Categories
мэдээ цаг-үе

Алмасын тухай сонин хачин түүхүүд

Эрт дээр үеэс алмасын тухайам дамжсан яриа хүн төрөлхтний дунд явсаар өнөөдрийг хүрсэн. Монголчууд бид битгий хэл хойд Америкийн индианчууд хүртэл алмасын тухай янз бүрийн үлгэр домогтой төдийгүй болсон явдал мэт сонин тохиолдлуудын талаар дурсан ярьсан нь олонтаа. Тэр ч бүү хэл дэлхийн улс орнууд алмасыг олон янзаар нэрлэсээр ирсэн байдаг. Алмас байдаг гэжзоригтой хэлж чадах хүн байхгүй мөртлөө бас байдаггүй гэж хэлж чаддаггүй.Саяхан Америкийн Жоржи уулнаас анчид хүн дүрст нэгэн амьтан олжээ. Бие нь улаан шаргал битүү үстэй, 2.5 см өндөртэй энэ амьтныг шинжээчид одоогийн байдлаар цасны хүн буюу алмас гэж тодорхойлжээ. Анчдын баталж буйгаар алмасыг олох үед тэрбээр амьсгал хураагаагүй байсан гэнэ. Ямар нэг амьтантай тулалдаж хүнд шархадсаны улмаас үхсэн гэх энэ учир битүүлэг амьтны цогцос найдвартай газар, хөлдөөгчинд хадгалагдаж байгаа аж. Эрдэмтэд түүнээс ДНК-гийн шинжилгээ авсан бөгөөд шинжлэх ухааны олон салбарт шинэ нээлт болно хэмээн олзуурхаж байгаа гэнэ. Энэ мэдээллийг олж үзээд алмасны талаар бяцхан “судалгаа” хийлээ. Анхаарал татсан сонирхолтой хэсгийг түүвэрлэн хүргэе.

Түүх сөхье. 1800-гаад оны үеэс анх алмасын тухай мэдээлэл барууны ертөнцөд тархсан нь өнөөдөр түүх болон үлдэж алмас энэ дэлхийн хүмүүсийн дунд оршин тогтнох үндэс болсон байх. Алмасыг Төвд, Балбын уулсын нутагт, Гималайн нуруунд олноор байдаг гэж судлаачид үздэг юм билээ. 1832 онд Б.Х.Ходжсоны аяллын тэмдэглэлийг Бенгалийн Ази нийгэмлэгийн сэтгүүлд нийтэлсэн байдаг. Тэрнийтлэлд Б.Х.Ходжсон Умард Балбад аялахдаа өндөр, бүх бие нь бараан өнгийн үсээр хучигдсан, хоёр хөл дээрээ явдаг амьтныг олж харснаа бичиж, түүнийг “Орангутан мич” хэмээн нэрлэжээ.Үүнээс хойш алмасын тухай байж болох үндэслэл гаргасан хүн бол Лоренс Уэддэл. Тэрбээр 1889 ондЛоренс алмасны мөрийн тухай олон баримтыг гаргаж ирсэн байдаг. Гэвч түүнийг нь тухайн үед том баавгайн мөр гэж үзжээ.

20 дугаар зуун эхлэхэд барууныхан өндөр уулсын бүсэд аялах нь эрчимжсэн юм. Тэр дундаа Төвд, Балбыг сонгон аялах нь түгээмэл болсон. Энэ л үеэс алмасын тухай мэдээлэл дэлхий нийтэд олон домог, тохиолдлуудаар хачирлагдан хүрэх болжээ. 1925 онд ЦЭМҮ мөсөн голын ойролцоо 4.600 метрийн өндөрт алмас харснаа газар зүйн нийгэмлэгийн зурагчин Н.А.Томбази дэлхий нийтэд батлан ярьсан. Томбази алмасыг 180-250 метрийн зайтай харсан бөгөөд тэр нь яг хүн шиг явж үе үе тонгойн бутлаг ургамал түүж явсан гэдэг. Энэ мэт алмасын тухай мэдээлэл хөвөрдөг.

Харин 1950-аад оны үед алмасыг сонирхох явдал дээд цэгтээ хүрсэн нь анзаарагддаг. Тэр жишээнүүдийн нэгийг энд дурдъя. 1951 онд Эверестэд авирах оролдлогын үеэр Эрик Шиптон 6000 метрийн өндөрт алмасны мөр олж зургийг нь авсныг олон нийт хүлээн зөвшөөрөөгүй гэдэг юм билээ. Түүний зургийг харсан хүмүүс энэ бол алмасынх биш. Ямар нэгэн амьтны мөр хайлмагтсан цасан дээр хэлбэрээ алдаад зурганд буусан ньалмас мэт харагдсан гэж үзсэн юм. 1953 онд алдарт Эдмүнд Хиллари, Тензин Норгеи нармөн л адил алмасны мөр харснаа тухайн үед ярьж байв. Гэвч тэд юунаас ч болсон юм хожим ньалмасных биш хэмээн няцааж эхэлсэн байдаг.

Алмасны тухай эрт эдүүгээгийн олон ном сударт дурдагдсан байх юм. Алмас бол хүн үүссэн цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч, байгалийн урт хугацааны шалгарлын явцад дэлхий дээр устан үгүй болж буй хүн төрөлхт нэгэн зүйлийн зэрлэг садан төрөл юм гэсэн таавар эрдэмтдийн дунд байдаг. Эртний дорно дахины судар шастирт алмасыг “сан шин” “рийдэг саншин” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь хүн гөрөөс гэдэг утга илэрхийлдэг байна. Хадны сүг зурагт алмасыг аргаль, янгир, буга, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа. Монголчууд эртнээс л хүн гөрөөс алмасны тухай ярьж ирсэн ард түмэн. Алмасыг хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байсан байх юм. Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасны мөрийг олж хэвжүүлж буулган авсан хэмээн ярьдаг. Тэр бүү хэл гурван ч удаа алмасыг харсан гэдэг. Равжир өөрийн судалгааны ажлын үр дүнгээ нэгтгэн “Алмас сурвалжилсан тэмдэглэл”, “Энэ хүн мөн үү” хэмээх ном хэвлүүлсэн байдаг.

Түүний Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ-ын Шинжлэх ухааныакадемийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, Б.Ренчин, доктор Д. Майдар гуай нар ил далдуур дэмжиж, горьдлого тавьж байжээ.

Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 1973 оны долдугаар сард Равжир Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутгийн заагт орших Сайрын уулнаас алмасны мөр олж, түүнийгээ хэвжүүлж, зургийг нь аваад ШУА, болон Б.Ренчинд захидлаар илгээсэн байдаг. Энэ явдлаас хэд хоногийн дараа Ренчин гуайгаас түүнд “Та эрэлдээ гарсан эхний өдөртөө алмасны мөр, үс ноос зэргийг олж дээжээ хүргүүлсэн явдал бол та алмасыг амьдаар нь барих түмэн өлзийтэй сайхан үйлсийн эх бизээ…Таны явуулсан гөлтгөнө хэвийг Польшийн эрдэмтэн Флавенскийд явуулав. Гэрэл зургийг Бельгийн хүн судлалын доктор Хайбалмансад явууллаа. Тэр хүн бүх насаараа хүний өвгийг судлах ажлын төлөө хүчин зүтгэж яваа хүн юм. Танд шинэ, шинэ амжилт хүсье.” гэсэн захидал иржээ. Энэ явдлаас хойш хориод хоногийн дараа Равжирт нэгэн захидал ирсэн нь Хайбалмансын захидал. Хайбалманс бичихдээ: “Хэрвээ Равжир та Америкт жуулчлаагүй бол үзээгүй байх. Өмнөд Америкт миний үзсэн нэгэн агуйн шалны шаварт хэдэн мянган жилийн өмнө гишгэгдэн дагтаршиж үлдсэн неандарталь хүний мөртэй таны олсон мөр хэлбэр хэмжээний хувьд тун адилхан. Үүнээс үзэхэд Монгол Алтайд алмас одоог хүртэл амьдарч байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрж байна. Хэрэв та Алтайн нуруунаас алмас баривал саран дээр хүн бууснаас дутахгүй нээлт болно шүү. Тийм нээлт хийхийн даваан дээр байгаа танд тун шургуу ажиллаж амжилт олохыг хүсье” гэжээ. Доктор Хайбалманс 1974 онд бичсэн өөрийн номондоо “ Монгол Алтайгаас Равжирын Равжирын олсон алмасны мөр 36,5 см урт байгаа нь хүнээр бодвол хоёр метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52-54 размерын гутал таарах ёстой” гэж бичжээ. XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны Найман вангийн хүү Жамбалдорж маарамба гэгч “Омон түмбий”гэдэг ном бүтээж, номондоо алмасны зургийг зурж, алмасны цөсийг эмэнд хэрэглэдэг “Лха эрдэнэ” гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ. Лха Эрдэнэ хэмээх алмасны цөсийг хүний шарх, цус алдалтанд эрхэм тустай гэжээ. Омон Түмбий хэмээх энэ судар Монгол Улсын төв номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий… 1921-1924 онд ардын журамт цэргийн эмчээр ажиллаж байсан маарамба Далай байлдаанд шархдаж цус их алдсан цэргийн хэлэн дээр хаш хайрцганд нандигнан хийсэн морчгор бор зүйлээр ум үсэг зурж өгдөг байжээ. Түүнийгээ” Лха Эрдэнэ” гэдэг байжээ. Ум үсэг зуруулсан цэргийн шарх маш хурдан эдгэрдэг байсан тул шархадсан цэрэг байтугай эрүүл цэргүүд хүртэл маарамба Далайгаар хэлэн дээрээ ум үсэг зуруулахыг хүсдэг байв. Хожим түүний нууц тайлагдаж хүн гөрөөсний цөс байсан гэдэг нь мэдэгджээ. Ум үсэг зурахад тэр эмийн тун хэмжээ нь таардаг гэдэг. Энэ мэтээр алмасын тухай итгэмээргүй түүх олон бий.

Агуйн хүн буюу алмасын тухай яриа хүн төрөлхтнийг алмайруулсаар, элдэв янзын домог мэт тохиолдлууд өдий төдий гарсаар өнөөг хүргэв. Монголд л гэхэд алмасын мөрөөр явагсад Равжир, Дамдин гээд олон хүний яриа бий. Энэ амьтныг өнөө хэр барьж, “суудал зэрэгцэж” чадаагүйд л хэргийн гол нь оршиж буй биз ээ.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Дуутай, хөшөөтэй Их-Уулын нэг ангийнхан

…Хоёрхон хоноход саначихдаг хонгор багын андууд минь

Хорин жил өнгөрсөн ч нэг нэгнээ гэсэн сэтгэл минь

Насан туршдаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь

Насаараа биесээ үгүйлэх нэг ангийнхан минь… гэж эхэлдэг энэ дууг “Гурван бүдүүн” хамтлагийнхан дуулж олны хүртээл болгосон. “Бид нэг ангийнхан” гэх дууны эзэд бол Завхан аймгийн Их-Уул сумын найман жилийн дунд сургуулийг 1985-1993 онд суралцан төгссөн наймын “Б” бүлгийнхэн. Энэ дууны шүлгийг тус ангийн сурагч, яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан Я.Отгонбаяр, хөгжмийг “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан А.Мөнгөншагай зохиожээ. Төгсөлтийнх нь 20 жилийн ой 2013 онд тохиоход ангийнхан нь “Нэг сайхан дуутай болцгооё. Шүлгийг нь бичээд өгөөч” гэж Я.Отгонбаярт хүсэлт тавьснаар энэ дуу мэндэлжээ. 1993 онд төгссөн гурван ангийн зуу гаруй хүүхэд төрөлх сумандаа цуглаж, багахан хэмжээний бэсрэг наадмархуу юм болж, хэдэн өдөр хөл хөдөлгөөнтэй байжээ. Нэг төгсөлтийн залуус бүгдээрээ нийлээд сургуулийнхаа өмнө хөшөө босгож, уулзалтынхаа үеэр дуу, хөшөөтэй болсноо албан ёсоор зарлаж, тууз хайчилжээ. Сургууль хэмээх эрдмийн их өргөөний босгыг анхлан давахаар сургуулийнхаа зүг хөтлөлцөөд алхаж яваа хоёр сурагчийг дүрсэлсэн уг хөшөө нь харсан хүн бүрийн хайрыг төрүүлэм. Сумын цэцэрлэгийн багачуул хөшөөний дэргэдүүр өнгөрөхдөө “Ээж ээ, би сургуульд орохдоо тэр охиных шиг цүнх үүрнэ шүү” гэж захидаг гэнэ. Хүүхэд бүрт сургуулийн сурагч болох нь хүний амьдралын хамгийн гэгээн мөч шүү гэдгийг мэдрүүлсэн уг хөшөөний самбарын хэсэгт наймын “Б” бүлгийнхэн “Бид нэг ангийнхан” дууны шүлгээ сийлсэн байна.

Наймын “Б” бүлгийнхний багын багш нар нь Түвдэнням, Батсайхан. Дунд ангид ороход нь Оюунчимэг, Ариунжаргал багш нар анги даасан багшаар нь ажилладаг байж. Эдний ангийнхан “Манай багш нар бидэнд юм сургахын төлөө маш их хичээдэг. Хүүхэд бүртэй тулж харьцдаг хөдөлмөрч хүмүүс шүү” гэж “А” үсгийг анхлан зааж, амьдралын замд хөтөлсөн багш нараа магтацгаана. Наймын “Б”-гийнхэн урлагийн авьяастай. Урлагийн үзлэгтямар ч байсан толгойгоо өвтгөдөггүй байсан гэнэ. М.Бямбадорж, Г.Батсайхан, С.Отгонжаргал нар гойд сайхан дуулдаг бол С.Солонго, С.Чулуунцэцэг нар бүжиглээд урлагийн үзлэгээр ангийнхнаа аваад гарчихна. Я.Отгонбаяр шүлэг, найраглал уншиж, өөрийнхөө зохиосон шүлгүүдээ найзууддаа сонирхуулна.

“Бид нэг ангийнхан” дууны клипийн зохиол бол бүхэлдээ эдний ангийнхны багын явдлыг гаргажээ. Тэр үеийн хүүхдүүд өөрсдийгөө “Нийгмийн завсар үеийн хүмүүс” гэж нэрлэх нь бий. Эдний ангийнхан ч өөрсдийгөө тэгж тодотгов. Яагаад гэвэл ардчилсан хөдөлгөөн өрнөж, зах зээлийн ороо бусгаа үе таарсан 1990-ээд онд дунд сургуулийн сурагч байсан болохоор тухайн үеийн нийгмийн бүхий л амттай, амтгүй зүйлсийг “амталж” өсчээ. Элэгний нухашны консерв аваад спорт заалны цементэн суурин дээр удтал үрж, тагийг нь онгойлгоод бүгдээрээ хувааж иднэ. Элэгний нухшаа ингэж идчихээд хураалттай түлээн дунд бэлдсэн оромжиндоо очоод захидал бичиж гарна. Нэг нь захидал уншаад бусад нь түүнийг цээжээр бичнэ. Нэг ижил үг, утга бүхий захиануудаа ингэж “үйлдвэрлээд” сургуулийнхаа үе тэнгийн охидод өгнө. Хайрын захидлыг ийнхүү охиддоо өгдөг байсан нь хожмоо ангийнхнаас нь хосууд төрөхөд нөлөөлжээ. Ангиас нь Д.Батсайхан-С.Должинсүрэн, С.Мөнхбаяр-Р.Энхбаяр, А.Түмэнжаргал-Б.Должинсүрэн, Ч.Төмөрбаатар-Ю.Лхамжав гэсэн хосууд гарч, өдгөө өнөр өтгөн айлын аав, ээж болцгоожээ.

Тэр үед хөдөөгийн дунд сургуулийг төгссөн хүүхдүүдийн хувьд үргэлжлүүлэн сурах гэхээсээ илүүтэй аав, ээждээ хань болж мал маллахыг илүүд үзэх нь их байж. Нийгэм нь ч тэгж таарсан. Эцэг, эхчүүд охидоо үргэлжлүүлэн сургаж, хөвгүүдээ болохоор “Эр хүн хүрз бариад ч болтугай амьдардаг юм” гээд наймдугаар ангийг нь дөнгөж төгсгөөд л дэргэдээ авчихдаг байв шүү. Энэ хувь тавилан эдний төгсөлтийнхнийг тойрсонгүй. Гэвч наймын “Б” ангийнхнаас үргэлжлүүлэн сурч мэргэжил эзэмшин эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд гар, оюунаа зориулан хөдөлмөрлөж яваа залуус олон бий. Эрчим хүчний яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан,яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан Я.Отгонбаяр барилгын зураг төслийн мэргэшсэн инженер Ш.Эрдэнэсувд, Р.Амгалан, автын инженер Б.Бат-Зоригт, нягтлан бодогч Ю.Лхамжав, түүх нийгмийн ухааны багш Д.Тулга, англи хэлний багш С.Мөнхбаяр, Б.Должинсүрэн, гэвш лам Д.Норовбадам Ц.Дамдинбазар, Н.Балдорж, Ч.Төмөрбаатар нар гээд эдний ангийнхан эзэмшсэн мэргэжлээрээ салбар салбартаа нэр төртэй ажиллаж явна. Ангийнхнаас нь сумандаа ажиллаж амьдарч байгаа нь гэвэл сумын МАН-ын дарга Ц.Батсайхан, мянгат малчин В.Дашнамжил, Ш.Пүрэвсүрэн нар гээд хэд хэдэн хүүхэд байдаг гэнэ.

Наймын “Б” ангийнхан “Бидний гэлтгүй үе үеийн нэг ангийнхан гэж дуудагдах бүх хүмүүст зориулсан сайхан дуутай болсоон, бид. Ямар нэгэн дуу олон жил дуулагдаж байж хөшөөтэй болдог бол бидний “Бид нэг ангийнхан” дуу төрөнгүүтээ л хөшөөтэй болсон шүү. 20 жилийн ойн уулзалтаараа хөшөө болон дууныхаа нээлтийг төрөлх сумандаа хийж “Гурван бүдүүн” хамтлаг задгай тоглолт хийж манай сумынхан нэг орой шөнө дунд хүртэл таанцадсан сан” гэцгээн бахархан ярьж байна. Эхлээд эдний ангийнхан энэ дуугаа өөрсдөдөөболон төгсөлтийн найзууддаа зориулж хийлгэсэн ч тэр намар нь Улаанбаатар хотод ФМ радионуудаар цацагдан ХИТ болж, олны таашаалднийцжээ. Тиймээс наймын “Б”-гийнхэн “Энэ дуугаа зөвхөн бидэнд л зориулсан дуу гэж өмчилж болохооргүй боллоо. Үе үеийн нэг ангийнхны дуу болсон нь бидний хувьд хамгийн том дурсгал болж байна” гэж сэтгэгдлээ хэлцгээжээ. Дууны клипэнд наймын “Б” бүлгийн ангийн хүүхдүүд өөрсдийнхөө охид, хөвгүүд болон сумынхаа бага, дунд ангийн сурагчдыг тоглуулсан гэнэ.

Дуутай, хөшөөтэй Их-Уулын дунд сургуулийн наймын “Б” бүлгийнхэн дараагийн уулзалтаа төгсөлтийнхөө 30 жилийн ойгоор буюу 2023 онд гэж товлосон байна. Энэ удаагийн “Нэг ангийнхан” булангаа “Бид нэг ангийнхан” дууны шүлгээр ийнхүү өндөрлүүлье.

…Уулзаад салахдаа саначихдаг уяхан багын андууд минь

Урсах цаг хугацаанд нэг нэгнээ гэсэн сэтгэл минь

Энэхэн насандаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь

Эргээд биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ

Дахилт:

Халуун сэтгэл зүрхэнд нь үргэлж байдаг болохоор

Хайрлаж л явдаг юм шүү би та нарыгаа

Хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтанхан дурсамж

Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо

Мартахгүй ээ, уянгатайхан хавар аа

Мартахгүй ээ, аялгуутайхан насаа

Зүрхэнд шингэсэн анхны хайраа хэзээ ч мартахгүй ээ

Зүүдэлж хоносон цагаан шөнөө мартахгүй ээ

Уулзалгүй удвал саначихдаг унаган багын андууд минь

Улирах цаг хугацаанд бие биенээ гэсэн сэтгэл минь

Эргэж хэзээ ч ирэхгүй гэнэн цайлган үерхэл минь

Эрхгүй биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойгоор амьсгалсан “Coal Mongolia-2015”

“Таван толгойн гэрээний асуудал түр хугацаанд хойш­логдоод байгаа ч Сумитомо-гийн төлөөлөгч энэ танхимд сууж байна. Сумитомо Таван тол­гой төслийн борлуулалт мар­кетингийг хариуцна гэж байгаа. Төслийн хүрээнд гарах эцсийн бүтээгдэхүүний 25 хувийг Солонгос, Энэтхэг, Тайвань, Японы зах зээлд хүргэх юм. Таван толгойн хэлэлцээртэй холбоотой ойлгоход хэцүү, тааварлаагүй байдал үүссэн ч тэд Японы зах зээлд маркетингаа хийгээд эхэлсэн гэсэн таатай мэдээг бидэнд дуулгалаа” гэж М.Энхсайханыг хэлэхэд танхимд цугласан бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид алга нижигнүүлэв. Тав дахь жилдээ болж буй“Coal Mongolia-2015” чуулга уулзалтын эхний өдрийн үдээс өмнөх хуралдаан үе үе алга ташсан ийм уур амьсгал дунд өрнөсөн юм. Төр том төслүүдээ хөдөлгөх ёстой, Таван толгой дээр хазаар тавибал баялаг бүтээгчид зүгээр суухгүй, эдийн засгийн хямралыг том төслүүдээ хөдөлгөж байж л давна гэсэн утгатай үгийг чуулганд оролцогчид дуу нэгтэй хэлж байв.

Нүүрсам.доллар олдог гол бүтээгдэхүүний нэг гэдэг утгаараа “Coal Mongolia” жил бүр олны анхааралд байдаг. Гэхдээ энэ жил SS convention center урьд онуудынхаас ч хөл хөдөлгөөн ихтэй угтав. Чуулган эхлэх үед танхимын суудал аль хэдийнэ дүүрсэн байлаа. Хэвлэл, мэдээллийнхэн ч олноороо цуглажээ. Энэ удаагийн чуулганд 20 гаруй орны 100 гаруй эрхэм ирсэн гэсэн мэдээг зохион байгуулагчид нь өгсөн юм.

Монголын “Энержи ресурс” компани Хятадын“Шэнхуа”, Японы “Сумитомо” гэсэн дэлхийн аваргуудтай консорциум нэрийн дор нэгдэж Монголын засгийг төлөөлсөн эрхмүүдтэй тохиролцоонд хүрээд буй. Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэр­гүүлдэг Таван толгойн ордыг хөдөлгөхөд “Шинхуа” төмөр замыг нь, “Энержи ресурс” борлуулалтыг нь, ”Сумитомо” Энэтхэг, Япон, Солонгос, Тайвань гэсэн үнэтэй зах зээлүүд рүү гаргахыг нь ха­риуцна хэмээн за зүй болоод байгаа. Гэхдээ энэ тохироо амьдрал дээр хэрэгжих эсэхийг УИХ шийднэ. Нүүрсний үнэ шалдаа буусан энэ үед Таван толгойг дэлхийн том компаниудтай нийлжхөдөлгөвөл овоо хэдэн ам.доллар орж ирнэ, зээлээ төлж чадахгүй хэцүү байдалд орсон Монголын компаниуддагаад өндийнө, хөрөнгө оруулагчдын итгэл ч сэргэнэ гэсэн горьдлого бий. Ийм эгзэгтэй үед тохиосон гэдэг утгаараа“Coal Mongolia” олны анхааралд байгаа юм.

Чуулганы эхний илтгэлийг Уул уурхайн сайд Р.Жигжид тавьсан. Түүнийилтгэлээс коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсэн дээр ч Монголдгол тоглогчоор тодрохорон зай бий, Хятадын эрчим хүчний нүүрсний хэрэглээ 2030 он хүртэл буурахгүй өснө гэсэн гэгээтэй мэдээ анхаарал татав. Сайд хөрөнгө оруулах боломжтой төслүүдийг ч нэрлэлээ. Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх болон цахилгаан станцын төслүүдийг нэр заан дурдана лээ. Тэрээр жилд 50 мянган тонн утаагүй шахмал түлш гаргах үйлдвэрийн судалгааг ”Марубени”-тай хамтран хийж эхэлснээ чуулганд оролцогсдод дуулгасан.

М.ЭНХСАЙХАН: 76 ШАЛГУУРААР ХЭМЖВЭЛ “ТАВАН ТОЛГОЙ” ТӨСӨЛ ЯВАХГҮЙ

Монгол Улсын сайд, Таван толгойн хэлэлцээг ахалсан М.Энхсайхан “Тавантолгой ба супер цикл” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Сүүлийн 200 жилийн хугацаанд түүхий эдийн үнэ 30-50 жил гэсэн циклээр явж ирсэн гэнэ. Супер цикл буюу эрдэс баялгийн үнэ огцом өсдөг хугацаа ийм хол зайтай тохиодог аж. 1950 иад онд, дэлхийн хоёрдугаар дайны дараа Европыг сэргээн босгоход түүхий эдийн үнэ огцом өсч байж. Дараагийнөсөлтийн үе1970, 1980-аад онд тохиосон гэнэ. Сүүлийнх нь нүүрсний үнэ оргилдоо хүрч байсан 2011 онд тохиосон гэж М.Энхсайхан илтгэлдээ онцолсон. Түүний илтгэлээс анзаарахадойрын хорь, гучин жилдээ лав нүүрсний үнэ өмнөх шигээ өсөхгүй нь бололтой. Супер циклээ алдсан ийм үед өртгөө бууруулж олборлолтоо нэмэх л ганц гарц байгаа гэнэ. Сүүлийн үед нүүрсний зах зээл дээр манайшинэ өрсөлдөгчөөр тодроод буй Мозамбикад гэхэд 700 кмтөмөр зам барихаар ярьж эхэлснийг М.Энхсайхан дуулгав. Энэ мэдээндээ “Улстөрийн саад байхгүй учраас” гэсэн тайлбар дайлаа. Хэлэлцээний үеэр “Шинхуа”-тай тохиролцсонашигтай нөхцөлүүдээ ч мөн онцлов. “Шинхуа” төмөр замын хөрөнгө оруулалтаас гадна “Чалко”-гийн гэрээний хариуцлагыг өөр дээрээ авна гэж дуугарчээ.

Таван толгой төсөл бүрэн хүчин чадлаараа ажилласан үед төсөвт 340 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлнэ гэсэн тооцоо гарчээ. Гурван компанийн хамтарсан консорциумХөрөнгө оруулалтын, Хамтын ажиллагааны, Концессын гэсэн гурван гэрээг засагтай зурах юм байна. Компаниудын түвшинд 5-6 гэрээ байгуулах шаардлага байгаа аж. Таван толгойн хэлэлцээг ахалсан М.Энхсайхан сайд “Таван толгойн гэрээг удахгүй УИХ-д өргөн барих байх. Ямар шалгуураар хэмжих бол гэсэн том асуудал бий. 76 гишүүн 76 шалгуураар хэмжвэл энэ том төсөл явахгүй. Хоёр шалгуур л байх ёстой. Эхний шалгуур нь Монгол Улсын хуулийн хүрээнд хийгдэх ёстой.Бүх зүйл хуулийн дагуу хийгдсэн. Том хөрөнгө оруулагчид хуулиас гадуур алхам хэзээ ч хийдэггүй. Ингэвэл өөрсдөд нь өндөр эрсдэлтэй. Хоёр дахь шалгуур бол Засгийн газрын 268 дугаар тогтоол. Уралдаант шалгаруулалтын талаарх энэ тогтоолын бүх заалт биелэгдсэн. УИХ асуудлыг өөртөө татаж хэлэлцдэг нь Америк зэрэг улсад байдаг л жишиг. УИХ энэ том төслийг авч хэлэлцээд нүүрсний салбарынхны хүлээлтийг хангасан, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэсэн үгээр илтгэлээ төгсгөлөө. Түүнийг ингэж хэлэхэд танхимд цуглагсад мөн л алга ташицгаав.ЭНЕРЖИ РЕСУРС: НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ ШИРҮҮН ӨРСӨЛДӨӨНТЭЙ БАЙНА

“Энержи ресурс”-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадвар олон улсад” сэдвээр илтгэл тавьсан. Түүний илтгэлээс нүүрсний салбар яг одоо ямар байдалд хүрснийганзаарч болохоор байв. Тэрээр “Бид өмнөх жилийн Coal Mongolia дээр Австралийн боомтын үнэ 126 ам.доллар болж уналаа, 200 гаруй ам.доллар байсан шүү дээ гэж халаглан ярьж байсан. Гэтэл өнөөдөр 100 ам.доллароос доошилчихлоо. Нүүрсний зах зээл ямар хатуу өрсөлдөөн дунд байгааг эндээс харж болно. Нийлүүлэгчдийн 75 хувь нь алдагдалтай ажиллаж байна” хэмээн ярив. Нүүрсний үнэ өндөр үед уурхайн амнаасаа хоёр дахин үнэтэй зарж, “нинжа” загвараар амьдарч болж байсан бол нүүрсний зах зээл дээрх өрсөлдөөн ширүүссэн энэ үед далайн боомт буюу эцсийн хэрэглэгч рүү тэмүүлэхээс аргагүй гэж Г.Батцэнгэл онцоллоо. Түүний илтгэлээс далайн боомт хүрэхийн тулд төмөр замаар тээвэрлэхээс аргагүй, ингэхийн тулд хилийн дөнгөж цаахна төмөр замаа тулгаад барьчихсан ”Шинхуа”-тай түншлэх гарц бий, нүүрс тээвэрлэх өртгөө хэмнэж байж лурд хөршийн зах зээл дээр тэсч үлдэнэ гэсэн санаанууд анхаарал татав. Таван толгой дээр хамтрах консорциум төмөр замаа барьж, баяжуулсан нүүрсээ шууд далайн боомтод хүргэх, цаашлаад Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээлд гаргах бизнес моделийн төлөө ажиллаж байгаа гэдгийг ч тэрээр илтгэлдээ дурдсан.

Г.Батцэнгэл илтгэлийнхээ төгсгөлд“Бид энэ зах зээлд бусадтай адилхан өрсөлдөгч болъё гэж зорьж байгаа. Санаснаараа зүтгээд явлаа гэхэд тэр өрсөлдөөнд давж гарна гэсэн баталгаа алга л байна. Сүүлийн хэдэн сард ажиглагдаж байгаа нэг том бэрхшээл бий. Австрали, канад доллар, орос рублийн ханш маш ихээр унасан. Үүнийгээ дагаад өмнөд хөршийн нүүрсний зах зээлд бидэнтэй өрсөлддөг Австрали, Канад, Оросыннүүрс олборлох өртөг зардал нь буураад эхэлж байгаа юм. Манайхан төгрөгийн ханш ч адилхан буурсаншүү дээ гэсэн тайлбар хэлжмагадгүй. Гэхдээ Монгол тэднээс өөр. Түлш, тоног төхөөрөмж гээд бүгдийг нь ам.доллароор авдаг. Бүх юм нь импорттойгоо уяатай учраас ханшийн уналттай холбоотой давуу тал бидэнд байхгүй. Австрали, Канад, Орос энэ боломжийг бүрэн ашиглаж нүүрснийүнээ бууруулж байгаа. Бодит байдал ийм л байна. Дүгнэлт бол тодорхой. Таван жил ярьснаа л давтаж хэлье. Тээвэр ложистикийн асуудлуудаа шийдэх шаардлагатай байна” гэж онцоллоо. Түүнийг илтгэлээ тавьж дуусангуут танхим алга нижигнүүлэв.

Г.Батцэнгэлийн үгнээс “Эцсийн дүндээ хөрөнгө оруулагч компани хамгийн их эрсдэл, ял үүрч явдаг. Бид төслөө2008 онд эхлүүлснээс хойш 600 тэрбум орчим төгрөгийн татвар хураамж төлсөн. Улсаас нэг ч төгрөгийн зардал гаргаагүй. Ажилчид хөрөнгө оруулалт нөхөгдсөнийдараа цалингаа авъя гэдэггүй. Цалингаа аваад амьдралаа дээшлүүлээд явдаг. Бэлтгэн нийлүүлэгчид ч мөнгөө аваад бизнесээ өргөжүүлсээр байдаг. Хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа үр шимээ хүртэж эхэлдэг. Ухаа худагийн лицензийг 2006 онд олгосноос хойш бараг арван жил өнгөрлөө. Юун хөрөнгө оруулалтаа нөхөх манатай явж байна. Уул уурхайн төсөл маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Өндөр эрсдэлтэй, зах зээлийн циклтэй бизнес учраас үр өгөөжийг ньурт хугацаанд харах хэрэгтэй. Монголчууд богино насалдаг учраас 30 жил урт хугацаа шиг санагдаж мэднэ. Том төслийн хувьд 30 жил бол хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа биш ч байж болно” гэсэн байр суурийг нь чуулганд оролцогчид толгой дохин сонсоно лээ.

Асуулт хариултын цагийн үеэр ч “Энержи ресурс”-ийн гүйцэтгэх захирлын хариулт алга ташилт дагуулсан. Танхимаас“Хятадын нутгаар дамжин далайн боомт хүрэх өртөг ямар байна вэ” гэсэн асуултыг түүнд тавьсан юм. “Энержи ресурс” өнгөрсөн онд далайн боомт хүргэсэн нүүрсээ 127 ам.доллароор зарж байж. Үүнээс 80 ам.доллар нь тээврийн зардалдаа явсан гэсэн статистик гарчээ. Г.Батцэнгэл“Бид төмөр зам барьж зардлаа хэмнэхийг хүсч байна. Хил дамнасан төмөр замын асуудлаа шийдэхэд 15-20 ам.доллар хэмнэх тооцоо бий. Хятадын нутгаар дамжин өнгөрөх тээврийн зардлыг 40 хувиар хөнгөлнө гэсэн ерөнхий тохироог БНХАУ-ын даргыг айлчлах үеэр хийсэн. Энэ бүхэн хэрэгжвэл нүүрсний тээврийн зардал огцом буурах боломж бий. Нэгэнт үүсчихээд байгаа боломжоо ашиглах эсэхийг бид шийдэхгүй.Улстөрчид шийднэ. Бүх юмыг тэд л шийддэг” гэсэн хариу өгсөн юм. Монгол Улсын сайд М.Энхсайхан Монгол, Хятадын хооорондын транзит тээврийн гэрээнүүдийн хөнгөлөлттэй нөхцөл, хямдралтай явах тохироо бүхэн Таван толгойн консорциумд үйлчилнэ гэж байв.

“Coal Mongolia”-гийн үеэр Баялаг бүтээгчдийн хөдөлгөөнийнхөн байр сууриа илэрхийлсэн юм. Тэд Таван толгой гэх мэт том төслүүдээ гацаалгүй урагшлуулахгүй бол тэмцэнэ гэцгээж байв. Чуулганд оролцогчид ч Таван толгой төслийн хөдлөхийг хүлээж байгаагаа нуусангүй. “Трансвест” компанийн Худалдааны хэлтсийн дарга Д.Болдсүх“Манай компани энэ чуулганд их ач холбогдол өгч оролцдог. Ил уурхайн техник тоног төхөөрөмж нийлүүлдэг компани л даа. Оюу толгойн ил уурхайн бүх тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Таван толгойн баруун Цанхи дээр ажиллаж байгаа үндэсний олборлогчидтой ч хамтарлаа. Бэлтгэн нийлүүлэгчдийн хувьдгацаад байгаа том төслүүд урагшлаасай гэж хүсч байна”хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. “Coal Mongolia-2015” өнөөдөр өндөрлөнө.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

А.Бакей: Удахгүй дарга нар нь фракцаа татан буулгах байх

УИХ-ын гишүүн А.Бакейгаас дараахь тодруулгыг авлаа.

-АН фракцгүй болно гээд зарлачихлаа. Асуудлыг гишүүд нь яаж харж байгаа юм бол?

-Би гишүүнийхээ хувьд анхнаасаа АН-ын фракц гэдгийг эсэргүүцдэг байсан. Хэрэг болсон үе байсан л байх. Гэхдээ сүүлийн үед фракцийн тогтолцоо буруу тийш эргэсэн гэдэг үзэл бодолтой байдаг. Тийм ч учраас бусад гишүүдтэй хамтарч фракцгүй АН болох саналыг гаргасан. АН фракцгүй болсноор олон ургальч үзлийг хязгаарлана гэж байхгүй. Яагаад гэвэл тодорхой лобби бүлэг байгуулах, фракц байгуулах нь тодорхой ажил хэргийн шугамаар байж болдог. Ялангуяа парламентын олон жилийн туршлагатай улс орнуудын практикт бий. Жишээ нь АНУ-ын Конгресст тодорхой асуудлаар лобби бүлэг, фракц байгуулагдаад тухайн асуудлаа шийдвэрлэхэд нөлөөлөл үзүүлээд зорилгоо биелсний дараа татан буугдаж байдаг. Гэтэл фракц гэдгийг хэтэрхий явцуу, хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхлын үүднээс, он удаан жил оршин тогтноод сүүлдээ төр барих түвшинд хүргэж орон нутагт халдварлуулах хэлбэрт шилжчихэж байгаа юм. Энэ нь буруу гэдгийг хаа хаанаа ярьдаг ч халж чаддаггүй байсан. Фракц гэдгийг албан тушаалын шат ахих, бялуу хуваах ийм арга хэрэгсэлд ашиглавал үнэхээр буруу болж байгаа юм. Тийм учраас сая АН-ын баярын өдрөөр намын дарга үүнийг албан ёсоор зарласан нь цаг үеэ оллоо. Миний хувьд 100 хувь дэмжиж байгаа.

-З.Энхболд дарга үүнийг зарлаад асуудал шийдэгдэх үү. Фракцийнхантайгаа ярилцаж тохиролцсон зүйл бий юу?

-Намын дарга дангаараа, бие дааж шийдээгүй. Мэдээж фракцийн ахлагчидтай, УИХ дахь АН-ын гишүүдтэй зөвлөлдсөн. Нөгөө талаар жирийн намын гишүүд “Та нар нам дотроо хуваагдаад тэмцэлдэхээ болиоч ээ. АН-ыг муухай харагдуулж байна” гэдэг санал шүүмжлэлийг харгалзаж үзсэн. Тиймээс саяын уриа зөв зүйтэй боллоо. Одоо асуудлыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд фракцийн удирдлагууд нь татгалзаж дарга нар нь фракцаа удахгүй татан буулгах байх. Түүнээс биш хэсэг бүлэг гишүүд эрүүл саруул ухаанаар, ажил хэргийн тодорхой асуудлыг шийдэхийн тулд лобби бүлэг байгуулж ажиллах нь нээлттэй.

-Фракцаа хэзээ татан буулгана гэж тохирсон юм?

-Ойрын хугацаанд уриалгаа бодит ажил болгохын төлөө хөдлөх байх. Яагаад гэвэл УИХ дахь АН-ын бүлгийн хэмжээнд зөвлөлдсөн. Эсэргүүцсэн нэг ч гишүүн байгаагүй.

-Алтан гадас, МоАХ, Шонхор гээд фракцуудын дарга нар нь тэгээд юу гэж байх юм?

-Бүгд фракцгүй АН-ыг хүлээн зөвшөөрсөн.

-Муу нэрийг хуссан ч арилахгүй гэдэг шиг АН-ынхан чадах уу гэдэг асуулт гарч байгаа. Таныг л гэхэд Алтангадасынх одоо МоАН-ынх гэж хараад асуудал бүр дээр тэгж хандана биз дээ?

-Өөр өөр намуудын суурин дээр АН үүсэн байгуулагдсан. Хэдийгээр үүсэл нь ийм ч нэг л намын туган дор ажиллаж байгаа учраас анхныхаа тохиолдолд хэзээд үнэнч байж хатуу баримтлаад явах нь утгагүй. Тэгэхээр ёстой л гагцхүү гишүүдийн чин зориг, хүсэл эрмэлзлээс энэ асуудал хамаарна. Тэр хэмжээнд асуудлыг зөвөөр ойлгож татгалзах чадавхи гишүүдэд байгаа. Яагаад гэвэл үүнийг нийгэм, АН-ын жирийн гишүүд хүсч байгаа учир хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага бий.

-Нэг л дарга фракцаа татан буулгахгүй, тэр фракц нь асуудлыг хуучин аргаараа шийдсээр байвал та бүхний яриад байгаа бүхэн талаар болно биз дээ?

-Тэгэлгүй яахав. Тухайн үедээ АН-ын энэ фракциуд тодорхой үр дүнгээ өгсөн байх. АН 25 нас хүрнэ гэдэг хувь хүний бүтэн нэг үетэй тэнцэх хугацаа. Энэ хугацаанд олон ургальч үзлийг уралдуулах, олон талаас нь мэтгэлцэх боломж олгосныг үгүйсгэж болохгүй. Гэсэн хэдий ч одоо 25 нас хүрсэн нам бол нэгдмэл нэг үзэл бодолтой АН гэсэн ганцхан фракцтай болж ажиллах цаг нь болсон. Тиймдээ ч гишүүд нэн таатай хүлээн авч байгаа.

-Тэгвэл бялуу хуваахдаа ямар арга хэрэглэх юм?

-Заавал орлуулалгүйгээр асуудалд хандаж болно. Тоглоомын дүрэм л хамгийн тодорхой байх ёстой. Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдээд батлагдана. Түүний дараа намуудын дүрэм боловсронгуй болно. Тэгэхдээ л албан тушаалд томилох, шат ахиулах, хүний нөөцийн их тодорхой журамтай болж түүнийгээ баримтлаад явахад асуудал үүсэхгүй.

-Гэхдээ та чинь дөнгөж саяхан МоАН фракцийг байгуулалцаж гишүүнчлэлээ бүрдүүлсэн биз дээ?

-Энэ бол фракц биш. Монголын ардчилсан нийгэмлэг нь “Фракцгүй АН-ын төлөө” уриалгатай. Тэгээд ардчиллын үнэ цэн, үнэт зүйлийг хамгаалахын төлөөх санаачилга гэж байгаа. Санаачилгын хүрээнд анх энэ асуудлыг хөндсөн.

-Нийгэмлэг гэж тайлбарласан ч нам дотроо хэд хэдээрээ тасарч, тусгай гишүүнчлэл бүрдүүлж байгаа нь фракцийн тогтолцоотой ижил биз дээ. АН-ынхан фракциудаа санаачилга гэж нэрлэдэг болох гэж байгаа юм уу?

-Санаачилгын түвшинд байгаа учраас зөвхөн УИХ-ын гишүүн бус жирийн иргэд ч энд нэгдэж ажиллах боломжтой. Өнөөдөр олон иргэд санаачилгыг дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл ардчиллын үнэт зүйлсийг хамгаалъя. Ардчиллыг хэрэгжүүлэх явцад гажуудал үүсч байгаа бол засч залруулъя. Ингэхийн тулд хэмнэлдэн тэмцэлдэх бус эвлэлдэн нэгдэж ажиллая гэсэн санаачилга бий болчихоод байгаа юм. Ерөнхийдөө ажил хэргийн шинжтэй гэсэн үг.

-МАН-ынхан бусад намын гишүүд ч МоАН-д орж болох уу?

-Энэ санаачилгад хэн ч нээгдэж болно. Ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын тулд, аливаа ажил хэргийн асуудлыг шийдэхийн тулд хэнтэй ч хамтарч ажиллаж болно.

Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ цаг-үе

Үржингийн Хүрэлбаатар: Намдаг багш маань цагаадсан өдрөөсөө Буяннэмэхийгээ цагаатгуулах гэж гүйсэн дээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт утга зохиолын судлаач, шүүмжлэгч, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч, Дэлхийн Хайкугийн хол­бооны жинхэнэ ги­шүүн Үржингийн Хүрэл­баатартай уулзаж хөөрөлд­лөө.

-Та саяхан Монголын анхны хайкугийн гурамсан номуудынхаа нээлтийг хийсэн. Хаврын улирал гэлээ ч яруу найргийн ургац арвин байна даа?

-Монголын утга зохиол, яруу найраг даяаршиж байна. Үндэстэн үндэстний өөрийн онцлогтой яруу найргийг нэлээд судалсан. Монголын яруу найраг бол давтагдашгүй шүү дээ. Японы хайкуг судалж үзэхэд манайд ихээхэн дэл­гэрлийг олсон ч жинхэнэ утгаар нь ойлгож хайку бичсэн хүн цөөхөн санагд­сан. Би Дэлхийн хайкугийн холбоотой 2011 онд холбог­дож жинхэнэ гишүүн болсон. Монголд залуучууд болоод цахим ертөнцийнхөн бүгд хайку бичдэг болчихсон. Энэ их дэлгэрлийг олсон ч буруу хөгжвөл утгаа алдана. Тиймээс би сонгодог хэлбэрийг нь ашиглаад монгол агуулгаар баяжуулан “Чөдөр гурвалжин”, “Тархины фитнесс”, “Гандирсан” хайку шүлгийн гурамсан номын нээлтээ хийхэд Дэлхийн хайкугийн холбооны захирал, Токиогийн “Мэижи” их сургуулийн профессор Банья Нацуиши ирж оролцлоо. Хайку шүлгүүд маань орос, англи, япон, монгол хэлээр кирилл, уйгаржин, ханз, латин үсгүүдээр хэвлэгдэн гарснаас гадна “Чөдөр гурвалжин”-гаас маань 50 хайку Будапештэд ном болон хэвлэгдэж уран бүтээлчийн жаргалаа эдэлж байна даа.

-Таны уран бүтээлд дууны яруу найраг голлодог. Олон ч сайхан дуугаар тань ард түмэн таныг мэднэ?

-Миний уран бүтээлийн чиглэл дууны яруу найраг яах аргагүй мөн. Хойшид ч хэвээрээ л байна. Өчигдөр хүртэл Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, “Зууны манлай эстрадын дуучин” алдраа амьдралаараа ч, авьяасаараа ч ам бардам авч яваа гавьяат жүжигчин Б.Сарантуяа хоёртойгоо “Зоргоороо амраг минь” гэсэн дуу хийлээ. Энэ сарын 20-нд болох төрсөн өдрөөрөө Сараа дуулна. Дуу бол хүний сэтгэлд хүрэх хамгийн дөт зам гэж би хэлэх дуртай.

-Утга зохиолын суд­лалаар та хийсэн юмтай хүн. Шүүмжлэгч, судлаач хүн яаж яваад яруу найрагт урвачихав?

-Миний унаган мэргэжил бол утга зохиолын судлаач. Багшийн дээд сургуулийн оюутан байхаасаа “Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Хонины найр” зэрэг олон кино, концертын шүүмж бичиж эхэлсэн. Сургуулийнхаа монгол хэл, уран зохиолын анги төгсүүт намайг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт театр судлаач эрдэм шинжилгээний ажилтнаар татаж авч байсан. Судалгаа хийхийн хажуугаар шүлэг бичнэ. Утга зохиолын судлал шүүмжлэлийн багш эрдэмтэн Ц.Мөнх маань “Чи ерөөсөө зохиол бичиж болохгүй, зөвхөн шүүмжээ бич. Та нар өөрсдөө шальдар бульдарюм биччихээд хүн шүүмжилнэ гэж байхгүй” гэж хориглосон юм. Тэгсэн мөртлөө багш маань хүүхдийн зохиол бичнэ ээ. Бид цаагуураа “Багш өөрөө зохиол бичээ л байх юм” гэлцэнэ. Тэр “бод, судал” гэсэн маш хатуу, бас зөв шаардлага байсан юм билээ. Тэр үед хослуулж бичсэн бол шүүмжлэгч ч биш, шүлэгч ч биш болох байсан. Ерэн он гараад би багшаасаа “Ядаж хэдэн дууны үг бичмээр байна” гэж гуйсан юм аа. Тэгэхэд “Чи одоо шүлэг бичиж болно” гэж зөвшөөрсөн. Дууны шүлгийн мастер Л.Дагвадорж гуай манай өрөөнд их ирнэ. Нэг өдөр ширээн дээр маань байсан шүлгүүдийг үзчихээд цаасан дээр нэг юм биччихээд гараад явлаа. Үзсэн чинь “Дуулж жаргаж явсуу” гэж номын оршил шахуу юм бичиж. Сониндоо Дагвадорж гуайн үгийг оршил болгоод хэдэн шүлгээ тавилаа. Хөгжмийн зохиолчид ч аялгуу зохируулж, өөрийн гэсэн дуутай болж урам орсон доо. Иймээс би тэр их хүнийг уран бүтээлийн багш гэж боддог. Дууны шүлгүүдээ хоёр жилийн өмнө тоолоход дуулагдсан нь гэхэд хагас мянга болсон байсан шүү.

-Таныг Монголын хүүрнэл үгийн их зохиолч Донровын Намдаг гуайн гарын, гэрийн сургуулийн шавь нарын нэг гэж сонссон?

-Манай Урлаг судлалын секторын эрхлэгч нь Соёлын яамны сайдын үүрэг гүйцэтгэж байсан их эрдэмтэн Сономын Лувсанвандан гуай байсан. Театр судлалыг хариуцсан ганц хүн нь би юм чинь амьд нэвтэрхий толиудтай уулзаж суралцахаас аргагүй болж байгаа юм. Тэгээд зохиолч Д.Намдаг багш, аугаа жүжигчин, найруулагч Дэндэвийн Чимэд-Осор нараас салахгүй. Эхнэр хүүхэдгүй залуу ганц хүн чинь цүнхээ шидчихээд л аль нэгнийх нь гэрт очоод гоё юм яриулаа л суучихдаг байлаа. Д.Намдаг гуайн гэрийн сургуульд би яг гурван жил суусан. Надаас хэдэн жилийн өмнө Д.Мягмар, Д.Батбаяр, Х.Зандраабайды тэргүүтэй зохиолчдыг жүжгийн зохиолч болгох гэж гэрийн сургууль хийгээд туршлага суучихсан байсан. Надтай хамт “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж, хөгжмийн зохиолч Мааяа нар сурч байсан. Чимэд-Осор гуай гучаад онд тоглож байсан дүрээ, партнёр дүрийнхтэйгээ хамтад нь ярьдаг гайхам­шиг­тай ой ухаантай хүн байлаа. Хоёр гурван сарын дараа сахилгагүйтээд асуухад яг текст хараад хэлж байгаа юм шиг шууд хэлнэ. Д.Намдаг багш, тэр хоёроос л би театр урлаг, жүжгийн уран бүтээлийн талаар асуухгүй бол өөр хэнээсээ ч асуух вэ дээ.

-Намдаг багшаасаа их зүйл авч хоцров уу?

-Нэг удаа багш маань “Их Нацагийг нутаглуулсан газрыг би чамд зааж өгнө өө. Дээр нь айл буучихсан байна лээ” гэж байсан. Хорин хэдхэн настай залуу байсан болохоор заалгаад авах ухаан ч байсангүй. Тухайн үед надад олдчихоор бэлэн унаа ч байсангүй. Түүнээс биш заалгаж аваад хоцорсон бол гэж харамсаж л явдаг юм. Багш намайг “Бичээд бай” л гэдэг байсан. Тэр бичүүлээд байсан юм нь надад их сургууль болсон доо. Хожим “Улаанбаатар” сонины эрхлэгч байхдаа “Д.Намдагийн туршиц, туурвил зүй” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалахад тэр бичүүлсэн зүйл нь бэлэн эрдмийн хишиг байсан даа. Тиймээс би багшийгаа шүтдэг юм. Д.Нацагдорж, С.Буяннэмэх нартай шоронд хамт байснаа ярина. “Шоронд байсан” энэ тэр гэж ярихгүй ш дээ, “золгүй явдал” гэж эерүүлж хэлнэ. Нацагдоржийгоо бичгийн ухаантай, ярианы хувьд тааруу, харин Буяннэмэхийгээ өв тэгш хүн байсан, хувьсгалын уран зохиолд өөрийгөө зориулаагүй бол Нацагаас илүү уянгын найраг туурвих байсан хүн гэж ярина. Өөрөө цагаадсаныхаа маргаашаас л Буяннэмэхээ цагаатгуулах гэж хөөцөлдөж эхэлсэн гэдэг. Гэргий нь надад “Өөрөө арайхийжялнаас салчихаад чи хүний төлөө зүтгэж байж одоо дахиад хийлгэчихнэ” гэхэд “Хийлгэсэн ч хамаагүй, энэ хүнийг л цагаатгуулна” гэж явж байж цагаатгуулсан гэдэг.

-Утга зохиолын “Гал” бүлгэмийнхээ тухай хүүрнэвэл сонин доо?

-Би “Гал”-ынхаа тухай зохиолчдын дурсамжаар бүтсэн “Бурхадын сархад” номонд тодорхой дурдсан байгаа. Яруу найрагч Бат-Очирын Сундуй, Дагвадоржийн Цогт, Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёо, Жүмпэрэлийн Саруулбуян, төрийн шагналт зураач Ойдов, хэл бичгийн ухааны доктор Я.Баатар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн, төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар, дорнын их найрагч Данзангийн Нямсүрэн бид нарын өнөөгийн зэрэгт хүрсэн минь “Гал” бүлгэмийн маань л буян даа. Бид “Яавал энэ Урианхай, Л.Дашням, Б.Лхагвасүрэн нар шиг хэлтэй устай, соёлтой гайхамшигтай сэхээтэн болох вэ” гэж атгасан гарын хурууд шиг андалж нөхөрлөж явсан даа.

-Та нийслэлийн төв хэв­лэл “Улаанбаатарын мэдээ”, “Улаанбаатар” сонинд олон жил сэтгүүл­ч эрхлэгчийн албыг хашсан хүн. Монголд чөлөөт хэвлэл үүсэхэд таны хувь нэмэр их байж таараа?

-Миний амьдралын хэв маяг, зорилго маань сэт­гүүл зүйтэй салшгүй холбоо­той. ШУА-д гурван жил ажиллаад Улаанбаатар Хотын намын хороо, Хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны төв хэвлэл “Улаан­баатарын мэдээ” сонинд татагдаж ирж ажилласан. Энэ сонинд гучаас дээш насны, хөдөлгөөн багатай хүмүүс байсан. Ганжууржав, Дашдорж, Галсангийн Жамьян гуай нарын ланжгарууд байсан. Урлаг соёл, хөдөө гадаа явах томилолтын бүх ажилд гүйнэ. Энэ сайхан сонинд ирж идэвхтэй ажилласнаас хойш гурван жил дараалан оны шилдэг бичлэгийн шагнал аваад, дөрөв дэх удаагаа авах гэж байхад “Намын гишүүн биш байж юун олон жил шагнал авдаг юм” гэсэн яриа гараад, намайг сонины хэлтсийн даргаар тавьж байлаа. Нэг сонин зүйл ярихад Ардчилсан холбооны үйл явцын тухай анхны сурвалжлагыг би хийж байлаа. Налайхын Соёлын ордонд цуглаан хийгээд Э.Бат-Үүл нар хөөгдөж гарч байлаа. Тэр өдөртөө Бат-Үүл рүү ярьж үзүүлээд гаргаж байсан. “Миний ерэн он” гэж нэг ном гаргах гээд бэлдчихсэн байгаа. Хэвлэлийн эрх чөлөөгүй үед бид хэвлэлийн эрх чөлөөний төлөө ингэж тэмцэж явлаа гэж би одоо залууст хэлдэг юм.

-“Улаанбаатар” сонины өөрийнхөө багийг хэдэн онд анх үүсгэн байгуулав?

-Ерэн оны тавдугаар сарын 16-нд анхны туршил­тын дугаараа гаргасан юм. Би “Улаанбаатарын мэдээ” сониндоо ажиллаж байсан л даа. Тэр жил би Хотын хурлын депутат болчихсон байсан. Улаанбаатар хотын төрийн байгууллагын анхны бөгөөд сүүлчийн сонины ерөнхий эрхлэгч нь би юм.

-Тэр үед танай сонин яруу найрагчид, сэхээтэн залуучуудыг их дэмждэг байсан санагддаг?

-Нийслэл гэдэг чинь оюуны, сэтгэлгээний, соёлын, залуучуудын төв гэдэг утгаар танин мэдэхүйн оюуны дугаар бэлтгэн гаргаж эхэлсэн. Б.Галсансүх тэр үед дөнгөж аравдугаар анги төгссөн л хүүхэд байж дээ. Гүр.Нямдоржийн “Хориотой жимс” найраглалыг “Сонин доторхи сонин” буланд тавихад тэр өдрийн дугаар үдээс өмнө ч болоогүй байхад дуусаж байлаа. Модернист зохиолч С.Анударийн бүтээ­лүүдийг тавьж байлаа. Нийслэлийн сонин гэж зөвхөн хотын хог новш л бичдэг сонин биш гэдгийг амьдрал дээр нотолсон. Мон­голын цагдаагийн төв хэвлэл “Нүгэл буян”, гаалийн “Алтан босго”, “Улаанбаатарын үдэш”, “Арга билэг”, “Утга зохиол урлаг”, “Цог” сэтгүүл, зар мэдээлэл, сурталчилгааны “Алаг шаазгай” гээд олон сонинг эрхлэн гаргаж байлаа. Нийслэлийн хэвлэлийн түүх гэж байдаг бол миний хувь нэмэр жинхэнэ утгаараа сонины ерөнхий эрхлэгч гэдгээрээ бичигдэх болов уу гэж бяцхан сагсуурдаг юм шүү дээ.

-Таны удирдлагад ажиллаж байсан залуус “Манай Хүрлээ эрхлэгч ч мужик шүү. Аар саар зан гаргаад арга хэмжээ авах гээд байдаггүй ганц шанаа өгчихдөг байж билээ гэж байхыг сонссон?

-Үнэн үнэн. Хүнтэй ажил­лаж байгаа нэг хэлбэр л дээ. Нэг алгадуулчихсан хүн сүүлд нь “Хэрвээ тэр үед та надад арга хэмжээ аваад явуулчихсан бол балрахгүй юу” гээд инээгээд ороод ирдэг юм ш дээ. Хотын сонины эрх­лэгч байхдаа мөн ч олон сайхан залуус голдуу эрчүүдтэй ажиллаж байлаа.Би эцэг эхээсээ арвуулаа, айлын хоёрдахь хүү болохоор дүү нарынхаа ааль аягийг тохируулаад сурчихсан хөдөөний хүмүүжилтэй л хүн байхгүй юу. (инээв.сур)

-“Улаанбаатар” сонины нэрэмжит Монгол Улсын арслангуудын нэрэмжит барилдаан гэж сайхан үйл явдлыг та санаачилсан даа?

-Аваргуудыг бол олон түмэн сайн мэддэг. Аваргуудын энтэй арслангууд нас нь ахьчихсан хэн ч мэддэггүй байх жишээтэй. Төв аймгийн Баянбараатаас хөтөлгөө морьтой давхиж ирээд улсын наадамд түрүүг аваад явчихсан Оргодол арслан, тэмээ өргөдөг Жамьяндорж арслан нарыг гэхэд ард түмэн домог мэт ярьдаг мөртлөө хэн ч таньдаггүй л байсан байхгүй юу. Арслан цолтон их цөөхөн төрдөг. Арслан ганц л төрдөг цолтон, мартагдчихсан арслангуудыг гаргаж ирье гэж туршилтын дугаараа гаргасан өдрөө хийсэн юм. Манай Говь-Алтай аймаг Батсуурь гэдэг сайхан аваргатай, олон заан, начингуудтай. Тэр арслангийнх нь орон зайг нөхье гэж бодсон хэрэг.

-“Хангарьд” шагналыг бас бий болгосон гэл үү?

-Одоогийн Улаанбаатар хотын сүлд чинь манай сонины лого байлаа ш дээ. Лхамсүрэн гэдэг хүн анх санаа гаргасныг сониндоо хэлэлцүүлэг болгоод яваандаа Мөнхжаргал дарга, Б.Энэбиш дарга нар сайшааж хотын хурлаар тогтоол нь батлагдаж байлаа. Надад хоёр жилийн өмнө “Хангарьд” шагналыг өгөхдөө энэ тухай дурдахад сайхан л санагдаж байсан.

-Та чинь “Улаанбаатар” сонины нэрэмжит гоц авьяастаны “Хангарьд” шагналыг анх санаачилж байсан байх аа?

-Эхний шагналыг жүжигчин Д.Сосорбарамд олгож, арслангуудын нэрэмжит барилдаан дээр хоёр өрөө байр өгсөн юм шүү. Со-д байр өгсөн гэж би матагдаж дуудагдаж байсан юм. Үүнээс хойш Өвөр Монголын дуучин Тэнгэр, дуучин Б.Сарантуяа, бөх тайлбарлагч Ганбаатар, яруу найрагч Б.Галсансүх, сэтгүүлч Б.Эрдэнэбаатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, сумогийн Д.Батбаяр, Чингэс хааны дүр бүтээсэн Өвөр Монголын жүжигчин Дэлгэр нарт олгож байсан даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

С.Ариунболд: Үндэсний брэнд дэлхийн тавцанд өрсөлдөнө

Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэ­хүүн тун удахгүй дэлхийн брэндүүдтэй мөр зэрэгцэн өрсөлднө. Энэ боломжийг мэргэжлийн гадаад худал­дааны “Рояал Ресурс Монго­лия” компани эхлүүлэх гэж байна. Тус байгууллага нь “Монгол жинчин” хэмээх экспортод чиглэсэн төс­лийг хэрэгжүүлэхээр бол­жээ. Төслийн хүрээнд ямар үйл ажиллагаа явагдах та­лаар “Рояал Ресурс Монго­лия” компанийн захи­рал С.Ариунболдтой ярилцлаа.

-“Монгол жинчин” төс­лийн талаар эхлээд мэ­дээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хараат эдийн засагтай. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээг­дэхүүний үнэ буурахад манай эдийн засаг тэр хэмжээгээр хямарч байдаг. Тэгвэл “Мон­гол жинчин” төсөл нь уул уурхайн бус үйлдвэрлэлийн эц­сийн бүтээгдэхүүнийг га­даад зах зээлд нэгдсэн зо­хион байгуулалттайгаар худалдаалах боломжийг нээж буй юм. Энэ утгаараа экспортод чиглэсэн худалдааны анхны томоохон төсөл гэдгийг тодотгож байна.

-Монголын брэнд гэвэл гадаад ертөнцөд ноос, ноо­лууран бүтээгдэхүүн танигд­сан байдаг. Өөр ямар төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах вэ?

-Манайхан өөрсдөө ноос ноолуур гэж чухалчлаад бусдыг нь үнэлдэггүй боло­хоос дэлхийд таниг­дахаар олон сайхан үндэсний брэнд бүтээгдэхүүн байн шүү дээ. Одоо ургамлын тос үйлдвэрлэж байна. Гар урла­лын бүтээгдэхүүнүүд байна. Мөн дэлхийн өндөр технологиор чанартай гутал хийдэг “Best shoes” компани гутал үйлдвэрлэж байгаа. Ерөнхийдөө “Монгол жинчин” төслийнхөө хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж байгаа юм.

-Үндэсний бүтээгдэхүү­нүүдийг дэлхийд хүчтэй өрсөлдөгч болгохын тулд энэ төслийг эхлүүлж байгаа байх нь ээ?

-Тийм. Монголын брэнд дэлхийд өрсөлдөх цаг ойрхон байгаа гэдэгт итгэж байна. Төслийн нэг тактик бол Монгол соёлыг илүү гаргана. Монгол Улс түүхэн онцлогтой, өөрийн гэсэн соёл иргэншилтэй ард түмэн. Тиймээс үүнд тулгуурлан төслийнхөө нэрийг хүртэл “Монгол жинчин” гэж нэрлэсэн. Нэг ёсондоо “Монгол жинчин” брэнд сүлжээ дэлгүүрийг дэлхий дахинд байгуулна гэж ойлгож болно.

-Сүлжээ дэлгүүрээ ямар хэлбэрээр, яаж байгуулах юм бэ?

-Хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Судал­гааны үндсэн дээр “Монгол жинчин” худалдааны төвүүдийг дэлхийн өнцөг булан бүрт байгуулахаар зорьж байгаа. Үйл ажиллагааны хоёр дахь чиглэл нь онлайн худалдааг ашиглана. Үүнд бид маш эрчимтэй, хүчтэй орохоор төлөвлөсөн. Хятадын интернэт худалдааны том сайт Алибабагийн охин компани болох www.jd.com, www.tmall.com сайтыг ашиглана. Одоо онлайн худалдааны дэлгүүрийн маань программ хангамжийн асуудал шийдэгдээд дуусчихсан. Удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлнэ дээ.

-Онлайн сүлжээ дэлгүү­рийн бараа бүтээгдэхүүн чанар муутай гэдэг хандлага хүмүүст байдаг. Энэ тал дээр Алибабагийн хувьд өнгөрсөн онд нэлээд асуудал үүсгэсэн. Харин “Монгол жинчин” дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнд хүмүүс хэр­хэн итгэж болох вэ?

-Бараа бүтээгдэхүүний чанарын асуудалд бид яаж хандаж, хэрхэн анхаарч явах уу гэдэгт Хятад улсын туршлага байна. Онлайн худалдааг “show room” буюу “online to ofline” системээр үзэсгэлэнгийн жижиг танхимуудыг байгуул­даг. Тухайн танхимд бор­луулж байгаа бүх бараа бүтээгдэхүүний дээж нь байж байх жишээтэй. Худалдан авагч бараа бүтээгдэхүүний чанарыг нь гараараа барьж, нүдээрээ үзсэний үндсэн дээр захиалгаа өгдөг систем рүү байгуулсан. Алибабагийн хувьд эхний нэг жилдээ 1000 ширхэг “show room”-ийг Хятадын нутаг дэвсгэрт байгуулсан шүү дээ. Харин “Монгол жинчин”-гийнхээ “show room”-ийг эхний жилдээ 100 ширхэгийг байгуулна. Ойрын гурван жилдээ БНХАУ-ын нутаг дэвсгэрт мянган ширхэг “show room” байгуулахаар төлөвлөөд байна.

-Төслийн гол бодлого юу вэ?

-Үйлдвэрүүдийнхээ бор­луу­лал­тыг нь нэмэгдүүлэх замаар эргээд тэдний цар хүрээг сайжруулъя, дэлхийн стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн бий болгоё гэж байгаа юм. Байгаль орчинд ээлтэй байдлаар төслийн хүрээнд хамрагдаж байгаа үйлдвэрүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд их бий.

-Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэж мэдэгдээд байгаа. Тэр ч утгаараа татвар авдаггүй. Харин бүтээгдэхүүнээ борлуулах орнуудын талаас учирах хүндрэл бэрхшээлээ хэрхэн тооцоолсон бэ?

-Нэг хүндрэл нь бидний бараа бүтээгдэхүүн гаргаж байгаа тухайн орон нутгийн татвар, хорио цээрийн бод­ло­­гууд байна. Энэ бол үйлд­вэрлэгчдэд нэлээд хүнд­рэлтэй тусдаг. Үүнийг төсөл санаачлагчид дангаараа хэрэг­жүүлнэ гэж байхгүй. Тиймээс хамтын ажил байх ёстой. Засгийн газартай хамтраад саналаа оруулах ажлууд цаашид хийгдэнэ. Одоогийн байдлаар БНХАУ-ын хувьд хил гаалийн хорио цээрийн асуудалд тохиролцоонд хүрчихсэн байгаа.

-Энэ худалдаагаа цаашид хичнээн оронд тэлэх вэ?

-“Монгол жинчин” төсөл нь Үндэсний үйлдвэрлэгчдээ нэгтгэн дэмжиж энэхүү арга барилаа ашиглан БНХАУ, цаашлаад ОХУ, Европ, Хойд Америкийн зах зээлд өрсөл­дөх гарцыг нээхээр ажиллаж байна. Бас Япон улс байгаа. Саяхан манай хоёр орны хооронд эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Тиймээс “Монгол жинчин” дэлгүүрийнхээ сүлжээг өргөтгөх дараагийн улс Япон байх нь гарцаагүй. ОХУ, Сибирийн бүсэд манай бараа бүтээгдэхүүн асар эрэлттэй байдаг. Цаашлаад ОХУ-д салбар худалдааны төв байгуулах тал дээр ажиллана.

-Энэхүү төслийг хэрэг­жүүлснээр манай улсын эдийн засагт орж ирэх үр өгөөжийг нь хэрхэн тооцоо­лоод байгаа юм бол?

-Монгол Улсаас экспор­толж байгаа нийт бараа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь уул уурхайн түүхий эд байдаг. Үлдсэн 10 хүрэхгүй хувь нь бусад төрлийн бүтээгдэхүүн. Хамгийн гол нь бид энэ тоог нэмэх зорилготой явж байна. Судалгаагаар төслийн хэмжээнд эхний жилдээ зөвхөн Эрээнд байгуулагдаж байгаа худалдааны төв агуулахын сүлжээгээрээ дамжуулаад үндэсний үйлдвэрлэгчдийнхээ 38 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг борлуулна. Эндээс улсад 644 сая төгрөгийн татвар орж ирнэ гэсэн тооцоо байгаа.

-Эхний худалдааны тө­вөө яагаад Эрээн хотод бай­гуулахаар сонгосон юм бэ?

-Хятад бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон экспортлогч, импортлогч орон. Тиймээс худалдааны өөрийнх нь дэд бүтэц асар их хөгжсөн. Эрээнд” Монгол жинчин” төслийнхөө агуулахыг байрлуулж байгаа нь өндөр ач холбогдолтой. Тодруулбал, бид 24 цагийн онлайн худалдаа хийх боломжтой. Салбар дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ түгээхэд дөхөмтэй.БНХАУ руу манай бүтээгдэхүүн гарах гол эх үүсвэр нь энэ агуулах байх юм.

-Дэлхийн брэндүүдтэй мөр зэрэгцэхийн тулд үн­дэсний бүтээгдэ­хүүнүү­дийнхээ стандартыг тэдний жи­шигт хүргэх шаардлагатай. Энэ тал дээр ямар ажил хийх вэ?

-Тэрхүү стандарт, чана­рын болон лабораторийн шинжилгээг хүлээгээдманай бараа бүтээгдэхүүн дэлхийд гарч чадахгүй өдий хүрсэн гэж ойлгож болно. Шалтгаан нь үндэсний бүтээгдэхүүний борлуулалтынх нь хувь нэмэгдэхгүй байгаатай холбоотой. Үйлдвэрүүдийнх нь хувь өсөхгүй байна. Тэр чанарын удирдлагын ме­нежмент ISO 9001-ийг аваад нэвтрүүлье гэхээр төлбө­рийн хувьд манай жижиг дунд үйлдвэрүүдэд хүнд тусна. Төслийн маань хамгийн гол ач холбогдол нь үндэсний үйлдвэрлэгчдийнхээ борлуулалтыг дэмжих юм. Энэ дэмжлэг тэднийг тодорхой хэмжээндорлоготой болгоно. Тэгээд үйлдвэрээ бага багаар тэлж, үйлдвэрлэлтийнхээ цар хүрээг нэмэгдүүлнэ. Ингэснээр чанартаа анхаараад олон улсын стандартад нийцсэн шалгуур үзүүлэлтээ хангах зорилгоор өөрсдөө ажиллах ёстой. Энэ бол манай төслийн хамгийн гол ач холбогдол нь. Борлуулалтыг дэмжих замаар үйлдвэрүүдээ дэмжинэ. Үйлдвэрүүд маань тодорхой хэмжээний орлоготой учраас эргээд төлөвлөлт хийж эхэлнэ. Ингэхийн тулд түүхий эд авдаг боловсруулах үйлдвэрүүд рүү хандана. Энэ үйлдвэрүүд өөрөө өөрийнхөө ажлыг төлөвлөж түүхий эдээ авдаг малчид руу ханддаг болно. Энэ нь яваандаа нэгдсэн урсгал болох ёстой гэж үзээд байгаа юм. Анхан шатны түүхий эд нийлүүлэгч боловсруулагч үйлдвэр, загвар дизайны үйлдвэр, борлуулалт гэсэн нэгдсэн систем бий болох нь төслийн гол ач холбогдол л доо.

-Дэлхийд бараа бүтээгдэ­хүүнээ таниулах хүсэлтэй компаниудыг төсөлд хэрхэн хамруулах вэ?

-Мэдээж хэрэг манайд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа топ үйлдвэрүүд багтана. Жижиг дунд үйлд­вэрлэгч нар ч бий. Хамгийн гол нь тасралтгүй үйл ажил­лагаа явуулж байгаа, цаашид тогтвортой үргэлжлэх үйлдвэрүүд хамрагдах ёстой. Бидний зүгээс тавьж байгаа гол шалгуурын хүрээнд сав баглаа боодол болоод чанарын хэмжээнд хангагдсан үйлдвэрүүдийг эхний ээлжинд хамруулна. Манай төслийн 70112662 утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Энэ сарын 10-нд буюу маргааш “Чингэс” зочид буудлын хурлын танхимд “Үндэстэн дамнасан үндэсний брэнд” чуулга уулзалтыг зохион байгуулна. Дэмжигч байгууллагаар Аж үйлдвэрийн яам, Монголын Үндсэний худалдаа аж үйлдвэрийн танхим, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн төворолцно. Энэ чуулганы хүрээнд төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болохоор үндэсний үйлдвэрлэгчдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

П.БАЯР

Categories
мэдээ цаг-үе

Төрийн байгууллагын зүгээс иргэний оролцооны соёлыг хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ

Иргэдийн оролцоо, шууд ардчилал болон төв­лөрлийг сааруулах асуудал Монгол Улсын түвшинд ямар байгаа болон цаашид юунд анхаарах шаард­лагатай байгаа талаар МУИС-ийн багш, доктор, дэд профессор А.Энхбаттай ярилцлаа.

-Бид ардчилсан тог­толцоонд шилжсэнээс хойш 25 жил боллоо. Ард­чиллын үйл явц өнгөрсөн хугацаанд ямар байв? Судлаачийн хувьд та байр сууриа илэр­хийлнэ үү?

-Ардчилал гэдэг нь ир­гэдийн зүгээс төрийн хэ­рэг­жүүлж буй бодлого, үйл ажиллагаанд шууд иргэ­дээс эсвэл иргэдээс сонгогдсон төлөөлөгчдөөр дамжуулан нөлөөлөхийг хэлдэг. Ардчиллын үзэл баримтлалын хамгийн чухал бүрэлдүүн хэсэг нь ард түмэн. Өнөөгийн ардчилалд иргэдийн санаачилга болон бүх нийтийн санал асуулга гэсэн хоёр төрөл ихээр ажиглагдаж байгаа. Ардчиллын үйл явцын талаар олон үзэл бодол, байр сууриар судлаачид үгээ хэлэх байх гэж бодож байна. Миний хувьд гурван гол зүйл дээр өнгөрсөн хугацаанд бид анхаарлаа хандуулах шаардлагатай байж гэж боддог, энэ нь нэгдүгээрт, ил тод, нээлттэй байдал, хоёрдугаарт иргэдийн оролцоо, гуравдугаарт хариуцлагын зарчим. Иргэдээс төрийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг бий болгохын тулд иргэд мэдээллээр хангагдсан байх шаардлагатай. Ил тод байдал гэдэг бол нээлттэй, харилцаа холбоотой, ха­риуцлагатай байхыг хэлдэг ба зайлшгүй хангагдаж байх ёстой нөхцөл юм. Төрийн зүгээс ил тод байдлыг бий болгосон тохиолдолд иргэдийн идэвхитэй оролцоо оршин тогтнох боломжтой ба нөгөө талаар төрийн зүгээс чухам юу хийсэн бэ гэдгийг нарийн хянах явдал. Төрийн ил тод байдал нь иргэдийн оролцооны зарчимтай салшгүй холбоотой. Иргэдийн бодит оролцоо хангалттай, шаардлага хангасан мэдээлэл байгаа тохиолдолд хэрэгжинэ. “Төрийн хэрэгт иргэдийн оролцоо” гэдэгт санаачилга болон дэг журам нь иргэдийн гарт байхыг ойлгодог, гэхдээ оролцооны үйл явцыг төрийн байгууллага удирдан зохион байгуулдаг. Иргэдийн оролцооны дараахь хэлбэрүүд байдаг: олон нийтийн санаачилга, иргэдийн баг, бүх нийтийн санал хураалт. Харин төр олон нийтийн өмнө үйл ажиллагаагаа тайлбарлах, нотлох үүрэг хүлээнэ.

-Ил тод, нээлттэй байдал, иргэний оролцоог бий болгоход олсон амжилт болон хүндрэл, бэрхшээл юу байна гэж та үзэж байна?

-Энэ чиглэлд сүүлийн таван жилд тодорхой алхмууд хийгдлээ. Төсвийн тухай хуулийн Орон нутгийн хөгжлийн сангийн талаархи хуулийн заалтууд, Мэдээллийн ил тод байдал, Мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг УИХ батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Жишээлбэл, 2013 онд ОНХС-д улсын хэмжээнд 287 тэрбум төгрөг хуваарилагдаж, 5000 гаруй төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн бол 2014 онд 204 хуваарилагдаж, Төсвийн хуулийн 63-р зүйлд заасны дагуу ОНХС-ийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар баг, хороодын иргэдээс санал авч, эрэмбэлэх замаар шийдэж, үүнийгээ ИТХ-р батлан хэрэгжүүлсэн. Монгол Улсын түүхэнд, тодруулбал, төсвийн харилцааны түүхэнд ийнхүү анх удаа улсаас хөрөнгө оруулалтын зориулалтаар сан байгуулж, тус сангийн хөрөнгийг иргэд өөрсдөө мэдэж, шийдэх тогтолцоо 2013 оноос эхлэн хэрэгжиж байна. Аливаа шинэ бодлого хэрэгжиж, үр дүнгээ өгөх хүртэл тодорхой хугацаа шаардагдана. ОНХС-ийн тогтолцоог иргэд ихээхэн дэмжиж байна. Улаанбаатар хотын 152 хорооны 15000 өрхөд хийсэн судалгаанаас үзэхэд иргэдийн 85% нь иргэдийн оролцоо, ОНХС-ийн тогтолцоог дэмжинэ гэжээ. ОНХС-ийн хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх талаар сайн туршлагууд бий болоод байна. Тухайлбал, ХУД ОНХС-ийн хөрөнгийнхөө 60%-г хорооддоо хүн амын тоогоор хувааж, хуваарилсан хөрөнгийг иргэд нь өөрсдөө санал өгч, иргэдийн шийдлийг эцсийн шийдэл гэж үзэн, ИТХ-с шууд батлан хэрэгжүүлж байна. Ерөнхий Аудитын газар ОНХС-ийн хэрэгжилтэнд аудит хийж, бодлого, арга хэмжээ үр дүнгээ өгч байна, гэвч нийтлэг дутагдал, зөрчлүүд байна гэж дүгнэсэн. Жишээ нь, орон нутагт иргэдээрээ хэлэлцүүлдэггүй, баг, хороодод иргэд нь саналаа өгч шийдсэн төсөл, хөтөлбөрийг ИТХ нь авч хэлэлцдэггүй, өөр хөтөлбөр, төсөл хэрэгжүүлдэг гэсэн зүйл нэлээд гарчээ. Мөн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Засгийн газар, холбогдох яамд, агентлагуудад хуулийг хэрэгжүүлэх сонирхол үнэндээ алга. Иргэний оролцооны хувьд хууль эрх зүйн орчин бүрдээгүй хэвээр байна. Стратегийн бодлогын хэрэгжилтийг хөнгөвчлөх гол механизм болох Засаг захиргаа, хууль-эрх зүйн үндсэн шинэчлэлтүүд хийгдэхгүй, удаашралтай байгаа нь бодлогын хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлж байна. МУ-ын Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан Иргэний оролцооны тухай хуулийг УИХ яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Өнөөдөр иргэний оролцооны талаархи хууль, эрх зүйн мэдлэг, чадавхи сул хэвээр байгаа ч тэдний хүлээлт, идэвхи, санаачлага их байна. Иргэний оролцооны талаар нэгдсэн ойлголт, стандарт алга. Оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо сул, тэд юуг, хэрхэн хийхээ мэдэхгүй хэвээр байна. Төрийн байгууллагын хүнд суртал, Төрийн захиргааны бүх шатны байгууллагуудын санаачилга дутмаг, албан хаагчдын мэдлэг хангалттай биш байна. Төрийн байгууллагын зүгээс иргэний оролцооны соёлыг хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ. Иргэдийн оролцооны үе шатыг үнэлдэг Арнштэйны загварын дагуу оролцоо ямар байгааг гурван түвшинд авч үздэг. Эхний түвшин-иргэдийн оролцоог оромдох үе шат, энэ нь үгүйсгэх, тайвшруулах, дүр эсгэх гэсэн гурван шаттай. Хоёр дахь нь оролцооны гол хэсэг буюу мэдээлэл өгөх, хуваалцах, иргэдтэй зөвлөлдөх хэсэг, гурав дахь нь иргэдийн идэвхитэй оролцооны үе шат. Манайд иргэдийн оролцооны үе шат янз бүр хэрэгжиж байна. Ихэнх баг, хороо, сум, дүүрэгт оролцооны үе шат нь төрийн талаасаа оромдох үедээ байна. Иргэд удирдлагадаа санал, гомдлоо гаргадаг ч удирдлага нь асуудлыг үгүйсгэдэг. Эсвэл “Асуудлыг судалж байна, цаашид судлаад шийднэ” зэргээр тайвшруулж, оролцооны дүр эсгэсээр байна. Мөн асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг ч авирлана. Иргэдийн саналыг сонсож “Чухал юм байна” гэсэн хэрнээ шийдвэртээ тусгахгүй. Иргэддээ асуудлыг мэдээлдэг, төсөв санхүү, хууль дүрэмтэй холбоотой асуудлын талаар мэдээлэл өгч, шийдвэр гаргахдаа хамтарч, зөвлөлддөг, хэлэлцүүлэг зохион байгуулдаг байх ёстой. Заримдаа ажлын хэсэг хамтранбайгуулаад шийддэг, эсвэл шийдвэр гаргах эрх мэдлийг шууд иргэддээ өгдөг.

-Цаашид ямар асуудал дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Өнөөдөр маш олон хууль, эрх зүйн акт, дүрэм журам үйлчилж байгаа ч яг иргэдтэй холбоотой эрх зүйн зохицуулалт маш ховор. Иргэнд хүлээлгэсэн үүрэг, хариуцлага гэдэг талаасаа салбарын яамдын чиг үүрэг, нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг тодорхойлсон эрх зүйн зохицуулалтууд хийгдэж байгаа ч иргэний эрхийг хамгаалсан, шийдвэр гаргах үйл явцад оролцуулах эрх зүйн чадамжийг баталгаажуулсан зохицуулалтууд үгүйлэгдэж байна. Жишээ нь, орон нутгийн шинж чанартай асуудлаар бүх нийтийн санал асуулга хэрхэн явуулах тухай зохицуулалт байхгүй. Ардчиллын үндсэн зарчмуудыг бий болгохын тулд иргэдийн оролцоог идэвхитэй, тууштай дэмжих, боловсролоор хангах, төвлөрлийг сааруулахад төрийн захиргааны байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, төрийн албан хаагчдын хариуцлагын тогтолцоог шинээр бий болгох, УИХ, Засгийн газраас гаргаж байгаа хэт их олон дүрэм журмыг цөөлөх, орон нутагт иргэд өөрсдөө амьдралдаа хэрэгтэй дүрэм журам бий болгох, батлах, хэрэгжүүлэх эрхийг өгөх, ”Орон нутагт эрх мэдэл шилжүүлэх тухай хууль” гаргах, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хүлээн зөвшөөрч, үүргийг нэмэгдүүлэх, мэдээлэл, цахим харилцааны нээлттэй суваг, засаг захиргааны шуурхай байдал, иргэдийн хоорондын сүлжээг бий болгох шаардлагатай байна.

-Ярилцлага өгсөнд баяр­лалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье!

Categories
мэдээ цаг-үе

З.Сарантуяа: Бид нэг гэр худалдаж авах мөнгө олохын төлөө хичнээн зүтгэж, шаналдаг гэж санана

Хамтын халуун сэт­гэл” за­луу­сын нэгд­лийн зохицуулагч З.Саран­туяатай ярилцлаа.

-“Халуун сэтгэл”-ийн залуус олон сайхан үйл хэрэг, буянтай ажил хийж хүмүүст тусалдаг. Танай нэгдэл хэзээ байгуулагдсан юм бэ?

-2012 оны арваннэгдүгээр сард “Дулаахан өвөлжье” аяныг зохион байгуулах үеэр байгуулагдаж байлаа. Уг аяныг бид зохион байгуулах үедээ Ичинхорлоо гэж эгчтэй уулзаж гэртэй болгосон. Түүний амьдралын талаар өгүүлсэн нэвтрүүлэг гарч байсан юм. Нэг охинтойгоо амьдардаг. Охин нь элэгний өвчтэй. Охиныхоо эмчилгээний мөнгө болох 98 мянган төгрөгийг олохын тулд ундааны сав, лааз түүж амьжиргаагаа залгуулдаг тэтгэврийн хөгшин. Охин нь өдөр бүр 98 мянган төгрөгийн үнэтэй эмчилгээ хийлгэдэг болохоор тэр хүний хувьд өдөр бүр хөдөлмөрлөх шаардлагатай тулгардаг. Нэг ийм айл байсан. Тийм хүнд амьдралтай мөртлөө өдөр бүр 98 мянган төгрөгийг цуглуулж чаддаг гэхээр үнэхээр бахархмаар санагдаж байлаа. Түүнтэй анх уулзахдаа бид “Таныг гэртэй болгохыг хичээнэ. Гэхдээ бид амлахгүй. Чадахгүй ч цуглуулсан мөнгөө танд өгье. Хүүхдээ эмчлүүлээрэй” гэж үнэнээ л хэлсэн. Тэгтэл энэ талаар мэдээлэл фэйсбүүкт оруултал хоёрхон долоо хоногийн дотор мөнгө нь цуглачихсан. Японд суралцдаг залуус нэгдээд мөнгө цуглуулаад нааш явуулсан нь гэр авах мөнгөний тал нь болж билээ. Японоос таван залуу ирж бидэнтэй хамт Ичинхорлоо гуайд шинэ гэрийг нь барилцаж өгсөн. Энэ үйл явдлаас улбаалаад “Халуун сэтгэл маш сайн, зөв чиглүүлбэл хүнд хэрэгтэй юм хийж чадах юм байна” гэдэг сэдэл төрсөн. Тэр үеэс бид халуун сэтгэлийн ажлаа тасралтгүй үргэлжлүүлсээр явна.

Одоогоор танай нэгд­лийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тусалж дэмжиж явдаг хичнээн хүн байдаг вэ?

-Зохион байгуулалтын багт маань 60 гаруй залуу байгаа. Үйл ажиллагаанд байнга оролцдог 60-100 залуу бий. Эдгээр гишүүд маань нэгдлийн жинхэнэ гишүүн болоод сар бүр 10 мянган төгрөг төлдөг. Тэр татвараа бид хэрэгцээтэй үед нь гаргаад явдаг. Манай жинхэнэ гишүүн биш ч үйл ажиллагааг байнга дэмжиж, оролцдог, “Халуун сэтгэл”-ийг төлөөлөөд явж байгаа гадаадын 15 улс болон Монголд байгаа гишүүдийнхээ тоог гаргахад 50 орчим мянган хүн бий. Улаанбаатар хотод 35 мянган дэмжигчтэй. Манай нэгдлийн гишүүдийн хувьд нас харгалзахгүй. Арван жилийн сурагч, оюутнууд, ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явж байгаа залуус, бидний ээж, аав, эмээ, өвөө шиг ах эгч нар зөндөө бий.

Нэгдэл яаж ажилладаг вэ?

-Томоохон ажлуудаа улирал, сараар нь төлөвлөөд гаргачихдаг. Төлөвлөгөөний дагуу сарын ажлаа хийгээд явчихна. Заримдаа гэнэтийн ажил гарч ирэх тохиолдол бий. Тэр үед нь Зохион байгуулалтын баг маань цуглаад хуралдчихдаг. Уг багийнхан маань ер нь долоо хоногтоо нэг удаа уулзчихдаг. Бусадтайгаа долоо хоног бүр эсвэл 14 хоногтоо нэг уулзаж ярилцдаг.

Танай нэгдлийн фэйс­бүүк хуудсаар зочлоход олон хүнд тусалсан талаарх мэдээллүүд байна лээ. Та бүхэн өнөөдрийг хүртэл хичнээн хүнд тус үзүүлчихээд байна вэ?

-Бид өнгөрсөн хугацаанд 250 гаруй хүнд тусалсан. Бид эдгээр хүмүүст нэг тусалчихаад орхилгүй ахин дахин очиж уулзаж, ярилцан эргэх холбоотой байдаг. Ийм эргэх холбоотой байдаг 250 гаруй хүн бий гэсэн үг юм. Тэдний цаана нь тус хүргэсэн олон хүн байгаа. Жишээ нь, “Дулаахан өвөлжье” аяныг таван удаа зохион байгуулаад байна. Нэг удаад аяны хүрээнд 1000 орчим хүнд тусалдаг. 2012 онд “Сэтгэл мянган бэлэг” аяныг зохиоход 1400 хүүхдийн бэлэг цуглуулж байлаа.

Бидний хувьд хэн нэгэнд яаралтай гэр орон худалдаж авч өгөхөөр бол бэлэн мөнгө хандиваар авдаг. Бусад тохиолдолд аль болох бэлэн мөнгөөр туслахгүй байхыг хичээдэг. Хүмүүсийн өгч байгааг нь л хандив болгож авдаг. Бэлэгний хувьд чихэр, боовноос илүүтэй хүнд хэрэгтэй өмд, цамц юм уу хүүхдүүдэд зориулж ихэвчлэн хичээлийн хэрэгсэл цуглуулдаг.

Хамгийн сүүлд ямар ажил хийв, та бүхэн?

-Хамгийн сүүлд эмээ нартаа тусалсан.

Ямар эмээ нар вэ. Танай нэгдлийн үйл ажиллагаанд оролцдог эмээ нар уу?

-“Халуун сэтгэл” нэгдэл байгуулагдангуутаа Ичинхор­лоо гэх эмэгтэйд гэр барьж өгсөн гэж дээр ярилаа шүү дээ. Бид нийтдээ яг ийм амьдралтай байсан таван эмээд гэр авч өгсөн. Эдгээр эмээ маань үр хүүхэд, хамаа­тан садангүй, эргэж тойрох хүнгүй, гэр оронгүй 70, 80 гарчихсан хөгшчүүл л дээ. Бид энэ эмээ нараа гэр оронтой болгоод өөрсдийнхөө эмээ болгочихсон юм.

Танай нэгдлийн залуус цагаан сарын өмнө цуглаад эмээ нартаа буузыг нь чим­хэж, цагаан сарын бэлт­гэлийг нь базааж өгсөн талаар сонссон. Гурилыг нь нэг залуу дааж, бас нэг эмэгтэй 400 бууз хандивласан байна лээ?

-Бид эмээ нартайгаа байнгын харилцаатай. Байнга эргэж тойрно. Жилдээ хоёр удаа бүгдийг нь хооронд нь уулзуулна. Цагаан сар, ахмадын баяраар уулзуулдаг. Бас наадмын өмнө эмээ нарынхаа наадмыг хийж өгч баярлуулдаг юм.

Гаргүй хүүг хиймэл гартай болгосон талаараа ярихгүй юу?

-Ээж, дүүтэйгээ амьдардаг хүү л дээ. Хог түүж гэр орноо тэжээдэг байхдаа буюу 14 настайдаа гаргүй болсон юм билээ. Тэр үед “Best of me” кино Монголд орж ирээд кино театруудад нээлтээ хийсэн. Тэр киног Монголд гаргаж байгаа багийнхантай холбогдсон юм. Ингээд “Хүн хүний төлөө” олон улсын байгууллага, “Залуус давалгаа”, “Халуун сэтгэл”-ийн залуус нэгдээд тэр хүүг гартай болгосон. Бид гарыг нь Шанхай руу захиалаад хийлгэсэн юм.

Тусалсан хүмүүстэйгээ эргэж холбогдоод харилцаа үүсгээд эхлэхээр бидэнтэй буцаад халуун сэтгэлээр хандаад эхэлдэг юм. Баярлаж талархдаг. Архи дарс уугаад үр хүүхэд гэр орноо хаячихдаг байсан хүн архинаас татгалзаж, үр хүүхдийнхээ төлөө зүтгээд, гэр орноо тохижуулаад хүүхдүүддээ хувцас хунар авч өгдөг болж өөрчлөгддөг юм. Биднийг очих бүрт гал устай, хоол унд хийгээд угтдаг болчихдог. Тусалсан хүмүүс маань ингээд өндийгөөд босоод ирэхээр “Халуун сэтгэл”-ийн залуус бидэнд маш их урам итгэл төрүүлдэг юм.

Гадны 15 улсад байгаа монголчууд маань “Халуун сэтгэл” нэгдлийн идэвхтэй гишүүд гэсэн?

-Тэдгээр залуус бол биднийг огт хараагүй, нүүр тулж учирч үзээгүй хүмүүс шүү. Бидэнтэй ганц ч удаа уулзаж байгаагүй мөртлөө бидэнд итгээд мөнгө илгээж, хандиваар хувцас хунар гээд янз бүрийн юм явуулдаг. Манай нэгдлийн гадны оронд байгаа 15 фэйсбүүкийн группээс дөнгөж дөрөвхөн группынх нь хүмүүстэй л уулзсан. Бусдыг нь би танихгүй. Тэгтэл тэд надад итгээд л мөнгө илгээдэг. Тэдний явуулсан юм болгоныг бид хэрэгтэй хүмүүсийг нь олж өгч чаддаг. Бидний дунд итгэлцлийн маш том холбоо үүсчихсэн. Ийм том сайхан холбоо байсаар байтал итгэж явуулсан эд зүйлсийг нь нүдээ олоогүй, буруу хүнд өгчихвөл тус маань тус биш болно шүү дээ.

-15 орон гэхээр ямар орнууд вэ?

-Америк, Солонгос, Япон, Герман, Канад, Хятад, Орос, Украин, Тайвань, Бельги, Швейцарь, Швед, Вьетнам гэсэн орнуудад амьдарч байгаа монголчууд маань манай нэгдлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.

Танай нэгдэл аймаг бүрт нэгдлийнхээ үйл ажиллагааг хүргэхээр болж байгаа гэж дууллаа?

-21 аймагт салбараа нээх юм. Одоогоор Дархан, Эрдэнэт, Архангайд салбартай. Энэ сард Баянхонгорт нээнэ. Улаанбаатарт л зөвхөн хэцүү амьдралтай хүмүүс байдаггүй. Аймаг бүрт л хэцүү нөхцөлд амьдарч байгаа айлууд бий. Хүмүүс хүнд тусалж, сайхан сэтгэлээр хандаж буян хийснээр эргээд өөрийнх нь амьдрал хэрхэн өөрчлөгдөж илүү амар тайван болдгийг мэдэрч эхэлж байна. “Халуун сэтгэл” нэгдэлд улс болгоноос шахуу хандивын хувцас ирнэ. Дөрөв, тав заримдаа 10 хайрцаг хувцас зэрэг ирдэг үе бий. Улаанбаатар хотын хэмжээнд гурван жилийн хугацаанд хангалттай хэмжээгээр хувцас тараалаа. Нийтдээ 7-8 мянган хүнийг хувцасласан байна, бид. Улаанчулуутын хог дээр амьдардаг зарим хүмүүс “Та нарын наад хувцаснаас ч бараг уйдлаа” гэхийн наагуур л байдаг юм. Монголын өвөл урт, хүйтэн, ядуу иргэдтэй аймаг, сумд олон бий. Тийм болохоор бид хувцас хэрэгтэй байгаа хүмүүсийг хувцаслая, тэдэнд хувцас тараая гэж шийдсэн юм. Хотын захын хорооллын хүмүүс бидний хөдөлмөр, сэтгэл гаргаж цуглуулсан хувцсыг “Өгөөч, өгөөч” гэж авчихаад дараа нь очихоор өнөө өгсөн цамц, ороолтоор маань шалны алчуур хийчихсэн байдаг юм. Тэгэхээр өгч байгаа, авч байгаа хүний сэтгэл гэж юу болох вэ. Үүнээс хараад дүгнэхээр манай хөдөө орон нутгийнхан юм голохгүй өмсдөг. Тэдэнд хэзээ ч очоод май ав гээд хувцас өгч байгаагүй. Тийм тохиолдол ховор. Тиймээс бид үйл ажиллагаагаа 21 аймаг бүртээ салбарлахаар болж байна.

Хандивын хувцас гэхээр өмсөхөө байсан, хуучин, салбайсан юм л байдаг байх гэж бодох хүмүүс бий. Гэтэл гадаадад байгаа монголчуудын маань зарим нь шив шинэ шошготой хувцас явуулдаг гэсэн биз дээ?

-Урьд нь хүмүүс хаа хамаагүй байсан хувцсаа угааж цэвэрлэхгүй өгдөг байсан. Тухайн үед бид ирсэн хувцаснуудыг өөрсдөө угааж индүүдээд авдаг байсан бол одоо өөр болсон. Хүмүүс аль болох угааж индүүдээд хувцсаа төрөлжүүлээд ялгаад хандивладаг болсон. Гадаадад байдаг монголчууд маань маш сайн цэвэрлэсэн хувцсаа илгээдэг. Ариутгаад цэвэрлээд индүүдээд цамц, өмдөөр нь, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцас гэдгээр нь ялгаад явуулдаг. Тэрэн дунд шинэ хувцаснууд их ирнэ. Бид “Хогийн цэгийн, асрамжийн газрын ийм хүүхдүүд байна. Тэдэнд хувцас тараана. Тийм эмээ нар байна. Тэдэнд хувцас өгцгөөе” гэж зар бүхий мэдээллээ оруулна. Яг тэр үеэр нь гадаадад гэнэтийн том хямдрал зарлаж таарвал монголчууд маань хүүхэд, эмээ нарт зориулсан загвар, өнгө хийцтэй хувцаснууд худалдаж аваад илгээдэг.

Хүнд туслах сэтгэл гэдэг аугаа зүйл. Тэр хүн хэн нэгэнд тусалж, дулаан хувцастай байлгахын төлөө ажлын чөлөө заваараа дэлгүүр орж, өөрөөсөө мөнгө гаргаад явуулж байна гэдэг халуун сэтгэл. Бид нэг гэр худалдаж авах мөнгө олохын төлөө хичнээн долоо хоногт зүтгэж, тэр болгоны төлөө шаналдаг гэж санана. Бид анх Ичинхорлоо эмээд гэр барьж өгөх гэж өглөө есөөс оройны арван цаг болтол зогсч байж гэрийг нь барьж билээ. Тэгж л гэр барьж сурсан. Гэтэл одоо манай нэгдлийн захын нэг залуу гэр барьчих чадвартай болсон. Манай нэгдлийн үйл ажиллагаанд олны танил хүмүүс оролцох нь бий. Гэхдээ нэр усаа зарлахыг хүсдэггүй. Боломж боломжоороо мөнгө хандивлаад “Үүнийг нэмэрлээрэй” гэдэг. Бид удах­гүй Батсүмбэрийн асрамжийн газарт очно. Тавдугаар сард мод тарина. Зургадугаар сард 500 алиалагчийн парад зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Манай үйл ажиллагаанд нэгдье, бусдад халуун сэтгэлээр тусалъя гэж хүсч байгаа хүмүүс манай нэгдлийн 77111183 дугаарын утсаар холбогдож болно шүү гэдгийг хэлье.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном: Завшсан хөрөнгөө төрд тушаагаад ногоон зүлгэн дээрээ гэрээ бариад тайван амьдарцгаа

Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал УИХ-д хэлэлцэгдэж байгаатай холбогдуулж, энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа. Асуудал боловс­руулж байгаа УИХ-ын гишүүд болон иргэдэд энэ хүний санал сонирхолтой байх төдийгүй ирэх жил болох УИХ-ын сонгуулийг зохистой зохион байгуулахад ч ач тустай байж болох юм.

-Засаг төр тогтворгүй, эдийн засаг хүндрэлтэй, нийгэмд тайван биш байдал ажиглагдаж байна. Энэ бүхний үндсэн шалтгаан нь юу байж болох вэ?

-Үндсэн шалтгаан нь их алсаас улбаатай байх шүү. Том улс гүрнүүдийн хооронд дэлхийд ноёрхох сонирхлоос үүдэлтэй ширүүн тэмцэл арга нь өөрчлөгдөж олон жил тасралтгүй үргэлжилж байна. Өнгөрсөн зууны сүүлчээр өрсөлдөгч улсыг цэрэг, зэвсгийн хүч хэрэглэхгүйгээр устгах зорилготой шинэ арга бий болжээ. Хүмүүст байдаг хязгааргүй хэрэгцээгээ хангаж байх хувиа хичээсэн ухамсрыг нь дэвэргэж улс оронд нь тогтворгүй байдал бий болгох явдал энэхүү шинэ аргын гол тулгуур бололтой. Хүн бүхний хүсч байдаг ардчилал, эрх чөлөө болон баяжих ашиг сонирхлыг нь туйлшруулах замаар сахилга, дэг журамгүй байдлыг дэвэргэх аргаар улс орныг нь сульдуулан устгах бодлогыг зарим том гүрний зүгээс амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Хүмүүсийн ухамс­рыг ашиглан явуулж байгаа энэ цусгүй дайны зорилго нь биелж буйн илрэл нь зарим улсын төр, засаг тогтворгүй, байнга өөрчлөгдөж байдаг, эдийн засаг нийгэм нь цэгцтэй бодлогоор хөгжиж чадахгүй болоход хүрч байгаа явдал гэж бодож байна.

Ардчилал, эрх чөлөө гэсэн сайхан нэртэй боловч өрсөлдөгч улсын иргэдийн нь ухамсрыг залж жолоодох замаар тухайн улсын бат бэх байдлыг сулруулах зорилготой цэрэг зэвсгийн хүч хэрэглэдэггүй шинэ дайны аргыг социалист гэж байсан том улсуудыг, ялангуяа манай хоёр том хөрш улсыг сульдуулах зорилгоор бий болгосон байх. Миний бодлоор шинэ аргын урхинд орохоос БНХАУ анхнаас нь сэргийлж чадсан, түүний ачаар энэ аварга улс сахилга, дэг журамтай тогтвортой төр, засагтай улс хэвээр үлдэж, зах зээлд аажмаар бодлого зохицуулалттай орж байгаа бөгөөд үүнийхээ ачаар дэлхийн хүчирхэг улс орны нэг болон хурдан хөгжиж байна.

Далайн цунами ямар аюултай билээ. Энэ улсад ардчилал эрх чөлөөг туйлшруулж 1,3 тэрбум иргэнээ сахилга, дэг журамгүй байдалд хүргэсэн бол түүнээс үүсэж болох байсан цунами дэлхийг донсолгох ч байсан байх. Оросын Холбооны Улс жаахан хожуу боловч ухаарч дэг журамтай, тогтвортой төр, засгийн удирдлагатай улс болж чадлаа. Гэвч эрсдэл хэвээр, дээрээс нь цэрэг зэвсгийн дарамт, эдийн засгийн янз бүрийн хязгаарлалт хавчилттай тулгарсаар. Ийм эрсдэл бэрхшээлийг их гүрэн ОХУ даван туулах болно. Мөнхийн хоёр их хөрш улс маань тогтвортой төр засагтай, амгалан тайван амьдралтай, өндөр хөгжилтэй байх, тэдгээр улстай найрсаг харилцаатай байх нь монголчууд бидэнд эрхэм зүйл. “Айлын амь нэг, саахалтын санаа нэг“ гэж ярьдаг. Амь, санаа нэг байх тавилантай хөршүүдээ бид харж мэдэрч байх ёстой. Гэтэл бид 1990-ээд оноос мэдрэмж муутай байсан санагддаг. Одоо цагт бид дараахь асуудалд хариу олох хэрэгтэй:

-Улсыг сульдуулах урхинд бид өөрсдөө давхиад орчихсон юм биш үү?

-Бидний монголчууд өөрсдөө үр дагаврыг нь ухаарч мэдрэхгүйгээр ардчилал, хүний эрх, эрх чөлөөг маш их туйлшруулж сахилга, хариуцлага, дэг журамгүй байдлыг гааруулаад байгаа юм биш үү. Ардчиллаар Азид, дэлхийд үлгэрлэх улс гэж биднийг онгироож л байх юм. Зовлонг нь мэдсэн зарим гадаад улсын улс төрийн зүтгэлтэн манайд ирж үзээд дүр эсгэсэн ардчилал аюултай шүү гэж шууд хэлж байснаас дүгнэлт хийх ёстой биш үү.

Төрөө тогтворгүй байлгах нөхцөлийг бид өөрсдөө Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуулиараа бүрдүүлчихсэн юм биш үү. Хөгжлийн цэгц бодлоготой байхын чухлыг одоо болтол ухаарч ойлгоогүй байгаа юм биш үү. Манай улсын төрийн одоогийн тогтолцоо зохистой биш байна гэж би үздэг, яаж засах талаар саналаа хорь шахам жил хэлж, бичиж байгаа.

-Төрийн тогтолцооны юу нь болохгүй байгаа юм бэ?

-Одоо манай төр, засаг Үндсэн хуулийн дагуу дөрвөн жил тутамд байнга заавал өөрчлөгдөх ёстой. Төр, засгийн удирдлага муу байна уу, сайн байна уу хамаагүй, ямар ч нөхцөлд өөрчлөгдөж байх ёстой гэсэн төрийн байгууллын систем хуульчлагдаад хэрэгжиж байна. Төр тогтворгүй байх энэ систем нь ирээдүйд улс орны аюулгүй, бүрэн бүтэн байдалд муу нөлөө үзүүлэх аюултайг ухаарч даруй засахгүй бол болохгүй. Улс орон, ард иргэдийн эрх ашигт нийцсэн ухаалаг бодлого үйлдэлтэй, иргэдийнхээ дэмжлэг хүндэтгэлийг хүлээсэн төр, засаг уламжлагдаж тогтвортой байх систем бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн 20 гаруй жилийн явцаас харахад улс орны маань төр, засгийн удирдлагад олз ашиг хайсан, хоноцын сэтгэлгээтэй цөөнгүй хүн шургалан орж, эрх мэдэл баялаг нөөцийн төлөө хоорондоо тэмцэлдлээ. Түүний хор нөлөөгөөр улс орон тогтвортой хурдан хөгжих боломжоо ашиглаж чадсангүй, төр, засгийн нэр хүнд, төрийн албаны чадвар, чадамж сонгуулиас сонгуулийн хооронд доройтож сульдсан, төрдөө итгэх иргэдийн итгэл муудаж байгаа гэж дүгнэхэд буруудахгүй байх. Төр засаг, түүний удирдлага тогтворгүй, ойр ойрхон солигдож байх нөхцөлд улс орон бодлогоор хөгжих нөхцөлгүй. Нэг сарын хугацаатай томилогдсон төрийн ажилтан хоёр сарын ажил төлөвлөхгүй. Түр ажил гүйцэтгэгч хэзээ ч эзэн хүн шиг ажилд хандахгүй. Хүн тийм л байдаг. Ямар системийг хуульчилна, тэр системийн дүрмээр л хүмүүс ажиллана. Түр хугацаанд томилогдсон удирдагч нар улс хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулахгүй, богино хугацаанд ашиг олоод зайлж амжих сэтгэхүйтэй л байх болно. Үр уршиг нь юу байх вэ гэвэл эцсийн эцэст нийгэмд түгшүүр л бий болгоно. Иргэд ба төр, засгийн харилцан итгэлцэлд ан цав үүсгэнэ. Улсыг сульдуулах устгах зорилготой систем учраас тийм үр уршиг таригдах нь ойлгомжтой.

Сүүлийн жилүүдэд ОХУ болон БНХАУ-ын удирдагчидтай уламжлалт сайн харилцаа, алсыг харсан харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал хэлэлцээрүүд хийгдлээ. Хэлэлцэн тохиролцсон зүйлийг хэрэгжүүлэх, түүний тулд итгэлцэл байх нь чухал. БНХАУ-ын СИ ЗИН ПИН даргатай төр, засгийн удирдлага арван жил тогтвортой ажиллана. ОХУ-ын В.ПУТИН Ерөнхийлөгчтэй төр, засгийн удирдлага 7-14 жил тогтвортой ажиллах байх. Гэтэл бид одоогийн хуулийн дагуу 2016, 2017 онд сонгууль явуулна, дөрвөн жил болоод дахин сонгууль явуулж төр, засгийн удирдлагаа, төрийн бүх яам, газрынхаа удирдлага төдийгүй төрийн албанд ажиллагсдынхаа ихээхэн хэсгийг намын харьяаллаар солино. Хоёр хөрш улстайгаа харилцааг тогтвортой хөг­жүүлэх сонирхлын үүднээс ч үзэхэд төр, засгийн удирдлага, төрийн албанд хоноцуудыг биш эздийг шалгаруулан сонгох буюу томилоод тогтвортой ажиллуулах асуудлыг шийдэх л ёстой.

-Одоо яах вэ? УИХ-ын сонгууль ирэх жил болно. Мөн л дөрвөн жилийн хугацаатай Их Хурал сонгоно шүү дээ?

-УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж шийдүүлэх ажлын хэсэг томилсон гэсэн. Ямар санал боловсруулж байгааг би мэдэхгүй. Үндсэн хуульд төрийн байгууллыг боловсронгуй болгох өөрчлөлт оруулахгүйгээр УИХ-ын 2016 оны сонгуулийг явуулна гэж шийдвэл хүсэшгүй хоёр үр дагавар гарч магадгүй. Эсвэл хүчин төгөлдөр гэж үзэх сонгууль болохгүй байх эрсдэлтэй, эсвэл сонгууль хүчин төгөлдөр болсон ч маргаашаас нь шинэ Их Хурал Засгийн газраа шүүмжлэх эсэргүүцэх эцэс төгсгөлгүй хөдөлгөөн гарч энх амгалан байдалд сөргөөр нөлөөлж магадгүй. Ингэж болгоомжлох шалтгаан байна. Иргэдийн дотор “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн суурь заалтыг зөрчиж улс нийгмийг хөгжүүлэх алсыг харсан бодлого төлөвлөгөөтэй байхыг хүсдэггүй буюу зохиох чадваргүй улс төрийн намуудын удирдлага дахь цөөн хүмүүсийн мэдэлд засгийн бүх эрх байгааг буруутгаж, эсэргүүцэж байгаа хүмүүс улам олон болж байна. “УИХ-ын гишүүнийг сонгогчид нууцаар шууд сонгоно“ гэсэн Үндсэн хуулийн суурь заалтыг ноцтой зөрчиж намын нэрээр хууль бус санал авсан болоод сонгуулийн тойроггүй олон хүнийг намаасаа томилж УИХ-ын гишүүн болгож байгааг эсэргүүцэж байгаа хүмүүс их байна. Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалт бий. Гэтэл ард түмний биш намын элч болчихоод томилсон намынхаа ашиг сонирхлыг УИХ-д илэрхийлж байдаг хүмүүс бий болгосонд иргэд дургүйцэх нь аргагүй болжээ. Төр засгийн удирдлага, эрх мэдэл албан тушаал олж авах хууль бус үйлдлээ улс төрийн намууд таслан зогсоох эсэхээс 2016 ба дараа жилүүдэд Монголын төр, засаг ухаалаг бөгөөд тогтвортой байх эсэх, иргэд сонгуульд идэвхтэй оролцох эсэх нь шууд хамаарна. Тийм учраас энэ 2015 ондоо багтаж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж төрийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг шийдэж, сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг өөрчлөөд тэр үндсэн дээр 2016 оны УИХ-ын сонгуулийг явуулах нь зөв гэж би хувьдаа боддог.

-Төрийн байгууллыг өөрчлөх таны санал олон удаа нийтлэгдэж байсан. Саналынхаа гол утга учрыг товч хэлж өгөх үү?

-Миний санал бол: Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн төрийн байгууллын тухай заалтад дараахь үндсэн өөрчлөлт оруулах:

-Монгол Улсын Ардын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Ардын Их Хуралд хадгална.

-Монгол Улсын Ардын Их Хурал нь 400 гишүүнтэй, Хурлаасаа томилсон 35 гишүүнтэй Улсын Бага Хуралтай байна.

-Ардын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сум, дүүргийн сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, нэрийг нь дэвшүүлэн шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, долоон жилийн хугацаагаар сонгоно.

-Ардын Их Хурал жилд хоёр удаа, шаардлагатай бол түүнээс илүү удаа хуралдана. Ардын Их Хурал хууль тогтоох эрх мэдлийг хадгалж, Улсын Бага Хурлын хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд хяналт тавьж, хуульд шаардлагатай гэж үзвэл өөрчлөлт оруулж байна.

-Ардын Их Хурлаас 7 жилийн хугацаатай томилогдох Улсын Бага Хурал байнгын ажиллагаатай байх бөгөөд хуулийн төсөл боловсруулах, хурлаараа батлах үндсэн үүрэгтэй байна.

-Ардын Их Хурал нь үйл ажиллагааг тасралтгүй хариуцаж ажиллах Ардын Их Хурлын тэргүүлэгчидтэй байна. Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүд болон Тэргүүлэгчдийн даргыг Ардын Их Хурлаас сонгоно.

-Ардын Их Хурлаас сонгогдсон Улсын Бага Хурлын дарга нь Бага хурлыг даргалан хуралдуулах, улс нийгмийн амьдралд зохицох хууль боловсруулж зохих журмаар батлан гаргаж байхыг Ардын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд Ардын Их Хурлаас томилсон нэг орлогчтой байх.

Үндсэн Хуулийн Гуравдугаар бүлгийн Хоёр дахь Монгол Улсын Ерөнхийлөгч, Гурав дахь Монгол Улсын Засгийн газар гэсэн заалтуудад дараахь үндсэн өөрчлөлт оруулах:

-Монгол Улсын Ардын Их Хурлын сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг долоон жилийн хугацаатай явуулах.

-Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхийн саналаар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлнэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч нь Ардын Их Хурлаас томилогдсон дэд Ерөнхийлөгчтэй байна.

-Засгийн газрыг тэргүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргын саналыг авах үндсэн дээр бие даан шийдэх эрхтэй байх.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрыг тэргүүлэхтэй холбогдуулж Үндсэн Хуулийн гуравдугаар бүлэгт заагдсан УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын бүрэн эрхийг заагласан хуваарьт зохих өөрчлөлт оруулж Ардын Их Хурал болон Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга, Ерөнхийлөгч бөгөөд Засгийн газрын бүрэн эрхийн хуваарийг шинэчлэн тогтоох.

Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн Дөрөв дэх хэсгийн Шүүх эрх мэдэл гэсэн заалтад дараахь өөрчлөлт оруулах:

-Улсын дээд шүүх, бусад шүүхийн шүүхчид болон Ерөнхий шүүгчийг Монгол Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга томилох.

-Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Монгол Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга томилох.

Монгол Улсын сонгуулийн тухай хуульд дараахь асууд­лыг зохистой шийдэх чиг­лэлээр өөрчлөлт оруулах.

-Улс төрийн намуудаас гадна эмэгтэйчүүд, залуучууд, үйлдвэрчний зэрэг олон нийтийн байгууллагаас Ардын Их Хурлын гишүүнд сонгоход тохирно гэж үзэх хүнийхээ нэрийг дэвшүүлэх эрхтэй байх. Сонгуулийн тухай одоогийн хуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдоогүй эрхийг улс төрийн намуудад олгосон гажуудлыг, тухайлбал, УИХ-ын гишүүнд зөвхөн улс төрийн намууд нэр дэвшүүлдэг буюу ард иргэд нэр дэвшүүлэх эрхгүй болгоод байгаа, мөн нэр дэвшсэн хүний биш намын нэрээр санал хурааж УИХ-ын гишүүнийг намаас томилдог ноцтой гажуудлыг засах.

-Нэг тойрогт буюу нэг сум, нэг дүүрэгт 5 хүртэл хүний нэрийг дэвшүүлж түүнээс нэг хүнийг Ардын Их Хурлын гишүүнээр олонхийн саналаар шууд сонгох боломжийг сонгогчдод олгох.

-Ардын Их Хурал, Улсын Бага Хурлын гишүүдэд тавигдах шаардлага, хүлээлгэх хариуцлага өндөр байх заалтуудыг сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хуульд оруулах. Хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын ноцтой алдаа гаргасан, авлигын асуудалд холбогдсон, хөрөнгө завшсан, албан тушаалаа ашигласан зэрэг гэмт хэрэгт холбогдсон, сахилга, дэг журам, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтныг хууль, хяналтын байгууллага шалган байцаах, шийтгэл цээрлэл хүлээлгэхээс хаацайлах биш, харин ч илүү өндөр шаардлагаар ханддаг байх заалтыг холбогдох хуульд оруулах. Зөвхөн энэ нөхцөлд эрх мэдэл, албан тушаал, намын хамгаалалтыг ашиглаж ял завшдаг, шударга тэгш биш явдлыг эцэс болгоход тодорхой ахиц гарна.

-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар та санал дэвшүүлдэг байх аа?

-Тийм. Улс орны тогтвортой хөгжлийн чухал нөхцөл бол төр, засаг нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөтэй байх явдал. Монгол Улс ардчилсан хувьсгалаас хойших 25 жилд хөгжсөн. Гэвч үр өгөөж илүүтэй тогтвортой хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлж чадаагүй учраас хүндрэл, хямрал давтагдаж ард иргэд бухимдаж, засаг барьж байгаа нөхөд “гал унтраах” гэж зовж байна. Дэлхийн олон улсад төр, засаг нь ойр ойрхон солигдож, сонгуулийг 4 жил дутам явуулдаг, улс төрийн намууд өрсөлдсөөр байдаг боловч улс нь тогтвортой хөгжиж байдгийн учрыг олж мэдэх хэрэгтэй. Миний бодоход гол учир нь тухайн улс нийгэм, эдийн засгийн хөгжлийнхөө алсыг харсан ухаалаг бодлого төлөвлөгөөг, хэрэгжүүлэх арга механизмтай нь боловсруулсанд байдаг болов уу. Өөрөөр хэлбэл улс нийгмийнхээ хөгжлийн алсыг харсан бодлого боловсруулдаг, мэдлэг мэргэжилтэй хүмүүсээс бүтсэн хүч чадвартай аппарат төр, засагт нь байдаг, энэ асуудал хариуцсан төрийн албаны хүмүүсээ тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсэн, хамгийн чухал нь тэдний боловсруулсан бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлж байх сахилга хариуцлага өндөр байдаг байх. Тогтвортой ажилладаг, мэргэжил, боловсролтой ажилтнуудаас бүрдсэн төрийн яамны бодлого байх ёстой, ирж явж байдаг сайдын бодлого гэж байх ёсгүй гэж ярьдаг юм билээ. Монголчууд бид улс орноо хөгжүүлэх 4 жилээс цаашхийг харсан бодлого, төлөвлөгөөтэй, зарим яам, аймаг хотын удирдлагын санаачилж байгаа төлөвлөгөөг нэгтгэн уялдуулж улсын хэмжээний бодлого, төлөвлөгөө болгон боловсруулдаг, хэрэгжүүлэх арга механизм, хууль эрх зүйн үндэстэй болгон төгөлдөржүүлж хуульчилдаг болох юмсан гэж би хувьдаа боддог юм. Юуны өмнө Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан яам буюу хороог Засгийн газрын бүтцэд бий болгож, хариуцах ажлаа зөв ойлгож, үр бүтээлтэй ажиллах мэдлэг чадвартай ажилтан нарыг сонгон авч мэргэшүүлж тогтвортой ажиллуулах, мөн хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультай болох нь чухал.

-Та Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргатай болох, Улсын Ерөнхийлөгчийг Засгийн газраа тэргүүлдэг болгох саналтай байгаа юм байна. Үүний ач холбогдол юу вэ?.

Манай Үндсэн хууль Монгол Улсад засаглалыг Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх гэсэн гурван хэсэгтэй байхаар суурь зарчим тогтоосон. Засаглалын энэ гурван хэсгийн бүрэн эрх, хүлээх үүрэг хариуцлагыг улам тодорхой зааг ойлгомжтой болгоход миний төрийн байгуулалтын талаар Үндсэн хуульд оруулах зарим өөрчлөлтийн санал тус болох болов уу гэж бодож байгаа. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн суурь заалт бий. Сонгогчдын нууцаар шууд сонгосон 400 орчим гишүүнтэй Ардын Их Хуралтай, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргатай болсон нөхцөлд засгийн бүх эрх улс төрийн намын мэдэлд байгааг болиулж ард түмний нь мэдэлд өгч Үндсэн хуулийн дээрх суурь заалтыг хэрэгжүүлэхэд алхам хийгдэх ач холбогдолтой гэж бодогддог.

Улсын Ерөнхийлөгчийг Засгийн газрыг удирдах үүрэгтэй болгосон нөхцөлд Гүйцэтгэх засаглалын үүрэг хариуцлага өндөржих ач холбогдолтой гэж бодож байгаа. Төр улсын манлайлагч удирдагчтай байх, ард түмнийхээ итгэл хүндэтгэлийг хүлээсэн удирдагчийг ажил амьдралаар сургаж хүмүүжүүлэн гаргаж ирэх хэрэгтэй санагддаг. Энэ асуудлыг шийдэхэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухай миний санал тус болж магад.

Саяхан Санхүү эдийн засгийн дээд сургуульд Монголчуудын эрхэмлэх ёстой зүйлийн тухай сэдвээр болсон нэгэн хэлэлцүүлэгт бидний монголчууд хамтрахыг эрхэмлэгчид үү?, хувиа хичээгчид үү?, аль нь зонхилдог вэ? гэсэн асуудлаар санал солилцсон. Ихэнх хүмүүс “хувиа хичээгчид их, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хувиа хичээх үзэл гаарсан, хамтарсан баг санаачлагддаг боловч хөрөнгө ашгийн хуваарилалтын асуудал гарах үед ихэвчлэн задардаг, хувиа хичээгчид давамгайлдаг, тэгэх ч жамтай” гэсэн дүгнэлттэй санал нэг байсан. Тэр хэлэлцүүлэг болсноос хойш сөхөгдсөн сэдвийг ярилцахын ач холбогдол, гарах дүгнэлт ямар байж болох талаар хүмүүс бодож байгаа байх. Манай улс 700 мянга орчим өрх айлаас бүтэж байгаа. Тэдгээр өрх айлын эздийн ихэнх нь гэр орноо тохижуулах, хашаа хавьдаа мод цэцэрлэгтэй болох, хүүхдүүдээ хүмүүжүүлэх гол зорилгоор л хөдөлмөрлөж байгаа. Зөв бөгөөд зорилго нь бүтэж байвал сайн хэрэг. Улсаар авч үзвэл эдгээр өрх айлууд бол улс гэдэг том айлын хувь хувиа бодож амьдарч байгаа хүүхдүүд юм. Тэгвэл энэ улсад нэг айлын гэр байшин барих биш хотууд барьж тохижуулах, айл орчим мод тарих төдий биш Монгол Улсыг ойжуулах, бас өөрийн хүүхдүүдээ төдий биш иргэдээ хүмүүжүүлэх хэмжээгээр сэтгэж, түүний төлөө тэмцэж, хэрэгжүүлэлтийг зохион байгуулагч улс үндэсний удирдагч байх зайлшгүй шаардлагатай. Төр улс, түмэн олноо амар амгалан, айл гэр болгоныг илүүдэх дутагдахын зовлонгүй байлгахын төлөө улс үндэсний хэмжээнд сэтгэж, түүний төлөө тэмцлийг манлайлан зохион байгуулж чадах ухаан чадвартай, улс гэдэг том айлын эзэн, эцэг шиг манлайлан удирдагч хүн дутагдаад байгаа биш үү? Найман зуун жилийн өмнөх Чингэс, 40-50 жилийн өмнөх Ж.Самбуу, Ю.Цэдэнбал шиг нэг айлын биш улс орны хэмжээнд асуудал шийдэх сэтгэлгээтэй удирдагч үгүйлэгдээд байгаа биш үү.

-Та сахилга, дэг журмын тухай хэд хэдэн удаа дурдлаа.

-Тиймээ. Гадаадын улс төрч ирээд буцахдаа болгоомжлуулсан үг хэлснийг би дурдсан. Сингапур, Малайзыг бар улс болгож хөгжүүлсэн гавьяатай, олон улсад үнэлэгдсэн удирдагчид нь бичсэн номондоо ардчилал, эрх, эрх чөлөөг туйлшруулж болохгүй, улс орны хөгжилд сахилга, дэг журам илүү ач холбогдолтой гэдгийг дахин дахин хэлж бичсэн байна билээ. Би тэдгээрийг сонсож уншаад, хөрш болон бусад улсуудад болж байгаа үйл явдлыг ажиглаад, улсынхаа байдлыг хараад сахилга, дэг журамтай байхад анхаарах цаг болжээ гэж хэлээд байгаа юм. Зарим хүн ардчилал, хүний эрх эрх чөлөөг боомилох, захиргаадалт дарангуйллыг мөрөөдөж байна, ардчиллаас ухрахыг уриалж байна гэх мэт шүүмжлэх биз. Гэвч туйлширсан ардчилал, хүний эрх, эрх чөлөө ямар хортой, сахилга хариуцлагагүй байдал ямар их хохирол учруулж байгааг бид бүгдээрээ сайн мэдэрч байгаа учраас ярих хэлэхээр хязгаарлахгүй сахилгагүй, дэг журамгүй, хариуцлагагүйн илрэл бүртэй иргэд бүр эвлэрэлгүй тэмцдэг болох, түүнийг төр, засаг зохион байгуулах зайлшгүй шаардлага бий болсон. Хүний эрх, эрх чөлөө гэх далавчин дор үйлдэгдэж байгаа гэмт үйлдлүүд, улс нийгэмд ямар гай тарьж байгааг тоочоод барах аргагүй. Тэр гэмт үйлдлүүдтэй зөвхөн цагдаа, хуулийн байгууллагын ажилтнууд тэмцэх ёстой гэж хувиа бодоод сууж болохгүй болжээ. Хууль зөрчигчид, гэмт үйлдэл хийгчид өнөөдөр танд нөлөөлөөгүй өнгөрч байж болох ч маргааш хэний ч эрхэнд халдаж орж ирж болохоор болчихоод байна гэдгийг иргэн бүр бодох цаг болчихож. Онц их аюул бол авлига. Авлигыг сэжиглэсэн хүн бүхэн зохих газарт нь нууцаар боловч заавал мэдээлдэг болмоор. Авлигын эсрэг тэмцэж байгаа байгууллага, тэнд ажиллаж байгаа нөхдийг хамгаалж дэмжиж байцгаая, цагдаа нараа хайрлаж байяа гэж уриалмаар байна. Авлигын асуудалд холбогдсон л бол ямар ч эрхтэн, дархтан байх нь хамаагүй шалгалт байцаалтад ямар ч саадгүй очиж учраа олдог, хэрэв буруутай нь илэрсэн бол оногдуулах ялыг улам чангатгасан байхад буруудахгүй. Авлига гэдэг дайсантай ард иргэд бүгдээрээ хүч хавсарч дайтахгүй бол дарагдахгүй. Авлигаар баяжиж тэрбумтан болсон нь тодорхой байгаа зарим хүмүүс эсвэл УИХ, Засгийн газар юм уу намын удирдлагад шигдэн хамгаалалтад орсон, эсвэл гадаадад хөрөнгөө нууж гаргаад тэндээ тухалцгааж байгаа нь хэн бүхний нүдэнд ил байгаа юм биш үү. Тэр хүмүүст завшсан хөрөнгөө төрд тушаагаад, эх орныхоо хаана таалагдсан нутагт ногоон зүлгэн дээр гэрээ бариад сэтгэлийн зовлонгүй амар тайван амьдар гэж хэлж, үгэнд орохгүй бол албадаж болохгүй гэж үү.

-Үндсэн хуульд байгаа Төрийн байгууллын заалтуудыг өөрчлөх таны саналыг хууль санаачлах эрхтэй эрхмүүд зөвшөөрөх болов уу?. Засгийн эрхэнд байгаа улс төрийн намууд зөвшөөрөх эсэхээс хамаарах байх.

-Би эргэлзэж л байдаг. Засгийн эрхийг мэдэлдээ авсан улс төрийн намууд хууль санаачлах эрхийг эдэлж байгаа болохоор эрх мэдлээ ард түмний мэдэлд өгөхийг хүсдэггүй байж магад . Үндсэн хуульд улс төрийн намын холбогдолтой гуравхан заалт байгаа. Тухайлбал, 16.10 дугаар зүйлд Монгол Улсын иргэн нам байгуулах эрхтэй. Тэгэхдээ хуулийг дээдлэн биелүүлэх ёстой. Төрийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно гэсэн заалт бий. Мөн 31.2 болон 33.2 дугаар зүйлд Ерөнхийлөгчид болон Ерөнхий сайдад нам нэр дэвшүүлж болохыг заасан. Өөрөөр хэлбэл төр, засгийн эрх мэдлийг улс төрийн нам эзэрхэх хуулийн үндэс байхгүй. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна“ гэсэн заалт л байгаа. Гэтэл УИХ-ын гишүүнд иргэд биш зөвхөн намууд нэр дэвшүүлдэг болгосон, УИХ-ын 76 гишүүний 28-ыг намаас томилдог болгосон, УИХ, Засгийн газар ямар асуудал хэлэлцэх, ямар шийдвэр гарахыг нам, намын бүлэг мэддэг болгосон, Хууль тогтоох ба Гүйцэтгэх үүргийг нэг хүнд хариуцуулдаг болсон зэрэг албан тушаал эрх мэдлийн төлөөх шуналыг гааруулж байгаа үйлдлүүд бол Улс төрийн намуудын зүгээс Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Ингэж Үндсэн хууль завхруулахаа боль гэсэн санал хэлсэн хүнд намгүй төрийн байгуулал байдаггүй юм гэж хэлдэг. Гэвч хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэн, ойлгож шийднэ гэдэгт эргэлздэггүй учраас ярьж бичиж байгаа. Цаг их алдаж, улс нийгэмд улам их хохирол учруулах аюултай.

Ардчилсан хувьсгалыг санаачлагч залуучуудтай би БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга байхдаа 1990 оны 3 дугаар сарын 8-ны өдөр тэд нарын санаачилгын дагуу уулзаж өөрчлөлт шинэтгэлийн асуудлаар санал солилцсон юм. Төв телевизээр уулзалтыг шууд нэвтрүүлсэн. Тэр нэвтрүүлгийн бичлэг манайд байдаггүй. Гадаадын хүнээс залуучууд саяхан олж авсан байна. Би тэр бичлэгийг үзсэн. Бидний хооронд болсон тэр уулзалтын яриаг одоо иргэдэд үзүүлэх юмсан гэж боддог.

Өөрчлөлт, шинэтгэлийг шаардаж өлсгөлөн зарлаад байсан С.Зориг тэргүүтэй залуучууд 3 үндсэн шаардлага тавьж байсан. Нэгдүгээрт МАХН хэмээх нэг нам засгийн бүх эрхийг барьж байгааг таслан зогсоо, Хоёрдугаарт Ардын түр хурал байгуулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулан Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өг, Гуравдугаарт МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо огцор. Би тэр шаардлагад МАХН-ын эрхийг хязгаарлах асуудлыг шийдэж болно, Улс төрийн товчоог огцруулах асуудлыг уламжилъя, харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Ардын түр хурал бий болгож байж шийдье гэх нь зохистой эсэхийг бодох хэрэгтэй гэсэн хариу хэлээд өлсгөлөнгөө зогсоохыг уриалсан. Маргааш нь буюу 3 дугаар сарын 9-ний өдөр Ж.Батмөнх гуай Улс төрийн товчоо огцорч болно гэсэн мэдэгдлийг телевизээр хийж өлсгөлөн зогсож, хэд хоногийн дараа МАХН засаглах эрхээ зогсоох хууль гаргуулсан, тэр оныхоо 7 дугаар сард Улсын Их Хурлын шинэ сонгууль явуулж АИХ, Улсын Бага Хурал бий болж улмаар Шинэ Үндсэн хууль боловсрогдож 1992 оны 2 дугаар сард 430 гишүүнтэй АИХ-аар батлагдсан.

Энэ түүхийг сануулж байгаа учир бол тэр үед гаргаж байсан зөв шийдвэр өнөөдөр яаж хэрэгжиж байгаад дүгнэлт гаргах, Үндсэн хуулиа хатуу сахиж гажуудлыг засах чадвар боломж байна уу, эсвэл гажуудлыг засах өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулахаас өөр аргагүй болсон уу гэдэгт хариу олоход байгаа юм. Миний бодлоор бол сүүлчийнх.

Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай, мөн Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ боловсруулж байгаатай холбогдуулж өөрийн бодол саналаа илэрхийллээ. Дээрх хуулиудад миний хэлж байгаа саналын дагуу зарчмын өөрчлөлт оруулах бол Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг нь уялдуулж нарийн боловсруулах шаардлага гарна. Зарчмын асуудлаар иргэдийн дунд асуулга тавьж санал авах хэрэгтэй болох байх. Мөн мэргэжлийн сайн хуульчдын баг бүрдүүлж хуулийн өөрчлөлтийг цогцоор боловсруулах нь чухал. Ярьдаг хүмүүс их, харин барьж аваад нягт нямбай боловсруулж бичдэг ажилсаг нь бага болсон байх шиг. Талийгаач Б.Чимэд агсан шиг хуулийн эхийг барих чадвартай ухаалаг хуулчийг олох юмсан.

Ярилцсан

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Хурдны замыг Майдар хотоор дайруулах гэнэтийн санал хөрөнгө оруулагчдад нь хүлээлт үүсгээд байна

“Чингис лэнд девелопмент” группын ерөнхий гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалантай ярилцлаа.

-Алтанбулаг-Улаан­баатар-Замын-Үүд чиг­лэлийн буюу Ази, Европыг холбосон олон улсын хурдны авто замын төслийн явц ямар байна?

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хурдны замынхаа трассын уртыг тогтоох чиглэлээр олон улсын зөвлөх компаниудтай хамтарч ажиллалаа. Зам тээврийн яамны харьяа Шинжлэх ухаан технологийн зөвлөл энэ оны эхээр эцэслэн дэмжсэн. Трассын чиг батлах үүрэг Авто замын тухай хуулиар салбарын яаманд байдаг л даа. Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн шийдвэр сайдын тушаал болж эцэслэх учиртай. Зөвлөл дэмжсэнээс хойш буюу гурван сарын дараа, энэ сарын эхээр сайдын тушаал гарлаа. Бидний зүгээс энэ хооронд нэлээд ажил амжууллаа. ТЭЗҮ-ээ боловсруулж батлууллаа. Урьдчилсан зургуудаа хийлээ. Хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч хөрөнгө оруулалтын багцаа тодорхойлоод ажиллаж байна. Алтанбулагаас трассынхаа цэгийг тэг цэг гэж аваад явж байгаа. Улаанбаатараас урагшаа Баян сум гэж бий. Мааньт ч гэж нэрлэдэг. Мааньт хүртэл 450 км газарт геотехникийн суурь судалгаагаа хийлгээд хүлээж авах шатандаа явж байна. Дөрөвдүгээр сарын 15-ны дотор хүлээж авна. Энэ тендерийн үндсэн гүйцэтгэгчээр ОХУ-ын “Зстисиз” гэдэг компани, Монголын 26 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан. Урд талын 550 км хүртэлх газар буюу Мааньтаас Замын-Үүд хүртэлх хэсэгтээ суурь судалгааны ажлын тендерийг хагас сарын өмнө зарласан. Дөрөвдүгээр сарын 15-ны дотор компаниудын сонирхол илэрхийлсэн захидлыг хүлээж авна.

-Ер нь хурдны замын төсөл ямар шат дараатайгаар хэрэгждэг вэ?

-Эхлээд трасс тогтоогддог. Тогтоогдсон трасс дээр геотехникийн суурь судалгаанууд хийгддэг. Хийгдсэн суурь судалгаан дээрээ үндэслээд зураг төсөв боловсруулах ажил хийгдэнэ. Зам барилгын ажлын зураг төсөв боловсруулах ажлын даалгавар гэж бий. Салбарын яамны төрийн нарийн бичгийн дарга баталж өгдөг юм. Төрийн нарийн бичгийн даргад хүсэлтээ илгээх гэж байна. Зургийн даалгавар гаргаад өгчихвөл зураг төсөв боловсруулах гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулах тендер зарлана. Бид энэ долоо хоногийн лхагва гаригт хучилтын хийцийн технологийн зөвлөх компани сонгон шалгаруулах тендер зарлахаар болсон. Бага зардлаар барьж, олон жилийн турш эвдрэлгүй ашиглах технологийг сонгох зорилготойгоор ажиллана. Зургийн ажил гарсны дараа зам, барилгын гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах тендерүүдийг зарлаад явна.

-Олон улсын хурдны авто замын төслийг хэрэгжүүлэх явцад садаа болсон ямар шалтгаан байна, яг одоо тулгараад буй асуудлаа яриач?

-Трасс батлагдахгүй удсан тал бий. Улстөрийн тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулагчдад хүлээлтийн байдал нэлээд үүссэн л дээ. Бид өнгөрсөн намар тодорхой хэмжээний ажлууд эхлүүлэхээр тооцоолж байсан. Харамсалтай нь Засгийн газар огцорч, хоёр сар орчмын дараа байгуулагдсан. Гэрээ байгуулж, харилцаж байсан яам нь татан буугдчихаар хөрөнгө оруулагчдын хувьд ойлгоход хүндрэлтэй байдал үүссэн. Хүлээлт үүссэн гэсэн үг. Одоо ч гэсэн хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээний хүлээлт байна. Манай замын трасс батлагдсан ч гэлээ хэсэгчилж батлагдлаа. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хоолтын даваа, Мааньт чиглэлийн трассын 347.2 км-ээс 444.4 км-ийг эцэслэн шийдээгүй байна.

Бид трассын чигийг нийслэлийн баруун талаар орж ирэхээр тооцож хийсэн юм. Энэ зам бол транзит тээврийнх. Авто замын тухай хуулиар бол олон улсын чанартай зам. Транзит тээвэр эрхэлж байгаа А, Б хоёр цэгийн хооронд зогсолтгүйгээр хурдтай тээвэрлэгдэх тээврийн зориулалттай зам байх учиртай. Тэр утгаар нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн хамгийн захын цэгээр дайран өнгөрүүлж байгаа юм. Хурдны зам Хүй долоон худагаар дайраад Био, Шувуу хоёрын дундуур, Туул гол дээгүүр орж ирнэ. Цаашлаад Өлзийт хороолол, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлаар дайруулж, урагш чигээр явуулсаар Баян сум хүргэнэ. Баян сумаас төмөр замынхаа баруун талыг бариад Багахангай, Чойр, Шанд, Замын-Үүд гэсэн маршруттайгаар үргэлжилнэ. Нэгдүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг “Хот орчмын томоохон төслүүдийн уялдааг хангах гэж байна. Тийм учраас замынхаа трассыг ирээдүйд баригдах Майдар хотыг дайруулаач гэсэн санал тавьсан юм.

-Майдар эко хот байгуулна гэсэн сураг ч сонсогдож байгаа шүү. Сүүлд тэнд Майдар бурханыг бүтээж байгаа гэж дуулдсан. Ингэхэд нийслэлээс хэр зайтай юм бол?

-Майдар хотыг Богд хаан уулын урд талд, Төв аймгийн Сэргэлэн сумын зүүн талд,нийслэлээс багцаагаар 70 орчим км-т байгуулах юм болов уу гэж бодож байна.

-Чиглэл нь нэлээд өөрчлөгдөх юм байна. ТЭЗҮ энэ тэр нь батлагдчихсан үед ийм өөрчлөлт хийх боломж байдаг юм уу?

-Нэгдүгээр сарын хорьдоор ажлын хэсгийн ахлагчид нь боломжгүй гэдгээ хэлсэн л дээ. “Хөрөнгө оруулагчидтайгаа урьдчилж тохироод замынхаа трассын нийт уртаар оруулах хөрөнгийнхөө хэмжээг гаргасан. Оруулах хөрөнгөө ТЭЗҮ дээрээ тусгаж, хөрөнгө оруулалтынхаа багцын дагуу гэрээгээ хийсэн. Энэ бүхэн задрахад хүрээд байна” гэж тайлбарласан.

-Боломжгүй гэхээр ямар хариу өгч байна?

-Өнөөдрийг хүртэл хоёр, гурван сарын хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй байсан учраас дахин албан бичиг явуулсан. “Өөрчлөх тохиолдолд бидэнд хүндрэл учирч байна. Замын трасс уртасч байна. Хоолтын даваа гэж том асуудал бий. Төмөр замын хувьд энэ даваанд хавцал гаргаж сэтэлж цаашилсан байдаг. Төмөр замын хувьд ч тэр, хурдны авто зам ч ялгаагүй хазайлтын өнцөг гэж бий. Хурдны авто замын хувьд хазайлтын өнцөг нь таван градус байдаг юм. Орон нутгийн C-2 зэрэглэлийн зам шиг огцом даваад явчихдаггүй гэсэн үг. Ямар түвшинд байгаагаасаа хамаараад нэг бол сэтэлнэ, эсвэл туннель хийхээс аргагүй. Ийм бэрхшээл Хоолтын давааны хэсэгт гарна. Төсөв зардал тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Трасс уртсахаар ч зардал өснө. Өнөөдөр хийчихээд байгаа ажлуудад гаргасан зардлыг яах вэ. Энэ асуудлуудыг тодорхой хэмжээнд шийднэ гэвэл ярилцаж болно” гэсэн утгатай санал тавьчихаад хүлээж байна. Ажлаа хурдасгах үүднээс тавьсан санал л даа. Гэсэн хэдий ч энэ асуудлыг шийдэхээс өмнө трассыг хэсэгчлээд гаргачихлаа. Трасст өөрчлөлт орсон тохиолдолд маш их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал тулгарвал яах вэ гэдэг эргэлзээ хөрөнгө оруулагчдад үүсчихлээ. Энэ хэсгийг эцэслэн шийдэхийг хүлээе гэж байна.

-Хурдны зам Майдар хот руу хазайхаар нэмж хэр зардал гарахаар байна. Урьдчилсан тооцоо хийж үзсэн үү?

-Бага мөнгөний асуудал биш. Урьдчилсан байдлаар судлахад трассын нэмэгдэж байгаа урт болон хийх туннельд гэхэд л 240 гаруй сая ам.долларын зардал нэмэгдэхээр байна. Тиймээс ажлын хэсэгт “Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөөч” гэсэн хүсэлт тавиад байгаа. Мөн Ерөнхий сайдад төслийнхөө танилцуулгыг албан ёсоор хийе гэж бодож байна. Монголын эдийн засагт их хэмжээний өгөөжтэй, маш чухал төсөл учраас явцыг нь албан ёсоор танилцуулъя гэсэн юм. Танилцуулах хүсэлтээ илэрхийлээд уулзалтын цаг хүлээгээд байж байна.

-Хурдны замын зам барилгын ажлыг ирэх сард эхлүүлнэ гэсэн мэдээлэл байсан. Таны ярианаас анзаарахад хугацаандаа эхэлж амжихгүй нь ээ дээ?

-Зам барилгын ажлыг тавдугаар сард эхлүүлнэ гэж тооцсон байсан л даа. Зураг төсвөө боловсруулаад эхэлсэн байсан. Гэтэл ийм өөрчлөлт гарчихлаа. Тэгэхээр зам, барилгын ажил маань гурав, дөрөв, магадгүй зургаан сараар ч хойшилж мэднэ гэсэн үг. Хугацаан дээр ийм асуудал гарч магадгүй гэсэн байр сууриа албан бичгээр илэрхийлсэн байгаа. Монгол орон жилийн дөрвөн улиралтай, барилгын ажил хийх таатай хугацаа нь бага. Ойролцоогоор 150 хоног л байдаг. 150 хоногийнхоо эхлэх учиртай эхний хугацааг алдаад байна. Энэ янзаар хойшилбол наймдугаар сараас наашгүй дүр зураг харагдаж байна. Монгол Улсын компани, төр аль нь ч хөрөнгө оруулагчдынхаа өмнө нэг баг болж ажиллах учиртай. Харилцан өөр мэдээлэлтэй, төр нь компаниа дэмжихгүй, компани нь төртэйгөө ойлголцохгүй байгаа юм шиг харагдсанаас эндээ нэг мөсөн асуудлаа шийдчихээд хөрөнгө оруулагчдадаа хандъя гэсэн байр суурьтай байгаа. Ингэхийн тулд нэлээд нарийн хэлцэл хийе гэсэн саналаа илэрхийлчихээд байна.

-Транзит тээврийн хурдны зам хотын дундуур баригдах хурдны замтай яаж холбогдох вэ?

-Бид өөрсдөө холбож өгнө. Хөшигийн хөндийн орчимд Өмнөговь, Дундговиос ирж байгаа аймгийн зам огтлолцоно. Огтлолцож байгаа тэр хэсгээс Хөшигийн хөндийтэй холбосон арав орчим км замыг төслийнхөө хөрөнгөөр нийслэлтэй холбож өгнө. Мөн хойшоогоо Туулын хурдны замын баруун үзүүртэй холбож өгнө.

-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам хэчнээн сумаар дайрч өнгөрөх вэ. Дайрч өнгөрөх сумдадаа амралт үйлчилгээний цогцолбор барина гэж дуулсан. Хурдны зам дагуу өөр ямар том бүтээн байгуулалт өрнөх бол?

-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын хурдны зам зургаан аймгийн 24 сумаар дайран өнгөрнө. Хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг зам дагуу хийгдэх бүтээн байгуулалтад зарцуулна. Хурдны замын стандартын дагуу түр амрах хэсэг болон амралт үйлчилгээний цогцолборууд байгуулагддаг. 50-70 км тутамд амралт үйлчилгээний цогцолбор баригдах юм. Сум хоорондын зай ихэвчлэн 50-70 км орчим учраас сумдаа түшиглэж байгуулна. Сумын хөгжилд ч нэмэртэй болчихож байгаа юм. Шатахуун түгээх станц, дэлгүүр, зочид буудал, цайны газар цогцоороо баригдана. Мөн энэ зам Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу явах барааны урсгалын гол коридор. Тэр утгаараа Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүд дээр томоохон ложистик, худалдааны төвүүдийг барих сонирхолтой байна. Монголд анх удаа Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын хавьцаа тээврийн гурван том коридорын уулзвар бий болж байгаа. Ачаа тээврийн нисэх онгоцны буудал байна. Үүнээс гадна транзит тээврийн төмөр замыг хотоор дайруулахгүйгээр Богд уулын урдуур гаргаж Хөшигийн хөндийгөөр манай замтай зэрэгцүүлж оруулж ирнэ. Тэгэхээр энд төмөр зам, хурдны авто зам, транзит тээвэр гурав нийлнэ. Тийм учраас бид нисэх онгоцны буудал, Богд уул төмөр замынхантай уулзаж холимог ачаа тээврийн ложистик төвийг барих талаар яриа хөөрөө өрнүүлж байна.

-Хувийн хөрөнгө оруулалтаар мянга гаруй км хурдны замын төсөл хэрэгжүүлнэ гэдэг асар том ажил. Ер нь дэлхийд ийм төсөл хэр олон хэрэгждэг вэ?

-Манай зам хоёр урсгал зургаан эгнээтэй. Урьдчилсан тооцоогоор таван хэсэг газарт туннель хийгдэнэ. 30 метрээс уртыг нь бид том гүүр гэж үзэж байгаа. Ийм том гүүр 12 газарт хийгдэнэ. Хамгийн том гүүрийг Туул голын дээгүүр барина. Татлагат гүүр байх юм. Монголд анх удаа монголчууд өөрсдөө санаачлаад хийж байгаа бүтээн байгуулалтын асар том төсөл л дөө. 1000 км-ын урт, ийм том хурдны зам дэлхийд ховор баригдаж байсан. Тэр дундаа хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ийм төсөл тун ховор шүү. Дандаа хэсэгчилж хийгддэг. Манай төсөл их олон Засгийн газрын нүүр үзлээ. Бүх Засгийн газрын үед дэмждэг. Гэхдээ шинэ засаг гарч ирэх тоолонд бүх төсөлтэйгөө шинээр танилцана гэх шалтгаанаар цаг хугацаа алдсан тал бий.

Ц.БААСАНСҮРЭН