Categories
мэдээ цаг-үе

“Монос” дээд сургууль өргөжин, Монголын анхны Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль боллоо

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал, доктор, профессор Л.Цэрэндуламтай ярилц­лаа.

-“Монос” дээд сургууль нь Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсон тухай сонслоо. Хэзээ ийм шийдвэр гараа вэ?

-Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 80 тоот тушаалаар ийм шийдвэр гарсан. Энэ оны 3 сарын 25-наас эхлэн “Монос” дээд сургууль нь Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болж байна.

Их сургууль болсноор чухам ямар өөрчлөлтүүд гарахвэ? Ямар давуу талтай юм бол?

-Нилээн хэд хэдэн чухал өөрчлөлтүүд гарна.Хамгийн гол нь гэвэл зөвхөн “Монос” дээд сургууль өргөжиж буй төдийгүй Эм зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль Монгол улсад анх удаагаа үүсэн байгуулагдаж байгаа юм.

Эм зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсноор Эм зүйн шинжлэх ухааны цаашдын өсөлт, хөгжилтөнд томоохон нөлөө үзүүлж, хөгжлийн бааз суурь нь болно гэж харж байгаа. Манай сургууль болон Эм судлалын хүрээлэн, “Монос” Эмийн үйлдвэр гурав хамтраад Эм зүйн Шинжлэх Ухааны их сургууль болж өөрчлөгдөж байна. Ингэснээр үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ хосолсон цогц нэгдлийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа юм. Жишээлбэл манай сургуулийн багш нар эрдэм шинжилгээ, судалгааны ажилд түлхүү оролцох боломж нь нээгдэнэ. Бид эм судлалын хүрээлэндээ судалгаа, шинжилгээний ажлаа явуулаад , судалгаа шинжилгээний ажлынхааүр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлээд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө төлөвлөж буй ажлуудаа хэрэгжүүлэхэд илүү дөхөм болно. Үүний зэрэгцээгээр эм судлалын хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд манай сургуульд багшилна.Товчхондоо бол бидний хамтын ажиллагаа хөгжинө. Мөн сургалтанд ашигтай шийдлүүд гарахад дөхөм болно. Ер нь сүүлийн үед олон улсын хэмжээнд төгсөгчиддөө мэргэжлийн онолын мэдлэгээс гадна практик чадварыг түлхүү эзэмшүүлэхэд ихээхэн анхаарч байна.

Жишээлбэл: АНУ–ын Эм зүйн сургуулиуд онол дадлагын хичээлийн харьцааг 50:50 хувьтай болгох зорилт тавьж байгаа. Тэгэхээр бид ч гэсэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн сургалтаа чиглүүлж буй нь энэ бөгөөдманай оюутнууд эмийн үйлдвэр дээр яг гардан очиж, танилцах, хамтран ажиллах боломжууд нээгдэж байгаа юм. Мөн манайх гадаадын нэр бүхий их, дээд сургуулиудтай хамтран 3+2 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Их сургууль болсноор гадаад харилцааны чиглэлд ч томоохон ахиц гарах юм.

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль яг хич­нээн мэргэжлээр сургалт явуулж байна вэ?

-ЭЗШУ-ны сургуулийн бүрэл­дэхүүнд байдаг “Монос” сургууль нь одоогийн байдлаар эм зүйч мэргэжлээр 5 жилээр сурган, төгсгөж байгаа. Мөн эрүүл мэндийн эдийн засаг руу чиглэсэн нягтлан бодох бүртгэлийн ангид 4 жил сургаж байна. Уламжлалт анагаах ухааны сургууль маань уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр оюутан 6 жи­лээр сургажбайна. Эмийн үйлдвэрийн инженер, технологийн ангийг Монгол улсад анх удаагаа нээсэн байгаа. Эмийн үйлдвэрийн инженер, технологийн анги маань Солонгос улсын Олон улсын их сургуультай хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Оюутнууд маань энд 3 жил, Солонгост 2 жил сураад хоёр орны дипломтай төгсөх бүрэн боломтой. Бид саяхануг сургуулийн бүх материаллаг баазтай нарийвчлан танилцахын сацуу эндээс очиж буй оюутнуудаа байранд үнэгүй суулгах , эхний6 сарын дараа ажиллах эрх олгох, сургалтын төлбөрөөс 18-20 хувь хөнгөлөх зэрэг гэрээнүүдийг хийгээд ирсэн. Одоо зөвхөн оюутнууд маань сайн сурах, Солонгос хэлийг сайн эзэмших лүлдэж байна. Манай оюутнууд маань ч сайн суралцаж байгаа. Нэг жил Монголдоо сурч буй оюутнууд маань гэхэд л одоо Солонгос хэлээр чөлөөтэй ярьж байна.

Танай төгсөгчдөөс ажлын байраар хангагдах явдал хэдэн хувьтай байдаг юм бэ?

-“Монос” дээд сургууль байгуулагдсанаас хойш ажлын байраар хангагдах явдал маш өндөр хувьтай байж ирсэн. Өнгөрсөн онд гэхэд л нийт төгсөгчдийн 98 хувь нь ажлын байраар хангагдсан. Үлдсэн хувь нь жирэмсний амралт юм уу хүүхдээ асрах гэх мэт шалтгаанаар л хамрагдаагүй байдаг. Түүнээс ор ажлын байргүй хүн байдаггүй. Ажлын байр маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Манай төгсөгчдийн 25-30 хувь нь зөвхөн “Монос”-доо ажилд ордог. Үлдсэн оюутнуудын хувьд Монгол улсын томоохон эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн сүлжээнүүд, үйлдвэр, эмнэлгүүдэд ажиллах боломжтой. Зарим компаниуд манай оюутнуудыг эртнээс судалж, тэдний сургалтын төлбөрийг төлж, ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэж байна.

Хаврын элсэлтийн шалгалтууд тун удахгүй эхлэх гэж байна. Нэг үеэ бодвол охид, хөвгүүд маань нарийн мэргэжил эзэмшихийг эрмэлздэг болжээ. Та эм зүйн салбарт 40 шахам жил ажилласан хүний хувьд эм зүйч мэргэжлийг сонирхож буй сурагчдад хандаж юу гэж хэлэх вэ?

-Би анх 10 жилийн сургууль төгсөөд хуульч болъё гэж боддог байсан. Гэхдээ химийн багшийнхаа зөвлөсний дагуу эм зүйч мэргэжлийг сонгосон. Энэ мэргэжлийг сонгосноороо үргэлж бахархаж явдаг. Яагаад гэвэл эм зүйч мэргэжил дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн 11-д явдаг юм. Нөгөө талаар хүн ардын эрүүл энхийн төлөө зүтгэдэг. Эмч хүн эмгүйгээр зэвсэггүй дайчинтай адил гэдэг. Тэгвэл эмзүйч хүн эмч нартаа сайн чанартай зэвсгийг бэлдэж, зөв хэрэглүүлэхгүй бол болохгүй гэдгийг дандаа санаж явах хэрэгтэй.

Сүүлийн үед энэ салбар маш их хөгжиж байна. Ингэхдээ биотехнологи, нанотехнологи талруугаа түлхүү хөгжиж байгаа. Дэлхийн эмийн зах зээл 2020 он гэхэд 1.5 триллион долларт хүрэх төлөв байгаа.Улс орнууд биотехнологийн үйлдвэр олноор байгуулж байна. Ялангуяа хөгжлийн төв нь Зүүн Өмнөд Азид төвлөрөх прогноз гарсан байна билээ. Ингээд бодохоор ирээдүйн эм зүйчдэд асар их боломж нээгдэж байна. Нөгөө талаар манай ард түмэн эм зүйн асар их баялаг өвтэй. Монголынхоо газар шороонд ургасан ургамал, эрдэс, малын эд эсийг ашиглаад дэлхийд гайхагдсан эм бүтээх боломж байгаа шүү. Энэ сайхан боломжийг ашиглаж, мэргэжлээ зөв сонгоорой, сонгосон мэргэжлээ сайн эзэмшээрэй, сайхан Монгол орныхоо хөгжлийг бүтээсэн эзэд нь байгаарай гэж залуучууддаа хэлье.

М.ГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг АН-ын 85 хүнд ажлаа өгөх мэдэгдэл өгчээ

-ТӨР АЛБАН ХААГЧДАА НОХОЙ ШИГ ГУДМАНД ГАРГАЖ БАЙНА-

Н.Алтанхуягийг огцорсны дараа Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар тодроход олон хүн “Арай ч дээ” хэмээн шогширч байсан. Гэхдээ дээрх асуудлыг “Шийддэг нам нь шийдсэн байхад түүнийг буруутгаад яах ч билээ” гээд өнгөрсөн гишүүд олон. Гэтэл сүүлийн үед МАН-ын гишүүдийн зайдагнасан яамдаас 50-60 хүн халагдаж байна гэх мэдээ тасралтгүй үргэлжилсээр. Өмнө нь БОНХАЖ-ын яамны 50 шахам хүн халагдсан. Харин өнгөрсөн баасан гаригт аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн газрын дарга 31, улсын харьяаны 50 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 44, улсын харьяа коллежийн 10 хүн, нийтдээ 85 хүн ажлаа хүлээлгэн өгөх мэдэгдэл хүлээн авчээ. МСҮТ-ийн ажлаа алдаагүй зургаан азтай захирал бол С.Чинзоригийн өмнөх сайд Я.Санжмятавын ажил дээр нь үлдээсэн захирлууд. Халагдаж буй бүх албан тушаалтнууд Я.Санжмятав сайдын томилсон ажилтнууд. Шийдлийн Засгийн газраас тэдний ажлыг шалгах нь бүү хэл, яамны нэг ч ажилтан уулзаагүй аж. Өнөөдөр тэд ажлаа хүлээлгэн өгөх товтой. Намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зүтгэж явсан тэд нэг өдөр ажилгүй болох нь. Тэдэнд ямар нэгэн ажил амлаагүй, дээр нь “түр үүрэг гүйцэтгэгч” гэсэн тодотгол нь гэнэт халагдсаны хэдэн сарын мөнгө авах боломжийг ч хааж байна.

Чадлынхаа хэрээр төрдөө зүтгэчихээд шинэ сайддаа ажлаа үнэлүүлэх нь бүү хэл бараагаа ч харуулж амжилгүй нохой шиг гудманд хөөгдөж байгаа эдгээр албан хаагчид ямар буруутай вэ. Ном журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж өгөөд, зохих сайд нь тушаал гаргаад тэд албандаа орсон. Аль нэгэн байгууллагад жижүүр хийх хүн хөдөлмөрийн гэрээ байгуулаад, ажилд орсон тушаалаа гардаад ажилдаа ордогтой яг адилхан үзэгдэл. Гэтэл тушаал гаргасан нарийн бичиг нэрийн ч юм уу, он сарын ч юм уу алдаа гаргачихаж. Шинэ ирсэн дарга түүнийг нь мэдээд ажлаас халж болох уу. Дээрх албан тушаалтнуудад ийм л юм тохиолдож байна. Тэднийг баталгаажуулах ёстой төрийн нарийн бичиг гэдэг хөөний гар хүнийг баталгаажуулах нь бүү хэл өөрөө ч баталгаажаагүй нөхөр байж. Энэ нь шинэ сайд “хууль биелүүлэх” нэрээр төрийн түшээдийг хоморголон халах шалтаг болсон гэнэ. Одоогийн мөрдөж байгаа хуулиар бол яамны Төрийн нарийн бичгээр ахлуулсан долоон хүн сонгон шалгаруулалт зохион байгуулна. Мэдэгдэл авсан албан хаагчдын үзэж буйгаар ялах этгээдүүд аль хэдийнэ тодорсон. Бүгд МАН-аас тавигдах нь тодорхой аж. Ажлаа алдаж байгаа зарим албан хаагчидтай уулзахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга, сайд С.Баярцогттой уулзсан боловч шинэ сайдыг дэмжсэн хариу өгчээ. Тэдэнд сонгон шалгаруулалтад орох боломж бий. Гэхдээ дахин томилогдоно гэдэг итгэл бага. Шүүхээр заргалдах боломжтой ч, 21 хоногийн хугацаанд явагдах сонгон шалгаруулалтад заргалдагч этгээд оролцох боломжгүй аж. Өчигдөрхөн ламтай, намтай, Монгол дахь ажилгүйдлийг устгаж, хөдөлмөрийн зах зээлийг хөл дээр нь босгоно хэмээн зүтгэж явсан эдгээр түшмэд хүнийг бүү хэл өөрсдөө ажилгүй болчихоод сууж байна. Нөгөө сонгуулиар амиа тавьж ах, дүү нартайгаа муудалцан хэдэн төгрөгөө хандивлаж зүтгэсэн нам нь алга. Шударга ёсыг тогтоодог шүүхэд нь ч хандах боломжгүй. Намаа эмтлэн бутарган байж зүтгүүлж Ерөнхий сайд болгосон Ч.Сайханбилэг нь ч нэмэр алга. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л дээрх албан хаагчдад тохиож байна. Харамсалтай нь төрийнхөө, намынхаа өгсөн даалгаврыг биелүүлэх гэж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн тэдэнд ажил олгогч нь “Гудманд гар” гэдэг тушаал буулгаж байна. Өмнө нь намууд хоорондоо хэмлэлцэж л байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг ингэж хахир хатуу, хүйтэн цэвдэг хандаж байсан тохиолдол гарч байсангүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын сайд нарт яамдыг нь хувьчилж өгөөгүй бол ингэж дураараа дургих учиргүй. Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх нь зөв боловч, тэр өөр намын гишүүдийг хэлмэгдүүлэх эрхтэй гэсэн үг биш. Сайд С.Чинзориг өөрөө хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдож байсан нь саяхан. Харин эдгээр албан хаагчид хууль зөрчсөн гэдгийг шүүх тогтоогоогүй байна.

Энэ үйл явдалтай зэрэгцээд “Зөөлөн эх”-ийн гэх тодотголтой хэргийг олон нийт сөхөх болов. 2004 оноос шуугиан тарьсан уг хэрэгт тухайн үеийн НХХ-ийн сайд Ши.Батбаяр болон одоогийн Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарын нэр холбогдож байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэр үед С.Чинзориг дэд сайдаар ажиллаж байсан. Төрийн яамнаас Япон руу ажиллах хүч гаргах зөвшөөрөл авсан “Зөөлөн эх” ТББ-ын Б.Цэрэндэжид түүний талийгаач нөхөр хоёрт ажиллах хүч гаргах зөвшөөрөл олгосон атлаа дараа нь ямар ч шалтгаангүйгээр цуцалснаас үүдэн залилан болж хувирч, Б.Цэрэндэжид 8.6 жилийн хорих ял, нөхөр нь 10 жилийн хорих ял сонссон. Шоронд Б.Цэрэндэжидийн нөхөр нас барж гурван хүүхэд нь өнчирч үлдсэн харамсалтай хэргийг монголчууд одоо ч ярьцгаадаг. Гэтэл саяхнаас Хөдөлмөрийн яам Япон руу ажиллах хүч гаргах талаар ажил хэрэг санаачлаад гадагшаа дотогшоо холбоо харилцаа тогтоогоод эхэлсэн сурагтай. Үүнийг сонссон хүмүүс “Дахиад арваад жилийн өмнөх шиг юм болж ямар айл нь гал голомтоо самруулах бол доо” хэмээн болгоомжилж байна.

Хөдөлмөрийн яам гэдгийг энгийнээр ойлговол ард иргэдээ аль болох ажилтай байлгаж, цалин хөлсний захад хүргэхийг хичээдэг төрийн байгууллага гэж ойлгож болно. Гэтэл үзэл бодол, намын харьяаллаар нь хүмүүсийг бөөн бөөнөөр нь ажилгүй болгож байгаа нь Хөдөлмөрийн сайд С.Чинзориг үндэсний эв нэгдлийг хагалган бутаргах, цаашлаад Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн зүйл заалтуудыг ноцтой зөрчиж байна гэж үзэгсэд олон байна. Хөдөлмөрийн сайд энэ үйлдлээрээ Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ч зөрчөөд байгаа аж.

Х.БАТТӨГС

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Биеийн тамир, спортын салбарын бодлого, чиглэл cэдэвт илтгэл

Биеийн тамир, спортын удирдах ажилт­ны зөвлөгөөнийг энэ сарын 27-28-нд Эрүүл мэнд, спортын яамнаас зохион байгууллаа. Энэ үеэр Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Аймаг, нийслэл, дүүр­гүүдийн Нийгмийн бодлогын хөгжлийн асуудал эрхэлсэн удирдах ажилтнууд, Биеийн тамир, спортын газрын удирдах ажилтнууд болон эрхэм хүндэт Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Шийдлийн Засгийн газрын бүтцэд Эрүүл мэнд спортын яам байгуулагдсанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр, 2015 онд Эрүүл мэнд, спортын яамнаас хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд анхаарвал зохих асуудлуудын талаар хамтран ярилцаж, санал бодлоо солилцохоор Та бүхэнтэй зөвлөлдөж байна.

Биеийн тамир, спортын салбарын нийт ажиллагсад хүн амыг нийтийн биеийн тамир, спортоор хичээллүүлэх, идэвхитэй хөдөлгөн, эрүүл чийрэг байлгахад сэтгэл зүрх, эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээ шавхан ажиллаж байдгийг энд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Биеийн тамир, спортын хуулийн хэрэгжилт, Зас­гийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулъя.

Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогод хөгж­лийн гол цөм нь нийтийн биеийн тамир байна гэж тодорхойлсон байдаг бөгөөд Монгол улсын хүний дундаж наслалтыг 69 болгон нэмэгдүүлэхэд үе үеийн биеийн тамир, спортын салбарын хөдөлмөрч хамт олны хүч, оролцоо орсон нь дамжиггүй юм.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг удахгүй Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ. Хуулийн төсөлд спортын ТББ-уудын бие даасан байдлыг хангах, спортод бизнес, аж ахуйн нэгж байгууллагын үүрэг оролцоог нэмэгдүүлж, харилцан ашигтай түншлэлийн зарчмаар спортыг хөгжүүлж спортыг бизнесийн эргэлтэд оруулах, спортоор дамжуулж нийгэм-эдийн засагт өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар нийгмийн хөгжлийг дэмжих тогтолцоог бий болгох, эрүүл чийрэг бие бялдартай иргэдийн тоог нэмэгдүүлэхийн тулд тус хууль болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар эрүүл байсных нь төлөө эрүүл мэндээ эрт хянуулах, биеийн тамирын үйлчилгээг үнэ төлбөргүй авах , хөнгөлөлттэй үйлчлүүлэх нийгмийн орчин бүрдүүлэх, допинг хэрэглэхийг бүрэн хориглож, шийтгэлийг тодорхой болгох зэрэг олон асуудлыг хуульчлах нийгмийн хэрэгцээ тулгарч байна.

НҮБ-ын ЮНЕСКО-ын 2013 оны Берлины тун­хаглалыг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, тунхаглалын хэрэгжилтийг хангах зорилгоор бүх насны хүн спортын аль ч төрлийг сонгон өөрийн нас, хүйс, сонирхол, бие бялдрын чадамж, өвөрмөц хэрэгцээнд тохируулан тогтмол хичээллэх тусгай хөтөлбөр, аргачлал бо­лон материаллаг орчин бүрдүүлэхэд биеийн тамир, спортын үйл ажиллагааг чиглүүлэх хэрэгтэй байна.

Хүн амын эрүүл мэндийн хэрэгцээтэй уялдуулан ний­тийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, орон нутгийн онцлог, хүний нөөц, хөгжлийн түвшин, уламж­лалд тулгуурлан спортын төрлүүдийг хөгжүүлэх, нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэм­жээний тоо, чанарыг ахиулах, зорилтот бүлгүүдэд чиглүүлэх шаардлага тавиг­даж байна.

Нийтийн биеийн тамирын арга хэмжээнд хамрагдсан иргэдийн тоо жил бүр өсч байна. Статистикийн дүн мэдээгээр улсын хэмжээнд 2014 онд 5884 арга хэмжээ зохиогдон давхардсан тоо­гоор 1.6 сая иргэд хам­рагдаж, үүний 1 сая иргэд биеийн тамираар хичээллэдэг, идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийдэг гэсэн үзүүлэлт гарсан нь хүн амын 3/1 нь эрүүл мэндийнхээ төлөө анхаардаг зөв хандлага тогтож байгаагийн илрэл юм.

Харин спортоор тогтмол хичээллэгсдийн тоо 2014 онд улсын хэмжээнд 183.708 хүн байгаа нь чамлалттай бөгөөд энэ асуудалд анхаарч ажиллах ёстойг харуулж байна.

Монгол Улсын Ерөнхий­лөгчийн нэрэмжит бие бялдрын хөгжил, чийрэг­жилтийн түвшин тогтоох сорилыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулж байна. 2014 онд 3-64 настнуудын бие бялдрын түвшин тогтоох сорилд нийт 319,107 иргэд хамрагдсанаас хангалттай үнэлгээтэй 71.5 %, хангалтгүй үнэлгээтэй 28.5 % -тай байна. Тус сорилд Монгол улсын хүн амын 11,9% нь хамрагдлаа.

2013 онд дээрх үзүүлэлт хангалттай үнэлгээтэй 66,5%, хангалтгүй үнэлгээтэй 33,5% байсан. Энэ үзүүлэлтүүд 2014 онд хангалттай үнэлгээтэй иргэд 5 % өсөж, хангалтгүй үнэлгээтэй иргэд 5 % буурсан үзүүлэлттэй гарч байна.

Монгол улсын 2015 оны нэгдсэн төсвийн 0,8 хувь нь биеийн тамир, спортын салбарт оногдож байгаа,түүний 10 хүрэхгүй хувийг нийтийн биеийн тамирын арга хэмжээ эзэлж байгаа нь чамлалттай үзүүлэлт бөгөөд арга хэмжээ, уралдаан, тэмцээн зохион байгуулах, оролцуулах, өсвөрийн шигшээ баг байгуулах, материаллаг баазыг бэхжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэхэд хангалтгүй байгаа юм. Тэгэхээр нийгмийн хөгжлийн одоогийн нөхцөлд зохицуулан өөрсдийн нөөц бололцоог дайчилсан менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй.

Бүх аймаг, нийслэл, дүүргүүдэд явган алхалт, аялал, дугуйн аяллыг засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог түшиглэн хөгжүүлэх бодлого баримталж, 2014 оны байдлаар аймаг, орон нутагт 16000 км маршрут бий болгосныг одоо маршрутын зураглалыг баталгаажуулах, амралтын цэгийг тохижуулах, иргэдийг аялуулах, тогтмол ашигладаг болгох тал дээр ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна.

Улаанбаатар хотод Богд-Хан ууланд 3 чиглэлийн явган алхалт, аяллын жишиг зам тохижуулснаар иргэд өөрсдийн санаачлагчаар, хэний ч албадлагагүйгээр баг бүрдүүлж сард давхардсан тоогоор 10.000 орчим хүмүүс алхаж, аялж, тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа зөв жишгийг дэмжиж байна.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт биеийн тамир, спортын талаар авч хэрэгжүүлэхээр 6 үндсэн зорилт, арга хэмжээг тусгасныг хэрэгжүүлэхээр хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, одоо Эрүүл мэнд, спортын яамнаас жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.

Засгийн газрын хөтөлбөрийн “Ажилтай орлоготой монгол хүн” бүлэгт “Биеийн тамир, спорт, соёл, урлагийн салбарт оруулсан болон ивээн тэтгэсэн хөрөнгийг татвараас хөнгөлөх, урамшуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж тусгагдсаны дагуу “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудаас 2 удаа санал авч нэгтгэн Биеийн тамир, спортын салбарт оруулсан хөрөнгө оруулалт болон ивээн тэтгэсэн хөрөнгийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх, урамшуулах эрх зүйн орчин бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтуудыг тусгаж, хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг ЗГ-аар хэлэлцүүлэн дэмжүүлж, Хууль зүйн яамаар батлуулахаар ажиллаж байна.

Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад Та бүхэн аймаг, нийслэл, сум дүүргүүдэд биеийн тамир, спортын байгууллагын бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн уялдаа холбоо, ажилчдын нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмжийн талаар эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлаар саналаа өгч хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

“Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд дасгалжуулагч, тамирчдын нийгмийн баталгааг сайжруулах мөнгөн шагнал, урамшуулал олгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрөл, тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулах, спортын цол зэргийн нэгдсэн ангиллыг батлах, цол олгох журмуудыг батлан улсын хэмжээнд мөрдүүлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Засгийн газар, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас мөнгөн шагналын бодлогодоо өөрчлөлт оруулан Монгол улс олон улсын допингийн эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орж хүлээсэн үүргийн дагуу зөвхөн Дэлхийн допингийн эсрэг агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын спортын холбоодын зохион байгуулсан тэмцээн, наадамд амжилттай оролцсон тамирчдад мөнгөн шагнал олгохоор болгон Засгийн газрын 2014 оны 64 тогтоолоор “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”, “Мөнгөн шагналын хэмжээ”, “Үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох журам”-ыг батлан хэрэгжүүлж, 596 тамирчид, дасгалжуулагчдад 1,5 тэрум төгрөгийн шагнал олгосон.

Шагналын журамд орсон 2 дахь гол өөрчлөлт нь багийн спортыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор багийн спортын тамирчид ганцаарчилсан төрлийн тамирчдын мөнгөн шагналын 30%-ыг авдаг байсныг өөрчлөн тоглогчдын оролцооноос хамаарч мөнгөн шагналыг 100% авдаг болгон шинэчлэн баталсан.

Олимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн зай жинд медаль хүртсэн тамирчдад насан туршид мөнгөн урамшуулал олгох тухай МУ-ын Ерөнхийлөгчийн 151 дүгээр зарлигийг гаргуулан Засгийн газрын 2014 оны 64 тогтоолоор олгох журмыг батлуулан хэрэгжүүлсэн нь спортын салбарын хөгжлийг дэмжсэн, тамирчид, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, хүүхэд залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх идэвх сонирхлыг өрнүүлсэн, иргэд олон нийтийн талархлыг хүлээсэн онцгой ач холбогдолтой шийдвэр байлаа.

Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрөл, тамирчид, дасгалжуулагчдыг сонгон шалгаруулах журмыг өрсөлдөөнийг тэгш хангах, ур чадвартай шилдэг тамирчид, дасгалжуулагч болон нөөц тамирчдыг бүрдүүлэх, ил тод нээлттэй байлгах, хувь тамирчны мэдээлэл, эрүүл мэндийн нэгдсэн мэдээлэлтэй болох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор боловсруулан батлуулж үндэсний шигшээ багийн үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна.

Спортын цол зэрэг олгох үйл ажиллагаа, үйлчилгээг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор анхан шатны хяналтыг спортын холбоодод олгож, хариуцлагыг спортын холбоодтой тооцох, цолыг улиралд нэг удаа олгож байсныг сар бүр олгодог болгосон, үнэмлэх, тэмдгийг үнэ төлбөргүй олгодог болгосон зэрэг чухал өөрчлөлтүүдийг оруулан батлуулж хэрэгжиж байна.

Өнгөрч буй жилүүдэд спортынхон тэр дундаа Үндэсний шигшээ багийн тамирчид Олимпийн наадмын амжилтаа бататгах, амжилтаа ахиулахад гол анхаарлаа хандуулж ажилласны дүнд тив, дэлхийн чанартай тэмцээнд 2013 онд 203 медаль, 2014 онд 138 медалийг хүртэн Олон Улсын Олимпийн Хорооны ивээл дор зохион байгуулагддаг Азийн зуны спортын наадам, Азийн паралимпийн зуны спортын наадам, Азийн элсний наадам, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өмнө нь үзүүлж байсан амжилтаа ахиулж, спортын салбарын хөгжилд түүхийн шинэ хуудсыг нээсэн жил байлаа.

Үндэсний спортыг дэмжих, залуу үед өвлүүлэх, сурталчлах зорилгоор 2014 онд Засгийн газрын тогтоолоор Үндэсний спортын V их наадмыг 13 төрлөөр, 2 үе шаттайгаар 21 аймаг, 9 дүүргийн 3500 тамирчдыг хамруулан анх удаа олон улсын наадмын зохион байгуулалтын жишгээр Хүй долоон худагт 3 өдрийн турш 150.000.000 төгрөгийн санхүүжилтээр зохион байгуулсан.

Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн бүрэлдэхүүнд олимпийн спортын 12 төрөл, паралимпийн спортын 6 төрлөөр 158 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний шигшээ багийг өдөр тутмын бэлтгэл сургуулилт, дотоод, гадаадад зохиогдох тэмцээн наадамд оролцуулах, бэлтгэл цугларалтыг хангуулах зардлыг улсын төсвийн санхүүжүүлтээр хангаж, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний судалгааны багийн хяналтан дор ажиллуулж байна.

“Рио-2016” олимп, паралимпийн наадамд Монгол улсын баг тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулах, олимпийн эрхийг авахад Засгийн газраас онцгой анхаарал тавьж 2014 онд 4,0 тэрбум, 2015 онд 6,0 тэрбум төгрөгийн төсвийг батлан дэмжсэн.

Засгийн газрын үйл ажил­лагааны хөтөлбөр, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх аймаг, дүүргүүд биеийн тамир, спортын заал, усан бассейнтэй болох зорилт тавигдсанаар нийслэлийн 6 дүүрэг, Архангай, Дархан уул аймагт спорт цогцолбор, 3 аймагт усан бассейн барихад нийтдээ 92,3 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээр жил бүр төсвийн хуваарилалт хийгдэн иргэдийн спортоор хичээллэх орчин нөхцөл бүрдүүлэхээр ажил үргэлжилж байна.

Хүн амын хэрэгцээнд тохирсон спортын заал, ордон, бассейныг нэг загварын барилгын зургаар 2015 оноос шинээр эхлэх аймаг, дүүргүүдийн спортын заал, бассейний ажлыг гүйцэтгэх болно.

Олимпийн төрлийн спортын төрлийг дэлгэрүүлэн хөгжүүлэх, тамирчдын амжилтыг ахиулах, Монгол улсыг сурталчилан таниулах зорилгоор Засгийн газрын тогтоолоор 2014 онд тив, дэлхийн чанартай 10 тэмцээнийг 1.2 тэрбум төгрөгөөр төрөөс дэмжлэг үзүүлэн зохион байгуулж, Монгол улсад 5 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд бус ашгийг оруулсан нь спортын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бололцоо байгааг харуулж байна. Энэ онд Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотноо тив, дэлхийн зэрэглэлтэй олон улсын 14 тэмцээнийг зохион байгуулахаар 1 тэрбум төгрөгийн төсвийг хувиарлаад байна.

Саяхан Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар батлагдсан аймгууд, нийслэлийн БТСГ-ын үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг хүн амын өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг үндэслэн бусад салбар аж, ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллахад чиглүүлж гаргалаа.

Манай яамнаас спортын салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар энэ онд 5 улсын спортын асуудал хариуцсан яамтай санамж бичиг, хамтран ажиллах гэрээг байгуулахаар Гадаад хэргийн яам болон Элчин сайдын яамдуудтай хамтран ажиллаж байна. Мөн манай яамнаас БНХАУ-ын Өвөр Монгол хил залгаа манай аймгуудын Биеийн тамир, спортын газруудыг хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусгасан.

Монгол улсын Ерөнхий сайд Япон улсад айлчлахдаа байгуулсан 2 улсын Засгийн газар хооронд хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрээр хилээр оруулж ирэх спортын бараа, техник хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлөхөөр баталсан нь манай салбарын материаллаг баазыг бэхжүүлэхэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Засгийн газрын тогтоолоор энэ онд зохион байгуулагдах Хүүхдийн спортын V их наадмын өвлийн төрлүүд зохиогдон, зуны спортын төрлүүдийн сонгон шалгаруулах тэмцээнүүд эхлээд байна. Энэхүү наадмын зохион байгуулалтыг олимпийн наадмын жишгээр эрх олгох зарчмаар оролцогчийн хязгаар тогтоон өсвөрийн шилдэг тамирчдын дунд нэр хүндтэй наадам болгохоор төлөвлөн нэгдсэн заавар батлан ажиллаж байна. Хуулийн шинэчлэлийн хүрээнд спортын их наад­муудыг зохион байгуулах хотыг 4 жилийн өмнө сонгон шалгаруулж, жил бүр шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн тухайн орон нутгийн ма­те­риаллаг бааз, хүний нөөцийг бэхжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох юм.

Засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Биеийн тамир, спортыг хөг­жүүлэх цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Биеийн тамир, спортын газрууд, харьяа байгууллагуудын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад та бидний хамтын ажиллагаа ихээхэн үүрэгтэй юм.

Та бүхэнд ажлын их амжилтыг хүсч, зөвлөгөөний үйл ажиллагаандаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Амар амгалангийн буйд Аглаг бүтээлийн хийд

Амралтын өдрөөр гэр бүлээрээ салхинд гарч, байгалийн үзэмж тансаг буйд газарт очих хүсэлтэй хүмүүс бурханч лам Г.Пүрэвбатын их бүтээн байгуулалт хийж буй Аглаг бүтээлийн сүмийг зорих нь ихэсчээ. Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн нутаг Далийн ам байгалийн гоо үзэсгэлэнгийн хувьд үнэхээр тансаг газар юм. Наран тийшээ харсан аманд сүрлэг хадат уулс, битүү нарсан ой мод байх. Өвөлдөө нэвсийтэл цас дарчихдаг болохоор буга, гөрөөс, туулай хэрэм тэргүүтэй амьтад уулнаас буугаад ирдэг юм байна. Мөнх ногоон модны мөчир цасаа дааж ядан бөхөлзөж, жавартай салхи сэрчигнэхээс өөр аниргүй, нам гүм буйд газар болдог гэнэ. Харин зундаа уулсын суга, жалга судагнаас тув тунгалаг, шүд магнай хага ташим хүйтэн булгууд ундарч, хоржигнон урсаад нэлэнхүйдээ далийн ягаан цэцэг ургачихдаг байна. Бороо орвол битүү манан уулын хормой руугаа буудаг аж. Гарьд уулын бэлд орших сүмээс доош хацар ирвэгнүүлсэн зөөлөн бүгээн манан буугаад энэ ертөнцөөс тасарчихсан юм шиг л мэдрэмж төрдөг байна. Ийм л байгалийн тансаг яруу, үзэмж төгөлдөр газарт бурханч лам Г.Пүрэвбат болон уран бүтээлчид Аглаг бүтээлийн сүмийг барьж, бурхан номын цогцолбор газар бий болгохоор ажиллаж байна. Мөн тус хийдийг үзэхээр ирсэн амрагчдын цуваа үл тасрах ажээ.

Монголд шарын шашин дэлгэрээд олон зуун жилийн нүүр үзэж байгаа. Энэ хугацаанд сүсэгтэн олны өргөл барьцаар энд тэндгүй сүм хийд барьж, бурхан шүтээн залсан. Гэвч өнөөг хүртэл Аглаг бүтээлийн сүм шиг байгалийн өвөрмөц зүй тогтоцыг ашиглан цогцолбор барьсан түүх байхгүй. Их бүтээн байгуулалт хийгдэж байгаа Аглаг бүтээлийн сүм дээр өнжлөө.

Өглөө эртлэн нийслэл хотоос хөдөлсөн бид цаг гаруйхан давхиад Аглаг бүтээлийн хийд дээр очлоо. Аялал жуулчлалын компаниудын автобус хэдийнэ ирчихсэн байв. Албан байгууллага, анги хамт олон амралтын өдрөөр хийдийг зорьсон аялал зугаалга зохион байгуулдаг байна. Нэг хүн 26 мянган төгрөг төлөөд Аглаг бүтээлийн сүм, цогцолборыг үздэг гэнэ. Барагцаалбал гурван автобусанд 200 орчим хүн иржээ. Мөн “Талх Чихэр” компанийн ажилтнууд ирээд буцаж байв. Сүмийн үүдэнд машин битүү тавьчихжээ. Ирсэн хүн болгон 5000, хүүхэд мянган төгрөгийн тасалбар худалдаж аваад дээш явах аж. Бид сүмийн хашаа руу нэвтэрч дээш алхав. Тусгайлан зассан явган хүний замаар дээш явсаар Бурханч лам Г.Пүрэвбатын байгаа лаврин руу орлоо. Хотод хэд хоног ажилтай явж байгаад ирсэн гэнэ. Түүнтэй мэнд мэдэлцээд өнжих гэж байгаа тухайгаа хэлэв. Тэрбээр “Ойрын хэдэн жил бүтээн байгуулалтын ажил гэж эндээ суурьшиж, бясалгал хийж, уран бүтээлээ хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч харах завгүй болсон” талаараа ярив. Тэрбээр “Та хэд нэгэнт л энд ирчихсэн юм чинь бурхан шүтээнд очиж мөргөл үйлдээд ир. Ах нь цайгаа уучихаад хүлээж байя. Тэгээд хамт эргэлийн мөрөөр гороо хийе” гэлээ.

Бид ч түүний хэлснээр хийд рүү орж бурхан тахилд мөргөхөөр гарлаа. Хийдийн үүдэнд хүмүүс дугаарлаад зогсчихсон байв. Хийдийн ажилтнуудтай уулзаж дараалал дайрч, “арын хаалга”-даж байж хийд рүү орлоо. Энхжингийн орны байгуулалт бүхий олон бурханыг энд хийж бүтээжээ.Цаглашгүй гэрэлт бурхан Энхжингийн орны найман бодь сэтгэлтэн хөвүүн асрагч охин тэнгэрийн шүтээн, цутгамал бурхан сүмд зочилсон хүн бүрийн мэлмийг гийгүүлэн оршиж угтана.

ДУХАНДАА ЭВЭРТЭЙ АДУУ, ГАНЦ ЭВЭРТЭЙ ЯНГИР ЗЭРЭГ ХОВОР ҮЗМЭР

Хийдийн гол шүтээн болох нэгэн суварга байна. Тусгайлан хийсэн болов уу гэмээр суварга дээр жижигхэн үнсэн саарал өнгөтэй хонины хоргол шиг бөөрөнхий зүйлс байх. Энэ нь гэгээн язгуурын шүтээнт Цогт үр цогцолсон суврага гэнэ. 77 гэгээн язгуурыг олж гэгээрсэн хутагт хувилгаадын цогт үр буюу ринсэлийг суваргад байрлуулсан нь энэ аж. Цогт үр гэдэг нь гэгээрсэн хутагт хувилгаадыг бие барах үед нь чандарлаж шатаах үед нэгэн зүйл огт шатахгүй үлддэг байна. Үүнийг нь цогт үр гэдэг аж. Хутагт хувилгаадын цогт үр нь буддын шашиндаа маш ховорт тооцогддог гэнэ. “Эрдэм чадалтай лам нар цогт үрийн хажууд ном уншихад бүгд хөдөлгөөнд ордог юм байна лээ” гэж сүмийн тайлбарлагч эмэгтэй онцолж байна лээ. Хийдийн суурийг тавихаас хоёр хоногийг өмнө бурханч лам Г.Пүрэвбат нэгэн бул хар чулуу зүүдэлсэн гэнэ. Зүүдэнд нь тэр чулууг тойруулаад хадаг яндар уячихсан сүсэгтэн олон мөргөж залбирч байгаагаар харагдсан гэнэ. Тэгээд л хийдийн суурийг ухаж байтал зүүдэнд нь үзэгдсэн том бул чулуу гараад ирсэн байна. 20 гаруй тонн жинтэй тэр чулууг “Энэ чулууг хөдөлгөж болохгүй юм байна. Бэлгэдэл талаасаа үзсэн ч энэ цогцолбор маань он удаа жил байх утга учрыг энэ чулуу агуулж байж магадгүй” гээд чулуугаа авалгүй хийдээ барьжээ.

Мөн Г.Пүрэвбат ламын олон жилийн турш зурсан гурван ч зургийг хийдийн хананд байрлуулжээ. Багш нарынхаа болон Богдын зургийг маш нарийн аргаар зурсан байна. Монгол гутлын хээ, ширээ сандал, хувцас гээд бүх зүйлсийн хээг нарийн гаргаж өгсөн байна. Их тэвчээр гаргаж зурсан нь илт харагдах юм. Ингээд хийдийн хоёр давхарт гарав. Тус хийдийнхэн маш ховор зүйлсийг дэлгэн тавьжээ. Метр гаруй урттай тул загасаас эхлээд матрын арьс, могойн арьс, таван эвэртэй хар халзан хонины толгой, нэхий, ганц эвэртэй морины алтадсан толгой, эвэртэй туулай, нэг эвэртэй янгир, дөрвөн эвэртэй нас бие гүйцсэн үхрийн толгой, цэцгэн эвэрт бор гөрөөс, давхар эвэртэй гөрөөсний толгой, таван биетэй нэг сүүлтэй загас, хоёр толгойтой яст мэлхий, цагаан өнгөтэй тарвага гээд хосгүй үнэт үзмэр угтлаа. Эдгээр ховор үзмэрүүдийг олон жилийн турш эрэл хайгуул болж байж олж авсан гэнэ. Монголд толгойдоо нэг эвэртэй янгир, данайсан том дөрвөн эвэртэй, нас бие гүйцсэн шар байжээ. Дээрх үзмэрүүдийг сонирхлоо. Үнэхээр духан дээрээ эвэртэй адууны толгой, ганц эвэртэй янгир, эвэртэй туулайн чихмэл нь бодит юм шиг л харагдах аж. Үүнийг хийдийн ажилтан “Эдгээр үзмэрүүд маш ховор зүйлс байгаа юм. Хаанаас олж авсан талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ямар ч байсан бүгд бодит зүйлс гэдгийг хэлмээр байна. Хүний гар орж хийсэн зүйл огт байхгүй” гэлээ. Модны үндэс, үзмэн мана, халтар мана гээд ховор нандин зүйлс ч олон байв. Бидэнтэй хамт үзмэр үзэж байсан хүмүүс дээрх зүйлсийг “Ийм зүйлс Монголд байсан гэж үү. Эвэртэй морь чинь үлгэрт л гардаг биз дээ” хэмээн ярилцаж байв. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас Дулмаа гэх өндөр настан ирсэн байв. Тэрбээр Цогт үр бүхий суваргад сунаж мөргөж байв. “Хүүхдүүд минь их сайхан газар нээгдсэн байна лээ. Утай гүмбэн, Түвд рүү өндөр зардлаар явснаас Аглаг бүтээлийн хийдэд очсон нь хамаагүй дээр. Монголчууд үнэхээр сайхан зүйлс хийсэн гээд энд авчирсан юм. Эгч нь энд ирж мөргөл үйлдээд гэгээрчихээд явж байна. Байгалийн чулууг бурхан болгоод бүтээнэ гэдэг их хэцүү шүү. Үнэхээр их хүч хөдөлмөр гаргажээ” гэлээ.

БУРХАН БАГШИЙН БИЙ БОЛСОН ТҮҮХ БУЮУ ГАРЬД УУЛЫГ ТОЙРСОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Бид эргээд бурханч лам Г.Пүрэвбатын өрөө рүү очлоо. Хэдийнэ хувцсаа өмсчихсөн байлаа. “Ууланд гороо хийхдээ аялагч нарын хаясан хог хаягдлыг түүнэ. Уут бэлдээрэй” гэж н.Пэрэнлэй ламд хэлээд гарлаа. Хаврын урин дулаан ирсэн болохоор уулсын цас хайлж шар усны хоржигнон урсах чимээ, хүүхдийн цолгиун дуутай инээд тодхон сонсогдох ажээ. Хийдийг тойроод хэд хэдэн том бул боржин чулуу байсан гэнэ. Ухаад гаргах гэхээр чулууг өргөчих, ховхлоод авах техник Монголд байхгүй. Мөн бэлгэдэл чанарыг нь бодоод чулуун урлал хийчих боломжтой гэдгийг олж харсан байна. Ингээд хийдийн өмнө байх чулууг ажаад харсан урд тал нь шувууны хошуу шиг хэлбэртэй, хойд тал нь хэвтэж байгаа араатны бие шиг байсан гэнэ. Хийд тойроод байгаа дөрвөн том чулууны хэлбэр дүрсийг нь янзалж засаад амьтан хийх санааг олсон байна. Ингээд гарьд, арслан хоёрын дундаас төрсөн найман хөлт арслан бүтээжээ. Хийдийн зүүн талын чулуугаар бурханы номонд гардаг юунд ч дийлдэхгүй амьтны дүрс бүхий матар, лавай хоёрын дундаас төрсөн гэгдэх лавайт матар гэх амьтныг хийсэн байна. Хийдийн зүүн талын чулуугаар халиу, загасны дундаас төрсөн үст загас бүтээжээ. Загасан идэшт халиу загастай эвцэлдэн дундаас нь загас толгойтой, халиу биетэй хүчирхэг амьтан төрснийг үст загас гэж нэрлэдэг гэнэ. Мөн луу барсны дундаас төрсөн барс, луу гэх амьтныг хийдийн арын Гарьд уулын өвөрт бүтээжээ. Хэлбэр хийц нь маш уран нарийн юм. Урлаачид маш их хөдөлмөр гаргаж, нарийн хийц бүхий амьтад хийсэн нь илт. Дээрх амьтдын дүрийг бий болгосон газар болгонд “Үл зохилдох хямрал бүхэн арилдаг” гэх бэлгэдэлтэй гэнэ. Эдгээр чулуун урлалыг “Эвцэлдэхгүй амьтан дундаас эвийн хүчээр төрсөн амьтад юунд ч дийлдэхгүй хүч чадалтай, аливаа хямрал, атаа жөтөөг дардаг” гэж бурханы номонд үздэг гэдгийг Г.Пүрэвбат лам онцолж байлаа. Аливаа зүйлс учир жанцантай байдаг шиг хийд байгуулах үед дээрх амьтдыг хийхэд зориулагдсан мэт дөрвөн чулуу хэлбэр дүрстэйгээ шахуу байгальдаа байсан гэнэ.

Уул өөдөө өгсөж явахдаа Г.Пүрэвбат ламаас “Энд хийд бариад бурхан шашны цогцолбор бий болгох санааг анх яаж олсон бэ” гэж асуулаа. Тэгсэн өөдөөс инээснээ “Энэ их учиртай газар байгаа юм. Ах нь Борнуур сумын хүн. Энүүхэн доор манайхан үе удмаараа нутаглаж ирсэн байдаг. Ах нь энд л хонь хариулж хүн болсон юм. Тэгээд л цаанаасаа учиртай байжээ. Хүний хөлөөс хол аглаг буйд газарт бурхан номын мөр хөөж суухаар шийдэж хийдээ барьж байлаа” гэв. Биднийг ийн ярилцаж явтал хэсэг залуу дуу алдаад л явчихлаа. “Энэ мод чинь дээрээсээ хувхайрч үхчихээд мөчирнөөсөө гол мод нь гарчихсан байна шдээ. Яаж ургахаараа ингэж ургадаг юм бэ” гэцгээх нь сонсогдов. Аянга буугаад модны орой хэсэг үхчихсэн байна. Аянганд цохиулсан мод хувхайрч, бүр мөчир нь унаж байснаа гурван жилийн өмнөөс гэнэт модны доод хэсгээр мөчир салаалан ургасан байна. Гэтэл мөчрөөс дахин гол гарч мод ургаж эхэлжээ. Хийдийн лам нар дээрх модны орой дээр нь алтан охь залж дархалсан байна. Монголчууд хайртай малаа сэтэрлэдэг шиг модыг дархалдаг ёс байдаг энэ. Эндээс эргэлийн зам эхэлдэг байна.

Уул өөд өгсөж хэсэг явахад хадан агуй тааралдах юм. Агуйн нэг талаас ороод нөгөө талаар мөлхөж гарах юм. Эргэлийн анхдагч үүдэн хаалгаар орсон хүн амар амгалан гэгээрэлд хүрэх үүд хаалга нээгдэж байгаа хэмээн сүслэн залбирах ёстой гэнэ. Эндээсээ Зуурдын хавцгай гэх гурвалжин хонгилоор ороод арга, бэлгийн шүтээн бүхий газарт хүрэх юм. Эргэл хийж яваа хүмүүс мөн л шуугилдаад явчихлаа. “Хүүе ээ, энэ дотор эрэгтэй хүний “боов” хад байна. Агуй хадан дотор байна шдээ”гээд хүүхнүүд нь инээд алдах. Тэгсэн нэгэн эрэгтэй “Энэ агуй чинь эмэгтэй хүний юу юм биш үү. Бас эротик газар байх нь. Бурхан номын газар гэсэн чинь эвгүй зүйлтэй таарлаа” гээд л хүмүүс чулууг харсан сэтгэгдлээ хуваалцах юм. Энэ чулууг лам Пэрэнлэй “Хүмүүс хүүтэй болмоор байна. Охинтой болмоор байна гэдэг биз дээ. Тэгвэл энэ хад үүнийг бэлгэдэж байгаа юм. Зуурдаас төрлийг хайж буй агшинд эр төрөл бий болгох бол эцэгтээ тачаадах, эм төрөл авах бол эцэгтээ тачаан, алинд нь тачаасан түүнийгээ тэвэрдэг” гэж байдаг. Мөн ямар нэгэн уур уцаар болон бусад атаа жөтөөг бодохыг тэвчих хэрэгтэй. Үүнийг л хүмүүст ойлгуулах гээд байгаа юм” гэж тэнд байсан хүмүүст хариулт өглөө.

Бурхан багш тэнгэрийн орноос энэ орчлонд мэндлэх үед бурхан багшийн ээж цагаан заан зүүдэлсэн гэх домог байдаг. Хэлбэр нь яг зааных шиг чулууг чулуу урлаач нар янзалж зургаан соёотой цагаан заан бүтээжээ. Зааны хажууд эхийн сав байх юм. Тэнд очсон хүн болгон эхийн саваар мөлхөж гарах ёстой. Эхийн сав шиг хэлбэртэй байгалийн хадан доогуур гарсан хүний хилэнц арилдаг гэнэ. Хадны доор орших нүхийг харахад тийм ч том биш. Заавал мөлхөж гарахаас өөр аргагүй. Гэсэн ч түүгээр биеийн хэмжээнээс үл хамааран ямар ч хүн мөлхөөд гарчихдаг нь сонин. Жил гаруйн өмнө 60 гаруй килограм жинтэй жижигхэн биетэй хүн эхийн саванд гацаж хүмүүсийг сандаргасан тохиолдол гарчээ. Ууланд мөн эхийн умай байх ажээ. Хүйсэн дээрээ модтой босоо хадны нүүрэнд умайн хэлбэртэй нүх буй. Түүгээр сард нэг удаа усан дусал гоождог гэсэн. Бурхан багш хорвоо ертөнц дээр төрсөн шиг. Аглаг бүтээлийн хийд дээр очсон хүн болгон цагаан зааны хажуу талын эхийн саваар гарч, хилэнцээ арилгаад бурхан багшийн хадан дээр сийлсэн бурханы дүрийг олж харна. Ингээд доош алхах үед чулуугаар хийсэн долоон лянхуан сийлбэр чулуу байв. Энэ нь бурхан багш эхээс төрөөд долоо алхах үед гишгэсэн газар болгонд лянхуа цэцэг ургасан гэдгийг бэлгэдэн хийжээ. Лянхуа сийлбэр чулууг Монгол Улсын гарьд Б.Гантогтох тэргүүтэй олон бөхчүүд уул өөд гаргасан байна. Улсын цолтой арав гаруй бөхчүүд лянхуа суурийг уул өөд олон удаа амарч байж гаргасан гэнэ. Дээд эргэлийн замаас доод эргэлийн зам руу орох заагт бие биенээ налан ургасан мод таарах юм. Энэ нь бурхан багшийн хорвоо ертөнц дээр төрсөн түүх шиг эхээс төрөөд цэцгэн сууриар алхаад их амьдрал руу алхан орж байгаа мэтээр зохиомжилж хийсэн байна. Замд чулуу болон газрын хөрсийг янзалж, хүн халтирч унахаас сэргийлж шат гаргасан байв. Зохиомжийн дагуу амьдралын хаалгаар ороод цааш явах үед гурван том хадтай тааралдах юм. Хүний гар огт хүрээгүй байгалийн хад яст мэлхий мэт дүрстэй аж. Яст мэлхий нь өвчин зовлонгүй, урт удаан наслахын бэлгэдэл билээ. Яст мэлхийн хажууханд өөд өөдөөсөө харсан заан хад харагдах юм. Чих нь далбайсан хэлбэртэй заан хад нь амар амгалан сэтгэлийн тэнхээтэй амьдрахын ерөөлтэй. Гурав дахь тааралдах хад нь ембүү шиг хэлбэртэй аж. Хадны орой дээр нь өвс ургаж, зулзаган нарс мод ургасан харагдав. Хадан дээр мод ургасан байгааг харсан хүн болгон гайхширдаг юм билээ. Ембүү хад нь эд мөнгө арвин байхыг бэлгэдэж байгаа гэсэн. Урлаач нар нэгэн том чулууг амаа ангайж байгаа матар болгон урлажээ. Хамт явсан зурагчин маань матрын аманд багтаж байна лээ. Тэгэхээр хэр том хадыг матар болгон урласан болох нь мэдэгдэх биз ээ. Матрыг энд урласан нь мөн л бэлгэдлийн чанартай. Матар хазсан амьтнаа үхэн үхтэл огт тавьдаггүй амьтан гэнэ. Иймд буддын шашинд орсон бол хайр энэрлээр хэзээ ч дутаахгүй гэх бэлгэдэл агуулсан байна. Мөн арав гаруй метр өндөртэй хадыг хаанаас нь ч харсан цагаан өвгөний дүр төрх харагдаад байсан гэнэ. Тэгээд нүүр, гарыг нь гаргатал хамаг газар, усны эхийг захирдаг гэгдэх цагаан өвгөний дүр төрх бүр сайн тодорчээ. Мөн лам дүрстэй хад ч байна лээ. Аглаг бүтээлийн хийдийн хойд талын Гарьд ууланд энэ мэт их олон төрлийн байгалийн өвөрмөц дүр төрхтэй хад таарах юм. Зангидсан гараараа хад цохьсон юм шиг хэлбэртэй хад ч байна. Үүнийг Нударга хад гэж нэрлэх болжээ. Мөн хүний мөр бүхий хад ч байх юм. Номын хүрдэн суварга шиг хэлбэртэй нарс мод, гулсдаг хад хүртэл байлаа. Эргэлийн замын хамгийн өндөр оргил бүхий хадан цохион дээр нэг ч хадаас оруулалгүй модон сүм барьж байна лээ. Барьж дуусгаад оройг нь алтадсан шаргал өнгөөр будах юм гэсэн. Үүнийгээ Тэнгэрээс буусан сүм хэмээн нэрийджээ. Сүмээс доош бууж явахад арван метр өндөртэй хадан дээр сийлсэн догшин сахиус гэгдэх Очирваань бурханыг сийлсэн байв. Бурханыг бүтээсэн хийцийн тухай ярих юмгүй үнэхээр сайхан бүтээжээ. Монголд хадан дээр ингэж нарийн аргаар бүтээсэн бурхан байхгүй гэнэ. Очирваанийн бурханыг хадан дээр хийхэд маш олон хүн оролцсон байна. Хүн бүрийн сэтгэл зүрх нэгдэж гайхалтай бүтээл төрүүлжээ. Арван метр бурханы доохно хадны хөмөг газрыг агуй болгож чулуугаар барьсан агуйт суварга барьсан байна. Энд Аглаг бүтээлийн хийдийн лам нар өвлийн цагт бясалгал үйлдэж, хэдэн хоног өдрөөр суудаг газар бий болжээ. Ингээд эргэлийн замын төгсгөлд нирваан дүрийг үзүүлж буй арван метрийн урт хадан дээр сийлсэн бурхан багшийн хөрөгтэй тааралдах юм. Гарьд ууланд хийсэн их бүтээн байгуулалт ийм ажээ. Байгалийн өвөрмөц тогтоц хад чулууг ашиглан урлагийн бүтээл болгосон нь дээрх зүйлсээс харагдаж байв.

МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ХИЙЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭНЭ

Энэхүү бүтээн байгуулалтыг гадны ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр монголчуудын сүсэг бишрэлийн өргөл барьцаар босгож байна. Монгол залуус нийлэн их бүтээн байгуулалтыг хийж байгаа ажээ. Г.Пүрэвбат ламын үүсгэн байгуулсан Урлах ухааны сургуулийг төгсөгч залуус эдгээр зүйлсийг хийж бүтээж байна. Энэ талаар Г.Пүрэвбат лам “Шавь нар маань өөрсдөө ирээд л хийж өгөөд байх юм. Монголын урдаа барьдаг урчуудыг төрүүлж чадсан юм байна гэж шавь нараараа бахархах сэтгэгдэл байнга төрж байна” гэлээ. Үнэхээр 84 урлаач цогцолбор газрын бүтээн байгуулалтыг хийж байна. Аглаг бүтээлийн сүмийн цогцолбор газрынхаа ажлын 50 гаруй хувийг барьжээ. 21 метр өндөртэй, алтан өнгөлгөөтэй сүм барих ажил ид хийгдэж байв. Мөн Сахиусны сүм барих ажил хийгдэж байна. Цул төмрөөр их биеийг нь барьсан сүмийг амьтны ясаар битүү урлаж чимэглэл хийх гэнэ. Сүмээ чимэглэх ясаа хүртэл цуглуулчихсан байна лээ. Энэ зунаас чимэглэлийн ажил хийгдэх ажээ.

АГЛАГ БҮТЭЭЛИЙН СҮМИЙН АГУЙ “АЛМАС”-ТАЙ БОЛНО

Уул тойрсон бид аялагч нарын хаясан ундааны сав, чихрийн цаас зэргийг түүсээр бууж ирлээ. Нэг үеэ бодвол монголчууд байгаль дэлхийгээ хайрладаг, хог хаядгаа больсон байна. Хоёр цаг гаруй яваад уулнаас бууж ирэхдээ нэг тор л хог түүлээ. Уулнаас бууж ирээд удаагүй байтал хоёр залуу тосч гүйж ирээд “Багш аа, нөгөө алмасаа доод байшин руу зөөх үү. Бид ачих гэсэн хүн нь цөөдөөд хаалгаар гаргаж чадахгүй байна” гэв. Бид “Юун алмас хаана байгаа юм бэ” гэсээр удахгүй ашиглалтад орох гэж байгаа Алтан сүм рүү хамт орлоо. Хоёр метр гаруй өндөртэй, үс ноос болсон амьтныг бүтээжээ. Үүнийгээ “Цаст уулын цагаан алмас” гэдэг амьтан гэж тайлбарлав. Тэнгэрийн сүмийн хажууханд байх агуйд алмасаа байрлуулах гэнэ. Цоохор ирвэс базсан байдалтайгаар сарлаг болон бусад амьтны ширээр хийсэн “алмас”-ыг бид өргөлцөв. Хоёр зуу гаруй килограмм жинтэй гэнэ. Алтансүмээс нөгөө “алмас”-аа гаргаад ирсэн тэр хавьд явсан хүмүүс “Алмас байна ш дээ. Ямар сонин юм бэ. Алмас үзье” гээд гүйлдээд ирэх юм. Хүмүүс “Яг алмас байна шүү дээ. Яг хийсэн байна” гээд л өмнө нь алмас гэх амьтныг нүдээр үзэж байсан юм шиг л ярих ажээ.

Бурханч лам Г.Пүрэвбат хэд хэдэн сонин бүтээл урлажээ. Тэр нь Аглаг бүтээлийн хийд орчмын уул усны лус савдагууд гэнэ. Тухайлбал, Гарьд уулсын газрын эзэн гээд эвэртэй шувуун толгойтой, урт далавчтай, гар хөлтэй амьтан байна. Гадна төрх нь ийм амьтан байдаг юм уу гэмээр сонин. Мөн зүүн луст уулын эзэн гүрвэлийг зохиомжилж бүтээсэн байна. Энд тэндээс нь эвэр гарсан урт хумстай амьтан байх. Зүүн луст ууланд гүрвэл их байдаг учир ийн сэтгэж хийсэн бололтой. Харин Баруун луст уулын эзнийг могойгоор дүрсэлжээ. Эвэртэй, хэлээ гаргасан догшин төрхтэй юм. Тэнгэрийн хуягт луу, өтөгтэй уулсын гурван толгойтой загас гээд Г.Пүрэвбат ламын бүтээсэн хачин сонин амьтад олны нүдийг хужирлаж, улам бүр хүч аван амилж байна уу гэмээр сүр хүчтэй харагдана.

Тус газарт уулнаас бууж ирсэн туулай, тэжээвэр тахиа, галуу, цацагт хяруул гэх мэт арав гаруй төрлийн шувууд байна лээ. Ирсэн хүн болгон шувуудыг тэжээж хооллодог юм байна. Мөн явган хүний зам дагуу жимсний модны бут сөөг тарихаар болжээ. Мөн хийдийн ойролцоо дөрвөн эвэртэй 50 гаруй тооны хонь бэлчиж яваа харагдав. Энэ талаар Г.Пүрэвбат лам “Хэдэн жилийн өмнө Баянхонгор аймагт явж байхад дөрвөн эвэртэй эр хурга айлд байхад нь таарсан юм. Тэр хургыг аваад энд авчирч хуц болгоод хэдэн эм хонинд тавьсан. Одоо 50 гаруй дөрвөн эвэртэй хоньтой болчихоод байгаа” гэв. Мөн үнэт үзмэрүүдийн талаар асуухад “Хаанаас олдсон талаар ярих болоогүй байна. 1890 оны сүүл үед Өвөрхангай аймагт духан дээрээ эвэртэй морь байсан талаар түүхэн баримт байдаг шүү дээ. Монголд эвэртэй адуу байсан” гэж товчхон хариулт өгөв.

Энд нийслэл хот төдийгүй, хөдөө орон нутгаас хүмүүс зорин ирж байлаа. Мөн жуулчид ч энд ирэх болжээ. Ирсэн хүн болгон л байгалийн үзэмж тансагийг, үзвэр, бүтээлүүд сайхан болсныг шагшин магтах юм. Хийдийн үүдэнд байх элэг, бөөрөнд сайн гэгдэх рашаанаас савныхаа хэмжээгээр хийж аваад хөдлөх ажээ. Нар жаргах гэж байхад бид нийслэл хот руу хөдөллөө. Орой бүрэнхий болохоос өмнө бидэнтэй хамт 30 гаруй машин төв замд нийлсэн юм. Харин Г.Пүрэвбат лам дахин уулзах ерөөл тавиад Аглаг бүтээлийн хийддээ хэдэн өдөр бясалгал хийхээр хоцорлоо.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургийг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Залаархаг хавраг буюу чийрийн давирхай

Чийрийн давирхай боловсорч буй үе

Шүхэр цэцгийн (Umbellifarae) овогт хамаарах олон наст өвслөг, модлог ургамал сүүлийн 20 гаруй жилд дэлхийн ургамал судлаачид болон анагаах ухааны салбарынхны анхаарлын төвд ороод байна. Харамсалтай нь дэлхийн хэмжээнд “дэндүү бага” гэмээр талбайд нэн цөөн тоогоор ургадаг ажээ. Үүнийг шинжлэх ухааны хэлэнд Залаархаг хавраг, Хавиргана хэмээн тэмдэглэдэг бол монголчууд Чийрийн давирхай гэж нэрлэнэ. Дэлхий дээр ердөө 100 гаруйхан га талбайг уг ургамал бүрхдэг бөгөөд Баруун Сибирь, Каспийн болон Газар дундын тэнгисийн орчимд ургадгаараа “Улаан ном”-д орсон ажээ. Энэхүү нэн ховор өвслөг, модлог ургамал нь Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн Булган сум, Ярантын боомт орчимд байна.

Манай орны хувьд 1954 онд анх бүртгэсэн байдаг ч 1980 оны сүүлч үеийг хүртэл нутгийн иргэдээс өөр хүн мэддэггүй байж. Ийнхүү анх тэмдэглэснээс 30 гаруй жилийн дараа МУИС-ийн багш нар зонхилон судалж нэн ховор гэдгийг нь тогтоон 1997 онд “Улаан ном”-д оруулсан байдаг. Учир нь энэ ховор ургамал амьдрах хугацаандаа ганцхан удаа буюу хагдарч унахаасаа жилийн өмнө цэцэглэж, үрээ гөвдөг гэж байгаа. Тодруулбал, 9-12 жил болоод нэг удаа цэцэглэдэг нь насны тоог нь заах бөгөөд бас үр удмаа үлдээж буй хэлбэр. Яагаад дэлхийд алаг цоог, дэндүү багахан талбайд байна вэ гэвэл олон жилд нэг удаа үрээ гөвж, тодорхой хугацааны дараа үрсэлж ургадагтай нь холбоотой. Ховд аймгийн Булган сумын хувьд Ярантын боомт хүрэх замаас 30 гаруй километрт Хоёр цэргийн агуйн орчимд элсэрхэг уулын нэг аманд л бий. Тэр бүс газрыг тодорхойлбол, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Төв Азийн цөлийн зааг. Тухайлбал, Зүүн, Баруун Хаац уулаас баруун тийш Монцогийн улаан гол, Ярантын уул орчмын нутагт голын гаралтай, салхины нөлөөнд хэт автсан элсэн хуримтлал бүхий нутаг. Энэ хэсгийн уур амьсгал нь Монголын бусад бүсээс тэс өөр бөгөөд Булган гол тэжээдэг. Булган гол эрт үед одоогийн Үенч, Бодонч голын адил Бор цонжийн говь руу урсдаг байснаа хожим нь баруун тийш урсах болсон нь чийр хэмээх ургамлынхаа адил эрдэмтдийн сонирхлыг татдаг. Ер нь эндхийн ан амьтан, өвс ургамал бүр нь онцлогтой.

Ийм онцлог бүс нутагт ургадаг чийрийн давирхай хэмээх энэ ургамлыг дэлхийн эрдэмтэд өвс, мод хэмээн өнөөг хүртэл мэтгэлцсээр одоо ч нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Өвс гэхэд бургасны хэрийн бүдүүнтэй хүний биеийн бэлхүүс орчимд хүрэх буюу нэг метр орчим өндөртэй байж өвсний үзүүлэлтийг давна. Харин дээрх хэмжээ нь моддын үзүүлэлтийг хангахгүй учраас маргаан өнөөдөр ч үргэлжилдэг гэсэн. Бас хаврын цагт чийрийн давирхайн төгөлд очиход газарт хатгаад орхисон хувхай саваа мэт харагддаг бол зундаа дэлгэрч мөчир салаатай болж жил ирэх тусам мөчир нь уртасдаг. Гэхдээ нахиалж, дэлгэрч сүйд болохгүй байсаар 9-12 жилийн дараа л дээр хэлсэнчлэн цэцэглэнэ. Цэцэглэснийх нь дараа буюу хагдрах үед нь хөрснөөс сугалж үзэхэд үндэс нь адууны шийр лугаа бахим өргөн байдаг аж. Үндэс нь эндээсээ зэллэж хялгас мэт болж нарийссаар газрын гүн рүү хоёр метрт хүрдэгийг ч тогтоогоод байна. Харин яагаад дулаан уур амьсгалтай Газар дундын тэнгис, жилийн хоёр улирал ноёлдог Каспийн тэнгис, эрс тэс жилийн дөрвөн улирал зонхилдог Ховд аймаг, мөнхийн сэрүүн, мөнх цэвдэгт Сибирт бага багахан хэмжээгээр ургаж байгааг нь одоо ч ойлгож томъёолсон эрдэмтэн алга. Зарим эрдэмтдийн хэлж байгаагаар Чийрийн давирхай ургаж байгаа бүс нутгууд нь дэлхийн цаг агаараас харилцан хамааралгүй орон нутгийн онцлог уур амьсгалтай гэж үздэг байна.

Намартаа цөөн хэдэн хоног давирхай нь гадагшилна. Давирхай нь саарал, цагаан өнгөтэй учраас монголчууд сүү хэмээн нэрлэх болжээ. Энэ үед бүс нутгийн энгээр сүрчиг мэт анхилуун сайхан үнэр ханхалдаг нь давирхайгаас ялгардаг. Сүрчиг, хүдрийн заар зэргийг эрэмбэлвэл давирхайн үнэр бараг нэгдүгээрт жагсана гэж үзэх хүн ч цөөнгүй байдаг гэсэн. Нутгийн ардууд эрт дээр үеэс аян замд мордохдоо эмээлийнхээ хавтас эсвэл дөрөөний тавганд давирхайлаг бодисыг нь шавдаг байжээ. Гоё тансаг үнэрт нь элдвийн нян устахаас гадна ханиад шуухинаа хүрвэл түүнээсээ авч хэрэглэх зориулалттай. Чийрийн давирхайн төгөлд очоод нэг өдөр саатахад л хүний ядаргаа тайлагдаж, цусны даралт буурдаг тустай. Ер нь эл ургамлыг анагаах ухааны салбарт түлхүү ашиглах болсон бөгөөд өдгөө дэлхийн арав гаруй орны лабораторид үрслүүлэн ургуулж, судлан, анагаах ухааны салбарт ашиглаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар чийрийн давирхай нь 110 орчим эмийн жор болон ордог болжээ. Хамгийн гол нь амьсгалын замын өвчин, ханиад, томуу болон цусны даралт, ил задгай шарх зэрэгт онцгой нөлөө үзүүлдэг. Эмч, эмнэлгийн салбараар олон жил яваад эмчилж чадаагүй төрөл бүрийн харшлыг ч шидтэн мэт анагаадаг байна. Энэ ургамлын газрын дээр ил гарсан хэсэг нь малын тарга хүчийг нэмэгдүүлдэг, тэжээллэг чанартай бөгөөд үнээний сүүний гарцыг нэмэгдүүлдэг тухай судлаачид тэмдэглэсэн байна. Дэлхийн эрдэмтэд амьсгалын замын өвчнөөс гадна үе мөчний үрэвсэл сапаген, диатез, лимфийн булчирхай, дунд чих ба ходоодны үрэвсэл, ядаргаа зэрэг өвчний үед болон тайвшруулах зорилгоор ийнхүү 110 орчим нэр төрлийн эм гарган аваад байгаа бол монголын уламжлалт ардын эмнэлгийн жороор зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, хооллох дур нэмэгдүүлэх, нянгийн эсрэг үйлчлэлд өргөн ашигладаг байжээ. Мөн мөөгөнцөрийн эсрэг, ферментийн идэвхийг бууруулах, хавдрын эсрэг, азотын оксидийн нийлэгжилтийг бууруулах, хумхаан эсрэг, арьсны янз бүрийн өвчнийг эмчилж, хорт хавдрын эсрэг ашигладаг байсан нь зарим сударт үлдсэн байна. Элэгний хорт хавдар тусаад “ямар ч эмчилгээгүй” гэсэн оноштой хүн Ховд аймгийн Булган суманд очиж чийрийн давирхайг хэрэглэснээр 85 насныхаа найрыг хийсэн тохиолдол ч бүртгэгдээд байгаа юм. Ийм сонирхолтой хэрнээ шидтэй ургамал дэлхий дээр өчүүхэн зайд байдаг ч Монголд багагүй хувь нь бүртгэджээ. Газар дундын болон Каспийн тэнгис, Сибирь, Ховд аймгийн Булган суманд байдаг залаархаг хавраг буюу чийрийн давирхай нь ийм сонирхол татам болохоос энэ төрлийн 100 орчим нэршил бүхий ургамал байдгийг бас мартаж болохгүй ажээ. Гэхдээ л тус бүрдээ нэн ховорт тооцогддог байна.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Л.Цандэлэг: Тариаланчдад өгдөг мөнгийг авмааргүй байна, биднийг зах зээл дээр чөлөөтэй орхичих

Монголын үр тариа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.

-Тариаланчид өнгөрсөн долоо хоногт хийсэн зөвлөгөөнөөрөө салбарынхаа сайдтай хамтарч ажиллах боломжгүй гэсэн утгатай мэдэгдэл гаргасан гэсэн. Зөвлөгөөн нэлээд ширүүхэн уур амьсгалтай болжээ дээ?

– Дархан-Уул аймагт болсон тариаланчдын зөвлөгөөнд 200 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцлоо. Тариаланчид юу ч хийхээс буцахааргүй байдалд орсон нь саяын зөвлөгөөнөөс анзаарагдлаа. Хоёр жил дамжсан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээгүй улс чинь бухимдахаас аргагүй л дээ. “Одоо бидэнд хийх ажил алга, бүх ажилчдаа аваад Улсынхаа төв талбай дээр суулт хийе” гэж байна. Компаниуд зөвхөн валют дээр гэхэд л120 орчим тэрбум төгрөгийн хохирол амссан. Он гарснаас хойш арав гаруй тэрбум төгрөгийн хүүгийн алдагдалд орчихлоо. Тариаланчид банкныхаа өрийг төлж чадахгүй байна. Улсаас өгөх учиртай 10 тэрбум төгрөгөө өгөөгүй. Танай сониноор дамжуулаад Р.Бурмаа сайдаас “Та Монголын тариаланчдыг 150 орчим тэрбум төгрөгийн алдагдалд хүргэчихлээ. Таны олсон ашиг энэ хэмжээнээс их үү” гэж асуумаар байна. Тариаланчид зөвлөгөөнөөсөө салбарынхаа сайд, төрийн нарийн бичгийн даргатай хамтарч ажиллах боломжгүй гэсэн хатуу мэдэгдэл гаргалаа. Үрийн асуудлыг шийдэж өгөөч, улсынхаа буудайн хэрэгцээ, авах үнийг нь зарлаж өгөөч гэсэн хүсэлтийг албан ёсоор тавилаа. Манай яаманд ажлаа мэдэх хүн алга. Хүнс хөдөө аж ахуйн яам гэсэн нэртэй хэрнээ нидэр дээрээ Хууль зүйн яам болчихоод байна.

-Яагаад Хууль зүйн яам гэж…?

-Сайд, төрийн нарийн бичиг нь хоёулаа хуульч. Тариаланчдыг шалгана, хянана, шүүхэд өгнө гэсэн бодлого баримтлаад ажил хийлгэхээ байсан. Сайд нь импортын буудай оруулж ирж байгаа Ц.Баатарсайханыг өмөөрөөд тариаланчдаа үзэж чадахаа байсан. Сайд маань өнгөрсөн найман сарын турш Монголын тариаланчдын хөдөлмөрийг үгүйсгэж, телевизээр мэдэгдэл хийлээ. Чанаргүй будаа тарьдаг, цавуулаг алга гэж.

-Тариаланчид энэ жил хэр тариа тарьж, ирэх намар хэчнээн тонн ургац авах төлөвлөгөөтэй байгаа вэ, энэ талаар яриа хөөрөө өрнөсөн үү?

-Энэ жил юу тарихаа мэдэхээ байчихаад байна. Яам засвар үйлчилгээ 50 хувьтай байна гэж мэдээлсэн. Тариаланчид цуглаад ярилаа л даа. Засвараа эхлэх нь битгий хэл, ажилчдынхаа цалинг тавих мөнгө алга гэж байна. Бүр шатахуунаа ч татаж чадаагүй байна. Борлогдоогүй будаа гэж том асуудал бий. Ийм байдал Монголын газар тариалангийн 55 жилийн түүхэнд огт гарч байгаагүй.

-Оросын цавуулаг сайтай буудайг Монголын цавуулаггүй буудайтай хольж гурил хийхгүй бол болохоо байлаа гээд хойноос будаа авсан. Хойд хөршөөс орж ирсэн буудай чанартай байж чадсан уу, хамтарсан ажлын хэсэг чанарыг нь шалгасан дуулдсан?

– Ерөнхий сайд саяхан МХЕГ, ХХААЯ, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Газар тариалангийн холбооны хамтарсан шалгалт хийлгэсэн. Шалгалтын дүнгээс харахад Монголд арван сар идэх гурил байна. Бараг нэг жилийн хэрэгцээ. Дөрвөн газрын шалгалтаар хойд хөршөөс чанаргүй, удаан жил хадгалагдсан буудай оруулж ирсэн гэсэн дүгнэлт гарсан. Уг нь тендерт 25 хувиас дээш цавуулагтай будаа оруулж ирэх учиртай. Энэ хэмжээндээ хүрээгүй нь сая нотлогдлоо. Монгол хүний нэр дээр компани байгуулаад Улаан-Үүдээс буудай оруулж ирсэн байна. Монгол хүний нэр дээр байгуулсан нь “Баргууд” гэж компани. Баатарсайханы будаа авдаг компани. Тэр компанийн 860 тонн улаан буудай хүнсний хэрэгцээ хангахгүй гээд Оросын хил дээр саатуулсан. Оросууд нь гаргахгүй гэж байхад Монголд орж ирээд байгаа нь хууль хяналт, хил, гаалийнхан муу ажилласан гэсэн үг. Нийлүүлж байгаа нь, авч байгаа нь, зөвшөөрөл өгсөн нь ч монгол хүн. Гадны хэн нэгэн биш, монголчууд өөрсдөө л зохион байгуулж байна даа. Шүүх, цагдаа, прокурорынхны хяналтдаа авахаар том хэрэг.

-Тариаланчид чанаргүй буудай нийлүүлээд байгаа учраас хойноос оруулж ирэхээс өөр арга алга гэсэн тайлбарыг салбарын сайд нь хэлдэг. Монгол хөрсөнд тарьсан буудай үнэхээр чанаргүй байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Р.Бурмаа сайд ийм л яриа гаргадаг. Оросоос улаанбуудай импортлох нь “Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайхан, “Од” группийн “Ургац” гэдэг гурил, сайд гуравт л ашигтай. Рублийн ханш унасан ийм үед Улаан-Үдийн удаан хадгалагдсан, хямдхан, гуравдугаар сортын буудай оруулж ирэх нь ашигтай л даа. Дөрөвдүгээр сорт гэхээрээ гахайн хоол болчихдог юм. Арав гаруй сая ам.долларын ашигтай наймаа болчихлоо гэж миний яриад байгаа нь ийм учиртай. Энэ ашиг гуравхан хүний халаасанд орж, гуравхан айлыг мөнгөжүүлж, газар тариалангийн салбарт ажиллаж амьжиргаагаа залгуулж байгаа 300 мянга гаруй хүнийг элгээр нь хэвтүүллээ. Монголд байгаа юм нь нүүрс, хэдэн мал, газар тариалан. Дотооддоо хангаж байгаа юм гэвэл ердөө энэ шүү дээ. Ердөө долоохон жилийн өмнө Ерөнхий сайд нь хойд хөршөөс 100 мянган тонн улаан буудай гуйгаад явж байсан гашуун түүх бидэнд бий. Хятадаас ясны гурил их хэмжээгээр орж ирж байсныг монголчууд санаж л байгаа. Өнөөдөр тоо нь эрс өсч байгаа хавдрын өвчлөлд нөлөөлсөн л гэж боддог. Хятадаас орж ирсэн тэр гурилыг гэрийн хаяанд тавьчихаар хулгана тоож иддэггүй гэж ирээд ярьдаг л байсан. Бэлээхэн ийм түүх байхад өнөөдөр газар тариалангийн салбараа унагах гэж зориуд Оросоос хүнсний шаардлага хангахгүй улаанбуудай оруулж ирж болохгүй л дээ.

-Бурмаа сайд үрийн асуудлыг дотоодоосоо шийдэх боломжтой гэсэн. Таны яриаг сонсохоор үр байхгүй юм шиг. Тэгэхээр сайд худлаа мэдэгдэл хийсэн гэсэн үг үү?

-Тариаланчдын гар дээр 42 мянган тонн товарын буудай бий. Р.Бурмаа сайд 42 мянган тонн үр бий гэж ард түмэнд хуурамч мэдээлэл тараагаад байна л даа. Үр гэдэг чинь өөр. Сайн чанарын, элит, супер элит үрийг аль намраас шинжилж шалгаад авах ёстой. Үрийн аж ахуй гэж бий. Эсвэл гадаадаас авдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл яамнаас ийм ажил хийгээгүй. Эцэст нь товарын буудайгаа тарь гээд байна л даа. Товарын буудай таривал жинхэнэ чанаргүй ургац гарна. Би сайдад нэг л зүйл хэлж байгаа. “Та баталгаагаа өг. Хэрвээ чанаргүй ургац хураавал хариуцлагыг нь та хүлээх ёстой. Тариаланчдын мөнгөөр тоглох гээд байна шүү” гэж хэлсэн. Тариаланчдад байгаа 40 гаруй мянган тонн таваарын будааг цэвэрлээд үр гаргая гэвэл тал нь л үр болно. Хориод мянган тонн үр гарна гэсэн үг. Нийтдээ зуугаад мянган га-д тарих үр. Гэтэл 300 гаруй мянган га-гийн уринш байна. Өнгөрсөн жил тариаланчид хамаг мөнгөө гаргаад уриншаа бэлдчихсэн. Бидний хөрөнгөө гаргаад уринш хийсэн талбай дээр тарих таримлыг зааж өгөхгүй байна л даа.

-Уг нь үр тариагаа ахиухан тариад гадагш нь экспортлох боломж хаймаар санагдах юм…?

-Экспортолж болдоггүй. Биднийг хорьчихдог. Гэсэн хэр нь гаднаас бол импортлоод байдаг. Гурил иддэг улс хөдөөнийхөн шүү дээ. Түмпэн түмпэнгээр боорцог хийгээд иддэг байсан бол өнөөдөр гурилаа авч чадахгүй байна л даа. Гурилын үйлдвэрийн гурил борлогдохгүй байна. Өмнөх жилүүдийн өдийд арай ч ийм байгаагүй. Ер нь ноолуур гарч байж л хөдөөнийхөн гурилынхаа мөнгөтэй залгадаг. Энэ хүртэл гурилын борлуулалт багасдаг л даа.

-Гурилын борлуулалт өмнөх жилүүдээс муудсан хэрэг үү?

-Сая хийсэн тооллогоор зарагдаагүй гурилын хэмжээг гаргалаа. Өдийд ийм байдаггүй. Маш бага хэмжээний гурил идсэн байна. Шалтгаан нь эдийн засгийн хямрал. Хэн ч хямраад мөнгөгүй болоод ирэхээрээ хэрэгцээгээ танаж эхэлдэг.

-Сайдтайгаа хэл үгээр учраа олох ямар ч боломж алга уу?

-Очоод уулзъя гэхээр баахан телевиз сонин цуглуулчихаад тариаланчдынхаа өр шир, муу муухайг нь л ард түмэнд мэдээлээд байна шүү дээ. Өнөөдөр ХХААЯ руу очдог тариаланч эрс цөөрсөн. Хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарт дотоодын хөрөнгө оруулагчид голчилдог. Гэтэл дотоодын хөрөнгө оруулагчдаа гадуурхаж, монополь гэж дайрч давшилж байна л даа. Том аж ахуйн нэгжүүд идэж уудаг гэж ярих боллоо. Зүй нь баялаг бүтээгчдээ ингэж боломгүй санагдах юм.

-Түрүүн таны онцолсон дөрвөн газраас хийсэн шалгалтын дүнг олон нийтэд зарласан уу?

-Шалгалтын дүнг яамнаас зарлахгүй байна. Ерөнхий сайд бол сонссон. Ерөнхий сайд ч гэсэн нэгэнт нотлогдсон үнэнийг дэлгэж тавимаар л байгаа юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд шалгалтын дүгнэлтийг сонсгох үеэр би салбарынхаа үнэн байдлыг ярьсан юм. Гэтэл Р.Бурмаа сайд хажуунаас “Амаа тат” гэж загнаж байгаа юм. Тэгж хэлэхэд нь бидний дэргэд хорь гаруй хүн байсан.

-Таныг юу гэхээр Р.Бурмаа сайд “Амаа тат” гэж загнасан юм бол?

-“Таны чанаржуулагч гээд байсан орос буудай чинь хордуулагч байжээ” гэсэн чинь л тэгж загнасан.

-Ерөнхий сайдад зовлонгоо хэлэхээр юу гэх юм?

-Ерөнхий сайд яамтайгаа учраа ол гэдэг ганц л үг хэлдэг. Яам нь болохоор хүлээж авдаггүй. Ийм л байдалд орчихоод байна.

-Ингэхэд газар тариалан хэчнээн төгрөг эргэлддэг салбар вэ?

-300 орчим тэрбум төгрөг эргэлддэг салбар. Ийм том салбарыг авч яваа хүмүүсийг банкны хүүгийн алдагдалд, барьцаанд оруулчихлаа. Үндсэндээ дампууруулж байна. Маш олон компани газар, тоног төхөөрөмжөө зарна, тариалалтаа хаяна гэж байна. 55 тэрбум төгрөгийн аваагүй мөнгө, уриншдаа хийсэн 50 орчим тэрбум, 100 орчим тэрбум төгрөгийн хүү гээд асуудал их дээ. Тариаланчид сар бүр дунджаар хоёр тэрбум төгрөгийн хүү төлж байна. Ердөө л “Улаанбаатар гурил”, “Од” групп гэсэн ах дүү хоёрын бизнесээс болж ийм хэцүү байдалд орчихлоо. Сайд маань тэднийг дэмжиж зөвшөөрөл өгч, салбараа ганхуулснаа хүлээн зөвшөөрөхгүй голын нөгөө эргээс чулуу шидээд суудаг боллоо. Буруу юм хийсэндээ бантаад салбарынхантайгаа ч уулзахаа больсон. Уг нь улстөрч хүнд буруу үйлдлээсээ гарах гарц гэж бий. Уулзаж ярилцаад алдаагаа засах боломж бий.

-Танай холбооныхон тавьсан шаардлагаа тодорхой болтол тариалалтаа эхлүүлэхгүй юм байна. Холбоонд нэгдээгүй нь яах бол?

-Яам, тамгын газарт найз нөхөдтэй, Бурмаагийн наагуур цаагуур явж байгаад шатахуунаа хэдэн сарын хугацаатай зээлж хэрэглэх бодолтой хүмүүс бий. Ингэж байж амьдралаа залгуулдаг жижиг аж ахуйн нэгж цөөнгүй бий. Тэд яамнаас бага сага юм аваад тариалалтаа эхлэх байх. Өөр нэг аюултай зүйл байна. Жаран мянган тонн улаанбуудай оруулж ирмээр байна гэсэн импортын зөвшөөрлийн хүсэлт яаманд ирчихээд байгаа юм билээ. Хэрвээ яам энэ зөвшөөрлийг өгвөл Монголын бүтэн жилийн хэрэгцээг импортоор хангачихна гэсэн үг. Энэ тохиолдолд бид хөрөнгө мөнгө гаргаж тариа тариад яах юм. Манай агуулахад гэхэд 3000 тонн улаанбуудай байна. Цас, бороо ороод складанд хадгалсан буудай муудахад ойрхон байна. Төр гурил, мах, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг гэсэн нэртэй. Шатахуунаа дэлхийд үнэтэй үед нь хямд зарж, хямд үед нь үнэтэй зараад зохицуулаад байх шиг. Махных нь үнийг нөөцийн мах бэлтгэж дараад байна. Гурилын үнийг зөрүү мөнгийг нь өгье, урамшуулал олгоё гэж байж дардаг. Тэгсэн хэрнээ өгнө гэсэн мөнгөө өгөхгүйгээр дарж байна л даа. Одоогийн байдлыг харахад л ганцхан зам байна. Үнээ чөлөөлье. Бид улсаас авдаг мөнгөө больё. Авдаг, иддэг гэж муугаар яриад байгаа учраас энэ мөнгийг авмааргүй байна. Биднийг зах зээл дээр чөлөөтэй тавьчих гэж хүсмээр байна. Юу тариалах нь та нарын дур гэвэл өөр хэрэг. Бид энэ зах зээл дээр оршин тогтнож амьдармаар байна.

-Дахиад асууя, тариаланчдын хурааж авсан буудай чанаргүй гэдэг нь үнэхээр үнэн үү, шалгалт хийгээд чанаргүйг нь тогтоосон гэж яамны удирдлагууд яриад байх юм?

-Саяын цагаан сараар монголчууд бууз, ул боовоо бидний тарьсан буудайн гурилаар хийсэн шүү дээ. Ямар нэг гомдол дуулдсан уу. Оросоос орж ирсэн буудай нь Монголынхоос чанаргүй нь нотлогдлоо. Сансараас гурил авчраад хийгээгүй л бол монголчуудын цагаан сардаа хэрэглэсэн гурилыг бидний хурааж авсан буудайгаар хийсэн. Бид үүнээс өөрөөр яаж батлах юм бэ. Мэргэжлийн хяналтаар шалгуулчихсан буудай шүү дээ. Ерөнхий сайд “Энд 80 мянган тонн чанаргүй улаанбуудай байна. Тэндээс 20 мянган тонн чанартай буудай авчирч холиод гурил хийнэ. Тэгээд цагаан сараа хийх гэж байгаа юм” гэсэн. Гэтэл 80 мянга биш 200 мянган тонн улаанбуудай өнөөдөр Монголд байна. Гэх мэтчилэнгээр Ерөнхий сайд гэх мэт төрийн том хүмүүсийг яам буруу мэдээллээр хангаж байна л даа.

-Тариаланчдын хүссэнээр асуудал шийдэгдэхгүй бол яах вэ?

-Тариаланчид хохирлоо Баатарсайхан, Бурмаа хоёроос нэхэмжилнэ. Том өмгөөлөгчдөд санал тавиад байгаа. Болохгүй бол шүүхэд өгнө гэж бодож байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.ОЧГЭРЭЛ: Киноны маань дүр надад шинэ хүн дуудаж өгсөн

“Universе best songs”-ын оролцогч Ч.Очгэрэл саяхан нээлтээ хийсэн “Содура” киноны гол дүрд тоглосон билээ. Тэрээр “Мартагдашгүй намар” ки­ног дахин бүтээхэд Туулын дүрд тоглож байсан юм. Ингээд Ч.Очгэрэлтэй ярилц­лаа.

Та “Universe Best Songs” наадамд оролцож өөрийгөө дуулж чаддагаа нотолсон бол одоо гурван ч киноны гол дүрийг бүтээчихлээ. Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу. Ямар сургууль төгссөн билээ?

-Би урлагийн гэр бүлд өсөөгүй ч багаасаа урлагт хайртай охин байсан юм. Дунд сургуулиа төгсөөд урлагийн чиглэлээр суралцана гэж бодож байсан ч ээжийнхээ үгэнд ороод МУИС-д Олон Улсын Харилцааны анги төгссөн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор бага зэрэг ганцаардаж уйтгарлах мэдрэмж эмэгтэй хүнд төрдөг байх. Би анхны охиноо төрүүлээд удаагүй хоёр дахь хүүхдээ олсон. Хоёр хүүхэд гаргасны дараа “Universe Best Songs” наадам намайг сэргээж миний ганцаардлыг тайлах юм шиг санагдсан. Тэгээд л найзтай болъё, дуулах чадвараа сориод үзье гэж бодсон юм л даа. Тухайн үед би гуравдугаар шат хүртэл явчихаад тэмцээнээ орхисон. Харин дараа нь надад UBS телевизээс “Мартагдашгүй намар” кинонд тоглооч гэсэн урилга ирсэн. Тэгээд анхны кинондоо Туул хэмээх охины дүрийг бүтээсэн. Харин дараа жил нь “UBS” телевиз “Содура” хэмээх кинонд тоглочихоод байна. Нэг ёсондоо хүүхэд ахуй насныхаа мөрөөдлийг биелүүлсэн.

Кино зураг авалтын үеэр хөл хүнд байсан гэсэн гол дүрийн Содура бас давхар биетэй байх аа?

-Киноны гол дүр Содура бол хөл хүнд бүсгүйн дүр л дээ. Зураг авалтын дундуур би хүүхэдтэй болсноо мэдсэн. Киноны маань дүр надад шинэ хүн дуудаж өгсөн юм болов уу гэж боддог. Би шинэ хүнээ цэвэр агаарт, гайхалтай байгальд бойжуулж байгаад ирсэн шүү.

Хөвсгөлийн тайгад дөрвөн улирал кино зураг авахуулахад ямар санагдаж байв?

-Би хотын унаган охин. Ер нь хөдөө сайн дасч өгдөггүй юм. Хөвсгөлд ч гэсэн хэцүүхэн л байсан. Амьдралын хэвшил гэнэт өөрчлөгдөхөөр олон бэрхшээл тулгарч байсан. Онгон байгальд уусах, байгальтай шууд харьцах, дүрийнхээ хувцас хэрэгсэлтэй унтах нь надад хэцүү байсан. Уул нуруу, ус нуурыг анх хараад яасан сайхан юм бэ гэж хэлж чадаагүй. Гэхдээ хүн тэндээ аажим аажмаар дасан дурладаг юм билээ. Байгалийн гайхалтай гоо үзэмж, төгс бүрдлийг мэдэрч харж чаддаг болсон. Дараа дахин харах бүрт нөгөө гоё сайхан мэдрэмж л төрөөд байдаг юм билээ. Би өөрөө шүлэг жаахан оролддог болохоор нуурыг ширтэж байгаад хэдэн мөрт бичсэн шүү.

-“Содура” кинонд тоглосны дараах сэтгэгдлээ хуваалцаач?

-Би гайхалтай уран бүтээлч найз нөхөд, ах эгчтэй болсон. Киноны туршид надад зааж зөвлөж, мэргэжлийн бөгөөд хувь хүний хувьд тусалж дэмжиж байсан бүх кино багийнхандаа талархаж байгаа. Энэ кинонд тоглосны ачаар би ирээдүйд үр хүүхдүүддээ үзүүлэх бүтээл, ярих түүхтэй болсон доо. Насаараа дурсах дурсамжтай болсон гэдэг маань сайхан байна.

Та амьдралд юугаар гэрэлтэж мөн дутагдаж байна?

-Байнгын хүүхдүүд шуугилдаастай гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар би цалгиж байна. Харин өөртөө гаргах цаг заваар дутагдаж байна. Жишээ нь эмэгтэй хүнд найзуудтайгаа уулзаж, юм ярилцаж суух цаг сэтгэл санааны байдалд шууд нөлөөлдөг. Тэгэхээр одоогоор эмэгтэй найзуудтайгаа уулзаж ярилцах цаг заваар дутагдаж байна. Гэхдээ хүүхдүүд томроод ирэхээр нөхөж болох зүйл л дээ.

Ханийнхаа тухай яриач?

-Нөхөр бид хоёр 2007 оноос хойш үерхсэн. Одоо гэрлээд таван жил болж байна. Ямар ч үед хамт байж, урам хайрладаг хань минь дэргэд байгаа болохоор бүхнийг туулна гэдэгтээ итгэл дүүрэн байдаг юм. Бас “цуварч уурлаж, цугтаа инээж бай” гэдэг үг гэр бүлийн амьдралд хамгийн чухал дүрэм байх учиртай гэж боддог.

Та нөхөрлөлийн хувьд хүн танихдаа хэр сайн бэ?

-Би хэнтэй ч найзалсан дандаа сайн сайхан талуудыг нь олоод харчихдаг юм. Гэхдээ энэ нь хүн таньж байна гэсэн үг биш л дээ. Ямартай ч хүнээс сайн сайхныг нь олж харахаар надад амар байдаг юм. Би тэр хүний тухай муу муухай юм санаж өөрийгөө зовоохгүй шүү дээ. Нэг найз маань намайг гомдоолоо, худлаа үнэн юм ярилаа гэхэд би дотроо тухайн хүний хийж байсан сайн сайхан үйлдлүүдийг нь бодоод тайвширчихдаг юм.

Хүүхдүүдээ ямар арга барилаар хүмүүжүүлж байгаа вэ?

-Би хүүхдүүдтэйгээ аль болох найз шиг ойр дотно байхыг хичээдэг. Тэд маань тун удахгүй сургуульд элсэж нийгмийн харилцаанд орж эхэлнэ шүү дээ. Тэр үед яаж сургах вэ гэдгийг нухацтай бодож байгаа. Ямартай ч хүүхдүүдийг нийгмээс тусгаарлаж, хайрлаж байгаа нь энэ гээд амьдралын хар бараанаас хэтэрхий хол байлгахыг манай гэр бүл сайн гэж боддоггүй. Зовлон, жаргалыг амтлахгүй өсвөл ирээдүйн амьдралдаа алдах эрсдэл ихсэх байх. Ер нь байнгын аз жаргалтай байна гэдэг гунигтай хэрэг. Бид хоёр удахгүй том охиноо сургуульд явуулах гэж байна.

Манай нийгэм сургуулиар жишээлэхэд зарим нь амьд­ралаас тасарсан их үнэтэй. Харин бусдад нь хүүхдүүд нэг ширээнд гурав дөрвөөрөө суудаг байх жишээтэй. Ийм том ялгаа зааг гарчихсан байхад эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүмүүжилд онцгой анхаарах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Нарны аймгийн хамгийн том сар Ганимед дээрх далай


Ганимедээс Бархасбадийг харвал

Ганимед бол Бархасбадь гаригийн 63 дагуулын нэг бөгөөд манай нарны аймгийн хамгийн том сар. Ганимедийн гадарга дээр далай байгааг сансрын “Хаббл” дурангийн тусламжтайгаар харснаа НАСА-гийн эрдэмтэд албан ёсоор мэдэгдсэн юм. Ганимед дээр далай, тэнгис байх магадлалтай гэдгийг 1970-аад оны үеэс одон орончид таамагласаар иржээ. 1990 оны үед гадаргуугаас нь 170 км-ийн гүнд шингэн төлөвт далай тэнгис байж болохыг тогтоосон юм. Уг сар нь соронзон оронтой цорын ганц сар бөгөөд агаар нь хүчилтөрөгчтэй гэдгээрээ хүн төрөлхтний анхаарлыг татсаар буй.

Ганимед дээрх далайг ажиглахад газрын гадаргаас 160 км доош оршиж байгаа гэнэ. Гүнд оршиж байгаа болохоор робот илгээгээд судалгаа явуулахад нэлээд хүндрэл бэрхшээл тулгарч болзошгүй юм байна. Хэрвээ тэнд тэнгис байвал амьдрал оршин тогтнох боломжтой гэсэн таамгийг дэвшүүлжээ. Европын одон орончид Бархасбадь, түүний саруудыг ойрын үед идэвхтэй судлах бөгөөд 2023 онд Ганимедийн зүг хоёр томоохон судалгааны төхөөрөмж илгээж таамаглалын үнэн эсэхийг шалгах юм байна. Гэхдээ энгийнээр бодоход ч тэр ямар нэг үндэслэлгүй, найдваргүй зүйл рүү том хэмжээний төхөөрөмж илгээж, олон жилийн хөдөлмөрөө зарцуулахгүй. Одон орончид Ганимед дээр далай байгаа гэдгийг нэлээд ул үндэслэлтэйгээр зарласан болохоор тэнд амьдрах нөхцөл байж болох юм гэсэн горьдлого төрүүлнэ. Тийш илгээсэн төхөөрөмжүүд зургаан жилийн дараа буюу 2029 онд Бархасбадь гариг дээр газардаж, 2033 онд Ганимедийн тойрогт хүрэхээр төлөвлөөд байгаа аж. “Хаббл” станцын ажилтнуудын мэдээлснээр Ганимедийн гадаргуугаас туйлын туяа цацарчээ. Цэнэгжсэн бөөмс агаартай харилцан үйлчлэлд орсноор туйлын туяа үүсдэг учир тэнд далай тэнгис байна гэж шууд хэлж болохгүй гэнэ. Гэхдээ тэнд далай байгаа гэдэг таамаглал 75 хувийн магадлалтай юм байна.

Ганимедийн далай нь гадаргуугаас 150-250 км-ын хооронд мөсөн завсархавчуулаастай байгаа нь тэнд газрын гүний дулааны эх үүсвэр байгааг нотолж байна гэж ойлгож болох гэнэ.


Ганимедийн хэвлийд мөсөн давхаргын хооронд шингэн уст далай бий гэж албан ёсоор баталж байгаа нь сансар судлалд шинэ нээлт хийсэнтэй адил үйл явдал гэж үзэж байгаа гэнэ.


Ио, Европ, Ганимед, Каллисто бол Бархасбадийн хамгийн том дагуулууд. Ио нь нөгөө гурваа бодвол чулуу, мөсний хэмжээ нь харьцангуй бага бөгөөд ажиллагаатай галт уултай. Ганимедийн голч нь 5268 мянган метр. Чулуу, мөсний харьцаа ойролцоо гэнэ.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Цэвэгмидийн АМГАЛАН: Аав минь НҮБ-д Монгол Улсаа элсүүлсэн тухай их бахархан ярьдаг байсан

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ууган гавьяат багш, эрдэмтэн зохиолч Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ их хүний хүү Монгол Улсын төрийн шагналт уран барималч Ц.Амгалантай уулзаж хөөрөлдлөө.

Таны аав Дондогийн Цэвэгмид гуайг нэртэй дипломатч, авьяас билэгт зохиолч байсныг Монголын ард түмэн сайн мэднэ. Уг нутаг нь Дорнод аймгийн хүн байх аа?

-Миний аав Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Хуасай овгийн хүн. Хуучнаар Цэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошуунд 1915 оны гуравдугаар сарын 26-нд Мойлт гэдэг газар төрсөн юм билээ. Ишбалжир багшийн бичсэн түүхэн сурвалжид Хуасай овгийг Алунгоо эхийн үед байсан монгол овог гэдгийг тогтоосон байдаг. Их том овог л доо. Миний өвөө Дондог гэж сахалтай хүн байсныг санах юм. Эмээ маань Рэгзэдмаа гэж нэлээд урт насалсан. Аав айлын долоон хүүхдийн хоёр дахь нь, дээрээ нэг эгчтэй хүн. Аавыгаа би уурлаж байхыг ганц ч удаа хараагүй. Тийм л уужуу хүн байлаа.

Аав тань нийслэл хотноо хэдэн настайдаа ирсэн юм бол?

-Баяндунгийн сургууль чинь Монголын анхны ууган сургуулиудын нэг. 1929 оны аравдугаар сарын эхээр арван гурван настайдаа Улаанбаатар хотод орж ирж Багш нарыг бэлтгэх сургуульд элсэж, шууд хоёрдугаар ангиас эхлэн суралцсан юм билээ. Улз хошууны бага сургуулийг тухайн үеийн сэхээтэн буриад өвгөчүүл нийлж байгуулсан байдаг. Бага сургуулиа аав онцсайн төгсөж ирээд Багшийн сургуулийн хоёрдугаар ангид орсон хэрэг шүү дээ. Улзын сургуулиас ардын зураач О.Цэвэгжав, төрийн далбааг хийсэн ардын зураач Чойдог, ардын багш Базар нарын аавын үеийн алдартнууд олон төрсөн байдаг.

Багшийн сургуулиа дүүргээд Увс аймагт томилогдсон байдаг билүү?

-Аав дурсамждаа “Багшийн сургуулийн олон эрдэмтэн, багш нарынхаа ачаар би нэлээд юм сонсож мэдэж авч, 1930 оны гуравдугаар сарын 26-ны өдөр тэр үеийн Ардыг гэгээрүүлэх яамны сайд М.Дугаржавын шийдвэрээр сургуулиа урьдчилан төгсөж түмэн бодисын багшийн мэргэжил эзэмшсэн” гэсэн байдаг. Багш болсон энэ өдрөөрөө өөрийнхөө төрсөн хугацаагаа тогтоож намтар түүхээ эхлүүлсэн байдаг. Тухайн үеийн Хар бологсдын сургуулийг ийн дүүргээд дөч гаруй хоног мориор явахдаа, замдаа даарч хөрч, ядарч л очсон гэдэг юм. Дөрвөд аймгийн сургуульд 1931-1932 онд багшилж байгаад ирэхдээ “Булшин дээр” найраглал, “Сурагч Ганбат”, “Хоньчин Найдан”, “Болд, Самбуу хоёр” зэрэг өгүүллэг, туужуудаа бичсэн гэдэг. Энэ тухай “Тавин жилийн дараа” дурсамж нийтлэлдээ тодорхой бичсэн байдаг.

Ээж тань хаанахын хүн билээ?

-Аав маань малчин гаралтай бол ээж сэхээтэн удамтай хүн байсан. Сэлэнгэ аймгийн чигийн, Улаанбаатарт төрсөн хүн. Ээжийн аав Нармай Монгол Улс байгуулах гэж явсан, наймаа арилжаа эрхэлдэг, өндөр боловсролтой хүн байж. Үүнээсээ болж 1930-аад онд хэлмэгдсэн байдаг. Миний ээж Долгорсүрэн “эсэргүүний хүүхэд” гэж хавчигдаж, сургууль соёлгүй зовж л явсан гэдэг. Орос сургуульд сурч байсан юм билээ.

Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Бид эгч, дүү гурвуул. Миний эгч Дэвээ одоо Америкт байна. Нөхөр нь Оросын сайн физикч хүн. Миний дүү Энхээ эмч.

Аав чинь зохиол бүтээлүүдээ хэдийд бичдэг байв?

-Гол гол зохиолуудаа залуудаа, гучаад оны үед бичсэн шүү дээ. Зохиолч Содномбалжирын Буяннэмэхийн бүлгэмд явж, их зохиолч Д.Нацагдоржид зохиол бүтээлээ үзүүлж харуулж явсан байдаг. 1929 онд бичсэн “Багшийн сургууль” шүлгээ их зохиолчид үзүүлж, дууны ая зохиолго гэсэн зөвлөгөөг авсан гэдэг.

Увс аймагт багшилж ирээд ямар ажил эрхэлж байсан юм бол?

-Ардыг гэгээрүүлэх яамны сайдын тушаалаар Бичиг үсгийн түр курст багшаар ажиллаж, түмэн бодис, латин үсэг, тоо бодлого зэрэг хичээл зааж, Монгол Рабфак, Дорнодын Баянтүмэнгийн сургууль, Улаанбаатар хотын Үлгэр жишээ дунд сургуульд багшилж байгаад 1942-1945 онд МУИС-ийн Зоологийн тэнхимийн лаборантаар ажиллахын зэрэгцээ суралцсан. Аав манай улсын анхны гавьяат багш болсон хүн шүү дээ. Ингээд Москва хотын Ломоносовын их сургуульд аспирантаар суралцаж, биологийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалж, Монголын анхны эрдэмтэн болсон түүхтэй. Хойноос төгсөж ирээд МУИС-ийн Зоологийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны факультетийн декан, проректор, МУИС-ийн захирлаар 1953-1959 он, 1967-1972 онуудад хоёр ч удаа томилогдон ажилласан. Үүнээс хойш Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн дарга, Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд, БНХАУ, Индонези, Бирм, Камбож, Пакистан улсуудад суух Элчин сайд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайдаар ажиллаж байсан даа. АИХ-ын депутатаар есөн удаа сонгогдсон.

Цэвэгмид гуайг монголчууд НҮБ-д улсынхаа төлөөлөгчдийг тэргүүлж очсон түүхэн хүн гэдгээр сайн мэднэ дээ…

-Тэр үед НҮБ-д төлөөлөгчөөр явуулъя гэж бэлдэж байсан юм билээ. Эрдмийн зэрэг хамгаалчихсан, хэлтэй, бас улсдаа нэр төртэй хүн л очихгүй юу. НҮБ-д Монгол Улсаа элсүүлээд ирсэн хүнийг уг нь дээш дэвшүүлэх ёстой ёо доо. Тэгэхэд Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд хүнийг Хятадад Элчин сайдаар явуулна гэдэг тушаал бууруулаад цөлсөнтэй ялгаагүй юм болсон юм шиг санагддаг л юм. Аав гадаад дотоодод явж, юм үзэж нүд тайлсан хүний хувьд “Манай орон хэт бөглүү хаагдмал байна. ЗХУ-аас бусад оронтой харилцах хэрэгтэй” гэснээс болж нэг ёсондоо тушаал буурсан хэрэг. НҮБ-ын гишүүн улс орны төлөөлөгчид албан ёсны байнгын таван хэлээр ярих ёстой. Тэгэхэд Монгол Улсын төлөөлөгчийг монгол хэлээрээ илтгэл тавихыг зөвшөөрсөн нь бас л сайхан, гайхамшигтай үйл явдал шүү. Аавынхаа паргиадуу, буриад аялгатай, чанга сайхан дууг түүхэн цаг хугацааны цаанаас авчран санахад үнэхээр бахархмаар сайхан санагддаг юм. Аав маань НҮБ-д элссэн тухай яриаг хөдөө гадаа явах замдаа л их бахархан ярьдаг хүн байсан даа. Арга ч үгүй шүү дээ, улс нь тусгаар тогтнолоо баталгаажуулж авч байхад чинь хэн ч бахархалгүй яахав дээ.

Дилав хутагттай тэр үед уулзаж байсан болов уу?

-Дилав хутагт нулимс унагаж суусан юм гэнэ лээ. Аав харин уулзсан тухайгаа ер ярьж байгаагүй шүү. Бодвол үзэл суртлын хүнд хэцүү үед ярьж болдоггүй зүйл байсан болов уу.

Бээжинд Элчин сайд байхдаа Монгол Улсынхаа төрийн далбааг шатаалгаж байсан гэл үү?

-Төрийнхөө далбааг НҮБ-ын ордны өмнө мандуулаад баярлаж зогссон хүн удаа ч үгүй төрийнхөө далбааг Бээжинд шатаалгана гэдэг ямар олиг байхав. Аав 1962-1967 он хүртэл БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдын алба хашсан юм. Энэ таван жилийн хугацаа бол аюул түгшүүр, будлиан тэмцэл, түрэмгий халдлагын бэрх хэцүү үе байлаа. Маогийн “Соёлын хувьсгал” ид өрнөж, улаан хамгаалагчид манай Элчин сайдын яам руу олон удаа дайрч, дипломат болон техникийн ажилчдад халдаж байлаа. Тэд манай улсын далбаа бүхий Элчин сайдын машиныг шатааж, жолоочийг нь шоронд хийсэн байдаг. ЭСЯ-ны байр хэдэн сар бүслэлтэд байж, хоол хүнсгүй болж байсан үе ч бий. Улаан хамгаалагчид дайрч орж ирэхэд аав маань сандарч тэвдэлгүй тайван хүлээж авч, галыг намжаасан байдаг.

Аавыгаа Хятадад Элчин сайдаар очиход та хэдэн настай байв?

-Тэр үед би арав гаруй настай, энд орос сургуульд хоёрдугаар ангид сурч байсан. Юмны наадах цаадахыг овоо ойлгодог болчихсон байсан болохоор Хятадад байсан үеэ тод санадаг юм. Хятадууд бүгд ижил хар хөх даалимбан хувцастай , ялгах аргагүй хүмүүс шиг харагддаг байлаа. Биднийг очих үед хятадууд гадаад хүн гээдих сайхан харьцдаг байсан юм. Тэгтэл ЗХУ, Хятадын харилцаа муудаж, үүнийг дагаад Монгол ч Хятадтай муудлаа. Байдал эвгүйтэж буй нь бидэнд ч мэдэгдэж байсан. Сайхан харилцдаг байсан хүмүүсийн зан хувираад, дэлгүүр хоршоонд ороход авсан юмыг шидэж өгөх жишээтэй. Элчин сайдын жолооч л монгол, бусад жолооч, тогооч нар нь хятад хүмүүс байсан юм. Тэд ажил хаяж, бид өөрсдөө хоолоо хийж иддэг болсон. 1966 оны зун бүүр ширүүн байсан. “Цэдэнбалын нохойг тас цавчъя” гэж орилолдож, бид гарч, орж чадахгүй, сүүлдээ хоол хүнсгүй болсон үе ч бий. Манайх Зүүн Германы Элчингийн байртай зэргэлдээ, нэг ханаар тусгаарлагддаг байсан. Тэр ханаар дамжиж Зүүн Германы элчингийнхнээс хоол унд залгуулдаг байлаа.

Элчин сайдын жолоочийг барьж хорьсон гэдэг билүү?

-Аавын жолооч Даш-Онолт гэдэг хүн байлаа. Аавыг Элчин сайдуудын уулзалт, хүлээн авалтад хүргэж өгчихөөд буцаж явахад нь барьж хорьсон байдаг. Мао Зэ Дуны зургийг суудал дээрээ тавьсныг нь хараад “Дээр нь суусан байна” гэж буруутгасан гэдэг. Даш-Онолт гуайг нэлээд хэдэн сар шоронд суулгаад нутаг буцаасан.

Таныг уран барималч болоход аавын чинь уран бүтээлч чанар их нөлөөлсөн болов уу?

-Аавын уран бүтээлч нөлөө мэдээж тус нэмэр болсон л байх. Би багаасаа л зурдаг байв. Аавыг Хятадад Элчин сайдаар ажиллаж байхад ээж маань намайг дагуулаад Хятадын музейнүүдийг их үзүүлнэ. Хятадын уран баримал онцгой гоё шүү дээ. Энэ бvхэн нөлөөлсөн нь дамжиггүй. Эх орондоо ирэнгүүтээ зургийн ангид орж, 1971-1977 онд хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит уран зураг, уран баримал, уран барилгын дээд сургуульд урлагийн гавьяат зүтгэлтэн М.А.Керзиний урланд суралцсан маань миний хувьд их зол завшаан болсон доо.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Б.ЧОГСОМ: Дайны дараа Монгол минь л танагтай үлдсэн дээ

Түрүүч нь ¹ 073 (5025) дугаарт

Ардын зураач Б.Чогсомтой хийсэн ярилцлагын төгсгөлийг хүргэж байна.

-Ойрдоо та юу хийж байна даа. Бүтээл дээрээ ажиллаж байгаа биз дээ?

-Одоохондоо зотонгоо цардаад л байна. Үүнд их хугацаа орно оо. Бүтээл эхлэх үеэр маань ирж сонирхоорой. Нэг ийм юм би их бодох боллоо. Уг нь манай урчуудын байгууллага 1942 онд байгуулагдсанаасаа хойш улсдаа маш их хэрэгтэй юмнууд үлдээсэн дээ. Энэ хугацаанд юу болоод өнгөрөв гэж жар далан жилийн судалгаанаас нэлээн анализ би хийсэн юм. Их ч юм судалж, их ч юм үзэж тууллаа. Ингээд үзэхэд, дүрслэх урлагийг энэ улс мөн ч өнгөцхөн ойлгох юм даа. Мэргэжлийг нь эзэмшчихээд зураад л байдаг, хүүхэд байхаасаа зураад л байдаг гэж ойлгодог бололтой. Ер нь хүн зурж л байдаг. Хийсэн бүтээлийг нь музей галерей, хувь хүн авбал аваад, өөрт нь хадгалагддаг нь хадгалагдаад, үрэгддэг нь үрэгдээд л өнгөрдөг. Бүтээлчид нь ч үрэгдээд дуусдаг. Гэтэл үүний цаана амьдрал гэж нэг айхтар юм байгаа юм. Зураг зурж, урлагийн бүтээл хийж бүх нас, амьдралаа түүнд золиод зориулчихсан байдаг. Харахад улс маань нэг л их урлаг хөгжүүлж, ялангуяа дүрслэх урлагийг хөгжүүлж байна гэж ярьж явсаар байгаад өдий хүрлээ. Шинээр хичнээн хүн төрж гарч сургууль соёлоор дамжив. Бичдэг, ярьдаг зүйл нь гэвэл, зүгээр зургаа л яриад байдаг. Би бол зургийг хүн нийгмийн түүхээс салангид явж чадах­гүй гэж үздэг хүн. Нийгэм эдийн засгийн асуудлаас са­лан­гид явж чадахгүй. Гүн ухаан философиос салангид явж чадахгүй. Тэр тусмаа дүрслэх урлагийн бүх онолоос салахгүй. Ийм олон зүйлийн нягт холбоон дунд зураг хөл дээрээ сая нэг юм зогсч байгаа юм. Энэ талаар хэн ч үг дуугарахгүй байна. Манай зураач нар ч ярьдаггүй. Нэг сургуульд сураад шалгалт өгч төгсөөд зургаа л зурна. Миний амьдрал ч тэгж өнгөрсөн. Гэхдээ би нийгэм эдийн засаг, философи, дүрслэх урлагийн онолын тэр нягт холбоон дунд явсан хүн. Улсынхаа дүрслэх урлагийг тэр л замаар явуулах юм сан гэж боддог хүн.

-“Хорго” гэж таны алдартай уран зураг бий. Ийм хэд хэдэн бүтээлээрээ өмнөх нийгмийн үзэл сурталд үл нийцэж, үзэсгэлэнгээ гаргах, үзэсгэлэнгүүдэд бүтээлээ тавих эрхээ хасуулж явсныг тань, Сайд нарын зөвлөлийн 68 дугаар тогтоол гэгчээр 20 жил уран бүтээлчдийг цензурдсаныг хүмүүс сайн мэдэх учир энд яриад яахав. Харин Хоргыг та анх хэзээ харсан бэ?

-1956 он болсон чинь Багшийн дээдийн захирал намайг дуудав. Зургийн дээд мэргэжлийн дипломгүй хүнээр зураг заалгалаа гэсэн хэл ам гарчээ. Би ч дуртайяа больчихмоор байдаг. Гэтэл захирал гаргасангүй. “Би чамд нэг арга зааж өгье. Чамд нэг жилийн чөлөө өгье. Нэг сэдэв авчих. Уран зургийн анхны ангийг төгсгөх гэж байна. Ху намын түүх, философи, урлагийн түүх гэсэн дөрвөн шалгалт авдаг юм, чи аль алийг нь цээжилчихсэн хүн. Тэр дөрвөн шалгалтыг чи ёс болгоод өгчих. Би чамайг эргүүлээд авъя” гэсэн. Тэгэхээр нь Немой эмчийн сэдвийг аваад Архангай явлаа. Немой гэж 1932 оны эсэргүү бослогын үеэр амиа алдсан хүн л дээ. Зөвлөлтөөс нэг залуухан сайн эмч, эхнэр хоёр настай хүүхэдтэйгээ Монголд ирээд Архангайд хуваарилагдсан юм. Очоод нэг жил юм уу хоёр жил болж байтал Тариатын бослого гарчээ. Бөөн юм болж. Нөгөө орос эмч би явна, шархадсан улсыг эмнэнэ, би явахгүй бол болохгүй гэж зүтгэсээр байгаад явжээ. Очоод эсэргүүний удирдагч Дамдинсүрэнд баригдаад алуулсан хүн, хөөрхий.

-Архангайд очоод юу болов?

-Тэгээд Архангайн Хоргод би очлоо. Хоргын захиргаа намайг арван жилийн сургуулийн ганц гонзгой байшингийн гаднаасаа ордог нэг хаалгатай нэг ортой өрөөнд орууллаа. Би нэг сарын томилолттой яваа. Надад туслах нэг хүн өглөө. Норжинжав гэдэг хүн юм байна. Тэр бол яг 1932 оны эсэргүүний бослогын жинхэнэ халуун цэгт нь явж байсан, Эвлэлийн үүрийн дарга, хориод насны хүн байв уу даа. Тэр хүн надад нэг цагаан морь өгсөн юм. Хоёулаа морьтой явж өглөө. Би судалбар хийгээд л явлаа. Тэгж явахдаа “Хорго”-ыг зурав аа. “Хорго”-ын судалбарыг хийсэн юм. Немой эмчийн сэдэвт зургаа ч зурлаа. Сэдвээ хамгаалах цаг болов. Л.Гаваа гуай комиссын дарга байсан. Миний шавь нар хориод оюутан орлоо. Дундуур нь би орлоо. Миний зураг өлгөөтэй байна. Зөндөө л асуулт тавьцгаасан. Сүүлд нь номонд тэр зургийн дүгнэлтүүдийг бичсэн байна лээ. Тэгээд надад онц тавьж диплом өгсөн юм. Дайны жилүүдэд монголчууд юун дүрслэх урлаг хөгжүүлэхтэй манатай л байлаа даа. Бүх юмаа фронтод илгээнэ. Гэртээ яваад ороход ээж минь баруун хаяагаар дүүрэн цагаан хонины ноос зулчихсан, утас ээрч суудаг байв. Бээлий, оймс нэхээд л. Дандаа хонины сэгсүүргэн арьсаар хамт ажилладаг хүүхнүүдтэйгээ нэхий дээл оёно. Түүнийг нь хороо хорины дарга айл айлаар нь бүртгэж данслаад аваад явна. 1945 он хүртэл ингэж амьдарцгаасан. Тэглээ гээд ямар ч цалин мөнгө өгөхгүй. Тэр тусмаа даргын авгай их идэвхтэй байх ёстой.

-Ээж тань хаана ямар ажил хийдэг байв?

-Ээж минь бага ангийн ч боловсрол байхгүй. Жирийн л нэг эмэгтэй. Бүх сайд нарын авгай нар тийм л эмэгтэйчүүд байсан юм. Тийм үед яагаад ч юм манай Монголд улаан стрептоцид гэгч орж ирсэн юм. Улаан будагтай стрептоцид. Ээж минь тэр стрептоцидыг нунтаглаж усанд уусгаад хонины ноосон утсаа дотор нь хийхээр улаан өнгөтэй болчихдог байв. Улаан утсаараа алаглуулаад их гоё бээлий, оймс нэхдэг байсан. Яахав дээ, фронтод байлдаж яваа хүмүүст Монголоос тийм гоё юм очно гэдэг чинь гоё л биз дээ. Манайх 1948 онд одоогийн Сансар хорооллын байршилд дэнж дээр дөрвөн ямаа, хоёр үнээ аваад зусланд гарав аа. Үнээ, ямаануудаа би Толгойт Баянголоос авчраад намар нь дугуйгаа унаад Галбадрах гэдэг нутгийн нэг өвгөнийд тууж аваачиж өгөв. Цаад жалган дор нь зургаан зенит буу зоогоостой байх. 1939 онд тэнд зоосон гэдэг. Улаанбаатар руу Япон ирж бөмбөгдвөл өмнөөс нь буудах юм гэнэ. Наад дэнж дээр нь нэг өчүүхэн жижигхэн модон байшин байгаа юм. Түүн дотор сум нь байдаг юм байна. Нэг цэрэг ч байдаг байсан, сүүлдээ байхаа больсон. 1945 он хүртэл Улаанбаатарын айлуудын ихэнх нь гэрт байхад бүгд дэнтэй, тооно нь хав хар хөшигтэй, байшингуудын цонх нь бүгд хав хар хөшигтэй байв.

-Ямар учиртай юм бол?

-Япон бөмбөгдөнө, гэрэл гаргаж болохгүй. Хаа нэг цонх, өрх гэрэлтэй байх юм бол бөөн хэл ам гарна. Бараг л гучин долоон оных шиг Японы тагнуул гэж мэдэхээр тийм ширүүн байлаа. Цэргүүд байнга хотоор явж хянана. Хот даяараа пад харанхуй байна. Дотроо л гэрэлтэй. Манайх бол дэнтэй байдаг байсан.

-Хар хөшигтэй амьдрал хэдэн жил үргэлжлэв?

-1946 он хүртэл үргэлжилсэн. Үйлдвэрүүд л чийдэнтэй байдаг сан. Дайн дуусчихаар хар хөшгөө аваад хаячихгүй яахав. Манай монголчууд тиймэрхүү маягийн амьдралтай, улс даяараа нийт 600-гаад мянган хүн л байсан байх. Дайн дууслаа. 1945 онд би тавдугаар ангид 15 настай байхад биднийг Жаргалантын сангийн аж ахуй руу хадлан хадуулахаар явуулав. Ангиараа 28 хүүхэд очоод нэг сард 28 нуруу өвс нуруулдсан. Хоёр майхантай. Бас хоёр өвөр монгол хүү ирж бидний тогоог барьсан юм.

Биднийг өвс хадахаар явах бүрт хоёр тогооч маань зараа авч ирээрэй гэж захина. Тэр нутагт дүүрэн зараа байх. Бид ч орой болгон зараа авчирч өгдөг байв. Тэр хоёр ч бидэнд их гоё хоол хийж өгдөг байлаа.

-Зараагаар хийх үү?

-Яалаа гэж. Бидэнд их сайхан хоол хийж өгчихөөд өөрсдөө зараагаа шарж иддэг байсан юм. Зараа бөмбийчихөөд дөрвөн мөчөө ер нээхгүй. Өөд нь харуулж тэлж байгаад дотор нь томоо шавар хийчихээр эргээд хумьчихна. Тэгээд өргөсөн дээр нь битүү шавардаад нурам руу хийчихэж байгаа юм. Хэсэг хугацааны дараа түлэнхий хар бөөрөнхий юм гаргаж ирээд хэдхэн цохиод арьсыг нь өргөстэй нь салгачихаад идчихдэг байж билээ. Инээлдээд шулганаад л идэж өгнө. Их сонин сонин амьдрал байсан. Янжмаа гуай “Ишш, Чогсом минь, хувьсгалын эхэн үед их хэцүү байсан шүү дээ” гээд л сонин хачин юм их ярьдаг байв. Сум баг байгуулагдаад шинэ амьдрал өрнөж эхлэхэд даргаар нь хувьсгалт үзэл санаатай гэсэн хүмүүсээ томилдог л байж л дээ. Язгууртан, баяд ноёд гэдэг ч юм уу ялгаад өөрчилчихсөн, хувьсгалын талын хүмүүсээ ялгаад төрд авчихсан үе. Нөгөөдүүл нь янз бүрийн өвчтэй, ажлаа хийж чадахаа болиод хэвтэрт орчихсон, тэр тухай мэдээ сэлт хүлээж аваад Маршал хариуцлагатай улсуудаа эмч дагалдуулаад явуулдаг байж л дээ. Янжмаа гуай өөрөө бас л том хүний авгай байсан юм чинь тиймэрхүү ажил төрөлд нь явдаг, ядардаг зүдэрдэг, сэтгэл нь их зовдог байсан юм билээ. Арьс өнгөний өвчнөөс авахуулаад нийтээрээ янз бүрийн зовлонтой байсан юм байна лээ. Манжийн дарлал гэдэг чинь ямар л золиг байв гэж. Олигтой ганц эмнэлэг ч байсан биш. Ах ламынд очиж нэг залбираад болохгүй бол зүүн урд зүгт хонин гүрвэл болж төрнө, ердөө тийм л байсан байна л даа. Анхны Засгийн газар маань одоогийн Багшийн дээдийн цаадтаахь байшинд орчихсон. Хэсэгтээ орох оронгүй, одоогийн хоёрдугаар эмнэлгийн урдах засмал зам байгаа газар сайхан ногоон дэнж байсан үе. Түүн дээр нэг монгол хөх майхан зоочихоод жанжин тэр хоёр майхандаа хонодог. Зүүхэнтээ нь морио чөдөрлөчихдөг байсан гээд л Янжмаа гуай ярьдаг байсан. Тэр нь 1959 он шүү дээ. Нэг бодлын саяхан л юм шиг санагдах юм. Жаран жил өнгөрчихсөн байна. Энэ бүхэн нэг талдаа яах аргагүй л давж туулж өнгөрөх түүх юм. Хичнээн ч юм болж өнгөрөв дөө. Би бол бүгдийг нь нүдээрээ үзэж дунд нь хутгалдаж явсан ч хүүхэд байсан болохоор юу ч мэдэхгүй. Жаахан ухаан суугаад, энд тэнд яваад нүд тайлаад ирэхээр манайх мөн ч их хоцрогдсон байна даа гэж бодогддог байсан. Гэхдээ яах вэ, нийт дэлхий даяараа бүр сүйрчихсэн байсан юм чинь. Хоёрдугаар дайнд. Европ юу ч үгүй сүйрээд, Ази юу ч үгүй сүйрээд. Хятад улс Японы дарлалд юу ч үгүй хяргуулчихсан, Япон өөрөө хяргуулчихсан, Солонгос, Вьетнам Америкаар хяргуулчихсан, дэлхий тэр чигээрээ нэг ийм. Харин Монгол минь нэг юм танагтай үлдсэн. Нэг тийм энхийн маягтай. Гэтэл Орос зүдрээд туйлдаа тулчихсан, 50 сая хүнээ алуулаад хамгийн их зовлон үзсэн. Англи мөн зүгээр байгаагүй, Герман бүр ч тэр чигээрээ баларсан. Хажууд нь Польш Германдаа баллуулаад, Болгар ч бас ингээд ер нь бүгдээрээ дээ.

-Арай гайгүй нь Англи л байсан байх?

-Ёстой л тийм дээ. Европт Англи, Азид манайх танагтай үлдсэн. Харин тэр дунд Америк л нэлээн завшсан. Америк нэгдүгээр дайнд ч завшсан, Хоёрдугаар дайнд ч завшсан. Нэгдүгээр дайн эхлэхээс арай өмнөхөн1880,90-ээд оны үед хүн төрөлхтний дүрслэх урлагт нэг цоо шинэ үе эхэлсэн. Тэр нь импрессионизм. Импрессионизмын суурь төлөөлөгч нь Эжен Делекруа. Бүр эх суурь нь. Домье, тэгээд Сезанн, бүр жинхэнэ гүн рүү нь ороод ирэхээр Бонар, Синьек, Тулуз Лотрек, Ренуар, Эдгар Манэ, Клод Моне гэхчлэн баахан улсыг тоочиж болно. Энэ хүмүүс ердөө л их сайндаа арван жил бужигнасан. Гал түлэхэд ус нэг сайн буцлаад гал унтрахаар эргээд нам болдог доо, яг түүн шиг. Гэхдээ цоо шинэ юм нээгээд хаячихсан. Тэр нь агуу их онол байсан. Онол нь сэргэн мандалтын онолыг классицизмын онолтой, актимизм гээд энэ олон урд талын гол гол онолуудыг ашигласан мөртлөө дүгнээд задлаад, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цоо шинийг нээсэн байгаа юм. Импрессионизмын дараа пост импрессионизм гэж нэг үе гарсан. Ний нуугүй хэлэхэд пост импрессионизм өнөөдрийг хүртэл байна. Урдах импрессионизмын дотор зөндөө олон изм бий. 62 изм байгаа юм. Тэр бүгд онолтой онолгүй аль нь ч тэнэглээгүй. Шинэ юм нээх гээд л зүтгээд байсан хэрэг. Гэтэл тэр дунд нэг их гойд гарч ирсэн урсгал нь фовизм. Фовизм бол ер нь бүх юмыг агуу мундаг гаргаж ирсэн. Жорж Брак, Анри Матисс, Ван Гог, Поль Гоген, Поль Сезанн, Пикассо байгаа юм. Суурийг нь Эдгар Манэ тавьсан юм. Дараа нь тэд маань юу ч болоогүй юм шиг алга болчихсон. Тухайн үед тэднийг хэн ч хүлээж аваагүй. Ван Гогоос нэг ч зургийг нь амьдад нь худалдаж аваагүй, Гогенийг бүр хайхраагүй. Сезанн бол ер нь, онигоо ч биш юм шүү, амьдрал дээрээ гудамжинд гутлаа дэрлээд унтаж байдаг хүн байсан гэж намтарт нь байдаг юм. Аж амьдрал дээрээ бүгдээрээ тийм л нэг арчаагаа алдсан хэдэн зураачид. Тархи нь агуу ажилладаг. Ер нь хэцүү. Өрөвдмөөр. Бүгдээрээ залуугаараа шахуу хорвоогоос явчихсан. Гэтэл тэд тийм их агуу юм хүн төрөлхтөнд хийж өгчихөөд өнөөдөр тэдний бүтээл хэзээ ч мөхөхгүй, хэзээ ч унтрахгүй, дараа дараагийн зуун жил өнгөрчихөөд байхад өнөөдөр мөн хүн төрөлхтний агуу их соёлын өөв болоод явж байгаа юм. Европ тийм байж. Манайхыг тойроод Япон, Хятад мундаг улсууд шүү дээ. Тэд энэ шинэ үзэгдлүүдээс бас амсаад л байсан. Өөрийн гэсэн Азийн соёлтой, Европын соёл бас нэлээн түгчихсэн. Монголыг тойроод байсан. Монголд 1921 онд хувьсгал гарч, гучаад он болж байхад урдаас манай руу соёлтой улсууд орж ирж байгаа юм. Урдаас Соёлтой ирж багшийн сургуульд багшиллаа, хойноос Бельский, Помаренцев гээд хэд хэдэн хүн ирлээ. Орос бол 1917 онд хувьсгал хийсэн юм чинь гучаад онд нэлээн мундаг болчихсон том академийн улсууд ирж байгаа. Сургууль соёл байгуулаад ийм замаар манайд нөлөө орж ирсэн юм.

-Таны тавин хэд, жаран хэдэн онд зурсан тэр алдартай бүтээлүүдийн үр хөврөл Москвад дипломатын сургуульд сурч байх үеэс эхтэй юм болов уу гэж боддог байсан. Бүр эртнийх юм уу?

-Бельский манайд нэлээн нөлөө өгч эхэлсэн тэр үед би суралцаад эхэлчихэж байгаа юм л даа. Хожим Москвад олон улсын харилцааны сургуульд франц судлалаар сурч байхдаа харин бие дааж хүн төрөлхтний урлагийг нэлээн гүнзгий судалсан. Зарим талаар бүтээлдээ тусгасан, ашигласан юмнууд бий. Би хойшоо явахдаа огт өөр сургууль дээр амьдралаа зохицуулаад, хоёр өөр мэргэжлийн агуулга учрыг олох гэж зүтгэж байх үед яг надтай зэрэгцээд Цүлтэм гуай, Одон гуай, Доржсүрэн гуай гурав Москвад, Гаваа гуай Ленинградад ирж сурсан. Бид хэд бүгдээрээ дугуйланд хамт явдаг байлаа.

Н.ПАГМА