Categories
мэдээ цаг-үе

Сулинхээрээс ирсэн захидал буюу Говьсүмбэрийн анхны арвынхан

Өвөр эгнээнд баруун гар талаас А.Уранчимэг, Б.Энхсайхан, VIII анги цуг төгссөн М.Нямдорж, С.Дулмаа, Ч.Эрдэнэбилэг, Арын эгнээнд баруун гар талаас Т.Болдбаатар, М.Оюунчимэг, М,Баяраа, Ж.Сайнтуяа, Б.Туулцэцэг, Ж.Оюунчимэг, нөгөө ангийн С.Цэцэг-Өлзий нар

“Өдрийн сонин”-ы “Нэг ангийнхан” буланд мянга мянган уншигчдын маань төлөөлөл болох хөдөө орон нутгийнхан ихээр ханддаг билээ. Энэ удаад Говьсүмбэр аймгийн анхны арван жилийн сургуулийг 1978 онд төгссөн ангийнх­ны тухай хүргэж байна.

Дорноговь (тэр үеийнхээр) одоогийн Говьсүмбэр аймгийн боловсролын салбарын ажилд ахиц дэвшил гарч аймгийнхаа хойд захын суманд 1976-1977 оны хичээлийн жилд шинээр 10 жилийн сургууль байгуулсан юм. Аймагтаа газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо цээжний сумдын нэгэн, дэд бүтцийн боломжоор дөнгүүрт тооцогддог улсдаа төдийгүй Ази тивд цор ганц каракулийн САА-тай Сүмбэр суманд шүү дээ. Тэртэй, тэргүй хүн амын нягтрал, суурьшил ихтэй аймгийн төвийн сургуулиудын ачааллыг зайчлан зохицуулж өмнөд бүс (Иххэт, Замын-Үүд, Эрдэнэ, Өргөн, Далан­жаргалан, Айраг сум, Зүлэгт тосгон)-ийн сумдын наймдугаар анги төгсөж дэвшин суралцагчдыг шинэ сургуульд төвлөрүүлж тус бүр 30 гаруй хүүхэдтэй хоёр бүлэг хичээллэж эхэлсний нэг нь математик, геометрийн багш Ц.Жамсран багшийн удирдсан 10-ын “А” харин нөгөө нь орос хэлний багш Д.Банзрагчийн удирдсан 10-ын “Б” бүлгийнхэн байв.

11 банди, 22 охидтой манай ангид унаган нутгийн Ш.Дашравдан, Жанчивын Оюунчимэг, Чимэддоржийн Эрдэнэбилэг, Лодойн Цэнд-Аюуш, Дамбилын Хандаа, Авирмэдийн Хүрэлбаатар, Аюурзанын Уранчимэг, Доржийн Цэрэн, Батсуурийн Энхсайхан, Сангидоржийн Дулмаа, Түвшингийн Ганхуяг, Цэрэндоржийн Лхагвасүрэн, Цэрэннадмидын Эрдэнэмөнх, Даваажавын Ганболд, Дэндэвийн Мөнх-Од, молхи бичээч Төмөрийн Болдбаатар нар дээр бүл нэмж, Өргөний яруу алдарт илгээлтийн эздийн төлөөлөл Мэдэхгүйн Баяраа, Жалбуугийн Сайнтуяа, Замын-Үүдээс флатформоор гангардаг Маньбадарын Наран­цэцэг, “Лензочки”-той Махбалын Цэнд-Аюуш, олон жилийн хойдохыг баахан өөдрөг, хийсвэрээр зөгнөж дөнгөдөг Төмөрбаатарын Жар­галсайхан, Иххэтээс Идэр­лутын Хүүхэнбат, “Пельник” Ишгомбын Цэнд-Аюуш, Айрагаас “Жүү” Рэнцэнгийн Амарсайхан, Хажуу-Улаанаас Ш.Кульсхан, Ш.Алтанхуяг нар, аав ээжийнхээ ажлын шаардлагаар бага ангид хэсэг хамтдаа суралцаж завсарласны дараа өөр нутгаас ирж нэгэн ангийнхан болсон Айрагийн Манлайн Оюунчимэг, Сандагдоржийн Байгальмаа, Сурмаажавын Цэрэнханд нар маань геологичдын удмынхан. Энэ зүгээс ирсэн есөн охины “Номин эрдэнэ” нь мөн адил Тэрбишийн Баасанжав байлаа.

Их сургууль төгсөх жил. И.Дашравдан бид хэд

Санасан дээрээ тодотгоход Хэнтийн Өмнөдэлгэрээс гарвалтай Д.Мөнх-Од, мань Т.Баасанжав хоёр 1978 онд төгссөнөөсөө хойш хамгийн он удаан жил, сараар сураг ажиггүй, зэлүүд явсан нөхөд. Сонин байгаа биз. 30 гаруй жилийн өндөрлөгөөс алдрай багын нөхөд рүүгээ нөр их санаачилгатай хандаж эхэлсэн Бааска чухамхүү ховор олдоцын түүхэн хөвгүүн. Нутаг ус, эцэг, эх, гэр бүлийн нөлөө төлөвшил ондоо, нүүр хагарч завдаагүй бидэнд намрын ажил анхны сорилт байсан болов уу. Сумдаас ирсэн охид ганц хоёр хөвгүүдээ тойрон хүрээлж эр хүнийх нь нөмөр нөөлөгт хургаж, түшиг тулхад найдаж байсан шиг санагддаг. Говьдуу бүсийн II фермийн хэд хэдэн бууцны хөрзөн ховхлох ажилд шамдсан манай ангийнхан ус, хүнсээр нэг бус хоногоор гачигдаж ангийн даргаа сумын төв рүү замын унаанд дайгаад явууллаа.

Сурагч надад САА-н даргын албан өрөө урт, цэлгэр гэж тоймгүй, ээрч бааран хэдэн үг хэлэхээс бараг урьтан нааштай хариу өгч орой бүрийгээр гар хоосон очиход сар жилээр уулзаагүй амьтан, ах дүүгээ тосох мэт хэдэн хөвгүүд маань дээш өргөж сэвээд л. Буугаад юу гэж хэлж хуйхаа маажна даа гэхээс тун эвгүй байсан юм даг. Ажлаа дуусаад гэртээ ирэхэд хэзээ язааны найз нөхөд болчихсон байсан. Хиргүй тунгалаг, хар сэргүй, санаа гэдэг гайхамшигтай аугаа зүйл. Дов дошны үзэл, он жилийн ялгаа гэж байсангүй. Тэр үеийн цэрэг армийнхан шиг. Сургалтын онцлогоос болж орос үгийг өдөр тутмын харьцаа хандлагад илт түлхүү хэрэглэдэг байлаа. Конкурст бэлтгээд зав чөлөөгүй байгаа хэрнээ Их дэнжийн баруунтайх нуурын зүлгэн дээр хичээлээ унших зуураа амжуулаад л “Айл гэр” болоод тоглочихно. Эрххэн бага настайгаа зууралдсан нялхамсуу зантай байж. Манай анги Сайншанд хотод очиж уралдаан шалгалтад ороод 33 хүүхдээс 18 нь их, дээд сургуулийн хуваарь авч төгсөлтдөө манлайлж байлаа. Одоогоос 36 жилийн тэртээ.

Хагас бүтэн сайн болгонд цэргийн сургуулийн хэдийг ээлжлэн эргэж очдог байлаа.

Амьдрал асар их тойрог хойно төгсөх, эс төгсөх явдал байх. Хэдэн хөвгүүдийн маань тэн хагас нь цэргийн тусгай болон дээд боловсрол эзэмшин, мөрдэстэй хувцас өмсөцгөөсөн нь туйлын үнэн ч ЦТДуС төгссөн А.Хүрэлбаатар, ЦНДС төгссөн Т.Жаргалсайхан, Л.Хүүхэнбат, Ц.Эрдэнэмөнх нар маань мөнх бусыг үзүүлсэн нь харамсалтай. Цэргийн офицероор гавьяаны амралт эдэлтлээ ажилласан “Нүдэн” Лхагваа маань тэтгэврээ тогтоолгож, тэтгэмжийнхээ хэдийг авмагц Сөүл рүү явж явж, саяхан ирсэн сурагтай, уулзалдаж амжаагүй л явна.Конкурст явахын өмнө Жагаа маань даргын индэр (багшийн ширээ)-т гарч бага зэрэг оршил хийж, биднийг дотоод, гадаадын нэр хүндтэй сургуулиудад зөн билгээрээ хуваарилчихав. Цугаараа шүү. Бас нэгэн сонин дурсамж. Аймгийн төв хачин халуун, бүгчим газар гэсэн яриа чих дэлсээд 9-ийн дэлгүүрт байсан сийрсэн малгайг хуу дуусгаж байлаа. Нараа, Булнай, Баяраа, Сайнка тансаг хэрэглээнд дуртайгаараа агент “Донхор” хэмээх Дампил гуайн эрх гүнж Хандаа нар л лав вокзал хавийг чимж өгсөн.

Манай ангийнхан төмөр замын байрныхан (Б.Энхсайхан, Д.Цэрэн, А.Уранчимэг, Мяч Д.Ганболд), гэр хорооллын (ХБА-ийн шар Чимэд гуайн Эрдэнэбилэг, шанзчин Хандаа, манайх, унзад Лодой гуайн Цэнд-Аюуш, өндөр Ишрэнцэн гуайн Дашравдан эднийхэн айл, А.Хүрэлбаатар, эвлэлийн үүрийн дарга, X ангиа онц дүнтэй төгсөж алтан медалийн эзэн болсон хайгуулын ахмадууд Жанчив, Цэвэлмаа гуай нарын охин Оюунчимэг, гэрлийн Долгор гуайн онц сурлагатан охин А.Уранчимэг, хууль-цаазын дунд сургуулийг онц төгсөж МУИС-ийн хууль зүйн ангид элсэн суралцсан Сангидоржийн Дулмаа, дотуур байрны М.Оюун, С.Цэрка, Т.Жагаа, Т.Бааска, Л.Хүүхэнбат, Л.Амарсайхан, М.Баяраа, Ж.Сайнка, С.Байгаль, Ш.Кульсхан, Ш.Алтанхуяг, төмөр зам гаталдаг Ц.Эрка, сургуулийн ойролцоох байранд (Д.Мөнх-Од, “Саятан” Т.Ганхуяг, Б.Цэндхорол), богино дэнжийн (цэргийн нэхий дээлээр гангардаг Эрдэнээгийн Энхтөр) гэсэн байрлалтай байлаа. Их дэнжийн хэд эгнээ болгонд нэг нэгээрээ байх. Эрт босож шалгалтын билет унших, шөнө оройд бие биенээ хүргэж өгөх, даалгавар энэ, тэр асуухад дөхөмтэй байж гэм. Одоотой адил утас, шөрмөс сураггүй байлаа.

Урлаг, спортоор параллель ангитайгаа ана мана. Ер нь л жигд хүүхдүүд, эв түнжин сайтай нөхөд юмсан. Ердөө энэ намар Айргийн олон арван жил нүүр царайгаа харалцаагүй Бааска төрөлх нутгаараа шүргээд буцах замдаа Чойрт он удаан жил тогтвор, суурьшилтай амьдарч буй Л.Аюуш, Д.Хандаа бид гуравтай бишгүй хууч дурсамж ярьж, зоогийн газрынхны нүдийг бүлтийлгэж, чихийг сортойлгож аваад буцсан. Хичнээн сайхан. Даанч цаг яваад л, олон эхтэй яриа хөврөөд л Хандаа “Одоохон, одоохон” гээд байдаггүй. Дахиад утасдтал “Би зуурмагаа хийж байна. Нөгөө хөдөлмөрийн хэлтсээс авсан жаахан юмаараа” хэмээхэд цаана нь яалт үгүй техник төхөөрөмжийн дуу гараад. Миний бие их мэдэгч царайлаад Л.Аюушид “Цаадах чинь төслөөр зээл авч, блок цохиулж байгаа хэрэг” гэж цэцэрхтэл, юуных нь зээл, блок байхав, нарийн боовны зуурмаг санж. Бөөн инээдэм. Мөн гүйлгээ ухаан шүү. Аюуш ч хэзээнээсээ инээд муутай охин доо. Өрөөлд нэмэр хачир болж сүйдээ холихгүй ч өөртөө зөв аж ахуй эрхэлж хөл дээр нь тэнцвэржүүлээд яваа Ж.Сайнтуяа (Дорнод аймгийн ИТХ-ын дарга, УИХ-ын гишүүн асан Шинэбаярын гэр бүл), жендерийн асуудал сураг ажиггүй байхад, мэдрэмжээрээ үндэслэгчдийн нэг гэхэд дөвийлгөж хэтрүүлсэн болохгүй Эрдэнэ сумын Төвд гуайн бэр, ихрийн ээж Манлайн Оюунчимэг, “сар улирлаар ч холдоход бэрх байна” хэмээн нулимс мэлмэрүүлж асан М.Баяраа нартайгаа уулзалгүй хэдэн ч жил болоо вэ.

Өнгөрсөн жилийн хавар нөгөө ангийн хүү, МХУЗ-ын багш Т.Пүрэвсүрэнгээс “1978 он. Анхны 10-р анги төгсөлт, анхны улсын шалгалт, анхны уралдаант шалгалт гэх мэт бүх зүйл анхных байлаа. Магадгүй зарим нөхдийн минь анхны хайр, догдолж гэрэвшсэн анхны болзоо, ичингүйрч зовнисон анхны үнсэлт ч сургуулийн минь хоёр давхар шар барилгын хаа нэгтэй дурсамж болон мөнхрөн үлдсэн биз ээ. Энэ үед бид хөөрүү дэврүүн сэтгэл, гэнэн мөрөөдөл тээсэн, амьдрал таниагүй, гэмгүй зүггүйрхэл дагуулсан 17-18 настнууд явлаа хөөрхий. Бие биенээ дагаж дэрвэсэн хийрхэл, хөөрүү дэврүүн сэтгэлийг минь дарж, хүн болж хөлөө олоход багш нар минь зааж зөвлөж заримдаа зандарч загнаж зөв замд хөтөлснөөр өнөөдөр сайн сайхан явна.

Биднийг сурч байх үед газар, газраас шигшмэл сайн хүүхдүүд нэгэн дор хуран цуглаж бие биетэйгээ өрсөлдсөн цагаан атаархал хүүхдүүдийн дунд өрнөж байсан нь сурлага хүмүүжилд нөлөөлөөд зогсохгүй сургуулийн маань сургалтын чанарт тодорхой хэмжээгээр ахиц үзүүлсэн нь дамжиггүй гэж бодож явдаг. Химийн багш Г.Мятавдоржийн “Өө, чи иймхэн юм мэдэхгүй байгаа юм уу. Хөөрхий ч амьтан бол доо” гэсэн үг бидний хор шарыг малтаж, дахиж тэгж хэлүүлэхгүй байхын төлөө зүтгэхэд хүргэдэг байлаа” гэсэн захидлыг урд хилийн наахантай Сулинхээрээс ирүүлсэн нь нэгэн сонин. Товчхон дурсамж тэрлэгч би бээр, 1968 онд сургуульд орохдоо багш нараас тавьсан асуултад навс унаж байсан түүхтэй хүн.

” … Аль аймаг вэ?

-Сүмбэр аймаг

Овог хэн бэ?

-Овог байхгүй…” гэчихээд хээвнэг зогсож олны дуу шуугианд баахан бишүүрхэж байсан гэдэг. Энгийнээс энгийн 10-ийн “А” ангийн хүүхдүүд, жирийнээс жирийн 50 өнгийсөн настнууд багын найзууд минь бахь байдгаараа ирэх хаврын дунд сард баяр хөөртэй уулзацгаая.

Ангийн дарга, сэтгүүлч Т.БОЛДБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Туулай хүн шиг зүрх сэтгэлтэй

Туулай хүн төрөлхтнөөс ч өмнө дэлхийн иргэн болсон байдаг. Гэр бүлийн зохион байгуулалт, өөрсдийнх нь ертөнц хүний нийгмийн харил­цаатай тун төстэй байдгийг эрдэмтэд нотлоод байгаа. Мөн хүмүүсийн гаргадаг жихүүдэс төрөм араншин, сэтгэл уясам үйлдлийг хийд­гээрээ судлаачдын анхаарлын төвд байнга байдаг юм билээ. Хосуудын дундах араар тавилт, эсрэг хүйстнээ найрах арга ч үүнд хамаарна. Зарим нь үрээ голж нэг ч удаа хөхүүлэхгүй. Тэд уйлж хайлдаг, хэзээ ч бүлээр амьдардаггүй онцлогтой. Бас гуниглана. Амиа хорлоно. Ихэвчлэн өлсөхдөө гутарч гунигладаг гэж байгаа. Жилдээ нэг удаа эцэг, эхтэйгээ уулзахдаа бүтэн өдрийн турш эрхэлж, нялхардаг гэх мэт сонирхох зүйл олон. Гэхдээ тархины хөгжилгүй эдгээр амьтад яаж хүнтэй төстэй ийм авир гаргадгийг судалсан эрдэмтэд мөрөө хавчин гайхсаар үлдэцгээсэн байдаг. Эцэст нь туулай хүн төрөлхтөн шиг зүрх сэтгэл эсвэл сэтгэл зүрхтэй амьтан юм байна гэсэн нэг оношийг хэдэн талаас нь тавьж таамаг дэвшүүлээд л өнгөрсөн байдаг.

Дэлхий дээр туулайн овогт хэдэн мянган төрөл хамаарах бөгөөд орон оронд хэдэн өөр төрөл байна. Газарзүйн бүсчлэлээр буюу уулын наад, цаад талд ч хоёр өөр туулай амьдрах нь бий. Тэдний идэшнээс эхлээд амьдралын хэвшил бүх зүйл нь өөр байдаг ажээ. Энэ цагт буюу хөгжил, дэвшлийн зуун эхэлснээр 20 гаруй үүлдрийн туулайг ч шинээр гарган аваад буй. Монгол орны хувьд боролзон, түвд, чандаган, молтогчин туулайн төрөлтэй. Боролзон туулай ойт хээрийн бүсэд амьдардаг бөгөөд бор туулай ихтэй газар цас ихээр унадаг гэсэн яриа ч ардын дунд хөвөрдөг. Монгол орны бусад бүсээр чандаган, түвд, молтогчин тархжээ.Молтогчин туулайнаас бусад нь хаягдмал нүхийг элдэв өвс, зулхайгаар тордож өөрийн эзэмшил болгоно. Өдрийн ихэнх цагийг ямар нэг юм мэрж, хаашаа ч хамаагүй дэгдэж өнгөрүүлнэ. Шөнөдөө айх аюул бага тул хооллохоос эхлээд бүхий л ажлаа амжуулдаг бас нэг онцлогтой.Манай оронд амьдарч буй туулайн төрлөөс хамгийн ааштай бөгөөд арчаатай нь молтогчин гэдэг. Тэрээр өөрөө барьсан үүрэндээ нэг жил орчим амьдраад нүүдэг бөгөөд 29 км хурдалж тасралтгүй 20 км давхисан түүх судлаачдын дэвтэрт тэмдэглэгдэн үлдсэн нь бий.

Туулай нэлээд хөлчүүрхүү нэгэн. Жилийн тодорхой цагт ходоодноос нь спирт ялгарч, идсэн үндэстэй нь холилдон байнга согтуу явдаг гэдгийг Монголын ард түмэн ярьдаг. Бас биедээ баймгүй тачаангуй, аальгүй нэгэн болохыг судлаачид ажиглажээ.

Тэд гуравхан жил насалдаг бөгөөд амьдралдаа тоймгүй олон удаа эр эмийн ажил хийнэ. Хээлтэй, хээлгүй тэд хэзээ ч хүйсийн ажилдаа татагдаж хостойгоо таарах бүртээ л зохицуулчихдаг. Энэ үйлдэл нь тун хурдан өрнөх бөгөөд эр туулай нь дур ханахаараа ухаан алдаад уначихдаг гэж байгаа. Янаглалын дуу нь ч уянгалаг заримдаа ойр хавийн амьтдыг үргээм сүртэй, нүргээнтэй болдог гэсэн. Ухаан алдсан эр туулай нэг минутын дараа сэргэж бушуухан зугтаж оддог гэдэг. Тэд намраас бусад улиралд хэдэн ч удаа хээл авч төллөх чадвартай амьтан. Эм туулай хээлээ 28-31 хоног тээж найм түүнээс олон бүжин төрүүлнэ.

Молтогчин туулайн бүжин эхээс төрөхдөө нүцгэн үсгүй, сонсголгүй, амьсгалах төдий чадалтай хамгийн өрөвдөлтэй арчаагүй нэгэн байдаг ажээ. Харин боролзон болон бусад туулайн бүжин ноолуур нь ургачихсан төрсөн даруйдаа л дэгдэж эхэлдэг байна. Туулайны сүү ихээхэн шимтэй, тослог ихтэй тул 3-7 хоногийн дараа гэхэд л торнисон бүжин үүрээ орхин одно. Ингээд эх үр салсан ч эмэгчин туулай хэний ч бүжинтэй таарсанхамаагүй нэг удаа хөхөө хөхүүлээд салдаг өрөвч амьтан. Харин молтогчин туулай улаан цурав бүжингээ хамгаалж чадаагүй бол тэмээ буйлах мэт муухай орилон гашуудаж, нэг хэсэгтээ үүрнээсээ ч цухуйлгүй уйлдаг байна.

Монголчууд хээрийн туулайг ихэвчлэн өвлийн цагт агнадаг ажээ. Агнахдаа туулай хярж буй бутыг тойрч эхэлдэг байна. Тойргоо хумисаар очиход хүний үлдээсэн мөрийг давж зугтаж чаддаггүй тийм аймхай. Хээрийн туулайн махыг шулаад багахан өөх нэмэхэд яг 70 ширхэг бууз болдгийг ч өвгөд хуучилдаг. Өнөөдөр махны чиглэлийн, ноолуурын чиглэлийн гээд олон үүлдрийн туулайтай болжээ, хүн төрөлхтөн. Мах нь ямар ч холестерингүй, хүний биед 90 хувийн шингэцтэй гэх мэтээр ер нь бараг л эм. Ноолуур нь ямааныхаас хэд дахин нарийн ширхэгтэй, хоёр туулай жилд нэг килограммыг өгдөг гээд бас л ярих зүйл их.

Харин дэлхийн түүхэнд туулай ямар бичээс үлдээсэн бол гэсэн асуулт бас бий. Өвөг дээдэс нь өдгөө Канад, Украин зэрэг цөөн улсад бүртгэгдсэн, бидний мэддэгээс арай өөр өнгө зүстэй амьтан байдаг сурагтай. Туулайны өвөг дээдсийг Орос, Испани, Франц улсууд манайх гэж булаацалддаг гэсэн. Магад­гүй хамгийн их хонзон санаж, түүнийгээ хийж хэрэгжүүлж байж санаа нь амардаг амьтан гэж тодорхойлогдсон нь ортой ч байж мэднэ. Австрали тивийг анх олж нээх үед дайн самуунтай байсан учир төдийлөн анхаарч чадалгүй байсаар 100 жил мартсан байдаг. Ингээд тус тивд анх хөл тавьсан европчууд гэрийн тэжээмэл туулай авч очсон түүхтэй. Энэ цагаас наяадхан жилийн дотор гэрийн тэжээвэр туулай хэдэн зуун саяар үржиж ёстой л гасланг дагуулсныг өдгөө дэлхийн бараг хүн бүр мэднэ. Европчууд туулайгаа өсгөж үржүүлээд ноолуур, махыг нь ашиглах зорилготой аваачсан байдаг. Ингээд ахуйдаа хэрэглэж эхлэхэд туулай зэрлэгшиж улмаар хүн төрөлхтнөөс өс хонзонгоо авч тариан талбайгаас эхлээд бүхий л зүйлийг мэрж устгасан гэдэг. Австрали тив тэр чигтээ цөл болох аюул ч байсан.

Дараагийн нэг баримт нь эрт балрын цагт туулай үлэмж том биетэй байсан нь зарим олдворуудаас бараг нотлогдоод байгаа. Өнөөдөр туулайг өвөг дээдэс шиг нь том болгохыг хүсэгчид ч цөөнгүй бий. Их британийн Ральф нэртэй молтогчин туулай манай гаригийн хамгийн том туулайгаар тодорсон. Ральф гурван настай,22,6 кг жинтэй. Энэ нь удамшиж эхэлсэн бөгөөд түүний ээж туулай, үр төл нь ч өөрөөс нь дутахааргүй биерхүү гэдгийг олон улсын мэдээллийн сувгууд бичиж үлдээжээ.Бидэнтэй хаа сайгүй таардаг, хамт амьдардаг болсон туулайны талаар эрдэмтэд ийм тодорхойлолтыг хийж, бас өөрсдийнхөө амьдралд зохицуулан хөгжүүлчихээд байгаа нь энэ.

Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ цаг-үе

А.Батдэлгэр: Балетыг үхлийн намжмал байдалд байлгах сонирхолтой хүмүүс цөөнгүй байна

Хөгжмийн зохиолч, балетмейстр А.Батдэл­гэртэй ярилцлаа.

– Та 2007 онд “Гэсэр номун хаан” хоёр дахь балетаа хөгжим, цомнол аль алийг нь бичиж, өөрөө дэглэн найруулж тавьсан. Энэ бүтээл Монголын балетын урлаг үндэснийхээ эртний сонгодог утга зохиолын сэтгэлгээнд хандсан анхны бүтээл байлаа. Э.Чойдог, Б.Жамьяндагва нарын “Чойжид дагина” энэ хоёроос өөр ийм бүтээл одоо хэр гарч ирээгүй байна. Та хөгжимд анх хэрхэн хөл тавьж байснаа дурсаач?

-Бүр эртний уг сурвалжаа яривал, балетын сургуульд байх үе, арван гурав дөрвөн настайгаасаа хөгжим тоглож эхэлсэн л дээ. Тэр үедээ поп групп болоод гурван гитартай, нэг бөмбөртэй дөрвүүлээ тоглодог байв. Тухайн үедээ поп рок маягаар тоглож байгаад 1972 онд балетын сургуулиа төгсч ирээд театр­таа бүжиглэсэн. Хоёр найзынхаа хамт “Үүрийн туяа” хамтлаг байгуулж анхынхаа дууг бичсэн л дээ. Тэр бол 1976юм уу 1977 онд улс төрийн дууны уралдаанд хоёрдугаар байрт шалгарсан “Хилчний хөшөө” гэдэг дуу байдаг юм. Манай хамтлаг тэр уралдаанд гурван дуугаар орсны нэг нь Ж.Чулуун гуайн “Бөмбөг дэлбэрвэл аюултай” гэдэг дуу байв. Энэ дууг Дашням ах дуулсан юм. Манай “Үүрийн туяа”-гийн бүрэлдэхүүн дээр нэг труба нэмээд Чулуун гуай бичсэн дуу л даа. Нөгөө нь Дарамзагд гуайн “Сансар” гэдэг дуу. Ж. Чулуун гуайн дуу нэгдүгээр байрт, Дарамзагд гуай бид хоёрын дуу хоёулаа хоёрдугаар байрт орж байсан юм. Яваандаа 1983 оны үеэс ер нь хүнд хэлбэрийн хөгжим рүү орж, мэргэжлийнхээ дагуу балетын хөгжимд суралцах юм сан гэж бодох болсон юм. Сонирхлоороо бичсэн хэдэн юмаа ноотолж аваад,хийлч Мөнхцэцэгийг (гавьяат) гуйгаад Ж.Чулуун гуайд анх сонсголоо. Эргээд бодоход, тийм том хүнд үзүүлж л байдаг их зоригтой байж л дээ. Чулуун гуай сонсоод “Би чамд нэг хүн зааж өгье. Тэр хүн дээр оч. Чамд тусалж чадах хүн байгаа юм. Циркт ажиллаж байгаа Хангал гэж хүн бий” гэж хэлсэн юм. Ингэж төрийн шагналтай, ардын жүжигчин хөгжмийн зохиолч, удирдаач тийм хүн анхлан хөгжмийн уран бүтээлийн маань замыг засч өгсөнд би үргэлж бэлгэшээж явдаг л даа.

-Таныг шавь орохоор очиход Хангал гуайн балетууд гараагүй байсан үе биз дээ?

-Арай гараагүй байсан үе. Дараахан нь ”Эрдэнэсийн уулс” балет нь гарсан. Би ч хэдэн ноотоо аваад цирк дээр очлоо. Хангал гуай нөгөө хэдэн муу ноотыг маань өмнөө тавьж байгаад өөрөө тоглож үзээд хөгжмийг яаж баяжуулахаас эхлээд олон юм хэлж өгсөн. Өөрөө ч их сайхан тоглодог хүн байсан л даа. Тэгээд хэлж байна. Хэрвээ чи юм бичиж суръя гэж байгаа бол яагаа ч үгүй байна. Янз янзын юм холиод ямар ч эмх замбараагүй болчихсон байна гээд миний бичсэн эхний найман тактыг аваад ингэж баяжуул гэхчлэн их үр өгөөжтэй зүйлс хэлж өгсөн л дөө. Анх надад хөгжмийн зохиол гэдгийг тайлбарлаж, тайлж өгсөн хүн бол З.Хангал багш минь юм. Анхны тэр хичээлийн дараа би нөгөө найман такт аятайгаа гурав дөрвөн сар ноцолдсоор явлаа. Засч янзалчихаад Хангал багшийн хаана байгаа газар нь очижүзүүлнэ. Яг тэр үед би их юм сурч авсан шүү. Анхны тэр ноот дээрээсээ бараг найман аяз бичсэн дээ. Габойд зориулсан хоёр гурван аяз, вольторн, төгөлдөр хуурт зориулсан аяз гэхчлэн долоо найман аяз гаргасан. Үндэсний хөгжмийн цөөхүүлд зориулж бичсэн бас нэг жижиг зохиол гээд л. Тэдгээрийг Хөгжим бүжгийн коллеж фонддоо авчихсан байдаг юм. Бүх юмыг шавааралдуулчихсан байна гэж Хангал багшийн хэлсэн тэр найман тактаасаа задлаад бичсэн хэрэг.

-Та Хангал гуайтай хэр удаан ажиллав. Хэр зэрэг шахаж шаарддаг, ямархуу барилтай хүн байв?

-Өөрөө тоглоод түүн дээрээ хэлж зааж өгнө үү гэхээс хүний юмыг засахгүй л дээ. Хангал багшийн удирдлагад надад шантарсан юм байгаагүй ээ. Хүсэл эрмэлзэл байсан болохоор ч тэр үү нэг юм биччихээд үзүүлнэ, дахиад засаж үзүүлээд л уйгагүй явдаг байсан. Тийм барилаар хүн юм их сурдаг юм байна лээ. Би Хангал гуайн удирдлагад нэлээн удаан явсан. Бараг өөд болох хүртэл нь байх. Би сүүлдээ 1992онд тэтгэвэрт гараад Буриадын театрт хэсэг ажиллаад эргэж ирсэн л дээ.

-Нээрээ та Буриадын театрт бүжиглэж байсан юм байна лээ. Тэнд ямар балетад бүжиглэж байв?

-Сайндаа ч Буриад яваагүй юм. Яг тэр үед би нэг балет биччихсэн байсан юм л даа. Хөгжмөө сонсгоод, бүжгээ дэглээд байж байтал намайг балетмейстрийн дип­ломгүй гэж гоочлов. Бараг юм хийлгэхгүй ч юм шиг, дипломтой балетмейструуд байхад гэх маягийн яриа гарсан юм. Яг тэр үед Буриадын театрын нэг хүнтэй тааралддаг юм. Танайд очиж ажилладаг юм билүү гэлээ. Нөгөө хүн маань ч тэг тэг гээд намайг аваачсан. Тэгээд очиж ажилласан. Би тэтгэвэртээ гарчихсан байсан үе л дээ. Тийм болохоор бүжиглэх сонирхол нэг их байхгүй, “Хунт нуур”-ын гурвал гэх мэтийн юмнуудад бүжиглэсэн л дээ. Очсон зорилго маань өөр байсан. Хүний газар очоод бие дааж юм хийе, өөрийгөө боловсруулъя л гэж бодсон. Очоод би анхныхаа балетыг бичиж тайзнаа тавьсан л даа.

-“Арван хоёр жил” гээд хүүхдийн их хөөрхөн балет байдаг байх аа. Анх Буриадад тавьсан юм уу?

-Тэгсэн шүү дээ. Нэг бүлэгтэй долоон үзэгдэлтэй балет. Тодорхой нэгэн үйл явдалгүй, арван хоёр жилийн өнгө төрхийг харуулсан балет юм. Арван хоёр жил дотроо гурав гурваараа эргэж байдагчлан нэг хүн байснаа хоёр болоод гурав болоод сүүлдээ арван хоёр болдог.

-Буриадад хэрхэн хүлээж авсан бэ?

-Их сайхан хүлээж авсан. Тэндэхийн балетын сургуулийн хүүхдүүдийн бүрэл­дэхүүн дээр тавьсан юм. Тэд дараа нь бүр Монголд ирж тэрийгээ тоглосон юм. Энд тоглосных нь дараа би эргэн ирж Нацагаа багшийг театрын дарга байхад нь Монголдоо тавьсан. Манайд тэр жилээ их олон тоглогдсон доо. Хүүхдийн амралт эхлэхээр л тоглодог байлаа. Өдөрт хоёр гурван удаа тоглодог байсан юм. Балетмейстрийнхээ гарааг би ямар ч сургуулийг нь төгсөөгүй байхдаа тэгж эхэлж байсан л даа.

-Одоо хүүхдүүдэд үзэх олигтой жүжиг байхгүй байхад хамгийн их хэрэг­цээтэй балет санагддаг юм?

-Болохгүй гэх юмгүй л дээ. Зөвхөн одоогийн нөх­цөл байдал мэтийн янз бүрийн байдлаас болоод тоглогдоо больсон жүжиг олон байна шүү дээ. Уг нь уран сайхны зөвлөлөөрөө ороод батлагдаад гарчихсан, урын сандаа орчихсон бүтээлүүдээ тоглож байх ёстой л доо. Бүр тааруухан хийсэн бүтээлийг бол аяндаа хүн үзэхээ болиод ирдэг, тэр үед нь хааж болно. Гэтэл манайх тэр зарчмаараа явахгүй байна л даа.

-Та түрүүн хэлсэн, З.Хангал гуайн “Суварган цэнхэр уулс” киноны хөгжмийг оркестр хэрхэн тоглож бичүүлж байсан тухай,поп оркестрын эхлэл байсан гэж. Дэлгэрүүлээд яривал..?

-Манай “Үүрийн туяа” хамтлаг оркестртой хамт тог­лож, Жамсранжав удирдаач удирдан тоглуулж байсан юм. “Үүрийн туяа” хамтлаг нэлээн олон киноны хөгжмийг тоглосон байдаг юм. “Тойрох хуудас”, “Загийн алим”, “Бид мартахгүй”… гэхчлэн. Тэр үедээ л поп оркестр маягаар тоглож байж л дээ. Үндсэндээ поп оркестр л юм даа. Цахилгаан хөгжмийг ашиглаж эхэлж байсан үе. Жамсранжав удирдаачийн “Бид мартахгүй” гээд киноны хөгжим байдаг даа. Киноны эхэнд явдаг дууг Чуулгын дуучин Дэжидмаа бид хоёр дуулж байв.

-Английн Лондон хотод “Европын балет” компанид та багшилж байсан. Ямар тохиолоор очив?

-Хувийн журмаар хэлний курст очсон юм. Тэнд балетын жижиг компаниуд олон байдаг л даа. Хэдэн сар ажиллаад тарчихдаг. Намар, хавраар нэг цуглаж хотуудаар тойрч тоглоод явдаг. Тэнд нэг орос захиралтай компанид жил гаруй ажилласан юм. 12 жүжигчинтэй, нэг багштай, нэг жолоочтой, нэг автобусанд суугаад явчихдаг байсан. Явахаасаа өмнө Лондонд арваад хоног бэлтгэлээ хийчихнэ. Тайзны менежер нь бүх юмаа бэлдчихээд тусдаа машинаар түрүүлээд оччихсон, биднийг тоглох газраа очиход бүх юм бэлэн байж байна. Тэгээд жижиг хотуудаар тойроод тоглоод явчихдаг. Шотланд, Хойд, Умард Ирландад тоглочихоод буцаад Лондондоо хүрээд ирнэ. Ойрхон болохоор гурав дөрвөн сар яваад л ирдэг байсан.

-Та ингэхэд хэдтэйдээ тэтгэвэрт гарсан юм бэ.ДБЭТ-ын балетын ид оргил үе дал, наяад онд нь бүжиглэсэн, урын сангийн бүх балетыг бүжиглэсэн хүн?

-Гучин естэйдөө гарсан. Миний анхны балет бол “Бахчисарайн оргилолт булаг”. Вячеславт тоглосон. Гавьяат жүжигчин Туултай хамт. Бахчисарайн оргилолт булагт надаас өмнө нэлээн хэдэн хүн тоглосон байдаг юм. 1978 онд би тоглоод түүнээс хойш тэтгэвэрт гартлаа тоглосон. Гурван портнёр солигдсон. Эхлээд Туул эгчтэй, дараа нь Энхээтэй, дараа нь Алтантуяатай тоглосон доо. Энэ жүжиг миний хувьд их сонин. Би Улаан-Үдэд очиж дөрвөн жил ажиллачихаад энд буцаж ирээд дөчин дөрөв тавтайдаа дахиад нэг тоглосон. Тэр сүүлчийнх байв. Вячеслав гэдэг маань арван найм хорьтой залуугийн дүр шүү дээ. Гэхдээ би гучин жил бүжиглэсээн. Балетчин хүн хорин жил бүжиглэдэг юм. Энэ бол миний сайных биш л дээ. Багш нар маань сайн байсан, надад их сайн зааж өгсөн байгаа юм. Хүн чинь үнэхээр нас яваад ирэхээр хүч хурд саардаг. Би бол бүжигчнийхээ хувьд театрынхаа урын сангын бүх жүжигт тоглосон. “Мөнгөн залаа”-д гэхэд л ардын жүжигчин Ганбаатар, Оюун, би, Намнанбаяр, Эрдэнэцэцэг тоглодог байлаа. Ереванд манайхан жаран хэдэн хүний бүрэлдэхүүнтэй очиж тоглож байлаа. Тэгэхэд “Мөнгөн залаа”-г хоёр өдөр тоглоход эхнийхэд Ганбаатар, Оюун, Намнанбаяр гурав, хоёр дахь өдөр нь Эрдэнэцэцэг, Намнанбаяр бид гурав тоглож байлаа. Манай балет тийм хүчтэй байсан үе.

-Э.Чойдог гуайн хэдэн сайхан балет байна. Та түүнтэй хэр ойр харилцаж байв?

-Нэг их ойр байгаагүй. Харахад зөөлөн дөлгөөн хүн л байсан юм. Чойдог гуай бол хамгийн олон балет бичсэн хөгжмийн зохиолч. “Мөнхийн нөхөрлөл”, “Шарилжин дундах цэцэг”, “Хөгжмийн эгшиг”, “Мөнгөн залаа”… гээд л.

-“Хөгжмийн эгшиг” уг нь их гоё балет байх шиг. Тоглож байх үеийнх нь хуучны хүмүүс сайн мэдэх байх. Ямархуу юм бэ?

-Жамъяндагва гуай симфони найрал хөгжимд хөгжмийг амилуулж хөдөл­гөөнөөр үзүүлэх гэсэн оролд­лого л доо. Нэг үзэгдэлт балет. “Анчин ба согоо” гээд бас нэг үзэгдэлт балеттай хамт тоглодог байсан юм. Одоо тэгээд “Мөнгөн залаа”-гаа эвдээд “Чойжид дагина” болгочихлоо шүү дээ.

-Ер нь балетын ид оргил үед бүжиглэж байсны хувьд та хэлээч. Өнөөгийн цаг үед тоглох бололцоотой цөөнгүй балет бий. Тэдгээрийг, дээрээс нь шинээр хийсэн балетуудаа хүртэл тоглохоо больчихсон нь ямар шалт­гаантай юм бэ?

-Нэг хэсэг бүр уналтад орж тоглож байсан жүжгүүдээ тоглохоо болчихсон юм. Эргээд 2000 оны эхэн үеэс эхлээд Эрдэнэбат, дараа нь Сэргэлэн даргын үед бүх юмаа сэргээж хийж эхэлсэн л дээ. Хангалын “Эрдэнэсийн уулс”, Чойдог гуайн “Мөнгөн залаа” гэхчлэн. Би өөрөө тоглож байсан учраас хийж байсан бүх юмаа мэдэж байгаа учир хөгжмийг нь редакторлож өгөөд, өөрийнхөө тоглож байсан хэсгийг бүгдийг нь зааж өгч, засварлахыг нь засварлажингэж сэргээсэн л дээ. Одоо харин үндэсний балет маш цөөхөн байна. Өмнө нь олон байсан юм. “Нуурын домог”, “Хошуу наадам”, “Найз залуус” гээд л. Яваандаа тоглогдохгүй болоод ирсэн. Зарим нь ч жишээ нь, найз залуус гэхэд Орос Монголын нөхөрлөлийн сэдэвтэй балет. Одоо цаг үедээ нийцэх ч юм уу үгүй ч юм уу. Тэгж хаагдсаар байгаад тоолоход манайд тавхан балет одоо тоглож байна. Миний хоёр балетыг хасаад тэр шүү дээ.

-“Тэнгэрийн ташуур” -ыг яагаад тоглохоо больчихсон юм бэ?

-Ганцхан удаа тоглоод больчихсон. Энэ улсууд их хачин болчихсон юм байна шүү дээ. Юм хийдэг хүнийг л оролдоод байдаг юм байна. Би ингэж бодож байгаа юм. Сүүлийн 15 жилийн хугацаанд ямар балет, дуурь тавигдав гээд үзэхэд хоёр балет хоёр дуурь л байна. Өмнө нь1994 онд “Гүег хаан” гэж балет тавигдаад зогссон байсан. Тэрнийгээ бас тоглохоо боль­­чихсон. Тэгээд 15 жилийн хугацаанд Шаравын “Чингэс хаан”, Лувсаншарав гуайн “Хархорин” дуурь, миний “Гэсэр номун хаан”, “Тэнгэрийн ташуур” ингээд л болоо. “Гэсэр номун хаан” бол хүмүүс их үздэг, 2007 оноос хойш тасралтгүй тоглосон балет. Гадаадынхан ч их үздэг дотоодынхон ч үздэг. Гэтэл тоглохоо больчихсон.

-Хүмүүсийн их үздэг жүжгийг тайзнаас буулгана гэдэг бол байж боломгүй тэнэг хэрэг.Уран сайхны зөвлөл нь шийддэг биз дээ?

-Нэгэнт өмнө нь уран сайхны зөвлөлөөрөө батлаад олон түмэнд тоглож болно гэсэн ийм оюуны өмчийг тоглож л байх хэрэгтэй. Хэрвээ хүн сонсохын аргагүй муухай хөгжим бичээд, үзэхийн аргагүй муухай балет дэглэсэн бол аяндаа хүн үзэхээ болиод хаагддаг. Гэтэл “Гэсэр номун хаан” балетыг гадаад дотоодгүй сонирхоод үзээд байхад л ямар ч шалтгаангүйгээр болиулчихаар би гайхаад байгаа юм. Ер нь юм хийж байгаа хүмүүсээ доош нь татаж унагаад байдаг юм байна. Юм хийж байгаа хүнтэйгээ л зууралдаад доош нь дарах гээд байдаг.

-Та бод доо. Тэр балетыг үзүүлж байх нь олон нийт нийгэмд л хэрэгтэй болохоос танд бараг хамаагүй шахуу шүү дээ. Тэртэй тэргүй хийсэн, гаргасан, олон жил хүмүүс үзсэн?

-Олон түмний хүртээл болж байх ёстой л доо. Яагаад гэвэл, энэ чинь олон хүний хөдөлмөр. Ганцхан би хийчихээгүй. Тайзны зураач, хувцасны зураач, тайз техникийн ажилчид, найрал хөгжмийнхөн, балетын бас гуч дөчин хүн гээд ийм олон хүний хөдөлмөрийг надаас болоод хааж боож байна шүү дээ. Намайг дарлаа гээд яах юм бэ. Намайг дарлаа гээд үр дүнд нь хөлс хүчээ зориулсан тэр олон хүний хөдөлмөр л талаар өнгөрнө. Хамгийн хортой үр дагавар нь, өнгөцхөн харахад Аюурзанын Батдэлгэр гэдэг хүнийг дараад байгаа юм шиг харагдаад байгаа боловч цаагуураа Монголын үндэсний балетын урлагийн хөгжилд саад болж байгаа юм. Балетыг урагшаа явуулахгүй гэсэн, байранд нь бариад байх гэсэн, үхмэл цэг дээр байлгах гээд байгаа хэрэг л дээ. Үхлийн ийм намжмал байдалд байх сонирхолтой. Дандаа шинэ юм хийж өсөж дэвжиж байх ёстой байтал үхлийн ийм намжмал байдалд байлгаад байх сонирхолтой хүмүүс байна. 15 жилд хоёрхон балет хоёрхон дуурьтай сууж байна гээд бод доо. “Гэсэр номун хаан” балетын хөгжим, цомнолыг нь бичих гэж хичнээн их юм уншиж судалж, хичнээн олон жилээ зарцуулсан гэж бодно. Арван долоо найман жил болж байж бичсэн. Гэтэл зарим хүмүүс ямар ч үндэслэлгүй, судалгаагүй юм ярьдаг. Мэргэжлийн хүнээр хийлгэ гэж ярьдаг юм. Тэгэхэд би Чулуун гуай замыг минь засч, Хангал багшийн гар дээр суралцаад ингээд албан бусаар хориод жил суралцсан хүн шүү дээ. Тэгээд практик дээрээ хөгжмөө бичээд явсан хүн.

-Та Орост балетын сургууль төгсөөд 30 жил балет бүжиглэсэн, дараа нь хөгжмөө бичсэн, дэг­лэн найруулсан олон турш­лагууд байна. Агуу их Зундуйн Хангалын удирд­лагад хөгжмийн зохиомж онолоо заалга­чихсан. Заавал тэр консерваторын диплом гэх хавтас авах ямар хэрэг байна?

-Тийм янз бүрийн яриа яваад байхаар нь би хөгширсөн хойноо тэр дипломыг нь авчихъя гэж бодлоо. Хөгжим бүжгийн коллежийн хөгжмийн зохиолчийн ангид нь сурч төгслөө. Тэгээд харсан чинь би 52 настайдаа СУИС-ийн балетмейстрийн ангийг, 61 настайдаа ХБК-ийн хөгжмийн зохиомжийн ангийг төгссөн байна. Одоо 62-той.

-Таныг дуурь бичиж байгаа гэж сонссон. Ямар дуурь вэ?

-Одоохондоо дуусаагүй байгаа юм аа. Хутагтын зохиол “Саран хөхөө”. “Саранхөхөө”-г би гурван жил судаллаа. Доктор Хөвсгөл гуайтай хамтраад мэдэхгүй юмаа асууж хамтарч ажиллаж байна.

-Шартолгой гуайн хөр­вүүлснээр Мөнхдорж гуай найруулж тавьсан жүжиг бий?

-Түүнээс өөр. Олон жил бодоод л явдаг байсан юм. Хүн байж байгаад шувуу болчихдог, тийм нэг гоё жүжиг байсан гэнэ лээ. Тэрийг сонгодог хэлбэрт бичих юм сан гэж би олон жил бодож явсан юм. Тэгээд гурав дахь жилдээ судалж байна. Энэ чинь бүх судалгаатайгаа, тайзтайгаа, зохиол нь их том юм билээ. Тэр дотроосоо текстээ сонгож аваад гол утга санааг нь алдагдуулахгүйгээр хөгжим цомнолоо бичиж бай­на. Равжаа хутагтын өөрийнх нь шүлэглэсэн бичсэн материалыг нь авч шинээр цомнол бичиж байгаа юм.Өөрөөр хэлбэл, Хөвсгөл, Батдэлгэр хоёр өөрөөсөө зохиогоод байгаа юм байхгүй. Хөгжмөө бичээд жил ч болоогүй байна л даа.

-Ерөнхийдөө удиртгал, бүлгүүдээ босгочихсон байгаа юу?

-Таван үзэгдэл биччихсэн байна. Уг нь есөн үзэгдэлтэй байх юм. Хоёр бүлэгтэй.

-Та дандаа хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүд хийж байна. Сүүлийн үед ер нь дуу бичиж байна уу?

-Хааяа бичдэг юм. Дуу бол орхигдохгүй л дээ. Нэг түүвэр бас гаргах бодолтой байгаа.

-Та Ю.Оюун гуайтай нэг анги гэж байсан. Та хэд хэрхэн явж байв?

-Ленинградад 1964 онд яваад 1972 онд төгсч ирсэн. Арван нэг хоёр настай л явцгааж байсан байх. Есөн жил тэнд сурсан. Миний бичиг баримтан дээр нүд хар, хөмсөг хар, өндөр нь метр арван сантиметр гэсэн байсан. Тийм л жаахан хүүхдүүд очиж байж.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Хүмүүс алим, тоорын модыг ихэд сонирхож тарих болжээ

Өнөө жил цаг агаар дулаан байгаа учир тариа буудай, ногоо тарих, мод суулгах ажил өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал арваад хоногоор түрүүлж яваа юм байна. Мод үржүүлгийн газрынхны хувьд энэ долоо хоногоос ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байсан ч ойрын хэд хоног цаг агаар тогтворгүй байснаас ялимгүй хойшилжээ. Улаанбаатар хо­тод ойролцоогоор 200 га­руй мод үржүүлгийн га­зар байдгаас хэд хэдэн компанитай нь холбогдлоо. “Бид ажилдаа өнөөдрөөс л гарч байна. Талбай дээрээ маргаашнаас л очиж хөрс шороогоо бордох, янзлахаас эхлүүлээд ажил ундарна. Сүүлийн үед орсон цас хөр­сөнд нэлээд чийг өгчихлөө. Өмнөх жилүүдийг бодвол арай эрт ажил эхэлж байна.

Хувь хүмүүс бидэнтэй холбогдож мод хэрхэн тарих талаар зөвлөгөө авч байгаагаас үзвэл монголчуудын хувьд мод тарих гэдэг хол хөндий ажил биш болжээ гэдэг нь харагдаж байна” гэцгээж “Мод тарих ажил ерөнхийдөө ирэх долоо хоногоос жигдэрнэ” гэх хариулт өгч байлаа. Иргэдийн хувьд хэдэн жилийн өмнө гацуур мэтийн модыг ихэд сонирхон хашаа хороондоо тарьдаг байж. Харин сүүлийн үед алим, жимсний моддыг ихэд сонирхож иймэрхүү төрлийн модыг тарихдаа юунд анхаарах вэ, яавал үр жимсийг нь ахиухан хураах вэ гэж асуух болсон гэнэ. Хэдий мод үржүүлгийн өнөө жилийн ажил жигдрээгүй, үйл ажиллагаагаа эхлээгүй байгаа ч хувь хүмүүс, компаниуд зөвлөгөө, тусламж авч байгаа юм байна. Энд тэнд компаниудын урилгаар очиж хэрхэн мод тарих, модот хүрээлэн бий болгоход юунд анхаарах, ямар мод таривал зохимжтой байдаг талаар ярьж байгаа аж.

Мод үржүүлгийн салбартаа манайд дээгүүрт ордог “Цэцэрлэгжилт” компанийн ерөнхий инженер Ц.Цэвээндуламтай уулзлаа. Тус компанийн үржүүлгийн газрыг хүмүүс Сонгинын мод үржүүлгийн газар гэдгээр нь мэдэх болов уу. 120 дугаар цэргийн ангийн хажууд байрладаг талбайн 35 га-г зөвхөн мод үржүүлэхдээ ашигладаг юм байна. Эднийх нийт 33 нэр төрлийн мод үржүүлж байгаа гэнэ. Тэднээсээ 13 нэр төрлийг нь түлхүү үржүүлж, Улаанбаатар хот болон хувь хүмүүс, компаниудад нийлүүлдэг юм байна. Гадны орнуудаас туршилтын журмаар нэлээд мод оруулж ирэн ургуулж үзэж байгаа аж.

Иргэд үхрийн нүд, чацарганын моддыг тарих дуртай байдаг бол сүүлийн үед алим, тоорын моддыг ихэд сонирхож тарих болсон гэнэ. “Цэцэрлэгжилт” компани гурван жилийн өмнөөс усан үзэм, тоор, давжаа алимны моддыг туршилтаар ургуулсан нь нэлээд үр дүнтэй байгаа болохоор өнөө жилээс эдгээр моддыг нийслэл, иргэдэд нийлүүлэхээр төлөвлөж Улаан-Үдийн Ботаникийн хүрээлэнтэй гэрээ хийхээр болсон гэнэ. Ойн инженер Ц.Цэвээндулам “Хятад, Оросоос ямар ч хамаагүй жимсний мод авчраад иргэдэд тарь гээд худалдаж болохгүй. Мод үржүүлгийн газрууд тухайн модыг Монголын нөхцөлд хэрхэн ургахыг сайн туршиж, ургуулж нутагшуулсны үндсэн дээр л их оруулж ирдэг” гэж байлаа.

Нийслэлд шар хуайс, хайлаас зэрэг хэлбэржүүлдэг моддыг түлхүү тарьдаг. Тэхийн шээг, улиас, гүйлс мөн шилмүүст моддоос гацуур, нарсыг илүүтэй сонгодог. Том хотуудын хувьд моддыг олон шалтгааны улмаас тарьдаг. Мод байгаль орчинд ээлтэй. Модод агаар цэвэршүүлж, тоос шороог шингээж, дуу чимээг багасгадаг. Үндсээрээ ус чийгийг татаж газрын гадаргыг чийгтэй болгож эргэн тойрны хөрсөө сайжруулдаг. Ногоон моддыг харснаар хүнд тав тухтай мэдрэмж төрж, гоо сайхныг мэдрүүлдэг. Энэ мэтээр мод тарихын, модтой орчинд амьдрахын тусыг өгүүлээд барамгүй.

Цэцэгсээс хамгийн түрүүлж яргуй эрт дэлбээлдэг шиг эрт суулгадаг мод гэж байдаггүй гэнэ. Бүх модыг хавар дөрөв, тавдугаар сард, намар газар хөлдөхөөс өмнө буюу ес, аравдугаар сард тус тус шилжүүлэн суулгадаг юм байна.

Мод үржүүлгийн газрууд намар модны үрээ нэг бүрчлэн түүж цэвэрлэж хадгална. Тэгээд хавар дөрөвдүгээр сард газрын хөрсөө боловсруулаад тавдугаар сард үрээ тарьдаг юм байна. Нэг үрийг мод болгохын тулд 3-4 жил арчилж тордож, хөлс хүчээ зориулна. Тэгж гэмээнэ сая мод боллоо гээд иргэд болоод нийслэлдээ өгнө. Сүүлийн үед мод суулгах талаар мэдээллийн хэрэгслээр зөвлөгөө, зөвлөмжийг мэргэжлийн хүмүүс сайн хүргэж байгаа болохоор мөн Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон нь мод тарих нь бидэнд, байгальд хэрэгтэй юм шүү гэдэг сэтгэлгээг сэргээх болсон гэнэ.

Айлууд боломжоороо хашаандаа ганц нэг, хэд гурван мод суулгахаар сэтгэл гаргаад худалдаж авна. Тэгээд аваачаад суулгах болохоороо технологийн алдаа гарснаас өнөөх суулгац нь саглайсан сүрлэг мод болж чадахгүй тэгсхийгээд үхчихдэг. “Хүмүүс мод тарихаараа эхлээд модоо тогоондоо хийчихээд дээрээс нь хөрс хийдэг. Энэ бол буруу. Эхлээд хөрсөө сайн бэлдээд дараа нь модоо суулга. Энэ бол хамгийн зөв дараалал” гэж Ц.Цэвээндулам инженер хэлээд “Мод суулгачихлаа гээд орхиж болохгүй. Суулгасны дараахь арчилгаа, усалгаа маш чухал. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлоос улбаалаад хөрс маш ихээр муудсан. Тиймээс тарьсан мод ургаж чадахгүй байх тохиолдол их байна. Тиймээс модоо их сайн арчлах хэрэгтэй” хэмээн зөвлөж байна. Ц.Цэвээндулам инженер уг нь эдийн засагч мэргэжилтэй юм байна. “Цэцэрлэгжилт” компанид анх эдийн засагчаар ажилд орсон ч явцын дунд яалтгүй ч мод мэдэх шаардлага гарч ирсэн учир ХААИС-ийн ойн инженерийн ангийг дүүргэжээ.Компанидаа 17 дахь жилдээ ажиллаж байгаа манай мундаг, залуу инженерүүдийн нэг юм. Тэрээр “Мод тарина гэдэг маш их хөдөлмөр зарцуулдаг ажил. Айл болгон хашаандаа 2-3 мод тарьчихвал Улаанбаатар хотын минь агаар цэвэршиж бид эрүүл орчин амьдрах болно шүү дээ. Айл болгон мод таривал ямар гоё вэ” гэж чин сэтгэлээсээ өгүүлж байлаа.

Хүмүүс тарьсан ургамал, ногоо, моддоо ургуулахын тулд элдэв төрлийн бордоо хэрэглэдэг. Шувууны сангас, бууц бол эко бордоо. Гэр хорооллын айлууд ерөнхийдөө энэ хоёрыг түлхүү бордоо болгон ашигладаг. Ийм бордоонуудыг хэрхэвч хуурайгаар мод руугаа хийж болохгүй юм байна. Усанд дэвтээж шингэн бордоо хийх замаар сардаа хоёр удаа бордоно. Гэхдээ тав, зургаа, долдугаар саруудад л ингэж бордох ёстой гэнэ.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ерэн тавтай хөвүүн

Зохиолч бидний төдийгүй монгол түмний хайртай, хүндэтгэлийг нь хүлээсэн Монгол Улсын Ардын уран зохиолч Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, Бөхийн Бааст хөвүүн ерэн таван нас сүүдэртэйгээ золголоо.

Би л гэхэд Баастын барааг харснаасаа янагш жаран жилийг элээжээ. 1956 онд номын дэлгүүрт болсон зохиолч-уншигчдын уулзалт дээр шүлгээ уншихыг нь харж, “Цогт” гэдэг тууж ном дээр нь гарын үсгийг нь зуруулж худалдаж авснаа тод санаж байна.

Тэр уулзалтад зохиолч С.Эрдэнэ, З.Баттулга, Д.Пүрэвдорж, М.Ширчинсүрэн (оюутан) нар оролцож, Ч.Чимид хөтөлж байсансан. Тэгэхэд Бааст цангинасан дуутай, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, хошуу халимагтай тун хөдөлгөөнтэй жижигхэн шар залуу ид гялалзаж байв. Одоо ч тэр л янзаараа. Үнэндээ бол Бааст их эртний хүн. Бод доо, та минь. Бааст Ховд аймгийн дунд сургуульд сурагч байхдаа “Тэмцлийг удирдав” жүжиг бичин Ховдын театрт тоглуулж, ардын хувьсгалын удирдагч алдарт долоогийн нэг “Хөх торгон дээл” гэдэг гайхамшигт дууг (одоо ч дуулагдсаар) зохиогч Дансранбилэгийн Догсом гуайгаас талархлын бичиг, 100 төгрөгийн шагналын хамт 1939 онд хүртэж байжээ. Энэхүү баримтаас үзвэл Монгол уран зохиолын түүхийн улааг наян жил цуцалтгүй нэхжээ гэж болохоор бодит үнэн байна.

Одоо ч Бааст гуай бичиж туурвисаар байна. Бид Монгол уран зохиол хийгээд зохиолчдын болоод зохиолчдын байгууллагын амьд хадгаламж (архив) гэж ярьдаг нь үнэн юм. Баастад гадаад дотоодын зохиолч, уншигчдын үй түмэн захидал, зохиолчидтой холбоотой хурал чуулганы тухай тэмдэглэл сурвалжлага, тэр ч бүү хэл Чойбалсан, Цэдэнбал нарын зохиолчидтой уулзаад хэлсэн үгийн бичилт хүртэл бий. Бааст бол жинхэнэ номын хорхойтон мөн. Түүний номын санд байхгүй ном байдаг юм уу гэмээр суут хүмүүсийн амьдрал (ЖЗЛ), “Монгол уран зохиолын 108” боть бүх төрлийн нэвтэрхий толиос эхлээд, зөвхөн номынх нь нэрийг жагсааваас хэдэн боть болохоор шүү. Бааст уран зохиолын бүх төрлөөр бичсэн. Жүжиг өгүүллэг, тууж, шүлэг, дууны үг, туурь, дууль бүгдийг туурвисан том зохиолч, тэмдэглэл, найруулал, сурвалжлага, өгүүлэл, тэр ч бүү хэл шүүмж ч бичдэг их гарын бичээч мөн. Бас Казах уран зохиолоос орчуулна.

Алдарт зохиолч Б.Ахтаан, Хурметбек, Шинай, Даниель нарын бүтээл туурвилыг монгол хэлт уншигчдад гаргаж ирсэн найрсаг сайхан сэтгэлтэй, соён гэгээрүүлэгч этгээд бол Бааст юм аа. Олон хүмүүс хийгээд зохиолч нөхдийнхөө тухай гайхалтай сайхан дурсамжууд нь бид бүхний өмнө, алсын одны цацраг мэт анивалзан гэрэлтэж байнам.

Бааст гуай найрсаг сайхан сэтгэлтэй, хөгжөөн цэнгэлтэй, бас баруун Монгол эрийн омогтой, хэрэндээ л шазруухан эр гэж байгаа. Зохиолчдын байгууллага “хагардаг” дээрээ тулсан, зохиолчдын эвлэлийн 90-ээд оны нэг их хурал дээр манай нэг ахмад зохиолч Д.Сэнгээг дотоод яамны хэлмэгдүүлэгч гэх мэтээр индэр дээрээс тааруухнаар хэлтэл Бааст хурлын танхимаас “Чи өөрөө хэлмэгдүүлэгч, ахыгаа чи матаа биз дээ” гэж хашгичиж билээ. Ер нь хүнийг загнах авьяастай. Ардын уран зохиолчийн найран дээр нь би мань эрийг баахан магтаад “Чамайг үдье” гэдэг алдарт дууг нь дуурь хоолойгоор л аминдаа аваад хаячихлаа. Тэгээд тайзнаас буугаад ном, хадаг хоёр бариад очлоо. “Чи их сайхан үг хэллээ” гээд үнссэнээ гэнэт толгойгоо гэдийлгэж “Чи яагаад энэ дууг муухай дуулж байгаа юм. Цаана чинь Цэргийн чуулгын гоцлол дууч Ч.Баярмаа (одоо УГЖ), манай Ховдын Цэрэнпил гавьяатын охин дуулах гэж байхад чи хөтөлбөр эвдээд” гэж “зочин”-оо загнаж байгаа юм даа. Бааст гуай Цоодол, До.Нямаа, Сүрэнжав, Лхагвасүрэн бидэнтэй үерхэх санаатай үзэж тарж, үсэрч наалдана. Саяхны нэг өдөр утасдаж байна. Амар мэндээ мэдэлцсэний дараа “Би Баянбууралд амраад дөнгөж ирээд байна” гэхээр нь би “Саяхан л Аржанчивланд амарлаа гэх чинь билээ. Орос хэлний Галсан хэлсэн. Ямар юмаа хийж дандаа амралт хэсээд байдаг юм. Архи ууж чадахгүй, авгай эргүүлж мэдэхгүй байж” гээд тавьчихсан чинь “Чи битгий хуцаж бай” гээд утсаа салгаж байх жишээтэй ярвигтай эр дээ. Бааст гуай нэг өдөр гэртээ урьж байна. Очлоо, үхрийн тарган хавирга, ногоотой цэлцэгнүүр болтол нь чаначихсан таваглаж, шотланд хорз хундаганд хийснээ гэнэтхэн болиод шилэн аяганд пүл пүл хийдэг байгаа. Тэгээд ерөөлийн үг хэлнэ байх гээд хүлээзнэтэл, үг хэл ч байхгүй “За уучихъя” гэж байгаа юм даа. Би Бааст гуайг Багааст гэж уртаар дуудахад ах их дуртай. Сайхан зохиолч, сайн хүмүүн, хүүхэд шиг ааль ааш гаргагч эрхэм хүндэт Бааст гуай минь, хорин насны зөрүүтэй ч хонгор сайхан найз минь тантайгаа, чамтайгаа олон олон жил бараа бараагаа харж явмаар байна шүү. Ерэн тавтай хөвүүн минь.

Ардын уран зохиолч Пунцагийн БАДАРЧ

Categories
мэдээ цаг-үе

Х.Базаррагчаа: Я.Батсуурь өлсгөлөн зарлана гэсэн боловч прокурор зөвшөөрөөгүй

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь цагдан хорих 461 дүгээр ангид хоёр сар хоригдож байгаа билээ. Тэрбээр батлан даалтад гарч, хэргээ шалгуулах хүсэлтийг шат шатны прокурор, шүүхэд удаа дараа гаргасан боловч түүндтатгалзсан хариу өгсөн байдаг. Тиймээс үүнийг эсэргүүцэн өлсгөлөн зарлахаар шийдсэн тухай зарим хэвлэл мэдээлжээ. Мөн Я.Батсуурь НҮБ-д хандахаар болсон гэх мэдээлэл ч явж байгаа юм. Иймд түүний өмгөөлөгч Х.Базаррагчаагаас зарим нэг зүйлийг тодрууллаа.

Таны үйлчүүлэгч өлсөглөн зарлах гэж буй гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Батлан даалтад гаргаж өгч гадуур шалгаач гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Харамсалтай нь хуулийнхан татгалзсан хариу өгч байгаа. Өлсгөлөн зарлана гэсэн мэдээллийг би сайн мэдэхгүй байна.

НҮБ-д хандах болсон. Дипломатч хүний хувьд хуримтлуулсан туршлага, хэлхээ холбоогоо өөрт хол­богдох хэрэгт ашиглахаар шийдсэн гэх мэдээлэл яваад байна?

-Энэ талаар би одоо л сон­сож байна. Сайн мэдэхгүй.

Та хамгийн сүүлд Я.Батсуурьтай хэдийд уулзсан юм бэ?

-Өнгөрсөн мягмар гаригийн өглөө буюу уржигдар очиж уулзсан.

Тэгэхэд өлсгөлөн зарлана гэдгээ хэлээгүй юм уу. Өөрөө юу гэж ярьж байх юм ?

-Өлсгөлөн зарлана гэж хэлээгүй Я.Батсуурь хори­хоос гармаар байна. Миний эрхийг зөрчиж байна. Гадуур байцааж шалгах боломжтой. Заавал хүнийг хорьж цагдах хэрэг байхгүй. Холбогдуулан шалгаж буй хэргийг гадуур байцаах боломжтой. Гэм буруугүй хилс хэрэгт холбогдон хэлмэгдэж байна гэж хэлж байсан. Өмнө нь өлсгөлөн зарлана гэж байсан юм.

Яагаад өлсгөлөн зарлахаа больсон юм бол?

-Ер нь өлсгөлөн зарлах эсэх нь хувь хүний хэрэг шүү дээ. Үйлчлүүлэгчийн маань өөрийнх нь шийдэх асуудал. Гэтэл хорих ангийн эмнэлгээс түүнд нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийгээд эрүүл мэндийн байдал нь өлсгөлөн даах чадваргүй гэсэн дүг­нэлт гаргасан. Эмч нь зөвшөөрөөгүй. Өлсгөлөн зар­лахыг нь хориглосон. Мөн өлсгөлөн зарлах гэж байгааг нь мэдээд прокурор ирж уул­заад өлсгөлөн зарлах хэрэггүй гэж хэлж болиулсан байдаг.

Хоригдох хугацаа нь хэдийд дуусгавар болох билээ?

-Энэ сарын 25-ны өдөр дуусгавар болно. Хорих хугацааг нь сунгахгүй батлан даалтад гаргаж шалгах байх гэсэн найдлага тавьж байна гэсэн юм.

Харин Я.Батсуурийн ойрын эх сурвалж түүнийг батлан даалтад гаргахгүй байгаа тул НҮБ-д хандахаар болсон гэдгийгхэлэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Я.Батсуурь өмнө нь АНУ болон Бангкок дахь НҮБ-ын АНДЭЗН-ийн Комисст байнгын төлөөлөгчөөр сууж байсан хүн. Дипломатч хүний хувьд хилс хэрэгт хэлмэгдсэн болон улс төрийн хэрэгтнүүдийн эрхийг хамгаалдаг Олон улсын байгууллага, түүний эрх зүйн зохицуулалтын талаар сайтар мэднэ. Тэгэхээрэнэ хүн өөрийг нь хилсээр хэрэгт гүтгэж буй үгүйг мэдэх урчаас НҮБ-д хандаж байгаа гэлээ.

Г.ОНОН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Нүүрс ухахад хүртэл том дарга нар нь ингэж ух, тийшээ хая гэж ярих нь утгагүй зүйл

Тавантолгой ордын хө­рөнгө оруулагч тодрон, Засгийн газартай хэлэл­цээр хийж буй энэ цаг үед бид олны анхаарлыг татаж буй зарим сэдвээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засагч, док­тор Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-8 жилийн өмнө та бид хоёр анх ярилцаж байсан.Нэг л асуултаа дахиад тавья, уул уурхайн хөгжил Монголын эдийн засагт хэр­хэн нөлөөлөх вэ? Таны хариулт өмнөхөөсөө яаж өөрчлөгдсөн бол?

-2006 онд Монголын уул уурхай дөнгөж эхэлж байсан гэж хэлж болно. Мэдээж 20-р зууны эхээр Налайх, Эрдэнэт уурхай байгуулагдсан ч гэсэн яг дэлхийн зах зээлд Монголын уул уурхай таниг­даад гарч ирсэн нь 2006 он. Түүнээс хойш манай ДНБ-д уул уурхайн эзлэх хувь нилээд өндөрсч, 20 орчим хувь боллоо. Дээр нь аж үйлдвэрийн цогцолбор, тээврийн цогцолбор, үйлчил­гээний цогцолбор үүсч хөгжсөн бай­на. Манайд ганцхан хөг­жиж амжаагүй зүйл бол төмөр зам. Түүнээс биш уул уурхайн бусад холбогдох салбарууд нилээд сайн хөгжиж байна. 60-аас дээш мянган хүн ажилтай байгаа. Энэ 60 мянган хүний цаана 400 мянган хүний амьжиргаа, нийгмийн байр суурь явж байна. Экспортын 80-90 хувийг бүрдүүлдэг боллоо. Уул уурхайн салбар манай улсын төсвийн нилээд хэсгийг бүрдүүлж байгаа. 1-рт зэсийн орлого, алтны орлого, төмрийн хүдэр, нүүрснийх байна. Сүүлийн жилүүдэд нүүрс манай нилээд гол экспортын бараа болсон байна. Ингээд харьцуулвал 2006 онд бид дөнгөж эхлэлийн шатанд байсан бол одоо харьцангуй хөл дээрээ босоод, улс орны эдийн засгийг авч явах томоохон салбар болжээ.

-2006 онд та бид хоёр Тавантолгой ордыг хувийн хэвшлийнхэн авч явах уу, үгүй юу гэдэг асуултанд хариулж байж. Харамсалтай нь тэр цагаас хойш энэ ор­дын ашиглалтад дорви­той ахиц гараагүй л байна. Өгөөж, ашиг авчрах үнэхээ­рийн том орд мөн үү?

-Хэмжээний хувьд хамгийн том ордын тоонд орно. Ма­найх­тай өрсөлдөх ордууд Хятад, ОХУ, Тувад хэд хэд бий л дээ. Манай хувьд асар том нөөц. Энэ нөөцөө хурдан аж ахуйн эргэлтэд оруулах хэрэгтэй. Оруулахдаа манай улсын эдийн засгийн зарчим нь юу юм бэ гэдгийг ярих ёстой байх. Уул уурхайг хөгжүүлж байгаа улсын компаниуд байна. ОХУ-ын Роснефть гээд компани байна. Сая хямрахад Роснефть эдийн засгаа аврах ёстой байтал засгийн газраасаа асар их хэмжээний зээл гуйгаад, бүр өрөнд орчихсон байна. Манайд Эрдэнэс Тавантолгой гэж улсын компани бий. Энэ компани сүүлийн 4-5 жил ажиллаад үнэхээр юу ч хийж чадсангүй. Төмөр зам, үйлдвэр, станц… алиныг нь ч барьж чадаагүй. Маш их хэмжээний хөрөнгө орсон. Өрийнх нь хэмжээг заримдаа Хүний хөгжил сангийн мөнгөтэй холбодог. Тэр бол өрийн жижигхэн хэсгийг л бүрдүүлж байгаа. Бусад нь дандаа 2012 оноос хойш бий болсон, үйл ажиллагаатай нь голдуу холбоотой өрүүд байна. Үйл ажиллагаа нь ашигтай байж чадахгүй, доголдолтой. Зах зээл, хувийн хэвшил гэсэн 2 том зарчмыг барих нь зөв байх. Улсын компаниудыг байгуулж үзлээ, ерөөсөө болохгүй юм байна. Хувийн хэвшлээрээ авч явах юм бол хамаагүй үр дүнтэй гэдэг нь бодит жишээ. Тавантолгой дээр гэхэд 2 хэсэг байна. Нэг нь улсын компани, хов хоосон. Юу ч барьж чадаагүй. Нөгөөх нь жижигхэн хэсэг. Хувийн хэвшлийнхэн хийж байгаа, Ухаа Худаг гэж хэлдэг. Тэнд баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, засмал зам, сургууль барьчихсан, нийгмийн асуудлаа шийдчихсэн.Төмөр зам тавих гээд бэлтгэл ажлыг хийсэн байсан. Ингээд үзэхэд хувийн хэвшил хамаагүй үр дүнтэй ажилладаг нь тодорхой байгаа юм.

Сургамжийн тухай бид маш олон жил ярилаа, харамсалтай нь сургамж авсан уу гэдэг асуултын тэмдэгтэй үлдээд байна л даа. Энэ яриа Тавантолгой хөдөлгөөнгүй цэгээсээ урагш ахих нь уу гэдэг итгэл төрөх үед болж байна. Та хөрөнгө оруулагчдын талаар судлаачийн хувьд саналаа хэлээч?

-Өмнөх Засгийн үед буюу 2011 онд Тавантолгойн хэлэл­цээрийн ажлын хэсэгт орж байсан л даа. Маш удаан явагдаад, эцэстээ дуусгаж чадаагүй. Таны хэлдгээр 2011 оноос хойш сайн ахиц гарч чадаагүй байгаа. Энэ бол гашуун сургамж. Сургамжаас харвал одоогийн хэлэлцээрийг хурдан шуурхай хийх нь зөв. Хугацаа яагаад чухал вэ гэхээр зах зээл нь өдөр сараар өөрчлөгддөг. Одоогийн зах зээлийн байдал улам муудах хандлага руугаа явж байна. Бид ирэх жил гайгүй болох байх гээд найдаж бай­гаа ч, тийм биш. ОХУ нүүрсний асар их нөөцтэй, тэрнийгээ Хятад руу их хэм­жээ­гээр гаргадаг боллоо. Оросын экспортын хэмжээ манайхаас хол давчихлаа. Ингэж үзвэл цаашдаа улам их өрсөлдөгчид нэмэгдэх нь. 1-рт, цаг хугацаа маш их алдсан, нөхөх хэрэгтэй байна. 2-рт, хувийн хэвшил авч явах нь зөв. 3-рт олон улсын оролцоо, оролцогчдын асуудал байна. Ямар ч том төсөл дээр, зах зээл дээр ч бай, хүнээр бол гурван үеийн намтар гэж ярьдаг шиг түүхийг нь үзэх хэрэгтэй. Эцсийн эцэст нүүрсээ хаана зарах гэж байна? Хятад нүүрсний хэрэглээгээ өсгөхгүй байгааг анхаарах ёстой. Тийм учраас баталгаатай зах зээлтэй болох үүднээс Хятадын томоохон компанитай хамтран ажиллах нь маш чухал. Шэньхуа өөрийн гэсэн борлуулалт, төмөр замын сүлжээтэй. 2-рт, гэрээгээр гуравдагч орон руу, хамгийн том хэрэглэгч болох Япон, Солонгос руу гаргах ёстой. Тийшээ манай компаниуд өөрсдөө гарахад маш хэцүү. Энэ дээр өөрийн зах зээлээ мэддэг Японы компани байгаа нь маш чухал. 3-рт, Энержи Ресурс гэж Монголын үндэсний компани консорциумд багтсан байгаа. Энэ бол маш чухал. Яагаад гэвэл 2011 онд дотоодын компанийг оролцуулаагүй. Сүүлдээ геополитикийн хэрүүл болоод дууссан. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл батлаагүй. Энержи Ресурсыг нэг компани гэж ойлгодог ч үнэн чанартаа дотоодын зах зээл дээрх үндэсний компаниудын нэгдэл. Энд нэг биш, Монголын олон компани ажиллаж байгаа.

Хятадын оролцоон дээр хэлэхэд хаагуур тээвэрлэх вэ гэдэг хамгийн энгийн мөрт­лөө хамгийн зангилаа асуудал. Хятадын нутгаар нь тээвэрлэхээс өөр аргагүй. Бид өөрс­дөө хэнийг ч оруулахгүй байж болно л доо. Тийм яриа байдаг, өөрсдөө олборлоно гэж… Гэтэл авах зах зээл нь байхгүй. Зах зээлгүй бол юу болдог вэ гэдэг нь улсын Эрдэнэс Тавантолгой дээр харагдлаа. Борлуулж чадахгүй, нөхцлөө бүр дордуу­лаад эцэстээ өрөнд ороод дуусч байна. 2-рт,тээвэрлэлтийн асуудал дээр гуравдагч зах зээл рүү гарах гээд байгаа бол Хятадаар дамжина. Энд Хятадын талын оролцогчийн төмөр замын сүлжээ их чухал. Ийм том ордыг цааш нь авч явахын тулд өрүүдийг дарах ёстой. Хүний хөгжлийн сан, Чалкотой холбоотой өр байгаа, гэтэл энэ нь нийт өрийн дөнгөж гуравны нэг нь. Одоогийн байгаа нийт өр нь их наяд хүрчихсэн. Төмөр замын асуудал бай­на. Төмөр замыг хувийн хэвш­лийн­хэн барих гэхэд нь болиулаад, 2012 оноос улс барина гээд баахан мөнгө өгсөн. 250 сая доллар шахуу өгсөн, яг тэрүүгээр хийсэн ажил юу вэ гэхээр бас их чамлалттай. Дөнгөж шороогоо овоол­чихсон байгаа л даа. Тэгэхлээр хөрөнгө оруулагч төмөр замаа барих ёстой болно. Төмөр замын тооцоо гэхлээр урд нь овоолчихсон шороог цэгцлэх хэрэгтэй бол­но. Дээрээс нь төмөр замтавина, машин вагон бэлдэнэ, асар их хөрөнгө оруулалт хийх болчихож байгаа юм.

Шийдвэр гаргах хурд юунаас болоод удаж байна вэ? Бид нар үл ойлголцол гээд орхиод байна. Эсвэл тэр дунд өөр юм байна уу?

-Энэ орд ашиглалтад орвол 1-рт, манай санхүүгийн эргэлт эрс сайжирна. Төсвүүд алдагдалтай байгаа нь алдагдалгүй болно. Олон мянган хүн, компани ажилтай болно. Эдийн засагт маш чухал өсөлтийг бий болгоно. Нөгөө талаас манай нүүрсний экспорт хэнд цохилт үзүүлэх вэ гэхээр 3 том өрсөлдөгч байна: Австрали, Индонези, ОХУ. Энэ гурав дундаас манайх өмнүүр нь орчихвол хамгийн түрүүнд Оросын нүүрсний экспорт хэцүү байдалд орно. Тэрнээс болгоомжлох тал байна. Тийм учраас манай ордууд эзэнгүй ч юм шиг, төр нь яахаа мэдэхгүй, хямд зараад үнэгүйдүүлээд, төмөр замаа ч барьж чадахгүй, зах зээл нь 200-хан км-ийн цаана байхад хүргэж чадахгүй байгаа­гаас Оросууд л хожно. Оросууд яаж хожиж байна гэхээр өөрийнхөө төмөр зам, боомтоо бариад, хурдан нүүрс ачуулах бэлтгэл ажлаа хийчихсэн байна л даа. Нэгэнт зах зээл юм чинь манайх ч гэсэн өөрийн бараагаа бор­луулах гэж хичээх ёс­той. Тийм учраас бусад улс гэхгүйгээр өөрийнхөө төмөр замыг байгуулаад, экспор­тын гэрээнүүдээ хийгээд, хөрөнгө оруулагчдаа татаад ашиглалтад оруулах юм бол зах зээлийн байдал их тодорхой болно. Бусад өрсөлдөгчид ч гэсэн манай энэ хандлагыг тооцох ёстой болно. Бид 2011 оны байр сууринаасаа улам ухраад байна.

Ерөнхий сайд ард түм­нээсээ хоёр том ордоо явуу­лах уу, эс явуулах уу гэж асуугаад шуугиан тарьсан л даа…

-Одоогийн байдлаар Мон­гол Улс асар баян тан­саг ордтой гэж байгаа мөртлөө тэрнийгээ зах зээлд гаргаж чадахгүй, борлуулж чадахгүй арчаагүй байна л даа. Оюутолгойг ашиглалтад оруулаад, том үйлдвэр ба­риад,ямар ч гэсэн явж байна. Тэгсэн ч гэсэн тэрнийг шүүмжлээд, янз бүрийн байдлаар оролдоод л байна. Тавантолгой гэдэг нүүрсний ордыг ашиглалтад оруулахгүй бол манай баялгийн нилээд том хэсэг болох нүүрс чинь зах зээлд өртгөө олж чадахгүй. Манайх маш их хэмжээний малтай байдаг, махаа ерөөсөө экспортод гаргаж чадахгүй байгаатай л адилхан. Манай мах экспортод гарч байсан бол цэвэр органик гээд кг нь 20 доллар ч юм уу хүрэх л байсан байх. Одоо 5, 6, 4 доллараар л борлуулж ядаж байна. Нүүрс бол хажууд нь аж ахуйн эргэлтэнд оруулахад амархан. Шийд гаргах дээрээ л гацаад байна л даа. Яагаад гэхээр, аж ахуйн асуудлыг Засгийн газар өөрөө шийдэх ёстой юм. Энэ бол Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Үндсэндээ 2008 онд Үндэсний хөгжлийн цогц бодлогоор эргэлтэнд оруулнаа гэдэг ерөнхий шийдвэр ойлголт авах талаас гарчихсан байгаа. Ганцхан хэлбэрийг нь олох ёстой юм. Шалгарсан оролцогчдын хийсэн бүтээсэн зүйлийг харахад оролцогчдын хувь нэмэр, тал талын оролцоо тодорхой байгаа. Ийм байхад дахиж удаашруулаад байх хэрэггүй. Дахиж удаашруулвал 2018 оноос наашгүй болно. Яагаад гэхээр тун удахгүй сонгууль болно. Сонгууль болохоор одоо хийж байгаа хэлэлцээр, хийж байгаа бүх хүмүүс өөрчлөгдөнө. УИХ ч өөрчлөгдөнө. Дахиж сонгогдсон хүмүүс дахиад л нөгөө асуудлыг чинь ярих болно. Ярилаа гэхэд дахиад л 2 жил болно. Нэг мэдэхэд мөнхийн цагираг шиг юм үүсээд ямар ч гарц байхгүй, ахиц байхгүй, нөгөө баялгаа, авдраа хараад өлсч үхэх байдалдаа л орно.

Та Тавантолгой төслийг ямар ч байсан хөдөлсөн гэдэгтэй санал нийлж байгаа биз дээ?

-2005 оноос хойш тодорхой хэмжээгээр ахиц гарсан. 100% хувийн хэвшлийн үйл ажиллагаагаар энэ ахиц гарсан. Засгийн газар 2011 онд Өмнөговийн хөгжлийн төлөвлөгөө гэж гаргасан л даа. Тэгэхэд миний бие оролцож байсан. Цахилгаан станц, төмөр зам, засмал замтай болно, нийгмийн асуудлыг шийднэ гэж тооцож байсан. Бүх ажил нь хийгдсэн, хийгдэхдээ дандаа хувийн хэвшлийнхэн хийсэн. Миний хэлдгээр Тавантолгой ордын 96 хувийг эзэмшиж байгаа улсын компани бол улам л өрөнд ороод байгаа. Ахиц байгаа, гэхдээ энэ байдлаараа явахад хэцүү болж байна. Улсын компани үнэхээр ашиггүй байвал Ерөнхий сайд улсын компаниудаа шинээр байгуулахгүй, татан буулгана гэж байгаа. Тэр бол маш зөв. Аж ахуйн үйл ажиллагаанд төр аль болох бага оролцох нь зөв гэдэг нь олон практик жишээн дээр харагдаж байгаа. Ингэвэл төр нь ч амгалан, хүмүүс нь ч ажилтай, төсөв нь ч мөнгөтэй явна. Алхам болгон дээр хүмүүсийн шийдвэрийг хүлээгээд, нүүрс ухахад хүртэл том дарга нар нь “үгүй ээ, ингэж ухах ёстой, тийшээ хаях ёстой” гээд яриад байдаг. Энэ бол утгагүй зүйл.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаад, хөрөнгө оруулагчидтай үндсэн тохиролцоонд хүрсэн гэж байгаа. Энэ төслөөс ирэх эдийн засгийн үр өгөөж юу вэ?

-Нүүрсний экспортоо юуны өмнө нэмэгдүүлнэ. Одоогийн байдлаар нүүрсний экспорт өсч чадахгүй, 2011 оноосоо ч буурсан байна. 1-рт энийгээ нэмэгдүүлж, зах зээлээ авах ёстой. Ер нь манай экспортын хэмжээ 2016 он гэхэд чадвал 50 сая тонн хүрээд, цаашаа 2020 он гэхэд 100 сая тонн хүрэх ёстой. Ингэх юм бол нүүрснээс авдаг татварын хэмжээ 3-4 дахин өснө. Энэ бол хамгийн наад захын тооцоо. Тэгэхээр төсвийн алдагдалтай, өрөнд орчихсон байгаа, улс өрөө яаж төлөхөө мэдэхгүй байгаа энэ байдлаас сална. Сална гэдэг чинь Монгол Улсын хувьд асар чухал. Бид нар социализмын үед ч байгаагүй их өртэй болчихсон, яаж их өрөө дарахаа мэдэхгүй сууж байгаа хүмүүс шүү дээ. Тэрнийг төлөхорлого бол амархан орж ирнэ. 2-рт, одоо нүүрсийг үнэгүй, маш хямдхан өгөөд байгаа. Яагаад гэвэл төрийн компани ямар ч гэрээ хийсэн үнэ падлийгүй, алдагдалтай ч байсан хамаагүй, өөрөө л цалин авч байвал болоо гээд л зах зээлийг нураадаг л даа. Тэр арилна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, Монголоос зөвхөн Тавантолгойн нүүрс гардаггүй, нүүрсний олон компани байдаг. Тэдний бүгдийнх нь хувьд зах зээлийн нөхцөл сайжирна гэсэн үг. Зориудаар ч юм уу, маш хямдаар улсын баялгийг гадагшаа урсгадаг байдал хаагдана. 3-рт, том аж үйлдвэрийн төслүүд байна. Нүүрс баяжуулах, боловсруулах, хийжүүлэх гээд хэд хэдэн төрлийнх байгаа. Бид нүүрснээс 100 доллар авахад хэцүү. Хэрвээ бид хийжүүлээд, баяжуулаад явах юм бол 3, 4, 5 дахин илүү мөнгө олно. Энэ нь төсвийн орлогод ч хэрэгтэй. Түүхий эд гаргах биш, аж үйлдвэрийн бараа болгоход хэрэгтэй. Өөрсдөө хийхэд яагаад хэцүү байдаг вэ гэхээр нэг үйлдвэр нь тэрбум гаруй долларын өртөгтэй. Одоогийнхоор 2 их наяд. 2 их наядын хөрөнгө оруулалт хийх нэг ч банк, нэг ч хувийн компани байхгүй. Тийм учраас энийг гадныхантай түншилж хийхээс өөр аргагүй. Нэг хийчихвэл технологийг нь сурна, ямар юм байдгийг нь ойлгож, хүнтэй ажиллаж сурна. Цаашаа маш их ахиц гарна л даа. Өөр нэг том хэсэг бол төмөр зам байгаа. Өдий хүртэл бид Улаанбаатар төмөр зам гэж ярьдаг. Тэр бол Оростой хамтарсан төмөр зам, Монголд өөрсдийн төмөр зам байхгүй л дээ. Одоо байгуулвал бид нар олон жил ярьсан өөрийн гэх төмөр замтай болно. Тэрэн дээр манай монгол хүмүүс ажиллана, Монголын вагон, нүүрс явна, бараагаа ачна. Одоо ч гэсэн том ачааны машинаар авч байгаа. Асар өндөр зардалтай. Энэ зардлын 70-80 хувь байхгүй болно. Энэ 70-80 хувь нь компаниудын орлого болоод тэндээсээ улс дахиад татвараа авна. Олон хүн ажилтай болно. Энэ нүүрсийг 200, 300 жил ашиглана шүү дээ. Хойч үедээ хоосон ядуу улс үлдээх биш, мөнгө төгрөгтэй, хөгжсөн, дэд бүтэцтэй, аж үйлдвэржсэн улсыг үлдээх нь манай үүрэг гэж бодож байна.

Бид хэтийн сайхан ирээдүйн тухай ярьж байна. Одоо ингээд нэг явах гэтэл улс төрчдийн оролцоо гэх үү, эсвэл үзэл бодлын зөрөө гэх үү… Энийг гэтлэн давах арга замыг та харж байна уу?

-Энэ бол аж ахуйн асуудал. Аж ахуйн асуудлын талаар угаасаа УИХ батлаад, бүх шийдвэрээ гаргачихсан. Үүний дагуу аж ахуйн шийдвэрээ гаргах ёстой. Шийдвэр мэдээж хүмүүст 100% таалагдахгүй байж болно. Зарим хүмүүс би энэнээс илүү хийх байсан, зарим нь өөр тийшээ зөөх байсан, зарим нь энийг бүр зөөх хэрэггүй гэж хэлж болно. Манай улс бол ардчилсан чөлөөт улс учраас хүн бүр саналаа хэлэхэд ямар ч асуудал байхгүй. Гэхдээ шийдвэр гаргагчид шийдвэрээ гаргах л ёстой. Энэ Засгийн газар, өмнөх Засгийн газар аль нь ч бай, Монгол Улс цогц бодлогын дагуу томоохон 15 ордоо аж ахуйн эргэлтэд оруулна гэж баталсан байгаа. Оруулахдаа гэрээ хэлэлцээрээ хийгээд, мэдээж улсад ашигтай нөхцлүүдээ олж авна. Одоогийн байдлаар бол юу ч хийдэггүй, гадны хөрөнгө оруулагчдаа шоронд шахуу хийдэг, эзнийг нь хөөдөг нэртэй л болчихлоо л доо. 2-рт, эргээд зах зээл маань жаахан том болох нь, хүмүүсийн маань амьдрал сайжрах нь гэсэн өөдрөг сэтгэл бий болно. Эдийн засаг гэдэг чинь эцсийн эцэст баялаг нөөцийг хуваарилах ухаан. Энэ хүмүүсийн сэтгэхүйгээс их болж байгаа. Сэтгэхүй нь өөдрөг байвал хөрөнгө оруулалт хийгээд, үйлдвэрүүдээ байгуулаад, байшин орон сууцаа хүмүүс аваад байна. Юу ч явахгүй нь гэдэг сэтгэхүйтэй байвал сөнөнө. Одоогийн байдлаар 3 жил ямар ч хөрөнгө оруулалтыг явуулж чадсангүй. Гашуун үнэн. Оюутолгой яваагүй 3 жил болж байна. Тавантолгойн орд 5 жил хэлэлцээр хийж байна. Хичнээн дарга сайд солигдсон ч явахгүй хэвээрээ. Нэгэн цагт үүнд цэг тавих ёстой. Оюутолгой дээр бол цэг тавьсан.Ерөнхий сайд байсан С.Баяр том үйлдвэр байгуулаад, цэг тавиад, уурхайг ажилд оруулсан. Одоо Ч.Сайханбилэг Ерөнхий сайд цэг тавиад, хэлэлцээрээ хийгээд Тавантолгойг ажилд оруулах үүрэгтэй. Хийх үү, хийхгүй юу гэж эргэлзээд байх асуудал биш.Энэ бол хийх ёстой зүйл. Энийг хийхгүй бол Монгол Улс хөгжихгүй. Хөгжихгүй бол тийм Засгийн газар байгаад яах юм.

Ярилцсанд баярлалаа.

Г.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Азийн хамгийн дуулиантай хурим

Өнгөрсөн ням гаригт манай дэлхийн тэргүүн баячуудын нэг болох Брунейн султан Хассанал Болкиахын отгон хүү, хунтайж Абдулла Малик хуримлав. Брунейн нийслэл Бандар-Сери-Багаван хотод болсон ёслолыг Азид хамгийн их шуугиан тарьсан энэ оны хурим хэмээн нэрлээд байна. Султан Хассанал Болкиах хүүгийнхээ хуримд 5.4 сая ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо гарсан юм. Түүнээс нэг сая гаруй ам.долларыг ивээн тэтгэгчид хандивлажээ. Гэсэн ч Брунейн султаны хувьд ийм хэмжээний мөнгө гаргах нь юу ч биш гэхэд хилсдэхгүй. “Forbes” сэтгүүлээс гаргасан судалгаагаар тэрээр 37.9 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хөрөнгөтэй, дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад нэлээд дээгүүр бичигддэг. Цагтаа нэг бус удаа дэлхийн баячуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан хүн.

Султаны хүү 30 настай хунтайж нь чихрийн шижинтэй юм байна. Тэрээр 22 настай, нэгэн компанид системийн шинжээчээр ажилладаг Даянгку Раабиатуль Адави Пенгиран Хаджи Болкия хэмээх бүсгүйг гэргийгээ болгожээ. Залуухан бэрийн аав нь Брунейн иргэн, харин ээж нь Швейцарьт сувилагчаар ажилладаг юм байна. Нэг үгээр хэлэхэд жирийн боловч бэл бэнчинтэй айлын охин Султаны гэр бүлийн гишүүн боллоо. Брунейн хааны хүүхдүүд ихэвчлэн цусан холбоогүй хамаатнуудтайгаа гэрлэдэг. Харин хаан ширээг залгамжлах жагсаалтад хоёрдугаарт бичигдсэн хунтайж Абдулла Малик нь тогтсон дэг жаягийг дагасангүй. Түүний өмнө нь найзалж байсан бүсгүйг Султаны гэр бүлийнхэн таашаагаагүй тул харилцаагаа тасалсан юм. Удалгүй танилуудаараа дамжуулан ирээдүйн гэргийтэйгээ танилцаж сүй тавьжээ.

Хунтайжийн хуримын арга хэмжээ хоёр долоо хоног үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, дуулиант хурим өдгөө ч үргэлжилж буй. Гол арга хэмжээ нь Брунейн Султаны Истан-Нурул-Иман ордонд болсон. Дашрамд дурдахад тус ордон нь 1788 өрөөтэй, дэлхийн хамгийн том хааны ордонд тооцогдож Гиннесийн номонд бичигдсэн. Өнгөрсөн ням гаригт 21 удаа их буугаар салют буудуулснаар хуримын ёслол эхэлжээ. Хөлбөмбөгийн томоохон талбайтай тэнцэхүйц ордонд 2000 зочин уригдан очжээ. Японы хаан ширээг залгамжлах хунтайж Нарухито, Их Британийн хатан хааны бие төлөөлөгч, Малайз, Саудын Арави, Тайландын хаан гээд дэлхийн улс орнуудын хаан, хатан, хунтайж, гүнжүүд бүгд цугларсан аж. Зочдыг “Empire Hotel” хэмээх жорлонгийн суултуур нь хүртэл алтадсан тансаг буудалд буулгаж хүндэтгэл үзүүлсэн байна. Харин хуримын гол арга хэмжээнд тэдгээрээс хамгийн хүндтэй 500 зочныг оролцуулжээ.

Залуу хосууд алтан сандал дээр заларч алт, эрдэнийн чулуугаар чимсэн гоёлд умбасан. Сүйт бүсгүй шижир алтаар урлаж, чидун жимсний хэмжээтэй алмаз шигтгэсэн титэм зүүсэн байв. Гартаа мөн л алтаар урлаж, алмазаар чимсэн хиймэл цэцэг барьсан байсан гэнэ. Түүгээр ч зогсохгүй тусгай захиалгаар “Christian Louboutin”-ийн Swarowski-ийн болор шигтгэсэн туфлиэр гоёж хөлөндөө шижир алтан гинж зүүсэн аж. Султаны хүүгийн бүсэндээ хавчуулсан чинжаал хутганы хийц, чимэглэл сүйт бүсгүйн гоёлоос дутахааргүй байсан гэдэг.

Хуримын ёслолын эхэнд уламжлал ёсоор нөхөр нь эхнэрийнхээ толгой дээр гараа тавьж адислахад шашны зүтгэлтнүүд Коран судар уншсан аж. Хуримын албан ёслолын арга хэмжээ 30-аад минут үргэлжилсэн. Үүний дараа залуу хосууд ээж аавуудаа хүндэлж сүйх тэрэг шиг болгон алтаар чимсэн “Лимузин” машинд сууж хотын гудамжаар явж ард иргэдтэйгээ мэндчилсэн байна. Энэ өдрүүдэд Брунейн нийслэлд нэлээд бүгчим байгаа аж. Гэтэл залуу хосуудыг Султаны ордноос гарч ирэхэд гэнэт бороо хувингаар ус цутгах мэт асгарчээ. Үүнийг үл ажран Брунейн иргэд хосуудыг харахаар гудамжинд зогсон хүлээсээр байжээ. Тэдний суусан машины араас 103 Лимузин дагалдан явсан бөгөөд тэдгээрт хуримд уригдсан зочид суусан байжээ. Ийнхүү Брунейн Бандар-Сери-Багаван хотын гол гудамжаар найман километр урт “Лимузин” машины цуваа явж өнгөрсөн байна. Мөн өдрийн орой Султан 5000 зочин урьсан хүлээн авалт хийсэн байна. Энэ үеэр зөвхөн салют буудуулахад 200 мянган ам.доллар зарцуулсан аж.

Зүүн өмнөд Азид орших Бруней хэмээх жижигхэн улс нь газрын тос, хийн ордоороо баян. Султан Хассанал Болкиахийн “Роллс-Ройс” машины цуглуулга нь дэлхийд алдартай. Түүнд 150 “Роллс-Ройс” машин байдаг. Султаны дүү, тус улсын Сангийн сайд хувийнхаа хэрэгцээнд 10 тэрбум ам.доллар зарлагдаж байсан удаатай. Тэрээр 17 онгоц, 2000 машин, 22 усан онгоц, хоёр гал унтраадаг машин, 170 алтан жорлонгийн суултуур, 500 болор гэрлийн бүрхүүл авсан байна. Тиймээс 1998 онд Брунейд мөнгө санхүүтэй холбоотой нэлээд том хэл ам гарч байсан. Харин энэ удаад султан мөнгө хамаагүй зарлагдахгүй хэмээн хунтайжийн хуримыг ердөө 5.4 сая ам.долларт багтаан хийжээ.

Залуу хунтайж Абдулла Малик нь ийнхүү гэр бүлтэй боллоо. Дахин эхнэр авч ч магадгүй. Брунейн султан Хассанал Болкиах нь 1981 онд онгоцны үйлчлэгч бүсгүйг хоёр дахь эхнэрээ болгосон. Харамсалтай нь удалгүй гэрлэлтээ цуцлуулсан юм.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ цаг-үе

Д.Чулуунцэцэг: Монголын уламжлалт анагаах ухааныг гадныхан “био”, “натурал” гэж харж байна

Д.Чулуунцэцэг эмч Польш дахь Монголын уламжлалт эмнэлгийн эмч, судлаачдын нийгэмлэгийн тэргүүн юм. Монгол дахь Синергетик анагаах ухаан судлалын төвийн тэргүүн. Д.Чулуунцэцэг эмч Польшид ажиллаж олсон мөнгөөрөө Монголдоо хөрөнгө оруулдаг, ах дүүсээ тэтгэдэг эмэгтэй. Өдгөө тэр Монголын уламжлалт анагаах ухааны салбарыг Монголд мөнгө татах “саалийн үнээ” болгож, дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөх Монгол брэнд үйлдвэрлэхээр зүтгэж яваа аж.

-Таныг дэлхийн зах зээлд Монголын уламжлалт эм тан, уламжлалтын эмч нарын “ноу хау”-г худалдахаар олон ажил санаж сэдэж яваа гэж сонслоо. Энэ тухайгаа ярьж өгөөч?

-“Монголын уламжлалт анагаах ухааны арилжааны чадамжийг нээх цогц бодлогын санаачилга” санал болгохоор Монголдоо ирсэн юм. Би Польшид 1990 оноос хойш 26 жил ажиллаж амьдарч байна. Бидний санал болгож байгаа цогц бодлогын гол утга санаа ийм юм. Уламжлалт анагаах ухааны салбараа дэмжвэл 2050 он гэхэд Монгол Улсад 50 тэрбум ам.долларыг экспортоос оруулж ирэх чадалтай эдийн засгийн тулгуур салбар болж хөгжих ирээдүй бий. Энэ тухай би ганцаараа яриагүй ээ. “Синергетик анагаах ухаан судлалын төв”-өөс Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн загварыг сүүлийн 10 жилд судалсны үндсэн дээр бид хамтдаа цогц бодлогоо Монголын төр, олон нийтэд санал болгож байгаа юм. Иргэд маань Монголын уламжлалт анагаах ухаан, ардын эмнэх практик хоёрыг ялгадаггүй. Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийг бариа засал, зүү эмчилгээний хэмжээнд л ойлгодог. Монголын уламжлалт анагаах ухааны чадалтай эмч нар гадаад руу олноороо гарсантай ч энэ бүхэн холбоотой болов уу. 1991 оноос хойш 300 орчим эмч Польш болон Европын орнууд руу гарсан гэсэн тоо бий. Уламжлалт анагаах ухаанаа бид Монголдоо эхэлж баталгаажуулахгүй бол яаж дэлхийн түвшинд ярих вэ. Тийм учраас монголчууддаа эхэлж ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлээд дараа нь дэлхийн хүмүүст таниулахаар зорьж явна даа.

Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчуудын бүтээсэн байгалийн эмчилгээний арга технологи юм. Байгалийн эмчилгээг дэмждэг хүн амын хувь Бельги, АНУ, Австрали, Франц, Канадад тасралтгүй өсч байгаа судалгаа бий. Сүүлийн 20 жилд байгалийн эмчилгээ барууны хөгжингүй орнуудад эрэлт ихтэй болсон. Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Түвд зэрэг улсууд ч төрийн бодлогоороо дэмжүүлэн, өөрсдийн уламжлалт анагаах ухааныг экспортод чиглэсэн эдийн засгийн салбар болтол нь хөгжүүлж байна.

Урьд нь бид уламжлалт анагаах ухаанаа сэргээх талаар л ярьдаг байлаа. Харин одоо бол Монголын уламжлалт анагаах ухаан Монгол Улсад мөнгө авчрах гарц гэж хараасай. Үнэндээ зэс, нүүрснээс хэд дахин илүү үнэ хүрэх шинэ бүтээгдэхүүн бол манай уламжлалтын эмч нарын ур чадвар, байгалийн эм тангийн үйлдвэрлэл юм. Дэлхийн хэмжээнд байгалийн эмийн худалдаа 2005 онд 65 тэрбум долларт хүрсэн байлаа. Харин 2050 он гэхэд энэ зах зээл бараг зуу дахин өснө гэсэн судлаачдын тооцоо бий.

-Дорнын уламжлалт эмчилгээний салбар бусад оронд яаж хөгжиж байна. Бусад улс орнууд эндээс хэр их мөнгө “зулгаадаг” юм бэ?

-Одоогоор баруунд хам­гийн нэр хүндтэй Азийн уламжлалт эмнэлэг гэвэл Хятад эмнэлэг, Энэтхэгийн Аюурвэдийн эмнэлэг, сүүлийн үед Далай ламын нөлөөгөөр Түвд эмнэлэг тодорч байна. Харин Польшид бол Монголын уламжлалтын эмч нарыг шүтдэг. Монголоос бидэн шиг багаараа гадаадад гарчихсан салбар байхгүй. Бид ганцхан Польшид ажиллаад байна уу гэвэл үгүй. Германаас, Англиас, Америкаас Польшид байгаа Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар руу хүмүүс зорьж ирдэг.

Хамгийн ойрын жишээ татахад “Helmut Kaiser” компанийн 2012 онд гаргасан “Уламжлалт анагаах ухаан Хятадад ба дэлхийд” гэсэн зах зээлийн судалгаагаар 2005 онд хятад эмийн худалдаа 14 тэрбум хүрч байсан бол 2010 онд 48 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна лээ.

Энэтхэгийн Аюурвэдийн эмнэлгийн хувьд эмийн бүтээгдэхүүнээс гадна бариа засал, иллэг, сувиллын үйлчилгээ, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний чиглэлээр илүү хөгжсөн байдаг.

Монголын уламжлалт анагаах ухаан бол уул уурхайгаас тав дахин их арилжааны хүчин чадалтай зах зээл гэдгийг бид шийдвэр гаргагчдад ойлгуулахаар хичээж байна. Монгол эмнэлэгийн мянган чадварлаг эмч байхад л Оюутолгойгоос илүү хэмжээний орлого бий болгоно.

-Тэгвэл одоо Монголын уламжлалт анагаах ухааны салбар маань ямархуу түвшинд явна вэ?

-Уламжлалт монгол эмнэ­лэг бол Торгоны зам, чөлөөт худалдааны сүлжээгээр явагдсан мэдлэг солилцооны үр дүнд XVIII зуун гэхэд оргилдоо хүрсэн, Энэтхэг, Түвд, Хятадын анагаах ухааны мэдлэгүүдийг нэгтгэж авсан агуу ухаан. Монголын уламжлалт анагаах ухаан 5000 жилийн түүхтэй гэж үздэг. Хүннү, Түрэг, Кидан, Чингэсийн эзэнт гүрний үед эрчимтэй хөгжиж байсан юм байна. Хаадын эмнэлэг гэж байсан юм билээ.

-Дээдсүүдэд зориулсан тусгай эм тан байсан гэсэн үг үү?

-Байлгүй яахав дээ. “Ноёны уудаг норов дүнтэн” гэж ярьдаг шүү дээ, “Норов 7” гэж эм бий. Ноёдууд л ууж байсан, биеийг тэнцвэржүүлж байдаг, 404 өвчнийг анагаах увидас чадалтай, дархлааг сайжруулж, хүнийг залуужуулж байдаг ийм эм.

Харин 1937-1959 оны хооронд энэ салбарын бүтцийг нь бүрэн устгасан, хориотой болсон байдаг. 1973 оноос эрчимтэй сэргээж эхэлсэн. Одоогоор Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийн асуудлаар УИХ-аас 1999 онд баталсан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төрийн бодлого болон 2015 он хүртэл баримтлах үндсэн чиглэл гэж гарсан. Үүний дагуу Уламжлалт монгол эмнэлгийн хөгжлийн асуудлыг ЭМЯ-ны ганц мэргэжилтэн, Уламжлалт анагаахын эрдэм шинжилгээ туршилтын хүрээлэнгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь үнэхээр хангалтгүй байна.

-Одоо яах ёстой вэ?

-Монголын уламжлалт анагаах ухааныг экспортын баримжаатай эдийн засгийн бие даасан салбар гэж үзэж, төрөөс баримтлах бодлогыг шинэчлэх хэрэгтэй байна. Уламжлалт монгол эмнэлгийн бие даасан хуулийг баталж, Уламжлалт монгол эмнэлгийн үйлчилгээ, сургалт, эмийн үйлдвэрлэл, худалдааны харилцааг тусгайлан зохицуулах ёстой. Уламжлалт анагаах ухааны төрийн бодлогыг багцалж барих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад харилцааг хангах үүрэгтэй төрийн захиргааны бие даасан байгууллага хэрэгтэй байна. Уламжлалт эмнэлгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг жижиг дунд үйлдвэрийг төрөөс бодлогоор дэмжиж өгөөч. Эмийн ургамал, эм танг олон улсад зөвшөөрөгдөхүйц чанар, стандарттай болгох, лицензжүүлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Эмийн ургамлын нөөц ихтэй газар нутгийг тусгай хамгаалалтад авах, цаашдаа тарималжуулах талаар ч хийх юм их бий.

-Ингэхэд уламжлалт эмнэлгийнхэн хавдар гэх мэт хэцүү өвчнүүдийг эмчилж чаддаг уу?

-Бүх эмнэлгээр яваад аргаа барсан хүмүүс бидэнд ханддаг. Хавдар, чихрийн шижин өвчтэй олон хүн бидэнд хандаад үр дүнд хүрсэн жишээнүүд олон бий. Уламжлалт анагаах ухааны талаар ДЭМБ-аас гаргасан судалгаа байдаг. Ужиг өвчний эмчилгээнд уламжлалт анагаах ухааны аргыг түлхүү ашиглах, албан ёсоор эрүүл мэндийн системд нэвтрүүлэх, гүнзгийрүүлэн судлах зөвлөмжийг ДЭМБ-аас 2000 онд гаргасан. “Ужиг өвчнөөс сэргийлэх нь амин чухал хөрөнгө оруулалт” гэсэн тайландаа энэ талаар дурдсан байдаг. Эрүүл мэндийн зардлын 80 хувь нь архаг өвчний эмчилгээнд зарцуулагддаг. Уламжлалт анагаах ухаанд зарцуулсан мөнгө ирээдүйн эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулахад чухал хөрөнгө оруулалт болно гэж ДЭМБ үзжээ. Ирээдүйн архаг өвчтэй хэрэглэгчдийн гол сонголт нь байгалийн эмчилгээ гэсэн үг.

Уламжлалт анагаах ухаа­ны эмчилгээ яаж идэж уух вэ гэдгээсээ л эхэлнэ. Дөрвөн улиралдаа зохицуулж идээ ундаагаа, хувцсаа тохируулах учиртай. Бид хүн эмчлэхдээ сэтгэл засал хамт хийдэг. Ямар ажил хийж байна, ямар хоол идэж байна гээд л эхэлнэ. Ядаргаанд орсон бол бариа засал хийх үү, зүү төөнүүр хийх үү бүх юмыг нь судалж оношилж байгаад цогцоор нь эмчилнэ.

-Европ эмнэлгээр явахад нэг хэцүү юм нь бөөр, зүрх, элэгний эмч гээд тусдаа байдаг. Нэг эмчид нь үзүүлээд биеийнхээ байдлын талаар бүрэн мэдээлэл авч чадахгүй. Тус бүрт нь шинжилгээ өгөхөөр цаг, мөнгө урсдаг нь хэцүү. Гэтэл уламжлалтынхан хэдхэн хором судас бариад хүний өвчин хуучийг бүрэн тодорхойлж чадах уу?

-Уламжлалт эмнэлгийн үнэ цэнэ өсч байгаа нь үүнтэй холбоотой. Цогцоор нь эмчилнэ гэдэг уламжлалт эмнэлгийн давуу тал. Мон­голын уламжлалт анагаах ухааныг гадныхан био, нату­рал гэж харж байна. Биднийг байгалийн эмчилгээ хийдэг гэж харж байна шүү дээ. Тэгэхээр энэ салбарт дэлхийн брэнд үйлдвэрлэх боломжийг хөгжлийн гарц гэж үзэх учир­тай. Польшид бидний уламжлалт эм танг цай, кофе шигээ л хэрэглэдэг. Гэтэл бид уламжлалт эм тангаа бараг л хулгайгаар шахуу зөөж байна. Алийн болгон ингэж байх вэ. Тийм л учраас дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг судалгаа шинжилгээг уламжлалт эм тандаа хийлгэж баталгаа нотолгоотой болохоор зүтгэж байгаа юм. Ингэж байж л бидний үнэ цэн өсч, дэлхий биднийг хүлээн зөвшөөрнө. Эхний ээлжинд бид өргөн хэрэглээний 160 уламжлалт эмийн фармакопи, клиникийн судалгаа хийлгэж, патентжуулахаар болсон. Уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт ажлаа танилцуулж, “Уламжлалт анагаах ухааны ололт амжилтад тулгуурлан монгол брэнд үүсгэх асуудлыг судлаж, санал зөвлөмж боловсруулах” ажлын хэсэг байгуулагдсан. Эрүүл мэндийн яаманд мөн “Уламжлалт эмийн фармакопи боловсруулах ажлын хэсэг” ажиллаж эхэлсэн. Гэтэл энэ чиглэлээр асуудал хариуцсан хүмүүс нь огцорч, өөрчлөгдөөд ажил нэг хэсэгтээ зогсонги байдалд орчихсон нь хэцүү л байна.

-Хятад өөрөө уламжлалт эмнэлгийн угшилтай болохоор манай ардын эмнэлгийн хамгийн том өрсөлдөгч гэсэн үг үү?

-Уламжлалт монгол эмнэл­гийн төв нь Монгол Улс биш харин Өвөрмонгол болчих вий гэж эмзэглэдэг. Хятадын Засгийн газраас Өвөрмонголд Уламжлалт монгол эмнэлгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө хэрэгжүүлж бай­гаа. Тэд гадаадаас жилд 25 мянган өвчтөн хүлээж авах хүчин чадалтай Уламжлалт монгол эмнэлгийн эрүүл мэндийн төвийг байгуулж, ашиглалтанд оруулсан байна лээ. Харин тэр гадаад өвчтөн гэдгийн дийлэнх нь Хятадад эмчлүүлэхээр очдог Монгол өвчтөнүүд байхаар тооцсон гэдгээ төвийн дарга нь ярьж байсан. Монголчууд уламжлалт монгол эмээ түгээх борлуулах тухай ярьж байх хооронд Монголд үйлдвэрлэсэн уламжлалт эмийг буриадууд Европын орнуудад худалдаалах ажлыг хийж эхлээд байгааг ч манай бодлого боловсруулагчид анзаараасай билээ.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Төрийн шагналт Ардын жүжигчин зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасангийн тухай

“Нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун ханыг ч нэвтэлнэ”. Тэрбээр нэг удаа энэ мэргэн үгийг онцолж билээ. Ерөөсөө урвагч байж болохгүй. Ялангуяа сонгодог урлагт. Үүний яг амьд идеал нь манай Пүрэвдорж гуай байсан гэж хэлсэн нь санаанаас гардаггүй. Тэр бол Унд юм. Найз нөхөд, шавь нар нь түүнийг Унд гэж дууддаг. Ганцхан хувь, дахин давтагдашгүй дуурийн дуучин Х.Уртнасан гуай. Ингэж хэлэхдээ “Номын дуучин номоороо л дуулдаг юм. Пүрэвдорж гуай “Халуун элгэн нутаг”-ийг дүнхийтэл зогсч байгаад сайхан дуулчихаад орчихно. Хүмүүс дахиулахгүй. Хачин хачин болж байхын хэрэг юу байна. Тэр сайхан тавилтай хоолойг ардын болгох гэж маяглах хэрэггүй бөгөөд болохгүй” гэж билээ. Үнэхээр ч нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун ханыг ч нэвтлэхийг үлгэрлэн амьдарч буй хүн бол Унд өөрөө ч бас мөн юм. Удахгүй түүнд зориулсан ёслол хүндэтгэлийн тоглолт болох гэж байна. Энэ сарын 19-нд Соёлын төв өргөөнд. Монголын дуурийн хорьдугаар зууны манлай дуучинд хүндэтгэл үзүүлэх энэ тоглолтын өмнө бид ч мөн хүндэтгэл үзүүлж хэлсэн ярьснаас нь иш татан сонгодог урлагт бүтээсэн оргилыг нь эргэж хамтдаа харцгаая. Дуурийнхны нэрлэж заншсанаар Ундын өмнөх үеийнхэн буюу манай алтан үеийнхэн дуурийг монгол хэлээр дуулдаг байв. Жишээ нь, А.Загдсүрэн гуай 1971 онд Чио Чио саны ариг

Анхилуун цэцэг шиг янаг минь

Ариуны бяцхан бүсгүй минь гээд

Энэрэн хайрлаж дууддаг сан

Ядрах цаг эцэс болж

Яасан ч тэр минь ирнэ… гэхчлэн монголоороо дуулдаг байж. Дараа нь далаад оны сүүл наяад оноос оросоор дуулдаг болсон. Эндээс Уртнасан гуайн үе жинхэнэ ёсоор эхэлж байна. Уртнасан гуай өөрөө хэлэхдээ 1981 оноос дуурь дуулсан гэж ярьдаг. 1981 онд тэрбээр Пуччинийн Тоска-г дуулсан нь театрын албан ёсны мэдээнд байдаг. Гэхдээ дөнгөж сургууль төгсөөд удаагүй байхдаа 1967 онд “Чио чио сан”-г дуулсан нь түүний анхны дуурь гэж болохоор. Сонирхолтой нь Монголын дуурийн урлагт өөрийн сац суваргыг босгоод алтан тайзаа чимээгүйхэн орхин гарахдаа “Чио чио сан”-аар “зодог тайлсан” байдаг. Зодог тайлсан гэдэг нь өөрийнх нь хэлснээр л дээ. Нэг ёсондоо тайзнаасаа буусныгаа хэлж байна. Тэгэхдээ “Чио Чио сан”-ыг шинэчлэн найруулж, өөрийн залгамжлагч, гайхамшигт сопрано Б.Жавзандуламдаа эрвээхэй хатагтайгаа өвлүүлж өгсөн. Уртнасан гуай хэрхэн “зодог тайлсан” тухайгаа ярьсан нь:

-Би зодгоо тавьтайдаа “Чио Чио сан“-аараа тайлсан юм. Ерэн хоёр он гараад, театрт “Турбадур”-ыг шинээр тавих гэж байсан үе. Насны эрхээр ингээд яваад ирэхэд миний алтан партнёрууд яваад яваад өглөө. Ардчилал эхлээд Хавлааш маань Казахстан явчихлаа. Тэгж байтал Пүрэвдорж гуай маань багш болоод явчихлаа. Хайдав багш маань, Банди маань бас багш болоод явчихлаа. Ингээд ер нь миний партнёрууд цөөрөөд байна аа. Нэг харсан чинь гавьяат жүжигчин Ганхуягтай дуулж байна. Бодсон чинь нэг л биш юмаа. Ганхуяг гэдэг чинь надаас бараг хорь дүү хүн. За би ч энэ үеийн хүн биш юм. Ер нь ч үе үеэрээ байх хэрэгтэй юм байна шүү. Сайхан удирдаач нар маань бурхан болоод өглөө. Чулуун багш маань, Жамсранжав маань бурхан боллоо. Ер нь л больё гэж бодлоо. Яг тавин настай байхдаа тайзаа орхисон. Харин би Чулуун багшийгаа амьд сэрүүн дээр багштайгаа “Чио Чио сан”-аа нэг дуулаад л буусан“ гэж тэрбээр дурссан. Тэр тоглолт дээр “Одоо би арван тавтай..” гэж зохиол дээрээ дуулдаг хэсэг дээр “ ..Одоо би яг тавьтай” гээд дуулахад нь үзэгчид нирхийтэл инээлдээд төдхөнөө дуугүй болцгоосон гэж ярьдаг юм. Ж.Чулуун гуай тоглолтын дараа “Үгүй, чи юу гэж хэлээд үзэгчид хөхрөлдөөд унав аа” гэж гайхан асуусан гэдэг билээ. Б.Жавзандулам гуайгаас гадна хоёр гурван ч эрвээхэй хатан бэлдэж өгөөд гарахад нь Х.Билигжаргал гуай “Та ингэхэд тэнэг хүн үү, цэцэн хүн үү? Өөрийнхөө коронный дүрийг хүнд даатгаад, заагаад өгчихдөг” гээд нэг их инээж байсан гэдэг.

Тавин нас гэдэг бол сонгодог дуурьт ид бяр чадал нь амтагдсан ид хавтай нас. Европын улс орнуудад тийм л жишиг байдаг. Манайх залуучуудын орон болохоор тавьтай дуучин “хөгшдөж” байгаа нь тэр л дээ. Тэгээд энэ тухай асуусанд өөдөөс инээмсэглээд, урлагт нэг бичигдээгүй хууль байдаг юм. Ид гялалзаж байгаа, сайн байгаа, сайхан байгаа бүтээлчдийг л тайзан дээрээ тогтоож байдаг. Жаахан гундаад ирвэл бичигдээгүй хуулиар бага багаар алсарсаар холддог. Миний хувьд тэгж бага багаар алсрах тэвчээр хүрээгүй гэж хэлсэн юм даг. Түүгээр ч барахгүй, үнэлэмж хүртэл үе үеэрээ байдаг гэж хэлсэнд гашуун сонсогдож байв. “Үе үеэрээ үнэлэмж өөр өөр байгаа шүү гэж эрхгүй боддог юм билээ. Үе үеэрээ нэр төрөө хадгалж үлдэх том хариуцлага бас байдаг юм” гэж билээ. Ингэж хэлэхийг нь сонсоод бодит үнэн гэх нь хаашаа юм, харьцангуй л юм даа гэж бодогдож байсан. Бас нэг гайхашруулсан юм бий. Сонгодог урлагт бүтээсэн үнэт зүйлс, дуулсан дуурь энэ бүхнээрээ баримтат кино хийх бодолтой явдаг эсэхийг нь сонирхсон юм л даа. Гэтэл “үгүй” гэж эрсхэн хариулсан юм. Хэрвээ би сайн уран бүтээлч байгаад хүмүүсийн сэтгэлд үлдсэн байвал тэр миний үлдээсэн үнэт зүйл мөн. Өөрийгөө нэг юманд биччихээд “май, энийг аваарай” гэх нь зохисгүй. Тэгж байх хүсэл надад огт байдаггүй гэж хэлсэн бөгөөд нээрээ л эрхэмсэг оршихуй үүнээс өөрөөр байна гэж үү дээ.

Агуу их Уртнасангийн намтар түүхийг энд давтаад байх шаардлагагүй ч зарим нэг он цагийг дурсамж болгон сөхье. Манайхан сонгодог дуурийн дуучдаа 1964 оноос эхэлж эх орондоо бэлтгэсэн байдаг. Тэр анх бэлтгэгдсэн хүмүүсийн нэг нь Уртнасан гуай. Баадайжав гуай, жанжин Сүхбаатарт тоглодог Дашнамжил гуай гэхчлэн. Тэдний 13 хүүхдийг Хайдав гуай сонгож аван “Дуулаачийн студи” гэдэг нэртэй тэр сургуульд сургаж төгсгөсөн байдаг. Уртнасан гуай энэ сургуульд 18-тайдаа ороод 22-тойдоо төгссөн хэмээн ярьдаг. Дараа нь 1970-1972 онд Болгарын консерватори төгссөнийг бүгд мэднэ. Тэрбээр дэлхийн таван том театрын нэг Оросын “Большой театр”-т дөрвөн жил уригдаж дуулж байлаа. Их театрт “Чио Чио сан”, “Тоска”, “Онегин”-д дуулсан. Анх “Чио Чио сан”-д уригдаж дуулаад дараа нь дөрвөн жил дараалан очиж Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Тоска, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьянад уригдаж дуулсан юм. Ийнхүү дэлхийн театруудын урын сангийн гол дууриудын гурав нь болох энэ жүжгүүдийг “Большой театр”-т дуулсан. Их театрын гоцлол дууны ангийн дарга Анатолий Архьянов тэгэхэд “Орост Шаляпин мэндэлж дуурь тодорсон юм. Монголд та мэндэлсэн юм байна аа” гэж хэлсэн гэдэг. Оросын “Их театр”-ын тайзнаа түүнтэй хамтарч дуулж байсан партнёр нь Оросын ардын жүжигчин Владимир Пепков гэж хүн байж. М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдааны Ерөнхий шүүгч энэ хүн манай дуучдыг уг уралдаанд оролцохоор очих бүрт ихэд дотночлон “манай Уртнасангийн хүүхдүүд үү” гэж асуудаг гэсэн. Тэрбээр Ж.Вердийн “Травиатта”, “Отелло”, Ж.Пуччинийн “Чио чио сан”, “Тоска”, “Турандот”, А.Бородины “Игорь ван”, ”, П.И.Чайковскийн “Евгений Онегин”, “Иоланта”, А.Даргомыжскийн “Лусын дагина”, Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа”, “Учиртай гурван толгой” зэрэг хорь гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээсэн. ДБЭТ-ын тайзнаа Б.Ямпиловын “Шидэт ваар”, Ж.Пуччинийн “Чио Чио Сан”, Д.Лувсаншаравын “Хар Хорум” дууриудыг найруулан тавьсан бол 2013 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн тайзнаа “Дидона Эней хоёр” бароккийн үеийн, гурван бүлэг долоон үзэгдэлт бэсрэг дуурийг найруулан тавьж ДБЭТ-т анхны тоглолтоо үзүүлж байсныг хүмүүс санаж байгаа биз ээ. Их урлагийн эрхэмсэг оршихуй хатагтай Х.Уртнасангийн “Дэлхийн сонгодог гэдэг хэдэн зуун жил хүн төрөлхтний оюун санаагаар шүүгдээд үлдчихсэн урлаг учраас түүнийг хичнээн өөрчлөх тусам хүнээс улам бүр холдоно. Яг байгаагаар нь хийх юм бол хүний сэт­гэхүйд яв цав бууж байгаа амьдралын тусгал юм. Тэнд чинь амьдралын алтан фонд байгаа юм” гэж хэлснээр тэмдэглэлээ төгсгөе.

Төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасанд зориулсан хүн­дэтгэлийн тоглолтод удахгүй уулзацгаая.

Н.ПАГМА