Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Хоолойн чадлаараа “аархсан” дуучин Э.Төрмандах

Дуучин Э.Төрмандахынд бямба гаригийн өглөө очлоо. Тэднийх Баянмонгол хороололд амьдардаг юм байна. Дуучин маань хоёр охиныхоо хамт хаалгаа тайлж өгч байна. Мэнд мэдэлцээд “Манай хүн та нарыг ирэх сургаар дэлгүүрээс бага сага идэж, уух юм авчрахаар гарсан. Удахгүй ороод ирэх байх. Амарч байгаа өдрөө жаахан унтах гэсэн манай хоёр ноолоод өнөөдөр эрт бослоо шүү. Өчигдөр Бөхийн өргөөнд болсон Ухнаа ахын “Урлагт зүтгэсний 50 жил” тоглолтод оролцоод оройтож гэртээ ирлээ” гэсээр угтлаа.Харин том охин Э.Намуунбайгаль “Бид хоёр аавыг морь болгоод унаж байсан юм. Манай аав мундаг морь болж чаддаг юм” гэлээ. Аав нь “Том хүмүүсийн ярианд оролцоод яаж байгаа юм. Тэгж болдоггүй юм” гэв. Дуучин маань уран бүтээлээ хийх, арга хэмжээнд дуулах, хөдөө тоглолтоор явсаар ажлын өдрүүдийг зав чөлөөгүй өнгөрөөдөг гэнэ. Харин амралтын өдрүүдэд гэр бүл, хоёр охиндоо цаг зав гаргадаг аж. Аавыгаа амарсан өглөө хоёр охин нь эрт босчихдог байна. Тэр гурав нийлж үймүүлээд гэрээ буулгачих шахан тоглодог гэнэ. Бид тэднийг тоглож байхад нь очсон бололтой, дэр, чихмэл тоглоомууд ороор нэг ундуй сундуй угтлаа.

ДЭЛГЭРХАНГАЙ УУЛЫН БЭЛЭЭС ТӨРСӨН ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ДУУЧИН

Нутаг оронд нь зуншлага ямар байгаа талаар хөөрөлдөж суутал гаднаас гэрийн эзэгтэй О.Гансувд хоёр тортой зүйл барьсаар ороод ирэв.

Э.Төрмандах саяхан нутаг руугаа яваад иржээ. Түүний унаж төрсөн газар дуу хуурийн өлгий нутаг Дундговь аймгийн Дэлгэрхангай сум. Дэлгэрхангай уулын хормой уртын дуу шуранхайлсан бор толгод дунд өсч, торнисон нэгэн. Адуутай, айрагтай, дуу хууртай нутгаас төрөн гарсан дуучдын нэг юм. Тэр тусмаа Дэлгэрхангай сумаас 20 гаруй урлаг, соёлын гавьяат төрсөн байдаг. Их зохиолч С.Буяннэмэх, Дарма.Батбаяр, С.Дашдооров гээд алдарт зохиолчид, хөдөлмөрийн баатар дуучин Г.Хайдав, зууны ман­лай дуурийн дуучин “Ардын элч” киноны Ариунаа буюу гавьяат Цэвэл­сүрэн, морины хэмээн ал­даршсан Нансалмаа, гавьяат жүжигчин Батсүх, Ягаан гажид буюу Цэнд-Аюуш гээд алдартнуудын өлгий нутаг. Хөдөлмөрийн баатар дуучин Г.Хайдав гуайн төрж өссөн хонхорт өнөө цагийн нэр алдарт хүрээд байгаа залуу дуучин Э.Төрмандах мөн төржээ.

Тэр удам дамжсан дуучин гэнэ. Түүний өвөө үйзэн Чимид гэж сум, орон нутагтаа алдартай уртын дууч байжээ. Тэсгим жавар тачигнасан өвлийн хүйтэнд нутгийнхаа хэдэн залуустай жин тээдэг, бяр чадалтай нэгэн явсан байна. Жин тээж явахдаа өвлийн хүйтэнд азарган нэхий дээлийнхээ энгэрийг задгайлчихсан, уур савсуулаад луртын дуудуулчихсан явдаг байсныг нутгийнхан одоог хүртэл ярьдаг гэнэ. Харин аав Ч.Эрдэнэсүрэн нь мөн л сум төдийгүй аймагтаа гайхагдсан дуучин аж. Дундговь аймагт болдог дууны уралдаанд Дэлгэр­хангай сумаасаа Ч.Эрдэнэ­сүрэн ирдэг. Тэмцээн уралдаанд ороод түрүүлдэг, тусгай байранд шалгардаг чадалтай дуучин явсан байна. Гэхдээ дуугаа цааш нь хөгжүүлж чадаагүй аж. Харин Төрмандах өвөө, аав хоёрынхоо мөрөөдлийг биелүүлсэн дуучин болохоор хичээж яваагаа ярьсан юм. Гэхдээ түүний дуучин болсон түүх их сонин. Бага байхдаа дуулах дуртай хүүхэд байсан ч бусдаас илүү гартал дуулж чаддагүй байжээ. Тавдугаар ангидаа аймагт болсон дууны тэмцээнд оролцоод нэгдүгээр шатнаас хасагдаж байсан гэнэ. Харин барилдах их сонирхолтой, сайн ч барилддаг, бөхийн удамтай гэнэ. Түүний ээж Цэцгээ Өвөрхангайн Сант сумынх. Монгол Улсын заан Эрдэнэбаттай ойрын хамаатан аж. Ээж талаасаа бөхийн удамтай болоод ч тэрүү үеийн хүүхдүүдээс бие бялдрын хувьд өсгөлүүн, бяр тэнхээтэй. Сумынхаа өсвөрын барилдаанд түрүүлж, үзүүр­лэчихдэг. Бүр наймдугаар ангид байхдаа заалны барилдаанд аймаг, сумын цолтой бөхчүүдийг хаяж түрүүлдэг байсан гэнэ. Гэхдээ сумынхаа наадамд түрүүлж цол авч чадаагүй байна. Наймдугаар ангид байхдаа сумын наадамд гурав давчихаад унажээ. Харин залуучуудын барилдаанд шөвгийн дөрөвт сумаасаа ганцаараа үлдэж байсан аж. Өсвөрийн хүүхдийн барилдаанд түрүүлээд унадаг дугуй, даага, хөгжим байнд нь авч байсан нь түүний анхны том шагналын нэг гэнэ. Үүндээ урамшин “Дэлгэрхангай нутаг бөх цөөтэй. Би бөхийн удамтай. Сайн барилдаж чадна” гэж бодоод бөхөөр барилдахаар эргэлт буцалтгүй шийдсэн байна. Тэр цагаас зааланд үеийн хүүхдүүдтэй барилдаж өдөр, хоногийг бөхийн бэлтгэл сургуулилт дунд өнгөрөөх болсон гэнэ. Бүр аймагт очиж барилдаад амжилт гаргаж, цагаан сарын хүүхдийн барилдаанд очиж барилдсан байна. Тэр барилдаанд гурав давж, дөрвийн даваанд Шарын гол сумын хүүхэдтэй ач тач барилдаад унажээ. Тэгсэн Э.Төрмандахыг давсан хүүхэд тэр жилийн хүүхдийн барилдаанд түрүүлсэн байна. Энэ талаараа дуучин маань “Бөхөө орхихгүй явсан бол өдийд барилдаад цол энэ тэр авсан ч юмгүй, бааранд хамгаалагч хийдэг ажилтай нөхөр явах байх” гээд инээж байна лээ.

Бөхийн байнд ирсэн хөгжмөө гэртээ хангинуулаад тухайн үед нэр алдарт хүрсэн хүмүүсийн дууг сонсож дагаж дуулдаг байсан гэнэ. Хажуу айлын хүмүүс “Толгой эргэтэл хөгжим хангинуулаад” гэж загнана. Хөдөө хонь хариулах, гэртээ байхдаа байнга л дуулдаг байв. Томчууд байнга енгэнэх муу ёр шүү гэж загнадаг байв. Ингээд Дундговь аймгийн Хүүхдийн дууны уралдаанд сумаасаа шалгарч очоод гурван төрөлд түрүүлсэн байна. “Дэлгэрхангайн бор банди хамаг шагнал түүчихлээ. Үнэхээр сайхан дуулдаг хүү байна” гэсэн яриа Дундговь аймгаар нэг тархжээ. Дундговь аймгийн хөгжим судлаач нар Э.Төрмандахын дуулж байгааг сонсоод “Дээд өнгөөр дуулж, дээшээ дуугарах хүүхэд байна” гэсэн томоохон үнэлэмж өгөв. Хүмүүсийн өгсөн урмын үг, үеийнхний хүндлэл түүнийг дуучин болох юмсан гэсэн хүсэл мөрөөдлийг түүний сэтгэл зүрхэнд асааж өгчээ.

Дэлгэрхангай сумын дунд сургуулийн есдүгээр ангид байхад нь түүний ээж хүндээр өвдсөн байна. Аав нь хот суурин бараадаж, хүнд өвчин туссан эхнэрээ эдгээхээр Дэлгэрхангай сумаас нүүжээ. Нисэхэд нүүж ирсэн Э.Төрмандах VII сургуулийн сурагч болов. Дуулах сонирхол хүсэл тэмүүлэлтэй түүнийг багш нар нь дэмжиж, хоёр ч удаа тайлан тоглолтыг нь хийлгүүлжээ. Хүүгийнхээ тоглолтыг аав, ээж хоёр нь үзсэн байна. Ээж нь “Миний хүү урлагийн хүн болох нь ээ, Сайн дуучин болох байх” хэмээн уйлж суусан гэдэг. Ээжийнх нь бие тааруу байхад Төрмандахад “Ээжийгээ яаж баярлуулах вэ” гэсэн бодол эргэлдэж байжээ. Халаасандаа таван мянган төгрөгтэй Баянзүрх захын ойролцоо явж байтал Дуу бичлэгийн студи гэсэн бичиг нүдэнд нь туссан байна. Яваад ортол хижээл насны ах сууж байжээ. “Ахаа би дуу бичүүлэх гэсэн юм. Хоёр дууг нэг нэг удаа л дуулна” гэж хэлжээ. Дуу бичлэгийн студийн ажилтан гайхаж харж байснаа “Чи байтугай чамаас цаадах нь нэг дуулж чаддаггүй юм. Чамд тэгээд мөнгө байгаа юм уу” гэж асуужээ. Э.Төрмандах ч өөрт байгаа таван мянган төгрөгөө гаргаж үзүүлэв. Тэгсэн мөнгийг нь хараад шоолж инээснээ “За яах вэ нэг нэг л дуулна шүү. Би одоо хийсэн ажилгүй байна” гээд дуулуулжээ. Мань эр дуучин С.Жавхлангийн “Нутгийн салхи”, “Аав л ээж л хоёр минь” гэх дууг дуулсан байна. Тэгсэн хоолойг нь бичиж байсан хүн гайхаж, “Чи цаашид дуулдаг юм шүү. Чи хүлээж бай. Ах нь жаахан засч янзлаад CD дээр буулгаад өгье” гэжээ. Анх удаа дуугаа бичүүлсэн хүү ээждээ сонсгохоор гэр рүүгээ хөөр баяртай гүйж байснаа дурсав. CD-гээ сонсгоход ээж нь “Миний хүү сайхан дуучин болно доо. Хүүгийн минь дууг сонсоод олон ээж баярлана” гээд үнсэж байсан гэнэ. Гэвч Э.Төрмандахын ээж хүүгээ нэр алдартай дуучин болохыг харж чадаагүй юм билээ. Түүний дуучин болсон түүх ингэж л эхэлжээ.

СУИС-ИЙН ДОТУУР БАЙРНААС АМЬДРАЛАА ЭХЭЛСЭН ХОС ДУУЧИД

Бид ийн хөөрөлдөж байтал Э.Төрмандахын гэргий О.Гансувд “Хоол болчихсоншүү” гэсээр Э.Төрмандахын идэх дуртай будаатай хуургыг таваглан авчирлаа. Түүний эхнэр мөн л удам дамжсан, олны танил дуучин. Увс аймгийн Тэс сумынх. Ардын дууч Д.Бурмаа түүний авга эгч гэнэ. Гансувдын аав Олзод Увс аймгийн сайн дуучдын нэг аж. Гурван ч удаа аймгийн аварга дуучин болж байсан гэнэ. “Уран бүтээлч гэр бүл байна гэдэг гэр орондоо цаг зав гаргахгүй хэцүү. Гэхдээ бие биенийгээ дэмжиж, хамтран уран бүтээл хийж байна” гэлээ. “Манай хүн намайг бодвол цөөхөн дуутай. Гэхдээ чанартай сайн хэдэн дуу дуулсан”гэлээ. Эхнэртэйгээ танилцаж, ханилсан талаараа ийн ярив. СУИС-ийннэгдүгээр курсийн оюутан байхдаа Дэлгэрхангай сумандаа тоглолт хийхээр дуулаачийн ангийн оюутнууд дагуулж явахаар болж. Ийн оюутнууд цуглуулж байхдаа Төрмандах СУИС-ийн хоёрдугаар давхрын шатан дээр дээд ангийн оюутантай таарч, “Дэлгэрхангай сум руу явах уу” гэж асуусан нь О.Гансувд аж. Тэд Э.Төрмандахын сум руу тоглолтоор явахдаа танилцаж дотноссон байна. Удалгүй Э.Төрмандах О.Гансувдтай хамт амьдрахаар шийдэж, гэрээсээ СУИС-ийн оюутны дотуур байранд нүүн ирснээр тэдний хамтын амьдрал эхэлсэн гэнэ. Сургуулиа төгсөхийн өмнө байр хөлсөлж тусдаа гарчээ. Э.Төрмандах оюутан байхдаа байрны түрээсийн мөнгө олох гэж энд тэндэхийн арга хэмжээнд дуулж, мөнгө олдог байсан аж. Гурван жилийн өмнө хуримаа хийж, хоёр хүүхэдтэй болжээ. Одоо харин тохилог орон сууцанд тав тухтай амьдарч байна. Том охинНамуунбайгаль таван настай, бага охин Энх-Уянга нь гурван настай гэнэ.

Биднийг ийн ярьж суутал Дундговь аймгаас Биеийн тамир спортын газрын дарга Ж.Гантулга эхнэрийн хамт Төрмандахынд ороод ирэв. Өглөө эртлэн Дундговь аймгаас гарч давхиад хотод ирж байгаа нь энэ аж. Тэрбээр Э.Төрмандахтай багын найз гэнэ. Хотод орж ирэхдээ Э.Төр­мандахынд заавал ирдэг бай­на. Ж.Гантулга гэр бүлийн хамт ОХУ-ын Улаан-Үд орж Итгэлт хамбад мөргөж, Байгал далай үзэхээр ирсэн нь энэ аж. Гэхдээ Э.Төрмандах, О.Гансувд нарыг дагуулж явах гэнэ.

Дундговь аймаг хур бороо багатай байгаа гэнэ. Саяхан Дэлгэрхангай уулын тахилга болжээ. Жил бүр Дэлгэрхангай уулыг Дундговь аймгийнхан тахидаг байна. Ж.Гантулга бидэнд нэгэн түүх ярьж өглөө. Дэлгэрхангай уулын тахилга болжээ. Тэр үед Төрөө оюутан байсан гэнэ. Уулын тахилга болоод Төрөөг дуулуулсан байна. Дэлгэрхангай суманд гурван жил бороо хур ороогүй байсан аж. Тэгсэн Төрмандахыг уртын дуу дуултал бүртийх ч үүлгүй цэлмэг байсан тэнгэрийн баруун хойноос хэсэг үүл гарч ирэн Дэлгэрхангай уулын оройд нартай бороо шаагин оржээ. Нутгийнхан ч үүнийг ихэд бэлгэшээсэн байна. Мөн сургуулиа төгсөх жилээ Дэлгэрхангай уулын тахилгад оролцож мөн л дуулсан байна. Тэгсэн Төрмандахыг дуулаад эхэлтэл бороо орж байсан гэнэ. Дундговь аймгийнхан “Байгаль, дэлхий дуу сонсоод хур бороогоо хайрлаж байна” гэж ихэд билэгшээжээ. Энэ талаар Э.Төрмандах “Би өөрөө ч их гайхсан. Ерөөсөө бороо ороогүй байж байгаад лам нар номоо уншиж дуусаад яг намайг дуулахаар бороо намираад орчихсон. Хоёр удаа давтагдахаар гайхаж, “Уул хангай дууг минь сонсоод хураа хайрлаж байгаа юм байна даа” гэж бодсон. Ингэж ярихаар “Мухар сүсэгтэй юм бэ гэж хүмүүс бодох байх даа” гээд инээлээ.

Сайд асан Ж.Наран­цац­рал­тын хүү Н.Соёмбын бэлгэнд өгсөн Дэлгэрхангай уулын зургийг гэрийнхээ хоймор өлгөсөн байлаа. Бидний яриа эргээд уран бүтээл рүү оров. Анх2005 онд “Аав л нутаг хоёр” гэсэн дуу дуулж байсан гэнэ. Харин оюутан байхдаа Б.Лхаг­васүрэнгийн шүлэг Б.Маг­саржавын хөгжим “Зүүдэн бороо” дууг 200 мянган төгрө­гөөр клип хийлгэж дуулж байсан гэнэ. Мөн “Адуугаарааалдартай Дэлгэрхангай” дууг ч маш бага өртгөөр клип хийлгэж олны хүртээл болгосон байна. Тэрбээр одоо 200 гаруй дуутай гэнэ. “Би болсон болоогүй олон дуутай байснаас чанартай хэдэн дуутай байя гэж боддог юм. Гэвч танаар л дуулуулах гэсэн юм гээд л хүмүүс дууны үг бариад хүрээд ирдэг. Тэр болгоныг аваад дуулаад байж болохгүй хэцүү байдаг. Гэхдээ хүн болгонд үгүй гэж чадахгүй юм” гэв.

НАЙЗ МУГЖ Д.АРИУНБААТАР, АРСЛАН Н.БАТСУУРЬ НАРТАА “ТАВХАН САР ХИЧЭЭГЭЭД БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТАА САЙН ХИЙ” ГЭЖ ХЭЛЖ БАЙЖЭЭ

Э.Төрмандах руу МУГЖ Г.Ариунбаатар утсаар ярьж байна. Гарын таван хуруунд багтах дотнын найзуудынх нь нэг амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлж байгааг нь лавлаж, мэнд мэдэж байна гэнэ. Тэр хоёр СУИС-ийн нэг ангийн найзууд. Байнга шахуу Г.Ариунбаатарын эмээгийнд очих гэж Баянхошууны эцэс рүү алхдаг байсан гэнэ. Замдаа дуурийн дуугаа давтаж, хоолойгоо янз бүрээр дуугаргаж сургуулилт хийж явсаар хүрдэг байжээ. Алхах дуртайдаа биш автобуснымөнгөгүй учраас ийн алхдаг байж. Мөн тэр хоёр ангийнхаа сурлага сайтай оюутнуудын тоонд зүй ёсоор ордог гэнэ. Шалгалтын дүн танил­цуулахад нэг, хоёрдугаар байрт ээлжлээд ордог. Бие биенийгээ дуулах үед нь “Тэгж дуул, тэр хэсэгт нь ингэж дуугар” гээд зөвлөгөө өгдөг. Мөн тэрбээр “Амьдралын чухал, эгзэгтэй үед бие биедээ хэлсэн үг, зөвлөгөөг хүндэтгэж дагадаг нь бидний нөхөрлөлийн үнэ цэнэ юм уу даа” гээд өөрсөддөө тохиолдсон явдлаасаа ярив.

Улсын Филармонийн дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-д болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд явах гэж байхад нь Төрөө “Миний найз таван сар хэнтэй ч уулзалгүй, зөвхөн дасгал сургуулилтаа хий. Тэгвэл амжилт гаргана” гэж хэлсэн гэнэ. Улмаар найз Г.Ариунбаатар таван сар найз, нөхөдтэйгээ уулзалгүй бэлтгэл хийж, уг уралдаанд түрүүлж байсан гэнэ. Мөн 1600 гаруй дуучин оролцсон ЗХУ-ын ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын гурав­дугаар уралдаанд амжилттай оролцож, Гран-при шагналын эзэн болсон байна. Үүнээс гадна Э.Төрмандах дотнын найз Монгол Улсын арслан Н.Батсуурийг улсын наадамд түрүүлдэг жилийн цагаан сарын өмнө “Тавхан сар бүх сэтгэл зүрхээ гаргаад бэлтгэл сургуулилтаа хийчих” гэж аминчлан хэлсэн гэнэ. Тэр жилийн наадамд Н.Батсуурь ч одтой сайхан барилдаж түрүүлж байж. Наадамд түрүүлсний дараа Н.Батсуурь арслан Э.Төрмандахад “Чи үнэхээр урам зоригтой үг хэлсэн шүү. Чиний үгийг дагаад бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд түрүүлчихлээ. Чамд баярлалаа” гэж байсныг дурслаа.

“ЭНХ УЛИРАЛ” ДУУГААР АНХНЫ ХҮҮХДЭЭ НЭРЛЭСЭН САЛААНЫХАН

Залуу дуучид хуучны дууг сэргээж дуулдаг. Гэхдээ анх дуулж байсан дуучныг тэр чигээр нь хуулбарлаад дуулчихдаг. Үүнийг Э.Төрман­дах таашаадаггүй гэнэ. Энэ талаар “Залуу уран бүтээлчид Олон түмэнд ардын дуу шиг болтлоо сэтгэл зүрхэнд нь хүрчихсэн хуучны дууг анх дуулж байсан хүн шиг нь яг дуурайгаад дуулчихдаг. Ятгатай дуулсан бол ятга оруулаад, намуухан дуулсан бол яг тэр өнгөөр нь дуулдаг. Хэдийгээр хүмүүс тэрийг нь сонсдог ч гэсэн тухайн хүний өөрийн өнгө хоолой биш болоод явчихаж байгаа юм. Үүнийгээ энэ дууг шинэчилж дууллаа гээд байдаг. Өмнө нь шинэ байгаагүй юм шиг утгагүй зүйл ярьдаг. Тэр агуу дуучин Адарсүрэн, Цэрэнчимэдийг би дуурайж болохгүй. Төрмандах Төрмандахаараа л байх ёстой.Хуучны дууг өөрийнхөө хоолойн цар хүрээ, стильд оруулаад дуулах ёстой. Үүний нэг жишээ нь “Энх улирал” гэх Адарсүрэн агсны дуулсан дууг өөрийнхөө хоолойн өнгө аяст оруулж дуулсан. Мөн надад урам өгсөн дуу” гэлээ. Эндээс “Энх улирал” дууны талаарх сонирхолтой түүхийг бидэндярив. Олноо “Чоно багш” хэмээн алдаршсан зохиолч Эрхэмбаяр Э.Төрмандахад “Энх улирал”-ыг дуул гэж олон дуучинд хэллээ. Гэвч дуулахгүй юм. Чи нэг дуулаад үзээч, их сайхан дуу” гэсэн санал тавьсан гэнэ. Хэд хоног бодож байгаад дуулжээ. Олон түмэнд ч хүрсэн байна. Гэтэл энд тэнд тоглолтоор явах үед Энх-Улирал гэсэн нэртэй олон хүнтэй таарчээ. Тэгсэн Чоно багшийн багш ньДундговийн Говь-Угтаал сумын уугуул, яруу найрагч Б.Доржпалам цэрэгт байхдаа жагсаалын дарга байсан аж. Б.Доржпалам гуай цэргүүдтэйгээ их найрсаг харилцаатай, цэргийн ангидаа хам­гийн мундаг салааг төрүүлсэн нэгэн байж. Салааны цэргүүд нь ч түүнийг их хүндэлдэг. Цэргүүд нь даргынхаа дуулах дуртай “Энх улирал” дууг байнга дуулдаг байсан гэнэ. Сүүлдээ “Энх улирал” гэх дуу тэр салааны нэрийн хуудас, шүтээн болж. Цэргүүд халагдахдаа салаан даргадаа “Цэрэгт байсан сайхан үеэ бид хэзээ ч мартахгүй. Таныг мөн мартахгүй. Бид анхныхаа хүүхдүүдийг эрэгтэй, эмэгтэй аль нь ч төрсөн хамаагүй Энх-Улирал гэж нэрлэнэ” гэж хэлээд явсан байна. Ингээд уг салааны 30 цэрэг даргадаа хэлсэн амандаа хүрч анхныхаа хүүхдэд Энх-Улирал гэж нэрлэжээ. Ингэж “Энх-Улирал” дууны нэрийг нэг салааны 30 цэргийн 30 хүүхэд авсан түүхтэй гэнэ.

Э.Төрмандах “Зүүдний шувуу шиг бүсгүй”, “Аархал”, “Дүүрэнжаргалтай хорвоо” гэсэн томоохон гурван тоглолт хийсэн. Монгол орныг хэд хэдэн удаа тойрсон. Тэрбээр “Монголын 200 гаруй суманд очиж тоглолт хийсэн байна. Манайхан хотод, аймгуудад тоглолт хийгээд байдаг. Тэгсэн хэрнээ дуучид суманд очиж тоглолт хийх нь цөөн. Ашиг олоод байхгүй ч суманд амьдарч байгаа иргэдэд дуу хуур их дутагддаг. Уран бүтээлч хүн ард түмнийхээ дунд байх ёстой” гэв. Мөнсумын Соёлын төвд дуулж байхад үзэгчид хөл гишгэх зайгүй болтлоо пиг дүүрчихсэн байдаг гэнэ. Хөгжим сонсогдохгүй болтол нь үзэгчиддуулдаг байна. “Аархал” дууг гэхэд тайзны доор суусан гурав, дөрвөн настай хүүхдээс эхлээд хөгшин хүмүүс гээд бүгд дагаж дуулдаг байна. Нэг орой ч гэсэн дуртай дуучныхаа дууг хамтдаа дуулж өнгөрүүлэх нь ард түмний хувьд сэтгэлийн цэнгэл байх гэж бодож явдаг тухайгаа ч ярив.

Саяхан Булган аймгийн Хангал суманд тоглолтоо хийх болжээ. Тэгсэн сумаасаа олон хүн амтайХялгант тосгоныхон “Хангалд ямар ч ашиг олохгүй. Энд ирээд тоглолтоо хийчих” гэсэн байна. Тэгэхээр нь цөөн хүн амтай ч Хангал суманд заавал тоглолтоо хийнэ. Тэд ч бас уран бүтээлчдийг хүлээж байгаа гээд тоглолтоо хийсэн гэнэ. 300 хүн тоглолтыг нь үзсэн гэнэ. Ирэх жилдээ багтаад үлдсэн хэдэн сумаа дуусгахаар төлөвлөжээ. Сумдаар тойрч тоглолт хийхдээ сар гаруй өдөр болгон тоглолт хийгээд явдаг ч хоолой нь өвдөх, цуцах, дуугаа муу дуулах асуудал огт байдаггүй гэж дуучин маань “аархаж” байна лээ. Мөн “Хандивын тоглолт маш ихэсч байгаа. Өвчин зовлон туссан хүнд өөрийнхөө чадлаар туслачих юмсан гэсэн бодол байдаг. Гэвч үнэхээр хандивын тоглолтын мөнгө эзэндээ хүрч байгаа үгүй нь тодорхойгүй. Эмчилгээ хийлгэж байгаа нь мэдэгддэггүй” гэнэ.

ДЭЛХИЙН ДУУЧИДТАЙ ӨРСӨЛДӨХӨӨР БЭЛТГЭЛЭЭ ХИЙГЭЭД ЭХЭЛЖЭЭ

Э.Төрмандах хурдан морь уях сонирхолтой аж. Одоогоор бэлэгний зуу гаруй адуутай болоод байгаа гэсэн. Төр хүрэн, Жигүүр хээр гээд олон хурдан буян байгаа гэнэ.Өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Хужирт сумын 80 жилийн ойд Жигүүр хээр соёолон нь түрүүлж, улсын баяр наадамд түрүүлсэн соёолонгийн эзэнд өгдөгАПУ компанийн Алтан түрүү цомын эзэн болжээ. Өнгөрсөн жил гэхэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын мянган адуутай Эрхэмбаяр гэх залуу аймаг, сумын наадам таван медаль хүртсэн хонгор азаргаа түүнд бэлэглэсэн байна. Төрмандах бэлгэнд ирсэн хонгор азаргаа Налайхын наадамд хурдлуулахад зургаад давхисан гэнэ. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин Төрмөнх зун бэлэглэсэн адуугаа намар нь машинд ачаад ирж байсан гэнэ. Зун болоод ирэхээр уран бүтээлээсээ хэсэг хөндийрч, хурдан морь уяад хөдөө зусдаг болоод байгаа аж. Өнөө жил ч гэсэн хөдөө гарахаар бэлтгэж байгаа гэнэ. Үүнээс гадна Э.Төрмандах ОХУ-аас зохион байгуулах гэж буй дэлхийн олон орны дуучин оролцох уралдаанд орохоор бэлтгэж эхлээд байгаа гэнэ. Тэрбээр ярианы төгсгөлд “Урлагийн хүн байна гэдэг уран бүтээлээр амьдарч, гэр бүлээрээ түшүүлж, олныхоо хайр хүндэтгэлээр урам авахын нэр байх. Хэдийгээр би залуу ч гэсэн үүнийг мэдэрч байгаадаа өөрийгөө хувьтайд тооцдог. Өвөө, аав хоёрын минь авьяас билэг, ээжийн минь шүншиг надад оршдог гэж дотроо бодож явдаг. Олныхоо итгэл, хүндлэлийг алдахгүй амьдрахыг хичээж явдаг даа” гэсэн юм.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Тод манлай уяач Д.Ононгийн “Түмний эх” галаас сурвалжиллаа

Зуны эхэн сарын цагаан нохой өдөр манай сурвалжлах хэсэг Төв аймгийн Баянцагаан сумын нутаг “Довын адаг”-ийг зорилоо. Морьдоо давхиулж бай гэсэн юм шиг талбиун сайхан нутаг юм. Энэ нутагт Д.Онон манлайнх өнөө жилийн наадмаар давхиулах морьдоо сойж байгаа юм. Замд бороо ганц нэг дусаад, зам хөндлөн адуу хөөсөн залуу орж ирээд, аараг толгодын дундаас адуу янцгаах нь аялгуу лимбэдэх шиг, аав минь айргийнхаа сөнгийн дэргэд налайж суух шиг тийм сайхныг Баянцагааны буурал талд мэдрэгдэнэ. Адуутай, хөдөөтэй өвгөдийн удам болох бидний цөөхөн монголчууд руу “Та монгол хүн шүү” гэдгийг маань ганц мэдрүүлдэг монгол наадам болох өдөр ирж явна.

“Наадмын өмнөхөн

Нар манхайсан Бөхөгийн голоо өгсөж нэг үзлээ

Уяа морьдын сувдан хөлс нугын цэцгэнд шүүдэрлэж

Уулсын цэнхэр бэлээс айраг адуу үнэртэнэ

Тэнгэрийн заадасны үзүүр баримжаанаас их сунгаа эргэж

Тээгийн арын толион дээр хөөстэй амгай татна” гэсэн Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлгийн мөрүүд аманд өөрийн эрхгүй орж ирж байна. Наадам болоход нэг сар л үлдсэн юм байна шүү дээ. Д.Онон манлайн уяа харагдах алдад гурван гэрийн гадаа адуу багширч, уртын урт суналзтал татсан уяа шузаг эгнэж харагдав. Морьдынх нь хүүхдүүд бололтой жаахан бор юмнууд эмээлээ тэврэн таахалзан алхацгаана. Угаасаа хурдан морины хүүхдүүд хар багаасаа хэрсүүжсэн, биеэ тоомрууд байдаг юм. Уяаны дэргэд очиж, амар мэндээ мэдээд удаагүй байгаа над руу хөхөл сүүлийг нь боосон сайхан хээр азарга унасан жаахан хүү “Алив эгч тэр ташуур аваад өг” хэмээн зарлаа. Тэр мөн том байнаа, би ч дуулгавартайяа зарагдаж газар хэвтсэн ташуурыг нь авч өгвөл “Өшиглүүлчихэв, холхон байгаарай” гэж өнөө биеэ тоомор чинь бас загнах аятай байна. Түрүү жил зээрд соёолонгоо улсад аман хүзүүдүүлсэн Д.Онон гуайн ач хүү мөн дөө гэж багцааллаа. Тэр ерөөсөө тийм нэг пээдгэр нөхөр байгаа юм. Гэхдээ биш ч байж магадгүй.

Ийнхүү биднийг очсон даруй “Түмний эх” галынхны хурдан морьдоо ёслох зан үйлийн ажил эхэллээ. Тэдний уяан дээр нас насны нийлсэн 70 гаруй адуу байна. Паалайсан сайхан монгол адуунууд ч байна. Тогоруу угшилтай болов уу, ерөнхийдөө цус орсон болов уу гэмээр зэгзгэрдүү, босоо ястай үрээнүүд ч харагдана. Юу гарцаагүй үнэн гэвэл энэ цаг үеийн их уяач Дамбадаржаагийн Ононгийн энэ уяан дээрээс энэ жилийн наадмын морьдын өнгө тодорхойлогдох нь үнэн юм. Өнгөрсөн жил гэхэд улсын наадмын хоёр түрүү, дөрвөн айраг энэ уяанаас тодорсон юм. Шинэ ногооноор уяа морьдынхоо хорыг гаргаад, бүрэн онгойлгоод авчээ. Одоо наадмын нарийн уяа руугаа орох гэнэ. Заримыг нь зөөлөн хөдөлгөөд, тарлаад, дундын сунгаа ч хийгээд эхэлсэн бололтой. Цаг нэг мөр тавираад, толгод нов ногоон болох ойрын өдрүүдэд холын давхил хийгээд ямар ч амьсгаагүй болгох тухай тэнд байгаа уяачид ярьж байна. Үүний дараа үзүүрийн цуцаа арилгах том ажилдаа орох гэнэ.Тэр нь юу гэхээр бага адуунууд бариан дээр дав­хиж ирээд нам суудгийг л арилгана гэсэн үг аж. Үүний арилгадаг арга нь өдөр бүр ойр хавийнхаа уул толгод өөд тар хийх. Энэ мэтээр хурдан мориныхоо уяа заслын талаар ярих тэдний үгс их аж. Монгол Улсын тод манлай уяач Д.Онон зуны тэргүүн цагаагчин могой сарын гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр морьдоо ёсоллоо хэмээн ярьж байна. Тэднийх жил бүрийн нохой өдрийг сонгож морьдоо ёсолдог уламжлалтай юм байна. Морь барьж ёслоход морьтой ивээл жил буюу но­­хой, гахай, бар өдрийг сон­го­дог ёс жаягтай ажээ. Морьдоо ногоолж ханаад Эр­дэнэ сум руу нутаг сэлгэх гэнэ. Тэдний галтай саахалт “МАКС”-ын Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэдийн гал, өн­гөрсөн жилийн улсын наадмын их насны түрүү Амарбат болон уяач Мөнхбат нарынх айлсжээ. Тэд морьдынхоо ажлыг хийж байгаа ч ёсолгоогоо дараагийн сайн өдөр хийхээр төлөвлөсөн сурагтай.

Д.Онон манлайн туслах уяачид морьдоо барилж, хө­хөл сүүлийг нь боож, арц хүжээр ариулж, уяа тойруулан хийморийг нь сэргээж байх зуурт гэрийн эзэгтэй М.Мөнгөнцэцэг хоёр бэр, тус­лах уяачдын эхнэрийнхээ хамт гэрт хоол цай, идээ будаа бэлтгэж харагдана. М.Мөнгөнцэцэг “Энд ирээд хугацаа алдаж байхаар гээд эгч нь өчигдөр шөнө Өлзийтөд хоёр бэртэйгээ салат хийгээд ирсэн. Одоо мах чанаад, бууз хийхэд л болно” гээд том тавагныхаа идээ будааг засч эхлэв. Ийнхүү борви бо­хис хийлгүй арын ажлыг ам­жуулах зууртаа “Онон уяа эхэлчихээр гэртээ орж ирнэ гэж байхгүй. Уяан дээрээ л өнждөг юм, морьдынхоо дэргэд амьдарчихдаг хүн шүү дээ” гээд инээх. Тогоонд мах үйж, бууз чимхэх зуур эр­чүүд морьдоо барьж дуус­чээ. Энэ үеэр Д.Онон ман­лайн бага хүү О.Батболд Төв аймгийн Баянбараатаас хоёр лам залж ирэв. Лам нар “Түмний эх” галын морьд, унаач хүүхдүүдийг даатгаж ном уншлаа. Морь, хүүхэд хоёр мэнд сайхан уралдахын зам мөрийг ингэж тэгшилдэг байна.

Д.Онон манлай гурван хүүхэдтэй бөгөөд хоёр хүү нь хоёулаа уяач болжээ. Түүний том хүү О.Батбилэг энэ жил аавыгаа баярлуулж, сайн уяач гэдгээ баталж “Монгол Улсын манлай уяач” цол хүр­­тээд байгаа билээ. Онон манлай уяагаа тойрч алхангаа хүүхдүүддээ зааж зөвлөнө. Д.Онон манлайн дэргэд уяаны эр­­дэмд нь суралцан хоёр хүү нь, цаана нь моринд сэтгэлээ өгсөн гурван сайхан залуу байдаг ажээ. Тэд Сүхбаатар, Булган, Төв аймгийн Аргалант сумаас өөрсдийн морийг аваад иржээ. Онон манлай “Юм суръя гээд ирж байгаа хүүхдүүдийг хэн цааш гэхэв, чад­лынхаа хэрдээ л илүү үглэдэг юм” гэж сууна. “Түмний эх” гал таван унаач хүүхэдтэй бө­гөөд гурав нь түүний ач нар. Үлдсэн хоёр нь Д.Онон манлайн цэргийн найзуудын ач, зээ нар нь гэнэ. Тод ман­лай уяач маань “Хүүхдүүд монгол ахуйтайгаа ойр өсөх хэрэгтэй. Хоёр хүү минь ч морь унаж өссөн хүмүүс. Манай найзууд хүүхдүүдээ юм сураг гээд аваад ирдэг юм. Зөв л дөө” гэлээ. Морины хүүхдүүд уяа заслын ажлаа дуусгаад гэрт гүйлдэн орж ирлээ. М.Мөнгөнцэцэг эгч “За та нар мордохоосоо өмнө бушуухан салат ч болсон идээд ав. Ирэхэд чинь сайхан бууз болчихсон байна” гээд хүүхдүүдийг идэх юмаар баа­хан шахлаа. “Морины хүүх­дийг өлсгөж болдоггүй юм. Шөнө нь сайхан амрааж байх хэрэгтэй. Хүний өөрийн энэ олон нялх амьтдыг чинь хоол ундаар бялхуулж, гараа руу хөдлөхөд нь мэддэг хэдэн мааниа л уншиж сууна шүү дээ эгч нь. За тэгээд түрүүлж айрагдах нь яахав, барианы зурхай руу мэнд сайхан ороод ирэхээр нь сая нэг санаа амраад хоол цайг нь бэл­дэнэ дээ” хэмээн ярилаа.Бид хоёрын яриаг анзаарч бай­гаа юм ч алга, хоорондоо хөг­жилтэй инээлдэн бие биеэ харж хурдан идэж аваад гарч гүйлээ.

Морь цаг болж ёслол эхлэх үед уяан дээр ширээ засч бүгд цугларчээ. Лам нар арц уугиулж нэг аяганд архи, нэг аяганд сүү хийж тавилаа. Лам нар “Түмний эх” галын хурдыг хангай дэлхийд даатгаж номоо ун­шиж эхэллээ. Уяаны дэргэд ширээ тойрч суусан хүмүүс бүгд сүслэн залбирна. Номоо уншиж дууссаны дараа аяганд хийсэн архи, сүүг Д.Онон гуай хангай дэлхийдээ өргөлөө. Бас идээ будааныхаа дээжийг өргөв.Том хүү, манлай уяач О.Батбилэг уяагаа ариуллаа. Үүний дараа хүүхдүүд сүү амсаад мориндоо мордон уяагаа тойрон морины тарни уншиж гийнгоолж эхлэв. Уяагаа тойрон гийнгоолох хүүхдийн дуу морьдын сэт­гэлийг сэргээнэ.

Монгол Улсын тод манлай уяач Д.Онон “Өөрийнхөө хүүх­дээр морио унуулаад унаган адуу түрүүлж ирэхэд их сайхан байдаг юм. Анх 1989 оны улсын наадмаар зээрд халзан морио долоон настай хүүгээрээ унуулаад айрагдуулж байлаа. Тэр үе их сайхан санагдаж байсан. Тэр халзан морины эхийг нь би 20 настай байхад нь 10-аад адуугаар авсан юм. Надад нэлээд хурд өгсөн дөө. Үр төлөөс нь одоо энэ уяан дээр ч бий. Уясан морьд маань заавал айрагдаж, түрүүлэх нь гол биш. Төрийнхөө наа­дамд тоосыг нь өргүүлж тү­­мэн олонтойгоо сайхан наад­чихвал болно доо. Уяач бид чинь түмэн олноо наадуулах үүрэгтэй хүмүүс” гэв. Манлайн адууны угшил Төв аймгийн Сэргэлэн сумынх аж. Тэрээр “Ер нь адууны угшил гэдэг ганцхан хүнээс хамаарахгүй олон хүний хөдөлмөр. Адуу чинь азаргаар биш гүүгээр сайжирдаг юм. Уг муутын тугал муу гэдэг шиг хамгийн чухал нь эх. Эхийнх нь удмыг сайн мэдэж байх ёстой. Удмыг нь мэдэж байж л адуугаа үржүүлж адуу сэргэдэг юм. Би морин тойруулгаас их морь авсан даа. Одоо гайгүй байгаа нь тойруулга цус ор­сон адуунууд маань их дав­хиад байгаа” гэж хуучлав. Тэр­бээр “Хамар цагаан адуу буян хишиг далладаг. Манай уяанд хамар цагаан адуу гараад байдаг юм” гээд уяан дээр зогсох морь луу ширтэв. Онон манлай гийнгоолж яваа хүүхдүүд рүү хараад “Миний хүүхдүүд жаахан зайтай явцгаа. Азарганууд чинь нэг­нийгээ өшиглөнө” хэмээн сэрэмжлүүлэв.

Энэ бүх ёс заншил, дэг жаягийн дараа бүгд гэрт цу­гла­лаа. Гэрийн эзэгтэй М.Мөн­гөнцэцэг хүүхдүүдэд бэлэг тарааж өгөв. Хүүхдүүд бэлгээ уудалцгаана. Тэдний уяан дээр морины хүүхдүүд, ач, зээ нар нь гээд олон жаахан амьтад байна. Тэд ирээдүйд энэ их уяаг авч явах эзэд. Энэ их уяачийн уяаны эрдмийг өвлөн авах хүмүүс. Ирээдүйн монгол наадмын дэвжээг чи­мэх эрчүүд. Д.Онон манлай ач, зээ нараа эрхлүүлж өвөр дээрээ суулган жаргалтай суух зууртаа, “Манай энэ хэд бүгд суурин хүмүүс болчихвол миний насаараа хийсэн хөдөлмөр талаар өн­гөрнө шүү дээ. Би нэг хүүгээ малынхаа эзэн болгоно гэж бодож байгаа. Би долдугаар ангиасаа мал дээр гарсан ч буруудсан юм алга л байна. Энэ ер нь малын дүйтэй хүн байгаа юм“ гэж зээрд унасан жаахан хүү рүү заалаа. Түүнийг Амартүвшин гэдэг бөгөөд тэрээр таван настай гэнэ. Д.Онон манлай “Би энэ хүүгээ найман настайд нь сургуульд оруулъя гэж бодоод бай­гаа юм. Ер нь монгол ахуйд нь ойр л байлгана” гэж инээгээд “Сайхан адуу дагаж сайхан сэтгэл явж байдаг юм. Энэ довон дээр халхын олон ч сайхан алдартай уяач өвгөдийн үг сургаал сонсож морь уяж ирлээ. Тэдгээр их өвгөд ”Морь уяж байгаа хүн атаа жөтөөнөөс хол байж л өөрт нь муу зүйл ирдэггүй юм” гэж ярьдаг байлаа. Тэд бас нэг голынх нь морь гайгүй давхиж байвал өөрийнх юм шиг баярладаг байсан юм. Өвгөдийнхөө энэхүү өндөр ёс заншил, зан чанарыг ирээдүй хойч нь дагаж явах ёстой юм” гэж ярив. Уламжлал, ёс заншил дотор маань л ухаан, зөв явах сургаал ор­шин байдаг гэдгийг хурдан морьдын торгон хийморьийн­хүү мэдрүүлэх шиг.

С.АРИУНЖАРГАЛ

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Амарбаясгалан: Хурдны замын бүтээн байгуулалтад засгаас хамаарах зүйл их байгаа

Улаанбаатараар дайран өнгөрөх Ази Европыг холбосон хурдны замын бүтээн байгуулалт энэ жилдээ багтаж эхлэх нь тодорхой болжээ.“Чингис лэнддевелопмент групп-Шинэ хөгжлийн зам” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Д.Амар­баясгалантай уг төслийн талаар ярилцлаа.

-Хурдны замын ажлын сүүлийн үеийн мэдээллийг сонирхмоор байна?

-Бид өнгөрсөн жилээс хойш төслийн суурь судалгаагаа нэлээд явуулсан. Ялангуяа ТЭЗҮ-ээ батлуулснаас хойш үндсэн замынхаа мянган км-ийг хоёр хэсэгт хуваасан юм. Алтанбулагаас Мааньт хүртэлх 450 км-ийг хойд талын хэсэг гэж үзээд нэгдүгээр хэсэг, Мааньтаас Замын-Үүд хүртэлх хэсгийг буюу 550 км замыг хоёрдугаар хэсэг гэж үзэж байгаа юм. Эхний ээлжийн буюу 450 км-ийнхээ трассыг тогтоох, байгаль орчны судалгаа хийх, гео техникийн судалгааны ажлыг үргэлжлүүлэх, зам барилгын ажлын зураг төслийг хийлгүүлэх зэрэг ажлууд байна. Явц нь 70 орчим хувьтай байгаа. Эдгээр ажлууд дээр зөвлөх компани авч ажиллуулж байна. Удахгүй долдугаар сард хойд талын хэсгийнхээ зургийг дуусгана. Тэгээд зам барилгынхаа ажлыг эхлүүлнэ.

-Тэгэхээр намраас өмнө зам барилгынхаа ажлыг эхлэх нь ээ?

-Тэгж ойлгож болно. Зарим компанийн хувьд зам барилгын ажлаа намрын хэдэн сардаа амжаад эхлүүлэх бүрэн бололцоотой. Ямар ч байсан намраас өмнө олон улсын нээлттэй тендер зарлана. Үүнтэй холбоотойгоор МҮХАҮТ, Авто замчдын холбоотой санамж бичигт гарын үсэг зурсан. Гол шийдэл нь тодорхой. Энэ том төсөл дээр хэсэгчлээд, багц болгож олон улсын нээлттэй тендер зарлахаар үндэсний компаниудын хувьд нэг хэцүү тал гарч ирнэ. Олон улсын томоохон бүтээн байгуулалтын групп, зам барилгын компаниудтай өрсөлдөх боломжийн хувьд хэцүү болох эрсдэл бий. Үндэсний том бүтээн байгуулалтад үндэсний компаниудаа оролцуулахын тулд төрийн бус байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлье гэж бодсон юм. Монгол компаниудыг ядаж туслан гүйцэтгэгчээр оролцуулах боломжийг хангаж өгье гэж зорьсон. Үндэсний энэ том бүтээн байгуулалтад инженер техникийн ажилтнуудыг сургаж бэлтгэхтал дээр хамтарч ажиллая гэж бодож байна. Мөн бүтээн байгуулалтын явцад монгол ажилчдын тоог өндөр хэмжээнд байлгах, доод босгыг нь зааж өгөх чиглэлээр ажиллана. Энэ мэт хамтарч ажиллахаар төлөвлөсөн зүйл их байна. Энэ хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Урд талын 550 км-ийн хэсэг дээр бид зам барилгын өмнөх ажлуудынхаа нээлтийг хийлээ. Одоо трассыг эцэслэж тогтооно. Аймаг сумтайгаа хамтарч ажиллаж байна. Өмнө нь Зам тээврийн яам чиглэлээр нь баталсан. Одоо координатаар нь батлуулахын тулд байгаль орчны судалгаануудаа хийж байна. Тендер зарласан байгаа. Геотехникийн чиглэлээр ажил гүйцэтгэх компаниудаа сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Үүний дараа зургийн ажлууд хийгдэнэ. Дараа нь зам барилгын ажлын үндсэн тендер зарлагдахад бэлэн болно.

-Хил гаалийн шалган нэвтрүүлэх боомт барина гэл үү?

-Ирээдүйд энэ замаар Азиас Европ руу, Европоос Ази руу, Хятадаас Орос руу, Оросоос Хятад руу, Монголоос бусад орон руу чиглэсэн тээвэр ложистикийн томурсгал явна. Хоногтоо хэдэн мянган машин явна гэсэн үг.Тийм учраас бид хил гаалиар гарахад нь саадгүй байх үүднээс замынхаа ачааллыг зохицуулаад хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтыг барьж байгуулахаар төлөвлөж байгаа.

-Монгол ажилчдын босго дээр ерөнхий төсөөлөл байна уу?

-Аль болох 50 хувиас буулгахгүй гэж бодож байна. Зам барилгын явцад гурван жилийн хугацаанд 20-30 мянган түр ажлын байр гарах юм. Тухайн үедээ зам барилгын ажил дээр операторуудын нөөц харьцангуй гайгүй байх болов уу. Яг зам барилгын ажил дээр бол хэцүү. Ажиллах боловсон хүчний нөөц муутай. Замын ямар нэг төсөл хэрэгжихэд орон нутагт ажиллах хүчин олдох дээр асуудал үүсдэг гэж энэ салбарынхан хэлдэг.

-Тэгэхээр зам барилгын ажил эхлэхээр хөдөө орон нутгийнхныг ажлын байраар хангахад бэрхшээл тулгарч нь ээ?

-Тийм учраас л мэргэжлийн байгууллагуудтай хамтран инженер техникийн ажилтан бэлтгэе гэж байгаа юм. Энэ бол дэлхийн хэмжээний том төсөл. Бидний барих зам олон улсын стандартаар баригдана. Тэгэхээр мэргэжлийн инженер техникийн ажилтны хувьд өндөр цалинтай байна гэсэн үг. Монголчууд юмыг амархан сурдаг. Нэг сурсан зүйлдээ амжилт гаргах оюуны өндөр чадамжтай сийрэг улс. Сургачихвал дажгүй цалинтай ажил хийж, амьжиргаагаа сайжруулах бүрэн боломжтой.

-Олон улсын стандартаар цалинжина гэдэг бол сайхан мэдээ. Дундаж хэмжээг нь хэлэх боломжтой юу?

-Харилцан адилгүй л дээ. Туршлагаасаа хамаарна. Дунджаар авч үзвэл 2000-5000 ам.доллараар цалинжих бололцоотой.

-Майдар хот руу хурдны замыг татна гэсэн өөрчлөлт яригдаж байсан. Тэр юу болсон бэ?

-Одоохондоо шийдэгдээгүй байна. Бусад ажлуудаа амжуулаад явж байгаа. Таны сонирхсон асуудал удахгүй шийдэгдэх байх гэсэн мэдээлэл бий.

-Эерэг хүлээлттэй л байгаа юм байна?

-Зөвхөн манай төслөөс гадны олон төсөл байгаа учраас ЗГХЭГ дээр байгуулагдсан ажлын хэсгийн хувьд энэ ажлыг шуурхай шийдэх сонирхолтой байгаа юм билээ.

-Том төсөлд асуудал их байгаа болов уу. Тулгараад байгаа асуудал гэвэл юуг онцлох вэ?

-Засгийн газар бол гэрээний нөгөө тал. Засгаас хамаарах асуудал бий. Засгийн газрыг төлөөлж байгаа эрх бүхий этгээд болон зохицуулах байгууллагууд гэж байгаа. Эрх бүхий этгээд гэхээр төслийг хариуцсан манайхтай гэрээ байгуулж байгаа тал. Зохицуулах байгууллагууд нь гэхээр манайхтай хамтарч ажиллах Зам тээврийн яам, аймаг, сумд. Энэ бүх байгууллага үүргээ биелүүлээд дэмжээд өгвөл асуудалгүй. Ажил процессоороо явж байгаа учраас нэг их хүндрэл гэхээр юм алга.

-Хөрөнгө оруулагчид яг ямар шийдлүүд дээр хариухүлээж байна?

-Засгийн газрын зарим нэг шийдлийг хүлээж байна. Трассаа эцэслэн тогтоохоос эхлээд төрөөс хамааралтай үүргүүд бий. Шийдлүүд удаан алгуур гарах юм. Бидний хувьдбүрдүүлэх ёстой материалуудаа өгсөн. Төрийн бүх шатанд, үе үеийн Засгийн газар энэ бүтээн байгуулалтыг дэмжсэн байдаг.Энэ зам Замын-Үүдээс эхлээд Алтанбулаг хүрээд зогсохгүй. Азийн хурдны замын сүлжээний АН-3 коридорын Монголын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч байгаа хэсгийг бид бүтээн байгуулах юм. ОХУ үндэсний компаниудаараа Улаан-Үүд хүртэлх замыг барих нь тодорхой. Хятадын компаниудын хувьд ч ялгаагүй. Яг ийм бүтээн байгуулалт өрнүүлжтаарна. Ингэж байж цогц төсөл болно л доо.

-Саяхан Америкийн нэг компанийн төлөөлөл ирж хурдны замын төсөлд хамтарч ажиллах санал тавьсан гэж дуулсан. Ямар санал тавьсан бэ?

-Зам барилга, уул уурхайн чиглэлийн Америкийн том групп ирж ажлаа танилцууллаа. Дэлхийд тэргүүлэгч “Астек индастрис” гэдэг групп байгаа юм. Замын далан, хучилтын хийцэд ороххайрга, дайргыг бутлах бутлуурын явуулын болон суурин үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг танилцуулсан. Бидний барих зам олон улсын стандартын түвшинд хийгдэнэ. Манайд хурдны замын стандарт боловсруулагдаж байгаа юм билээ. Чанартай хийх ёстой гэсэн гол зарчим барина. Тийм учраас стандарт гэдэг зүйлээ барих учиртай. Жишээ нь дайрга гэхэд бат бөхийн хувьд сайн байх шаардлагатай. Буталсан хэмжээ нь хүртэл өндөр стандарттай байдаг. Энэ мэтээр маш олон компани манайд үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулдаг. Танилцуулна гэдэг шууд гэрээ хийгдэнэ гэсэн үг биш. Бид судалж үзээд хамтрах эсэхээ шийднэ л дээ.

-Хурдны замын төсөлд яг одоогоор хэчнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна?

-50 гаруй сая ам.доллар зарчихаад байна. Зуу гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байна гэсэн үг. Ойрын хугацаанд 30 орчим сая ам.долларын ажил хийгдэх гээд бэлтгэл ажлууд нь хангагдаж байна. Урд талын хэсэг дээр суурь судалгааны компаниудаа сонгон шалгаруулах тендер зарласан. Богино жагсаалтад компаниудаа бүртгээд явж байгаа.

-Олон улсын нээлттэй тендерийг намраас өмнө зарлана гэлээ. Хэр хугацаа шаардах бол?

-Ер нь тендер зарлах процесс 45-60 орчим хоногийн хугацаа шаарддаг. Олон улсын стандарт, журмаар нь худалдан авах ажиллагааг зохион байгуулна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Р.Бурмаа: Тариаланчдад газар эзэмших гэрчилгээгээ барьцаалж зээл авах боломжийг нээж өгч байгаа

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.

-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө, аж ахуйд баримтлах бодлогыг баталж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна. Бодлогын баримт бичигт энэ салбарыг хөгжүүлэх асуудлыг хэрхэн тусгасан юм бэ?

-2003 онд баталсан Төрөөс хүнс, хөдөө, аж ахуйн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт өнөө жил дуусгавар болж байгаа. Дараагийн үе шат нь 2016-2025 он хүртэл таван жилийн хугацаатай хоёр үе шаттайгаар хэрэгжихээр боловсруулсан. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлохын тулд олон улсын худалдааны хорио цээрийн нөхцөл шаард­­­лагыг хангасан чөлөөт бүсийг байгуулахаар судал­гаа хийсэн. Долоон газрыг боломжтой гэж үзсэн бөгөөд нэн тэргүүнд Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг бай­гуулъя гэсэн асуудлыг Засгийн газ­рын хуралдаанд оруулж дэмжлэг аваад байна. Чөлөөт бүс байгуулснаар гадаад дотоо­дын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл байдал бүрэлдэж бай­гаа юм. Мөн мягмар гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетикийн тухай хууль, Органик хүнсний тухай хуулийн төслүүдийг дэмжлээ. Дээрх хуулийн төс­лүү­дийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

-Манай улс хоёр хөршөө­сөө гадна Араб, Япон руу мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор болж байна. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс бай­гуулснаар махны экспор­тод яаж дэм болох вэ?

-Юун түрүүнд Монгол Улс газар зүйн байршлаа ашиглаж, хоёр хөрш болон гуравдагч хөршийн зах зээлд нэн тааламжтай нөхцөлөөр хүнс, хөдөө аж ахуйнбараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой.

Дээрээс нь Араб руу гэхэд таван сая хүртэлх малын мах экспортлохоор боллоо. Вьетнам ямааны мах их хэмжээгээр импортолж авъя гэсэн тааламжтай нөхцөлүүд тавьж байна. Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын гол бодлого бол үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэж байгаа. Өнгөрсөн онд 51.9 сая толгой мал тоологдсон. Энэ хавар 18 сая төл хүлээж авсан. Нийт дүндээ нийт малын тоо толгой 70 саяд дөхөж байгаа бөгөөд дотоодын хүнсний хэрэгцээнд 10 гаруй саяыг нь хэрэглэнэ гэж үзвэл энэ жил малын тоо толгой 60 сая орчимд хүрч Монгол орны бэлчээрийн даацаас давах төлөвтэй байна.Тэгэхээр илүүдэлтэй байгаа хэсгийг эргэлтэд оруулах шаардлагатай. Энэ тал дээр яам ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход улс хоорондын хорио цээрийн гэрээ хэлэлцээрийн асуудал чухал. Ялангуяа хоёр хөршдөө мах, махан бүтээгдэхүүн гаргах талаар эрчимтэй хэлэлцээр хийж байна. Өнгөрсөн жил дотоодын махны хоёр үйлдвэр ОХУ руу мах экспортлох эрхээ авсан. Өнөө жил тав болж нэмэгдсэн. Хятад руу мах махан бүтээгдэхүүнийг гаргах эрхийг зургаан аж ахуй нэгж аваад байна.Ирэх долдугаар сард Хятадын Хорио цээрийн асуудал хариуцсан дэд сайд Монголд ирж хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хамгийн том бэрхшээл бол малын гоц халдварт өвчин юм. Тухайлбал шүлхий. Шүлхий өвчин жил дараалан гарч байна. Малын гоц халдварт өвчин гарснаар импортлогч улсууд импортоо зогсоодог. Тиймээс халдвар өвчнөөс ангид хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ер нь бол хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох зорилготой юм.

-Мах экспортлоход тухайн улсын стандартад нийцүүлэх шаардлага давхар яригддаг…

-Махны экспорт дээр Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 64.4 мянган тн махыг экспортлох боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ жил 4.4 мянган тн махыг экспортлох квот өгсөн. Одоогийн байдлаар 1400 тн мах экспортолсон мэдээтэй байна. Цаашдаа мах экспортын асуудал дээр нэг цонхны бодлогоор маркетингийн асуудлыг явуулахаар төлөвлөж байна. Компаниуд тус тусдаа гэрээ хэлэлцээр хийгээд явахаар экспортлох махныхаа үнийг унагаж, дотооддоо борлуулснаас ч хямд байдалд хүргэж байна. Дээрээс нь бид органик монгол махныхаа шинж чанарыг таниулсан маркетингийн нэгдсэн бодлогоор лаборатори судалгааны ажлуудыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Газар тариалангийн хуулийн шинэчилсэн найруулгаар юу, юу зохицуулж байгаа вэ?

-Тариаланчдын хоёр холбооны төлөөлөл, мэргэжилтэн, судлаачид оролцуулсан зөвлөгөөнүүд хийсэн. Бас тариаланчидтай уулзсан. Олон талын саналыг оруулж, хэлэлцүүлэг хийж байна. Хуулийн төсөлд газар тариалангийн хөрсөө сайжруулах асуудалд хэрхэн яаж анхаарах ёстой юм, агрохимийн болон агрофизикийн шинжилгээг хэдийд хийж байх уу зэрэг асуудлуудыг тусгаж өгсөн. Тариаланчдын газар эзэмших хугацааг уртасгах, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалж зээл аваад, аж ахуйгаа өргөжүүлэх, тоног, төхөөрөмжөө сайжруулах боломж бололцоог нээж өгч байгаа. Түүнчлэн хөрс бордох, технологио сайжруулах зэрэг асуудлуудыг зохицуулж өгч байгаа.

-Тариаланчдын зүгээс тариалангийн талбай руу мал ороод байна гэсэн гомдол байнга тавьдаг. Маргааны гол цөм болсон энэ асуудлыг дээрх хуулиар яаж шийдэхээр байна?

-Газар тариалан зонхилсон бүс нутагт фермерийн мал аж ахуйг хослон хөгжүүлэх замаар хөдөө аж ахуйн эрчимжсэн хөгжлийн бүс нутгийг бий болгохоор зорьж байна. Өөрөөр хэлбэл органик үйлдвэрлэлийн бүс. Тариалангийн талбайн 15-30 хүртэлх хувийг мал иддэг гэсэн тариаланчдын тавьдаг асуудлыг зохицуулах шийдвэрлэх шаардлагатай байгаа. Газар тариалангийн бүс нутагт малын тэжээл тарьсан газартаа ойрхон фермерийн аж ахуй хөгжүүлэхийг дэмжсэн бодлогыг хуулийн төсөлд оруулж байна. Урьд нь зохицуулаагүй асуудал байсан. Тухайлбал, газар тариалангийн бүс нутагт фермерийн аж ахуй байгуулаад байшин барилаа гэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаггүй байв. Учир нь тариалангийн талбай гэдэг бэрхшээл тулгардаг байсан. Харин шинэ хуулинд тариаланчдыг дэмжсэн зохицуулалт хийж өгч байгаа. Тариалангийн бүс нутаг болох асуудлыг эхлээд орон нутагтаа шийдвэрлэнэ.

-Хавар, намарт босдог бас нэг асуудал болох улаан буудайн урамшууллыг цаашид ямар хэлбэрээр олгох ёстой вэ. Мөн арьс шир, ноос, ноолуурын урамшууллын системийг хуулинд яаж тусгаж байгаа юм бол?

-Урамшуулал өнөөдрийг хүртэл тоон дээр түшиглээд явж ирсэн. Тухайлбал, тушаасан арьс ширнийхээ тоо ширхэг болгонд тооцоолж урамшуулал олгодог байсан. Үүний цаана чанар алдагдаад байдаг. Хэрэв үндэсний үйлдвэрлэлд ноос, арьс ширээ тушаасан бол тэр дор нь урамшууллыг нь олгоно гэдэг. Харин гүн боловсруулах эцсийн бүтээгдэхүүн хүртэл дэмжсэн бодлого байдаггүй. Ноос, арьс, ширийг угаах үйлдвэрлэлийг дотооддоо хийгээд бохирыг нь үлдэж, цэвэрлэснийг нь экспортолж байна. Энэ нь гадны үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогод улсын төсвөөс мөнгө олгож байна гэсэн үг. Тэгэхээр гүн гүнзгий эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг тэр үйлдвэрт тушааж байгаа арьс, ширний урамшууллыг олгож дэмжмээр байна. Дээрээс нь эрүүл малыг үйлдвэрлэлийн аргаар төхөөрсөн малын арьсыг урамшуулах систем явмаар байгаа юм. Мөн ноосон дээр ялгавартай урамшуулал олгож байна. Арьс ширэн дээр ч бодлогоор чанарыг үнэлэх зохицуулалт хийнэ.

Улаан буудайн урамшууллын мөнгийг олгохдоо чанарыг баримтална. Тариаланчид тариалангийн газрыг ашиглаж байгаа бол хэдийгээр төрийн өмч ч гэсэн эргээд хөрсийг муутгахгүй байх тал дээр үүрэг хүлээж ажилладаг байх хэрэгтэй. Тэгээд 1-2 жил тутамд га тутамд агрохимич, агрофизикч нар хөрсний чанарыг шалгадаг байх шаардлагыг тавина. Монголын нөхцөлд хүлээн зөвшөөрөгдсөн бордоо, үр хэрэглэж, цавуулаг өндөртэй тариа ургуулдаг байх ёстой. Алхам тутамд урамшуулал олгоод байх биш, чанарын асуудлыг давхар шаардана. Ер нь цавуулаг өндөртэй буудай тариалахад тусгайлсан урамшуулал байх болно. Энэ бүгдэд тохирсон бодлого байх нь зүйтэй.

-Тариаланчид технологио шинэчилье гэхээр санхүүгийн хувьд бэрхшээл тулгардаг. Тэгвэл Газар тариалангийн тухай шинэ хуулиар тэд эзэмшиж байгаа газраа барьцаалж, хөнгөлөлттэй зээл авч, тоног төхөөрөмжөө сайжруулж болох юм байна?

-Тариаланчид заавал төрөөс урамшууллын мөнгө харж, ямар нэгэн дэмжлэг хүсч, хүлээхээсээ илүү өөрсдөө ашиглаж, эзэмшиж байгаа газар, агуулах дахь буудайгаа ч барьцаалж зээл авч болно. Эргээд найдвартай бизнес явуулахад хүү багатай энэ бололцоог олгох үүднээс Газар тариалангийн тухай хуулийн төсөлдөө зохицуулалтуудыг оруулж өгч байгаа. Төсөл батлагдвал гурилын үйлдвэр ч тариаланчдад ч боломжууд нээгдэнэ.

-Жил болгон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад хөнгөлөлттэй үнээр урьдчилгаат нөхцөлөөр үр, бордоо, шатахуун өгдөг байх аа. Өмнөх жилүүдийнхээ өрийг төлөөгүй нэлээд компани байгаа гэсэн. Энэ зэрэг асуудлыг хуульчилсан уу?

-Өнөө жилээс эхлээд сайн болон эрсдэлтэй харилцагчдын түүхийг бий болгож байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 80-аад тэрбум төгрөгийн өр авлагатай байсан. Он дамжаад зээлээ төлөхгүй явдаг. Тэгэхээр цаг хугацаандаа ном ёсоороо мөнгөө өгдөг аж ахуй нэгжийг сайн харилцагч гэж үзнэ. Ингээд тэднийг заавал 30-50 хувийн урьдчилгаа өг гэхгүй. Арван хувийн урьдчилгаа аваад дэмжээд явах болно. Мөн эрсдэлтэй авсан зээлээ олон жил он дамнуулаад төлдөггүй харилцагч нарт зээл дахиж гардаггүй, урьдчилгаа өгсөн ч шатахуун, үр тариа өгөх арга хэмжээнд оролцуулахгүй. Аливаа бодлогод чанарыг харгалзсан урамшууллын систем баримтална.

-Хөрөнгийн тухай хуулиар малын хөлийн татвар орж ирж байгаа. Бэлчээрийн тухай асуудал хүнд байгааг малчид уламжилдаг. Малын хөлийн татвараар бэлчээрээ хамгаалахад зарцуулж болно биз дээ?

-Энэ хуулийн төсөлд тусгаснаас малын хөлийн татварыг орон нутаг өөрсдөө тогтооно. Малын тоо толгойгоос авсан татвар улсын биш орон нутгийн төсөвтөө үлдэхээр байгаа. Харин ХХААЯ-нызүгээс татварын мөнгийг зүгээр орон нутгийн төсөвт оруулаад байх биш зориулалтыг нь зааж өгөх бодлоготой байгаа. Орон нутагт ямааны тоо толгой ихэсч, бэлчээрийн даац хэтэрсэн бол ямаанаас авах татвар илүү байх. Тэмээ үржүүлье гэж байвал хэдэн жилдээ татвар авахгүй байх ч юм уу. Цаашлаад бэлчээрийн менежмент, ашиглалт, малын эрүүл мэнд зэрэг үйл ажиллагаанд малын хөлийн татвараас орсон орлогыг зарцуулах нь зүйтэй. Тэгэхгүй бол зүгээр орон нутгийн дансанд орчихоод сумын наадам, ойн арга хэмжээ, цол авсны баярт зарцуулагдах ёсгүй. Бэлчээрийг хамгаалах үйл ажиллагаанд зориулдаг байх ёстой. Малын хөлийн татварыг тусгасан Хөрөнгийн тухай хууль батлагдвал Төсвийн зарцуулалтын тухай хуульд бид нэмэлт өөрчлөлт оруулахаар зорьж байна.

-Саяхан Төрийн ордонд бэлчээрийн төлөв байдлын тайланг хэлэлцэхдээ цөлжилт нэмэгдэж, уул уурхайн лиценз нэмэгдэж байгаа тухай хөндөж байсан. Энэ асуудалд салбарын сайдын хувьд ямар бодлого баримтлан ажиллах вэ?

-“Ногоон алт” төслөөс бэлчээрийн төлөв байдлын тайланг гаргасан. Монгол Улсын бэлчээрийн байдал салаа замын үзүүрт ирчихжээ. Цөлжөөд дахиж сэргэхгүй байдалд орох нь байна. Судалгаагаар бэлчээрийн даац зарим нутагт хэвийн байлаа ч ихэнх аймагт бэлчээрийн доройтолд орчихсон. Нэг хэсэг нь гурван жилийн хугацаанд бусад нь урт удаан хугацаанд сэргэх боломжтой гэсэн зураглалуудыг гаргасан байгаа. Эргээд харахад хөдөө аж ахуйн эдэлбэр газар хариуцах эзэнгүй олон яамдын дунд хаягдсан. Уялдаа холбоо муутай явж ирсэн. Бүртгэл нь Барилга, хот байгуулалтын яаман дээр. Хяналт шалгалт нь Шадар сайдын харьяанд, судалгаа шинжилгээний ажил нь БСШУ-ы яамны мэдэлд, Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяанд ашиглах, хэрэглэх нь явж ирсэн. Ер нь хөдөө аж ахуйн яам бол бэлчээр, хөрсний асуудалд онцгой анхаарал тавих нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс яамны бүтэцдээ газраа хариуцсан мэргэжилтэн шинээр бий болгож, Бэлчээрийн тухай хуулийн төслийг Газар тариалангийн хуулиндаа хамтатган боловсруулж байна. Бэлчээр, тариалангийн газраа илүү тусгаж байгаа. Ашиглаж буй хүн нь илүү хамгаалах ёстой. Салбарын яам нь ч анхаарлаа сулруулж болохгүй. Бэлчээр хэдийгээр улсын өмчит байдаг ч гэсэн хөдөө орон нутагт бэлчээрийг сэлгэдэг гэрээ хийдэг сайн жишээнүүд байна л даа. Үүнийг яам дэмжээд дэлгэрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Бэлчээр хариуцах эзэнгүй болохоор уул уурхайн лицензэд явчихаж байгаа. Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад энэ төрлийн гомдол их ирдэг байв. Хөдөө аж ахуй, малчидтай холбоотой гурван төрлийн гомдол ирдэг байсан. Бэлчээрийг уул уурхайд өгсөн. Лицензтэй аж ахуй нэгж малчдын дундсөргөлдөөн үүсдэг. Үлийн цагаан оготно ихэслээ гэдэг асуудал их ирж байв. Мөн малчны зургаан настай хүүхэд дотуур байранд амьдрахад бэрхшээлтэй. Үүнээс болоод ээж нь хүүхдээ хараад сумын төв дээр байдаг. Аав нь адуу малаа хараад хөдөөнөө үлддэг. Олон малтай айлд хүн хүч дутдаг.

Юун түрүүнд хөдөө аж ахуй эдэлбэр газраа зааглаж үзэх нь хэрэгтэй. Бид стратегийн орд газар гэж үздэг. Стратегийн холбогдолтой газраа тусгайлан төрөөс анхаардаг УИХ бодлогоор шийддэг байх ёстой. Гэтэл стратегийн гол үндэс болох ус, мах сүүг бий болгож байгаа малын бэлчээр. Мөн буудайг ургуулж, гурил болгож байгаа газар тариалангийн нутаг стратегийн бүс байх ёстой. Гэтэл хэрэглээд ашиглаад, тэрнийх нь араас хайхрах эзэн байдаггүй. Нэг мэдэхэд хайгуулын лицензэд өгчихдөг. Уул уурхай бол байнгын шавхагддаг. Харин газар тариалан байнгын нөхөн сэргээгддэг салбар. Гэтэл өнөөдөр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, орлого олохын тулд лицензийг чөлөөтэй өгч байна. Гадаадынхны анхаарлыг татах нь хэрэгтэй боловч хөдөө аж ахуйд осолтой. Бид хөдөө аж ахуй эдэлбэр газраа нийт газар нутгаас ялгаж зааглачихаад үлдсэн газар нутагт уул уурхай эрхэлж болно. Тэгвэл уул уурхайд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст маш тааламжтай. Яагаад гэвэл дараа нь хэл ам болж, малчидтай сөргөлдөхгүй. Бүс нутгаа тодорхойлчихсон юм чинь тогтвортой удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах бололцоотой.

Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах асар их боломж байна. Хөдөө аж ахуйн эрчимжсэн бүсээ зарлачихвал гадаад, дотоодын хөрөнгийг энэ салбарт татах боломжууд байна. Өргөн уудам газар нутгаа хамгаалаад эзэн болоод амьдарч байгаа малчдынхаа амьдралын түвшинг нь сайжруулах тал дээр чанхаарах ёстой. Малчдыг шинээр орлоготой болгох үүднээс мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулаад гаргах ажиллагааг дэмжихээс гадна малчид хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.

-Яаж?

-Малчдаа Дэлхийн нүүдэлчдийн хөдөө аж ахуйн соёлын өвд бүртгүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл жуулчиднүүдэлчнийд, цаатангууд болон тэмээчнийхээр зочилъё, Ховдод байгаа төлчнийд хүрье гэж хөдөөг зорино. Ингэснээр малчид орлого олох боломжтой. Ерөөсөө тухайн орон нутагт амьдарч байгаа малчинд соёлын өвийг тээгч, хамгаалагч гэдэг эрхийг баталгаажуулж өгөх хэрэгтэй. Энэ мэтчилэн хөдөө аж ахуйд малчдын газар нутаг, бэлчээрийг хамгаалах олон талын арга хэлбэрүүдийг эрэлхийлж ажиллаж байна.

-Малын хулгай огт буурахгүй байна. Энэ тал дээр дорвитой ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Орон нутгийн төсвөөс гэрээт харуулыг санхүүжүүлээд ажиллуулж болно. Гэтэл орон нутагт зориулалтын зардал байдаггүй. Тэгэхээр малын хөлийн татвараас гэрээт харуулыг ажиллуулах боломжийг нээж өгье гэж байгаа юм. Ингэснээр малын хулгайн асуудлыг хамгаалж болно. Мөн ХХААЯ дэргэдээ 109 гэдэг тусгай дугаар ажиллуулж байна. Энэ утсыг малын хулгай болон гоц халдварт өвчний дуудлагад ашиглаж байгаа. Иргэдийн гар утас нэгжгүй байсан ч залгаад мэдээлэл өгч болно. Бид хууль зүйн яамтай яриад цагдаагийн байгууллага архивжуулах ажлыг хийж байна. Малын генетикийн тухай хуулинд малыг бүртгэлжүүлэх асуудлыг тусгаж байгаа. Мөн эмэгтэй малчдын зөвлөгөөнийг ирэх намар хийнэ. Малчдын зургаан настай хүүхдүүдийг сургуульд сурахад нь хэрхэн харж хандах асуудлыг хөндөнө. Сайн малчны хөдөлмөр бол өрхийнх. Гэтэл өрхийн тэргүүнд шагналыг гардуулдаг. Эхнэр, нөхөр хоёрт одон тэмдэг өгвөл яасан юм бэ гэж бодож байна. Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн дээр тэдний саналыг сонсъё гэсэн бодол байна.

-Улсын баяр наадмын өдрүүдэд эрлийз морьдыг уралдуулж, цэнгэлдэх хүрээлэнд цоллуулдаг болгох саналыг уяачдын зүгээс тавьж байна. Танай яамны зүгээс анхаарлаа хандуулав уу?

-Удахгүй наадам болох гэж байгаатай холбогдуулан уяачид, малчид, Хурдан морины холбооныхноос санал ирж байна. Эрлийз болон монгол морьдыг хооронд нь ялгадаг дүрэм, журам амьдралд нийцэхгүй байна гэсэн саналыг хүлээж аваач ээ гэсэн. Ингээд сайдын дэргэдэх хурлаараа хэлэлцээд бид эрлийз морийг зөвхөн долдугаар сарын 13-ны өдөр биш, наадмын өдрүүдэд уралдуулаад цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олны өмнө цолыг нь дуудаж, бай шагналаа авдаг байх хүсэлтийг Шадар сайд У.Хүрэлсүхэд уламжилсан. Эрлийз морины уралдааныг уяачдын наадмаар биш Монгол наадамтай хамт явуулдаг байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн адууны сэрвээний өндрийг хоёр см өндөр болгосон журам гарснаас хойш монгол морьд улсын болон бүсийн наадамд уралдах бэрхшээлтэй байна гэсэн хүсэлт ирсэн. Иймд энэ асуудлыг Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв харгалзан үзнэ үү гэсэн хүсэлтийг уламжлаад байна.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ч.Сайханбилэг: Ипотекийн зээлийн урьдчилгаа 20 хувьд Засгийн газраас баталгаа гаргана

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Ерөнхий сайдын цагаар үргэлжиллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ удаа иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Засгийн газар 2003 оноос эхлэн орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш нийт 67 мянга 612 иргэнд хоёрих наяд 957,85 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. 1657 иргэнд 57,75 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхийн зэрэгцээ ахмадын байрны асуудлыг шийдээд явж байна. Мөн Хөгжлийн банкны “Чингэс” бондоос салбарыг дэмжиж хийсэн хөрөнгө оруулалт амжилттай хэрэгжиж байгаа. Тиймээс Засгийн газар энэ арга хэмжээний эхлэл болгон ипотекийн зээлийг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд “Нийгмийн даатгалын сангийн тухай” хуульд нийгмийн даатгалын санг дотоодын институциональ хөрөнгө оруулагч болгон ашиглах, тус сангийн хуримтлал хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлсэн. Засгийн газрын “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10-30 хувь байхаар тусгасан ч 2013-2014 онд 30 хувиар хангагдаж ирсэн.

Энэ төлбөрийн 20 хүртэл хувьд нь Засгийн газар баталгаа гаргаснаар банкны хувьд эрсдэлгүй бөгөөд иргэд 10 хувийг төлөөд урт хугацаанд үлдсэн 20 хувийг төлөх боломж бүрдэнэ. УИХ бодлогын түвшинд дэмжлэг үзүүлбэл Засгийн газар урьдчилгаа төлбөрийг бууруулах бололцоотой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Одоогоор ТОСК-ийн үйл ажиллагааныхаа хүрээнд 2014 онд Архангай, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд, Хэнтий зэрэг аймагт, мөн Улаанбаатар хотод “Буянт-Ухаа I” хороолол, “Буянт-Ухаа II“ хорооллын нэгдүгээр хэсэг нийт 5156 айлын орон сууцны 297 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлж 197 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөнэнэ онд “Буянт-Ухаа II” хорооллын хоёрдугаархэсэг, VII хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Эко-Яармаг” төсөл, Багануур дүүрэг, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймагт нийт 10 мянга 709 айлын орон сууцны 814 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний угсралтын ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 байршлын 27 хэсэгчилсэн талбайд гүйцэтгэж байгаа бөгөөд найман байршлын14 хэсэгчилсэн талбайд орон сууцны хорооллын цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус ариутгах татуурга, холбооны иж бүрэн ажлын зургийг боловсруулсан. Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкны “Чингэс” бондоос ТОСК-аар дамжуулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн 1680 айлын орон сууцны “Эко-Яармаг” төслийн санхүүжилтийгБНТУ-ын “EYG Групп” компани өөрийн хөрөнгөөр барихаар тохиролцож Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна” гэлээ.

Түүнийг ийнхүү мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Барилгын салбарт, иргэдийг орон сууцаар хангахын тулд төр хувийн хэвшлийнхэн хамтран зүтгэж байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцээд төрийн зарим байгууллага ажилчдаа орон сууцаар хангахаар газар авч, байшин барьж байна. Тэгээд нөгөө барилгаа ажилчдадаа арилжиж нэг талын бизнес хийж байна. Жишээ нь Гадаадын иргэн харьяатын газар. Тэдний үйл ажиллагааг ажилчдаа орон сууцаар хангах нь гээд дэмжиж болох ч яам, агентлаг хүртэл барилгын салбарт өрсөлдөж байгаа юм биш үү. Мөн Засгийн газар зээлийн урьдчилгааны 20 хувийг төлнө гээд байгаа. Яг ямар учиртай асуудал байна вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу” хэмээн асуулаа. Асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Яам агентлагууд барилга барьдаг асуудлыг нэг тийш болгоно. Бүгдийг ипотекийн хүрээнд хамруулахаар ажил эхэлсэн. Төрийн байгууллагууд ажилчдаа орон сууцанд ороход нь дэмжихээр болбол урьдчилгаа төлбөрийг нь шийдэхээс эхлээд гарц хайж байгаа. Харин ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 болгож үлдсэн 20 хувьд Засгийн газар баталгаа гаргана гэдэг нь эдийн засаг хямарсантай холбоотой асуудал. Засгийн газар 20 хувийн санхүүгийн дэмжлэгтэй оролцох уу эсвэл 20 хувьд нь баталгаа гаргаж оролцох уу гэдэг удахгүй тодорхой болно” гэж хариулав. Тэгэхэд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Хотын захаар газрын үнэ арван сая ч хүрэхгүй байхад хотын төвд 200-300 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Захын хорооллын газрыг яаж үнэд оруулах вэ” хэмээн асуухад Д.Цогтбаатар сайд “Зах зээл нь ийм байгаа. Дэд бүтцэд холбогдсон газар үнэтэй байгаа учир цаашид дэд бүтцийг шийдэхийн тулд түлхүү ажиллах хэрэгтэй” гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан “Баригдаад борлогдохгүй байгаа орон сууц хэд байгаа вэ” гэдгийг тодруулж Д.Цогтбаатар “36 мянган орон сууц борлогдоогүй” хэмээн хариулсан. Мөн Ж.Батзандан гишүүн “ТОСК барилгын зах зээлд яаж нөлөөлж байгаа вэ. Дээхнэ үед баригдсан барилгуудыг шинэчлэх асуудал төрийн бодлогын аль хэсэгт яваа вэ” хэмээн асуув. Тэгэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “ТОСК зах зээлийн боломжит үнийг тогтоох зорилгоор ажиллаж байгаа. Харин барилгууд чанар муудаагүй байхад насжилт өндөр гээд шууд барьж аваад шинэчлээд явчих боломж байхгүй” гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгааг Засгийн газар анхааралдаа аваарай. Ер нь энэ асуудалд ямар хариулт хэлэх юм” гэж асуухад нийслэлийн Засаг даргыг төлөөлж ирсэн мэргэжилтнүүд “Бид хүний эрх зөрчигдсөн үү гэдэг тайлбарыг авсан. Ямар нэгэн байдлаар хүний эрхэд халдсан тохиолдол байхгүй. Бидний эрх зөрчигдлөө гээд хэвлэлийн бага хурал хийгээд байсан хүмүүсийг шалгахад тэдний нэг нь ч дахин төлөвлөлтөд хамрагдсан бүсэд амьдардаггүй нь тогтоогдсон” гэдэг хариултыг хэлсэн. А.Бакей гишүүн “Барилгын үнэ бууж байгаа юу” хэмээн асууж ТОСК-ын захирал А.Гантулга “Метр квадрат нь дор хаяж 500 мянган төгрөгөөр буусан” гэдгийг ч хэлж байлаа. Мөн Ц.Нямдорж гишүүн “Хотын Засаг дарга Э.Бат-Үүл хаана байна. Гэр хорооллын иргэдийг халуун хүйтэн усаар хангана гэсэн юу болов. Тэгээд дахин төлөвлөлт гэж хачин юм эхлүүлчихээд байгаа. Иргэд газраа албадлагаар өгчихсөн. Гэтэл ажил нь ядаггүй. Газрыг нь хүчээр авчихаад гадас ч зоогоогүй байна. Энэ хүмүүс хэдэн жил гэр оронгүй явах вэ. Орон сууцны найман хувийг зарлаж асуудалд төр оролцож эхэлснээс хойш байрны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Одоо 10 хувь болгоно гээд хэдэн хувь болгож өсгөх бол доо. Газраа өгөхгүй гэсэн иргэний усыг нь, цахилгааныг нь тасалдаг асуудал хавтгайрлаа” гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “УИХ-аас нийгэм, зах зээлд цацаж буй мэдээлэлдээ болгоомжтой хандах хэрэгтэй байна. Түрүүн Д.Цогтбаатар сайд 36 мянган орон сууц зарагдаагүй гэлээ. Яг үнэндээ арав хүрэхгүй мянган орон сууц өнгөрсөн жил үлдсэн. Өнөө жил баригдах барилга нэмэгдээд 36 мянгад хүрнэ” хэмээн хариулснаар Ерөнхий сайдын мэдээллийн цаг дууссан юм.

Харин энэ өдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Бодлогын баримт бичгийн зорилгыг товчхон сонирхуулъя. Аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд долоон зорилт дэвшүүлжээ. Тухайлбал, Аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай орчин бүрдүүлнэ. Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон “Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулна. Үлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрлэлийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлнэ. Дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий боловсруулах үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжинэ. Аж үйлдвэрийн салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах, бэлтгэх, худалдааны таатай орчин бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх асуудлууд багтаж байна. Дээрх зорилтуудыг гурван үе шаттайгаар тус бүр таван жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангах юм байна. Дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж салбарынхан үзэж байгаа. Байнгын хороон дээр 40 зарчмын зөрүүтэй санал гарсан тул санал бүр дээр гишүүд асуулт асууж байлаа. Энэ үеэр гишүүдээс асуудал ихтэй бодлогын баримт бичгийг эргүүлэн татаж, зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд оруулж ирэх санал ч гарч байсан юм. Гишүүд Эдийн засгийн байнгын хорооны даргаас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Дорноговь аймагт Аж үйлдвэрийн парк байгуулна гэж хэдэн жил ярьсан юу болсон бэ. Хөнгөн, хүнсний үйлдвэрийн бодлого, аж үйлдвэрийн кабинет байсан газрыг сэргээж байгуулах асуудал хэлэлцүүлгийн явцад хэр зэрэг тодорч гарав.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -Яам байгуулагдаад зургаан сар болж байгаа. Харьцангуй богино хугацаанд бодлогын баримт бичгээ боловсруулж оруулж ирсэн. Байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал орж ирсэн. Зам тээврийн яам, Х.Баттулга сайдыг ажиллаж байх явцад яригдаж байсан асуудал. Дараа дараагийн үйлдвэрүүд түүхий эдээ дагаж байгуулагдана. Бодлого батлагдвал хөнгөн, хүнсний үйлдвэр байгуулагдана гэж ойлгож байгаа.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: -Ажлын хэсгийн саналуудыг харж байхад зарим асуудал үлдчихсэн юм шиг байна. Салбарын бодлогыг гаргахдаа аль салбараа түлхүү хөгжүүлэх вэ гэдгийг чухалчлах хэрэгтэй. Баримт бичгийг харж байхад бүх л салбараа хөгжүүлчих юм шиг ойлгогдоод байна. Ийм олон санал хураалттай бодлого орж ирэхээр унах магадлал өндөр байдаг. Тэгэхээр эргэж татаад, дахиж оруулж ирж болдоггүй юмуу.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -Олон нөхөөстэй гэдэг асуудал яригдсан. Татаж аваад дахиж боловсруулах асуудал байнгын хороон дээр дэмжигдээгүй хэмээн хариулж байлаа. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж дууссан.

Л.Мөнхөө

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Р.Мөнхсайхан: Гурван зуун мотоцикльчин анх удаа наадам хийх гэж байна

“Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхантай ярилцлаа. Зарим хүн түүнийг рок мангас хэмээх тодотголоор нь мэднэ.

-Та “Венийн үдэш” цэн­гүүний ерөнхий найруу­лаг­чаар ажиллалаа. Энэ удаагийн Венийн үдэш ямар онцлогтой болсон бэ?

-“Венийн үдэш” цэнгүүн Чингэсийн талбайд хоёр дахь удаагаа боллоо. Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын симфони оркестр, Улсын филармоний симфони оркестр, Нийслэлийн Улаан­баа­тар чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжим, Хүүхэд Залуучуудын сур­галт хүмүүжлийн тусгай цогцолборын үлээвэр хөгж­мийн хамтлаг, Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Улаанбаатар бүжгийн Спортын холбоо, Монголын Нийтийн бүжгийн холбооны бүжигчид оролцсоноороо онцлог юм.

“Венийн үдэш” цэнгүүнд И.Штраусын бүтээлүүдээс гадна “Уран хас”, “Дурлалын вальс”, “Миний Улаанбаатар” зэрэг Монголын сонгодог вальс хөгжим эгшиглэлээ. Монголын урлагийн шилдгүүд нэг дор цугларсан “Венийн үдэш” цэнгүүний ерөнхий удирдаачаар Австри улсаас Маттhias Fletzberger, Монгол улсаас УГЗ Н.Бүтэнбаяр, УГЗ Н.Туулайхүү нар оролцлоо. Нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр, вальс бүжгийн 100 хос, нийтийн бүжиг, вальс бүжиг сонирхогч олон зуун хүмүүсийг нэгтгэсэн гайхамшигт үдэш боллоо. Австри улсын Вена хотын албаны төлөөлөл болон удирдаач, бүжгийн багш, хөгжимчид оролцсон. Манайх ч бас вальс бүжгийн түүхтэй. 1920-иод оноос МХЗЭ-ийн залууст бүжиг заасан. Үүнд вальс орж байсан юм билээ. Нийтийн бүжгийн холбооныхон орой нь “Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн”-өө бүжиглэсэн.

-Нэг хэсэг заавал сурах арван бүжиг гээд нийтийн бүжиг маш их бүжиглэдэг үе байлаа. Одоо бол зарим орон нутгийн Ахмадын холбоон дээр нийтийн бүжиг болж, ахмадууд зад эргэдэг юм байна лээ?

-Арван бүжиг сурч байсан залуус одоо ахмад болоод бүжиглээд явж байгаа шүү дээ. Би саяхан хөдөө явахдаа сумын клубт болдог бүжигт ороод ирсэн.

-Та нийтийн бүжиг бүжиглэв үү?

-Бүжиглэсэн. Буруу зөвгүй эргэцгээж байна лээ. Би Театрын сургууль төгссөн. Театрын сургуульд бүжиг заавал заадаг. Москвад би жүжигчин, найруулагчийн анги төгссөн шүү дээ. “Ну погоди”-гийн чонод дуу оруулдаг А.Папановын шавь байлаа.

-Та ч бас үнэхээр өвөрмөц дуу хоолойтой. Та Папановоос дутахгүй өвөрмөц дуутай чоно байх байсан даа?

-Би бас дуу оруулж байсан. Реклам сурталчилгаанд бас С.Бодровын “Монгол” киноны Чингэсийн хоолой чинь минийх.

-Та “Талын салхи” гээд мотоцикльчдын наадам зохион байгуулсан юм байна. Тэр талаараа тодруулаач?

-“Талын салхи” гээд Мон­голын мотоцикль сонир­хогчдын наадам өнөөдөр “Хүй долоон худаг”-т болно. “Харанга”, “Хурд”, “Нисваанис”, “Жонон”, “The Fire” хамтлагийн тоглолт болно. Архи дарсгүй наадам юм. Залуус бие биедээ үлгэрлээд, хувцсаа зөв өмсөөд, замын хөдөлгөөнд зөв оролцож үлгэрлэнэ. Энэ бол хотын соёл. Энэ бас аялал жуулчлалтай хол­боотой. “Найрсаг Улаан­баатар”-ын хүрээнд зохиогдож байгаагаараа онцлог. Ерөнхий спонсор нь нийслэлийн Засаг даргын тамгын газар. Харин Венийн үдшийг Австри, Монголын найрамдлын нийгэмлэг, Вена хот, Улаанбаатар хот хамтарч хийж байгаа юм. Вена хотын дэд дарга, Австрийн Элчин сайд энэ цэнгүүний хүндэт зочид юм. Европод ийм бүжгийн цэнгүүн болж байгаа газрыг соёлтойд тооцдог. Азид ийм наадам байдаггүй. Бид Венийн үдшийг хийснээр европжуу наадамтай содон хот харагдана.

-Венийн вальсыг дээд­сийн хүрээлэнгийнхэнд зориулсан бүжиг гэдэг. Харин одоо задгай талбайд ийм цэнгүүн хийж байгаа нь энэ бүжгийг “ардчилж” байгаа хэрэг үү?

-Ер нь тийм. Австридч жил бүр задгай талбайд болдог цэнгүүнийг үзэхээр жуулчидВенийг зорьж очдог. Гайгүй амьдралтай хүн бол заавал Венд очиж, Европын соёлтой танилцах учиртай гэж үздэг. Хөгжмийг нь сонсоход их гоё. 300 мотоцикльчин бас анх удаа наадам хийх гэж байна. “Монголиан чоперс”, “Ред палконс”, “Харли сонирхогчдын холбоо” хамтарч “Талын салхи“-ыг зохион байгуулж байгаа юм. Клубынхан хагас цэргийн зохион байгуулалттай явдаг.

Мотофестивалийг басжуулчид маш их сонирхдог. Манайх шиг тал нутгаар аялах хүсэлтэй хүн олон. Зам их тавигдсан. Ийм нөхцөлд мотоцикльтой аялагчид, экстрим аялалд дуртай залуус мотоцикльтойгоо ирээд, Монголд аялаад бууз, хуушуур идчихээд хорхог амтлаад буцна. Мото клубүүд ийм үүрэгтэй байдаг. Бие биедээ аялж байдаг. Бие биенийхээ гэрт хоноод явдаг аялал ч байдаг. Мото клубийнхэн аялагчдаа хүлээж аваад, амралтанд байрлуулаад, нэг цэгээс нөгөө цэг хүртэлаюулгүй байдлыг нь хангаж байдаг. Дэлхийн мотоцикль сонирхогчид том том наадам хийдэг. Европт бас тийм наадам их болдог. Зөвхөн мотоцикльчид гэлтгүй машинтай экстрим аялагчид ч их. Хотууд нь ойрхон болохоор мотоциклиор аялаад нэг наадмаас нөгөө наадамдаа оролцдог уламжлалтай. “Талын салхи”-д ОХУ-аас 60 мотоцикльчин ирнэ. Визгүй болчихсон учраас Эрхүү, Улаан-Үдээс мото­цикльтойгооирнэ.

-Харли Дэвидсон сонир­хогчдын холбоо­ныхон Улаанбаатараас Дархан хүртэл мотоцикль­той аялж байсан?

-Бид Дархан, Эрдэнэт, Улаан-Үд, Эрхүү явсан.

-Таны мотоцикль Харли билүү?

-Харли.

-Мотоцикльчид хэд хүртэл насныхан байдаг вэ?

-Ер нь наяад оноос клубүүд гарч ирсэн. Өмнө нь ч Элвис Преслигийн үед мотоцикль моодонд орж байсан л даа. 1970-1980 онд мотоцикль унаад явж байсан залуус одоо тавь, жартай ч төмөр хүлгээ унасаар яваа. Харли Дэвидсон сонирхогчдындундаж нас 45 байдаг.

-Мотоцикльчны хувцас­тай гурав дөрвөн настай бяцхан охин аав, ээжтэйгээ хол зам туулаад явж байсныг харж байсан?

-Бас хүүхнүүд байгаа биз дээ.

-Тиймээ мотоцикль сонирхогч эмэгтэйчүүд бас олон юм билээ?

-Гоё хүүхнүүд мотоцикль унаад бусдаасаа онцгойрох чадвар бас байна шүү дээ.

-Та анх ямар мотоцикль­той байв?

-Жижигхэн солонгос мотоцикль байсан.

-Таныг рок мангас гэх юм. Яагаад ийм хочтой болсныг чинь олон хүн мэдэхгүй байх?

-Тухайн үедээ намайг доромжилж байна гэж хүмүүс бодохгүй юу. Тэгээд яахав сүүлдээ дассан. Эхлээд намайг гомдоож байна гэсэн маягтай л эхэлсэн байх. 1980-аад оны үед рок сонирхоод яриад явдаг хүн олон биш. Бүгд адилхан хувцастай, тарваган малгайтай явж байсан чинь нэг нөхөр рок гээд явахаар “Энэ жаахан юмтай” гэж боддог байсан. Одоо бол тийм биш, бүгдээрээ юмтай болсон болохоор би ганцаараа гайгүй байгаа шүү.

-Та рок стильдээ хэд хүртлээ үнэнч байх вэ?

-Үгүй яах вэ. Рок чинь цаг үетэйгээ хамт явдаг. Одоогийн рок хүүхдүүд шал өөр. Рок хөгжмийн хэлбэр дүрс агуулга нь огт өөр болсон.

-Одоогийн рокеруудтай хэр ойлголцдог вэ?

-Ойлголцоно.

-Залуу уран бүтээлчид­тэй хамтарч ажиллаж байгаа юу?

-Одоо манай театрт хийж байгаа уран бүтээлүүд дандаа залуустай хамтарсан.

-“Үйлсийн сайхан Улаан­баатар” гээд мюзикл тавьсан. Таныг чуулгад ирээд арай өөр стилийн уран бүтээлүүд оруулж ирсэн юм байнагэж бодлоо?

-Хотын нүүр царай гэдэг бүтэн юм. Гадаадын зочин ирэхээрээ морин хуур сонсоод, хорхог идээд явах гэдэг юм байх гэж бид боддог. Гэтэл гадаадын зочин өдөр нь хорхог амтлаад, рестораны хоол зооглож, хөдөөгүүр зугаалаад, орой нь рок концертонд оролцож, толгойгоо сэгсэрч орилж байгаад харимаар байдаг. Манайхан хариннэг төрлийн юм санал болгох гэдэг. Одоо нэг рок опера хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ бүгд Улаанбаатарын дүр төрх.

-Та хэр аялсан бэ?

-Явсан. Ажлын шугамаар Европын орнууд, Америк, Японоор явсан.

-Мотоцикль сонир­хогч­дыг хүмүүс хүнд стилийн хүмүүс гэж төсөөл­дөг?

-Анзаараад байхад тиймэр­хүү байдаг л даа. Гэхдээ охид бүсгүйчүүд нэг их айгаад байдаггүй. Муу залууст дуртай байдаг ш дээ.Агуйд байхад аварчих чадвартай эршүүд нөхөд байгаа юм.

-Харли Дэвидсон үнэтэй мотоцикльд тооцогдох байх. Таных бол ямар үнэтэй эд вэ?

-Яахав, одоо үнэ нь гайгүй ч болчихсон юм уу. Тухайн үедээ 20 мянган доллар гэдэг үнэтэй байсан.

-Хотын төвөөр мото­цикль­той залуус пижигнэсэн дуу чимээтэй явдаг. Эсвэл зориуд их дуу гаргаж явах нь таашаалтай байдаг юм болов уу?

-Тэр чинь гоё байгаа биз дээ. Тэр дуу болгон янз бүр байдаг. Харли Дэвидсоны дуу бол бүр патенттай. Морь төвөргөж байгаа юм шиг түг түг гэж дуугардаг. Трактор шиг дуугардаг ч байна. Том трактор явж байхад хажуу нь жижигхэн мотоцикль тэрнээс чимээтэй дуугарна гээд бод доо.

-Олон мотоцикльтой хүн давхихад цөс хөөрөх үү?

-Хөөрнө. Ганцаараа явж байхад ч хөөрнө. Салхи татуулаад 60 км цагтай явж байхад хаазламаар, ахиад нэмчихмээр 100 хүргэчихмээр, илүү гарчихмаар санагддаг. Эсвэл зорьсон газраа ирээд тал нутгаа харж байхад эрийн хийморь морин дэл дээрсэргэдэгтэй л адил. Эр хүний баснэг тийм мэдрэмж байна.

-Та морьтой давхиж үзсэн үү?

-Монгол хүн юм чинь морь уналгүй яах вэ.

-“Ганган төгс” гээд кино зохиол бичсэн гэсэн. Морьтой холбоотой юу?

-Шилийн сайн эрийн тухай зохиол бичсэн юм. “Херо энтертаймент”-ынхан кино хийнэ гээд бэлтгэж байгаа.

-Та олон салбараар явах юм. Тийм хүртээмжтэй хүн үү?

-Намайг ихэнхи нь мэддэггүй ш дээ. Дэлгэцэнд гардагаар нь л мэддэг болохоос биш.Миний хийсэн зарим юмыг мэддэггүй. Хийх гэж байгаа юмаа л ярих дуртай. Манай хотын дарга их мэдрэмжтэй. Урлагийн мэдлэгтэй. Энэ хүний санаж мэдэрч дэмжиж байгаа юманд гар бие оролцоод нийслэлээ гоё рок хот болгочих юмсан гэж бодож байна.

-Таныг “Улаанбаатар” чуулгын дарга болгоно гэжнэг их олон хүний сэтгэлд буухгүй. Харин хотын даргын толгойд буусан шиг байгаа юм аа?

-Тэгэлгүй яахав. “Улаан­баатар” чуулгыг Улаан­баатар гэдэг нэрээр нийслэлээрээ бодож байгаа хүн намайг энд харж чадна. Хотын чуулга тийм байх ёстой гэдэг утгаар. Зүгээр “Улаанбаатар” чуулга гэвэл тэгж харахгүй байх л даа. Би энэ ажлыг сайхан ажил гэж бодож байгаа.

-Та аль нэг намд харьяа­лагддаг уу?

-Урлагийн хүн намд харьяалагдахын эсрэг байдаг. Урлаг уран бүтээл ард түмний өмч. Бүх хүнд үйлчилдэг байдаг. Том зэвсэг. Дэлхийн том улс төрчид бүгд урлагаа барьдаг. Урлагийг барьсан хүн хамгийн чадалтай байдаг. Урлаг хүний сэтгэлд хүрдэг нэг л зам бий.

-Зурагтаар та хоолны нэвтрүүлэг их хөтөлдөг. Таныг бас ресторантай гэж дуулсан юм байна. Тэгэхээр та хоолны талаар мундаг мэдлэгтэй хүн байх нь ээ?

-Ресторан одоо байхгүй. Би олон ресторантай хамтарч ажилласан. Реклам сурталчилгаан дээр олон жил ажилласан. Хоолны бизнест ер нь би дандаа байж байдаг. Хүнс чухал. Эрэгтэй хүнд идэх, унтах гэж хоёр чухал зүйл. Эр хүн хатуу хөтүүг нугалж байдаг. Аавууд бол их хөөрхөн. Өөрөө хүүхэд тээж төрүүлдэггүй мөртлөө тэр уяхан сэтгэлийг хаанаасч олж авдаг юм.

-Та хүү, охинтой гэсэн. Охин чинь урлагт хөл тавьсан гэдэг. Хүү тань бас урлаг сонирхдог уу?

-Хүү маань дунд сургуулийн сурагч.

-Та ямар дуу дуулах дуртай вэ?

-Багадаа хүүхдийн хамтлагт дуулдаг байсан. Одоо ч дуулна. Даанч зав олдохгүй юм. “Сэтгэлийн жигүүр”-ийг дуулах дуртай.

-“Венийн вальс”-аа Монголд дэлгэрүүлэхэд австриуд дуртай л байгаа байх. Монголчууд тийм юмаа гадныханд түгээх юм сан гэсэн амбиц байдаг уу?

-Хамгийн эхлээд бид та нартай адилхан гэдгээ үзүүлэх нь чухал. Тэгэхгүй бол надаас “Танайд замын гэрэл байдаг уу” гэж асууж байгаа юм. Байдаг яасан гэсэн чинь “Морь яахав” гэж байгаа юм. Морио унаад хотдоо явж байдаг гэж гадныхан биднийг төсөөлдөг байхгүй юу. Тийм учраас та нартай адил соёлтой, та нарын сонирхсон юм чинь ч бидэнд байна гэдгийг харуулах хэрэгтэй.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Их сургуулиа бүгд улаан дипломтой төгссөн гавьяатуудын нэг анги

Ардын жүжигчин А.Нэргүй, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа, Улсын ардын дуу бүжгийн чуулгын дуучин, гавьяат жүжигчин Ш.Даваахүү, Түмэн эх чуулгын дуучин, гавьяат жүжигчин Ц.Үенч, Соёл урлагийн их сургуулийн багш, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг, Үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгч, Соёлын тэргүүний ажилтан Д.Цовоо, Дархан-Уул айм­гийн “Залуучууд” театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Н.Ариунтуяа болон соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал агсныг нэг ангийнхан гэдгийг мэдэх хүн ховор биз ээ. Тэд 2005-аас 2007 оны хооронд СУИС-ийн ардын дууны ангийг эчнээгээр суралцан төгсчээ. “Та нар чинь бүгд улаан дипломтой төгссөн гэсэн. Мундаг юм аа” гэвэл гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа “Анх Боловсролын их сургууль буюу хуучнаар Багшийн дээд сургуулийн дэргэд дуурийн дуулаачаар л сургадаг байлаа шүү дээ. Харин 1980-аад оны дунд үеэс Н.Норовбанзад агсны санаачилгаар уртын дуулаач бэлддэг болсон. Үүнээс нилээд хэдэн жилийн дараа эстрадын дуучны ангийг шинээр нээсэн. Саяхныг болтол СУИС энэ гурваас өөр төрлөөр дуучин бэлтгэдэггүй байлаа. Тэгтэл цагийн эрхээр уртын богино дууны анги нээх шаардлага зүй ёсоор гарч ирсэн. Ингэхийн тулд мэдээж багшлах боловсон хүчин хэрэгтэй учраас биднийг сургахаар болсон. Энэ тал дээр СУИС-ийн захирлаар ажиллаж байсан А.Дашпэлжээ болон Ч.Цэнд, Тогтох болон гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг нарын багш санаачилгатай ажиллан, биднийг СУИС-д сургах санал тавьсан. Нөгөө талаас бид чинь хар залуугаасаа, зарим нь бүр хүүхэд ахуй цагаасаа өдийг хүртэл урлагт хүчин зүтгэж, өөрсдийн нэр алдраа түмэнд цуурайтуулсан эрхмүүд. Өөрөөр хэлбэл одоогийнх шиг системтэй, дэс дараалсан сургалтаар бус унаган авьяас, хичээл зүтгэлээрээ л нэр алдарт хүрцгээсэн. Тухайн үед суралцъя, хоолойн цараагаа тэлье гэсэн ч дуурийн дуулаачаас өөр анги байсангүй. Харин өнөөдөр биднийг “Багш аа” хэмээн хүндлэх залуус олон болж. Тэд биднээс туслалцаа, дэмжлэг хүсэхийн хэрээр практик туршлагыг онолын мэдлэгтэй хослуулан эзэмших шаардлага зүй ёсоор гарч ирсэн учраас бид 2005 онд СУИС-ийн ардын дууны ангид элсэн орсон. Бид онолоор үзээд байгаа хичээлээ амьдрал дээр буюу практикт аль хэдийн мэддэг болчихсон байсан учраас суралцахад үнэхээр дөхөмтэй байсан” гэсэн юм. Харин Соёл урлагийн их сургуульд 2011 оны намраас ардын богино дууны ангид анхны оюутнаа элсүүлсэн бөгөөд ирэх жил төгсөх аж. Өдгөө төрөлх сургуульдаа ардын дуучин бэлтгэхээр Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг нар багшилж байгаа юм.

Тэд намар, хавартаа сар гаруй хичээллээд, бусад үед нь бие даах даалгавар авдаг байжээ. Бүгд гэрийн эзэгтэйгээс гадна ажлынхаа хажуугаар суралцаж байсан хэдий ч бүгд хичээлээ тасалдаггүй идэвхтэй оюутан байсан тухайгаа дурссан. СУИС-ийн багш, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг “Бүтэн дөрөв таван жилийн турш биш, жилдээ хоёр сар гаруйхны хугацаанд хамт сурдаг байсан хэдий ч хичээл орох сар гаруйн хугацаанд өглөөний ургах нарнаар сургууль руугаа ороод, нар жаргасан хойно л гардаг байлаа. Хааяа ангийнхны маань хэн нэг нь аялан тоглолт, элдэв арга хэмжээнд урилгаар оролцохоороо хичээлээс чөлөө авна. Чөлөөтэй байх хугацаанд бид хичээлийнх нь дэвтрийг авч үлдээд, семинарыг нь нөхөөд бичээд өгчихнө. Нэг ангийнхны хувьд энэ бол асуудал биш” гэвэл бусад нь “Үнэхээр тийм шүү” гэцгээн толгой дохицгоов. Гавьяат жүжигчин А.Нэргүй “Өглөөний ургах нарнаар сургууль руугаа ороод, хичээлээ давтсаар бүрэнхий болсон хойно гардаг байлаа гэсэн чинь нэг хошин явдал санаанд орчихлоо” гэвэл бусад нь “Ярья л даа” гэсээр түүн рүү анхаарлаа хандууллаа. “Үенч эгч хаа газар нөхөртэйгөө явдаг байж билээ. Ямар сайндаа сургууль дээр хүргэж ирээд, хичээл тарахаас өмнө буцаж ирээд ангийн хаалганы дэргэд хүлээчихнэ. “Хичээл нь тарах дөхсөн үү” гэж буй аятай үе үе хаалганы завсраар харна. Тэгэхээр нь бид нар “Найз залуу чинь ирчихээд хүлээгээд байна. Болзооныхоо цагийг арай эрт хэлчихсэн юм уу. Тэгээд ч сургууль дээрээ дууддаг нь яаж байгаа юм” гэхээр хаалганы гадна зогсох нөхөртөө “Тарах болоогүй байна аа. Ингээд хаалга онголзуулаад хичээл хийх гэж байгаа түмэн амьтны анхаарлыг сарниулаад байдаг юм ш дээ. Хүлээж бай” гээд захирангуй аясаар хэлснээ бидэнд болохоор “Бид хоёр чинь хар залуугаасаа Булган аймгийн соёлын ордонд бүжиглэж байлаа. Хотод ирээд ч Балданцэрэнтэйгээ Түмэн эх чуулгад ажиллаж байна. Хаана л явна, хамт. Хэн хэн маань гэрийнхээ хажуугийн дэлгүүр орохдоо хүртэл болж өгвөл хамт гарчих санаатай. Бие биедээ аргагүй ээнэгшин дасч дээ. Хөөрхий гадаа зогсоогоороо хүлээгээд хөл нь ядарч байгаа даа” гэж шивнэнэ.

Соёлын тэргүүний ажилтан Д.Цовоо “Бас нэгэн хөгтэй явдал санаанд орчихлоо. Г.Ганцэцэг багш маань хичээл дээрээ Аргалд явсан ээж дуунд задаргаа хийлгүүлсэн дээ. Энэ дуун дээр жишээ авч гармон заасан ш дээ. “Энэ дууны энэ хэсгээс өргөлт авч, энэ хэсэгт нь намсаж, тэнд нь хэсэгхэн таслал аваад дуулсан учраас дууны мөн чанар жинхэнэ утгаар илэрч, хүний сэтгэлд хүрч байгаа юм” гээд хичээлээ зааж байтал бид нар бүгд уйлчихаж билээ. Эхийгээ алдсан нь гашуудан, ээж нь амьд сэрүүн байгаа нь санагалзсан хэрэг. Багш “Өө, уйлчихаж байгаа юм уу. Өөр дуун дээр задаргаа хийдэг байж дээ. Би тэнхим орчихоод ирье” гээд гараад явчихсан. Багшийг гараад явсны дараа бид нар юун хичээл хийх. Бүгд ээж нарынхаа тухай сэтгэлээ уудалцгааж билээ” гэв. Гавьяат жүжигчин Ш.Даваахүү “Манай ангид чинь долоон бүсгүй ганц залуу сурч байсан. Ганц залуу болох соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал агсныгаа хар сарнай гэж хочилно. Хар сарнай маш ховор ургадаг юм байна л даа. Тэгэхээр нь долоон дэлбээн дундах ганц хар сарнай гэдэг байсансан. Тэгээд ч өөрөө хар костюм, пиджакнаас салдаггүй байсан даа, хөөрхий” гэвэл бусад нь үг дуугүй толгой дохиод газар ширтэн хэсэг дуугүй суув.

Ангийн 30 гаруй хүүхдийн тэн хагасаас илүү нь үргэлж хангалтгүй дүн авдаг хүндхэн шалгалт дээр хүртэл шалгалтын асуултын дагуу өөрснөө тойрч сууж байгаад харилцан ярилцаж, мэтгэлцчихдэг байж. Шалгалт авахаар орж ирсэн багш нь “Ярилцахаа болиод, шалгалтынхаа цаасан дээр өөр өөрийнхөө мэддэгээ бич” гэхийн оронд тэдний мэтгэлцэхийг харсаар шалгалтын цагаа бардаг байж. Шалгалтын цаг дуусахад багш нь “Ойлгомжтой” гээд бүгдэд нь 100 оноо тавьчихаад гараад явчихдаг байж. Ийм юм чинь бүгд улаан дипломтой төгсөхөөс ч яах билээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. “Олон жил урлагт хүчин зүтгэсэн туршлагаас гадна хичээлээ бүгд, жигдхэн сайн давтдаг байсан учраас шалгалтаа амжилттай өгдөг байсан. Хичээл ордог байсан бүх багш нар “Бүх оюутнууд та нар шиг байдаг бол мөн сайхан аа” гэдэгсэн” хэмээн тэд өөр хоорондоо ярилцав.

Эдний ангийнхнаас гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа, Л.Чулуунчимэг, Ш.Даваахүү, Ц.Үенч нар өөрсдийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо түмэн олондоо өргөн барьжээ. Тоглолтоо хийж буй хэн нэг нь бусдадаа урилгаа өөрийн гараар өгдөг уламжлал энэ ангийнханд аль хэдийн тогтжээ. Тоглолтын дараа тайз засалт, урлагийн үзүүлбэрүүдтэй холбоотой санал, шүүмжлэл, магтаалаа нэгэндээ харамгүй хайрладаг аж. Гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа “Тоглолтоо хийхдээ ангийнхнаас минь хэн нэгнээс нь магтаал, шүүмжлэлийн үгийг сонсохгүй бол ямар нэгэн зүйл дутуу юм шиг санагддаг болчихсон байна лээ. Тэгэхээр ангийнхан минь амьдрал, уран бүтээлийн минь салшгүй нэгэн цул хэсэг болсон хэрэг” гэв.

Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг хоёр л СУИС-д багшилж байгаа хэдий ч урлагт 30 гаруй жил тасралтгүй зүтгэж яваа эдний ангийнхны хэнбугайг ч “Багш аа” хэмээн хүндэтгэн, авгайлах хүмүүс олон. Гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа “Шохой барьж, самбрын өмнө тэр бүр зогсдоггүй хэдий ч биднээс тусламж дэмжлэг авахыг хүссэн залуу уран бүтээлч, оюутнуудад харамгүй зааж зөвлөдөг. Тэд маань биднийг багш аа хэмээн авгайлж, хүндэтгэдэг юм. Сурсан эрдэм, чаддаг мэддэгээ бусадтай хуваалцах чинь нэгэн бодлын буян юм шүү дээ” гэсэн юм.

“Урлагт зүтгэж буй олны танил, гавьяа шагналтай ийм олон эрхэм нэг ангид сурч байсан тохиолдол их ховор байх аа” гэвэл “Урлагийн хүн болох хүнд авьяас хамгийн чухал. Би урлагт дуртай, дуучин болно гээд зүтгээлд байтал авьяасгүй бол яах ч аргагүй. Ийм хүн урлагийн сургуульд сурвал цаг, мөнгөө дэмий үрсэн хэрэг болно. Хамгийн гол нь авъяасыг багш заадаггүй, байгалиасаа буюу төрмөл юм байхгүй юу. Байгалиас заяагаагүй авьяасыг өөртөө суулгана гэдэг хэцүү. Бид чинь урлагт дор хаяж 20 жил зүтгэсэн улс. Бүр 40 гаруй жил буюу жаахан охин байхаасаа тэтгэвэрт гартлаа зүтгэсэн нь ч бий. Бодвол бидэнд бага ч болов авьяас заяасан юм байлгүй дээ” хэмээцгээв.

М.Ууган-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Женнифер Лопес Монголд ирэх үү?

Долоо хоногийн эхээр “Женнифер Лопес Монголд ирж наадмын нээлтэд дуулна. Түүнд нэг сая ам.доллар өгөхөөр болжээ” гэх мэдээлэл нэлээн хүчтэй газар авлаа. Бүр хэдэн өдөр дамнуулан ярьж цахим ертөнцөөр шуугиан тарьж байна. Бүгд л эдийн засаг хүндхэн байхад гадны дуучинд бидний татварын мөнгөнөөс өгөх гэлээ хэмээн зүхэцгээх юм. Яг үнэндээ Женнифер Лопест сая ам.доллар өгөөд аваад ирдэг бол түүн шиг сайхан зүйл алга. Хоёр тэрбум хүрэхгүй төгрөгөөр дэлхийн хөгжмийн ертөнцөд домог болж үлдэх дуучныг аваад ирвэл ямар эерэг үр дүн гарах бол.

Жэй Ло 2012 онд “Dance again” нэртэй дэлхийг тойрох аялан тоглолтоо хийж байлаа. Ази дахь тоглолт нь арваннэгдүгээр сарын 24-нд Шанхай хотноо болсон юм. Тэр тоглолтыг үзэхээр Монголоос олон хүн явсны нэг нь би. Шанхай явахаар долоо хоногийн өмнө онгоцны тасалбар захиалахад суудал олдохгүй сандарч байлаа. Монголоос тэгж олон хүн явсан хэрэг. Хилийн цаана болж байгаа болохоор Шанхай хотыг давхар үзнэ гэж төлөвлөөд явсан. Гурав хоногийн өмнө очоод зочид буудалд байрлан хотоор өдөржин зугаалж байлаа. Энэ нь эргээд л Шанхай хотод хөрөнгө оруулж байгаа хэрэг. Шанхайд болсон тоглолт тэндхийн “Мерседес Бенз арена”-д болж байв. Уг цэнгэлдэх хүрээлэн 18 мянган хүний суудалтай. Тасалбар нь суудлынхаа зэрэглэлээс хамаараад 60-350 ам.долларын үнэтэй байсан. Тасалбараа цахимаар борлуулсан болохоор хэдхэн хоногийн дотор дуусаж байлаа. Харин тоглолт болохоос гурав, дөрвөн цагийн өмнө шагийн наймаачид 150 ам.долларын тасалбарыг хоёр нугалсан үнээр зарж байсан юм даа. Хамгийн гол нь түүний тоглолтыг Хятадууд голдуу үзэх байх гэсэн таамаглал минь тоглолтын танхимд ороод л замхарсан. Жэй Лог үзэхээр Монгол, Энэтхэг, Орос, Солонгос, Япон, Тайвань, Сингапураас олон мянган хүн Шанхайд иржээ. Тэд бүгдээрээ Жэй Логийн тоглолтыг үзэх гэж ирсэн ч гэлээ нэгэнт ирснийх гээд Шанхай хотоор зугаалах нь гарцаагүй. Нэг хүн дор хаяж гурав хоноод буцна гэхээр хэчнээн юань үлдээгээд гарах вэ гэдгийг тооцоод үзчихээрэй. Бас 18 мянган хүний талаас илүү нь гаднаас очсон гэхээр тэр хэрээр Хятадын агаарын тээврийнхэнд орлого оруулсан байж таарах нь. Харин манайд ирээд, бид зөв менежментээр ажиллаж чадвал тэр горойгоод байгаа сая ам.доллараас хэд дахин илүүг Монголд “өгчихөөд” яваад өгөх боломж бий. Дээрээс нь Монголыг дэлхий даяар сурталчлах бас нэг сайхан боломж гарч ирэх юм.

Харин түүнийг урьсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Ямар ч байсан өөрийнх нь албан ёсны цахим хуудсанд зургаа, долдугаар сард тэр чигтээ АНУ-ын Лас Вегас хотноо тоглолттой байх юм билээ.

Женнифер Лопес бол өнөөгийн дэлхийн хөгжмийн ертөнцөд дэндүү хол тасарчихсан карьертай дуучин. Тайзан дээр олон жил дуулж байгаа ч гэлээ түүнээс уйдаж байгаа хүн алга. Зургаан жилийн өмнө түүнийг 40 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэж байхад нь “Жэй Ло-гийн үе ингээд дууслаа даа” хэмээн шуугиж байлаа. Гэтэл тун удалгүй Пит Бүллтэй хамтран “On the floor” дуугаа гаргасан. Түүний шинэ уран бүтээлийг “Youtube” зэрэг хөгжмийн сайтуудаар 60 сая хүн үзсэн байдаг гэж “Wikipedia” дээр бичжээ. Түүний араас “I’m into you”, “Dance again” дуунуудаа гаргаж дэлхий нийтийг бишрүүлсэн юм. Нас бол зүгээр л тоо гэдгийг уран бүтээлээрээ байнга харуулж байдаг түүнийг үеэ өнгөрөөсөн, хоцрогдсон гэж хэлж боломгүй. Өнгөрсөн жилийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр л гэхэд түүнийг урьж дуулуулсан. Тэгэхээр Жэй Ло Монголд ирж дуулбал дэлхийн, тэр дундаа залуучуудын анхаарал Монгол руу хандах биз ээ.

Тэрээр Грэммигийн хоёр, Латин Грэммигийн хоёр, “American music awards” наадмын гурван удаагийн шилдгээр шалгарч байсан юм. Дуучин бүсгүйн “J.Lo” цомог дэлхий даяар 12 сая хувь борлогдон амжилт тогтоож байсан удаатай.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

С.Төгс: Сүбээдэйтэй энгийн найз байсны хувьд гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн

Загвар өмсөгч, модель Ч.Сүбээдэй энэ сарын 1-нээс 2-нд шилжих шөнө гэртээ амиа алдсан билээ. Талийгаач хоолой нь боогдсон байдалтай амиа алдсан байсныг ар гэрийнхэн нь энэ сарын 2-ны 03.00 цагийн орчимд олжээ. Тэрээр БНХАУ-д ажиллаж байгаад эх орондоо түр ирсэн байжээ.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс хэргийн талаар тодруулахад “Ч.Сүбээдэйн хоолой боомилогдсон байдалтай гэртээ амиа алдсан байсан. Уг хэргийг шалгаж байгаа. Гадны нөлөөтэй амиа алдсан уу, гэртээ нас барсан уу гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болно. Одоогоор мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Талийгаач энэ сарын 1-ний өдрийн 16.00 цагт facebook хуудасныхаа нүүр зургийг сольжээ. Түүний сүүлд авсан зургийг харсан олон хүн “ядрангуй царайтай байна”, “өвдөө юү”, “сэтгэлээр уначихсан харагдаж байна” гэх мэт сэтгэгдэл бичсэн байсан. Мөн тавдугаар сарын 31-ний орой найз охиныхоо хийж өгсөн хоолны зургийг facebook хуудастаа тавьсан байна.

Түүний нас барсан шалтгааны талаар мэдээллийн сайтууд мэдээлсний доор уншигчид янз бүрийн таамаг дэвшүүлсэн сэтгэгдэл бичиж байгаа. Бүр хандив цуглуулж буяны ажил хийх уриалга хүртэл facebook-ээр цацагдаж, энэ тухай сайтууд мэдээлсэн. Талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдоход ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа учирласан. Мөн талийгаачийн ойрын хамаатны гурван эмэгтэй facebook-ээр дамжуулан мэдэгдэл гаргасан юм. Тодруулбал, “Интернетээр хандивын мөнгө цуглуулъя гэсэн яриа гарсан байна. Бидэнд хандивын мөнгө хэрэггүй. Дүүг минь ямар ч алт мөнгө орлож чадахгүй.Та бүхэн мөнгө цуглуулъя гэсэн мэдээлэлд хууртаж мөнгө төгрөг өгөхгүй байхыг хүсье. Тэр бол манай гэр бүлийн зүгээс гаргасан шийдвэр биш шүү. Хүндэтгэсэн: Есүхэй, Зулцэцэг, Болор-Эрдэнэ” гэжээ.

Талийгаач Хятадад загвар өмсдөг байжээ

Талийгаач 1992 оны нэгдүгээр сардтөрсөн. Ахтайгаа өссөн аж. Аав ээж нь тэднийг бага байхад нас баржээ. Ч.Сүбээдэй дунд сургуулиа төгсөөд “Монгол модель” агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байгаад тус агентлагийн тав, зургаан загвар өмсөгч Сингапурт гэрээгээр ажиллахаар явахад багт нь оржээ. Түүнээс хойш гадаадад загварын карьераа хөөж байсан юм. Ч.Сүбээдэйтэй хамт загвар өмсч байсан Э.Сэлэнгэ сонинд ярилцлага өгөхдөө “Монгол модель” агентлагийн дарга Д.Болормаа намайг тэр залуутай харддаг” гэж ярьж байсан удаатай. Хариуд нь топ модель Д.Болормаа Ч.Сүбээдэйг загварын карьер хөөхөд ирээдүйтэй залуу гэдгийг тодотгоод хамт ажиллаж байсан Э.Сэлэнгэ тэр хүүтэй эвгүй харьцдаг байсан гэдгийг онцолж байсан.

Загвар өмсөгчид, сонирхогчид түүнийг авьяастай, гадаадын нэр хүндтэй тайзан дээр эх орныхоо нэрийг гаргах залуу гэж үнэлдэг байжээ. Тэрбээр Монголын олон кино, дуучдын клипэнд тоглосон. Мөн 2013 онд Японд Ариунаа Сүригийн загварын долоо хоног болоход эх орноо төлөөлөн нээлтийг нь хийж байсан билээ. Хонконгт байхдаа “Canon” зургийн аппаратны рекламанд тоглож байжээ.

С.Төгс: Ар гэрийнхэнд нь, найз охинд нь эмгэнэл илэрхийлье

Талийгаач Ч.Сүбээдэйг топ модель С.Төгстэй хамтран амьдарч байсан гэдгээр нь залуучууд андахгүй. Ч.Сүбээдэй нас барсан талаар харамсалтай мэдээлэл гарсны дараа С.Төгс facebook хуудастаа “Амьдралын минь нэг хэсэг байсанд баярлалаа. Амгалан нойрс доо” хэмээн бичжээ. Цахим мэдээллийн хэрэгсэл болон хүмүүс тэдний талаар янз бүрийн мэдээлэл гаргаж байгаа. Бүр талийгаачийн нас барсан шалтгааныг загвар өмсөгч бүсгүйтэй холбох нь ч байна. Тиймээс топ модель С.Төгстэй ярилцлаа.

-Загвар өмсөгч Ч.Сүбээдэй зуурдаар амиа алдлаа. Ийм үед ярилцлага авахаар холбогдсонд уучлаарай.

-Харамсалтай явдал боллоо. Ар гэрийнхэнд нь, найз охинд нь гүн эмгэнэл илэрхийлье.

-Найз охинд нь эмгэнэл илэрхийлье гэлээ. Цахим мэдээллийн хэрэгслээр та хоёрыг хамт амьдарч байсан гэж бичсэн байсан.

-Сайтууд юу бичих нь хамаагүй. Шар мэдээлэл бичиж, хов живээр хүмүүсийг булдаг сайтуудын мэдээллийг тоож уншихыг ч хүсдэггүй. Гэхдээ хүн нас барчихаад байхад монгол хүний жудаг хайччихсан юм бэ. Яагаад элдвээр бичээд байдаг юм бэ. Монголчууд нас барсан хүний ясыг өндөлзүүлэхгүй гэж хүртэл ярьдаг биз дээ. Талийгаачийн араас элдэв муу мэдээлэл бичих шаардлагагүй баймаар юм. Ойрын хүмүүсийн мууг үзэх гэж байгаа юм шиг янз бүрийн мэдээлэл тараагаад байгаа хүмүүс хүн чанартай байгаасай. Тэр хүн амьдралын минь нэг хэсэг байсан нь үнэн. Гэхдээ бид хоёр жилийн өмнө салсан. Талийгаач найз охинтой байсан шүү дээ. Бид энгийн найзуудын л харьцаатай байсан.

-Та найз бүсгүйг нь таних уу?

-Танихгүй. Гэрт нь очиход хамт байсан. Хамт амьдарч байгаа юм болов уу гэж бодсон. Жижигхэн охин байсан. Лав загварын талын хүн биш байх.

-Уучлаарай та хоёрын салсан шалтгааныг хүмүүс бас сонирхох байх.

-Би Сингапурт, талийгаач Хонконгт ажиллаж байсан. Загварын карьераа хөөхөд хэдэн жилдээ нэг газар, хамт амьдрах боломж байгаагүй. Тиймээс ярилцаж байгаад тус тусынхаа замыг хөөе гэж шийдсэн. Надад ч, Сүбээдэйд ч том зорилго байсан учраас ажлаа хийх нь зөв гэж ярилцаад хоёр тийшээ болсон. Хэрэлдэж, муудалцсан зүйл байхгүй. Угаасаа ч талийгаач даруухан, эелдэг залуу байсан. Хөдөлмөрч, хэлсэн үгэндээ заавал хүрдэг хүндэтгэхгүй байхын аргагүй хүн.Бид салсан ч нэгнийхээ мэндийг мэддэг, гэрээр нь орж гардаг байсан. Тийм ч учраас энэ харамсалтай явдлын дараа гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн.

-Талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан байж магадгүй гэх юм. Бас амиа хорлосон ч гэх мэдээлэл байна.

-Үнэхээр юу болсныг мэдэхгүй байна. Ах нь дуугарахгүй байсан. Аргагүй шүү дээ. Ганц дүүгээ алдсан хүнд ямар байх нь ойлгомжтой. Би ч нарийн зүйл асуугаагүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Ер нь ойрын хүмүүс болсон явдлын талаар аль болох ярихгүй байхыг хүсч байгаа. Гэтэл огт танихгүй хүмүүс элдвээр таамаглаад, яриад байгаад харамсч байна.

-Талийгаач нас барахынхаа өмнө гэртээ зургаа авч facebook-тээ тавьсан байна лээ. Гэртээ ганцаараа амьдардаг байсан юм болов уу?

-Мэдэхгүй. Найз охинтойгоо амьдардаг байсан байх. Нэгэнт би тэр хүнээс салаад удаж байгаа учраас амьдралыг нь мэдэхгүй шүү дээ гэв.

Б.Цэцэгдэлгэр

Б.Хүрэлцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Б.Арго: Надад ус уух хувийг монгол эмч нар маань өглөө

Хамгийн олон хэл мэд­дэг монгол хүн хэмээн олон түмний танил болсон Ар­дын боловсролын тэр­гүү­­ний ажилтан, ард түм­­ний гавьяат багш Батсүхийн Арготой уулзаж хөөрөлдлөө.

-Таны бие тэнхээ тааруу байгаа гэж сонслоо. Өвчин зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг зүйл дээ. Таны бие одоо ямаршуухан байна даа?

-Хүн нэг л зүйлийн ту­хай байнга бодож явах хэ­рэгтэй байдаг юм байна. Бур­­хан багшийн сургаальд “Тө­рөх, өвдөх, өтлөх, үхэх дө­рөв хорвоогийн дөрвөн үнэн” гэж сургасан байдаг. Би сахарын диабит буюу чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас идээлж баруун хөлөө тайруулсан. Энэ аюулт өвчнөөс миний амь насыг аварсан Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын хамт олон болон Эрдэнэсүрэн эмчдээ баярласан талархсанаа илэрхийлье. Ма­найхан Монголынхоо эмч на­рыг тоохгүй гадаад руу яваад байдаг. Манай эмч нар үнэхээр чадалтай гэдгийг өөрийн би­еэр үзэж мэдэрлээ. Герман улсад мэргэжил, боловсрол эзэмшсэн маш мундаг эмч нар байдаг юм байна. Энэ л сайхан алтан гартай ачтай монгол эмч нарынхаа буянаар амь аврагдлаа. Эмнэлгийн ачаа­лал их байдаг болохоос эмч нар нь гадаадын том том эмнэлгүүдэд хийдэг судас залгах зэрэг нарийн мэс ажилбаруудыг амжилттай хийсэн. Намайг дэмжиж, үр хүүхдүүддээ надаар хичээл заалгаж байсан Монголынхоо гэгээн сэтгэлт ард түмэнд энэ дашрамд маш их баярласнаа илэрхийлье. Хөлөө тайруулж долоо найман сархэвтэрт байхад их л олон зүйл бодогддог юм байна. Энэ хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мэдэгдэхийг хүсээгүй. Ажилдаа хэт улайрч, эрүүл мэнддээ анхаараагүй маань хувийн ха­риуцлагагүй алдаа байж. Тэнгэр бурхан, сайн хань, сайн багшийн буянаар ямар ч байсан ус уух хувьтай л хүн байж, би.

-Удаан хугацаанд хэвтэрт байж байгаад суга таягтай ч гэсэн өрөөсөн хөл дээр босохоор ямар санагдаж байна. Хамгийн гол нь ухаан санаа саруул байна гэдэг тан шиг оюунлаг хүнд их зол завшаан юм даа?

-Хөлтэй эрүүл саруул явах үедээ хүн юу ч боддоггүй юм байна. Яг ингээд хөл мөчгүй болоод ирэхээр орж буй бай­гууллага маань хэдэн шаттай билээ, хэдэн давхарт билээ гээд янз бүрийн зүйл их боддог юм байна. Долоо найман сар хэвтэрт байсан ч намайг номын цагаан буян л босголоо. Эмнэлэгт өвчнөө яаж давж туулах вэ гэж бодож олон жил сэтгэлдээ бодож явсан итали, испани хэлний гэрийн багшийн хоёр номоо суугаагаараа бич­лээ. Би чинь залуудаа ард түмэндээ “Хорин таван хэл мэддэг” гэж ам гарсан тал бий. Номын нэхэл гэдэг хатуу. Тиймээс би хорин тавыг биш юм аа гэхэд найман хэлний ном биччих юм сан гэсэн мөрөөдөл тээж явснаа сая гүйцэлдүүллээ. Хүнд наркозны дараа болохоор хоёр гурван цаг бичиж бай­гаад унтчихна. Тэгсээр байж хоногийн олноор дуусгаадсая эхнийхийг нь аваад байж байна. Сүүлийн хоёр жилд 21 аймгаар явж бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд англи хэлийг төслөөр заасан. Найман хоногийн дотор англиар ун­шиж бичүүлж сургах түргэн сургалтаа явуулж байхдаа эм­чийн хяналттайгаа эс хайх­ран эрүүл мэндээ даанч нэг анзаарсангүй дээ. Би бас ч азтай. Жаахан удсан бол хоёр хөлөө алдах төдийгүй амь на­саа ч алдах байж.

-Чихрийн шижин өвчин эмчийн хараа хяналтад байх ёстой байхад та хайр гамгүй, хөдөө гадаагүй баахан яв­чихсан юм биш үү?

-Хөдөө ч явсан, хятад хүүх­дүүдэд ч хичээл заасан. Аль ч газрын хүүхдүүд адил­хан. Аливаа хүүхдийг олон хичээлээр нүд­сэнээр мундаг хүн болчихгүй, харин сонирхолтой зүйлийг нь өдөөгөөд, бие дааж сурах аргыг эзэмшүүлээд өгчихвөл эрдмийн зам мөр шуудраад явчихдаг.

-Оюуны мундаг хүмүүс бие махбодийн зовлон шана­лангаа сэтгэлийн их хатаар ялан гарсан байдаг. Таны сэтгэлийн таяг, итгэлийн эм юу байв?

-Миний сэтгэлийн таяг маань “Итали хэлний гэрийн багш”, “Испани хэлний гэрийн багш” гэсэн энэ хоёр ном маань л байлаа. Октябрийн хувьсгалаас өмнө Оросын том язгууртнууд франц, германаар чөлөөтэй ярьдаг байсан. Га­даад хэл гэдэг бол тухайн хү­ний соёлын хэмжүүр. Дэлхийн мундаг том зураачдын олонхи франц, голланд, итали, испанид мэндэлсэн. Техникийн том ололтууд голдуу англи, германых байх жишээтэй. Европын хөгжлийг оройлон толгойлдог таван улс бол франц, англи, герман, испани, итали шүү дээ. Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг Азийн өндөр хөгжилтэй улсууд Европын хэл, соёлын нөлөөгөөр асар хурдтай хөгжиж байна. Монголчууд маань ч Европын соёлоос хоц­рогдож хаалттай орчин бол­чихвол хэзээ ч хөгжихгүй. Тиймээс Европын өндөр соёлтой ул­сын хэл хэзээд хэрэгтэй байх болно. Дээр нь өмнөд, хойт хоёр хөршийнхөө хэлийг маш сайн сурах хэрэгтэй.

-Монголчууд зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг дээ. Шавь нар, найз нөхөд чинь аль хэр эргэж тойрч байна?

-Мөнгө төгрөгний төлөө гэ­сэн ухвар мөчид бодол хүнд хэрэггүй байдаг юм байна. Эцсийн эцэст хүн яг үхэх гээд ирэхээр дотнын анд нөхөд, аав ээж, амьтан ах дүүсээ их хүсч санадаг юм байна. Дэлгүүрт ч орж чадахгүй хүн чинь өөр яалтай билээ. Манай монголчууд чинь эртнээс их сайхан нинжин уламжлалтай байж. Чингэс хааныг тэнгэрт дэвшихэд Лигницийг эзлэхээ шахаад байхдаа, Өгөдэй хааныг өөд болоход Мисирийг авчихаа алдаад буцан ирж хөдөөлөгт оролцохоор Монголын их цэ­рэг буцсан байдаг чинь үхэл хагацал, өвчин зовлон тохиоход нэгнээ гээхгүй, шаналан гунигийг нь хуваалцах гэсэн сэтгэлийн илрэл байж. Уг нь ашиг со­нирхлоо бодсон бол европ тивийг бүтнээр нь эзлэх боломж байсан шүү дээ. Дашбалбар багшийн “Амьддаа бие биеэ хайрла” гэдэг чинь ямар ч ид шидтэй үнэн үг юм бэ дээ. Миний энэ ном бичиж байгаа чинь билгүүн номч Б.Ринчен, Чой.Лувсанжав, олноо “орос хэлний” хэмээн алдаршсан Сэрээнэнгийн Галсан багш нарын маань номын гэгээн өглөг буяны хишиг юм даа. С.Галсан багш маань сэтгэлийн дэм өгч байлаа.

-Та гадаад хэлний хэдэн удаагийн төгсөлтийг удирдан багшилсан байх юм?

-Би итали хэлийг хоёр удаа, орос, франц, хятад, англи зэрэг бусад хэлүүдийг 573 удаа зааж, 575 удаагийн төгсөлтөөр нийт 13 мянган хүнд эрдэм түгээсэн.

-Гадаад хэлний нийгэмлигээс таныг олон хэл мэддэг хүнээр шалгаруулж байсан даа?

-Ерэн есөн онд Гадаад хэлний нийгэмлигээс намайг хорин таван хэл сурсныг үнэлж, Монголын хамгийн олон хэл мэддэг хүнээр шалгаруулсан. 2011 онд нэг хүн хамгийн олон гадаад хэлний сурах би­чиг бичсэн номинацид нэр дэв­шүүлж, Гиннесийн дээд амжилтыг эвдсэнийг баталсан. Харамсалтай нь Гиннесийн номд бүртгүүлэхэд мөнгө төг­рөг их хэрэгтэй юм билээ. Тэр их мөнгийг нь ганц би яаж дийлэхэв. Ямар ч байсан амжилтаа явуулчихсан. Хэзээ нэг сайхан өдөр Монголын компаниуд маань хөл дээрээ босоод бидэн шиг сэхээтнүүдээ дэмжээд бүртгүүлчихвэл Мон­голд л хэрэгтэй юм даа. Бурхан надад нас хайрлавал хорин таван хэлнийхээ номыг бичнэ л гэж боддог. Уг нь хөлтэй байхдаа жилд хоёр ном бичих боломж байсан байна, даанч практик талаа бодоод талхны мөнгөнийхөө төлөө явжээ.

-Хошин шогийнхон таныг тоглолтынхоо гол баатар болгож нэлээд ашигласан. Өвчин зовлонтой үед чинь хүний ёсоор очоо байлгүй?

-Намайг тахир дутуу бол­чихсон байхад “Мөрөөдлийн театр”-ынхан “хар сүлдэнд мөр­гөсөн хүн харь гаригийн хэл сурна” энэ тэр гээд тоглоом шоглоом хийгээд байсан. Би залуу улс байна, алдаагаа засах байх гэсэн үүднээс утасдаж “Багш нь хөлгүй болчихлоо” гэж хэлсэн л дээ. Шог чинь давс нь жаахан ихэдчихээрдоромжлол болчихдог байхгүй юу. Хүний шашин шүтэх эрх, өвчин зовлонгоор наадах чинь “Үндсэн хууль” зөрчиж байгаа асуудал шүү дээ.

-Шүүхэд гомдол гаргаж болдоггүй юм уу?

-Залуу улс алдаагаа засаад сайхан бүтээл гаргах байлгүй дээ. Мөнгө олох гэж л аргаа ядаж байгаа нь тэр шүү дээ. Ганц “Мө­рөөдлийн театр”-ынхны ч буруу биш. Анхандаа “Шинэ үе”-ийн Бооёо, Ганбаа эд нар “Хар сүлдээ тахиарай, номоо аваарай” гээд эхэлсэн. Гурван үгтэй онигой гээд л зөндөө юм бий. “Нэг үгтэй-Арго. Хоёр үгтэй нь-Арго багш. Гурван үгтэй нь Арго багшийн номнууд” гээд хувь хүн, мэргэжил, оюуны бүтээлийг маань доромжилж эхэлсэн. Хойд Солонгост зенитийн пуу­жингаар хүн бууддаг шиг юм хийсэн нэгнээ ингэж бөөнөөрөө галлаж хэрэггүй л дээ. Ер юм хийсэн хүнд доод түвшнээсээ дээд шатаа хүртэл “гүйх но­хойд гүйхгүй нохой саад бол­дог” муухай монгол зан байна. Гүйхгүй нохойнууд аж төрлөө авч яваа жирийн нэгнээс өг­сүүлээд төрийн бодлогод хүр­тэл нөлөөлж чадах тийм хорон бачтай. Тавантолгой, Оюутолгойн ажил хөдлөх гэхээр л гадаадын хөрөнгө оруулагчид муухай гээд тээгээд тэгнээд хэвтчихнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид ч яахав гараад явдаг байж. Сүүлдээ дотоодын мундаг сэхээтнүүд дүрвэнэ шүү. Тэгвэл оюун санааны дүрвэлт дэгдэж улс оронд жинхэнэ сүйрэл болно. Тиймээс гүйхгүй нохойнуудыг л аль ч шатнаас шавхуурдан зайлуулмаар байгаа юм. Хүн намайг муулж, “Мөрөөдлийн театр” болгож болно. Би бол мөрөөдөлдөө хүрчихсэн хүн шүү. Атаа жөтөөнд тийм ч амар өвдөг сөгдөхгүй. Юмны түрүүнд монгол үндэсний үнэт зүйлсээ муулна. Монгол эмч нарын буянаар л би амьд үлдлээ. (нулимсаа нуулгүй уйлав. сур)

-Нэг нь гэхэд 600 гаруй хуудастай энэ том номуудаа яаж хэвлүүлэв?

-Төрөөс, группт орсны сарын 200 мянган төгрөг авч байгаа. Үнэгүй эмчилж, группт оруулж өгсөн төрөө би хэзээ ч муулахгүй. Ямар ч байсан манай төр ажиллаж байна. Хоёр зуун мянгаар сүрхий амьд­рахгүй ч нэмэртэй юм. Хөгжлийн бэрхшээлтэй улсдаа жаахан ч болтугай туслах нь нинжин сэтгэлийн илрэл юм байна. Би хөлтэй байхдаа тийм ч адгийн амьтан байгаагүй л дээ. Аль болох л хүнд тус дэм болчих юм сан л гэж боддог байсан. Тэрний минь хариу юм байлгүй гудамжинд таягтай явж байхад “Хөөрхий зайлуул ийм болчих гэж, хайран хүн” гээд хүрээд ирж байна. Ямар сайндаа намайг хагалгаанд ороод гараад ирэхэд хажуугийн тасгийн эмэгтэйчүүд “Хэлтэй хүн хөлгүй болдог юм байж. Хэлгүй бид хоёр хөлгүй болбол яана аа” гэсэн гэж байгаа. Энэ хэдий гашуун үнэн ч наддаа том урам. Халамжийн мөнгөө жилээр нь зээлээд, сайн ханийнхаа буянаар, “Бемби сан”-гийнхныхаа ивээн тэтгэлгээр номоо хэвлүүллээ. Өмнө нь миний ном олонтаа бестселлэр болж байсан ч мөнгө төгрөг цуглуулж явсангүй. Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж л амьдарч явсан юм байна.

Л.БАТЦЭНГЭЛ