Categories
мэдээ цаг-үе

Н.Алтанхуяг: Гишүүд ээ, 1937 оны хэлмэгдүүлэлтийг давтахгүйн төлөө ухаанаа уралдуулж, завхралыг засах зориг байна уу

Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уг асуудлыг оройн 20 цаг өнгөртөл хэлэлцсэн
учраас өмнөх дугаарт нийтлэгдэж амжаагүй.
Асуудлыг хэлэлцэхийн өмнө хууль санаачлагч УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн илтгэлийг
байнгын хорооны гишүүд сонслоо. Н.Алтанхуяг гишүүн “Эрүүгийн байцаан шийтгэх тухай,
Прокурорын байгууллагын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Шалтгаан нь 2002 онд
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баталж, шүүх, цагдаа, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн
үйлдсэн гэмт хэргийг шалгадаг тусдаа механизм бий болгох үүднээс Улсын ерөнхий прокурорын
дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулсан юм билээ. Монгол Улс 12 жил үндсэндээ энэ
механизмыг туршиж, амжилттай явж ирсэн. Харамсалтай
нь, 2014 оны нэгдүгээр сард хуульд өөрчлөлт оруулан уг Мөрдөн байцаах албыг татан
буулгаж, чиг үүргийг нь АТГ, цагдаа, бусад газарт тарааж өгсөн байдаг.

Ингэснээр өнгөрсөн жил хагасын хугацаанд Монголд хүний эрхийг ноцтой
зөрчих, хууль хяналтын байгууллагынхны үйлдэж буй хэргийг харьяалах газаргүй болсон.
Цагдаа цагдаагаа байцаах ийм зөрчилт байдалд хүрсэн. Социализмын үед ч цагдаа цагдаагаа
байцааж байгаагүй. Өнгөрсөн жил хагасын хугацаанд ийм алдаатай үйлдэл болсон нь
нотлогдсон учраас буруу механизмыг засч, залруулах зорилгоор хоёр үндэслэлийг дэвшүүллээ.
Нэгдүгээрт, хуучин шигээр Улсын ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулъя.
Хоёрдугаарт АТГ-т харьяалуулах болсон их олон хэрэг байгаа. АТГ хээл хахуультай
холбоотой хэргүүдийг АТГ-т үлдээе гэсэн санааг тусгаж хуулийн төслийг боловсруулсан.
Үүнийг нэг байгууллагатай ноцолдож буй мэтээр сонин хэвлэлээр бичиж, зориуд зохион
байгуулалттайгаар миний эсрэг суртал нэвтрүүлэг явуулж байгаа. Ер нь бол Монгол
Улсын төрийн тогтолцоонд томоохон хор хохирол учруулахуйц, даамжраад явбал Монголын
нийгмийг айдас хүйдэст автуулахуйц, хэнийг ч хэзээ барьж аваад шорон гяндангаар
айлгаад байдаг тогтолцоо бэхжих суурь тавигдсан учраас өөрчлөх шаардлагатай гэж
үзсэн. Нэг жишээ хэлж өгье. 1933 онд Дотоодыг хамгаалах газар гэж байсан. Тэр газрын
нэг дүрэм байсан. Тэр нь дээд эрх баригчид болон цэргийнхнийг дайчлан баривчлахдаа
удирдлагатай нь зөвшилцдөг дүрэмтэй байж. Түүнийг 1936 онд буюу гурван жилийн дараа
хүчингүй болгосон. Хүчингүй болгоход их хэмжээний эрх мэдэл Дотоодыг хамгаалах газарт
очсон. Дотоодыг хамгаалах газар эрх мэдлээ яаж ашигласан бэ гэвэл тэр үеийн хэлээр
Монголын том толгой лам нарыг баривчлах ажиллагааг эхлүүлсэн. Ингээд удирдлагатай
нь зөвшилцдөг, удирдлагаас нь асуудгийг болиулангуут Монголын хамгийн сор болсон
21 толгой ламыг баривчилж бүтэн жил тамлаж байцаасан. 1937 онд 19-ийг нь буудаж
алсан. Энд их ноцтой асуудал үүсч байгаа. Ямар асуудал вэ гэхээр тэр үеийн Чойдогсүрэн
прокурор “Энэ лам нарын хэрэг бол хэрэг биш байна. Мөрдөн байцаалтад буцаая” гэсэн.
Тэгэхэд нь Дотоодыг хамгаалах газрынхан “Прокурорынхон хувьсгалын эсэргүүтэй тэмцэхэд
саад хийж, эсэргүү нарыг өмгөөлж хамгаалж байна” гэсэн. Өнөөдөр яг энэ байдал давтагдаж
байна. Би өнөөдөр хувь хүнийхээ хувьд эсэргүү нарыг хамгаалмаар байна. Монголчуудаа
хамгаалмаар байна. Ийм махны машиныг зогсоох цаг болсон. Олон хүн хэлмэгдэж байх
шиг байна.

Намайг Ерөнхий сайд байхад миний нүдэн дээр компанийн захирлыг эхнэртэй
нь, орлогч захирлыг эхнэртэй нь, дахиад 16 хүнийг нэг өдөр шоронд хийсэн. Энэ бол
буруу үзэгдэл тогтсоныг нотолж байгаа зүйл. Тэгэхээр энэ бүхнийг хэдүүлээ бага дээр
нь, жил хагас болсон дээр нь хурдан залруулмаар байна. Өнөөдөр бизнес эрхлэхэд ямар
ч боломжгүй боллоо. Мөнгө гарч ирсэн бүх хүнийг харддаг, мөшгөдөг, шоронд хийж байгаад
хэргийг нь хүлээлгэдэг тогтолцоо явж байна. Тийм учраас УИХ-ын гишүүд минь, та бид
төр барьж байгаа юм бол Монгол Улсынхаа төр, иргэдээ, баялаг бүтээгчдээ, төрийн
алба хаагчдаа хамгаалах цаг болчихож. Хэрэг хийсэн хүний тухай би яриагүй байна.
Дахиад хэлэхэд, Чойдогсүрэн гэдэг хүнийг жилийн дараа буудчихсан юм билээ. Одоо
прокурорынхныг айлгаж, сүрдүүлдэг. Өөдөөс нь үнэнийг нь хэлэхээр “Та нар Хувьсгалын
эсэргүүтэй тэмцэхэд саад болж байна” гэдэг. Үүнийг би дахин дахин хэлээд байгаа
нь хэд хэдэн хүний үгтэй таараад байгаа юм. “Н.Алтанхуяг аа чи хувьсгалын эсэргүүтэй
тэмцэхэд саад болж байна. Эсэргүү нарыг өмгөөлж байна” гэж. Тийм биш ээ. Монголын
төр байх юм бол байсан шиг байгаад, ард иргэдээ, гэм буруугүй хүмүүсээ гэмтэн болохоос
нь хамгаалдаг, зохиомол гэмт хэрэгт өртөхөөс нь сэргийлдэг байх ёстой. Жил хагасын
хугацаанд асуудал хүндэрсэн учраас энэ хуулийн төслийг боловсрууллаа. Хэдүүлээ энэ
хуулийн төсөлд буруу зөрүү зүйл байвал засч янзлаад гаргая. Хуулийг гаргаад авбал
өөрсдөө бодлогоо тодорхойлж, үйл ажиллагаагаа явуулахад хэрэгтэй гэж үзэж байгаа.
Ингэхгүй бол бид барьцаалагдсан маягаар кнопдох, УИХ-ын гишүүний кнопын эрхийг барьцаалдаг
боллоо. Энэ бол үнэхээр эмгэнэл. Тийм учраас би иргэддээ хандаж хэлмээр байна. Н.Алтанхуяг
хувь хүний зүгээс бодсонгүй. Монголын иргэд минь эрх чөлөөтэй, Монголын төр минь
зөв шударга яваасай билээ гэсэндээ энэ асуудлыг дэвшүүлж байгаа. Ер нь Монголын
төрийг, тэнд байгаа хүмүүс гэмтэн, авлигач, хулгайч, дээрэмчин гэдгээр харуулж нэр
хүндийг нь шалан дээр унагах оролдлого, гүтгэлэг, кампанит ажил сүүлийн 2-3 жил
өрнөж байна. Үүнийг яс махаараа мэдэрсэн хүн нь би. Ийм учраас би ганцаараа хуулийн
төслийг өргөн барьсан. Өөр бусад хүмүүсийг хөлдөө чирмээргүй байна. Тиймээс хэдүүлээ
асуудлыг цэгцэлье, алдааг засах зориг зүрх бидэнд байгаа гэж итгэж байна. Хуулийн
технологийн хувьд асуудал үүсэх юм шиг байсан. Гэмт хэргийн, Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуульд орж болох юм шиг байсан. Д.Дорлигжав сайдын өргөн барьсан
Прокурорын тухай хуультай зарим санаа нь байгааг ч анхаарч, аль нэг газар нь шигтгэж
шийдээрэй. Хүсэл зоригийн тухай та бүгдээс нэг зүйлийг хүсэхэд үнэхээр монголчууд
тэр дундаа төрийн эрх барьж байгаа гишүүд маань асуудал дээр аль нэг улс төрийн
өнцгөөс харалгүй, Монгол Улсын тусгаар байдал, иргэдийн нийтлэг эрхийн төлөө
1937 оны хэлмэгдүүлэлтийг дахин давтахгүйн төлөө оюун ухаанаа уралдуулж, алдаа завхралыг
засахад нэмэр болно гэж найдаж байна” хэмээлээ. Түүнийг ийнхүү мэдээлэл хийсний
дараа УИХ-ын гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүд
ямар асуулт асууж ажлын хэсгийнхэн хэрхэн хариулж байсныг тайлбаргүй хүргэе.

УИХ-ын З.Баянсэлэнгэ: -Бодит асуудал. Энэ бол өнөөдөр
УИХ-д яригддаг, нийгэмд байгаа зүйл. Тиймээс гажуудсан энэ үзэгдлийг бид засах ёстой.
Улсын ерөнхий прокурор байхдаа прокурорын дэргэд мөрдөн байцаах газар байх ёстой
гэж ярьж байсан хүн өнөөдөр өөр зүйл ярьж байна. Хуулийн тухай хуулийг бид баталсан
хуульд үнэлэлт дүгнэлт өгдөг, буцаах эрх нь УИХ-ын Тамгын газарт л бий. Гэтэл АТГ-ын
2015 оны тавдугаар сарын 22-нд УИХ-ын даргад хүргүүлсэн Мөрдөн байцаах албаны гомдол
мэдээллийн дагуу шалгаж байгаа хэргийн танилцуулга дээр ч, хуулийн төсөлд өгсөн
саналд ч “Хуулийн төслийг түүний үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулах гэдэг шаардлагыг
хангаагүй” гэжээ. Энэ асуудлыг ярьдаг байгууллага нь АТГ мөн үү.

АТГ-ын дарга Н.Ганболд: -Хууль санаачлагч Н.Алтанхуяг
гишүүний хуулийн төсөлтэй бид анхааралтай танилцсан. Тэгээд дэмжих боломжгүй байна
гэдгээ илэрхийлж хариуг нь өгсөн. Хамгийн гол нь Хуулийн тухай хуульд, аливаа хууль
боловсруулахдаа гарах үр дагавар, хүрэх үр дүн, шалтгаан нөхцөлийг тодорхой судалдаг.
Гэхдээ бид хууль санаачлагчийн эрх хэмжээнд халдаагүй гэж үзэж байна. Энэ дээр зөвлөх
хэлбэрээр хариултуудыг өгсөн. Тухайлбал, Мөрдөн байцаах албыг дахин байгуулахад
тэнд байгаа мөрдөн байцаагч нар авлигын хэргийг шалгах нөхцөл нь байна уу, үгүй
юу. Гарах үр дагавар нь ямар байх вэ. УИХ-ын дэргэдэх байгууллагын мөрдөн байцаагч,
Прокурорын дэргэдэх мөрдөн байцаагч хоёрын эрх зүйн чадамж өөр болчихож байгаа юм.
Олон талаас нь нөлөөлөх боломж бий болдог. Үүнийг практик ажил хийж байгаа хүний
хувьд би тэгж ойлгож байна. Практик ажил хийдэг хүний хувьд асуудлыг би ойлгож байгаа.
Ингэж дүгнэж бичих болсон нөгөө шалтгаан нь АТГ-ын харьяалалд Эрүүгийн байцаан шийтгэх
хуулийн 10 зүйл анги байдаг. Төрийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах,
төрийн бус нэгжийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төсвийн хөрөнгийг
зүй бусаар зарцуулах, үндэслэлгүй хөрөнгөжих, хээл хахууль өгөх, авах, зуучлах,
мөнгө угаах гэсэн гэмт хэргүүд байдаг. Энэ дотроос төрийн албан тушаалтан албан
тушаалаа урвуулах, хэтрүүлэх замаар бусдад давуу байдал олгож хувийн ашиг сонирхлоо
гүйцэлдүүлэх эс үйлдэл, үйлдлийн хор хохирол маш том явдаг. Үүнийг аваад хаячихаар
АТГ-ын Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд боломжгүй болж байгаа
юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Та түрүүн хэллээ. Хэрвээ
мөрдөнг салгавал авлигатай тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй болно. Зөвхөн хээл
хахуультай тэмцдэг болчихно гэлээ. Тэр юу гэсэн үг вэ. Мөн мөрдөн танайд шилжсэнээс
хойш хэчнээн хүнтэй холбоотой хэдэн хэргийг шалгаж шийдвэрлэсэн байна. Энэ нь өссөн
үү, буурсан уу. Сүүлийн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та бүхэнд хандаж, “Хилийн
хоригийг хавтгайруулж битгий аваач” гэж байх жишээтэй. Дараа нь УИХ-ын дарга, “Хорихоос
өөр аргаар байцаалтыг явуулаач” гэсэн байсан. Энэ нь асуудал хэмжээнээсээ хэтрээд
байгаа учраас арга хэмжээ авч байгаа нь энэ байх. Үүний дагуу байдал өөрчлөгдсөн
үү.

АТГ-ын дарга Н.Ганболд: -Түрүүн хэлсэн. Авлигын эсрэг
хуульд манай байгууллагын хараат бус байдлыг баталгаажуулсан нэг зүйл заалт байгаа.
Тэнд АТГ-ыг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
зөвлөмжийг үндэслэн УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, түрүүн
хэлсэн 10 зүйл байж авлига болдог. Би ингэж томъёолсон. Хилийн хорионы асуудлаар
Ерөнхий сайд асуулга тавьсан. Монгол Улсын хэмжээнд тухайн үед 300-аад хүнд хилийн
хорио тавьсан байсан. Үүн дотроос манай байгууллагатай хамааралтай 20 хүн, үүнд
дотроо дөрөв нь гадаадын хүн байсан. Хорихоос өөр төрлийн асуудлыг бид явуулж байгаа.
Яаж вэ гэвэл өнөөдрийн хэмжээнд 468 хүн ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хоригдож байгаагаас
дөрөв нь манай саналаар болсон гэснээр УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт дуусав.
Үүнээс цааш УИХ-ын гишүүд үг хэллээ.

Тухайлбал, УИХ-ын УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хуулийг дэмжихээс
өөр аргагүйд хүргэсэн. Ганболд дарга шүүх Амарсайхан гэдэг хүнийг хорьсон гэж өөрсдийгөө
цэвэр авч үлдэх гэж байна. Та нар Н.Энхбаяр даргыг балгас шиг газрыг идсэн гээд
ял өгсөн. Газрын өмчлөлийг шалгахаар нийслэлийнх юм билээ. Нийслэлийн газрыг яагаад
хүн идээд шоронд явчихсан юм бэ. Зүйлчлэлийг та нар хийдэг. Танайхаас айж байна.
Би чуулганы хуралдаан дээр ноцтой баримтыг гаргаж дэлгэнэ гэж бодож байгаа. Хүмүүс
хуулийн мафийн сүлжээ танайд үйлчилж байна гэж ярьдаг нь үнэн. Манай УИХ-ын гишүүдийн
70-80 хувь нь барьцаалагдсан нь үнэн. Хүмүүс танайхаас болж хөл гараа хүртэл тайруулж
байна. Бид хүнээ дээдлэх ёстой учраас энэ байгууллагын зөрчлийг ярих ёстой” гэв.

Тэгэхэд УИХ-ын гишүүн Л.Болд: “Хэлэлцэх цаг нь болсон. Энэ УИХ дахин
авч үзээд зөв, бурууг нь ялгах хэрэгтэй. 1937 онд буудчихдаг байсан. Орчин цагт
арай тэгж чадахгүй ч хэцүү байна. Түрүүн ноцтой баримт дэлгэнэ гэж байна. Надад
ч тийм баримт бий. Цаг нь болохоор хуулийн байгууллагад хандаж асуудлыг тодруулж
ажиллана. ” гэж байлаа. Р.Гончигдорж гишүүн ч энэ үеэр “Н.Алтанхуяг гишүүнээс надад
гомдол ирсэн. Энэ хуулийг санаачилсных нь дараа Г.Дэнзэнг баривчилж байгаа юм. Маргааш
нь эзэмшилд нь байдаг байгууллагад нь нэвтэрч орсон байгаа юм. Дараа нь Тагнуулын
ерөнхий газраас Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас ирж байгаа юм. Уг нь УИХ-ын гишүүний
халдашгүй байдлыг хуулиар тогтоосон тэр хүрээнд зөвхөн гэмт хэрэг үйлдэж байгаа
үед нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд ямар нэг албадлага болон
бусад хүч хэрэглэж болохгүй гэсэн заалт байгаа юм. Тэгээд хуулийг өргөн барьсантай
холбогдуулаад АТГ-ын албан ёсны веб хуудсан дээр Н.Алтанхуяг гишүүнийг хууль санаачилсантай
нь холбогдуулж, түүний хууль санаачлах бүрэн эрхэд нь халдсан тайлбар бүхий “Ажлыг
нь хийлгээгүй АТГ-ыг ажилгүй болгохоор шийджээ” гарчигтай нийтлэл гарсан. Энэ бол
маш эмзэглэх зүйл” хэмээлээ. Тэрчлэн УИХ-ыг гишүүн Х.Тэмүүжин “Манай мөрдөн шалгах
үйл ажиллагаа явуулж байгаа цагдаа, тагнуул, АТГ хэрэглэж байгаа хуулийнх нь болхи
байдлаас болоод хүний эрхийн зөрчил гарч байгаа юу гэвэл байгаа. Тиймээс хүний эрхийн
зөрчилтэй холбоотой дүгнэлтийг нэг байгууллага руу чиглүүлээд ярьж эхэлбэл Монгол
Улсад авлигатай тэмцэх үйл явц, хүний эрх гэдэг хоёр үнэт зүйл зөрчилдөж эхэлж байна.
Үнэхээр шийдье гэж байгаа бол процессын хуулиудаа эргэж харах хэрэгтэй. ЭБШХ дээрээ
гүйцэтгэх ажлын хууль бичсэнээсээ болоод бид маш том алдаанд орж байгаа. Эрүүгийн
төлөөлөгч эрүүдэн шүүх ажиллагаагаар ямар ч хариуцлага хүлээхгүй эрх зүйн орчинтой
болж байгаа учраас АТГ-ынх байна уу, цагдаагийнх байна уу ялгаагүй хуульд захирагдахгүйгээр
гэмт хэрэг хийж байгаа. Энэ бол нэг байгууллагын асуудал биш гэдгийг зааглах ёстой.
Мөрдөн байцаах алба АТГ-т шилжсэн түүх хөшигний ард маш эмгэнэлтэй шүү. Хангалттай
баримт, хангалттай эзэнтэй үйл явдлыг энэ хэлэлцүүлгийн явцад дэлгэж болно. Энэ
бас өөр сэдэв. Энэ бол оператив үйл ажиллагаа явуулдаг арга хэрэгслээрээ прокурор
болон АТГ газар ганцаараа биш цагдаа, тагнуулын байгууллагатай зодоон хийсэн учраас
сүүлдээ ийм үр дагаварт хүрсэн шүү. Тэгснээс биш өнөөдрийн АТГ-ыг буруутгах үндэслэл
ерөөсөө биш. Маш олон хэргийг нэр устай нь прокурор дээр хэрэгсэхгүй болгоод авлига
аваад, тэр нь батлагдаад, АТГ-т шалгах гэтэл прокурор АТГ-ын мөрдөгчдыг өөрийн Мөрдөн
байцаах албаараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад зодоон үүссэнээс болсон шүү” гэж
байлаа. Ийнхүү хуралдаан дуусахад хуулийн төслийг дэмжье гэсэн томъёоллоор санал
хураалт явуулсан. Тэгэхэд байнгын хорооны хуралд суусан 13 гишүүний 10 нь дэмжсэнээр
асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болов.

Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ цаг-үе

Вексель буюу “Жаст”-ын өрийн бичгийн хэрэг олон хүнийг хөлдөө чирэх бололтой

-14 хоногийн дараа түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхээ шийднэ-

“Монгол-Орос”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндоржийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон билээ. Түүнийг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа шинэ зүтгүүр худалдаж авах гэрээ байгуулсан. Зүтгүүрийн мөнгө болох 800 сая төгрөгийг “Арвижих трейд” компанийн данс руу шилжүүлсэн. Гэвч авсан зүтгүүр нь 400 саяын үнэтэй, хуучин зүтгүүр байсан гэнэ. Дээрх зүтгүүрийг өндөр үнээр авч дундаас нь их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэж үзэж байгаа юм байна. Энэ тухай УБТЗ-ын нэр бүхий ажилтан АТГ-т гомдол гаргасан байна. Шүүхээс түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид 14 хоног саатуулан шалгах зөвшөөрлийг олгожээ.14 хоног нь дуусахаар үргэлжлүүлэн хорих эсэхээ шийднэ гэж албаны эх сурвалж мэдээллээ. Энэ хэрэгт түүнээс гадна хоёр хүнийг сэжиглэн шалгаж байгаа бололтой. Зарим гэрчээс мэдүүлэг авчээ. Мөн түүний нэр дээрх эд хөрөнгийг нь битүүмжилсэн байна. Үүнээс гадна түүнийг вексель буюу өрийн бичиг бичиж албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзжээ. Энэ хэргийг сийрүүлбэл “Жаст” группт гаргаж өгсөн өрийн бичгийн хэрэг нь нэрмээс болж байгаа аж.

“Жаст” групп нь Төмөр зам болон МИАТ-т шатахуун нийлүүлдэг байсан аж. Тиймээс Г.Сэрээнэндорж, “Жаст”-ын Г.Батхүүтэй нууц гэрээ байгуулж, баталгаа гаргаж өгсөн байдаг. Нууц гэрээндээ ОХУ, “Роснефть”-д баталгаа гаргаж өгчээ. Энэхүү гэрээ нь орос хэлээр 2012 оны арваннэгдүгээр сард хийгдсэн аж. Түүнчлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт шалгалт хийхэд тухайн шалгалтыг тус газрын хуулийн хэлтсийн дарга И.Идэш бусад нөхдийн хамт шалгаж байжээ. И.Идэш нь Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилын хамт хуулийн фирм ажиллуулж байсан нэгэн учир түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй хэмээн “Эрдэнэт”-ийн удирдлагууд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Өмнө нь “Жаст”-ын гэрээг Ц.Мөнх-Оргил хуулийн талаас нь хянаж байсан гэсэн мэдээлэл тухайн үед гарч байсан юм. Тэгэхээр цөөнгүй хүн энэ хэрэгт татагдах нөхцөл байдал үүсчээ. Г.Сэрээнэндоржид холбогдох бас нэг хэрэг нь төмөр замын ажилтай холбоотой гэнэ. “Ухаа худаг- Гашуунсухайт” хооронд тавьж буй төмөр замын ажлыг анх “Энержи Ресурс” компани концессын гэрээгээр эхлүүлж гүйцэтгэгчээр “Самсунг” корпораци ажиллахаар болж байсан аж. Г.Сэрээнэндорж дарга байхдаа тус гэрээг цуцалж захиалагч тал нь “Монголын төмөр зам” компани болж өөрчлөгдсөн байдаг гэнэ. Ингэхдээ гүйцэтгэгч гэрээг шинээр хийж төсөвт өртгийг нь 594.6 сая ам.доллараас 439.8 сая ам.доллар болгон буулгаж гэрээ хийсэн гэж байгаа юм. Гэвч үнэн хэрэгтээ цаашид гаргах хөрөнгийн хэмжээ буюу бүр анхны гэрээ буюу 594.6 сая доллараас 45.6 саяар хэтрүүлсэн байна. Энэ мэтээр Г.Сэрээнэндоржтой холбоотой асуудлууд сөхөгдөж байгаа юм байна.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус зүйл ангид төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл түүний улмаас их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

Г.Сэрээнэндорж гэж хэн бэ?

Тэрбээр 1963 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төмөр замчны гэр бүлд төржээ. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 1981 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын 10 жилийн дунд сургуулийг төгсч, 1987 онд ЗХУ-ын (тэр үеийн нэрээр) Ленинград хотын Төмөр замын дээд сургуулийг автоматик, телемеханик, холбооны инженерийн, 1993 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг бизнес удирдлагын мэргэжлээр тус тус дүүргэжээ.

Хөдөлмөрийн гараагаа 1987 онд Сайншанд дахь Дохиолол холбооны гуравдугаар ангид монтероор эхэлж, механик, ахлах инженер, орлогч даргаар, 1992 оноос Улаанбаатар дахь Дохиолол Холбооны хоёрдугаар ангид хэсгийн ахлах инженер, орлогч даргаар, 1995 оноос Дохиолол холбооны албаны ахлах инженерээр, 2003 оноос Дохиолол холбоо, эрчим хүчний албаны ерөнхий инженер, даргаар, 2005 оноос УБТЗ-ын Ерөнхий инженерээр тус тус томилогдон ажиллаж иржээ. Г.Сэрээнэндорж нь Улаанбаатар төмөр замд тасралтгүй 25 жил ажиллаж байгаа юм байна. Техникийн ухааны магистрийн зэрэг, Монгол Улсын зөвлөх инженер, спортын мастер цолтой аж.

Д.Маргад

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Л.Цандэлэг: Мал, тарианы төлөө их ч зүтгэж байна. Тэр хэрээрээ адлагдаж ч байна

Монгол Улсын Тод ман­лай уяач, Үр та­риа эрхлэгчдийн “Га­зар Тариалан” холбоо­ны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.

-Та хөдөөгүүр яваад ир­жээ. Зуншлага хэр байна вэ?

-Би 25 жил тариа тарилаа. Мал маллаж, тариа тарьж байгаа хүмүүс чинь дандаа л тэнгэр харж, тэнгэрийн аясаар явдаг улсууд шүү дээ. Газар тариалангийн хуультай холбоотойгоор манай холбооны Удирдах зөвлөл хуралдлаа, Сэлэнгэ аймагт, “Гацуурт” компанийн байранд цуглаад. Манай хоёр гавьяат Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булганы тариаланчдын хүсэлтээр бүгдтэй нь уулзаад ирсэн.

-Хэн хоёрыг хэлж байна вэ?

-Норовсамбуу, Чинбат хоёр гавьяатаа цагийн байдалтай танилцаад ирээч ээ гэж холбооны томилолтоор явуулсан. Тариаланчид маань нийт 400-гаад мянган га-д улаанбуудай тариалсан байна. Улс мөнгөгүй ч тариаланчид яаж ийгээд л тариагаа тарьжээ. Үр байхгүй байсан. Манай холбоо дээрх талбайн 150 гаруй мянга га-гийн үрийг дангаараа хангасан. Тариаланчид мөнгө цаасгүй, өртэй байгаа болохоор өөрсдийнхөө үрийг өгсөн. Үүнд “Гацуурт” компани, “Ариун хур”, “Ургац хүдэр” гэсэн гурван компани голчилж ажилласан л даа. 120 гаруй мянга га-гийн үрийг бид зээлээр тараасан. Адилхан л мөнгөгүй байгаа юм чинь “Та нар намар, бололцоотой болохоороо буцаагаад өгчихөөрэй” гэсэн. Ингэж тохироод үрээ тараагаад тариалалтаа дуусгачихсан. Одоо нийт үрийн тавиад хувь нь соёолоогүй, шороон дотроо байна. Соёололт их муу байна. Соёолсон газруудад нь хур багатай байна. Газар тариалангийн бүсийн 80 хувь нь гангийн байдалтай байна. Өмнө нь аймаг аймгаараа яриад үүл буудаад бороо оруулдаг байсан. Гэтэл энэ ажил өнөө жил нам зогссон.

-Юунаас болоод тэр вэ?

-Олон дарга солигдох хооронд тендерийнх нь ажил хойшлогдчихсон. Гэтэл хурын улирал нь дуусчихаад байна. Манай орны хувьд хоёр том циклон орж ирдэг юм. Нэг нь Хөвсгөлийн цаанаас том үүл, нөгөөх нь Дорнодын цаад талын Соёлз уулаар дамжин орж ирдэг далайн чиглэлийн үүлс. Энэ хоёр үүлийг л бид алдах юм бол хэцүү л дээ. Үүл бууддаг хоёр төхөөрөмжийн нэг нь Сэлэнгэд эвдэрхий байж л байна. Үүнийг хариуцах эзэнгүй болчихоод байна. Энэ нь зөвхөн газар тариалан гэлтгүй мал аж ахуйд ч хүндээр тусч байгаа юм. Нийт газар нутаг, Төв аймгийн урд талаар гантай байна. Сүхбаатар аймагт хоёр, гурван хоногийн өмнө л жаахан бороо орж ган тайлагдлаа гэж байна лээ.

-Та наадмын бэлтгэлээ хэр хийж байна. Морьдынхоо уяа сойлгыг эхлүүлэв үү?

-Морьдоо барьчихсан. Гантай байна. Төв аймгийн Баянцагаанд манай адуу байдаг юм. Төв аймгийн урд тал тэр чигээрээ гантай байгаа болохоор морь барихад хэцүү байна. 61-гийн гарам дээр уяачид цуглаж байна. Тэр хавиар та бүхэн яваад үзээрэй. Өвс ерөөсөө ургаагүй. Энэ бороо чинь хотод л ороод байх юм. Уг нь үүл буудах хэдэн сум байсан гэнэ. Тэр сумаараа сая түймэр унтраах гэж үүл буудаад дуусгачихсан гэнэ. Одоо бол сум байхгүй байгаа гэсэн. Бороо, хурын асуудал хүндрэлтэй л байна даа.

Бид яахав ямар ч байсан морьдоо барилчихаад байж байна. Хүй долоон худаг тэр чигээрээ гангийн байдалтай байгаа ч уяачид маань тэндээ тойрч буугаад нааддаг шүү дээ.

-Хичнээн тооны хурдан хүлэг сойх вэ?

-Гуч орчим уяаны морьдтойгоо Баянцагаанд л байна даа, бид нар.

-Наадмын өнгө хэр байх бол?

-Найдлага тавьж байгаа хүлгүүд байлгүй яахав. Миний бор азарга гайгүй. Өнөө жил би соёолон их сайтай байгаа. Хоёр гурван соёолонтой байгаа. Азарган соёолон, морин соёолон ч бий. Бага адуунууд ч байна. Миний их насны хүрэн морь ч гайгүй уралдчих болов уу гэсэн иймэрхүү л байдалтай байна. Наадмын өнгө ямар байхыг наадмын өдөр л мэднэ шүү дээ.

-Таны соёмбо хүрэн азарга улсын баяр наадмаас олон айраг, түрүү авсан хурдан ажнай. Хүрэн азаргын угшил нь?

-Соёмбын эцэг Хандгай хүрэн азаргыг найз Жамбагаасаа авч байсан юм. Хандгай хүрэн азарга маань “Их хурд”-д нэг удаа наймаар давхиж байсан. Соёмбо хүрэн чинь Хандгай хүрний төл байхгүй юу. Эх нь манай найз Жамбагын хонгор гүү. Соёмбо хүрэн чинь шүдлэндээ Төв аймгийн 80 жилийн ойгоор аман хүзүүдсэн. “Их хурд”-д соёолонд нь уясан. Соёолондоо их хурдан байсан. Соёолонгоосоо хойш нийт бүс, улсын наадамд арав гаруй түрүү, айраг авсан тийм л хурдан ажнай. Одоо бол үр төлүүд нь их сайн наадаж байна. Соёмбын нэг үрээ нь сая Сүхбаатарт болсон Зүүн бүсийн хурдад өнгөлж гарч ирж байгаад наймаар давхисан. Соёмбын энд тэнд очсон төлүүд нь ер нь хурдан байгаа.

Би улсын баяр наадам болон бусад том жижиг уралдаануудаас жар гаруй айраг түрүү авчихаад байна.

-Та Завхан аймгийн Улиастайн уугуул. Тэнд төрсөн үү?

-Тэнд төрсөн. Аав, ээж хоёр маань Цагаан хайрханы улсууд. Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхнүүд гэдэг. Манай Тэсийн гол их хурдтай. Манай Завханаас төрөн гарсан Тод манлай уяачид бий. Миний араас Дагвадорж, Содномцог гуай тод манлай болсон. Мөн олон манлай уяачидтай. Би чинь Завханы анхны Тод манлай уяач гэж явдаг юм.

-Та соёмбо хүрнээ Монголын хамгийн хурдан адуу гэж ярьж байсан?

-Морьдыг чинь одоо хоёр ангилж уралдуулаад байгаа шүү дээ. Арабуудын дээд хурдад түрүүлсэн азаргыг тэр үед ялгахгүйгээр Эрдэнэтийн 30 жилийн ойгоор уралдуулчихсан. Уг уралдаанд соёмбо хүрэн маань тэр араб азаргыг дийлсэн. Анх соёолон байхдаа Занабазарын 360 жилийн ойгоор байх аа, цэвэр үүлдрийн араб адуутай уралдсан. Тэгэхэд гурван удаа гүйцэж очиж билээ. Өөд газар хоёулаа зэрэгцэж ирээд алхсан. Том адуу чинь том алхдаг юм билээ. Тэрүүгээрээ тэр адуу нь түрүүлээд соёмбо маань аман хүзүүдэж байсан. Тэгэхэд ар талын адуунууд их зайтай байсан л даа. Тэгээд л үнэхээр хурдан юм гэж итгэсэн. Араб адууг хурдан л гээд байдаг. Монголд байгаа араб адуунуудыг түрүүлсэн ганц монгол морь нь Соёмбо хүрэн. Одоо ч азарга маань хөгширлөө дөө. Соёмбо маань 16 настай. Уралдахгүй, зодог тайлчихсан. Үр төлөө өгөөд л байж байна.

Би чинь Монголын ес дэх тод манлай уяач. Намайг адуунд орж ирэхэд эхний таван тод манлай уяач нь бараг тодорхой болчихсон байсан ч би хүчтэй дайрч орж ирж олон айраг түрүү авсан л даа. Ямар ч байсан эхний арвын нэгд орж цол авсандаа баяртай байдаг.

-Уяа, морьтой ойр амьдрах нь хийморьтой гэлцдэг?

-Адууны л тоос тэнгэрт хүрдэг гэдэг хуучны үг байдаг. Бүх юм тэнгэрт хүрдэггүй. Харин түмэн адууны тоос л тэнгэрт хүрдэг гэдэг. Төрийн сүлдэнд адуу байдаг. Монголчуудын амьдралыг адуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголын бүх үеийн түүх адуутай холбоотой. Хэдэн уяачид л энэ ард түмнийг баясгаж байгаа юм. Бид л өөрсдөө баясаад байгаа юм биш шүү дээ. Энэ олон түмнийг цэнгүүлнэ, морио уяна, осолгүй уралдуулна гэдэг том ажил. Аюулгүй осолгүй уралдуулах ёстой. Бид чинь их айдаг. Хүний нялх хүүхдийг суулгачихсан, яадаг бол гээд. Хамгийн сайхан наадам гэж хүүхэд, морь эндэхгүй наадахыг л хэлнэ. Морь эндэнэ. Хүүхэд унана. Унаач хүүхдийн асуудал гээд бид өөрсдөө эмзэглээд байхад дээрээс олон нийтийн баахан байгууллагууд ирээд зугаа цэнгэл хөөцөлдлөө гээд л буруугаар хүмүүст сурталчлаад байдаг. Зугаа цэнгэл хийж, таван цаас л олох гээд байгаа юм биш шүү. Энэ чинь төрийн наадам. Морьгүйгээр төрийн наадам гоё уу.

Монгол хүний ген хаана байна вэ гэхээр тэр морь унаж байгаа хүүхдүүдэд л бий. Түүнээс биш энэ хотод байгаа гоё, гоё солонгос маягийн сонин залуучуудад монгол ген байхгүй шүү.

Монголчуудыг өнөөдөр 400 гаруй мянган хүн л тэжээдэг юм байна. Бусад нь хүүхэд, өндөр настан, тэтгэврийнхэн, төсвийн байгууллагынхан. Монгол Улсыг тэжээж байгаа хүмүүс чинь энэ хэдэн малчин, тариачин хоёр л байхгүй юу. Ийм цөөхөн улсын нуруун дээр л энэ улс тогтож амьдарч яваа. Эзэнгүй энэ их талыг адууны туурайгаар тамгалж байгаа, соёлыг тээж, монгол генийг авч яваа хөдөөний улсууд руугаа нэг их дайрч давшилмааргүй байгаа юм.

-Наадам гурван хоног болоод дуусдаг ч уяачдын хувьд бүтэн жилийн турш адуутай ноцолддог?

-Одоо чинь морьдоо бүр тавихаа байсан шүү дээ. Наадмын дараа түр амрааж байгаа юм, зайлуул. Намар яаж зөөлөн унах вэ, өвөл оруулж ирээд яаж хооллож услах вэ гээд л бүтэн жил хөдөлмөрлөдөг. Бүтэн жил тэр адуунаас салахгүй зүүгдэж явсаар ганцхан наадмын өдөр л нэг удаа няслаад алдвал алдаад, оновол онодог. Монгол наадмын хамгийн хатуу нь тэр. 500, 600 морь уралдахад тавхан л хүн баярладаг. Бусад нь уучлаарай, арван хэдээр орсон ч тэр нь тоо биш.

-Тэгэхээр л морь нь айргаар орж ирж байгаа уяачдын сэтгэлийг юугаар ч илэрхийлэшгүй гээд байдаг?

-Тэгэлгүй яахав. Бүтэн жилийн хөдөлмөрийн үр шим. Эр хүн яах гэж, юунд баярлаж явдаг юм бэ гэхээр миний хувьд үр хүүхдийнхээ сайн сайхныг үзэх гэж явдаг. Хүүхдээ хичнээн муу байсан ч хүнд муу хэлүүлэхгүй хамгаалдаг. Хоёрдугаарт, үрээ дааганыхаа хурдыг үзэх гэж явдаг. Гуравт нь, үр тариагаа, Монголын хөрсөнд ургасан буудайгаа хэнд ч муулуулахгүй гэж зүтгэдэг. Монголдоо ургуулсан, өөрсдөө идэж болоод байгаа тариаг Оросынхоос муу гэж байгаа нь арай дэндэнэ. Энэ жил гэхэд гаднаас 30 мянган тонн улаанбуудай оруулж ирээд Монголын тариаланчдын буудайг заруулахгүй, бүхэл бүтэн газар тариалангийн салбарыг унагачихаж байна шүү дээ. Тэрийг хийж байгаа хүмүүс үүнээс 10 сая ам.долларын ашиг олж байгаа байхгүй юу. Хоёр, гуравхан хүн ийм юм хийж том салбарыг унагачихаж байгаа юм. Үүнийг эсэргүүцсэний төлөө энэ яам, тамга нь бидний эсрэг болчихлоо. Цандэлэг, Цандэлэгийн холбооны эсрэг зогсч “Тэдэнд юу ч битгий өг” гэж байна. Яамны зүгээс жаахан шатахуун энэ тэр тараадаг. Тэгтэл “Газар тариалан” холбооныхонд юу ч битгий өг гэж дээрээс нь тушаасан гэдгийг доод мэргэжилтнүүд нь хэлж байгаа юм. Тэд “Сайд та нарт юм битгий өг гэсэн” гэж байгаа юм. Нийгэм ингэж доройтож байна.

Мэргэжлийн бус хүнээр яам удирдуулна гэдэг ийм аюултай. Хүнс, хөдөө аж ахуйн яам гэдэг чинь маш том яам байхгүй юу. Бидний аюулгүй байдал, аюулгүй хүнс гэдэг чинь юу юм бэ. Нэгдүгээрт мах. Хоёрдугаарт, гурил. Тавантолгойн нүүрсээр хэзээ ч гурил хийдэггүй. Бид өлсвөл очоод тэр нүүрсийг идэхгүй шүү дээ. Гэтэл энэ байгаа хоёр зүйлдээ ерөөсөө анхаардаггүй улстөрчид байна. Юу ч хийхгүй байна, энэ Засгийн газар. Арай дэндүү. Олон толгой ярьсан л хүмүүс. Уул нь энэ улс чинь мал аж ахуйн орон. Нүүдэлчин улсууд шүү дээ. Одоо л уул уурхай гэж хошуураад байгаа болохоос биш.

-Та үр тариа, тариаланчдынхаа төлөө нэлээд тэмцэж, үгээ хэлдэг шүү?

-Энэ бүхний төлөө их явж байна даа. Хүнд их адлагдаж байна. Өнөөдөр үнэний талд дуугардаг хүн байхгүй болсон юм байна.

Өнөө жил зуд болно. Мичин жилийн зуд гэдэг чинь маш аюултай. Яг ийм хавар ажиллагаа хийхгүй болохоор зуд болдог. Үүлэнд нөлөөлж бороо оруулах нь 50, 60 сая төгрөгийн л асуудал байхгүй юу. Үүнийг бид нар хийж болдоггүй. Би тариаланч хүн бороо оруулъя гэвэл манайд тэрийг нь хориглодог. Тэгтэл Хятадад бараг айл болгон үүл бууддаг төхөөрөмжтэй. Тэр төхөөрөмж чинь хорин литрийн хувин шиг хэмжээтэй жижигхэн юм байдаг. Сум нь урд 70 мянган төгрөгийн үнэтэй мөртлөө Монголд орж ирэхээрээ 150 мянга болчихдог. За тэр нь яахав. Тэгтэл энэ ажлыг ганцхан төр л хийнэ гэдэг. Ийм хариуцлагагүйн ган Монголд болж байна. Улстөрчдийн хариуцлагагүй байдал доошилсоор төрийн албан хаагчдад нь нөлөөлж бүгд маш муу ажиллаж байна.

-Газар тариалангийн хууль мөн газар тариалангийн чөлөөт бүсийн асуудал олон хүний анхаарлыг татаж байна?

-Газар тариалангийн хууль болон бодлогын хугацаа нь дууссан. Хуулинд газар тариалангийн худалдааны чөлөөт бүс гэдэг аюултай юм орж ирж байна. Хятад малчин Дорнодод мал маллаж байна. Хятад тариачид орж ирсэн. Дорнодын гурван компани хятадуудын мэдэлд оччихсон. Наанаа монгол эзэнтэй ч цаана нь хятад хүн байна. Монголд хятад хүн мал маллаад тариа тариад эхэлбэл маш хэцүү байдалд орно. Дээрээс нь солонгосчууд Дорнодод орж ирж байна. Тэд тэндээс татвар төлөхгүйгээр юм авч гарах нь байна шүү дээ. Халх гол, Дорнодын ай сав, Нөмрөгийн ай сав бол Монгол Улсын ирээдүйд идэх хоол хүнсний үүц нь. Үүнийг үе, үеийн сайдууд, газар тариалангийн шинжээчид “Монгол Улсын хүнсний нөөц бааз” гэж үзсээр ирсэн. Хөндөж болохгүй газар. Цөлжилт урдаасаа хойш яваад Сэлэнгэ, Булганы газар түүнд нь өртөөд дуусна. Цөлжилт явсаар одоо Дарханыг өнгөрчихөөд байна. Цөлжилт энэ чиглэлээр явж дуусахад буудайгүй болно. Тэр цагт Дорнод Халх голын ай сав руугаа бид орох юм. Тэр хүртэл тэрийг ерөөсөө хөндөж болохгүй байсан юм. Тэгтэл тэр рүү гадны баахан хүмүүсийг авааччихлаа. Тэр ай савыг эвдэж, сүйтгэж байна. Энэ бол Монголын ирээдүйн зуун жилийн хоолны асуудал. Тэрийг Солонгос, Хятадыг тэжээх гэж өнөөдрийг хүртэл хадгалаагүй. Монголчууд өвөлжөөнийхөө өвсийг одоо идэж байгаа гэсэн үг. Өвөл болохоор бид юугаа идэх болж байна аа.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Гомбожав: Нам гэдэг нам хуйвалдаж, сэм идэлцэхийн нэр болчихлоо

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Ж.Гомбожавтай өнөөгийн нийгэм, улс төрийн талаар ярилцлаа.

-Улс төрийн амьдралд багагүй хугацааг өнгөрүүл­сэн хүний хувьд өнөөдрийн төр засгийн үйл ажиллагааг та хэрхэн харж байна вэ. Хамтарсан Засгийн газар байгуулагдан ажиллаж байна. Үр дүн хэр байна вэ?

-Сүүлийн 25 жилд Монгол Улс хөгжсөн үү гэвэл хөгжсөн. Гэхдээ боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Үүнд нь Мон­голын ард түмэн сэтгэл дун­­дуур байгаа. Улс орон дорвитой хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь удирдлагын түвшинд муу ажил­лаж байгаатай холбоо­той. Тухайлбал, УИХ, Засгийн газрынхаа түвшинд тааруу ажиллаж байна гэсэн үг. Монгол Улсад дэлхийн гэж ярих хэмжээний баялаг бий. 50 гаруй сая толгой мал байна. Өргөн уудам газар нутаг, газрын хэвлийдээ асар их байгалийн баялаг, боловсролтой мэргэжилтнүүд байнаа. Гадаадад 200 гаруй мянган залуус амьдрал ахуй­гаа боломжийн аваад явчихаж байна шүү. Ийм чадамжтай улсыг 25 жилийн хугацаанд өөд нь татаж чадахгүй байгаа нь УИХ, Засгийн газрын удирд­лагад томилогдсон хүмүүсийн ажлын арга барил, чадамжтай шууд холбоотой гэдгийг дахин хэлье. Заримдаа эх оронч сэтгэл нь хааччихсан юм бол доо гэж бодогдоод байх юм.

-Гэхдээ сүүлийн 25 жилийн хугацаанд МАН дийлэнх хугацаанд нь төр засгийг удирдаж ирсэн шүү дээ. Таны ярьснаас улс хөгжихгүй байгаа шалтгаан танай намд ч бас хамаатай гэж ойлгож болох уу?

-1992 он хүртэл бид нэг намын удирдлага дор байсан. Өөрөөр хэлбэл нэг намын дарангуйлалд байсан гэж болно. Одоо харин нэг намын дарангуйлал биш нэлээд хэдэн намын дарангуйлалд орчихлоо. Уг нь төрийн эрх мэдлийг ард түмэн мэднэ. Түүнийг хэрэгжүүлэхэд нам дэмжлэг болно гэсэн Үндсэн хуулийг бид баталсан. Өнөөдөр нам нь төрийнхөө дээр гараад суучихсан, төр нь намынхаа доор орчихоор иргэддээ үйлчлэхгүй, өөрс­дөдөө үйлчилдэг ийм байдал руу шилжсэн.

Ялангуяа сүүлийн 15 жилд дэндүү байна, энэ төр засаг. Энэ нь юугаар мэдэгдэж байна вэ гэхээр Оюу толгой, Таван толгой гэсэн хоёр толгойн асуудал дээр тэдний илэрхийлж байгаа байр сууринаас тодорхой харагдаж байна. Социализмын үед бол Оюу толгой, Таван толгой чинь ердөө хоёрхон уурхай шүү дээ. Хоёрхон уурхайн асуудлаа зөв шийдэж чадахгүй байгаа юм. Ажил нь сайхан явж байхаар төр оролцоод гацаачихдаг. Ард түмэнд болохоор тэр намаас боллоо л гэдэг. Өнөөдөр Оюу толгой, Таван толгой аль аль нь ажиллаж байгаа. Анхны гэрээнүүд нь Монголын талд ашиггүй муу гэрээ болсон байна гэдэг нь одоо харагдаж байна л даа. Тэр гэрээгээ сайжруулаад цаашаа явах байтал бүлэглэлийн эрх ашгаас болоод гацаанд орчихсон. Үнэндээ цаад хөрөн­гө оруулагчдаас болоод гац­чихсан юм алга. Манайх­ны ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан ингээд зогсчихлоо. Сүүлийн үед зарим хүмүүсийн эд чинь монгол хүн мөн үү гэж эргэлзэхэд хүрч байгааг нуугаад яахав. Ийм удирдлагатай явбал Монгол хөгжихгүй. Улс хөгжихгүй байгаа өөр нэг шалтгаан нь хоёр хөрштэйгээ харилцаж чадахгүй байгаатай холбоотой. Үе, үе уулзалтууд хийж байгаа ч тийм үр дүнтэй болж чадахгүй байгаа нь анзаарагдах юм. Хоёр хөрш манайд таатай хандаж байгаа ч манайх гуравдагч хөршдөө илүү анхаарал хандуулаад байна уу даа гэж бодогддог. Нэлээд хэдэн жилийн өмнө хий дамжуулах хоолойг Монголоор дайруулан тавина гэж байсан ч одоо таг чимээгүй байна. Монголоор дайруулбал хоёр хөршид аль алинд нь ашигтай. Ер нь бол Монголыг дайруулсан, дайруулаагүй тэд боломжтой улс. Хийн хоолойг Монголоор дайруулахааргүй болсон шалтгаан нь манай төр засагт байгаа хүмүүсийн болчимгүй үйлдэл гаргадаг, шийдвэр дээрээ тогтвортой байдаггүй болохоор итгэхээ больсон. Социализмын үед манай орон руу дэлхийн ийм олон орон хандаж байсангүй.

-Ер нь Орос, Хятад гээд хоёр л хөрш байсан байх тийм үү?

-Эхний үед Орос, 1960-аад оны үед БНХАУ харилцаатай байсан. Сүүлдээ ганцхан социалист орноос бүх зүйл хараат байдал руу орсон. Одоо харин дэлхий нийтээр Монголыг сонирхож байна. Дэлхийн орнууд Монголын удирдагчид нь мундаг болохоор сонирхоод байгаа юм биш. Монгол Улсад дэлхий дээр байхгүй ашигт малтмалууд байгаа болохоор л анхаарал хандуулаад байна. Хаана баялаг байна түүн рүү шунахаас яах юм. Түүнээс биш ганцхан Монголын эрх ашгийг бодоод байна гэж байхгүй. Энэ нь тэдний буруу биш. Манай төр засгийн удирдлагад байгаа хүмүүсийн гол алдаа хууль огт биелүүлдэггүй. Үүнийг Үндсэн хуультай холбогдуулан хэлье. 1999 онд Үндсэн хуульд долоон өөрчлөлт хийснийг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгосон. Үндсэн хуулийн 66.3-т “Цэцийн шийдвэр эцсийн шийдвэр байна” гээд цагаан дээр хараад биччихсэн. Гэтэл эцсийн шийдвэр нь гарчихаад байхад 2000 онд УИХ өнөө долоон заалтыг буцаагаад хэлэлцсэн. Цэцийн шийдвэр эцсийнх юм бол УИХ түүнийг хэлэлцэх ёсгүй байсан.

-Маргаан хянан шийдвэрлэх хууль гээд 1995 онд гаргаж байсан биз дээ?

-Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагааны тухай гээд 1995 оны тавдугаар сарын нэгэнд гарсан хууль байдаг юм. Тэр хуулийн 15.3-т “Ийм маягаар албан тушаалтан, байгууллага Цэцийн шийдвэрийг хэлэлцсэн байх юм бол Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хэлэлцээд шийдвэр гаргана” гэсэн байдаг. Цэц нэг л шийдвэр гаргах ёстой. Хэрэв шударгаар ажилладаг юм бол хүчингүй гэдэг шийдвэрээ л гаргана. Тиймээс УИХ-аар хэлэлцэх ёсгүй зүйлийг хэлэлцээд шийдвэр гаргаагүй, албан бичиг гаргасан. Түүнийгээ ингээд хэдэн жил мөрдөөд явж байна. Албан бичиг гэж хэлсний учир нь “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” гэсэн байгаа. Уг нь томъёолол нь цаасан дээр буухдаа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт оруулсан тухай хууль” гэж гарах ёстой байсан. Монгол Улсын сүүлийн 300 гаруй жилийн түүхэнд хамгийн таатай, монгол хүн бие дааж улсаа авч явж шийдвэрээ гаргах, боловсон хүчнээ томилох, үйл ажиллагааг явуулах алтан үеийг 1992 оны Үндсэн хууль нээж өгсөн. Шинэ Үндсэн хуулийг баталж байхад аль нэг улс орны хараа хяналт байхгүй болчихсон таатай цаг үед монголчууд өөрсдөө шийдвэрээ гаргасан. Үндсэн хуулийг батлахад одоогийнх шиг улс төрийн бүлэглэл бий болоогүй байсан юм. Одоо намын болон эдийн засгийн бүлэглэлүүд бий болчихоод хааш нь ч хөдөлгөхгүй байна.

Өнөөдөр батлагдаж буй хууль тогтоомжууд аль нэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан байдалтай гардаг болсон. 1992 оны Үндсэн хууль чинь Монголын ард түмний хамгийн том зөвшилцлийн дүнд бий улс төрийн баримт бичиг. Одоо бол өөр болчихож. Хэсэг бүлэг хүмүүс л Үндсэн хуулийг өөрчилнө гээд гүйгээд байх юм.

-Гэхдээ парламентад суудалтай бүх улс төрийн хүчин Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гээд бүлэг тус бүрээс Шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан голдуу хүмүүсийг ажлын хэсэгт багтаасан…

-Улстөрчид, улс төрийн намууд Үндсэн хуулиас болоод болохгүй байна гээд Үндсэн хууль руу хуруу гараа шургуулж байна. Харин судлаачид, ард түмэн болохоор Үндсэн хуулиа өөрчилье гэдэг зүйлийг ярихгүй байгаа биз дээ. Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа хүмүүсийн цаад санаа нь улстөрчид, улс төрийн намуудад нэр хүнд нь унасан бурууг түлхэх нэг газар хэрэгтэй болсон. Тэр буруугаа Үндсэн хуулиас л боллоо гэж тайлбарладаг. Хачир дээрээ Үндсэн хуулиас болоод ажил явахгүй, хохироод байгаа юм байхгүй. 1999 оны дордуулсан долоон өөрчлөлт бол ардчиллын амин сүнсийг аваад хаячихсан. Өөрөөр хэлбэл намуудын дарангуйлалд төр орох нөхцөлийг бүрдүүлсэн. Өнөөдөр хууль тогтоо гээд 76 хүнийг сонгочихоод байхад 39 нь ирээд 20 нь хууль батлаад явж байна. Манайх шиг цөөхөн гишүүнтэй парламентад өмнөх Засгийн газар шиг 17 гишүүн сайд байж болохгүй. Үүнээс болоод УИХ-ын дээр нь Засгийн газар гарчихсан. Амьдралаас харахад Засгийн газар нэр төрөө хамгаалахын тулд аль болох их мөнгө зарж, сонгогчдоос санал авахын тулд ажилладаг. Тэр их шунал, хүсэл, сонирхлыг нь УИХ хазаарлан барьж байх ёстой. Гэтэл одоогийн УИХ Засгийн газрынхаа хийх ажил руу яваад орчихсон. Өөрсдөдөө ч мөнгө хуваарилдаг болж. Уг нь УИХ-ын гишүүн нэг ч төгрөг зарцуулах эрхгүй шүү дээ. Өнөөдөр харин ч эсрэгээрээ тэрбум тэрбумаар нь хуваарилж авдаг гажиг тогтолцоог бий болгосон. Тойрогтоо ажиллаж байгаа нэрийдлээр Гүйцэтгэх засаглалын ажил руу ордог ийм л байдалтай байна. УИХ, Засгийн газрын ажлын хурд нь Ерөнхийлөгчийн санал санаачилгаар хийх гэж байгаа ажлын хурдад хүрэхгүй байгаа юм. Тийм болохоор Ерөнхийлөгч заримдаа Гүйцэтгэх засаглалын ажил руу аргагүйн эрхэнд орж байна.

-Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх нь энэ цаг үеийн чухал асуудал гэж ажлын хэсэг нь хэлээд байгаа шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

-Үндсэн хууль 70 зүйлтэй. Үүний 35 ба түүнээс дээш хувийг нь өөрчилбөл Үндсэн хуульд бүхэлд нь өөрчлөлт оруулж байна гэж үздэг.

2010 оны Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулиар 70 зүйлийн 35 хувиас дээш хувьд нь өөрчлөлт хийвэл шинээр Үндсэн хууль хийж байна гэж заасан.

Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд Үндсэн хуулийн тодорхой зүйл дээр өөрчлөлт оруулж болохгүй гээд заачихсан. Гэтэл өнөөдөр нэмэлт, өөрчлөлт хийнэ гээд байгаа нь өнөө хориглосон заалтуудыг өөрчлөхөөр ярьж байна. Тэр нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хамааралтай заалтууд байгаа юм. Үндсэн хуулиндаа ямар нэмэлт, өөрчлөлт хийх вэ гэдэг хуулиа 2010 онд гаргачихаад түүнийгээ мэдэхгүй яваа хүмүүс байна гэж харж байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг шийдэх гэж байгаа бол шинээр Үндсэн хууль хийхээс өөр зам байхгүй. Ийм хуулийг нь 2010 онд гаргачихсан. Хэрэв энэ хуулиа зөрчөөд явах юм бол тэр нь гэмт хэрэг байхгүй юу. Хуулийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйдлийг Монгол Улсын Үндсэн хуулинд халдсан хэрэг гэж үзнэ” гээд заачихсан. Тэгэхээр Н.Батбаяр тэргүүтэй ажлын хэсэг Үндсэн хуулинд халдаж байна.

Үндсэн хуулинд халдана гэдэг чинь төрийн эрхийг хуйвалдааны журмаар авна гэсэн үг. Үнэхээр Үндсэн хууль болохгүй байнаа гэж үзвэл энэ хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж 35 хүртэлх хувь гэдгийг өөрчлөх ёстой. Өөр нэг зам нь шинэ Үндсэн хууль бий болгох шаардлагатай.

-Үндсэн хуульд ямар өөрчлөлт хийх гэж байгаа талаар нь ярихгүй юу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхийг хасах юм байна. ҮАБЗ-ийг даргалдгийг болиулж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байхаа болих нь. Тэр бүү хэл УИХ-аас Ерөнхийлөгчийг томилно гэх юм. Энэ нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, бэлгэ тэмдгийн төдий болгох гэж байгаа нь төрийн байгуулалтын том өөрчлөлт шүү. Үндсэн хуулийн хөндөж болохгүй заалтанд энэ чинь багтаж байгаа юм. Надад өөр нэг хар төрсөн нь ард түмний хүсэн хүлээж байгаа гол асуудлуудаас ард түмний анхаарлыг сарниулах гэсэн оролдлого байх. Саяхан Дубайд маапантай Оюу толгойн гэрээ ч юм уу, төлөвлөгөө ч юм уу нэг юманд гарын үсэг зурлаа. Таван толгойн гэрээ буцаагдах нь. Үүний цаана 2016 оны сонгууль гэж том юм байгаа. Улс төрийн намуудын хууль гэх мэт эдгээр томоохон асуудлуудаас сонгогчдын анхаарлыг хөндийрүүлэх оролдлого хийж байгаа нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Өнөөдрийн парламентын 76 гишүүнд Үндсэн хуульд гар хүрэх эрх байхгүй. Учир нь 76 гишүүний дөрөвний гурав нь ямар нэгэн асуудалд холбогдсон байна. Улс төрийн намуудын нэр хүнд өмнө нь хэзээ ч байгаагүй доод түвшиндээ хүртэл унасан байгаа юм. Нам төрийн эрхийг барьж байгаа өнөөдрийнх шиг нөхцөлд ард түмнээсээ асуулгүй Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Сонгууль дөхсөн үед Үндсэн хуулинд гар хүрвэл ямар хортой байдгийг 1999 оны Үндсэн хуулинд халдсан халдлага харуулж байна. Тухайн үед 76 гишүүнээс би ганцаараа “Үндсэн хуулинд өөрчлөлт хийж болохгүй” гэж татгалзсан. Тэр үед Р.Гончигдорж, М.Энхсайхан, Н.Энхбаяр гурав хуйвалдаад намын бүлгүүдээ зохион байгуулж долоон өөрчлөлт оруулсан. Тэр нь өнөөдрийг хүртэл 15 жил улсын хөгжлөөс хойш зулгаалаа. Эцэг хуулиа оролдох юм бол эцгээ алдсан өнчин хүүхэд ямар байдалд хүрдэг билээ. Үүнтэй агаар нэг гэдгийг санах ёстой.

Сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэж зарим хүмүүс ярих болсон. Тиймээс Ерөнхийлөгчийг эрх мэдэлгүй болгож байгаад Ерөнхийлөгчийн засаглалтай болохын тулд зориуд ийм зүйлийг хийж байж магадгүй. Цаад санаа нь парламентын засаглалаас татгалзаж Ерөнхийлөгчийн засаглал руу орох урьдчилсан тоглолт байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд хоёр том хөршийн дунд байрладаг жижиг орны хувьд парламентын засаглалтай байх нь чухал гэж боддог. Энэ нь 25 жилийн амьдрал дээр батлагдсан. Таван толгойн гэрээг УИХ-д оруулахгүйгээр Засгийн газар шийдээд явсан бол бид 98 хувиа алдаад хоёр хувийн ашиг хүртэх гэрээг Засгийн газраар хийлгэх байсан байна. Одоо хоёр уурхай яригдаж байгаа мэт боловч Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал цаана нь яригдаж байдаг. Энэ мэтчилэн Үндсэн хуультай холбоотой асуудлууд хөндөгдөнө.

-Оюу толгой Таван толгойн асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Аль аль талдаа харилцан ашигтай байх ёстой. Хамгийн гол нь Их хурал зөв шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Түүнийг нь Засгийн газар нь өөрчлөөд цаад хөрөнгө оруулагчдын эрх ашигт нийцүүлэн хууль зөрчөөд оруулж ирдэг. Оюу толгой дээр хувь хэмжээг 34 хувь гээд хэлэлцсэн. Оюу толгой гэдэг чинь Монголын компани. Гэтэл Хөрөнгийн бирж дээр бүртгэл байхгүй. Борлуулсан түүхий эдийн мөнгө нь монголоор дамждаггүй, хичнээн төгрөгийн зардал гарч байгааг манай талд тайлагнадаггүй. Ч.Улааны танай сонинд өгсөн ярилцлагыг уншаад үүнд итгэсэн. Өөр газар ажиллаж байгааг хүмүүсийн зардлыг Оюу толгойгоос төлдөг байж болохгүй. Бид өмчийн эзэмшигч тул 34 хувиа л эзэмшинэ гээд сууж байхад болно. Өнөөдөр гэтэл яаж байна. Өөрсдөө байгалийн баялгаа өгчихөөд дээр нь өрөнд ороод сууж байгаа биз. Манайхан одоо л нүүрсээ зарахгүй бол хэрэггүй боллоо гэж байна. Нүүрснээс 200 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг гэж намайг сурагч байхад заадаг байсан.

Өнөөдрийн Таван толгойн гол гацаа төмөр зам болчихоод байна. Төмөр замтай болчихвол бид хаашаа ч наймаагаа хийчихнэ. Чингэс бондын 1.5 тэрбум ам.доллараас төмөр замд зарцуулчихсан бол аштай юу. Гэтэл өдөрт 50-60 машин явдаг аймгуудын зам руу мөнгөө хийчихсэн. Зам хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хогийн ногоон уутанд 5-6 тэрбум төгрөг зарцуулсан. Тэр 5-6 тэрбум төгрөгөөрөө цэвэрлэх байгууламжаа зассан бол өнөөдөр өмхий самхай ханхлахгүй л байсан. Бондын мөнгөнөөсөө арьс ширний үйлдвэрүүдээ хотын төвөөс гаргахад зарцуулсан бол одоо Туул гол гэж орилохгүй байлаа. Манайхан маш тэнэг байсан гэхэд болно. Одоо бүр тэнэглэл нь сум, баг руугаа орчихсон. Орон нутагт мөнгө өгч байгаа нь зөв. Гэхдээ сум бүрт жижиг зүйл хийхгүйгээр томоохон зүйл хийх ёстой л доо.

-Таныхаар өнөөдрийн улс төрийн намууд хэр үүргээ гүйцэтгэж байна вэ. Нам гэсэн нэрийн дор ард түмнээ л их талцуулах юм. Танай намынхан ахмад гишүүдийнхээ үгийг сонсч байгаа юу?

-Ирэх жил сонгууль болох гэж байгаа болохоор намынхаа хүмүүсийн үгийг сонсч, “Та нарын үг хэрэгтэй байна. Төр засгийн шийдвэр гаргахад та нарын үг чухал” гэж байгаа ч сонгуулийн шоу шүү дээ. Бид үг хэлээд хүлээж авахгүй. Одоо УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй.

-Тийм боломж байгаа юм уу?

-Сайн дураараа болих хэрэгтэй. Тус тусдаа хийж чаддаг зүйлээ хийгээд яв л даа. Миний хувьд намар ээлжит бус сонгууль явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ээлжит сонгуулиар эд бүгд гарна. Намын жагсаалтаар орж ирэх гэж зүтгэнэ. Тэд өөрсдийнхөө гарч ирэх замаа л хайж байгаа юм. Энэ төрд байгаа хүмүүсийн чадамж нь шавхагдчихсан. Шавхагдсан гэдэг нь мэдлэгийг нь хэлээд байгаа юм биш. Эдийн засгийн шунал нь болохгүй байна гэж байна. Хууль бусаар олж авсан хөрөнгөө хамгаалахын тулд улс төрд шургалах гээд байна, наадуул чинь. Монгол Улсад Си Жиньпин, Путин шиг дарга хэрэгтэй. Авлигачидтайгаа тэмцдэг байх хэрэгтэй. Гэхдээ шоронд явуулаад бай гэсэн үг биш. Хууль бусаар олсон хөрөнгийнхөө нэг хэсгийг ард түмэндээ өгөөд сайхан амьдарч болно. Би гэхэд 2000 онд улс төрөөс хөндийрөөд Богд уулын өвөрт нэг сая шахам мод тариад, мод үржүүлгийн газартай, нэг барилгын компанитай болоод л байна. Би улс төрд насаараа явсан хүн. Их хурлын гишүүдэд хандан “Та нар болиоч ээ” гэж уриалмаар байгаа юм. Нэг сонгогдсон бол дараа нь би чадахгүй юм байнаа гээд явчих хэрэгтэй. Тиймээс ээлжит бус сонгууль хийж ард түмэнд эрхийг нь өгье. Хэнийгээ сонгохоо өөрсдөө мэдэг. Тэр нь төр бариад үзэг. Үүнийг хийгээд явчих залуучууд олон байна. Ардчилсан намын лидер гээд байгаа нөхдүүд 25 жил төр засгийн толгойд явлаа. Ардчилсан намд салхи орохгүй байна. Ардчилсан хувьсгал гэж ярьж эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл явсаар л байгаа биз дээ. Төрд юм хийсэн байна, та нарт баярлалаа. Харин одоо больчих. Ардын намд хөдөлгөөн орж байгаа ч тодорхой тооны хөрөнгөлөг хэсгүүд нь барьчихаад байна. Салхи орж байгаа ч тийм ч сайн биш. Тиймээс МАН, АН аль нь хамаагүй удсан хүмүүс нь больчих хэрэгтэй. МАХН яахав дээ, угаасаа Н.Энхбаяр гэдэг хүнийг түшиж гарсан. Энхбаярыг шоронд орохоор нь ард түмэн өрөвдөөд саналаа өгчихсөн юм. Одоо боль Монгол Улс 20 гаруй намтай гээд тарж бутраад тоглох хэрэг алга.

-Таны хэлж байгаа шиг болоход удах байх л даа?

-Чингэс хаан Их Монгол Улсыг байгуулахад намтай байсан юм уу. Шударга түшээдтэй байсандаа Их Монгол Улсыг байгуулсан. Чингэс хаанаас хойших бүх хаадууд намгүй л явж ирсэн. Намгүйгээр хөгжиж, дэлхийн талыг эзэлж болдог гэдгийг харуулаа биз дээ. Нам гэдэг нам хуйвалдаж, сэм идэлцэхийн нэр болчихлоо. Тиймээс намд ач холбогдол өгөхгүйгээр шударга, мэдлэгтэй, туршлагатай залуучуудаар төрөө бариулъя. Сонголтоо буруу хийж байгаа ард түмэнд бас асуудал бий. Тухайн үеийн суртал нэвтрүүлэг, хэдэн төгрөг өгсөн хүнд санал өгчих юм. Өмнөх үе чинь эх орноо үүлэн чөлөөний нар шиг байхад аваад гарчихсан юм шүү дээ. Сонгууль болно гэхээр өчнөөн тэрбум төгрөг гарна гэж ард түмний тархийг угааж байна. Мөнгө зарахгүйгээр сонгуулийг явуулж болно. Тэртэй тэргүй төрийн албан хаагчид цалин авч байгаа юм чинь сонгууль явуулахад оролцож болно биз дээ. Өнгөтөөр хэвлэсэн ном, сонин тарааж, яриа хийж байна гээд жийпээр давхиад байх шаардлагагүй. Сонгуулийн хуудас хэвлүүлэхэд хэдэн төгрөг гаргахад болно. Би 1954 онд бага сургуулийн нэгдүгээр ангид сумынхаа депутатуудынхаа нэрийг гараараа бичээд болгож байсан. Тэгэхэд хувилдаг машин байсан биш. Энэ оны намар сонгуулиа хийгээд, одоо байгаа Их хурал тарах хэрэгтэй.

-Монгол Улсын гавьяат эдийн засагчтай уулзаж байгаагийнх эдийн засгийн хүндрэлээс гарах гарцын талаар асуулгүй өнгөрч боломгүй нь?

-Хүндрэлээс гарах боломж байна. Гаднаас хэдэн төгрөг орж ирэх сургаар л 2000 төгрөгт хүрч байсан долларын ханш буугаад эхэлчихлээ. Ам.долларын ханш ихэсч, буурч байгаа нь арилжааны хэдэн банкуудтай холбоотой. Тэд тоглолт хийж ихээхэн хэмжээний ашиг олдог. Монгол Улсад хамгийн баян салбар банкныхан байна. Чингэс бондын 1.5 тэрбум ам.долларыг арилжааны банкуудад дөрвөн хувийн хүүтэй байршуулахад банкууд 15-16 хувийн хүүтэй зээл болгоод баахан мөнгө олсон. Энэ бол алдагдалгүй бизнес байгаа биз. Арилжааны банкуудаас ард түмэн болон компаниуд зээл авч байна. Банкны хүүгээс хувь хүртээд явж байх нь энэ төрийн удирдлагуудад амар байхгүй юу. Үйлдвэрлэл босгох гэж зовохгүй байгаа биз. Манай эдийн засаг жижиг тул 50 гаруй сая мал, газар тариалангийн салбараа дэмжих хэрэгтэй. Хуучин манайхан чинь улаанбуудайгаар дотоодын хэрэгцээг хангаад илүүг нь экспортолдог байлаа. Ганцхан уул уурхай гэж туйлшрахгүйгээр хөдөө аж ахуйн салбараа дэмжээд явбал сэргээд ирнэ.

Categories
мэдээ цаг-үе

ОХУ руу зорчих гэсэн иргэд гадаад паспортоо солиулах гэж дугаарлаж байна

-МАНАЙ УЛСАД АЛБАН ЁСООР МЭДЭГДЭЛГҮЙГЭЭР 2006 ОНООС ӨМНӨ АВСАН ГАДААД ПАСПОРТТОЙ ИРГЭДИЙГ ОХУ-ЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭЛГҮЙ БУЦААХ БОЛЖЭЭ-

Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2006 оноос өмнөх гадаад паспортоо солиулах гэсэн олон иргэн хандах бол­жээ. Иргэд өнгөрсөн сарын сүүлчээс эхлэн олноор хандаж, өглөө­нөөс үдшийн бүрий болтол дугаарлах болсон аж. ОХУ-ын хил гаалийнхан 2006 оноос өмнө авсан гадаад паспорттой манай улсын иргэдийг өнгөрсөн тавдугаар сарын 24-нөөс улсынхаа хилээр нэвтрүүлэхгүй болсонтой холбоотойгоор ийнхүү дугаарлах болжээ. Энэ талаар сурвалжлахаар УБЕГ-т очлоо. Гадаад паспор­тын хэлтсийн хоёр заал хөл гишгэх зайгүй дүүрэн хүнтэй байв. Халуун бүгчим өрөөнд дугаарлан зогсож байгаа иргэд “Үйлчилгээгээ хурдан үзүүл. Хүмүүсийн бичиг баримтыг шалгаж байна гээд удаад байх юм. Энд хүмүүс бүтэж үхлээ. Цонхоо нээж, салхи оруулахгүй бол энд хүн ухаан алдаж унах гээд байна” гээд л энд тэндээс хашгирч байлаа. УБЕГ-ын Гадаад паспортын хэлтсийнхэн 20 гаруй цонхоор иргэдэд үйлчилж байгаа харагдав.

Мэргэжилтнүүд аль болох хурдан шалмаг үйлчилгээ үзүүлэх аж. Гэвч ачааллаа үнэндээ дийлэхгүй сууж байв. Хэдхэн минут болоод л 2006 оноос өмнөх гадаад паспорт хийсэн модон хайрцаг дүүрч, цаад өрөө рүү аваад орох юм. Мөн шинээр хэвлэгдсэн гадаад паспорт олголтын хэсэгт ч хүмүүс дугаарлан зогсож байв. Үүрийн 06 цагаас эхлэн иргэд дугаарлан зогсжээ. Өглөөний 07 цагт ирсэн иргэн 11:00 цагийн орчимд үйлчилгээгээ аваад гарч байлаа.

“ДЭЭРЭЭС ИЙМ ТУШААЛ ИРСЭН ГЭЭД ИРГЭДИЙГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХГҮЙ БОЛЧИХСОН” ГЭВ

2006 оноос өмнө гадаад паспортоо авсан, одоо солиу­лах шаардлагатай болсон иргэдийн ихэнх нь ОХУ руу наймаа хийдэг хүмүүс аж. Хиагтаар Улаан-Үүд рүү гарч наймаа хийдэг арав гаруй наймаачин гадаад пас­пор­тоо солиулах гээд зогсож байгаатай таарлаа. Тэд “Оросын хил гаалийнхан хэзээнээсээ монголчуудыг нохойноос дор үздэг юм. Хахууль авлига өгөөд ч хэрэг байхгүй. Хэдэн наймаачнаас хил гаалиар гарах болгонд мөнгө авна. Их мөнгө өгчих юм бол дараагийн удаа бүр их мөнгө нэхээд даварна. Хэрэв авлига өгч, хил гаалийнхны арга эвийг нь олохгүй бол биднийг ямар ч шалтгаангүй байхад хилээр гаргахгүй гээд гүрийнэ. Монголчуудын муу хэлээд байдаг Хятадын хил гаалийнхан оросуудтай харьцуулшгүй. Хятадууд их шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Таван сарын 24-нөөс эхлээд 2006 оноос өмнө авсан гадаад паспорттой хүмүүсийг хилээр нэвтрүүлэхгүй гээд эхэлсэн. Бидэнд ямар ч тайлбар өгөөгүй. Та гадаад паспортоо солиод ир. Сольж ирээд ор” гэхээс өөр зүйл хэлэхгүй. Гадаад паспорт ямар ч асуудалгүй байхад хилээр нэвтрүүлэхгүй байна гэдгээ Алтанбулагийн хил гаалийнханд мэдэгдсэн. Хил гаалийнхан ОХУ-ын хилийнх­нээс яагаад 2006 оноос өмнөх гадаад паспорттой иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байгааг асуухаар дээрээс ийм тушаал ирсэн. Бид тушаал биелүүлж байна. Арван жилийн өмнө авахуулсан зурагнаас хүн нь шал өөр болсон байгаа. Тиймээс шинээр паспорт авах хэрэгтэй гэсэн хариу өгдөг. ОХУ-ын хил гаалиар нэвтэрч чадахгүй болсон иргэд аргаа бараад Гадаад хэргийн яам, УБЕГ-аас асуусан. Бидэнд энэ талаар ОХУ-аас албан ёсны ямар ч мэдэгдэл ирээгүй. 2006 оноос өмнө авсан Гадаад паспорт хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэсэн хариу өгдөг. Хоёр улсын хилийнхэн уулзаад ирэх сарын 1-нийг хүртэл 2006 оноос өмнө авсан паспортоор зорчихоор боллоо. Ингээд долдугаар сарын 1-нээс өмнө гадаад паспортоо гаргаж авахаар зогсож байна” хэмээн ярьцгааж байлаа. ОХУ-ын хил гаалийнхны монголчуудад хандах хүнд суртал хэрээс хэтэрч байгааг тэнд байгаа хүн бүр толгой сэгсрэн ярьж байлаа. Мөн гадаад паспортоо солиулахаар дугаарлан зогсож байгаа хүмүүс дунд зогсож байсан Г.Батсүрэн гэх эмэгтэй аялал жуулчлалын компанид мөнгө төлж Байгал далай үзэхээр явсан гэнэ. Гэтэл ОХУ-ын Хиагтын хил дээрээс буцсан байна. Автобус дүүрэн хүмүүсээс таван хүн хилээр нэвтэрч чадалгүй хот руу машин хөлсөлж гэр рүүгээ харьсан гэдгээ ярьж байлаа.

ПАСПОРТ СОЛИХ ТАЛААР ЭНЭ САРЫН 11-НД МАНАЙХАНД МЭДЭГДЖЭЭ

Өнгөрсөн оноос ОХУ руу визгүй зорчдог болсон. Визгүй зорчдог болсноор ОХУ-ыг зорих иргэдийн урсгал эрс нэмэгдсэн. Мөн ОХУ руу аялахаар, ганзагын наймаа хийх иргэдийн тоо нэмэгдсэн байна. Манай улстай хил залгаа ОХУ-ын хилийн боомтууд 2006 оноос өмнө гадаад паспорт авсан иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд энэ талаар уулзалт хийсэн байна. Өнгөрсөн онд ОХУ-тай иргэд харилцан зорчих хэлэлцээр байгуулахад хоёр талын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчихоор болсон. Хэлэлцээрт ямар нэг өөрчлөлт оруулбал 30-аас доошгүй хоногийн өмнө дипломат шугамаар нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан гэнэ. ОХУ-ынхан манай улсын Элчин сайдын яамныхантай энэ сарын 11-нд уулзахдаа “Арван жилийн өмнө авахуулсан гадаад паспортны зургийг нөгөө хүнтэйгээ харьцуулахад шал өөр. Магадгүй өөр хүний гадаад паспортыг ашиглаж хилээр нэвтрэх гэсэн тохиолдол гарч магадгүй. Тиймээс долоон сарын 1-нээс хойш 2006 оноос өмнө паспорт авсан иргэдийг ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй болсон тухайгаа илэрхийлсэн байна. Гэхдээ энэ талаарх мэдээлэл УБЕГ-ын ажилтнууд болон иргэдэд огт хүрээгүй тэд “ОХУ чухам яагаад ийм шийдвэр гэнэт гаргасныг мэдэхгүй байна” гэж байв.

2006 ОНООС ӨМНӨ 300 ГАРУЙ МЯНГАН ИРГЭНД ГАДААД ПАСПОРТ ОЛГОСОН

УБЕГ-ын ахлах бүрт­гэгч Л.Энхбаяраас цөөн асуултад хариулт авлаа.

-ОХУ-аас 2006 оноос өмнө гадаад паспорт авсан Монгол Улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй болж байгаагаас танай байгууллагын ачаалал хэд дахин нэмэгджээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-ОХУ-аас өнгөрсөн сард 2006 оноос өмнө гадаад паспорт авсан иргэдийг хилээр нэвтрүүлэлгүй буцаасан асуудал гарсан. Энэ талаар өмнө нь огт мэдэгдээгүй юм. Оросын талаас манай байгууллагад урьдчилж мэдэгдсэн зүйл байхгүй байгаа. ОХУ-аас манай улсын иргэдийг хуучин загварын паспорттой байна гэсэн шалтгаанаар нэвтрүүлээгүй гэсэн мэдээлэл байгаа. Бусад орны хувьд арван жил болсон паспортоо соль гэсэн шаардлага тавьдаг юм билээ. Манай байгууллагын хувьд өнгөрсөн оноос ОХУ-руу визгүй зорчдог болсноор ачаалал нэмэгдэж эхэлсэн. Иргэд аялал зугаалгаар их явж байна. Мөн сурагч, оюутнууд аль нэг улс орон руу сурахаар явах үед ачаалал нэмэгддэг. Гэхдээ сүүлийн хэд хоног маш их ачаалалтай байгаа. Бид иргэдэд аль болох чирэгдэлгүй хурдан шуурхай үйлчлэх зорилгоор гадаад паспортын мэргэжилтнүүдийг нэмж ажиллуулж байна. Өнгөрсөн онд УБЕГ 40 гаруй мянган иргэнд үйлчилсэн байдаг. Харин энэ жилийн зургаан сарын байдлаар 78 мянган хүнд гадаад паспорт олгосон байна. Сүүлийн хэд хоногт өдөртөө 1.2 мянга орчим хүний паспортын хүчинтэй хугацааг сунгаж, мянга гаруй гадаад паспортыг шинээр хэвлэж байна.

-Хуучин, шинэ паспорт юугаараа ялгаатай вэ?

-Ялгаатай зүйл гэвэл 2006 оноос өмнө иргэдэд олгогдож байсан паспорт ганц зурагтай байгаа. Харин сүүлийн жилүүдэд шинээр олгож байгаа паспорт давхар зурагтай. Давхар зургаараа л ялгаатай болохоос бусад бүх зүйл нь адилхан. Зөвхөн ОХУ руу зорчих гэж байгаа бол 2006 оноос өмнө олгогдсон паспортоо солиулах хэрэгтэй. Бусад оронд ямар ч асуудалгүй зорчих боломжтой гэдгийг иргэдэд хэлмээр байна.

-2006 оноос өмнө хэдэн мянган гадаад паспорт иргэдэд олгосон байдаг вэ?

-УБЕГ-аас 2006 оноос өмнө 300 мянган гаруй гадаад паспортыг иргэдэд олгосон байгаа. Иргэдэд олгогдсон дээрх 300 мянган гадаад паспортны ихэнх нь хугацаа нь дуусч байгаа. Манай байгууллагын хувьд гадаад паспорт олгохдоо 1-5 жилийн хугацаатай олгодог. Тиймээс олгогдсон паспортны ихэнхийнх нь хугацаа албан ёсоор дуусч, дахин шинээр авах юм.

ШЕНГЕНИЙ ОРНУУД АРВАН ЖИЛ АШИГЛАСАН ПАСПОРТТОЙ ИРГЭДЭД ВИЗ ОЛГОХГҮЙ ГЭНЭ

Мөн Швейцарийн Элчин сайдын яамнаас арван жилээс дээш хугацаанд ашигласан паспорттой иргэдэд виз олгохгүй болсон гэдгийг Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн сард албан ёсоор мэдэгдсэн. Тус мэдэгдэлд “Гадаад албан паспортоо арваас дээш жил ашиглаж байгаа буюу таван жилээр хоёр удаа сунгуулсан иргэд паспортоо шинэчлэхгүй бол Швейцарь руу зорчих, виз мэдүүлэх эрхгүй болсон. Учир нь удаан хугацааны турш нэг паспортоор зорчиход хүний насны онцлогоос шалтгаалан гадаад төрхөд өөрчлөлт орох зэргээр хувьсал явагддаг аж. Жишээ нь, 16 настай байхдаа авахуулсан зурагтай арван жилийн хүчинтэй паспортоор та 26 настайдаа зорчих хэрэг гарвал одоогийн төрхөө 16 настай байсан төрхтэйгээр яаж итгэл үнэмшилтэй харагдах вэ гэдэг асуудал гарч ирэх нь зүй. Ийнхүү олон жилийн сунгалттай гадаад паспортыг маань олон улс хил гааль дээрээ хүчингүй гэж үзэж иргэд хохирч болзошгүй байгаа тул иргэд, холбогдох байгууллагууд анхаарах шаардлага гарч байна” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Гэмт хэрэгтнүүд Малайзын бизнесмэнээс өшөө авахаа сануулж, монгол бүсгүйн аминд хүрэхийг оролдов

-Тус улсын олон нийтийн сүлжээгээр 35 настай Датук Монгол бүсгүй хоёрыг эхнэр нөхөр, хамтран амьдрагч хэмээн бичиж байгаа гэнэ-

Малайз улсад монгол эмэгтэй халдлагад өртсөн тухай тус улсын орон нутгийн хэвлэл өчигдөр мэдээлсэн. Мэдээлэлд дурдсанаар уржиг­дар орой буюу энэ сарын 15-ны өдрийн 17 цаг 45 минутын орчимд Селангор мужийн Пералинг дүүргийн Дамансара хотод байрлах Бандар Ютама дүүрэгт энэ хэрэг болсон байна. Гэрчүүдийн мэдээлснээр буутай хоёр халдагч этгээд мотоциклиосоо Ланд-круйзер жийп машин руу зогсолтгүй гал нээж эхэлжээ. Халдагчдын онилж буудсан машин дотор монгол эмэгтэй байсан бөгөөд цээж мөрөндөө дөрвөн удаа буудуулжээ. Гэмт этгээдүүдийн дайрал­тыг харсан өөр нэгэн мото­цикль­той эр тэднийг мөргөж унагаасан нь тансаг машин дотор байсан монгол эмэг­тэйн амийг аварсан байж болзошгүй гэж мэдээлжээ.

Сибу хотод бизнес эрхэлдэг 35 настай Датук гэх залуутай хамт явж байжээ

“Toyota Land Cruiser” машиныг жолоодож явсан 35 настай бизнесмэнийг Датук гэдэг бөгөөд Сибу хотод бизнес эрхэлдэг гэнэ. Монгол бүсгүй машины зорчигчийн суудалд сууж явжээ. Тэд Датаран Утам хурдны замын хажуугийн зогсоолд машинаа тавих үед мотоцикльтой хүмүүс гал нээж эхэлсэн аж. Гал нээх үеэр Датук гэх бизнесмэн утсаар ярьж байсан бөгөөд мотоцикльтой этгээдүүд буудах үеэр ямар нэгэн гэмтэл аваагүй байна. Тус улсын цагдаагийн газрын манай талд мэдээлснээр машины цонх руу нийт найман удаа гал нээсэн болохыг тогтоосон байна. Холбогдох албаныхан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тус улсын тусгай албаныхан энэ хэрэгт орж ажиллахаар болсон гэдгийг хэлжээ. Малайзын олон нийтийн сүлжээгээр 35 настай Датук, 26 настай монгол бүсгүй хоёрыг эхнэр нөхөр, хамтран амьдрагч хэмээн бичиж байгаа гэнэ.

“Калибрь” маркийн хагас автомат буугаар буудсан гэнэ

Гэмт этгээдүүд “Калибрь” маркийн хагас автомат есөн мм-ын диаметртэй буугаар машин руу буудсан нь тогтоогджээ. Бууны суманд бүсгүйн цээж мөр өртсөн байна. Монгол эмэгтэй одоогоор ухаан ороогүй, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа аж. Түүний биеийн байдлыг харзнаж, биед нь байгаа хоёр ширхэг сумыг авах талаар эмч нар зөвлөлдөж өчигдөр орой 18 цагийн үед хагалгаа хийсэн байна. Сум азаар бүсгүйн аминд хүрэхээр аюултай газар оноогүй байсан гэнэ. Бүсгүйн биеийн байдал одоогоор тогтвортой байгаа гэдгийг Малайзаас авсан албан бус эх сурвалж мэдээлэв. Монгол эмэгтэйг хамгийн анх Дамансара дүүргийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд дараа нь Малай анагаах ухааны их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлжээ.

Азми: Халдлага өс хонзонгийн сэдэлтэй

Малайзын Куала Лумпур хотын Петалинг дүүргийн Цагдаагийн газрын комиссарын туслах, мөрдөн байцаагч Азми Аву Кассим (Petaling Jaya district police chief Assistant Commissioner Azmi Abu Kassim)-тай Тайланд дахь манай элчин сайдын яамныхан утсаар холбогдож мэдээлэл авсан байна. Утсаар холбогдоход мөрдөн байцаагч Азми энэ сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд гарсан зэвсэгт халдлагад монгол эмэгтэй өртсөнийг нотолж, хэргийг нягтлан шалгаж эхлээд байгаа юм. Тэрбээр гэмт этгээдүүд машин дотор монгол эмэгтэйтэй хамт байсан Малайзын иргэн бизнесменийг онилон буудсан боловч хажууд нь сууж байсан монгол эмэгтэй суманд оногдсон хэмээгээд хэрэг явдал өс хонзонгийн сэдэлтэй гэдгийг хэлсэн байна. Иймд Малайзын тусгай албаныхан энэ хэрэгт давхар ач холбогдол өгч буй гэдгийг хэлжээ. Гэмт хэрэгтнүүдийг мөн эрэн сурвалжилж байгаа бөгөөд Датуктай өс хонзонгийн сэдэлтэй байж болох хүмүүсийг шалгаж байгаа тухай зарим Малайзын хэвлэлд дурджээ.

Датук гэх бизнесмэн өмнө нь халдлагад өртөж байжээ

Тэрбээр Сибу дүүрэгтээ алдартай нэгэн гэнэ. Хятад гаралтай юм байна. Баар ресторан болон үйлчилгээний чиглэлийн бизнес эрхэлдэг. Хүний наймаа болон хар тамхины хэргээр өмнө нь хуулийн байгууллагад шалгагдаж байсан ч хэргийг нь хэрэгсэхгүй болгож байжээ. Халдлага болох үед нэгэн авто машинд зорчиж явсан зорчигч түүнийг таньж цагдаагийнханд мэдээлсэн байна. Өөрийн амьдардаг дүүрэгтээ нэртэй нэгэн аж. Тэрбээр өмнө нь машинтайгаа явж байгаад халдлагад өртөж, бууны сумны шарх авч байсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Тийм болохоор түүнд өс санасан хүмүүс дохио өгөх замаар хамт явсан бүсгүй рүү нь чиглүүлж буудсан гэх мэдээлэл ч байгаа аж. Хэрэв бизнесмэн рүү халдах байсан бол шууд түүнийг буудах байсан гэж тус улсын цагдаагийн газар үзэж байгаа бололтой. Тэднийг Малайзын олон нийтийн сүлжээгээр эхнэр нөхөр, хамтран амьдрагч хоёр хэмээн бичиж байгаа гэнэ. Малайзын Сибу хот гэдэг Хятад гаралтай малай иргэд болон хятадуудын оршин суудаг хот бөгөөд эндхийн хятад мафи нь Малайзын бусад хотуудын гэмт бүлэглэлүүдтэй байнга тэмцэлдэж байдаг гэнэ. Тиймээс малай болон хятад гаралтай малай иргэдийн хооронд гардаг гэмт хэргийн шинжтэй сөргөлдөөнд монгол бүсгүй өртсөн байж магадгүй хэмээн тэндхийн хэвлэлүүд таамаглаж байгаа аж.

Бүсгүйн аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн хамгаалалт гаргажээ

Монгол бүсгүйн ар гэрийнхэнтэй Консулын газрынхан холбогдож чадахгүй байгаа гэнэ. Түүний талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэхгүй байхыг Консулын газрынхан хүссэн юм. Малайзад монгол хүн амиа алдлаа, хэрэгт холбогдлоо гэхээр иргэд янз бүрээр харааж биеэ үнэлэгч байсан мэтээр сэтгэгдэл бичдэг. Иймд хувь хүний аюулгүй байдал болон нууцтай холбоотой зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дэлгэхгүй гэдэг ч тайлбарыг өглөө. Бүсгүйн ар гэрийнхэн нь орон нутагт амьдардаг юм байна. Бүсгүй Малайз руу ирж очдог байсан бололтой юм. Тус улсад сурдаггүй ч байнга шахуу амьдардаг гэдгийг эх сурвалж хэлж байгаа бөгөөд Интерполоор дамжуулж хоёр улсын цагдаагийн байгууллага мэдээлэл солилцож байгаа гэнэ. Бүсгүйн аюулгүй байдлыг хангах үүднээс тус улсынхан цагдаагийн хамгаалалт гаргажээ. Малайзын Куала Лумпур хотын Петалинг дүүрэгт бууны суманд өртсөн хохирогч монгол эмэгтэй тэнд суралцаж байсан эсэх нь тодорхойгүй, ойр дотнын холбоо барих хүний тухай мэдээлэл одоогоор байхгүй байгаа аж.

Датук: Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй

Бүсгүйтэй хамт явж байсан бизнесмэн залуу цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө “Анх юу болоод байгааг мэдээгүй. Их цочирдсон. Монгол эмэгтэйтэй танилцаад удаагүй байгаа. Түүний талаар сайн мэдэхгүй. Малайзад юу хийдэг, хэзээ ирсэн талаар нь асууж байгаагүй огт мэдэхгүй” гэжээ.

Энэ хэргийн талаар ГХЯ-ны Консулын газрынхан өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус газрын захирал Н.Батаа хэлэхдээ “Сошиал ертөнцөөр Малайзад Монгол Улсын нэг иргэн буудуулсан мэдээлэл байгаа. Малайзад манай консул болон дипломат төлөөлөгчийн газар байдаггүй. Бид Тайландаас Малайзын гадаад хэргийн яам болон цагдаагийн Интерполын шугамаар хэн гэдэг эмэгтэй, хэдэн настай, сурч байсан юм уу, бизнесийн ажлаар явж байсан уу эсвэл бүр байнга оршин сууж байсан үгүйг тодруулахаар ажиллаж байгаа. Албан ёсны мэдээллийг авахад цаг хугацаа шаардагдаж байна. Тодорхой мэдээлэл ирвэл хэлнэ” гэв.

Зүүн өмнөд Азийн Малайз улсад монгол бүсгүйн амийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг олон жилийн өмнө гарч монголчуудыг цочирдуулж байлаа. Тэр цагаас хойш Малайзад монголчууд ялангуяа охид бүсгүйчүүд ямар нэг байдлаар гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болсон тухай мэдээлэл тасрахаа байсан билээ. Дээрх хэрэг бол Малайзад монгол бүсгүйн амь нас аюулд орсон дөрөв дэх хэрэг юм.

Д.Маргад

Categories
булангууд мэдээ цаг-үе эрэн-сурвалжлах

Хуурамч мөнгөн дэвсгэрт хийдэг залуус ТҮЦ, хотын захын дэлгүүрт гүйлгээ хийдэг байжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнхуурамчаар мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж, гүйлгээнд оруулдаг гурван бүлэг этгээдийг илрүүлжээ. Бүлэг этгээдүүд 17 сая төгрөгийн хуурамч мөнгөн тэмдэгтийггүйлгээнд оруулсан нь тодорхой болоод байгаа гэнэ. Одоогоор У, Г нарын долоон залуу өнгөт принтер ашиглан бичгийн цаасан дээр 10, 20 мянгатын мөнгөн дэвсгэртийг ар өвөргүй хэвлээд галлограмман нууцлал бүхий соёмбо, мөнгөн утас зэргийгсаатай балаар зурдаг байсан гэнэ. Ингээдбэлэн болгосон хуурамч мөнгөө орой үдшийн цагаар такси барьж яваад өгдөг. Эсвэлхүүхэд, өндөр настансуудаг ТҮЦ, гэр хорооллын дэлгүүрээс бага үнийн дүнтэй бараа, утасны нэгж худалдан аваад хариултад нь жинхэнэ мөнгө авдаг байжээ.Эх сурвалжийн хэлж буйгаар хуурамч мөнгөн дэвсгэртээр жинхэнэ мөнгөн тэмдэгт болгохын тулд хэний ч хамаагүй санаанд орсон утасны дугаар луу нэгж явуулаад хариулт авдаг байсан гэнэ. Ингэж хуурамч мөнгөн дэвсгэртүүд арилжааны банкууд дээр очиж хураагддаг байжээ. 2014 оны зургадугаар сард Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан захирамж гарсан. Энэхүү захирамжид хуурамч мөнгөн тэмдэгт бүрт Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах тушаал гарсан байна.Залуус өнгөрсөн гурван жилд энэхүү хуурамч мөнгийг гүйлгээнд гаргаж байсан гэнэ. Хуурамч мөнгөн тэмдэгт нь гараар тэмтрэхэд болон неон гэрэлд харахад илэрхий хуурамч нь мэдэгддэг ч иргэд санамсар болгоомжгүй хандсанаас гүйлгээнд ашигласан байдаг аж.Тиймээс Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэдэд ханданмөнгөн гүйлгээ хийхдээ анхаарал болгоомжтой байхыг зөвлөжээ. Мэргэжилтнүүд хуурамч мөнгийг харж, барьж үзэхэд мэдэгддэг бөгөөд цаас, нууцлалыг дуурайж чаддаггүйг хэлж байна. Мөн одоогоор Монгол Улсад мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд зөвхөн гар аргаар хэвлэсэн тохиолдлууд байдаг аж. Дээрх бүлэг этгээдүүд хэдий хэмжээний хуурамч төгрөг хийсэн нь тодорхой бус байгаа учраас мөрдөн байцаалтын явц удаашран гүйлгээнээс хуурамч мөнгө илрэх тохиолдол нэмж, бүртгэгдэж байгааг албаны эх сурвалж хэлж байв.Хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй гэж таамаглавал цагдаагийн хэлтэст шууд хандан шалгуулах хэрэгтэйг албаныхан анхаарууллаа. Хэрэв хуурамч мөнгийг гүйлгээнд ашигласан тохиолдолд гэмт хэрэгтэн гэж үзэх бөгөөд хуурамчаар мөнгө үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн дагуу шийтгэх аж. Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн залуусийг Эрүүгийн хуулийн 176 зүйл ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Троллчид буюу хөлсний сэтгэгдэл бичигчид

Оросын тролл армийнхны
төв байр

Цахим хуудсуудын мэдээ, нийтлэлд захиалгатайгаар сэтгэгдэл бичдэг хүмүүсийг троллчид гэдэг. Энэ нэр томъёо 1998 оноос цахим ертөнцөд дуулдах болсон юм. Тэдний хийдэг ажил нь ямар нэг хүний захиалга, явуулгаар тодорхой заасан мэдээллийнх нь дор захиалагчийн хүссэн өнгө аястай сэтгэгдлийг үлдээх. Хэрвээ захиалагч өрсөлдөгч компанийнхаа бараа, үйлчилгээг гутаахыг хүсвэл троллчдод хандана. Хэдэн өдрийн дотор хичнээн сэтгэгдэл үлдээхийг гэрээнд тусгасан учир троллчид нормоо биелүүлэхийн төлөө бичиж эхэлнэ.

Англи, Америк, Герман, Итали, Франц улсад тодорхой тооны троллчид байдаг ч тэдэнд цугларч суудаг албан тасалгаа, хамтарч байгуулсан компани гэж бараг байдаггүй юм байна. Ер нь троллгүй орон гэж үгүй. Азид ч бий. Сонгууль болон улс төрийн том тохироо, эсвэл алдартай бизнесменүүдийн хил дамнуулсан худалдааны үеэр троллчид идэвхижиж эхэлдэг юм байна.

Энэ мэтээр харьцуулсан зургийн дор троллчид жинхэнэ утгаараа ажиллаж, захиалгат сэтгэгдлийг “үйлдвэрлэдэг”

Харин манайд захиалгат сэтгэгдэл бичигчид бий. Зөвхөн улс төрийн сонгуулийн үеэр гэлтгүй бусад үед ч троллчид ажилладаг. УИХ-ын зарим гишүүдийн хувьд өөрийгөө өмгөөлүүлж, магтуулахын тулд захиалгаар сэтгэгдэл бичүүлдэг гэж харддаг. Мөн томоохон бизнесменүүд, мисс бүсгүйчүүлийг өөрийнхөө тухай мэдээ, мэдээллийг зориуд нийтлүүлэн, дор нь мөн л захиалгаар сэтгэгдэл бичдэг гэцгээдэг. Гэхдээ Монголд байгаа троллчидыг тархай бутархай, цөөн тооных гэж үзэн нийгэмд хор хөнөөл учруулах дайных гэж тооцдоггүй. Хэрвээ нийгмийн байдал улам дордож, улстөрчдийн ёс суртахуун одооныхоосоо уруудвал Орос дахь троллчдын жижиг хувилбар Монголд бий болоход ойрхон. Гэхдээ хүн төрөлхтний хувьд тролл гэх энэ нэр томъёонд тийм таатай ханддаггүй. Ялангуяа баруунд “Хамгийн адгийн нийгэмд л троллчид аалз мэт арваганадаг” гэж үзэж нийгэм цэвэршихийн хэрээр троллчид устдаг гэдэгт итгэдэг. Тролл гэдэг нь хүүхэлдэйн киноны эсрэг талын дүр бөгөөд үзэшгүй муухай төрхтэй мангас. Тролл нь аварга том, чөтгөр гэсэн утгатай норвеги үг. Скандинавын ардын аман зохиолд ааш муутай мангасыг мөн ингэж нэрлэсэн байдаг.

Гэтэл ОХУ-д захиалгат сэтгэгдэл бичигчдийг цалинжуулан суулгадаг бүхэл бүтэн агентлаг байсан нь олон хүний анхаарлыг татаж байгаа юм. Үүнийг Америкийн мэдээллийн хэрэгслүүд онцолж “ОХУ-д захиалгат сэтгэгдэл үйлдвэрлэдэг тусгай баг ажилладаг юм байна. Уг багийнхан Кремлиэс ирүүлсэн даалгавраар ажилладаг. Тэдний гол бай нь АНУ, Барак Обама. Бас Засгийн газрынх нь дургүй бүх зүйлс” гэж тодотгожээ. Оросын троллчид дээрээс өгсөн даалгавраас гадна бусад захиалгыг ч авдаг байж. Томоохон компаниуд өрсөлдөгчдийнхөө нэр төрийг гутаалгах, олон нийтийн санаа бодлыг өөрийнхөө талд эргүүлэхэд троллчдын хүчийг ашигладаг.

Оросын тролл армийнхныг бас “Веб бригад” гэдэг. 2000 оноос хойш “үйлдвэрлэсэн” комментууд нь тоталитар дэглэмийг дэмжсэн шинжтэй байсныг судалгаагаар тогтоожээ. Үүнийг барууны зарим ажиглагчид “Оросын Үндэсний аюулгүй байдлын албаныхны захиалга байж мэднэ” гэж таамаглаж байна.

Веб бригадынхны нэг сэтгэгдлийг 85 рублиэр үнэлдэг гэх албан бус мэдээлэл бий. Тролл армид ажиллаж байгаад гарсан нэгэн бүсгүй “Би Обамаг муулсан 1500 гаруй сэтгэгдэл бичсэн. Нэг сэтгэгдлийнх нь төлөө ойролцоогоор гурван ам.доллар авдаг байсан” гэж ярьсан байна.

Санкт-Петербургт байрладаг “Интернэт судалгаа”-ны агентлаг гэх тодотголтой т ролл бригадад 2013 оны үед 400 гаруй тролл ажилладаг байж. Уг байгууллагад Оросын сөрөг хүчнийхэн өөрийн нууц тагнуулаа ажилд оруулж, хэд хэдэн нууц бичлэг хийлгэж байжээ.

Троллчидын ажлыг хөндлөнгөөс харахад амар хялбар мэт ч тэднийг маш их ачаалалтай ажиллуулдаг юм байна. Хоёр ээлжээр 24 цагийн турш ажиллацгаадаг бөгөөд өдрийн цайны цагаараа ч хоорондоо тухтай ярьж чаддаггүй байжээ. Түүнчлэн өндөр хараа хяналтын дор нормоо биелүүлэхийг шаардаж, шинээр ажилд орсон троллыг эхний өдөр 120 коммент бичих даалгавар өгч байжээ. Троллчид дээрээс ирсэн даалгаврын дагуу л юм бичихээс өөрийн үзэл бодлоо тусгах боломжгүй. Ихэнх троллчидын хувьд дундаас доош түвшний зарим нь бичиг үсгийн зохих мэдлэггүй залуус байдаг юм байна.

Троллчдын нууц байр. Тэднийг хэрхэн ажиллаж байгааг нууц камераар бичжээ

Америк, Английн томоохон медиа группийнхэн Оросын троллчидын талаар сонирхож энэ талаар дэлхий нийтэд мэдээлсэн юм. Тэдний ажигласнаар “Орос олон зуун “Тролл цэрэг”-тэй. Путины бодлогыг дэмжигчид тэднийг ашиглан олон сая долларын ашиг олдог. Улс төрийн ямар нэг томоохон үйл явдлын үеэр тэднийг ашиглан мэдээлэл, сэтгэл зүйн дайны үйл ажиллагаа явуулдаг юм байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Борис Немцовын аллагын үеэр Twitter-т заналхийлсэн, бусад руу дайрсан, Путиныг уг аллагад ямар ч хамаагүйг нотлох гэсэн 20500 орчим мэдээлэл орж ирсэн гэнэ.

Оросын “Тролл цэргүүд”-тэй холбоотой мэдээлэл ерөнхийдөө нууцын зэрэглэлд байсан ч олны анхаарлыг татаад эхэлжээ. Тиймээс 2008 оноос тэднийг “G”баг гэх шинэ нэрээр нэрлэх гэж үзжээ. Тэдэнд дээрээс техникийн даалгавар өгдөг байж. Нэг троллч өдөрт олон зуун сэтгэгдэл бичих бөгөөд 2-3 фэйсбүүк хуудсаар давхар ажиллах ёстой. Бас блог хөтөлж нууц нэрээр даалгавраа биелүүлэх хэрэгтэй.

Ингээд бүтэн 12 цаг ажилласны дараа дараагийн бригадыг оруулж ирж үргэлжлүүлэн шөнөжин ажиллуулна. Тролл цэргүүд ингэж тасралтгүй ажилласныхаа төлөө чамгүй цалин авдаг ч сэтгэлзүйн талаасаа ажлаа дийлэхээ болиод гардаг аж.

Троллчдын 2013-2014 онд бичсэн сэтгэгдлүүдэд задаргаа хийхэд садист, иргэдийг үзэн ядсан, хэт үндсэрхэг үзэл гаргах, бусдыг үл ойшоох, өөрсдийгөө л дээрд үзэх шинж тэмдгүүд илэрсэн байна. Цахим орчинд энгийн мэдээ сэлт уншиж, эгэл сэтгэгдэл бичихэд хүнд ямар ч хор уршиг байдаггүй. Харин хэн нэгний тушаал заавраар хорон үг, бусдыг гутааж доромжилсон утгатай юм бичиж сэтгэгдлээр оруулах нь тухайн троллчинд асар их хортойг тогтоожээ. Бүр тролл гэх өвчин ч тэмдэглэгдэх болжээ. Троллчдын тархи хямралд орж, зүрх судасны хэмнэл алдагдан үүнээс үүдэн хоол боловсруулах эрхтэнд доголдол үүсэх нь түгээмэл гэнэ. Түүнчлэн цөс өвдөж, шүд сулран, үс халцрах шинж тэмдэг илэрдэг юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлдэг гэдэгт би итгэдэг

“Academy awards 2015” наадмаас “Аав” киногоороо шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал аваад буй УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболдтой ярилцлаа.

-Юуны өмнө “Academy awards 2015” наадмаас шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал авсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Кино маань амжилттай болсны үр шим шүү дээ.

-Шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсан “Аав” кино Г.Эрдэнэбилэг та хоёрын хамтран найруулсан кино байх аа?

-Тийм ээ, Эби бид хоёрын анхны уран бүтээл. Би хоёрдугаар найруулагчаар ажилласан юм. Залуу зохиолч М.Энхдалайгийн бүтээл. Эби бид хоёр театрт нэг өрөөнд суудаг юм чинь ирэхээр нь ийм зохиол байна гэжхэлээд үзүүлсэн. Хоёулаа зохиолыг нь уншаад давгүй юм, кино хийе гэж шийдсэн. Кино олон хүний санаагаар бүтдэг учраас киноны багийн Базаррагчаа, Оки гээд бүх хүмүүс ярилцаж байж киногоо өлгийдлөө. Зохиолын зарим хэсгийг өөрчилсөн л дөө. Багийнхан маань сайхан уялдаатай ажилласны үр дүнд кино маань шилдгийн шилдэг уран бүтээл боллоо.

-Дүр сонголтын хувьд яаж сонгов?

-Бид гол дүрийн охиныг сонгохын тулд их олон хүүхдээс проба авсан. Тэгээд СУИС-ийн дөрөвдүгээр курсийн Б.Мөнхдэлгэр гэдэг охиныг сонгосон.

Б.Мөнхдэлгэр дүрдээ наалдахаар их гоё энгийн тоглолттой байсан юм. Мөн миний залуу насанд УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяр тоглосон.

-“Аав” киноны дууг та дуулсан байна лээ. Сүүлийн үед хүмүүс их сонсож байгаа?

-Миний дуулна гэж юу байхав дээ. Дуучин С.Нарантай хамтарч дуулсан. Нөгөө хэдээрээ заалгаж байгаад жаахан эвтэйхэн л дуулсан юм.

-Таны хоолой одоо брэнд болчихлоо шүү дээ. Удмынх уу?

-Удам байгаа байх.

-Таны бага нас Налайхад өнгөрсөн гэсэн үү. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Бага нас маань Налайхын тавдугаар хороонд өнгөрсөн. Манай аав уурхайчин хүн. Ээж маань Налайхын ахуйн үйлчилгээнд оёдолчингоос эхлээд нярав, мэргэжилтэн хүртэл ажилласан. Одоо хоёулаа тэтгэвэртээ гарчихсан. Би айлын том хүү. Миний доорх дүүг Цэрэннэмэх гэдэг. Багш мэргэжилтэй. Бага дүү маань бас багш. Хашхүү гэдэг бүсгүй бий. Ганц охин нь болоод тэгдэг юм уу жаахан байхаасаа их хэрсүү байсан. Хэдийдээ ч хоол хийгээд сурчихсан юм бүү мэд. Хэзээ ч бид хоёрын хувцсыг угаагаад сурчихсан юм. Их ажилсаг дүүтэй.

-Ээжтэйгээ нэг кинонд тоглосон гэсэн үү?

-“Аав” киноны жижиг хэсэгт тоглосон. Ээжийг чадах юм болов уу гээд эргэлзэх байх гэсэн чинь их дуртай тэгье гэж хүлээж аваад тоглосон л доо. Киноны гол дүр залуу насандаа будилж явах үед миний ээж өмнөх дурсамжийн хоёр багахан хэсэгт тоглодог юм.

-Та яагаад жүжигчин болчихов оо. Жүжигчин болно гэж боддог байв уу?

-Жүжигчин болно гэж бодож байгаагүй. Манайх Налайхаас Багануурт шилжиж очсон юм. Би тэр үед гал унтраах 64 дүгээр ангид гурван жил жолооч хийсэн. Тэр хооронд байгууллагуудын хооронд АСК тэмцээн болдог байсан. Д.Бямбацогт ах Багануурын театрын дарга байсан үе. Д.Бямбацогт ах биднийг тэмцээн уралдаанд бэлдэж байгаад “Чи ер нь шалгалт өгөөд үзвэл яасан юм” гэсэн. Манай ээж намайг дэмжээд оюутан бол гээд жүжигчин болох зам руу орж байлаа.

-Оюутан байх үеэ дурсаач?

-Би Мюзикл дээд сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр 2003 онд төгссөн. Баасансүрэнбагш надаас шалгалт аваад “Чи тэнцэх юм байна” гээд тосч авч байсан хүн. Сургууль маань МУГЖ дуурийн дуучин Д.Баадайжав гээд их сайн багш нартай сайхан сургууль байсан.

-Сургуулиасаа эхнэрээ сонгосон гэх юм билээ?

-Миний эхнэр эдийн засагч мэргэжилтэй. Тэр үед манай сургуульд санхүү хариуцсан ажилтан байсан юм.

-Анх аав болох ямар санагдаж байсан бэ. Хүүгээ гарахад ямар сэтгэгдэл төрж байв?

-Аав болох үгээр хэлэхийн аргагүй маш сайхан мэдрэмж. Хамгийн түрүүнд аав руугаа ярьж “Та өвөө боллоо шүү дээ” гэж хэлсэн. Хүн өөрөө аав болохоор аав, ээжийгээ ойлгодог юм билээ. Манай эхнэр хүүхдээ гаргаад “Би ганцхан хүүхэд гаргах гэж ингэж зовж байхад ээж минь яаж олон хүүхэд гаргасан юм бол оо” гэж байсан. Эмэгтэй хүн “эх хүн” гэдгээ илүү мэдэрдэг юм шиг санагдсан шүү.

-Хүүхдүүдийнхээ талаар яриач?

-Миний хүүг Далайцэрэн гэдэг. Одоо 11 настай. Бага маань Үлэмжгоо гээд дөрвөн настай хөөрхөн бор охин бий.

-Та сургуулиа төгсөөд шууд УДЭТ-т орсон юм уу?

-Ц.Төмөрбаатар гуай манай сургуульд багшилж байсан юм. Сургуулиа төгсөөд нэг жил Ц.Төмөрбаатар гуайн туслах багш хийсэн. Театрын найруулагч Ч.Түвшин багш маань намайг төгсгөж байлаа. Ч.Түвшин багшийнхаа “Алтан унага” театрын жүжигчин гэж фестивальд оролцож байсан. Багш маань “Драм дээр шалгалт авч студийн жүжигчин авах юм байна. Чи бэлдэж байгаарай” гээд намайг бэлдүүлдэг байсан. 2006 онд шалгалтаа өгөөд УДЭТ-т орж байлаа.

-Драмын театрт ороод ямар жүжигт анх тоглож байв?

-Анх Б.Мөнхдорж найруулагчийн “Харц хатан” дуулалт жүжигт Гомбосүрэн гэж агь ноёны дүрд тоглож байсан. Театраас их юм сурдаг. Найруулагчаасаа гадна жүжигчдээсээ суралцана. Болохгүй байгаагаа багшаасаа асууна. Тэр үед Баавай, Мэндээ эгч хоёр надад их тусалж байсан. Миний хүү ноён хүний алхаа ийм байх ёстой гээд л зааж байсан нь саяхан мэт санагдаж байна.

-Хэдэн жүжигт тоглосон бэ?

-Таван жүжгийн гол дүр. 30-аад жүжгийн туслах дүрд тоглосон.

-Дэлгэцийн анхны дүрийн хувьд?

-Анх Австри, Германы хамтарсан “Чингис хаан” баримтат уран сайхны киноны Жамухын дүрд тоглож байсан. Монголд зураг авалт нь болж байсан юм.

-Жүжигчид түүхэн дүрд тоглохыг хүсдэг. Таны анхны дүрүүдийг харахад дандаа түүхэн кино байдаг шүү дээ. Одоо ямар дүрд тоглохыг хүсч байна?

-Тоглохыг хүсдэг дүр байдаг л даа. Дээхнэ нэг хүн надад хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. “Яг цэвэр дуурь сонсъё гэвэл хүн Италид очиж сонсоно. Шекспирийн жүжиг үзье гэвэл Англид очиж үзнэ. Тэрэн шиг Монголд ирээд үзэх юм нь Монголын өв соёл. Гадныхан Монголын үндэсний юмыг л үзнэ шүү дээ” гэж билээ. Тэгэхэд би дотроо ядаж нэг хуур татаж, хөөмийлж сурах юмсан гэж бодож байлаа. Жаахан оролдож үзсэн л дээ. Магадгүй кинонд хөөмийлөөд монгол гэсэн үнэр шигтгэхийг хүсч байна. Үндэсний өв соёл хамгийн чухал зүйл байна даа гэж дотроо бодож байлаа. Том уран бүтээл дээр сайхан дүр бүтээх шиг бахдам зүйл байхгүй шүү дээ. Одоохондоо сэтгэл ханамжтай бүтээсэн дүр алга л байна. Урлагийн буян болох байлгүй дээ.

-Сүүлийн үед та их моодонд ороод байна уу. Нээлтээ хийж байгаа бүх кинонд тоглосон байх юм?

-УДЭТ жилдээ хоёр, гурван шинэ жүжиг тавьдаг. Театрынхаа уран бүтээлд тоглоно. Хажуугаар нь киноны санал ирэхээр нь тоглочихдог юм.Энэ жилийн хувьд “Ар хударга” кино аль намар зургийг нь авчихсан байсан ч сая нээлтээ хийж байна. Энэ өвөл бол “Аав” кинондоо бүх анхаарлаа хандуулсан. Бас “Улаан театр”-ын Хангай, Сүхээ дүү нарынхаа анхны бүтээл дээр гурван хэсэгт тоглосон. Нэрийг нь мэдэхгүй байна тэгж байгаад гарах байх.

-Таны “Ар хударга” киноны хэсэг цахим ертөнцөд их яваад байгаа. Үг сонголтын хувьд зохиол дээрээ бичигдсэн байсан юм уу?

-“Ар хударга” кинонд би туслах дүрд тоглосон. Киноны маркетингийн хүмүүс миний тоглосон шоронгийн хэсгийг нь таслаад сошиалаар явуулчихсан юм билээ. Шоронд байгаа хүн тэр байтугай юм ярих байх гэж бодоод л би хэлчихсэн юм.

-“Марко поло”-д тоглохоор болсон гэсэн. Ямар дүрд шалгарсан юм бэ?

-Би “Марко поло” киног үзсэн их далайц нь том мундаг, сайхан кино байна лээ. Би энэ кинонд хоёр сценд тоглохоор болсон. Долдугаар сард Унгарт таны хэсгийн зураг авна гэж байсан юм. Гэтэл есдүгээр сард болчихлоо. Унгарт биш Малайзад таны хэсгийг авна гэсэн. Одоогоор тийм хариу ирчихээд л байж байна. Тоглосон хойно нь л тоголлоо гэхээс биш. Нөгөө улсууд чинь дахиад зохиолоо өөрчилчих ч юм билүү.

-Таныг найруулагч нар ямар дүрд голдуу сонгож байна?

-Эсрэг, хар талын дүрд л сонгох юм.

-Кинонд эсрэг дүр гол дүрээсээ илүү байдаг юм шиг. Таныхаар?

-Эсрэг дүр хийх юм ихтэй л дээ. Манай Дагва ах эсрэг дүр байсан ч дүрээ өмөөрч тогло гэж хэлдэг юм. Тэгэхээр дүрийн шугам хүчтэй бас их зөв гардаг байх. Эсрэг дүр ажиллагаатай сайхан шүү.

-Та өөрөө найруулагчийн үүднээс кино хийх үү?

-Хийх бодол байгаа. Хамгийн гол нь эдийн засаг. Тэр талаа шийдээд сайхан зохиол дээр ажиллая гэсэн санаа бий.

-Дүрийн судалгаагаа яаж хийдэг вэ?

-Тухайн дүрийн судалгааг амьдралаас эрж хайна шүү дээ. “Шарга даага” кинонд тоглохдоо нутгийн уяачидтай уулзаж адуугаа яаж уяж, сойж байгааг асууж судалгаа хийж байсан. Жүжигчин хүн болгон амьдралаас ийм судалгаа хийдэг.

-Та ихэнхдээ настай хүний дүрд тоглосон харагддаг?

-Тийм. Би уг нь 1977 оных. Хүүхэд байхын их овортой байсан. Намайг долдугаар ангид байхад хэзээ цэргээс халагдаж ирсэн гэдэг байлаа.

-Цэрэг гэснээс та цэрэгт явж байсан юм уу?

-Үгүй. Галын гурван жилээр хаалгаж байсан.

-Эр хүнд нөхөрлөл чухал байдаг. Та нөхөрлөлийг юу гэж боддог вэ?

-Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болддоггүй гэж үг байдаг шүү дээ. Бас зуун төгрөгтэй явснаас 100 найзтай яв ч гэдэг. Надад найз нөхөд олон бий. Хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлдэг гэдэгт би итгэдэг.

-Аав, ээж чинь одоо Баганууртаа байгаа юу. Танд юу гэж захидаг байв?

-Зундаа Улиастайн аманд зусдаг. Өвөлдөө Багануур руугаа орчихдог юм. Ажлын зав чөлөө гарвал аав, ээж дээрээ очдог юм. Аав маань олон дотроо сайхан яваарай, хамт олонтойгоо байгаарай гэж захидаг.

-Бага насандаа гэр бүлээрээ тэмдэглэж байсан хамгийн гоё баяр юу вэ?

-Өвөө маань 80 гарч бурхан болсон хүн. Би өвөө дээрээ өссөн. Өвөөгийн хүүхэд л дээ. Цагаан сар л их сайхан болдог байсан. Өвөө маань тэндээ хамгийн ахмад нь байсан болохоор олон ч хүн ирдэг байлаа.

-Өвөөтэйгөө байсан үеэ дурсаач?

-Миний өвөө дархан хүн байсан. Би хажууд нь галыг нь түлж өгдөг хүүхэд байлаа. Дарханых нь хөөргийг халаана. Сүүлд паяалник халаадаг болсон юм. Дарханы ажилд тусалдаг нь л би байсан. Өвөө надад гаанс толгой тааруулаад өгчихсөн. Багаасаа л тамхинд орчихсон хүүхэд байлаа. Өвөөтэйгөө адилхан тэр хавийн өвөгчүүлтэй их нийлдэг болохоор найзууд маань намайг “өвгөн Болдоо” гэж хочилдог байж билээ.

-Танд дарханы ур дүй бий юу?

-Өвөө бурхан болохын өмнө намайг дуудаад “Миний хүү өвөөгийнхөө дарханы багажийг Нэмэхээдээ өгөөрэй. Чи буу аваарай” гэсэн. Миний доод талын дүү шүү дээ. Уг нь тэр тусалдаггүй тоглоод л гүйж явдаг байсан юм. Гэхдээ өвөө миний хажууд хамаагүй гарын дүйтэй гэдгийг нь олоод харчихсан байсан л хэрэг. Тэгэхээр надад гарын дүй байхгүй байж.

-Өөрөө хүсээд энэ дүрд л тоглочих юмсан гэж тоглосон дүр бий юу?

-Олон дүрд тоглож байсан л даа. Жүжигчин хүн юм чинь янз бүрийн л дүрд тоглоно шүү дээ. Гэхдээ “Шарга даага” киноны уяачийн дүрийг л би дөхүүлнэ дээ гэж бодож байсан. Мөн “Аав” киног бас дотроо төсөөлөөд болох юм шиг санагдсан.

-Моринд дуртай юм уу. Яагаад уяачийн дүр ойрхон санагдав?

-Би моринд их хайртай хүүхэд байсан. Багадаа олон сайхан морьтой болоод уралдуулах хүсэл байлаа. Манай тавдугаар хорооныхон айл болгон жаахан малтай. Тэр үед хонинуудаа бүгдийг нь нийлүүлээд ээлжилж явдаг байсан юм. Үхэр малаа мориороо эргүүлнэ гээд хот доторх хөдөө гэх үү дээ.

-Танд дурлалт залуугийн дүр байхгүй шүү дээ. Тийм дүрд тоглооч гэвэл та тоглох уу?

-Тоглоно доо.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Хааяа нэг бильяард цохидог. Салхинд гарах сайхан.

-Гэртээ хариад та ямар хүн болох вэ?

-Гэртээ хариад хүүхдүүд­тэйгээ тоглоно. Манай бага намайг морь бол, арслан бол гээд зүгээр байлгахгүй. Эхнэрийнхээ хийж өгсөн хоолыг идчихээд л суваг солиод кино үзээд хэвтэнэ. Хамгийн сайхан жаргал маань тэр дээ.

-Ойрын үеийн төлөвлө­гөөгөө сонирхуулаач?

-Завсар зайгаараа хэл суръя гэж бодож байна. Гадагшаа явж үзлээ хэлтэй хүн сайхан юм. Заавал кинонд тоглох биш. Гадныхантай хамтарч ажиллахад ч хэрэг болно шүү дээ. Ер нь хүн цаашаа явъя гэвэл эхний ээлжинд хэлтэй болох хэрэгтэй юм байна гэж бодож байгаа.

-Та монгол дээлээр гоёдог уу?

-Жаахан хүүхэд байхдаа 7, 8 дээлтэй байлаа. Одоо хааяа тэмдэглэлт баяраар ч юм уу. Эсвэл тайз, кинон дээр л өмсөж байна.

-Наадмаар та яаж баярлах вэ?

-Зурагтаар бөх, морио үзэх байх. Би явж үзэх дургүй. Наадмаар миний хүүгийн төрсөн өдөр болдог юм. Бид нар өвөө, эмээ дээрээ очоод хонь гаргаж шөл уудаг. Хорхог хийнгээ “Хөөе нөгөө бөх юу болж байна. Хэний морь яаж давхив” гээд зурагт руугаа нэг гүйгээд буцаад хэдүүлээ хөхрөлдөөд л өнгөрөөдөг. Айргаа уугаад махаа огтолж идээд суух сайхан л даа. Олуулаа бужигнаж гэр бүлээрээ тэмдэглэсэн наадам сайхан байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Л.Эрдэнэчимэг: Биднийг тогтоолын төслөө оруулахаар Засгийн газраас Таван толгойн гэрээг татаж авах юм шиг байна лээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Таван толгойн ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Ямар шийдвэр гаргав. Ер нь ажлын хэсэг дээр асуудал удлаа. Юун дээр гацаад байгаа юм бол?

-Ажлын хэсгийн хуралдаанаар Засгийн газраас хэд хэдэн материал ирэхгүй байгаагярилаа. Бид Засгийн газраас дөрвөн материал нэхсэн ч өнөөдрийг хүртэл ирэхгүй байна. Бидний нэхээд байгаа материалуудын эхнийх нь Засгийн газрын 268 дугаар тогтоолын хурлын протокол. Уг тогтоолоор Таван толгой дээр тендер зарлах долоон заалттай шалгуур үзүүлэлтийг баталсан байдаг. Дотор нь Энержи ресурст зориулан оруулсан хэд хэдэн заалт байдаг. Ялангуяа “… Таваас доошгүй жил олборлох, тээвэрлэх, борлуулах, үйл ажиллагаа эрхэлсэн хяналтын багцыг Монголоос эзэмшиж байгаа компани” гэж заасан байгаа нь бусад компаниудын оролцох эрх хаагдсан гэсэн үг. Тиймээс тогтоолыг хэлэлцсэн хурлын протоколоос хэний ямар саналаар ийм заалт орсныг мэдсэний эцэст тодорхой дүгнэлт гаргах ёстой гэж ажлын хэсгийнхэн үзсэн. Хоёрдугаарт “Энержи ресурс” компани болон “Шинхуа” группын хооронд хамтарсан компани байгуулах гэрээг Засгийн газраас ирүүлэхийг хүссэн. С.Баярцогт сайд хэлэхдээ “Хувийн компаниудын хоорондоо хийж байгаа гэрээ учраас Засгийн газарт хамаагүй. Ажлын хэсэг тухайн компаниудаас нь энэ гэрээг авах шаардлагатай” гэсэн байна. Монгол Улсын бүх иргэдийн эзэмшиж байгаа томоохон ордыг хамтран эзэмших гэж байгаа гэдэг утгаар нь уг гэрээг зайлшгүй үзэх ёстой болсон. Учир нь хамтарсан компани байгуулах гэрээндээ “Энержи ресурс” компани нь Таван толгойг “Шинхуа”-д өгчих юм биш биз гэх мэтээр ноцтой заалт байхыг үгүйсгэхгүй. Тиймээс л ажлын хэсэг гэрээг үзье гэсэн юм. Ер нь бид нэхэмжлэх бус Засгийн газар гэрээг дүгнэсэн байх ёстой. Гуравдугаарт “Сумитома” компани Таван толгойн нүүрсийг гуравдагч зах зээлд нийлүүлэх үүргийг гэрээгээр хүлээж байгаа. Тэгвэл “Гуравдагч зах зээлд гаргах ямар үүргийг тус компани хүлээж байгаа юм бэ” гэдгийг бид сонирхсон. Ер нь Сумитоматай гэрээ байгуулсан эсэх нь өнгөрсөн хугацаанд тодорхой болсонгүй. Дөрөвдүгээрт “Энержи ресурс” компани Таван толгой компанийн хооронд эрх шилжүүлэх гэрээ гэж хийгдсэн байх ёстой. Шууд хэлбэл Эрдэнэс Таван толгойн бүх эрх 100 хувь “Энержи ресурс” компани руу шилжиж байгаа. Үүнийг үзсэний эцэст дүгнэлтээ гаргах ёстой гэж байгаа юм.

-Энэ гэрээнүүд хийгдчихсэн байх ёстой юу. Ажлын хэсэг өө олохын тулд хувийн компаниудын дотоод асуудалд оролцож байна гэх шүүмжлэл гарч эхэллээ?

-Ажлын хэсэг “тийм тийм 14 асуудал дээр дүгнэлт гарга” гэсэн даалгаврыг авсан. Тэр дүгнэлтийг гаргахын тулд тун ч олон материал нэхэгдэж байна. Жишээ нь “Гуравдагч зах зээлд нийлүүлнэ” гэдэг “Сумитома”-гийн худалдааны гэрээг үзэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байгаа. “Үнэхээр гуравдагч зах зээлд Таван толгойн нүүрсийг нийлүүлэх гээд байна уу, Хятадын зах зээлд борлуулах гээд байна уу” гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорч өгөхгүй байна. Хэрвээ Хятадын нутаг дэвсгэрт нүүрсээ зарахаар байвал бид үүнийг гуравдагч зах зээлд гаргаж байна гэж үзэх боломжгүй.

-Гэрээний англи эхийг шалгасан гэсэн. Алдаа байна уу?

-Англи, Монгол эх үнэхээр ялгаатай байгаа. Яг энэ асуудал дээр Оюу толгой компанийн хуульч ажиллаж байна. Бид сүүлийн гурван сар Монгол хэл дээрх материалтай зууралдаад, түүнд үндэслэн дүгнэлт хийж хэрэлдээд байгаа. Гэтэл гэрээний англи хувилбар дээр Монгол эхээс зөрүүтэй олон зүйл заалт байна. Асуудал үүслээ гэхэд оролцогч тал гэрээний англи хэл дээрх эхийг аваад Арбитрийн шүүхэд хандахад өнөөдрийн бидний яриад байгаа Монгол эхээс хол зөрүүтэй, ялагдал хүлээх магадлалтай заалтууд байна гэж үзэж байгаа.

-Яг ямар заалтууд өөр байгаа гэж?

-Гурав хоногийн өмнө ажлын дэд хэсгээс мэдээлэл авахад арав гаруй хуудас зүйл заалтын зөрүү байгааг ил болгож, бэлдсэн гэж байсан. Тэгэхээр гэрээг англи хэл дээр хийгээд Монгол хэл рүү орчуулсан юм байна гэж үзэж байгаа. Бас үүнийг хэн гардаж хийсэн нь тодорхойгүй байна. Уг нь Гадаад харилцааны яам англи хэл дээрх хувилбарыг баталгаажуулсан байх ёстой. Албан ёсны орчуулгыг Гадаад харилцааны яам л хийдэг журамтай ч энэ талаарх мэдээлэл тэдэнд огт байхгүй байх юм.

-УИХ энэ долоо хоногт асуудлыг хэлэлцэхээр жагсаалтад оруулсан байна. Та бүхэн дүгнэлтээ бэлэн болгож амжих уу?

-Засгийн газар шаардлагатай материалуудаа бидэнд өгчихвөл дүгнэлтээ гаргаж УИХ-д оруулна. УИХ дээр, тэр дундаа Д.Ганхуяг гишүүн нэг зүйлийг тодотгосон. Тэр нь 2010 оны 39 дүгээр тогтоол. Тус тогтоолд Таван толгойн ордыг яаж ашиглах вэ гэсэн олон заалт байдаг. Тогтоолын олон заалт энэ гэрээнд зөрчигдчихсөн явж байгаа. УИХ-ын 39 дүгээр тогтоолыг зөрчсөн Засгийн газрын олон тогтоол бас гарсан байдаг. Уг нь Засгийн газар УИХ-ын гаргасан тогтоолыг заавал хэрэгжүүлэх ёстой байгууллага. Тийм учраас “УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүй шүү” гэдэг дээр гол дүгнэлтээ гаргаж өгөх ёстой гэсэн саналыг хэлж байсан.

-Гэрээг урьдчилсан байдлаар ингэж дүгнэж байгаа гэсэн үг үү?

-Гэрээ орж ирсэн, тэр чигээрээ явж болохгүй. Нийт 60 жилийн хугацаанд 60 тэрбум ам.долларыг улсын төсөвт оруулж болохуйц ийм том орд байтал борлуулалтын зөвхөн хоёр хувийг авах гэрээ орж ирчихээд байна. Мөн ард түмний төлөөлөл, хууль тогтоох дээд байгууллагын гаргасан олон тогтоолыг зөрчсөн. Шууд хэлбэл УИХ гэдэг хэн ч биш юм гэсэн байдлаар хийгдсэн гэрээ. Ард түмний өмчлөлтэй энэ том ордыг бусдад зүгээр л бэлэглэчихэж болохгүй.

-Ер нь энэ гэрээг явуулахгүй байх ажлын хэсэг ажиллаад юм биш үү?

-Өнгөрсөн долоо хоногоос Засгийн газар болоод зарим УИХ-ын гишүүд “Таван толгойн асуудлыг явуулахад ажлын хэсэг гацаа үүсгэлээ” гэсэн худал PR-ыг хүчтэй явуулсан. Энэ асуудалд ажлын хэсгийн гишүүд нэлээд дургүйцэж байгаа. Яг үнэндээ ажлын хэсэг гацааж байгаа юм биш. Засгийн газар материалаа ажлын хэсэгт ирүүлэхгүй өөрсдөө гацааж байгаа. Бид ямар ч л гэсэн энэ материалуудыг авч байж, түүндээ тулгуурласан зохих ёсны дүгнэлтүүдийг хийгээд гаргаж өгнө. Тэгээд ч би санал, бодлоо байнга хэлж байгаа. Тэндээс Л.Эрдэнэчимэг гишүүн “Энэ гэрээг явуулахгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна” гэж л ойлгогдож байгаа байх. Энэ олон мэдээллүүдтэй танилцаж гэрээг бүтэн уншсан ямар ч гишүүн явуулж болохгүй юм байна гэдгийг ойлгох байх. Харин явуулах ёстой гэж хэлээд байгаа хэсэг лоббид автсан гэдгээ харуулж байна гэж харж байгаа.

-Тэгвэл ямар үндэслэлээр Засгийн газар гэрээгээ буцаан татах ёстой гэж та мэдэгдээд байна вэ. Ер нь улс орны тодорхой асуудлыг шийдэх ажлыг та ахалж байгаа гэсэн үг биз дээ?

-Миний харж байгаагаар гэрээ нэгэнт Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Концессийн гэрээний тухай хууль болон УИХ, Засгийн газрын хэд хэдэн тогтоолыг зөрччихсөн байгаа юм. Тиймээс хууль, тогтоол зөрчсөн гэрээ УИХ-аар хэлэлцэгдэх ёсгүй гэж бид харж байгаа. Энэ утгаараа гэрээгээ Засгийн газар татаж авах ёстой.

Эцэст нь хуульд нийцүүлээд, сайжруулаад оруулж ирэх шаардлагатай. Дээрээс нь ажлын хэсэг тогтоолын төсөл гаргахаар ажиллаж байгаа. Тогтоолын төслөөр Засгийн газарт үүрэг өгнө. Ингэхдээ Таван толгойг түшиглэн урагшаа хил хүртэлх, зүүн тийш Оросын хил хүртэлх төмөр замыг хамтад нь шийдэх ёстой гэдэг заалтыг оруулж өгч байгаа. Дээрээс нь гэрээнд огт тусгагдаагүй иргэдийн 1072 болон аж ахуйн нэгжүүдийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг тусгаж өг гэж байгаа юм. Ийм ажлууд ажлын хэсэг дээр бэлэн болчихоод байна. “Хувьцаа гэдэг бол үлгэр” гэж М.Энхсайхан сайд ярьж гарч ирж байсан.

Харин иргэд сайтаар нь ороод шалгавал таны нэрийн дансанд хувьцаа чинь хадгалагдаж байгаа. Хувьцааг эргэлтэд оруулж болдгийг жижиг Таван толгой харуулж байна. 1996 оноос жижиг Таван толгой хувьцаа гаргасан байдаг. Анх гурван төгрөгийн үнэтэй байсан бол хамгийн сүүлд сая гаруй төгрөгт хүрсэн байх жишээтэй. Тэгвэл жижиг Таван толгойгоос хэд дахин том энэ орд дээр хувьцааг эргэлтэд оруулах бүрэн боломжтой. Асуудлыг ард түмэндээ ашигтайгаар шийдье гэсэн байр суурьтай байна. Ер нь биднийг тогтоолын төслөө оруулахаар Засгийн газраас гэрээгээ татаж авах юм шиг байна лээ.

-Энэ хооронд Чалкод төлөх ёстой өр юу болж байгаа вэ. Монголын тал алдагдал хүлээж өр өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа гэх юм?

-Ажлын дэд хэсэг хоёр хоногийн хугацаатай Эрдэнэс Таван толгой компани дээр ажиллаад өнөөдөр (өчигдөр) ирсэн. Тэдний өгсөн мэдээллээр Эрдэнэс Таван толгой компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс хадгалагдаж байгаа бол хоёр сая тонн нүүрсийг олборлоход зориулж хөрсний хуулалт хийж бэлтгэсэн байна. Нийтдээ олборлох бүх зардал нь шингэчихсэн 4.3 сая тонн нүүрс бэлэн байгаа гэсэн үг. Хэрэв гэрээ байгуулагдвал Чалкод төлөх ёстой өрийг “Энержи ресурс” компани төлөх заалттай. Гэтэл Чалкогийн өрийг төлөх нүүрс нь аль хэдийнэ олборлогдоод бэлэн болчихсон байгаа юм. Тэгэхээр гэрээнд туссан шигээр “Энержи ресурс” компани үүрэг хүлээх нөхцөл харагдахгүй байгаа юм. Энэ нь хулхидах заалт бололтой. Дээрээс ньЭрдэнэс Таван толгой компани хэвийн ажиллаж байна. Компанийн 200 орчим, туслан гүйцэтгэх 150 гаруй хүнээс гадна Чалко компани нүүрсээ авахдаа уурхайн аман дээрээс тээвэрлэлтээ хийдэг. Энд Хятад, Монголын мянга гаруй жолооч, тээвэрлэгчид ажилладаг юм байна. Нийтдээ 1400 орчим хүн 24 цагаар хөрс хуулалт, тээвэрлэлтийн ажил хийгээд Чалко компани сард 500-600 мянган тонн нүүрсийг өрөндөө авдгаараа авч л байгаа. Нэг ёсондоо өнөөдрийг хүртэл Чалкогийн өртэй холбоотой ямар ч асуудал үүсээгүй, цаашид ч үүсэхээргүй байна гэсэн үг. Мөн Эрдэнэс Таван толгой компани нэгэнт олборлосон нүүрсээ Хятадын бусад компанид зарахад бэлэн байгаа юм билээ. Хэдий тийм ч М.Энхсайхан сайд цаашаа борлуулалт хийж болохгүй гэсэн үүрэг өгсөн учраас зарж чадахгүй байгаа гэсэн.

-Асуудал хэзээ шийдэгдэх юм бол. Нийгэмд хүлээлт үүсгэчихээд ажлын хэсэг сар гаруй хугацаанд дөнгөж гурав дахиа хуралдаж байна?

-Оюу толгой өнөө, маргаашгүй хөдөлгөөнд орно. Гацууртын ордын асуудлыг бараг шийдсэн. Цагаан суваргыг ч явуулсан. Харин Таван толгойгоо төр барих хэрэгтэй. Яагаад гэвэл Монголын бүх ард иргэд хувьцааг нь эзэмшиж байгаа. Хоёрдугаарт энэ орд 60-100 жилийн ашиглалтын настай. Өнөөдөр нүүрсний үнэ унасныг нь далимдуулаад Таван толгойг булаах гэрээ орж ирчихээд байгааг хүн бүхэн ойлгоосой гэж хүсч байна. Тийм учраас яараад байх шаардлага байхгүй. Төсөв бүрдэлт муу байгаа гэж хэсэг хугацаанд ярих л байх. Энэ нь бэлэг боох далим байж болохгүй.

-Тэгвэл яагаад дахин сонгон шалгаруулалт явуулах гэж?

-Энэ бүх мэдэгдлүүдийг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа хувь гишүүнийхээ байр сууринаас хийж байгаа. Түүнээс биш ажлын хэсэг дээр дахин тендер зарлая гэж огт яриагүй шүү. Ажлын хэсгийнхэн хууль, тогтоол зөрчсөн учраас энэ гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага алга л гэж байгаа. Миний харж байгаагаар хөндлөн болон урагшаа явах төмөр замын асуудлаа хамтад нь шийдүүлье гэсэн байр суурьтай байна. Албан бус мэдээллээр “хөндлөн төмөр замыг тавихад Японы Засгийн газраас хөрөнгө оруулалт хийх боломжтой байна. Наймдугаар сард Абэ Ерөнхий сайд ирэхдээ гэрээг үзэглэх юм байна” гэсэн мэдээлэл бий. Эндээс харахад төмөр замын бүтээн байгуулалтад Японы талыг ч юм уу, гуравдагч этгээдийг оролцуулахын тулд гэрээнд оролцогч талууд нэмэгдэж оролцох байх.

-Орос, Япон, Солонгос орнууд Таван толгойн нүүрсийг сонирхож байгаа юм уу. Гуравдагч тал гэж хэнийг хэлээд байгаа юм?

-Ер нь асуудал нь Таван толгойдоо биш, төмөр замд байна. Төмөр зам гэдэг бол Азийн хамгийн том гео политикийн үзүүлэлт болчихоод байгаа. Хятад улс Азийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай банк байгуулчихаад байгаа. Энэ нь Азийн дэд бүтцийн салбар руу асар хүчтэйгээр орж ирэхийг харуулж байна. Үүнтэй зэрэгцээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Японд айлчлахад Азийн хөгжлийн банкаар дамжуулан Японы талаас “110 тэрбум ам.долларыг Азийн дэд бүтэц рүү” орууллаа гэдгээ зарласан. Тэгэхээр Хятад, Япон хэмээх хоёр том гүрэн Азийн дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийж өөрсдийнхөө ноёрхлыг тогтоох бодлоготой байгаа нь ил байна. Хоёр гүрний аль аль нь Монголыг сонирхож байгаа. Гурван жилийн өмнөхөөс байдал тэс өөр болчихоод байна. Геополитикийн таатай нөхцөл байдалтай болсон учраас Таван толгойд бус эхэлж төмөр замдаа анхаарлаа хандуулж, төмөр замын асуудлыг шийдсэн тэр орнуудад Таван толгойгоо өгөх нь ашигтай болсон нь харагдаад байгаа юм.

-Тэгэхээр орж ирсэн гэрээг буцааж, бүхнийг шинээр эхэл гэж үү?

-Гэрээг эхнээс нь хийх үү, бусад талыг татаж оролцуулах уу гэдэг нь Засгийн газрын хийх ажил. Би бол зөвхөн саналаа хэлж байгаа гишүүн.

Л.Мөнхтөр