Categories
мэдээ цаг-үе

Гэр бүл мэт эвтэй нэг ангийнхан

“Манай ангийн охидууд дунд сургуульд байхдаа тоотой хэдхэн удаа л худаг, голоос ус зөөсөн байх. Аав, ах нь хот хүрээ явбал хөвгүүд ялархаж, залхууралгүй модыг нь хагалж, хөрөөдөж өгдөг байсан даа. Бас хашаа саравч хатгах, байшин, пин барих зэрэгт хэнийгээ ч ялгалгүй бүгд очиж тусална. Тэгээд ч аав, ээж нар хар бор ажилд нухлагдаж, өөрийн гараар тэр бүгдийг амжуулж байж хожим айл гэрийн ноён нуруу, өмөг түшиг эр хүн болно гэдэг байсансан. Үнэхээр хөдөлмөрч, тусч байснаараа хүн мууддаггүй юм байна шүү” гэвэл “Харин тийм ээ. Одоо би дүү нартаа энэ тухай ярихаар огт итгэдэггүй юм. Хөвгүүд маань болж өгвөл биднээр хар бор ажил хийлгүүлэлгүй, чадлынхаа хэрээр тусалдагсан. Тэр үед чинь хамаг ажлаа хийлгүүлж хийлгүүлчихээд баярлалаа гэхийн оронд “Хөөе, одоо та нар яв аа. Наад хөрөөдсөн түлээгээ хагалчихад болно. Үлдсэнийг нь ирэх долоо хоногоос хөрөөд” гээд хөөх нь холгүй хашаанаасаа гаргадаг байсан. Өвлийн хүйтэнд зуны пүүз, бакаал хөлөндөө углаж, ороолт ороох нь бүү хэл малгай ч толгой дээрээ тавиагүй, улаан хацарлаж, бээвийж зогсоо хөвгүүдээ гэртээ оруулж халуун цай ч болох нь ээ өгөхгүй яасан юм бол доо гэж одоо ч хүртэл бодогддог” гэцгээв. Тэд бол Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн Солийн Данзангийн нэрэмжит Архангай аймгийн Хотонт сумын бүрэн дунд сургуулийн Ч.Оюунгэрэл багштай 2002 оны төгсөгчид юм. Арав гаруй жилийн дараа ийн ангиараа уулзалдаж байгаа нь энэ аж. Ангийн багш Ч.Оюунгэрэл “Ангийнхаа хүүхдүүдийг хаана юу хийж явааг нь мэдмээр санагддаг. Тэр дүрсгүй хөвгүүн томоожсон болов уу, энэ сурлагатай охин хүссэн сургуульдаа орж чадсан болов уу гэх зэргээр өөрөөсөө хий дэмий шалгаана. Та нарыгаа сайн сайхан явааг сонсоод багш нь магнай тэнийдэг. Харин азаар ямар вөөк гэлээ дээ, (энэ нь фэйсбүүкийг хэлж байгаа бололтой) тийм юм гарч ирээд олон жил уулзалдаагүй нэг ангийнхан, найз нөхөд, хамаатан садангуудыг учруулдаг болсон байна лээ. Багш нь хүүхдээрээ нэг хаяг нээлгүүлсэн юм. Би хэрэглэдэггүй юм.

Харин охин маань та тийм хүн таних уу, тантай найз болох хүсэлт илгээсэн байна лээ” гэдэг юм. Тэгтэл саяхан та хэд маань миний хаяг руу захидал бичээд, тэгж нэг юм холбогдлоо” гэв.

Тэгснээ “Энэ чинь манай Д.Отгонгэрэл байх шив дээ. Цаана нь Ж.Баярхүү, Г.Бям­басүрэн, Т.Доржпүрэв гурав сууж байна. Охидууд маань будаж, шунхдаад бүгдээрээ танигдахын аргагүй гоолиг хүүхнүүд болжээ. Тэр нүдний шилтэй бодвол Э.Дуламсүрэн маань байх. Г.Алтанцэцэгийгээ бумбагар хацраар нь таньж байна” гэхчилэн зэрэгцэн суугаа шавь нараа нүдээрээ бүртгэж гарлаа.

Д.Отгонгэрэл “Ангиараа цугласан юм чинь эхлээд дурсгалын зургаа татуулъя. Уул­залтын дараа зургаа харж, хөгжилтэй үеэ дурсацгаана шүү дээ” гэвэл бусад нь уриалгахан зөвшөөрөв. Тэгтэл багш нь “Аан тэгвэл энэ зургийг өнөөх вөөкээрээ авч болох уу” гэвэл “Танд фейсбүүкээрээ явуулчихна аа” гэцгээв. П.Ариунжаргал “Есдүгээр ангидаа сумынхаа төвд ирсэн нисдэг тэрэгний хажууд ангиараа зургаа авахуулж байсан санаанд орчихлоо. 2001 оны одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдөөд, манай суманд сурталчилгаагаа хийхээр нисдэг тэрэгтэй ирснийг та нар санаж байна уу” хэмээн асуув. “Санаж байна” хэмээн бүгд толгой дохив. Ж.Баярхүү “Би ахынхаа хальсны аппаратыг аваад очтол үзвэр үзэж байгаа аятай нисдэг тэргийг тойроод хөгшин залуу гэлтгүй өчнөөн хүн цугларчихаж. Нисдэг тэрэгний ойр орчимд цагдаа нар зогсчихоод, ер ойртуулдаггүй. Тэгэхээр нь цагдаагаас нь сөгдөх шахам гуйж байгаад нисдэг тэрэгний дэргэд О.Батболдоороо зургаа авахуулсан. Дараа нь О.Батболдынхоо зургийг дарчихаад зорьсон хэргээ бүтээсэн хоёр додьгор амьтан буцах гэтэл Л.Эрдэнэтуяа, Л.Баярмаа, Г.Наран­цацралт, П.Одонтуяа зэрэг ангийн охидууд ирчихээд “Хөөе, та хоёр яасан өөдгүй юм бэ. Бидний зургийг бас аваад өг л дөө” гээд гуйгаад салдаггүй. “32-ийн пилонктой. Ах нэлээд хэдэн зураг дарсан байх. Одоо ганц хоёрхон зураг дараад хальс нь дуусна. За яахав, ганцхан шүү. Оронд нь маргаашийн тооны шалгалт дээр хуу­луулаарай” гэнгүүт дэвтэр рүүгээ хялайлгадаггүй өнөөх охидууд чинь “Тэгэлгүй яахав. Эхлээд чиний вариантыг хийж өгөөд, дараа нь өөрсдийнхөө бодлогыг бодно” гэсэн дээ“ гээд уухайн тас зөвшөөрсөн” гэв. С.Ариунтунгалаг “Юуных нь ганцхан зураг дарах. Ангийнхан бараг бүгд ирээд жагсчихаа биз дээ. Би тэрэнтэй авахуулна эсвэл ганцаараа гэсээр ахын чинь хальсыг дуус­гачихсан ш дээ. Тэгээд чи ахдаа юу гэж хэлнэ ээ гээд муухай царайлаад байснаа санаж байна уу” гэвэл “Саналгүй дээ. Харин ч ах загнаагүй. Өөрт нь ахиад нэг байсан юм байна лээ. Байгаагүй бол ч хэцүүднэ л дээ” гээд инээлдэцгээв.

Дунд сургуулиа төгсөх жил бараг хүүхэд бүхэн дурсгалын дэвтэр нээж, ангийнхан дундаа аялуулжээ. Харин саях­наас ангийн дарга Э.Дуламсүрэн уг дэвтэрт нь хүн бүрийн үлдээсэн дурсгалыг оруулжээ. Ангийнхан нь “Нямбай, хариуцлагатайгаараа ангийн даргын дурсгалын дэвтэр 13 дахь хавраа үзэж байна даа. Хөөрхий биднийх хэдхэн сарын дараа хуудсаараа хэдэн хэсэг салаад алга болсон. Уг нь нандигнаад хадгалсан бол одоо харж суухад сайхан дурсамж байхгүй юу” хэмээн өөр хоорондоо ярилцав. Эдний ангийнхан сур­гуулийнхаа урлагийн үзлэгт тогтмол хоёрдугаар байрт шалгардаг байж. Г.Ариунзаяа “Есдүгээр ангийн урлагийн үзлэгээр Д.Отгонгэрэлийг Ардын жүжигчин А.Долгорыг дуурайлгаж, хувцаслаад, “Аргалд явсан ээж”-ийг нь дуулуулсан. Таарах даашинз олдохгүй болохоор нь ангийнхаа цагаан чүүлээр биеийг нь ороогоод, нүүр амыг нь жигтэйхэн будаж, шунхдаад гаргаж дуулуулсан. Үзэгчид элгээ хөштөл инээсэнсэн” хэмээн хуучлав. Тэгтэл Т.Доржпүрэв “Ангийн ганцхан дуучин нь Отгоо байгаагүй шүү. Тэгж яривал С.Гэндэн, Э.Чой нартайгаа Хамар хашааны гурав гэсэн хамтлагаа байгуулаад амжсан. Сургуулийнхаа урлагийн үзлэгээр шилд­гээр тодронгуутаа хамтлагтаа шууд энэ нэрээ өгөөд уран бүтээлдээ шуударч билээ. Харамсалтай нь ая, шүлэг зохиож дуу хийнэ гэдэг амаргүй гэдгийг тэгэхэд л мэдсэн” гэнгүүт бусад нь “Тэгээд танай хамтлаг хэзээ уран бүтээлийн бие даасан цомгоо гаргах гэж байна” хэмээн тохуурхан асуутал “Гэхдээ өөрс­дийн бие даасан цомог бүү хэл анхныхаа уран бүтээлийг ч гаргаж чадахгүй л явна. Гэхдээ манай хамтлагийнхан тараагүй байгаа шүү” гэцгээн бөөн инээдэм болов. Тэд бас цэргийн баярыг тохиолдуулан аймгийн хэмжээнд жил бүр зохиогддог уралдаант хөгжөөнт “Дэвжээ” тэмцээнд хоёр ч удаа аваргалжээ. Ангиа төлөөлж орсон арав гаруй хүүхдүүд нь бүгд цэрэг хувцсаар жигдэрч байжээ. Тэд “Бүхэл бүтэн цэргийн хувцсаар байтугай оймсоор жигдрэхэд хэцүүхэн байсан тухайн үед манайхан шууд л аймагтаа аваргалсан. Улсын тэмцээнд ч бас амжилттай оролцсон” гэцгээв.

Тэд 1992 онд нэгдүгээр ангид элсэн орсон бөгөөд тухайн үед нэгдүгээр ангиас нь кирилл үсэг бус шууд монгол бичиг зааж эхэлжээ. Гар утас, интернэт, фейсбүүкгүй тухайн үед тэд захиагаар харилцдаг байжээ. Таалагддаг охиндоо хөвгүүд нь захиа бичнэ. Харин охидууд нь захианых нь учрыг олдоггүй байсан тухайгаа тэд “Бидэнд нэгдүгээр ангиас монгол бичиг зааж байгаад дунд ангиас кирилл бичгийг “А” үсгээс нь эхлүүлээд заасан. Ахлах ангиасаа нэгнээ шохоорхож эхлээд, захиа солилцож эхэлнэ биз дээ. Тэгтэл хөвгүүдийн захиа бөөн үг үсгийн алдаа. Наад зах нь Хайртай гэдгээ Хартай гээд эхэлнэ. Й үсгийг нь орхичиход л утга нь шал эсрэгээрээ болчихно” хэмээв. Л.Эбум “Ч.Батбаатараас надад захиа ирэхээр нь үг үсгийн алдааг нь нэгд нэгэнгүй засаад, төгсгөлд нь алдаагүй бичиж сурчихаад намайг үерхье гэж гуйгаарай” гэж бичээд өгчихсөн. Баатараа маань уншчихаад тэр өдөр хичээлээ таслаад алга болчихсон. Хичээлийн дараа би очиж уучлал гуйгаад, маргааш нь хичээлдээ ирж байсан” гэв. Ч.Батбаатар “Өө нээрээ тэгж байсан билүү. Би мартчихаж. Бодвол их ичсэн юм байлгүй” гээд толгойгоо маажив.

Тэд шинэ жилээр гэр гэртээ хоол хийж ирээд ангидаа тэмдэглэдэг байсан гэнэ. Цуйван, будаатай хуурга, бууз баншаа гэртээ бэлдэж ирээд, түүгээрээ ангидаа ширээ засдаг байжээ. Бүр нэг удаа ангийн талаас илүү нь шөлтэй хоол хийгээд иржээ. Зарим нь бүр мах чанаад авчирчээ. Бужигналдаж, тоглож, бүжиглээд орой харих болоход ширээн дээрх хоол унднаас хэн ч хороогоогүй байдагсанж. Тэгэнгүүт нь нохойд бүгдийг нь өгчихдөг байсан тухайгаа ч хөөрөлдөв.

Өмнө нь тэд Зая гэгээн Лувсанданзан Пүлжин­жигмидийн их дацанг барихад өргөл өргөсөн бол энэ удаад “Их майдар” төсөлд хандив өргөхөөр тогтсон юм. Түүнчлэн энэ жил Хотонт сумын төрөлх дунд сургуулийнх нь 90 жилийн ой тохиож байгаа учраас газар зүйн танхимыг тохижуулж өгөхөөр болжээ. Учир нь тэд газарзүйн хичээлдээ тун ч сонирхолтой байж.

Багш Ч.Оюунгэрэл “Манай ангийнхан чинь төгсөлтийн монгол хэл, математикийн шалгалтаа бүгд онц сайн дүнтэй өгсөн. Энэ нь манай сургуулийн түүхэнд анх удаагаа 36 сурагч бүгд ийм өндөр дүнтэй шалгуулсан тохиолдол болсон. Ангийн маань тааруухан сурдаг хүүхдүүд хичээвэл сайн сурч болох юм байна гэдгийг өөрснөө дор бүрнээ сайн ухамсарлацгаасан. Тийм ч болохоор оюутан болоод багш нарынхаа чихийг халууцуулж, эцэг эхийнхээ нүүрийг түлээгүй. Одоо хэн ч асуусан эрхэлсэн ажилтай, тогтсон байр суурьтай та нараараа бахархаж байна” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Г.Байгалмаа: Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгохоор ярьж байна

Барилга хотбайгуулалтын дэд сайд Г.Байгалмаатай ярилцлаа.

-Ерөнхий сайдын саяхны мэдэгдэл хүмүүсийн анхаарлыг татлаа. Орон сууцны урт хугацаатай зээлийн урьдчилгаа 30 хувь байсныг 10 хувьд буулгаж, Засгийн газар баталгаа гаргах нь гэсэн хүлээлт үүслээ. Таныг энэ чиглэлийн ажлын хэсгийг ахалж байгаа гэж сонслоо?

-2013 онд Барилга, хот байгуулалтын яам, Монгол банктай хамтарсан дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих, импортын бараа бүтээгдэхүүнийг багасгах,дотооддоо үйлдвэрлэдэг болох, цемент арматурын үнийг барих, орон сууцны нийлүүлэлтийг нэмэхээр зорьсон юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэний дүнд нийлүүлэлт нэмэгдэхэднайман хувийн моргейжийн зээлийг гаргасан.Энэ зээл 30 хувийн урьдчилгаагаа бэлтгэсэн, орон сууцанд орохыг хүссэн хүмүүсийг бүрэн хамарч чадсан. Урьд нь жилийн 15-16 хувийн хүүтэй зээлд хамрагдсан иргэдээ бид найман хувийн зээл рүү шилжүүлсэн. Ингээд моргейжийн зээл нийтдээ80 гаруй мянган айлыг хамарлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд талуудын хүлээсэн үүрэг дотор “Барилгын салбарыг дэмжих, оронсууцны үнийг тогтворжуулахаар тусгагдсан. Үүндээ “Орон сууцны ипотекийн зээлийнурт хугацааны тогтвортойтогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” гаргах ёстой гэдгийг Засгийн газарт үүрэг болгосон санамж бичиг зурагдсан байлаа. Энэ бүхэн гэнэтийн шийдвэр байгаагүй. Хоёр жилийн өмнөөс улбаатай зүйл. Хоёр жилийн өмнө мэргэжийн зээл эхлэхдээ 20 жилийн хугацаатай, найман хувийн хүүтэй, 10-30 хувийн урьдчилгаа төлөх нөхцөлтэйгээр, 80 метр кв-аар хязгаарласан зээл гаргаж байсан. Биддунд буюу түүнээс доош орлоготой иргэдийг дэмжих гэдэг утгаараа квадрат метртхязгаар тавьсан хэрэг. Ингээд Засгийн газар , Монголбанктай хэлэлцээд бид энэ хөтөлбөрөө батлуулахдаа 10-30 хувийн урьдчилгаа гэдгээхэлэлцээд 30 хувь байхаар тогтсон юм. Арилжааны банкныхан “30 хувийн урьдчилгаа төлсөн хүмүүс эрсдэл багатай байдаг учраас ийм босго тавих хэрэгтэй” гэж тогтсон л доо. Энэ бүх бодлого амжилттай хэрэгжсэнээр барилгын нийлүүлэлтийг хоёр дахин нэмж чадсан. Нийлүүлэлтээ дэмжихээр эрэлтээ дэмжих хэрэгцээ үүслээ.Сүүлийн хоёр жилд эдийн засаг тогтворгүй, өсөлт7.8 хувьд хүрч буурлаа. Эрэлтээ дэмжсэн зайлшгүйхэрэгцээ шаардлага үүссэн юм. 30 хувийнурьдчилгаагаабүрдүүлж чадаагүй хүмүүст боломж олгоё. 10 хувийн урьдчилгаа төлдөг болгочихъё. Үүнийг харааханэцэслэж шийдээгүй байна. Энэ тухай Засгийн газар, Монгол банкин дээр ярьж ажлын хэсэг гарч ажиллаад ерөнхийдөө ийм шийдвэрт хүрсэн. Судалгаа харахаар өнгөрсөн онд баригдсан 7000 орон сууц борлогдоогүй байна. Гэтэл2015 онд 25000 орон сууц ашиглалтад орно гэж тооцохоор30-аад мянган орон сууцны асуудал яригдах нь. Өнөөдөр хүмүүст эрэлтбайна. Орон сууцанд орохыг хүсдэг. Ийм тохиолдолд эрэлтээ дэмжсэн бодлого хөтөлбөр гаргахаар ажиллаж байна. Орон сууцыг бид худалдах худалдан авах гэсэн ойлголтоор явж ирсэн. Түрээсийн орон сууцны хөтөлбөр гаргаж, залуу гэр бүл, тогтмол орлогогүй гэр бүлийгхамруулах юм.

-МҮХАТ-аасдөрөвдүгээр сарын 1 гэхэд урьдчилгаа төлбөрийг 10 хувьд хүргэхсанал хүргүүлсэн байна лээ. Хэзээ энэ шийдвэр албажих бол. УИХ хэлэлцэж эцсийн шийд гаргана гэсэн үг үү?

-Энэ шийдвэр Засгийн газраар хэлэлцэгдээд, дараа нь УИХ-аар орно. Бид бонд гаргах гэж байгаа. Бонд бол шинэ юм биш. Угаасаа бонд гаргаж санхүүжилтхийгдээд, хүмүүстээ хүрээд, буцаад мөнгө нь төвлөрчихөөд байгаа юм. Түүнийхээ нөхцөлийг дахин шинэчилж, эргэлтэнд оруулна. Ажлын хэсэг Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох,тэт­гэврийн даатгалын тог­толцооны шинэчлэлийн та­лаар санал оруулахзорилготой.

-Тэтгэврийн мөнгийг банкинд хадгалаад байх биш урт хугацааны найдвартай зээлийг санхүүжүүлэх хэлбэрээр эргэлтэнд оруулж, давхар орон сууцны зээлийн тогтолцоогоо ч санхүүжүүлнэ гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Түрүүн та хэлсэн. 30 хувийн урьдчилгаа төлсөн хүмүүс эрсдэл багатайбайдаг гэж. Гэтэл энэ урьдчилгааг 10 хувьболгож бууруулахаар банкны чанаргүй зээлийн хэмжээ өснө гэсэн үг үү. Үүнийг яаж зохицуулж байна вэ?

-Бид иргэдээ дэмжих гэж байгаа нь энэ гээд банкинд түвэг удахгүй. Засгийн газрын баталгаа болгож 80 тэрбум төгрөг гаргах гэж байгаа. Өөрөөр хэлбэл 10 хувийн урьдчилгааг хувь хүн өөрөө гаргаад, 20хувийн баталгааг засаг гаргах юм. Орон суу­цанд орсон хүн төлбөрөө төлөх явцдаа хамгийн тү­рүүнд баталгааны 20 хувиа төлнө гэсэн үг. Эргэлт маш хурдан явна. Аль аль талдаа харилцан ашигтай, үр дүнтэй байна л гэсэн үг.

-Буянт- Ухаа 2 хороолол босч байна. Заримхүмүүс улсын хөрөнгө оруулалтад итгэдэггүй. Дундаас нь мөнгө идэх гээд чанаргүй барилга барьжбайж мэднэ гэдэг. Энд хяналт тавьдаг уу?

-ТОСКхөрөнгө мөнгөтэй хутгалддаггүй. Зохион байгуулалт менежментийг нь хийдэг. Баригдаж байгаа барилгуудыг үндэсний компаниуд нэгдэл болоодбосгож байгаа. Чанарт нь мэдээж хяналт тавьдаг. Улсын комисс хүлээж авдаг. Бүх холбогдох байгууллагууд нь ажиллаж байгаа. Улс дэд бүтэц шугам сүлжээгээөгч, сая 200 мянгад босч байгаа жишиг бий шүү гэж харуулахыг зорьсон.

-Буянт-Ухаа-2 хо­роол­лын орон сууны үнэ өм­нөхөөсөө өсөх үү?

-Өснө. Валютын ханшныхэлбэлзэлтэй уялдуулах байх.

-ТОСК-ынхан сургууль, цэцэрлэгтэй цогцолбор барина гэж сурталчилсан. Гэсэн ч сургууль цэцэрлэг нь хараахан бэлэн болоогүй байна. Зээлийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих уу гээд асуудал байгаа юм биш үү?

-Хотхон хорооллоор нь барьж байгаа нөхцөлдсургууль, цэцэрлэгийг зайлшгүй төлөвлөдөг.Орон сууцыг борлуулчихна. Сургууль, цэцэрлэгийг яах вэ гэсэн асуудал бий. Үүнийг концессоор барих уу. Бариад хүлээлгээд өгөх үү гэдэг тухайн обьект тус бүр дээр тохиролцоод шийдээд явна.

-Шинэ Яармаг хорооллын тухай ярьж эхэллээ. Хэнд зориулж босгох вэ. Санхүүжилт ньяаж шийдэгдэх бол?

-Шинэ Яармаг хороолол нийтдээ 4000 айлын орон сууц босно, сургууль, цэцэрлэг, олон нийтийн байгууламж нь бүгд зураг төсөлдөө тусгагдсан. Хятадын Экзимбанкнаас авсан зээлийн хөрөнгөөр санхүүжнэ. 85 хувийг нь Экзим банкны зээлээр хувийн хэвшлийнхэн гүйцэтгэнэ. 15 хувьд нь Хөгжлийн банкнаас ТОСК-оор дамжуулж санхүүжилт өгнө.Метрквадратын хувьддунд болондундаас доош орлоготой хүмүүст зориулагдана. Тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт өнөөдөр маш бага шүү дээ. Шинэ Яармаг хорооллыг хоёр жилд барьж байгуулахаар төлөвлөсөн.

-Өнгөрсөн хугацаанд барилгын материалын үйлдвэрлэл дотооддоо хэр нэмэгдсэн юм бэ?

-Бид үйлдвэрлэлээ дэмжсэн бага хүүтэй зээлийг 2013 онд олгосон. Үүний үр дүнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг өртгөтгөх чиглэлээр зээл олгосон. Шинээр оруулж ирэх үйлдвэрүүдэд мөн зээл өгсөн. Барилгын салбарт шинээр 55 үйлдвэр үүд хаалгаа нээлээ.

-Цементээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангасан уу?

-Цементийг 2016 онд бид гаднаас авахгүй. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөтгөсөн. МАК, Дорноговийн цементийн үйлдвэрүүдбаригдсан.

-Гаднаас орж ирж байгаа барилгын материалын чанарт хяналт тавьдаг уу?

-Бид шаардлага тавьдаг. Хэлээд анхааруулаад яриад байхад учир дутагдалтай бараа бүтээгдэхүүн орж ирж байдаг. Монголчууд өөрсдөө худалдаж аваад оруулж ирж байгаа юмыгавахгүй гэх хэцүү. Энэ талаар ярьж байгаа. Дотоодынүйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихгүйгээр барилгын материалын үнэ ханшийг бууруулах , чанарстандартыгсайжруулах тухай ярихад хэцүү. Барилгынматериалын сорилт шинжилгээний лабораториуд бий болгоёгэж байгаа юм.Улаанбаатар хотод байшин барилгыг нь барьчихсан. Ажиллаж эхлээгүй байгаа. Аймаг бүрт барилгын материалын сорилт шинжилгээний лабораторитой болъё гээдөөрсдийн нөөц боломжоор жишээ нь Архангайд гэхэдбарилга байгууламж барьсан. Гагцхүү тоног төхөөрөмж шаардлагатай. Лабораториуд байхгүйгээс шалтгаалаад судалгаа шинжилгээний ажлууд хоцрогдоод байна.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Б.Төгөлдөр: Аавыгаа баярлуулж улсын цолонд хүрэх мөрөөдөл надад бий

Монгол Улсын заан, гавьяат тамирчин Ц.Баярсайханы хүү Б.Төгөлдөртэй ярилцлаа.

Аавыг тань үндэсний бөхийн хүчит заан гэдгээр Монголын ард түмэн сайн мэднэ. Харин аав хүнийх нь тухайд сайн мэдэхгүй юм?

-Аав нар үр хүүхдийнхээ сэтгэлд хэзээд хамгийн сайхнаар бодогддог. Миний хувьд ч аав минь миний мэдэх хамгийн сайн аав. Намайг ер нь загнаж үзээгүй дээ. Хэлэх зүйлээ хэлдэг ч хатуу ширүүн үгээр загнахгүй. Болохгүй байгаа зүйл харагдвал ингээрэй, тэгээрэй гэж зөвлөх маягаар хэлнэ. Түүнээс биш чанга дуугарч ширүүн аашилж байсныг нь мэдэхгүй юм. Хүмүүс бөхчүүдийг их л хатуу байдаг гэж боддог байж магадгүй юм. Их зөөлөн хүн дээ.

Загнуулж үзээгүй гэхээр зодуулсан уу гэж бүр асуултгүй юу?

-Зодуулж бол үзээгүй ээ. Манайх хоёр хүүтэй айл. Би айлын том хүү. Аавыгаа 22 настай байхад би төрж байлаа. Намайг гуравтай байхад буюу 1989 онд аав маань Монгол Улсын начин цолонд хүрч байсан. Начин болж байх үеийг нь би санадаггүй ч заан болж байх үеийг нь мэднэ. 1992 он шүү дээ. Тэр жил миний дүү төрж байлаа. Аав маань 1989 оны бүх ард түмний спартикадад гуравдугаар байранд орж начин цолны болзол хангаж байсан. Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлээд, О.Балжинням аварга хоёрдугаар байранд орж заан цолтой болж байсан жил. Дараа нь 1993 онд улсын наадмаар заан цолтой болж байлаа.

Тэр үед аавыгаа дагаж наадам, барилдаанд их явдаг байв уу?

-Ухаан ороогүй жаахан байхдаа л аавыгаа дагаад явдаг байсан гэсэн. Харин том болсон хойноо бол нэг ч удаа гэртээ үлдэж үзээгүй ээ. Жаахан байхад зурагтаар нэг их сүйдтэй гоё нэвтрүүлэг, кино гараад байх биш гэртээ үлдэнэ гэж байхгүй. Аавыгаа л дагаад явж байвал аз жаргал байлаа.

Бэлтгэл дээр бол байнга очих уу?

-Бэлтгэл дээр байнга шүү дээ. Ер нь тэгээд бэлтгэл гэлтгүй өдөр бүр л хаашаа ч явсан дагаад явдаг. Аавыг энд тэнд хүнтэй уулзахад машинд нь үлдчихнэ. Машингүй үед нь ч хоёулаа автобусанд суугаад явж өгдөг байлаа.

Барилдааныг нь үзэх ямар санагддаг вэ. Уначихвал, эсвэл давахаар хүүд нь арай өөр санагддаг байж мэдэх юм?

-Яахав барилдах үеэр догдолно. Гэхдээ хүүхэд байсан болохоор аавын барилдааныг үзэх чухал биш байжээ. Дагаж яваад бөхчүүдийн хүүхдүүдтэй тоглоход их дурлана. Бас бөхчүүдийн хүүхдүүд аав нарыгаа барилдах хооронд тэрүүхэн тэндээ хөөрхөн наадам зохиогоод хоорондоо барилдчихдаг байсан.

Хэн, хэний хүүхэдтэй нэг үе байв?

-Ж.Мөнхбат аваргын хүү Хакухо М.Даваажаргал бид хоёр хар багын найзууд. М.Даваажаргал бид хоёр бол байнга таарна. Бас тухайн үед ид барилдаж байсан бөхчүүдийн хүүхэд ирчихдэг байсан. Хоорондоо өдөржин ноцолдоод орой нь ядарч үхэх гэж байгаа амьтан гэртээ харьдаг байлаа. Хүзүү улайчихсан, хувцсаа энд тэндээ урчихсан гэрийн бараа харна. Тэр үед заалны барилдаанууд их болно. Спортын төв ордны хувцас солих өрөөнд л ноцолдож байгаа нь тэр шүү дээ.

Банди нар тэгж ноцолдоход аавууд дуртай байдаг байх. Ялангуяа бөх хүн хүүгээсээ хүлээх юмтай л байдаг байх даа?

-Манай аав намайг бага байхад бөхийн секцэнд явуулж барилдуулах дуртай байгаагүй. Юу юу ч болоогүй байхдаа бэртэл гэмтэл аваад халширчихна гэж хайрладаг байж л дээ. Тиймээс би нэлээн хожуу барилдаж эхэлсэн юм. 2003 онд 17 нас хүрээд Япон руу явсан. Тэнд байхдаа сургуулийнхаа жудогийн секцэнд явж эхэлснээс хойш албан ёсоор бөхөөр хичээллэсэн гэсэн үг. Тэрнээс өмнө сагсан бөмбөгөөр хичээллэдэг, гандболын улсын шигшээ багийн тамирчин байсан. Спортод их дуртай өссөн.

Японд таныг сумогоор хичээллэдэг байсан гэж ярьдаг юм байна лээ?

-Сумогоор барилдаж байгаагүй ээ. Яахав Японд байгаа, бас бөх гэхээр хүмүүсийн толгойд шуудхан сумо юм байна гэж ойлгогддог байх. Манай сургуульд дэргэдээ жудо бөхийн секцтэй байсан нь бөхөд дуртай надад бөөн боломж гаргаж өгсөн. Тэгээд л барилдаж эхэлсэн дээ. Тэгээд ч гайгүй том болчихсон байсан болохоор аав ч дэмжсэн.

Барилдаж эхэлснээс хойш уралдаан, тэмцээнд ордог л байсан байлгүй. Тэр үед аав тань юу гэж захидаг вэ. Мэдээж хэрэг өөрөө дасгалжуулагч хүн болохоор хүүдээ арай өөр зөвлөгөө өгдөг байсан биз?

-Аав чөлөөтийн тамирчин шүү дээ. Тэгэхээр аав би зааж мэдэхгүй юм байна гэдэг. Хоёр өөр спорт учраас аргагүй. Хаа нэг үндэсний бөхөөр хамт бэлтгэл хийх ховорхон тохиолдол гарна уу гэхээс үргэлж хамтдаа зааланд ноцолдоод байна гэсэн ойлголт байхгүй. Харин намайг тэмцээн уралдаанд оролцоход аав байнга ирж үзнэ. Би 2009 оноос хойш улсын шигшээ багт багтсан. Гадаад, дотоодын тэмцээнд их явна. 2010, 2011 оны дэлхийн аваргад оролцсон. Тэр бүгдэд аав байнга хамт явна.

Ингэж барилдана шүү, тэгж мэх хийгээрэй гэж заахгүй юу?

-За ёстой хараад ч мэдэхгүй юм байна л гэнэ. Жудог ойлгохгүй гэх нь хаашаа юм. Гэхдээ өөрөө жудогоор барилдаж байгаагүй болохоор нандин зүйл заая гээд ч мэдэхгүй. Зааж өгье гээд ч чадахгүй юм байна л гэдэг.

Мэх заадаггүй юм гэхэд сэтгэлзүйн зөвлөгөө өгнө биз дээ?

-Тэгэлгүй яахав. Чи энэ бөхийг заавал ялна шүү энэ тэр гэж хэлдэггүй юм. “Татами дээр гараад өөрийн санасан бодсоноо л хийгээрэй” гэдэг. Тухайн өрсөлдөгчтэйгээ барилдахдаа өөрийн бодож байгаагаа эртхэн хийчихээрэй гэнэ. Их бодоод, хүлээгээд хэрэггүй. Орж ирвэл мэхээ хийгээрэй гэж захидаг.

Тэмцээнд аавтайгаа хамт явах арай өөр байдаг уу?

-Өөр байлгүй яахав. Ер нь шал ондоо шүү. Бөхчүүдтэй хамт нэг баг болоод явж байгаа хэдий ч ярихгүй зүйл гэж байна. Би ингээд байна, тэгээд байна гэж хэлэхгүй. Аав хамт байвал нарийн ширийнээ ярилцана. Аав, би жаахан сандраад байна гэдэг ч юм уу. Тэгэхээр аав нуруун дээр ганц сайхан цохиод зоригжуулаад өгнө. Сайхан нөмөртэй байдаг юм аа.

Наадмын өмнө аавтайгаа хамт бэлтгэлд гарах уу?

-Манай аав 1992 оноос “Есөн туг” гэсэн клуб байгуулаад наадмын бэлтгэлд гардаг байсан. Төмөр замын харьяат бөхчүүд гэж ярина. П.Сүхбат агсан, Ц.Бэгзсүрэн начин, Ж.Намжилдорж начин гээд хориод бөх бэлтгэлдээ гардаг байлаа. Аав, П.Сүхбат заан хоёр галаа ахалдаг. Тэр үед хүүхдийн “Болор” зуслан, “Сүүж” амралт гээд жил бүр өөр өөр газар гарна. Тэр бүхэнд хамт дагаад явдаг. Төв аймгийнхантай гэвэл 2006 онд хамтдаа бэлтгэлд гарч байсан. Ж.Мөнхбат аварга, Л.Сосорбарам арслан нар ахлаад залуусаа аваад гарна. Тэнд бэлтгэл хийж аймгийнхаа наадамд барилдаад аймгийн заан цолтой болсон.

Үндэсний бөхөөрөө үргэлжлүүлэн барилдаж болоогүй юм уу?

-Барилдъя гэж бодолгүй яахав. Гэхдээ ид барилдах үедээ Японд байсан. Тэнд 10 жил болоод нутагтаа ирлээ. Одоо бол бэлтгэл хийж л байгаа. Аавынхаа цолонд хүрэх юмсан гэж бодно.

Аав тань үндэсний бөхөөрөө хичээллэ гэхгүй юу?

-Заавал барилд гээд шахаад байхгүй ээ. Бага байхад минь л өөрийнхөө дуртай зүйлийг хий. Жудогоор барилдмаар байвал барилд. Үндэсний бөхөөр хичээллэх бол хичээллэ гэдэг. Түүнээс биш айхтар шахаад байх зүйлгүй. Харин надад аавыгаа баярлуулчих юмсан, барилдаад цолонд хүрчих юмсан гэсэн мөрөөдөл байна.

Японд байхдаа яагаад сумогоор барилдаагүй юм бэ. Аав тань бас сонирхогчдын сумогоор барилдан амжилт гаргаж байсан шүү дээ?

-Ном үзэх сонирхолтой байсан юм. Тэнд байхдаа барилгын архитектураар төгссөн. Мэргэжилдээ дуртай байсан болохоор гүнзгийрүүлж суръя гэж бодсон юм. Гэхдээ сумогоор барилддаг юм билүү гэж бодохын хувьд боддог байсан. Хакухо маань ч сумогоор барилдаач гэнэ. Сургууль дээрээ жудогоор хичээллэх боломжтой байсан болохоор тэгтлээ дурлаагүй байж мэдэх юм. Би чинь жудогоор барилдаж байхдаа баруун Японы дөрвөн удаагийн аварга болж байлаа. Бүх Японы аваргаар шагналт тавдугаар байранд хоёр ч удаа орсон. Мужийн аваргаар таван удаа орсон байдаг.

Үндэсний шигшээгийн тамирчин байхдаа Японд сурдаг байжээ?

-Тэгсэн. Үндэсний шигшээ багийнхаа +100 кг-д барилддаг байлаа. Би чинь жудогийн улсын аваргын таван медальтай. Улсын аваргаас медаль авсан тамирчныг шигшээ багт авч олон улсын тэмцээнд оролцуулдаг байсан юм. Тэр шугамаар олон тэмцээнд явсан. Хоёр ч удаагийн дэлхийн аваргад оролцсон. Ер нь олимпийн наадмаас бусад тэмцээнд зодоглосон байх.

Одоо хичээллэж байгаа юу?

-Японоос ирсэн хойноо тэмцээнд бараг ороогүй ээ. Аав ээж хоёр маань хоёулаа улсын ажил хийдэг болохоор гэр бүлийнхээ бизнесийг би авч явдаг юм. Зав зайгаараа бэлтгэлээ хийгээд явдаг. Өөрөө дуртай юм болохоор өндөржүүлсэн байдалд биш ч гэлээ бэлтгэлээ хийгээд явж байгаа.

Аавтайгаа холбоотой сайхан дурсамж ярихгүй юу. Ялангуяа наадамтай холбоотой сонин сайхан зүйл ярих байх?

-Манайх циркийн хажууханд байсан юм. Наадмын өглөө аав бид хоёр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү алхаж явлаа. Тэгэхэд айхтар их бороо ороод Дунд гол үерлэчихэж. Аав нэг гартаа дээл гутлаа хийсэн том цүнхээ барьчихсан, нөгөө гартаа намайг хөтлөөд явж байсан. Тэгээд яахав алхаж яваа хоёр газар товчлох санаатай Энхтайвны гүүрэн дээгүүр давах биш доогуур нь явахгүй юу. Тэгсэн чинь гол үерлэчихэж. Аав том турбан дээгүүр тэнцэж ядан гарч байсныг санаж байна. Тэгэхэд аав маань “За аав нь энэ жил их сайн барилдах нь ээ. Хэдэн өдөр ус зүүдлээд байсан юм” гэж байсан. Нэг их устай, тэрэн дээгүүр гарч байна гэж зүүдлээд байсан гэдэг. Тухайн үед би уснаас айгаад аавын ярьж байгааг нэг их анзаараагүй. Угаасаа жаахан хүүхэд байсан болохоор лавлаж ч асуугаагүй юм байна.

Хэдэн оны наадам юм бол. Хэд давж байв?

-Жаахан байсан болохоор яг хэдэн оныг нь санахгүй байна. Их л сайн барилдаж байсан юм. Бараг ч заан болж байсан жил юм болов уу даа. Наадам гэснээс бас нэг зүйл санаанд орчихлоо. Манай аав начин болсныхоо дараахь гурван жил их сайн барилдаж байсан юм гэсэн. Тэгээд нэг наадмаар заан болно гээд бодчихсон байсан гэнэ. Бүр долдугаар сарын 1-нээс хойш бэлтгэлээ хийх завгүй заан цолныхоо мялаалгын найранд бэлдэж гүйсэн гэдэг. Заан болохоор гэрт олон хүн ирнэ гээд бэлдээд байгаа хэрэг шүүдээ. Хойшоо Орос руу хүртэл явж идэж уух юм цуглуулж байсан гэсэн. Гэтэл тэр жилийнхээ наадмаар зургаагийн даваанд унаж байсан удаатай. Ингэж хашраад дараа жил нь юу ч бэлдэхгүй хоосон байж байгаад барилдсан чинь аав заан болоод ээж сандарч байсан гэдэг юм билээ.

Манай аав их хөөрхөн. Энэ жил би барилдахгүй л гэдэг юм. Тэгээд наадам дөхөх тусам “За би юу ч гэсэн биеэ шарчихъя” гэнэ. Тэгсээр байгаад яг наадмын өдөр зодоглочихдог.

Аав тань одоо юу хийж байгаа вэ?

-Биеийн тамир спорт хөгжлийн төвийн Захиргаа, санхүүгийн газрын даргаар ажиллаж байгаа. Барилдахаа болиод удаж байх шиг байна даа.

Гэхдээ оны өмнөхөн жиу жицүгийн дэлхийн аварга болсон байх аа?

-Америкт болсон жиу жицүгийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аавыг ороод үзээч гэж ятгасаар байгаад оруулсан. Нас чацуу хүмүүстэйгээ барилдах юм чинь ороод үзээ гэсээр байгаад хамт явлаа. Тэр тэмцээнээс манай аав +100 кг-ийн алтан медаль авч дэлхийн аварга болсон. Сая дэлхийн аваргаас алт аваад их баярлаж байна лээ.

Бөхчүүдийг их л бүдүүн хойрго улс мэтээр ойлгох гээд байдаг. Харин бөхчүүд өөрсдийгөө их мэдрэмжтэй гэж ярьдаг юм билээ?

-Манай аав гэнэтийн бэлэг барих их дуртай. Байнгын л гэнэтийн бэлгээр баярлуулж байдаг. Ээжид долоо хоногт нэгээс хоёр удаа цэцэгтэй орж ирнэ. Ер нь манай аав их халамжтай. Саяхан хүртэл сурагч байх үеийнхээ нэг ширээнд сууж байгаа зургийг өнгөтөөр угаалгаад баярлуулах жишээний. Манай аав ээж хоёр чинь арван жилийн нэг ширээний хоёр.

Танай гэр бүлийн тэмдэглэлт баяр гэж байдаг уу?

-Есдүгээр сарын 12-нд манай аав ээж хоёрын хуримын ой болдог. Жил бүрийн энэ өдөр манай гэр бүлийн хувьд баярын өдөр байдаг юм. Ээж маань манай гэрийн ганц эмэгтэй болохоор ээжийгээ баярлуулна. Дүү бид хоёр том болсноос хойш аав ээж хоёрыгоо зэрэг баярлуулдаг болсон. Ер нь аав маань дүү бид хоёрт бүх зүйлээрээ үлгэрлэдэг. Хүндэлж дээдлэх бүхний дээд нь миний аав.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Иргэд Үндсэн хуулийн дагуу сонгуулиа явуул гэж байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

Орон нутагт ажиллахдаа Сонгуулийн талаар иргэдээс нэлээдгүй санал сонссон байх. Уг хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад оруулсан байна. Сонгуулийн хуулийн талаар иргэд юу гэж байх юм?

-Би чуулганы завсарла­гаанаар тойрогтоо буюу Ховд аймагт ажилласан. Харин өнгөрөгч амралтын өдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, нутгийн иргэдтэй уулзаад ирлээ. Уулзалтад орох бүртээ хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиуд дээр иргэдийн саналыг авсан. Иргэд яах аргагүй Сонгуулийн хууль болон сонгуулийн тогтолцоотой асуудлыг ярьж байсан. Иргэдээс пропорциональ, мажоритар системийн алийг нь сонгох вэ гээд асуухад 100 хувь ард түмнээсээ сонгогдох нь зөв гэж байна. Тэгээд ч Үндсэн хуулиндаа УИХ-ын гишүүд ард түмнээсээ сонгогдоно гээд бичигдсэн байдаг. Яагаад үүнийгээ хэрэгжүүлдэггүй юм бэ гэж байсан. Нэгэнт иргэдийн санал ийм байгаа тул ард түмний саналыг харгалзан Сонгуулийг хуулийг батлах ёстой.

Та Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаад ирсэн. Орон нутгийн иргэдийн амьдрал ахуй ямар байна. Захиас даалгавар юу хэлж байх юм?

-Иргэд эдийн засгийн хямралтайн дээр валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан амьдрал нэлээд хүнд байгаа талаар ярьж байна. Мөн ОХУ-д болсон хямрал, рублийн ханшийн уналтаас шалтгаалан ОХУ-ын бараа бүтээгдэхүүн хоёр дахин хямдарсан. Тиймээс ОХУ-тай холбогдож байгаа үүд хаалга болох Алтанбулаг сум хийгээд Сэлэнгэ аймгийн ойрын сумд, Дархан-Уул аймгийн иргэд бараа бүтээгдэхүүнээ татаж байгаа. Энэ нь амьдралд нь арай эерэг нөлөөлж байгаа юм болов уу гэж санагдсан. Иргэдийн зүгээс газар тариалангийн бүс нутагт амьдарч байгаа болохоор төмс, хүнсний ногоо, улаанбуудай, газар тариалан эрхлэгчдийн талаарх асуудлыг түлхүү хөндөж байна. Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдээс гэхэд газрыг томоохон компаниудад хувьчилж өгчихөөд бидэнд яагаад газар өгдөггүй юм. Бид ч гэсэн газрынхаа үр шимийг хүртмээр байна гэдэг зүйлийг хэлцгээж байна лээ. Аймгийн удирдлагуудад энэ талаарх асуудлыг нь шийдэж өгөөрэй гэсэн чиглэл өгсөн. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн төмс, хүнсний ногоо тариалагч иргэд урамшуулалтай болох талаар санал хэлсэн. 2006 онд М.Энхболд дарга болон С.Баяр даргын Засгийн газрын үед нэг тонн улаанбуудай тутамд 60 ам.доллартай тэнцэх хэмжээний урамшуулал авдаг байсан бол өнөөдөр 70 мянган төгрөг өгч байгаа ч үндсэндээ 35 ам.долларын урамшуулал авч байна. Энэ нь валютын ханшийн өсөлттэй холбоотой. Гэх мэтчилэн төр засаг бидэнд анхаарал бага хандуулж байна гэдэг зүйлийг хэлж байлаа.

Ногоочдын урамшууллын асуудлыг яах бодолтой байна?

-Төмс, хүнсний ногоо тариалж буй иргэд малчид болон улаанбуудай тариалагчдад урамшуулал өгдөг хирнээ бидэнд урамшуулал өгдөггүй, нөгөө талаас Хятадын хямд үнэтэй төмс хүнсний ногоонд үнэ цохиулж байна. Нэг шуудай лууванг Улаанбаатарт аваачаад борлуулахад 8000 төгрөг болсон байна гэсэн. Үүнийг кг-аар аваад үзэхээр 150 төгрөг болж байгааг хэлсэн. Өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй хямралтай үед урамшууллын асуудлыг шийдэхэд хэцүү ч гэсэн ногоочдын тарьсан ногоонд нь урамшуулал олгохыг шийдэх ёстой. Мөн импортын ногоонд татвар тавьж, эх орондоо үйлдвэрлэж буй ямар ч бараа бүтээгдэхүүн байсан дэмжих ёстой. Гаднаас валютаар авч буй бараа бүтээгдэхүүнийг багасгах хэрэгтэй. Бид гадаадаас авдаг зүйлсээ Монголдоо үйлдвэрлэж валютаа дотооддоо үлдээх нь зөв. Валютыг гадагш нь урсгаж буй, Монголын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байгаа бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих шаардлага байна.

Орон нутгийн иргэд аймаг, сумын Засаг даргыг орон нутгийн иргэдийн саналыг авч сонгох ёстой гэж байсан. Энэ нь нэг талдаа зөв ч нөгөө талдаа өнөөдөр шүдний өвчин болоод буй популизм газар авч популистууд олшрох юм биш үү?

-Популизм хийгээд нэг талдаа хүмүүст таалагдаж болно. Телевизээр мянга сайхан ярьж популизм хийлээ гээд гэдэс нь өлссөн хүний гэдэс цадахгүй. Уранхай хувцастай хүний өмссөн хувцас бүтэн болохгүй. Тиймээс шилний цаанаас чихэр долоолгох асуудал нь тодорхой хугацаанд үйлчлэхээс биш цаашаа явахгүй. Энэ ч утгаараа нэг удаагийн сонголтод алдаа гарч мэднэ. Харин цааш цаашдаа популизм хийгээд газар авахгүй юм байна гэдгийг хурдан ойлгуулах, анхан шатан дээр нь мэдрүүлэх боломж юм.

Өнөөдөр манайхан нам эвсэл, бүлэглэлээрээ хуваагдан талцаж улс орныхоо хөгжлийг хойш нь чангааж, иргэдийн амьдралд бухимдлыг бий болгож байгаа. Хэт их улс төржсөн, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлсөн байдлыг бага болгох шаардлага байна. Тэгэхгүй бол намаас сонгогдсон хэдхэн хүнийг нь ард түмэн тоодоггүй харин нам эвслийнх нь 10 гаруйхан нөхөр ард түмэн ямар намайг сонгосон биш гэдэг байдлаар ханддаг зүйл алга болох юм болов уу. Тиймээс анхан шатнаасаа эхлээд дээд шат хүртлээ хэт их улс төржилт, хоорондоо хуваагддаг байдлыг болиулахад нэмэртэй.

Сонгуулийн хуулинд 48:28 гэсэн заалт батлагдах байх гэдгийг Ардчилсан намын дарга З.Энхболд ярилцлагадаа дурдсан байна лээ. Гэтэл танай нам 76 мажоритар тойрог болох ёстой гэсэн. Бусад намуудын зүгээс 50:50 байх ёстой гэдэг санал ч гарч байна. Мажоритараар сонгууль явлаа гэхэд ямар давуу тал байгаа гэж?

-Бид иргэдийн саналыг сонсч байгаа. Хоёр нам гэрээ байгуулахдаа сонгуулийн тогтолцоог тодорхой болгоё, аль болох мажоритар байхаар шийдэх ёстой гэдэг нь УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурь. Иргэдийн саналыг сонсч байхад яах аргагүй жагсаалтаар орж ирж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа юм биш үү. Өмнө нь тойргоос сонгогдсон гишүүд тойрогтоо ажиллахад хүртээмжтэй байсан бол одоо нэг гишүүн сонгочихоор хийсэн ажлынх нь үр дүнг харж чадахгүй байна, УИХ-ын бодлого шийдвэр тэр хэмжээгээрээ хүрэхгүй байна гэсэн. Намын жагсаалтаар орж ирсэн гишүүд хаана юу хийж байгаа нь харагдахгүй байна, Үндсэн хуулийн дагуу сонгуулиа явуул гэж байна шүү дээ.

Та “ТУГ” бодлогын талаар та их ярих болж. Энэ талаараа дэлгэрүүлэн ярихгүй юу?

-Монгол Улс 1990 оноос хойш урт хугацааны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай явж ирсэн. 1990-2008 он хүртэл дөрөв дөрвөн жилээр Засаг барьж буй намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Харамсалтай нь сонгуулийн хугацаа дөрвөн жил тул дараагийн сонгуулиар өөр нам гарч ирж өмнөх бодлого, хөтөлбөрийг үгүйсгэн өөрийн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болсон.

Үүнийг засахын тулд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг УИХ баталсан. Урт хугацааны бодлоготой болоод түүнийхээ төлөө явдаг байя гэсэн ч харамсалтай нь үүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж өгч чадаагүй. Тийм ч болохоор зүгээр нэг хоосон цаас төдий зүйл болоод үлдчихсэн.

1990 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаандаа УИХ, Засгийн газар, аймаг, сумын ИТХ-ын баталсан 400 гаруй хөтөлбөр байдаг. Эднээс аль ч утгаараа хамгийн том нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого бол аймгийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөртэй байв. Гэвч эдгээр нь хоорондоо ямар ч уялдаа холбоогүй тул хэрэгжих шатандаа орхигдсон байсан юм. Үүнийг шийдэхийн тулд 2014 оны нэгдүгээр сард УИХ-д Монгол Улсын бодлого, хөгжлийн төлөвлөлтийг тодорхой болгоё гээд тогтоолын төсөл өргөн барьсан. Анх удаа УИХ-ын бүх байнгын хороод уг асуудлыг хэлэлцээд УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын урт хугацааны бодлого боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг нэг хүн ахалдаг байсан бол анх удаа гурван бүлгийн даргаар ахлуулан байгуулж байсан юм. Бүх яамдын стратеги төлөвлөлтийн газрынхан орсон дэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Ямартаа ч эхний байдлаар төсөл бэлэн болчихсон.

Урт хугацааны хөгжлийн бодлогод танай бүлгээс ямар санал оруулсан бэ. Хэр дэмжлэг авав?

-Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард МАН-ын XXVII Их хурал болсон. Уг хурлаар “Монгол Улс 2021” гэсэн хөгжлийн зорилтыг батлахад би ажлын хэсгийг ахалж байлаа. Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цаг сайтар судалгаа хийсэн байна. Бид өнөөдөр нэг л Монгол. Тэр утгаараа нэг л эрх ашиг, нэг зорилготой. Тиймээс нэг төрийн бодлоготой болох ёстой. Монгол Ардын нам, Ардчилсан намын тугийн доор жагсаж тэдний мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж байхаа больё. Бүгд Монгол Улсын төрийн далбаа гэдэг зүйл рүүгээ тэмүүлье, тэрнийхээ доор жагсъя. Өнөөдөр бидэнд “ТУГ” болсон бодлого хэрэгтэй байна. “Т” үсгээр нь Монгол төрийн бодлого тодорхой байя. Түүнийг хэрэгжүүлэх тогтвортой орчныг бий болгож тууштай ажиллах хэрэгтэй байгаа юм. Харин “У” үсгээр урт хугацааны бодлоготой байхын зэрэгцээ, дунд, богино хугацааны бодлоготойгоо уялддаг байх ёстой. Шаардлага гарвал өөрчлөлт оруулж байдаг уян хатан бодлого байх нь зөв гэдэг утгыг илэрхийлж байна. Тэгвэл “Г” үсгээр гарцтай, гаргалгаатай байх шаардлагатай. Бодлого нь хэрэгжих боломжтой, хэмжигдэхүйц байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол Үндсэн хуулийн дараа орох баримт бичиг. Улс төрийн намууд сонгуульд орлоо гэхэд үүнийг хэрэгжүүлдэг байх юм. Хэрэв шинэ хууль баталлаа гэхэд бодлогод нийцэхгүй байвал батлахгүй байх жишээтэй.

Та бид хоёр намрын чуулган завсарласны дараа уулзаж тус чуулганы үр дүнгийн талаар ярьж байсан. Тэгвэл удахгүй хаврын чуулган эхлэх гэж байна. Хаврын чуулганаас чухам ямар хүлээлт танд байгаа вэ?

-Миний хувьд удахгүй эхлэх хаврын чуулган монголчуудыг нэг тугийн доор нэгтгэж чадах “ТУГ” бодлогоо батлах ёстой гэж үзэж байгаа. Мөн чуулганаар хуулиудаас гадна эдийн засагтай холбоотой бодлогын баримт бичиг, Худалдааны тухай, Нийтийн сонсголын тухай, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Төрийн албаны тухай, Хяналтын тухай, Зөвшөөрлийн тухай гээд нийгэм, эдийн засагт хэрэгтэй хуулиудаа батлах ёстой. Сонгуулийн тухай хууль, шаардлагатай гэвэл Үндсэн хуульд ч гэсэн өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх л хэрэгтэй. Одоо бидний өмнө улс төржих биш хамтарч хийж, бүтээх цаг үе ирээд байна.

Засгийн газрын үйл ажиллагааны тал дээр таны бодол ямар байна вэ?

-Шийдлийн хэмээх шинэ Засгийн газар сайн ажиллахаас өөр зам байхгүй. Учир нь өмнөх Засгийн газраа хариуцлагагүй ажилласан, эдийн засгийн хямралт байдлыг бий болгосон гээд хариуцлага тооцон огцруулсан. Одоо бол ард түмний дунд үүсээд буй нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэхийн тулд сайн ажиллах л шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлээс гарах төлөвлөгөөг Их хурлаас баталчихсан. Үүнийгээ даруйхан хэрэгжүүлж, бодит үр дүн гарах ёстой л доо.

Засгийн газар хэр үр бүтээлтэй ажиллаж байна гэж та харж байгаа бол?

-Одоогоор бодитой үр дүнд хүрчихсэн зүйл алга байна.

МАН засгаас гарах уу. Та бултахгүй, булзахгүйгээр ний нуугүй л хариулаад өгөөч?

-Манай нам Засагт хамтрахдаа тодорхой асуудлуудыг шийднэ гэсэн. Тэр хүрээнд гэрээ байгуулсан. Эхний ээлжинд хямралыг давах төлөвлөгөө, Сонгуулийн тухай хууль гэх мэт томоохон зүйлс дээр гэрээ байгуулсан юм. Хамтарсан Засгийн газар байгуулагдан ажиллаад үнэхээр үр дүн гарч иргэдийн амьдрал сайжирч, эдийн засагт нааштай үр дүн гарвал заавал энэ Засгаас гарах шаардлагагүй. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улс орны эрх ашгийг өмнөө тавихгүй яваад байвал асуудлыг өөрөөр шийдэхээс өөр замгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: Чанга дуугарснаас нь, муулж гүтгэснээс нь айж төрийн ажлыг явуулахгүй

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа?

-Та хөдөө аж ахуйн салбарыг удирдаад багагүй хугацаа өнгөрлөө. Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан ч гарсан. Энэ хооронд газар тариалангийн талбарт юу амжуулж, ямар бодлого гаргав?

-Бидний нэн тэргүүнд анхаарах асуудал бол тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, улмаарсайжруулж га-гаас авах буудайг нэмэгдүүлэх. Таван жил тутам хөрсний үржил шимийн судалгаа явуулах хуультай. Таван жилийн өмнө хийсэн судалгаагаар нийт тариалангийн талбайн 50 орчим хувь нь хөрсний үржил шимийн доройтолтай гэж гарсан. Энэ жил уг судалгааг Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч хийнэ. Хөрсний үржил шимийг дээшлүүлэх асуудлаар хөрөнгө мөнгө шийдүүлэхээр холбогдох байгууллагатай ярилцаж байна. Мөн сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг газар тариалангийн салбартнэвтрүүлэх үүднээс удаан хугацааны техникийн лизингийн үйлчилгээ эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ асуудал шийдвэрлэгдвэл хөрс хамгаалагдана, га-гаас авах ургац нэмэгдэнэ, уринш хийх шаардлаггүй болно. Үүнээс гадна Хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авах хуулийн төсөл УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Батлагдвал эрх зүйн орчин таатай болж тариалан эрхлэгчдэд зээл авахад хялбар болно. Түүнчлэн Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 125 морины хүчтэй трактор 90 ширхэг, 165 морины хүчтэй трактор 42 ширхэг, комбайн 48 ширхэг удахгүй орж ирнэ. Тариаланчдад хөнгөлттэй нөхцөлөөр, 20-30 хувийн урьдчилгаатай, үлдсэн хувийг таван жилийн хугацаатай зээлээр олгоно. Энэ долоо хоног, ирэх долоо хоногт тариаланчдын зөвөлгөөнийг орон нутагт нь хийнэ. Энэ үеэр л амин зүйл, тулгамдсан асуудал, газар тариалангийн өнөөгийн нөхцөл, цаг агаар, технологийн дэвшил, зах зээлийн зарчимд нийцсэн газар тариалангийн бодлогын талаар ярилцаж салбарынхны саналыг авна. Үүн дээр үндэслээд УИХ-д Хүнс хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг, Засгийн газарт Газар тариалангын тогтвортой хөгжил хөтөлбөрийг энэ хавартаа багтаан оруулж шийдвэрлүүлнэ.

-Хаврын тариалалт эхэллээ. Нөхцөл байдал ямар байна вэ. Тариаланчид өнөө жил тариа тарих эсэхээ мэдэхгүй байна гэцгээж байгаа?

-Өнөө жил улсын хэмжээнд 328.6 мянган га-д тариалалт хийхээс 300 мянган га талбайд үр тариа тариална. Ирэх намартаа 320 мянган тонн улаан буудайг тарилан эрхлэх сан болон гурилын үйлдвэрүүдэд нийлүүлнэ гэсэн тооцоо гарсан. Хаврын тариалалттай холбогдуулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад дэмжлэг үзүүлж ажилдаг. Энэ ажил үргэлжилнэ. Хариндэмжлэг үзүүлэхдээ шалгуур тавихаар болсон. Байгуулсан гэрээнийхээ дагуу зээлийн эргэн төлөлтөө графикийн дагуу хийдэг аж ахуйн нэгжүүдэд урьдчилгаагүй, бага урьдчилгаатай зээл олгох, бусад дэмжлэг үзүүлэх гэх мэтээр ажиллана. Харин зээлээ цаг тухайд нь буцаан төлдөггүй, буудай тарина гэж төрөөс дэмжлэг авчихаад рапс тарьж асуудал үүсгэдэг аж ахуйн нэгжид тодорхой шалгуур тавина.

-Л.Цандэлэг Монгол Улс ирэх намар гурил үйлдвэрлэхгүй гээд мэдэгдчихлээ?

-Өнгөрсөн хугацаанд тариаланч гэх нэг, хоёр хүн маргаан гаргасан. Нэг нь чанаргүй будаа тарьсан, нөгөө нь тарьсан будаагаа зах зээлийн үнээс 250 мянган төгрөгөөр илүү үнэлсэн. Харин жирийн тариаланчдын зүгээс хөрс усаа хамгаална, тосны ургамал тарихгүй, хүнсний улаан буудайгаа тариална гэж байгаа.

Дээрхи асуудлаар хэн нь хэн бэ гэдгийг мэдэгдээ. Жинхэнэ тариаланч бол энэ салбарт зүрх сэтгэлээ өгсөн байдаг юм байна. Гэтэл зарим нэг нь ашиг багатай улаан буудай тарихгүй, хөрсний үржил шимд халтай байсан ч хамаагүй рапс тарина гэх мэтээр сүрдүүлж байна. Урьд найзан дундаа ажилладаг байсныг нь болиулж харилцагчийн түүх, бүтээгдэхүүний чанарт үндэслэж гэрээнд заасан үзүүлэлтүүдийг шаардаад эхлэхээр ХХАА-н яам бус Хууль зүйн яам боллоо гэж яриад эхэлж байна. Үүнийг би сайн гэсэн үнэлгээ гэж харж байгаа. Яагаад гэвэл аль ч яам хуулийн хүрээнд ажиллаж, хуулийн дагуу шаардлага тавих ёстой. Тариалангийн бизнес эрхлэгчдийн хоёр ч холбоо байна. Л.Цандэлэгийн, Ч.Пэрэнлэйнтэргүүлдэг.Тэдэнтэй уулзахад нийт тариаланчдын нийтлэг эрх ашгийг хамгаалсан гэхээсээ илүү өөрсдийн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалсан асуудал яриад байгаа ньч анзаарагдлаа.

-Нөөц үр хангалттай, намар болтол гурилаар дутагдахгүй юу?

-Аж ахуйн нэгж, иргэд 45 мянган тонн үр нөөцөлсөн байгаа. Дээрээс нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2400 тонн, Онцгой байдлын газарт 4мянган тонн хадгалагдаж байгаа. Улсын хэмжээнд 48 мянга орчим тонн үрийн буудай шаардлагатай. Шаардлагатай тохиолдолд нэмэлт үрийг импортоор оруулж ирэх бүрэн боломжтой.Гурил, буудайны нөөц аравдугаар сар хүртэл хангалттай.

-Дотооддоо хангалттай буудай тарьчихаад байхад тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж импортоор буудай авсан нь асуудал үүсгэсэн юм биш үү?

-“Тариаланчдын гар дээр борлогдолгүй үлдсэн буудай байхад импортоор буудай оруулж ирлээ” гэж нэлээд шуугисан. Засгийн газар хүлээцтэй байж, удаан сонсч хоёр ч удаа шалгалт явууллаа. “Шалгалтын дүнг нь нийтлэхгүй байна” гэж намайг бас л шүүмжиллээ. Шалгалтын ажлын хэсэгт тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчдээс хүмүүс оролцсон. Тодруулбал, Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос “Зургаан компанид үлдэгдэл буудай байна” гэсэн. Нийт 30 орчим мянган тонн буудайн үлдэгдэлтэй байгаа юм байна. Гэхдээ энэ нь зарагдаагүй бус Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар орж гурилын үйлдвэрүүдэд гэрээгээр зарагдчихсан юм билээ. Ингээд цавуулагийнх нь хэмжээг шалгахад хамгийн их хэл ам хийгээд байгаа Л.Цандэлэгийн Ургац хүдэр компанийн буудай л гэхэд дунджаар 18 хувийн цавуулагтай гэж гарсан. Шууд хэлбэл өнгөрсөн намар стандартад тэнцсэн гэж гурилын үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж тариалан эрхлэлтийн сангаас урамшууллын мөнгөө авчихсан байдаг. Гэтэл цавуулагийнх нь хэмжээ стандартад хүрэхгүй байгаа.

-Ц.Баатарсайхан, Л.Цандэлэг яам гурвын дунд одоо яг ямар асуудал байгаа юм?

-Яамны зүгээс ямар нэг асуудал байхгүй. Тэдгээр хувь хүмүүс хооронд ямар асуудал байгаа нь яаманд хамааралгүй.

-Гахайн хоолонд өгдөг улаан буудайг импортолсон гэх мэдээлэл бий?

-Мэргэжлийн хяналт, Гаалийнхан үүний хариуг өгөх байх. Манайх зөвшөөрөл өгөхдөө цавуулаг өндөртэй байх нөхцөлөө тавьсан.Хэрвээ тийм асуудал байвал гомдол гаргаж торгууль тавиулахаас эхлээд арга хэмжээ авах олон боломж бий. Одоо тариаланчдаас авсан буудайныхаа мөнгийг өгч чадахгүй байгаа гурилын үйлдвэрүүд бид гурилаа экспортолъё гэж байна. Энэ бол хамгийн их сэтгэл зовоосон асуудал. Одоо 36 тэрбум төгрөгийн ийм өр, авлаг байна. Хүн бусдыг өөр шигээ боддог. Тэгж яриж байгаа хүн оөрөө тийм зүйл хийдэг байсан юм байлгүй дээ.

-Улаанбаатар гурилын ах дүү нартай таныг 10 сая ам.доллар хувааж идсэн гэж бас мэдэгдээд байгаа?

-Чанаржуулах зорилгоор 20 мянган тонн буудай импортлох зөвшөөрөл олгосон. Оросоос Монголд орж ирэх улаан буудайны үнэ өвөл тонн нь 280 ам доллар байсан. 20 мянган тонн ньойролцоогоор 5.4 сая ам доллар болж байгаа. Гүтгэлээ гэхэд тоогоо зөв бодож баймаар юм. Яриж байгаа зүйлээ ч сайн ойлгохгүй ийм хүн 10 сая ам.доллар хувааж идсэн гэсэн ноцтой гүтгэлгийг хийлээ. Тиймээс миний зүгээс энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна. Төрөөс хамгийн их дэмжлэг авч байсан, монголын хамгийн том талбайд тариалалт хийдэг компаниудын эзэд л хуучнаа санагалзаад байх шиг байна.

-Хуучнаа санагалзана гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Хэн чанга дуугарсан, хэн телевизтэй нь орой бүхэн муулж гүтгэсэн гэдгээс нь айж ажил хэргээ явуулахгүй. Өмнө нь найзын дундаа явж байсан тэр хэлбэрээ үргэлжлүүлэх гэж оролдсон. Тиймдээ ч над дээр ирээд “Намайг газар тариалангийн зөвлөхөө болго. Миний энэ хүнийг Газар тариалангийн газрын даргаа болго. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн чинь 70 хувийг би хувьчилж авна” гэсэн шаардлагыг тавьсан. “Тийм зүйл байхгүй” гэхэд “Тэгвэл чи хараарай” гэсэн. Энэ жагсаал, цуглаан, нийт тариаланчдын нэрийг бариад байгаагийн цаана нь ийм л юм бий. Мөн үндэсний бүтээн байгуулалтын гэрэгэ гэх шагналыг авч байгаа Гачуурт компани бол төрөөс маш их дэмжлэг авсан байдаг. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд гурван тэрбум төгрөгийн сайн үүлдэрийн үхэр оруулж ирэхдээ бүх дэмжлэгийг авсан байгаа. Гэхдээ гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй луу унжсаар яваа. Уг нь төрөөс дэмжлаг авч том компани болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бизнесмэнүүд төлбөрөө цаг хугацаанд нь өгч байвал дараа дараагийн хүмүүст нь боломж олдож үйлдвэрлэгч компани олон төрөх боломжтой. Гэтэл ганцаараа монополь байхыг эрмэлзэж бусдынхаа дэвжихэд нь саад болж яаманд нөлөөлж ажиллана гэвэл болохгүй. Магадгүй бусдыгаа тариа битгий тариасай, ургац бага үнийг нь өсгөж байгаад хонжоо олно гэж бодож байж ч магад.Миний бие хатуу байр суурьтай байгаа учраас гүтгэлэг, дайралтыг хийж байна. Өөрсдийнх нь хүссэнээр байгаагүй учир өөрийнхөө телевизээр орой бүр гүтгэх нь хэрээс хэтэрлээ.

-Харилцагч компанийн түүхийг бичиж эхэлсэн гэсэн. Л.Цандэлэгийн компанийнх ямар байгаа юм бол?

-Шууд хэлэхэд муу. Зээл аваад зээлээ өгөлгүй он дамнуулдаг. Төр зарим авлагаа сая урамшууллын мөнгөнөөс нь суутгуулсан. Тэгэхэд уурлаж, дургүйцэж байна лээ. Тэглээ ч гэсэн одоо 300 орчим сая төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байгаа. Уурласан уурлаагүй бид мөнгөө авч дараагийн хүмүүст нь дэмжлэг үзүүлэх ёстой. Эргэлтэд оруулж дараа жилийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тэднээсдэмжиж өгсөн мөнгийг авахаас өөр ямар ч арга байхгүй. Өмнө нь чийгтэй хөгцөрсөн буудайгаа танил тал, дарга нарын нэр барьж өгөх гэдэг, сүрдүүлдэг, загнадаг гээд энэ хүний талаар олон л мэдээлэл байна. Ер нь ном ёсоороо чанартай буудайгаа нийлүүлээд, гэрээнийхээ заалтын дагуу ажиллаад байвал тухайн компани том, жижиг гэлтгүй улсаас үзүүлэх дэмжлэгт нэг ижил зарчим л үйлчилнэ.Өнгөрсөн долоон жилийн хугацаанд нийт 460 орчим тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байдаг.

-Үнийг чөлөөлж, зах зээлийн боломж олго гэж шаардаж байгаа. Үнийг чөлөөлчихөж болдоггүй юм уу?

-Өмнө нь бас л жагсаал цуглаан хийж байгаад нэг тонныг нь 550 мянган төгрөг болгоё гэсэн юм билээ. Үнэ тогтоож өгсөн энэ асуудал дээр Аудитын дүгнэлт гарсан. Үнийг зарлах нь хууль зөрчсөн гэж. Тэгэхээр зах зээлийнхээ зарчмаар үнэ нь чөлөөтэй болно. Ер нь бол буудайны үнэ чөлөөтэй байдаг ба харин Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн авдаг буудайн үнийг салбарын сайд тогтоох журамтай. Энэ жилээс улаан буудайг Хөдөө аж ахуйн биржээр худалдаална. Туршилтын худалдааг хийнэ. Тэр хүн илүү гарсан буудайгаа хаана, хэдэн төгрөгөөр зарах нь хувийн асуудал. Ер нь бол стандартад тэнцсэн буудайг хэн ч л авна.

-Үнэ чөлөөлөхөөр урамшуулал өгөхөө болих уу?

-Бусад улс орон яадаг юм гэдгийг судалж байгаа. ОХУ-д л гэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж байхад тэр нь улсын нөөцөд тариаланчдынхаа буудайг худалдаж авдаг юм билээ. Гурилын үнэ өслөө гэхэд нөөцөөсөө гаргаж интервенц хийгээд явдаг байх жишээтэй. Тэгээд ч буудайг биржээр худалдаад эхэлбэл манайхаас авна гэж гэрээ хийчихээд авахгүй байна гэж гомдоллохоо больж бүх стандартын шаардлага тавигдаж зах зээлийн горимоороо явна. Ер нь бол урамшууллын асуудал УИХ, Засгийн газрын түвшинд шийдэгдэнэ. Бид зах зээлийн жамаараа явахаар асуудал ямар байх нь вэ гэдгийг судалж байна.

-Таныг мэргэжлийн бус хүн учраас салбарыг унагаж байна гэх шүүмжлэл бий. Энэ тал дээр та ямар тайлбар хийх вэ?

-Би энэ салбарт сонирхлын зөрчилгүй хүн. Нэг га талбай, нэг дэлгүүр ч үгүй. УИХ-ын гишүүн болоод Өргөдлийн байнгын хороог даргалсан. Тэгэхэд хамгийн их өргөдөл малчид, тариаланчдаас ирсэн. Эндээс бэлчээрийн, газар тариалангийн хөрсний ашиглалтын асуудал хүндэрсэн нь харагдсан. Бэлчээрийг БОНХ-ийн яам хамгаална, бүртгэлийг нь БХБ-ын яам хөтөлнө, хяналт нь Шадар сайдын эрхлэх асуудалд хамаарна, манай яам ашиглалтыг нь хариуцаж явна. Газар тариалангийн салбар ч ялгаагүй ийм. Гэхдээ ашиглаж байгаа хүмүүс талбайгаа хайрлаж, хамгаалж, арчлах ёстой. Энэ дагуу ХХААЯ хөдөө аж ахуйнхаа эдэлбэр газрыг анхаарах цаг нь болчихож. Тиймээс хууль эрхзүйн орчинг нь боловсронгуй болгож ангилах ёстой юм байна. Газар тариалан, бэлчээр, уул уурхайн гэх мэтээр. Энэ тохиолдолд гадныхан уул уурхайд хөрөнгө оруулахдаа ч дуртай байх болно. Асуудлыг 2016 оноос өмнө хуульчилахаар ажиллаж байгаа. УИХ-ын гишүүнээр давхар ажиллах гол шалтгаан маань ч энэ болж байна.

Л.Мөнхтөр

Categories
мэдээ цаг-үе

Гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо: Төрсөн дүү шигээ хайрладаг Билгүүнийхээ араас ямар их харамсаж байна вэ

Шинэ үе” продакшны захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Намсрайжавын Ариунболдтой ярилцлаа.

Юуны өмнө танд баярын мэнд хүргэе. Инээдмийн баярын өдөр (өчигдөр) уулзаж байна. “Азтай бадарчин” болоод л, хошин урлагийн үе үеийн жүжигчдийн нэгдсэн тоглолт болоод л, тэр бүгдэд та гол дүрд нь байсан. Харин энэ удаа чимээ аниргүйхэн баярын өдрөө өнгөрүүлж байх шиг байна. Сонин хэвлэлд ч яриа өгөлгүй багагүй хугацаа өнгөрчээ?

-Жил бүрийн дөрөвдүгээр сарын нэгнийг инээдмийн баяр гэж дэлхийн олон оронд тэмдэглэдэг. Манайд ч ялгаагүй. Зарим хүмүүс нэгнээ хуурдаг өдөр гэж ойлгох нь бий. Миний хувьд инээдмийн баяр гэдгээр нь талархан хүлээн авдаг. Архи дарс, бэлэг сэлт гээд ямар нэгэн чирэгдэл, зовлонгүйгээр тэмдэглэдэг хамгийн гэгээн баяр юм. Эдийн засгийн хямрал гээд хэн хүнгүй л бухимдалтай, гачигдалтай байх шиг байна. Тиймээс энэ өдөр бүхнийг умартаж, хүн бүр хөл хөгжөөнтэй, баяр цэнгэлтэй байгаа нь мэдээж. Бичигдээгүй хууль гэдэг шиг монголчууд инээдмийн баярыг хөл хөгжөөн болгон тэмдэглэж чаддаг ард түмэн дээ. Хошин урлагийн тоглолт үзэх, орой гэртээ инээдмийн кино үзэх, тэр өдрийн сониноос хошин зураг үзэж баясах, хошин урлагийнхны яриа хөөрөөг уншиж сэтгэлийн цэнгэл эдэлдэг.Ийм л өдөр уулзлаа, бэлгэшээлтэй байна.

Нэгэнт инээдмийн баяраас яриагаа эхэлснийх хошин урлагийн өмнөх жүжигчдийнхээ тухай дурсахгүй юу. “Элдэв зураг”-ийн Жанчивдорж, Дашхүү, за тэгээд Дорлигжав, Цэвээнравдан, алиалагч Батсүх, Латиф гээд аваргууд байлаа даа?

-“Шинэ үе” продакшнаа байгуулчихаад байх үедээ Жанчивдорж гуай, Дашхүү ах хоёрыг урьж тоглолтдоо оролцуулдаг байлаа. Алиалагч Батсүх ах маань бидэнтэй мөн л уран бүтээл хамтарч хийгээд явж байсан. Тэр он жилүүд энүүхэнд л юм шиг санагдаж байна.

Цэрэнпагма, Дорлигжав, Цэвээнравдан энэ хэд бол инээдэм гэдгийг жинхэнэ утгаар нь олон түмэнд мэдрүүлдэг, хошин урлагийн жүжигчдийн ур чадвар ямар байхыг үлгэрлэн үзүүлсэн авьяастнууд. Тэд үе үеийн уран бүтээлчдийн зүрхэнд мөнхөрч үлдсэн байна. Бүгдийнх нь зүрхэнд өөрсдийнхөө бүтээсэн дүрээрээ тамга дарчихаад яваад өгсөн байна. Тэдний л гар хөлөөс зүүгдэж хошин урлагийн босгыг алхжээ. Баачка ах (гавьяат жүжигчин Д.Батсүх) надад хэлдэг байсан. “Миний хүү мундаг шүү. Инээдэм гэдгийг зөв мэдэрч тоглож байгаа чинь сайн хэрэг” гэж урмын үгээр шагнаж байлаа. Инээдэм гэдэг бол хэт их маазрал бас биш, жинхэнэ жүжигчний ур чадварыг шалгадаг төрөл жанр юм байна гэдгийг аваргуудаас сонсоод ойлгож байлаа. Батзаяа, Сосорбарам, Чаминчулуун, Туяа гээд бүгд л бидэнд үлгэрлэж ирсэн, хошин урлагийн зам мөрөөр замнасан уран бүтээлчид. Бүгдийнх нь тухай л яримаар байна.

Та хэсэгтээ л чимээгүй байлаа. Чимээтэй байлаа гээд ч яах билээ. Танай хамтлагийн жүжигчин бүсгүйчүүд нэгнээ халуун усаар шалзалж, нийгэмд дуулиан дэгдээсэн. Уг хэрэг түүнийг тойрсон шуугиан намжиж амжаагүй байтал танай хамтлагийн авьяаслаг залуу жүжигчдийн нэг Билгүүн автын ослоор, цаг бусаар амиа алдаж дараалсан айхтар юм боллоо?

-Морь жил надад их хатуу байлаа. Дараалсан хоёр айхтар зүйл гэж өөрөө манай продакшнтай холбогдуулж хэлж байна. Миний хувьд бас нэг айхтар зүйл, уй гашуу тохиосон. Олон түмэн мэдэж байгаа. Оюутан ахуй цагаасаа салалгүй нөхөрлөсөн уран бүтээлийн анд Амбий маань бурхны оронд одсон. Үүнд маш харамссан. Сэтгэлийн дарамт, уй гашуу энэ бүхнийг хүн даваад л гарах хэрэгтэй. Хүмүүний амьдралын зовлон гунигийг тойрч өнгөрч болдоггүй. Хатуу бэрхийг сэтгэлийн хатаар даагаад л гарах чадвар хүнд байх л учиртай. Миний бие энэ хугацаанд ингэж л бодож, өөрийгөө зоригжуулж, хатуужиж байлаа. Манай хамтлагийн хувьд дараалсан хоёр айхтар зүйл тохиосон. Зовлон зүдгүүр амсаад ирэхээр хүн өөрийн эрхгүй хатууждаг юм байна. Хүнээрээ байж хорвоог туулахсан гэж боддог юм байна. Бусдынхаа зовлонг өөрийнх мэт хуваалцаж, уй гунигийг нь хамтдаа амсах учиртайг ойлгодог юм байна. Бусдын жаргалыг мөн өөрийнх мэтхүлээн авч чин зүрхнээсээ баярлаж чаддаг байх хэрэгтэйг сайтар ухаарлаа.

Манай “Шинэ үе”-ийн залуучууд энэ бүхнийг хамтдаа л давж гарсан. Хүмүүний амьдралын баяр гуниг ээлжилдэг шиг жаргал зовлон хэмжээтэй байдаг хойно бидэнд учирсан аюул зовлон ингээд дуусч байгаа байх гэж итгэж найдаж байна даа. Хэн хэн нь хүлээцтэй, тэвчээртэй байж чадалгүй тийм айхтар зүйл хийсэн уран бүтээлч хоёр дүүгийнхээ өмнөөс харамсаж байна. За тэгээд төрсөн дүү шигээ сэтгэлдээ хадгалж, хайрлаж явсан бүрлээч Билгүүнийхээ араас ямар их харамсаж байна гээч. Харамсаад ч ханахгүй юм. “Шинэ үе” продакшныг байгуулж залуучууд, дүү нараа олны танил болгосон гэхээсээ илүү тэд өөрсдөө хошин урлагт тодрон гарч ирсэн авьяастнууд байсан. Бооёогийн хүчээр биш тэд өөрсдийнхөө хүч хөдөлмөр, авьяас чадвараараа мандсан юм шүү. Би ингэж хэлэх дуртай. Хүнд бэрх цагт бидний зовлонг хамт хуваалцаж, гудманд таараад “За Бооёо минь хугарч, нугарч болохгүй шүү. Зовлонг даагаад гарна шүү. Билгүүний осол золгүй явдал. Түүнд чи өөрийгөө буруутгаад шаналаад байх хэрэггүй. Ард түмэн чамайг, та бүгдийг урьдынхаараа л хайрлана” гэж хэлэхэд нүдний нулимс гарах шиг болж байсан үе надад бий. Сэтгэлийн дэм өгч, уй гунигийг минь хуваалцаж байсан ард түмэндээ баярлаж байна.

Оюунтуул, Алдармаа хоёрын дуулианы дараа та манай сонинд ярилцлага өгч байсан. Түүнээс хойш чимээгүй байлаа. Шүүх хурлын явцын талаар танаас асуух гэсэн юм. “Олон хүний нэр төрийн асуудал яригдана” гээд шүүх хурал хаалттай болсон. Тэр ямар учиртай юм бол?

-Яалт ч үгүй л нэг тогооноос хоол идэж явсан хоёр уран бүтээлч дүү минь. Тэр хоёрхэн хэн нь гэмшдэгээ гэмшээд бүх зүйл болоод өнгөрсөн. Миний бие нэгэнт болоод өнгөрсөн тэр хоёрын асуудлыг сэргээж, сэдрээж, үйл тамыг нь үзэх гэж байгаа юм шиг дахин дахин ярихыг хүсэхгүй байна. Нэг нь эмчилгээндээ яваад, нөгөөдөх нь хариуцлагаа хүлээгээд байж байгаа. Хоорондоо сайн ойлголцсон. Амьдралын зам гэдэг урт шүү дээ. Залуу хүнд алдах онох зүйл бишгүй л тохиолдоно. Тэр хоёрыг олон сайхан ирээдүй, он жилүүд хүлээж байгаа. Бүхнийг дахиад шинээр эхлээд зүтгэхэд залуу хүмүүст цаг хугацаа байна. Цаашид урлагтаа зүтгэх үү, өөр салбарт хүч сорих уу гэдэг тэдний өөрсдийн асуудал. Хэрвээ урлагт хайртай гээд бидэн дээрээ хүрээд ирвэл цаашаа гэхгүй. Шинэ бүтээлдээ дүр хуваарилаад урьдынхаараа ажилдаа орно.

Талийгаач Билгүүний талаар танаас бас л асуухгүй өнгөрч болохгүй нь уучлаарай. Та түрүүнд хэллээ, төрсөн дүү шигээ хажуудаа авч явжээ гэж. Үнэхээр авьяаслаг сайхан залуу байсан. Даанч богино настай байжээ?

-Хамтлагтаа залуу жүжигчид сонгож авах гэж Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангид очихдоо Билгүүнийг анх олж билээ. Найдангийн Ганхуяг багшийн анги л даа. 110 тоотод хоёрдугаар курсынхэн хичээллэж байхад нь би орсон юм. Отгоо, Ганбаа, Билгүүн гурав чинь нэг ангийнхан. Хуруу зааж, өөрийн биеэр зүсэлж авсан дүү нар минь юм. Билгүүн шууд л нүдэнд тусч билээ. Туранхай, жижгэвтэр, дэлдэн банди нүд нь гялалзаад зогсож байсан сан. Их сэргэлэн, хурц нүдтэй хүүхэд харагдсан. Ангийн нөхдийнх нь өмнө зогсоож байгаад “Ах нь чамайг хамтлагтаа авна. Чи маш их таалагдаж байна. Хаанахынх вэ” гэж асуутал “Төмөр замынх” гэв. Бид хоёр чинь нэг дорынх юм байна гэж бодтол миний төгссөн 51 дүгээр сургуулийг төгссөн болж таараад бүр ойртуулчихаж билээ. Ингэж хоёрдугаар курсын оюутан хүү манай хамтлагт орж ирээд амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл ахынхаа дэргэд явсан. Үеийнхэн дундаа үнэндээ цахиур хагалсан жүжигчин байлаа. Нэгнээ амьдад нь магтаж, хайрлаж байя гэж хүмүүс хэлдэг. Би дүүгээ сэрүүн тунгалагт нь нүүрэн дээр нь хэлдэг байсан. “Чи бол үеийнхнээсээ тасарч байна шүү” гээд л хэлнэ. “Үнэн үү, Бооёо ахаа” гээд баярлаад ирнэ. Үнэндээ золгүй, азгүй юм болсон л доо. Манай жүжигчин Аси тэргүүтэй гурав дөрвөн уран бүтээлч хамт явсан. Бусад нь зүгээр. Аси маань одоо киноны уран бүтээлд орчихоод явж байна.

Удахгүй танай продакшны кино нээлтээ хийх гэж байна. Тэр талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Хөгжилтэй гэр бүл” гэж инээдмийн кино юм. Уг бүтээл дөрвөн гол дүртэй. Түүний нэгд манай бүрлээч тоглосон. Уран бүтээлч хүн хэдий орчлонгоос явсан ч гэсэн хүмүүсийн сэтгэлд дэлгэцийн бүтээлээрээ гэрэлт цамхаг босгодог. Талийгаач дүү минь “Хөгжилтэй гэр бүл” киноны дүрээр тийм гэрэлт цамхаг босгож чадсан. Бид бүхний дараа үеийн ур чадвар энэ киноноос харагдана гэж бардам хэлэх байна. Билгүүнийг “За чи, нам авлаа ш дээ. Угийн од хүн. Гэвч энэ кино чамайг улам бүр мандуулнаа” гэж хэлж байсан. Гэвч киноныхоо нээлтийг үзэж чадсангүй нь харамсалтай. Энэ бүтээлд урилгаар гавьяат жүжигчин Чаминчулуун, Оюундарь, драмын театрын жүжигчин Нармандах, Пүрэвдорж болоод хошин урлагийн Өлзийхүү, Аси гээд олон уран бүтээлчид оролцсон. Инээдмийн жанрын гол бүтээл болно байх гэж итгэж байна.

Монголын хошин урлаг нэгэн үеийн гол төлөөллүүд бүр тодруулж хэлбэл, тулгын гурван чулуу нь Амбий, Хүрлээ та гурав байсан. Хамтарч уран бүтээл хийж байхдаа олныг хэрхэн яаж байлдан дагуулж байлаа. Хошин урлагийнхан гэхээр хүмүүст Амбий, Бооёо, Хүрлээ гэсэн нэр л шууд буудаг. Гэвч уран бүтээлийн анд тань хорвоог орхилоо. Анх танилцаж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Сайхан хүнийг дурсах сайхан байдаг. Инээдмийн баярын энэ өдөр андаа дурсаад сууж байгаа минь надад сайхан байна. Нэг талаар сонин сэтгэгдэл төрж байна. Итгэхгүй ч байгаа юм шиг. Хүрлээ бид гурав ямархан уран бүтээлчид байсан, хэр хэмжээний уран бүтээл олонд хүргэж сэтгэлийн цэнгэл эдлүүлснийг яриад баршгүй. Манай Амбий бол хошин урлагийн төлөө төрсөн, хүмүүст инээдэм хөгжөөн, сэтгэлийн баяр баясгалан өгөх гэж хорвоод ирсэн уран бүтээлч байлаа. Бид хамтарч ажиллаад дараа нь тус тусынхаа бизнесийг хөөсөн. Амбий маань өөрөө бас хамтлаг байгуулсан. Гэвч сэтгэл зүрхнээсээ алхам ч холдоогүй дээ.

Би муу найзыгаа үргэлж бодож, бие хаа нь гайгүй л байгаа даа. Ойрд ямар бүтээл дээр ажиллаад манаргаж байгаа бол гэж боддог байлаа. Сүүлд өнгөрөхийнх нь өмнө очиж уулзсан. Огтхон ч гуньж гутралгүй хорвоог орхисон.

Бид хоёрын танилцсан түүх бас сонин. Би СУИС-ийн оюутан боллоо. Манай хүн Дорнодоос мөн оюутан болоод ирж байгаа юм. Бид хоёр удаа ч үгүй дотно нөхөрлөлөө. Манайхаар орж гарч, хооллож ундалж хамаг л юманд хамт байлаа. Тэгтэл Амбийгийн аав Цэвэгсүрэн гуай Дорнодоос яриад “Миний хүү яажшуухан байна. Наана чинь аавтай нь хамт Дорнодын театрт ажиллаж байсан Намсрайжав гэж найруулагч бий. Тэднийхийг сураад очдог юм шүү” гэж хэлэхэд мань эр хэдийнэ олоод ирчихсэн, хүүтэй нь нөхөрлөчихсөн байж билээ. Ингэж хорь ч хүрээгүй хонгор зүстэйгээсээ нөхөрлөсөн юм. Соёл урлагийн их сургуульд хамт суралцаж, хамт төгсөж, драмын театрт хамт ажиллаж, дараа нь “Шинэ үе”-ийг хамтдаа байгуулж байсан гээд бодохгүй юу. Найзынхаа тоглосон бүхий л уран бүтээлийг нь үздэг. Хамгийн сүүлд “Содура” киног нь үзээд өөрийн эрхгүй найзынхаа авьяас билгээр бахдаж сууна. Ийм л дотнынхоо андыг, төрснөөс ялгаагүй хайрт дүүгээ ойрхон алдлаа. Ахиад хэлэхэд, баяр гуниг ээлжилдэг хорвоо юм даа. Илүү ихийг хийж бүтээх он жилүүд намайг хүлээж байгаа гэдэгт итгэл дүүрэн байнаа, ах нь.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Хүмүүс ар гэргүй, бүл цөөнтэй, холоос ирсэн хавдартай өвчтөнүүдийг эргэж, тойлдог болжээ

“Жавзандамба хутагт төв” төрийн бус байгууллага нь 2013 оноос эхлэн Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран “Өвчтөний сэтгэлийг асрахуй” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Өвчтөнийг асрах тусгай сургалтад суусан лам нар өвчтөний сэтгэлийг асрах, сэтгэл заслын уулзалт, бясалгал хийх зэргээр тус дэм болдог аж. Харин эдний үйл ажиллагааг дэмжиж энгийн иргэд ар гэргүй, бүл цөөнтэй эсвэл хөдөө орон нутгаас ирсэн өвчтөнийг эргэж тойрох, хоол цайгаар эргэх, эм тарианы төлбөрт нь мөнгө хандивлах, боломжоороо ээлжлэн сахиур хийж, ном сонин сэтгүүл уншиж өгөх зэргээр тусалдаг юм байна.

Хавдар гэдэг өвчин дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа. Тэрэн дундаа манай улсад хавдрын өвчлөл байнга нэмэгдэж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоосоор буй. Хавдраар өвчилснөөр тухайн хүн болон гэр бүлийн амьдралын хуучин хэмнэл, зорилго, үнэт зүйл гээд бүхий л зүйл өөрчлөгддөг. Энэ бүхнийг дагаж айдас түгшүүр сэтгэл хоосрол, аргаа барах зэрэг ямар нэг нөхцөл байдал тохиолддог. Өвчтөн, түүний ар гэрийнхэн сэтгэл засалд хамрагдаж, өвчин болон эмчилгээний талаар мэдлэг мэдээлэлтэй байх тусам айдас түгшүүрт автах нь багасч, өвчлөлийн үеийг тэнхээтэй даван туулдаг нь судалгаанаас харагджээ. Тийм болохоор өвчтөн анх оношлогдсон цагаасаа эхлэн сэтгэлээ асрах, сэтгэл заслын тусламж дэмжлэг авч байвал эдгэх, хүндрэлээс сэргийлэх ач тустай байдаг гэнэ.

“Жавзандамба хутагт” төвийн лам нар хавдраар өвчилсөн хүмүүстэй оношлогдох үеэс нь л эхлэн холбоотой ажилладаг юм байна. Мэдээж хавдраар өвчилсөн гэдгээ дуулсан ямар ч хүний сэтгэл хямарна. Энэ үеэс нь л эхэлж зөвлөж, айдас түгшүүр, сэтгэл гутралыг даван туулах бясалгал, Бурханы сургааль номын тухай ярилцаж, эмчилгээ хийлгэх урам зориг өгдөг юм байна. Мөн тухайн өвчтөний ар гэрийнхэнтэй уулзан ярилцаж зөвлөнө. Хэрэв эцсийн шатанд орвол үхэлд хэрхэн бэлтгэх, хойд төрөл, үхэл мөнх бусын тухай Бурханы ном, сургаалийн талаар тайлбарлах зэргээр бүхий л талаар сэтгэлийн дэм өгдөг аж.

Цагаан сарын урьд орой буюу битүүний өдөр хавдрын эмнэлгийн туяа эмчилгээний тасагт өвчтөнүүдэд зориулан “Буян номын өргөө”-г тохижуулан хүлээлгэж өгчээ. Манал бурхан залсан энэ өргөө бол өвчтөнүүдийн хувьд бурханд хамгийн ойр очдог газар гэж ярилцдаг гэнэ. Хүн өвчин зовлонд унахаараа л сая нэг юм эмч, ламд очдог. Эмч, ламтай уулзуулдаг энэ өргөөндөө өвчтөнүүд орж суугаад бясалгах их дуртай байдаг гэсэн.

“Жавзандамба хутагт” төвийнхөн ерөнхийдөө ийм ажил хийдэг бол тэдний ажлыг дэмжиж туслан бүхий л зүйлд нь гар бие, сэтгэлээ зориулдаг хувь хүмүүс олон гэнэ. Тэдгээр хүмүүс фэйсбүүк, твиттерт нэгдээд хэн хэн, хэзээ яаж, хэрхэн эргэх вэ, хэнд яаж туслах вэ гэдгээ нарийн тогтоогоод өвчтөнүүд дээр очдог юм байна. Долоо хоногт 1-2 хоёр удаа өвчтөнүүдийг эргэнэ. Маргааш ээлжит эргэлтээ хийхээр товлосон гэсэн.

Шинэ жилийн үеэр өвчтөнүүдэд эм тарианы хандив, бэлэг цуглуулсан бол цагаан сарын үеэр хавдрын эмнэлгийн хими, туяа, хөнгөвчлөх эмчилгээний тасгийн нийт өвчтөнүүдэд сүү, тараг үнэгүй өгсөн юм байна. Хөнгөвчлөх тасагт хэвтэж буй Архангай, Дорнод, Завхан аймгуудаас ирсэн өвчтөнүүдийг эргэсэн гэнэ. Хүүхдүүд нь өөр аймагт амьдардаг, тэр болгон хажууд нь байх боломжгүй, хэдэн малаа хүмүүс дээр орхиод ирсэн гэх шалтгаантай хүмүүс энэ тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.Мөн гэрээс нь эргэлт ирдэггүй нэгэн ч байдаг гэсэн. Тэрээр “Лавайн эгшиг” радиог өдөржингөө чихэндээ тавин бурхны ном даган баясч хэвтдэг юм байна. Өвчтэй хүмүүст учиргүй их мөнгө төгрөгөөр туслах гэхээсээ илүүтэй тасарчихсан байгаа тариаг нь олж өгөх, эргэх, цагаар сахиурын ээлж хийх зэргээр дэм болчиход л болно.

Завхан аймагт 80 хүрч буй аав, хоёр нялх хүүхэдтэйгээ амьдран суудаг өрх толгойлсон залуухан бүсгүй Хавдрын эмнэлэгт өнгөрсөн аравдугаар сараас хойш эмчлүүлжээ. Түүнд хандив мөнгө цуглуулж, хоёр ч удаагийн хими эмчилгээний зардлыг нь дааж, нутаг руугаа буцах онгоцных нь зардлыг олж өгөөд цагаан сарын өмнө гэр рүү нь явуулсан гэнэ. Мөн хэдэн бүсгүйчүүд цахим сүлжээгээр энэ талаар дуулаад эмнэлэгт 90 гаруй хонож эмчлүүлсэн, алс холын аймгаас ирсэн, ганц бие, хэдэнтээ хагалгаанд орж хими эмчилгээтэй байгаа гэх 5-6 өвчтөнд хоол цай хийж авчирч эргэсэн нь санаанд оромгүй том бэлэг болсон гэнэ. Энэ мэтээр хүмүүс “Жавзандамба хутагт төв”-ийн үйл ажиллагааг чадах чинээгээрээ, боломжоороо дэмжин сайн үйлсэд гар бие оролцдог юм байна.

Фэйсбүүк дэх “Өвчтөний сэтгэлийг асрахуй” хуудсанд “Энэ долоо хоногт Хавдрын эмнэлэгт эргэх асрах хүнгүй, холоос ирсэн, удаан хугацаанд эмчлүүлж буй хэд хэдэн халамж, анхаарал шаардсан хvн хэвтсэн байна. Эргэж тойрох, хандив өгөх, тус дэм болох хvмvvc байвал утсаа vлдээн мэдэгдэнэ үү” гэсэн зар тавьсны дор хүмүүс өөрсдийнхөө гар утсыг дугаарыг биччихэж. Шаналж, халамж анхаарал шаардаж байгаа нэгэндээ туслахын тулд хүмүүс ингэж нэгдэж ажиллаж байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: МАХН, МАН яагаад эвлэрч хамтарч ажиллаж болохгүй гэж

УИХ-ын гишүүн Д.Тэр­биш­дагватай ярилцлаа.

-УИХ-ын гишүүд чуул­ганы завсарлагаанаар сон­гогдсон тойрогтоо ажиллаж байгаа. Таны хувьд…

-УИХ-ын гишүүн намын жагсаалтаар болон тодорхой нэг тойргоос сонгогддог ч нийт ард түмний дуу хоолой, санаа бодлыг сонсдог, мэдэрдэг байх нь чухал. Тиймээс ганц­хан тойргийнхоо иргэдтэй уулзаад нэг дүүрэг, нэг аймаг, нэг сумын асуудал яриад суухыг урьтал болгодоггүй. УИХ-ын чуулганы энэ удаа­гийн завсарлагаанаар сон­гогдсон тойрогтоо төдийгүй Булган, Хэнтий, Төв, Архангай Өвөрхангай аймгуудын 30 гаруй сумдад, Сонгинохайрхан дүүргийнхээ 32 хороогоор нэг бүрчлэн явж нийтдээ 80 га­руй уулзалт хийлээ. Давхард­сан тоогоор нийтдээ 50 орчим мянган хүнтэй уулз­сан байна. Өвөл өнтэй болж, мал сүрэг нь өссөн учраас хөдөөгийн малчдын сэтгэл тэнэгэр байгаа нь ажиглагдаж байлаа. Харин төв суурин газрын иргэдийн хувьд бухимдалтай, амьдрал нь ч хэцүүхэн байна.

Уулзалтын явцад 600 гаруй санал хүсэлтийг иргэд амаар, бичгээр ирүүлснийг багцлан авч үзвэл улстөрчид, дарга нарынхаа үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, эдийн засгийн хямрал гүнз­гийрч байхад шийдэмгий арга хэмжээ авахгүй байгааг он­цолж байна. Өнөөдөр ард­чилал нэрийн дор төрийн дарангуйлал, хариуцлагагүй, эмх замбараагүй, хүссэнээрээ авирладаг анархи байдал бий бол­чихоод байгааг уулзалт хийсэн газар бүр хэлж, ярьж байна.

Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг сонирхохын зэрэг­цээ Сонгуулийн болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар асууж байна. Парламентын 76 гишүүний 28 нь пропорциональ буюу намын жагсаалтаар, 48 нь мажоритар буюу тойр­гоос сонгогддог холи­мог хувилбарыг хүлээн зөвшөө­рөхгүй, шүүмжилж байна. Мөн иргэд өөрсдийн­хөө эрх ашигтай холбоотой, лоббид автсан хуулийг баяр наадамтай давх­цуулан бөөндөж бат­лан, ард түмэн болоод Мон­гол Улсын эрх ашгийг хохироодгийг дахин дахин сануулж байна. Иргэд буруу бүхэнд хариуцлага тооцох, хяналт тавих, замбараагүй байдлыг өөрчлөхийг ямагт хүсдэг болчихжээ.

Эцсийн дүндээ нийт ир­гэд өөрчлөлтийг хүсч байна. Иргэд­тэй уулзсан тухайгаа, тэд юу хүсч, юун тухай бодож санаж байгааг нэгтгээд намынхаа бүлэг дээр танилцуулна. Цаашид УИХ-ын чуулганаар асуудал хэлэлцэхэд иргэд сонгогчдын байр суурийг илэрхийлж, бод­лого шийдвэрт тусгуулж ажиллахыг зорьж байгаа даа.

-Улстөрчдийн популизм иргэ­дийг ийм байр суурьтай бол­­гоод байгаа байх л даа?

-Үгүй дээ. Монгол хүний саруул ухаан, асуудлыг үнэлж цэгнэх үнэлэмжийг тэгж ч дорд үзэж болохгүй шүү.

Түмэн олон зөв бурууг шүүж тунгаагаад, хэн нь популизм хийж хошгоруулаад байна гэдгийг хэлүүлэлтгүй сайн мэднэ. Маш их мэдээлэл сайтай байна. Популизм уу, бодит үнэн үү гэдгийг маш сайн ялгадаг болсон. Ард түмнийг дутуу үнэлж болохгүй. Олон түмэнтэй уулзахгүй, тэдний үгийг сонсохгүй байж албан тасалгааны цонхоор харчихаад амьдрал сайхан байна гэж дүгнэж боломгүй. Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг дээ. Хүннү гүрэн байгуулагдсанаас хойших 2200 , Их Монгол Улсын 800-аад, Ардын хувьсгалын 70 гаруй жилийн түүхэнд монголчууд унаж босч байсан ч газар шороогоо ухаж байгаль дэлхийгээ сэндийчилгүй оршин тогтносоор бидний үед ирсэн. Гэтэл сүүлийн 20 гаруйхан жилийн дотор ухаж төнхөөгүй газар нутаг байхаа болиод байна. Энэ бүхэн хаана, хэнд үр өгөөжөө өгөөд байгаа юм. Ер нь иргэд эдийн засгийн хямралаас илүү төрийн алсын хараагүй бодлогод их бухимдаж байна шүү дээ.

-Хэтэрхий улстөрждөг болсны шинж үү?

-Иргэд өнөөдрийнхөө талханд санаа зовохоосоо илүүтэйгээр байгаль дэлхийгээ сүйтгэж, ашигт малтмалаа зөв зохистой ашиглахгүй гадныхантай хуйвалдаад цөлмөж, улстөр, эрх мэдлээр халхавчлан хүссэнээ гүйцэлдүүлж байгаад бухимдаж байна шүү дээ. Ардчилал нэрээр төрийн өмчийг үнэгүйдүүлэн худалдан авч, олон мянган мэргэжилтэй боловсон хүчнийг гудамжинд гаргаж, өмч хувьчлалаар халаасаа түнтийлгэсэн эсвэл ард түмний баялгийг зарж идээд хөрөнгөжсөн нөхдүүд улстөрд олуулаа болж хүчирхэгжиж, төрийг удирдаж байгаад шүүжлэлтэй хандаж байна. Төрийн өмчийг хэрхэн өмчилж авсныг овог нэр, албан тушаалтай нь нэрлэж байна. Тэд ямар арга залиар хөрөнгөжсөн шигээ л Монгол төрийн бодлогыг тодорхойлж, буруу тийш залж чиглүүлж байгаад эмзэглэх болсон байна. Олны үг ортой. Түмний нүд бурууд хурц гэдэг дээ. Үнэндээ 1990 оны ардчилсан хувьсгалын ололт, амжилтыг далимдуулж, улсын асар их өмчийг хувьчлал нэрээр хувьдаа авсан, социализмын үед бэлтгэгдсэн өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг гудамжинд гаргаж орхисон. Нийгмийг нуруун дээрээ үүрч явсан дундаж давхаргын олон мянган хүнийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлсэн учраас ядуурал нэмэгдсэн. Тийм нөхцөл бүрдэхээр түмэн олон бухимдана. Тэр сэтгэлзүйг номхотгох, таалагдах гэж улстөрчид элдэв гоё сайхан зүйл ярьж амлалт өгдөг болсон. Эргэж сонгогдохоо бодоод амлалтаа биелүүлэх гэж улсынхаа сан хөмрөгийг үр дүнгүй үрэн таран хийж ирсэн. Ийм л байдлаар замнаж, таатай олон боломжоо ашиглаж чадаагүй. Сүүлдээ халамжийн хавтгайрсан бодлого нь эдийн засгийг дэндүү сульдааж, тамирдуулах болсон шүү дээ. Өнөөгийн төрийн тогтолцоо хүндээ тэр тусмаа боловсон хүчиндээ дэндүү халгаатай байна. Би Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа нэг ч хүнийг ажлаас нь үндэслэлгүй халж байсан тохиолдол байхгүй. Ажилдаа эзэн болж, ажлаа хийж чадаж байгаа хүмүүстэй аль намынх байх нь хамаагүй хамтарч ажиллана гэсэн зарчим барьдаг байсан. Боловсон хүчнийг хайрлах хэрэгтэй. Өндөр чадвартай ажилтан болохын тулд өч төчнөөн хөрөнгө зарж, цаг хугацаа зарцуулж байж хүрдэг зүйл шүү дээ. Хичнээн өндөр хүчин чадалтай компьютер, хувилагч машин байгаад ч хүнийг орлож чадахгүй. Тийм болохоор сайн боловсон хүчин гэдэг улсыг авч явдаг “үнэт эрдэнэ” нь байдаг. Эцсийн эцэст хүний сайн сайхны төлөө биш юм бол ямар ч сайхан ардчилсан төр байгаад яах юм.

-Ийм учраас эдийн засаг хямарчихлаа гэж үү?

-Уг үндэс нь юунаас эхтэй гэдгийг сая би тодорхой тайлбарласан даа. Гэхдээ эдийн засгийн хямралыг бас өөрөөр харж байгаа. Хямраад байна уу, санаатайгаар хямруулаад байна уу гэдгийг тунгаах хэрэгтэй. Баялаг ихтэй улс орныг эдийн засгийн хямрал руу түлхэж, иргэдийн бухимдлыг дээд цэгт хүртэл тулгаж, тэмцэл, сөргөлдөөн, цуст мөргөлдөөн болох нөхцөлийг бүрдүүлдэг гэх. Ийм болгож байгаад дотоодын олигархиудтай гадны “эдийн засгийн алуурчид” нийлж бодлогоо хэрэгжүүлж, баялгийг цөлмөдөг туршлага дэлхий дахинд хэдийнэ ил болжээ.

Тийм ч учраас уулзалт хийж явахдаа хүчирхийллийн бус аргаар тэмцэх, монголчууд ухаантай байхын чухлыг тайлбарлаж явсан. Биднийг хооронд нь тэмцэлдүүлж, үзэн ядуулж, сөргөлдүүлж байгаад завшдаг гэдгийг мартаж болохгүй.

-Хэн санаатайгаар хямруулаад байгааг нэр цохоод хэлж болохгүй юмуу?

-Гадаад, дотоодын олигархиуд. Тэдний шуналын далайд ёроол байхгүй.

Намайг 2000 онд Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд болоход Монгол Улс үр тарианыхаа ердөө 17-20 хувийг л дотоодын ургацаар хангадаг байсан. Үлдсэн улаанбуудайг Америк, Японоос тусламжаар авч хэрэгцээгээ хангаж байлаа. 2000 оноос хойш төр засаг хөдөө аж ахуйн салбарын талаар оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүнд уналтад орсон газар тариалангийн салбар өндийж, малын тоо толгой эрчтэй өсч байна. Хэдэн жилийн өмнөөс дотоодынхоо улаанбуудайн хэрэгцээг монголчууд өөрсдөө бүрэн хангах боломжтой болсон. Мөн 2000 онд малын тоо 25 сая хүрэхтэй үгүйтэй байсан бол өнөөдөр 52 саяд хүрчихсэн байна. Монголын хөгжлийн ганцхан гарц нь уул уурхай юм шиг бодлогоо тодорхойлж байгаатай миний хувьд санал нийлдэггүй. Өндөр мэргэжилтэй боловсон хүчин, монгол хүн нь өөрөө хөгжлийн гарц. Хүнээ хөгжүүлж, сахилга хариуцлагатай байж, хууль дүрмээ сахин хэрэгжүүлж байх нь чухал. Тиймээс бид уул уурхай гэж хэт хошуурахгүй, хүмүүсээ мэргэжилтэй боловсон хүчин болгож сургаж бэлтгээд, хөдөө аж ахуйн салбартаа онцгой анхаарал хандуулмаар байна. Малтай, газар тариалангаа эрхэлж байгаа цагт монголчууд өлсөхгүй. Хэзээ ч ядарч туйлдаж байгаагүй. Монгол Улсын хөгжлийн нэг тулгуур “багана” нь яах аргагүй хөдөө аж ахуй. Магадгүй энэ салбар манай улсын тусгаар тогтнолын баталгаа нь ч байж мэднэ.

-Газраа л ухах хэрэггүй гэж үү?

-Норвеги зэрэг олон орнууд байгалийн баялгаа зөв ашиглан ард түмнээ сайн сайхан амьдруулж, улс орон нь хөгжин цэцэглэж байна. Харин эдийн засгийн “алуурчид” дотоодын олигархиудтай нийлчихээд баялаг цөлмөх ажиллагааг эхлүүлчихвэл баялгийн хараал гээч нь болдог бололтой юм. Монгол түмний заяа өндөр учраас ийм тавилан угтахгүй гэдэгт найднам. Уг нь Оюутолгойн гэрээг олигтойхон байгуулаад, бүрэн ашиглаж чадсан бол өнөөдөр Монголд Эрдэнэт шиг дөрвөн үйлдвэр босчих байлаа. Таван толгойг улстөрийн амлалтаа биелүүлэх гэж “барьцаанд” тавьж мөнгө зээлж тараагаагүй бол өдийд үр шимийг нь хүртээд сууцгааж байхаар байсан. Гэвч гадны эдийн засгийн “алуурчид” манайхны “гар хөл бологсодтойгоо” хавсайдаж эдийн засгийг хямруулж, иргэдийг турхирч, үймээн дэгдээгээд хамаг баялгийг хуу хамах вий гэсэн бодол сэтгэл зүрх сэмлэх юм даа.

-Гар хөл бологсод нь хэн гэж…

-2008 оны сонгуулийн дараа Үндсэн хууль зөрчиж “МАНАН”-гийн Засгийн газар байгуулагдсанаас хямралын эхлэл тавигдсан. Монгол Улсын Үндсэн хуульд олонхийн санал авсан эрх баригч нам нь төр барина, цөөн санал авч сөрөг хүчин болсон нь хяналтаа тавиад явна гэдгийг тов тодорхой заасан байдаг. Гэтэл Монгол Улсын тулгуур хуулийг уландаа гишгэж, иргэдийн сонголтыг үл тоож, хамтарсан Засгийн газар байгуулсан. Ингэж нэг хөнжилдөө орж байгаад л хуйвалдааны зарчмаар Тавантолгой, Оюу толгойн асуудлыг шийдсэн дээ. Энэ үеэс мордохын хазгай гээч зүйлүүд шил шилээ дараалаад өрнөсөн. Хуулиа л мөрдөхгүй, зарчмаа үл тоогоод ирэхээр замбараагүй байдал руу хүссэн хүсээгүй холбирдог гэмтэй. Нэг ёсондоо хууль нь эмх цэгцтэй байх тэр нь хана хэрэм болж байдаг хэрэг. Энэ хана хэрмийг нураачихаар хууль бус ажиллагаа, хуйвалдаан гаардаг юм байна. МАХН гэсэн нэрийг өөрчлөхгүй гэж нийт гишүүдийн 80 орчим хувь нь саналаа өгөөд байхад хэдхэн хүн хүчээр шийдсэн, гадны нэг компанитай гэрээ байгуулах гэж төрийн гурван сайд нь гарын үсэг зурсан, Тавантолгойн ордын өрмийг нь цэвэрхэн гартаа оруулсан гээд тоочоод байвал бишгүй их зүйл бий. Тэр нэгэн үйл явдал миний сэтгэлээс гардаггүй. Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордны их танхимд болсон юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Баяр нар парламент, Засгийн газрын гишүүд, дарга сэтэр зүүсэн “эвэртэн, туурайтнууд” түүхэн гэрээ хэмээн уйлалдах нь холгүй болцгоож байлаа. Тэр арга хэмжээнд 4-5 гишүүн оролцоогүй. Тэдний нэг нь би. Гадны компанийн өмнө Монгол төрийг тэгж бөхөлзүүлж, төр гэх тэр эрхэмсэг байдлыг нь үгүй хийснийг бодохоор харамсдаг юм даа. Оюутолгойн гэрээнд гурван сайд гарын үсэг зурах хэрэг юу байна. “Эрдэнэс-Оюутолгой” гээд төрийн өмчийн компанийн захирал төлөөлөөд гарын үсэг зурчихад болохгүй гэх зүйлгүй. Гадаадын улс орнуудын туршлагыг хараад үзээрэй. Гурван сайд зэрэг гарын үсэг зурж баталгаажуулдаггүй л юм билээ.

Хяналтгүй, сөрөг хүчингүй болсон цагт ханцуй дотроо наймаалцан улс орны эрх ашигт ноцтой байдал үүсч мэднэ гэж болгоомжлоод л хамтарсан засаг байгуулахыг 2008 онд эрс эсэргүүцэж, цөөнх болж байсан даа. Одоо ч миний энэ итгэл үнэмшил хэвээрээ. Сөрөг хүчингүй болохоор ажил бүтээд урагшилдаг, хөгждөг ч юм биш. С.Баярын энэ стандарт бус жишиг төрийн дээд шатандаа төдийгүй дунд, доод шатанд халдварлаж байна. Нэг үгээр хэлбэл, халдварт “өвчин” болсон гэхүү дээ.

-Яагаад халдварт өвчин гэж?

-Орон нутгийн сонгуулиар ч олонхи болсон нам нь хүртэл дангаараа эрх бариад явахын оронд шүүмжлэлгүй, сөрөг хүчингүй болохыг чухалчилдаг болжээ. Тэгэхээр энэ нь халдварт “өвчин” байгаа биз дээ. Миний сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт ч ийм байдал давтагдаж байна. 2012 оны орон нутгийн сонгуулиар дүүргийг удирдаад яв, хөгжүүлээд өг гээд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 22 суудлыг МАН-д, сайн хянаж бай гээд 17 суудлыг АН-д өгсөн ч дарга нар нь өөрсдийнхөөрөө найруулаад л манантуулчихсан. Ингэлээ гээд дүүрэг хөгжсөн зүйлгүй. Харин дүүргийн өнөө хэдэн АН, МАН-ын дарга нарын “ажил” нь эрүүл шүүмжлэлгүй, буруу зүйл нь ямар ч эсэргүүцэлгүй явагдаж, хүссэнээ гүйцэлдүүлж байх шиг. Одоо Сонгинохайрхан дүүрэг засаглалын хямралд оржээ. Орон нутгийн сонгуулиар дүүргийн АН-ын дарга МАН-ынхаа даргатай нууц гэрээ байгуулаад, ийм ийм албан тушаалыг хувааж авна гээд бүүр зоочихсон байсан нь саяхан илэрч дуулиан тарилаа. Сая дүүргийнхээ 32 хороогоор орж 3500 гаруй иргэд сонгогчидтой уулзахад дүүргийн удирдлагын аппаратаас нэг ч хүн яваагүй. Энэ нь иргэдээсээ зугтааж байгаагийн илрэл.

-Тэгэхээр таны хэлж байгаагаар Монгол Улс ийм байдалд хүрсэн нь С.Баяр гэдэг хүний буруу юм уу?

-С.Баяр болон түүний долдой нар. Нам намын харьяалалтай, өөрсдийгөө намын лидер гэж өргөмжилдөг, ард түмнийг хошгоруулдаг бүлэглэлийнхний талаар түмэн олон хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Нэг үйлдвэр ч удирдаж үзээгүй, бүтээн байгуулалт хийж яваагүй, үнэндээ хадаас ч хадаж үзээгүй нөхдүүд улс орныг сайхан болгоно гэж гоё ярьж ард түмэнд итгэл үнэмшил төрүүлдэг. Гэвч бодит байдал дээр тэдний ярьсан бүхэн хийсвэр байсныг ард түмэн хожимдож ухаарч байна даа. Биднийг төлөөлөөд төрийн эрх барьж, шийдвэр гарга гээд ард түмэн мандатаа өгчихсөн байхад хэсэг бүлгийн эрх ашигт захирагдаж, бурууд ташуур өгч, долдойддог нөхдүүд үнэндээ улс төрийг баллаж байна шүү дээ. Ганц өөдтэйхэн үг зоригтой сөрөөд хэлчих сэтгэлийн тэнхээгүй, ая тал зассан, өөрийн толгойгүй нөхдүүдийн тарьсан хор уршиг их байна.

-Тэгээд одоо яах ёстой гэж…

-Төрийн бодлогыг зөв тийш нь залж, Засгийн газар нь ажил хэрэгч, шударга, шийдэмгий, зоримог ажиллах хэрэгтэй байна. Гэвч өнөөдрийн дүр зургийг ажиглавал тийм итгэл төрөхгүй л байна. Шинэчлэлийн Засгийн газрыг унагаад Шийдлийн Засгийн газар байгуулсан. Сөрөг хүчнээ “өвөртөө” орууллаа. Ерөнхийдөө 2008 оны дараа өрнөсөн өнөөх манан будан дахин давтагдаж байна уу гэлтэй. Ямар ч сөрөг хүчингүй болгож, асуудлыг зөвшилцөл нэрийн дор ханцуй дотроо наймаалцан шийдэх шинжтэй. Шийдлийн засаг байгуулагдаад хамгийн эхний ажил нь л гэхэд Урт нэртэй хуулийг битүүний өдөр батлуулж, өнө эртний түүхтэй, өвөг дээдсийн шарил бунхантай Ноён уулыг ухах гэж дайрч, давшилж байх жишээний.

-Оюу толгойг бүрэн ашигласан бол дөрвөн Эрдэнэт үйлдвэртэй болох байсан гэж та хэллээ. Гэхдээ улстөрчдийн популизмаас болж гадаадын хөрөнгө оруулагчид үргэж Оюу толгой саатсан. Тэр популистуудын нэг нь таныг ч гэж хэлэх хүмүүс бий…

-Миний хувьд Оюутолгойг ашиглахыг эсэргүүцдэггүй. Харин ч ашиглахыг дэмждэг. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагчидтай эхнээсээ гэрээ хэлэлцээрийг зөв хийх ёстой, ийм зүйл дээр алдах нь гэдгийг хэлж байсан. Гэвч миний ч, бидний ч үгийг тэр үед ажил хариуцагч сайд, дарга нар даанч тоогоогүй. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг хандсан. Харин сүүлдээ цээжээ дэлдсэн эх оронч дүр эсгэгчид саад тотгор болж байна гэж элдвээр цоллох болсон доо. Үүнд эмзэглэдэггүй. Буруу замаар будаа тээгээд явааг дуугүй хараад суухгүй. Түмэн олны эрх ашигт үл нийцсэн шийдвэрийг толгой дохин хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэсэн байр сууринаасаа хэзээ ч ухрахгүй ээ.

Намайг Шадар сайд болоход Оюу толгойн гэрээний санхүүд шалгалт хийх талаар чиглэл өгсөн. Сангийн сайд, Уул уурхайн сайд бид гурав хамтарсан тушаал гаргаж Оюу толгойд санхүүгийн шалгалт оруулсан. Тухайн компанийн мууг үзэх гэсэндээ биш, бодит байдлыг нь тогтоох зорилготой байлаа. Гэтэл шалгалтаар хоёр тэрбум ам.долларын зөрчил илэрсэн. Ингээд 30 гаруй асуудал дээр засч сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийхээр Засгийн газар Оюу толгойн төслийн хөрөнгө оруулагчидтай ширээний ард сууж ихэнх асуудал дээр нь тохиролцсон. Эцсийн шийдэл гаргаж чадалгүй Засгийн газар огцорсон юм. Аль аль тал нь буулт хийж, төслийг үр ашигтай явуулах ёстой. Гэхдээ төслийг үргэлжлүүлнэ гээд улсад хохиролтой байдлаар шийдэж болохгүй гэсэн байр суурьтай байсан.

-Таны ярианаас Оюу толгойгоос болоод Засгийн газар огцорчихсон гэж ойлгогдох гээд байна…

-АН-ын фракцуудын зөрчлөөс засаг огцорсон нь тодорхой л доо. Гэхдээ зарим хүмүүс Оюу толгойтой холбон тайлбарладаг, харддаг л юм билээ. Хэнд ч хардах эрх бий. Гадаадын том компани өөрсөддөө ашигтайгаар эргүүлэхийн тулд Монголыг муухай харагдуулахаар гадна, дотнын сонин, сэтгүүлээр янз бүрийн мэдээлэл цацсан байхыг үгүйсгэхгүй. Тэдний хүслээр асуудал шийдэгдэхгүй болохоор Сангийн сайд асны нууц данс илэрсэн, олон улсад зарлагдсан, дараагаар нь С.Баярцогт МАН-тай хамтрах ёстой, хамтарсан засаг байгуулья гэж хамгийн түрүүнд санаачилсан цаг хугацаа ч давхцаж таардаг гэх. Гэхдээ энэ нь баталгаатай биш болохоор тийм гэж хэлэх боломжгүй хэрэг. Ер нь бол Оюу толгой төсөл хөрөнгө оруулалтаа хумихад л гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч байна. Түүнийг нь дагаад гадаадын олон компаниуд хөрөнгө оруулахаа харзнаж, долларын урсгал эрчтэйгээр саарч байгаа нь ч үнэн. Доллар хомсдохоор ханш савлаж, төлбөрийн тэнцлийн алдагдал өнөөдөр 1.4 тэрбум ам.долларт хүрээд байна. Бид гэдийхэд та нар хэр удаан тэсч, гүрийхийг харна аа гэсэн дээрэнгүй тулгалт ажиглагдаж байгаа нь нууц биш. Бид тавьсан болзлоосоо буцахгүй, хүлээж авахгүй бол дахиж санал тавихгүй гэж айлгахыг оролдож байна. Өнөөдөр бид ийм мухардалд орох “нүхээ” гэрээ байгуулж байхдаа “малтаад” өгчихсөн хэрэг шүү дээ. Тэр үед ийм алдаа гаргах гээд байна гэхэд анхаараад, чадвартай, мэдлэгтэй, сэтгэлтэй, мэргэжлийнхээ хүмүүсийн үгийг сонсч чамбай гэрээ байгуулсан бол өнөөдрийнх шиг хэрхэхээ мэдэхгүй алмайрч, аргаа барж, арчаагаа алдаж сууцгаахгүй шүү дээ.

-Н.Алтанхуягийн Засгийн газар огцроход танай намын дарга Н.Энхбаярын нөлөө байсан уу. Тэдний хийсэн гэрээний асуудал яригддаг л даа…

-Өөрөө өмдгүй байж өвдөг цоорхойг шоолно гэсэн үг байдаг даа. Фракц хоорондын зөрчил хэтрээд засгаа унагачихаад бусад руу буруугаа чихэж болохгүй л дээ. Хоёр намын дарга нар хамтран ажиллах гэрээгээ улам батжуулан гарын үсэг зурсны төлөө засаг унана гэж юу байхав. Нэг шалтаг төдийхөн л болсон байх. Тухайн үед улс төрийн намууд хамтран ажиллаж болох ч 2024 он хүртэл гэж урт хугацаагаар гэрээ байгуулах нь зохимжгүй гэж миний хувьд үзэж байсан. Хоёр өөр үзэл баримтлалтай хоёр нам ийм удаан хугацаагаар гэрээ хийх нь явцуу. Харин сонгуулиар аль нэг нам нь олонхи болоогүй тохиолдолд хамтран ажиллах, нийлж засаг барих туршлага дэлхий дахинд ч бий. Тэр утгаараа 2012 оны сонгуулиар АН илүү олон суудал авсан ч засаг барих хэмжээнд хүрээгүй учир МАН биш Шударга ёс эвслийг засагтаа орж ажиллахыг урихад хүлээн авсан. МАН хүчтэй сөрөг хүчин болсон шүү дээ. Гэвч дахиад манангаа санасан гэлтэй засгийг бужигнуулаад бүх улстөрийн хүчнийг засагтаа оруулаад бүр ч хяналтгүй болгочихлоо доо. Эйн Рейнд “Зөвшилцлийн Засаг бол Шинэ фашизм” гэсэн ном хүртэл бичсэн байна.

-Ер нь та шинэчлэлийн Засгийн газрыг хэр ажилласан гэж боддог вэ?

-Аль ч Засгийн газар дандаа магтуулаад байдаггүй. Шүүмжлэл байнга л дагаж байдаг. Харин санаатайгаар харлуулах, гутаах, муухай харагдуулах гэсэн “дайралтад” Шинэчлэлийн Засгийн газар арай хэт өртчихөв үү дээ гэж боддог. Нөгөө их “хөөсрөл” нь дарагдаад, хэн нь хэн бэ гэдэг цаг хугацааны аясаар тодроод ирэхээр олон түмэн шүүн тунгааж, харьцуулж байгаа байх.

Үнэндээ Н.Алтанхуягаар толгойлуулсан Шинэчлэлийн Засгийн газар чармайхын дээдээр чармайж, амралтын өдөр амралгүй зүтгэж ажиллаж байсан нь үнэн юм шүү. Хэд хэдэн аймгийг нийслэлтэй авто замаар холболоо, хотын түгжрэлийг сааруулахаар замыг дорвитой шинэчлэх алхам хийлээ, хурдны замын ажлыг эхлүүллээ, найман хувийн орон сууны зээлд хамруулж, дундаж давхаргыг орон сууцжуулах ажлыг эрчимтэй явууллаа гээд бидэнд хийсэн зүйл их бий. Харин Чингэс бондын зарцуулалт тааруухан байсан гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ л саараасаа сайн нь илүү жин дарна гэдгийг хаана ч бардам хэлнэ. Алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй.

-Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагааны талаар ямар дүгнэлттэй байгаа вэ?

-Дөнгөж ажлаа эхэлж байхад нь юу ярихав гээд өнгөрсөн хугацаанд чимээгүй, ажиглаж байлаа. Дөрвөн сар орчим гэдэг ажил хийе гэсэн хүнд чамлахаар бага хугацаа биш, хийхгүй аргацаах гэсэнд нь ахархан санагдах байх л даа. Гэвч шийдлийн Засгийн газар нэр шигээ шийдэмгий байж чадахгүй, дэндүү назгай ажиллаж байна. Хүмүүсийн итгэл эхнээсээ алдарч байна. Хагас сайн өдөр амардаг болж, Засгийн газрын хуралдааныг хуралдахгүй цуцлах биш харин ч ажиллах цагаа уртасгаж, хүчээ дайчилж ажилламаар л харагдах юм. Монгол Улсад хийх ажил маш их байна. Гэтэл юун түрүүнд зардлыг танах нэрийдлээр эхчүүдийн хүүхэд асрах тэтгэмжийн мөнгөнөөс хумслах тухай санал гаргаж, Ноён уулыг ухахгүй бол улс хөгжихгүй юм шиг аяглаж болохгүй ээ.

-Ноён уулын булш, бунхныг хамгаалах нь Монголын ард түмэнд ямар ашигтай юм гэж ярих хүмүүс ч байна лээ?

-Ноён уулыг ухах гээд байгаа компани өмнө нь Бороогийн 40 тонн алтыг олборлохдоо тогтвортой байдлын гэрээ гээчийг хийж татвараас чөлөөлөгдөж байлаа. Ингэж баялгаа ухууллаа гээд монголчууд юу хожсон юм бэ. Тэнд хот, тосгон боссон уу. Хэдэн сэндвичэн барилга босгож, баялгийг технологийн дэвшлийг ашиглан богино хугацаанд хуу хамчихаад, адаг сүүлд нь ичсэн нүүрэндээ эмнэлгийн өргөтгөл барьж өгөөд өнгөрөх шив дээ. Одоо бүүр амташсан хэрээ 13 дахина гэгчээр зүсээ хувиргаад ороод ирэх жишээний. Бид одоо ингэж хууртаж, ашиггүй гэрээ хийж болохгүй. Ноён уулаа ухахгүй байсан ч Монгол дампуурахгүй. Эдийн засгийн тооцоог нь харахаар Ноён уулыг ашигласнаар Монголд овойж оцойтлоо ашиг унахгүй л юм билээ. Тийм байхад түүх дурсгалын газраа ухуулж, сэндийчүүлж байхын хэрэг юу байна. Байж л байг. Хойч ирээдүй маань хэрхэхээ шийдэг. “Сентерра гоулд” гэдэг компани өнгөрсөн зунаас эхлээд төр засгийнхантай уулзаад гишүүдийн өрөөгөөр “Дэмжээд өгөөч” гээд гүйгээд байсан даг.

-Тантай уулзах санал тавьсан юм уу?

-Уулзах санал тавихад нь татгалзсан.

-Манай дарга нарын ийм үйлдлүүд Монгол Улс гадаад хөрөнгө оруулалтад дургүй гэдэг мессежийг дэлхийд өгөөд байдаг гэх юм билээ…

-Гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцээд, хөөж туугаад байгаа юм биш ээ. Харилцан ашигтай байх эдийн засгийн зарчмаа бариад, хамтраад төсөл хэрэгжүүлээд явах нь нээлттэй. Тэгэхгүй эрх мэдэлд ойр хэсэг нөхдийг “урхидаж авчихаад” шулж хөлжихийг бизнес биш дээрэм гэдэг юм.

-Н.Энхбаяр дарга та хоё­рын харилцаа ямар байгаа вэ. Сүүлийн үед та хажууд нь харагдахаа байсан, муу­далцсан тухай их ярих юм…

-Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө гэдэг байхаа. Бид хоёр энэ үгийг эрхэм чигээр нь тээж явах ёстой л доо. Уруул дордойвч, элэг дордойхгүй. Бид хоёрыг муудсан, хэрэлдсэн гэж яриа гарч байгаа бол тэр далдын “хар малгайт”-ын хэн нэгний хорын шившлэг байх. Бидний харилцаа хэвээрээ. БНСУ руу явахаас нь өмнө хоёр удаа уулзсан. Намаа онцгой анхаарч ажиллах үүрэг өгөөд буцсан.

-Та МАХН, МАН-ыг нэгтгэх бодол тээсээр яваа юу?

-Иргэдтэй уулзалт хийгээд явж байхад МАХН, МАН-ын задрал, АН-ын фракцуудын зөрчлийн талаар ярьж байна лээ. Та нэг ярилцлагадаа “Энэ хоёр нам нэгдвэл дэмжинэ ээ, миний найз нөхөд тэр намд олон бий гэж ярьсан байсан, энэ байр суурь танд хэвээрээ юу” гэж асууж байсан. МАХН, МАН нэгдэж хамтарч ажиллах чиглэлээр яриа хэлэлцээ хийхэд миний хувьд санаачилгатай байж дэмжиж ажиллахад татгалзах зүйлгүй л гэж хариулсан даа. МАХН, МАН яагаад эвлэрч хамтарч ажиллаж болохгүй гэж. МАХН, МАН-ын гишүүд цөөн хэдэн хүний арчаагүй улс төр, хувийн харилцаанаас болж хоорондоо дайсагнах ч учиргүй. Нэг өдөр муудалцлаа гэхэд нөгөө өдөр нь гар барьдаг байх ёстой. Энэ хоёр намыг хамтрах ажлыг та л хийж чадна гэж хэлдэг хүмүүс байдаг л юм. Гуравхан сая монголчууд намаар, нам дотроо фракцаар талцан хуваагдаж, бие биенээ үзэн ядаж яах юм бэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Манган буюу ширэм баяжуулах үйлдвэр ашиглалтад орох гэж байна

-ХОНОГТ 45-50 ГАЛТ ТЭРЭГ МАНГАН БОЛОВСРУУЛЖ УРД ХӨРШ РҮҮ ЭКСПОРТОЛНО-

Дорноговь аймгийн Айраг суманд манган буюу ширэм баяжуулах үйлдвэр баригдаж байгаа. Уг үйлдвэрийг “Мон лаа” ХХК-ийн охин компани болох “Алтраг ахас” ХХК барьж ашиглалтад оруулж байгаа юм байна. Үйлдвэрийн ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын сүүлээр бүрэн хэмжээгээр ажиллуулахаар төлөвлөж буй ажээ. Уг үйлдвэр ашиглалтад орчихвол хоногт 2500-3000 тонн хүдэр баяжуулна гэсэн үг. Мөн хоногт 45-50 галт тэрэг манган боловсруулж чадах юм байна.

Ингэж боловсруулсан манган гангийн үйлдвэрүүдэд хэрэгтэй. Харин манайд гангийн үйлдвэр байхгүй учраас урд хөрш рүү экспортолно гэсэн. Үйлдвэр 2012 оноос эхлэн баригдаж эхэлсэн бөгөөд тэр үеэс эхлэн хятадууд байнга хүрч ирж “Үйлдвэр хэзээ ажиллаж эхлэх вэ. Худалдаж авъя” хэмээн санал тавьж байгаа юм байна. Сүүлийн үед ийм санал улам их болж байгаа талаар “Мон Лаа” ХХК-ийн хамт олон сонирхуулж байна лээ. Ингэж дотооддоо боловсруулсан манганаа гадагшаа экспортолсноор гадаад валютын урсгал Монгол руу чиглэх сайхан боломж гарч ирж байгаа гэсэн. Энэ тухай “Мон Лаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Амараа “Санхүүгийн хямрал гэж хаа сайгүй ярьж байгаа ийм үед манай компанийн хамт олон зоригтойгоор үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлсэн. Манай компанийн ерөнхий захирал Э.Энхсайхан маш том эрсдэл хүлээж үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн бөгөөд удахгүй үр дүнгээ үзэх гэж байна” гэсэн юм. Тус үйлдвэрийг есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгожээ.

Дорноговь аймгийн Айраг сум хүдрийн нөөц ихтэй. Тиймээс хайгуул хийх зөвшөөрлөө авч 2012 оноос эхлэн үйлдвэрээ байгуулсан байна. Ингээд хайгуул хийж хүдрийн нөөцөө тогтоогоод байтал урт нэртэй хуулийн хүрээнд уурхайн үйл ажиллагаа явуулах анхан шатны зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ. Ингээд хоёр жил гаруй хугацаанд ажиллах боломжгүй байсан учраас 120 ажилтнаа халж үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байсан гэнэ. Харин саяхнаас зөвшөөрлөө буцаан авч үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж эхэлжээ. Одоогоор тус компани шинээр 80 гаруй ажлын байр бий болгоод байгаа юм байна. Үйлдвэр нь төмөр замаас найман км-ийн зайтай байдаг болохоор урагшаа гаргахад ямар нэгэн саад байхгүй гэсэн. Бас дэргэдээ хүдрийн уурхайтай учраас түүхий эдээ өөрсдийн бололцоогоороо нийлүүлэх ажээ. Үйлдвэр нь ерөнхийдөө хуурай бутлуур, нойтон баяжуулах гэсэн үндсэн хоёр хэсэгтэй юм байна. Үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнийг зах зээлд хэдэн төгрөгөөр нийлүүлж, ямар үр ашигтай ажиллах тухай тооцоо одоогоор хараахан гараагүй байгаа хэдий ч ямартай ч гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Манган гэж ямар элемент байдаг, юунд хэрэглэдэг, ямар ач холбогдолтой вэ гэдгийг сонирхуулъя. “Манган гэдэг нь ганг бэхжүүлж, ширэм болгоход хамгийн чухал нөлөөтэй. Үелэх системд Mn гэж тэмдэглэдэг, химийн элементүүдээс практикийн хувьд чухал ач холбогдолтойд тооцогддог. Өнгөт ба хар металлургийн үйлдвэрлэлд манганыг гангийн шинж чанарыг сайжруулагч нэмэлт зүйл болгон ашигладаг юм байна. Төрөл бүрийн хайлшуудад манганыг 0.3-14% хүртэл хэмжээгээр нэмж өгөхөд тэдгээрийн цохилт, доргилт, элэгдлийг тэсвэрлэх чанар нь эрс дээшилдэг байна. Иймд манганыг агуулсан хайлшуудаар машин, техникийн төрөл бүрийн эд ангиудыг хийдэг” гэсэн байна. Мөн манган нь хүндийн жингээрээ төмрийн дараа орох элемент юм билээ.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Эх орончид хэмээн хийрхэгчдийг цагдаагийн байгууллагаас танхайн хэргээр шалгаж эхэллээ

-УЛСЫН ХАРЦАГА Г.ГАНХУЯГ НАРЫН ЗАЛУУС БУСДЫГ АЙЛГАН СҮРДҮҮЛЖ, ДАРАМТАЛСАН ХЭРЭГТ ХОЛБОГДЛОО-

“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуучууд, дэмжигчид өнгөрсөн амралтын өдөр “Бурхан халдун”-д аялж, өөрсдийнх нь ярьснаар хийморио сэргээжээ. Бурхан халдун хайрхандаа сүслэн, залбирч явахдаа өөрсөд шиг нь аялж явсан хэсэг залууст эр бяраа гаргаж, заримыг нь өмнөө сөхрүүлж бичлэг хийн, зураг авсан нь facebook, twitter-ээр шуугиан тарилаа. Хийсэн үйлдлийнхээ талаар Улсын харцага Г.Ганхуяг “Өвөр монголчууд “Дунд овоо” дээр гарчихсан явсантай тааралдаж “Ах дүү монголчууд ч Монгол Улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүй” гэж сануулан тайлбарлаж өглөө. Дагуулж явсан монгол хүнийг сэгсийтэл нь ганц алгадаж ойлгууллаа” гэжээ. Яагаад хүн зодсоныг нь асуухад “Яасан, багадуулчихаж уу” гэж асуусан байна. Харин “Босоо хөх монгол” бүлгэмийнхэн “Бид гуравдугаар сарын 28-ны өдөр Бурхан халдун уулын Дунд овоонд тахилга, ёслол үйлдэж явахад тэнд бас өөр олон залуу явж байсан. Тэдний нэг гэнэт “Энд хятад хүн явж байна” гэхэд бид очсон. Тэд хоорондоо хятадаар ярьж байна гэсэн. Харин тэдгээр хүмүүс өвөрмонголчууд байсан тул бид тэдэнтэй ярилцаж ойлголцсон” гээд цахим хуудастаа тухайн үед хийсэн бичлэгээ оруулжээ. Бичлэгт бүлгэм, хөдөлгөөний залуучууд аялж явсан хүмүүсийг тойрч бүчээд “Чи хужаа байна шүү дээ, Дагуулж ирсэн монгол хүмүүст нь хэл. Босго тэнгэрийн даваанаас нааш харийн хүний мөр бүү гарга. Богдын голын урсгалаас хатан хүн байсан ч бүү амсуул гэж мэдэх үү” гэж хэдэн талаас нь аархаж байгаа нь үлджээ. Биерхүү, омогтой олон залуусын дунд орсон аялагчид “Мэдлээ, ойлголоо, уучлаарай” гэхээс өөрийг хэлэхгүй юм.

“БИД МОНГОЛЧУУДЫГ ЭЛЭГ НЭГТЭН ГЭЖ ШҮТЭЖ БАЙХАД ТАНАЙХАН НҮДЭНД ОРСОН ӨРГӨС ШИГ ХАРЖ БАЙНА”

“Босоо хөх монгол” бүлгэмийнхний энэ үйлдлийг олон хүн буруушааж, Монгол Улсын нэр хүндийг гутааж байгаад нь дургүйцлээ илэрхийлж байна. Учир нь дэлхийд дээр нь хүн гардаггүй уул гэж байдаггүй. Өөр улсын иргэн, эмэгтэй хүн уулан дээр гарч болохгүй гэж мухар сүсэглэдэг хүмүүсийг соёлгүй, бүдүүлэг гэж харахаас аргагүй. Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээнравдан хоёр дахь удаагаа Эверестид авирах гэж байгаа талаараа “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д мэдээлэл хийсэн. Монголчууд, эсвэл өөр үндэстэн Эверестийн ноён оргилд гарахад хэн ч дургүйцлээ илэрхийлж байгаагүй, тэгэх ч үгүй. Яагаад гэвэл энэ нийгэмд хүн төрөлхтөн нэгийгээ хүндэлдэг. Бусдын эрхийг зөрчсөн үйлдэл гаргавал буруушаадаг. Тийм учраас эх оронч гэж өөрсдийгөө өргөмжилсөн хэсэг залуусын үйлдлийн талаар өмнөд монголчууд дотоод цахим сүлжээ буюу wechat-аараа сүүлийн хоёр өдөр хэлэлцэж, монголчуудын талаар буруу бодож байснаа ярилцсан талаар манай улсад ажиллаж амьдардаг өмнөд монгол эр ярилаа. Тэрбээр “Бид монголчуудыг элэг нэгтэн гэж шүтэж байхад танайхан нүдэнд орсон өргөс шиг харж байна. Өмнөд монголчууд Туулын уснаас амсаад үхэх юмсан гэдэг. Ерөөсөө л Монгол бидний хувьд диваажин гэж төсөөлөгддөг. Тийм ч учраас манайд очсон урлагийнхан, бөхчүүдийг аав ээжийгээ мэт хүндэлж харьцаж, юу байгаагаараа дайлж цайлж байгаад явуулдаг. Гэтэл Монголд эх оронч, үндсэрхэг үзэлтэй гэх залуучууд биднийг алхуулдаггүй. Бизнес эрхлэхэд хураамж, “татвар” авна. Хаа явсан газар дээрэлхэж, зоддог. Бид Монголоос хөөгдөх вий, визний асуудал гаргах вий гэж айгаад цагдаад ханддаггүй уучлал гуйгаад хүссэнийг нь өгөөд явуулдаг. Сая болсон үйл явдал цахим сүлжээгээр тарсан учраас л хүмүүс мэдлээ. Иймэрхүү зүйл бол Монголд байгаа өмнөд монголчуудын хувьд хэвийн үзэгдэл” гэж ярилаа.

Ё.ЛХАГВАСҮРЭН:

БУСДЫН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН ЗАЛУУСЫГ ШАЛГАЖ БАЙГАА

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуучууд амралтын өдөр Бурхан халдун ууланд аялж явсан гадаадын иргэдийг дарамталж, өмнөө сөхрүүлсэн зургаа өөрсдийнхөө цахим хуудаст тавьжээ. Тэдний үйлдэл бусдын эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл мөн үү?

-Тэр үйл явдал Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт болсон. Тиймээс мэдээллийн дагуу Хэнтий аймгийн цагдаагийн газартай холбогдлоо. Хариуцсан байцаагч нь хөдөө ажлаар явсан байна. Тиймээс уг хэрэгт холбогдуулан хэн гэдэг иргэнийг шалгаж байгаа талаар нарийн мэдээлэл авч амжаагүй байна.

-Хоногийн мэдээнд энэ хэргийн талаарх мэдээлэл орж уу?

-Орон нутгаас онц хүнд хэргийн мэдээлэл ирдэг.

-Гадаадын иргэнийг дарамталсан зургаа тараасан залуус цахим ертөнцөд өөрсдийгөө өмөөрч, тэдний үйлдлийг дэмжих хүн олон байна. Гадаадын иргэний эрхийг зөрчиж, биед нь халдсан бол тэгсхийгээд өнгөрдөг гэх хандлага ч байна.

-Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар гадаадын ч бай, дотоодын ч бай иргэний эрхийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг. Гадаадын иргэний эрх зөрчсөн учраас цагдаагийн байгууллага тоохгүй байна гэж ойлгож болохгүй. Тэр хүмүүсийг шалгаж байгаа. Хариуцсан байцаагч нь эзгүй учраас хэнийг, ямар үндэслэлээр шалгаж байгаа талаарх нарийн мэдээлэл алга гэв.

Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, үүнийг бүлэглэж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуультайг эх сурвалж санууллаа.

БУРХАН ХАЛДУН УУЛАНД ГАДААДЫН ИРГЭНИЙГ ОЙРТУУЛАХГҮЙ ГЭЖ МУЙХАРЛАГЧИД ХЭН БЭ

Бурхан халдун ууланд хийморио сэргээхээр явж байгаад бусдыг дарамталж, алгадсан тухайгаа facebook хуудастаа бичсэн бөх бол Улсын харцага Г.Ганхуяг. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Г.Ганхуяг 2001 онд улсын наадамд зургаа давж харцага цол хүртэж байсан, спортын од, бөх сонирхогчдын үлгэр дуурайл болсон залуу. Бөх сонирхогчид түүнийг “галзуу” гэж хочилдог юм билээ. Тэрбээр 2008 оны дөрөвдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн XVII хороо, IV хорооллын “Стрингс” бааранд буу гаргаж, зөөгч эмэгтэйг зодсон хэрэгт холбогдож байсан. Үүнээс өмнө ч архи ууж танхайрч байсан талаарх мэдээллүүд олон бий. Спортын од гэдэг утгаараа түүний facebook хуудас олон дагагчтай. Гэтэл тэрбээр саяхан цахим хуудастаа “Байлдвал байлдъя” гэж бичээд учир мэдэх хүмүүсээр шүүмжлүүлж байсан удаатай. Мөн буудуулсан тарвага хүүдээ бариулсан зураг тавьсан нь нэг хэсэг шуугиан тарьсан. Учир нь тэр зурагны дор “Эх орныг минь эзлээд байгаа нөхдүүдийг энэ тарвага шиг..:” гэж бичсэн нь энхтайванч, ардчилсан энэ нийгэмд цочир байсан юм.

Монголын рок, попынхны дунд ур чадвар, чансаагаараа дээгүүрт ордог гитарчин Д.Өлзий-Орших буюу Өөжгий “Монгол нэр зүүсэн мал хэдэн хужаа дагуулан Бурхан халдунд явж байсан гэнэ. Азаар цөс ихт монгол эрчүүд маань таарч хувийн арга хэмжээ аваад явуулсан байна. Бас хадаг яндар барьчихжээ, муу нохойн баас чинь” гэж facebook хуудастаа тавьжээ. Өөжгий бол яах аргагүй урлагийн од. “Никитон” хамтлагт гитар тоглодог. Хүүхэд байхдаа “Халгай” гэдэг хамтлаг байгуулж урлагт орж байсан гэдэг. Тэрбээр цахим хуудастаа бичсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдээд өөрийгөө өмөөрсөөр байгаа.

Өөжгийг ч тэр, Г.Ганхуягийг ч тэр олон залуус бахархан дуурайж, үлгэр дуурайл болгодог. Ийм хүмүүсээ бид алдаршуулж, од болгодог. Хүүхэд, залуус даган дуурайгаасай гэсэндээ од болгож алдаршуулдаг юм. Гэтэл тэр хүмүүс гэртээ орж ирсэн зочноо балбаад бай гэж үлгэх дууриал үзүүлж байна уу. Ийм ёс зүйгүй аашилсных нь төлөө хариуцлага тооцмоор байна. Тайзан дээр гарах, бөх барилдах эрхийг нь хасах хэрэгтэй. Сүүлийн үед урлагийн од, бусдын үлгэр дуурайл болсон хүмүүс айхавтар алдаа гаргадаг боллоо. “Харанга”-ын Х.Лхагвасүрэн хар тамхи хэрэглээд шоронд орсон, араас нь Баавар бас мансуурч, хэрэгт орсон. “Шинэ үе” хамтлагийн хоёр эмэгтэй гишүүн нэгийгээ буцалсан усаар шалзалсан. Ийм ёс зүйгүй аашилсан, хар тамхитай холбогдсон хүмүүс урлагт хэн ч биш болдог. Харин манайд өөхшүүлсээр байгаад одоо од гэх залуус элдвээр муйхарладаг боллоо.

Ийм байдлыг гааруулаад байвал Монгол Улс тамын орон болж хувирна. Даяаршсан дэлхийд хөлөө олохын тулд бид ухаалаг байх хэрэгтэй. Гэтэл ирсэн зочноо зодоод хөөдөг, тэр хэрээрээ олон улсад нэр хүндээ алддаг Монголыг хүссэн гэж үү. Хууль тогтоогч, төр барьж байгаа хүмүүс энэ удаагийн үйлдэл дээр цочроо авах хэрэгтэй байна. Хүүхдээ тавдугаар анги хүртэл нь гадаад хэл зааж болохгүй, уйгаржин бичгээ л үзэх ёстой, эрх баригчид нь овоо тахиж, найр наадам хийнэ, байгаль нийгмийн үзэгдлийг шинжлэх ухаанч бусаар тайлбарладаг, шашинждаг энэ бүх үйлдлийн үр дүн ийм хөгжлөөс ухарсан, харанхуй, бүдүүлэг Монголыг бий болгож байна. Монголчуудын эртнээс уламжилсан ёс заншлаар гэртээ орж ирсэн хүнийг зодож нүдэх нь бүү хэл элдвээр хэлдэггүй. Найрсаг зочломтой ард түмэн гэж өөрсдийгөө магтаж ирсэн. Гэтэл одоо энэ бүхэн алга болжээ. Эх оронч гэх хийрхлийг төр засаг, эрх баригч, хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээ хүртэл дэвэргэж байна. Замаг сайтай нууранд загас ихтэй, зан сайтай айлд зочин ихтэй гэдэг. Жуулчдыг урих, хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой л бол зан аашаа засч, эвтэй байх сургалтыг зориуд бодлогоор явуулмаар байна. Үндсэрхэг гэх үзлээр биднийг зориудаар хорлож, хүсээгүй Монголыг бий болгож байна. Үүнд ухаалгаар хандаж болох, болохгүйг ялгаж салгах шаардлага тулгарсныг энэ үйл явдал харууллаа.

Ц.ӨРНӨХ