замын норм, норматив байдаггүй бөгөөд үүнийг хэрхэн бий болгох тухай, төмөр замын дохиолол холбооны байгууламжийн техник технологи асар хурдтай хөгжиж, өндөр түвшинд хүрсэн. Ойрын ирээдүйд галт тэргийг сансраас хиймэл дагуулын тусламжтайгаар удирдах технологи бий болсон зэрэг сонирхолтой сэдвийг төмөр замын инженерүүд хэлэлцэн, чуулав.

Мөн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил, төмөр замын барилгын ажилд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, “Монголын төмөр зам” ТӨХК-ий үйл ажиллагаа, Ухаахудаг-Гашуун сухайтын төмөр замын төслийн явцын талаарх цаг үеийн мэдээллийг холбогдох албаны хүмүүс танилцуулсан юм. Чуулганы турш нийт цаг үеийн холбогдолтой 15-16 илтгэл тавив. Энэ үеэр салбарын холбоод өөр өөрсдийн чиг­лэлээр хийж байгаа, хой­шид хийх, тулгамдаж буй асуудлуудаа ярилцлаа. Төмөр замчдын хэлснийг улс төрчид, нам эвслүүд нь буруугаар ашиглах, өөрөөр ярих тохиолдол элбэг байдаг нь үнэн. Төмөр замын нэгээхэн хэсэгт тулгамдаж байгаа асуудлыг нийтээр нь хамруулан ярьдаг, улс төржүүлдэг гэхчлэн хүндрэл бий. Иймээс төмөр замын инженерүүд нэгдсэн нэг бодлоготой, нэгдмэл дуу хоолойтой, ижил зорилготой, техникийн нэгдсэн бодлого явуулдаг байх зайлшгүй шаардлага тулгарчээ. Тийм ч учраас тус чуулганыг зохион байгуулж байгаа гэдгийг албаны хүмүүс дурьдаж байлаа. Мөн чуулганаар Нэгдсэн холбооны дэргэд мэргэжлийн техникийн зөвлөл байгуулж ажиллахаар тохиролцлоо. Чуулганы үдээс өмнө 12-13 инженер өөр, өөрийн чиглэлээр танилцуулга хийсэн бөгөөд үдээс хойш Монголын төмөр замын нэгдсэн холбооны дэргэдэх мэргэжлийн техникийн зөвлөл байгуулах, чуулганд оролцогчидтой чуулганаар хэлэлцсэн асуудлуудын талаар санал солилцох асуудал зэрэг багтсан байна.

Чуулганд оролцогчдод УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар баяр хүргэж үг хэлэхдээ “Монгол Улсадтөмөр замын салбарын инженерийн болон менежментийн үйл ажиллагаа зэрэгцэн хөгжиж тус салбарын өнгө төрхийг тодорхойлж байна. Энэхүү мэргэжлийн нэр хүндтэй үйл хэргийг үндэсний инженерүүд тэргүүлж, мөн өөрсдөө менежментийг хамт авч яваад нь бид талархах хэрэгтэй. Инженер хүн удирдагч болж болохоос бус менежер хүн инженерийн үүрэг гүйцэтгэх боломжгүй гэдгийг энд цохон тэмдэглэмээр байна” хэмээсэн юм. Чуулганы завсарлагаанаар түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

Төмөр замын инжене­рүүд нэгдсэн чуулганаа хийж байна. Чуулганы зорилго, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Төмөр замын инжене­рүүдийн мэргэжлийн чуулган өндөр ач холбогдолтой. Тэр тусмаа төмөр замын тухай маш их ярьж байгаа энэ үед. Ерөөсөө төмөр зам барьж байгуулах, ашиглалтад оруулахад хамгийн эхний чухал баримт бичиг бол ТЭЗҮ байдаг. ТЭЗҮ дээр үндэслэж улс төрийн шийдвэр хүртэл гардаг. Ийм зарчимтай. Харин төр засгийн шийдвэрийг үндэслэж ТЭЗҮ гардаг зарчим хаана ч байхгүй. Гэтэл манайд ийм байдалтай явж ирсэн тал бий. Энэ алдаа дутагдлыг төмөр замын инженерүүдийн чуулган засч залруулах байх. ТЭЗҮ гараагүй асуудалд төр засаг шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Үүнийг эсрэгээр хийж ирсэн үе бий.

Манай төмөр замын инженерүүдийн ур чадвар ямар түвшинд байна. Энэ салбарт хичнээн инженер бэлтгэгдэн гарсан бэ?

-Монгол Улсын төмөр замын салбарын үе үеийн инженерүүдийг тоолох юм бол нийт 3000 орчим инженер бэлдсэн байдаг. Тэдний тал нь хуучин ЗХУ-ын Санктпетрбург, Москвагийн олон зууны түүхтэй Төмөр замын дээд сургуулийн төгсөгчид. Тэдний үед УБТЗ барьж байгуулагдаж, ашиглалтад орж, Оросын мэргэжилтнүүдээс Монгол­чуудад шилжсэн. Одоо УБТЗ-ын бүх инженер монгол хүн. Төмөр замын асар нарийн зохион байгуулалттай инженерийн байгууламжийг тэд л авч явж байна. Төмөр зам бол маш нарийн зохион байгуулалттай суурь бүтэцтэй байдаг. Зам төмөр, бетон дэр, түүний бэхэлгээ, түүн дээгүүр явуулах хөдөлгөөн зохицуулалтыг маш нарийн автоматжуулсан, хагас автоматжуулсан төхөөрөм­жөөр хэрэгжүүлдэг. Улаан, ногоон дохиог асаахын тулд техникийн болон аюулгүй байдлын маш их бэлтгэл хангаж байж хийдэг. Хүний хүчин зүйл, нөлөөлөл бараг байхгүй. Аюулгүй байдлын үүднээс хүн алдаа гаргаж болно. Техникийн системийг бол алдаа гаргахгүй байх хэмжээнд хийж болдог. Өнөөдөр төмөр замын суурь бүтэц, татах хүчний үйлдвэрлэл, удирдлага зохион байгуулалт IT буюу мэдээллийн технологи дээр суурилдаг боллоо. Тэр нь, дараагийн хөгжлийн шатанд орж байгаа гэсэн үг.

Монгол Улс төмөр зам­тай болох тухай сүүлийн үед ихээхэн яригдаж байгаа. Энэ асуудал ямар шатандаа байна вэ?

-Манай улс хурд, даац сайтай төмөр замтай болох хүсэл хүн бүрт бий. Гэхдээ манай улсын хувьд хурдны гэхээсээ илүү хүнд даацын төмөр зам нэн шаардлагатай байна. Төмөр замын салбарт Европын стандартыг түлхүү хэрэглэнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт. Европ нутаг дэвсгэрийн хувьд бага тул хурдны, түргэн эргэлт хийх төмөр замуудыг түлхүү хөгжүүлдэг. Гэтэл Хойд Америк, Орос зэрэг орнуудад хол зам туулдаг, хүнд даацын замуудыг хөгжүүлдэг.Манай улсад энэ туршлага их чухал гэв.

Төмөр зам гэх ерөнхий ойлголтын цаана вагон, зүтгүүр, хөдөлгөөн, холбоо, эрчим хүч, замын зэрэг нарийн мэргэжлүүд багтдаг бөгөөд эдгээр холбоо нэгдэн тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, нэгдсэн ойлголтод хүрч, харьяа төрийн байгууллагуудад уламжлах зорилгоор ийнхүү чууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Монгол гэрээс улбаатай СИП

Америкчуудын монгол гэрээс санаа авч сэдсэн SIP (Structural Insulated Panel) гэх технологийг дэлхий нийтээрээ ашиглах боллоо. СИП технологийг Америкаас гаралтай гэх боловч канадчууд улам боловсронгуй болгож дэлгэрүүлсэн юм. Энэ технологиор байшин барья гэвэл хямдын дээр дулаан хадгалах чадвар нь энгийн барилгаас тав дахин илүү, дуу чимээ сайн тусгаарладаг, газар хөдлөлтийн есөн баллд тэсвэртэй, ашиглалтын зардал бага бөгөөд хүссэн шийдэл, загвараараа барьж болох давуу талтай юм байна. СИП технологиор барьсан байшинг тоосгон байшинтай харьцуулбал хоёр дахин хямд. Галд өртөх аюул бага, салхи жавар нэвтэрдэггүй аж. Ижил төстэй барилгуудаас 10 дахин хурдан сүндэрлэдгээрээ цаг хугацааг ихэд хэмнэдэг. 15 см зузаан SIP хавтан 150 см зузаан тоосгон ханатай тэнцэнэ гэсэн. Монгол гэрээс улбаатай СИП гэх энэ технологи үүгээрээ хүмүүсийн анхаарлыг татаад байгаа юм. Та бид монгол гэрийн давуу талуудыг хуруу даран хэлж чадна. Дулаан алддаггүй, агааржуулалт сайн, газар хөдлөлтөд тэсвэртэй, зөөж буулгахад хялбар, олон дахин буулгаж, босгож болдог гээд авууштай юм олон. Энэ бүгдийг америкчууд хараад монгол гэрийн дөрвөлжин буюу байшингийн хувилбарыг нь бодож олоод шинэ технологийн үүсгэлийг тавьсан нь СИП. Маш өндөр даралтаар шахаж боловсруулсан хавтангийн завсар сайн чанарын хөөсөнцөр дулаалга хийж, барилгын хавтанг үйлдвэрлэх технологийг SIP технологи гээд байгаа юм.

Манайх шиг цаг уурын нөхцөлтэй, хөгжиж буй орнуудад энэ технологиор байшин баривал орон сууцны хомсдлоос хурдан гарах боломжтой гэж үздэг юм байна.

Энэ барилгын нэг метр квадратын үнэ 200-280 ам.долларын үнэтэй гэж тооцоолдог.

СИП хавтан нь экологийн аюулгүй байдлын хамгийн өндөр шаардлагад нийцсэн байдаг бөгөөд хавтангийн 98 хувь нь модны үртэс байдаг нь барилгад ашиглаж байгаа материалуудаас байгалийн цэвэр бүтээгдэхүүн хамгийн их орсон гэдэг шаардлагыг хангадаг юм байна. СИП бас нэг онцлох зүйл нь ус даах чадвар өндөртэй, пенополистирол гэх дулааны материал нь шаталтыг өөрөө унтраах чадвартай гэнэ. Нэг метр ийм хавтан нь туушаараа 11 тонн хүнд жин даах хүчин чадалтай. Нано технологийн гайхамшгийг харуулж байгаа уг технологиор хувийн жижиг болоодхаус хэлбэрийн орон сууц, давхар цөөнтэй олон нийтийн барилгыг барихад тохиромжтой гэдгийг барилгын инженерүүд ярьж байна.

СИП технологиор 120-150 метр квадрат талбай бүхий барилгыг 4-5 хүнтэй бригад 14-20 хоногийн хугацаанд бүрэн угсардаг аж. АНУ-ын Мичиган мужид 1952 онд СИП хавтангаар байшин барьж байжээ. Тухайн үедээ уг байшинд 20-25 жилийн эдэлгээний баталгаа өгч байсан ч түүнээс ч олон жил өнгө төрхөө алдаагүй 1990 он хүртэл байсан гэнэ. Харин сүүлийн үед уг технологийн чанар улам дээшилж 60 хүртэлх жилийн эдэлгээг даана гэж үзэх болжээ.

Д.САРУУЛ