Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх Ухааны Академи эрдэмтдээ бус техникийн ажилтан, нярав, нягтлангуудаа цомхотгосон

Монгол Улсын ШУА-ийн Техник, технологийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа.

Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 27-р тогтоолыг энэ оны эхээр гаргаж Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэж цөөлөн нилээд л бужигнуулах шиг боллоо. Ер нь юу болов? Хэдэн хүрээлэн хаалгаа барив?

-2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч бүтцийн өөрчлөлт хийв. Хаалгаа барьсан хүрээлэн байхгүй. Хооронд нь нийлүүлсэн.

Дээрх бүтцийн өөрчлөлт хийснээр юу хэмнэв?

-Нийт 51 хүрээлэн байсан юм байна лээ. Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор хуучин байсан хүрээлэн, төвүүдийг 30 хүрээлэн болгож нэгтгэсэн. Манай ШУА-ийн 20 хүрээлэн төвийг нэгтгээд 10 болгосон. Бусад нь яамд, их дээд сургуулийн харьяанд байсан юм.

Ер нь улс орны эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Шинжлэх ухааны салбараас хэмнэх зорилготой. Ингээд л бүтцийн өөрчлөлт хийсэн. Нийт дүнгээрээ 250 орчим хүн, ШУА-иас техник ажилтан, нярав, нягтлан зэрэг 100 орчим хүн ажлаас чөлөөлөгдсөн. Эрдэм шинжилгээний ажилтнуудаас чөлөөгдөөгүй.

Тэгээд одоо ямар үр дүн гарав?

-Үр дүнгийн талаар өнөөдөр ярих нь эрт байна. Урд өмнө үүнтэй адил бүтцийн өөрчлөлтийг хийж байсан юм. Тухайлбал, 1997 оны Засгийн газрын 31 дүгээр тогтоол гарч 68 хүрээлэн төв байсныг 34 болгож нэгтгэн өөрчилсөн. Тухайн үед техник, технологийн салбарт 30 хүрээлэн байсныг найман Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, бизнесийн корпораци болгож нэгтгээд, ШУТИС-ийн харьяанд таван хүрээлэн амь хоргодон очиж байсан. Найман корпорацийг заримыг хувьчилж, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн юм. Үнэндээ одоо эрчим хүч, холбоо, зам тээвэр, барилга зэрэг техникийн салбарт шинжлэх ухааны судалгаа хийж, зураг төсөл боловсруулан, норма нормотив гаргах зэргээр нэгдсэн бүтцээр ажиллах хүрээлэнгүүд үгүй болсон. Гэтэл Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч, аж үйлдвэрт шинэ технологи инновацинэвтрүүлэх замаар улс орны хөгжилд хамгийн түрүүнд хувь нэмрээ оруулах эдгээр салбар, холбоо мэдээллээс бусадямар байгаа билээ хэнд ч ойлгомжтой гэж бодож байна.

Шинжлэх ухааны хүчинд бид, хөгжиж дэвшинэ,ард түмний боловсрол дээшилнэ гэж боддог л доо. Шинжлэх ухааныг одоо яах ёстой юм бэ?

-Шинжлэх ухаан бол оюун ухаан, мэдлэгийн үйлдвэрлэл гэж тодорхойлж болох юм. Үүгээрээ шинжлэх ухаан бүх л үеийн туршид үнэний цэц болж ирсэн юм. Аль болох богино хугацаанд хурдтай, цэгцтэй хөгжье гэвэл шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлах ёстой. Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүх ийм юм.

Шинжлэх ухаан өөрөө хөгжлийн зүй тогтол, дэг жаягтай байдаг. Энэ дэг жаягаар нь шинжлэх ухааныг байлгах ёстой л доо.

Нэгдүгээрт, Шинжлэх ухаан бол мэдлэгийн үйлдвэрлэл байдаг. Эрдэм мэдлэгийг бүтээж байгаа шинжлэх ухааны өдөр тутмын үйл ажиллагаанд гаднаас холилдон орох нь ажилд муугаар нөлөөлж байдаг зүйл.

Хоёрдугаарт, Мэдлэг, мэдээллийн зуунд шинжлэх ухаан нь нийгэмд үйлчлэх үүрэг улам бүр өсч байна. Хүнийг,тухайлбал, нийгмийн янз бүрийн давхаргыг үнэн мэдээллээр хангаж үнэний цэц байх шинжлэх ухааны, эрдэмтдийн үүрэг улам нэмэгдэж байгаа билээ. Нийгмийн мунхарлын элдэв гажуудлаас шинжлэх ухаан л ангижруулна.

Эндээс үзвэл төрөөс шинжлэх ухаантай зүй зохистой л харилцах ёстой. Шинжлэх ухааныг өөд нь татвал улс орны хөгжил мэдэгдэхүйц урагшилдаг. Харин түүний хөгжилд саад тотгор болвол тодорхой хугацааны дараа улс орны хөгжил уруудан доройтож, элдэв гажуудал үүснэ.

Одоо тэгээд шинжлэх ухаандаа манай төр засаг яаж хандах болж байна?

-Дэлхийн хөгжсөн болон эрчимтэй хөгжиж байгаа орнууд эрдэмтдийнхээ чөлөөт сэтгэлгээг хангаж, хүрээлэнгүүдийг бэхжүүлж, шинжлэх ухаанд дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг зарж байж улс орон эрчимтэй хөгждөг байна. Тухайлбал, өнөөдөр дэлхийн дунджаар авч үзвэл улс орнууд ДНБ-нийхээ хоёр хувийг зарцуулж байхад, манай улсад 0,2 хувь орчим байгаа нь манай улс 10 дахин бага анхаарч байна, бид тэр хэмжээгээр хөгжлөө хойш нь татаж л байна гэсэн хэрэг л дээ.

Ер нь шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ДНБ-ний 0,4 хувийг зарцуулж байвал шинжлэх ухаан үзэгдэл төдий байдаг, нэг хувьдхүрч байж л нийгэмд үйлчилж эхэлдэг, хоёр хувиас дээш байж хөгжлийн хөдөлгөгч хүч болдог гэсэн жишиг байдаг.

Манай оронд шинжлэх ухааныг хөдөлгөгч хүч болгож байсан тийм үе бий. 1990-ээд онд Шинжлэх ухаанд зарах хөрөнгө мөнгө ДНБ-ний нэг хувьд хүрч байсан байна. Түүний хүчээр, өөрөөр хэлбэл инерцээрээл одоог хүрч ирлээ. Одоо ядаж шинжлэх ухаанд зарах зардлыг 1990 оны түвшинд хүргэх ёстой юм.

Саяны бүтцийн өөрчлөлтөөр олон залуучууд гарсан гэж яригдах юм?

-Дээр хэлсэн, эрдэм шинжилгээний ажилтнууд түүний дотроос залуучуудыг чөлөөлөөгүй. Харин уул уурхайн зэрэг хөрөнгө мөнгө сайтай компаниуд манай сайн мэргэжилтэн, эрдэмтдийг татахыг оролдож байгаа нь нууц биш.

ШУА-ийн хэмжээнд техник ажилтан, нярав, нягтлан зэрэг 100 орчим хүнийг ажлаас чөлөөлсөн гэж өмнө хэлсэн.Гурван хүрээлэнг нийлүүлэн Хими, химийн хүрээлэн болсон. Энд нийлээд 132 хүнтэй байв. Одоо 127 байна. Биологийн хүрээлэн Ботаникийн хүрээлэн, Загас судлалын төв нийлээд Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн болсон. Энд нийлээд 184 хүнээс 158 болсон ба мөн лнягтлан, нярав, давхар ажилтай гэрээт ажилтнууд, тэтгэврийн насны зэрэг хүмүүсийг чөлөөлсөн байгаа. Эрдэм шинжилгээний ажилтнууд хэвээрээ байгаа болно. Бүх л хүрээлэнд иймэрхүү зүйл болсон.

“ШУА-ийн хүний нөөцийн бодлогын баримт бичиг”, “ШУА-ийн хүний нөөцийн стратеги төлөвлөгөө” боловсруулсан.

ШУА-ийн 2015 оны зорилтын талаар ярина уу?

-ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 2014 оны үйл ажиллагааны тайлан болон харьяа Хүрээлэн, төвийн тайланг Их чуулганаар хэлэлцсэн юм. Мөн тайлангаа БСШУЯ-д тавьсан.

ШУА-ийн Их, бага чуулганы үйл ажиллагаа, харьяа хүрээлэн, төвийн судалгааны чиглэлийг тогтоох, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах, төр, засагт зөвлөмж хүргэх, гадаад харилцааны хүрээнд дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ 2014 оныг “Чанарыг дээшлүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах жил” болгон зарлаж шинэ мэдлэг бүтээхийн зэрэгцээ хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч ажиллав.

Үүний дүнд ШУА-ийн Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээнд нийт 198 ажил үйлчилгээ, 15 тусгай ажлыг хийж гүйцэтгэхээр Төсвийн ерөнхийлөн захирагч БСШУ-ны сайд Л.Гантөмөртэй Төсвийн шууд захирагч ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин 2014 онд байгуулан ажиллаж, гэрээ 98,6 хувиар биелсэн.

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар нь ойрын 4 жилд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн чиглэлээ дараах байдлаар тодорхойлон ажиллаж байна.

• Хатуу дэд бүтцийг сайжруулах

• Зөөлөн дэд бүтцийг сайжруулах

• Менежментийг шинэчлэх

• Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн хамтын ажиллагааг өргөтгөх “Гүүр” хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн үндсэн чиглэлд тус тус анхаарлаа хандуулж байна.

Шинжлэх ухааны салбарт бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан ойрын үед энэ өөрчлөлттэй үйл ажиллагаа, дотоод бүтцээ боловсронгуй болгох, менежментээ уялдуулах шаардлага тулгарч байна. Үүний зэрэгцээгээр бид дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна.

Үүнд:

– ШУА-ийн хүний нөөцийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэн, эрдэмтэн судлаачдын залгамж халааг бэлтгэх, ялангуяа эрдэм шинжилгээний хүрээлэн, ажилтнуудыг докторантурын сургалтанд идэвхтэй оролцох боломжийг буй болгох;

– Төр засгийн байгууллага, орон нутаг, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Үүнд орон нутгийн хөгжлийн асуудлаар аймгуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, өргөжүүлж, төр засгийн байгууллагуудад зөвлөмж гаргах ажлыг үргэлжлүүлнэ. Энэ зорилгод нийцүүлэн, эдийн засгийн судалгааны нэгжийг буй болгоно;

– Залуу судлаачдыг бэлтгэх, мэргэшүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжиж ажиллана;

– Шинжлэх ухааны салбарын сэтгүүлүүдийг онлайн хэлбэрээр олон нийтийн хүртээл болгох ажлыг улам өргөжүүлнэ;

– Инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллана;

– Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтарсан судалгааны төсөл 2-ыг шинээр хэрэгжүүлж эхэлнэ;

– Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай байна;

– 2015 оныг “Шинжлэх ухааныг сурталчлах–түгээн дэлгэрүүлэх” жил болгон зарлаж, тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ зэрэг зорилтын дэвшүүлэн ажиллаж байна.

Ш.ГОМБОСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлж байгаа “гурван толгой” дотроо учраа олоогүй юм байна гэж ойлгогдлоо

УИХ-ын гишүүн Я.Сод­баатартай ярилцлаа.

Танай намын бүлгийн хурал ямар уур амьсгалтай болов?

-Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар л ярилцлаа. Сон­гуулийн нэгдсэн хуулийн талаар санал солилцсон.

Та Таван толгойн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Таван толгойн төслийг УИХ-д өргөн бариагүй байна. Засгийн газрын албан ёсны төсөл өргөн баригдаагүй байхад дүгнэлт хийх нь учир дутагдалтай. Ер нь Таван толгойн хэлэлцээрийг эхлэх үед МАН-ын бүлгээс надаар ахлуулсан ажлын хэсэг гарсан юм. Энэ хүрээнд тодорхой мэдээллүүдийг авсан л даа. Гэхдээ тэр хүрээнд дүгнэлт гаргахад учир дутагдалтай.

Таван толгойг УИХ-аар хэлэлцвэл бүр ч гацна гэдэг байр суурь хүмүүст байна лээ…

-УИХ-ын дарга, дэд дарга нар хамтарч энэ асуудлыг парламентаар хэлэлцүүлээч гэдэг саналыг тавьсан гэж ойлгож байгаа. Тийм учраас Ерөнхий сайд нь УИХ-аар хэлэлцүүлнэ гээд зарлачихлаа. Мэдээж Таван толгойг ашиглах ёстой гэдэг улс төрийн шийдвэр нь гарчихсан байгаа. Тиймээс хариуцлагаа үүрч байгаа улс төрийн хүчин нь АН. Ирэх сонгуулиар, өнөөдөр чард түмнээр дүн тавиулах хүчин нь АН. Ийм учраас АН-ын дарга төслийн хувь заяанд ихээхэн санаа тавих ёстой.

МАН-д хамаагүй юм уу?

-Гэвч Ерөнхий сайд нь эхэлж мэдэгдэл хийсний дараа УИХ-ын дарга чуулганы индрээс өөр агуулгатай үг хэлээд байгааг нь харахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлж байгаа “гурван толгой” дотроо учраа олоогүй юм байна гэж л ойлгогдлоо. Тиймээс энэ “гурван толгой” учраа олчих юм бол асуудал шийдэгдэхэд амархан юм биш үү.

Эдийн засаг хүнд хэвээрээ л байна. Уг нь Ардын намгүй бол АН улс орныг дампууруулах нь гэсээр байгаад танай нам засагт орсон байх. Өөрчлөлт байна уу?

-Бид бодит баримтыг үгүйсгэхэд хэцүү л дээ. 2010-2012 оны Монголын эдийн засгийн үзүүлэлтийг аваад үзээрэй. Үнэхээр өсөлттэй байсан. Ажил хийе гэсэн хүн бүр хуримтлал үүсгэж, баялаг бүтээх гэж хичээж байлаа. Гэтэл тэр үеийн Монголын эдийн засаг өнөөдөр гурван тэрбум ам.доллараар агшчихаад байна. Тэр хэрээр айл бүрийн амьдралд сүүдэр туслаа. Олон хүн ажилгүй боллоо. Үүний бурууг хэн нэгэн рүү чихэхээс илүү энэ хүндрэлийг яаж даван туулах вэ гэдэг гарцыг олох ёстой. Үнэнийг хэлэхэд улсаараа дампуурлаа зарлах уу.Эсвэл эхний ээлжинд эдийн засгийн уналтыг зогсоож,өсөлтийн тухай ярих уу гэдэг сонголт дээр хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Гэхдээ хамтарсан засаг байгуулагдсанаар өргөс авсан юм шиг бүх зүйл сайжирна гэж байхгүй л дээ. Манайд нүүрлээд байгаа эдийн засгийн уналт том учраас гарцаа олох ёстой.

Таныхаар ямар гарц байгаа юм?

-Нэгдүгээрт Таван толгойн төслийг яаралтай явуулах хэрэгтэй байна. Оюу толгой ч ялгаагүй. Хоёрдугаарт хүссэн хүсээгүй геологи, уул уурхайн салбар Монголын эдийн засгийг тодорхойлно. Тиймээс лиценз олголтыг зогсоохоос эхлээд энэ салбарт гараад байгаа эрсдлүүдийг багасгах ёстой. Ингэж чадвал хоёр тэрбум ам.долларын бизнесийн эргэлт гарах байх. Гуравдугаарт эрчим хүчний том төслүүдийг явуулах хэрэгтэй. Таван толгойн, Тавдугаар цахилгаан станц зэргийг байгуулах тухай асуудал. Энэ тал дээр зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгж чадвал гадагшаа урсаад байгаа валютын урсгалыг багасгана. Гаднаас авах эрчим хүч багасна. Дагаад хөрөнгө оруулалт орж ирнэ. Эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Дөрөвдүгээрт Зүүн Азийн бүс нутаг руу чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ бид гаргах хэрэгтэй. Үүний тулд мах, улаанбуудай, рапсын найдвартай ханган нийлүүлэлтийн системийг бий болгох ёстой. Тавдугаарт Японтой байгуулсан шиг эдийн засгийн түншлэлийн гэрээг худалдааны түнш орнуудтайгаа байгуулах ёстой. Миний өргөн барьсан Худалдааны тухайхуулийг баталбал энэ чиглэлд нэлээд боломжууд нээгдэхээр байгаа даа.

Энэ бол богино хугацаанд шийдэгдээд хэрэгжих ажлууд мөн үү. Урт хугацаанд үр дүн нь мэдрэгдэх байх…

-Бодлогууд нь тодорхой болоодулс төрийн шийдвэрүүд нь гараад, гадна, дотнынх нь асуудал шийдэгдчихсэн ажлууд шүү дээ. Засгийн газар шаардлагатай гэвэл заримыг нь УИХ-аар оруулаад шаардлагагүй гэвэл өөрсдөө шийдээд явах боломжтой.Гэтэл нэг хоёрхон шийдвэрээс болоод гацчихсан зүйлүүд байна. Жишээ нь Монголд эрчим хүчний станциуд барьсны дараа Монгол Улс нэг киловатт эрчим хүчийг ямар үнээр худалдаж авах вэ гэдэг дээр маргаан үүсчихээд л гацчихсан байх жишээтэй. Уг нь энэ асуудлыг шийдэж, зөв хөдөлж чадвал Монгол Улс ойрын таван жилд Зүүн хойд Азийн бүс нутагт цахилгаан экспортлогч орон болж чадна шүү дээ. Тэгсэн тохиолдолд дотоодын эрчим хүчний үнийг бууруулах боломж бүрдэнэ. Тийм учраас зоригтой шийдвэр хэрэгтэй гээд байгаа юм. Гэтэл шийдэхгүй байна л даа.

Тэгэхээр Засгийн газар ажиллахгүй байна гэсэн үг үү?

-Ч.Сайханбилэгийн Засгийн газар эрчимтэй ажилла, юм хийх гэж оролдож байна. Харамсалтай нь улс төрийн дэмжлэг үзүүлэх ойлголцлын болон зарим үед хувийн эрх ашгийг хойш нь тавиад хөдлөх эр зориг дутаад байгаа юм болов уу гэж харагдах юм.

Танай нам засагт ажиллаж байгаа сайд нараа, ер энэ Засгийн газрыг хэр дэмжиж байна вэ?

-Хариуцсан салбарынхаа асуудлыг УИХ-д оруулж ирэхэд нь манай нам дэмжээд л явж байгаа. Гэхдээ Засгийн газар асуудлаа зөв таниулах, мэдээллээ зөв өгөх, парламент, Засгийн газрынхамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр дутуу ажиллаад байна. Намрын чуулган хаах үед эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг УИХ-аар батлуулсан. Үүний хэрэгжилт хэр байсан тухай Засгийн газрын тайланг УИХ дээр сонсох л хэрэгтэй байна.

Тайлагнасан, тайлагнаагүй хэрэгжилт нь хэр байсан нь тодорхой биш гэж үү?

-Засгийн хийж байгаа ажлын талаар бидэнд танилцуулга орж ирээгүй л байна.

Хэрэгжилт сайн байгаа бол эдийн засагт бага ч гэсэн эерэг нөлөө гарах байсан байх. Эдийн засгийн үзүүлэлт сайжрахгүй байгаа нь тэр төлөвлөгөө хэрэгжээгүйн баталгаа биш үү?

-Засгийн газар эдийн засгийн чиглэлээр арга хэмжээ авч л байна. Гэхдээ үүнийгээ танилцуулах ёстой. Тэгж байж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлнэ л дээ. Өнөөдөр сонгуулийн чимээнээр рейтингээ өсгөх, олон нийтэд нэрээ таниулах гэхээсээ илүү Монгол Улсад бодитоор ямар бэрхшээл тулгарчихаад байна, гарц нь юу байна гэдгийг ул суурьтай ярилцах нь зөв.Түүнээс биш шүүмжлэлийг хэн ч хэлж чадна. Хэн ч уул уурхайг муулж бас чадна.

Үнэндээ Монголын нийт экспортын 80 гаруй хувь, бүтээж байгаа баялгийн 60 гаруй хувь нь уул уурхайн салбарт оногдоод байна.

Гэтэл энэ салбарыг хамгийн ихээр муулж, ус цацсаар байна шүү дээ. Ийм байдлаар зарим хүн рейтингээ өсгөж, дараа дараагийнхаа улс төрийг хийж байна. Энэ синдром сүүлийн арван жил эрчимтэй явлаа. Энэ нь нийгэмд талцал бий болгож байна. Тийм учраас өнөөдөр үндэсний ойлголцол хэрэгтэй байгаа юм. Хамгийн гол нь иргэд, хэвлэл мэдээлэл, төр засгийнхан бүгдээрээ өөр өөр мэдээлэлтэй байгаа учраас дүгнэлтүүд нь өөр өөр гараад байна л даа. Тиймээс төр, ард түмний харилцаа салчихаад байна.

Тэгэхээр одоо яах ёстой вэ?

-Үндсэн хуулиас эхлээд том хуулиуддаа өөрчлөлт хийх замаар засах л ёстой. Үгүй бол нийгмийн эмх замбараагүй байдал бий болж мэдэхээр байна. Яагаад энэ тухай яриад байна гэхээр өнгөрсөн долоо хоногт олон улсын байгууллагууд дүгнэлтүүдээ зарлалаа. Азийн хөгжлийн банк тайландаа Монголын ирэх гурван жилийн эдийн засгийн өсөлтийг дунджаар дөрвөн хувь гэж тооцсон байна шүү дээ. Бүтэн гурван жилийн турш эдийн засгийн өсөлт нь дөрвөн хувь байвал юу болох юм. Байдал бүр хүндэрнэ. Тэгэхээр бид олон улсын байгууллагуудын дүгнэлтийг анхааралтай ажиглах л хэрэгтэй байна. Тэрнээс биш дотооддоо хэрэлдэж, хэн нь гишүүн, хэн нь дарга байх тухай яриа одоо сонин биш. Улс дампуурахад ойрхон болчихлоо шүү дээ.

Популистуудын “хашгираан” эдийн засгийг агшааж, хөрөнгө оруулалтыг бууруулахад нөлөөлсөн гэж үзэх нь бий. Үүнийг болиулахын тулд л зөвшилцлийн Засгийн газар байгуулна гэж хэлээд Н.Алтанхуягийн танхимыг огцруулсан. Тэгвэл хүмүүсийн тархийг угаагаад байгаа популистуудыг засагт оруулаад түр дуугүй болгочихож болдоггүй юм уу?

-Бие даагчдад төр барих нэгдсэн бодлого байхгүй л дээ. Тиймээс засагт оруулна гэдэг нь хүндрэлтэй. Коммунист ч бай, ардчилсан орон ч бай бүгдард түмний төлөөллийн замаар төр барьдаг систем дэлхийд ноёрхож байна. Тиймээс бие даагчдаар бодлого тодорхойлуулдаг орон одоогоор алга. Сүүлийн үед анзаараад байхад уул уурхайн салбарт мэргэжлийн хүмүүсийн дуу бага сонсогдоод байна. Үнэндээ Монгол хийрхэлтэй хөөрлийн нийгэмд шилжчихээд байна. Ийм нийгэмд үнэн үг сонсогддоггүй гэдэг шүү дээ. Асуудлыг гадарладаг мэддэг мэргэжлийн хүмүүс нь улам дуугаа хураасаар байна. Энэ нь сөрөг дохио. Их мэдэгчид тайзан дээр гол дүрд түлхүү тоглоод байвал хошин шогийн жүжиг болж хувирна шүү.Тиймээс системээр нь өөрчлөх ажлыг бодож л хийх хэрэгтэй.

Монгол мөнгөгүй болж байна. Намар гэхэд цалингаа тавьж чадахгүй гэх л юм…

-Үнэндээ сая хамтарч засаг байгуулаагүй бол энэ оны нэгдүгээр улиралд цалингаа тавьж чадахгүй байсан байх шүү. Хэрэв саяын миний хэлсэн төслүүдийг урагшлуулахгүй, валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхгүй, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй бол энэ оны дөрөвдүгээр улиралд цалингаа тавьж чадахгүйд хүрч магадгүй шүү.

Одоо тэгээд яамаар юм дээ?

-Хамгийн түрүүнд бид итгэлцэл хэрэгтэй байна. Дотооддоо нам, хүн, бизнес хоорондын итгэлцэл нэн шаардлагатай байна. Гадна талд итгэлцэл бүр алга. Статистикаас гаргасан 2015 оны нэгдүгээр улирлын эдийн засаг, нийгмийн байдалд хийсэн дүнг аваад үзлээ. Хасах 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт манайхаас гадагшилсан байна. Бид юун хөрөнгө оруулалт татах. Иргэд манайхаас мөнгөө гадагшлуулсан байна. Үнэндээ гадаадын хөрөнгө оруулагч Монголд буян хийх гэж орж ирдэггүй. Би танайд ийм хэмжээний мөнгө оруулж ирнэ, танайх ийм, манайх ийм ашиг хүртэнэ гэдэг тооцоотой орж ирдэг. Гэтэл ийм байдлаар тооцоод үзтэлитгэл төрөхгүй байвал тэд шууд гардаг юм байгаа биз дээ.

Таван толгойг УИХ-аар хэлэлцэнэ гэхээр гадныхан “Өө мөд бүтэхгүй юм байна” гээд итгэл алдах юм биш үү?

-Ямар ч байлаа гэсэн Таван толгой, Оюу толгойн төслөө явуулах л хэрэгтэй. Ер нь нэг зүйлийг бид ойлгох ёстой. Монгол Улс дэлхийн зах зээлийг тодорхойлох гол тоглогч биш. Жишээ нь Хятад улс өнгөрсөн жил 3.5 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн байгаа юм. Үүнээс арав гаруй хувийг нь гаднаас авсан. Үүнийх нь ердөө 0.8 гаруй хувийг бид нийлүүлсэн байдаг. Тийм учраас Хятад улс манайтай, манайгүй болж байна.

Дээрээс нь өнөөдөр дэлхийд зах зээлээ булаацалдах эдийн засгийн том дайн явж байна. Энэ дайнд Монгол Улс зарим орны эрх ашгийг хөндөж байгаа. Тухайлбал, Хятад руу чиглэсэн эрдэс баялаг нийлүүлэгч болох гэж байгаа болон болчихсон орнуудын эрх ашгийг Монгол Улс хөндөж байна. Тийм учраас манай зах зээл дээр гадны гар хөл болсон, өөрийн эрх ашгаа дээдэлсэн хүмүүсийн тоглолт яваад байна л даа. Ер нь бол зах зээл өөрийн гэсэн мөчлөгтэй. Зах зээлийнхээ жамаартүүхий эдийн үнийн бууралтаас ч юм уу, улс төрийн аливаа шийдвэрээс болоод эдийн засгийн уналт, өсөлтийн мөчлөг төрөөс хамаарахгүйгээр явагддаг. Энэ мөчлөг ирэхэд бид яах вэ гэдэг тогтвортой бодлогоо л гаргачихсан байх ёстой.Эдийн засаг уналаа гээд уйлж гүйгээд байхгүй. Өслөө гээд дэвхцээд байхгүй. Тогтвортой бодлого барих ёстой. Нэг жишээ хэлье. Н.Алтанхуягийн Засгийн газрын нэг алдаа “Чалко”-той хийсэн гэрээг цуцалсан явдал. Өмнөх Засгийн газар 10 жилээр нь 70 ам.доллараар нүүрсээ өгье гэдэг гэрээ хийчихсэн. Өмнөх арван жилийн нүүрсний үнийн дундаж нь 50-60 ам.доллар байсан учраас ирэх арван жилийн дундаж нь 70 ам.доллар байна гэж тооцоолоодл 70 гэдэг тоог тохирсон. Нүүрсний үнэ 110 ам.доллар хүрсэн ч, 30 болсон ч 70 ам.доллараараа байна гэдэг гэрээг хийсэн байлаа. Гэтэл 2012 онд нүүрсний үнэ 110 ам.доллар болохыг хараад Н.Алтанхуягийн Засгийн газар “40 ам.долларыг хятадуудад идүүлж байна” гэж үзээд гэрээг цуцалсан. Хэтдээ нүүрсний үнэ унахыг тооцоолчихсон суусан “Чалко” уухайн тас зөвшөөрсөн явдал. Хэрэв “Чалко”-гийн гэрээг цуцлаагүй бол манай нүүрсний зах зээл ингэж хямрах ч байсан юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ.Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр төрийн тогтвортой бодлого байхгүйн гай ердөө л энэ. Алтны татвараа 68 хувь болгосноо маргааш нь хоёрхон хувь болгоод байгаа Монгол Улсыг гадныхан гайхаад ч барахгүй, тэгээд итгэл алдаад байгаа юм шүү дээ.

Тогтвортой бодлого гэжяриад байдаг хэрнээ танай нам засагт орчихоод төрийн албан хаагчдыг халахаас эхлээд тогтвортой бодлогынхоо эсрэг юм хийгээд байгаа юм биш үү?

-Хүн халж байна гэдэг байдлаар харахгүй байна. Төрийн алба мэргэжлийн биш болчихсон байлаа шүү дээ. АН 12 жил цөөнх байсан учраас боловсон хүчнээ бэлтгэх тал дээр учир дутагталтай байгаа нь аргагүй. Үүнийг цэгцэлж байгаа хэрэг шүү дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Шинэчилсэн журмаар татвар хурааж байгаа нь оношилгооны газруудын ачааллыг эрс бууруулжээ

Өнөө жилээс шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг автомашины улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлж эхэлсэн. Автомашины улсын дугаар нэг, зургаагаар төгссөн бол нэгдүгээр сард, хоёр, долоогоор төгссөн бол хоёрдугаар сард, гурав, наймаар төгссөн бол гуравдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлж дуусгасан байх ёстой. Мөн дөрөв, есөөр төгссөн бол энэ сард татвараа өгөх ёстой бол ирэх сард автомашиных нь дугаар тав, тэгээр төгссөн жолооч нар татвараа төлөх юм. Өмнө нь татвараа зургадугаар сарын 1-нээс өмнө тушаасан байх ёстой гэсэн нийтлэг шаардлага тавьдаг байлаа. Тэр дагуу иргэд хаваржингаа тоохгүй явсаар зургадугаар сар гарахын өмнөхөн буюу тавдугаар сарын сүүлчээс л сая ухаарсан мэт татвар, оношилгооны газруудын гадаа уртаас урт дугаар үүсгэдэг байсан билээ. Жолооч нар автомашинынхаа татварыг төлж, үзлэг оношилгоонд оруулахын тулд үүрийн 04 цагт ирж дугаарладаг байсныг хүмүүс мэдэж байгаа байх. Ингэж бөөгнөрөх нь татварын болон оношилгооны ажилтнуудад хүндрэл үүсгэж 24 цагаар ажиллахад хүргэж байгааг албаны хүмүүс мэдэгдэж байсан. Монголчуудын аливаа юмны цагийг тулгадаг зан нь ийнхүү олон хүндрэл дагуулдаг учир холбогдох байгууллагууд нь зургадугаар сарын 15 хүртэл татвар авах хугацааг сунгаж байсан удаатай. Энэ бүхнээс татгалзаж, аль аль талдаа хүндрэл үүсгэхгүйн тулд дээр дурдсанаар дугаарын сүүлчийн тоогоор нь сар сараар ангилж татвар, оношилгоонд хамруулж байгаад иргэд ам сайтай байна. Гурвалжингийн гүүрийг даваад баруун гар тал руу эргэх замд “Хөсөг” трейдийн хашаанд үзлэг оношилгооны байр бий. Өчигдөр 16 цагийн үед тус байранд очиход ачаалал харьцангуй бага байлаа. Дугаарын төгсгөлөөр нь ийнхүү татварыг нь хурааж, үзлэг оношилгоонд оруулж байгаа нь хэн хэндээ саад бэрхшээлгүй байгааг тэндхийнхэн хэлж байв. Өдөржингөө дугаарлаж хүлээсэн жолооч нар бухимдаж, татвар, оношилгооны ажилтнуудтай ам муруйх, муухай харьцах зэрэг бэрхшээл гардаг байсан бол энэ жил ер нь тийм таагүй харилцаа гарахгүй байгаа нь ачаалал бага байгаатай холбоотой гэнэ. Ер нь жолооч нарын хувьд татвараа төлөх тал дээр жил ирэх бүр хүлээцтэй ханддаг болсон нь ажиглагдаж байгаа гэнэ.

“Хөсөг” дээр машинаа оношилгоонд оруулахаар хүлээж зогссон жолооч нартай уулзахад “Оношилгоон дээр асуудалгүй болжээ. Дугаарлаж цагаа алдах хэрэггүй болсон байна. Түргэн шуурхай орж байна. Харин татвар төлөхөд л жаахан хүлээж байна лээ. Банкинд л нэлээд дугаарласан” гэцгээж байлаа. Иргэдийн хувьд төлбөртэй лавлах утаснууд болон замын цагдаагийн утас болон 11-11 төв рүү холбогдож хаана, яаж татвараа төлөх вэ гэж асууж байгаа гэнэ. Дүүрэг бүр дээр албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах цаг байрлаж байгаа юм байна.

Жолооч нар “Татвараа л төлчихвөл оношилгоонд санаа зовоод байх юмгүй болсон байна. Цайны цагаараа ирээд орчиход л болох юм байна” гэж зөвлөж байлаа. Баянгол дүүргийн татварын хэлтэст очлоо. Эднийх ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа юм байна. Ямар нэг хүндрэл гарахгүй байгаа бөгөөд жолооч нарыг ирэхдээ бичиг баримтаа шалгаж бүрэн авчрахыг сануулж байлаа.

Тус хэлтэст автомашиныхаа татвар, хураамжийг төлөөд гарч ирсэн жолооч Н.Ариунбатаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд амьдардаг юм байна. “Миний машин есийн тоогоор төгссөн. Энэ сард татвараа өгөх ёстой гэдгээ өнгөрсөн сард хамаатныхаа дүүгээс сонсч мэдсэн л дээ. Цалингаа буухаар л татвараа төлье гэж бодсоор өнөөдрийг хүргэчихлээ. Миний машин 1500 мотортой. Татвар, утааны хураамж гээд нийтдээ 65 мянган төгрөг төлсөн. Өглөө ажил руугаа явахад хоёр ч удаа цагдаа зогсоож татвараа төлөхийг сануулсан. “Улаанбаатар” банкин дээр дугаарлаж л жаахан цаг алдлаа. Түүнээс өөрөөр хүндрэл үүссэнгүй. Банкинд л ачаалал байх шиг байна. Бусад жолооч нартаа хэлэхэд татвараа заасан хугацаандаа өгчихмөөр юм билээ. Татвараа төлчихсөн юм чинь одоо санаа амар явах боломжтой боллоо. Цагдаа нар ажлаа сайн хийж байна лээ. Намар есдүгээр сард машинаа оношилгоонд нь оруулна даа” гэж ярилаа. Шинэчилсэн журмаар ийнхүү татвараа хурааж байгаа нь хүндрэл үүсгэхгүй байгааг жолооч нар хэлж байгаа бөгөөд банкинд оочерлоход 30-40 минут зарцуулж байгааг эс тооцвол татвар хураамж төлөх, албан журмын даатгалд хамрагдахад хүндрэлгүй байгааг хэлж байлаа.

Уулзсан жолооч нарын хувьд татварыг ингэж сар сараар ангилж авч байгаа нь таатай ч нөгөө талдаа хүний эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийлж байв. Өнгөрсөн жилийн тавдугаар сард татвараа татвараа төлсөн байтал шинэ он гарангуут л татвар нэхсэн нь хууль зөрчиж байгаа гэж үзэж байгаа гэнэ. Бүхэл бүтэн дөрвөн сар дутуу байтал дахин татвар авсан нь жолооч нарын түрийвчнээс дөрвөн сарын татвартай тэнцэх мөнгийг шударга бусаар авч байна гэж байлаа. Хан-Уул дүүргийн иргэн, сүүлийн 12 жил такси үйлчилгээнд явж байгаа өндөр настай Г.Догмид “Миний машин дөрвөөр төгссөн. Энэ сардаа амжиж татвараа төлж чадахгүй бол тэгээд бид яах болж байна. Шууд хүний эрхэнд халдаж, түрийвчтэй ярьж болохгүй. Гэхдээ зургадугаар сарын нэгэн хүртэл татвараа төлөөд дуусгачих ёстой юм дуулдсан. Даанч цагдаа нар нь явуулахгүй юм” гэж байлаа.

Цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад “Тавдугаар сарын сүүлчээр татварын хэлтсүүд, оношилгооны газруудад ямар их ачаалал үүсдэгийг хүмүүс мэднэ шүү дээ. Зарим хүмүүс хоёр өдөр оочерлож байсан тохиолдол гарсан. Энэ жил тэр байдлыг өөрчилж, ачааллыг нэгээс тавдугаар сард жигд болгохын тулд ийнхүү дугаарын сүүлчийн тоогоор нь ангилж байгаа. Заасан хугацаанд татвар, хураамжаа төлөөгүй тохиолдолд мөнгөөр торгоно, эрх хасна гэх мэтээр буруу ойлгож буй асуудал байна. Цагдаагийн ажилтнууд жолооч нарт татвараа төлөөрэй гэдгийг сануулж л зогсоож байгаа юм” гэсэн хариулт өглөө.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Төрийн түшээдийн хөрөнгө орлогын мэдүүлэг үнэмшил төрүүлсэнгүй

АТГ-аас төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын 2014 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-ийг нийтэд ил болголоо. Энэ мэдээллийг хүмүүс шоолсон, итгэж ядсан хандлагаар уншиж байна. Хамгийн баян улстөрч гэхэд АНУ-ын захын залуу компьютерийнхоо ард суугаад хувьцаа арилжиж олдог мөнгөтэй дүйцэх хөрөнгөтэй байгаа юм. Ингэхээр ХОМ үнэн эсэхэд эргэлзэхэд хүрч байна. Тухайлбал, хэдхэн сарын өмнө олон машинаараа, түүнийхээ ид шидийг олон нийтийн сүлжээгээр гайхуулаад байсан Л.Эрдэнэчимэг гишүүн бенз бүү хэл унах унаагүй гэж мэдүүлснээс харахад нүд хуурах мэдүүлэг төдий зүйл бөглөдөг нь харагдаж байгаа юм. ХОМ-ийг хараад итгэл үнэмшил төрөхгүй, бодит байдалтай нийцэхгүй байгааг олон хүн ярьж байна. Ямартай ч төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын мэдүүлсэн ХОМ-ийг тоймлон хүргэе.

ЕРӨНХИЙ САЙД ГУРВАН МАШИНТАЙ

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэгийнх нэг орон сууцтай. Өөрөө жилд 21 сая төгрөг олдог бол гэр бүлийнх нь гишүүд 140 сая төгрөгийн орлоготой. Тэднийх дансандаа 121 сая төгрөгтэй аж. “И энд Ти”, “АСУ”, “Байгаль бюти” компаниудад хувьцаа эзэмшдэг. УИХ-ын дарга З.Энхболд 270 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг барилгатай. Хоёр адуу, 50 хонио 12 сая төгрөгөөр үнэлжээ. “Интер” компанийг зуун хувь эзэмшдэг. Тэднийх хадгаламжиндаа 22.9 сая төгрөгтэй аж. УИХ-ын дарга хувьдаа машингүй бол Ерөнхий сайд Land Rover, Land Rover V, Lexus-570 машинтай.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж малгүй, хоёр орон сууцтай. “Туул кашмер” компаниас 18 мянган ширхэг хувьцаа эзэмшдэг. МАН-ын дарга М.Энхболд хоёр орон сууц, нэг барилгатай.

320 адуутайгаас 60 нь хурдан удмынх. Нийтдээ найман компанийн хувьцаа эзэмшдэг бөгөөд өөрийгөө 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлжээ.

Г.БАТХҮҮГИЙН ЭЗЭМШЛИЙН КОМПАНИУДЫН ХӨРӨНГӨ 26.4 ТЭРБУМААР ӨСЧЭЭ

УИХ-ын гишүүн, “АПУ”-ын Г.Батхүү хамгийн баян гишүүнээр тодорч байгаа юм. Өмнөх онд тэрбээр 24 компанийн 46.2 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшдэг байсан. Харин энэ онд 21 компанийн 72.6 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшдэг гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл компаниудынхаа хөрөнгийг 26.4 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна. Энэ бол АНУ-ын захын залуу гэрээсээ хувьцаа арилжаад олох хэмжээний мөнгө. Монголын хамгийн баян улстөрчийн 20 гаруй компанийн хөрөнгө жилийн дотор 26.4 тэрбум төдий л төгрөгөөр өссөн гэхэд үнэмшилгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Түүний дараа 54.6 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэгээрээ “Монгол шуудан”-гийн гэгдэх Д.Зоригт гишүүн эрэмбэлэгдлээ. “MCS” Л.Энх-Амгалан 54.1 тэрбумаар, 52 тэрбумаар М.Зоригт нар айргийн тавд багтлаа. Тэдний араас Лу.Болд 21.1, Сү.Батболд 15.8, М.Сономпил 10.6, Ж.Энхбаяр 10.5, Б.Гарамгайбаатар 4.3 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэг гэдгээрээ эрэмбэлэгдэв. Д.Зоригт гишүүн өөрийнхөө “АСУ”, “Одод” болон иргэн Д.Ганбаатар, “Эрдэнэжинс” компаниас 10.4 тэрбум төгрөгийн авлагатай. Сү.Батболд “Алтай кашмер”, “Алтай холдинг”, “Скай трейдинг” компаниудаас нэг тэрбум төгрөгийн авлагатай гэжээ.

Л.ЭРДЭНЭЧИМЭГ ГИШҮҮН БУСДЫН “БЕНЗ”-ЭЭР ГАНГАРДАГ БАЙЖ

Олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр “бенз” машиныхаа ид шидийг гайхуулаад байсан Л.Эрдэнэчимэг гишүүн унах унаагүй юм байна. Тэгэхээр бусдын унаагаар гангардаг байсан бололтой. “Монос”-ын харьяа компаниудаас 1.9 тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэг тэрбээр жилд ердөө л 480 сая төгрөг олдог. Нөхөр нь 23 сая төгрөгийн орлоготой бөгөөд тэднийх хоёр орон сууцтай. Дансандаа 55 сая төгрөг хадгалж байдаг аж.

Жийп хөлөглөөд ан хийж яваа зургаараа гангардаг Ж.Энхбаяр гишүүн бас л унаагүй юм байна. Хөл дүүжлэх унаагүй Ж.Энхбаяр гишүүн хамгийн их орлого олсон гишүүнээр тодорчээ. Тэрбээр өнгөрсөн онд 3.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Харин гэр бүлийн гишүүдийн орлого 30 сая төгрөг. Тэрбээр хувьдаа машингүй ч 200 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн 49 адуутай, нэг орон сууцтай. Дансандаа 2 тэрбум төгрөгтэй. Тэднээс гадна машингүй 12 гишүүн УИХ-д байна. Тухайлбал, УИХ-ын дарга, дэд дарга хоёроос гадна Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, С.Оюун, Б.Гарамгайбаатар, Л.Болд, Ж.Батзандан, Я.Содбаатар, Б.Чойжилсүрэн, С.Одонтуяанар машингүй гэдгээ мэдүүлжээ. С.Оюун гишүүн жилд 21 сая төгрөг олдог. Сард 1.75 сая төгрөгийн орлоготой гэсэн үг. Тэднийх орон сууцнаас гадна нэг хурдан удмын адуутай. Хоёр сая төгрөгийн үнэт эдлэл, 11 сая төгрөгийн хадгаламжтай аж. С.Одонтуяа гишүүн хамгийн олон орон сууцтай гишүүний тоонд багтдаг. Таван орон сууцтай тэрбээр 279 сая төгрөгийн орлоготой. Машин сонирхдоггүйн дээр үнэт эдлэл ойшоодоггүй бололтой. Тэднийх дансандаа 40 сая төгрөгтэй аж. “Хурд групп”-ийн Б.Чойжилсүрэн гишүүн нэг орон сууцтай. Жилд 28 сая төгрөг олдог бөгөөд дансандаа 15 сая төгрөгтэй. Тэднийх найман адуунаас өөр малгүй аж. Гэр бүлийнх нь гишүүн 15 сая төгрөг олдог. Группээсээ нэг тэрбум төгрөгийн хувьцаа эзэмшдэг юм байна. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өөрийн гэсэн машингүй ч 700 сая төгрөгийн хоёр орон сууцтай. Дансандаа 31 сая төгрөгтэй. Жилийн орлого нь 370 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийнхээ орлогыг хоёр сая төгрөг гэж мэдүүлжээ. Л.Болд гишүүн машин унадаггүй ч дансандаа хамгийн их мөнгөтэй. 19.6тэрбум төгрөгийн хад­галамжтай тэрбээр жилд 244 сая төгрөг олдог. Гурван орон сууц дөрвөн адуутай юм билээ.

Огт машингүй 14 гишүүн байхад тэдний ангид хурд хүчний илэрхийлэл, нэр хүндийн баталгаа болох төмөр хүлгүүдийг хэд, хэдээрээ сойчихсон гишүүд ч байна. Н.Номтойбаяр гишүүн Lexus-570, Mercedes benz G500, Landcruiser 200, Mercedes benz, Mercedes benz G300, Mercedes benz G55 AMGгээд зургаан машинтай. Тэрбээр машинуудаа есөн тэрбум төгрөгөөр үнэлжээ. Н.Номтойбаяр гишүүний жилийн орлого 29 сая төгрөг. Тэднийх дансандаа 13 сая төгрөгтэй аж. Б.Наранхүүд ч бас “Mercedes benz G500”, Landcriuser Standart”-аас гадна “Rollsroyce Phantom” загварын дөрвөн машин байдаг. Тэдгээр машинуудаа 1.6 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Машиныхаа тоогоор толгой цохидог Б.Наранхүү гишүүн дансандаа долоон тэрбум есөн сая төгрөг хадгалуулчихсан. 109 хурдан удмын адуутай, хоёр байртай юм билээ. Тэрбээр хадгаламжаасаа гадна авлагаараа энэ жил толгой цохижээ. Өөрийнхөө “Дүнжингарав” компаниас 33.7 тэрбум төгрөгийн өр нэхээд сууж байдаг юм байна.

З.БАЯНСЭЛЭНГЭ ГИШҮҮН 100 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛТЭЙ

Гэр хороололд амьдардаг гэж тодотгодог байсан З.Баянсэлэнгэ гишүүн байранд оржээ. Орон сууцнаас гадна хоёр барилга эзэмшдэг юм байна. Тэднийгээ 240 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн тэднийх суудлын тэрэг болон дунд гарын жийптэй. Тэднийгээ 50 сая төгрөгөөр үнэлжээ. Адуу, үхэр нийлсэн 29 бод, 60 богтой. Тэрбээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Худалдаа хөгжлийн банкинд нийлээд 100 сая төгрөгийн зээлтэй юм байна. Орон сууцаа зээлээр авсан гэж ярьж байсан нь энэ бололтой. Түүнтэй хамт УИХ-д орж ирсэн, намынх нь гишүүн О.Баасанхүү 100 үхэртэй. Гурван хүнээс авлагатай бөгөөд нэг орон сууц хоёр барилгатай аж. Тэрбээр “Эрдэнэс таван толгой” компаниас 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг. Түрээсийн байранд амьдардаг гэж шуугиан тарьж байсан Ц.Нямдорж гишүүн 150 сая төгрөгийн үнэтэй орон сууцтай аж. О.Баасанхүү гишүүний адил “Эрдэнэс таван толгой” компаниас хувьцаа эзэмшдэг.

Бие даагч С.Ганбаатар 70 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд амьдардаг. “Toyota Rav 4” машин хөлөглөдөг тэрбээр 52 үхэр, хурдан удмын гурван адуу, 36 хоньтой аж. Ариг банк, Хас банкинд 100 сая төгрөгийн зээл тавьжээ.

ДАНСАНДАА НЭГ ТЭРБУМЫГ ХАДГАЛААД БАНКНААС 34 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ

УИХ-д зээлтэй гишүүд цөөнгүй байна. Сү.Батболд гишүүн нэг тэрбум төгрөгийн хадгаламжтай. Тэгсэн атлаа Хас банк, Голомт банкнаас 34 сая төгрөгийн зээл авчээ. Түүний жилийн орлого 57 сая, гэр бүлийн гишүүдийнх нь 240 сая төгрөг. “Mercedes Benz GL 500” маркийн машинтай. Хамгийн баян гишүүнээр тодорсон Г.Батхүү “Шунхлай” группээсээ 300 сая төгрөгийн зээлтэй юм байна. Д.Зоригт гишүүн Худалдаа хөгжлийн банкинд дөрвөн тэрбум төгрөгийн зээлтэй. Гэхдээ арван тэрбумын авлагатай юм билээ. 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй тэрбээр дансандаа 117 сая төгрөг хадгалуулжээ. Хамгийн өндөр орлоготой Ж.Энхбаяр гишүүн Хас банкнаас 1.8 тэрбумтөгрөгийн зээл авчээ. Гэхдээ “Газар Шигтгээ” ХХК-наас 1. 5 тэрбум төгрөгийн авлагатай. Таван байртай, хадгаламжгүй С.Одонтуяа гишүүн Улаанбаатар хотын банкнаас 280 сая төгрөгийн зээл авчээ. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Мастер Карт Виза карт, Фримонт банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкинд 580 сая төгрөгийн зээлтэй. Өөрөө жилд 73 сая, нөхөр нь 220 сая төгрөг олдог. Гурван орон сууцтай, приус маркийн машин унадаг юм билээ. “Залуу Монгол корпораци”, “Чингис шар айраг”, “Палас” зочид буудлаас хувь эзэмшдэг М.Сономпил гишүүн Хаан банкнаас 5.7 тэрбум төгрөг зээлжээ. Түүний жилийн орлого 92 сая төгрөг, хоёр жийп, 20 адуу, 50 хоньтой. 184 сая төгрөгийн орон сууцтай. УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар 10 компаниас 16 тэрбум гаруй төгрөгийн хувьцаа эзэмшдэг бөгөөд Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкнаас 859 сая төгрөгийн зээл авчээ. Түүний жилийн орлого 240 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 44 сая төгрөг. 138 хонь, 221 адуутай. 618 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 66 сая төгрөгтэй юм билээ. 160 адуу, дөрвөн үхэр, 430 сая төгрөгийн үнэтэй орон сууц, барилгатай Ч.Улаан гишүүн Төрийн банкнаас 130 сая төгрөг зээлжээ. Үүнээс гадна Ж.Батзандан 30, М.Батчимэг 74, Ц.Даваасүрэн 71, Д.Лүндээжанцан 20, Д.Хаянхярваа 68 сая, Ж.Эрдэнэбатгишүүн 50 сая төгрөгийн зээлтэй. УИХ-ын гишүүн Н.Энхболд Голомт банк, Ньюком пропертигээс 287 сая төгрөгийн зээл авчээ. Түүний жилийн орлого 20 сая төгрөг. Гэр бүлийн гишүүдийн орлого 204 сая төгрөг. 2 орон сууцтай. 45 сая төгрөгийн үнэтэй Lexus 470 машинтай. 12 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 189 сая төгрөгтэй. Ө.Энхтүвшин гишүүн Голомт банкнаас 290 сая төгрөг зээлжээ. Түүний жилийн орлого 22 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого 127 сая төгрөг. 1 орон сууцтай. 40 сая төгрөгийн үнэтэй Lexus 470 машинтай. 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дансандаа 500 мянган төгрөгтэй.

ХОЁР МЯНГАТ МАЛЧИН, ГАХАЙН АЖ АХУЙЧИН НЭГТЭЙ АНГИ

УИХ-ын гишүүдийн олонхи нь малтай. Эрэгтэй гишүүд гоё машинаас гадна хурдан удмын адуугаар ихэвчлэн гоёдог нь харагдаж байна. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ урьд жилүүдийн нэгэн адил малын тоо толгойгоороо бусдыгаа тэргүүллээ. 2013 онд 4020 толгой малтай байсан тэрбээр өнгөрсөн онд 430 адуу, 400 ямаа, 60 үхэр, 3000 хоньтой гэжээ. Д.Ганхуяг гишүүн 375 үхэр, 762 хонь, 368 ямаа, 52 адуутай аж. Ингэхээр УИХ-д хоёр мянгат малчин байна. Дараа Г.Баярсайхан 788 толгой, Су.Батболд 842 толгой, Г.Батхүү 488 толгой малтай. Б.Наранхүү 109 хурдан удмын адуугаараа тэргүүлсэн бол араас нь алдарт уяач М.Энхболд 60 хурдан удмын адуугаараа нэхэж байна.

УИХ-д гахай малладаг нэг гишүүн байгаа нь Ш.Түвдэндорж. Тэднийх 427 гахайтай. Зургаан адуу, 427 гахайгаа нийтэд нь 242.8 сая төгрөгөөр үнэлжээ.

УИХ ДАХЬ ЧИНЭЭЛЭГ ГИШҮҮД

Өөрсдийнх нь мэдүүлсэн хөрөнгөөс харахад УИХ-ын хамгийн баян нь Г.Батхүү юм. 76.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй түүний араас Л.Энх-Амгалан гишүүн 60.5 тэрбум, Д.Зоригт 57.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөрөө орлоо. Дараа нь УИХ-ын гишүүн М.Зоригт 53.1 тэрбум, Лу.Болд 43.7 тэрбум, Д.Сумъяабазар 19.4 тэрбум, Сү.Батболд 18.9 тэрбум, М.Сономпил 13.2 тэрбум, Ж.Энхбаяр 11.2 тэрбум, Б.Наранхүү 11.1 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсноо чинээлэг гишүүдийн тоонд яах аргагүй баталлаа. Харин компаниараа овоглодог, хөрөнгө чинээгээрээ Монголд дээгүүрт гэгддэг эрхмүүд нэрэлхсэн үү, хэл амнаас болгоомжилсон уу нэлээд хойгуур бичигдэхээр мэдүүлэг өгчээ. Тухайлбал, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 5.8 тэрбум, “Женко” Х.Баттулга 1.5 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байх юм. Мөн “Монроуд” Б.Гарамгайбаатар 5.0 тэрбум, “Бридж” Д.Ганхуяг 2.9 тэрбум, “Хурд” Б.Чойжилсүрэн 2.1 тэрбум, “Нью прогресс” С.Бямбацогт 3.6 тэрбум, “Дорнод гурил”-ын Х.Болорчулуун 4.9 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байна.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ цаг-үе

Ё.Отгонбaяр: Хүний эрхийн зөрчил ихэсч байгаад УИХ анхаарал хандуулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Хүний эрхийн 14 дүгээр илтгэлийг өнгөрсөн долоо хоногт танилцууллаа. УИХ-аар 13 дугаар илтгэлийг нь хэлэлцэж амжаагүй байтал дараагийн оных нь ороод ирлээ. Энэ асуудалд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд та эхлээд тайлбар өгөхгүй юу?

-Миний хувьд энэ ажлыг аваад гурван сар болж байна. Хамгийн эхэнд тулгарсан асуудал бол Хүний эрхийн 13 дугаар илтгэлийг УИХ хэлэлцээгүй байсан явдал. Тодруулбал, 2015 онгарчихаад байхад 2013 онд Монгол Улсын хүний эрхийн байдал ямар байсан талаарх илтгэлээ хэлэлцээгүй явж байна гэсэн үг л дээ. Ингээд Хүний эрхийн дэд хорооны хурлаар үүнийг яаралтай авч хэлэлцээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй юм байна гэсэн шийдвэр гаргасан. Гэвч чуулган завсарлаад хэлэлцэх боломж нь олдоогүй байх. Ингээд хаврын чуулган эхэлмэгц байнгын хороонд болон чуулган дээр санал тавьсан. Одоо Хүний эрхийн 14 дүгээр илтгэл гараад ирлээ. Гэтэл 13 дугаар илтгэлийг хэлэлцээгүй байгаа нь УИX-аас хүний эрхийн асуудалд зохих анхаарал тавихгүй байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.Ер нь хүний эрхийн илтгэлийг тухайн жилд нь авч хэлэлцдэг ньаль салбарт хүний эрх зөрчигдөөд байна вэ гэдгийг үзээд, зөвлөмж гаргаж өгдөг. Тэр зөвлөмжийг УИX aвч хэлэлцээд “Ийм асуудлуудыг хуулинд тусгая, ийм асуудлуудыг Засгийн газар хэрэгжүүлэхдээ анхаар” гээд чиглэл өгдөг. Тэгэхээр хүний эрх зөрчигдөж буй асуудалд УИХ зохих ёсоор aнxaaрaxгүй байна гэж хэлж болно. Нэг талаас Монгол Улсад хүний эрхийн ийм, ийм зөрчил байна гэж олон улсын байгууллагуудад мэдээлчихээд УИХ нь зөрчлийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаа ийм дүр зураг руу орж байгаа нь аюултай.

-Хүний эрхийн үндэсний комисс(ХЭҮК)-оос танилцуулж байгаа энэ удаагийн илтгэлдшүүхийн шийдвэргүйгээр хорьж, цагдахаас өгсүүлээд хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг дурдсан байсан.

-Хүний эрхийн 14 дүгээр илтгэл бол хэд хэдэн сэдвээр төвлөрсөн юм. Монгол Улс 2014 оны 12 дугаар сард Эрүүдэн шүүхээс ангид байх олон улсын конвенцэд нэгдэн орсон. Үүнтэй холбогдуулан нэгдүгээрт, гэмт хэрэг зөрчил ямархуу байгаа, хоёрдугаарт, мэдээлэгчийн эрхийг xaмгаалах асуудалд үнэлэлт, дүгнэлт хийсэн. Уг хоёр асуудалд төвлөрч байгаагийн гол утга учир нь гэвэл сүүлийн хоёр жилд сэжигтнээр тооцсон хүмүүсийг урьдчилан хорьж буй газруудад гарч байгаа зөрчил. Үүн дээр хүний эрх зөрчигдөж байгаа асуудал байнга хөндөгдөж байна. Өнгөрсөн жил ХЭҮК-т 700 өргөдөл ирсний бараг тал хувь нь зөвхөн 461 дүгээр ангитай холбоотой гомдол ирж байна. Хилс хэрэгт холбогдон хоригдоод байцаагдаж буй тухай, эрүүл мэндийн үйлчилгээ авч эрхээ эдэлж чадахгүй байгаа тухай, зарим тохиолдолд мөрдөн байцаах шатанд эрүүдэн шүүсэн тухай гомдол ирсэн байгаа.

-Манай улс Эрүүдэн шүүхээс ангид байх олон улсын конвенцид нэгдэж орчихоод хүний эрх зөрчигдсөөр л байна. Яавал энэ зөрчил арилах вэ?

-Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх меxа­низм байх ёстой. Тэр нөхцөл байдлыг үүсгэхгүй байх ажлыг Монгол Улс хийх хэрэгтэй. Гэвч тэр нь хийгдээгүй байна. “Намайг эрүүдэн шүүлээ” гэх гомдлуудын ихэнх нь нотлох баримтгүй болохоор хэрэгсэхгүй болоод байгаа юм. Одоо байцаагч, сэжигтэн хоёр сууж байгаад л мөрдөн байцаалтын ажиллагаа явагддаг шүү дээ. Одоогоор 461 дүгээр ангид бичлэг хийгдэж байгаа. Энэ нь бүх хорих анги, саатуулах төвд байхгүй учраас “Байцаагч намайг зодсон” гэдэг гомдол гарсаар байгаа юм. Сэжигтнээ зодно гэдэг болэрүүдэн шүүх нэг хэлбэр. Гэхдээ үүнийг нотолъё гэхээр бичлэг байхгүй, баримтгүй тохиолдлууд гарч байна.

Эрүүдэн шүүхээс ангид байх олон улсын конвенцид нэгдсэнтэй холбоотой хуулийн байгууллагынхны дунд сургалт явуулах шардлагатай юм байна гэж үзэж байгаа. Ямар асуудал эрүүдэн шүүх хэлбэрт орчихож байна гэдгийг хуулийн байгууллагын ажилтнууд мэдэхгүй байгаагаас ийм тохиолдол гарч байх магадлалтай. Тухайлбал, сэжигтэнд удаан хугацаагаар эргэлт оруулахгүй байх нь эрүүдэн шүүх нэг хэлбэр болж байгааг байцаагч өөрөө мэдэхгүй байснаас хүний эрхийг зөрчөөд байгаа юм ч билүү. Ер нь хэрэг бүртгэж байгаа мөрдөн байцааж байгаа хуулийн байгууллагын ажилтнуудынүйл ажиллагаанд хяналт тавьдаг механизм суларчихаж гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна. Тиймээс эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэсэн 32 тохиолдол бүртгэгдчихсэн бaйдaг. Эдгээрийн 19-ийг нь хэрэгсэхгүй болгочихсон байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлж байгаа хуулийн байгууллагын ажилтнуудад хариуцлага тооцох механизм үйлчлэхгүй байна гэсэн үг. Хүнийг эрүүдэн шүүсэн тохиолдлуудыг нь aвaaд үзэхээр цочмоор үйлдлүүд ч гарч байна. Энэ чинь юу вэ, 1937 он билүү гэмээр тохиолдлууд байдаг л даа.

-Тухайлбал?

-Хаана, аль хорих ангид хэн гэдэг хүнийгямар мөрдөн байцаагч эрүүдэн шүүсэн тухай нэрийг нь хэлэхэд бэрхшээлтэй.Яагаад гэвэл одоо ХЭҮК-т гомдол гаргаад явж байгаа асуудлууд юм.

“Гурван давхрын цонхоор чамайг гаргаж шиднэ шүү” гэж хэрэг хүлээлгэсэн гомдол байна. Бас байцаагчийн тэмдэглэлийг үзчихээд “Миний өгсөн мэдүүлгийг гуйвуулж бичсэн байна. Гарын үсэг зурахгүй” гэхэд ньбуу тулгаж байгаад гарын үсэг зуруулсан тухай гомдол байна. Мөн нэг хүнийг хэрэг хүлээхгүй болохоор нь уурын зууханд 19 хоног хорьсон байгаа юм. Хүнийг хориход шүүхийн шийдвэртэй байх ёстой. Гэтэл тэр хүнийг олон хоног хорьсныхоо дараа хэсгийн төлөөлөгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тайлбар нь бүр инээдтэй. “Сайн дураараа уурын зууханд 19 хоносон байна” гэсэн байгаа юм.Хэн ч харсан албан тушаалтнууд өөрсдийгөө хаацайлахын тулд байгаа нь ойлгомжтой.

ХЭҮК-ынхны жишээ болгон татсан ноцтой тохиолдлыг ярья л даа. Нэг хүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн барьж хориод мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болгосон юм билээ.Тэр хүн гараад ирэнгүүт дахиад мөрдөн байцаалт явуулж, дахин хэрэгсэхгүй болгосон гэсэн. Хоёр дахь удаагаа хэрэгсэхгүй болгонгуут нь олон сар хоригдсон хүн чинь гомдол мэдүүлнэ биз дээ. “Би хохирлоо нөхөн төлүүлмээр байна” гэтэл гурав дахь удаагаа эрүү үүсгээд 11 жилийн ял өгчихсөн байгаа юм. Иймэрхүү байдлаар хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудлууд байна. Ирэх долоо хоногт 461 дүгээр ангид хийсэн шалгалтын дүнг Хүний эрхийн дэд хороогоор авч хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулаад Хууль зүйн сайд Д.Дорлигжавт асуулга явуулчихсан байгаа. ХЭҮКнь 461 дүгээр ангид шалгалт хийхдээ УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даалгавраар хийсэн. Гэтэл тодорхой хэмжээний хэрэг зөрчил илрүүлээд эхлэнгүүт хорих ангийн дарга нар нь ХЭҮК-ынхныг оруулахгүй гэсэн байгаа юм. Хүний эрх зөрчигдөж байгааг шалгаж буй хүмүүсийг оруулахгүй байна гэдэг бол хуулиа зөрчсөн явдал юм.

-ХЭҮК-оос жил бүр хорих ангиудад шалгалт хийсэн дүнгээ танилцуулж, хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг мэдээлдэг. Харин хуулийн байгууллагынхан хорих ангиудад эрүү шүүлт байхгүй гэж ХЭҮК-ын дүнг үгүйсгэн тайлбарлах юм билээ. Эрх мэдлээ хэтрүүлэн хүний эрхэнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцсон тохиолдол хэр зэрэг байдаг вэ?

-Дээрх жишээнүүдээс үзэхэд хүний эрхийн зөрчил байна гэж үзэхээс яах вэ. Тэр байтугай ар гэрийнхэнд нь дарамт үзүүлдэг тохиолдлууд ч бүртгэгдчихсэн байна. Зарим тохиолдолд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хуулийн байгууллагын ажилтнуудад захиргааны арга хэмжээ авсан нь ч байдаг. Тэгэхээр эрүүдэн шүүлт огт байхгүй гэж хэлж болохгүй.

-Эрүүдэн шүүхээс ангид байх олон улсын конвенцоо хуулийн байгууллагын ажилтнууд мэдэхгүйгээс хүний эрх зөрчиж байна гэж та дээр хэлснээ тодруулахгүй юу?

– Жишээ нь, энэ конвенцийн дагуу нөхцөлийн эрүүдэн шүүлт гэсэн ойлголт байдаг. Энэ нь хүмүүсийг хорих анги дамжуулж, сэлгүүлж хорихыг хэлж байгаа юм. Ер нь олон улсын конвенцоороо тухайн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүн бол гэртэйгээ хамгийн ойр байгааурьдчилан хорих төвд байх ёстой. Гэтэл манайхан сэлгүүлээд аваад явчихдаг тухай ХЭҮК-ын илтгэлд дурдсан байгаа. Нэг хүнийг гурав, дөрвөн хорих анги шилжүүлж хорьсон байдаг. Тухайн хүн өвчтэй байж байгаад хорих анги сэлгүүлэн хорьсоор байгаад эмнэлгийн тусламж авч чадалгүй мөрдөн байцаалтын шатанд 14 кг турсан тохиолдол ч бий. Тэр хүн эмнэлгийн үйлчилгээ дахиад авч чадахааргүй байх хэмжээндээ хүрсэн. Энэ бол тухайн хүнд нөхцөлийн эрүү шүүлт тулгаж байна гэсэн үг. Харин хуулийн байгууллагын ажилтнууд үүнийгээ мэдэхгүйгээр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох аюултай. Ер нь бол Эрүүдэн шүүхээс ангид байх олон улсын конвенцоороо гурван төрлийн эрүү шүүлт байгаа. Бие мах бодийн эрүү шүүлт, сэтгэл санааны эрүү шүүлт, нөхцөлийн эрүү шүүлт гэж бий.

-Хилс хэргээр удаан хугацаагаар хоригдсон хүмүүс сэтгэл санааны нөхөн төлбөр гэж авах ёстой. Гэвч эрүү шүүлтийн явцад эрүүл мэндээрээ хохирч, насан туршдаа бусдын асаргаанд орсон тохиолдлууд цөөнгүй байдаг юм билээ. Нөхөн төлбөрт олгож байгаа мөнгө тэр хүний насан туршдаа хөдөлмөр эрхлэх боломж, эрүүл мэндийг буцааж авчрахгүй. Тиймээс үүнийг яаж зохицуулах ёстой вэ?

-Ер нь бол нөхөн олговрын асуудал ихээхэн хүндрэлтэй байгаа.

Сэтгэл санааны нөхөн олговор олгосон тохиолдол Монгол Улсад анх удаа саяхан нэг гарсан. Тодруулбал, хүн амины хэрэгт сэжиглэгдээд хэдэн жил хоригдсон хүн хэрэг хийгээгүй нь тогтоогдож, цагаадсан. Түүнд 25 сая төгрөгийн нөхөн олговор сэтгэл санааны хохирол гэж олгосон.

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний эрхийн комиссын эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхийг гишүүдийн бараг 100 хувийн саналаар дэмжсэн. Энэ хууль батлагдвал хүний эрхийн зөрчил буурахад ямар хөшүүрэг болох юм бол?

-УИХ-ын гишүүдийн хувьд энэ хуулийн төслийг хэлэлцэхийг санал нэгтэйгээр дэмжсэн нь Монгол Улсад өнөөдөр хүний эрх зөрчигдөж байгаад санаа зовж байгаагаа харуулж буй сайн үзүүлэлт юм.Уг хуулийн төсөл Хүний эрхийн комиссын эрх хэмжээг өргөтгөхзорилготой юм. Ер нь хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд УИХ-ын гишүүд хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа. Жишээлбэл,сэжигтнээр тооцох, урьдчилан таслан шийтгэх арга хэмжээ авах, түүний хугацааг сунгах гэсэн процесс дотор бид Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд холбогдох өөрчлөлтийг хийж өгөхгүй бол шүүхийн шийдвэргүйгээр хүнийг хориод байгаа нөхцөл байна гэж үзэж байгаа. ХЭҮК-ын сүүлийн шалгалтаар хоригдож байсан хүнийг сулла гэсэн шүүхийн шийдвэр гарчихаад байхад 44 хоног илүү хорьсон байгаа юм. Мөн 29 хүн шүүхийн шийдвэргүйгээр хоригдсон гэсэн мэдээлэл байна. Энэ бүхнийг нягтлах ёстой. Мөрдөн байцaax, таслан шийтгэх арга хэмжээ авч буй энэ процесстой холбогдож байгаа хэд хэдэн байгууллага бий. Энэ байгууллагуудад олгогдож байгаа хэр хэмжээний асуудлуудыг бас дахиж эргэж харах хэрэгтэй гэж УИХ-ын гишүүд үзэж буй юм. Өнгөрсөн онд 2000 гаруй хүнийг барьж, хорьсон байна л даа. Тэдний бараг талыг нь мөрдөн байцаалтаас оргон зугтаж болзошгүй гэсэн үндэслэлээр хорьсон байдаг. УИХ-ын гишүүдийн үзэж байгаагаар энгийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийг заавал барьж хориод байх шаардлагагүй. Гадуур байцаагаад явах бололцоотой. Хүн амины хэрэгт холбогдчихоогүй л юм бол хилээр гарах эрхийг нь хорьчиход тэр хүн хаашаа зугтах вэ дээ.Монгол Улсдаа байгаа хүн чинь байцаалтаа өгөөд яваад байна. Хэрэв мөрдөн байцаалтад очихгүй бол дараагийн арга хэмжээ нь таслан хорих шүү дээ. Тэгэхээр үүнийг ерөнхийдөө мөрдөн байцаалтад саад учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор биш, тухайн хүнийг хэрэг хүлээлгэхийн тулд заавал залхаан шийтгэх хэлбэрээр ашиглаж байна уу гэсэн хардлага гишүүдэд байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх судалгааны институтээс гаргасан судалгаагаар “Таслан хорих арга хэмжээ бол мөрдөн байцаагчийн дураар хийгддэг арга хэмжээ болчихсон байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн байсан. Уг нь энэ нь шүүхийн шийдвэрээр хийгдэх ёстой арга хэмжээ атал шүүх зүгээр л мөрдөн байцаагчийн саналыг батлаад өгчихөж байна.

-Хүний эрхийн 14 дүгээр илтгэлд мэдээлэгчийг хамгаалах эрхийнтухай асуудал хөндөгдсөн байсан. Яаж хамгаалах юм бэ?

-Энэ бол сэтгүүлчдэд хамгийн их хамаатай асуудал. Сэтгүүлчид төрийн байгууллагатай холбоотой мэдээлэл олон түмэнд хүргэснийх нь дараа тэднийг хууль хүчнийхэн дууддаг, дарамталдаг, байцаадаг тухай тохиолдлууд гарсан байдаг. Илтгэлд нэг сэтгүүлчийн яриа байна лээ. Тэрээр “Нэрээ нууцална гэдэг ойлголт устсаншүү дээ. Хүчний байгууллага, тэр дундаа Тагнуулын ерөнхий газар бөөнөөр нь aваачаад байцаадаг” гэсэн байгаа юм. Тэгэхээр Монголын хуулинд гэрч, мэдээлэгчийг хамгаална гэдэг ойлголт алга. Төрийн байгууллагын ажилтны зөрчил дутагдалтай зүйлийг сэтгүүлчид нийтэлснээсээ болоод баригдаж, хоригддог. Тэгээд сэтгүүлчийг барьж аваачаад “Чи мэдээлэгчээ хэл” гэдэг. Цаашлаад тухайн хүнийг олж аваад дарамталдаг тохиолдол бий. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Бат инженер гэж залууг салбараа шүүмжилсний хариуд барьж хорьсон явдалбайна. Дахиад ийм олон асуудал хуулийн хүрээнд хөндөгдөж байгаа. Эрүүгийн хуулиар орж ирж байгаа асуудлыгИргэний хуулиар зохицуулж өгөөч гэж сэтгүүлчид хүсч байгаа юм.

-Гэмт хэргийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулинд хэвлэлийн эрх чөлөөг боомилсон заалтууд тусгагдсан байна. Ерөнхийлөгч УИХ-д тайлангаа тавихдаа хэвлэлийн эрхэнд халдсан хуулийн заалтууд дээр хориг тавина гэдгээ хэллээ…

-Ер нь бол гүтгэх гэдэг Гэмт хэргийн тухай асуудал байгаа шүү дээ. Манай хэвлэлийн байгууллагууд янз бүрийн мэдээлэл аваад хэвлэдэг.Энэ бол тэдний эрх үүргийн асуудал. Гэтэл гүтгэлэг гэдэг ангиллаар Эрүүгийн гэмт хэрэг болоод явчихаж байгаа юм. Үүнийг иргэний журмаар шийдээд явах ёстой гэсэн асуудлыг Ерөнхийлөгч тавьсан. Одоо орж ирсэн Эрүүгийн хуулиар гүтгэлэг гэдэг бол гэмт хэрэг гээд ороод ирчихээд байгаа. Сэтгүүлчдийнхээ эрхийг хамгаалах тал дээр хүний эрхийн дэд хороо ажиллана.Гэхдээ нөгөө талд бас өөр хүмүүсийн эрх бий. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдохгүй байгаа хүмүүсийг буруутай мэтээр олон нийтэд зарлана гэдэг бол бас Эрүүдэн шүүхээс ангид байх олон улсын конвенцид ордог заагдсан сэтгэл санааны эрүү шүүлт тулгаж байгаа гэмт хэрэг. Аль болох тийм зүйл гаргахгүй байх тал дээр хэвлэл мэдээллийнхэн маань манай дэд хороотой хамтарч ажиллаач ээ гэж энд зориуд тэмдэглэмээр байна. Хүний эрхийн дэд хороо ч бас хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

-Цаг үеийн асуудлыг тодруулахад, Таван толгойн дээрМАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай намын бүлэг дээр Таван толгойн гэрээний тухай асуудлыг хэлэлцээгүй. Яагаад гэвэл Засгийн газар хөрөнгө оруулагч талтайгаа хэлэлцээд тохирсон гэрээнийхээ хувийг УИХ-д өргөн бариагүй байна. Тиймээс бид албан ёсны гэрээг нь үзээгүй байж хэлэлцэх боломжгүй.Гэрээгээ өргөн барьсных нь дараа дүгнэлт өгнө.

-Та өнгөрсөн баасан гаригт Булган аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдсан. Хаваржилт сайнгүй байгаа бололтой. Ямар арга хэмжээ авахаар болов?

-Булган аймгийн тухайд хаваржилт амаргүй болж байгаа. 2-3 удаа цасан шуурга тавьсан. Шуурга болон хавар гарсан малын өвчин зэргээс улбаалж 48 мянган мал хорогдчихоод байгаа. Үүнтэй холбогдуулаад аймгийн зүгээс ямар арга хэмжээ авч байна, төвөөс ямархуу арга хэмжээ aвax тaлaaр ярилцлаа. Аймгийн нөөцийн өвс сүүлийн шуурганаар тараагаад дууссан гэж байна. Одоо улсын нөөцөөс өвс татаxад xүрч болзошгүй гэсэн мэдээлэл өгсөн. ОБЕГ-аас цагийн байдал xүндэрвэл xаваржилт гайгүй байгаа аймгаас нөөцийн өвс шилжүүлж өгч болно гэлээ. Мөн уулзалтаар төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх барилга угсралтын ажлын бэлтгэлийн талаар ярилцлаа. Үүнд аймаг бэлтгэлийн байдлыг эргэж мэдээлнэ гэж байна. Булган аймгийн төсвийн байгууллагууд тэр дундаа Эрүүл мэндийн болон боловсролын байгууллагуудын санхүүжилт дутуу орж байгаа асуудлыг цахим уулзалтаар хөндөж ярилцлаа. Сар болгондоо, улирал тутамдаа дутагдалтай очдог байна. Булган аймгийн Эрүүл мэндийн салбар гэхэд он гараад 18 сая төгрөгийн өртэй явж байна. Асуудлыг Сангийн яамд тавина. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол хүн амд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ саадгүй хүргэхэд бэрхшээл учирна гэж үзэж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард аймгийн бүх сумдад эрүүл мэндийн үзлэг явуулсан. Өвчлөлийн онцлогийг гаргаж авах гэж оролдож байгаа юм. Аймгийн хойд талын сумдад иргэдийн дунд бамбай булчирхайн өвчлөл их байдаг. Энэ нь иодын дутагдалтай холбоотой. Зарим сумдад ходоодны өвчлөл давамгайлдаг. Худаг ус муутайгийнх л даа. Ингээд тухайн тухайн асуудлаар аймагтайгаа ярилцаад зөвлөмжүүд гаргая гэж ярилаа. Жишээлбэл, ходоодны өвчлөл ихтэй сумдад дунджаар тэдэн метрийн гүнтэй худаг ухна гэдэг ч юм уу иймэрүү зөвлөмж гаргаж өгье гэж ярилаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд малын галзуу өвчин аймагт их гарч байгаа. Оготно устгалтай холбоотой гараад байна уу, өөр шалтгаан байна уу гэдгийг тогтооё гэж байна. Булган аймгийн Дашинчилэн суманд аймаг дундын отрын бүс бий. Гэтэл Дашинчилэн суманд цаг агаар хүндэрч сүүлийн цаснаар бараг 3000 мал алдчихлаа. Өөрийнх нь сумын бэлчээрийн даац хэтэрчихсэнтэй холбоотой. Иймд отрын бүс рүү тодорхой тооны айл оруулж байршуулах тухай асуудлыг хөндлөө.

-Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. Энэ хуулийн төслөөр ашигт малтмал ашигласны төлбөрийг орон нутагт хувааж өгөх тухай асуудлыг хэлэлцэнэ гэж байна. Булган аймгийн хувьд энэ төсөлд ямар санал хэлж байх юм?

-Хуулийн төсөлтэй холбогдуулж, аймгийн ИТХ-ыг санал өгөөч ээ, та нарын боловсруулсан саналыг хуулинд тусгамаар байна гэдэг хүсэлт тавьсан. Зөрүүлээд аймгаас тавьж байгаа асуудал бол “Бид зөвшөөрөл өгөхгүй гэж байхад та нарын татгалзаж байгаа чинь хууль зөрчиж байна гээд өнгөрсөн долоо хоногт арваад аж ахуй нэгжид хайгуулын зөвшөөрөл өгчихөөд явж байна” гэдэг гомдол мэдүүлж байна. Тэр зөвшөөрөл олгох, зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагaa явуулсны орлогыг хуваах гэхээсээ өмнө зөвшөөрөл олгодог системээ тодорхой болгохгүй бол орон нутгийн саналыг авдаггүй. Орон нутгийн санал гэж аль түвшний иргэдийн хурлын саналыг хэлж буй нь ч ойлгомжгүй байдлыг далимдуулна. Эсвэл хүч түрж шийддэг, энэ нь сүүлдээ аймаг орон нутагт эцэс төгсгөлгүй маргаан үүсгэдэг талаар аймгийн удирдлагууд хэлж байсан.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

“Гэгээн хаврын ёслол”

-СТРАВИНСКИЙН АВАНГАРД БАЛЕТЫГ ҮНДЭСНИЙ ХӨГЖИМД ХӨРВҮҮЛЭН ТАВИХ ГЭЖ БАЙНА-

“Гэгээн хаврын ёслол” гэж Оросын хөгжмийн зохиолч хорьдугаар зууны неокласицизмын удирдагч Игорь Стравинскийн балет байдаг. Энэ балетыг нийслэлийн Улаанбаатар чуулга үндэсний хөгжимд хөрвүүлэн энэ сарын 24-нд “Гэгээн хаврын тахилга” нэрээр тайзнаа тавих гэж байгаа юм байна. “Гэгээн хаврын ёслол” балетыг балетмейстр Өлзийсайхан ерээд оны эхээр ДБЭТ-т дэглэн тавьж байсан ч олон тоглоогүй, тэгсгээд хаагдсаныг хүмүүс санаж байгаа болов уу. Уг балетыг анх хэрхэн бичиж хэрхэн тавьж байсан талаар олон сонирхолтой баримт байдгийн заримаас хуваалцъя. Урлагийг ивээн тэтгэгч бөгөөд Парис дахь “Оросын балет” компанийн эзэн Дягилевын захиалснаар Стравинский 1913 онд бичиж мөн оныхоо тавдугаар сарын 29-нд анх тоглосон байдаг. Тайз, хувцасны дизайныг манайхны сайн мэдэх Оросын алдарт зураач, эртний соёл судлаач Николай Рерих хийснээр барахгүй мөн цомнолыг нь бичсэн бол балетмейстр Вацлав Нижинский дэглэн найруулсан байна. Стравинскийн авангард хөгжим бүжгийн дэг найруулгын хамт маш их шуугиан дэгдээж анхны тоглолтын үеэр үзэгчид бараг л бослого гаргасан байдаг.

Энэ үед Стравинский залуу байж, хөгжмийн зохиолчийнхоо хувьд чухамдаа тэгтлээ нэрд гараагүй байсан үе. “Гэгээн хаврын ёслол” балет нь Дягилевын захиалгаар 1910 онд тайзнаа тавьсан “Галт шувуу”,1911 онд тавьсан “Петрушка”-гийнх нь дараа гаргасан гурав дахь балет юм. Николай Рерихийн өвөрмөц шийдэл нь Стравинскийн балетын үндсэн санаа, үзэл концепцийг нь баяжуулж өгчээ. Тэрбээр “1910 оны нэгэн өдөр, “Галт шувуу”-ныхаа сүүлчийн хуудсыг бичиж дуусгаж байхдаа агшин зуурын төсөөлөлд би автав. Тэр төсөөлөлдөө онгон шүтлэгийн ариун зан үйлийг харсан минь: гэгээнтнүүд тойрч суугаад өөрөө үхэж байгаа залуу бүсгүйн бүжгийг харцгааж байх юм. Тэд Хаврын бурхан тэнгэрийг тайтгаруулахаар бүсгүйг тахил болгон өргөж байна. Миний шинэ балетын сэдэв санаа иймэрхүү байв” гэж 1939 онд зохиолынхоо гар бичмэл дээр тэмдэглэсэн байдаг байна. Ингээд тэр үедээ “Гэгээн хаврын ёслол” балетаа бичиж эхэлжээ. Балет хоёр ангитай. Эхний хэсгийг “Газар дэлхийгээ шүтэхүй”, хоёр дахь хэсгийг “Өргөл” гэж нэрлэдэг. Хөгжим дөчин минут үргэлжилдэг юм.

Стравинский зохиолынхоо санааг эртний орос ардын бүжгээс олсон гэдэг. Тэр нь дундад зууны оросууд амьдралыг тэтгэгч газар дэлхийн үржил шимийг хүсэн, жилийн жилд ургац арвин байхыг бэлгэдэн тэнгэр бурханд тахил өргөдөг ёс заншлыг өгүүлсэн ардын бүжиг юм байж.Ингээд балетын анхны тоглолтын үеэр үзэгчид балар эртний бүжгийн төрөл, хөгжмийн жигд бус хэмнэл, найрал хөгжмийн хачин жигтэй дуугаралт, хачин зөрчилт хөг бүхий этгээд найрлыгсонсоод шооконд орсон байна. Нижинскийн дэглэлт ч сонгодог балетын дэгийг хайр найргүй эвдсэн байв. Балетмейстр Нижинскийд Стравинскийтэй ажиллах, түүний хөгжмийг ойлгож энэ балетыг босгоно гэдэг туйлын хүнд бэрх ажил байж.Хоёр дахь тоглолт нь зургадугаар сарын 4-нд болжээ. Харийн түвэгтэй дуурьсалтай хүнд хэцүү хөгжим, догшин ширүүн хэрцгийдүү гэмээр хэмнэл бүхий бүжигт дургүйцсэн үзэгчид үе үе танхим дүүрэн шүгэлдэж, хашгиралдаж эсэргүүцсэн байна. Хүлээн зөвшөөрөгч болон эсэргүүцэгч үзэгчид хоёр хуваагдан маргалдаж, зодоон цохиондоо тулж, бөөн үймээн дэгдээжээ. Эцэст нь цагдаа нар ирснээр үймээн самуун дагуулсан балетын тоглолт өндөрлөсөн байна. Стравинский сэтгэлээр унаж театрыг хар гүйхээрээ орхин гарсан тухай баримтад тэмдэглэсэн байдаг. Анхны тоглолтууд нь ийнхүү үймээн самуун болон хувирсан боловч үнэн хэрэгтээ энэ нь хүмүүсийн сонирхлыг ихээр татаж тун удалгүй “Гэгээн хаврын ёслол” балетыг алдар хүндийн оргилд гаргажээ. Энэ хөгжим хорьдугаар зууны дэлхийн хөгжмийн хөгжилд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн бүтээлүүдийн нэг юм. Адармаатай хэцүү эхний тоглолтуудын дараа Стравинский хэлэхдээ балетмейстр Нижинскийг өөрийнх нь хөгжмийн цаад үзэл санааг огт ойлгоогүй гэсэн байдаг. Стравинский энэ зохиолоороо хүний оюун сэтгэлийн дотоод эрч хүчийг дүрслэхийг хүссэн байна. Олонх хөгжмийн зохиолчид ийм зорилгоо их олон цохивор хөгжмийн зэмсгүүдийн тусламжтайгаар илэрхийлдэг бол Стравинский тэгээгүй. Бүтэн оркестрт ердөө хоёр яруу хэнгэрэг дуугарч байх жишээтэй. Түүнчлэн зохиолынхоо туршид Оросын ардын хөгжмийн үндсэн төрхийг хадгалсан нь байнга сонсогдож байдаг. Игорь Стравинскийн тухай товчхон танилцуулахад, тэрбээр1882 онд Санкт-Петербургийн ойролцоо Хаант Оросын Ораниенбаумд төрж 1971 онд Америкт насан өөд болсон. Хорьдугаар зууны хөгжмийн модернизмын удирдагчдын нэг тэрбээр энэ зууны хөгжимд хамгийн хүчтэй нөлөөлсөн хүн юм. Орост хувьсгал эхлэхэд тэр Швейцарьт шилжин суурьшаад тэндээсээ Парист суух болжээ. Улмаар 1939 онд Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд АНУ-д гарсан, Франц, Америкийн иргэншилтэй Оросын хөгжмийн зохиолч юм. 1928 он хүртэл Парист бүтээлээ туурвисан. Энэ үедээ тэрбээр хөгжмийнсонгодог дэгийг эвдэж орчин үеийн сонгодог буюу неоклассик чиглэлээр бичих болсон байна. Дягилевын балетын компанид тавьсан гурван балет нь орос ардын үлгэрийн сэдэвтэй. Нийслэлийн “Улаанбаатар” чуулга хорь гаруйхан төрлийн хөгжмийн зэмсэг бүхий үндэсний хөгжмийн жижигхэн ансамбль дээр энэ гайхамшигтай баялаг симфони бүтээлийг хэрхэн хөрвүүлж, этник хэлбэр формын монгол бүжгээр хэрхэн илэрхийлэн үзэгчдэд хүргэх нь маш их сонирхол татаж байна.

Н.ПАГМА

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баярсайхан: Илбийн урлаг ид шид биш эрсдэл ихтэй хөдөлмөр

Монголын илбэчдийн холбооны ерөнхийлөгч, соёлын тэргүүний ажилтан Цэрэнтогтохын Баярсайхантай уулзаж хөөрөлдлөө. Олон улсын илбэчдийн холбооны жинхэнэ гишүүн, Монголын циркийн урлагт хорин таван жил авьяас билгээ зориулсан эл эрхмийг “Монголын номер нэг илбэчин” гэлцэх юм билээ.

Манай улсад илбийн урлаг аль хэр хөгжсөн байдаг вэ?

-Манайд илбийн урлаг сайн хөгжсөн шүү. Харин илбэчид маань холбоо, байгууллагад л өмнө нь нэгдээгүй байсан. Би БНХАУ-ын Шинжинь хотод 2002 онд олон улсын илбэчдийн фестивальд оролцсон юм. Тэнд Хятадын илбэчдийн холбооны ерөнхийлөгч Дао Чи гуай надтай уулзаад “Монголд илбэчдийн холбоо байдаг уу, хамтран ажиллая” гэхэд надад хэлэх үг олдоогүй. Ингээд Монголын илбэчдийн холбоог 2010 онд байгуулсан. Хятад, Өмнөд Солонгос, Хонконг зэрэг Азийн бүх улс илбэчдийн холбоотой байдаг юм билээ л дээ.

Монголын илбэчдийн холбоо одоогоор хэдэн гишүүнтэй болоод байна?

-Манай холбоонд таван хүн байгаа. Эрдэнэтэд Баатар гэж надаас арай ахимаг хүн байдаг. Миний шавь Гантулга, Билэгт, Ганчөдөр гэсэн залуу илбэчид байна. Хуучин циркт ажиллаж байсан Даваахүү гэж хүн бий. “Авьяаслаг монголчууд” шоунд долоон илбэчин оролцох гэж байна гэж саяхан шавь маань надад хэллээ. Тэр хүмүүсийн үзүүлбэрийг харъя, дэмжье гэсэн бодолтой байна. Даанч манай монголчуудын нэг муухай чанар байдаг. Ижил төрлөөр амжилт гаргаж байгаа нэгэндээ ясны дургүй байдаг чанар. Уг нь бүгдээрээ атгасан гар шиг байвал амжилт улам л сайн гаргана аа даа. Яруу найрагч Цамбын Зоригтсайханы “Чиний чаддагийг би чадахгүй, миний чаддагийг чи чадахгүй” гэж нэг сайхан үг бий дээ. Тиймээс илбэ оролддог, илбийн үзүүлбэр хийдэг бол илбэчдийн холбоондоо нэгдээч ээ, нэгнээсээ их зүйл сураач ээ гэмээр санагддаг.

Танай холбоо чинь хаана байрладаг юм бэ?

-Төмөр замчдын соёлын ордон дээр байрлаж байгаа. Би сарын өмнөөс найман хүүхэд шавиар аваад сургаж эхэлж байна.

Илбийг хүмүүс ид шид, увидас чадвар гэж ойлгоод байдаг?

-Ид шид биш шүү дээ. Илбэчин болох хүнд юуны түрүүнд дур сонирхол, хүсэл мөрөөдөл л чухал. Тэгээд гар хурууны хөдөлгөөн, ой тогтоолт шаарддаг урлаг. Сайхан гар хуруутай мөртлөө ой тогтоолт муутай хүүхэд бол юм сурахгүй. Үзүүлбэрийнхээ дарааллыг хольж хутгах зэргээр сэтгэхдээ муу хүн бол сурдаг зүйл биш. Гоё сэтгэлгээтэй атлаа гар нь мойчихсон хүүхэд байна. Ялангуяа манай гэр хорооллын хүүхдүүдийн гар хар ажлын эрхээр эрт эвдэрчихсэн байдаг. Багаасаа мойчихсон гар бол эвлэж өгдөггүй.

Та багаасаа илбэчин болох мөрөөдөлтэй хүүхэд байв уу?

-Би Улсын циркэд 1988 онд хөтлөгчөөр орсон юм. Монголд илбэчин их цөөхөн. Тиймээс ажлын шаардлагаар 1991 онд алдарт илбэчин, Монгол Улсын гавьяат жүжигчин, нэрт илбэчин Хандсүрэнгийн Цэнд-Аюуш багшид шавь орсон. Багш маань төмрийн токарьчин байж байгаад 1941-1943 онд илбийн төрлөөр төгсөөд далан нас гартлаа илбэ үзүүлсэн гайхамшигтай хүн. Багшаас өмнө Улсын циркийг үндэслэгч, гавьяат жүжигчин Раднаабазар гуай илбэ хийж байсан. Багшаасаа өвлөж авсан энэ мэргэжил маань насны минь хоол болсон доо. Багшийн сүлбэдэг хайрцаг, битүү найман цагирагийг нэг нэгэнд нь гогцоолдох зэрэг гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзэгчид сайн санаж л байгаа. Багадаа цирк үзэж байхдаа багшийгаа ер бишийн хүн гэж бишрэн шүтдэг байлаа. Хожим багш шавь болоод ирэхэд тийм ер бишийн биш харин жирийн мөртлөө гайхалтай хөдөлмөрч, гайхамшигтай авьяастай хүн байсан.

Илбэ анх хаана үүссэн урлаг юм бол?

-Анх 1584 онд Францын Реженальд Скотт гэдэг хүн “Шулмуудыг номхотгох нь” гэсэн ном бичсэн байдаг. Илбэ гэдэг үнэхээр бурханаас заяасан ид шид үү, эсвэл шулмын хорлол уу гэдэгт хариу өгч бичсэн байгаа юм. Тэгээд илбийг урлаг болгож анх тайзнаа үзүүлж эхэлсэн байдаг. Р.Скотт цагчин хүн байсан. Техник сэтгэлгээтэй, гарын ур дүйтэй, юмыг олон талаас нь хардаг хүн илбэчин болох магадлал өндөр юм байна гэж би боддог. Францаас ирсэн найз илбэчин маань “Хүмүүс надаас илбэ сурахад амархан уу гэж асуухад би “Эхний зуун жилд их хэцүү” гэж хариулдаг” гэж байсан нь тун үнэн үг шүү. Илбийг хүн насан туршдаа сурдаг урлаг юм даа. Би 2005 онд илбийн дугуйлан хичээллүүлж байснаас “Авьяаслаг монголчууд”-д оролцож буй Гантулга, Америкт байгаа Манзушир хоёр л илбэчин болсон доо. Илбэ гэдэг танхимын сургалтаар биш шавь сургалтаар сурдаг урлаг.

Та сургалтын төв нээгээд шавь нартаа илбэ зааж байгаа гэлээ. Хэд орчим илбийн үзүүлбэр зааж өгдөг вэ?

-Манай шавь нар сар гаруй сурч байна. Энэ хугацаанд арван хоёр үзүүлбэр сурчихаж байгаа гэсэн үг. Цаашдаа хөзрийн, гар дахь юм алга болгох зэрэг нарийн үзүүлбэр сурчихна. Яваандаа найман минутын бүтэн номер тавьчих хэмжээний болчихно. Сурсан эрдмээ хөгжүүлэх эсэх нь тухайн хүүхдийн л шийдэх асуудал. Илбийн хамгийн гол амин сүнс, үнэ цэн чинь нууцлал шүү дээ.

Японы их зохиолч Рюноскэ Акутагавагийн “Ид шидийн гайхамшиг” хэмээх өгүүллэгт илбэчинд шавь орсон нөхөр шуналаасаа болоод тэр дороо мөнөөх увидас нь алга болдог тухай гардаг. Илбийг муу санаатай хүнд заагаад өгчихвөл буруугаар ашиглах тал байна биз?

-Социализмын үед илбэ их хаалттай байсан. Үр хүүхэд, ач, зээдээ л зааж өгдөг байсан юм билээ. Цэнд-Аюуш багшийн хүү Алтанхуяг гэж мундаг илбэчин байлаа ш дээ. Харамсалтай нь багшийг амьд ахуйд цэл залуугаараа нас барчихсан. Багшийн илбийн урлагийн залгамж тасрах гээд байж л дээ. Энэ үед шавь нь болъё гэж олон хүн очсон байгаа юм. Бүүр арван мянган төгрөг өгье, шавиа болгооч гэсэн хүн хүртэл байсан гэдэг. Тухайн үеийн арван мянган төгрөг гэдэг чинь машины үнэ байлаа ш дээ. Би циркээс гараад “Варьете” чуулгад найруулагчаар ажиллаж байлаа. Варьете гэдэг чинь цирк, эстрадын урлагийн цогц шүү дээ. Циркээс илбэчин авъя гэхээр цалинг нь голоод ирэхгүй. Ингээд чуулгаас илбэчний сургалтын төлбөр гэж хоёр мянган төгрөг гаргаж өглөө. Хадаг сүү барьж очин багшдаа шавь орсон түүх ийм. “Та яагаад намайг шавиараа сонгосон юм бэ” гэж хожим багшаасаа асуухад “Хүнийхээ хувьд чамайг олз хайгаад байхгүй гэж бодсон” гэж байсан. “Баяраа зах дээр суучихаад гурван шаариг аяган дотор бөмбөрүүлээд, хүн луйвардаад байхаар хүн биш” гэдгийг багш маань олж харсан байгаа юм. Муу санаатай хүнд илбэ заавал маш аюултай. Илбэчин хүн чинь үзэгчдийн халааснаас гар утас, хэтэвч, цаг гээд аль л үнэтэй цэнэтэй бүхнийг нь аваад халаасалчихсан байдаг биз дээ. (инээв. сур)

Тэр эд зүйлсийг нээрэн яаж мэдэгдэхгүй аваад байдаг юм бэ?

-Нэгдүгээрт, гарын хөдөлгөөнөө сайтар ашиглаж байна. Хоёрдугаарт, нөгөө хүнийхээ сэтгэхүйгээр тоглож, уймруулж чадаж байна. Илбийн хамгийн гол зүйл чинь л хүний сэтгэхүйгээр тоглох шүү дээ. Хүн чинь их гэнэн амьтан. Хүн л анзаардаггүй болохоос нүд цавчихын хооронд маш удаан хугацаа ш дээ. Халаасны алдартай хулгайч нар автобусанд нэг талаараа мөрлөж хүний анхаарлыг татаж байхаа нөгөө талынх нь халаасыг ухчихдаг. Хүн дайраад байгаа тал руугаа л анхаарлаа хандуулахаас эсрэг талаа мартчихдаг байхгүй юу.

Монголоос олон улсын наадамд илбэчид явж байсан болов уу?

-1977 онд манай багшийн хүү Алтанхуяг Чехословак улсад болсон Карлварын олон улсын илбэчдийн тэмцээнд оролцож байсан юм билээ. Түүнээс хойш 30 жилийн дараа Шинжиний наадамд би оролцсон. Хятад, Солонгосын илбийн урлаг янзын л хөгжсөн юм билээ.

Илбэ үзvvлэхэд хар зураг гаргадаг уу. Ер нь бэлтгэлээ яаж хийх вэ?

-Өөрөө бодож сэтгэж, техник хэрэгсэл ашиглах томоохон илбэ бол хар зураг гаргаж, аппаратур хэрэгслээ бүтээнэ. Үзүүлбэрээ бэлдэхдээ би өрөөнийхөө хаалгыг дотроосоо түгжээд хэнийг ч оруулахгүй ганцаараа хийдэг. Манай зарим ажилчид их гайхдаг юм.

Алчуур сэгсрээд л тагтаа, туулай гаргаж ирснээ шүхэр болгоод байдаг. Хүний гарын хурдан хөдөлгөөнөөр энэ бүхнийг хийж үзүүлдэг гэж үү?

-Хүн олж харахгүй л байх ёстой. Хэрвээ энэ үзүүлбэрийг удаан хийвэл хэнд ч ойлгомжтой ш дээ. Тэгээ л нэг шүхэр энд тэндээсээ гаргаж ирээ л зогсоод байвал ямар ч утгагүй шүү дээ. Илбийг хүмүүсийг гайхширтал гоё л үзүүлэх учиртай.

Илбэчний тухай кинон дээр хутга шидэх үзүүлбэр хийж байхдаа хайртай бүсгүйгээ хөнөөчихдөг шиг эрсдэл их байна биз?

-Цирк бол эрсдэл гэсэн үг байдаг. Илбийн урлаг циркийн нэг төрөл учраас эрсдэл ихтэй. Дохио зөрөх асуудал байна. Цахилгаан хөрөө хархийтэл бууж байгаа үзүүлбэр л гэхэд тоглогч байрлалаа олоогүй үед хөрөө буучихвал хэцүү биз дээ. Илбийн түүхэнд хутгалаад алчихсан, хөрөөдөөд хөнөөчихсөн, сүлбээд егүүтгэчихсэн тохиолдол зөндөө байдаг. Амьтан сургагч арслангаа торноос алдаад хүн бариулчихсантай адил эрсдэл маш их. Тиймээс илбэчин хүн маш нямбай, сахилга хариуцлагатай байх хэрэгтэй. Илбэд нэг л алдаа гаргавал нэр нүүрээ шалан дээр шороотой хутгахтай адил гэж би шавь нартаа хэлдэг юм.

Циркийн алтан үеийнхнээс хэн хэнтэй хамтран тоглож байв?

-Алиалагч Батсүх бид хоёр тоглолтод олон удаа хамтарч байсан. Латиф, Цээеэ нартай ч тоглож л байсан.

Таныг илбийн мастераас гадна олон сайхан дууны шүлэг бичсэн хүн гэж сонссон. Ямар бүтээлүүдтэй билээ?

-Гавьяат жүжигчин, дуучин Оюунбилэгийн дуулсан “Инээцгээе хүмүүс ээ, инээцгээгээрэй”, “Зүүдний цагаан хун”, Хатанбаатарын дуулсан “Цэцэг ичээм”, Г.Эрдэнэбат гавьяатын дуулдаг “Миний хань”, гавьяат Төмөрхуяг, гавьяат Уранчимэг нарын хоёр өөр аяар дуулдаг “Хайранд шингэсэн орчлон” зэрэг нэлээд дуу байдаг юм.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Л.НАРАНБААТАР: Таван толгой урагшлахааргүй болчих шиг боллоо

Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай Таван толгойн гэрээний асуудлаар ярилцлаа.

Таван толгойн ордын хөрөнгө оруулалтын гэ­рээ­ний төслийг Засгийн газар хэлэлцэж, УИХд өргөн барихаар боллоо. Тус гэрээг УИХ дээр хэлэл­цэнэ, хэлэлцэхгүй гэж нэлээдгүй улстөржиж маргалдсаны эцэст төс­лийг хэлэлцэхээр болж байх шиг байна. УИХын дарга тус гэрээг Монгол Улсын олон хуу­ль тогтоомж зөрчсөн, заавал УИХаар хэлэлцэж сайжруулах ёстой гэрээ гэж дүгнэсэн?

-Би хууль зөрчсөн гэж бодохгүй байгаа. Монгол Улс ганцхан А.Гансүх гэдэг хуульчтай биш. А.Гансүх хэлэхээр ч юм уу эсвэл мэдэгдэл хийчихээр бүх зүйл үнэн болчихдог юм биш. Сумитомо, Шинхуа зэрэг компаниуд олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Тэд өмнө нь энэ улсын ийм хуулиудыг зөрчсөн гэдэг мэдээлэл алга.Энержи Ресурсыг Монгол Улсын хуулийг зөрчиж байсан гэж би сонсоогүй. Хууль зөрчсөн гэрээ оруулж ирлээ гэдэг нь олон улсын компаниудын нэр хүндэд халдаж, гүтгэж буй хэрэг гэж бодож байна. Гадаад харилцаанд сэв суулгахаар шахуу мэдэгдэл. Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд бие дааж шийдэх бүрэн бололцоотой байсан байх. Гэхдээ одоо Таван толгой урагшлахааргүй болчих шиг боллоо.

Яагаад урагшлахгүй гэж, урагшлуулахыг дэмжиж байгаа хүмүүс маш олон байгаа шүү дээ. УИХ дээрээ хэлэлцээд дэмжчих болов уу гэсэн хүлээлт олон нийтэд бай­гаа. Уул уурхайн төслүү­дийн гацаанаас болж олон зуун ханган нийлүүлэгч компани зогсонги байдалд орж, олон мянган хүн ажлын байргүй байхад энэ төслийг арай гацаахгүй байлгүй дээ?

-Би муу амлаж байгаа юм биш. Гэхдээ энэ төсөл явахгүй байх магадлал байна. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын төсвийн байнгын хороо хуралдаж эрчим хүч, төмөр замын томоохон төслүүдийг Засгийн газар зээл авч шийдсэн тохиолдолд улсын өрөнд тооцохгүй гэдэг хуулийн төслийг дэмжчихлээ. Энэ өр бишээ гээд төмөр замаа өрөөр санхүүжүүлэх ньл дээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Таван толгойгоос урагшаа татах төмөр замыг дахиад ард түмнээ өрөнд оруулж байгаад, гүйцэтгэлийн ажил дээр нь нам дамжсан бүлэглэлүүд “найрлах” гэсэн л арга. Энэ өрийг цаасан дээр өр биш гэж мянга бичсэн ч бид л төлнө. Бидний үр хүүхэд төлнө. Тэгэхээр Таван толгойн гэрээний төслийг явуулахгүй гэдэг нь аль эрт тодорхой байсан юм биш үү гэх хардлага бий болж байна. Улстөрчид төмөр зам төрийн мэдэлд байх ёстой гэдэг популизмаар ашиг сонирхлоо халхалж байгаа юм биш биз? Үнэн бол энэ жүжигтээ зөвхөн ард түмнээ биш бүр Хятад, Япончуудыг итгүүлээд хошгоруулсан болно.Би Таван толгой төслийн гэрээг Монголчууд хөрөнгө оруулагчдад итгэлээ алдахгүй байх сүүлчийн шахуу боломж гэж харж байгаа. Бид төмөр зам төрийн мэдэлд байна, ингэхдээ концессийн гэрээгээр, хувийн хэвшлийн мөнгөөр төмөр замаа барьж байгуу­лаад төрдөө шилжүүлэн авах хууль эрхзүйн орчинтой. Би бол тэр эрх зүйн хүрээнд асуудал явж байна гэж харж байгаа.

С.Ганбаатар гишүүн Ард Аюушийн нутаг, Ховдоос мэдээлж байна гээд хэвлэлийн хурал хийж өөрийн фэйсбүүктээ тавьсан байсан. Гишүүн Оюу толгойгоо ард тү­мэн­дээ буцааж авах хөдөл­гөөн байгуулж байгаагаа мэдэгдсэн байна лээ?

-Би тэр бичлэгийг өг­лөө нь үзсэн. Үнэндээ инээд хүрсэн. С.Ганбаатар гишүүний “маск” хуулагдаж байх шиг санагдсан. Оюу толгойн хамаг мэдээллийг ухаж, төнхөн хамгийн ихээр зууралдаж, нүд чихээ нааж явдаг хүн юу ч мэдээгүй явж байна гэдэгт би итгэхгүй байна. Таван толгойгпопулизмдаж олны анхаарлыг Оюу толгойн гэрээнээс сарниулсан нь С.Ганбаатар. Заримдаа Ган­баа гишүүн маань Таван толгой төслийг нураахаар зүтгээд байгаа бүлэглэлийн даалгаврыг биелүүлдэг хүн болчихоогүй байгаа даа гэж бодоход хүрэх юм.Одоо Оюу толгойг төрдөө буцааж авна гэх дүйвээнийхээ хавчуурганд Таван толгойг нааж, Ухаа Худагаа буцааж авах хөдөлгөөн өрнүүлж магадгүй. Тэгвэл аль эртнээс Таван толгойд эзэн суух хүсэлтэй нам дамжсан бүлэглэлийн зорилго бие­лэх болно. Өмнө нь үзсэн олон ангит киноны хамгийн өрнөлтэй хэсэг нь одоо л гарах гэж байна. Биднийг кино үзээд баясаад сууна гэж бодож байгаа бол эндүүрч. Ард түмэн чинь бас нүд, чихтэй юм шүү дээ.

Бүлэглэл гэж та хэнийг хэлээд байна вэ?

-Удахгүй тодорхой бол­но, Монголын ард түмэн бүгдээрээ харъя. Одоо үйл явдлын өрнөлөөс эр­гээд харахад стратегийн ордуудыг дээрэмдэх ажлыг эртнээс зохион байгуу­лалттайгаар хийж байсныг бид мэдээгүй байж. Тэрбум шахуу долларын үнэлгээтэй байсан Саусгоби компанийн Овоотын коксжих нүүрсний ордыг улстөрчид яаж 2012 оны сонгуулийн өмнө популизм хийж, үнэ цэнэгүй болгосон билээ? Тэгээд саяхан 40 хүрэхгүй сая долларын үнээр Хятадын компанид зарагдаж, Рио Тинто тус ордоос өөрсдийн хувьцаагаа гаргасан шүү дээ. Үүнийг ярьж, анхаарч байгаа популист улс төрч одоо байна уу? Монголын ард түмний баялаг, төмөр замгүй Таван толгойн ордын үнэлгээ цаашид унасаар л байх болно.

Хувьцаа гэснээс Эрдэнэс Таван толгой ком­панийн хувьцааг Монголын 3 сая иргэн эзэмшдэг. Хувьцаагаа хэнд ч хэрэггүй хог цаас болгоё гэвэл Таван толгойн гэрээний төслийг энэ чигээр нь явуулъя гэж УИХын дарга сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн. Үнэхээр Таван толгойн хувьцаа энэ гэрээгээр хэнд ч хэрэггүй цаас болох уу?

-Иргэдэд өгсөн хувьцаа нь ногдол ашиг өгөх нь битгий хэл өрийн бичиг болчихсон байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө иргэдэд нэг сая төгрөг авах эсвэл 1072 хувьцаа үнэгүй авах гэсэн хугацаатай сонголт өгсөн. Шинэчилсэн бүртгэлд 2,858,465 иргэн бүртгүүлсэн байдаг.Үүнээс 971,217 иргэн хувьцаа эзэмших сонирхлоо илэрхийлж бүртгүүлсэн. Өн­дөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан нийт 766,863 иргэн хишиг хувь хүртсэн. Үлдсэн 1,120,285 иргэн хувьцаа эзэмшихгүй, бэлэн мөнгө авъя гэж бүртгүүлсэн ч өнөөг хүртэл Засгийн газраас мөнгөө авч чадаагүй хүлээж байна. Тэгэхээр 3 сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл болж байна. Амласан мөнгөө ард түмэнд өгөх эх үүсвэр дутагдаж байгааг яахав ойлгож байна.Уг нь энэ хүнд байдлаа зөвөөр ойлгуулаад, мөнгө өгөх боломжгүй гэдгээ хэлээд АН, МАНард түмнээ­сээ уучлал гуйчихвал зүгээр л байгаа юм.

Хувьцаа эзэмшиж буй иргэд яг хэдий хэмжээний өрөнд орчихоод байгаа юм бэ? Ноогдол ашиг авахын тулд өр зээлээ төлж дуусаж байж иргэд хувьцааныхаа өгөөжийг хүртэнэ биз дээ?

-Баримттай хэлье! Эрдэнэс Таван толгой эзэмшиг­чийн өмчгүй болчихсон компани. 2014 оны эцсийн санхүүгийн тайлангаар 903 тэрбум 205.3 сая төгрөгийн өртэй,эзэмшигчийн өмчийн хэсэгтээ “хасах”, дахин хэлэхэд “хасах” 107 тэрбум 114 сая төгрөгтэй байна. Энэ компани эзэмшигчийн өмчгүй болтлоо ингэж дампуурчээ. Баланслаад ядаж “тэг” утгатай байж болоогүй юм байх даа? Нийт өрийг нь хувьцаа эзэмшигч иргэддээ хувааж үзэхэд нэг хүнд 929 мянга 972,7 төгрөгийн өр ногдож байна.Энэ тэгээд үнэ цэнэтэй хувьцаа юу? Харамсалтай нь иргэд хувьцаанаасаа татгалзаж, сая төгрөгөө авах эрх нь 2012 онд хаагдсан. Бандан тас болсон. Харин амжаад хувьцааны оронд сая төгрөг авах хүсэлт өгсөн 1,120,285 иргэн төрөөс мөнгөө нэхэж болох юм.

Гэхдээ энэ өр чинь цаг хугацааны л асуудал шүү дээ. Таван толгойн баруун, зүүн Цанхид асар их нүүрсний нөөц байгаа. Эрдэнэс Таван толгой IPO хийгээд ч юм уу эсвэл банкнаас зээл авч хөрөнгө оруулалт хийгээд баяжуулах үйлдвэр барьж болно шүү дээ. Та өр гэсэн өнцгөөс нь хэтэрхий яриад бусад боломжуудыг нь ярихгүй байх шиг?

-903 тэрбумын өртэй, 20-хон тэрбумын үндсэн хөрөнгөтэй компанид банк зээл өгөхгүй. Дотоодын банкууд зээл өгөөд дээд “тааз”-андаа тулчихсан. Нүүрсний үнэ төсөөлснөөс ч доогуур орно, зах зээлийн муу нөхцөл 2020 он хүртэл үргэлжилнэ гэж сая болсон Coal Mongolia-2015 чуулганд илтгэл тавьсан олон улсын судлаачид дүгнэж хэлнэ лээ. Ийм нөхцөлд дахиж зээл өгөх юм бол Эрдэнэс Таван толгой дотоодын банкуудаа татаж унагаах эрсдэлтэй. Гадаадын банкнаас зээл авъя гэвэл үндсэн хөрөнгөнөөсөө 46 дахин их өртэй, эзэмшигчийн өмч нь “хасах” утгатай болчихсон компанид зээл өгөхгүй. Авъя гэсэн ч өгөхгүй байна. Өр болон хөрөнгийн зохистой харьцаа алдагдсан учраас боломжгүй. IPO хийж хөрөнгө босгоно гэдэг нь Таван толгойн ордоо барьцаалж, Эрдэнэс Таван толгойн хувьцааг зарж мөнгө олно гэсэн үг. Тэгээд ч зах зээл муу, төмөр замгүй учраас Саусгоби компанийн Овоотын уурхай шиг хэдхэн сая ам.долларын үнэ хүрнэ. Ёстой нөгөө баялгаа үнэгүй өгнө гэгч нь болно. Тэгэхээр энэ бол бүтэхгүй санаа. Ямар ч эдийн засагч, санхүүч Эрдэнэс Таван толгой компанийн санхүүгийн тайлан балансыг уншаад миний энэ хэлж байгааг л хэлнэ.

Эрдэнэс Таван толгой компани 2014 оны эцсийн тайлангаар 30 орчим тэрбум төгрөгийн нийт ашигтай ажиллалаа гээд байсан. Худлаа мэдээлэл өгсөн болж байна уу? Эрдэнэс Таван толгойд дотоодын гэрээт компани харьцангуй өртөг багатай олборлолт хийж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж байна гэж компанийн захирлууд нь мэдэгдэл хийсэн байсан?

-Би тайланг нь www.erdenestt.mn гээд өөрийнх нь сайтаас харсан. Орлогоос үйлдвэрлэлийн зардлыг хасвал тийм ашиг харагдаж байгаа, үнэн. Харин зээлийн хүү, удирдлагын зардал, валютын ханшийн алдагдал зэргийг хасаад харвал 64.4 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажилласан байна билээ. Өртгийн тухайд нэг тонн нүүрсний олборлолтын зардал зохистой хэмжээнд байж чадаж байгаа юу гэдэг нь анхаарах асуудал.

Эрдэнэс Таван толгой их “тансаг” зардлаар олборлолт хийж, нүүрсээ “түүхий нүүрсний дундын ченжүүдэд” л нийлүүлж байгаа. Нэг тонн түүхий нүүрсний олборлолтын өртөг нь 26.2 ам.доллар, Ганц мод боомт хүргэх тээвэрлэлтийн нийт өртөг нь 17.5 ам.доллар байна. Энержи Ресурс нэмүү өртөг шингээж, баяжуулсан нүүрс экспортолдог бөгөөд жишээд харьцуулахад нэг тонн түүхий нүүрсний олборлолтын өртөг нь 19.7 ам.доллар, нэг тонн баяжуулсан нүүрс Ганц модны боомт хүргэх тээвэрлэлтийн өртөг нь 14.1 ам.доллар байгаа юм. Эрдэнэс Таван толгой тонн нүүрс тутамдаа олборлолтын зардал нь 33%-иар, тээвэрлэлтийн зардал нь 24%-иар илүү зардалтай байгаа биз? Эндээс Эрдэнэс Таван толгой компани ямар их үргүй зардлаар олборлолт, тээвэрлэлт хийж байгааг дүгнэж болно. Өмнөх жилүүдийн алдагдлыг нь харьцуулж ярихаа больё. Гэхдээ ард түмний баялаг гээд үргүй зардлаар мөнгө урсгаад сууж болохгүй биз дээ?

Нэг тонн нүүрсний зардалд харьцуулахад төрийн компани ийм өндөр зардлаар үйлдвэрлэл явуулж байгаа юм байна. Гэхдээ Чалкогийн өрийг төлөх зээлийн хүүгийн зардал ороод өртөг нь ийм өндөр болсон байлгүй дээ?

-Үгүй. Чалкогийн өр үүнд ороогүй. Цэвэр олборлолт, тээвэрлэлтийн процессын зардлын харьцуулалт. Нэг зүйл хэлэхэд уул уурхайн үйлдвэрлэлийн эдийн засагт хөрс хуулалтын итгэлцүүр гэж маш чухал ойлголт байдаг юм. Өөрөөр хэлбэл нэг тонн нүүрс олборлоход хэдэн м3 хөрс хуулж, зайлуулав гэдэг үзүүлэлт. Энэ үзүүлэлт өндөр бол их хөрс хуулж, нүүрсний олборлолтын зардал өсдөг жамтай.

Ухаа Худаг болон Цанхийн уурхайн энэ үзүүлэлтийг харахаар Ухаа Худаг бараг хоёр дахин илүү хөрс хуулж байж нэг тонн нүүрс гаргаж авч байна. Ухаа Худагийн ашиглалтын нөхцөл илүү хүнд байна гэсэн үг л дээ. Хоёр компанийн 2014 оны тайлангаас харж харьцуулалт хийхэд хөрс хуулалтын итгэлцүүр Ухаа Худагт 5.7 м3/тн байхад Эрдэнэс Таван толгойн баруун, зүүн Цанхийн уурхайд дунджаар 3.1 м3/тн байж. Эндээс харвал Цанхийн уурхайд нэг тонн нүүрсэнд ногдох олборлолтын зардал хоёр дахин шахуу бага баймаар. Гэтэл эсрэгээрээ бүр 33%-иар өндөр байгаад байдаг. Мэргэжлийн инженерүүд, эрдэмтэд, уул уурхайн сургуулийн багш нар бодит дүгнэлтийг хийж жирийн иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй. Манай улстөрчид мэдэхгүй зүйлээ ичиж зоволгүй ийм хүмүүсээс нэг асуучихвал зүгээр.

Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой компанийн 2014 оны эцсийн санхүүгийн тайлан баланс www.erdenestt.mn

-Coal Mongolia-2015 чуулганд Эрдэнэс Таван толгой компанийн уурхайн захирал нүүрсээ түүхийгээр нь уурхайн ам нөхцлөөр зарж байгаа гэж байна лээ?

-Яахав, түүхий нүүрсийг өндөр үнээр авдаг бол заавал баяжуулах шаардлагагүй байж болно. Гэхдээ энэ боломжгүй зүйл. Эдийн засгийн талаасаа асар их хохиролтой. Боловсруулалт хийхгүйгээр баялгаа их хэмжээгээр түүхийгээр нь зарна гэдэг Монголчуудын өрсөлдөөний стратеги биш, баялгаа үрэн таран хийж буй хэрэг. Бодит ашгийг Хятадын нүүрсний ченжүүд хүртсээр байх болно. Нүүрсийг угааж баяжуулахаар илүүдэл шороо, чулуунаасаа салж чанар, илчлэг нь сайжирдаг. Түүхий нүүрстэй харьцуулахад овор хэмжээ нь 20-30% буурна. Энэ хэмжээгээр тээвэрлэлтийн зардлаа хэмнэдэг. Чанар дагаж үнэ гэдэг дээ. Угаасaн нүүрсийг түүхий нүүрснээс илүү өндөр үнээр зарж болно. Ингэж Таван толгойн ордын нүүрсийг дэлхийн зах зээлд буюу Хятадаас гадна Япон, Солонгос гэх мэт гуравдагч зах зээлд гаргах нь Монголчуудын зорилго байх учиртай. Харамсалтай нь бид юун далайн боомтод хүрэх нь битгий хэл уурхайн аман дээрээ хүртэл “шахуулаад”, Орос ах нартаа коксжих нүүрсний зах зээлээ булаалгах дээрээ тулчихаад сууж байгаа. Ийм арчаагүй байдлаас хурдан гарах хэрэгтэй. Ер нь нүүрсийг түүхийгээр зарвал үнэ багатай зарах учраас ордыг сорчлон олборлохоос аргагүй байдалд хүргэдэг. Уурхайн ашиглалтын нөөц хомсдох хохиролтой.

Эх сурвалж: Эрдэнэс Таван толгой компанийн 2014 оны тайлан www.erdenestt.mn

Эрдэнэс Таван толгойн уурхайд сорчлон ашиглах байдал ажиглагдаж байгаа юу? Сорчилно гэхээр өндөр чанартай нүүрсийг аваад, бусдыг нь хаяна гэсэн үг үү?

-Тийм. Уурхайг урт хугацааны төлөвлөлтийн дагуу, хөрс хуулалтын зохистой горимоор өртгийг нь удирдаж авч явах ёстой юм. Нүүрсээ түүхийгээр олборлож байгаа учраас үнэ багатай борлуулдаг. Үнэ бага учраас яах вэ? Хөрсөө аль болох бага хуулж, ахиухан нүүрс авахыг хичээхээс аргагүй. Ингэж тонн нүүрсэнд ноогдох өртөг зардлыг хүчээрбууруулах гэж технологийн горимыг эвдэж эхэлдэг. Ийм түүхийг Багануур, Шивээ овоогийн уурхайгаас харж болно. Үнийг нь хэт доогуур урт удаан хугацаанд барьснаас болж хөрс хуулалт нь хоцроод, нүүрс нь ханандаа тулчихсан байгаа. Хөрс нурвал уурхай таг зогсож төвийн эрчим хүчний систем аюултай байдалд орно. Одоо эдгээр уурхайг хөрс хуулалтын зохистой горимд шилжүүлж ажиллуулахын тулд нүүрсний үнийг нь бага ч гэлээ нэмсэн байна лээ. Баруун, зүүн Цанхийн уурхайг ийм байдалд оруулж болохгүй. Коксжих нүүрсний хувьд зах зээлийн өрсөлдөөнөөр үнэ тогтоно. Үнийг бид удирдаж чадахгүй. Харин удирдаж болох зүйл гэвэл өртөг. Таван толгой ордыг баруун, зүүн Цанхи, Ухаа Худаг гэж ялгалгүй цогцолбороор нь бассейны хэмжээнд төлөвлөлт гаргаж сайн, муу нүүрс гэж хаялгүй хамтад нь хольж ашиглах нь байгалийн нөхөгдөшгүй баялгийг иж бүрэн олборлож, ордын үнэ цэнийг өсгөх нөхцлийг бүрдүүлнэ. Олон улсын практик ч энийг харуулна. Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ ажил хэрэг болж чадвал уурхайн өртөг ихээхэн буурч, Монголчууд гуравдагч зах зээлд нүүрсээ борлуулах боломж нээгдэнэ. Гэлээ гээд бүх зүйл сайхан болчихгүйг бас ойлгох хэрэгтэй. Цаана нь жинхэнэ өрсөлдөөн угтана. Австрали, ОХУ, Индонези гээд “аварга тамирчид” биднийг “ринг”-эн дээр хүлээж байгаа.

Таван толгойн ашиглалтын тусгай зөвшөөрөл 100% Эрдэнэс Таван толгой ТӨХК-ийнөмч хэвээрээ үлдэнэ. Нөгөө талдаа Таван толгой ордын зөвхөн баруун, зүүн Цанхийн хэсэгт хамаарах гэрээ хийхээр байгаа. Энэ нь Эрдэнэс Таван толгой компанийн мэдэлд байгаа нийт 7.4 тэрбум тонн нөөцийн 40 орчим хувь. Үлдсэн хэсэг болох Бор тээг, Оорцог, Бор толгой, Онч хараат талбай дээрЭрдэнэс Таван толгой компани 4.4 тэрбум тонн нөөцийг ашиглах, нэмэлт үйл ажиллагаа эрхлэх, зах зээлийн байдлаас хамаарч бусад хөрөнгө оруулалт татах боломж бүрэн нээлттэй үлдэж байгаа.

Эх сурвалж: Эрдэнэс Таван толгой компанийн 2014 оны тайлан www.erdenestt.mn

Таван толгой төслийг гацаахгүй явуулах ямар арга байж болох вэ?

-Тэр 280 сая ам.доллараар гүйцэтгэсэн гээд байгаа төмөр замын далангийн шороо овоолсон ажлын гүйцэтгэлд аудит хийхээ больчих. Энержи Ресурс ч гэсэн үндэсний том компани байна даа. Юм үзсэн юм шиг тэрийг нь нүдэн балай чихэн дүлий өнгөрөөгөөд, хүлээгээд авчих л даа. Ажил нь дутуу бол нөхөөд л хийчихнэ биз. Гэрээнээсээ тэр заалтыг хасчих. Тэгвэл Таван толгой гацалгүй урагшилж магад.

Ярилцсанд баярлалаа.

М.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Баянаа аваргыг амжилтаараа ардаа орхисон БААТАР БҮСГҮЙ

“О.Гүндэгмаа баатар 2016 оны олимпод оролцохоор болжээ, эрхийг нь авчихаж. Энэ олимп түүний зургаа дахь нь” гэх мэдээ монголчуудыг баярлууллаа. Ийм том амжилт гаргасан тамирчин бүсгүйг “Өдрийн сонин” бямба гаригийн “Өдрийн зочин” буландаа онцолж байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин,зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин О.Гүндэгмаа БНСУ-д болсон олимпийн эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэнээр Риог зорих “тийз”-ээ авсан юм. Ингэснээр тэрээр ирэх олимпод оролцох эрхээ өвөртлөөд байгаа манай хоёр дахь тамирчин болж байгаа юм. Уншигчдад сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сард Хонконгод болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хөнгөн атлетикийн тамирчин Б.Мөнхзаяа амжилттай оролцож “Рио-2016” олимпийн наадмын анхны эрхийг эх орондоо авчирсан билээ.

Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 1996 онд Атлантагийн олимпод анх өрсөлдсөн. Тэр олимпод 25 метрийн гар бууны төрөлд тав, 10 метрийн хийн гар бууны төрөлд гучдугаар байрт орсон байдаг. Дараа нь 2000 оны Сиднейн олимпод 25 метрийн гар бууны төрөлд зургаа, 10 метрийн хийн гар бууны төрөлд ес, 2004 оны Афины олимпод 25 метрийн гар бууны төрөлд зургаа, 10 метрийн хийн гар бууны төрөлд 16 дугаар байрт орсон. Ингээд 2008 оны Бээжингийн олимпод од нь гийж 25 метрийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн нь түүний олимпоос авсан анхны медаль байсан юм. Харин 2012 оны Лондонгийн олимпод өмнөх амжилтаа ахиулж чадаагүйгээр барахгүй олимпийн мөнгөн медаль хүртсэн төрөлдөө дөнгөж 27 дугаар байрт орсон нь олон шүтэн бишрэгчийнх нь урмыг хугалсан үйл явдал болсон. Гэсэн ч спорт сонирхогчдын хувьд “Гүндэгмаад дахиад хоёр, гурван олимпод хүч үзэх чадал бий. Тэр тийм чансааны тамирчин. Дэлхийд эрэмбэтэй буудагч бүсгүй шүү” гэж сэтгэлдээ далдхан итгэл тээж байсан билээ. Олон хүний итгэлийг мэдэрч байсан тамирчин бүсгүй маань олимпоос хойш хувийн амьдрал болоод спортын бэлтгэлээ чадварлаг хослуулснаар сая “Дэлхийн цом”-оос алт авч олимпийн эрх хүртэв. Зургаа дахь олимпдоо ийнхүү оролцохоор болсон нь Монголын спортын түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж байна. Х.Баянмөнх аварга, О.Гүндэгмаа нар олимпод таван удаа оролцсон гэдгээрээ бусад тамирчдыг тэргүүлж байсан. Харин О.Гүндэгмаа зургаа дахь олимпдоо оролцохоор болж, энэхүү амжилтаараа Х.Баянмөнх аваргыг ардаа орхиж байна.

Гавьяат тамирчин О.Гүндэгмаа спортын амжилтаараа, хувь амьдралаараа ч үргэлж олны хараанд өртдөг. Түүний нөхөр Х.Цагаанбаатар манай өнөө цагийн шилдэг тамирчдын нэг. Дэлхийд топ-д тооцогддог жүдоч. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ханийнхаа амжилтаар бахархаж “Олимпийн эрх хүртсэн ханьдаа баяр хүргэе” гэж өөрийн цахим хуудсандаа мэдэгджээ. 21 жилийн турш спортод зүтгэж яваа О.Гүндэгмаад Монголын ард түмэн хэзээд итгэдэг. Олимпийн өмнөх таамагт түүний нэр ямагт явж “Гүндэгмаа ямар нэг медаль хүртэж л таараа” гэцгээдэг. Энэ удаад ч олон нийт түүнд итгэж “Гүндэгмаа дараа жил юм дуулгана шүү” гэсэн найдвар тавьж байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Итгэлийн харц

Энэтхэгийн зохиолч Рабидранат Таагүр нь 1913 ондАзийн зохиолчдоос хамгийн анх Нобелийн шагналхүртсэн уран бүтээлч. Тэрээр зохиолч төдийгүй яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач. Их Британид боловсрол эзэмшиж дэлхийн улс орнуудаар нэлээд аялж А.Эйнштейн, М.Ганди зэрэг олны танил болсон эрдэмтэн, улс төрийн зүтгэлтнүүдтэй дотно нөхөрлөжбайжээ. “Өрнө дорнын шилдэг өгүүллэгүүд” номонд орсон Т.Таагүрийн “Итгэлийн харц” өгүүллэг уншигчдын таашаалыг хамгийн их хүртсэн бүтээлүүдийнх нь нэг. Залуухан, хүч чадалтай, чийрэг биетэйКатичондро хэмээх залуугийн эхнэр нь өөд болсон тулдахин гэрлэхгүй гэсэн бодол төржээ. Үлдсэн амьдралаа ан агнахад зориулахаар эргэлт буцалтгүйгээр шийдсэн байв. Нэг удаа завин дээрээ буугаа цэвэрлэж суутал нугасны хоёр дэгдээхэй тэвэрсэн бүсгүй голын эрэг дээр иржээ. Ер бусын үзэсгэлэнтэй тэр эмэгтэйтэй таарсан Катичондро залуу алмайрсандаа барьж байсан зүйлээ чмартав. Гоо үзэсгэлэн нь байгальтай хосолж залуу өөрийн эрхгүй бүсгүйд татагдана. Цэцэг алтан вааранд байснаас бутандаа ургаж байх нь илүү их зохимжтой гэдгийгтэр мөчид Катичондро залуу ойлгожээ. Бүсгүй голын усанд нугасны дэгдээхэйгээ тавиад удаагүй байтал Катичондротой цуг явсан найз залуус нь нугас руубуугаа шагайн бүсгүйгээр тохуурхав. Айж сандарсан бүсгүй дэгдээхэйнүүдээ шүүрэн авч зугтахад залуу найзынхаа бууг булаан авна. Удалгүй Катичондро найз нарынхаа хамт тосгоныг чиглэн явахад замд нь чинээлэг тариачин айлын байшин таарчээ. Тэнд байшингийн хашаанд модны сүүдэрт нугасны дэгдээхэй тэврэн голын эрэг дээр ирсэн нөгөө үзэсгэлэнт бүсгүй далавч нь шархадсан тогоруугаа харан уйлж суухыг хараад залуугийн сэтгэл улам татагдав. Яг тэр мөчид хэн нэг нь “Шудха” хэмээн дуудахад бүсгүй ухасхийн босон гүйжээ. Дурласан бүсгүйнхээ нэрийг мэдэж авлаа хэмээн баярласан залуу тариачин айлын хашаанд ороход нэгэн эр угтаж авчээ. Катичондрогийн дурласан бүсгүйн аав байна хэмээн таамагласан тул түүнтэй танилцав. Бондопадхай хэмээн өөрийгөө танилцуулсанөвгөнтэй ярилцажяаж туслахыгасуухад Шудха охиноо сайн хүнтэй гэрлүүлсэн байхадэнэ ертөнцийг орхиход харамсах юмгүй хэмээн ярьжээ. Шудха гэдэг нь дурласан бүсгүй нь мөн гэдэгт итгэлтэй байсан Катичондро түүнд охинтой нь гэрлэхийг зөвшөөрөхийг хүсэв. Залуугийн ийнхүү хэлсэнд Бондопадхай ихэд гайхаж охиныг нь харсан эсэхийг дахин дахин лавлав. Ийнхүү Катичондро залуугийн хурим болно. Гэтэлэхнэр нь болох хүн нь нөгөө сэтгэлийг нь эзэмдсэн бүсгүй бус өмнө нь огт хараагүй эмэгтэй байхыг хараад залуу мэл гайхна. Гэтэл эхнэр нь болох эмэгтэйг яах аргагүй Шудха гэдэг аж.Өвгөн Бондопадхай өөрийг нь хуурч нэг хүүхнийг үзүүлчихээд нөгөөтэй нь гэрлүүллээ хэмээн ихэд бухимдан намгийн хажууд байдаг тосгоноос амьдралын ханиа олохын тулд байгаа бүхнээ үл хайхран явсандаа залуу ихэд харамсана. Эргэн тойронд хөгжөөн цэнгээн, зочдын хошин яриа, дуу хуур болж Катичондро л бухимдан суув. Гэтэл хурим болж байсан газар хаанаас ч юм бүү мэдтуулай гараад ирэхэд араас нь нөгөө үзэсгэлэнт бүсгүйороод иржээ. Зочид бүсгүйг хараад “Үймүүлэгч орж ирлээ” хэмээн түүнд гар хэмээн дохино. Бүсгүй гайхсан янзтай залуу хосуудыг ихэд сонирхсон янзтай өөдөөс харж сууна. Тэр үед л дурласан бүсгүй нь хэлгүй,дүлий бөгөөд ойр тойрны тэжээмэл амьтан шувууг ивээдэг болохыгмэджээ. Тэр нэгэн өдөр хэн нэг нь “Шудха” хэмээн дуудахад бүсгүй тохиолдлоор босч таарсан аж. Ингээд Катичондро залуу хэлгүй хүүхэнтэй гэрлэсэнгүй. Бондопадхай өвгөн өөрийг нь хуурсан бус харин ч тус болсныг ухаарна. Ийнхүү бодож байтал нэг л мэдэхэд сүйт бүсгүйг халхалж байсан хөшиг нээгдэхэд өнөөх бүсгүй мартагдав. Залуу санаа алдан тайвшраад, өөрт нь таалагдахгүй байсан эхнэр лүүгээ элэгсэгээр харав. Энэ бол жинхэнэ итгэлийн харц байлаа.

Ю.ДЭЛГЭРМАА