Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ашиг сонирхлын зөрчлийн хууль авгай нөхөр, анд нөхдийг ч зөрчилдүүлэх юм байна

Монгол улсад “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” мөрдөгдөж байна. Тус хуульд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгож хүлээж авах ёстой юм байна. Тухайлбал тус хуулийн 3.1.3.“ашиг сонирхлын зөрчил” гэж төрийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ гэжээ.3.1.5.“хамаарал бүхий этгээд” гэж тухайн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр (нөхөр)-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдүүдийг нэрлэжээ. Гэтэл “Хамаарал бүхий этгээд” гэдгээс бултуулаад хамааралгүй нэрийн дор хамгийн итгэлтэй хүнээ авчраад тавьчихдаг нь жижигхэн Монголд ердийн үзэгдэл шүү дээ. Мөн тус хуулийн 3.1.6.“нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг оноожээ. Улмаар хуулийн 3.1.11.“ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг хуульчлан хоригложээ. Хөдөөнийхөн бол нэг голд төрсөн бол төрийн албанд хамт ажиллаж болохгүй нь. Хот сууринд бол нэг төрөх газарт мэндлээд нэг хороонд өссөн бол бас болохгүй нь. Цагаан дээр хараар буусан нь энэ. Эдгээр заалтуудыг 2012 оны тавдугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмж оруулсан байдаг юм. Уламжлалт сэтгэхүй гэж айхавтар юм байна. Жишээ нь нотариатаар хичнээн ч батлуулаад очсон тэр хүнийг мэдэхгүй бол хэн ч итгэхгүй. Харин танил нь хэлээд явуулсан бол “Энэ гайгүй хүн юм байна” гээд итгэдэг нь Монголын уламжлал. Гуравхан сая хүнтэй Монголд 300 сая хүнтэй Америкийн хуулийг хуулж буулгасан нь энэ. АНУ гэдэг бол хэн хаанаас ирснээ ч мэдэхгүй, удам гарвал нь тодорхойгүй хүмүүс. Ийм л тивд зориулсан хууль Монгол Улсад мөрдөгдөөд байгаа нь энэ.

Тус хуулийг буруу тайлбарлаж байна гэж өөрийгөө бодохгүй байна. Энэ хууль амьдралын хөрсөнд хэрхэнбууж, нийгэмд ашиг тусаа өгч байгаад нь эргэлзэж байна. Аливаа хуульд амин сүнс, философи гэж байдгийг мэргэшсэн хуульчид хэлдэг. Энэ хуулийн амин сүнс нь гэвэл ах дүү, хамаатан садан, найз нөхөд, тэр бүү хэл дунд сургуулийн нэг ангид сурч байсан найзаасаа хүртэл хол байх юм байна.Хувь хүн төрд алба хашиж байх хугацаандаа харь гаригаас ирсэн амьтан шиг байх нь. Амьдралын шалгарсан үнэн гэвэл аливаа ажил хэрэг итгэлцэл дээр явагддаг үнэн юм.

Төрд л алба хашиж буй бол төрлөө ч мэдэхгүй байх энэхүү ухаалаг бус хуулийн үндэс нь үнэндээ социалист нийгмээс эхтэй. Эв хамтын нийгмийг байгуулахад саад тотгор болдог зүйл нь ах дүүсэг байдал, үзэл сурталгүй ойр садны хүмүүс гэж шалгарсан коммунистууд үздэг байлаа. Бараг эхнэрээ нийтийн өмч гэж үзэж байсан дэглэм шүү дээ. Монгол оронд 1930-аад онд хэрэгжсэн хамтрал коммуны үйл явдал үүнийг батална. Тэр үеийн үйл явдлыг харуулсан Түвдэнгийн Бор гэж баатарлаг эмэгтэйн тухай киног санаж байгаа байх. Бошгыг халах залуучуудын эвлэлийн гишүүн тэр бүсгүй өөрийг нь хүний зэрэгт хүргэж хүмүүжүүлсэн нагац ахынхаа хойноос Дотоод яамныхныг дагуулан элдэж, мууг нь үзэх гэж улайрч байгааг. Төрсөн мах цусныхаа тасархайг хүртэл ингэж үзэн ядтал хүмүүжүүлсэн нийгмийн үзэл л орчин үежиж, өнөөдрийн ардчилсан нийгэмд ашиг сонирхлын хууль болон хэрэгжээд явж байна.

Тэгэхээр Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх энэ хууль 30 сая хүнтэй улсад тохирч болно. Яагаад гэвэл ийм тооны хүн дотроос эрхбиш ажлыг шударга хийдэг, ах дүү хамаатан садан гэх юмгүй, төрийн жинхэнэ албан хаагчид олдож болно. Харин гурван сая хүнтэй Монголд бол ийм хүн олдтолоо ховор юм. Бод доо, нэг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 14 нь хамаатан садан, ажил төрөл, анд нөхдийн гүн бат холбоотой нэгэн том даргын зоонтог дор байдаг хүмүүс байгааг мэдээллийн хэрэгслүүд бичээд л байгаа. Монгол ийм л жижигхэн. Эдгээр 14 хүн тус дүүргийн хувь заяаг шийднэ. Засаг даргыг томилно. Санхүүгийн даргыг тавиулна. Энэ хоёр хүн нь өнөө хуулиар хориглосон 1, 2 дугаар гарын үсэг зурдаг хүмүүс нь байх жишээтэй. Шинээр томилогдсон Засаг дарга бол өөрийг нь шоронд хийхээргүй хамгийн итгэлтэй, ойрын хүнээ л хоёрдугаар гарын үсэг зурах ерөнхий нягтлангаараа томилно. Хэн ч танихгүй хүнийг нягтлангаараа тавьж хэрэгт орохыг бодохгүй биз дээ. Харин хуулиар хэн ч танихгүй хүнийг тавь гэж байгаа.

Нэг суманд дээд тал нь 15 дээд боловсролтой хүн байна. Тэдгээр нь ядаж сумын Засаг даргынх нь ойрын хамаатнууд. Ашиг сонирхлын хуулиар мань дарга дээд боловсролтой хамаатнаа тавьж болохгүй. Яах вэ гэхээр 8 дугаар ангиа арайхийж төгссөн галчийг “Миний хамаатан биш юм” гэсэн хуулийн заалтаар нягтлангаар тавина. Бодит амьдрал дээрх хууль ийм.

Нэгэн аймгийн Засаг даргад энэ хууль үйлчилсэн парадоксыг хэлье. Нөхөр Засаг дарга урьд жил хулхи зам бариулсан зэмийг аймгийн иргэдээсээ хүртэж үхтэл муугаа дуудуулсан. Дараа жил нь 20 км замын тендер дахин зарлагдахад өнөө хулхины компани нь бас ороод иржээ. Түүнтэй хамт бизнесийн түүхийг нь огт мэдэхгүй компаниуд бас оролцов. Нөхөр бол аймгийнх нь замыг хамгийн сайн технологиор, хамгийн шуурхай, чанартай барих компанийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Гэвч тэрхүү компанийн захирал эхнэрийнх нь ойрын хамаатан. Тендерийн комисст нь огт байдаггүй хэрнээ муу нэрийг нь сонсож үлддэг Засаг дарга тэр компанийг тендерт ялуулж чанартай замтай үлдэх хүсэлтэй байвч Ашиг сонирхлын зөрчлийн хууль зөрчинө. Хэдхэн хоноод хэмэрхээд унах замтай үлдэх үү, эсвэл огт замгүй байх уу. Энэ бол Эрх ашгийн зөрчлийн хуулийн амьдрал дээр үзүүлж буй парадокс буюу гарцгүй болсон байдал.

Эр хүнд хамгийн итгэлтэй хүмүүс нь хүү, хүргэн хоёр нь л байдаг юм шүү дээ. Эр хүүхэд, энхрий охиныхоо нөхөр хоёрт л хүн итгэж ажил амьдралаа явуулдаг юм. Хотын дарга Э.Бат-Үүл гэр хорооллыг барилгажуулах хамгийн том төсөл дээр хүүгээ л тавина биз дээ. Хамгийн тэнэг хүн л үүнийг үгүйсгэх байх. Амьдрал үнэн байдаг болохоор Э.Бат-Үүл хамгийн түвэгтэй газар болох Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Амгалан орчмын” газарт хүү Б.Чулуудайгийнхаа “Гранд лайн” компанийг орохыг зөвлөж “За чи наад газартаа сайхан орон сууцны хорооллыг сүндэрлүүлж нийслэлчүүдэд тус бол. Бусдад үлгэрлэ. Аавынхаа итгэлийг алдахгүй хүн нь чи байна” гэсэн байгаа. Яагаад гэвэл Э.Бат-Үүл хүүгээ хамгийн сайн мэдэж, чадна гэдэгт нь итгэж байгаа учраас тэр. Ийм л итгэл бүхий, таньж мэддэг хүмүүсээ зовлон бэрхшээл ихтэй том төсөлд оруулахгүй бол мэдэхгүй нөхдүүд нь өнөөдөр хулхидаад алга болсон дуулдана лээ. Хуулиараа тендерт шалгаруулах процесст Э.Бат-Үүл ямар ч оролцоогүй юм.

Аймгийн Засаг дарга нөхөр бол авгайн дүү гэдэг ашиг сонирхлоос айгаад аймгаа замгүй, өөрөө шоронгүй салахаар шийдэж. Э.Бат-Үүл бол хүүгийнхээ компаниар гэр хорооллыг барилгажуулж, хэсэг айлыг орон сууцтай болгоод өөрөө шорон руу явах юм байна л даа, цахим ертөнцөд бичиж байгаа хүмүүсийн сэтгэгдлээр бол. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль амьдрал дээр ийм л дүр зурагтай байна.

Нарийндаа яривал Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын дэд дарга болгож, том төслийнхөө ТУЗ-ийн дарга болгохгүй өөр ямар итгэлтэй хүнээ болгох юм бэ, Н.Алтанхуягийн хувьд. Өнөөдөр Н.Алтанхуяг, Г.Дэнзэн нарыг буруутгадаг нөхөд амьдрал дээр хүү, хүргэнүүддээ итгэж байгаа. Үүнтэй чинь ялгаа юу байна. Таны хүүг, хүргэнийг шоронд хоривол шударга хүн та “Одоо яахав дээ, Ашиг сонирхлын хууль зөрчсөн юм байна лээ” гээд эхнэрээ тэврээд дуржигнатал хухираад байж чадах уу. Хүн тайван амгалан аж төрж, ажлаа сайн хийхийн тулд итгэлтэй, сайн таньж мэддэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг хүн төрөлхтний тогтсон үзэл байна.

Монголд ийм тамын тогооны хууль үйлчлэхээс өөр аргагүйд хүрчихсэн юм биш. Бүх улс оронд итгэлцлийн хууль үйлчилдэг юм. Америкийн нэгэн эдийн засгийн сэтгүүлд 2012 онд “Дэлхийн банкны шинэ Ерөнхийлөгч Жим Ен Ким дотнын нөхрөө Монголд томиллоо” гэсэн утгатай мэдээ гарч байсан юм. Тэр нь юу гэхээр тухайн онд Дэлхийн банкнаас Монгол Улсыг хариуцан ажиллахаар шинээртомилогдсон захирал Берт Хофмэныг хэлсэн хэрэг. Жим Ен Ким гуай шинэ албанд очоод л хамгийн итгэлтэй, урьд нь хамтран ажиллаж байсан нөхдөө бүс нутгуудад томилж эхэлсэн юм билээ. Тэгэхээр дэлхийн хамгийн том санхүүгийн байгууллага дотроо хүртэл ийм л итгэлцлийн хууль үйлчилдэг байна. Дэлхий ийм байхад манайх эсрэгээрээ таньдаг итгэдэг бүгдийгээ өөрөөсөө хол байлгаж төрийн ажлыг сайн явуул гэсэн хууль гаргасан нь дэндүү хоцрогдсон бүдүүлэг байгаагийн шинж юм даа.

Categories
мэдээ цаг-үе

П.Цогтбаатар: Монгол наадам бол монголчуудын бахархал

Морь барианы газар

“Монгол наадам цогцолбор” ОНӨУҮГ-ын захирал П.Цогтбаатар Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй. 2013 оны есдүгээр сараас тус албыг хашиж байна.

-Танай байгууллага ямар зорилгоор байгуулагдсан бэ?

-НИТХ-аар 2013 оны есдүгээр сард “Монгол наадам цогцолбор байгуулах тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд Монгол төрийн наадмаа зохион байгуулах байгууламжийг “Хүй долоон худаг”-т цогцолбороор барихаар шийдвэрлэсэн. Улс, нийслэл, хувийн хэвшлийн хөрөнгөөр томоохон цогцолбор барьж, монголчууд тэндээ наадмаа бүх төрлөөр тэмдэглэдэг болох зорилготой.

-Өмнө нь Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн дэнж дээр нааддаг байсан. Энэ цогцолбор юугаараа давуу талтай вэ?

-Одоогийн бидний ашиглаж байгаа Төв стадионыг 1958 онд хятад иргэд барьсан түүхтэй. Арван мянган хүний суудалтай. 1960 онд Улаанбаатарын хүн ам 100 мянга хүрсэн байдаг. Тэр цагаас 60 шахам жил өнгөрч, нийслэлийн хүн ам 1.4 сая болсон. Төв цэнгэлдэх маань хэвээрээ. Хүн ам 14 дахин өссөн. Хот төлөвлөлт байхгүйгээс эргэн тойрон барилга баригдсан. Төрийн тэргүүнүүд л унаатай очих боломжтой. Ихэнх наадамчид явган очиж наадмаа үзнэ. Гэтэл өнөөдөр монголчууд зах зээлийн эдийн засагт шилжсэн. Олон иргэд унаатай болсон. Тэд чинь цаг хэмнэх гэж л унаа авна биз дээ. Гэтэл цэнгэлдэхийн орчимд хүрэлцээтэй зогсоол байхгүй. Олон хүндрэлүүд үүссэн. Үүнийг зохицуулах ганц арга нь өөр газар шилжүүлэх. Гэхдээ томхон талбайтай газар нэг мөсөн цогцолбороор нь шийдэхээс өөр аргагүй.

Сур харвааны талбай

-Дэд бүтэц бүрмөсөн шийдэгдэх үү?

-Дэд бүтцийг үндсэндээ шийдчихсэн. Одоогийн төслөөр машины зогсоол, үйлчилгээ, наадамчдын тав тухтай орчин бүрэн шийдэгдэнэ. Яармагийн дэнжид дэд бүтцийн тухай ойлголт байхгүй байсан. Төв цэнгэлдэхийн хувьд гаднаас харахад л ОО хангагдсан мэт харагддаг болохоос үнэн хэрэгтээ хэрэгцээ хангагдсан ариун цэврийн өрөө байхгүй. Гэтэл гадны маш их жуулчин ирдэг болсон. Тэд хэлэхгүй л болохоос дотроо таагүй л байдаг байх. Өнгөрсөн жил хоёр орос жуулчин “Танай хамгийн том баяр маш сонирхолтой юм. Харамсалтай нь үзэхэд тохь тухь муутай юм” гэж илэн далангүй ярьж байсан.

-Шинээр байгуулсан цогцолбор 20 жилийн дараа хоцрогдохгүй гэсэн баталгаа бий юу?

-Нийслэлийн удирдлагын сонгосон энэ газар өмнө нь монголчууд Даншиг наадмаа хийдэг байсан газар гэж түүхийн эх сурвалжид байдаг. Цогцолбор 2013-2020 он хүртэл баригдана. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төсөл батлагдсан. 13.6 мянган га газар хамарч байгаа.

Цэнгэлдэх хүрээлэн

-Сонгино хайрхан дүүрэгт ийм их газар байгаа юм уу?

-Дээрх төлөвлөсөн газрын 1.6 мянган га газар нь л Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдана. 12 мянган га газар нь Төв аймгийн Аргалант сумын нутаг. Одоогоор нийслэл энэ цогцолборт тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

-Хилийн цэс шийдэгдээгүй хөрөнгө оруулчихаад, сүүлд нь маргаан гарахгүй юу?

-Бүх түвшинд шийдэх талаар яриахэлэлцээ хийж байгаа. Төв аймаг, Аргалант сумын удирдлага “Монгол төрийн наадмаа хүндэтгэнэ” гэж байгаа. Гэхдээ бас тухайн суманд нь шийдэх асуудлууд байдаг болохоор, харилцан ашигтай хамтарч ажиллах санал тавьж байгаа гэсэн. Удахгүй шийдэгдэх байх.

Шагайн харвааны ордон

-Хэр их хөрөнгө оруулалт шаардлагатай вэ, хаанаас босгох вэ?

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2014 оны долоодугаар сард БНХАУ-ын Шанхай группын төлөөлөгчтэй санамж бичигт гарын үсэг зурсан. Нийтдээ 130 сая ам.долларын хөрөнгө оруулалтын тухай баримт. Үүнд 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн. Морь барианы газар 5-10 мянган хүний суудалтай, сур харвааны газар гурван мянган суудалтай, шагай харвааны ордон мянган хүний суудалтай, зочид буудал. Энэ бүхнийг 130 сая ам.долларт багтааж барихаар төлөвлөсөн.

-Барилга, байгууламжийн өртөг хэр үнэтэй тусч байгаа бол?

-Олон орны ийм хэмжээний байгууламжтай харьцуулж үзсэн. Өмнөд хөршийн санал хамгийн хямд тусч байгаа. Санамж бичигт гарын үсэг зурсан БНХАУ-ын Шанхай групп нь дэлхийн барилгын хамгийн том 200 компаниас 30-д жагсдаг компани юм байна. БНСУ-ын Инчон хотын наадмыг очиж үзэж байсан. Тэнд 40 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг 320 сая ам.доллараар барьсан. Тэгэхээр бидний төлөвлөгөө муугүй гэж бодож байна.

Өндөр зэрэглэлийн
зочид буудал

-Хямдхан юм чанаргүй байдаг гээд шүүмжлээд эхлэх байхдаа.

-Засгийн газар Монгол төрийн наадамдаа анхаарал хандуулаад БНХАУ-ын Засгийн газарт төслийг дэмжих санал оруулбал манай мэргэжилтнүүд ажиллаж эхэлнэ. Чанарт хяналт тавих чадвартай мэргэжлийн байгууллагууд манайд олон бий. Нөгөө талаас дэлхийд үйл ажиллагаа явуулдаг Шанхай группын хамгийн том брэнд бол нэр хүнд. Тэд 130 ам.долларын хөрөнгө оруулалтаар чанаргүй барилга барьж нэр хүндээ унагахгүй байх.

-Энэ том хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нийслэл өөрөө шийдэх чадвартай байхад, яагаад өнөөг хүртэл гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа эхлэхгүй байна?

-Санамж бичигт гарын үсэг зурсаны дараа Эдийн засгийн яаманд албан бичиг өгсөн байдаг. Оны өмнө дахиад Сангийн яаманд өгсөн. Өрийн тааз өссөн гэдэг утгаараа Засгийн газар маань жаахан хүнд байх шиг байна. Одоохондоо дорвитой дэмжлэгалга. Гэхдээ удахгүй өндөр хэмжээний уулзалтаар яригдах мэдээ бий.

-Мөнгө бүтээд, төсөл хэрэгжлээ. Өрийг хэн, хэзээ төлөх вэ?

-130 сая ам.доллар 20 жилийн хугацаатай, жилийн нэг гаруй хувийн хүүтэй зээл. Бид зургаа дахь жилээс үндсэн зээлээ төлж эхэлнэ. БНСУ-ын Морин спортын холбоо 1200 морьтой. Тус холбоо жилд төгрөгөөр тооцвол дөрвөн их наяд төгрөг олдог. Төрийн наадам гэдэг утгаараа төр нэг их ашиг хайх хэрэггүй л дээ. Ёс заншлаа дэлхийд таниулах том ажил шүү дээ. Өндөр байшин, үнэтэй машин унадаг иргэдтэй, хөгжингүй орнууд сүүлийн үед үндэсний өв, соёлоороо өрсөлдөж байна. Олон орны орлогы эх үүсвэр аялал жуулчлал болж хувирсан. Тухайн оронд жуулчид өв соёлыг нь сонирхох гэж ирдэг. Зээлийн төлбөрийн хувьд хүндрэл үүсэхгүй байх.

-Ямар ч ашиггүй ажиллах юм уу?

-Тэгж ойлгож болохгүй. Ийм том байгууламж зөвхөн наадам хийчихээд хаалгаа бариад суухгүй. Удахгүй жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаатай үндэсний амралт, спотын үйл ажиллагаа явуулдаг болно. Гэхдээ зөвхөн төр үйл ажиллагаа явуулаад байна гэсэн үг биш. Цогцолборыг тойрсон их хэмжээний үйлчилгээг хувийн хэвшлийнхэн эрхэлнэ. Маш их ажлын байр, орлого тэдэнд орж ирнэ. “Монгол наадмын цогцолбор” Төрийн наадмаас гадна нарийн менежмент шаардаж байна. Томоохон тэмцээнээс эхлээд хүүхэд залуус чөлөөт цагаа зөв, соёлтой өнгөрүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах асар том орон зай үүснэ. Бидний төлөвлөгөөгөөр жилийн турш, 24 цагийн турш үйлчилгээ явагдана.

-Жилийн дөрвөн улиралд очих ямар нөхцөл бүрдэх вэ?

-Монгол шиг дөрвөн улиралтай оронд бүх төрлийн спортоор хичээллэх боломжтой. Дэд бүтэцтэй газар өвөл, зуны спортын ямар ч төрөл хөгжих боломжтой. 2014 онд арав шахам арга хэмжээ зохион байгуулсан.

-Цэнгэлдэхэд арван мянган хүнд хуушуур, ундаа зардаг байсан бол одоо 30 мянган хүнд үйлчилдэг болох нь. Арай дөнгүүр бизнес хийх хувь хүмүүст ямар боломж байна?

-Хүй долоон худагт зөвхөн морь үзэх гэж 110 мянган хүн ирдэг. Хэрэв бөх, морь, сур гурвыг нэг дор үзнэ гэвэл 250-300 мянган хүн нэг дор цуглах магадлалтай. Одоогийн цэнгэлдэх хүрээлэн дүүрчихсэн байхад, гадна дотор байгаагаас дутахгүй олон хүн байдаг биз дээ. Энэ олон хүн цуглахаар миний төсөөллөөр 1000 хүний суудалтай Зоогийн газар багаар тооцоход арвыг барих хэрэгтэй. Энэ бол нэг л жишээ. Хувийнхан сэтгээд хэдэн ч төрлийн үйлчилгээ нээж болно. Үүнийг төр хийх шаардлага байхгүй. Хувийн хэвшлийнхэн л найдвартай хийж чадна. Гэтэл 1000 хүний Зоогийн газар хэд хоног, ямар орлоготой ажиллах вэ гэдэг асуудал үүснэ. Тэднийг байнгын үйлчлүүлэгчтэй, тасралтгүй, хэвийн ажиллагаатай байлгах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний ажил.

-Гадна, дотны том мөнгөтэй улсууд хөрөнгө оруулах санал тавибал хүлээн авах уу?

-Хүлээж авна. Одоо бидэнд томоохон хөрөнгө оруулалтын санал ирж байгаа. Морин парк, Үндэсний цогцолбор үзүүлбэр гэх мэт. Гэхдээ бид хамтын ажиллагааны гэрээ байгуулахаас газар, үл хөдлөх хөрөнгө оруулалтын гэрээ бол хуулиар зохицуулагдана. Бидний үүрэг цогцолборыг ашиглалтанд оруулж цаашдын менежментийг хийх, дагавар үйлчилгээг хувийн хэвшлийнхэнд ашигтайгаар зохион байгуулах. Дээр нь үндэсний өв соёлыг дэлхийд таниулж, үндэсний болон бусад спортыг дэлгэрүүлж, залуу үедээ боломж олгох.

-Шинэ үйлчилгээ, шоу бодож олсон гэсэн.

-Олон юм бодож байгаа. Дэлхийн олон хотуудад, шар айрагны, улаан лоолины, өдөн дэрний гэх мэт сонирхолтой баяр байдаг. Тэгвэл манайд яагаад дэлхийн хэмжээний цагаан айрагны баяр хийж болохгүй гэж. Үүгээр маш том сурталчилгаа хийж болно. Шагайн харваанаас гадна, шагайн наадаан гэж маш сонирхолтой уламжлалт тоглоом байна. Дэлхий аварга биш гэхэд улсын аварга шалгаруулж болно шүү дээ. Айраг исгэх, өрөм тогтоох, ааруул, хоормог гээд гадныханы нүдийг бүлтийлгэдэг олон сонирхолтой ахуйн хэрэглээ манай бий. Энэ бүхэн чинь ямар ч үлэг гүрвэлээс илүү гадныханыг татна. Тохилог орчин л байвал тэд үүнийг харахын тулд хэдэн ч ногоон төлөхөөс буцахгүй. Уйгагүй хэрэгжүүлж чадвал энэ бүхэн эргээд хувийнханд бизнес болж өгөөжөө өгнө. Манайхан түүнд зохион байгуулагчаар л оролцоно.

-“Монгол хүү” шоу гэж юу вэ?

-Бас нэг санаачлага 21 аймгийг хамарсан 16-18 насны залуучуудыг бөх, морь, сураар өрсөлдүүлэх, бас охидуудыг ёс заншил, зан үйлээр өрсөлдүүлэх тухай санаа.

-Одоо Хүй долоон худагт очвол ямар үйлчилгээ авч болох вэ?

-Морь, дугуй унаж, сур харваж болно. Теннис, бильярд тоглож, гэр, хоолоор үйлчлүүлнэ. Хувь хүн, албан байгууллага бидэнтэй харьцаж ямар ч хэлбэрээр амралт, баяр ёслолоо тэмдэглэж болно. Бэсрэг наадмуудыг зохион байгуулахад ч бэлэн байна.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Ц.Лхам: Их долоо дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд анхаарч, цөм хөтөлбөр хэрэгжүүлнэ

Энэ сарын 7-8-ны өдрүүдэд Германы Бавари мужид оршдог Эльма харшид болсон дэлхийн Их долоогийн уулзалтын талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Дэлхийн бодлогын салбарын судлаач Ц.Лхамтай ярилцлаа.

-Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Их долоогийн ээлжит уулзалт ямар асуудлууд дээр төвлөрөв. Судлаач хүний хувьд та үр дүнг нь хэрхэн харж байна вэ?

-Их долоогийн уулзалт болсон Эльма харш нь Бавари мужид уулархаг үзэсгэлэнт байгальтай газарт байрладаг. Очиход тийм амар биш. Тиймээс юун түрүүнд аюулгүй байдлыг хангаж чадсан. Их долоогийн уулзалтын үеэр жил болгон жагсаал цуглаан болдог. Энэ удаад ч зохион байгуулагч оронд болсон жагсаалын үеэр ямар нэгэн асуудал гараагүй, харьцангуй тайван болсноороо онцлог. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “Герман бол жагсаал цуглааныг хүлээн зөвшөөрч, түүнд хүлээцтэй хандаж чаддаг улс болохоо дэлхий нийтэд харуулж чадсандаа бахархаж байна” гэсэн л дээ. Их долоо уулзалтынхаа эхний өдөр эдийн засгийн асуудлыг голлосон. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгааг дүгнээд, тогтвортой өсөлтийг хэрхэн хангах тал дээр ярилцсан. Мөн худалдаа, санхүүгийн зах зээл, татварын асуудлыг хэлэлцсэн байна. Өнгөрсөн жил хуралдсан Их долоогийн уулзалтаас хойш дэлхийн эдийн засгийн байдал харьцангуй тогтвортой байна гэж үзсэн. Газрын тос, эрчим хүчний үнэ буурсан нь Их долоогийн ихэнх орнуудын эдийн засагт таатай нөлөө үзүүлж байгаа. Гэвч нөгөөтэйгүүр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч тэрхүү долоон улсын хувьд ажилгүйдэл мөн л өндөр хэвээр байна. Хөрөнгө оруулалтын түвшин бага байна. Улсын болон хувийн секторын өр их байна гэсэн тулгамдсан асуудлаа шийдэх, бүгдэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтөд хүрэхийн төлөөх хүчин чармайлтаа үргэлжлүүлэх шаардлагатай гэдэгт тэд санал нэгдээд байгаа.

-Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд юуг голчлов?

-Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд “Техник технологио хөгжүүлье, боловсрол инновацийг ахиулъя, оюуны өмчийн эрхийг хамгаалъя. Хөрөнгө оруулалтын орчинг жижиг дунд хөрөнгө оруулагчдад ээлтэй болгоё. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Бүтээмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй” гэдэгт Их долоо саналаа нэгтгэсэн. Дэлхий нийт урт хугацааны туршид үргэлжлэх эдийн засгийн өсөлтөд хүрэхийн тулд дэлхийн уур амьсгалыг хэвээр нь хадгалан хамгаалах, эрүүл мэндийн салбарыг дэмжих, тухайн нийгэмд гишүүн бүрийнх нь оролцоо тэгш эрхтэй байхад чухалчлан анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, эдгээрийг хөтөлбөрийнхөө гол цөм болгох үүргийг Их долоо хүлээх аж.

-Улс орнуудын гадаад худалдааны харилцааг зохицуулахын тулд ямар чиг шугам баримтлахаар болсон бэ?

-Худалдаа, хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлт, ажлын байр, тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч болдог. Иймд худалдаа аль болохчөлөөтэй байх ёстой гэсэн чиг шугамыг баримтална. Худалдааны янз бүрийн хязгаарлалтуудыг бууруулах хэрэгтэй гэж үзсэн. Зарим улс дотоод зах зээлээ хамгаалахын тулд өөр орны бүтээгдэхүүнийг зах зээлээс шахдаг явдал бий л дээ. Энэ байдалтай тэмцэх нь зүйтэй гэдэгт Их долоо санал нэгдсэн.

-Ямар арга хэмжээ авах юм бол?

-Дэлхийн Худалдааны Байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр” (Trade Facilitation Agreement)-ийг 2015 онд хүчин төгөлдөр болгохыг чармайж байгаа.Их долоо үүнд анхаарлаа хандуулж, энэ ондоо багтааж, хэлэлцээрийг соёрхон батлах үүрэг хүлээж байна. Мөн бүс нутаг хоорондын болон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явдлыг дэмжиж байгаа аж. Ялангуяа Европын холбоо АНУ-тай хийж байгаа чөлөөт худалдааны хэлэлцээр байна. Мөн Европын холбоо Японтой, Канадтай хийж буй худалдаа, эдийн засгийн хэлэлцээр болон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж дуусгана гэдэгт найдаж буйгаа Их долоо нэгэн дуугаар илэрхийлсэн байна лээ. Үүнээс гадна, Европын холбооны орнуудын хоорондын дотоод худалдааг оролцуулан тооцвол дэлхийн худалдааны бараг 50 хувь нь Их долоод хамаарч байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн гинжин сүлжээнд ихээхэн анхаарал хандуулах шаардлага Их долоод тулгарч байна.

-Дэлхийн худалдааны 50 хувь нь Их долоод хамаатай гэлээ. Тэгэхээр тэд худалдааны гинжин сүлжээнд ямар байдлаар анхаарал тавих бол?

-2013 онд Бангладешт Рана Плаза оёдлын үйлдвэрийн барилга нурж, олон хүн амиа алдсан. Тэрнээс хойш бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн асуудалд ихээхэн анхаарал хандуулах болсон. Ази, Африкийн хөгжиж байгаа орнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангагдаагүй нөхцөлд үйлдвэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авч буйн хувьд Их долоогийн орнууд үүнд хариуцлагатай хандах ёстой. Тэнд ажлын байрны зохистой нөхцөлийг бий болгохын тулд Их долоогийн орнууд илүү анхаарал тавья. Нөгөөтэйгүүр найдвартай, тогтвортой ханган нийлүүлэлтийн гинжин сүлжээг бий болгохын тулд Их долоо хамтын хариуцлага хүлээх нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг ажил хэрэг болгохын тулд сан (Vision-Zero-Fonds) байгуулахаар болж байна. Уг сан нь Дэлхийн Хөдөлмөрийн Байгууллагатай нягт хамтарч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, ажлын байрны норм стандарыг хангах, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх зорилготой ажиллах юм билээ.

-Их долоо Украины асуудлаас үүдэлтэйгээр ОХУ-д тавьсан хоригоо үргэлжлүүлэх төлөвтэй байна. Асуудал цаашид хэрхэн өрнөх бол гэсэн хүлээлт дэлхий нийтийн анхаарлын төвд байна?

-Их долоогийн уулзалтаар гадаад бодлогыг өргөн хүрээнд авч хэлэлцсэний дотор Украины асуудалтай холбоотойгоор ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ нэлээд анхаарал татлаа. Энэ удаагийн Их долоогийн уулзалтаар, ОХУ олон улсын эрх зүйг зөрчин Крымыг өөртөө нэгтгэснийг нэгэн дуугаар шүүмжилж байсан. Украины зүүн өмнөд хэсэгт үүсээд байгаа зөрчлийг Минскийн хэлэлцээний дагуу улс төрийн арга замаар шийдвэрлэх ёстой. ОХУ Украины тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг хүндэтгэж үзэж, улмаар Минскийн хэлэлцээг 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Минск хотноо гарын үсэг зурсан багц арга хэмжээний хамтаар бүрэн биелүүлсэн нөхцөлд л Их долоо тус улсын эсрэг авч буй хориг арга хэмжээгээ зогсооно. Эс бөгөөс зогсоохгүй гэж байгаа л даа. Бүр зайлшгүй нөхцөлд хориг арга хэмжээгээ чангатгахад бэлэн байна гэдгээ ч мэдэгдсэн. Тиймээс ОХУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй нөхцөлд Их долоо Украины асуудлаар ОХУ-ын эсрэг хатуу байр сууриа хадгалах шинжтэй байна.

-ОХУ-д тавьсан хоригийг Их долоо ямар байдлаар чангатгах юм бол?

-Тэр талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй. Гэхдээ өөрсдөө ийм алхам хийхийг хүсэхгүй байгаа гэдгээ бас мэдэгдсэн. Цаашид Минскийн хэлэлцээг хэрэгжүүлэхийн төлөө Их долоогийн орнууд ажиллах болно гэсэн байр суурьтай байгаа. Мөн энэ хүнд цаг үед Украинд санхүүгийн болон техникийн тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд олон улсын санхүүгийн байгууллага хийгээд бусад түншүүдтэйгээ нягт хамтран ажиллана гэдгээ Их долоо мэдэгдсэн.

-Хэрэв ОХУ Минскийн хэлэлцээг биелүүлчихвэл урьдын адил Их долоог Их найм болгох боломж нь нээлттэй байгаа юу?

-Судлаачийн хувьд тэгэх байх гэж таамаглаж байна. Их долоо хоёр дахь удаагаа ОХУ-гүйгээр хуралдлаа. Хэрэв ОХУ Минскийн хэлэлцээг биелүүлчихвэл Их долоогийн зүгээс хориг арга хэмжээнүүдийг цуцална. Сая Их долоо хуралдахын өмнө Германы дотоодоос томоохон шүүмжлэл гараад л байсан. Зарим улстөрчид “Оросгүйгээр асуудлыг шийднэ гэж юу байхав” гэж байсан ч Их долоо ОХУ-ыг оролцуулахгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсч чадсан.

-Манай хөрш ОХУ-д тавьсан энэхүү хориг арга хэмжээ Монголд яаж тусах вэ?

-Украины асуудал Монголд нөлөөлөх байдал нь хоёр талтай. Хэрэв ОХУ Минскийн хэлэлцээг удаа дараа ноцтой зөрчөөд, цаашид асуудал даамжирвал хурц байдалд орж болзошгүй. Монгол Европын орнуудтай найрсаг харилцаатай байдаг болохоор ацан шалаанд орж магадгүй. Ер нь энэ байдал хурцадвал Монголд аюултай гэж бодож байна. Нөгөө талаар ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ хэвээр үргэлжилсээр байвал тус улсын бодлого Ази руу чиглэнэ. Орос, Монголын харилцаа хамтын ажиллагаа улам ойртоно.

-Халдварт өвчин, терроризмтой тэмцэх асуудлыг Их долоогийн уулзалтаар чухалчилдаг. Энэ удаад ямар шийдвэр гаргасан бэ?

-Терроризмтэй тэмцэх, ялангуяа терроризмын санхүүжилтийг зогсоох асуудалд Их долоо өндөр ач холбогдол байгаа. Террористуудын хөрөнгийг царцаахын тулд олон улсын зохицуулалтыг үр дүнтэйгээр ашиглах, бүхий л санхүүгийн урсгалыг улам бүр ил тод, тунгалаг болгох арга хэмжээг авах болно гэдгээ Их долоо мэдэгдсэн.

Халдварт өвчинтэй тэмцэх асуудалд Эболагийн дэгдэлт дээр тогтож ярьцгаасан. Эболагийн дэгдэлт нь дэлхийн эрүүл мэндийн салбарт их зүйл хийх ёстойг, мөн өргөн тархацтай халдварт өвчинтэй тэмцэх түргэн шуурхай, үр дүнтэй механизмыг бий болгох шаардлагатай байгааг нотлон харуулсан. Иймд, ирэх 5 жилд Баруун Африкийн зэрэг 60 улс оронтой эрүүл мэндийн тогтолцоог нь сайжруулахад хамтран ажиллах санаачилгыг АНУ-ын зүгээс гаргасныг Их долоогийн бусад улсууд дэмжсэн байна.

-Тэгвэл ядуу буурай орнуудыг хөгжүүлэхэд ямар ажил хийж байна вэ?

-Мянганы хөгжлийн зорилт 2015 онд дуусч байгаа. Тэгэхээр дараагийн зорилтуудаа тодорхойлох хэрэгтэй болж байна. Ирэх есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хөгжлийн дараагийн зорилтоо ярилцана. Тэр үед 2030 он хүртэл тавих хөгжлийн зорилтууд нарийн тодорхойлогдох бөгөөд Их долоогийн зүгээс 2030 он гэхэд дэлхий дээрх хэт их ядуурлыг арилгая гэдэгт санал нэгдэж байгаа. Энэ тухайд Их долоогийн орнууд 2030 он хүртэл хөгжиж буй орнуудын 500 сая хүнийг хэт өлсгөлөнгөөс аврахын төлөө чармайх болно гэдгээ мэдэгдээд байна.

-Уур амьсгалын өөрчлөлтөд Их долоо нэлээд анхаарал тавьж хүч хаяж байх шиг ээ?

-Энэ оны арванхоёрдугаар сард Парис хотноо Уур амьсгалын дээд хэмжээний уулзалт болно. Их долоогийн уулзалт нь энэ дээд хэмжээний уулзалтын бэлтгэл хангах, оруулах саналаа нэгтгэхэд чиглэгдсэн. Их долоогийн орнууд энэхүү дээд хэмжээний уулзалтаар уур амьсгалын дэлхий нийтийн хэлэлцээр протокол байгуулах нь зүйтэй гэж байна л даа. Уг хэлэлцээрт заавал биелүүлэх заалт оруулъя, тухайлбал, дэлхийн уур амьсгалын дулаарлыг сааруулах “Хоёр градус”-ын зорилгыг оруулъя. Үүнийг биелүүлэхийн тулд нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг 2050 он гэхэд2010 онтой харьцуулахад 40-70 хувиар бууруулах нь зүйтэй гэсэн саналыг Их долоогийн зүгээс гаргаж байна. 2020 оноос эхлээд жил болгон 100 тэрбум ам.долларыг цуглуулаад дэлхийн уур амьсгалыг хамгаалахад сан байгуулах тухайд Их долоо санал нэгдээд байгаа.

Эцэст нь дүгнэн хэлэхэд, энэхүү Их долоогийн уулзалт нь дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг авч хэлэлцэн, байр сууриа нэгтгэн, зарим тодорхой саналыг дэвшүүлснээрээ багагүй үр дүнтэй боллоо.

М.Мөнхцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Rapper Gee: Би залуусыг баар руу биш заал руу татмаар байна

Rapper Gee буюу Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Rapper Gee ямар мэргэжилтэй хүн бэ. Хэзээ сургуулиа төгсөж байв?

-Радио телевизийн дээд сургуулийг 2005 онд сэтгүүлч, зураглаач мэргэжлээр төгсөж байлаа. Багаасаа л сэтгүүлч болно гэж боддог байсан учраас Чойномыг уншиж өссөн.

-Яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ?

-Би одоо ч мэргэжлээрээ ажиллаж байгаа шүү дээ. Сэтгүүлч хүнтэй л адил өөрийнхөө дуугаар хүмүүст дуугаараа ямар нэг санаа өгдөг. Түүнийг ойлгох нь ойлгож, ойлгохгүй нь ойлгохгүй л явж байгаа болов уу.

-Сургуулиа төгсөөд л хип хопоор дуулсан юм уу?

-Их сургуулиа төгссөнийхөө дараа хэсэг мэргэжлээрээ ажиллаж байгаад гарсан. Тухайн үед таксины жолооч, худалдагч, ачигч гээд хийж үзээгүй ажил бараг байхгүй. Би багаасаа шүлэг бичиж, хүүхэд байхаасаа л хип хоп гэдэг зүйлийг оролдож эхэлсэн юм. Одоог хүртэл хип хопоо хаяагүй л явна.

-Тухайн үед хип хоп буюу rapper хүнийг сонсогчид яаж хүлээж авдаг байв?

-Хүмүүс анх доромжилно, шоолно гээд янз бүрийн л хандлага гаргадаг байсан. Би шантралгүй зүтгэсэн. Одоо би хүмүүст жаахан танигдаж, хүрч байгаа юм болов уу. Нөгөө талаас хип хопыг одоо хүмүүс ойлгодог болсон.

-Таны дуунууд этгээд, хараалын үг их байдаг. Хүмүүс дууг чинь сонсоод танхай залуу гэж ойлгодог ч амьдрал дээрээ их боловсон залуу гэдэг юм билээ?

-Би дуунуудаа хүмүүстэй ойлголцдог, ярилцдаг хэлээрээ бичдэг болохоор надад ямар ч этгээд үггүй санагддаг. Гэхдээ тэрийг сонсогчид дүгнэх байх. Өөрийгөө соёлтой гэх нь хаашаа юм. Би хүмүүст таалагдах гэж биеэ барилгүй өөрийнхөөрөө л байдаг. Намайг байгаагаар минь ойлгож байгаа хүмүүс л миний жинхэнэ нөхөр болж явдаг гэж боддог.

-Та уран бүтээлээрээ юу илэрхийлэхийг зорьж байна?

-Уран бүтээл гэж ярьж чаддаггүй юм. Айхтар урлагт орчихсон хүн би биш л дээ. Дуртай болохоороо л дуугаа гаргаад явна. Өөрийгөө бусдад илэрхийлж, нийгэмд болохгүй байгаа зүйлийг дуугаараа илэрхийлдэг. Дуу маань Хит парадад тэргүүлэх ч юм уу, эсвэл энд тэндхийн тоглолт дээр очиж дуулж мөнгө олохдоо чухал биш. Миний дууг арван хүн сонслоо гэхэд ядаж тав нь ойлгож, гурав нь амьдралдаа тусгаад хэрэгжүүлж эхлэх юм бол тэр амжилт. Би тэгж бодож дуугаа хийдэг.

-Таныг хип хопдоо үнэнч үлдсэн ганц хүн гэх юм. Rapper, MC гэхээр хэдэн дуу гаргачихаад л алга болчихдог юм шиг харагддаг?

-Хип хопод зүрх сэтгэлээ өгсөн хүмүүст зориулж дуулдаггүй сонирхлоороо үлдээсэн залуус олон. Надаас чадвартай хүмүүс их шүү дээ. Тэднийг үгүйсгэж болохгүй.

-Гэр бүлийнхнийхээ талаар яриач. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Манай аав насаараа л армийн хүн байсан. Ээж минь их дайчин хүчтэй эмэгтэй бий. Би дээрээ ахтай айлын хоёр дахь хүүхэд. Ах бид хоёр таван насны зөрүүтэй болохоор хэтэрхий дундаа ороод байдаггүй. Ахыгаа дүү шиг нь хүндэлдэг.

-Хэнээс үлгэр, дуурайлал авдаг байв?

-Өсвөр насандаа “Дайн ба энх” хамтлагт их дуртай байсан. Тухайн үедээ их дуурайдаг байсан юм. Одоо амьдрал урсгалаараа намайг ийш тийш нь чиглүүлж байна. Би дагахдаа дагана, сэлүүрдэхдээ сэлүүрдээд л явж байна.

-Нэлээд олон шивээстэй юм, сонирхол чинь юм уу?

-Би өөрийнхөө дууг урлаг гэж хэлж чаддаггүй мөртлөө шивээсийг тэгж ойлгодог. Сүүлийн үед Монголын шивээс огцом хөгжиж байгаа гэж би дүгнэж байгаа. Таван жилийн өмнө шивээс хийдэг байсан технологи одоо хэд дахин илүү хөгжчихсөн. Шивээсээ голдуу Зөгий, Або найзуудаараа болон Нараа гээд шивээсчин бүсгүйгээр хийлгэдэг. Шивээс гэдэг чинь интернетээр зураг хараад л шууд хийлгэчихдэг зүйл биш. Шивээсийг хүний дотоод үзэл бодлыг биеийн гадна гаргах урлаг гэж би ойлгодог. Хүнтэй ярихгүй хувцасаа тайлахад хаанаас ирсэн, ямар үзэл бодолтой хүн бэ гэдэг маань шууд харагдана. Тиймээс шивээснийхээ утга санааг би өөрөө тийм утгатай, ийм өгүүлэмжтэй байвал гоё юм байна гээд сэтгэлдээ буулгачихна. Тэрийгээ шивээсчидтэйгээ ярилцаад тэд зураг болгож буулгадаг юм. Бэлэн болсон зургаа ярилцаж байгаад л арьсан дээрээ буулгадаг даа. Би өөрөө зураг зурах авьяасгүй хүн. Зураг зурах нь байтугай бичгийн цаасан дээр тэгшхэн ч бичиж чаддаггүй юм.

-Шивээсээрээ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг юм байна. Дахиад шивээс хийлгэх үү?

-Тийм шүү. Надад сул зай зөндөө байгаа болохоор мэдээж дахиад шивээс хийлгэнэ. Энэ чинь нэг талаараа миний хобби болчихсон зүйл.

-Та ямар стиль, имижтэй хүн бэ?

-Айхтар стиль, имиж гэх нь хаашаа юм. Өөртөө таалагддаг хувцсаа л өмсдөг. Түүнээс хэт гангарахгүй. Урлагийн хүмүүсийг хараад байхад соёлтой гоё байдаг л даа. Тайзны ард нүүрээ будаад тоглолтынхоо хувцсыг сольж өмсөөд дуулж байгаа харагддаг юм. Би болохоор өглөө юу өмсөж гарсан тэр чигтээ л тайзан дээр гарчихдаг ш дээ.

-Эхнэр хүүхдийнхээ талаар яриач. Хэр сайн аав бэ?

-Манай эхнэр хараа зүйн судалгааны хүрээлэнд ажилладаг. Охин маань одоо дөрвөн настай. Цэцэрлэг нь амарчихсан гэрээ буулгаад л сууж байгаа даа. Ар гэрээ авч яваа учраас аавын нуруун дээр их олон ачаа бий. Энэ бүгдийг зохицуулахын тулд хичээгээд л явж байна. Санасан шигээ байнга гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй юм. Би бусад аавууд яаж хичээдэг түүнтэй адил оролдлоготой аав юм уу даа.

-Залуу хүний хувьд баримталдаг зарчим?

-Амьдралд маш их бэрхшээл бий. Тэр болгонд шантрахгүйг хичээж амьдарч байна. Би хүмүүс шиг теньтэй машины цаана суугаад амьдралаас тасарчихсан юм шиг яваад байдаггүй. Энгийн байхыг хичээдэг. Алхах үедээ алхана. Таксидахдаа таксидна. Хааяа автобусанд суух ч үе байдаг.

-Та ойрын үед тоглолт хийх үү?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Юуны төлөө” тоглолтоо хийчихсэн учраас ойрын үед хийхгүй болов уу. “Юуны төлөө” тоглолт маань миний хувьд 2010 оны “Монгол реппер” тоглолтоос илүү болсон гэж бодож байгаа. Одоо байгаа түвшингээ ахиулж байж тоглолт хийхгүй бол нэг төрлийн дуу сонсоод байх хүмүүст сонин биш шүү дээ. Магадгүй дөрвөн жилийн дараа л тоглолтынхоо талаар ярих байх.

-Арай удаан хугацаа биш үү?

-Тоглолт хийгээд мөнгө олдоггүй ш дээ. Миний хувьд өөрөө болон хүмүүст кайф өгөх гэж л тоглолт хийдэг.

-Хүсэл, мөрөөдлийнхөө талаар яриач?

-Би хүүхэд байхдаа сэтгүүлч болно гэж мөрөөддөг байсан. 2005 онд мөрөөдлөө биелүүлж мэргэжлээ эзэмшиж төгссөн. Би реп оролддог байхдаа намайг гэсэн 50 хүнтэй ч хамаагүй тоглолт хийх юмсан гэж боддог байсан ч дараа нь бүр хоёр мянган хүнтэй тоглолт хийж хүслээ биелүүлж байлаа. Хүний мөрөөдөл дуусах биш. Одоо надад олон мөрөөдөл байна.

-Та “Urban jeans”-тэй хамтран “GEEns”брэндийг хип хоп сонирхогчдод зориулан гаргаж байсан байх аа?

-Тийм өнгөрсөн жил гаргасан шүү дээ. Одоохондоо хийж амжихгүй, зогсчихсон байгаа.

-Саяхан фитнесс нээсэн гэсэн?

-Энэ оны нэгдүгээр сард өөрийн гэсэн фитнесс клубээ нээсэн. Би өөрөө спортоор хичээллэх дуртай. Донтдог гэх үү дээ. Гоё биетэй болох гээд байгаадаа биш. Өөрийгөө дайчилж түлхэх, шахах дуртай. Дээрээс нь намайг залуус харж байгаа шүү дээ. Би залуусыг бар руу биш заал руу татмаар байна.

-Ихэнх цагаа фитнессдээ өнгөрүүлдэг гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав өглөө 10-12 цагийн хооронд багийнхантайгаа бэлтгэлээ хийдэг. Ер нь долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг юм байна. Манай фитнессийн багш нар дандаа мэргэжлийн хүмүүс. Багш нараа амарчихсан байхад нь хаяахан би өөрөө багшилчихдаг юм.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цаг гарвал найз нөхөдтэйгөө ойр байхыг хичээдэг. Би өөрөө уудаггүй болохоор найзуудтайгаа “Playstation” их тоглодог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-“Зангараг” киноны “Амьдралын шаардлага” дууг Эгшиглэнтэй дуулсан. Одоо мөн “Десант” хамтлагтай “Хам” гэдэг цомгон дээр ажиллаж байна. Наймдугаар сард цомгоо гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Хамтлаг дуучидтай түлхүү хамтарч ажиллаад байна уу?

-Би олон хүнтэй хамтраагүй. Хамтарч дуулахдаа их ажиглаж байж шийддэг. Тэр хүн мундаг авьяастай байх нь чухал биш. Үнэхээр сайн нөхөрлөх хүнтэй л би хамтаръя гэж боддог. Авьяас чадвараас нь илүү хүний чанарыг хардаг юм.

-Rapper Gee кино урлаг руу ороод байх шиг. Танд жүжиглэх ямар санагддагвэ?

-Хүмүүс санал тавиад таалагдвал тоглочихдог. “Алтан ус”, “Микроны босс” хоёр дээр гол дүрд тоглосон. Мөн “Долдугаар сарын 1”, “Зангараг” кинонд жижиг дүр бүтээх гэж оролдсон байгаа. Би жүжигчин биш учраас жүжиглэх хэцүү. Сургуулийг нь төгсөөд олон жил ажиллаж байгаа хүмүүс байхад би энд бардамнаж болохгүй л дээ. Өөрт оноогдсон дүрдээ хэрэндээ жүжиглэхийг оролдлоо, хичээлээ. Үзэгчид намайг дүрдээ орж уу, үгүй юу гэдгийг шүүх болохоос би энд болчихсон, тэр дүрд гоё тоглосон гээд байж болохгүй.

-Өсвөр насныхан хип хоп их сонсдог шүү дээ. Өөрөөс чинь зөвлөгөө авдаг уу?

-Сошиал ертөнцөөр их зөвлөгөө авдаг. Би чадахаараа л хариу өгдөг. Намайг сонсдог, дэмждэг хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Ер нь хүн юм хийхгүй байна гэдэг хэцүү. Эсрэгээрээ юм хийнэ гэдэг бүр хэцүү. Янз бүрээр хэлүүлж чичлүүлдэг юм билээ. Тэр болгонд босгож чиглүүлдэг зүйл бол намайг дэмждэг хүмүүсийн урмын үгс байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнхжин зураачийнд өнжив

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Цүлтэмийн Мөнхжин гуайнд өнжлөө. Бямба гаригийн үдийн алдад бид Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороололд байх гэрт нь очив. Мөнхжин гуай урьд өдөр нь Санзай яваад бидний яг өмнөхөн гэртээ иржээ. Ямар ч юм бэ нэгэн намын хурал уулзалт яриа хөөрөө болсон юм байх аа. Тэр тухайгаа сонин болгож дуулгасаар биднийг угтсан ч намын явдлыг сайн ойлгосонгүй тул ингээд орхиё. Гэргий Ганчимэг нь унд хоол бэлдээд гал тогоондоо байж таарав. Намсрайн Ганчимэг гэж Хөгжим бүжгийн коллежид багшаас эхлээд уран сайхны удирдагч, дэд захирал хүртэл нь олон жил ажиллаж тус сургуулийг өнөөдөр чанар чансаагаар консерваторийн зэрэгт хүртэл нь урагшлуулахад амьдралаа зориулж яваа, төгөлдөр хуурч мэргэжилтэй хүн байдаг. Хуучны Намын төв хорооны Намсрай, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Цогзолмаа хоёрын охин, ардын жүжигчин Сувдын дүү гэхээр хүмүүс андахгүй. Алба ажлынх нь хүрээнд Ганчимэг гуайг эчнээ сайн мэдэх ч өмнө нь нүүр тулж уулзаж ярилцаж байгаагүй бид дотроо нэлээн сүрдэнгүй. Тийн суух зуур гялалзуур хурдан хөдөлгөөнтэй, инээмсэглэсэн дугуй цагаан царайтай тэр эмэгтэй орж ирэн гар барьж мэндлээд тавтай үдлэхийг урилаа.

Мөнхжин гуайнх их л амгалан тайван агаар амьсгал ноёрхсон, энгийн мөртлөө тийм нэг сонгодог хэв маягийн ч юм шиг, элдэв яриа дэлгэн өнжин суухад таатайхан айл юм. Эднийх ганц охинтой, охин нь далайн чанадын Япон оронд олон жил суралцаж байгаа учир гэртээ хоёулхнаа амьдардаг аж. Элдэв дээдийн хогшил овоолоогүй энгийн тэнүүнорчин сэтгэлд өег дулаахан санагдах бөгөөд зочны өрөөний нэг буланд шаргал өнгө нь гялалзсан, сүүлийн үеийн гэхээргүй ч бас хуучных ч гэмээргүй төгөлдөр хуур байна. Ноотны дэвтрүүд, хөгжмийн зохиолын партитурууд ч юм уу өрөөстэй эл төгөлдөр хуурын дээр Людвиг ван Бетховены цээж баримал их л содон харагдана. Цав цагаан, цээж баримал гэхэд арай жижигхэн, суутны толгойн баримал юм. Мөнхжин гуайн ярианаас энэ баримлыг ардын зураач Н.Цүлтэм гуай бэрдээ дурсгасан гэдгийг мэдэв. Н.Ганчимэг гуай Армянд хөгжмийн энд дунд сургуулийг нь төгсөөд улмаар Консерваторт нь сурч төгсөөд эргэж ирэн Хөгжим бүжгийн дунд сургууль одоогийн ХБК-д багшаар ирэхэд энэ хоёр танилцаж гэр бүл болсон байна. Мөнхжин гуайн ихэр ах Энхжингийн гэргий Алтанцэцэг, хийлч Чулууны Чинбат, Дуламсүрэн, Сарантуяа гэхчлэн Армянд хамт суралцсан найзууд Хөгжим бүжгийн дунд сургуульд ажиллаж байж. Тэр үед Энхжин нь гэргий Алтанцэцэгтэйгээ танилцаад удаагүй үерхэж байх зуур Ганчимэг төгөлдөр хуурч төгсч ирснээр ахынхаа ойрын хөгжимчдийн тэр хүрээлэлд Мөнхжин зураач гэргий болох бүсгүйтэйгээ учирсан аж. Аль алиных нь аав, ээжүүд ч бие биенээ сайн мэдэх, Монголын орчин цагийн урлагийн үндэс суурийг тавилцаж явсан нэгэн үеийн лидерүүд. “Манай хадам ээж бүр багадаа арван хэдтэйдээ Ленин клубт дуулдаг, манай аав баян хуур тоглодог байсан юм байна лээ. Тэр үеэс бие биенээ мэддэг улс” гэж Мөнхжин гуай ярив. Н.Цүлтэм гуай удирдан Монголын урлагийнхан анх удаа Азийн орнуудаар аялан тоглож, уран зургийн үзэсгэлэн гаргаж, аав ээжүүд нь залуудаа Монголоо гадаадад сурталчилж явсан тэр үйл явдлын гэрэл зургууд хүртэл түүх болон эдний гэр бүлийн зургийн цомогт үлджээ.Манай урлаг Азид гарсан анхны тэр багт Л.Цогзолмаа гуай, хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн, нугараач Мажигсүрэн, ёочинч Дашдаваа гэхлэн хожмын алтан үеийхэн цуг явцгааж, тэр үйл явдлыг мөн хожмын нэрт кино найруулагч Жигжид гуай гэрэл зургийн хальснаа буулган үлдээжээ. Ер нь Н.Цүлтэм гуай ихэр хөвгүүддээ бүр бага балчраас нь урлагийн түүх их ярьж өгдөг, гэр орноор нь ч манай урлагийн алтан үеийхэн байнга орж гардаг байж. Хавар болохоор ихрүүдээ дагуулаад талбайгаар зугаалдаг, нэг удаа хоёр хүүдээ улаан, саарал хоёр гутал өнгө солбин өмсгөчихөөд явж байж. Ихрүүд улааныг нь өмсөх гээд булаацалдаад байхаар нь хоёуланд нь улаан саарал, улаан саарлаар тэнцүүлж өмсгөчихөөд явж тааралдсанаас хойш одоо хүртэл Энхжин Мөнхжин зураачдын бага насны хөгжилтэй амьдралыг дамжуулан ярьж хөгжилддөг гэнэ.

Мөнхжин Ганчимэг хоёр Гэрлэх ёслолын ордныг ашиглалтад ороод удаагүй байхад тэнд хуримаа хийжээ. Тэндээсээ ДСНК буюу одоогийн Оросын соёл, шинжлэх ухааны төвийн нэгдүгээр давхарт байрлах ресторанд хуримын цайллага хийж байснаа дурсан ярив. ХБК-ийн урдах 64 дүгээр дэлгүүртэй байранд, айлын байранд залуу хосын амьдрал эхэлж. “Охин Анар маань төрлөө. Гурвуулаа тэнд нэг жил болсон. Тэгж байтал Шүр эгчийн нөхөр Балдорж Коммунист намын сургуульд явав. Шүрээ эгч хүүхэдтэйгээ хоёулхнаа байрандаа үлдэхэд нь бид гурав тэднийд нэг жил амьдарсан. Бас ээжийнд ч нэг жил байл уу даа. Тэгж байтал аав хоёр өрөө байр авч өгсөн юм. Би сургуульд багшлаад, байрны хувиараа бичүүлчихсэн байсан чөгөхгүй л байж л дээ. Тэгээд аав маань Лениний музейн хажууд хоёр өрөө байр авч өгөв. Түүнээ гурван өрөө болгон сольж томсгоод энэ байраа авсан юм. Зургаа зурахад зай талбай хэрэгтэй гэж л арай жаахан томсгож байгаа юм. Тэр бол 1986 он. Дөрөвдүгээр хороолол ашиглалтад ороод нэг жил болж байсан үе” хэмээн Мөнхжин гуай гал голомтоо анх хэрхэн бадраасан нандин дурсамжаа сөхөж байна. Энэ зуур Ганчимэг гуай хэдийнэ дэргэд ирж “Тэр үед энэ их зэлүүд газар байсан юм. Одоо л шавааралдчихаад байгаа болохоос. Би ч заримдаа байршлаа сольё гэдэг байсан ч сүүлдээ эндээсээ бүр хөдлөх дургүй болсон доо” гэв. Ер нь Монгол хүний ухамсар бол амьдралыг үргэлж ажиглаж амьдардаг, тэр нь бараг шинжлэх ухаан маягтай болчихсон. Тэнгэрийнхээ байдлыг ажиглаж амьдардаг, түүхийнхээ уламжлалыг дагаж амьдардаг, хүний зан байдлыг ажиглаж зохицож амьдардаг. Монгол хүний амьдрал бүхэлдээ тийм.Энэ жишгээр ажиглаад байхад голомтоо байр байшингаа зараад байсан хүн ер нь л алдаад байдаг. Энэ чинь аавын маань авч өгсөн байшин. Би тэр элдэв хаус, таун маунаар яах юм гэж Мөнхжин зураач тайлбар нэмлээ.Үүнээс үүдэн, хувь хүний мөн чанар хувийн амьдралаа байтугай улс үндэстэн, хүн төрөлхтний түүхийг үеийн үед нуруун дээрээ тээж байдаг гэсэн сонирхолтой “онол”-ыг Ганчимэг гуай дэвшүүллээ. Тэрбээр “Нас ахиад амьдралын мөн чанарыг мэдээд ирэхийн үед хүний ноён нуруу, тууштай чанарыг их тод мэдэрч хардаг юм байна. Хүмүүс ер нь их хувирч өөрчлөгддөг шүү дээ. Харин суурь сайтай, тэр нь өөрчлөгддөггүй хүмүүс их ховор юм. Амьдралын мөн чанарыг барьсан хүн өөрчлөгддөггүй бөгөөд тийм хүмүүс маш ховор юм байна. Хүн төрөлхтний, улс үндэстний хөгжил дэвшил гээд үлдээд үнэт зүйлс нь үргэлжлээд байдгийн учир нь нөгөө л өөрчлөгддөггүй хүмүүсийн нуруун дээр түүх явж ирдэгийнх юм байна л даа. Яг л амьдралын мөн чанарыг таньж мэдсэн, алсыг харсан, гол мөн чанараа барьж чаддаг тийм хүмүүс өнөөдрийн хөгжил дэвшлийг тээж ирсэнбайна. Ийм хөдөлшгүй содон хүмүүсийг “цагаан хэрээ” гэж оросууд ярьдаг. Хэтэрхий нэг талаа барьдаг, фанат гэж буруутгаж ярьдаг л даа. Гэтэл тийм биш. Ийм хүмүүс байхгүй байсан бол амьдрал балрах байсан. Түүхийн явцад хөгжлийг тэр хөдөлшгүй тууштай хүмүүс л нуруун дээрээ үүрч үлддэг. Хүн бүхэн цаг үеэ дагаад хэд дахин хувираад байсан бол өнөөдрийн энэ хөгжил дэвшил байхгүй байсан шүү дээ. Бетховен гэхэд ямар хүнд хэцүү амьдрал туулж агуу бүтээлүүдээ хийлээ дээ. Эд нар байгаагүй бол хүн төрөлхтний өнөөдрийн түүх бүтээгдэх үү” гэж ярьсан юм. Тиймэрхүү хөдөлшгүй занчанарыг эр нөхрөөсөө их тод мэдэрдэг нь түүний ярианаас илт. Тэгээд лийм “онолын” яриа руу хазайчихсан хэрэг л дээ. Хажууд нь хэлбэл онгирчихгүй байгаа хэмээн тэрбээр тас тас хөхөрч сууна. Манай аав, ээжийн үед “суурь хүмүүжил” гэж их ярьдаг байсан юм. Одоо энэ үг сонсогдохгүй болчихож. Суурь хүмүүжилгүй, суурь боловсролгүй хүн гараад яаж олигтой хүн болж, яаж боловсролтой хүн болох вэ. Суурь нь байхгүй юм чинь. Өнөөдөр Монголд маань энэ “суурь” л дутагдаж байна. Тийм учраас амьдарч чадахгүй дээгүүр нь хий хоосон хөвсөлзөөд байна шүү дээ” гэсэн Мөнхжин гуайн яриагаар энэ сэдвийг бид өндөрлөв. Эднийх ганц охинтой гэж дээр хэлсэн. Ганц охин нь философич болж байгаа юм байна. Аав нь зураач, ээж нь төгөлдөр хуурч, эмээ, өвөө нь нэртэй зураач, жүжигчин гээд урлагийн “сонгодог” түвшний гэр бүлд төрж өссөн охин яахаараа философи сонирхдог байна вэ. Бүр гайхмаар. Тэгээд ч философи чинь сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд “хүнд”, “хэрэгцээгүй мэргэжил” гэх мэтийн олон тодотгол зүүгээд байгаа шүү дээ.Нарийн учир шалтгаан гэгч юм бүхэнд байдаг бололтой юм аа. Ганчимэг гуайн ярьж байгаагаар, охиных нь өсч өндийсөн энэ “шилжилтийн” гэх он жилүүд нийгмийн үзэгдлийг сонирхох асар их сонирхлыг охинд төрүүлсэн юм болов уу. Хэн хэнийх нь найз нөхөд бүгдээрээ уран бүтээлчид, эднийхээр байнга ирж очицгоодог тэдний яриа хөөрөөн дунд өссөн хүүхэд гэнэ. Тэгээд охиныг нь жаахан байхад нь нийгэм солигдож байсан үе болохоор аав ээж нь найзуудтайгаа нийгмийн амьдралын болох болохгүйг ихэд шүүмжлэн ярилцдаг, урлаг уран бүтээл ярихаасаа илүү нийгмийн амьдрал, зөрчилтэй үеийн тухай их ярьдаг байсан нь охинд нь нөлөөлсөн байх гэж байв. Тэгээд л миний охинд нийгмийн үзэгдэл, нийгмийн амьдрал их сонирхолтой болж, философийн мэргэжил сонгож дээ гэж би бүр сүүлд ойлгосон гэж байв. Анар охин нь аравдугаар ангиа алтан медальтай төгсчээ.Тэр хүртлээ философийн талаар юу ч ярьдаггүй байснаа яг мэргэжлээ сонгох болсон чинь тун товчхоноор “Би философич болно” гэсэн гэнэ.

Олон улсын харилцаа гэхчлэн орчин цагийн “мөрөөдлийн” хуваарь бэлэн байхад хэн ч тоохоо байчихаад байсан Их сургуулийн фитлософийн ангийг багш нар, ах дүүсийнхээ зөвлөгөөг үл хайхран зөрсөөр байгаад авсан байна. Ганчимэг гуайн аавынх нь талын хамаатнуудаас философийн анги төгссөн гурав дөрвөн ч хүн байдаг гэнэ. Ерээд онд бүх юм задрахад тэд энд тэндэхийн лаборантын ажил хийх болж л дээ. тэгээд “нөгөө мундаг философичид чинь бүгд лаборант болчихсон, дахиж нэмж лаборант гаргаж яах гэсэн юм, болиул” гэж ах дүүс нь ятгасан ч Анар охиныг аав ээж хоёр нь дэмжжээ. Охин нь их сургуулиа төгсөөд Япон руу магистрантурт явжээ. Дараа нь үргэлжлүүлэн докторантуртнийт найман жил тэнд сурч байгаа юм байна. Ирэх долдугаар сард докторын зэргээ хамгаалаад ирэх гэж байгаа гэж байв. “Философи сонирхсон хүн юмыг их олон талаас нь харж дүгнэдэг болчихдог юм байна лээ.Миний охин одоо надаас илүү юмыг дүгнэнэ шүү” гэж Ганчимэг гуай охиноо магтаж байсан. Нөхрийнхөө уран бүтээлд хэрхэн ханддаг тухай нь сонирхвол “Манай Мөнхжин их модерн хүн шүү дээ. Агуулгаараа уламжлалаа хадгалсан хэрнээ маш модерн хэллэгтэй. Би Мөнхжингийн өнгүүдэд их дуртай” гэж товчхон хариулсан юм. Үнэхээр ч Мөнхжин зураачийн бүтээл өнгөнөөсөө гадна дотоод өгүүлэмж нь маш хүчтэй билээ. Нөхөр нь ихэр гэдгийг мэдээд гэргий нь эхэндээ ихэд гайхсан гэнэ. Монгол ёсонд, ихэр хүүхдийн аль түрүүлж төрснийг нь ахынхаа ертөнцөд ирэх үүдийг нээж өгсөн гэж үзээд дүү нь гэдэг юм байна. Энэ ёсоор Мөнхжин дүү нь Энхжин ах нь гэж тайлбарлаж өгөв. Мөнхжин гуайн хадам ээж Цогзолмаа гуайг дөрөв таван настайд аав ээжнь насан өөд болцгоож, Манзуширийн хийдийн ойролцоо хүргэн ахындаа өссөн гэдэг. Тэр ах нь бас Намсрай гэдэг хүн байж. Тэр хүн Москвад элчингээр суух болж, Цогзолмаа гуай Москвад бага сургуульд орсон гэдэг.Гэтэл 1939 оны их баривчлагааны үедНамсрай ахыг нь Москвагаас баривчлан Монголд авчирчээ. “Тэгэхэд ээж минь жаахан ч байж. Ахыг нь баривчлаад гарыг нь гавлаад явахад тэр хүмүүсийн араас жаахан охин шороо цацаад үлдэж байсан гэж ээж минь ярьдаг юм” гэж Ганчимэг гуай ярилаа. Тэгж баривчилж аваачаад шоронд хорьж, цаазын ял оноосон хэрнээ арван жил шоронд суулгаад тавин хэдэн онд цагаатган сулласан гэнэ. Гарч ирснээсээ хойш төхөөрөх гэж байгаа уяатай хонь харж чаддаггүй байсан гэж ээж ярьдаг юм.Шоронд арван жил хоригдож байхдаа хаалга торхийх тоолонд одоо л алах гэж байна боддог байснаа хэлдэг юм. Үнэхээр аймшигтай цаг үе хэмээн ээжийнхээ амьдралтай холбогдуулан өр өвдмөөр түүх сөхсөн юм. Гэтэл аав Намсрайнх нь амьдралыг ч бас хэлмэгдлийн хар сүүдэр дайран өнгөрсөн байх юм. Намсрай гуай эхээс наймуулаа байж. Хамгийн том ах нь гэгээрлийн сайд Баттөмөр гэж хүн байсан нь бас хэлмэгдэж цаазлуулжээ. Намсрай гуайг тавтай жаахан хүүхэд байхад монгол бичигт сургаад хот руу ах руу нь явуулж. Ахынхаа дэргэд амьдарч байгаад Орос руу сургуульд явжээ. Тэр хооронд нь ахыг нь баривчлан цаазалсан юм билээ. 1937 оны анхны 14 хэлмэгдэгсдийн нэг, гэгээрлийн сайд Баттөмөр гэдэг хүн. Монголын томоохон сэхээтэн 14 хүнийг цаазалсан түүхийн хуудас энэ зуур ийнхүү сөхөгдөв. Тэднийг дөчөөд жилийн дараа цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн байна. Тэр бүү хэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн бүх ах дүү хамаатан саднуудыг гэр бүлээс нь хүчээр салгадаг байсан гэнэ. Намсрай гуайн эгчийг хүүхдүүд нь эмээ гэдэг аж. Тэр эмээ нь залуудаа дээрх хэлмэгдүүллээр нөхрөөсөө хүчээр салжээ. “Эмээ маань(аавынх нь эгч) хэлэхдээ, гэрийн хамаг унь ханыг буулгаад бид хоёрыг салгаж байсан юм гээд уйлаад ярьдаг байсан. Эмээгийн маань хүү олон жил дууны найруулагч хийсэн ная гарсан настай хүн байгаа. Тэгж залуугаараа улстөрийн хэлмэгдүүллээр гэр бүлээ салгуулаад аав дээр ирсэн эгчийгээ бид эмээ гэдэг юм. Эмээ маань аав ээжид дэм болж бид нарыг бүгдийг нь өсгөсөн дөө” гэж Ганчимэг гуай ярив. Монголын анхны улстөрийн хэлмэгдэгсэд болох 14 хүний шүүх хурлыг хийхдээ Сүхбаатарын талбай руу цагаан хоолойгоор шууд дамжуулж, “цаазын ял оноосугай” гээд л шууд уншиж байсан, тэр үед эзэнгүй хоосон хашаануудын хаалга савчаад нийслэлд амьдрал нэг их зовиуртай байдаг байсан тухай, жаран оны эхээр зарим айлд цагаатгалын хуудсууд ирж, ар гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байсан тухай сэтгэл шимшрэм түүхийг эргэн дурсав. Аав нь сургуулиа төгсч ирэн, гэгээрлийн сайд болоод хэлмэгдсэн ахынхаа өрөөнд ирэхэд их хэцүү байсан гэж ярьдаг байсныг мөн ярьсан юм. “Ахынхаа сууж байсан ажлынх нь өрөөнд, ширээнийх нь ард суухад их эвгүй байсан” гэж Намсрай гуай хүүхдүүддээ ярьдаг байжээ. Ажилчны сургууль Рабфакт хамт явж суралцсан аавынхаа унаган найз Ю. Цэдэнбал дарга, Б.Ширэндэв академич нарыг ч дурсан ярьсан юм.

Мөнхжин зураачийнд ороход төгөлдөр хууран дээр байх Бетховены шаазан баримал ихэд содон харагдсаныг хэлсэн.Ардын зураач Н.Цүлтэм төрийн шагнал авчихаад шагналынхаа мөнгөөр ч юм уу хөвгүүддээ хөгжмийн боловсролтой болгохоор нэг төгөлдөр хуур авч өгчээ. Тэгээд төгөлдөр хуур дээрээ нөгөө Бетховены хөргөө ихэд бэлгэшээн тавьчихсан байдаг байж. Гэвч ихрүүд хөгжим тоглож сураагүй гэнэ. Цүлтэм зураачийн шүтэж сонсдог хөгжмийн зохиолч нь Бетховен байж.Сүүлд Мөнхжин нь гэрлэхэдөнөө Бетховены баримлаа бэр Ганчимэгтээ өгсөн нь энэ ажээ. Харин Ганчимэг гуайн төгөлдөр хуур Германы Циммерман брэндийн хуур юм.Циммерманы хуурыг анх 1963 онд Монголд орж ирэхэд аав нь авч өгчээ. Одоо бол маш ховор төгөлдөр хуур. 2011 онд анх манайд болсон Шопены нэрэмжит төгөлдөр хуурын олон улсын уралдааныг Ганчимэг гуай санаачилж хийжээ. Гэргийнхээ тухай Мөнхжин зураач ингэж сонирхуулан ярьсан юм. “Ганаагийн Хөгжим бүжгийн коллежид хийсэн нэг чухал ажил бол хүүхдүүдээ олон улсын уралдаануудад оролцуулах зам мөрийг засч нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгсөн явдал. Өмнө ХБК-ийн хүүхдүүд гадаадын олон улсын тэмцээн уралдаанд орж байгаагүй. АнхГанчимэг олон улсын уралдаануудыг сураглаж, холбоо тогтоож, том том тоглогчдын тэмцээнүүдэд бэлтгэхийн тулд хүүхдийг багаас нь хүүхдийн уралдаануудад бэлдье гэсэн бодлогыг дэд захирал байхдаа барьж эхэлсэн л дээ. Түүнээс хойш эдний хүүхдүүд өнөөдөр олон улсын уралдаанд оролцсон, медаль авчирсан нь тоогоо алдсан. Өнөөдөр Карнеги холлд хүртэл тоглож байна. Одоо Монголын хүүхдүүд олон улсын уралдаануудаас дандаа медаль авч байна. Энэ бол Ганаагийн хийсэн том ажил” гэж гэргийгээ магтав.Анх олон улсын тэмцээнд хүүхдүүдээ оруулахаар болоод замын зардал олох гээд хүн бүхнээс гуйгаад явж байснаа гэргий нь ярьсан. Гүйж гүйж нэг зуун доллар олчихоод хөл газар хүрэхгүй баярлаж байсан гэнэ. Тэр зуун долларыг Циркийн дарга Батмөнх 1995 онд өгч байж. Энэ нь ХБК-ийн хүүхдүүд олон улсын уралдаанд оролцсон анхны алхам байжээ. Харин Ганчимэг гуай “Би 1979 онд төгсч ирээд л арван жил хүрэхгүй ажиллаад хичээлийн эрхлэгч болчихсон болохоор гарын шавь олныг бэлдээгүй. Миний шавь нараас дуучин Оюунтүлхүүр маань гавьяат болсон байна. Ганчимэг ХБК-д тэнхмийн эрхлэгч хийж байна. Хэдэн хүүхэд төгсгөсөөн. Эхнийх нь Оюунбадрах гэдэг хүү доктор болчихлоо. Гүнсмаа гээд сайн багш байна. Энэчлэн миний гарын шавь цөөхөн боловч бий” гэв. Анх сурвалжлагаа бэлтгэхээр эднийх рүү ирж явахдаа аавыбнх нь өөрийнх нь ахынх нь бүтээлүүд гээд ханаар нь дүүрэн уран зураг өлгөөтэй байх юм шиг төсөөлсөн минь эсрэгээр байв. Хананд нь нэг ч уран зураг байхгүйд гайхаж л байлаа. Гэвч гэр бүлийн хоёр хоёулаа ихэд энгийн бөгөөд “классик” хүмүүс юм.Ардын зураач, хөдөлмөрийн баатар Цүлтэмийн “Талын айл” гэж алдартай бүтээл байдгийг хүмүүс мэднэ. Ядаж тэр зургийн хуулбар бол лав байгаа даа гэж бодсон минь ч оносонгүй. Дашрамд хэлэхэд, Цүлтэм гуайн тэр бүтээл болертөнцийн тухай монголчуудын төсөөлөл, түүнийг үзэх үзэл, түүн дотор хэрхэн амьдрах тухай монголчуудын зохиронгуйн ухааныг өөртөө агуулсан урлагийн нэгэн сод бүтээлюм. “Талын айл” уран зургийн үнэ цэн нь, байгалиас тасран холдох бус байгальтай найрсан зохирох, нэгдэн зохилдох зарчмаар амьдардаг монгол хүний философийг өгүүлсэнд байдаг бөгөөд энэ философийн уран сайхны илэрхийлэл болсныхоо хувьд “Талын айл” нь Монголын уран зургийн сонгодог бүтээл билээ. Ийнхүү бид Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн Монголын дүрслэх урлагийн нэгэн тод фигур болох Цүлтэмийн Мөнхжингийнд өнжин сууж ярилцлаа.Бидний яриа гэр бүлийнх нь хүрээнд өрнөхөд л Монгол Улс орчин цагийн соёл иргэншилт улс болон төвхнөсөн өнгөрсөн нэгэн жарны түүхэн амьдрал, түүнийг бүтээсэн эрхэм хүмүүсийн тухай, нэн шинэ цагийн Монголын урлагийн ертөнц гээд дахиад дараагийн энэ жарны амьдралыг хамарч байв, Хэтэрхий гэмээр өргөн хүрээтэй, үе удмаараа улс үндэстнийхээ соёл иргэншлийн түүхийг нэр төртэй бүтээлцэж яваа энэ гэр бүлийн амьдралын өнгө төрхийг тоочин өгүүлэхэд ганц энэхэн сурвалжлага хаана нь ч хүрэлцэхгүй байлаа.

Categories
мэдээ цаг-үе

“Баавгай” Батцэцэгт зориулсан “Сэтгэлийн илч” тоглолт болно

Залуучуудын анхдугаар олимпийн аварга, олон түмэндээ “Баавгай” нэрээр танигдсан, чөлөөт бөхийн тамирчин Б.Батцэцэгийн “Тэнгэрт мандаж яваад бэртэл авч газарт буухад хэн ч тоохоо больдог гэдэг үнэн юм байна” ярилцлага “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн билээ. Уг ярилцлага нийтлэгдсэний дараа олон хүн манай сонины редакцид хандан Б.Батцэцэгт туслахаа илэрхийлсэн юм. Үүний дагуу Налайх дүүргийнхэн “Баавгай” Батцэцэгт туслах “Сэтгэлийн илч” аяныг эхлүүлж, хандивын данс нээсэн бол фэйсбүүкт дөрвөн мянга орчим гишүүнтэй чөлөөт бөх сонирхогчдын нэгдсэн “ЧӨЛӨӨТ БӨХ” группийнхэн түүний эмчилгээний зардалд нэмэр болохуйц хандив өргөсөөр байгаа юм. Мөн “Сонгдо”, “Гранд мед” эмнэлгийн хамт олон Б.Батцэцэгийг спортдоо буцан ирэхэд нь бүхий л талаар туслахаа мэдэгдсэн. Энэ мэтээр эх орондоо болон гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд 17-хон насандаа залуучуудын олимпийн аварга болж, Монголын спортын түүхэнд нэрээ үлдээсэн Б.Батцэцэгт тусалсаар байна. Уг аяны хүрээнд “G.B.O” энтертайментийнхан “Баавгай”-д туслах “Сэтгэлийн илч” хандивын тоглолтыг энэ сарын 21-нд “UB palace”-ийн концертын их танхимд зохион байгуулахаар болоод байна.

Уг тоглолтын та­лаар “G.B.O” энтертай­ментийн захирал Э.Ган­баяртай ярилцлаа.

-Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар Б.Батцэцэгт туслах хандивын тоглолтыг зохион байгуулж өгнө үү гэж танай энтертайментийнханд са­нал тавьсан гэж дууллаа?

-Манай энтертаймен­тийнхан саяхан нэг хандивын тоглолтыг амжилттай зохион байгуулсан юм. Чөлөөт бөхийн тамирчид болох гавьяат тамирчин Э.Ням-Очир, Г.Мандахнаран нар “Баавгай Батцэцэг гэдэг манай нэг дүү бий. 21-хэн настай ирээдүйтэй бөх. Харамсалтай нь бэртэл аваад дэвжээнээсээ холдчихоод байгаа. Эмчилгээнд явж, буцаад спортдоо ирэх гээд байгаа юм. Та нар түүнд тусалж, тоглолтыг нь зохион байгуулж өгнө үү” гэж хүсэлт тавьж, тоглолтын санааг анх гаргасан л даа. Ингээд манай “G.B.O” энтертайментийн залуучууд “Баавгай” Батцэцэгт туслах ажилд бүгд нэгдээд, одоо тоглолтын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай явж байна.

-Өмнө нь хандивын тоглолт зохион байгуулж байсан гэлээ. Ямар хүнд тусалсан юм бэ?

-Хүрэлбаатар гэдэг нүүрний хорт хавдартай хүнд зориулж хандивын тоглолт зохион байгуулж өгсөн. Монголдоо зохих ёсны шарлага эмчилгээгээ хийлгээд дууссан. Одоо тэр ах гадагшаа эмчилгээндээ явах гэж байгаа.

-Б.Батцэцэгт туслах хандивын тоглолт зохион байгуулах гээд олон уран бүтээлч, олны танил хүмүүс­тэй уулзсан байх. Тэд хэр хүлээж авч байна вэ?

-Б.Батцэцэгийн талаарх мэдээг мэдээллийн хэрэгслүүдээс хүлээгээд авчихсан байсан. Ер нь “Баавгай”-г мэддэг, таньдаг юм билээ, бүгд. Бид ерөнхийдөө Б.Батцэцэгийг Налайхынх, тэнд төрж өссөн болохоор нь тийшээ их найдлага тавьж байгаа. Хандивын тоглолт зохиохоор дуучдад хандахад бүгд найрсгаар хүлээж авдаг. Ер нь бүгд их таатай ханддаг юм. Тоглолт болох өдөр үнэхээр завгүй, гадагшаа тоглолттой, ажилтай байж таарвал цаг заваа харж байгаад хариу өгдөг л дөө.

Мөн “Эх орон”, “ETV”, “Star”, “Royal”, “25 дугаар суваг” телевизүүд хамтарч ажиллахаар болоод байгаа. Үүнээс гадна хэд хэдэн телевиз ч нааштай хариу өгөх байх гэж найдаж байна. Түүнчлэн “Нүүдэл систем”-ийн хамт олонд энэ дашрамд талархаж байгаагаа илэрхийлье. Б.Батцэцэгийн тухай нэвтрүүлэг, тоглолтын шторкийг сайхан хийж өгсөн. Энэ долоо хоногоос телевизүүдээр тоглолтын мэдээллүүд явна.

-Сүүлийн үед хандивын тоглолт зай завсаргүй болсноос уран бүтээлчид оролцох дургүй болсон гэцгээх юм?

-Тийм байж магадгүй. Гэхдээ бидэнд одоогоор татгалзсан хариу өгсөн уран бүтээлч, дуучид алга байна. Бид Б.Батцэцэгийн эмнэлгийн бичиг, онош болон улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж байсан баримт нотолгоо, хүртэж байсан гавьяа шагналуудыг үзүүлээд хүмүүст хандаж байгаа болохоор гайгүй хүлээж авч байгаа.

Хандивын тоглолт зохион байгуулна гэдэг чинь нүсэр ажил. Хүн тус бүр дээр очиж, уулзана. Хамтлаг, дуучид гээд бүгдтэй нь уулзаж санал тавьдаг. Нэлээд ажилтай шүү.

-“Сэтгэлийн илч” тоглолтод хичнээн уран бүтээлч оролцохоор болоод байна вэ?

-Ардын жүжигчин Б.Зангад гуайгаас эхлүүлээд сүүлийн үед залуусын дунд уран бүтээлээрээ нэрд гараад байгаа залуу дуучид ч оролцоно. Гавьяатуудаас гэвэл Н.Төмөрхуяг, Г.Батбаяр, Э.Бүрнээбаяр нар байна. Миний сонссоноор Б.Зангад гуай,Э. Бүрнээбаяр гавьяат иймэрхүү хандивын тоглолтод уриалгахан оролцож, ая дуугаа өргөн сэтгэлийн дэм өгдөг гэсэн шүү. Дуучин С.Наран тэргүүтэй рок попынхон маань хүрэлцэн ирнэ. Тоглолтод оролцох уран бүтээлчдийнхээ тоог хэлбэл гуч гаруй болох байх аа. Ерөнхийд нь харвал залуу уран бүтээлчид гэхээсээ илүүтэй алтан үеийнхэн болон манай мундгууд л дуу хуураа өргөнө гэсэн үг.

-Тоглолт ганцхан удаа тоглогдоно?

-Тийм ээ. Энэ сарын 21-нд “UB palace”-ын концертын их танхимд 15 цагаас тоглогдоно. Тасалбарын үнэ нь 15 мянган төгрөг.

Тамирчинхүний хувьд бэртэл гэдэг зүйл хамгийн хэцүү дайсан, хүнд бэрхшээл нь гэдгийг бид сая Б.Батцэцэгийн тухай нэвтрүүлэг хийж байхдаа ухаарлаа. Нэвтрүүлгийн зураг авалт болон “Баавгай”-тай ярилцлага хийх үедээ тэр талаар сайн ойлгож, мэдэрсэн л дээ. Манай монголчууд чинь нэгэндээ туслахыг хүсдэг сайхан сэтгэлтэй хүмүүс. Монголчууд минь энэ сайхан залуу хүнээ дэмжээд, эргээд дэвжээндээ гарахад нь тус болооч ээ. Энэ хүүхэд Монгол Улсынхаа нэрийг дэлхийд нэг удаа гаргасан. Цаашид хэдэн ч удаа гаргаж чадах бололцоотой, өөрт нь тийм хүч байгаа. Тиймээс Б.Батцэцэгийг дэмжээрэй, түүнд туслаарай гэж уриалж байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бямбадорж: Ялангуяа манай комисс сүүлийн хоёр жил энэ талаар ёстой уйлан дуугарна гээч юм болж байна шүү дээ

Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гавьяат хуульч Ж.Бямбадоржтой ярилцлаа.

-Эрүүгийн байцаан шийт­гэх, Прокурорын байгуул­лагын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг саяхан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн тө­сөл УЕП-ын дэргэдэх Мөр­дөн байцаах албыг дахин байгуулахад чиглэж байгаа юм байна?

-Энэ асуудалтай холбог­дохтой зэрэг зарим хүн намайг хувийн субъектив талаас нь хандаж байна гэж ойлгох гээд байх юм.

-Яагаад?

-Ингээд яриад эхлэхээр Хүний эрхийн үндэсний комиссгэмт хэрэг үйлдсэнхүмүүсийн эрхийн тухай л яриад байх юм. Хүний эрхийн өөр асуудал алга уу гэж ирээд лУИХ-ын гишүүдээс авахуулаад шүүмжлэх юм. Гэтэл маш олон асуудлаар илтгэл, мэдээлэл оруулаад байхад түүнийг нь ер анхаарахгүй, үзэх ч үгүй. Эрүү шүүлтэд өртсөн тухай гомдлын тоо сүүлийн хоёр жилд эрс нэмэгдсэн.Гадаад,дотоодод эрх нь хязгаарлагдсан хүмүүстэй эрүүдэн шүүж, хүнлэг бусаар харьцаж байгаа асуудал чинь маш их анхаарал тат­даг болоод байна. Манай нийгмийн уур амьсгал ч их сонин болчихож. Тэр битгий хэл шийдвэр гаргагчид хүртэлхүнийг буруутгаж, заримдаа доромжлох нь хэвийн үзэгдэл болоо шив дээ. Санаандаа орсон зүйлээ дураараа ярьж, баримт нотолгоотой байхад өөрийнхөөрөө зүтгэнэ.

-Жишээлбэл …?

-Тухайлбал, НҮБ-ын Хү­ний эрхийн хороодоосбэлгийн цөөнхийн асуудлыгонцгойлон тавьдаг болоод удаж байна. Энэ талаар манай Засгийн газарт зөвлөмж чирүүлсэн. Биднийголон улсын хуралд очиход ч олон орны хүний эрхийн үндэсний байгууллагуудаас нөхцөл байдалд судалгаа хийж, Засгийн газартаа асуудал тавихыг санал болгож ирсэн. Бид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр энэ асуудлыг хариуцдаг иргэний нийгмийн байгууллагатай хамтран 2012 онд судалгаа хийсэн. Нөхцөл байдлыг зөв ойлгуулах гэж хичээсэн. Түүнээс бэлгийн цөөнхөд зориулж хууль гаргаад өгөөч гэж УИХ-д хандаагүй юм. Гагцхүү нийгмийн уур амьсгалыг эерэг өөрчлөхөд чиглэгдсэн соён гэгээрүүлэх ажил хийхийг л санал болгосон. Гэтэл намайг УИХ-ын нэг гишүүн яаж доромжилсон гэж бодно. Аргаа бараад хуралдаанаар хаалттай хэлэлцэж байхав. Тэр хэсэг иргэдийн эрх нь яагаад байгаа юм бол гэж харахыг огт хүсэхгүй. Зүгээр л ажил болгосон, асуудал болгож тавьсан зүйлээр нь тохуурхаж байгаа юм. Өнөөдөр Монгол Улс бэлгийн цөөнхийн асуудлыгэнэхүүсудалгааны үр дүнгээрнүүрээ тахалж байгаа юм, энүүхэндээ гэж хэлэхэд.

-Тэгэхээрсар гаруй утасдаад байхад ярилцлага өгөхөөс татгалзаад явсан таны шалтгаан энэ байх нь ээ?

-Ярилцлага авъя гээд маш олон сэтгүүлчид хандах юм. Би цааргалаад байдаг юм. Намайг хэвлэл мэдээллээр гарчихаар улс төрчид нь хардаад Бямбадоржийн хувьд биш.Комиссын ажилд муугаар нөлөөлчих гээд байх юм. Тийм учраас аль болох хэвлэл мэдээллээс хол байхыг хүсдэг. Уг нь хэвлэлийнхэнтэй ойр байж хүний эрхийн асуудлаа яриад явбал олон нийтэд хэрэгтэй л дээ. Тэгээд л би чамайг орж ирэхэд “Тунгалаг тамир” кинон дээр шоронгийн хуяг өвгөн Төмөрийг эргэхээр ирсэн Дулмаад “Чи яасан нойтон хамуу шиг хүүхэн бэ” гэж хэлсэн үгээр угтаж байх вэ дээ.

-Хүний хийж байгаа ажлыг нь олж харахгүй мөртлөө өөнтөглөөд явдаг шоучин хүмүүс бас хэцүү шүү. Хоёулаа өргөн баригдсан хуулийн төслийн талаар яриандаа орох уу?

-Бие даасан хараат бус Мөрдөн байцаах алба байгуулах тухайанх яригдаж байх үед би УИХ-ын гишүүн байсан юм. Б.Дэлгэрмаа бас УИХ-ын гишүүн байв. Тухайн үед бид УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг байгуулах хуулийн төслийг санаачилж оруулж ирсэн юм. Тухайн үед яаж Үндсэн хууль зөрчихгүйгээр энэ байгууллагыг байгуулах вэ гэж нарийн судалж байж байгуулсан. Одоо болохоор Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх байгууллага байсан юм шиг УИХ-ын зарим гишүүд буруу яриад байна. Нэр томъёо нь хүртэл өөрюм. Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба юм шүү дээ. Байгууллагын дэргэдэх биш ганцхан албан тушаалтны дэргэд, бусад байгууллага, албан тушаалтнаас хараат бус ажиллаж ирсэн алба юм шүү дээ. Өөрөөр хэлбэл ганцхан Улсын ерөнхий прокурор л энэ албатай харилцана. Өөр хэн ч харилцахгүй. Улсын ерөнхий прокурорын газрын орлогч, Тамгын газар нь ч харилцахгүй. Энэ бол бие даасан хараат бус байгууллага үр дүнтэй ажиллаад, арав гаруй жилийн дараа татан буугдаж байгаа юм. Гэтэл УИХ-ын зарим гишүүн “Прокурор мөрдөн байцаалтад хяналт тавьж оролцдог. Мөрдөн байцаах ажиллагааны нэг оролцогч энэ үүргийг биелүүлэх нь буруу байсан” гэсэн тайлбар хийгээд байгаа юм. Энэ нь худлаа байхгүй юу. Ерөнхий прокурор хэзээ ч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд ордоггүй шүү дээ. Харин тэр хэрэг бүртгэх, мөрдөн байцаахүйл ажиллагаанд ордог прокурорууд чинь энэ Мөрдөн байцаах албатай огтхамаагүй. Ямар ч хамаагүй байсан юм.

-УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгах тухай яриа гарах үед олон хүн эсэргүүцэж байсан. Таэнэ тухай сонсоод ямар нэгэн байдлаар санаа оноогоо хэлж байв уу?

-Татан буулгах гэж байгаа тухай сураг сонсоод би УИХ-д бичиг хүргүүлсэн юм. “Энэ албыг татан буулгаж яагаад ч болохгүй ээ” гэж бичсэн. Учир нь би энэ байгууллагад ирээд нилээд хэдэн жил ажиллахад УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба ямар чухал үүрэгтэй болохыг нь олж харсан. Түүнчлэн“2010 онд Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд Монгол Улсын Засгийн газар илтгэлээ оруулсан. 2011 онд Хүний эрхийн зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт илтгэлийг оруулсан. Тэндээс гарсан зөвлөмжид “УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг бэхжүүл” гэсэн зөвлөмж өгсөн юм. Энэ бүгдийг дурдаад би УИХ-д бичиг өгсөн юм. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгах төсөл өргөн баригдсан. Төд удалгүй татан буулгасан. Долоо ч хоноогүй. Миний өгсөн бичиг УИХ-ын гишүүдэд тараагдаж амжаагүй богино хугацаанд асуудлыг шийдчихсэн. Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ албыг татан буулгаж болохгүй талаар нилээд үндэслэлтэй санал гаргасныг бусад гишүүд нь хүлээж аваагүй юм байна лээ. Одоо бол олон гишүүн буруу шийдвэр болсон байна, засах ёстой гэсэн саналтай байдаг юм билээ.

-Энэ албыг татан буулгасан богинохон хугацаанд хүний эрх, эрүүдэн шүүлтийн хэлбэр хэрээс хэтэрсэн гэсэн судалгаа байдаг. Иргэд ч энэ тухай гомдоллодог?

-Энэ байгууллага татан буугдсан энэ хоёр жилийн хугацаанд ямар үр дүн гарав гэдэг нь харагдлаа шүү дээ. Ялангуяа манай комисс сүүлийн хоёр жил энэ талаар ёстой уйлан дуугарна гээч юм болж байна шүү дээ. 2014 оны эхээр өргөн барьсан 13дахь илтгэлдээ УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба юм уу эсвэл яг тийм хараат бус байгууллагыг нэн яаралтай байгуулж өгөөч гэдэг зөвлөмж тавьсан. Одоо хүртэлэнэ нь хэрэгжээгүй байна. Харинхэсэг гишүүд энэ албыг хуучин байдлаар нь байгуулах хуулийн төслийг өргөн барьсан байна. Уг ньтэр байшин барилга, хөрөнгө мөнгө, хүмүүс нь тарчихаагүй байхад нь буцаан байгуулсан бол бага хохирол гарах байсан байх даа.

-Мөрдөн байцаах байгууллага байгуулж, тэр байгууллага нь бүх мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулна гэсэн нэг томьёолол гаргачихсан байгаа шүү дээ?

-Хараат бус бие даасан Мөрдөн байцаах байгууллага байгуулна гэсээр хоёр жил боллоо шүү дээ. Уг нь тийм байгууллагаа байгуулсны дараа энэ албыг татан буулгаж болноо доо. Тэр байгууллага нь бүх мөрдөхүйл ажиллагааг хийнэ гээд байгаа юм. Үүнд нь би итгэхгүй байгаа. Хэзээ ч тэрийгээ байгуулах гээд байгаа юм. Тэр байгууллагыг байгууллаа гэхэд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанычиг үүрэг тэр мөрдөх байгууллагын нэг хэсэг нь л байна биздээ.Тэгээд нэг байгууллагад ажилладаг хүн нэгнийхээ улаан нүүрийг харж байгаад шалгах уу. Шалгалаа гэхэд тэр нь хуулийн дагуу шударга байж чадах уу. Энэ бол эргэлзээтэй асуудал. Бас л хардлага дагуулна. Хувь хүмүүстэй ерөөсөө холбоотой асуудал биш. Аливаа зүйлийг тогтолцоонд нь зөв суулгаж, монголчуудынхаа онцлогийг харгалзаж үзэхгүйгээр хийнэ гэвэл дахиад л алдаанд хүргэдэг. Эцэст нь гомдсон хүн итгэдэггүй, хүмүүсийн хардлагын бай болгоно л гэж санаа зовдог юм. Тийм учраас хараат бус бие даасан, тусдаа алба байх ёстой гэж онцлоод байгаа юм. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, цагдаа, тагнуул, прокурор, шүүгч нартай холбоотой асуудлыг эрүү үүсгэж шалгадаг байсан.

-Мөрдөн байцаах албыг татан буулгаснаар цагдаагийн алба хаагчдын хэргийг цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэдэг болсон. Энэ бас нэгэн буруу тогтолцоо бий болсныг харуулдаг. Энэ тухай гомдол санал тасардаггүй юм билээ?

-УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаснаар цагдаагийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хууль бус ажиллагааны талаар гомдол гаргахаар одоогийн хуулиар цагдаад отроосоо өөрсдийгөө шалгадаг болчихсон. Манай байгууллагад маш олон гомдол ирж байна. Нэг өрөөнд суудаг хүн нөгөөгөө шалгасан байна, хуйвалдсан гэж хардаад байдаг боллоо. Угаасаа манай монголчууд их хардамтгай. Зохиож боддог. Сүүлийн үедхэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд гарсан эрүү шүүлттэй холбоотойасуудлуудыг шууд Улсын ерөнхий прокурорт шилжүүлдэг болсон.Би Улсын Ерөнхий Прокурор Б.Энх-Амгаланд “Гомдлуудыг танайд өгчихье, та нарын хяналтад шалгуулмаар байна ” гэж хэлсэн. Ер нь энэ асуудал Монгол Улсыг богино хугацаанд маш эвгүй байдалд оруулж байна шүү дээ.

-Тэгэхээр энэ албыг байгуулах нь яах аргагүй цаг үеийн нийгмийн захиалга болсон гэдэг нь сүүлийн үед тод харагдах боллоо. Хоёрхон жил болоход ялгаа нь ингэж гарч байгаа юм чинь энэ янзаараа яваад байвал цааш ер нь юу болж таарах вэ?

-Цаг алдалгүй л энэ хуулийн төслийг батлах хэрэгтэй. Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороон дээр хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд яаралтай байгууллах нь дээр юм байна гэдэгтэй санал нэгдэж байсан. Надтай УИХ-ын маш олон гишүүн уулзсан. Хуулийг яаралтай хэлэлцэж батлах байх гэж найдаж байна. Энэ хуулийг батлахаас ч өөрарга байхгүй.

-Албыг татан буулгах санааг хэн ер нь анх гаргасан юм бэ?

-УИХ-ын хэдэн гишүүн санаачилсан юм байна лээшүү дээ. Ямар гишүүн байсныг нэг их сонирхоогүй. Сонирхох шаардлага ч байгаагүй.

-Өргөн баригдсан хуулийн төсөлтэй та танилцсан уу?

-Төслийг санаачилсан гишүүд нь надад төслөө ирүүлсэн. Би тодорхой санал өгсөн байгаа. Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн ээлжит илтгэлээ бичээд сая таван сард НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн ажлын хэсгий хуралдаанаар хэлэлцүүлсэн. Зөвлөмжийнхөө төслийг Монголын Засгийн газарт бичээд ирүүлсэн байгаа.164 зөвлөлмжийн төсөл ирсэн. Одоо үүнийг ирэх есдүгээр сард болох Хүний эрхийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлана. Тэнд Хүний эрхийн үндэсний комиссын даргын хувьд очно. Хараат бус байр сууриа илэрхийлэх үүрэгтэй. Хүний эрхийн зөвлөлийн хурлаар хэлэлцэхээс өмнө энэ хуулиа батлаачгэсэн хүсэлтийгтавьж байгаа юм.

-НҮБ-аас ирсэн зөвлөмжид юу гэсэн байх юм бэ?

-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагааны явцад бусдад эрүү шүүлт тулгасан албан тушаалтнуудын үйл ажиллагааг гэмт хэрэг гэж үзэх. Хоёрдугаарт энэ хүмүүсийн үйл ажиллагааг хараат бус байгууллагаар мөрдүүлж шалгуулж шийдвэрлэдэг байх гэсэн зүйлийг л чухалчлан тусгасан байгаа. Түүнээс УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба нь байна уу хэн байх нь хамаагүй. Хамгийн гол нь хараат бус биеэ даасан тийм байгууллагатай болох. Монголчуудын хувьд хамгийн зөв байгууллага байгуулчихаад түүнийгээ буцаагаад нураачихсан.

-Хуулийн төсөлд өмнөхөөсөө шинээр ямар нэгэн өөрчлөлт орсон байна уу. Та анзаарч харав уу?

-Хуулийн төсөлд ямар ч өөрчлөлт нэмэлт байхгүй хуучнаараа л байгаа. Өөрчлөх шаардлага ч байхгүй. Арав гаруй жил УЕП-ын дэргэдэх тэр Мөрдөн байцаах алба байгуулж ажиллуулсан нь зөв байжээ гэдэг нь нотлогдчихсон. Нэмж хасаад байх шаардлага байхгүй. Хуучнаар нь эргээгээд сэргээн байгуулах л хэрэгтэй. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр “Санаатай, санаандгүйгээр УЕП дэргэдэх Мөрдөн байцаах албаны хаалга татах вий ” гэсэн болгоомжлол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын бүр тархинд нь суулгачихсан байсан. Хэн ч устгаж чадахгүй “программ” болгоод суулгачихсан байсан юм биш үү.

Энэ алба ажиллаж байхдаа ямар алдаа, зөрчил гаргасан юм, юу нь буруу байсныг хэлээд өгөх хүн байвал би хүлээн зөвшөөрнө. Даанч хэлж өгч чадах хүн байхгүй.

-Танай байгууллагад ирж буй хүний эрхтэй холбоотой гомдлын зах зухаас нь хэлэхгүй юу. Чухам яасан гэж иргэд Хүний эрхийн комисст гомдол гаргаж байна вэ?

-“Гавтай байлгасан, зодсон. Бичиг үсэг мэдэхгүйгээр далимдуулж айлгаж гарын үсэг зуруулсан. Чи хэргээ хүлээхгүй юм болээж, аавыг чинь хорино. Эхнэр хүүхдийг чинь хорино гэж айлгасан. Тэгэхээр нь тухайн үед айхдаа тулгасан хэргийг нь хүлээсэн. Бие махбодид гэмтэл учруулчихаад шүүх эмнэлэг явуулалгүй байсаар гэмтлийг эдгээсэн” гэх мэт гомдол дийлэнх хувийг эзлэж байна. Нотлох баримтаар биш өөрөөр нь хэргийг нь хүлээлгээд эцэст ньхавтаст хэргийг нь боогоод шүүх рүү явуулдаг гэсэн шүүмжлэл их бий. Гомдлыг шалгуулахаар холбогдох байгууллагад хандахад “Шалгалаа, энэ хүнд эрүүшүүлт тулгасан гэдэг нь нотлогдсонгүй” гэж хариу өгдөг. Яагаад бусдыг эрүүдэн шүүсэн гэх гомдол ирээд байна вэ. Бие махбодийн болоод сэтгэл санааны эрүүдэн шүүх явдал яагаад нэмэгдэв. Хаана юун дээр зангилаа үсээд байна вэ гэдгийг олж харах нь чухал. Сүүлийн үед Монголыг муухай харагдуулж байна гэсэн Ерөнхийлөгчийн үгийг хүмүүс их хэлдэг болсон. Тэгвэл Монголд байгаа эрүү шүүлт чинь Монгол Улсыг муухай харагдуулахаар барахгүй бүр Монгол Улс хүний эрхийн хувьд доошилж байна гэсэн хардлагыг төрүүлж байна шүү. Аливаа зүйл жаахан зүйлээс л эхэлдэг.

Г.Дэлгэрцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Өмнөд Суданд эх орныхоо нэрийг дуурсгасан энхийг сахиулагч М.Бат-Эрдэнэ

Жил бүрийн тавдугаар сарын 31-нд Бүгд найрамдах өмнөд Судан Улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэхээр орон орноос ирсэн албан хаагчдын дунд Дани Улсын цэргийн багийн нэрэмжит “Данкон” гүйлтийн олон ул­сын тэмцээн болдог. Энэ жил тус уралдаан БНӨСУ-ын нийслэл Жубад зохиогдсон юм. Уралдаанд 80-аад орны цэргийн албан хаагчдын төлөөлөл болох 320 гаруй тамирчин оролцсоноос хурандаа М.Батчулуун за­хирагчтай мотобуудлагын дөрөвдүгээр ээлжийн ба­тальоны дэд ахлагч М.Бат-Эрдэнэ түрүүлсэн. Тэрээр түрүүлээд зогсохгүй дээд амжилтыг нь ч мөн шинэчлэн тог­­тоогоод байна. Дөрөвдүгээр мотобуудлагын батальоноос дэд ахлагч М.Бат-Эрдэнээс гадна 13 тамирчин оролцсон бөгөөд бүгд эхний 20 байрт шалгарсан бахдам амжилтыг үзүүлсэн байна.

Өдгөө өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй дэд ахлагч М.Бат-Эрдэнэ 1995 онд Төв аймгийн Заамар суманд төр­жээ. Дунд ангид сурч байх үеэсээ л сургуулийнхаа саг­сан бөмбөг болон хөнгөн атлетикийн дугуйланд хичээллэж эхэлжээ. Дэд ах­лагч М.Бат-Эрдэнэ “Би хар багын гүйж харайх дуртай байсан. Намайг хүүхэд байхад сумын төвийн хөвгүүд тэвэг өшиглөж, хөөцөлдөж тоглоно. Унадаг дугуй бол нүдний гэм. Харин хүүхдийн тэрэгний ч юм уу, унадаг дугуйны хэ­рэглэхээ больсон хуучин дугуйн бол хөвгүүдэд төвөггүй олдоно. Өнөөхөө үзүүрийг нь тахийлгасан төмрөөр түрээд машин, мотоцикль болгож тоглодог байлаа. Бас унадаг дугуйтай ганц хоёрхон хүүхдээ дагаад, өнөөх дугуйгаа түрээд гүйчихнэ. Хөнгөн атлетикийн дугуйланд явахаас гадна гадаа тоглосон ч, ус түлээгээ дөхүүлэхдээ ч гүйдэг байлаа. Энэ нь нэг ёсондоо амьдралын хэвшил болчихсон гэх үү дээ” гэж ярилаа.

Дэд ахлагч М.Бат-Эр­дэнэ 2013 онд цэргийн алба хаахаар Дархан хотын Зэвсэгт хүчний 330 дугаар ангид хуваарилагдан очжээ. Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактикийн улсын тэм­цээн болж Ангийнх нь алба хаагчид салаагаараа түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн нь М.Бат-Эрдэнэ. Барианд орохын өм­нөхөн түүнтэй мөр зэрэгцэн гүйж явсан салааных нь нэг залуугийн шөрмөс нь татаад, уначихаж гэнэ. М.Бат-Эрдэнэ газар ойчсон цэргийг үүрч, үүргэвч, бууг нь хүзүүндээ тогтоон урагшилсаар барианд оржээ. Хэрэв хэдхэн минутаар хоцорсон бол аваргын болзол хангаж чадахааргүй байжээ. Тэрээр энэ талаар “Азаар бариа холгүй байсан. Ганц би гэлтгүй бүхий л цэрэг эрс ингэх байсан учраас энэ бол нэг их гайхуулаад, бардамнаад байх зүйл биш л дээ” хэмээн даруухан өгүүлэв. Харин “Суданд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын дунд зохиогдсон “Данкон” гүйлтийн олон улсын тэмцээнд түрүүлсэн тань өөрөөрөө бахархах тод амжилт мөн биз дээ” гэвэл “Энхийг сахиулах олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийн тулд сэтгэл санаа болон бие бялдрын тэсвэр хатуужлын өндөр шалгуурыг даваад, Суданд энхийг сахиулах ажиллагаанд гар бие оролцож байгаа маань нэр төрийн хэрэг. “Данкон” олон улсын гүйлтийн тэмцээний холын зайн төрөлд оролцон 80 гаруй орны 320 гаруй энхийг сахиулагчдыг манлайлснаас гадна 40 гаруй жил эвдэгдээгүй рекордыг шинэчлэн тогтоосон. Энэ амжилт ганцхан би гэлтгүй Монголын энхийг сахиулагчдын бэлтгэл, сургуулилт хэр зэрэг өндөр түвшинд байгааг илтгэсэн болов уу. Тийм ч учраас тэмцээнд оролцсон 14 тамирчид бүгд эхний 20 байрт шалгарсан” гэж ярилаа.

Уралдаан зохиогддог өдөр 50 хэмийн халуун байсан гэнэ. Бүртийх үүлгүй, сэвэлзэх ч салхигүй тэр их халуунд хувцсаа бүрэн өмсөөд, дээрээс нь 10 кг-ын ачаа үүрээд 25 км-ы н зайг хоёр цаг долоон минутанд туулна гэдэг амаргүй. Зам талбайг нь урьдчилан засч, янзлаагүй учраас хайрга чулуу, гол усаар гарч, суваг шуудуу, хад модон дээгүүр харайж, биеийн хүчээ жинхэнэ утгаар нь дайчлан уралдсан аж. Хоёр км тутамд цэвэр усаар хангаж байжээ. Тэрээр туулах замынхаа тэн хагаст ортол нэгэн жигд хэмнэлээр гүйж байгаад, сүүлийн тойргуудад бага багаар хурдаа нэмэх тактикаар уралджээ. М.Бат-Эрдэнэ “Гараанаас гарахад үнэхээр бүгд л толгойн хэсэг буюу эхний хэдэн хүний тоонд багтах гэж хамаг хүчээ шавхан уралдаж эхэлсэн. Замынхаа тэг дундад орохын алдад хажуугаар минь салхи татуулаад өнгөрсөн бусад орны энхийг сахиулагчдаа гүйцэж эхэлсэн. Зарим нь бүр алхаж явсан. Ихэнх нь ядарч, сульдсан байхад миний амьсгаа задарч, хөл улам ч хөнгөрчихсөн байсан. Тэгээд өөртөө “Одоо л цаг нь болж” гэж хэлээд аажмаар хурдаа нэмсэн. Гэвч миний цанх татаад гүйх нь бүү хэл алхаж ч чадахаа больсон. Тэгтэл хажуугаар минь Хятад, Непалын тамирчид тү­рүүлээд өнгөрөхөд энэ будааны хүүхдүүдэд гүй­цэгдээд байхдаа яадаг юм” гэсэн бодол төрж, шар минь хөд­лөөд өөрийгөө гуядсан даа. Хятадаас хамгийн олон буюу 80 гаруй энхийг сахиулагч оролцсон. Тэд хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан” гэсэн юм. Мөн тэрээр “Аав, ээж маань “Хүүгээрээ маш их бахархаж байна” гэж хэлсэн нь надад маш том шагнал, хүндэтгэл байсан. Бага ч болов ачийг нь хариулж байна даа гэж бодсон шүү” гээд хоолой нь цахиртаж ирэв.

Өмнөд Суданд энхийг са­хиулах үүрэг гүйцэтгэж буй дэд ахлагч М.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчний330 дугаар ангид алба хаадаг. Дархан хотод эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг юм байна.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

“Хэрх”-ийн сургуулийн хэрсүү ангийнхан

Сургуулийн цонхыг таглах шахам ургасан монос, мойл жимсээ даахгүй газар шүргэх шахам бөхийжээ. Улиаснууд нь навчисаараа үерлэх мэт. “Би мойл их идсэн болохоор миний хэл чинийхээс хар болсон байна” гэж хүүхдүүдийг шуугилдах үеэр сургуулийн хонх жингэнэн дуугарлаа. Хэсэг хүүхэд газар тавьсан “Школа” цүнх­нүүдээ шүүрэн авч гүйлдэн одов. Энэ бол 1995 оны ес­дүгээр сарын нэгний хичээ­лийн шинэ жилийн нээлтийн анхны хонх байв. Сургуулийн өмнөх талбайд ах нар чавх барьчихсан, охид нь хормой хотоо нуух маягтай зогсоцгооно. “Г.Халиун багш­тай 1а ангийнхан ороорой, араас нь Ариунаа багштай 1б ангийнхан яваарай” гэлээ. Манай анги аль нь юм бол хэмээн бодон явж байтал Ариунаа багш “Хөөе Боогий ангидаа ор” гэх нь дуулдав. Ямартай ч би арын гудамжныхаа эгчийн шавь болж байгаа юм байна хэмээн дотроо бодон баярлаад ангийнханыхаа араас гүйлээ.

Хичээлийн эхний цаг мэдээж танилцах. “Тэр тэрний хүүхэд үү, тэрэнтэй суу” хэмээн ангийн багш хэлж, би Магсарын Элбэгжаргал гэдэг охинтой тохой нийлүүлэн суух боллоо. Ээжээсээ өөр эмэгтэй хүний дэргэд сууж үзээгүй шахам байсан би нүүр хийх газаргүй мэт санагдаж ичиж билээ. Урд гудамжныхаа А.Отгондорж, Б.Мягмардорж, Б.Ундрах нарыгаа шоолох­тойгоо бас. Нэгдүгээр ангид 30 гаруй хүүхэд манай ангид элсэн орж байсан юм. Ариунаа багш биднийг багаас нь цэвэр бичигтэн болгоно гэж өдөр бүр бусад ангиас илүү их хуулан бичлэгийн даалгавар өгнө. Тоглох завгүй даалгавраа хийдэг байлаа. Хоёрдугаар ангид байхад хүрд тогтооно гэдэг хамгийн хэцүү ажил байсныг өнөөдөр манай ангийнхан ярьцгаадаг юм. Хүрдээ цээжлээгүй хүүхдүүдийг ангид орой 21 цаг хүртэл суулгаж нүдлүүлнэ. Ангийнхан маань багшаас айдагтаа юу, санаа гаргадаг байсан уу зарим нь өмдөндөө “морь” харчихна. Ийм амьтныг ангид суулгана гэж юу байхав.Багш “Яаж байгаа нь энэ вэ. Одоо харь” гээд явуулна. Өнөөх чинь ангиас гарахдаа мань мэт рүүгээ хараад инээх маягтай хаалга саваад гүйж одно. Бидний үеийнхэн “Цэвэр бичигтэн” өргөмжлөл авахын тулд мөн ч их хичээнэ. Бараг ангиараа цэвэр бичигтэн болж байсан цаг 1997 он. 1996 онд сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцон түрүүлж урлагийн авьяастай гэдгээ тэр хэмжээндээ харуулж байв. Би гэхэд л Х.Баянмөнх, П.Сайнжаргал маань Ж.Мөнхбат аварга гээд тухайн цаг үеийнхээ шилдэг хүмүүсийн дүрийг бүтээж байсан цаг саяхан мэт.

Манай ангид А.Баасанпүрэв гэж мундаг сурлагатай хүүхэд байлаа. Уран зохиолын хичээл дээр Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсны “Чингэс” шүлгийг цээжлүүлэхэд хоёрхон удаа уншаад л багшийн өмнө дуржигнуулж байсныг манай ангийнхан одоо ч ярьдаг. Бидний үлгэр дуурайл болсон өөр нэг хүүхэд бол Цагаанчулууны Алтанбаатар хэмээх шавилхан бор хүүхэд байсан юм. Хичээлдээ сайнаас гадна шүлэг уншиж бичнэ гэж ярих юмгүй. Энэ хүүг дуурайдаг байснаа мартдаггүй юм.

П.Эрдэнэсүх гэж элдэвтэй, хөдөлгөөнтэй хүүхэд аавынхаа дуулах дуртай “Арслантай авдар” дууг дуулна. Сэлэнгийнхэн хар багаасаа л ногоо тарьж, хураах ажилд нухлагдан өсдөг. Энэ зам манай ангийг яаж тойрохов. Гурав, дөрөвдүгээр ангидаа Чимэдээ ахын том хашаанд лууван хурааснаар манай ангийнхны анхны намрын ажил эхэлж байлаа. Нэг хүүхэд өдрийн 400 төгрөг авч байсан нь тухайн үедээ л их мөнгө. PC тоглоом гээд янз бүрийн мөнгө үрчихээр зүйлс байсан биш. 200 төгрөгөөр гөөхий, улаан ус авч ангиараа ууцгаахаас хэтрэхгүй.

Бага ангид байхад хүүхэд бүрийн туйлын хүсэл ахлах ангид орох. “Өглөө хичээл орох гоё байхдаа” хэмээн өөр хоорондоо бувар хийцгээнэ. Төд удалгүй тавдугаар ангид орцгоож дөнгөж багшийн сургууль төгсөж ирсэн Б.Гэрэлмаа багшийн анхны шавь нар боллоо. Бидний багын мөрөөдөл шахуу болчихсон ахлах ангид орох хүсэл хүсээд байх зүйл биш юм байна хэмээн гэдгийг ойлгоцгоож эхлэв. Хичээл эхлээд төд удалгүй намрын ажилд гарцгаалаа. Хэрх уулынхаа өвөрт төмс хураалтад гарсан юмдаг. Сэргэлэн хөвгүүд нь тогооч охидууд дээрээ гүйж ирээд дал дөрвөн өндрийг нь чануулж иддэг байсныг сүүлд нь мэдэцгээж билээ. Ер нь бол манай ангийнхан хаана ч өлсөөд явахаар хүмүүс биш. Сэргэлэн нь дэндсэн ч гэсэн буруу тийшээ биш нөхдүүд байлаа.

Уран шувууны нислэг мэт гэрэл гэгээт он жилүүдээс Мандалын хөх уулс мэт охидоо бид үгүйлнэм. Уулын хөх чулуу мэт ангийн чинь хэдэн хөвгүүд “Ура” дуулан хашгирахад хавар ирнэм. Уулзах хүсэл гэгээн зовнил минь. Ургах өдрүүдийн тушаанд гэрэлтнэм. Учран золгох итгэлийн өндөр наранд минь. Энэ л ангийн охид минь солонго болон гэрэлтдэг дээ хэмээн шүлгээр өвчилж явахдаа ангийнхаа хөвгүүдэд хэлж байсан минь нэн тодхон.

1б ангийнхан элдэвтэй гэж дээр хэлсэн. Тэгвэл техник хөдөлмөрөөр Г.Нямпүрэв, П.Одгэрэл, Г.Баярхүү мундагчууд байв. Харамсалтай нь үүнийгээ хөгжүүлээгүй юм. Хэрэв сурагч ахуй цаг шигээ явсан бол өдгөө мундаг зохион бүтээгчид болсон байгаа гэдэгт ангийнхан маань эргэлздэггүй билээ.

Г.Банзрагч, А.Ганбаяр, А.Ганзориг, Н.Мөнхтогтох, Дарханболд гээд авьяастнуудаараа манай ангийнхан төдийгүй сургуулийнхан бахархана. Сургуульдаа анхны хип хоп хамтлаг байгуулж уран бүтээлээ хийж байсан юм. Манай ангийнхныг урлагт хөтөлсөн хүн бол Ганбаярын аав Алтанхуяг агсан байв. Мянган мэргэжлийн эзэн гэж байдаг бол үнэхээр л тэр эрхмийг нэрлэхээр байсан юм. Урлаг, спортоос эхлээд амьдралын бүхий л зүйлийг сургана.

Б.Алтанбагана маань Өмнөговиос шилжин ирлээ. Магадгүй анги дотроос хамгийн түрүүлж нөхөрлөсөн хүн нь Өлзий бид хоёр. Дүн өвлөөр ч гэсэн манайхаар орж гарах дуртай гэж жигтэйхэн. Нэг өдөр манайд ирэхэд хоёр дүү Хараа голоос загас барьчихсан ирэхтэй таарсан юм. Мань эр “Энэ юу вэ, Энхболдоо” гэж байна. “Чапак гэдэг загас, май” гээд гар дээр нь тавьтал чөтгөр үзсэн мэт зугтчихав. Яаав ийв гээд араас нь яваад очтол “Шпротоос өөр юм байна ш д” гэж билээ. Өлзий бид хоёр ч саваад унахын наагуур юм боллоо. Багаа маань ингэж анх удаа загас харсан юм. Долдугаар ангийн хичээл амрах дөхөж байсан үе. Хөхөө донгодсон юм чинь голын усны хор гарсан гээд ангиараа гол орж усанд орохоор явлаа. Алтанбагана говийн хүүхэд тул цэлэлзэн урсах Хараа голыг хараад уулга алдав. “Яаж байна” гэхэд “Ийм их ус байдаг юм уу” гээд гайхна. Манай нутагт хөлийн шагайгаар татсан усаа гол гэдэг юм гээд толгой сэгсрэх янзтай. Багааг шилжиж ирэхээс дөрвөн жилийн өмнө Т.Өлзийсайхан шилжиж ирсэн юм. Биеэр шавилхан тул ангийн хөвгүүд үл тоох янзтай. Биеийн тамирын хичээл дээр 3000 метрт гүйлгэв. Гэтэл өнөө үл тоогдогч адуу л гэсэн үг. Биднийг нэг тойргоор түрүүлэн барианд орж билээ. Тэр үеэс л жинхэнэ утгаараа ангийн эгнээнд бат орж, хичээлдээ шаггүй гэдгээ батлаад авсан юм. Ямартаа ч төгсөх жилээ хөнгөн атлетикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртээд ирж байсан санагдана.

Биднийг наймдугаар ангид орсны дараа гар утас гэж өдрийн од шиг зүйл байдаг байлаа. Есдүгээр сарын нэгэнд Одбаяр скайтелийн данхар саарал гар утас гарган ирж нүд бүлтийлгэж билээ. Одоо тэр гар утсыг харсан хүн “тоосго” гэж хэлэх байх л даа. Гэхдээ л сургуульдаа гар утас барьсан анхны хүүхэд болсон юм. Ээж нь хотод ажилладаг байсан тул гар утас авч өгсөн байлаа. Удалгүй Багаа маань мөн л скайтелийн дэлгэдэг цагаан гар утас авч ангийнхан маань гар утсаар өвчилж эхэллээ. Тэр хоёр хичээл дээр бие бие рүүгээ залгаж нэг их чанга ая явж хичээл үймүүлнэ. Зарим хуучны багш нар хөрөнгөтний хүүхдүүд гэж ад үзэх маягтай. Ингэж л манай анги бүү хэл сургуулиараа гар утасны аян эхлүүлж байлаа.

Ангийнхан маань “зөөлөн чихт” Б.Гэрэлчимэгээр хичээлээ хуулуулна. Анги болгонд хичээл хийх дургүй нөхдүүд байдаг даа. Яг тийм хэдэн нөхдийн хичнээн ч хичээлийг хуулж өгснийг бүү мэд. Биднийг наймдугаар анги төгсөх жил багш нар “Улсын шалгалтад орохдоо энийг авч гараарай” хэмээн сурлага гайгүй хүүхдүүддээ хуваарилж өгсөн юм. Яахав дээ багш нар ангиараа төгсөг л гэж бодсон хэрэг. Б.Ундрах, Б.Мөнхзул, Отгонтуяа, Гэрэлчимэг би гэх мэт хэдэн хүүхдүүд ангийнхаа хэдийг хувааж аваад шалгалтаа амжилттай өгч төгсөж байсан юм. Наймдугаар ангийн 100 гаруй хүүхдийг дүнгээр нь жагсаахад Э.Энхболд, Б.Ундрах, Б.Мөнхзул гээд манай ангийнхан эхний гурван байрт жагсаж байв. Эхний 10 хүүхдийн талаас илүү нь ганцхан 8б-ээс байсныг багш хараад баярласан байхдаа гэж одоо боддог юм. Харамсалтай нь Б.Гэрэлмаа багш маань хүндээр өвдөж есдүгээр ангид манай ангийг Э.Буянсайхан багш дааж авлаа. Б.Гэрэлмаа багшийгаа залуу шинэ багш гээд элэг барих янзтай байсан ангийнхан шинэ багштай болж номондоо орлоо.

Хүүхэд байхад бие биедээ хоч өгөхгүй байна гэж үгүй. “Шар муур шартай даа, шарсан мах амттай даа тэр юу вэ” гэвэл “Ундрах”, “Зелёный кошка гэж ямар амьтан бэ” гэхэд “Ганбаяр” гэх жишээгээр ангийнхны хоч хөвөрнө. “Эртний хүн” гэхээр Өлзий, “Тэмээ Лхагваа”, “Трактор Энхболд” гээд хочгүй хүн гэж энэ ангид байхгүй.

Сурагч ахуйд анхны дурлалын захидал ширээнээс ширээ дамжин нисдэг цаг. Бичгийн хэв гайгүй, шүлэг оролддог гээд манай ангийнхан сэтгэлийн гүн дэх нууцаа надад дэлгэн захиа бичүүлнэ. Бараг л нэг утгатай захидлыг хэдэн ч охинд ангийнхаа хөвгүүдийн өмнөөс бичиж өгсөн юм бүү мэд. Би ч юунаас нь дутахав гээд нөгөө ангийнхаа охинд захидал бичлээ. Ичингүйрэн байж гарт нь атгуулаад гүйчихлээ. Хоёрдугаар цагийн хичээлийн завсарлагаанаар хариу нь ирж байна. Догдлон догдлон унштал “Мангараа танай ангийн Ганзоригоос яг ийм захиа ирсэн. Битгий хүний янз үзээд байгаарай” гэсэн байна шүү. Юун өнөө догдлох вэ. “Тэр захиаг чинь би бичиж өгч байсан юм аа” гэж хэлэхийг хичнээн их хүссэнийг ярих юм биш.

Баасан гариг бүр сургуулийн их цэвэрлэгээ болно. Нэг өдөр манай ангийн хэсэг хөвгүүд цэвэрлэгээний ажлаас зугтан сургуулийн хоёр давхраас үсэрчихсэн байгаа юм. Үүнийг хэн нь ч юм харчихаад сургуулийн захиргаанд мэдэгдчихэж. Асуудал бослоо. Ангийн маань хөвгүүд айхдаа “Пунцагбалжир багшийн ангийн хойд хаалгаар гарсан” гээд худлаа хэлчихэв. Пунцагаа багш намайг гүтгэж байна гээд ангийнхныг донгодохгүй яахав дээ. Нэлээд ширүүхэн хурал хуй болж байж гайгүй өнгөрсөн удаатай.

Есдүгээр ангидаа манай анги Хэрх уулынхаа өвөрт Төрөө ахын компанийн төмсийг хураахаар намрын ажилд гарлаа. Тэр жил яагаад ч юм цас эрт унасан юм. Шал ч үгүй давхарга ч байхгүй гэрт ангиараа байрлаж байсан тул даарцгаасан гэж жигтэйхэн. Зузаан хувцсаа охиддоо өмссөн дэрчийсэн хэдэн хөвгүүн даараагүй юм шиг зогсоцгоож байсан нь одоо бодоход сайхан л санагддаг юм. 17 нас хүрсэн болохоор санаа сууж байсан юм байлгүй төв рүү хураасан төмсөө машинаар зөөх боллоо. Орой ажил тарсан байхад ангийн таван хөвгүүний хамтаар төмс буулгахаар төв явлаа. “Хоёр шуудай төмс замдаа унагая” гэж тохиролцоо ёсоор хоёр шуудай төмс замын жалга руу өнхрүүлчихлээ. Ачаагаа буулгаж дуусаад өнөө хоёр шуудай төмсөө дэлгүүрт аваачиж өгөөд оронд нь чихэр, жигнэмэг, ундаа авч ангийнхнаа дайлж байлаа. Үргэр дуурайл болгож болохгүй мэт боловч тэгж л ангийнхаа охидыг баярлуулж байсан нь нэн тодхон.

Төмс хураалтын ажил заримдаа эрт бууна. Эрчүүд нь хоорондоо хөзөр тоглож хожигдсон нэгнээрээ барааны саван идүүлж, хоёр гурван литр ус уулгаж шийтгэнэ. Саван идсэн нөхдүүдээсээ ямар байна гэхэд “Тос уучихсан юм шиг байна” гээд инээдэгсэн. Эр хүний тоглоом хатуу хойно хэн хэн нь шийтгэлээ өөрийн биеэр давцгаана. Сүүлд нэг дор тэгж их ус уувал ходоод хагардаг гэж дуулаад жигтэйхэн айж билээ. Бас болоогүй ээ намрын ажил дээр ариун цэврийн цаасыг хадаг шиг дэлгэн бариад сэтгэлтэй охин дээр нь очоод “Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж…” гэж байгаад л бэр гуйнаа. Нөгөө охид чинь хадагны оронд байсан цаасыг ураад хаячихвал нөгөөх нь гомдоод сүйд болно. Харин инээмсэглэх маягтай эвхээд авчихвал их л маадгар алхдагсан.

Манай ангийнхан урлаг спортод хувиа тавихгүй. Сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байраа алдаж үзээгүй анги байлаа.

Дэгж дэрвэсэн он жилүүд өнгөрч, аль хэдийнэ 10 жилийг ардаа үлдээжээ. Зургадугаар сарын 28-ны өдөр сургууль байгуулагдсаны 80 жил, 10б анги төгссөний 10 жилийн ой тохиож байгаа юм. 2005 онд 20 гаруй хүүхэд Э.Буянсайхан багшийнхаа гараас, сургуулийнхаа эрдэмтэн багш нараас “амьдрал” хэмээх томилолт авч галт тэргэнд суусан өдөр л дөө. Өдгөө Өлзий маань Биологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Отгонтуяа АНУ-д, Учрал Японд суралцаж байна. А.Ганзориг Спирт бал бурам, П.Сайнжаргал маань МАК, Отгонцэцэг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт, Алтанбаатар, Булгантамир, Хишигдэлгэр нар хувиараа бизнес эрхэлж байгаа бол Оюун, Одгэрэл гээд нэлээд хэд нь багш болсон байна. Манай ангийнхан дотроос төрсөн ганц хос нь Отгондорж, Отгон хоёр. Тэд удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байна.

Жаргал зовлон, баяр гунигийн алинд нь нэг л зангаараа байдаг ангийнхнаа хараад баярлах, бахархах сэтгэл төрдөг юм аа. Тэр хуримаа хийнэ тэдэн төгрөг хурааж байна, тэдний тэр өнгөрчээ яах тухайгаа ярилцъя гээд цуглах жишээтэй. Амьдрал үргэлжлэхийн хирээр сурагч ахуй цаг өөрийн эрхгүй бодогдож, хоёр давхар цагаан сургууль, захидал атгуулсан охидын дүр, багшдаа загнуулаад самбарын өмнө зогссон хором гээд тэр бүхэн улам гэрэлтдэг ажээ.

Бид ардын боловсролын тэргүүний ажилтан, нэрт багш Доржсүрэнгийн Энхбаатар, Шаравын Цэцгээ, Ганбэх, Пүрэв, Намжилмаа, Алтанчимэг, Наранчимэг, Болд гээд олон мундаг багш нараас эрдмийн охийг хүртэж байсан. Эргээд бодоход азтай хүмүүс юм даа гэсэн бодол төрдөг. Аливаад сийрэг ухаантай, Гэрэлмаагийн хэрсүү ангийнхан гэж ганц биш хэд хэдэн багшаас сонсож байсан болохоор би одоо хүртэл ангийнхнаа хэрсүү л гэдэг юм.

Аравдугаар анги төгсөөд ангийнхныгаа үгүйлэхдээ ийм хэдэн мөрт шүлэг зохиож байсан ажээ.

“Та нар минь тэнгэрт нумрах солонго юм

Харин би солонго шүтэгч нэгэн юм

Та нар минь тэнгисийн давалгаа, газрын хаад, эрхэсийн гүнж юм

Харин би та нарыгаа харж тайтгарах нэгэн шүлэгч юм.

Арван жил дуулсан

Ангийн охидоо үгүйлнэм

Арван жил зүггүйтсэн

Ангийн хөвгүүдээ санагалзнам” гэж бичиж байснаа тэмдэглэлийн дэвтрээсээ оллоо. Тийм ээ, үеийн үед биесээ үгүйлэх тийм л гэгээн хором бүр сурагч ахуй насных.

Дахин нэг сургуулийнхаа босгыг алхаж, хонхны дуугаа сонсохсон гэж яарнам. Тэр цаг удахгүй, зургадугаар сарын 28-нд.

Categories
мэдээ цаг-үе

Н.БҮТЭНБАЯР: Аавынхаа байгуулсан оркестрыг нэр төртэй авч яваадаа баярлах юм

Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Ерөнхий удирдаач Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаяртай ярилцлаа. Түүний Улсын Филармонийн уран сайхны удирдагч, хөгжмийн удирдаачийн уран бүтээлийн 25 жилийн ойн тоглолт ирэх даваа гаригт ДБЭТ-т болох гэж байна.

-Та аавынхаа анх үүсгэн байгуулсан симфони найрал хөгжим, Улсын филармонитой хувь заяагаа холбоод хэдийнэ 25 жил болчихжээ. Тэгэхээр даваа гаригт хийх ”Өнө мөнхийн эгшиглэн” нэртэй уран бүтээлийн тоглолт тань их баялаг дуурьсалтай содон тоглолт болох байх аа?

-Тоглолт маань гол нь, аавын төрсөн өдрөөр тохиож байгаа юм. Аав маань зургадугаар сарын 15-нд төрсөн. Хөгжмийн урлагийг удам дамжуулан авч явж байгаагийн хувьд, мөн миний охин, зээ охин гээд цааш нь энэ урлагийг залгамжлаад явж байгаа учраас тоглолтоо “Өнө мөнхийн эгшиглэн” гэж нэрлээд түмэн олондоо аавынхаа төрсөн өдрөөр хүргэе гэж бодсон юм. Уг нь өнгөрсөн тавдугаар сард хийе гэж бодож байсан боловч Филармони их ажилтай учраас хойшилсоор одоо л хэд хоног гаргаж бэлдэж байна. Ер нь он жил их хурдан өнгөрөх юм аа. Үнэндээ хурдан өнгөрөх юм. Эргээд бодох нь ээ, энэ 25 жил ерөөсөө л нүд ирмэхийн зуур өнгөрч шүү дээ. Яг сайхан юм хийх тийм гоё цагтаа тулаад иртэл нэг мэдэх нь ээ л тэтгэврийн нас нь болчих юм. Гэхдээ бас өөрөөрөө бахархаж явдаг юмаа хуваалцахад, аавынхаа энэ нөр ажлыг 25 жилийн турш нэр төртэй сайхан аваад явлаа. Өөрийнх нь бүтээн байгуулж үүсгэсэн оркестрыг нэр төрийг нь хугалалгүй, нэлээн өндөр түвшинд, дэлхийн түвшинд авч яваадаа би баярладаг юм.Өнөөдөр гадаад улс орнуудаас олон сайхан удирдаач ирж бидэнтэй хамтарч ажиллаж байна. Энэ бол манайх дэлхийн түвшиндээ байгаагийнх юм шүү. Дэлхийд өндөр биш юмаа гэхэд зохих түвшиндээ бид явж байна. Ирж байгаа удирдаач нар сэтгэгдэл их өндөр байдаг. Ази тивдээ нэлээн дээгүүрт орно шүү. 2003 онд бид Японд очоод тоглоход Монголд ийм симфони оркестр байдгийг мэдэх бүү хэл ойлголт ч бараг байгаагүй. Маш их гай­хаж байсан. Тэгэхэд тэнд Асашёорюүгийн нөлөө их байлаа. Эхний өдөр өөр улсын оркестр тоглоход заал 70 хувьтай байхад манайх зуун хувь, битүү байлаа шүү дээ. Тоглолт эхлэхийг хүлээгээд чив чимээгүй байсан танхим дүүрэн үзэгч Асашёорюүг ороод ирэхэд бүгдээрээ нирхийтэл босоод л. Ямар их хүндэтгэл вэ гэж гайхаж билээ. Ид барилдаж байсан үе нь. Японд тэр хүний нэр хүнд үнэхээр гайхалтай юм билээ. Манай оркестр тэгэхэд маш сайн тоглосон. Би үүнийг хааяа гайхуулж хэлмээр л байдаг юм.

-Тэгэхэд ямархуу хөтөлбөртэй явсан бэ?

-Үнэхээр сайхан зохио­луудаас шилж байгаад авч явсан. Монголынхоо Шаравыг ч эгшиглүүллээ, дэлхийн сонгодог сайхан бүтээлүүдээс тоглосон. “Лоэнгрин”-ийг тэнд бид тоглосон. “Лоэнгрин” гэдэг чинь жинхэнэ том зохиол л доо. Ийм том зохиолыг яаж ийгээд сайхан тоглож эгшиглүүлсэндээ бас бахархдаг юм.

-Рихард Вагнер өрнийн сонгодгуудаас хамгийн хүнд сэтгэлгээтэй нь гэдэг шүү дээ. Тэгээд ч маш эртний сэдвээсээ авахуулаад “Лоэнгрин” том бүтээл байлгүй яахав?

-Ёстой харин үүн дээр би оркестрынхоо түвшинг ямар өндөр байгааг илт мэдэрсэн. Үүнээс хойш арван хэдэн жил өнгөрч. Улам л сайжраад байна. Манай Филармонийн сүүлийн жилүүдэд хийсэн том тоглолтуудын нэг “Ногоон хэрэм” гэж төслийн хүрээнд байгаль экологио хамгаалах үзэл санаатай тоглолт болсон юм. 2005 билүү 2006 онд байх аа. Түүн дээр Хятадын том хөгжмийн зохиолчийн дэлхийд алдартай зохиолыг Одгэрэл маань Испанийн удирдаачтай хамтарч тоглосон. Тэр нэлээн сайн тоглолт болсон шүү. Манай оркестрын сургуулилт ч сайхан байлаа. Охин маань маш сайн тоглосон. Би түүн дээр охиноороо бахархдаг юм. Нэртэй томоохон хөгжимчдийн тог­ло­дог зохиолыг охин маань ёстой л Францад сурч төссөнийхөө хэргийг гаргаж маш сайн тоглосон доо. Дажгүй төгссөн нь мэдэгдэж л байна лээ. Удмын, төрөлхийн авьяас цаана нь байдаг л юм шиг байна.

-Таны хөтөлбөрт энэ удаа ямар ямар бүтээлүүд орж байна вэ?

-Голдуу аавынхаа хэдэн зохиолыг, тэгээд дээр нь өнөөгийн үзэгчид таашаан сонсох сонгодог сайхан бүтээлүүд оруулж байна. Тухайлбал, Ф.Суппегийн “Морьт цэрэг” гэж сайхан зохиол байна. Вальсын хаан И.Штраусын “Цэнхэр Дунай”, П.И.Чайковскийн “Цэцгэн вальс”, И.Брамсын “Унгар бүжиг”, Жорж Гершвиний “Цэнхэр рапсоди” гэсэн ийм зохиолуудыг онцолж сонгосон. Ийм зохиолууд нь үзэж сонсч байгаа хүмүүстээ их сайхан таашаалтай байдаг юм л даа. Ардын жүжигчин Ж.Чулууны “Уран Хас” вальсыг бас сонсгоно. Үүнээс гадна, миний өөрийн зохиосон хэдэн дуу байдаг юм. Тэднийгээ сонсгоно.

-Дуурийн дуучин Ц.Баттөр манай сонинд өгсөн ярицлагадаа “Эх орон та хаанаас эхэлдэг юм бэ” гэдэг дууны тань тухай ярьж байсан. Их сонин түүхтэй дуу, олон ч хүн дуулах гээд яагаад ч юм болоогүй. Дуурьслынхаа хувьд их том дуу, хоёр агуу хүний хүүхдүүд зохиосон, Явуухулан гуайн хүү Энхээ шүлгийг нь бичиж таныг хөгжмийг нь бичсэн гэж байсан?

-Тэр миний сүүлд зохиосон дуу л даа. Энэ тоглолтоор бас сонсгоно. “Ээжээ дурсахуй” гэж миний нэг дуу байдаг. Би ээжийгээ багадаа, их эрт алдсан хүн шүү дээ. Арван таван настай байхад ээж минь мөнх бусыг үзүүлсэн. Тэгээд “Ээжээ дурсахуй” гэдэг дуугаа 15 настай жаахан хүүхдээр дуулуулахаар бэлдэж байна. Аавынхаа нутаг Тариатад явж байхдаа тэр сайхан Тэрхийн цагаан нуур, байгалийн сайхныг нь үнэхээр биширсэн. Тэгээд “Тариат нутгаа магтан дуулъя” гэдэг дуу бичсэн, Ш.Сүрэнжав гуайн үг “Саран гийсэн үдэш” гээд бас нэг дуу бий. Иймэрхүү дуунууд бас сонсгоно.

-Удирдаачийн тань хувиар энэ тоглолтоос хү­мүүс Ц.Намсрайжав гуайн “Говь гурван сайхан” сим­фони зураглалыг сонсоно гэж мэдээж найдаж бай­гаа байх л даа. Энэ гайхам­шигтай бүтээлийг сонсгоно биз дээ?

-“Говь гурван сайхан” дуугар­на. Аавын зохиолуудаас жишээ нь, ”Ээжээ дурсана” гэдэг сайхан дууг Б.Зангад гуай дуулна. Аавд бүр цаа­наас нь зориулж бичиж өгсөн УГЗ Д.Баттөмөр гуайн “Миний ноён нуруу” гэдэг сайхан дуу бий. Манай хойд эх юм даа, “Сэрэлт” кинонд тоглосон Янжинжав гэж хүн аавд зориулж үгийг нь бичсэн юм. Энэ дууг ардын жүжигчин А.Долгор дуулна. Их гоё аятай дуу байдаг. “Халуун элгэн нутаг” нь бас дуугарна.

-Л.Бетховены IX симфо­нийг 1980 онд Ц.Намсрайжав гуай удирдан тоглуулсан нь Азид анхных гэдэг. Та 30 жилийн дараа 2010 онд шинээр дахин удирдан тоглуулж урлагийн ертөн­цөд онцгой үйл явдал өрнөж байлаа. Таны удир­даа­чийн урын сангийн нэгэн гялалзсан шижир алт. Энэ бүтээлийн хэсгээс та хөтөлбөртөө оруулсан уу?

-IX симфони орохгүй байх. Тоглолтын цагтаа тэр болгон багтахгүй. Нэг цаг хагас юм уу хоёр цагийн дотор сайхан юм сонсгоод үзүүлээд гаргачих хэрэгтэй. Яг сонгодгоо бариад хийх биш үзэж байгаа хүнээ бодож тоглолтоо хийж байгаа юм.

-Таны охин төгөлдөр хуурч Б.Одгэрэл, бас зээ охин тань ч энэ тоглолтод оролцоно гэлээ. Ямар бүтээл тоглох гэж байна?

-“Хувдай ишигний паян” гэж манай аавын зохиол бий. Энэ зохиолыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр төгөлдөр хуурт хөрвүүлэн найруулсан байгаа. Зээ охин маань тоглох юм. Гершвиний “Цэнхэр рапсоди” гэж том зохиол байдаг. Үүнийг охин маань тоглоно.

Н.ПАГМА