Categories
мэдээ цаг-үе

Түүнийг КЭЙТЛИН гэж дуудаарай

Өнгөрсөн даваа гаригт твиттерт нэгдсэн @Caitlyn_Jenner гэсэн аккаунт “Өөрийнхөөрөө байх гэсэн олон жилийн тэмцлийнхээ эцэст би сэтгэл хангалуун байна. Кэйтлиний ертөнцөд тавтай морил” хэмээн жиргээд дөрвөн цаг гурван минутын дотор нэг сая дагагч дагуулж Гиннесийн дээд амжилтыг тогтоолоо. Ингэснээр твиттерт богино хугацаанд маш олон дагагчтай болсон амжилтыг тогтоож, өнгөрсөн сард таван цагт сая дагагчтай болсон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн өмнө гишгэв. Бараг л твиттерийг гацтал ачаалал үзүүлсэн энэ дуулианы эзэн хэн бэ. Түүний жиргээндээ хавсаргасан “Vanity fair” сэтгүүлийн нүүрэн дээрх ахимаг насны үзэсгэлэнт эмэгтэйн зураг хэн байв. Яагаад хавтсан дээр “Намайг Кэйтлин гэж дуудаарай” гэж онцолсон юм бэ. Өөрөө нэг ч хүн дагаагүй мөртлөө түүнийг дагагчийн тоо нэмэгдсээр байгаа энэ эмэгтэйн талаар дэлхий тэр чигээрээ шуугиж байна. Тэр хэн бэ?

Тэр бол Брюс Женнер. Эрэгтэй хүн. Биш ээ. Тэр Кэйтлин Женнер. Бүсгүй хүн. Хүйсээ солиулж, дэлхийн хамгийн алдартай трансжендер гэсэн цолыг нэгэнт хүртээд байна. Бас олимпийн аварга. Дэлхийн дээд амжилтын эзэн. Олны хараанд байдаг бүсгүйчүүдийн хойд эцэг. Одоо эх ч юм уу. Мэдэхгүй ээ. Гэхдээ ийм нэгэн хүний талаар дэлхийн хэвлэл мэдээллийнхэн ид сонирхон, ярилцаж байна. Тэрбээр АНУ-д олимпийн алтан медалийг нэгээр нэмэгдүүлж байсан гэдгээрээ бас байнга олны анхаарлын төвд байдаг Кардишияны гэр бүлийн гишүүн, телевизийн олон ангит кино, реалити шоунд оролцдог гэдгээрээ хүмүүсийн танил нэгэн. Брюс Женнер 1949 онд АНУ-ын Нью-Йорк хотноо мэндэлжээ. Хөлбөмбөгийн спортоор хичээллэж, энэ чиглэлээрээ тэтгэлэг авч их сургуульд суралцаж байсан нэгэн. Өвдгөндөө гэмтэл авсны улмаас хөлбөмбөгөө орхисон ч багш нар нь түүний авьяасыг хөсөр хаяхыг хүсээгүй учраас хөнгөн атлетикийн олон төрөлт тэр дундаа арван төрөлтөөр хичээллүүлж эхэлжээ. 100 м гүйж, зээрэнцэг, бөөрөнцөг шидэж, уртын болон тулгууртай харайлт, 1500 м гээд спортын олон төрөлд жигд сайн байхыг шаарддаг спортын энэ төрлөөр Женнер 1972 оны Мюнхений олимпт аравдугаар байрт орж, 1976 оны Монтреалын олимпоос 8616 оноогоор алтан медаль хүртсэн юм. Тэгэхэд залуу эр 27 настай байлаа. Олимпийн алтан медаль түүнийг эх оронд нь баатар болгосон. Хүйтэн дайны нөхцөл хүндэрсэн 1972 оны Мюнхений олимпод америкчууд сагсан бөмбөг, 100 метрийн гүйлт, арван төрөлтөөр алтан медалиа оросуудад алдсандаа тун ууртай байв. Ийм үед дараагийн олимпт алдсаныг нь эргүүлэн авчирсан хүн баатар болохоос яахав. Тэр дундаа рекорд тогтоосон. Женнерийн тогтоосон дэлхийн дээд амжилт бас хэдэн жилдээ хөндөгдөөгүй юм. Энэ спортын төрөлд оноог тогтоодог дүрэм журам өөрчлөгдөж, түүний амжилт наашаа цаашаа гүйж яригддаг байсан ч 2011 онд гаргасан жагсаалтаар тэр дэлхийн бүх цаг үеийн шилдэг тамирчдын 25 дугаарт, АНУ-ынхад есдүгээрт бичигдсэн билээ. Хэрэв өнгөрсөн цаг хугацаанд эмэгтэй хүн шиг сэтгэж, эмэгтэй хүн шиг өөрийгөө төсөөлж явснаар нь харвал түүний эрэгтэйчүүдийн төрөлд гаргасан энэ амжилт эмэгтэй төрөлдөө бүр гайхалтай амжилтад тооцогдох ёстой юм. Олимпийн медаль хүртэж ирснийхээ дараа 1976 оны Жэймс Сулливаны шагналыг хүртэж, 1976 оны шилдэг эрэгтэй тамирчин цолыг хүртэж байсан олон сайхан түүх түүнд бий. Гэвч тэрбээр өнгөрсөн он цагуудад үргэлж өөртэйгөө зөрчилдөж, дотоод хүн нь өөрийгөө эмэгтэй хүн хэмээн үзэж харин гадаад ертөнц түүнийг эр хүн тэр тусмаа олимпийн эрэгтэйчүүдийн төрөлд дээд амжилтыг тогтоож байсан тамирчин гэдгээр нь харж байсан гээд бодохоор гунигтай.

Спортын ертөнцөд ийм амжилт үзүүлж байсан тэрбээр сүүлхэнээс телевизийн урлагт хөл тавьсан билээ. Олон тооны савангийн дууриудад дүр бүтээж хамгийн муу жүжигчинд олгодог бөөрөлзгөнө шагналын эзэн хүртэл болж явав. Сүүлд 2011 онд Адам Сандлерийн инээдмийн кинонд Аль Пачинотой хамт дэлгэцнээ гарч явжээ. Амьдралын идэвхтэй, тэмцэлтэй энэ хүн уралдааны машин ч унаж явсан нэгэн. Уралдаанд түрүүлж явсан, онгоц зардаг компанитай, нэрээ патенталсан, орлого чамгүй олдог. Бас консерватив үзэлтэй БНН-ын гишүүн гэхээр их элдэвтэй эр байгаа биз.

Түүний гэр бүлийн амьдрал ч бас адармаатай явж иржээ. 1972-1981 онд Кристи Скотт хэмээх бүсгүйтэй амьдарч байсан бөгөөд хүү, охин хоёртой. Анхны эхнэрээсээ салсан тэр долоо хоногтоо жүжигчин Линда Томсонтой гэрлэлтээ батлуулж байжээ. Энэ гэрлэлтээсээ хоёр хүүтэй бөгөөд таван жилийн дараа дахиад л салсан байна. Түүний хөвгүүд реалити шоунд оролцож олны танил болсон залуус байдаг. Брюс Женнер Крис Кардишиянтай 1991 онд гэрлэжээ. Болзоод таван сарын дараа дөрвөн хүүхэдтэй Крис бүсгүйтэй гэрлэхээр болсон байна. Крис Кардишияны хүүхдүүд тэр дундаа Ким Кардишиян бол Америкийн төдийгүй дэлхийн шоу ертөнцийн том төлөөлөл болсон нэгэн билээ. Бүтээл, оюун санааны хийгээд бүтээн байгуулалт байхгүй атлаа “Кардишиянынхантай хамт” гэсэн реалити шоугаар олны танил болж, бас тэр нэр нөлөөгөөрөө мөнгө хийж баян тансаг амьдарч буй энэ бүсгүйг мэдэхгүй хүн үгүй. Сүүлийн жилүүдэд Брюс Женнер олимпийн медальт гэхээсээ Ким Кардишияны хойд эцэг гэдгээрээ алдаршаад байв. Гэр бүлээрээ олны танил болсон тэднийг америкчууд толгой дараалан мэддэг гэдэг. Кристэй гэрлээд хоёр охинтой болсон бөгөөд өдгөө 17, 19 настай Кендалл, Келли нар удахгүй эгч нараасаа давсан нэр хүндтэй болох магадлалтай. Тун хөөрхөн, үзэсгэлэнт охид.

Харин тэдний хувьд аав гэдэг хүн нь мөнхөд үгүй болж хоёр ээжтэй болчихоод байна. Брюс, Крис нар хорь гаруй жил ханилаад 2013 оноос салах болсон талаараа анх зарлажээ. Гэхдээ салах үйл явц үргэлжилсээр ердөө 2014 оны арванхоёрдугаар сард шийдвэр гарч, 2015 оны гуравдугаар сард албажсан байх юм. Брюс залуу байх үеэсээ өөрийгөө эмэгтэй мэтээр төсөөлж эхэлснээ ярьсан байдаг. Багадаа унших чадварын хомсдолтой хүүхэд байсан тэр том болоод ийм эмгэг мэдэрч эхэлжээ. Хоёр дахь гэрлэлтийнхээ дараагаас дааврын эм ууж биеэ бэлдэж эхэлсэн ч Кристэй учирснаар даавраа орхисон аж. Тэрбээр “Би эмэгтэйлэг байдлыг мэдэрч, зүрх сэтгэл маань тийш татагдаж байсан ч хэзээ ч эрэгтэй хүнд татагдаж байгаагүй ээ. Бүсгүйчүүд л намайг татдаг байсан” хэмээсэн байдаг. Магадгүй өөрийгөө олох гэж, таних гэж явсаар гурав ч гэрлэж, гурван айлын хоёр, хоёр зургаан хүүхдийн аав болсон бололтой. Харин энэ оны эхээр Калифорнийн Малибу дахь хурдны зам дээр гарсан осолд өртсөн бөгөөд үүнийхээ дараа хүйс солиулах мэс засалд орохоор шийдсэн нь харамсахгүйн тулд насан туршдаа хүсч явсан мөрөөдлөө биелүүлэх ёстойг ойлгосон ч байж болох юм. Түүний өнгөрсөн дөрөвдүгээр сард олны өмнө эмэгтэй байдлаар гарч, дотоод сэтгэлээ уудалсан ярилцлага чухамдаа бөмбөг тэсэлсэн билээ. Уг бичлэгийг 20,7 сая хүн үзсэн байдаг. Хүйс солиулах мэс заслын хувьд одоо ч дуусаагүй бөгөөд үе дараалалтай явагдах юм гэсэн. Брюс нэрээ өөрчилж Кэйтлин болж буй олимпийн аварга маань удахгүй 66 нас хүрнэ. Шинээр төрсөн Кэйтлин “Брюс бол өөрийн нууцтай. Дандаа худал ярих болно. Харин Кэйтлинд нууц байхгүй. Худлаа хэлэх шаардлага байхгүй” хэмээжээ. Нээрээ л тэгэх байх даа. Түүнээс “Та одоо хамгийн түрүүнд яахыг хүсч байна даа” гэхэд “Өөрийнхөөрөө байна. Хэнээс ч нуугдах шаардлагагүй. Сайхан хувцаслаж, сайхан амарч хөгжилдмөөр байна” хэмээжээ. Түүний хувьд 89 настай ээжийгээ энэ бүгдийг хэрхэн хүлээж авах бол гэдгээс эмээж байжээ. Харин ээж нь хүүгийнхээ ярихыг сонсоод “Ойлголоо. Кэйтлин минь” гэж түүнийг ойлгож буйгаа илэрхийлсэнд тун их баярлажээ. Түүний том хүү ч “Шударгаар хэлэхэд Брюсээс илүү Кэйтлин сайн хүн байна гэж би бодож байна” гэжээ. Өөрөө ч “Брюс шиг худал дүр эсгэх шаардлагагүй юм чинь би хүүтэйгээ санал нэг байна” гэсэн байх юм. Олон жил өөрийнх нь аав гэгдэж явсан хүнийг эмэгтэй болсноо олон нийтийн сүлжээгээр зарласных нь дараа Ким Кардишиян “Ямар үзэсгэлэнтэй юм бэ. Аз жаргалтай байгаарай. Өөрөө­рөө бахархаж, өөрийнхөө хүслээр амьдраарай” гэж хариу бичсэн аж. Малибу дахь гэртээ олон янзаар авахуулсан үзэсгэлэнт эмэгтэйн дүрээр хүрч буй гэрэл зургууд нь хэдийнэ олон нийтэд хүрч эхэлжээ. Удахгүй түүний хүйсээ солиулж буй үйл явцын талаар цуврал баримтат кино гарна. Насаараа баг зүүж, бас насаараа олны анхаарлын төвд явж ирсэн түүнд энэ бүхэн хэцүү биш биз ээ. Угаасаа Кардишияны гэр бүлийнхэнд энэ бүхэн өдөр тутмынх нь үйл хэрэг. Үүгээрээ дуулиан шуугиан цацаж, хөрөнгө хэрхэн босгож болохыг тэд сайн мэднэ. Хэрэв Кэйтлин Крис нар гэр бүлээ цуцлаагүй байсан бол халуухан “охид”-ын гэр бүл нэгэн үзэсгэлэнт хатагтайгаар нэмэгдэх байжээ.

Э.ЭНЭРЭЛ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Я.Төмөрбаатар сайд аа, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд юу хийхээ танаар заалгалгүй 20 жил явж ирсэн юм аа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс уржигдар хуралдаж, соёл урлагийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийг баталсан. Мөн салбар хороодын дарга нар бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийв. Комиссын хуралдааны үеэр Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар наадмыг сурвалжлах телевизийн тоог цөөрүүлэх хэрэгтэй гэсэн санал гаргаж байх юм. Түүнийхээр бол хэтэрхий олон телевиз цэнгэлдэх хүрээлэнд шавчихаад дэмий сэлгүүцдэг болж таарах нь уу.

Эрхэм дэд сайдын хэлсэн үгнээс нь сийрүүлэхэд телевизүүд наадмын эргэн тойрондох хог новшноос өгсүүлээд дэмий дүрс дамжуулаад байгаа гэнэ. Тиймээс наадам сурвалжлах телевизүүдийн тоонд квот тогтоох санаатай байгаа бололтой. Бүр баярын нээлт, хаалтын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг хуруу дарам хэдхэн телевизэд өгье гэсэн үг унагаж байсан. Урлагийн тоглолтыг аль цэгээс нь яаж дамжуулбал зөв харагдах уу гэдгийг найруулагчтай нь ярилцаж байгаад нэг линкээр бүх телевизээр цацах юм гэнэ. Тэгэхээр бүх суваг яг адилхан бичлэг нэвтрүүлэх болж таарах нь. Уучлаарай дэд сайд Я.Төмөрбаатар аа. Хэвлэл мэдээллийнхэн наадмаар ямар мэдээллийг яаж гаргахаа танаар заалгалгүй 20 жил явж ирээд болсон юм.

Одоо та Монголын ардчилсан чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийг зааж чиглүүллээ юу. Сүүлийн үеийн эрх баригчид ам ангайвал хэвлэлийг боомилж, цензурдэх гэдэг болсон.

Я.Төмөрбаатар дэд сайдын дээрх санал үүний нэг тод жишээ мөн. Энэ бүгд цаанаа дарга нарын эдийн засгийн утгатай байдаг.

Өнөө жилийн наадмын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг цөөхөн телевизэд өгч алалцуулах гэж байна. Харин энэ явахгүй саналаа тайлбарлахдаа гадаадынханд Монголын үндэсний их баяр наадмыг зөв харагдуулах сурталчилгаа болно гэж халхавчилж байсан. Чөлөөт ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг боож, хааж, цензурдэх гэсэн дарга нарын зальжин аргатай манай салбарынхан зангидсан гар шиг тууштай тэмцэнэ гэдгээ хэлчихье.

М.МӨНХ

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц цаг-үе

Бөгтөр бөхөнгийн мөхөл ирсэн үү

Казахстаны тэнэгэр уудамтал нутагт соргог бөхөн үй олноороо үхэж үрэгдэн хиарч байгаа гэнэ. Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээс эхлэн хөндий тал бүхэлдээ дэлхийд нэн ховордоод байгаа соргог бөхөнгийн сэг зэмээр дүүрчээ. Урин дулааны цагт юунаас болоод сүргээрээ үхэх болсныг дэлхийн амьтан судлаачид судалж байгаа аж. Гэвч одоогоор юунаас болж үхэж үрэгдээд байгааг тогтоож чадаагүй байна. Дэлхий дээр таван төрлийн бөхөн байснаас өдгөө хоёр төрөл болох соргог бөхөн, монгол бөхөн үлдээд байгаа. Соргог бөхөн Дундад Ази, Казахстан, Халимагийн нутагт бий. Өнгөрсөн оны тооллогоор дэлхийд 180 мянга орчим бөхөн тоологдсон байна. Казахстан улсын зүүн хойд тал нутагт 176 мянга буюуихэнх соргог бөхөн байгаа аж. Соргог бөхөн идээшилж байснаа гэнэт биеийн байдал эвгүйрхэж, чацга алдаж, амнаас нь цагаан хөөс сахарч байснаа тэрий хадаж унаад шууд үхэх болжээ. Тавдугаар сарын сүүлч бол соргог бөхөнгийн ид төллөдөг үе. Яг энэ үеэр үл мэдэгдэх халдварт өвчин гарснаас болж өнөө маргаашгүй янзага­лах дөхсөн хэрэгчин олноор үхжээ. Мөн эхээс төрсөн янзага 2-3 хоноод үхэж байгаа гэнэ. www.saiga-conservation.com сайтад гарсан албан ёсны мэдээгээр 120 гаруй мянган соргог бөхөн үрэгджээ.Энэ нь Казахстаны нийт бөхөнгийн 80 хувь нь үхсэн гэдгийг тус улсын Био­логийн төрөл зүйлийг хамгаа­лах нийгэмлэгийн тэргүүн Стефан Зүтер хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр мэдэгдсэн байна. Үхсэн соргог бөхөн­гөөс авсан шинжил­гээгээр пастерюрелосис (pasteurelosis), клострида (clostridia) хэмээх хоёр төрлийн бактери илэрсэн гэнэ. Гэхдээ тус бак­тери нь амьтны хоол боловс­руулах эрхтэнд энгийн үед ч байдаг аж. Пастерюрелосис (pasteurelosis), клострида (clostridia) зэрэг бак­терийн бага зэргийн өөрчлөлтөөс соргог бөхөнгийн дархлаа сулрахад хүргэсэн байж болзошгүй. Эсвэл Казахстанд өнгөрсөн өвөл маш хүйтэн байснаа хавар чийглэг уур амьсгалтай байгаа нь амьтдын дархлаа суларч, ямар нэгэн бактерт тэсвэртэй байх чадварыг унагаснаас болж соргог бөхөн үй олноороо хорогдсон байж магадгүй хэмээн таамаглаж байна.

ӨВС ӨНДӨР УРГАСАН ЖИЛ ЦАГААН ЗЭЭР ҮЙ ОЛНООРОО ҮХДЭГ, СОРГОГ БӨХӨН Ч ГЭСЭН ТЭГСЭН БАЙЖ МАГАДГҮЙ

Энэ талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач, доктор Л.Амгалан “Соргог бөхөн үй олноор үхэж үрэг­дэж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Гэхдээ юунаас болж сүргээрээ үхэж байгаа нь одоо болтол тодорхойгүй байна. Соргог бөхөнгийн хувьд тэсвэр тэвчээр муутай амьтан гэхэд болно. Монгол бөхөнгийн хувьд гэхэд зуд тэсвэрлэх чадвар их тааруу байдаг. Ер нь бөхөн их эмзэг амьтан. Казахстанд их хүйтэн өвөл болсон гэсэн. Мөн бороо хур элбэгтэй, өвс ногооны гарц их сайн байгаа гэж байна лээ. Манай орны зүүн аймгуудад хур бороо ихтэй, өвс өндөр ургасан жил цагаан зээр үй олноороо үхэж үрэгддэг. Тэрэн шиг зүйл соргог бөхөнд тохиолд­сон байж магадгүй” гэв.

ХАЛИМАГИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН 86 СОРГОГ БӨХӨН ҮХЖЭЭ

Дэлхийн байгаль хамгаа­­лах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Н.Мөнхнаст “Манай орны баруун хэсэгтМонгол бөхөн 13 мянган толгой байна гэх тоог гаргасан байгаа.Соргог бөхөн Дундад Ази, Казахстан, Халимагийн нутагт олноороо байдаг. Казахстанд хамгийн олон соргог бөхөн байдаг. Харамсалтай нь Казахс­танд соргог бөхөн маш олноороо үхэж үрэгдэж байгаа гэх мэдээллээс өөр нарийн мэдээлэл бидэнд алга байна. Манай оронд соргог бөхөн 1960 оноос хойш нэг ч харагдахаа больж, устаж үгүй болчихсон. www.saiga-conservation.com сайтад тавигдсан мэдээлэлтэй сууж байна” гэлээ. ОХУ-ын Халимагийн Зэрлэг амьтан судлалын төв соргог бөхөн хамгаалал, судалгаагаараа олон улсад ихээхэн нэр хүндтэй гэнэ. Сүүлийн жилүү­дэд тус судлалын төвийн эрдэмтэн судлаач нар соргог бөхөнг нарийвчлан судалж, үржүүлэн тэжээдэг байна. Гэтэл Халимагийн Зэрлэг амьтан судлалын төвийнсоргог бөхөн дунд халдварт өвчин гарч олноороо үхжээ. Одоогийн байдлаар 90 соргог бөхөн байснаас дөрөв нь амьд үлджээ.Нэг эр хэржин, гурван хэрэгчин амьд үлдсэн юм байна. Харин бөхөн ямар өвчнөөр өвчилж хорогдсон нь тодорхойгүй байгаа ажээ.

МОНГОЛ БӨХӨН ХАЧИГ ГУУРАНД БАРИГДАЖ, ЭРГҮҮТЭЖ ҮХДЭГ АМЬТАН

Говь-Алтай аймгийн Дарви сумын иргэн Н.Буянбаттай холбогдож монгол бөхөн ямар төрлийн өвчнөөр үхэж үрэгддэг талаар асууж тодрууллаа. Тэрбээр сүүлийн арав гаруй жилийн турш Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийнхөнтэй хамт Монгол бөхөн судалгааны ажилд явсан нэгэн юм. “Монгол бөхөнгийн хувьд ямар нэгэн халдварт өвчин тусч үхээд байдаггүй амьтан. Харин зуд болохоор үхдэг, хачиг, гуурандаа баригдаад үхсэн тохиолдол гардаг. Мөн бог мал эргүүтэх өвчин тусдаг шиг бөхөн ч гэсэн эргүүтчихдэг. Манай нутгийн настай хүмүүс соргог бөхөн байсан талаар ярьдаг юм. Монгол бөхөнгөөс илүү том биетэй, нарийн тоос татуулаад хөндий талаар давхи­даг байсан гэж хуучилдаг юм. Казахс­тан, Халимагт соргог бөхөн олноор үхсэн гэдгийг сонссон. Уг нь Шарга, Хүйсийн говиор авчрах юм бол нутагшиж, идээших амьтан гэж манай судлаач нар ярьдаг юм” гэлээ. Устаж үгүй болох дээрээ тулаад байгаа бөхөн ямар онцлогтой амьтан болохыг талаар уншигч та бүхэнд хүргэе.

БӨХӨН ХҮЙТНИЙГ ТЭСВЭРЛЭЖ ЧАДДАГГҮЙ

Бөгтөр бөхөн жил бүророо нь ордог ч тэр бүрт хээлтэх нь үгүй. Соргог бөхөн, ер нь монгол бөхөн ч тэр үржил муутай амьтан. Бөхөнгийн эмийг ихэвчлэн шарагчин гэдэг ч зарим ном, тэмдэглэлд хэрэгчин гэсэн нь таардаг. Эрийг ооно, хэржин хэмээнэ. Шаргачин ховор тохиолдолд ихэрлэж, эс бөгөөс нэг янзага төрүүлнэ. Турь муутай энэ амьтны хувьд төл цөөтэй байх нь дээр ч, жил ирэх тусам тоо толгой нь цөөрч байгаа бодгалийн хувьд олуулаа байх нь хэрэгтэй. Ихэнх амьтан зун, намар, хаврын урин дулаан цагт үржилд ордог байхад хүйтэнд тэсвэргүй хөөрхий бөхөн дүн өвлөөр буюу арваннэг, арванхоёрдугаар сард ороогоо тайлна. Хээлтэй үлдэж чадсан шаргачин 5-6 сар үр төлөө хэвлийдээ тээгээд янзагаа төрүүлнэ. Янзага мэндлэх гэж эхийгээ тэгтэл зовоохгүй. Харин эх нь төрүүлэхээсээ илүүтэй төрсний дараахыг “бодож”, тооцоолж зовно. Нялх биетэй эх, янзага хоёрт дайсан мундахгүй. Үнэг, хярс, чононоос эхлээд махчин шувууд хүртэл янзага төрөх мөчийг бөхөнгийн ижил сүрэгтэй хамт хүлээнэ. Бөхөнгийн сүрэг бүл нэмэх гэж хүлээнэ. Бөөцгөр махчид ходоодоо баярлуулах гэж отно. Сүргээрээ манаж, эх нь нуугдаж төрөөд ч нэмэргүй алдчих тохиол байхад сүүдэр­тэйхэн газар бараадаж төрөөд эсэн мэнд торниулах нь бий. Гөрөөсний янзагыг бодвол тамир тэнхээ муутай ч дэлхийд ховордсон бүлийн тоог нэгээр нэмж байгаагаараа нэр төртэй янзага удалгүй биеэ даачихна. Хөхөлтийн ая даахгүй мөөмөө бусад сүүн тэжээлтний үр зулзага шиг тэгтэл үлгэж зовоохгүй. Эх нь ч эрхлүүлж, наалдаад байхгүй. Янзагаа бутны ард, хонхор гүдгэр газарт хэвтүүлж нуугаад бэлчээрт гарна. Гэвч зарим янзага ээжийнхээ үгэнд орж дуулгавартай хэвтэхгүй, дагаж дэнчигнэх нь бий. Ийм тохиолдолд ээж нь хэвтүүлэх гэж хэд хэд оролдсоны эцэст орхиод зугтаачихдаг. Янзага мэдээж ээжийнхээ араас хэд харайх боловч удалгүй ээжээсээ хоцорно. Тэгээд хоцорсноо мэдэхээрээ нугдай­тал хэвтчихнэ. Дагаж гүйсэн янзагаа эх нь алсханаас хараад зогсоно. Өөрийг нь явсан гэж бодоод хэвтээд өгөхөөр нь тайвширч, идээшилнэ. Үрээсээ зугтан байж ирсэн хэрнээ идэж шалихгүй. Тэр хэрээрээ байгаль, дэлхийд ч хор хөнөөлгүй. Таана, хөмүүлхэн зулгааж харагдана. Тэгсэн хэрнээ 80-90 төрлийн ургамлыг сорчлоод идчихдэг гэж байгаа. Тэр нь үлдэж хоцорсон янзаганд нь юугаар ч орлуулахгүй шим, тэжээл болно. Нам гүмхэн, тайван гэгч нь идээшилж зогссон бөхөнгийн сүрэг дундаас аль нэг нь юу болов гэмээр давхиад явчихвал гайхах хэрэггүй. Бургасны мөчир шиг турь муутай хөлтэйгээ мэдэхгүй хурд мэдэн хатирах нь тэдний зан. Зан гэхээсээ илүү тэд маш үргэмтгий, сонор. Бусдаасаа түрүүлж ямар нэг дуу чимээ сонссон нь тэр. Хатирч өгнө. Оононууд нь түрүүнд нь л харагдана. Туурайтны багийн амьтан гэсэн шиг таваргаж гарна. Бүр цагт 80-90 километр хурдтай давхидаг ч гэдэг. Гөрөөсийг бодвол царай муутай, бөгтөр ч хөлний шандсаараа бол дутаад байхааргүй. Ганц нэгээ­рээ үргэж цахилсан бөхөнг өмнө нь харж байгаагүй хүн нарийн тоос яваад байна гэж гайхаж харахаар.

Аюул занал үнэхээр тулаагүй л бол янзагаа орхисон шаргачин тэгтлээ зугтахгүй. Хэсэг дав­хиад эргэнэ. Амьсгаа дарангаа орчноо ажна. Аюул үгүй бол буцаад шогшчихно. Хэн нэг нь сүргээсээ үлдэхийг сүрэг андахгүй. Учиргүй зугтаж, үргэж давхиж байсан амьтад эргээд нам жим болно. Янзагаадаа эргэсэн шаргачингаа бараадацгаана. Хань болж байгаа нь тэр. Ахиад ямар нэг чимээ гарвал бултаараа буцаад үргэчихнэ. Ахиад л оононууд нь түрүүчид нь л үзэгдэнэ. Өөрөөр хэлбэл, шарагчингууддаа аюулгүй зам зааж байгаа нь тэр. Гэхдээ бас аюулаас өөрийгөө аврах гэж байгаа нь энэ. Судлаачдын тэмдэглснээр сүрэгт эмээсээ эрэгчин нь олон байдаг нь үүнтэй ч холбоотой байж мэднэ. Урин дулаан цаг бөхөнгийн хувьд аюул ихтэй ч амьдрахад таатай, амар амгалан өдөр хоногууд. Хүйтний улирал бол тэдний ихэнхийг ертөнцөөс авч одох хяслант сар, өдрүүд. Юуны тулд хахир хүйтэн хэчнээн өвлийг шазуур зуун эдүгээг хүрснийг нь хэн ч мэдэхгүй. Ингэж хэлсний учир нь хөхтөн амьтад дундаас гарал үүслээрээ хамгийн балар эртнийхэд тооцогддог энэ амьтны тоо толгой өвлийн улиралд эрс цөөрдөг байна. Учир нь бөхөнгийн шилбэ шандастай ч гэлээ хүйтэнд тэсвэргүй. 35 хэмээс дээш хүйтрээд ирвэл бургасны мөчир шиг шилбэнийх нь чөмөг нь тас хөлдчихдөг бай­на. Хөдөлж чадахгүй бөөций­төл бөмбөгнөж зогссоор босоогоороо хөлддөг гэнэ лээ. Ихэвчлэн нас биед хүрсэн нь амь мэнд үлдэж, тэдний биеийн илч, нөмрийг бараадсан залуу ооно, шараг­чин онд орно. Өвөл өвлөөс үлдсэн бөхөнгүүд бие биесээ бараадаж сүрэглэнэ. Ийм маягаар дэлхийд хоёрхон зүйл үлдсэний нэг нь 13 мянга орчим монгол бөхөн юм. Уг нь манай улсад соргог, монгол гээд хоёр төрлийн бөхөн хоёулаа байсан. Алтайн нурууны араар Шаргын говь, Үүдийн говь, Чандманийн хүрэн талаар байсан. Гэвч 1960 он гэхэд соргог бөхөн Монголд ор мөргүй утсаж үгүй болсон байдаг. 1930 онд Соргог бөхөн агнахыг хориглосон тогтоол гаргаж байсан ч бүгд үхэж үрэгдсэн гэдэг. Соргог бөхөн урт эвэр, том биетэйгээрээ монгол бөхөнгөөс ялгаатай. 2001 оны зуднаар монгол бөхөн үй олноороо үхэж 700 орчим болтлоо тоо толгой нь буурч байсан. Харин сүүлийн жилүү­дэд өсч үржин 13 мянгад хүрээд байгаа. Гэхдээ “Энэ бол Монгол Улс бөхөнтэй гэж хэлэх тоо биш. Нэг өвөл бүгдээрээ “яваад өгчихөж” болох эрсдэлтэй, маш эмзэг амьтан. Хамгаалалт, үржилд нь тодорхой хэмжээгээр анхаарч байгаа ч байгалийн гамшиг, үзэгдлийг бид яаж ч чадахгүй” хэмээн судлаачид нь дурджээ. Мөн соргог бөхөнгийн эрлэг номун хаан нь хууль бус анчид. Хэдэн жилийн өмнө Казахстан, Халимагийн соргог бөхөнг хууль ангийн эд эрхтний наймаачид зөвхөн эврийг нь авахаар үй олноор нь хядаж байсан. Бүр 50 мянга болтлоо тоо толгой нь буурч байжээ. Түүний эвэр БНХАУ-д маш ховор эмийн түүхий эд болж, өндөр үнэд хүрдэг гэсэн. Хүн төрөлхтний нүдийг баясгаж, байгаль дэлхийн тэнцвэрийг хадгалахын тулд, өөрсөдтэй нь адил царай муутай ч өчүүхэн жаахан янзагаа төрүүлж, эсэн мэнд өсгөхийн төлөө тэвчээр заан өнөөдрийг хүртэл амьдарч буй соргог бөхөнд аюул тулгараад байна. Хэрэв дэлхийн байгаль хам­гаалах байгууллагууд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол соргог бөхөн устаж үгүй болох аюул ойрхон байгаа юм.

Тэмдэглэсэн Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сэжигтний хүүхдийг зулбуулан шүүх гэдэг, хүний өвчнөөр даажигнаж, үхсэний хохийг дууддаг ямар харгис нийгэм бэ

Монголчууд минь ямар их үзэн ядалтаар дүүрээ вэ. Нийгэм тэр аяараа ямар харгис болоо вэ. Сүүлийн долоо хоногт болсон үйл явдлын мэдээлэлд нийтээрээ хэрхэн хандаж байгааг өгүүлье. Төр нийгмийн зүтгэлтэн, манай толгой эдийн засагчдын нэг О.Чулуунбатыг гадаадад эмчлүүлж байхад нь эргэж очсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хамт зургаа авахуулснаа өөрийн нүүр хуудсанд тавьчихаж. Мэдээж эмчилгээ хийлгээд хэд хэдэн хагалгаанд орсон хүн ядруухан харагдаж байна лээ. Гэтэл уг мэдээллийг уншсан хүмүүсийн сэтгэгдлүүд үнэхээр сэтгэл гонсоймоор. Тавласан, басамжилсан, доромжлол, үзэн ядалтаар дүүрэн. Адилхан монгол хүн байна даа, хурдан эдгэхийг ерөөмөөрсөн. Ерөөдөггүй юм гэхэд хараамааргүйсэн. Өвчин зовлон хэлж ирдэггүй. Өвчин зовлон үзээгүй хүн гэж хайгаад олохгүй. Өөрөө өвдөж зовоогүй гэхэд өрөөл нэгийг, хамаатан садан, ах дүү, аав ээж, найз нөхдөөс чинь хэн нэгэнзовж шаналахыг харж л байсан байлтай. Тэднийгээ зовж тарчилж байхыг хараад “Тэнгэр ингэж гэсгээж, нүглийн чинь хариу ирлээ” гэж бид хэлдэггүй биз дээ. Гэтэл О.Чулуунбатыг эмчлүүлж байгаа тухай зурагтай мэдээллийн дор дээрх үгсийг бичиж. Ихэнх сэтгэгдэл хараал зүхэл, басамжлалаар дүүрэн. Хаанаас нь ийм их үзэн ядалт гараад байдаг юм. Нүүр хуудсандаа зураг тавьсан Д.Тэрбишдагва гишүүн хүмүүсийн хандлага, хараалын үгсийг уншаад “Монголын нийгэм ямар харгис болчихсон юм бэ” гэж халаглаж байхав дээ. О.Чулуунбат гэдэг хүнхэлж ирээгүй өвчинд шаналж эдгэрэхийн төлөө тэмцэж байгаа жирийн нэг монгол эр хүн. Өрх гэрийн эзэн, аав, ээжийн хүү, үр хүүхдийн аав, хүний хань, дүүгийн ах, монгол төрийн зүтгэлтэн. Гэтэл О.Чулуунбат гэж хүн эдгээр зүхэгсдэд ямар гай тарьсан юм.

Хүүхэд байхаас ньэцэг эх нь үр хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйн жишээ өвдсөнийг энэрэх, зовсныг хайрлах сэтгэлгүй болгож. Өнөөдрийн нийгмийг бүрдүүлж байгаа нэгэн үеийнхэн үнэхээр хүмүүжилгүй өссөн ньэнэ бүгдээс тодхон харагдаж байна.

“Үртэй хүн хүний үрийг, биетэй хүн бусдын биеийг элдвээр хэлж болдоггүй юм” гэжөвөө минь хэлдэг байж билээ. Үр хүүхэд нь яаж явахыг хэн мэдэх билээ. Өөрөө үртэй бол бусдын үр хүүхдийг битгий элдвээр хэл, өөрөө махбодтой бол бусдын тухайд хамаагүй муу бүү ярь, учир нь чамдч бас тохиолдож болно гэсэн санаа.

Өвдсөн зовсон хүмүүсийг тавлаж байгаа хүмүүс бүгд хэзээ нэг өдөр үхэлтэй нүүр тулна.Мөнх амьдарсан хүн гэж сонсоогүй, үхээгүй хүн гэж дуулаагүй.Хамгийн хүчирхэг нь ч, хамгийн баян ч, үгээгүй ядуу, сайн муу, сайхан муухайтайгаа бүгд л үхдэг. Энэ ертөнцийн жамаас зугтах аргагүй. Тиймээс ч даруулгатай байх ёстой болдог. Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүс чүхлээс айж амьдралд татагдаж байсан. Дэлхийн талыг эзэлсэн Чингэс хаан ч зүгээр л хүн алж байлддаг хүн байгаагүй. Түүнд дагаж мөрддөг ёс журам, эрхэмлэн дээдэлж хүндэтгэдэг зүйл олон байсан. Тэрээр хүчирхэг хүн ч даруулгатай байсан. Учир нь үхэл ирэхийг тэр мэддэг байсан. Стив Жобс хэмээх гайхалтай эрхмийг мэдэхгүй хүн байгаагүй. Амьдралын төлөө, амьд явахын төлөө тэмцсэн ч чадаагүй. Түүнд мөнгө байсан. Гэвч үхлийг дийлээгүй. Ийм атал Монголын нийгэм хэзээ ч үхэхгүй мэт ямар ч даруулгагүй, хүмүүжилгүй, харгис хэрцгий байна вэ. Энэрэх нигүүлсэх сэтгэл, хайр үгүй бол энэ дэлхий яаж орших билээ.

Харин манай сэтгэгдэл бичээчид, сошиалд үзэл бодлоо илэрхийлэгсдэд үнэхээр даруулга алга. Ямар ч адгийн муу хүн байсан талийгаачийн хойноос муу хэлдэггүй ард түмэн бол монголчууд. Ялагдсан талыг нь өрөвддөг ард түмэн бол бид. Тэр зан чанараа хэзээ хаана гээчихэв. Бурхан болсон нэгнийг муулбал тэрхүн л өөрөө өчүүхэн амьтан болж харагддаг. Биднээс өмнө амьдраад явагсдад бүгд л үхэлтэй нүүр тулсан. Дэлхий нийтээрээ хүний насыг уртасгах элдэв арга хайсан, оролдлого хийсэн, одоо ч хийсээр байгаа. Гэвч үхэл гэдэг үнэнээс зугтаж чадаагүй. Үхэл ирнэ гэдгийг мэднэ гэдэг нь өөрөө ямар нэг зүйлээс айна гэсэн үг. Юунаас ч айж эмээдэггүй байна гэдэг аюултай. Гэтэл монголчууд бид ялангуяа нийгмийн голлох хэсэг болсон залуус үнэхээр харгис хэрцгий, хүмүүжилгүй зэрлэг бүдүүлэг, хайрлах энэрэх, хүндлэх сэтгэлээ гээж байна.

Дөрвөн настай охиныг хойт эх Г.Маралмаа нь зодож хөнөөсөн гэх хэрэг шүүхээр явж байгаа. Энэ үнэхээр жигшмээр хэрэг. Гэвч давхар биетэй хэвлийдээ хүүхэд тээж байгаа энэ эмэгтэйг үзэн ядах нь хэрээс хэтэрч, хүн болох гэж ядаж байгаа хүүхдийг нь үхээсэй гэж ирээд л аймшигтайгаар зүхэж, сэтгэгдэл үлдээж. Хүүхдийн эрхийн төлөө дуугарч байгаа бол эхийн хэвлийд байгаа тэр хүүхэд ч бас эрхтэй гэдгийг мэдмээрсэн. Тэр хүүхэд ээжтэйгээ хамт яллагдах ёсгүй.

Үнэн хэрэгтээ бид Г.Маралмаагаас муухай байна. Тэр хүн муу үйл хийлээ ч түүний хэвлий дэх хүүхэд бусдад үзэн ядуулах ямар гэм хийлээ. Монголын нийгэм тэр чигээрээ давалгаалан хэвлий дэх үр хүүхэдтэй нь үзэн ядаж байна. Шүүх, цагдаа, өмгөөлөгч нь ч тэр түүнд ямар харгис хэрцгий хандана вэ. Энэ эмэгтэйгээс бид өөрсдийгөө олж харлаа. Хүний орчлондирж амьдрах гэж яваа тэр хүүхдийг үзэн ядаж, эхийг нь яллахын хажуугаар хүүхдийг нь ялласаар байх уу. Түүнийг шүүх хурлын үйл явцаас нийгмийнхээ мөн чанарыг толинд тусгасан мэт харж байна. Шүүгдэгч Г.Маралмаа шүүх хурлын өмнө бие нь муудажухаан алдан их хэмжээний цус алджээ. Энэ талаархи мэдээллийн доорхи сэтгэгдлүүд эрүүл хүний санаанаас яаж гардаг юм гэмээр, аймшигтай, зүхэл хараалаар дүүрч. “Жүжиглэж байгаа юм, хүүхэдтэйгээ хамт үхээсэй” гэх мэтээр хараан зүхжээ. Хэрэг хийсэн хүн ял шийтгэл хүлээх нь дамжиггүй. Гэвч хэвлийдээ хүүхэд тээчихээд цус алдаж жүжиглэнэ гэж байх уу. Монголчууд бид унаж яваа хүнийг түлхдэггүй гэж ярьдаг.

Хохирогчийн талын өмгөөлөгч “461 дүгээр саатуулагдаж байгаа хүнийг жирийн эмнэлэгт хүргэж байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж харахгүй байна. Хорих ангийнх нь харьяа эмнэлэгт хэвтүүлэх ёстой” гэж хатуурхана лээ. Эхэд нь хатуурхлаа гэхэд хэвлий дэх үрд нь ингэж хатуу хандаж болохгүй.

“Шүүх шударга байснаас ухаалаг байсан нь дээр” гэж манай сонин бичиж байсан. Шударга байлаа гээд эхэд нь хатуурхлаа гэхэд хэвлий дэх үрд нь ухаалаг хандах ёстой. “Хуульд зааснаар…” лгээд шүүхээс долдугаар сарын нэгэнд учраа мэдэхгүй бусдыг дуурайн, дүйвээнээр чулуу шидэж зогссон хүүхдүүдэд ял оноож байсан. Тийм учраас л шударга гэдгээс илүүтэй ухаалаг байхыг шүүхээс хүсч бичсэн нь тэр.

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

ХӨСҮТ-ийн эмч нар буруу оношилсноос зургаан сартай охин амиа алдсан гэв

-УЛААН БУРХАН ӨВЧНИЙ ШИНЖТЭЙ ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН ОХИН ӨЧИГДӨР АМИА АЛДЖЭЭ-

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж байсан зургаан сартай охин өчигдөр амиа алджээ. Охины биеэр улаан тууралт гарсан учраас өнгөрсөн сарын дундуур ХӨСҮТ-д үзүүлж, эмчлүү­лэхээр хэвтсэн аж. Тус төвийн эмч нар охиныг улаан бурхны халдвар авсан гэж оношилсон байна. Эмнэлэгт хэвтсэнээс хойш охины бие улам бүр хүндэрсээр байжээ. Эмчилгээ хийж эхэлснээс хойш хэд хоногийн дараа дахин шинжилгээ авсан эмч нар “Улаан бурхан биш байсан байна. Гэхдээ өөрчлөлттэй гарсан” гэсэн талаар талийгаачийн ар гэрийнхэн ярьсан. Эмчлэгч эмч нь “Хатгаагүй. Бие нь дээрдэж байна” гэж байсан ч охины бие улам бүр муудаж, таталт өгч, цусаар хүндэрч эхэлсэн гэнэ. Ингээд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч дуудаж үзүүлэхэд “Энэ хүүхэд чинь хоёр уушгиндаа битүү хатгаатай байна” гээд ХӨСҮТ-ийн эмч нарыг загнасан талаар мэдээлэл өгсөн эх сурвалж хэлсэн. Охины бие улам бүр муудаж, цус алдаж эхлэхэд эмч нар “Ходоод нь цоорсон байж болзошгүй” гээд эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлжээ. Тухайн үед эмчлэгч эмч нь “Өнөө шөнийг давчихвал маргааш мэс засал хийнэ” гэж охины ээжид хэлжээ. Гэвч маргааш нь “Ходоод нь цоороогүй юм шиг байна. Нарийн гэдэс нь цоорсон байж магадгүй. Дотуур цус алдаад байна” гэжээ. Энэ мэтээр оношилж чадаагүй гэж ар гэрийнхэн нь гомдолтой байгаа аж. Охиныг эрчимт эмчилгээний тасагт байхад нь “Танай охиноос муу хүүхэд ирлээ” гээд энгийн тасаг руу шилжүүлсэн гэнэ. Энгийн тасагт ирсэн оройгоо охины даралт нь унаж, бие нь муудсан учир дахиад эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ. Охин эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байхдаа амиа алдсан аж.

Хохирогчдын өгсөн мэдээллээр охин улаан бурхан өвчнийг эмчлэх тасагт байхдаа байнга шахам ханиалгаж, 38.5 хэм хүртэл халуурдаг байжээ. Тэр бүрт тайвшруулах тариа хийж унтуулдаг байсан гэнэ. “Охин минь эмнэлэгт тийм хүнд ирээгүй. Буруу оношилж, буруу эмчилж сэхээнд орсных нь дараа ХӨСҮТ-ийн эмч “Манайх бүх эмчилгээг хийсэн. Улаан бурхны халдварлах хугацаа нь ч дууссан. Тиймээс дүүргийн эмнэлэг рүү юм уу, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв рүү шилжиж болно. Та нарын сонголт” гэж хэлсэн. Эрүүл саруул хүүхэд төрүүлчихээд эмч нарын буруугаас алдсандаа харамсалтай байна. Олон хүн ийм хагацал бүү үзээсэй” гэж талийгаач охины ар гэрийнхэн хэлсэн.

М.ТУНСАГ: ЗУРГААН МЯНГА ГАРУЙ ХҮНИЙ ДУНД ИЙМ ГОМДОЛ ГАРГАХ НЬ БАЙЛГҮЙ Л ЯАХАВ

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс өчигдөр үдээс хойш ХӨСҮТ-д очлоо. Тус эмнэлгийн удирдлагууд салбар яамныхаа хуралд явсан учраас албан ёсоор хариулт өгөх хүн байхгүйг жижүүр нь учирлаж байв. Хэвлэл мэдээллийн албанаас өгсөн мэдээллээр энэ сарын 2-ны байдлаар улаан бурхан өвчний 12458 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Багануур, Налайх дүүрэг болонӨвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт улаан бурхан өвчин бүртгэгджээ. Тэднээс540 хүн лабораторийн шинжилгээгээр улаан бурхан өвчин туссан нь батлагджээ. Мөн 1984 хүн тархвар судлалынхолбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр улаан бурхнаар өвчилсөн нь тогтоогдсон байна.

Уржигдрын байдлаар ХӨСҮТ-д 549 хүн улаан бурхны хүнд, хүндэвтэр хэлбэр гэсэн оноштой эмчлэгдэж байна. Хүүхдийн баяраар төвийн хүлээн авах тасагт хоногтоо 600 гаруй хүн хандаж үйлчлүүлснээс 100 гаруй нь эмнэлэгт хэвтсэн байна. Зургаан сартайгаас таван настай хүүхдэд улаан бурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын вакцин хийж байгаа. Дээрх насны хүүхдийн 90 орчим хувь нь вакцин хийлгэжээ. Дархлаажуулалт маргааш дуусах юм байна.

Ийм албан мэдээлэл авсны дараа ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагтай утсаар холбогдож ярилцлаа.

-Танай эмнэлэгт эмчлүүлж байсан зургаан сартай охин өнөө өглөө (өчигдөр) амиа алдсан гэдэг мэдээллийн дагуу холбогдож байна.

-Зургаан сартай охин эрчимт эмчилгээний тасагт амиа алдсан нь үнэн. Бидний зүгээс боломжтой гэх бүх эмчилгээг хийж, авах ёстой арга хэмжээг авсан.

-Охин улаан бурхнаар өвдөөгүй. Хатгаатай байсан гэх юм.

-Улаан бурхан биш бол энд юу гэж байлгах вэ дээ. Харъяа эмнэлэг рүү нь шилжүүлнэ шүү дээ. Гэхдээ одоо улаан бурхнаар өвдсөн эсвэл хатгаатай байсан гэж ярих боломж алга. Задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна. Тэгэхээр бүх зүйл тодорхой болно.

-Охины бие өдөр ирэх бүр муудаж, таталт өгч, өндөр хэмтэй халуурсан талаар эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн. Тэр бүрт тайвшруулах тариа хийгээд унтуулдаг байсан. Жижүүр эмч нь хэдэн цагаар тасгаа орхиод явчихдаг гэсэн. Үнэн үү?

-Манай эмч нар өдөр шөнөгүй маш их ачаалалтай ажиллаж байна. Улаан бурхны шинжтэй зургаан мянган хүн хүлээж авсан. Хоногт 700 гаруй хүн хүлээн авч байна. Зургаан мянга гаруй хүний дунд ийм гомдол гаргах нь байлгүй л яахав. Охины аав ээж гомдолтой байгааг сонссон. Хэрвээ гомдолтой байгаа бол манай эмнэлгийн захиргаанд бичгээр, албан ёсоор гомдол гаргах эрхтэй. Тэгж байж бид албан ёсоор хариу өгнө. Яаманд ч хандах эрх нь бий. Одоогоор надад албан ёсоор гомдол ирээгүй байна.

-Охиныг хариуцсан эмч Болормаа улаан бурхны халдварлах хугацаа дууссан. Өөр эмнэлэгт шилжиж болно гэсэн. Мөн давтан шинжилгээгээр улаан бурхнаар өвдсөн гэдэг нь нотлогдоогүй талаар ар гэрийнхэн нь мэдээлэл өгсөн. Анхнаасаа буруу оношилсон юм биш биз?

-Болормаа эмчид гомдолтой байгаа бол албан ёсоор эмнэлгийн захиргаанд хандах ёстой. Тэгж байж бид шалгана шүү дээ.

-Талийгаачийн ходоод нь цоорсон, нарийн гэдэс нь цоорсон гээд хоёр өөр онош тавьсан ч арга хэмжээ авч чадаагүй юм уу?

-Бид байж болох бүхий л арга хэмжээг авсан. Охин гэнэт цус алдсан. Аврах боломж байгаагүй. Эмч нар нойргүй хонож. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс ч эмч нар ирсэн. Чухам яагаад цус алдсан нь задлан шинжилгээний хариугаар тодорхой болно. Хүүхдээ алдсан хүмүүс гомдолтой байлгүй яах вэ. Гэхдээ албан ёсны дүгнэлт гарсны дараа ярих асуудал. Түүнээс өмнө дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга гэв.

Ц.ӨРНӨХ

Б.Хүрэлцэцэг

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Д.Тэрбишдагва: Монголын нийгэм ямар харгис болчихсон юм бэ гэж бодож сууна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх О.Чулуунбатыг та эргэж очоод хамт авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан. Үүнээс болж таныг хүн чанаргүй, өвчтэй нөхрийгөө ашиглаж өөрийгөө сурталчиллаа гэх мэтээршүүмжилж байна…

-Амралтын өдрүүдтэй залгуулаад хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болсон. Тиймээс энэ өдрүүдэд Япон, Солонгост байгаа журмын хоёр нөхөртэйгээ уулзаад ирлээ. О.Чулуунбат маань Японд хүнд мэс засалд ороодэмчилгээ хийлгэж байна. Хагалгаанд орохоосоо өмнө хоёр, гурван удаа хүчтэй химийн эмчилгээ хийлгэсэн. Өөрөө утсаар ярих чадваргүй байсан учраас эхнэртэй нь холбогдож байгаад очиж уулзсан л даа. Нэгэн зорилгын төлөө зүтгэж яваа анд минь ийм болчихоод байхадхүн ёсны үүднээс очиж уулзах ёстой. Тийм учраас яваад ирлээ.Үнэхээр хүнд мэс засал хийлгэсэн байна. Тиймээс О.Чулуунбатыгаа хурдан эдгээсэй гээд залбираад сууж байна даа. Бид хоёрыг уулзах үеэр авсан зурагнуудаас заримыг ньолон нийтийн сүлжээнд тавьчихсан. Гэтэл хүмүүс элдвээр л хэлж байна. Миний хувьд найзынхаа зовлонгоор жаргал хийе гэдэг хар санаа тээгээгүй ээ. Нөхрөө хараад үнэхээр өрөвдсөн. Тийм учраас төр засагт ажиллаж байгаа хүмүүс, найз нөхөд нь түүнийг ийм хүнд байдлыг давж туулжээ гэдгийг нь хараасай лгэж бодсон хэрэг. Түүнээс биш өвчтэй байгаа хүнийг ашиглаж шоу хийх нь надад ямар хэрэг байна гэж. Өөрөөс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр зургийг нь нийтэд дэлгэсэн. Манай Чука өөрөө нээлттэй, ардчилсан үзэлтэй хүн шүү дээ.

-Хүний хувийн нууц байх. Гэхдээ өвчнийх нь онош юу юм бол?

-Ер нь бол нэг төрлийн хавдар. Монголд оношлогдоод эмчлэх боломжгүй гэсэн учраас эцсийн найдвар гэж Японыг зорьсон юм билээ. Уг нь дурангийн хагалгаа хийнэ гэж байсан ч боломжгүй болсон учраас нээлттэй мэс засалд орсон. Биеийнхээ гурав, дөрвөн газарт хагалуулж, маш хүнд хагалгаа хийлгэсэн. Нарийн ширийн зүйлүүдийг нь яримааргүй байна. Энэ чинь хувь хүний нууц шүү дээ. Одоогийн байдлаар биеийн байдал нь тийм ч сайн биш.Гэхдээ япон эмч нарын ачаар ямар ч байсан мэс засал нь амжилттай болсон. Эдгэх магадлал нь өндөр гэдэг хариу сонсоод их сэтгэл өөдрөг, эдгэнэ гэсэн бүрэн итгэлтэй байна лээ. Бид ч түүнийг хурдан эдгээд эх орондоо ирж удахгүй ажлаа хийнэ гэдэгт нь эргэлзэхгүй байна.

Харин нэг л зүйлд үнэхээр гол гонсойж байна.Өвчтэй байгаа нэгэндээ монголчууд ямар муухай хандана вэ. Хамт авахуулсан зургаа тавьсан биш найзыгаа элдвээр доромжлуулж, хараалгаж зүхүүлсэндээ өөрийгөө буруутгаж сууна. Үнэхээр эмзэглэж байна. Би уг нь буруу санаж тэр зургийг тавиагүй юм шүү. О.Чулуунбат гэдэг хүн Монголын банк санхүүгийн салбарт ямар их хувь нэмэр оруулсан билээ. Би хувьдаа түүнийг Монголын номер нэг банкир гэж боддог. Үнэхээр тэр бол Монголд хэрэгтэй толгой. Эдийн засгийн мэдлэг, анализ дүгнэлт хийж байгаа чадвар зэрэг нь үнэхээр сайн. Гэтэл энэ хүн ийм маягтай байна гэдгийг л аминдаа харуулах гэсэн хэрэг. “Өөрийн чинь энэ байдлыг ард түмэн хараг” гэж хэлээд зургийг нь тавьсан юм.Ядаж л түүнд ард түмэн урмын үг хайрлах болов уу, сэтгэлийн дэм өгөх болов уу. Эрч хүч нэмэх болов уу л гэж бодсон юм. Тэгтэл эсрэгээрээ түүнийг элдвээр доромжилчихлоо. Нийгэм ямар харгис болчихсон юм бэ гэдэг л эндээс харагдаж байна. Мэдээж сэтгэлийн дэм хайрлаж байгаа сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Харамсалтай нь багагүй хэсэг нь элдвээр хэлсэн байна. Яаж ч бодсон нэг нөхрийнх нь бие муу байхад элдвээр хэлэх ухаан монгол хүнд байна гэж бодохоор харамсалтай байна. Бидний нэг, журмын анд минь ийм хүнд эмчилгээ хийлгэж байна гээд зургийг нь тавихад юу нь буруу гэж. Үүнийг л ойлгохгүй байна. Энэ бүхнээс дүгнэхэд бидэн рүү зориуд дайрахкампанит ажил эхэлчихсэн юм байна л гэж ойлгоход хүрч байна. Ер нь ядарсан нэгнээ дэмждэг, зовох үед нь хань болж түшдэг монголчуудын сайхан сэтгэл өдөр ирэх тусам холдсоор байна аа. Миний хувьд багаасаа өнчин өрөөсөн өссөн учраас үргэлж бусдад тусалж, сэтгэлийн дэм өгч явах юмсан л гэж боддог. Ийм л сэтгэлээр найзыгаа эргээд ирсэн дээ. Хүнийг өвчтэй зовлонтой байх үед нь доромжлоод хэрэггүй дээ. Тэр хүнд дургүй байдаг юм аа гэхэд дуугүй л өнгөрөхөд болно биз дээ.

-О.Чулуунбат зөвлөх өөрөө юм ярьж байна уу?

-Өөрөө муу ярьж байгаа. Удахгүй эдгээд Монголдоо очно гэдэг итгэлээр дүүрэн байна лээ.

-Та Н.Энхбаяр даргатай уулзсан гэв үү. Юу ярив?

-Олон л зүйлийг ярьсан. Бид хоёр уулзаагүй удсан юм билээ. Тиймээс ярих сэдэв мундахгүй шүү дээ. Гэхдээ Н.Энхбаяр дарга удаан ярихаар ядраад хэцүү л байдалтай байна. Монголдоо очиж эрүүл агаарт биеэ тэнхрүүлмээр байна л гэж ярьж байна лээ.

-Та хоёрын хооронд ан цав гарсан тухай яриа нэлээд дэгдсэн дээ…

-Ажлаас болж улстөрчид аль санал зөрөлдөхийг тэр гэхэв. Гэхдээ бид хоёрын дунд тангараг тасартлаа муудалцсан хөндийрсөн зүйл байгаагүй ээ. МАХН-ын дарга, дэд дарга хоёрын хооронд ан цав гарах ёсгүй. Зургадугаар сарын 1-ндтүүний төрсөн өдөр болдог. Энэ үеэр нь түүнтэй очиж уулзлаа.

-Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг Монголд ашиггүйгээр хийлээ гэж танай эвслийн бүлэг шүүмжлээд эхэллээ. 14 хоногийн дотор асуудлыг шийд гэсэн шаардлага тавьж байх шиг байна. Энэ хугацаанд шийдэхгүй бол танайх засгаас гарах юм уу?

-Миний хувьд засгийг тогтвортой байлгахыг илүүд үздэг хүн. Үнэндээ сүүлийн жилүүдэд Монгол төрийн засаглалын нас 1.5 жил байдаг боллоо шүү дээ. Ийм байхад Монгол Улс яаж хөгжих юм.Засгийн газар тогтвортой ажиллаж байж, бодлого шийдвэрүүд нь үр өгөөжөө өгнө гэж боддог. Манай бүлгээс энэ асуудлаа анхаараачээ гэдэг санал тавьж байна. Анхаарна биз. Юу юугүй засгаас гарах тухай ярихаасаа илүү бидний тооцоотой дүгнэлтийг хүлээн авч харж үзээч ээ. Гаргасан шийдвэрээ эргэж хараач ээ гэдэг санал тавьж байна. Алдаатай буруу шийдвэрийг засуулахын төлөө явах нь төрд сонгогдсон бидний үүрэг юм шүү дээ. Шууд бие биеэ огцруулна, халж солино гэхээсээ илүү хоорондоо ярилцаад буруу зөвөө тунгаахл учиртай.

-Ерөнхий сайдыг огцруулах бичигт 17 хүн гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл яваад байна. Танай бүлгийнхэн гарын үсэг зурсан гэв үү?

-Миний авсан мэдээллээр Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү нарын гишүүд гарын үсэг зурсан гэсэн.

-Ч.Улаан гишүүн та хоёр зураагүй юм уу?

-Одоогоор тийм бичигт гарын үсэг зурсан юм алга.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Машинаасаа буулгүйгээр KFC-гийн тахиа идлээ

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн зүүн талд шинээр нээгдсэн “KFC”-гийн салбарт “Drive thru” буюу машинаасаа буулгүйгээр үйлчлүүлэх боломжтой болжээ. Машинаасаа буулгүйгээр хэрхэн захиалга өгч, хоолоо яаж авах боломжтойг сурвалжлахаар KFC дээр очив. Гадна нь очиход хоолны газрын зүүн талд автомашинд зориулсан хэсэг байв. Зогсоол хайлгүйгээр сум заасан хэсэг рүү машинтайгаа очлоо. 20 км цагаас илүү хурдлахгүй байхыг сануулсан тэмдэг байрлуулчихаж. Мөн 2.5 метрээс илүү өндөртэй машинтай орж болохгүйг анхааруулжээ. Учир нь орох, тооцоо хийх хэсэгт саравчтай болохоор өндрийн хязгаарлалт хийжээ. Тэнд үдийн цайны өмнөхөн очсон тул дараалалгүй байлаа. Орох хэсэгт бэлэн мөнгөөр үйлчилнэ гэсэн сануулга байхын зэрэгцээ хоолны зурагтай цэс байрлуулжээ. Бяслагтай шарсан төмс 4000, “Найзууд” багц 18500, хос тахиа 8500, “Филле” бургерийн сэт 8500, нэг ширхэг тахиа 5000, хоёр бол 8500, “Снакер” бокс 5500, “Стрипс” 4500 төгрөгийн үнэтэй байв. Машинтайгаа “KFC” рестораны зүүн талаар гарч яваад хойно нь ирэхэд захиалга авах хэсэг байна. Тэнд цонхоо онгойлгоод зогсоход чанга яригчаар захиалга авдаг ажээ. “Сайн байна уу, танд юугаар туслах вэ” гэсээр захиалга авдаг юм байна.

Ингэж захиалга авах хэсэг машины зүүн талд бий. Буруу талдаа жолоотой машинтай мөртлөө дэргэдээ байгаа хүнтэй ярьж байгаа мэт “Найзууд” багц авъя гээд тийм ч чанга биш хэлээдхэв. Захиалга өгч байгаа хэсэгт хүн алга. Тэгсэн мөртлөө “Таны захиалгыг хүлээж авлаа. Та төлбөр төлөх хэсэг дээр ирнэ үү” гэв. Хоёр, гуравхан метр яваад мөнгөө өгөх газар ирвэл рестораны ажилтнууд зогсож байна. Чихэндээ тогтоодог чанга яригч зүүсэн эмэгтэй шилэн цонхны цаанаас үйлчилж байлаа.

Мөнгөө өгөхөд зөрүүлээд захиалгын хуудас өгөв. Түүнийг нь авч зүүн гар тийш эргэн рестораны баруун талд гарахад захиалгаа авах хэсэг байна. Тэндхийн шилэн цонхоор хоолоо авдаг юм байна. Цонхоо онгойлгоод авч явахаар савласан хоолоо авчихлаа.Савлаад уутанд хийгээд өгдөг ажээ. Дотор нь нойтон, хуурай амны цаас, сэрээ, халбага, кетчуп, шүдний чигчлүүр гээд хоол идэхэд хэрэгтэй бүхнийг хийсэн байв. Ингээд л болчихлоо. Машинаасаа нэг ч буулгүйгээр идэхийг хүссэн зүйлээ захиалаад авчихав. Гол нь маш түргэн үйлчилгээтэй ажээ. Хаалгаар нь орж ирснээс хойш таван минут хүрэхгүй хугацаанд захиалгаа авчихлаа. Яарч байгаа үедээ, эсвэл найз нөхдөдөө “KFC”-гийн шарсан тахиа аваачиж өгөхөд амар болжээ.

Машинаа тэндхийн зогсоол дээр тавьж байгаад захиалсан шарсан тахиагаа амтархан идэв. Хаа очиж автомашины зогсоол ихтэй болохоор машинаа байрлуулаад ресторанд орж идсэн ч болох юм байна.

Зогсоол дээр машинаа тавиад хооллох зуур машинаасаа буулгүйгээр үйлчлүүлж байгаа хүний цуваа тасрахгүй байв. Ар араасаа дугаарлан дараалал үүсгэхгүй хэрнээ машин орж ирэхгүй байна гэж байхгүй ажээ. Ихэнх хүмүүс цайныхаа цагаар завгүй байгаа нэгэндээ хоолыг нь дөхүүлж өгөхөөр ирдэг юм байна. Бас гэртээ амарч байгаа үр хүүхдүүддээ шарсан тахиаг халуунаар нь аваачиж өгөхөд хялбар болжээ. Машинаасаа буулгүй захиалга өгч байгаа залуутай уулзахад “Бусад газар очихоор зогсоол олдохгүй хэцүү байдаг. Энд машинаасаа буулгүйгээр үйлчлүүлэх амар байна. Хамгийн гол нь хурдан юм” гэж байлаа.

Машинаасаа буулгүйгээр хоол идэх, дэлгүүрээс хэрэгтэй зүйлээ авах үйлчилгээ 1930-аад оны үед АНУ-д үүсчээ. Жордин Мартин гэх залуу тодорхой бүлэг хүмүүст зориулан машинаасаа буулгүйгээр хэрэгтэй зүйлээ авах үйлчилгээг санаачилж байсан юм байна. Энэхүү үйлчилгээ эхэндээ газар аваагүй хэдий ч сүүлийн 10 жилд АНУ төдийгүй дэлхийн олон улсад ихээхэн дэлгэрч байгаа юм байна.

С.АЛТАН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Б.Инжир: Нөхөрлөлийн тухай гардаг болохоор “Миний бяцхан одой морь“ хүүхэлдэйн кинонд хүүхдүүд их дуртай

Хүүхдийн баяраар “Боловсрол суваг” телевизийн “50 бэлгийн уналт” танин мэдэхүйн шоу нэвтрүүлэгт оролцож ялагч болон хамгийн олон бэлгийн эзэн болсон Батмөнхийн Инжир хэмээх бяцхан охинтой ярилцлаа. Б.Инжир нийлслэлийн 18 дугаар сургуулийн 5в ангийн сурагч юм байна.

-Хүүхдийн баярын танин мэдэхүйн нэвтрүүлгийн асуултад бүдрэлгүй хариулж ялагч болсонд үзэгчид та хоёроор их бахархсан байх аа. Нэвтрүүлэгт хэрхэн орсон талаараа яриач?

-Намайг Батмөнхийн Инжир гэдэг. Би 18 дугаар сургуулийн 5в ангид сурдаг. Нэг өдөр “Боловсрол суваг” телевизийн хүмүүс манай сургууль дээр ирээд тавдугаар ангиудаар орсон. Анги болгоноос арав арван хүүхэд явуулаарай гэсэн байхгүй юу. Тэр багт багш намайг явуулсан. Эхлээд тест аваад тэндээсээ хоёр хүүхэд шалгаруулж авсан. Дараа нь “Боловсрол суваг” телевиз дээр ярилцлага авсан.Дөрөв, тавдугаар ангийн 250-иад хүүхдээс дөрвөн хүүхэд шалгаруулж авсан. Би нөгөө ангийн Пүрэвдоржтой хамтран оролцож амжилтад хүрсэндээ баяртай байгаа.

-Асуулт нь ямар байсан бэ?

-“Тавин саяын уналт” нэвтрүүлэг дээр найман асуулт байдаг шүү дээ. “Тавин бэлгийн уналт” дээр ч найман асуулт байсан. Асуулт нь ерөнхийдөө амархан байсан. Зарим асуултад нь жаахан эргэлзэж байсан ч бүгдэд нь зөв хариулаад 17 бэлэг авсан. Нэвтрүүлгийн хөгжим нь маш их түгшүүртэй байлаа. Бэлэгнүүд нь уначих юм бол тэмцээнд орсны хэрэг юу байна аа гэсэн түгшүүр төрүүлж байсан. Ая нь аймаар эвгүй байсан.

-Асуултуудад нь хэрхэн хариулав?

-Хамгийн эхэнд “одой морь” гэдэг сэдвийг сонгосон л доо. Яг миний үздэг хүүхэлдэйн киноны тухай амархан асуулт байсан. “Миний бяцхан одой морь” гэдэг хүүхэлдэйн киноны үнэнч шударга зантай “Эпл Жэкийн сүүл нь ямар өнгөтэй байдаг вэ” гэсэн асуулт ирсэн. Би энэ хүүхэлдэйн кинонд их дуртай л даа. Тийм болохоор “шар сүүлтэй” гэж шууд хариулсан. Эргэлзсэн асуулт бол, “Фанта, Спрайт, Миренда гэдэг гурван ундааны аль нь хамгийн түрүүнд үйлдвэрлэгдсэн бэ” гэсэн байсан. Эхлээд би “Спрайт” гэж бодож байсан болохоор бүх бэлгээ түүн дээр нь тавьчихсан. Гэтэл хөтлөгч “Хуваахгүй юмуу” гэхээр нь “Фанта” ч байж магадгүй гэж бодоод 17 бэлгээ “Фанта” дээр, 20 бэлгээ “Спрайт” дээр тавьсан байхгүй юу. Тэгтэл 20 бэлэг нь унаад 17 нь үлдсэн.

-Сүүлчийн найм дахь асуулт нь юу байв?

-Сүүлийн асуулт нь бас хүүхэлдэйн киноны тухай байсан. “Үнсгэлжин аль хөлийнхөө шаахайг орхидог вэ” гэсэн асуулт. Бодож байгаад “зүүн” гэсэн хариулт дээр тавиад 17 бэлгээ бүгдийг нь авсан.

-Ямар хичээлд дуртай вэ?

-Би дүрслэх урлагийн хичээлд их дуртай. Зураг зурж, технологиор юм хийх их дуртай. Энэ миний хобби. Зураг зураад, цаас, баримлын шавраар янз бүрийн юм хийдэг. Би нийслэлээс зарласан зургийн уралдаанд ороод мөнгөн медаль авч байсан. Бас сургуульдаа зургийн дугуйланд нь үнэ төлбөргүй явдаг байсан. Манай зургийн багш Доосүрэн бидэнд яаж зурвал амархан байх вэ, яавал гоё зурах вэ гээд бүгдийг заадаг байсан. Одоо завгүй болчихсон болохоор зургийн дугуйландаа явахаа больсон л доо. Шууд гэр рүүгээ харихгүй бол болохгүй. Бас би дөрөвдүгээр ангид байхдаа IQ–гийн аварга болж байсан. Нэг өдөр хичээлээ тараад явах гэж байтал багш намайг “Хүлээж бай, одоо IQ–гийн шалгалт авах гэж байна. Чи нэг хийгээд үз дээ” гэсэн. Би IQ–д ерөөсөө явдаггүй болохоор гайхаад өгсөн даалгаврыг нь хийгээд үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь багш “Манай Инжир IQ-д явдаггүй мөртлөө нэгдүгээр зэрэг авлаа” гээд баяр хүргэж байсан. Ер нь бүх хичээл гоё доо.

-Зуны амралтаараа яаж амрах гэж байна. Хөдөө явдаг уу?

-Зусландаа гарна. Би хоёр дүүтэй, нэг ахтай. Том дүү маань манай сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Бага дүү маань цэцэрлэгт байгаа. Миний ах долдугаар ангид сурдаг. Манайх Гоодой гэдэг зусланд гардаг юм. Жил болгон хамаатнуудаараа олуулаа гардаг. Амралтаа олуулаа өнгөрөөх их дуртай. Бас гэр бүлээрээ “Аварга тосон” явдаг.

-Ээж, аавынхаа тухай ярьж өгөөч?

-Манай аав ШУТИС-д нягтлан бодогч хийдэг. Ээж маань англи хэлний сургалтын төвд ажилладаг. Ээж хааяа англи хэлний хичээлд, аав математик дээр тусалдаг. Сая би таван онцын эзэн болсон. Бага ангиа онц төгсөх юм бол хүрэл медаль, дунд ангиа онц төгсвөл мөнгөн медаль, ахлах ангиа онц төгсөх юм бол алтан медаль өгдөг юм билээ. Одоо би бага сургуулиа онц төгсч байгаа болохоор хүрэл медаль авахаар болсон. Би таван настайдаа уншиж, тоо бодож сурсан л даа. Цэцэрлэгт байхад багш бусад хүүхдүүд тоглож байхад надад ном унш гээд баахан ном авчраад өгчихдөг байсан. Гоё үлгэрүүд шүү энэ номуудыг уншаарай гээд уншуулаад суулгачихдаг байсан. Тийм болохоор би багаасаа уншсаар байгаад одоо адал явдалтай зузаан ном унших дуртай. Би том болоод эмч болно.

-Яагаад?

-Яагаад гэвэл, эмч бол хүмүүст тусалж өвчнийг нь эдгээж авардаг гоё мэргэжил.

-Жаахан дүүтэй байх ер нь ямар байдаг вэ?

-Хөөрхөн шүү дээ. Бүр жаахан байхдаа их хөөрхөн, бүх юмыг нь бэлдээд асрах гоё байдаг байсан. Одоо арай том болчихсон л доо. Дөрвөн настай. Дүү маань их сэргэлэн. Намайг дандаа хуурч тоглодог. Би хоёр дүүгээ багад нь асарч үзэж байсан. Одоо хоёулаа том болчихсон. Хоёрдугаар ангид сурдаг дүү маань ногоо арилгаад, хогоо цэвэрлээд гэрээ бараг цэвэрлэдэг болчихсон шүү дээ.

-Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?

-Дөчин есүүлээ. Уг нь тавин хүүхэдтэй байсан чинь нэг нь шилжээд явчихсан.

-Олуулаа нэг ангид сурах ямар байдаг вэ?

-Хааяа багшийг гараад явсан хойгуур аймаар шуугилддаг. Хичээл дээрээ бол чив чимээгүй болчихдог. Ер нь олуулаа байх хөгжилтэй байдаг л даа. Амралтаар явах, хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохиогдоход олуулаа байх хөгжилтэй гоё байдаг. Манай сургууль долоо хоногийн баасан гариг бүрт хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэж зохиодог. Түүгээр ангиараа аялдаг. Манзуширийн хийд, Найрамдал зуслан ч юм уу өөр бусад газруудаар аялдаг. Зөндөө олон газруудаар аялж байсан. Хөдөө яваад буухиа тэмцээнүүд зохиогоод анги ангиараа байдаг. Манай дүүгийн анги бараг тавин хэдэн хүүхэдтэй шүү дээ. Бараг анги болгон тийм олон хүүхэдтэй.

-Тийм олон хүүхэд нэгийгээ бүгд таньдаг уу?

-Таньдаг. Би зургийн дугуйланд явдаг байсан нөгөө ангийн хүүхдүүдийг ч таньдаг.

-Та хоёрыг 17 бэлгийг хэрхэн хувааж авсан бол гэж нэвтрүүлгийг үзсэн хүүхдүүд их сонирхож байгаа байх аа. Тэр дотроос авахыг хүссэн бэлгээ авч чадав уу?

-Хоёулаа ярилцаж байгаад авъя гэсэн бэлгээ тэнцүү хуваагаад авсан. Тэр дотор Ipod, Xbox 360 тоглоом, ширээний хөл бөмбөг, Playstation, гэрийн театр, “Тэнгис” кино театрт бүтэн жил кино үзэх эрх, хүүхдийн паркттоглох эрх, эрэгтэй ролик, волейболын бөмбөг, хөлбөмбөгийн шипи, “Kindle” ном уншигч, бөмбөр, эрэгтэй бугуйн цаг, дэмждэг хөлбөмбөгийн багийн өмсгөл, 16 Gb flash диск, глобус, хүүхдийн хувцасны дэлгүүрээс 200,000 төгрөгөөр худалдан авалт хийх эрх багтсан байсан. Бүгдээрээ гоё бэлэг байсан л даа. Нөгөө ялагч маань эрэгтэй хүүхэд болохоор Xbox 360 тоглоом авсан. Би Ipod, Playstation, глобус, ширээний хөл бөмбөг, цахилгаан бөмбөр, паркт тоглох эрхийн бичиг, 16-ийн флаш авсан. Хүүхдийн дэлгүүрээс бүтээгдэхүүн авах 200 мянган төгрөгөө хуваагаад авсан. Би Playstation-ийг ахдаа өгөхөөр, ширээний хөл бөмбөгийг эрэгтэй дүүдээ өгөхөөр авсан.Бид нар гэр бүлээрээ маш их баярласан даа.

-“Миний бяцхан одой морь” гэдэг хүүхэлдэйн киног охид, хөвгүүд бүгд маш их сонирхдог юм байна. Энэ киног үзэх дургүй хүүхэд бараг байдаггүй юм байна. Юу нь тийм их таалагддаг юм бэ?

-Нөхөрлөлийн тухай кино л доо. Бүгдээрээ өөр өөрийн гэсэн зан чанартай. Жишээ нь, Твайлайт нь ид шидтэй, нөхөрсөг зан чанартай байхад Рерити нь их гоёмсог зүйлст дуртай гэхчлэн бүгдээрээ өөр өөрийн гэсэн хүсэл сонирхолтой. Хүүхдүүд энэ киног найзуудаараа нийлж үзээд би тэр нь болно, тэр нь надтай адилхан юм байна, тэр нь гоё юм байна гээд бүгд хуваагаад авчихдаг. Хүүхдүүд их дуртай. Дүү одой морины тоглоомуудыг цуглуулдаг. Бас манай хамаатны нэг дүүбайдаг юм. Бүх цуврал комиксыг, тоглоомуудыг нь бүгдийг цуглуулчихсан. Эрэгтэй хүүхэд мөртлөө тийм их дуртай.

Н.Пагма

Categories
мэдээ цаг-үе

“Хархорин” захын эзний хүү Л.Цэгцбаатарыг хар тамхины хэргээр цагдан хорьжээ

-Монголд амьдардаг гадаадын нэгэн иргэн каннабисаас хар тамхи гаргаж авдаг бичил үйлдвэр ажиллуулж байсан гэнэ-

“Хархорин” захын эзний хүү Л.Цэгцбаатарыг Эрүүгийн цагдаагийнхан цагдан хорьжээ. Түүнийг хар тамхи хэрэглэсэн, борлуулсан гэж шалгаж буй аж. Л.Цэгцбаатартай хамт явсан хэдэн залууг мөн саатуулсан байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн192 дугаар зүйл анги буюу хар тамхи борлуулсан, худалдаалсан биедээ авч явсан, хэрэглэсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ.Энэ үеэр хар тамхи хэрэглэсэн, борлуулсан, боловсруулсан, бусдад худалдаалсан гэх арван хэрэгт 20 гаруй хүнийг баривчилж, саатуулаад байгаа юм байна. Энэ дунд эмэгтэй хүн байгаа гэнэ. Монголд амьдардаг гадаадын нэгэн иргэн каннабисаас хар тамхи гаргаж авдагбичил үйлдвэр маягийн агуулахтай байсныг мөн илрүүлжээ. Баривчлагдсан хүмүүс дунд хар тамхины захиалагч нар ч байсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Одоогоор тэднийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулан, шалгаж байгаа аж. Хар тамхи үйлдвэрлэдэг гэх агуулахдаа гашиш болон каннабис боловсруулж бусдад худалдаалдаг байсан байна. Үйлдвэртээ каннабисын давирхайг ялган авч, нунтаглах аргаар боловсруулан, баримлын шавар мэт болгож бэлддэг байна. Тэр бэлдмэлээ өндөр үнээр борлуулдаг байсан бөгөөд өөрийн гэсэн захиалагч нартай. Тэднийг захисан бэлдмэлээ авахаар ирэхэд нь цагдаагийнхан баривчилжээ.Тэр бодис нь цайвар ногооноос бор хүрэн өнгөтэй, өвөрмөц үнэртэй гэнэ. Гашишт тетрагидроканнабинолын хэмжээ 2-10 хувьтай агуулагдаж, үйлчилгээ нь каннабисын төрлийн мансууруулах үйлчилгээтэй ургамалтай төстэй. Харин “Ice” буюу “Мөс” нь метамфетамины төрлийн бодист хамаарах бөгөөд хатуу, талст хэлбэртэй, тунгалаг биет бодис аж. Агуулагдах метамфетамины хэмжээ нь 90-98 хувь. Тархины төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг. “Мөс” нь ихэвчлэн байгалийн мөс бөгөөд шилний жижиг хэлтэрхийг санагдуулам тунгалаг талст хэлбэртэй байх боловч шар, улаан өнгөнд хувиргасан гэх мэтээр олонтөрөл байдаг бололтой. ”Мөс”-ийг тусгай аргааргаргаж авдаг тул манайд үйлдвэрлэх боломжгүй гэнэ. Иймд гадаадруу хүнд захиж эсвэл хэрэгт холбогдсон хүмүүс өөрснөө явж авдаг байсан тухайгаа мэдүүлжээ.

Энэ талааралбан эх сурвалжаас тодрууллаа.

-Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу дээрх хүмүүсийг баривчилсан уу?

-Хар тамхи хэрэглэгчдийн тоо ил далд хэлбэрээр бидний төсөөлж байгаагаас ч илүү болсон байна. Иймд Хар тамхины борлуулалт, худалдаа, хэрэглэгч дээр бид тандалт хийж эхэлсэн. Иргэдээс ч багагүй мэдээлэл ирсэн. Тэр мэдээллүүдэд түшиглэж дээрх хүмүүсийг баривчилсан. Өмнө нь бидэнэ төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн иргэдийг барьж байсан бол энэ удаа захиалагч, хэрэглэгч, борлуулагч тэр бүү хэлбичил үйлдвэрлэл явуулж байсан иргэдийг баривчиллаа. Мөн хар тамхи борлуулах, худалдаалахад зохион байгуулалттай ажилладаг иргэдийг тогтоосон.

-Баригдсан хүмүүс дунд өмнө нь энэ төрлийн хэргээр ял эдэлж, шийтгүүлж байсан хүн бий гэж сонслоо?

-20 гаруй хүний 5-6 нь 2003, 2008 онд хар тамхины хэргээр шийтгүүлж байсан.Хар тамхи борлуулах ажиллагаанд эмэгтэй хүн оролцож эхэлсэн гэдгийгэнэ баривчилгаа харуулж байна. Энэ явдлыг таслан зогсоож тэмцэхгүй бол хар тамхины хэрэглээ маш өндөр хэмжээнд эрчимжжээ.

-Сэжигтнүүдийг хаанаас баривчлав?

-Гэрээснь, хилээр орж ирэхэд нь, хар тамхи бусдад худалдаалж байхад ньгэх мэтээр…

-Хар тамхи боловсруулж байсан тэрбичил үйлдвэр гэдэг ньхаана байсан юм бэ?

-Улаанбаатар хотын нэгэн дүүрэгтхар тамхи боловсруулж бэлдээд худалдаалдаг болохыг тогтоосон. Захиалагч, борлуулагч, хэрэглэгчид нь үйлдэл дээрээ баригдсан. Хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдсон.

-Гадаадын иргэн байгаа гэсэн. Тэр хаанахын иргэн бэ?

-ОХУ-ын болов уу гэж таамаглаж байгаа. Яг аль орных гэдгийг нь тогтоогоогүй байна.

-Хэдий хэмжээний мансууруулах төрлийн бодис хурааж авсан бэ?

-Их хэмжээнийх, яг нарийн тоог нь одоогоор гаргаагүй байна. Мөрдөн байцаалтын ажилд өнгөж эхэлж байна. Ирэх баасан гаригт энэ талаар хэвлэлийн хурал хийж нарийн зүйлсийг мэдээлнэ.

-Олны танил хүний хүү гээд байсан. “Хархорин” захын эзний хүүтэр дунд байгаа гэж сонслоо?

-Баригдсан хүмүүс дунд нэг захын эзний хүү байгаа гэсэн. Тэрийг сайн мэдэхгүй байна. Ер ньолны танил хүмүүс лхар тамхи хэрэглэдэг гэдэг ойлголттой байсан бол одоо нийгмийн дунд шатныхан их хэрэглэдэг болж байна. Энэ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэх асуудал болоод байна.

-Тэр хар тамхи худалдаалж борлуулсан юм болов уу. Чухам ямар үйлдэл хийсэн юм бол?

-Худалдаалж, борлуулсан, хэрэглэсэн гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа.

-Үйлдвэрт боловсруулан зарж байсан хар тамхины төрлийн бодис нь хэр хор хөнөөлтэй бодис вэ?

-Мансууруулах бодисыг хэрэглэсэн хүн сэтгэцийн өвөрмөц үйлчлэлд нь татагдан, маш хурдан хугацаанд түүний хамааралд орж ахин дахин хэрэглэсээр дон тусдаг. Удах тусам бие махбодь түүнд дасан архагшина. Амфетаминд донтсон хүн системтэй эмчилгээ хийлгэхгүй л бол эцсийн дүнд зайлшгүй үхэл, сүйрэлд хүргэх аюултай. Тэдгээрийн хараат байдалд орсон өвчтөнүүд амфетаминаар дутагдсан үед түүнийг л олж авах цор ганц хүсэлд автаж, энэ зорилгоо биелүүлэхийн төлөө юу ч хийхээс буцдаггүй. Иймд энэ төрлийн бодисоос аль болох холуур явах ёстой.

-Сэрэмжлүүлж хор хөнөөлийнх нь талаар хэлбэл?

-Удаан хугацааны хэрэглээний дүнд ядарсан царайтай болж, турж, арьс шаргалтаж, хумс салж унан, гарын судсанд тарианы сорвинууд үлддэг. Хэл ягаарч, цагаан өнгөр тогтдог. Мөн нүүрний арьсанд идээт бижрүүнүүд гарч, шарх сорвины эдгэрэлт удааширдаг. Үс, хөл хэврэгшин, дуу хоолой сөөнгө болж хэл хагарч, хатууран, хэлний арьс хуурдаг. Судасны хана хатуурч, цусны бөөмөнд бижрүү үүсч, унтах шаардлагагүй болно. Сэтгэхүйн чадвар нь эрүүл хүнийхээс доогуур үнэлэгддэг бөгөөд эцсийн үр дүн нь тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэдэг гэв.

“Хархорин” захын эзний хүү гэх Л.Цэгцбаатар нь хэсэг нөхдийн хамт хар тамхиндмансуурч биедээ авч явсан гэдгийг эх сурвалж хэлж буй юм. Мөн тэрбээр энэ төрлийн бодисыг зарж борлуулдаг байсан бололтой. “Чингэс трейд” ХХК-ийн ерөнхий захирал, “Хархорин” захын эзэн Ч.Лхагвадоржийн хүү юм байна.Л.Цэгцбаатар нь хэдэн жилийн өмнө манай нэртэй топ модель бүсгүйг хэвтэрт ортол нь зодсон хэргээр өмнө нь шүүхийн хаалга татаж байсан нэгэн юм. Эмэгтэй хүнийг хардалтаас болж зодож, хүндэвтэр бэртэл учруулсан Л.Цэгцбаатарт шүүх 40 хоног буюу 360 цаг албадан хөдөлмөр хийх ял оногдуулж байсан билээ.

Д.Маргад

Categories
мэдээ цаг-үе

Миний анхны хулигаан

Б.Цэнддоогийн “Соёлын довтолгоо: Хоньчноос барилгачин” ном саяхан шинэчлэгдэн гарлаа. Нүүдлийн ахуйгаас иргэншин суурьшиж буй монголчуудын түүхийг наргиан хөгжөөнтэйгээр дүрсэлсэн эл бүтээлд хэд хэдэн шинэ бүлэг нэмэгдсэн байна. Бид түүний зарим хэсгээс нийтэлж байна.

…Намайг хот явахын өмнө төрөл төрөгсдийн маань захисан гол зүйлийн нэг нь хулигаанаас болгоомжлох асуудал байв. Малын дайсан чоно байдаг бол хүний дайсан нь хулигаан ажгуу. Ингээд би “тэр ч хулигаан боловуу, энэ ч хулигаан байх даа” хэмээн тааралдсан болгоноос цэрвэж, “хаанаас хутга гял хийж, насны тоогүй цэх бол” хэмээн зүрхшээсээр өдөр хоногийг арай гэж өнгөрөөж байлаа.

Элссэн сургууль дээрээ ирээд хулигаангүй газраас гаралтайг бодолцон хөдөөний хүүхдүүдтэй эхлээд нөхөрлөлөө. Аз эзийн алин болохыг мэдэхгүй, ямар байсан хулигаан тааралдаж өгөхгүй л байлаа. Цөөн хэдэн төгрөгөө яалт ч үгүй өвөртлөөд гарах удаа хэд хэд гарна. Оройдоо үрснээс бусад мөнгө маань тоо ёсоороо надтай хамт харьж ирээд байгаа нь гайхал төрүүлнэ. Уг нь хаа нэгтээгээс гарч ирээд “миний мөнгийг өгнө үү дээ” гээд өврийг ухах учиртай. Гэвч тэрээр намайг аль хэдийнэ нүдэлчихээд ахиухан мөнгө төгрөг авч гарах мөчийг анаж байгаа ч юм билүү.

Гэвч тэр удаан хүлээлгэсэнгүй. Миний анхны хулигаан оюутны намрын дайчилгаанд явж, төмс хураахаар хөдлөх гэж байхад хүрээд ирсэн юм. Пүүгээн дээрээс уучихсан унаа хүлээжий байтал хэн нэгэн мөрөн дээр нөхөрсгөөр гараа хүргэж “Гал байна уу, хө” гэлээ. За өнөөх чинь, өөр хэн байх билээ. Би ацан шалаанд оров. Би мөрөөдөл болсон гоё жожгоолкоо хэдхэн өдрийн өмнө бэлгэнд авсан байсан нь хармайнд буй. Тэрийгээ гаргаад ирэхээр шууд л аваад далд хийх нь гарцаагүй.

Гэтэл нөхөр хулигааны нэхсэн галыг нь өгөхгүй бол намайг энд ньганцхан дүрж зүйл дуусгаад дараагийн хүнээс гал асуух нь дамжиггүй. Ингээд пүүгээн дотроо хийсэн чүдэнзээ ухаж гаргаж өгөхөөс өөр замгүй. Гай шиг ганц гайгүй ноосон цамц авснаа пүүгээнийхээ аман дээр хийдэг нь юу билээ, нэгэнт харснаас хойш авна л гэх биз.

Огт танихгүй тэр хөвүүн миний чүдэнзээр тамхиа асааснаа өөрийнхөө янжуураар намайг дайлж байна. Сайндаа ч биш, кино номон дээр хүнийг цаазлахынхаа өмнө тамхи татуулжхарагддаг. Би ноосон цамцаа эргүүлээд хийтэл мөнөөх хулигаан юм хэлсэнгүй. За, хаашдаа намайг алчихаар ноосон цамц байтугай пүүгээ тэр чигээрээ л тэрнийх болно ш дээ.

Анхны маань хулигаан намайг яагаад ч юм бэ, алсангүй үлдээгээд “За баярлалаа хө, сайхан танилцана аа. Ногоо бригад дээр очоод уулзана” гээд явлаа. Хонь малыг таргалуулж байгаад алж иддэг шиг манийгаа дараагийн ээлжинд бодийг нь хөтлөхөөр нөөцөлж байгаа байх нь.

Үнэхээр “эрлэгийн элч” маань ногоо бригад дээр ирсэн хойноо намайг эргүүлдэнэ. Заримдаа тамхиараа дайлна. Миний тамхинаас ч татна. Тэрээр сонсогч буюу тэтгэлэг авдаггүй оюутан юм байна. Заримдаа би сонор сэрэмж алдан хулигаандаа итгэх шахаж байгаагаа мэдрээд бушуухан жолоогоо татна.

Миний анхны хулигаан бужгардуу шаргал үстэй,хоёр жавжиндаа ялимгүй инээмсэглэл нуусан шарангуй царайтай хүү байлаа. Хүүхэд байхдаа хайр татам, өхөөрдөм төрхтэй байсны нь ул мөр орь насанд нь ч тодорхой. Тэр гэнэн, цайлган царай нь намайг алаад өмдний арын хармааны дотор талд оёсон хэдэн төгрөгийг минь авах үедээ яаж хувирахыг бурхан мэдэх биз ээ? Эсвэл царай нь ер хувирахгүй жоготой инээвхийлсээр гарынхаа цусыг миний пэнжээкний хормойд шударчихаад явчих ч юм билүү?

Миний мөнгө рүү нэг л өдөр орно гэдэг нь тодорхой байсан ч тэрэндээ хүрэлгүй их удлаа. Энэ өдөр хичээл сургууль жигдэрсэн тийм өдөр тохиолоо. Нэгэн үеэ бодвол хулигааны синдром намжаад, хотын гудамжаар хүний ёсоор үе үе алхчихдаг болсон цаг. Оюутны тэтгэлгээ дөнгөж аваад сургуулийн харанхуйвтар хонгилоор явж байтал мөрөн дээр гар хүрлээ. Дотор палхийгээд эргэн хартал “миний анхны хулигаан” инээвхийлэн зогсож байлаа.

-Найзаа, Автобусны мөнгөгүй болчихлоо хө. Гурван төгрөг зээлүүлээч. Аав ээж юм “хайрлах”-аар эргүүлээд өгнө гэж байна.

Хармайнд маань бүтэн сарын тэтгэлэг байгааг би ч мэдэж байсан, тэр ч мэдэж байсан боловч

-Ёстой юу ч алга гээд гэрэлтэй газар луу гүйлээ. Тэгээд жижүүрийн ширээний дэргэд ирж зогсоод орилж хашгирахаас эхлээд сүр жавхлантай үхэж болох бүхий л хөтөлбөрт бэлдэн хүлээлээ. Тэр миний хойноос ирсэнгүй, тэр дороо ч, маргааш нь ч, ерөөсөө хэзээ ч… Хааяа бие биеинхээ барааг харвал хэн хэн нь дөлнө.

Эхэндээ хулигаанаас дайжиж чадсандаа сэтгэл амарч, дотор цэлмэх шиг байлаа. Харин хоног хоногоор миний сэтгэлд нэгэн том зай эзгүйрсээр. Магадгүй насан туршийн маань хамгийн сайн найз нарын нэгийг эргэж ирэхгүйгээр хөөгөөд явуулчихсан мэт гуниг төрнө…

Он жилүүд улиран оджээ. Миний үеийнхны сэтгэл зүрхэнд шар айдсын сүүдрээ унагаасан тэрхүү “хулигаан” гэж юусан билээ. Миний анхны хулигаан нарт хорвоогийнхаа нэгэнтээд хөгжилтэй багынхаа араншингаар инээд цацруулан аж төрж яваа болов уу, бөөн хардлага, муу санаандаа хүлэгдсэн миний биеийг аль хэдийнэ мартсан байж ч мэднэ.

Нүүдэлчин сайн эрээс хотын хулигаан, хоньчноосоо барилгачин болон төлөвшиж буй ХХ зууны монголчууд иргэншлийнхээ өнгө төрхийг таньж ядан төөрөлдөж, бие биеэсээ төдийгүй өөртөө гарч буй өөрчлөлтөөсөө ч өөрөө хүртэл гэрэвшин хөгжиж ирсэн юм. Гэвч энэ бол аугаа үсрэлт байлаа…