Categories
мэдээ цаг-үе

Батсуурь аваргын охин Нарантуяа: Аав минь ижийгийн оёж өгсөн зодог шуудгийг өмсөөд дархан аварга цол хүртэж байлаа

Шаравын Батсуурь аваргын охин Б.Наран­туяатай ярилцлаа. Тэрээр Монголын радиогийн гадаад мэдээний албанд олон жил ажилласан нэгэн юм.

-Танай аав Монголын домог болсон хүчит авар­гуудын нэг. Говь-Алтайн Жаргалан сумын хүн байх шүү?

-1922 онд Жаргалан хайрханы өвөр бэл Гүзээн тээл гэдэг газар төрсөн байдаг. Миний бие аавынхаа нутагт хэдэн хэдэн удаа очиж байсан. Байгалийн сайхнаараа гайхагддаг газар. Жаргалан хайрхан гэж ямар их нөмөр нөөлөгтэй уул гэж санана. Аавыгаа өнгөрснөөс хойш уул, усыг нь их санах юм даа. Сүүлд хөшөөнийх нь нээлтэд очихдоо нүдэндээ нулимстай буцсан.Торгон элсэн дунд тогтсон Эрээн нуурыг Монголд дуулаагүй хүн ховор болов уу. Дуунд мөнхөрсөн ариун дагшин газар ус. Аав ээж нь эгэл жирийн малч удмын хүмүүс байжээ. Аавынх нь өвөг эцэг Хийдэв заан гэж нутаг хошуундаа нэртэй бөх байсан гэдэг. Тэр хүний талаар түүх домог шиг яриа олныг сонсч байлаа. Бөхийн холбооны дэд тэргүүн байсан соёлын гавьяат зүтгэлтэн Даваасамбуу гуай аав хоёр нэг нутгийнх. Даваасамбуу гуайн аав Пүрэв аймгийн заан цолтой хүн байж. Тэр хүн таван хүүтэй хэрнээ ”Манай сумаас Батсуурь л бөх болж Хийдэв зааныг нэрийг гаргаж магадгүй” гээд зодог шуудгаа аавд өгсөн юм билээ. Тэгэхээр аав багаасаа л бяр чадалтай, сайн бөх болох нь мэдрэгдээд байж л дээ. 17 насандаа овоо­ны наадамд анх зодоглож түрүүлж байснаа дурсдаг юм.1947 онд Хязгаарын цэргийн бөх гэж зарлуулаад улсын баяр наадамд түрүүлсэн бай­даг. Түрүүлэхийнхээ өмнөх жил ирж барилдаад дөрөв давж, тавын даваанд унасан. Тэгэхэд Монголын баруун хязгаар Ховд нутаг, домогт Байтагийн заставт алба хааж байжээ.

-1947 оны наадмаар түрүүл­чихнэ чинээ бодоогүй байх аа?

-Яаж бодох билээ. Эгэл жирийн байлдагчийн сэтгэлд төрийн наадмын түрүү багтахгүй шүү дээ. Тэр жилБ.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир аваргууд Дэлхийн залуу­чууд оюутны их наадамд орол­цохоор гадагшаа явсан тул наа­дамчин олон Ж.Цэвээн­равдан аваргыг түрүүлнэ хэмээн таамаглаж байсан гэдэг. Аав ч гэсэн Цэвээнравдан аваргыг түрүүлэх байх гэж бодож байжээ. Тэгтэл долоогийн даваанд “бухан хүү” хэмээн алдаршсан А.Моломжамц зааныг, наймд өнөө түрүүлнэ хэмээн олны найдлага тавиад байсан Цэвээнравданг, түрүү үзүүрт Өвөрхангайн Гялдангийн Цоодол арслан давснаар улсын баяр наа­дамд улсын цолгүй бөх шууд түрүүлж арслан болсон түүх­тэй. Түвдэндорж, Чимэд-Очир аваргууд эзгүй байсан учир Цоодол арслан аав хоёрыг“Боорцогны хулгайчид” гэсэн яриа бөхийн хүрээнд гарсан байдаг. Хоёр аварга яг тэгж хэлсэн эсэх нь эргэлзээтэй. Бөхчүүдийн хооронд мод, чулуу хаяж янз бүрийн яриа гарган хов зөөдөг хүмүүс бас байдаг юм билээ. “Манайхан “Хоёр Мөнх”-ийн хооронд мөн ч их хов зөөж, бантанг нь хутгасан даа” гэж аав хэлдэг байсан. 1947 оны наадамд түрүүлж үзүүрлэсэн хоёр залуу бөхийг Түвдэн, Чимэд-Очир аваргууд долоогийн даваанд нэг нэгээр нь амлаж барилдаад унасан түүхтэй. Үндсэндээ Түвдэн аварга аавыг, Чимэд-Очираварга Цоодол гуайг амлаж барилдаад унажээ. Түвдэн аваргыг аав дунгуйлдах мэхээр өвдөг шороодуулсан нь хуучны бичлэгт тодорхой бий. Аваргын хумс сөхөгдөөд уначихаж л дээ. Барьц булаа­цалдаж их л хүчтэй халцгаасан юм шиг байгаа. Аварга босч ирээд “Чи далбаандаа юу хийчихсэн юм, шалгуул” гэхэд нь далбаагаа үг дуугуй үзүүлсэн гэдэг.

-Баруун Алтай нутаг, Байтагийн заставт алба хааж бай­сан хүү нь “Хязгаарын цэргийн бөх” гэж зарлуулаадтөрийн наадамд түрүүлэхэд ижий аав нь ихэд баярласан нь мэдээж.Батсуурь аварга энэ тухайгаа ярьж байв уу?

-Эхний жилээ түрүүлчихээд нутагтаа очиж чадаагүй юм билээ. Харин хоёр дахиа түрүүлж, улсын аварга цол хүртчихээд нутагтаа, аав ээждээ очжээ. Тэгэхдээ ханиа дагуулаад очсон байгаа юм. Хязгаарын цэрэгт мордсон хүү нь улсын аварга цолтой бөх болж, төрийн наадамд хоёр дараалан түрүүлчихээд, ханиа дагуулаад очихоор ижий аав нь баярлахын дээдээр баярлана биз дээ.Аав ээж хоёр дөчин найман оны наадмын өмнө Цэвээнравдан аваргынд анх танилцсан гэдэг. “Аав нь төрийн наадамд түрүүлчихээд, аварга болчихоод…” хэмээн сайрхан ярихгүй. Хувь хүний­хээ талаас машид энгийн, нөхөрсөг даруухан хүн бай­лаа.Би төрийн наадмын түрүү хүртсэн бөх гэдэг ч юм уу, эсвэл алдар цолоороо далайлгаж бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлж байсангүй ээ. Баярлаж гомдох нь бүхний нүдэн дээр. Аливааг нууж хаана гэж байхгүй. Тийм л эгэл боргил хүн.

-Батсуурь аварга гэхээр 1949 оны наадам санаанд буух нь бий.Учир нь есийн даваанд Нисэхийн П.Аюушт бууж өгсөн гэх дам яриа байдаг. Мөн энэ хоёр бөх нэг айлын баз хүргэчүүд байсан гэдэг. Энэ үнэн юм уу?

-Энэ бүхэн худлаа. Намайг тэр “Нисэхийн” Аюуш гэж айлынхаас өргөж авсан гэж хүртэл яриа гарч байсныг санах юм. 1949 оны наадмын тухай аавынхаа болон бусад бөхчүүдийн амнаас сонсч байснаа хэлье. Наадмын сүүлийн өдөр бөхийн барил­даан дуусахгүй байсаар бай­гаад шөнө болж. Одоо шиг даваа бүр цаг минутаар хязгаарлагдаж байсангүй. Шөнө болсон тул гэрэл тус­гаад барилдах болжээ. Хоёр бөх төв асрын өмнө өрөөд зогстол Аюуш аавд “Чи улсын наадамд хоёр түрүүлсэн хүн. Энэ удаа надад буугаад өгчих. Би нэг түрүүлж үзмээр байна. Чи дахиад олон түрүүлнэ шүү дээ” гэх утгатай зүйл хэлсэн байна. Аав яалаа гэж бууж өгөх билээ. Дахиад түрүүлэхийг л бодно шүү дээ. Яриаг нь чагнаад зогсч байтал гэнэт дайраад хаячихсан байгаа юм. Унахын хувьд баараггүй унасан гэдэг. Аав тэгэхэд тушаалаар л хөдөлдөг цэр­гийн хүн байсан учир яриаг нь сонсоод анхаарал алдчихгүй юу. Ингээд аавыг уначихаар наадам хааж үг хэлэх байсан Маршал уур­лаад босоод явчихаж. Наадмаа ч хаасангүй, үзүүр түрүүний хоёр бөхөд бай шагналыг нь гардуулсангүй. Энд тэндээс тусгаж байсан гэрэл ч унтарч хав харанхуй болон, Яармагийн дэнжид наадамчин олон үүрээ эвдүүл­сэн шоргоолж шиг бужигнаад хоцорсон байдаг. Маршал цэргийн бөх гурав дахиа түрүү­лэх нь хэмээн ихэд бэлгэ­шээж, аавыг түрүүлэхээр “Алтан гадас” одон өгөхөөр бэлдчихсэн байсан гэх юм билээ. Түрүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байж л дээ. Энэ тухай Ж.Цэвээнравдан аварга дурсамжийнхаа номонд тодорхой бичсэн.

-Бууж өгсөн гэх нэрээр шийтгэл хүлээсэн үү?

-Наадмын маргааш комисс хуралдаад аавыг 14 хоногт сахилгад суулгах шийдвэр гаргажээ. Аюуш нь “Би юм ярьж байгаад хуураад хаячихсан юм” гэж хэлж байж гайгүй салжээ. Хэрвээ Аюуш арслан тэгж зориг гарган үнэнээ хэлээгүй бол “Төрийн наадмаар тоглоом хийж, үнэн хүчийг үзэлгүй худлаа барилдан ард түмнээ хуурлаа” гэх нэрийдлээр бүр шоронд суулгах байсан. Харин аав энэ тухайгаа хэлмэгдсэн гэж огт боддоггүй байсан даа.

-Батсуурь аваргыг Аюушид унаснаасаа хойш аз нь харьсан гэх яриа бий?

-Бөх хүний аз харина гэж байдаг юм билээ гэж аав хэлдэг сэн. Тэр олон хүний хэл ам хүрсэн болохоор арга ч үгүй биз дээ. Тухайн наадмаас хойш аав хэдэн жил улсын наадамд өөдтэй барилдаагүй. Давж байсан бөхчүүдээ дийлэхээ болиод бүр амны бөхдөө хүртэл унаж байв. Тавин гурван онд үзүүрлэснээс хойш арай дээр болсон юм даг. Бадамсэрээжид арсланг наймын даваанд өвдөглүүлж Түвдэн аваргатай түрүү үзүүрт шалгарсан. Манай аав чинь төрийн наадамд хоёр түрүүлж, гурав үзүүрлэсэн хүн шүү дээ. 1957 онд Дамдин авар­гатай үлдэж үзүүр­лэ­сэн. Тэр наадмыг би сайн санаж байна, зургаан настай байлаа. Дамдин аварга аав хоёрыг сандал дээр зогсоогоод зургийг нь авсан. Тэгээд арвын цагаан тогоогоор дүүрэн баавгайтай чихэр өгсөн. Би “Аав аа надад чихэр” гээд гүйгээд очтол аав сандал дээрээсбөхийгөөд тавагтай чихрээ доошлуулталасгачихсан. Эргэн тойронд байсан наадамчин олон “Аваргын хишиг” гэж бүгд дайраад нэг ч чихэргүй уйлаад хоцорч билээ.

-1963 оны наадмаар зургаа давж дунд шөвөгт үлдэхэд нь дархан аварга цол өгсөн түүхтэй дээ?

-Олон жил тогтмол сайн барилдсан амжилтыг үнэлж дархан аварга цол олгосон. 16 шөвгөрсөн амжилтыг үнэллээ гэж үнэмлэх дээр нь бичсэн байдаг. 1961-1963 онд дараалан дунд шөвөгт шалгарч байсан. Дархан аварга цол хүртдэг тэр жил нь аав бид хоёр гэртээ хоёулахнаа байлаа. Ээж дүү хоёр Бөөрөлжүүтэд амрах гээд явчихсан байсан. Тэр жилийн наадмаар ээжийн урлаж өгсөн шинэ зодог шуудгийг өмссөн нь санаанаас гардаггүй. Хуучин далбаа нь урагдаад салбайчихсан хэрэг л дээ. Наадмын өмнөхөн манайхаар Цэвээнравдан аварга ирэхдээ ээжид “Бидний үеийн өвгөчүүлд зодог шуудаг оёж өгөөд байхдаа яахав дээ” гэж хошигнон хэлж байсан сан. Аав наадмын өглөө шинэ зодгоо бүслээд гарахдаа “Шинэ зодогны ид хавыг нэг үзчихсэн” гэж бэлгэшээж байсан. Тэгээд л дархан аварга болсон доо.

-Бөхчүүдээс хэнтэй нь илүү дотно нөхөрлөдөг байв?

-Ц.Чимэд-Очир аваргатай дотно нөхөрлөдөг байсан. Анх Хязгаарын цэргээс улсын наадамд ирж барилдахад нь Чимэг аварга томоохон гүүр болсон гэдэг. “Танай Байтагийн заставт Батсуурь сайхан бөх хүү бий дээ” гэж Батын Дорж генералд дуулгаснаар тэр холоос ирж барилдсан юм билээ. Б.Түвдэндорж, Ж.Цэвээнравдан аваргууд манайхаар үргэлж ирнэ. Дараа үеийнхнээс Д.Дамдин, Ч.Бээжин, Ж.Мөнхбат авар­гууд мөн ирдэг байсан даа.

-Улсын цолонд хэд хэдэн бөхийг хүргэсэн байх аа?

-Цаашдаа сайн барилдах залуу бөхчүүдийг цолонд хүргэх гэсэн бодолтой байсан. Харин нэг жилийн наадмаар гэртээ ирчихээд “Тэр хүүг жаахан гомдоочихов уу. Гэхдээ ирэх жил улсын цолонд хүрчихэнэ дээ” гэж байсан. Тэр нь Д.Мягмар заан байсан юм билээ. Түүнийг цолонд хүргэнэ гэж ам өгчихөөд өөр бөх амлачихсан юм билээ. Харин Чимэг аварга тэр хоёр нэгэнтээ хуйвалдаан хийснийг санаж байна. Далан нэгэн оны билүү дээ, наадмын өмнөхөн Чимэд-Очир аварга манайд ирж хонохдоо “Энэ жил Батхуяг гэж залууг начин болгоё” гэв. Тэгэхэд нь аав “Бид хоёр сайндаа гурав л давна шүү дээ” гэхэд Чимэг аварга “Дөрвийн даваанд чи намайг амлачих” гэдэг юм. “Тэгж олон түмэнд нэрээ бараад яах вэ” гэж уурлахад, олны ам хоёр өдөр цуураад л болино биз. Тэр хүүхдийг начин болгохгүй бол яагаад ч болохгүй нь. Асрамжийн газар хүн болсон, бүтэн өнчин юм байна, зайлуул.Хамгийн гол нь бөхөд үнэн сэтгэлээсээ хайртай юм. Цаашдаа цол аваад мундаг бөх болох нь яахав, гол нь начин болоод хоолтойгоо залгаатах гэсэн яриа тэр хоёрын хооронд өрнөсөн. Ингээд тэр жилийн наадмын дөрвийн даваандЧимэг аваргыг амлан барилдаж тахимаа өгснөөр тэрээр тавын даваанд Батхуягийг амлаж начин болгож байсан. Сүүлд Батхуягт тэр тухай дуулгахад мэдээгүй байж билээ.

Ө.МАНЛАЙ

Categories
мэдээ цаг-үе

А.Ганбаяр: Коосэнд бэлтгэсэн инженерүүд байхад япон компаниуд Монголыг сонирхоно

ШУТИС-ийн харьяа Коо­сэн загварын Технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаяртай ярилцлаа.

-Коосэн сургуульд ес­дү­гээр анги төгссөн хүүхдүүд шал­­гаруулж авдаг юм байна. Ингэхэд манай есдүгээр ангийн сурагчид Коосэнгийн шаардлага хан­­гаж байна уу. Японд бас есдүгээр анги төгссөн хүүх­дүүд авдаг гэсэн. Тэдэнтэй харь­­­­цуулах боломжтойюу?

-Элсэлтийн шалгалт Японы Коосэнгуудад арван жил авсан шалгалтын мате­риалаар авсан. Өмнө нь нэг сарын давтлага өгсөн л дөө. Тэр бодлогуудыг үзэхэд Японд Коосэнд геометрийн талын сэтгэн бодох чадварын шалгалтуудих авдаг юм бай­на. Манайд тийм юм алга.

-Коосэнгийн шалгалт авах­даа Японы Коосэнгийн шалгалтын материалыг шууд хуулбарладаг уу. Эс­вэл Монголын нөхцөлд то­хи­руулж өөрчилсөн гэсэн үг үү?

-Японд Коосэнд ямар шалгалт авдаг тэр бүх материалыг бид авсан. Бэлтгэх явцад манайхаас нэлээд өөр байсан учраас бид хүүхдүүдэд давт­лага өгсөн юм.

-Геометрийн хичээлд сайн байх ёстой гэсэн үг үү?

-Инженер хүн чинь мате­матик, физикийн суурь мэдлэг сайн байх ёстой. Яагаад гэвэл байнга тооцоо бодно шүү дээ. Сэтгэн бодох чадварт геометр их үүрэгтэй юм байна. Ма­найхаас ялгаатай нь тэр.

-Есдүгээр ангиасаа орж ирсэн хүүхдүүд хэдэн жил су­ралцаад ямар мэргэжлээр төг­сөх вэ?

-Таван жил сураадмеханик, ца­хилгаан электроникийн ин­женер, барилгын инженер гэсэн гурван мэргэжлээр төг­сөнө. Ямар ч оронд бүтээн байгуулахын тулд эхлээд дэд бүтцээ сайн шийдэх хэрэгтэй. Дэд бүтцээ байгуулахад хам­гийн хэрэгтэй таван салбар бий. Механик, цахилгаан элект­роник, зам барилга, мэ­дээллийн технологи, химийн технологи.

-Яагаад хүүхдийг ес­дү­гээр ангиас нь авдаг юм бол?

-Хүүхэд багадаазадгай сэтгэлгээтэй байдаг. Хориг хязгаар байхгүй, чөлөөтэй сэт­гэдэг өөрийгөө хөг­жүүлэх сонирхол их байх үед нь сургаж тайлбарлаж өгдөг сургалт. Насанд хүрэхдээ хүн чөлөөтэй сэтгэж чадахгүй болдог.

-Хэр олон хүүхэд элсч оров. Коосэнг монгол хүүхдүүд хэр сонирхож бай­на?

-Эцэг эхийн хувьд хүүхдээ юм хийдэг болгомоор байна, инженер болгомоор байна гэсэн хүсэл их байдаг.

-Танайхичээлүүд Мон­гол сургуулиас өөр байх. Сур­галтын үеэр юу бүтээдэг вэ?

-Эхний гурван жил Мон­голын бүрэн дунд бо­ловсролын гэрчилгээ олгох ёстой. Тийм учраас ахлах сургуульд заавал үзэх хи­чээлээ зааж өгнө. Эхний жил мэргэжлийн хичээл цөөхөн ор­но. Хоёр дахь жилээс мэр­гэж­лийн хичээлүүд нь нэ­мэгдээд явах юм. Гол онц­­лог нь “Бүтээх ухаан” хи­чээл байгаа юм. Дадлага туршлагад суурилсан хичээл л дээ. Эхлээд инженерийн ажлыг үзүүлчихээд ахлах ангид орохдоо яагаад ийм болсон юм гэдэг тооцоог нь хийдэг юм.

-Шалгалтад хамраг­дахаар хэдэн хүүхэд бүрт­гүүлээд байна вэ?

-Энэ жил манайх меха­никийн, зам барилга, цахил­гаан электроник гэсэн гурван ангидаа нийт ерэн хүүхэд авна. Одоо­гийн байдлаар 30-40-өөд хүүхэд л бүртгүүлсэн байна. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт энэ долоо хоногт болж дүнгээ гаргаж байгаа юм шиг байна лээ. Түүнтэй холбоотой юм уу аль эсвэл мэдээлэл дутуу хүрч байх шиг байна.

-Засгийн газрын тэт­гэлгээрсурах уу эцэг эх нь сургалтын төлбөрөө тө­лөх үү?

-Эцэгэх нь төлбөрөө төл­нө. Жилийн гурван сая төгрөгийн төлбөртэй. Дад­лагад түшиглэсэн сургалт учраас хүүхдүүд материал их хэрэглэдэг. Японоос бас багш нар ирнэ. Цахилгааны эсэргүүцэл хэмждэг багажгэхэд лзадгай ирдэг. Хүүхдүүд баг­шаараа заалгаад, өөрөө гагнаад, насан туршийн багаж болгож авдаг. Иймэрхүү юманд их зардал ордог.

-Та өөрөө Коосэн төгссөн юм байна, мэдээллийн тех­нологийн инженер юм уу?

-Уг нь цахилгааны инженер, дип­­ломын ажил мэдээллийн тех­нологитой холбоотой уч­раас тэр чиглэлээр ажилд ороод мэдээллийн тех­нологийн чиглэлээр Японд 18 жил ажиллалаа. Нийтдээ 22 жил Японд сурч, ажилласан.“Fujitsu”,“Sony”,“IBM”, “Hitachi” гээдЯпоны том том компаниудад ажиллаж үзсэн дээ. Хамгийн том ажил гэвэл “Fujitsu”-д байхдааЯпоны 320 шоронг холбосон сүлжээ хийсэн.Хоригдлууд өөрийнх нь хоригдож байгаагазар байхгүй номыг өөр шоронгоос захиалж авч болдог, эм ду­тагдалтай бол өөр газраас олж авдаг сүлжээ л дээ. Есөн шидийн юм хийсэн. Хамгийн сүүлд “Hitachi” компанийн Орос дахь үйлдвэрийг байгуулахад хамтарч ажилласан. “Hitachi” Японд бүх юм хийдэг компани. Хий­мэл дагуулаас авахуулаад атомын цахилгаан станц бүгдийг хийдэг. “Hitachi”-гийн хүнд машин механизм хий­дэг компани дэлхийд 33 үйлд­вэртэй. 34 дэхийг нь Орост барьсан юм.

-Япончууд Монголд үйлд­вэр барих сонирхол байдагуу?

-Засгийн газар хоорон­дын эдийн засгийн харил­цан түншлэлийн гэрээ бай­гуулагдсанаар таатай нөхцөл бий болсон. Нэр заасан бараа бүтээгдэхүүнийг Японд тат­варгүй гаргах боломжтой. Японы үйлдвэрлэгч компаниуд Монголд орж ирэх таатай нөхцөл бүрдлээ.

-Японд хийхээр яадаг юм?

-Хөдөлмөрийн үнэлэмж нь өндөр. Монголд хямд ажил­лах хүчтэй, хоёрт манайх ашигт малтмал, түүхий эдээр баялаг. Хятадад үйлдвэрлээд Япон руу гаргахад 24 хувь орчмын татвартай. Монголд үйлдвэрлээд гаргахад тат­варгүй болсон.

-Монголдажиллах хүч хэр байгаа юм бол доо?

-Энэ маш чухал. Японы компаниуд орж ирэхэд Японы сургалтын стандартаар бэлт­­гэгдсэн хүмүүс байх нь маш чухал. Коосэн төгссөн хүнд Японд бол 30-40 ком­пани ажлын байр санал бол­годог. Намайг төгсөхөд ч олон компани санал тавьж бай­сан. Япон компаниуд бол эхлээд боловсон хүчин л хар­на. Орост үйлдвэр барихад боловсон хүчний асуудал маш хэ­цүү байсан.

-Манайх Коосэнгийн ча­нарыг ч гэсэн оруулж ирж чадах болов уу?

-Коосэн машөндөр шаард­лагатай учраас бүгдийг богино хугацаандхийхэд хэцүү. Шаталсан маягаар үе шаттайгаар аажмаар хий­нэ. Японы Боловсролын яамны харьяа Коосэнгийн агентлаг манай БСШУЯ-тай хамтарч ажиллахаар болсон. Манай сургуулийг багшаар хангах, стандарт хянах, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хийсэн юм. Манай сургуульд өнгөрсөн жил хоёр сая дол­ларын тоног төхөөрөмж бу­цалтгүй тусламжаар бэ­лэглэх болсон. 12 төрлийн лаборатори авах юм.

-Японы Коосэн загварын сур­галтыг хэр олон орон авсан бэ?

-Азид их сонирхдог. Европоос Финлянд харил­цаатай байдаг. Азиас хамгийн түрүүнд сонирхсон нь Малайз. Малайзын Ерөнхий сайд Ма­хатир гэдэг хүн “Зүүн тийш харъя” гэсэн бодлого барьсан. Зөв­хөн Англи, Америкт хүн сургах биш,Японд хүнээ сургаад үйлдвэрлэл хөг­жүүлэх бодлого юм.Энэ хү­рээнд хүмүүсээ Коосэндсургаад боловсон хүчин нь бэлтгэгдчихээр Япон ком­паниуд Малайз руу ордог.“Манай сургалтын системээр сурсан инженерүүд байна” гээд сонирхдог. Ингэж татсан туршлагууд бий. Малайз, Ин­донез, Тайланд, Энэтхэгбайна. Эх орондоо сургалтын тогтолцоог оруулж ирж бай­гаагаараа Монгол анхных. Бидний дараахан Туркүүд очиж Коосэнгийн агентлагтай гэрээ хийсэн. Анхныхгэдэг утгаараа манайд том дэмжлэг бий.

-Японд сурахад зардал өндөр биз дээ?

-57 Коосэн байдгаас 51 нь улсынх. Сургалтынзар­дал өндөр ч Япон улсын бод­логоороо сургалтын төлбөрөө хямдхан байлгадаг. Тэнд ч манайхтай адил төлбөр нь 2500 доллар орчим байдаг. Гэхдээ нэг хүүхдийн сургалтанд зориулж улсаас жилд 10 мянган доллар зар­цуулдаг.

-Манайхулсаас тийм их мөнгө өгч чадахгүй шүү дээ?

-Гэхдээ арга зам бий. Манайх улсын сургууль. Байр­ны халаалт улсаас өгдөг. Коосэн сургууль дээрээ Тех­нологийн төв байгуулаад орон нутгийн компаниудын технологийн асуудлыг ший­дээд, захиалгаарсудалгаа хийж өгнө, хамтарсан бү­тээг­дэхүүн хийнэ. Японд ч тийм байдаг. Түүгээрээ хүүхдүүддээ зориулах мөнгө олжболдог. Зам хагархай байна. Нэг өдөр халж хөрөөд температурын зөрүү маш их­тэй. Ийм нөхцөлд Орос технологийн асфальт авчраад цац­чихаар хагаралгүй яах юм бэ.Судалж байгаад тэгш­хэн зам хийж болно. Хүүх­дийн сагсны талбайд бороо орохоор ус тогтчихоод байна. Яагаад тэгшхэн хийж болдоггүй юм бэ. Энэ мэтийг бид судалж шийдэж болно.

Categories
мэдээ цаг-үе

Суут хөгжмийн зохиолч Моцарт бөгтрөгтэй бяцхан биетэй, царай муутай эрхэм байжээ

Австрийн Салзбург хот бол алдарт хөгжмийн зохиолч Моцартын төрсөн нутаг. Манайхны хөдөө нутгийг санагдуулам буйдхан газар ажээ. Хотын хаана ч очсон Моцартын зураг байх юм. Моцартын нэртэй хоолны газар, гоо сайхны салон, кофе шоп алхам тутамд таарч байлаа. 150 мянган хүн амтай энэ жижигхэн хотод жилд хоёр сая жуулчин ирдэг гэсэн. Тэд алдарт хөгжмийн зохиолчийн гэр музейг үзэж төрсөн нутгаар нь аялахыг урьтал болгодог ажээ. Хотынхоо төвд байх Моцартын гэр музейн тасалбар 15 евро. Музей түүний амьдарч байсан байшинд тэр чигтээ нүүж орсон бөгөөд нийт 11 өрөөтэй юм байна. Эдгээрээс дээд давхрын гурван өрөөнд Моцарт амьдарч байжээ. Музей үндсэн гурван хэсэгтэй. Түүний хөгжмийн зэмсгийн өрөөнд ороход метр хүрэхгүй өндөртэй гурван төгөлдөр хуур байв. Орчин үеийн нүсэр төгөлдөр хууртай харьцуулахад хүүхдийн тоглоом гэмээр жижигхэн хөгжим дээр Моцарт суугаад “Увидаст лимбэ”-ээс эхлээд дөч, дөчин нэгдүгээр симфониудаа бичсэн байна. Төгөлдөр хуурын эх биеийг сайн чанарын модоор хийсэн байх бөгөөд цөөн даруултай ажээ. Харин он цагийн уртад элэгдэн муудаж байгааг үзүүр хэсгийн гөлчийснөөс харж болохоор байв. Хөгжмийн цаахна Моцартын зарим ноотны гар бичмэлийг эгнүүлсэн байсан. Хар хөх өнгийн бэхээр нямбай бичсэн ноотны хуудсыг шилэн хоргоор хамгаалжээ. Хөгжим судлаач, сонгодог урлагийн үнэнч фэнүүд энд ирэхээрээ алдарт хөгжмийн зохиолчийн төгөлдөр хуурыг хараад л сэтгэлээ барьж дийлэлгүй нулимс мэлмэрүүлдэг гэсэн. Хөтөч “Гурван жилийн өмнө Монголын нэлээн алдартай хөгжмийн зохиолчийн хүүхэд энд ирсэн юм. Улаанбаатараас гарахдаа л Моцартын музей гэж ярьсаар ирсэн. Музейд орж ирээд бараг шоконд орсон байх аа. Уйлж байснаа өрөөний нэг буланд очоод бясалгаад зогсчихсон. Сүүлд учрыг асуувал тэр хүний энергиэс хуваалцаж байсан юм билээ” гэж ярив. Гадныхан ч бас Моцартын гэрт орж ирээд уйлах тохиолдол олон гардаг гэсэн.

Хөгжмийн өрөөтэй залгуулаад Моцартын өмсөж байсан хувцас, бичиж байсан захиа, хэрэглэж байсан үзэг тэргүүтэй эд зүйлсийг дэлгэн үзүүлжээ. Тэрээр намхан нуруутай байсан болохоор үеийнхээ хүүхдүүдэд “Тайрдас” гэж хочлуулдаг байсан гэнэ. Үнэхээр л өмсөж байсан хувцас нь хүүхдийнх гэмээр ажээ. Зузаан даавуугаар хийсэн хөх өнгийн өмд, цайвар өнгийн цамц нь тухайн үеийнхээ сайн чанарын материалаар хийсэн бололтой байв. Түүний эцэг, эх сэхээтэн гаралтай хүмүүс байжээ. Аав Леодолд Моцарт хотдоо төдийгүй Австрали улсад алдар нэрээ цуурайтуулсан хөгжмийн зохиолч байсан байна. Өөрөө хийл тоглодог байсан болохоор хүүдээ төгөлдөр хуур зааж өгчээ. Тэр үед хүү гуравхан настай байсан гэдэг. Хүү нь аавынхаа зааж өгснийг нэг ч алдалгүйгээр сурч байсан болохоор Леодолд хөгжим зохиохоо больж хамаг цаг зав, анхаарлаа Моцартад хандуулж байжээ. “Миний Вольфи (Моцартыг гэрийнхэн нь ингэж дууддаг байсан байна) надаас илүү хөгжмийн зохиолч болно” гэж байнга хүүгээ урамшуулдаг байсан гэнэ. Тэгээд ч тухайн үед Европын сонгодог хөгжим оргил үедээ хөгжиж байсан болохоор өчүүхэн төдий авьяастай хүүхдээ эцэг, эхчүүд нь төгөлдөр хуур, хийл тоглуулдаг байжээ.

Моцарт гуравтай байхдаа төгөлдөр хуураар амархан тоглохооргүй аянуудыг тоглож сурсан тул эцэг нь хийл зааж өгчээ. Улмаар анхныхаа аяыг таван настайдаа зохиосон түүхтэй. Түүний анхны бүтээл минуэт буюу бүжгэн жүжгийн хөгжим байжээ. Зарим эх сурвалжид “Моцарт анхны бүтээлээ дөрөвтэй байхдаа бичсэн” гэдэг юм байна. Жаахан хүүхэд хэрнээ хөгжмийн зохиол бичиж эхэлснээс хойш янз бүрийн тоглоом тоглож сатаарахаа больсон гэсэн. Үүнийг батлах мэт түүний музейд багадаа тоглож байсан болов уу гэмээр тоглоом харагдаагүй. Харин анхны тоглолтын үеэр өмсөж байсан хувцас байв. Кинон дээр гардаг ихэс дээдсийнх шиг улаан хүрэм, цагаан цамцтай ёслолын хувцас ажээ. Чамин тансаг харагдах энэхүү хувцсыг тэрээр долоон настай байхдаа өмсөөд хотынхоо бүжгэн жүжгийн сургуулийн танхимд анхны тоглолтоо хийсэн гэдэг. Түүнийг төгөлдөр хуур сайн тоглох, хөгжим зохиох, тоглолтоо хийх бүрт эцэг нь хүүгээрээ бахархаж юу юунаас илүүтэй баярладаг байжээ. Түүгээр ч үл барам Моцартын төрсөн эгч Мариа Аннаг дүү шигээ хөгжмийн хүн болохыг ятгаж байсан гэдэг. Гэвч Анна сонгодог урлагийн авьяасгүйн дээр ойлгодог ч үгүй байжээ.

Моцартын гэр бүл ихэнх суутнуудын адил ядуу тарчиг байсангүй. Тухайн үед үнэтэйд тооцогдож байсан гангар шаазан тэргүүтэй эд хогшилтой байсан нь музей доторх үзмэрүүдээс харагдаж байлаа. Бас Австрийн хатан хаанаас өгч байсан бэлэг анхаарал татав. Тэрээр есөн настайдаа Венад очиж Австрийн хатан хаан Мариа Тресагийн төрсөн өдрөөр төгөлдөр хуур тоглож өгчээ. Мэргэжлийн уран бүтээлчдийн хүнд, хэцүү гэдэг аяыг ямар ч зовлонгүйгээр тоглох нь хатан хааны төдийгүй язгууртнуудын анхаарлыг татсан гэдэг. Улмаар хоёр жилийн дараа хатан хаан Моцартыг Венад байх үед нь ордонд хоёр дахь удаагаа урьжээ. Энэ удаа бас л ихэс дээдсийн хүлээн авалтад өөрийн бүтээлээ сонордуулахдаа хар даавуугаар нүдээ боож байгаад тоглосон байна. Нүдээ боож байсан хар даавуу нь өдгөө Моцартын музейд байдаг ажээ. Урт нарийхан энгийн даавуугаар нүдээ боож “гайхуулахад” нь хатан хаан “Та бол Австрийн бахархал” гэж магтаад гарын бэлэг өгч байсан байна. Бэлгэн доторх зүйлсээс ган үзэг өдгөө олны нүдийг хужирлан музей дотор хадгалагдаж буй.

Цаашлаад Моцартын аялж байсан газруудын зураг, тэнд юу хийж байсан тухай тэмдэглэл бий. Энэ хэсгийн хамгийн сонирхолтой нь Моцартын жинхэнэ төрхийг харуулсан хар зураг байв. Зорьж ирсэн хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг уг зурагт Моцартын толгой хэсгийг л харуулсан байлаа. Шингэхэн хэрнээ өрөвгөр үс, нийлэх шахам зайтай хоёр нүд, хэлбэр муутай том хамартай царай муутай хүн байжээ. Бас болоогүй нуруун дээрээ том овойсон бөгтрөгтэй байсан гэдэг. Музейн тайлбарлагч “Моцартын жинхэнэ төрхийг харахаар л бурхан хэзээ ч төгс хүн бүтээдэггүй гэх үг санаанд буудаг юм. Ийм муухай царай бэлэглэснийхээ хариуд агуу бүтээл туурвих гоц авьяас заяажээ” гэлээ. Харин Австричууд өөрсдийнхөө суут эрхмийг дэлхий нийтэд танилцуулахдаа ихэнх европчуудын нэгэн адил өндөр хамартай, өө сэвгүй царайтай зурдаг. Музейн нэг хэсэгт Моцартын өндрийг харуулсан метр байв. Харвал суут хөгжмийн зохиолч ердөө 150 см-ийн өндөртэй хүн байсан байна. Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд алдар нэрээ мөнхөлсөн тэрээр 1791 онд 35-хан насандаа үе мөчний өвчнөөр хорвоог орхижээ. Өдгөө Салзбург хотын төвд Моцартад зориулсан дурсгалын хөшөө бий. Түүнийг тойрсон бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд алдарт хөгжмийн зохиолчтой холбоотой эд зүйлсийг зардаг юм байна. Мөн хатан хаан Сиситэй холбоотой дурсгалын зүйлс бий. Уг хотод “Хатан хаан Сиси” киноны Франц Иосеф хааны дүрийг бүтээсэн жүжигчин амьдарч байгаад өнгөрсөн жил 87 насандаа өөд болжээ. Түүнийг амьд сэрүүн байхад уулзахыг хүссэн хүмүүс хотын аялал жуулчлалыг нэмэгдүүлдэг байсан байна.

Хотын төвөөс 30 гаруй минут яваад Сант гилген нууран дээр ирлээ. Явах замд “Хатан хаан Сиси” киноны зураг авалтыг хийсэн байшингаар дайрах ажээ. Бас “Red bull” ундааны төв оффисийн дэргэдүүр өнгөрөв. Гаднаас нь харахад албан байгууллага гэж хэлэхээргүй усан дээр тогтсон энэ газар “Red bull” ундааны түүхтэй холбоотой музей байдаг гэсэн. Гэвч амралтын өдөр таарсан тул орж үзэж чадсангүй.

Нуурын эрэг дээр ирэхэд газар газраас ирсэн жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байв. Нуурын эргэн тойрны уулс мөнх цасаар хучигджээ. Хад асга ихтэй, сүрлэг сайхан уулын дээгүүр шүхрээр бууж байгаа хүмүүс харагдав. Энд ирэхийн гол зорилго нь сэрүүн үед өндрөөс шүхрээр буух байдаг юм байна. Мөнх цастай уулыг дээрээс тольдохын зэрэгцээ Сант гилген нуурын эрэг дэх нов ногоон зүлэгтэй цэцгийн талбайг харж болно. Хэрэв цаг агаар дулаан байвал моторт завинаас чирэгдэн нуурын усаар аялж болох ажээ. Бас эрэг дээрээс Салзбургийн алдарт шарсан нугасны мах идэх боломжтой юм байна. Ерөнхийдөө байгалийн үзэсгэлэнг хослуулсан аялал жуулчлал гэж юу байдгийг эндээс харж болохоор байв. Нуурын эрэг дээр байх зочид буудлууд жуулчдын захиалгаар янз бүрийн адал явдалт аялал зохиодгоороо алдартай гэнэ. Уулан дээрээс шүхрээр үсэрч үзэхийг хүсэж байвч зориг хүрээгүй тул далайн түвшнээс дээш 1265 метрийн өндөрт байх Гайсберг ууланд гарлаа. Энэ уул Альпийн нурууны хойд салбар уулсын нэг ажээ. Уулын замаар машинтайгаа өгсөх тусам чих дүнгэнэсээр яг орой дээр нь ирэхэд онгоцонд суусан мэт болов. Бас хүйтэн салхи ширүүн үлээж байлаа. Энэ хэсэгт жуулчдаас гадна Салзбург хотын иргэд явган аялал хийдэг юм байна. Манайхаар бол Цэцээ гүн бололтой. Оргил дээр нэг еврогийн зоосон мөнгөөр ажилладаг дурангууд байрлуулсан байв. Түүгээр нь Салзбург хот болон эргэн тойрны мөнх цаст сүрлэг уулсыг харлаа.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Төр иргэдээ “гахай” гэж доромжилж болдог юм бол бид бусдыг юу ч гэж хэлж болох нь ээ

Нийслэлийн Засаг даргын захирагчийн ажлын албанаас шилдэг тохижилт, ногоон байгууламжтай албан газрыг шалгаруулах уралдаан зарласан. Энэ хүрээнд орчноо тохижуулаагүй, цэвэрлэгээ муутай газруудад “гахай” өгдөг болжээ. Сайных нь үүдэнд инээмсэглэж буй дүрс наах юм билээ. Уг ажлын хүрээнд одоогоор 80 албан байгууллагад “гахай” өгөөд байгаа. Төрийн байгууллагаиргэддээ гахай өгч байна гэдэг бол доромжилж, баалжбуйн нэг хэлбэр юм. Иргэдийн татварын мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг төр засагхянаж, зохицуулах үүрэгтэй болохоос доромжилж, баалах эрх байх ёсгүй.Төр зөвхөн хуулиар зөвшөөрсөн хэм хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Харин хувь иргэд болхуулиар хориглоогүй л бол бүхнийг хийж болдог. Ардчилсан нийгэм ийм зарчимтай. Гэтэл энэ зарчим манайд алдагдаж байна.

Гадны улс орнууд ч бас албан байгууллагуудаа үнэлж дүгнэдэг. Гэхдээ мэргэжлийн байгууллага нь хүрч ирж шалгаад үйл ажиллагааг нь оноогоор дүгнээд явдаг. Түүнээс манайхан шиг “гахай” “нохой”-нд нь хүрчдоромжилдоггүй юм. “Гахай” өгөх, оноогоор дүгнэх хоёр тэс ондоо ойлголт. Юу нь өөр вэ гэхээр “гахай” шиг байна гэдэг нь цаашдаа юу шиг ч байна гэж хэлж болно л гэсэн үг шүү. Арчаагүй дорой, заваан бохир, мэдрэл муутай муусайн юмнууд гэх жишээтэй өөр юу ч гэж хэлж болох нь байна. Харин оноогоор дүгнэхийг хүн өөрөөр харна. Ажил хэрэгч байдлаар хүлээж авдаг. Улс нь ч хамгийн бага оноо авсан байгууллагын албан татварыг тодорхой хувиар нэмэгдүүлэх жишээтэй. Татварыг нь нэмж эдийн засагтай нь ярих хамгийн шударга, ойлгомжтой торгууль байдаг.

Нэгэнт төр засаг ард иргэдээ ингэж хоч нэр өгч болж байгаа юм чинь жирийн иргэд бол хэн нэгнийг яаж ч, юу гэж ч хэлж болох нь ээ дээ. Энэ хоч нэр цаашдаа хэсэг бүлэг иргэдийггадуурхан доромжлох шалтаг шалтгаан болбол яах вэ. Үүнийгхариуцах эзэн нь хэн бэ. Энэ нь цаагуураа улс төрийн шалтгаантай ч болж мэднэ. Хэн нэг албан тушаалтай хүн өөрийнхөө дургүй газрыг үхэр, илжиг, махчин, гажиггэхчлэн яаж ч доромжилж, хүссэнээрээ муухай харагдуулж болох гээд байна. Бүр цаашлаад элдвээр хэлж хавчин хяхсаар байгаад татан буулгах хэмжээнд хүрэх нь ээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

М.Энхболд: Улс төрийн намууд ард түмнийхээ өөдөөс их ярьсан, одоо сонсож сурах цаг нь болсон

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой ярилцлаа.

-МАН-ын зүгээс “Бид хамтдаа” аяныг эхлүүлээд байна. Уг аяны гол зорилго нь ард түмнийхээ санал хүсэлтийг сонсож 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах гэж ойлголоо. Уг аяныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Ардын Намын хувьд 2015 он сонгуулийн өмнөх жил гэдгээрээ хором бүхэн үнэ цэнтэй. Ийм ч учраас зун, намрын зургаан сарыг бид ард иргэдтэйгээ уулзах, орон нутагт ажиллах ид ажлын цаг болголоо. Хэдхэн хоногийн өмнө болсон “Намын удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ий үеэр “Бид хамтдаа” аяны нээлтийг хийлээ. Аяны хүрээнд иргэд сонгогчдодоо хүрч очиж, санал хүсэлтийг нь сонсож, тулгамдаад буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар өөрсөдтэй нь зөвлөлдөж, судлан 2016 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах юм. Ардын нам улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө ачааны хүндийг үүрч, үүрэг хариуцлагаа ухамсарлаж ирсэн туршлагатай, тулхтай ууган улс төрийн хүчний хувьд өнөөдрийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамгийн богино хугацаанд, хамгийн хохирол багатай даван туулж, хөгжлийн замд хөтөлж чадах улс төрийн хүчин. Тийм ч учраас бид иргэд, сонгогчдод тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг өөрсдөөс нь асууж, хамтран шийдвэрлэхийн төлөө энэ аяныг эхлүүлж, айл бүрт хаяглан, иргэн бүрийнхээ гарт хүргэхээр захидал бичиж, иргэдээсээ хариу захидал авч мөрийн хөтөлбөрөө хамтдаа боловсруулах гэж байна. Энэхүү аян бүхэлдээ 2016 оны сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангахад чиглэсэн, чухал ач холбогдолтой, үр нөлөөтэй арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. Монголчууд эрт дээр үеэс “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” хэмээн аливаа асуудлыг олонхиороо хэлэлцэн шийдвэрлэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн шүү дээ.

-“Бид хамтдаа” аяныг иргэд хэрхэн хүлээж авч байна вэ. Саналууд эхнээсээ ирж байгаа юу?

-Иргэдэд хаягласан захидалтай, хариу хүлээсэн хүсэлттэй, “Тулгарах бэрхшээл, туулах замын алинд ч ард олонтойгоо хамтдаа байна” гэж эхлүүлсэн аяны үйл ажиллагаанд иргэд ихэд ач холбогдол өгч, идэвхтэй оролцож, сайн хүлээж авч байгаа нь аяны эхний өдрүүдээс л харагдаж байна. “Бид хамтдаа” аян зун, намрын зургаан сарын хугацаанд 21 аймаг, 330 сум, суурин газрууд, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороог хамарч, хөдөө орон нутагт малчны хот, тариан талбайд хүрч иргэд, сонгогчидтойгоо уулзаж, санал бодлоо хуваалцаж үргэлжилнэ. Энэ сард бид нийслэлийн есөн дүүрэг, гурван аймагт ажиллах бөгөөд манай намын УИХ, Засгийн газрын гишүүд, удирдлагууд өнгөрсөн өдрүүдэд Чингэлтэй, Налайх дүүргүүдэд ажиллаж иргэдтэйгээ гар барьж, нүүр тулан уулзаж, санал бодлыг нь сонсож, тэднийг биеэрээ ойлгож, мэдэрч, бодит амьдралыг нүдээрээ харж явна. Иргэд “Монгол Ардын Намын “Бид хамтдаа” аян цагаа олж биднийг зорьж ирлээ” гэж байна. Тэд “Энэ нийгмийн учрыг олохоо байлаа. Үнэн яриад байгаа үгүйг ялгаж салгахад бэрх болж. Орооцолдсон утас шиг яасан учир нь олдохоо байчихсан төр, засаг вэ” гэж халаглаж байна.

-Өөр юунд санаа зовж байна вэ. Улс төрөөс гадна шийдвэрлэх асуудлууд их байгаа шүү дээ?

-Мөн “Энэ их газрын баялаг, мал сүрэгтэй ийм сайхан байгальтай орон яагаад хямралд орчихов. Хямралд оруулсан улстай яагаад хариуцлага тооцохгүй ард иргэд нь хямраачихсан мэт иргэд рүүгээ дайраад байна вэ?” гэж байна.

Үнэхээр бодох ёстой, анхаарч харах шаардлагатай саналуудыг ч их хэлж байна. Боловсролын салбарт зургаан настай хүүхдийг сургуульд оруулж байгааг эргэж харахгүй бол Монголын хөрсөнд буухааргүй, өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг шууд хуулчихсан, хэрэгжихэд хүндрэл үүсгэж байгаа тухай хэлж, ярьж байна. Эрүүл мэндийн тухайд энэ салбарын төсөв нь хүрэлцэхгүй, өр ширэнд баригдсан гэж сонссон иргэд эмзэглэж, санаа нь зовцгоож байна. Иргэд дор бүрдээ өвдөхгүй байж, хувийн эрүүл мэнддээ санаа тавибал энэ салбарын ачаа багасна гэдгийг ч ойлгож, өөрсдөө энэ тухай санаачилгатайгаар ярилаа. Цаг үеийн асуудлууд ч иргэдийн анхаарлын төвд байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, Тавантолгой, Оюутолгой, Гацууртын ордын асуудал, Сонгуулийн тухай хууль гээд бүгд тэдний анхаарлын төвд байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, газраа барьцаанд тавибал газрыг нь шүүхийн шийдвэргүйгээр нотариатын баталсныг үндэслэн үл маргах журмаар хураах зэрэг хуулийн төслүүд хэлэлцэж байгаа дээр гол төлөв санал бодлоо илэрхийлцгээж байна. Аяны эхний өдрөөс л бид иргэддээ, ард олондоо хүрч, үгийг нь сонсож, өөрсдийг нь анхаараад эхэлбэл ард иргэд маань ч бас улс орондоо санаа нь зовж, өөрсдийн чадах зүйлийн талаар яриад эхэлж байгааг харж, мэдэрлээ. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд ард түмнийхээ өөдөөс их ярьсан. Одоо сонсож сурах цаг нь болсон. Энэ тал дээр Монгол Ардын Нам 2016 оны сонгуулийн өмнө бусад улс төрийн хүчнүүдэд үлгэр жишээ болно. Бид ярихаасаа илүү сонсож, хэлэхээсээ илүү ажиллана.

Саяхан Чингэсийн талбайд та болон танай намын гишүүд цагаан тагтаа нисгэсэн зураг цахимаар нэлээд явсан. Яагаад цагаан тагтаа нисгэх болсон юм бэ. Цаанаа ямар нэгэн учир шалтгаан байгаа болов уу?

-Энэ өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн маргааш байж таарсан. Намын удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж, “Бид хамтдаа” аяныг нээж, Монголын өнцөг булан бүрт амьдран суугаа айл өрх, иргэд, хүүхэд, ирээдүй үе рүүгээ эв нэгдлийн бэлгэдэл тагтаа шиг цагаан, ариун сэтгэл тээсэн, тайван амгалан, хамтдаа сайн сайхан амьдрах хүслийг шингээсэн захидал илгээлээ гэж бэлгэдсэн.

-Сүүлийн үед Оюу толгой, Таван толгойн асуудал нэлээд яригдаж байна.Таван толгой, Оюу толгой хөдлөх нь зөв үү?

-Монгол Ардын Нам улс орны эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой Оюутолгой, Тавантолгой, төмөр зам зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ манай улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний нөхцөлийг дордуулахгүй байх зарчмыг баримтлан ил тод нээлттэй хэлэлцэж, хууль тогтоомжийн хүрээнд зөвшилцөн шийдвэрлэж эдгээр төслүүдийг ажил хэрэг болгохын төлөө байна. Гэвч УИХ дахь Ардчилсан намын гишүүд, Засгийн газрын хооронд үүссэн үл ойлголцол, үзэл бодлын зөрчлөөс үүдэн эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээ, шийдвэрлэх асуудлууд хуримтлагдан, цаг алдаж байна.

-Танай нам засагт хамтраад ямар өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Манай нам Засгийн газарт орсноор эдийн засгийн нөхцөл байдлын талаар бодит мэдээлэлтэй болж, Засгийн газрын өрийн хязгаар, бондын хөрөнгийн зарцуулалт зэрэг сөрөг хүчин байхад хаалттай байсан зарим мэдээллийг олон нийтэд нээлттэй болголоо. Хөгжлийн банкны зээл, “Чингэс”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалт зэргийг шалгаж дууссан. Төсөв, мөнгөний бодлогыг чангатгаж инфляци, валютын ханшийн өсөлтийг бууруулах алхам хийж байна.

Төсвийн хэмнэлтийн горимд шилжиж, урсгал зардлыг багасгаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хязгаарлан, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг төсөвт суулгах зэрэг арга хэмжээг авлаа. Улсын төсвийн орлогыг аль болох бодитой төлөвлөж, төсвийн гадуурх хөрөнгийг төсөвт нэгтгэж тооцох болсноор төсвийн алдагдал, өрийн хязгаарыг эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд илүү ойртуулж улсын төсвийг баталлаа. Монгол Ардын Нам улсын өрийг нэмэгдүүлэхгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байгаа. УИХ дахь манай намын бүлэг Засгийн газрын өрийн хүрсэн түвшин 58,3 хувь болсон байна гэдгийг баталгаажуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газрын өрийн дунд хугацааны стратегийг батлуулсан. Үүнийг буруугаар ойлгож МАН засагт хамтарснаар өр нэмсэн мэт ярьж байгаа нь үндэслэлгүй юм.

Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд байх ёстой өрийн түвшин хууль зөрчин 58,3 хувь болсныг бодит байдлаар тогтоож, ил болгосон гэдгийг олон нийт зөвөөр ойлгож байгаа болов уу.

-Парламентад суудалтай бүх намууд эдийн засгаа өөд нь татахын тулд уг нь хамтарсан. Харамсалтай нь үр дүн гарахгүй байна гэх юм?

-Монгол Ардын Нам Засгийн газарт хамтрахдаа юуны өмнө улс төрийн нам, хүчнүүд үндэсний аюулгүй байдал, улс орны язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэлтэй байж, хүнд үеийг хамтдаа даван туулах ёстой гэж үзсэн. Эдийн засгийн хямрал гүнзгийрч, ард иргэдийн амьдрал доройтсон үедЗасгийн газарт хамтарснаар нийгмийн тогтвортой байдлыг хангаж, ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал зорилт гэж тодорхойлсон. Улсын төсөв, санхүү, мөнгөний бодлогын алдаа гажуудлыг засч залруулах, эдийн засаг гүнзгий хямарч, өрийн дарамтанд орохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байсан. Монгол Ардын Нам, УИХ дахь бүлэгтэйгээ хамтран макро эдийн засгийг тогтворжуулах, бодит секторыг дэмжих, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр 50 гаруй санал боловсруулж Засгийн газарт хүргүүлснээс 40 орчим саналыг дэмжиж, “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд тусган баталсныг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-НАМЗХ бол танай намын дээшээ өгсөн гарч ирэх залуусын том шат. Гэтэл сүүлийн үед залуучууд нь хоорондоо учраа олохоо байлаа гэсэн зүйл яригдаж байна. Та намынхаа залуучуудтай уулзав уу. Уг нь танай намыг хамгийн эв нэгдэлтэй нэг цул болж чаддаг гэж нийгэм хардаг шүү дээ?

-Би НАМЗХ-г үүсгэн байгуулалцсан хүний нэг. Энэ байгууллага олон жил Монгол Ардын Намыг дэмжиж үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн, өөрийн дотоод дүрэм журамтай. НАМЗХ бол намын үйл ажиллагааг дэмжих эв нэгдэлтэй, эрч хүчтэй залуусын нэгдэл, залгамж халаа.

Энэ сард их хурлаа хийнэ, асуудал байгаа бол их хурлаараа хэлэлцээд олонхиороо, ардчилсан зарчмаар шийдэх хэрэгтэй. Намын даргын хувьд залуучууддаа хэлж ярьсан. Сонгууль дөхсөн энэ үед харилцан ойлголцож, зөв зүйтэй шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэж байгаа.

Э.Энхболд

Categories
мэдээ цаг-үе

Эх оронд минь “эх орончид” илүүдэж байна

Твиттерийн ертөнцөд шуугиантай жиргэдэг @HalzanXYY “Эх орон, эх орон гэж гайхуулцгаах юм. Энэ дэлхий дээр чинь эх оронгүй хэн байгаа юм бэ!?” гэж жиргэсэн байна лээ. Дэлхийн бүх хүн эх оронтой байдаг. Гэвч өнөөдөр сайхан амьдарч байгаа газраа л эх орон гэж үздэг болсон гэдгийг энэ жиргээч хэлжээ. Өнгөрсөн жил манай улсад “Эх орон” нэртэй төсөл хэрэгжиж 14-35 насны залуусын дунд эх оронч үзлийн талаар ямар бодолтой явдгийг нь асуужээ. Судалгаанд оролцогсдын 11.8 хувь нь энэ талаар бодсон зүйлгүй гэж хариулсан байх юм. Өмнөх жилийн судалгаагаар ингэж хариулсан хүний тоо гурван хувь байсан гэж судлаач нь ярьсан байна лээ. Энэ судлаач цааш нь “Эх орон гэдэг яриа энэ дэлхийн долоон тэрбум хүний амнаас цөөхөн гардаг болж байгаа нь Олон улсын байгууллагуудын судалгаанаас ч харагдах болсон” хэмээн онцолсон юм.

Тэгэхээр “Хаана сайхан амьдарч байна тэр миний эх орон” гэсэн үзэл Европоос эх авч дэлхийг нөмөрч байгаа нь, шинэ үеийнхэн энэ үзэл рүү явж байгаа нь дээрх судалгаануудаас харагдаж байгаа юм. Европ яагаад тэгэв. 1980-аад оноос “Европ-Нэг орон гэр” хэмээх хөдөлгөөн өрнөж, эдүгээ 25 улс Европын нэгдсэн холбоонд багтан орсноор тэдгээрийн хооронд хил хязгаарын нарийн зааггүй, бас визгүй зорчдог, евро хэмээх нэгдсэн мөнгөн тэмдэгтэй, Европарламент хэмээх төвлөрсөн байгууллагатай, нэгдсэн Үндсэн хуультай болох төлөв бүхий байна. Үндсэндээ нэгдсэн нэг үнэт зүйлтэй болж байгаа нь дээрх үзлээс харагдаж байгаа юм. Дэлхийн хөгжлийн загвар, гол эдийн засаг, улс төрийн пирамид болсон хөгшин европт өнөөдөр эх оронч үзлийн хуучин ойлголт огт өөр болжээ. Эх оронч үзэл нэгэн улсын хүрээнээс хальж, нэг тив, нэг бүс нутаг-нэг гэр орон, улмаар энэхэн замбуулин-бидний өлгий нутаг хэмээн ярьж, бичиж тэр нь тэлж өргөжиж байгаа юм байна. Энэ тэлэлтийн хурд дэлхийн бас нэг том тив АНУ-д хүрчээ. Америк бол олон үндэстний өлгий. Тэнд энэ дэлхийн хамгийн сайхан амьдрал байгаа учраас тийш дэлхийн хүмүүс хошуурч байна. Ийм хандлагад угсаа гарвал, хэл, сэтгэлгээ, аж төрөх ёс, шашин суртал, зан заншил огт өөр дэлхийн 220 гаруй улс орон бүрэн автах хүртэл нэлээд урт хугацааг туулна хэмээн үзэж байсан судлаачид одоо бууж өгч байна. Дэндүү хурдтайгаар “Сайхан л амьдарч байвал аль нь ч миний эх орон” гэдэг үзэлд дэлхий нэгдэж эхлэв.

Дэлхий ийм байхад монголчууд л өөрсдийгөө дэлхийгээс тусгаарлачих шахан “Эх орон минь” хэмээн халаг­лаж, эх оронч үзэл ярин хийрхэцгээж байна. Ийм байлаа гээд бид юу хожсон юм бэ? Юу ч хожоогүй бай­на шүү дээ. Бусдаас онцгойрох гэсэн улс төрийн хийрхэлтнүүдийн нэг арга нь эх оронч үзэл байдаг байна. Цаг хугацаа, орон зайн баримжаагүй хүмүүсийн үг гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам ойлгогдож байна. Тавин жилийн өмнө “Оюу толгой”-г өнөөдрийнх шиг өмгөөлж, хойч үедээ үлдээнэ гэж ярьж болох байлаа. Одоо бол юмыг үнэ цэнтэй байгаа дээр нь үнэд хүргэж зарсан нь хөгжиж байгаа дэлхий. Хөгжилтэй орнуудын хөгжсөн түүх үүнийг харуулдаг. Үнэндээ эх оронч үзэл өөрөө биегүй зүйл. Гэтэл бид биет зүйлийг өдөр тутам хүсч байна. Тэр нь мөнгө. Монголын өнөөдрийн “эх орончид” байгалийн баялагаа хойч үедээ үлдээнэ хэмээн ярьдаг. Өнөөдрийн бид нар хойч үе биш юм уу. Ерэн онд мал хувьчлах үед малыг хувьчилж болохгүй хэмээн хамгийн их эсэргүүцсэн нэгдлийн дарга “эх орончид” гарч ирсэн. Мал хувьчлахад тэдгээр “эх оронч” нэгдлийн дарга нар хамгийн түрүүнд очиж эрхийн бичгийг нь авч нэгдлийг хувааж идсэн. Одоо Оюу толгой өгөөжөө өгөөд эхэлбэл хамгийн түрүүнд өнөөдрийн “эх орончид” гар дүрэх байх. Манай түүх өөрөө ийм юм чинь.

Дэлхий дахинаас өөрс­дий­гөө тусгаарлаад, эх оронч үзэл гаргалаа гээд юу ч хождоггүй, харин ч алддаг гэдгийн хамгийн том нотолгоо Венесуэл улс. Уго Чавес гэдэг “эх оронч” Ерөнхийлөгч нь гарч ирээд, гадаадын бүх хөрөнгө оруулагчдыг эх орноосоо “найрсгаар” хөөж гаргасан. Тэгээд эх орон хийгээд үндэсэрхэг үзлийг онцгойлон авч үзсэн. Яг л өнөөдрийн манай эх орончид шиг. Үр дүнд нь өнөөдөр Венесуэл улсад нэг талхыг сая төгрөгөөр авч идэж байна шүү дээ. Инфляцаа ингэж тэнгэрт гаргаад сүйрлийн ирмэгт хүрээд байна. Монголын “эх орончид” ихэдвэл Монгол ч бас удахгүй Венесуэлийн араас орох байх.

“Үзлийн амьтан” гэдэг үгийг арай түрүү үеийнхэн мэдэх байх. Эх оронч үзэл нь улс төрийн үзэл суртал. Харин “Үндэсний үзэл” гэдэг нь “Хүн ядрахаараа ургаа, Тураг ядрахаар уулаа” гэдэг шиг ядарч ягдсан үедээ л үгүйлдэг үзэгдэл, тэрхэн зуур аврал болж санагалзах үзэл гэж манай нэг нэртэй эрдэмтэн хэлсэн байна лээ. Үндсэрхэг үзэл нь ямагт асар их сэтгэлийн хөдөлгөөнийг дагуулж байдгаараа аюултай аж. Улс орныг удирдаж, бодлого тодорхойлж байгаа хүмүүст сэтгэлийн хөдөлгөөн шиг аюултай зүйл байдаггүй байна. Хэт үндсэрхэг үзэл зонхилж, сэтгэлийн хөдөлгөөнөөр удирдсаны үр дүнд улс төрийн хагарал, нэг улс нөгөө улстайгаа зөрчилдөх нөхцөл бүрдсэний тод жишээ фашизм гэж үздэг юм билээ. “Германыг хайрла” гэсэн сэтгэлийн хөөрөл бүхий уриа хэт давалгаалсан нь дэлхийн II дайныг эхлүүлж 100 сая хүний амийг авч одсоныг түүхчид онцгойлон бичдэг. Одоо энэ “Монголыг хайрла” гэсэн уриа юунд хүргэх бол. Монгол Улсыг хэрхэн сүйрүүлэх бол гэхээс айдас хүрч байна. “Монгол Улсыг Орос-Хятад хоёр удахгүй эзлэх гэж байна, Монгол Улс уул уурхайгаасаа болж барууны орнуудын эрхшээлд орж, хар Африк шиг боолчлох гэж байна” хэмээн эх орончид ярьж байна. Ийм юм огт болоогүй шүү дээ, болох ч үгүй. Эх оронч үзэл ингэж л хэтрэхээрээ хэт үндсэрхэг үзэл болдог. Япончуудын хайр хүндэтгэл, буян хишгийг хүртэж, хүнээс илүү яваа Хакухо сумод түрүүлж шагналаа авахдаа монгол хэлээр “Эх орон нэгтнүүддээ…” гэж мэндчилгээ дэвшүүлсэн нь үнэндээ япончуудын сэтгэл рүү ус цацсан үйлдэл болсон юм. Япон үндэстний бахархал болсон спортод нь түрүүлсэн түүнд монголчууд ямар хамаатай юм бэ. Зөвхөн япон үндэстэнд хамаатай. Тэдний хөөр баяр, бахархал. Гэтэл хань хамаатахгүй монголчуудад зориулж мэндчилгээ дэвшүүлж байгаа нь орон зай, цаг хугацаагаа мэдэрдэггүй монгол хүний эх оронч гэх сэтгэлгээ нь хэтэрсэн, үндэсэрхэг царай харуулж буй хүдэг хийрхүү, муухай зан араншин юм. Дэлхийн хамгийн алдартай Оксфордыг төгсөж буй монгол залуу ганцаархнаа монгол дээл өмсөж, Монголын төрийн далбааг бариад явж байгаа нь таатай харагдахгүй байна. Бусад орны төгсөгчид яагаад тэгээгүй юм. Үүнийг эх оронч гэх үзэл хэтэрсэн нэг хэлбэр гэж үзэж болно. Тэр сургууль өөрийн олон зуун жил тогтсон стандарттай. Тэр стандартыг нь бүх орны төгсөгчид дагаж байхад манай нөхөр ганцаараа “эх оронч” царайлж байгаа юм. Хөгжилтэй орны хувьд эх оронч үзэл ийм хоцрогдсон үзэл болоод байгааг тэр орчинд нь байгаа монголчууд яагаад ойлгохгүй байна.

Энэ дэлхийд эх оронч үзлээрээ хамгийн алдартай нь оросууд. Гэтэл Орос орон жаргалтай байна уу. Дайн самуун, террорист халдлага, салан тусгаарлагчид, эдийн засгийн хямрал, гадаад ертөнцийн шахалт… бүгд уналттай байна. Дэлхийн чиг хандлага ийм байхад монголчууд бидэнд эх оронч гэж цээжээ дэлдэх нь тэнэг хэрэг болоод байна. Тэртээ тэргүй бидэнд хүн төрөлхтний түүхээс хэзээ ч арилашгүй их түүх байна, төрт ёсны 2000 жилийн түүх байна. Даравч далдайх, булавч бултайх их түүхтэй монголчуудын хувьд эх орон, эх оронч үзэл ярьж тунхаглах нь муухан шиг бараагаа зах зээлд худалдах гэж ядаж байгаа худалдаачин лугаа харагдана.

Харин жинхэнэ эх оронч үзэл бол иргэн хүн татвар төлөхөөс эхэлнэ. Татвар төлж байгаа хүн хүчирхэг байдаг. Хүчирхэг иргэнтэй улс орон хүчирхэг байдаг. Орчин үед эх орон гэдэг ойлголт, эх оронч үзэл гэдэг ийм л өөр ойлголт болоод байна. “Эх оронч үзэл бол адгийн шааруудын хорогдох сүүлчийн оромж” гэж Британийн зохиолч, түүхчСэмуэль Жонсон 1775 оны дөрөвдүгээр сарын 7-ны орой нэгэн том хүлээн авалт дээр үндсэрхэг үзлээсээ болж улсаа хүнд байдалд оруулж байсан либерал улстөрч Эдмунд Бёркэд хэлсэн байдаг юм. Энэ нь эх оронд “эх орончид” илүүдэж гай болдог гэдгийг хэлсэн хатуу үнэн үг хэмээн түүхэнд тэмдэглэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Дашням: УИХ-аас намын бүлгийг гаргах ёстой

Үндсэн хууль тогтоогчдын хорооны орлогч дарга, АИХ-ын депутат асан Л.Дашнямтай ярилцлаа. Бидний ярилцлага Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд өрнөсөн юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг ажлын хэсгийнхэн боловсруулаад дуусч байгаа гэсэн. Та ажлын хэсэгт орсон биз дээ?

-“Таныг Үндсэн хуулийн өөрчлөлийн ажлын хэсгийндэд хороондорууллаа шүү” гэж УИХ-ын гишүүн Н.Батбаяр ярьсан. Дэд хороонь хуулийн төслийн найруулга дээр ажиллах юм. Биднийг Үндсэн хууль баталж байх үед“Үндсэн хуулийн хороо” гэж байгууллага байсан. Үндсэн хуулийн найруулга, утга зүй дээр ажилладаг байлаа. Үүн шиг бэлэн болсон хуулийн төсөл дээр ажиллана гэж ойлгосон.

-Тэгэхээр танд одоо хийх гэж байгаа Үндсэн хуульд чухам ямар өөрчлөлт орох талаар ойлголт байгаа биз дээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн хууль гэж нэрлээд байх юм. Уг нь тухайн үед бид Үндсэн хуулийн нэмэлтийн хууль хийсэн шүү дээ. Үндсэн хуулиа хэвээр нь үлдээгээд Үндсэн хуулийн нэмэлтийн хуулиар зохицуулмаар байна. АНУ-ын Үндсэн хууль гэхэд огт өөрчлөгдөөгүй. Харин 300 гаруй нэмэлтийн хууль хийсэн. Үүгээрээ Үндсэн хуулийн гол үзэл баримтлалаа өөрчлөлгүй, цаг үе амьдралаас ургасан өөрчлөлтийг Нэмэлтийн хуульдаа тусгаад байгаа хэрэг. Гэтэл Үндсэн хуулиа тэр чигт нь өөрчилчихвөл нэг тогтолцооноос нөгөө рүү шилжихдээ бүх нийтээрээ хэлэлцэж баталсан, хадаг өргөн байж өгсөн эх маань үндсээрээ алга болчих гээд байна шүү дээ.

-Үндсэн хуулийн нэлээд олон зүйл заалт өөрчлөгдөнө гэх юм. Энэ нь таны ярьж байгаа үндсээрээ өөрчлөгдөх асуудал уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль үйлчилж буй. Тэр хуульдаа нийцүүлж байгаа гэж найдаж байна. Өөрчлөх гэж байгаа зүйл, заалтаа нийтэд танилцуулж, олон нийтийг оролцуулмаар санагдах юм. Яагаад гэвэл Үндсэн хуульд бүх иргэдийн оюун бодол шингэсэн, эцэг хууль гэж итгэж, хүндэлдэг. Тийм учраас Үндсэн хуульд гар хүрэх шалтгаан, нөхцөл, юуг нь яаж өөрчлөхөө УИХ-ын гишүүд, ажлын хэсгийнхэн танилцуулах шаардлагатай. Өнөөөдрийн байдлаар “Өдрийн сонин”-д УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ярилцлага өгснөөс л мэдээлэл авлаа шүү дээ. Хууль тогтоогчид үнэндээ нийгэмд гарцгүй ажиллаж байна.

-Р.Гончигдорж гишүүн гурван багц асуудал дээр өөрчлөлт хийхээр ярилцаж байгаа тухайгаа манай сонинд ярьсан. Нутаг дэвсгэр, засаг захиргааны зохицуулалт дээр та ямар бодолтой байна вэ?

-Өөрчлөх юм бий. Үндсэн хууль тогтоосноос хойш олон жил боллоо. Хотоо хөдөөгийн аймаг, сумтай адилтгасан нь буруу гэдгийг одоо харж байна. Нэгжийн хувьд адилтгаж болох ч хүн амын тоо, амьдрах нөхцөл нь өөр байгааг бодолцож хуулиа өөрчлөх шаардлага гарчихлаа.

-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хуваарилалт дээр ямар өөрчлөлт оруулах юм байна. Эрх мэдлийн хуваарилалт ямар байх ёстой бол. Жишээлбэл, Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч буцаахгүй, шууд батламжилдаг болох юм байна.

-Эрх, үүргийн хуваарилалт, тэнцвэржилт гэж яриад байх юм. Хуульдаа асуудал байгаа юм биш. Хуулиа хэрэгжүүлж байгаа нөхдүүд төрийнхөө төлөө ажиллахгүй байна. Компани, хувь, намын эрх ашгийн төлөө, намын эрх ашгийн тулд төрийн ажлыг зогсоочихдог. Үүнээс асуудал гардаг болохоос Үндсэн хуулиас болоогүй. Н.Багабанди тухайн үед санал болгосон Ерөнхий сайдыг нь олонудаа буцаасан зэргээр жишээ татаадЕрөнхийлөгчийн эрх мэдэл хэтэрхий байна гэж яриад байдаг юм. Үнэндээ тэр тохиолдол бүрийг аваад үзэхээр буцаахаас аргагүй байсан шүү дээ. Түүнээс Ерөнхийлөгч хэтийдсэн эрх мэдэлтэйгээ харуулаад байсан хэрэг биш.

Бидний үед Үндсэн хуулийг батлахдаа хэрэгжих үед нөхцөл байдал огт өөр болохыг тооцоогүй алдаа бий. 1990 оноос өмнө төрийн ажил үүргийн хуваариар л ажилладаг байсан. Харин одоо өөр, өөр намын нөхдүүд хэдэн тийшээ хараад суучихдаг. Улсын эрх ашиг намын эрх ашгийн дараа тавигддаг болохыг тэр үед урьдчилж харж чадаагүй. Гэхдээ одоо өөрчлөхдөө тэр байдалд зохицуулж биш төрийн үйл ажиллагааны нэгдмэл чанарыг хатуу болгох ёстой. Төрийн эрхийг УИХ барьж байгаагийн хувьд Засгийн газрыг байгуулж, хийх ажлыг нь баталж өгнө. Засгийн газар ажлаа хийх хөрөнгийг нь бас баталж, хийж байгаа ажилд нь хяналт тавих ёстой. Гэтэл одоо УИХ өөрөө Засгийн газарт гүйж очоод ажилд нь хутгалдаад, мөнгө төгрөгнөөс хүртчих гээд, тойргийнхоо асуудлыг оруулчих гээд байдаг болчихсон. Ийм байдлаар УИХ өөрөө гүйцэтгэх засаглалын ажлыг хийлгэхгүй байна. Засгийн газар чадваргүй болоод байгаад УИХ өөрөө буруутай. Тийм учраас УИХ юу хийх ёстой түүнийгээ л хий. Засгийн газар, Ерөнхийлөгч юу хийх хуультай түүнийгээ л хийг. Энэ ажил үүргийн хуваарийг нарийн тогтоогоод өгчихсөн юм, уг нь.

-Засгийн газрын тогтвортой байдлыг хангах үүднээс өөрчлөлт хийнэ гэсэн. Ямар өөрчлөлт хийвэл одоогийнхоос сайжрах вэ?

-УИХ байж байгаад л Засгийн газраа унагачихдаг байдлыг халахад ямар тохиолдол байна, түүн дээр нь хуулийн заалтыг чангаруулж болно. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцордог гэх зэрэг шалгууруудыг нь өөрчлөх боломжтой. Ер нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн ажил үүргийн зааг, хуваарийг нарийн тодотгож өгөх шаардлага бий болсон. Өнгөрсөн 20 жилд хуулийг гууль болгож, өөрсдийнхөөрөө тайлбарладаг, Үндсэн хуулийн Цэц нь хүртэл намтайгаа хуйвалддаг гээд хөгийн юм их боллоо. УИХ-аас намын бүлгийг гаргаж, салгах ёстой. Намын бүлгүүд нам дээрээ ярина биз. УИХ-даа суучихаад хугацаа аваад хуулиа хойшлуулдаг, наймаацдаг гэдгийг болиулах шаардлагатай.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэтийдсэн гэх юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлийг нь хумих юм аа даа.

-УИХ-аас гаргаж байгаа хуулийн процессд Ерөнхийлөгчийн аппарат өөрөө оролцож, саналаа өгч байх ёстой. Ерөнхийлөгч эв нэгдлийн бэлэгдэл байна гээд заачихсан. Өөр намуудын хэдэн тийшээ хараад суучихсан нөхдүүдтэй Ерөнхийлөгч Үндэсний аюулгүйн зөвлөл дээрээ ярилцаж, улсын эрх ашгийн төлөө ажиллах ёстойг нь сануулах ёстой. Одоо мөрдөж байгаа Үндсэн хуульд ингэж тусгасан. Өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хумих юм байна. Үүнээс болоод муудах зүйлгүй. Түүнээс хуульд хориг тавих зэрэг давхар хяналтыг нь хориглож болохгүй. Давхар хяналт тавьж байж хууль чанаржина.

-Ерөнхийлөгчийг сонгодог тогтолцоог бас өөрчлөх асуудал яригдаж байна. УИХ-ын гишүүд, 21 аймаг, гурван хотын ИТХ-ын дарга нийлээд Ерөнхийлөгчийг сонгоно. Энэ нь Ерөнхийлөгчийг сонгох зөвлөл болох бололтой. Үүнийг хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгож болно. Мөн ажлын хэсгийнхний ярьж байгаачлан тусгай комисс гараад, тэр нь хяналт тавьж, нэр дэвшигчийг олоход тусалдаг ч байж болно. Гэхдээ нам нь нам шиг байгаач. Хуйвалдаж байгаа нөхдүүдээс нэг хуйвалдагчийг гаргаад ирвэл ард түмний сонгосон хүн шиг байж чадахгүй. Зөвхөн УИХ-тайгаа ярьдаг нөхөр болж таарна. Ерөнхийлөгчийг сонгох гэж байгаа зарчимдаа биш намуудад итгэж чадахгүй байгаад асуудал байна. Намуудын үндэсний зөвлөл хүртэл зохиомол болчихсон, тэр нь ажлаа хийж чадахгүй байхад тэндээс хүн гаргаж ирнэ гэдэг яах л бол, итгэхгүй байна. Нөгөө талаас, парламентаасаа Ерөнхийлөгчийг сонгодог болчихвол зардал мөнгөнөөс эхлээд олон ажил цэгцэндээ орно. Сонгуулиа нэг хийдэг болохоос өөрчлөлт эхлэх хэрэгтэй болов уу?

-УИХ-ыг дээд, доод танхимтай болгох талаар ажлын хэсэг ярьж байгаа. Та үүнтэй санал хэр нийлж байгаа вэ?

-Хоёр танхимтай болсноор УИХ-аас баталж байгаа хуулиуд амьдралтай нийцэж байна уу гэдгийг шалгах чадвар сайжирна. Өөрөөр хэлбэл, доод танхим нь амьдрал дундаа байна. Дээд танхимын нөхдүүд хэтэрхий агаарт хөөрчихвөл бас хазаарлаж чаддаг болно. Мөн байнгын ажиллагаатай парламентаа мэргэжлийн, илүү чадварлаг болгох, зардлыг нь багасгах боломжтой. Нэг танхим нь 25, нөгөө нь 52 хүнтэй байх талаар яригдаж ч байсан.

Ц.Өрнөх

Categories
мэдээ цаг-үе

Ц.Төвөө: Дээлтэй Монгол наадамд оролцож явтал бороо орж таарсан

Цахим ертөнцөд “Усан бороог байтугай суман бороог сөрж явлаа” гэж дээл хүрэмнийхээ энгэрт дүүрэн одон медалиа ярайлгаж алхаж яваа өвөөгийн зураг гарсан даруйдаа олны анхаарлыг багагүй татсан. Тэгэхнээ, нөгөө “од” өвөөтэйгөө гэнэт таардаг байна. Түүнтэй ийн хөөрөлдлөө.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Цээпилийн Төвөө гэдэг. Увс аймгийн Хяргас сумын харьяат, армийн ахлах офицер, Монгол Улсын гавьяат багш хүн.

-Таны бороонд алхаж яваа зураг нийгмийн сүлжээнд тавигдаж, хүмүүс ч багагүй дэмжиж байна лээ. Энэ ямар учиртай зураг байв?

-Одоогоос хэдэн жилийн өмнө 2012 оны долоодугаар сарын 13-ны өдөр монгол үндэсний хувцсаа сурталчлах “Дээлтэй Монгол” наадамд оролцохоор монгол дээлэн дээр хантааз өмсөөд, цэргийн одон медалиа зүүгээд явж байхад шиврээ бороо хаялж байсан юм. Тэр үед зарим хүмүүс борооны хаалтаа хэрэглэж, шүхрээ дэлгэн барьсан байсан. Бороонд санаандгүй алхаж явсан зургийг маань хэн нэгэн хүн тухайн үед дарсан юм билээ л дээ.

-Зурагчин нь хэн гэж хүн гэдгийг мэдэж амжаа юу?

-Миний зургийг авсан хүн өнгөрөгч онд буюу 2014 оны есдүгээр сард гэрэл зургийн үзэсгэлэн гаргахдаа “Усан бороо байтугай суман мөндрийг сөрж явлаа” гэж тайлбар өгсөн юм билээ. Тэр үзэсгэлэнд тэргүүн байр эзэлсэн бололтой юм. Мөнөөх зураг интернетэд тавигдаад, нутаг нугын амьтан ах дүүс олж харж баяр хүргээд сүйд болсон. Тэгэхнээ, “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч авсан болж таарлаа. Сонины редакцийг сураглаж очтол “Эрка гэдэг зурагчин авсан байх. Одоо “Үндэсний шуудан” сонинд очсон” гэсэн. Тэгээд уулзах гэж явна.

-Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа байх нь. Та холбогдоо юу?

-Уулзаж зургаа олж авах санаатай явж байна. Нэг утасдсан чинь “Баянчандманьд явж байна” гэсэн. Тэгээд л ажлыг нь зорьж явна даа.

-Та Увсын Хяргасын уугуул гэхээр дархан аварга Х.Баянмөнхийг их сайн таних хүн байна даа?

-Баянаа миний сурагч. Би Багшийн техникумыг 1958 онд төгсөөд төрсөн нутагтаа очиж 1960 оны намар хүртэл ажилласан. Намайг очиход Баянмөнх бага сургуулиа дүүргээд, зэргэлдээх Малчин сумын долоон жилийн дунд сургуульд очсон байсан. Хэдийгээр би яг гардан хичээл заагаагүй ч аав, ээжийг нь сайн мэднэ. Өлсөж цангахыг ч мэдэхгүй, өлдөж даарахыг ч мэдэхгүй сүрхий өлчир тэсвэртэй хүүхэд байсан. Аав нь “Хөх” Довчин гэж хүн “Манай энэ хүүг анхаарч, спортын дур сонирхлыг залуурдаж өгөөч” гэж байсан. Би 1959 оны сумын наадмын комиссын хувьд сайн мэдэх юм. Гар бөмбөг тоглодог, сайхан барилддаг, зуун метрт гүйдэг сүрхий хүү шүү. Довчин гуай хуучин гандуу ногоон дээлтэй, туранхайдуу хүн байж. Баянмөнхийн эгчтэй суусан Цэвээн гээд хүргэн ах нь ч надад захиж байсан.

-Та цэргийн ахлах офицер хүн гэсэн үү?

-Техникум төгссөн тусгай боловсролтой улсыг цэрэгт татах тушаалын дагуу армийн алба хааж, ЗХУ-ын Цэргийн ерөнхий сургуульд явснаас хойш Улиастайн мотобуудлагын ангид салаан захирагч, Цэргийн ерөнхий дээд сургуулийн багшаар ажиллаж байгаад Москва дахь Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн дээд академид суралцаж 1973 онд төгсөж ирсэн. Ирээд Цэргийн ерөнхий сургуулийн каптер (тэнхимийн эрхлэгч)-ээр ажилласан. Үүнээс хойш Багшийн дээд сургууль, Техникийн их сургуулиудын Оюутны цэргийн сургууль эрхэлсэн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан даа. Гавьяат багш цолыг 2013 онд хүртсэн. Миний шавь нар гэвэл ардын эмч Ч.Бальдар, генерал Д.Энхбаатар, Тогоо, Шагдар, Д.Чойжамц, Энхбаялаг, гавьяат малчин Лүндэн, Я.Цэдэнбал, МУБИС-ийн тэнхимийн эрхлэгч, гавьяат багш Ц.Өнөрбаян нарын олон сайхан хүн байдаг даа.

-Одоо юу хийж байна?

-Би чинь 1937 оны хүн. Одоо бараг наян насны босгонд ирлээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийнхээ ахмадын хороонд сонгуульт ажилтай. 1958-1988 он хүртэл бага сургуулийн багшаас их, дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч болтол ажиллалаа даа.

-Нам, төрийн удирдагч асан Цэдэнбалын академид алба хашдаг гэл үү?

-Ирэх онд Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, отгон маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний түүхт 100 жилийн ой тохионо. Би Ю.Цэдэнбалын академийн тэргүүлэгч гишүүн юм л даа. Маршалаас БХЯ-нд өгч байсан тушаал, албан даалгаврын эмхэтгэлийн номыг эрхлэн гаргасандаа баяртай байдаг. Маршал Цэдэнбал Халхын голын дайныг дуустал төрсөн гэртээ очиж золгох завгүй явсан байдаг. Тиймээс маршал Х.Чойбалсан амралтыг нь олгож ээжид нь “Таны хүү улс орны мундаг том дарга болсон шүү” гэж амин хувийн бэлгээ илгээж байсан байдаг. Цэдэнбалын академийг хүү Ц.Зориг нь санаачилж байгуулсан. Үе үе ирнэ. Академийг МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор түүхч Жамбалсүрэн, ардын багш “орос хэлний” С.Галсан нар удирдаж байгаа. Цэдэнбал дарга одоо ч шийтгэлтэй байгаа учраас нэн түрүүнд УИХ-аар хэлэлцүүлж цагаатгуулах, амьдарч байсан орон гэрийг нь музей болгох, тэрчлэн тэгш ойг нь түүхэн хүнийх нь хувьд боломжийн тэмдэглэх зэрэг их ажлууд байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Тэнд хөөрхөн охид сууж байна гэхээр Өөжгий сэргэчихдэгсэн

“Хөх тэнгэр” хамт­лаг 25 жилийн ойн хүндэт­гэлийн тоглолтоо энэ сарын 19-ний үдэш “Crocus event hall”-д ганцхан удаа тоглох гэнэ. Монгол Улсын гавьяат жүжигчин, “Натур саунд” төвийн захирал Б.Дашдондогтой ярилцлаа.

-“Хөх тэнгэр” хамтлагийн 25 жилийн ойн тоглолт ямар дуунуудаас бүрдэх вэ?

-“Хөх тэнгэр” хамтлагийн хамгийн сор болсон шил­дэг уран бүтээлээс бүрдсэн тоглолт болно. Энэ тоглол­тод “Хөх тэнгэр” хамтлаг бүрэлдэхүүнээрээ оролцоно. Б.Сарантуяа, Н.Ганхуяг бид гурав дуучнаар,хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр, Г.Пү­рэв­дорж, хөгжимчин, хамт­лагийн ахлагч Н.Ганбат, ги­тар­чин ая зохиогч Д.Өлзий-Орших, Г.Буян-Өлзий, хөг­жим­чин Н.Халиун, бөмбөрчин Ж.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй тоглоно доо.

-“Хөх тэнгэр” хамтлаг яаж мэндэлсэн бэ?

-“Хөх тэнгэр” хамтлагийн үүсгэн байгуулагч нь “Буян” Жаргалсайхан шүү дээ. Анх хөгжим оруулж ирсэн. Тэгээд энэ улсуудыг бүрдүүлж, уран бүтээл хийсэн юм. Монголын сор болсон хөгжимчдийг цуглуулсан. Сараа бид хоёр бол шинэ дуучид байлаа. Залуухан ч байж. Буян Жагаа тухайн цаг үеэ илэрхийлсэн уран бүтээл хийлгэх сонирхолтой. Анх бид “Хэлмэгдэл” гэдэг нэртэй концерт хийж байв. “Бүүвэйн дуу”, “Хундагаа өргөе”, “Үг” гэж дуу ч байсан. Р.Чойномын шүлгээр хийсэн “Шувтарсан цагаан бумба” гэх мэтийн дуунуудаас бүрдсэн тоглолт байлаа. Одоо эргээд сонсохдоо ч ямар мундаг хэлээ вэ гээд шүтээд л сууж байна. Тэр үед улс төр, цаг үе өөрчлөгдөж байсан. Ардчилал бий болоод, хуучин нийгэмдээ шүүмжлэлтэй хандсан, ороо бусгаа үе. Цэнгэлдэхэд, Соёлын төв өргөө, Хүүхэд залуучуудын театрт цөөхөн тоглолт хийсэн. Түүнээс хойш миний “Охин”, “Аав”, “Үзэсгэлэн төгөлдөр эх орон”, Сараагийн “Бороо”, “Хагацаж болохгүй тавилан” гэх мэтчилэн ард түмэнд таалагддаг, мөнхийн сэдвээр дуулж эхэлсэн.

-Та “Хөх тэнгэр”-т орж ирэхээсээ өмнө юу хийж байв?

-Би Холбооны сургалтын төв төгссөн. Техникийн талын мэргэжилтэй. Телевизэд камер нь тусдаа, магнитфон нь том дөрвөлжин юм тусдаа. Дуу хураах, кассет солих ажил хийдэг хүн тусдаа байсан. Тийм л ажил хийж байлаа.

-Таныдуулах авьяас хэзээ тодров?

-Наяад оноос дуулж эхэлсэн. Би арван жилийн нэгдүгээр сургуульд байсан юм. Сургуулийн урлагийн үзлэгт ордог. Тэндээс эхлээд дуулах сонирхол төрж эхэлсэн гэх үү дээ. Гэхдээ би дунд сургуульдаа тамирчин байлаа. Волейболын идэрчүүдийн шигшээд байлаа. Сургуулийнхаа сагсны шигшээд багтдаг. Улсын дөрөвдүгээр спартакиадын мянган метрийн гүйлтийн улсын аварга байлаа.

-Одоо бол спортоор хичээллэдэг үү?

-Одоо бол спорт байхгүй. Дан урлаг руу орсон.

-Яагаад дуучин болчихов?

-Холбооны сургалтын төвд ороход “Электроник” гэж хамтлагтай. Тэр хамтлагт анх дуучнаар орж байсан. АББА, Смоүки, Бони м, Модерн токин гээд бүгдийг нь хуу хамаад дуулдаг байсан. Тийм л дуучин байсан. Дөрвөн жил тэндээ дуулж, дараа нь цэрэгт яваад, тэндээ бас хөгжим тоглосон юм байна. Нэг концертод дуулж байгаад хөгжмийн зохиолч Энхбаяр ахын нүдэнд өртсөн дөө. Тэр хүн цэрэгт улирч “Хилчин” хамтлагт орох уу гэсэн санал тавьсан. Анх “Хилчин” хамтлагт мэргэжлийн уран бүтээл рүү хөл тавьж байв. “Сүүн цагаан хурим” гэдэг дууг Бүрнээбаяр эгчтэй хамт дуулж байлаа. Одоо болтол энэ дуу эгшиглэж байна даа.

-Олон бүсгүйтэй хамтарч дуулсан. Хамгийн сэтгэлд үлдсэн хамтрагч хэн бэ?

-Бүрнээ эгч, Сараа хоёр байдаг юм шүү дээ.

-Тоглолтын бэлтгэл хэр хийж байна?

-Тоглолтын бэлтгэлээ манай студид сайн хийж байна. Хүмүүс маань цуглаад, цагааүр ашигтай сайхан өнгөрөөгөөд, тамхи татах үедээ хуучнаа дурсч бие биенээ шоолж инээчихээд байж байна.

-Хамтлагийн гишүүдийн тухай хөгжилтэй түүх бий юу?

-Манай Өөжгий залуу ч байж, зарим тоглолт дээр урвагардуу тоглохоор нь бид нар хөөргөөд “Өөжгий тэнд хоёр аягүй хөөрхөн охин сууж байна” гэхээр сэргэчихдэг. Урд гараад, хайгаад, тоглоод байдаг сан. Тэр их хөгжилтэй.

-Аавын тухай дуулахаар уйлчихдаг гэж та хэлсэн байсан. Аавынхаа тухай яриач. Таныг урлагт хайртай болоход нөлөөлсөн болов уу?

-Миний аав Орбит станцын ерөнхий инженер Баярмагнай гэж хүн байлаа, Ховд аймгийн Чандмань сумын хүн. Манай өвөө маш хурдан адуутай алдартай уяач байсан. Надад түлхэц өгсөн юм байдаг. Намайг дунд сургуульд байхад аав Японоос таньдаг хүндээ захиж байгаад кассетны магнитафон авчруулж байлаа. Надад арваадхан кассет байсан. Баахан гадаад дуу энд тэндээс хүн амьтан гуйж байгаад хуулаад авчихсан. Түүнийгээ ар өвөргүй тавиад дуулдаг байсан. Бүгдийг нь цээжилчихсэн. Өдөр бүр нормтой юм шиг кассетаа дуустал нь дуулдаг. Байрныхаа хүүхдүүдийг оруулж ирээд тэдэнд концерт тоглодог. Яг тэр нь намайг дуучин болоход нөлөөлсөн. Аав намайг дуулаад явахад хорьдоггүй. Гэсэн ч эцэг хүн хүүгээ ажил мэргэжилтэй болгохыг хүсдэг. Хүүгээ холбооны мэргэжилтэй инженер болчихоосой гэж бодно. Намайг тэгээд Холбооны сургалтын төвд оруулсан байхгүй юу. Нийнуугүй хэлэхэд холбооны мэргэжил бараг сураагүй. Хамтлагт ороод хөгжим тоглож л сурсан. Тэр үед урлагийнхныг завхай зайдан, хөнгөн хийсвэр улсууд гэж хүмүүс ярьдаг байсан. Тийм биш шүү дээ.

-Хаана ч очсон яаж ийж байгаад урлагтай холбогдчихдог байжээ?

-Яаж ийж байгаад л урлаг руу гүйгээд орчихдог. Цэрэгт очсон ч тэнд цоо шинэ хөгжим авчихсан, хамтлаг нь бүрдээгүй байхад намайг карантинаас сонгож татаж авсан шүү дээ. Энд нэг дуучин цэрэг байх ёстой. Тэрийг манай анги авна гэж булаацалдаж авч байсан. Тавилан нь тийм бол тэр зүгтээ чиглүүлээд л байна. Миний жинхэнэ нэрийг Одхүү гэдэг юм. Минийдүүг Батхүү гэдэг. Намайг жаахан байхад лам үзээд “Энэ хүүхдийн нэрийг өөрчил” гээд өөрчилсөн түүхтэй. Ийм замаар явна гэдгийг тэр хүн хараад, цагаан хэл амыг нь хаах үүднээс нэрийг нь сольсон юм билээ. Аав сүүлд надад ярьж байсан л даа. Тэгээд би хаана ч очсон урлаг руугаа гулгаж ороод байсан байхгүй юу.

-Сүүлд та тоглолт дээрээ аавын тухай дуу дуулахад аав чинь ирж сонссон гэдэг. Их баярласан байх даа?

-Миний аав концерт үзэж суугаад уйлж байсан. Би бас уйлаад, хоёулаа хоёр биенээ харчихаад баярлаад гоё байсан. Дараа нь тоглолтын дараах цайллагад аавыгаа аваачсан. Манай рок попынхон бүгд тэнд байсан. Аавд бүгд баяр хүргээд л…Эцэг эхийгээ амьдад нь баярлуулна гэдэг сайхан. Хүнэцэг эхийнхээ ачийг хариулж дийлэх биш дээ. Уран бүтээлч болоод аавыгаа баярлуулна гэдэг сайхан. Одоо ч би үүндээ сэтгэл хангалуун байдаг.

-Гэргий тань таны фэн байсан уу, яаж танилцсан бэ?

-Намайг хэн ч биш байхад л суусан. Би цэрэгт байсан үе л дээ. Хөгжмөө тоглоод гадаад дуугаа дуулдаг байсан. Оюутнууд цэргийн ангитай шефлэдэг байсан. Амралтын өдрөөр шеф сургуулийн оюутнууд ирж үдэшлэг хийдэг байлаа. Тэнд танилцаад, халагдаад шууд тэдний гэрт оччихсон хүн шүү дээ. Ээж, аавыг нь ч танихгүй байж гэрт нь очоод суучихсан. Бид хоёр хурим хийгээгүй ч сайхан амьдарч байна.

-Сүүлд та олнытанил болоход шүтэн бишрэгч хүүхнүүд гарч ирсэн л байх?

-Зөндөө гарч ирнэ. Танилцах хүсэлтэй хүүхнүүд байдаг. Гэхдээ би чинь олон хүний нүдэнд ил байдаг хүн. Нэр хүндээ бодно. Идэж уух наргих цэнгэх, хүнхартай янз бүрийн байдлаар уулзаж харагдах энэ тэр бол байхгүй болж байгаа юм.Зарим үед энгийнхүн байсан бол сайхан чөлөөтэй ч байх байж дээ гэж бодогддог.

-Та даруухан төрхтэй. Таныг тэглээ ингэлээ гэж сонсож байгаагүй?

-Би студи байгуулсанаас хойш тарвага маягтай амьдардаг болсон. Ичээнд байгаа юм шиг л амьдардаг. Монголын хамгийн анхны “Сонор” студийг оруулж ирж байлаа. Төслийг нь анх Халиун бид хоёр хийж, хөрөнгийг нь Э.Бат-Үүл ах гаргасан. Банкнаас зээл авсан л даа.

-Дуучны хувьд амбиц багатай юм уу?

-Би дундуур нь уран бүтээл хийгээд л байгаа шүү дээ. Тоо хөөдөггүй чанар хөөцөлддөг.

-Таныг таван цомог хийж байна гэж дуулсан?

-Таван цомог мааньдуусч байна. Тэр бол миний урд хийж байсан уран бүтээл, “Хөх тэнгэр”-ийн бүтээл, хүүхнүүдтэй дуэть дуулсан цомог, цоо шинэ хоёр цомог нийлээд таван цомог гарч байгаа юм. Уран бүтээлээ тоолоод үзэхээр би чинь бас 40-50-иад дуутай юм байна. Сүүлд гарсан уран бүтээлээ нэмэхээр далаад бүтээлтэй болох гэж байна уу даа.

-Студид суухаар танд дуучныхаа хувьд зарцуулах цаг хэр гардаг вэ?

-Би дуулахгүй байж байгаад дуулахад хоолой байж л байдаг. Жил орилохгүй байж байгаад орилоход миний хоолой дажгүй байдаг. Их сонин. Би гамм байнга уншаад байдаггүй. Студийн ажил цаг нар багатай. Бусдын уран бүтээлүүд дээр маш их ажилладаг. Энд нэг хүний бүтэн СД орж байхад дунд нь би дуугаа дуулж л байдаг. Ний нуугүй хэлэхэд хүний амьдралдаа хийсэн уран бүтээ­лээс нэг, хоёр час хийсэн дуу л үлддэг.

-Та хэдэн цагт ажилдаа ирээд хэзээ дуусдаг вэ?

-Би чиньдандаа шөнө л ажилладаг. Өдөр хүн орж гараад бужигнаад байхаар юу ч хийж чаддаггүй. Хөгжим тохируулах ажил гэдэг анхаарал төвлөрөхийг шаарддаг. Ямар ч хүн хажууд саад болохгүй, юмярихгүй, чив чимээгүй газар сууж байж хийдэг ажил. Өдөр 12-13 цагийн үед босдог. Ер нь 2000 оноос хойш яг ийм хэв маягаар амьдраад хэвшчихсэн.

-Энэ өрөөнөөс гараад ертөнцөөр аялъя гэж бодогдох уу?

-Хааяа бүр тийм бодол төрдөг шүү. Би зун хөдөө аялах дуртай. Бүх юмаа ачиж аваад аялдаг. Тэр амралт жилээ даана. Агаарын дутагдалд ордог байх аа. Зун айраг тарагуугаад зугаалахаар сайхан болчихдог юм. Загас барьдаг. “Цаг уур”-ын ятга тоглодог Наранбаатар ах, “Харанга”-ын Чука ах, хөгжмийн зохиолч, миний найз Халиун бид хэд хамтдаа загасанд гараад давхичихна.

-Та гангалахаараа юу өмсдөг вэ?

-Гангаръя гэж боддоггүй. “Гангалах гэдэг бол хүн дутуугаа нөхөх гэж хийдэг зүйл” гэж надад нэг хүн хэлсэн юм. Юм хоёр талтай. Ажил мэргэжилдээ өндөр чадвартай хүнд гангарах сонин биш. Тийм бус хүмүүс үзэгдэх байдалдаа анхаардаг. Их мэдлэг боловсролтой хүмүүс толгойгоороо л гайхуулдаг. Нөгөөдүүл нь хувцас, өмсч эдэлж байгаа зүйл, машинаараа гангараад байна ш дээ

-Та ямар машин унадаг вэ?

-Би зүгээр нэг лексус 470-тай. Хөдөө гадаа явахад надад машин хэрэгтэй.

-Залуу байхад эмэгтэй хүнийг хардаг нүд өнөөгийн үнэлэмж өөрчлөгдсөн үү?

-Өөрчлөгдөлгүй яахав. Эмэгтэй хүний биеэ авчяваа байдал чухал. Сэтгэлгээ, оюун санаа, ухаан нь чухал. Хүнийг шууд гаднаас нь дүгнэх хэцүү. Ярилцаад, санаа сэтгэлийг нь сонсоод ирэхээр анзаарагдаж эхэлдэг. Гэхдээ эмэгтэй хүний гоо үзэмж чухал байлгүй яах вэ. Будах шунхдах хэрэгтэй ч хэтрэхээрээ дэмий, донж нь таарвал хичнээн сайхан харагддаг билээ.

-Амьдралаасхамгийн их таашаал авдаг зүйл юу вэ?

-Өндөр уулан дээрээс нутгаа харах ямар гоё гээч. Би Баатар хайрхан дээр хоёр удаа гарсан. Ховдын Зэрэг суманд байдаг цаст оргил. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тахьдаг овооноос цаахна гардаг. Яг цасных нь хажууд очдог. Ерөнхийлөгчийн тахьдаг овооны дор ногоон нууртай, вансэмбэрүү цэцэг хосоороо ургадаг. Тасдаж болохгүй гэдэг. Оргил дээр гараад харахад ёл доогуур нисч байдаг.Тэр үед л жинхэнэ кайф авдаг. Хийморь сэргэдэг. Нөгөө нэг кайф нь тоглолтоо хийгээд тайзан дээр галзуурч байгаад гараад ирэх үед кайф авдаг. Яагаад ч юм онгироо болчихдог. Би даруухан хүн, тэр үедээ онгироо болчихдог. Архи уудаггүй, тийм үедээ ууж идээд онгироо болчихдог. Кайф гэдэг тийм гоё.

Б.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

О.Цэнгэл: “Боолын гэрээ” киног үзээд аав минь “Охиноороо бахархаж байна” гэсэн

“Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” киногоор олны танил болсон жүжигчин О.Цэнгэлтэй ярилцлаа.

-“Эр хүн болгож өгөөч” кино энэ сарын эхээр нээлтээ хийснээс хойш үзэгчдийн дунд нэлээд өндөр үнэлгээтэй байгаа. Яагаад Наран гэх биеэ үнэлэгч бүсгүйн дүрд тоглохоор болов?

-“Эр хүн болгож өгөөч” зохиол Драмын театрын алтан фондонд орсон өндөр үнэлгээтэй, шилдэг жүжиг байсныг найруулагч Э.Батхүү ах маань кино болгож өнөө цагийн үзэгчдэд хүргэсэн. Би үзэгчийнхээ хувьд ийм сайн кино гарч байгаад баяртай байгаа. Анх киноны зохиолыг уншихад надад ирдэг жирийн нэг дүрүүдээс эрс өөр санагдсан. Нийгмийн эмзэг хэсэг рүү хандсан, тэр болгон хөндөгдөөд байдаггүй сэдвийг ил гаргаж ирэхийг хичээсэн байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн эсвэл надад хэн ч байхгүй гэж гутарч явдаг хүмүүст урам зориг өгч, ирээдүйг нь илүү гэрэлтэй, итгэлтэй болгоход зорьсон сайн зохиол санагдсан. Би Францын алдартай “INTOUCHABLE” гэдэг киноганх үзээд яг л нэг сайхан залууд дурлаж байгаа юм шиг шунаж дурлаж билээ. Киногоо үзсэний дараа дахин дахин давтаж үзсэн. Тухайн үедээ ийм төрлийн кинонд тоглож үзэх юмсан гэсэн нууцхан хүсэл төрсөн юм. Ерөнхий өгүүлэмж, хэлэх гэсэн санааны хувьд “Эр хүн болгож өгөөч” кино маань нэлээд төстэй ч үйл явдал, ахуй, дүрүүдийн хувьд тэс өөр л дөө. Миний дуртай кинотой төстэй учраас ерөөсөө тоглоё, оролдоод үзье гэж шийдсэн. Би Нарангийнхаа дүрд их хайртай. Миний өмнө Нарангийн дүрд Өөдөө эгч болон олон сайхан уран бүтээлч бүсгүйчүүд Драмын театрын тайзнаа амилуулж тоглож байсан учраас надад алдах эрх байхгүй шүү дээ. Киноны багийнхан маань их туршлагатай хүмүүс байсан учраас их зүйл суралцсан.

-Өөрийг тань Монголын үндэсний олон нийтийн телевизэд “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгч байсныг хүмүүс андахгүй. Хэдэн настайдаа ажиллаж байв?

-Би анх зургаан настай байхдаа аав, ээжтэйгээ “Аав ээж би” гэдэг телевизийн нэвтрүүлэгт оролцож анх зурагтаар гарч үзсэн юм байна. Тэр хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсан хүн нь миний багш, МҮОНТ-ийн найруулагч Л.Ариунжаргал байсныг хожим мэдсэн. Багш маань МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны ерөнхий найруулагчаар ажилласан хүн шүү дээ. Гуравдугаар ангид байхад манай хамаатны эгч Монгол телевизэд хөтлөгч хүүхдүүд шалгаруулж дугуйлан хичээллүүлэх гэж байгаа гэдгийг гэрийнхэнд маань хэлснээр очиж шалгуулаад тэнцсэн юм. Тухайн үед 1000 гаруй хүүхэд бүтэн гурав хоног шалгаруулалтад орж байлаа. Тэднээс 20 гаруй хүүхдийг хөтлөгч болгож бэлдэхээр тэнцүүлсэн байдаг. Би “Том халаас”, “Томруулдаг шил”, “Алим агентлаг” гээд хүүхдийн нэвтрүүлгүүдийг долоон жил буюу оюутан болтлоо хөтөлсөн. Миний хүүхэд нас телевизийн саарал байшинтай салшгүй холбоотой. Заримдаа телевизийн ярилцлага өгөхөөр МҮОНТ орох үед нэг л дотно, сайхан байдаг шүү. Тухайн үедээ бас нэвтрүүлэг хөтөлсний шагнал гээд нэг эфирээс 3250 төгрөг авдаг байсан. Сардаа 10 гаруй мянган төгрөгийн цалинтай, телевизийн догь ажилтан байлаа.

-Өөр мэргэжилтэй гэж сонссон. Яаж яваад жүжигчин болчихов. Хамгийн анхны дүрийнхээ талаар яриач. Найруулагч тань ямар дүрд сонгосон бэ?

-Хүүхэд насаа телевизийн эфиртэй холбочихсон хүн чинь анх сэтгүүлч болно гэж боддог байсан. Тэгээд МУИС-ийн Утга зохиол судлаачийн ангид орж билээ. Миний мэргэжил монгол хэл, соёл, зан заншил, аман зохиол гээд урлагтай салшгүй холбоотой л доо. Багаасаа л номоос салдаггүй, хаа тааралдсан газраа ном уншаад сууж байдаг байсан болохоор утга зохиол судлаачийн мэргэжил сонгосон юм. Нэг үгээр хэлбэл зохиолч, судлаач, багш, сэтгүүлч гээд олон тал руу хөрвөж ажиллах боломжтой мэргэжил. Нэгдүгээр курсэд суралцаж байхад найруулагч З.Батболд ах маань кинонд тоглох охидуудыг шалгаруулж байна, чи ирээд үзээч гэсэн. Шалгаруулалтад орж тэнцээд “Сайн уу амьдрал минь” киноны Сарнайгийн дүрд тоглохоор болсон. Тухайн үед жүжигчний мэргэжлийг гадна талаас нь шүтсэн л хүүхэд байсан болохоос дотор руу нь нухацтай өнгийж харж байсангүй л дээ. “GUYS” хамтлагийн Төгсөө ах “Сайн уу амьдрал минь” киноны нэгдүгээр хэсэг “Хаврын нэгэн учрал” бүлгийн жүжигчидтэй ажиллаж зааж зөвлөж байсан. Би эхэндээ загнуулна, уйлна, эрхэлнэ, аргадуулна гээд л Төгсөө ах, Болдоо ах хоёрынхоо тусламжтайгаар анх удаа “Сайн уу амьдрал минь” кинонд тоглосон юм. Энэ киноны нэг хэсэгт тоглох боломжийг олгосон ах нартаа их баярлаж явдаг. Киноны дүрийн тухайд Сарнай бол Эрдэнэтийн охин, оюутан болохоор ирсэн ч сургуульд орж чадалгүй явж байгаад санаандгүй тохиолдлоор Эрхэм гэдэг залуутай учирна. Тэрээр анхны хайрын сайн сайхныг мэдэрч, гэнэн цайлган зангаараа тэр хөвгүүний хайрыг татаж чадсан тийм нэг сэргэлэн охин байгаа юм.

-Та “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”,“Гоёлын даашинз” киногоор олны танил болсон байх. Эрс тэс өөр дүрүүд шүү дээ. Аль дүр чинь таны зан төрхтэй төстэй вэ?

-“Сайн уу амьдрал минь” кинонд тоглосны дараа найруулагч З.Батболд “Боолын гэрээ”-ний Соко, “Гоёлын даашинз”-ын Мойлоогийн дүрийг надад санал болгосон. Сокогийн хувьд өнчин, ахын хайраар л хань хийж яваа зүдрүүхэн амьдралтай ч гэгээн мөрөөдөлтэй хүүхэд. Нийгмийн дундах муу хүмүүсийн атгаг санаанаас болоод эмгэнэлтэйгээр золиос болж дуусч байгаа дүр байсан. Анх зохиол уншихад юу хийж, юунд тоглох гэж байгаагаа ч мэдэхгүй хөөрчихсөн би кинонд тоглоно гоё гэж бодож орсноос яг би ингэж жүжиглэх юм байна яанаа гэж бодоогүй. Яг кинонд тоглох хугацаандаа амиа хорлодог хэсэгт тоглоод, сонин жингүйдлийн идэвхигүй байдалд хэсэгтээ л орсон шүү. Эвгүй юм билээ. Кино театрт киногоо үзэхээрээ яг эгзэгтэй хэсгүүд дээр нүд, чихээ таглаж байгаад л үздэг байсан. Одоо ч бас жоохон эвгүйцдэг л юм.

“Гоёлын даашинз”-ын хувьд хөгжимт инээдмийн кино учраас гэгээлэг, хөнгөн кино байсан. Мойлоо бол өөрийн гэсэн үзэл бодолгүй, амьдралыг илүү хөнгөнөөр хардаг,өвөрмөц стилтэй, өөртөө итгэлтэй охин байсан. Сарнай, Соко, Мойлоо бүгдээрээ л өөр өөр хүмүүс ч гэсэн сэргэлэн, адтай гэдгээрээ л нийтлэг юм уу даа. Найруулагчид ер нь миний зан чанарын ерөнхий шугамыг “адтай” гэж хараад ихэвчлэн тийм сэргэлэн дүр л санал болгодог.

-Айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлээ танилцуулаач. Багадаа хэр дүрсгүй хүүхэд байв?

-Би айлын дунд хүүхэд, ах, дүү хоёртой. Аав, ээж маань ажил хийгээд бусдын л адил амьдралаа залгуулж яваа энгийн л гэр бүл. Ээж маань намайг дүрсгүй гэхээсээ илүү хэрсүү хүний арга эвийг олдог адтай охин байсан гэж ярьдаг.

-Аав, ээж тань юу гэж захидаг вэ?

-“Аливаа юманд зөв шударга, чин сэтгэлээсээ бүхнийг хийж байгаарай, хүний нүдийг хуурна гэдэг нь бусдыг биш үнэндээ өөрийгөө л хуураад байна гэсэн үг шүү” гэж их хэлдэг юм.

-Фэйсбүүк, твиттерт хэр идэвхтэй вэ?

-Фэйсбүүкт бол нэлээд идэвхтэй байдаг. Твиттер ашигладаггүй.

-Найз залуу бий юу. Найз залуудаа ямар шалгуур тавьдаг вэ. Хайрыг юу гэж бодож байна?

-Одоогоор найз залуу байхгүй байна. Шалгуур гэхээс илүү бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, хөдөлмөрч, амьдралыг илүү эерэг талаас нь хардаг, ажил мэргэжил, гэр бүлийг маань хамгийн их ойлгож хүндэлдэг байгаасай гэж хүсдэг. Хүндлэл гэдэгт би итгэл, сэтгэл, хайр, халамж гээд бүх ойлголтыг л хамааруулж үздэг юм. Хайрын тухайд хүн энэ орчлонд хайрлаж, хайрлуулах гэж ирээд хайрлуулсаар байгаад буцдаг гэж боддог. Хайр хүнийг гэгээлэг, өөдрөг, тайван, аз жаргалтай болгодог цорын ганц зүйл байх.

-“Улаанбаатар-III” кино наадамд “Боолын гэрээ” кино дөрвөн номинациар шагнал авч байх үед О.Цэнгэл шилдэг эмэгтэй дүрд нэр дэвшсэн байдаг. Залуу хүний хувьд шилдэг эмэгтэй дүрийн номинацид нэр дэвших ямар байв. Нэлээд зоригтой алхам хийсэн юм шиг харагддаг?

-Би тухайн цаг үеийнхээ сор болсон бүтээлд оролцож, нийгэмд цочрол өгөхөөр дүрийг надад олгосон уран бүтээлчдэд илүү талархдаг. Хэрвээ тэр дүрийг зохиолч бичээгүй бол хүмүүс намайг жүжигчний түвшинд үнэлж, тоох байсан уу гэдэг эргэлзээтэй. Гэхдээ мэдээж би хичээхгүй “дүр эсгээд” өнгөрсөн бол Соког хүмүүс өнөөдрийг хүртэл дурсахгүй байсан. Энэ уран бүтээлд оролцоход хурцалж, шар хорыг минь сайн хөдөлгөж өгсөн Болдоо ахдаа баярлаж явдаг шүү. Залуу хүний хувьд 18 настайдаа “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналд гавьяат жүжигчин И.Одончимэг эгчтэйгээ цуг нэр дэвшинэ гэдэг маш том бахархал. Мөн маш том хариуцлага байсан. Миний мөрөөдөл тэрхэн агшинд биелэх шиг л болсон шүү.

-“Боолын гэрээ” киноны Сокогийн дүрийн эвгүй хэсгийг аав чинь дургүйцэж, хасуулна гэж байсан гэсэн. Тэр тухайд?

-Тухайн үед өөрийнхөө нялхаараа гэж бодож хайр­ладаг охин нь эмгэнэлтэйгээр амиа хорлож байхыг харах, мөн олон харчуулд доромжлуулж байхыг харах ямар ч эцэг эхэд таатай санагдахгүй шүү дээ. Хэдийгээр энэ нь кино байсан ч ээж, аав маань жинхэнэ юм шиг цочирдож хүлээж авсан. Гэхдээ би тодорхой хугацаанд хэлж тайлбарласны дараа гэрийнхэн маань ойлгосон. Киног үзсэний дараа аав минь “Охиноороо бахархаж байна” гэж хэлж билээ.

-О.Дөлгөөн, А.Ганчимэг гээд өөрийн чинь үеийн жүжигчид хэр чадварлаг байна. Өөртэйгөө жишиж байв уу?

-О.Дөлгөөнтэй би “Хамтран амьдрагч” кинонд эгч дүүс болж тоглосон. Манай Дөлгөөн мэргэжлийн уран бүтээлчийн нэр хүндийг өндөрт өргөж яваа залуу уран бүтээлч шүү дээ. Сайхан бүсгүй, сайн ээж гэж хүндэлдэг. Ганчимэгтэй би олон жилийн өмнө нэг арга хэмжээн дээр тааралдаж байсан. Тухайн үед бид хоёр хоёулаа кинонд ид тоглож байсан юм. Ганаа драмын театрын жүжигчин байсан үе. Тэр үед хамтдаа нэг ширээнд сууж, хооллож, ярилцаж сайхан танилцаж байсан. Харин одоо бие дааж уран бүтээл хийгээд зогсохгүй, зохиолоо өөрөө бичиж тоглож байхыг нь харахад бахархах, хурцлагдах сэтгэл төрдөг. Учир нь залуу бүсгүйчүүдийн төлөөлөл маань амжилттай явбал тэднийг дагах үзэгчид охид бүсгүйчүүд, уран бүтээлчид ч мөн дагаад дэвшиж байдаг гэж би боддог. Найз нөхдийг ч бас өөрөөсөө ямар нэг зүйлээрээ илүү хүнийг сонгож нөхөрлөх хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Би түүнтэй санал нийлдэг. Хэрвээ надаас ялгаагүй эсвэл доор байвал суралцах, өрсөлдөх, илүү байхыг хүсэх эрмэлзэл үгүй болж өөрөө өөртөө бардсаар яваад нэг л мэдэхэд хэн ч биш болсон байна гэсэн үг гэж боддог.

-Нэлээд хэдэн жил кинонд тоглохгүй завсарласан. Тэр хугацаанд юу хийв?

-Ар гэрийн амьдрал, хувь хүнийхээ төлөвшилд илүү анхаарал хандуулсан даа. Сайн эзэгтэй байх гэж, ирээдүйд сайн ээж болоход бас эмэгтэй хүн тодорхой хугацаанд анхаарал хандуулж, бэлдэж, өөрийгөө сонсож, дүгнэлт хийх хэрэгтэй байдаг юм билээ.

-Одоогоор хэдэн кинонд тоглоод байгаа вэ. Голдуу ямар дүрийн санал ирж байна?

-Одоогоор таван кинонд тоглоод байна. Би мэргэжлийн хүн биш учраас ирсэн зохиол санал, дүр бүрийг хүлээж авахыг хүсдэггүй. Илүү болгоомжтой, няхуур байж, зөв кинонд сайн багтай ажиллахыг илүүд үздэг. Учир нь кино бол багийн бүтээл. Тиймээс баг чин сэтгэлээсээ нэг хүсэл эрмэлзлээр нэгдэж байж тэр киног хэр олон үзэгч үзэх вэ гэдэг нь харагддаг. Олон үзэгч үзнэ гэдэг нь олон хүний сэтгэлгээнд оч, гэрэл асаах эсвэл олон хүнд нэгийг бодогдуулах тэр зорилго биелэгдэнэ гэсэн үг. Тиймээс тооны араас хөөцөлдөхгүйгээр илүү нухацтайгаар хандаж одоогоор ямар нэг уран бүтээл дээр ажиллахгүйгээр өөр зүйлд цагаа зарцуулж байна.

-Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Түүхэн дүрд ажиллах юмсан гэсэн хүсэл уран бүтээлч хүн бүрийн дотор байдаг байх.

-Хүсэл мөрөөдлийнхөө талаар яриач. Таныхаар мөрөөдөл биелдэг үү?

-Хэрвээ хүсэл мөрөөдөл байхгүй бол харанхуйд тэмтчээд зүгээ олохгүй будилж яахаа мэдэхгүй яваатай ижил. Харин хүсэл мөрөөдөлтэй амьдарна гэдэг харанхуйд лаа бариад хонгилын үзүүрийг хараад хаа хүрэхээ тодорхой мэдэхгүй ч ойрын зайнд бүдрээд уначихгүйгээр алхаж байгаатай ялгаагүй. Тэр сайхан хүслийг зөвхөн мөрөөдөхдөө биш түүн рүүгээ зорьж, шийдэж, ямх ямхаар ч хамаагүй биелүүлж яваа тэр хүний л хүсэл мөрөөдөл биелдэг шүү дээ. Мөрөөдөл биелдэг гэхдээ зорьсон шиг зорьж, алхам хийсэн цагт л биелдэг гэж би боддог. Надад ч бас хүсэл мөрөөдөл бий, гэхдээ би болоогүй, бүтээгүй, бэлэн биш зүйлийн тухай ярихыг огт хүсдэггүй, магадгүй тэр маань бүтэхгүй болчихвол бусдад худлаа амлаж мэдэмхийрсэн болно шүү дээ.

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриач?

-Хамгийн сүүлд ажилласан уран бүтээл маань “Эр хүн болгож өгөөч” нэртэйгээр бүх кино театруудаар гарч байгаа. Уншигчийн үүднээс зохиол маань маш сонирхолтой, амьдралд ойр, эерэг санаа олныг өгүүлсэн, инээдмийн, хөгжилтэй гэхдээ бас уянгын сайхан хайрын тухай өгүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж байгаа эцэг эхийн тухай. Сайн зохиолыг сайн кино болгож чадсан уу гэдгийг үзэгчид маань үнэлнэ. Учир нь олон хүн үзэх тусам төдий чинээ эерэг үйлдэл, хандлагууд нийгэмд харагдана. Урлагийн хамгийн чухал зүйл нь та тэр уран бүтээлээс өөрийгөө, найзыгаа харж болно. Магадгүй хэзээ ч мэдэхгүй тийм нэг ертөнцтэй таныг уулзуулдгаараа агуу байдаг байх.

С.АРИУНЖАРГАЛ