Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монгол орны бүх нутагт хүрч ажиллах хүсэлтэй Элчин сайд

Их Британи, Умард Ирлан­дын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Жэйн Арнолдынд өнжлөө. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

Кэтринийх Монгол дахь Элчин сайдуудын хотхонд байдаг. Харуул хамгаалалт бүхий ногоон зүлэг, модоор хүрээлүүлсэн тэр цэмцгэр хашаанд орон орны Элчин сайдууд амьдардаг юм билээ.Английн Элчин сайдын өргөө хоёр давхар цагаан өнгөтэй. Зочны, гал тогооны, ажлын, албан өрөөнөөс гадна гурван ч унтлагын өрөөтэй ажээ. Кэтрин Монголд ирээд ердөө гуравхан долоо хонож байгаа болохоор гэрээ өөрийнхөө хүссэнээр тохижуулж ам­жаа­гүй байгаагаа бидэнд учирлав. Тэрбээр уран зураг, хөгжим, ном, спорт гээд маш олон зүйл сонирхдог бөгөөд арвин цуглуулгатай аж.Тэдгээр эд хогшлоо гааль дээрээс авахаар хүлээж байгаагаа ч дуулгасан юм.

Хатагтай Кэтрин хэвлэлд нээлттэй санагдав. Хэр баргийн Элчин сайдууд түүн шиг байдаггүйг бид мэднэ. Шинээр томилогдож ирсэн эрхмүүд ойрын нэг, хоёр жил­дээ хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй шүү дээ. Тэгвэл Кэтрин Монголд ирсэн даруйд эрх ямба эдэлж хойш суулгүй эгэл ардын аж амьдрал, хотын хөгжил цэцэгжилт, түүх дурсгалын сонин хачинтай танилцаад амжжээ. Тэрбээр илүү ихийг мэдэж, ард түмнийг судалж, таньж чадвал хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд дэвшил гарна гэж байлаа.

Жил бүрийн зургадугаар сарын 14-нд Их Британичууд дэлхий даяар Хатан хаан-II Элизабетийнхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг уламж­лалтай. Монгол дахь Элчин сайдын яам ч энэ баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Энэ удаад шинээр томилогдон ирсэн Элчин сайд Кэтрин хатан хааныхаа төрсөн өдрийг өвөрмөц хэлбэрээр зохион байгуулахыг хүсчээ. Тэрбээр уг баярыг хэрхэн тэмдэглэдэг, ямар утга учиртайг монгол­чуудад таниулахын тулд хэв­лэлийн байгууллагаас “Өдрийн сонин”-ыг урьсан юм. Урьд жилүүдэд нам гүмхэн тэмдэглэдэг байсан уламжлалыг ийнхүү эвдэж, олон нийтэд нээлттэй байд­лаар тэмдэглэж байгаа нь Элчин сайдын санал хэмээн Английн ЭСЯ-ны ажилтнууд өгүүлж байв. Их Британийн хатан хаан Элизабетын төрсөн өдрийн арга хэмжээг Кэтрин өөрийнхөө гэрт тэмдэглэв. Хүлээн авалтад Барилга хот бай­гуулалтын сайд Д.Цогт­баатар, УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал нар болон Монголд суугаа орнуудын Элчин сайдууд хүрэлцэн ирсэн байлаа. Мөн салбар салбарын төлөөллүүдийг ч урьжээ. Хатагтай Кэтрин хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт Сайд, УИХ гишүүн, ноёд хатагтай нараа. Та бүхнийг Хатан хааны төрсөн өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд маш их баярлаж байна. Өнгөрсөн долоо хоногт хатан хаан өөрийн төрсөн өдрөөр уламжлалт цэргийг жагсааж албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэв. Хатан хааны гэр бүлийн хувьд энэ явдал нь маш онцгой үйл явдал байсан ба хатан хаан төрсөн өдрийн парадад 63 дахь удаагаа оролцож түүхэн амжилт тогтоож, Букингем ордны тагтан дээр хааны гурав дахь үеийн хүн болох хунтайж Жоржтой хамт гарч ард олондоо харагдсан юм. Мягмар гаригт миний амьдардаг энэхүү газраас холгүй би Монголын талаас зо­хион байгуулсан албан ёсны арга хэмжээнд оролцсондоо маш олзуурхаж байна. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн харуулуудын өмнө зогсож Монгол Улс болон Их Британийн төрийн дууллыг Чингэс хааны талбайд эгшиглүүлсэн тэрхүү мөчийг би хэзээ ч мартахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Европын парламентад хэлсэн үгэндээ “Эрхзүйд суурилсан олон улсын хэм хэмжээг сахих нь бидний хамтын үүрэг” гэдгийг онцолж, Их Британи, Монгол Улс дэлхий дахинд аюулгүй байдал, хөгжил цэцэглэлийг хангах, ардчилал болон хүний эрхийг хангах нь чухал болохыг тэмдэглэж мөн нэн тэргүүнд хуулийг дээдлэх шаардлагатайг дурдлаа. Энэ жил бид Магна Картаг баталсны 800 жилийн ойг тэм­дэглэж байна. Уг эртний баримт бичиг нь XIII зууны Английн хаан болон түүнийг эсэргүүцэж байсан баронуудын хооронд анхлан зөвшилдөж байгуулсан нь сайн засаглалын гол суурь болсон хуулийн өмнө хүн болгон тэгш эрхтэй гэсэн зарчмыг бий болгосон. Англи болон бусад оронд уг баримт бичиг нь хуулийг дээдлэх, түүнийг хэрэгжүүлэх байгууллагыг хууль ёсны дагуу байгуулах, хариуцлагатай засаглалыг бий болгож түүний үндсэн дээр аливаа нийгэм тогтвортой тууштай, баталгаатай цэцэг­лэн хөгжинө. Өнөөдөр мөн Ватерлод болсон тулааны 200 жилийн ой тохиож бай­на. Энэхүү тулаанд хэн ялсныг би мэргэжил нэгт нөхөр Францын Элчин сайд байгаа үед дурдмааргүй байна. Гол хэлэх зүйл бол Европыг хамарсан 23 жилийн мөргөлдөөнийг дуусгавар болсон өдрийн ойг тэмдэглэж байгаа юм.

Шекспирийн 400 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Шекспирийн ихэнх жүжгийг анх удаа тоглож байсан дэлхийд алдартай “Глоб” театрынхан Монголд Гамлетийг тоглохоор энэ жил ирэх болсныг дуулгахад таатай байна.

Олон улсад Их Британи улс нь бүтээлч, шинэлэг санаа, дээд зэргийн чанараар танигдсан бөгөөд Монгол Улсад Британийн олон компаниуд үйл ажиллагаа явуулж байгааг дуулгахад таатай байна. Энэхүү хоёр орны харилцааг бид тэмдэглэх зорилгоор энэ оны есдүгээр сард Их Британийн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Great кампанит ажлын нэгээхэн хэсэг болох энэхүү өдөрлөгийн үеэр өнөөгийн Их Британи, Монголын хоорондын харилцаа бүхий л талаар хэрхэн амжилттай хөгжиж байгааг харуулахаас гадна Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой Английн компаниудыг танилцуулах боломжийг олгох юм.

Миний бие, хагас зууны тур­шид үргэлжилсэн энэхүү харилцааг цааш нь үргэлжлүүлэх Элчин сайдаар томилогдсондоо баяртай байгаа бөгөөд Монголд байх хугацаандаа хоёр тал болон олон талт харилцаанд илүү хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал бий болгох бидний хамтын зорилгыг биелүүлэхэд хоёр орны хамтын ажиллагааг илүү өргөжүүлнэ гэж найдаж байна” гэв.

Түүнийг ийн үг хэлж дуус­­саны дараа Дуурь бүж­гийн эрдмийн театрын хөгжимчид хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлснээр үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Энэ үед Кэтринд ямар ч зав гарсангүй. Ирсэн зочидтойгоо уулзаж, найрсаг яриа өрнүүлж бай­лаа. Ингээд хүндэт зочдод СУИС-ийн оюутнууд Шекспирийн жүжгийн хэсгээс толилуулж, тэднийг хэсэгтээ л догдлуулаад авна лээ. Харин Кэтрин зочдодоо Английн уламжлалт жимсний коктейл бэлдсэн байсан нь тэдэнд маш их таалагдаж байгаа бололтой байв.

Энэхүү арга хэмжээ товлосон ёсоор 16-18 цагийн хооронд үргэлжилж, цагтаа өндөрлөв. Кэтрин ч зочдоо үдсэний дараа бид түүний бага ахуй наснаас дипломатч болсон түүхийн хуудсыг эргүүлсэн юм.

СОНИУЧ ЗАНТАЙ КЭТРИНИЙ БАГА НАС

Хатагтай Элчин сайд Кэтрин Элизабет Жэйн Арнолд одоогоор гэрлэж амжаагүй яваа гэсэн. Эхээс хоёулаа бөгөөд нэг эгчтэй аж. Кэтриний гэр бүл орон орноор аялж, ажилладаг байжээ. Аав нь далайчдын эрх ашиг, нийгмийн хамгааллыг хариуцдаг олон улсын байгууллагад ажилладаг байжээ. Энэ тухай тэрбээр ярихдаа “Далайчдын ажлын нөхцөл хэцүү. Олон сараар далайд явна. Гэртээ ганц, хоёр хоноод л буцаад явна. Ингээд хөлөг онгоц дээр байдаг хүмүүсийн ариун цэврийн хэрэглээ дутмаг, ар гэрийнхэнтэйгээ утсаар холбоо тогтооход хүндрэлтэй. Тиймээс миний аав, ээж тэр бүх нийгмийн асуудлыг нь хариуцан ажилладаг байлаа. Энэ бол тэдний маань хувийн, сайн дураараа хийдэг ажил нь. Харин олон улсын түвшинд бол далай дээр ямар нэгэн осол гарлаа гэхэд улс орнууд хил рүүгээ оруулдаггүй. “Манайх биш” гээд өөрсдөөсөө холдуулахыг хичээдэг. Мөн тухайн завийг эзэмшиж байгаа хүн мөнгө угаах зорилгоор ашиглаж байж болзошгүй зэрэг асуудлууд их гардаг. Тэр тохиолдолд нөгөө завийг ТББ нь хил рүү нэвтрүүлж, тусламж үзүүлэхийн тулд тухайн улс оронтой нь харилцан ойлголцуулдаг. Би ааваасаа дэлхийн улсууд, ард түмнийг сонирхох байдлыг нь өвлөж авсан. Ээжийн ном их уншдаг байдал надад нөлөөлсөн. Хэрэв миний юмнууд ирвэл энэ ханыг тэр чигээр нь дүүргэнэ” гэж зочныхоо өрөөний цэлгэр ханыг заав.

Кэтрин Өмнөд Солонгосын Пусан хотод төрж өссөн байна. Гурван настайгаасаа Солонгосоос гарснаас хойш да­­хин очих боломж таараагүй гэнэ. Харин энэ удаад Солонгостой ойролцоо орших манай улсад Элчин сайдаар томилогдсондоо ихэд олзуурхаж байв. Кэтрин бага насаа дурсахдаа нүдэнд нь гэрэл тодорч, тухайн үеийг түвэггүйхэн санаж байв. Тэрбээр “Солонгост байхдаа би гуравхан настай байсан. Тэр үеийн зургаа харахаар ихэд дэвшилтэт технологитой орон байсан гэж бодогддог юм. Дэд бүтэц, эмнэлэг сайн хөгжсөн байсан. Дээр үеийн Пусаныг өнөөдрийн Пусантай харьцуулахад маш өндөр хөгжсөн байгаа. Эцэг, эх маань тэр үед их таатай нөхцөлд амьдардаг байлаа. Манай гэр бүл тэндээс Дубай, Шри-Ланкад шилжиж амьдарсан. Би их азтай хүн шүү. Багадаа олон орноор аялж, тухайн улсуудын соёл иргэншилд суралцсан. Спортоор их хичээллэдэг хүүхэд байлаа. Ялангуяа хөлбөмбөг, сагсан бөмбөгт хорхойтой. Бас мөсөн гулгуурт нугасгүй” гэв. Тэрбээр хүйтний улирал ирэхээр гол хөлдөнгүүт гулгана гэдгээ ч нуусангүй. Кэтрин Шри-Ланкад байхдаа төгөлдөр хуур, бишгүүр, лимбэ тоглодог байжээ. Хөгжим бол түүний сэтгэлд оршдог чухал зүйл гэсэн. Тиймдээ ч сонгодог урлаг тэр дундаа дуурийн тоглолтуудыг алгасахгүй үзэх бололтой. Тэрбээр манай дуурийн дуучин Э.Амартүвшингийн чадварыг ихэд үнэлж, хурдан түүний тоглолтыг үзэх юм сан гэж байсан шүү. “Амартүвшин Кардипийн олон улсын дууны уралдаанд шилдэгт үлдсэн байсан. Энэ тухай сонсоход таатай байна. Алдарт дуучин маань эх орондоо ирээд театрт тоглолт хийвэл би хамгийн түрүүнд очиж үзнэ” гэж Кэтрин өгүүлэв. Ер нь Кэтрин Англид байхдаа долоо хоногтоо хоёр удаа заавал дуурийн тоглолтүздэг байжээ.

Кэтрин тун сониуч зантай. Ямарваа нэгэн ажил хэргийг явуулахдаа, хүнтэй харилцахдаа байнга өөртөө асуулт тавина. Түүний багын сониуч хэрсүү зан нь олон зүйлд хөтөлсөн байна. Тухайлбал, улс орныг, хүнийг их судалдаг гэв. “Хүн сониуч байхын хэрээр юмыг илүү ойлгодог. Тэгж байж амжилтад хүрнэ” гэж хатагтай Элчин сайд хэлж байв. Тиймээс Монголын бүх нутагт очиж ажиллахыг хүсдэг байна. Тэгж байж ард түмнийг сайн ойлгож, илүү сайн Элчин сайд болно гэсэн бодолтой байгаагаа хуваалцав. Кэтриний багын эрч хүчтэй, цовоо сэргэлэн зан нь одоо түүний ажил руу нь шингэжээ.

ОНГОЦНЫ НИСГЭГЧ, СЭТГҮҮЛЧ, АКАДЕМЧИАС ДИПЛОМАТЧИЙГ СОНГОСОН ЗАМНАЛ

Кэтрин Кэмбрижийн Их сургуульд математикийн чиглэлээр суралцаж байжээ. Гэвч ганц мэргэжилд баригдаж ча­даагүй байна. Иймд фили­софи, шашин судлалаар бас суралцжээ. Их сургуулийн оюутан байхдаа гурван чиглэлээр дугуйланд давхар суралцаж байсан гэнэ. Тэр нь хоккей, теннис, сонгодог найрал дууны анги ажээ. Ер нь урлагт бол авьяастай, олон улсын жишигт нийцсэн хуурцаг хүртэл хэвлүүлж гаргасан байна. Сонирхуулахад, Кэтрин онгоцны нисгэгч байсан гэнэ. Их сургуулийнхаа нисэх хүчний салбарт цэргийн зориулалттай “Бульдог” загварын сургалтын онгоц жолооддог байжээ.Уг онгоц нь овор багатай болохоор ганцаараа агаарт янз бүрийн үзүүлбэрүүдийг үзүүлдэг байсан гэнэ.

Кэтрин Кэмбрижийн их сургуульд мастер хамгаалаад “City of London”-д санхүүгийн хэлтсээс ажлын гараагаа эхэлсэн байна. Их Британи улс бол санхүүгийн чиглэлээр дэлхийд мундаг. Тиймээс Элчин сайд Кэтрин Англи, Монголын худалдааны харилцааг илүү хөгжүүлэх тал дээр ажиллах бодолтой байгаа гэлээ. Английн турш­лагыг суугаа орныхоо хөрсөнд нутагшуулахад нэлээд анхаар­лаа хандуулах юм байна.

Кэтриний сониуч зан түүнийг сэтгүүлч болгоход нөлөөлсөн тухай тэрбээр бидэнд хуучилсан юм. “City of London”-д ажилласныхаа дараа тэрбээр эцэг, эхийнхээ амьдарч байсан газрын сонин, телевизэд сэтгүүлчээр ажиллаж байжээ. Английн урд зүгт байдаг Isle of Wight гэдэг газрын “Country Press” хэвлэлийн газарт сэтгүүлч болжээ. Тэнд ажлын туршлагатай болсныхоо дараа Иракт ажиллах томилолт өвөр­төлжээ. Тус улсад Анг­лийн анхны сэтгүүл гаргах ажилд туслахаар ийн зорьсон гэнэ. Иракт байсан хугацаа нь түүний амьдралын гайхалтай мөчүүд байсныг дур­­сав. Тэнд хувиараа “Bloomberg”, “BBC”, “Guardian” зэрэг дэлхийн томоохон агентлагуудад ажиллажээ. “Багдадад зориулсан аяллын хөтөч” ном хэвлүүлснээс гадна сонинд аяллын талаар хэд хэдэн нийтлэл бичиж байжээ. Тэрбээр Ойрхи Дорнодод ажилласныхаа дараа Англид буцаж очоод Ноттингамын их сургуульд дахиад мастерт суралцжээ. Ингээд Гадаад хэргийн яаманд ажиллахаар болсон байна. Улс орнуудыг илүү их таньж мэдэхийг хүссэн учраас ийнхүү Гадаад хэргийн яаманд ажилд орсон гэж Кэтрин тайлбарлаж байлаа. Түүнд хоёр сонголт тулгарчээ. Докторын зэрэг хамгаалах боломж байсан хэдий ч улс орнуудын талаар дэлгэрэнгүй мэдэж байж суралцах ёстой гэж үзжээ. Тэгээд сэтгүүлч, академич байх хоёрын дундаас дипломатчийг сонгосон байна. Энэ тухайгаа “Дипломатч байх нь сэтгүүлчийн талаас хүмүүсийг ойлгоно. Академич бол онолын төвшин дэх зүйлүүдийг ухамсарлана. Энэ хоёрыг нэгтгэхэд дэлхийн улс орнуудыг илүү сайн сайхан байлгахад анхаарлаа хандуулан ажиллаж болно гэж харсан. Хувь хүн болон улс оронд болохоор аюулгүй байдал, эдийн засгийн хувьд ашигтай зүйлийг бий болгоход туслах юм байна гэж ойлгосон” гэж ярив. Кэтрин Гадаад хэргийн яаманд ажиллаад хэд хэдэн газар томилогджээ. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржид итгэмжлэх жуухаа барихдаа энгэртээ хоёр одон зүүсэн байв. Энэ нь түүнийг аюултай бүсэд ажиллаж байсныг нотлох иргэний хүндэт медаль юм байна. Тэрбээр сонирхолтой орнуудад ажиллах тун дуртай гэж инээмсэглэн ярилаа. Ингэхдээ “Афганистан бол маш гайхалтай орон. Олон жилийн дайны дараа хөгжиж байгаа. Бидний хамаалалт сайн байсан. Тиймээс би аюулгүй орчинд байв. Харин Афганистанд аялах боломж байгаагүй. Нэг удаа Файзабад гэдэг газар руу явж аялсан. Тэр үед Монголын энхийг сахиулагчид нисэх онгоцны буудал орчмыг хамгаалж байлаа. Тэнд бид долоо хоног байрлаж байхад Монголын энхийг сахиулагчид тун чадварлаг хамгаалж байсан шүү. Монгол орон бол маш гайхалтай. Хаашаа ч очоод аялах боломжтой байна. Би ууланд авирах дуртай. Иранд байхдаа хамгийн өндөр буюу 600 метрийн өндөр галт ууланд авирч байсан. Тиймээс Монголын Алтай таван богд руу авирна гэж бодож байгаа” гэв.

“АНГЛИ МОНГОЛЫН ХАРИЛЦААГ ХЭД ХЭДЭН ШАТАНД ХӨГЖҮҮЛНЭ”

Хатагтай Кэтрин Монголд Элчин сайдаар томилогдож ирсэн ач холбогдлоо ихэд өндрөөр үнэлж байсан шүү. Учир нь ардчилал хөгжөөд 25 жилийн ой тохиож байгаа энэ үед Монгол Улс хөгжлийнхөө чухал шатанд ирж буй хэмээн онцолж байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Европын парламентад хэлсэн үг нь Европын холбоо, Английн зорилготой нийцэж байгааг Элчин сайд Кэтрин дурдав. Түүнээс 52 жилийн түүхтэй хоёр улсын дипломат харил­цаа цаашид салбар, салбарт хэрхэн өргөн тэлэхийг төсөөлж бай­гааг нь тодруулахад “Мон­гол, Англи хоёр улс олон сал­барт хамтран ажил­­лаж байгаа. Английн өндөр технологийг Монголд нутагшуулна. Би Монголд ирсэн даруйдаа “English of school”-д очиж ажилласан. Кэмбрижийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. Монголын Засгийн газар, БСШУЯ-тай хамтран энэ программыг цааш нь явуулах сонирхолтой байгаа. Боловсрол бол ямар ч орныг амжилтад хүргэх гайхалтай түлхүүр. Мөн хоёр улс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана. Английн шилмэл үүлдрийн, махны ашиг шим, ноосны чанар сайтай хонийг Говьсүмбэр аймагт нутагшуулна. Дээрхээс гадна Их Британийн амьтны нийгэмлэг Монголын Засгийн газар хоёрын хооронд нягт хамтран ажиллаж байгаа. Энэ нийгэмлэгийн маань гол зорилго бол хууль бусаар амьтан агнах, хил гаргахыг хориглодог. Их Британийн Хавтгай хамгаалах нийгэмлэг болон Мазаалай хамгаалах нийгэмлэг Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Амьтан хамгаалах нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал хэсэг. Учир нь амьтан бол тухайн орны соёлын нэг хэсэг байдаг” гэлээ. Тэрбээр амьтанд тун хайртай юм билээ. Одоогоор Монголд бүрэн төвхнөж амжаагүй болохоор хараахан амьтан тэжээгээгүй байгаа аж. Тун удахгүй сонирхлынхоо дагуу олон төрлийн амьтан тэжээнэ гэв.

Английн виз бол амаргүй гардаг. Монголчууд визний мэдүүлэгт орохын тулд Бээжинг зорьдог. Визний чирэгд­­лийг хөнгөвчлөхийн тулд шинээр томилогдсон Элчин сайд ямар ажил хийхийг лавлатал “Визний асуудлын тухайд зөвхөн Монголд биш, дэлхий даяар баримталж байгаа Их Британийн бод­лого юм. Миний ажиллаж байсан бусад орнуудад ч ийм нөхцөлтэй байсан. Ганц Монгол орныг ингээд байгаа юм биш. Визний хувьд Азийн нэг бүсэд төвлөрч буй. Энэ нь бидний харж байгаагаас илүү үр дүнтэй үйл ажиллагаа юм. Визний мэдүүлэг нэг оронд төвлөрсөн нь илүү хямд тусна. Афганистан, Иран, Ирак гээд миний ажиллаж байсан бүх оронд ийм байдлаар ажиллаж байгаа. Монголд байгаа визний материал хүлээн авах төв гэж бий. Тэднийг илүү шуурхай ажиллахад анхаарч байна. Бизнесийн болон аяллаар явах хүмүүст визэнд орох алхмууд нь энгийн байгаа. Энэ үйлчилгээг авсан хүмүүсээс сонсоход таатай байсан” гэлээ.

Элчин сайд Кэтрин Мон­голд ирсэн анхны сэтгэгдлээ маш гайхалтай байсан гэдэг үгээр илэрхийлнэ лээ. Тэр­бээр эрс тэс уур амьсгалтай манай орны цаг агаарт дасан зохицохдоо огтхон ч санаа зовохгүй байгаа аж. Учир нь түүний амьдарч байсан орнуудын ихэнх нь жилийн дөрвөн улиралтай байсан аж. Кэтрин Монголд ирээд удаагүй байгаа ч амралтын өдрүүдийг үр дүнтэй өнгөрүү­лэхийг хичээж байгаа гэсэн. Цонжинболдог руу очиж, музей үзсэн аялал ихэд таалагдсан тухайгаа сонирхуулав. Мөн хотын төвтэй танилцаж, Зайсан руу алхжээ. Тэрбээр амралтын өдөр, чөлөөт цаг гар­вал Монгол оронтой бүхэлд нь танилцаж, аймаг, сум болгонд хүрч ажиллах хүсэлтэй байгаагаа дахин дахин хэлж байсан юм. Түүний хувьд хоёр бөхтэй тэмээ унаж үзэх нь мөрөөдлийнх нь нэг бололтой. Энэ тухай их л сонирхож байгаа янзтай ярьж байв.

Кэтрин олон орноор аялж байсан болохоор үндэснийх нь хоолуудыг ихэж сонирхон зооглодог байна. Монголын хувьд бууз хуушуурт дуртай гэнэ. Тэрбээр гал тогоондоо маш сайн тогооч. Төрөл бүрийн амтыг шинээр гаргах дуртай аж. Тиймээс дэлгүүр хэсэхдээ Монголын цай, бяслаг зэргийг худалдан авсан гэж инээм­сэглэн өгүүлэв. Тэрбээр монгол хэл бага сага мэднэ. Энд ирэхээсээ гурван сарын өмнө монгол хэлийг судалжээ. Гэвч түүний байсан орчинд монгол хүн байгаагүй болохоор бидний хэлийг хэрэглэхэд амаргүй байсан бололтой. ”Сурахад нэлээд хүндрэлтэй санагдсан. Гэхдээ эх оронд нь эрчимтэй сурна аа” гэж байсан шүү.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

БРИКС бол ирээдүйд G-5 болох том амбицтай санхүүгийн нэгдэл

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажил­тан, доктор (Ph.D) Д.Базардоржтой ярилцлаа.

-БРИКС бол ид хүчир­хэгжиж байгаа, их хорийн шийдвэрт нөлөөлөхүйц байгууллага гэх мэтээр ярьдаг. Судлаачийн хувьд БРИКС-ийг цөөн үгээр то­дор­хойлооч?

-БРИКС бол 2009 онд анх байгуулагдсан, таван гишүүнтэй нэгдэл. G-20 гэдэг шиг ирээдүйд G-5 болох том амбицтай байгууллага. Анх ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил гэсэн дөрвөн улс нэгд­сэн. Бүгд л хөгжиж байгаа улс. Тэгсэн хэрнээ хүрээ зан­гараг нь дэлхийн хэмжээнд нөлөөлөхүйц орнууд. Бараг бүх тивийг дамнасан улсын төлөөлөл энэ байгууллагад бий. Сүүлд ӨАБНУ нэгдэж орсон. Хэдийгээр нөгөө ул­сууд­тайгаа харьцуулахад зүйл зүйлээр дутуу, хүчин чадал нь сул ч гэсэн Африк тивдээ бол нөлөөтэй том улс. Хөгжиж байгаа том гүрнүүдийн сан­хүүгийн чиглэлээр хам­тарсан байгууллага л даа. Ноднин Бразилд болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр БРИКС-ын улсуудын төрийн тэргүүн нарын уулзалт болсон юм. Тэр үеэс үйл ажиллагааны том эргэлт гарсан гэж хараад байгаа юм. Хоёрдугаар дайны дараагаас дэлхийн санхүүгийн тог­толцоонд ноёлж ирсэн, дэлхийн санхүүгийн бодлогыг тодорхойлдог хэдэн гол бай­гууллага бий. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгж­лийн банк зэрэг бай­гууллагын ноёлол, үйл ажил­лагаатай өрсөлдөх зорилгоор байгуулагдсан, өөрийн гэ­сэн өнгө төрхтэй, дэлхийн хэмжээний шинэ санхүүгийн байгууллага.

-Бразилийн уулзалтаар ши­нэ банк байгуулсан байх аа?

-Зургаа дахь удаагийнх нь уулзалт л даа. Энэ үеэр байгуулсан БРИКС-ийн хөгж­лийн шинэ банкны Удирдах зөвлөлийн гишүүдэд нь гишүүн та­ван орны төлөөлөл орж бай­гаа. Удирдах зөвлөлөөс томилсон банкны ерөнхийлөгч гэж бий. Механизм нь тодор­хой болчихсон гэсэн үг. Төв нь Шанхайд бий. Гэхдээ чухам юу хийх вэ, хэтийн зорилго нь ямар вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа. Энэ асууд­лыг ирэх сард болох Уфагийн уулзалтын үеэр ярих болов уу. Уфагийн уулзалтын үеэр БРИКС гэдэг эдийн засаг, сан­хүүгийн том байгууллага хэтийн арван жилийн төлөв­лөгөөгөө боловсруулах байх. Эдгээр улс дэлхийн хэмжээнд санхүү, эдийн засгийн талаар бие даасан дотоод дүрэмтэй механизм, шинэ хүч бий бол­гохыг зорьж байгаа.

-Өөрсдөд нь ашигтай төсөл хөтөлбөр гишүүн бус орнуудад нь хэрэгжлээ гэхэд санхүүжүүлэх сонирхол энэ байгууллагад бий юу?

-Одоогоор дүрмийнхээ дагуу гишүүн орнуудаа эн тэргүүнд тавьж байна л даа. Гишүүн орнуудад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг сан­хүүжүүлэх чиглэлд анхаарч байгаа. Гэхдээ арван жилийн хөгжлийн төлөвлөгөөг баталж гар­гах үед юу яригдахыг хэ­лэхэд эрт.

-БРИКС-ийн гишүүн Орос, Хятад хоёр улсын дунд Мон­гол бий. Хоёр хөршийн дэд бүтцээр холбогдох нэг том гарц нь манай улс. Тэгэ­хээр энэ сонирхлынхоо хү­рээнд дэд бүтэц дээр санхүүжилт хийхийг хүсч мэдэх л юм…?

-БРИКС-ийн улсууд уул­залтынхаа үеэр хэтийн тө­лөвлөгөөгөө боловсруулна. Тэр нь яаж гарах, тэр зарчим, төлөвлөгөөнийх нь хүрээнд манай улс яаж оролцох бо­ломжтой нь тухайн цаг үедээ тодорхой болох байх. Улсын суурь бүтээн байгуулалтыг санхүүжүүлж болох нэг үүс­вэр байхыг үгүйсгэхгүй. Хятадын талаас “и дай, и лүй” буюу нэг бүс, нэг зам гэсэн том стратеги барьж байгаа. Оросын хувьд Евразийн бү­тээн байгуулалтын стратеги гэж бий. Энэ хоёрын тухайд баруунаасаа зүүн тийш, зүү­нээсээ баруун тийшээ уул­заж байгаа цэг нь яалт ч үгүй манай улс. Монголоор дайрсан, хоёр улсыг холбосон том бүтээн байгуулалтын асуудал зайлшгүй гарч ирж байгаа юм. Чухам үүнийг хэр­хэн яаж хийх вэ гэдэг том асуудал болоод байна л даа. Магадгүй нэг боломжит суваг нь энэ байхыг үгүйсгэхгүй. БРИКС-тэй Монгол яаж хол­богдох вэ гэдэг асуудлыг хөндөхөөр ШХАБ-ыг ярихаас аргагүй. Яг энэ өдрүүдэд ОХУ-аас гадна БНХАУ-ын Гадаад харилцааны яамны эдийн засгийн хэлтэс, Хөгжил шинэчлэлтийн хорооноос тө­лөөлөл ирчихсэн манай улсад ажиллаж байна. Гурван талт уулзалт хийж байгаа. БРИКС, ШХАБ-ын уулзалт, энэ үеэр болох Монгол, Орос, Хятад улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хэлэлцэгдэх, яригдах асуудлын бэлтгэл ажлын хүрээнд ирсэн юм. Өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлж, ярьж байна.

-Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр ямар асуудал яригдах бол, эдийн засгийн чигийн яриа хөөрөө өрнөх болов уу?

-ШХАБ-ын хувьд манай улсыг гишүүнээр элсээч гэж байгаа. Энэ асуудлыг сөхөж ярьж таарна. Өнөөгийн хувьд ажиглагч гэсэн статусаа хад­галах нь зөв болов уу гэж харж бай­на. Пакистан, Энэтхэг, Иран гэсэн гурван улсыг ги­шүүнээр элсүүлэх байх. Монгол гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлдэг. Хоёр орны түвшинд тэнцвэртэй бодлого явуулах гэсэн бодлого маань хоёр том хөршийн хувьд эм­зэг асуудал болдог. Гэтэл Хятадын талаас дэвшүүлж буй “нэг зам, нэг бэхлэлт”, Оросын талаас дэвшүүлж байгаа бүтээн байгуулалтын хүрээнд харахаар гурван ул­сыг дамнасан эдийн засгийн том коридор хонгилууд бий болгочихсон. Энэ аварга бүтээн байгуулалтыг яаж өр­нүүлэх, хэр хугацаанд хэрэгжиж дуусах нь ШХАБ-ын гишүүн болох эсэхээс ха­маа­рах юм. Энэ л Монголыг ШХАБ-д элсүүлэх том шахаас болж байгаа. Манайх одоогийн статусаа хадгалаад үлдлээ гэхэд гурван улсыг холбосон энэ том бүтээн байгуулалт яах вэ гэсэн асуудал бий. Шууд ийм тийм, ингэнэ, тэгнэ гэж ярихад хэцүү л дээ. Бид хөгжих ёстой. Орос, Хятадын завсар, гуравдагч улсаас бүрэн хасагдаж, хоёр их хөршөө холбосон хэмжээнд хөгжөөд явах уу гэдэг асуудал бидний өмнө тулгарчихаад байгаа. Өнөө маргаашийн хувьд эдийн засгийн асар их ач холбогдолтой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хожимдоо гарч ирэх асуудал гэж бий.

-Аюулгүй байдал талаа­саа юу?

-Тийм. ШХАБ-ын дүрэм дэх хамгийн том заалт бол гишүүн орнуудтай харилцах харилцаа нэгдүгээрт та­вигд­даг. Гишүүн бус улсуудтай харилцах харилцаа маань хязгаарлагдана гэсэн үг. Аме­рик, Япон, Европын хол­боотой яах вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Тэгэхээр маш тө­вөгтэй, будилантай нөхцөл байдалд ШХАБ-ын уулзалт болох гэж байна. Монголд эрсдэл ч байна, боломж ч бай­гаа. Гэвч манай улс өдий хүртэл баримталж ир­сэн гуравдагч хөршийн бодлогоо хадгалаад явах нь зөв гэж харж байна. ШХАБ-д өнөөдөртөө ажиглагч статусаа хад­галаад үлдэх нь аль ч талаасаа бидэнд хэрэгтэй.

-ШХАБ-ын хэтийн зо­рилго нь тодорхойгүй, эдийн засгийн хамтын ажил­лагаа тал дээр бодитой зүйл ажиглагддаггүй учраас ажиглагч гишүүнээрээ үл­дэхээс аргагүй гэсэн байр суурь бий. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Таны асуултанд ха­риулахын тулд түүх сөхье. 1996 онд Шанхай хотод та­ван орны төрийн тэргүүн нар уулзсан юм. Тэднийг уулз­санаас хойш олон улсын харилцаанд Шанхайн тав гэ­сэн нэр томъёо гарсан л даа. Энгийнээр хэлбэл АНУ юмуу Европ тэргүүтэй дэлхийд бүрэн тоглолт хийж байгаа их гүрнүүдийг зүйл бүрээр сөрж зогсч, өөрсдийн гэсэн өнгө аястай олон талын үйл ажиллагаа явуулдаг механизмыг байгуулах гэсэн сонирхлоор нэгдсэн улсууд. Мэдээж гол гишүүд нь ОХУ, Хятад. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Киргизстан, Казахстан, Тажикстан улсууд бий. Эдгээр таван улс дээр сүүлд Узбек нэмэгдсэн. Ингээд ШХАБ байгуулагдсаныг 2001 онд зарласан байдаг. Хамтарсан тунхагт талууд гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичгийг ШХАБ-ын үйл ажиллагааны гол чиглэл гэж хэлж болно. Үүнийг манай судлаачид гурван изм гэж ярьдаг. ШХАБ гурван измыг сөрсөн үйл ажиллагаа явуулна гэдэг. Терроризм, хэт даврах буюу экстринизм, салан тусгаарлах буюу себатризмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж онцолдог. Энэ байгууллагын бүтэц зургийг харахаар Монгол яах аргагүй салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь. Ажиглагч гишүүдийнх нь нэг. Уулзалт арга хэмжээ болохо зочноор оролцдог улсууд гэж бий. Яриа хэлэлцээрийн түншлэл гэж байгаа. Ийм үндсэн дөрвөн шатлалын субьектээс бүрдсэн, нийтдээ 18 улс бүс нутгийг хамарсан байгууллага. Таны хэлсэнчлэн ШХАБ-ын хэтийн зорилго, үйл ажиллагаа тодорхойгүй гэж манай улс хардаг. Измүүдийн эсрэг гэж ярьдаг ч эдийн засгийн хамтын ажиллагаа гэдэг зүйл бодитой харагддаггүй гэдэг нь үнэн. ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, төвлөгөө, чиг нь тодорхой болбол манай улсын байр суурь өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Эр зориг гарган дүрэлзсэн галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтохын тухай

Дүрэлзэн асч буй галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүгийн биеийн
байдал тааруу байна. Түүний биеийн 80 гаруй хувь түлэгджээ. ГССҮТ-ийн эмч нар “Биеийнх
нь 80 гаруй хувь нь түлэгдсэн хүний амь насыг аварна гэдэг хэцүү. Эмнэлгийн зүгээс
шаардлагатай бүх эмчилгээг хийж байна. Одоо А.Цэрэнтогтохын биеийн байдлаас бүх
зүйл хамаарна” гэж ар гэрийнхэнд нь хэлжээ. А.Цэрэнтогтох хүүгийн биеийг битүү марлаар
ороосон гэнэ. Түлэгдсэн шархнаасаа болоод халуурч, өвдөлтөө тэсвэрлэх гэж шүд зуун
эмнэлгийн орон дээр өвчинтэй, үхэлтэй тэмцэлдэн хэвтэж байна. Харин найман сартай
А.Амарболд хүүгийн биеийн байдал сайжирч байгаа гэнэ. Нүүр, гар нь галд хайрагдаж,
түлэгдсэн ч эмчилгээний үр дүнд хавдар нь буурч эхэлсэн байна.

Дунд сургуулийн сурагч,
16 настай А.Цэрэнтогтох хүү дүрэлзэн асч, халуунаар цоргих галаас дүүгээ хэрхэн
аварсан талаар хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт буюу зургаадугаар
сарын 10-ны өглөө аав, ээж хоёр нь ажилдаа явжээ. А.Цэрэнтогтох дүү найман сартай
А.Амарболдыгоо хараад гэртээ үлджээ. Сургууль нь амарсан болохоор дүүгээ харж, ээж
нь ажилд орсон байна. Арван таван жил айлын ганц хүү байсан болохоор А.Цэрэнтогтох
дүүдээ их хайртай гэнэ. Өдөржин дүүгээ харж, хоол унд хийж өгч, гадаа салхинд гаргажээ.
Дүүгийнх нь унтах цаг болж, тэд хамт гэрийнхээ баруун талын орон дээр унтсан байна.
Үргэлж ээжийнхээ гар дээр бүүвэйлүүлж унтдаг дүү нь унтах гэж нойрмоглон уйлжээ.
А.Цэрэнтогтох дүүгээ бүүвэйлсээр унтуулсан байна. Мөн хажуугаар нь хэвтэж байгаад
дуг хийчихжээ. Гэтэл гэнэт тэнгэр дуугарч байгаа юм шиг дуу гарч, гэрийнх нь зүүн
талаас улаан гал дүрэлзэн ассан байна. Дээгүүрээ хувцасгүй, биеийн тамирын өмдтэй
хэвтэж байсан хүү ямар нэгэн зүйл дэлбэрэх дуу, улаан галыг хараад өөрийн мэдэлгүй
гэрээсээ гараад гүйжээ. Нэг мэдсэн хажуу айлынхаа эгчид “Манайд гал гараад байна.
Одоо яах вэ” гэж хэлж байсан гэнэ. Хамар хашааных нь эмэгтэй гэр лүү нь хартал,
тооноор нь улаан гал дүрэлзэж харагдсан байна.
Тэгээд “Дүү чинь хаана байгаа юм бэ” гэж асуусан гэнэ. Энэ үед гэрийнхээ баруун
орон дээр дээрээс нь нимгэн хөнжил нөмөргөж унтуулснаа санаж А.Цэрэнтогтох гэр лүүгээ
гүйжээ. Гал гарах үед ойролцоо явж байсан
хүмүүс ч энэ үед ирж таарсан байна.

А.Цэрэнтогтох гэрийнхээ хаалгыг онгойлготол өөдөөс нь улаан гал тургиж, гэрийнх нь зүүн урд талын тооно дотогшоо цөмөрчээ.
А.Цэрэнтогтох “Дүүгийн чангаар уйлах дуу
сонсогдсон. Дууг нь сонсоод л шууд орсон”
гэж ээж, аавдаа ярьсан байна лээ. Дээгүүрээ цээж нүцгэн, хөл нүцгэн чигтээ
улаан гал руу оржээ. Дүү нь баруун орон дээрээ уйлчихсан сууж байсан гэнэ. Дүүгээ
аваад хаалга руу эргэтэл дээрээс нь гэр нь пирхийтэл буугаад ирсэн байна. Арайхийн
шатаж буй унь, тоонын модыг гараараа зайлчилсаар галаас холдсон байна. Энгэртээ
тэвэрсэн дүүгийнх нь нүүр, гар нь түлэгдсэн ч гэсэн эсэн мэнд байгааг харсан байна.
Тэр үед дүүгийнхээ амийг аварсандаа баярласан ч хэвтсэн газраасаа дахиж өндийж чадаагүй
аж. Үүнээс хойших үйл явдлыг А.Цэрэнтогтох хүү санахгүй байгаа юм билээ.

А.Цэрэнтогтохыг эмнэлэгт очиход өмсөж байсан биеийн тамирын өмд нь
гуя, цавь, шуу гээд хөлд нь тэр чигтээ наалдчихсан байсан гэнэ. Түүний өмд хуванцар
сав шатаад умайчихсан юм шиг л болсон байжээ. Эмч нар биед нь наалдсан өмдийг арай
гэж салгаж авсан байна лээ. Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн X ангийн сурагч
А.Цэрэнтогтох ингэж л эр зориг гарган, хүн орох нь битгий хэл 20 гаруй метр зайтай
хол зогсох хүмүүсийн нүүр халуу оргиод ойртож чадахгүй байсан гал дундаас дүүгээ
авч гарч иржээ. 16 настай хүүхэд байтугай, нас биед хүрсэн хүмүүс ч гал дүрэлзэж гэр, байшин руу орж, гэр бүлийнхээ хүн, хүүхдүүдээ аварч чадалгүй
амь насыг нь алдсан эмгэнэлт гашуун түүх олон бий.

ГАЛ ЮУНААС БОЛЖ ГАРАВ

Галд түлэгдсэн хоёр хүүгийн аав Б.Амарбат, ээж М.Болортуяа нар өнгөрсөн
жил Налайх дүүрэгт хашаа худалдан авч, суурьших болжээ. Өнгөрсөн жил М.Болортуяа
амаржих дөхсөн учир пиццаныхаа компаниас жирэмсний амралт авч, хоёр жилийн чөлөө
авсан байна. Харин Б.Амарбат ШӨХТГ-т жолоочоор ажилладаг байна. Тэд амьдарч буй
хороо­ноосоо төслийн шугамаар зах зээлийн үнээс хямд үнээр “Дашваанжил” компанийн
ахуйн хийгээр ажилладаг плитка худалдан авсан
аж. Гал гардаг өдөр Налайх дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгд­сэн учир хоол, цай
хийхээр “Дашваанжил” компа­ниас газ худалдаж авсан байна. Гэхдээ аав, ээж хоёр нь
ажилдаа явахдаа плиткатай хийн зуухаа цахилгаанд холбоогүй аж. Гал юунаас болж гарсныг
шинжээчид хараахан тогтоогоогүй байгаа юм байна. Гэхдээ урьдчилсан байдлаар цахилгааны
ямар нэг гэмтлээс болж гал гараад баллонтой хийнд авалцаж, дэлбэрсэн байж магадгүй
гэсэн таамаг байгаа гэнэ.

“ЭМ ТАРИА, ТОСОН ТҮРХЛЭГ ЗЭРЭГТ МӨНГӨ ТӨГРӨГ ИХ
ХЭРЭГ БОЛОХ ЮМ”

А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын биеийн байдал ямар байгаа талаар
ээж М.Болортуяагаас асуулаа.

-Хүүхдүүдийн тань биеийн байдал ямар байна вэ. А.Цэрэнтогтох мэс
засалд орсон гэсэн үү?

-Бага хүүгийн маань биеийн байдал гайгүй байна. Нүүр, зүүн гар нь
түлэгдсэн. Хавдар нь буураад арай дээр болж
байна. Том хүү уржигдар арьс нөхөх хагалгаанд орсон. Мэс засал амжилттай болсон. Эхлээд гүн түлэгдсэн
баруун гар, зүүн хөлөнд нь хагалгаа хийсэн. Эмч нар 80 хувийн түлэгдэлтийг
50 хувийн түлэгдэлттэй болгочих юм бол амь нас нь аюулгүй гэж хэлсэн. Биеийн байдал
нь сайжраасай гэж залбираад л сууж байна.

-Эмчилгээнд шаард­лагатай эм тариаг гаднаас худалдаж авч байгаа
гэсэн үү?

-Эмнэлгийн зүгээс манай хоёр
хүүхдэд байгаа бүх эм тариа, боолт зэргийг
хийж байгаа. Гэвч эмнэлэгт байхгүй эм тариа, тосон түрхлэг гээд маш олон зүйл худалдаж
авч байна. Гэр орон маань юу ч үгүй шатчихсан. Бид нар өмссөн хувцастайгаа үлдсэн.
Дансандаа мөнгө төгрөг хурааж чадаагүй болохоор эмчилгээний зардалд шаардлагатай
мөнгө төгрөг их хэрэг болох юм. Ах, дүү хамаатан, садан чадах чинээгээрээ тусалж
байгаа ч хүрэхгүй юм. Өвчиндөө шаналан хэвтэж байгаа хүүхдэд минь сайхан сэтгэлт
хүмүүс та бүхэн тусламжийн гараа сунгаасай гэж хүсч байна гэв.

А.Цэрэнтогтох сур­гуулийнхаа
шилдэг сурагч гэнэ. Өмнө нь сурч байсан 105 дугаар сургуульдаа мөн л шилдэг сурагч
болж байсан сурлага, спорт гээд бүхий л талаар бусдыгаа хошуучилдаг сурагч аж. Амьдралыг гэгээн цагаанаар харж, өөрийнхөө ирээдүйн
амьдралыг сайн сайхнаар бодож, мөрөөдөж явсан эр зоригтой хүүгийн биеийн байдал
тааруу байна.

Хоёр хүүд туслах хандивын аяныг нагац эгч нь өрнүүлж, данс нээжээ.
Туслахыг хүссэн хүмүүс дараахь утсаар холбогдох боломжтой.

Утасны дугаар: 95955055 Дансны дугаар:

Хаан банк 5018042275 Данс эзэмшигч: Мягмар Дэлгэрмаа

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Чинзориг начинтай “а”, жүжигчин Ариунбямбатай “б”-гийнхэн

“Содура”-гийн Мажыр, “Ану хатан”-ы Данжила баатар, “Ларьдма”-гийн архичин нөхөр, “Ар хударга”-ын мафийн толгойлогч гээд тоглосон кино бүртээ тэс өөр төрхийг харуулж чаддаг С.Ариунбямбатай хамт наймдугаар анги төгссөн охид, хөвгүүд өнөөдөр уулзана. Найм төгссөний 20 жилийнх нь ой гэнэ. Тэд одоогоос 23 жилийн өмнө Дундговийн гуравдугаар арван жилийн тавдугаар ангид анх удаа уулзжээ. Тэр жил аймагт нь гуравдугаар арван жил гэж анх байгуулагдаж, аймгийн төв хэсгийн орон сууцны, “Боржигон” гэр хорооллын эхний таван гудамжны хүүхдүүдийг автоматаар энэ сургууль руу шилжүүлсэн гэнэ. Биенээ танихгүй жаалууд “а” , “б” бүлэгт хуваагдаж ороод сүүлд арваа нэг анги болж төгсчээ.Тэгээд л “а”, “б”-гээрээ уулзъя гэцгээж. Ингэж уулзах санааг “б”-гийн Цэрэнжаргал, Уянгаа хоёр гаргажээ.

ТООС БУЖИГНАСАН ТАНХИМ, “ВЕСНА”-ТАЙ ДИСКО

“А”-гийнхан ч улсдаа танигдсан алдартантай. Улсын начин Чинзориг эдний ангийнх. Чинзориг начин багадаа зүггүй нь дэндсэн хүү байжээ. Ер нь “а”-гийнхан зүггүй дэггүйгээрээ, “б”-гийнхэн даруу төлөвөөрөө ялгардаг байж. Ямар сайндаа л “А”-г зургадугаар ангиас нь дааж авсан Ч.Багабайгаль багш “Би тэр үед дөнгөж төгссөн шинэхэн багш байлаа. Сургуулийн удирдлага хэцүү анги өглөө шүү л гэж байна. Завсарлагаанаар сэмхэн ажигласан чинь манай хэд жинхэнэ баллаж байна аа. Хөвгүүд нь ширээн дээгүүр сармагчин шиг харайлдаад. Анги бөөн тоос” гэж ярихав.

Ширээ дамждагуудын нэг нь Чинзориг Багабайгаль багш шавиа “Манай Чинзориг их шооч, хөгжилтэй, цагаахан, сахилгагүй хүү байсан юм. Хэзээний л спортод дуртай. Хөдөөний малчин айлын бие бялдар сайтай хүү байлаа. Одоо эх орондоо нэртэй, олноо баясгасан сайхан бөх болсон. Даруу төлөв, архи дарс уудаггүй их мундаг хүн болсонд нь шавиараа бахархдаг” гэж магтаж байна. Байгаль багш нэг удаа начинтай уулзаад бахархаж байгаагаа хэлэхэд “Намайг гуравхан зүйл хүмүүжүүлсэн. Нэг нь та, хоёр дахь нь цэрэг, гурав дахь нь спорт” гээд хөгжилтэй инээжээ.

Багабайгаль багш ан­гийнхаа хэн нэгийг алдаа гаргахад бүгдийг нь сандал өргүүлээд зогсоочихдог байж. “Яг тэр үедээ бол хэрэг тарьсан хүүхдүүддээ уурладаг байсан л даа. Гэхдээ тэрний хүчинд л бид нийтэч, биенээ гэсэн сэтгэлтэй болсон байх” гэж ангийн дарга Алтанцэцэг багшийнхаа шийтгэлийг зөвтгөв. Ангийнхан хоорондоо амь гэдэг нь ярианаас нь л илт. “А”-гийнхан гэр гэрээсээ хоол унд авчирч ширээ засаад Баярбаатарын авчирсан улаан өнгийн “Весна” гэдэг кассетны хөгжмийг тавьж байгаад дискоддог байж. Монголоосоо “Хар сарнай”, гадаадаас “Доктор Албан”, “Эм си Хамер”-ыг тавьж байгаад авч өгдөг байсныг нь Багабайгаль багш сонсоод нүдээ том болгож байна.

Хичээл тарсан хойгуур сургуулийн жижүүрээ “панаалдаж” ороод бу­жиг­нуулдаг албан бус “арга хэмжээ”-нийх нь нэг байсан бололтой. Зарим дискон дээр охид нь хөвгүүддээ заавал сурах арван бүжиг заана. Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөн, Гурван тамир, полько гээд ангидаа тоос таттал бүжиглэдэг байснаа их л хөгжилтэйгөөр ярьцгаана. “А”-гийнхан байсгээд л оройхон ангидаа цуглаж сүнс дууддаг байснаа ярьж инээлдэв. Чингис хаанаас эхлээд Нацагдорж хүртэл бүх л мундагуудын “сүнсийг дууддаг” байж. Шалгалт дөхөхөөр нөгөө “сүнс”-нүүдээсээ ямар билет таарахыг асуугаад суучихдаг гэж байгаа. Багабайгаль багш тэднийг долдугаар ангид байхад нь хот руу шилжиж, С.Нэргүй гэдэг багш дааж авч байжээ. Өнөөдөр болох уулзалтад хоёр багш нь хамт ирнэ гэсэн. Ч.Багабайгаль багш өдгөө гоц авьяастны 93-т газар зүй заадаг. Харин Ө.Түвшинтөгс багш 51 дүгээр сургуульд математикийн хичээл ордог юм байна. “Б”-гийн Түвшинтөгс багш “Тэр үед их залуу байжээ. Хичээл тарахаар суулгаж хичээлийг нь давтуулна. Өглөө эрт ирж давтлага өгнө. Манай ангийнханд тоглож наадах цаг зав гардаггүй байсан байхаа” гэж хэлээд инээмсэглэв.

“ХАР САРНАЙ”-ГААС ДУТАХГҮЙ “ХАР СҮҮДЭР”

“Б”-гийн Ө.Түвшинтөгс багш сүүлд “а”, “б”-гийнхныг нэг анги болж арав төгсөхөд нь анги даасан багш нь байжээ. С.Ариунбямба жүжигчнийг “Авьяаслаг хүү байсан. Урлагийн үзлэг болохоор гол ажлыг Ариунбямба л хийнэ. Аав нь гавьяат жүжигчин Сүхээ гэж мундаг хүн байсан юм. Театрт ажиллана. Ээж нь хөгжимчин. Урлагийн ямар ч арга хэмжээнд манай ангийнхан нүүр улайхгүй. Театраас хувцас хэрэглэл авчирчихна. Баримал барихдаа уран гэж яана. Хуруун чинээ хүнийг урласан байсныг нь мартдаггүй юм. Тийм жаахан баримлын гутал нь ямар жижиг байх билээ. Тэгээд бас 32 угалзтай монгол гутал. Хээ бүр нь нарийн харагдахаар хийснийг нь хараад толгой сэгсэрч байсан шүү” гэж ирээд ярьж байна. Нөгөө бүлгийнх нь Ч.Байгаль багш ч дуугүй суусангүй. “Дүрслэх урлагийн хичээл дээр баримлынх нь үзэсгэлэн гарахад үнэхээр би­­­­ширсэн. Чингисийн морьтон баат­руудыг баримлыг шавраар урласан байсан юм. Шар үнэгэн малгайных нь хар сор ялгарч харагдаад, үнэхээр гайхалтай. Одоо бодоод байх нь ээ гоц авьяастай хүү байж. Тэр үед авьяасыг нь хөгжүүлээд явсан бол мундаг уран барималч болох байж дээ гэж боддог юм” гэж дурсамж сөхлөө. “А”-гийн Алтанцэцэг хажуунаас “Ариунбямба баримлаа сэргээгээд эхэлсэн. Саяхан фэйсбүүктээ сүүлд хийсэн баримлынхаа зургийг оруулсан харагдсан. Хүмүүс их гоё болж гэж үнэлсэн байна лээ” гэж сонирхуулав. Бүр баримлынх нь зургийг харууллаа. Авьяаслаг ба­рималч байсныг нь илтгэхээр сүртэй бүтээл санагдав. “А”, “Б”-гийнхныг долоо, наймд сурч байхад “Хар сарнай” хамтлаг ид шуугиулж байж. Ариунбямба ч аймагтаа “Хар сарнай”-гаас дутахгүй шуугиулж явсныг ангийнхнаас нь сонсов. Амараа, Маадай хоёрын стилээр дуулж бүжиглэдэг “Хар сүүдэр” хамтлаг” бай­гуулж, аймагтаа хүүхдийн анхны тайлан тоглолт хийж мандаж явжээ.

Сониноос аймгийн сур­­­­гуулиудыг хамарсан жүжгийн тэмцээнд “а”, “б”-гээрээ нийлээд орж байж. С.Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжгийг тоглож байжээ. Гэхдээ гол дүрд нь Ариунбямба биш Түмэнжаргал тоглосон гэнэ. Одоо “ТОМ консалтинг” компанийн гүйцэтгэх за­хирлаар ажилладаг Түмээ “Би Ариунбямбатай хааяа уулзахаараа тэр жүжигт яагаад чи биш би тоглосон юм бол гэж хошигнодог юм” гээд хөгжилтэй инээв. “Харанхуй засаг” жүжигт Баярбаатар аавын дүрийг бүтээсэн бол Өнөрөө ээжийн дүрийг бүтээжээ. Ямартай ч хоёр анги амь нэгтэйгээр жүжигт тоглож, аймагтаа тэргүүлж байж.

Алтанцэцэг “Тэр үед чинь хот хөдөөгийн хүүхдүүдийн ялгаа их байсан юм. Манай ангид хотоос нэг хүү шилжиж ирлээ. Орос формтой цав цагаан хүү. Яг тэр үед хойд Солонгосын кино их гардаг байлаа. “Тушаал номер 27”, “Эхийн сэтгэл” гээд. Баярааг анх хараад, хөөх солонгос кинонд гардаг хүүхдүүдтэй ямар адилхан юм бэ гэж бодсоноо мартдаггүй юм” гэж бөөн инээдэм болов. Тэдний чөлөөт цагаараа хийдэг зүйлсийн нэг нь спорт зааланд болдог нийтийн бүжиг. Аймгийн бүх л ахлах ангийнхан нийлж байгаад бүжиглэдэг байж.

Тэр үед намар хичээл эхлэнгүүт спартакиад гэж болдог байсныг “а”, “б”-гийнхэн дурсацгаав. 100, 400 метрийн гүйлт, уртын харайлт, бөөрөнцөг, зээрэнцэг шидэх гэсэн спортын төрлүүдтэй энэ арга хэмжээнд анги ангиараа хичээж бэлдээд ордог байжээ. “А”-гаас гэхэд л спортоор Баттунгалаг, Төгс, Золзаяа нар мундаг нь байсан гэнэ.

ХРОМЫГ КОВБОЙ БОЛГОСОН ХӨВГҮҮД, ХЯТАД ШААХАЙГААР ГАНГАРСАН ОХИД

Тэр үеийнхний гоёо ямар байсныг “а”, “б”-гийнхэн ам булаалдан ярьцгаав. “А”-гийн Ариунбямба, Алтаншагай, Нямка, Содко нар гэхэд л моодонд орж байсан ковбойгоор гангардаг байж. Гэхдээ жинхэнийг нь биш. Хромон гутлыг хоёр хажуугаас нь дарж махийлгаад яг ковбой хэлбэрийн болгоод өмсчихдөг байж. Бас болоогүй ээ, урдаа төмөр тоноглолтой. “Төмөр тоноглолоо молоконы лаазаар л хийсэн байх” гэж Алтанцэцэг таамаглав. Тэр үед хичээл дээр формоос өөр хувцас өмсдөггүй байсан болохоор охид гутлаараа гангарах л боломжтой. Хятад хамба хилэн шаахайтай охин бол хамгийн ганган нь байж. Эхлээд өмсч ирсэн охин нь Өнөрөө гэнэ. Ангийнх нь Отгонбаяр бүр сүүлд “Өнөрөө шиг гуталтай охин тэр үед байгаагүй л юмдаг. Бараг өөрт нь биш гутланд нь дурласан байх аа” гэж ангийнхнаа хөгжөөж байжээ.

Хөвгүүдийн бас нэг гоёо нь пирамид гэсэн нэртэй өргөн жинс. Өргөн өмд олоогүй нь өмдөө задалж байгаад албаар өргөн болгож өмсдөг байж. Охид хөвгүүд чөлөөт цагаараа “Талын туяа” театрт гурван цагаас гардаг кинонуудыг үзнэ. Хойд Солонгосын киноноос гадна Энэтхэг кино их гардаг байжээ. Тэр үеийн охидын хобби нь чихэр, шоколадны цаас цуглуулах. Мөнгөлөг цаасыг тусад нь цуглуулж байгаад сүлжиж элдэв гоёл хийдэг байснаа ярьцгаав. За тэгээд марк, ил захидал, “дональд” бохьны наадаг зураг гээд өчнөөн юм цуглуулж хадгалдаг байжээ. “А”-гийн Энхээ “Тэр үед хадгалж байсан марк, доналд бохьны цуврал зураг одоо ч байгаа” гэж ярианд оролцов. Дурсамжийн дэвтэр аялуулдаг байснаа баахан ярив. Сониноос ихэнх охидын дурсгалын дэвтэрт хөвгүүдийн нэр байдаггүй гэнэ. “Ичимхий байжээ” гэж охид өөрсдийгөө тодорхойлно лээ.

“А”-гийн Багабайгаль багш “Манай ангийн хөвгүүд бараг бүгдээрээ удирдах зохион байгуулах авьяастай мундаг хүмүүс болжээ. Данзанноров хуулийн фирмтэй. Баярбаатар гэхэд “Өдрийн сонин”-ы албаны дарга, Эрдэнэбат “Скайтель” компанийн гол инженер, Чинзориг, Цолмон,Содномжамц гээд бүгдээрээ мундаг амьдарч байна. Зүтгэл сэтгэл байвал мундаг амьдардгийн л тод жишээ юм даа“ гэж байна. Сүүлийн үеийн хүүхдүүд компанийн захирал, дарга болно гэж мөрөөдөх болсонд эмзэглэж явдгаа ч нуусангүй. Хүүхдүүд баялаг бүтээх мэргэжил сонирхвол улс хөгжинө гэсэн санаа нь содон дуулдав. Багабайгаль багшийгаа газар зүйн хи­чээлийг хачин гоё заадаг гээд шавь нар нь ам сайтай юм. “А”-гийн Өнөрөө гэхэд л багшийнхаа заадаг гоё хичээлийн амтанд орж аялал жуулчлалын ангид элсчээ. Одоо аяллын компани, ресторантай мундаг бизнесмэн гэнэ. Ноднин багштайгаа уулзаж баярласнаа хэлжээ.

Манай сонины редакцид цугласан Түмээ, Алтанцэцэг, Энхээ гурав хоёр багштайгаа нийлж байгаад ангийнхныхаа тухай баахан ярив. “Б”-гийн С.Буджав Дундговь аймгийн ИТХ-ын дарга болсон гэнэ. Жижигхэн биетэй, хөдөлмөрч, хөдөлгөөнтэй гэж жигтэйхэн хүү байж. Түвшинтөгс багш нь “Барьж авах гэхээр үсрээд алга болчихно. Одоо бол өндөр сайхан залуу болсон” гэж байна. Түмээ нэг онигоо ярилаа. “Б”-гийн ангийн дарга Батбаатар өндөр болохоороо том ангийн ах нар шиг харагддаг байж.

Ангийнхан дундаа “аав” гэсэн хочтой. Нэг жилийн цагаан сараар Батбаатар, Буджав хоёр ангийнхаа Есөнчимэгийнд очиж л дээ. Ангийн охиных нь ээж Батбаатарт архи өгч тамхи бэлэглээд Буджавыг ундаагаар дайлж, амны алчуур бэлэглэжээ. Сүүлд охиноосоо учрыг нь мэдээд гайхсныг бодоход эрс тэс ялгаатай нөхөд л орсон бололтой юм. Аймагт болсон анхны реп бүжгийн тэмцээнд урлагаараа манлайлдаг “а”-гийн Цолмон орж тэргүүн байр эзэлж байж. Алтанцэцэг, Энхээ хоёрыг ангийнх нь багш онц сурлагатай мундаг охид байсан гэж магтав. “А”-гийн Нарантуяа Англид олон жил ажиллаж байгаад иржээ. “А”-гийн бас нэг мундаг залуу нь хурандаа Нямбат. Нямбат Алтанцэцэг, Энхээ хоёртой их найз байж. Аав нь эмэгтэйчүүдийн эмч болохоор нөгөө хоёртоо эмэгтэй хүн ийм тийм байх ёстой гэж ирээд “том хүний” сэдвээр хачин сонирхолтой зүйл ярьдаг байсан гэнэ.

“А”-гийн ардын дууг хан­гинатал дуулдаг Мөнхбатыг багш нь “Их хөөрхөн хүү байсан. Алиалагч Батсүхтэй адилхан гэж яана. Урлагийн үзлэгийн гол хүн” хэмээн магтав. “Б”-гийн Түвшинтөгс багш хажуунаас “Манайд бол Хонгороо урлагтаа мундаг байлаа. Хэд хэдэн хөгжим тоглодог авьяастай охин байсан” гэж байна.

ВАЛЬС ЭРГЭЖ, ШОГШОО ХИЙСЭН ХОНХНЫ БАЯР

“А”, “б”-гийнхэн багш олонтой юм. Баттунгалаг, Мөнхбат гэж ирээд өчнөөн нэр хэллээ. Тэр үед хонхны баяр гэж одоогийнх шиг сүйд болдоггүй байж. Хонхоо зүүж, дурсамж хичээлдээ сууж, зургаа татуулаад аймгийнхаа Хар овоон дээр алхаж очно. Орой тийшээ спорт зааландаа вальс эргэж, шогшоо хийгээд л хонхны баярын арга хэм­жээ гүйцээ. Харин төгссөн жилийнхээ өвөл нь “Сургууль төгсөгчдийн уламжлалт сүлд модны наадам” гэж хийдэг байжээ.

Бас болоогүй ээ, тэр ар­га хэмжээгээ СТУСМН гэж товчлоод нэрлэчихсэн. Энэ үедээ л зад баярладаг байж. Зад баярлана гэдэг нь чимж гоёсон зааланд дуулж, хуурдаж, өвлийн өвөөгөөс бэлэг авах. “А”, “б”-гийнхэн гэж ялгахгүй нийлж дүрсгүйтсэн тухайгаа ярьцгааж байна. Хонгороо Уянгаа Ундармаа Мөнхжаргал Баярцэнгэл дөрөв бол “Б”-гийн ХУУМБ. Нэрнийх нь товчлолоор ингэж дууддаг байж. Өнөө дөрвөө “а”-гийн дөрвөн хүүтэй үерхэх ёстой гээд найзлуулж хөглөж байснаа ярьж инээлдэв. “А”-гийн дөрвийг бас товчилсон үсгээр дууддаг байсан гэнэ. “А”, “б”-гийхний уулзахдаа ярихгүй өнгөрч чаддаггүй дүрсгүйтлийнх нь нэг аж.

Наймдугаар анги төгс­сөний хорин жилийн ойн уулзалтад “А”-гийн гурван хүүхэд албан ёсоор чөлөө хүсчээ. Багшийн мэргэжилтэй Энхцэцэг элсэлтийн ерөнхий шалгалтын үе таарсан тул Хэнтий аймаг руу томилолтоор явжээ. Цэцэрлэгийн багш Мөнхдэлгэр Орос руу бай­гууллагаараа аялалд яв­сан гэнэ. Дундговийн онцгой байдлын хэлтэст ажилладаг Одбаяр Таван толгойд бэлт­гэлд гарчээ.

Энхийг сахиулахаар явах гэж байгаа аж. Найм төгссөнөөс хойш уул­заагүй, хөдөө амьдардаг Сайхантуяа, Чулуунсүрэн, Энхтунгалагт урилга өгсөн ч ирж амжихгүйгээ дуулгажээ. Харин Уламбаатарыгаа иргэний бүртгэлийн шугамаар хайлгаад ч олоогүй гэнэ. Алтанцэцэг “Овгийг чинь мэдэхгүй болохоор олоход хэцүү байна. Сонин уншвал холбогдоорой” гэсэн үгийг ангийнхаа хүүд дайсан.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ улс-төр цаг-үе

“Хар юмнаасаа” болж төрхөмдөө гүйсэн хүүхэн шиг Хаянхярваад шаралхсан эмэгтэй гишүүд хурлаа хаялаа

Монголын хөдөөд зун бүр л залуу хосууд битгий хэл нас тогтож намба суусан эхнэр нөхрийн дунд тохиолддог нэг явдал бий. Ид ажлын үеэр хосууд муудалцаж эхнэр нь авчирсан инжээ чирэн төрхөм рүүгээ гүйдэг дээ. Ингээд хот айл эзэнгүй шахам үлдэж эл хуль оргин зуны дэлгэр цагт тэднийх л хэд хоногийг дүнсгэрээс дүнсгэр өнгөрүүлдэг. Хавь ойрын ахан дүүс бууж мордоход аяга цай, тавагтай идээ дөхүүлэх хүнгүй, ээзгий, ааруул нь шувууны сангастай холилдож, охь нэрмэлийн сав хоосорч, айраг цэгээний бүлэлт муудаад амны зугаа болдог тал бий. Хот нь, хонины унгасаар дүүрч, үнээ тугал нь нийлж, сүү нь ихэдсэн хурга, ишиг чацга алдаж ажил цалгардаад таван ханатад багтаад байсан амьдрал талын нэг тардгийг хүн бүр мэдэх.

Хонхорын хөгшид “Яагаад явчихаав дээ, юунаас болж салж сарнихдаа тулаа вэ. Хөөрхий” гэж хаа нэг асууж лавлана. Явахаас ч аргагүй байдалд орсон яриа энэ үеэр сонстдог. Нөхөр нь гэж нэг панзчин хар юм гадуур гавихгүй наймаа хөөж гөлөгний чив шиг чулуун соруултай мод толгой олж ирчихээд түүнийгээ “Гаанс авчихлаа” гэж орсон, гарсанд гайхуулж сайрхан, салбагнасан байдаг. Наймаанд одгүй шигээ морь уяна. Уяад хурдалдаггүй нь гаажтай. Наадам болгон руу морио хөтөлж хүүгээ дагуулна. Ингээд л эх, үр хоёрын нулимсыг барна. “Эр хүн хө” гэж хүүгээ хөөргөж байгаад эмнэг шахам адгуусны нуруун дээр дарцаглуулж хатаана. Хүүгээ амьд ирээсэй гэсэн эхийн сэтгэл гансарч шар махтайгаа хатна. Шөнө нойргүй хоносон эх хүүгээ уралдаад түрүүлснийг сонсвол амьдралаа бүр ч үзэн ядна. Хүү нь түрүүлсэн бол морь нь хурдан гэсэн үг. Үүнд урамшсан эр тэр зундаа л гэрийн бараа харна гэж байхгүй. Тэр хэрээрээ хүүгийн амь хүлгийн нуруун дээр дэнжигнэнэ. Тэгээд болоогүй уяад хурдалдаггүй адсагаа авсан гаансныхаа өрөнд өгөлгүй амьжиргаа залгуулдаг сүүний ганц үнээгээ зүсэлж гэргийгээ давчдуулна. Энэ бүхнийг тэвчиж чадаагүй эхнэр хүн хөнжил, гудас, хэдэн тэрлэгээ морин тэрэг дээрээ ачаалаад төрхөмдөө очдог нь тэр. Жилийн жилд нөхөр нь ийнхүү савсагнаж эхнэр нь сурсан зангаараа хамаг ажлаа хаяад харьж, туньдаг нь энэ.

Монголын хөдөөд биш Монголын парламентад энэ үзэгдэл тавигдаж асуудал хурцадлаа. Сонгууль дөхөөд ч тэр үү эрэгтэй гишүүд дээрэлхэж бялхалзаад эмэгтэйчүүд нь харин гомдож туниад Төрийн ордонд сүйд болцгоож байна. Манай хэдэн эмэгтэй гишүүд амины ганц үнээгээ арчлах лугаа “Хүүхэд асрах үйлчилгээний тухай хуулийг батална. Эх, хүүхдийн ирээдүйн сайн сайхны баталгааг хангана” хэмээн ам тангаргаа өгсөөр энэ парламентийг элээж байгаа. Тэдний сүүлийн гурван жил ярьсан, араас нь хөөцөлдсөн ганц ажил болох энэ чухал хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн юм, уг нь. Гэтэл тэд чуулганы хуралдаанд суухаа больжээ.

Ийм эгзэгтэй үед эмэгтэй гишүүд яагаад төрхөмөө санагалзаж, чуулганыг орхив гэдгийг лавлахад гол нь “муусайн” эрэгтэй гишүүд “Бид хуулийг чинь дэмжихгүй. Та нар дураараа бол” гэсэн байна. Бүр завсарлага авч савсагнасан байх юм, МАН. Дээр дурдсанчлан өрөндөө морио өгөхгүй үнээгээ өгнө гэгчээр Д.Хаянхярваа гишүүн “Хүүхэд харах үйлчилгээнд өгөх 60 тэрбум төгрөг чинь хаа байна. Төсөв бүрдэхгүй хүнд, эдийн засаг эргэлтгүй муу байна. Улс орноо боддоггүй яачихсан улс вэ” гэж хүүхдийн асуудлыг хойш тавьж зад загнан өрхийн тэргүүний зангараг заажээ.Ийнхүү “Хар юмнаасаа” болж төрхөмдөө гүйсэн хүүхэн шиг Хаянхярваа гишүүнд шаралхсан эмэгтэй гишүүд хурлаа хаялаа. “Ширээн дээр тавихаар шороон дээр унав” гэдэг шиг асуудал үүсчихээд байхад эмэгтэй гишүүдийн тэвчээр алдарч чуулганы хурлыг орхих нь бүү хэл тойрог хэмээх төрхөмдөө гүйж очин гоморхсон ч багадах биз. Ингэж л хөдөө айлын эхнэр хөнжил, гудсаа баглаад явчихсан юм шиг Их хурлын чуулганы хуралдаан эл хуль хэд хонох янзтай байна.

Уг нь асуудлыг нарийн ярих дээрээ тулбал 60 тэрбум төгрөг гэдэг наадмын үеэр урьж авчрах гээд байгаа гадны, хэлийг нь мэдэхгүй нүцгэн шахам дуучны хоногт олдог мөнгөнд ч дүйхээ больсон цаг. Энэ зэргийн мөнгө Монголын төрд байж л байгаа. Ийм хэмжээний мөнгийг босгоё гэвэл босгож чаддагийг Их хурлын ги­шүү­дийн гаргасан олон ч шийдвэрээс харж бол­но. Уг мөнгийг өөр зүйлд зар­цуулахаар болж хэрхэн хуваах вэ гэдгийг ярьсан бол эрэгтэй гишүүд жинхэнэ панзчины араншингаа гаргаж яаравчлан хэлэлцээд эхэлдгийг олон түмэн өдөр бүр л харж байдаг.

Харин эмэгтэй гишүүд шийд­сэн чигтээ хатуу байж, аргадахад нь чуулганы танхим руу эргээд орчихгүй л бол хүлээлт үүсгээд байгаа асуудал нэг тийш болох юм гэсэн. Хууль батлагдсанаар гэртээ ганцаараа цоожлогддог 56 мянган хүүхдийн асуудал шийдэгдэх гэнэ билээ. Эмэгтэйчүүд ч хүүхдээ тө­рүүлчихээд гэртээ сууж байхдаа нэг гэр барьчихаад сардаа 250-350 мянган төгрөгийн цалин авч нөх­рийнхөө гарыг харахгүй, “саа­лийн үнээгээ өгөх гэлээ” гэж хэрэлдэхгүй байх хэмжээнд хүрч асуудал шийдэгдэнэ гэж тооцоолсон юм байна. Гудамж бүрт хүүхэд харах төвүүд байгуулагдаж бүтэн өдрийн турш эцэг эх нь таван ханатад багтдаг амьдралаа талын энгээр тараачихгүй ажил, хөдөлмөрөө эрхлээд явах боломж бүрдэх аж. Төрийн зүгээс ч шахалт дарамт учруулахгүй, хянахгүй, стандарт тогтоохгүй гэсэн заалтууд уг хуульд байгаа нь авууштай гэдгийг УИХ-ын эмэгтэй гишүүд уйлах шахам ярьж байгаа. Гэтэл үр дүнд УИХ дүнсийж орхилоо.

Categories
мэдээ цаг-үе

Сонгуулийг АСЕМ-ийн уулзалтын хойно явуулах хэрэгтэй

АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулна. Дээд түвшний уулзалтын гол онцлог нь АСЕМ-ийн 20 жилийн ойтой давхцаж байгаа юм. Ойн арга хэмжээг тэмдэглэх стратеги, төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий 15 гишүүнээс бүрдсэн АСЕМ-ийн ажлын хэсгийг Монгол Улс даргалахаар болсон. Тэгэхээр энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүндтэй үүрэг бидэнд ноогдож буй. АСЕМ-д дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Австрали, Герман, Итали, Франц, Япон, Өмнөд Солонгос, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бельги зэрэг 51 орон, хоёр олон улсын байгууллага гишүүнчлэлд нь багтдаг юм. Тэдгээр 53 орны төрийн тэргүүнүүдээс эхлээд зочид, төлөөлөгчид цөм Монголд ирнэ. Тийм болохоор манай улс эрвийх дэрвийхээрээ хөдөлж, бэлдэж байна. Одоогийн байдлаар АСЕМ-ийн 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтыг ирэх оны долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулах тов бий.

АСЕМ-ийн урсгал зардалд зориулж 2015 оны төсөвт 2.5 тэрбум төгрөг суулгасан. Мөн төлөөлөгчдийг хүлээн авах, ая тухтай байлгах үүднээс зочид буудлуудад 197 тэрбум 384 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа гэсэн. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр дэмжлэг үзүүлэхээр болсон юм. АСЕМ-ийн үйл ажиллагаанд өөрийн эрх ашигт нийцсэн чиглэлээр идэвх санаачилгатай оролцох нь манай орны олон улс, бүс нутгийн тавцан дахь байр суурийг бэхжүүлэх, баримталж буй бодлого, байр сууриа сурталчлан таниулахад ихээхэн ач холбогдолтой. Тиймээс энэхүү агуу үйл явдлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах хэрэгтэй. Дэлхийд Монгол Улсын нүүр царайг тод харуулах болохоор засаг төр тогтвортой, туршлагатай харагдах нь нэн чухал. Иймд 2016 оны сонгуулийг АСЕМ-ийн уулзалт болоод өндөрлөсний хойно аажуу, уужуу явуулах санал байна. Учир нь сонгууль болсны дараа өндөр дээд хэмжээний энэхүү уулзалтыг зохион байгуулах нь дэмий санагдаад байна. УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр болох хуулийн заалт бий. Хуанлигаас харахад 2016 оны сонгууль бараг зургадугаар сарын 30-ны өдөр болох болов уу. За тэгээд саналын дүнг нэгтгээд УИХ-аа эмхлэн байгуулах гэж хэд хонодог билээ. Сонгууль маргаан дагуулахыг үгүйсгэхгүй. Сунжраад, бөөн юм болно. Хэрэв ямар нэгэн асуудалгүй сонгууль боллоо гэхэд наадамтай уралдаж шинэ гишүүд тангаргаа өргөнө. Энэ үед УИХ-ын даргаа чүү чай сонгож амжсан байдаг. УИХ даргатай болоод Улсынхаа баяр наадмыг шинэ, хуучин гишүүд шимтэн үзэцгээнэ. Баяр наадмын амралт гээд бас хэд хоног налайна. Ингэж явсаар ажлын өдөртэй золгомогц УИХ цугларч, Ерөнхий сайдаа сонгох гээд завгүй болно. Гэвч АСЕМ-ийн уулзалтаас өмнө яавч Засгийн газрын кабинет бүрдэж амжихгүй. Олон жилийн туршлагаас харахад АСЕМ болох өдөр Монгол Улсын Засаг төр эзэнгүй байх нь. Шинэхэн Их хурлын дарга, гишүүдийнхээ хамт угтах янзтай. Тэр үед ганц хуулийн бүрэн эрхтэй төрийн өндөрлөг нь Ерөнхийлөгч байх нь шүү дээ. УИХ-ын байнгын хороо, Засгийн газар сураг ч үгүй байна биз. Ийм үед АСЕМ-ийг даргалагч орны хувьд зохион байгуулах нь хэр оновчтой вэ. Дэлхийн мундагчууд ирчихээд байхад манай улстөрчид Засгийн газраа эмхлэх гээд тэр том үйл явдлыг тоох ч үгүй сууж байх болж байна уу. Тэгээд ч монголчууд ялангуяа улстөрчид жудаггүй улс. УИХ нь олонхи, цөөнхөөрөө талцаж, өөрийнхөө хүнийг сайд болгочих гээд дөвчигнөж өгнө. Тэр олон хүндэт зочид, төлөөлөгчдийн өмнө Монгол Улсыг нүдний булай болгох вий дээ. Улстөрчдийн балгаар гадаадын томчууд “Энэ Монгол ямар хаашаа орон бэ” гэж бодохоор улсын нэрийг хугалах зовлон байна. Дэлхийд дахиад Монгол Улс байдаг гэдгийг дуудахаас ч ичмээр байдалд оруулж мэднэ.

Харин сонгуулийг намар аравдугаар сард зохион байгуулбал яасан юм бэ. АСЕМ болох долдугаар сарын сүүлчээр хуучин засаг нь шинэ гарсан улстөрчдийг бодвол туршлагатай, асуудалд буурьтай хандана. Тэгээд ч одоогийн засаг нь АСЕМ хэмээх нүсэр том арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулбал дараагийн сонгуульд гарч ирнэ гэдгээ мэдээд маш сайн ажиллана. Гэтэл сонгуулийг аравдугаар сард болгохоор АСЕМ-аас болж хойшлууллаа гэх улчтөрчид цээжээ дэлдээд гараад ирж болзошгүй бас нэг хувилбар бий. Улстөрчдийн хийрхлээс илүү Монгол Улс хэмээх айлын нэр хүнд чухал. Энэ нэр хүндээ хугалахгүйн тулд бүгд хичээх хэрэгтэй. Дахиад хэлэхэд, АСЕМ-ийн уулзалт болсны хойно сонгууль зарлах нь хамгийн зөв хувилбар юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хувцас загварыг тодорхойлогч Милан хот

Түрүүч нь ¹ 143(5095), 144(5096), 146(5098), 150(5102) дугаарт

Италийн Милан хот дэлхийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлогч гэдгээрээ алдартай. Гудамжаар хөлхөх хүмүүсийн хувцаслалт манайхнаас онцгойрч ялгарахааргүй мөртлөө ийн нэрлэгдэх болсон нь Монтенаполеоне гудамжтай холбоотой. Энэ гудамжинд дэлгүүрээ нээгээгүй бол өөрсдийгөө брэнд үйлдвэрлэдэг гэж яриад ч хэрэггүй хэмээн “томчууд” шивнэлддэг гэсэн. Хүссэн болгон дэлгүүрээ нээж чаддаггүй нь “Ла Галерей” гэх дэлгүүрийн байшинтай холбоотой. Зуу гаруй жилийн настай энэхүү байшинд дэлгүүр нээх талбай олно гэдэг тийм ч амар зүйл биш гэсэн. Өнгөрсөн жил л гэхэд “Burberry” брэнд “Ла Галерей” доторх хоёр дахь салбарынхаа талбайг зарах гэж хувцас загварынхныг хооронд нь “дайтуулжээ”. Тус дэлгүүрт бараг хорин жилийн дараа ийн талбайгаа зарах брэнд гарч ирснээс үүдэн “Манго”-гийн боссууд Италийн үндэсний үйлдвэрлэгч брэндтэй шүүхдэлцэх дээрээ тулж байсан гэнэ. “Тулаанд” Манго ялж өдгөө дэлгүүрийн нэгдүгээр давхарт салбараа нээжээ. Энэ хавиас хувцас худалдаж авахгүй бол эмэгтэй хүний заяа гомдох байлгүй гэсээр хэд хэдэн дэлгүүрээр оров. Дэлхийн оддын хэрэглэдэг брэндүүд тэгтлээ үнэрхээд байдаггүй бололтой. Монголдоо бол тэнгэрт хадсан үнээс нь халгаад орж чаддаггүй брэндийн хувцаснууд хямдарсан үедээ 50 евро хүрэх нь ч бий. Дуртай дэлгүүрээсээ сонирхсон өмдийг 100 еврод багтаагаад авчих нь урамтай байлаа. “Ла Галлерей”-г Миланд ирсэн хүн бүр сонирхоно. Худалдаа наймаа хийдэггүй юмаа гэхэд музей шиг тохижилттой дэлгүүрийн гоё сайхныг бахдахаар орж ирдэг. Эгээ л хааны ордон руу ороод ирэв үү гэмээр өндөр тааз, ханан дээгүүрх уран баримал, алдарт зураачдын бүтээлийг эндээс харж болохоор байв. Дэлгүүр бүрийн хооронд жижигхэн сахиусан тэнгэрийн баримал тавьжээ. Харин хоёрдугаар давхарт нь “Georgio Armani”, “Louis Vuitton”, “Dior”-ын эзэд амьдардаг гэсэн. Бас алдарт загвар өмсөгч Миранда Керр, дуучин Риана тэргүүтэй оддынх байдаг ажээ. Улс гүрэн дамжин явсаар хааяахан эндхийн байрандаа ирэхэд нь Италийн төдийгүй алдартай сонин, сэтгүүлийнхэн шавчихдаг гэнэ. Оддыг гэртээ орох, гарахад нь зураг авчих санаатай эргэлдэх хэвлэлийнхэн хотын төвийн амьдралыг хэд хоногтоо л бужигнуулчихдаг юм байна.

Хотын төв талбайд алдарт Миланы сүм бий. Миланы зүрхэн хэсэг болсон сүмийн барилгыг XVI зуунд барьж эхэлжээ. Дэлхийд алдаршсан нь барилгыг 600 жилийн турш барьж буйтай холбоотой юм. Одоог хүртэл сүмийн засварын ажил дуусаагүй байгаа гэсэн. Гадна талын нүүрэн хэсгийг өндөр төмрөөр сараалжлан тусгаарлаж байгаад засвар хийж байсан. Католик шашны сүм рүү биеийн аль нэг хэсгээ ил гаргаагүй хувцастай хүн бүр орж болно. Үүдээр нь буу барьсан цэргүүд, хар хослолтой хамгаалагч нар хамгаалалтад гарчээ. Орж буй хүмүүсийг нэг эгнээгээр эмх цэгцтэй оруулах бөгөөд мэргэжлийн камераар бичлэг хийх, зураг авахыг хоригложээ. Дотор бас л засварын ажил явагдаж байв. Нарийхан үзүүртэй багаж барьсан бүсгүй хананы ирмэг, булан тохойг засаж байна. Чулууны хэлтэрхий бүрийг нүдний цөцгий мэтээр болгоомжлон хэт нарийн хэмжээсээр янзлах ажээ. Сүмийн гол хэсэгт урт урт модон сандлууд тавьсан байх бөгөөд италичууд залбиран суух ажээ. Дотроо сайн сайхныг мөрөөдөв бололтой нүдээ анин хэсэг сууж байгаад бурхан руугаа харан “Амен” хэмээн адислаж байв. Кинон дээр гардаг шиг бурхны ойролцоо харанхуй өрөөнд суугаад санваартантай ярих өрөө байдаг болов уу, тэнд орж юм яривал яах бол гэсээр хайгаад үзвэл баруун хаалганы дэргэд тийм өрөө байна. Хоёр талаасаа ордог хаалгатай, жижигхэн өрөөний дундуур торон хаалт байх бөгөөд түшлэгтэй модон сандал харагдав. Гэхдээ санваартан, нүглээ наминчилж байгаа сүсэгтэн хоёрын аль, аль нь байсангүй.

Готик загвартай, цагаан гантиган сүмийн барилга хамгийн олон архитектур, уран барималчийн гар дамжсан гэдгээрээ дэлхийн уран барилгын түүхэнд бичигддэг юм билээ. Олон урчуудын гар дамжихын зэрэгцээ нэрт математикч Габриэль Сторналоко Миланд урилгаар очиж сүмийн барилгын тооцооллыг гаргасан гэдэг. 158.5 метрийн урттай, 92 метрийн өргөнтэй, 108 метрийн өндөртэй энэхүү сүмд нэг дор 40 мянган хүн багтана гэж байлаа.

Төв талбайд явж байхад өнгөт арьстай хүмүүс бүчиж аваад өнгө өнгийн нарийхан утас бугуйнд зүүж өгөх гээд хүрээд ирэх юм. Хайр дурлалтай учруулна, эд баялаг дуудна гэж тайлбарлаж байв. Тэднээс зугтах гэж хоёр гараа ардаа нуугаад тойрч гүйсэн ч дагаад салах янзгүй. Бүр энийг чамд үнэгүй зүүж өгье гэсээр нэгийг зүүхдээ өөрийг хамт зангидчихав. Ингээд 15 евро нэхээд явуулдаггүй. Хаа газар байх жуулчдын ангууч гэмээр тэднээс хурдан салахыг хүсээд таван евро өгсөн. Сүүлд сонсох нь ээ, тэдний гарыг цайлгаж хэд ч хамаагүй евро өгөхгүй бол яаж ийж байгаад цүнх савыг нь хулгайлах, бичиг баримтыг нь дээрэмдэх зэргээр төвөг учруулдаг гэсэн.

Милан хотыг италиар “Милано” буюу “төв хот” гэдэг. Италийн хоёр дахь том хот бөгөөд Ломбарди мужийн нийслэл гэж явдаг. МЭӨ V зуунаас эхлэн маш олон удаагийн эзлэн түрэмгийлэлд өртөж байсан бөгөөд 1162 онд том тулаан болсноос хойш тогтворжжээ. XVIII зуун гэхэд Миланд дуурийн урлаг хөгжиж эхэлснээр дэлхийн алдартнууд болох Моцарт, Верди нарын эрхмүүд цуглах болсон байна. 1796 онд Милан хотыг Наполеон булаан авч Италийн нийслэл болгожээ. Удалгүй Австрийн эзэн хааны гарт орсон ч 1859 онд Итали улс нэгдэхэд хоёр дахь том хот болж хөгжсөн гэдэг. Гэвч улс төрийн болон эдийн засгийн гол шийдвэрүүдийг Милан хотоос гаргадаг гэсэн. Өдгөө Милан хот улсынхаа аялал жуулчлалын орлогыг тэргүүлж байгаа юм байна.

Милан хотын бас нэгэн бахархал нь үндэсний хөлбөмбөгийн лигийн “АС Милан”, “Интер Милан” багууд. Хотын төвөөс автомашинаар арав гаруй минут яваад “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд ирлээ. Хөлбөмбөгийн тоглолтгүй ч гэлээ дотогш орж цэнгэлдэх хүрээлэнтэй танилцаж болдог юм байна. “Сан Сиро”-гийн музейг үзэх, тамирчдын хувцас солих өрөөгөөр ороход 20 евро төлөв. “АС Милан”-ы тамирчдын хувцас солих өрөөнд багийн үндсэн өнгө болох хар, улаан зонхилж байлаа. Өрөөг тойруулаад багийн гишүүдийн тоогоор савхин бүрээстэй сандал байрлуулжээ. Дунд нь “ACM 1899” гэсэн бичигтэй жижигхэн ширээ байв. Цаана нь тамирчдын хувцасны шүүгээтэй усанд орох газар бий гэсэн. Хөлбөмбөгчид тоглолт эхлэхийн өмнө багийн хурлаа хийхийн зэрэгцээ завсарлагаанаар энд орж ирж амардаг ажээ. Өрөөнөөс гараад нарийхан урт хонгилоор явсаар цэнгэлдэх хүрээлэн рүү орлоо. 1926 онд албан ёсны нээлтээ хийсэн, 80018 хүний суудалтай энэхүү талбайг Милан хотын захиргаа эзэмшдэг ажээ. Харин “АС Милан” баг 1926 оноос, “Интер Милан” баг 1947 оноос хойш хамтдаа өнөөдрийг хүртэл түрээсэлж байгаа юм. Миланд ганцхан байх энэхүү цэнгэлдэх хүрээлэнг анх байгуулахдаа 85700 хүний суудалтай барьж байсан ч 1990 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулан томоохон засвар хийжээ. Энэ үеэр ОУХХ-ны шинэ дүрэмд нийцүүлэн 5682 үзэгчийн суудлыг хасаж 80018 болгосон гэнэ. Италийн үндэсний лигийн шилдэг багууд талбайг хамтран эзэмшихдээ “АС Милан” нь эзэн багаар тогловол цэнгэлдэхээ “Сан Сиро” гэж нэрлээд “Интер Милан” нь “Стадио Гиүсэппэ Мизза” гэдэг юм байна. Тэгэхээр үндсэндээ нэг цэнгэлдэх хүрээлэнд хоёр өөр нэр өгч байгаад тоглодог ажээ. Гэхдээ дэлхий нийт энэхүү цэнгэлдэх хүрээлэнг түрүүлж байгуулагдсан “АС Милан”-ы нэрээр буюу Сан Сиро гэдгээр сайн мэднэ.

“АС Милан” баг 1899 оны арванхоёрдугаар сарын 16-нд байгуулагдсан түүхтэй. Европын аваргуудын лигийн долоон удаагийн аварга, Европын цомтой багуудын хошой цомын эзэн, Италийн 18 удаагийн аварга, Италийн цомын таван удаагийн эзэн гэхчлэн олон жилийн түүхтэй. Харин “Интер Милан” баг 1908 онд байгуулагдсан. 2009-2010 оны улиралд Италийн аваргаар 15 удаа шалгарснаар улсынхаа хөлбөмбөгийн түүхэнд бичигдэж байжээ. Бас Европын болон дэлхийн цомд аваргалж байсан бөгөөд дотоодын 29, лигийн 18, улсынхаа зургаан удаагийн цомыг хүртэж байсан түүхтэй. Цэнгэлдэх хүрээлэнгийн музейд Италийн домогт хөлбөмбөгчдийн зураг болон лааны тосон баримлыг байрлуулсан байв. Паоло Малдини, Авиер Занетти зэрэг хөлбөмбөгийн түүхэнд домог болон бичигдэх тамирчдын өмсөж байсан гутал, хувцас, түүхэн дурсгалт гэрэл зургуудыг байрлуулжээ.

Милан хот зайрмагаараа алдартай юм байна. Гудамжинд нь тав алхаад л зайрмаг зарж буй мухлаг таарч байлаа. 3-10 еврогийн үнэтэй зайрмагууд төрөл бүрийн жимснийх байв. Жимсийг тэр чигт нь хөлдөөчихөө юу гэмээр гоё амттай болохоор хэдийг ч идсэн уйдахааргүй ажээ. Тав зургаан төрлийг авч идсээр Миланаас хөдлөх болов. Уг нь хонохоор төлөвлөөд байсан ч хотоос 92 км-ийн зайтай хямдралтай барааны төвд очихоор яаран хөдөллөө. Европын хамгийн том аутлет дэлгүүр байх тосгоныг “Серравелли” гэдэг юм байна. Энд 180 брэндийн дэлгүүр бий. Гэхдээ брэнд гэсэн болгон энд байхгүй. Жишээлбэл “Zara”, “H&M”, “Polo” зэрэг хямд үнэтэй, дэлхийд хамгийн олон салбартай дэлгүүрийг хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Аль үнэтэй, чанартай болгон байх хэдий ч бусад дэлгүүрийнхээ үнээс 30-70 хувийн хямдралтай байдаг гэдгээрээ ялгардаг. Жилийн дөрвөн улиралд өдөр бүр хямдарч байдаг болохоор Европ тивийн­хэн “Серравелли”-гээс хувцасладаг гэсэн. Дэлгүү­рийн гадаа очиход хүний хөл хөдөлгөөн багатай байв. Орж байгаа хүмүүст аутлетсийн газрын зургийг өгөх юм. Газрын зураг дээр хаана, ямар брэндийн дэлгүүр байгааг хайж олоод хүссэнээ авах боломжтой ажээ. Мөн эндхийн ихэнх дэлгүүр татваргүй. 150 еврогоос дээш худалдан авалт хийхээр барааны бичиг өгнө. Түүнийгээ ашиглан Францын хилээр гарахдаа татварт өгсөн мөнгөө буцаан авах боломжтой. Зарим дэлгүүрүүд нь Шенгений орныг орхин гарах үедээ нисэх онгоцны буудлаас мөнгөө буцааж авахыг сануулж байв.

Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ цаг-үе

Мэндийн Зэнээгийн охин Ариунаа: Аавын минь инээмсэглэл хичнээн сайхан бэ. Болдогсон бол дахиад нэг харах юмсан

Мэндийн Зэнээ агсны охин Ариунаатай ярилцсанаа хүргэе.

-Мэндийн Зэнээ гуай Монголын төрд шулуун шударга зан, ноён нуруугаараа үнэлэгдэж байсан хүмүүсийн нэг. Эх орныхоо төлөө зүтгээгүй нь хэн байхав. Гэхдээ өнөөгийн эх орончид гэж хий хоосон цээжээ балбаад байгаа нөхдөөс огт өөр нэгэн байсан санагдана. Яриагаа эндээс эхэлбэл ямар вэ?

-Тиймээ, аав минь үгээрээ ч, үйлдлээрээ ч чухам улстөрч гэж хэн байх ёстойг харуулж байсан хүн. Залуу үеэ эх орноо хайрладаг, өвөг дээдсээ, өнгөрсөн үеэ, ёс заншлаа мэддэг байгаасай. Хэт их намчирхал, нутаг ус ярихаасаа Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө гэсэн сэтгэлтэй, айх аюулгүй, өлсөж цангахгүй байгаасай гэсэн чин хүсэлтэй, түүнийхээ төлөө тууштай тэмцэж явсан. Эгэл жирийн малчны хүү Монголын төр нийгмийн нэртэй зүтгэлтэн, улстөрч болтлоо явахдаа үнэнээс, үзэл бодлоосоо, өөрөөсөө, үр хүүхдүүдээсээ урваж шарвалгүй явж их ч сайлуулж, их ч муулуулсан даа, аав минь. Тэр үеийн сонин болгонд гардаг байлаа шүү дээ. Гэхдээ хувь хүн талаасаа, хүн гэдэг талаасаа болж муулуулсан нь үгүй. Улс эх орон, ард түмнийхээ төлөө гэсэн үнэнчээр цохилох зүрх байснаас бус өөрийнхөө, ах дүүгийнхээ, үр хүүхэд, найз нөхдийнхөө ашиг сонирхол, албан тушаал, алдар нэр, баян тансаг амьдрал сонин байгаагүй нь одоогийн зарим нэг улстөрч, эх оронч гэж хэлүүлэх дуртай улсаас ихээхэн ялгаатай байж. Үүнийг цаг хугацаа өнгөрөх хэрээр олж харж өөрийн эрхгүй бахархдаг.

-Хэдэн жилийн өмнө Батцэцэг эгчтэй чинь ярилцаж байсан. Та хоёр Мэндийн Зэнээ гэх лүглэгэр уулын энгэрт эрхэлж өссөн, Хулан найрагчийн хэлсэнчлэн ургаа модод шиг гоё охид нь. Бага балчир насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Бага насаа нандин сайхан дурсамж, инээд хөөр, баяр баяслаар дүүрэн өнгөрөөжээ. Ном зохиол туурвидаг, их уншдаг, судалдаг хүн байсан. Материал, ном бүтээлээ хэвлэлтэд өгөхөөсөө өмнө эхний хянах хувийг хэвлүүлж авчраад л ширээний хоёр талд өөд өөдөөсөө харж сууж байгаад тулгана даа. Зуны амралт эхлэв үү, үгүй юу ээж эгч бид гурвыг хөдөө дагуулаад явна. Хичээл ортол явна. Хичнээн олон зуныг үзэсгэлэнт уул ус, нутаг нугынх нь сайхан улстай үдсэнийг хожим хойно мэдэрдэг юм байна. Жаахан томроод ирэхэд энгийн сайхан амьдрах, хүн хүнээрээ үлдэх, мөнгө биш найз нөхөд хүнд хань болдог тухай, үнэн байх тухай гээд олон зүйлийг ярьж сургана. Би чинь аавынхаа мөрөн дээр бараг 12,13 хүрчихээд л сууж өссөн хүн шүү дээ. Найз нөхөд нь ирээд тоглож байвал мөрөн дээр, юм ярьж байвал өвдөг дээр нь асаатай. Хажиглаж халаглахгүй их зууралддаг байжээ.

Гэр орноор маань хүний хөл тасрахгүй. Тогоо зуух нийлээстэй. Ээж хоол цайгаа хийж, аав зочидтойгоо хөөрч, эгч бид хоёр тэр л аль сайхан эрдэмтэй улсын яриаг сонсож өссөн. Аав хүнд бэлэг өгүүлэх их дуртай. За тэгээд гадагшаа яваад ирсэн, баяр ёслол таарчихвал Бямбаа бэлгийг нь өгөөрэй, өгөв үү гээд шалгаана. Ээж аав хоёр их сайхан дуулна. Гэртээ хөгжим тавьж байгаад вальс эргэнэ. Эгч бид хоёр үзэгчид нь. Хэдэн онд билээ, гишүүдийн шинэ жилээр шилдэг болоод ирж байсан удаатай. Аз жаргалтай хором бүрийг би бага наснаасаа олж хардаг.

-Танай аавыг эх орон газар шорооныхоо төлөө дуугарч байсан төрийн түшээ гэдгээр нь хүмүүс хүлээж аваад байдаг. Гэхдээ өнөөгийн залуу үе бас хэр мэдэх бол гэж бодогдож байна. Хувь хүн талаас, энгийн талаас, нялх охиных нь зүгээс дурсвал сонин байх болов уу?

-Аавыг минь мэдэх, судалгааг нь, ном зохиолуудыг нь хайж уншдаг мэр сэр залуучууд бий. Гэхдээ яаж амьд сэрүүн байсан үеийнх шиг нь мэдэх вэ. Энэ тал дээр бид бусдаас арай л муу хөдөлж дээ гэж бодогддог. Цаашдаа бодож санаж явдаг зүйлс бий. Нялх балчир охины нүдээр аавыгаа эргээд харахад аав минь дүнхийсэн сайхан уул. Нөмөр нөөлөгтэй. Том сайхан шүдээ гялалзуулаад тас тас инээнэ. Хайр халамжаар дутааж үзээгүй. Ээжийг минь, хоёр охиноо сэтгэл дүүрэн байлгасан. Найзалж нөхөрлөж байгаа хүндээ чин сэтгэлээсээ хандаж сайн сайхан байх үеэс нь илүүтэй зовж зүдрэх үед нь нөмөр нөөлгөө харуулдаг. Тус дэм үзүүлэхдээ сэтгэлээсээ хандана. Эр хүн гэхэд уян зөөлөн гэж жигтэйхэн. Хатуу юм шиг хэрнээ зөөлөн хүн. Далайлт нь ширүүн ч буулт нь зөөлөн гэх үг аавд минь таарна байх. Инээмсэглэл нь хичнээн сайхан гээч. Болдогсон бол дахиад нэг удаа харах юмсан гэж боддог. Тэгээд зургийг нь харна, нүдэндээ төсөөлнө. Нэг удаа ч болов үнсүүлчих юмсандаа гэж хүсдэг. Бүх л зүйлээ гэртээ, эхнэр хүүхдэдээ, ээждээ зориулна. Улстөрчийнхөө хувьд үгүйлэгдэж байгааг уулзсан хүмүүс ярьдаг. Хааяа нээрээ аав минь байсан бол бас л их юм хийж байгаа даа гээд бодно. Заримдаа одоогийн энэ цаг үеийг үзээд ямар их зовж, харуусах байсан бол гэж бас бодогдоно.

Амьдрал маань тэр чигтээ хөөр хөгжөөнтэй дурсамж байсан болохоор алийг нь ярихаа сайн мэдэхгүй л байна. Аав нэг өглөө эмнэлэгт хэвтэх боллоо. Яарч сандраад юм хумыг нь бэлдэцгээлээ. Гэрт өмсдөг шаахай нь урагдчихсан байхаар нь эгч өөрийнхөө шар цэцэгтэй шаахайг өгөөд явуулчихаж. Эмнэлгээр хүүхдийн цэцэгтэй шаахай өмссөн, том биетэй эрэгтэй хүн алхаж өгөө биз дээ. Б.Дэлгэрмаа өөр хэн ч билээ эмэгтэй гишүүд таараад аавыг шоолж гүйцгээгээд. Харин дараа нь том хүний арьсан шаахай аваад өгчихсөн байж билээ. Хүмүүс дунд орж олонтойгоо байх юу юунаас илүү дуртай хүн байжээ. Эд хөрөнгө мөнгө төгрөг харагдах гоё сайхнаас илүүтэй хүнийг дотоод мөн чанараар нь үнэлдэг. Цаг ямагт өөрөөрөө, зөвхөн өөрөөрөө л байдаг цор ганц хүн бол аав минь шиг санагддаг. Эгч бид хоёр харин бэртэгчин зан сураагүй. Хөдөлмөрлөж, хийж байгаа зүйлдээ үнэн сэтгэлээ зориулахыг, үнэнч байхыг нэвт шувт биедээ шингээж авсан.

-Төв аймгийн Баян-Өнжүүл сумын хүн байсан. Ус нутгаар нь хамт очиж байв уу. Одоо ус нутагт нь очдог уу?

-Аавыгаа өнгөрснөөс хойш Баян-Өнжүүлд очиж амжаагүй л явна. Залуус хүүхдүүд нь хот руу суурьших гээд нүүгээд ороод ирчихсэн, хэдэн хөгшчүүл нь нутагтаа үлдэж хоцроод байгаа тухай нутгийн хөгшнөөс сонссон. Аав минь байхдаа тойрогтоо, нутагтаа, сонгогчдынхоо төлөө гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр олон зүйлийг хийсэн. Харин хийсэн бүтээснийг нь үргэлжлүүлээд, нэмээд яваагүйд харамсдаг. Ааваасаа хойш ээжийгээ асрах, үр хүүхдүүдээ өсгөж торниулах гээд хүний амьдрал болсон хойно мундахгүй их ажилтай хэдэн жилийг үдлээ. Удахгүй аав, ээжийнхээ нутгаар явах, багын дурсамжаа сэргээх гээд төлөвлөж бодож яваа зүйл их бий. Мөдхөн очно оо.

-Их хурлын гишүүн, төрийн түшээгийн хувьд гадагшаа дотогшоо багагүй явдаг байсан байх. Гэргий хүүхдэдээ юу авчирч өгөх вэ. Аав минь өгсөн юм гэж нандигнаж хадгалдаг зүйл байдаг уу?

-Гадагшаа яваад ирэхээрээ авчрахгүй зүйл байхгүй. Авч ирэх боломжтой бүгдийг авчирна. Харахад бүдүүн хадуун хүн харин бид гуравт авчирдаг зүйлс бол чамин нандин гэж жигтэйхэн. Аав ээжийн гэрт олон сувинерүүд бий. Надад бол аавын минь өгсөн үзэг байгаа. Хамгийн үнэтэй зүйл минь. Гарын үсэг зурна. Ил орхихгүй далд хийж явдаг. Ил орхиод явахад нэг л болдоггүй. Үнэтэй зүйлээ алдчих гээд байгаа ч хүн шиг.

-Ижий аав хоёрынхоо танилцсан түүхээс сонирхуулаач. Ижийнхээ тухай ярихгүй юу. Ямар ажил эрхэлж байсан бол?

-Ээж маань нийтийн хоолны технологич мэргэжилтэй. Хуучнаар 26 дугаар яслид тогоочоор ажилласан. Аав ээжийн мэргэжилд дуртай. Хатууг зөөлрүүлж, үр хүүхдийнхээ сайн сайхныг харж, ханашгүй их жаргал эдэлж суугаа гэж боддог. Хүн эцэг эхийнхээ ачийг хариулж бардаггүй гэдэг шүү дээ. Гэхдээ зээ нараараа хүрээлүүлж, үр хүүхдийнхээ ажиллаж, хөдөлмөрлөж явааг хараад баярлаж суудаг. Дуу цөөтэй, даруухан хүн бий. Жаргалын дээдийг амсуулж чадахгүй ч буруу гишгэхгүй явбал болоо. Ачийг нь хариу­лах өчүүхэн ч болов хийж чадах зүйл минь гэж их хичээдэг. Ээж маань аавын дүүтэй найзууд. Найзтайгаа уулзах гэж ирж очиж байгаад танилцаж, ном солилцож уншиж яваад л дотноссон гэсэн. Хамтдаа байхдаа хамгийн сайхан харагддаг байж билээ. Биднийг залах том хүч ээж минь юм. Аав чинь сайхан инээнэ, гоё дуулна. Ном сайхан ярьж өгнө гэж ээж ярина. Харин аав бол ээжийг инээд алдсан цэвэрхэн даруухан охин гэж ярьдаг сан. Тэд лав одоогийнхны хэлдгээр анхны харцаар бие биенээ олсон байхаа.

-Зэнээ агсныг Өвөр Монголын нэрт дуучин Лхасүрэнтэй хүж барилцсан ах дүүс байсан гэж сонссон. Тэр тухай сонирхмоор байна?

-Аав минь Өвөр Монгол судлаач байсан. Тэр утгаараа Лхасүрэн ахын тухай, гэр бүлийнх нь тухай хийсэн судалгаа нийтлэл байдаг байж. Лхасүрэн ахын эхнэр Төмөрцэцэг эгч бол Жоу Эньлайгийн өргөмөл охин. Лхасүрэн ах соёлын хувьсгалын үрээр аав ээжээ­сээ өнчирч хоцорсон хүн. Улаанбаатарт Өвөр Монголын “Улаан мөчир” чуулгынхан ирж 1985 онд тоглолт хийх үеэр Лхасүрэн ах маань эхнэрийнхээ хэлж ярьснаар аавтай минь уулзаж танилцсан гэдэг. Яг тэр жил аав минь ахыгаа алдаад удаагүй ч таарсан гэсэн. Улаанбаатар зочид буудалд танилцаж хэдэн цаг ярьж суугаад ер нь би ээж дээр чинь очъё хүү нь болъё гээд очиж байсан гэдэг. Эмээ маань хүү минь ороод ирлээ гэж бодсон гэдэг юм. Тэгээд л тэнгэрт мөргөж ахан дүүгийн барилдлагатай болсон. Лхасүрэн ах яг л аав шиг. Аав чинь тэгэх байсан шүү хүүхдүүд минь, аав чинь яг тэгж хийнэ дээ гээд зөвлөнө. Ямар их сэтгэлийн тэнхээ ямар их хайр хүндлэлийг тэр хүнээс бид авдгийг би хэдхэн үгээр энд хэлж яаж барах вэ. Тийм болохоор тэднийг магадгүй бурхан уулзуулсан байх аа. Ахан дүүс болж ирж очилцдог болсноор ирэх очих гарц нээгдсэн ч гэдэг. Тэдний ачаар харин хоёр талд салж тусгаарлагдсан олон ах дүү үр хүүхдүүд эргэж уулзалдсан шүү.

-Танай гэрийн зочид гэвэл ямар хүмүүс байв. Аавыг тань өнгөрснөөс хойш та хэдтэй хэн хэн ойр явж ирсэн бэ?

-Гэрийн зочдыг энд нэрлээд дуусахгүй байх аа. Заримыг нь би ний нуугүй хэлэхэд танихгүй. Их олон хүн байсан. УИХ-ын гишүүд, хамтран ажиллаж байсан хүмүүс, унаган багын найзууд, нутаг нугынхан, ах дүү хамаатан садан гээд манайхаар ороогүй хүмүүсийг тоолбол илүү амархан ч байж болох юм. Одоо бол ээжтэй минь холбогдож бие хааг нь асуудаг, эгч бид хоёрт ямар ч үед аавын минь үгүйлэгдэж байгаа орон зайг нөхдөг, сэтгэлийн дэм өгч байдаг гарын хуруунд багтах хэдэн хүн бий. Тэд нартаа баярлаж явдгаа хэлэх хэрэгтэй байх.

-Ариунаагийн хувьд ямар боловсрол мэдлэг эзэмшсэн бэ. Одоо хаана ажиллаж байна. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Төрийн удирдлагын магистр. Санхүү эдийн зас­гийн дээд сургууль төг­сөөд Монголбанкинд орж ажилласан. Гэр бүлийн хувьд өнөр өтгөн айл болоод үр хүүхдүүдээ өсгөх, үзсэн хар­сан, мэдсэн сурсан зүйлстэй чадварлаг хүнлэг хүмүүс болгох гэж хичээж л явна. Нөхөр маань Төрийн тусгай хамгаалалтын газарт ажилладаг. Ажилдаа махруу залуу бий. Амьдралын минь түшиг тулгуур, үр хүүхдийнхээ хайртай аав даа.

-Зэнээ агсны “Мон­голоороо үлдэх юмсан” гэх сайхан бүтээл бий. Монголын шинжлэх ухаанд залуу насандаа ажиллаж бүтээж туурвиж ирсэн нь намтар түүхэнд нь тодхон байдаг?

-Эгч бид хоёрын хувьд бичгийн талын улс болсонгүй, харамсалтай нь. Гэхдээ үр хүүхдүүд дотор маань бүтээл туурвих хүн бий гэж мэдээж итгэж байгаа.

Харин итгэлийг нь хөсөр­дүүлэхгүй, түүхээ муучлахгүй, Монгол гэсэн чин сэтгэлтэй байж, сайн сайхан зөв хүн хэзээд байна. Энэ бол аавын минь хүсэх байсан хүлээх байсан зүйл яах аргагүй мөн. Өөрсдөдөө хийж бүтээснээр дүүрэн, үр хүүхдээ эцэг эхийнхээ арга замаар өсгөж зөв залж улс эх орондоо хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүс болгож хүмүүжүүлж чадвал энэ ч гэсэн аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваагийн нэг илрэл болно гэж би боддог.

-Ард түмэн улстөрчдөд тэр бүр дуу алдаад саймшраад байдаггүй. Харин яагаад ч юм танай аавд барагтай л бол хир халдаадаггүй. Тэр сайхан хүний үр хүүхэд болж гал голомтод нь мэндэлсэн хувь заяагаа хэрхэн боддог вэ?

-Ийм сайхан аав ээжийн охид болж төрсөн нь дэндүү их хувь тавилан яахын аргагүй мөн шүү дээ. Тэр бүр хүн болгонд олдохгүй байхаа. Ээж аав минь байгаагүй бол бид хэн билээ. Би ээж ааваараа, эгчээрээ, гэр бүл, хийж байгаа ажил, хамт олон, найз нөхдөөрөө бахархдаг. Зөв бодолтой, хийсэндээ итгэлтэй, дурсаад суух дурсамж дүүрэн, өнөөдөртөө сэтгэл хангалуун, ирээдүйдээ итгэл дүүрэн яваа минь хамгийн том хувь тавилан юм даа.

Categories
мэдээ цаг-үе

“Халдлагад өртсөн бүсгүй 2013 онд Монгол улсын хилээр Малайз явахаар гарчээ”

-ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧИЙГ
ТОГТООСОН ГЭДГЭЭ ТУС УЛСЫН ЦАГДААГИЙНХАН УЛАМЖИЛЖЭЭ-

Малайзад гэнэтийн халдлагад өртсөн 26 настай бүс­гүйг Н гэдэг
хэмээн тус улсын цагдаагийнхан өөрийн улсын хэвлэлд ярилц­лага өгөхдөө мэдээл­сэн
байдаг. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бүсгүйн биеийн байдал сайн байгаа гэх мэдээлэл
манай Консулын газарт иржээ. Малайзад гарсан
хэргийн ард гэмт бүлэглэлийн гишүүн Брадер буюу “Ах” гэдэг хочтой этгээд байж болзошгүй
гэнэ. Брадер гэгч нь өөрөө халдлагыг зохион байгуулж, машин руу буудсан гэж албаны
хүмүүс үзэж байгаа аж. Тус этгээд хохирогчтой хамт автомашинд сууж явсан Малайз
бизнесмэнтэй хувийн өс хонзонтой байс­ныг мөрдөгчид тогтоожээ. Сэжигтэн хууль бус
кибер бооцоот тоглоом, хууль бусаар мод бэлтгэх, биеэ үнэлэх үйл ажиллагаанд оролцож
явсан нэгэн гэнэ. Бизнесмэн залуу ч мөн тэдэнтэй хамт ийм төрлийн гэмт хэрэг үйл­дэж
байсан гэмт хэрэгт холбогдож байжээ. Малай­зад сурдаг нэгэн оюутан­тай утсаар холбогдож
энэ хэргийн талаар ярилцлаа.

-Монгол бүсгүй гэмт хэрэгтнүүдийн халдлагад өртсөн мэдээллийг сонссон биз дээ. Наана чинь юу болж байна?

-Бүсгүй таван удаа цээжиндээ буудуулсан гэсэн. Өнгөрсөн даваа гаригаас
эхлэн энэ талаар хэвлэлүүд нь мэдээлж байгаа.
Манай сургуулийнхан намайг Монгол хүн болохоор
ийм мэдээлэл гарсан байна гэж анх надад үзүүлсэн. Мэдээллийн хэрэгслүүдээр гарч
байгаагаар бол бүсгүй тэр бизнесмэний хамтран
амьдрагч байсан. Тэр бизнесмэнийг буудах гэж байгаад бүсгүйг буудсан гэх мэдээлэл
гарч байгаа. Бүсгүйг гэмт бүлэглэлийн золиос
боллоо гэж малайзчууд үзэж байгаа юм билээ. Энэ нь Ш.Алтантуяагийн хэрэгтэй төстэй
болохоор малайзчууд Алтантуяа гэдэг нэрийг хэлээд дахиад нэг монгол бүсгүй халдлагад
өртсөн байна гэж ярьж байгаа. Малайз их хэцүү газар, гэмт хэрэг их гарна. Он гарснаас
хойш хэд хэдэн монгол хүн бас хар тамхины
хэрэгт холбогдсон гэж сонссон. Тийм болохоор монголчуудтайгаа таарахаас ч айдаг.

-Яагаад, уг нь хүний газар бие биенээ түшээд хань бараандаа байвал
зүгээр юм биш үү?

-Малайзад ер нь хэн нэгэнтэй нөхөрлөхөд хэцүү. Тэр тусмаа монголчуудтайгаа
таарахгүйг боддог. Ар гэрийн­хэн маань ч болгоомжтой байхыг захидаг. Гарч буй хар
тамхины хэрэгт холбогдож буй хүмүүс өөрснөө мэдээгүй нутаг нэгтнийхээ барааг хад­галж
эсвэл авч явж байгаад хэрэгт холбогддог. Хэдэн хувцас байгаа юм. Үүнийг гэртээ хэсэг
байлгаж байгаач. Байр хөлслөхөөрөө авъя гэдэг гэсэн. Гэвч тэр нь хар тамхи байдаг
тухай таарсан монголчууд хэлж байсан болохоор би зөвхөн сурахаар ирсэн тул аль болох
монголчууд багатай дүүргийг сонгож байр хөлсөлсөн. Малайзын захын дүүрэгт амьдардаг.

-Эмэгтэйтэй хамт явсан Датук
гэж ярих юм. Тийм баян хүн үү. Тансаг зэрэглэлийн машинтай явсан гээд байх
юм?

-Датук гэх залуу өмнө нь гэмт хэргийн бүлэглэлийн нэг залууг ах шигээ
үздэг байсан ч бизнесийн улмаас маргалдаж үл ойлголцож байсан хэмээн мэдүүлсэн гэж телевизээр гарч байсан. Тэр бизнесмэн бас
буруу гарын хүн бололтой юм билээ. Хэн гэдгийг нь цагдаагийнханд мэдүүлэг өгөхдөө
хэлсэн гэж цагдаагийн албан тушаалтан хэлж байсан. “SUV” загварын машин гэж мэдээлэгдэж
байна лээ.

-Тийм тансаг зэрэглэлийн машин юм уу?

-Тийм. “SUV“ загварын машин гэдэг нь өөрөө тансаг зэрэглэлийн машин
гэсэн үг. Дэлхийд нэлээд эрэлттэй байдаг. Ийм төрлийн машин 1990 оноос анх үйлдвэрлэсэн.
“Sport Utility Vehicle / SUV” машиныг монголчилбол спорт маягийн жип. 2017 он гэхэд
“Bentley”, “Maserati”, “Lamborghini” зэрэг компани өөрсдийн SUV загварын автомашинуудыг
худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа гэсэн. Ийм төрлийн машинууд үнийн хувьд
$200.000 ам.доллар орчим байдаг гэж уншиж
байсан. Гэмт халдлагад өртсөн машин яг ямар маркийнх гэдгийг нь мэдэхгүй.

-Бүсгүй тэр бизнесмэнтэй хамт амьдардаг байсан юм болов уу?

-Хамтран амьдрагч эхнэр нөхөр гэх мэтээр шуугиж байгаа. Тухайн хүмүүс
ямар харилцаатай байсныг би яаж мэдэх вэ.

-Бүсгүйтэй таарч байсан уу?

-Би таарч байгаагүй. Миний нэг танил монгол хэрэг гарсныг телевизээр
үзээд би энэ бүсгүйтэй танилцаж байсан гэж над руу утасдаж хэлсэн. Куала-Лумпурын
нэгэн ресторанд таарсан гэсэн. Монгол хүмүүс болохоор мэндлээд утсаа солилцсон гэсэн.

-Бүсгүйн талаар өөр юу гэж ярьж байх юм?

-1989 оных гэсэн. Өөр нэг их
зүйл яриагүй.

-Малайзад очсон гэхээр Монголд таагүй зүйлс яригддаг. Тэр тусмаа
охид бүсгүйчүүдийн тухайд. Энэ бүсгүйн талаар ч янз бүрийн таамаг төдий зүйл ярьж
байна.

-Малайзад бүсгүй 2013 онд
анх ирсэн юм билээ. Тэгээд сургалтын визтэй гэж хэлсэн гэсэн. Ирснээсээ хойш огт
Монгол руу яваагүй гэж хэлсэн гэсэн. Сургалтын виз Малайзад ирээд авна гэхээр мэдээж
гайхаж л байсан. Бүсгүй Малайзад анх сошиал визээр нэвтэрсэн юм билээ. Энэ нь интернэтээр
виз авсан гэсэн үг бөгөөд найз нөхөд, хамаатнуудтайгаа уулзах, сурч боловсрох зорилготой
хүмүүст олгодог.

-Яагаад гайхаж байсан гэж?

-Ойлгомжтой шүү дээ. Манай охид бүсгүйчүүд ирээд мөнгөтэй болоод
сайхан амьдарна л гэдэг. Малайзын аяллын визийг зовох юмгүй гаалиар орж ирэхдээ
авчихдаг. Удаан хугацаанд амьдрахын тулд сургалтын визээр халхавчилж амьдрах нь
түгээмэл. Бүтэн хоёр жил болно гэдэг мөнгөгүй хүнд бол янз бүрийн амьдралаар амьдрах
хугацаа. Ер нь хэцүү шүү дээ. Гэхдээ хүнийг
мэдэхгүй байж бас хамаа намаагүй хэлэх нь
ч хаашаа юм. Тэр өдөр нөгөө залуугаараа брэндийн
хувцас авахуулахаар явж байсан юм шиг байна лээ.

-Найз чинь тэгж хэлсэн юм уу?

-Хэрэг болсон газар чинь угаасаа
брэндийн хувцсаараа алдартай. Бодвол дэлгүүр хэсэхээр явж байсан байх гэж таасан.
-Пералинг дүүргийн Да­ман­сара хотод байрлах
Бан­дар Ютама гудамж гэсэн байх аа?

-Бандар Ютама гудамж чинь брэнд дэлгүүрээрээ ал­дартай. Аялал жуулчлалаар
ирсэн хүмүүс тэнд очдог. Малайзын баячууд ч гэсэн тэнд очиж дэлгүүр хэсдэг.

-Биеийн байдал нь ямар­хуу байгаа бол?

-Гайгүй байгаа гэсэн. Их цус алдсан гэж хэлж байна лээ. Хэвтэж байгаа
эмнэлэг нь нэг сайн эмнэлэг биш байна гэж манай найз хэлж байсан. Өчигдөр цагдаа нар ирж бүсгүйгээс мэдүүлэг авсан гэсэн.

-Ар гэрийнхэн нь холбог­дохгүй байгаа гэж цагдаагийн газрын хүн
ярьсан гэсэн?

-Тиймэрхүү утгатай мэ­дээлэл
хэвлэлээр гарсан байсан. Ээж нь охинтойгоо
холбогдсон байна лээ.

-Бизнесмэн залуугийн тухай
мэдээлэл байна уу?

-Датук гэдэг бөгөөд Сибу хотдоо алдартай бизнес эр­хэлдэг хятад гаралтай
залуу гэж мэдээлж байсан. Бизнесмэн залуу өнгөрсөн аравдугаар сарын 5-нд халдлагад
өртөж шархдаж байсан гэж Селангор мужийн
цагдаагийн газраас мэдээлсэн. Сибу дахь түүний
эзэмшлийн байшин руу гал нээж байсан. Утсаар
түүний амь насанд халдана гэсэн сүрдүүлэг
олон удаа ирж байсан гэж байсан. Өнгөрсөн
аравдугаар сард болсон дээрх халдлага болон даваа гаригийн хэрэг шууд холбоотой
байсан эсэх нь одоогоор батлагдаагүй ч хоёр хэргийг Селангор муж болон Сибу хотын
цагдаагийн газар шалгаж байгаа гэсэн.

-Тэд яаж танилцсан юм бол?

-Бизнесмэн залуу Номин-Эрдэнийг жил гаруйн өмнөөс мэддэг болсон гэж
мэдүүлсэн гэсэн. Тэд анх “WeChat” сошиал сүлжээгээр танилцсан болохыг цагдаагийнхан
тогтоосон гэсэн гэв.

­Манай талд ирсэн мэ­дээллээр
бүсгүй 2003 онд Малайз явна гэж Монголоос явсан байна. Түүнээс хойш дахиж
хилээр орж ирээгүй бөгөөд ар гэрийнхэндээ
нэг найзтайгаа хамт Малайз явлаа гэж хэлсэн гэнэ.

Д.МАРГАД

Categories
мэдээ цаг-үе

Х.Баасансүрэн: Миний нэг танил талархлын бясалгал хийгээд цоо эрүүл болж байсан

“Эрдэнэзуу” хий­дийн хамба лам Х.Баасан­сүрэнтэй ярилцлаа.

-Ууланд гурван сар орчим бясалгаад бууж ирсэн байх аа?

-Хоёр сар гаруй бясалгал хийлээ.

-Гэр бариад бясалгадаг уу, эсвэл агуйд уу?

– Би 2009 онд Эрдэнэзуугаас арваад км-ийн зайтай газар, ууланд бясалгалын жижигхэн сүм барьсан юм. Байнга очиж чадахгүй болохоор хашаандаа, газар дор бясалгадаг өрөө барьсан. “Эрдэнэ зуу”-даа байхдаа тэндээ суудаг. Бясалгал тогтмол байж үр дүн нь гардаг, ахидаг зүйл л дээ. Цагаан сараас хойш уулын сүмдээ суусан. Ер нь бясалгалд орчин их чухал байдаг. Тэр дундаа эхний шат ч юм уу, ахиж байгаа шатанд. Ийм үед зохистой орчин байхгүй бол үр дүнгүй болдог. Урьдын лам нар бясалгах гэж агуй руу явдаг байсан нь ийм учиртай.

-Лам нар бясалгах үедээ модон тагшинд хооллодог, өдөр бүр аяганыхаа амсрыг чулуунд үрж жижигсгэдэг, сүүлдээ бүр огт хоол идэх шаардлагагүй болдог гэж ирээд ярьцгаадаг. Урт хугацааны бясалгалын үед хоолон дээр ийм хатуу дэг барьдаг уу?

-Идэж байгаа зүйлс биед тодорхой хэмжээгээр үлддэг. Жишээ нь үхрийн мах идсэн бол үхрийн нэг хэсэг нь, хонины мах идсэн бол хонины нэг хэсэг нь гэх мэтээр ямар нэг байдлаар тодорхой мэдээллүүд биед үлддэг. Нөгөө талаасаа мах ч юм уу, хэт хүнд хоол идвэл бясалгалын үед сэргэг байж чаддаггүй. Тийм учраас хөнгөн хооллодог. Бясалгалын үед хоолыг хэт хүчилж хорьж болохгүй л дээ. Хүсвэл идэж болно. Гэхдээ бясалгал хийгээд байхаар хоолноос авах энергиэ өөр юмнаас авах боломжтой болдог. Түвшин ахиад ирвэл махнаас татгалзаж цагаан хоол руу, цагаан хоолноосоо дээшлээд зөвхөн жимс иддэг хэлбэр рүү ч орж болно. Эсвэл бүр ахиж ч болно.

-Та яаж хооллож байсан бэ?

-Миний хувьд элдэв хорио цээр байхгүй. Өдөрт нэг удаа хооллож байсан. Дан цагаан хоол идсэн. Бясалгалын хувьд хоол нэг номерын асуудал биш л дээ. Гэхдээ хоолоо зөв байлгавал үр дүн нь хурдан, бясалгал ахицтай явах бололцоотой. Номонд хоёр цагаас хойш хоол идэхийг хориглодог ёс бий. Энэ цагаас хойш шүдэнд торохоор зүйл идэхийг цаг бусын идээ гэж үздэг. Нөгөө талаар бага иднэ гэдэг маань цаад утгаараа буян. Маш олон амьтны амь аварч байгаа буян. Учир нь бидний хэрэглэж байгаа бүхэн хэмжээ хязгаартай. Зуун грамм мах идлээ гэж бодъё. Тэр махыг бүрдүүлэхийн тулд үхрийг тугал байхаас нь эхлээд усалсан байж таарна. Багахан хэмжээний ийм мах идэхэд л 15 тонн ус зарцуулсан гэсэн тооцоо байдаг. Ийм тоо сонссон хүн идэхгүй байж ширээ дүүрэн хоол авчихаад хаядгаа болино шүү дээ. Хоолоо ч бясалгал болгож болно. Бие доторх хорхойгоо хооллож байна шүү гэж бодоод идэх нь өөрөө бясалгал. Энэ мэтээр үйлдэж байгаа бүхнээ ухамсартай, сайн сайхан юмны төлөө зориулж хийх л юм бол бясалгал болчихож байгаа юм.

-Тэгвэл бясалгалыг энгийнээр ердөө л ухамсартайгаар бүх юмыг хийх гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Энгийнээр хэлбэл хийж байгаа юмаа мэдэж хийнэ гэсэн үг. Аягаа угааж байгаа бол огт өөр юм бодохгүйгээр “Би аяга угааж байна” хэмээн мэдэж хийхийг хэлээд байгаа юм. Өглөө босох, нүүр гараа угаах, ажилдаа явахдаа ч бясалгал хийж болно. Хийж байгаа үйлдэл бүрээ ажиглаж, ухамсартай үйлдэл хийж байвал, ямар бодол урсаад байгаагаа таньдаг бол тэр чинь бясалгал. Хүмүүс автобусанд явж байхдаа юу ч бодохгүйгээр зам дагуух хаягнуудыг харж явдаг. Би ийм хаяг уншиж байна даа гэж мэдэхгүйгээр дадал болгочихсон байдаг л даа. Тэр үйлдлээ л ухамсартай, мэдэж хийвэл бясалгал болно.

-Гэхдээ хүмүүс бясалгалыг огт өөрөөр ойлгоод дөлөөд байдаг. Наад зах нь нүдээ аниад нам гүм суух ёстой гэж төсөөлдөг. Ер нь бясалгал энгийн хүмүүст яагаад, ямар учраас хэрэгтэй вэ?

-Муу дадал, шунал, санаа зовнилоос зовлон эхэлдэг. Бүгд л бодол, сэтгэл хөдлөлөөс хамааралтай. Засъя гээд өөрчлөх боломжгүй л дээ. Сэтгэлээ өөрчлөх ганц л арга бий. Тэр нь бясалгал. Бясалгал бол хүнийг өөрчлөх, сэтгэл зүйг нь засах, тайван сайхан болгох хамгийн зөв зам.

Таны хэлснээр хүмүүс бясалгалыг нүдээ аниад юу ч бодохгүй суудаг мэтээр ойлгодог. Удаан сууж чадахгүй байх гэх мэт шалтгаан бодож олоод шантардаг. Бясалгал бол заавал нүдээ аньж суугаад хийх зүйл биш. Мэдээж тэгж чаддаг бол сайн. Өнөөгийн зав зайгүй нийгэмд амьдралынхаа хэв маягийг бясалгалын хэв маяг руу оруулж болно.

-Таны бясалгалын нэг өдрийг сонирхмоор байна. Өдрийн турш бясалгах уу?

-Ямар бясалгалаасаа хамаараад тунгаар хийдэг л дээ.

-Тунгаар хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Өглөөний бясалгалаа хийчихээд өдөр хооллох үедээ завсарладаг. Тэгээд үдээс хойшийн бясалгалаа хийнэ. Үдээс хойшийн бясалгалын дараа алхах ч юм уу, түр завсарлаж байгаад оройны бясалгалаа эхлэхийг тунгаар хийнэ гэдэг юм.

-Ууланд ганцаараа удаан хугацаанд бясалгал хийхээр эвгүйцэх үе гарах уу. Чононоос эхлээд…?

-Чоно зөндөө л дөө. Тэр бол нэг их чухал биш. Өөртөө гэхээс илүү тэр хавийн малд их санаа зовдог байсан. Чоно ирээд унагыг нь түүчих нь их хэцүү. Өөдөөс нь дуу гаргаад дөхөхөөр үргээд явчихдаг юм. Түүнээс биш хүн рүү дайрч ирнэ гэж байхгүй л дээ. Эсвэл оройдоо жаахан хашгирчихаад унтахад чоно дахиж ирдэггүй. Элдэв айдас гэхээс илүү харин ч байгальдаа байгаа учраас илүү жаргалтай шүү дээ. Бид хүнсээ сонгохдоо хүртэл аль болох дахин боловсруулаагүй, цэвэр байгалийнхийг сонгохыг хүсдэг. Хүн төрөлхтөн байгалийн амьтан гэдгийн л нэг жишээ. Та бодоод үз дээ. Хаалга онгойгоод л уул, хаалга онгойгоод л тал, үүд цэлсхийтэл нээгдээд л цэцэг жимс. Сонсоход хүртэл гоё байгаа биз. Гэтэл суурин газарт өөр. Хаалга онгойгоод л байшин, түгжрэл.

-Бясалгалын түвшин ахиад ирэхээр айдас гэх мэт таагүй мэдрэмжээс салдаг байх нь л дээ?

-Ер нь сэтгэл хөдлөл өндөр байх тусам зовлон ихэсдэг. Амархан баясч, гуньж, айх зэрэг бол сэтгэлийн савлагаанууд. Бясалгал хийнэ гэдэг дүүжин шиг савлаж буй сэтгэл хөдлөлийг луужин шиг тогтоон барьж байгаа хэрэг. Бид бусдаас хамаарч амьдардаг. Өнөөдөр нэг хүнээс муу үг сонсоод өдөржин гуньдаг, маргааш өөр нэгнээс магтаал дуулаад хөөрч дэвдэг. Хэн дуртай нь муу үг хэлээд уйлуулж байна гэхээр та өөрөө хэн болж таарах вэ, зовлон, жаргалаа бусдаас хамааралтай болгочихоор цаашдаа яах вэ. Жаргалын шалтгаан болсон зүйл чинь алга болбол жаргахаа байна гээд төсөөлөөд үз дээ. Мэдээж хэн ч ийм зүйл хүсэхгүй. Бясалгал хийх тусам хүн өөрийгөө илүү анзаарч эхэлдэг. Бусдаас хамаарахаа болино гэсэн үг. Тэр хэрээр гаднаас хамаарсан зовлон багасна. Аз жаргалын мэдрэмж дотроос чинь урсаж, гаднах зүйлс тэр мэдрэмжийг чинь улам хөглөж өгдөг байж л жинхэнэ аз жаргал ирнэ.

-Таны бясалгалын хи­чээлд суусан хэн ч бясалгалыг маш энгийнээр ойлгож, амьдралынхаа жи­рийн л нэг дадал болго­ход төвөггүй юм шиг санагд­сан. Бясалгалын курс хичээл­лүүлье гэж боддог уу?

-Би бясалгал заах дургүй. Өндөр түвшинд хүрч, хүнд заах хэмжээнд очсон гэж өөрийгөө үнэлдэггүй. Хүмүүсийн хүсэлтээр заадаг. Төрийн бус байгууллага маань хүүхэд рүү чиглэсэн хөтөлбөр, нийгмийн сайн сайхны төлөө ажил хийдэг юм. Бясалгалаас олсон орлогоороо тэр ажлаа санхүүжүүлэхийн тухайд гэдэг юм уу, хүнд үнэхээр хэрэгтэй гэдэг утгаар нь заадаг. Зорьж ирж байгаа хүмүүсийн хувьд үр дүн гарах магадлалтай учраас заадаг л даа. Алсдаа нийтэд зарлаад том хэмжээний бясалгалын курс явуулах бодол байхгүй. Зовлонгоо хуваалцаж, асуудлаа ярья гэж хүссэн хүнтэй бол ганцаарчлаад ч хамаагүй уулздаг.

Хэдэн цагаар ч хамаагүй сонсч, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх дуртай. Сэтгэл чинь яг эндээ очоод байна, үүнийгээ засахгүй бол ингэнэ гэх мэтээр зөвлөдөг. Энэ чиглэлээр ажиллавал үр дүнтэй юм болов уу гэж боддог. Хоригдлууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон гэх мэт асуудалтай хүмүүст зөвлөгөө өгдөг юм. Ер нь лам хүн чинь сэтгэл зүйч. Одооны лам нар сэтгэл зүйчийн хэмжээнд ажиллахгүй байгааг үгүйсгэхгүй. Үүнээс болж бөө удган, үздэг хардаг гэх мэт олон хүн гарч ирж хүмүүсийг хуурч, хөрөнгө мөнгөөр нь хохироогоод байх шиг санагддаг. Уг нь сэтгэл дотор нь болж байгаа зүйлсийг сайн ойлгуулж зөвлөгөө өгчихөд л асуудал шийдэгдчихнэ.

-Сүүлийн үед бясалгалын маш олон хэлбэр орж ирж, өчнөөн янзын курс хичээллэж байна. Ер нь бясалгалын хичнээн арга байдаг вэ?

-Хүн болгон тус бүрдээ давтагдашгүй бүтээл. Тийм болохоор яг танд тохирсон бясалгал өөр хүнд тохирох албагүй. Хүн бүрд тохирсон бясалгалын арга байж болно. Долоон тэрбум хүнд долоон тэрбум бясалгалын арга байхыг үгүйсгэхгүй. Хүн бүрийн сэтгэл зүй өөр учраас хүн бүрд тохирсон бясалгалын арга барил байх хэрэгтэй. Өөрт тохирсон бясалгалын арга барилаа олбол үр дүн нь хурдан гардаг. Монголд маш олон бясалгал орж ирж байгаа нь зөв гэж боддог. Хэчнээн доод зэрэглэлийн бясалгал байсан ч хүмүүсийг өөрчилдөг. Бясалгаж байгаа тохиолдолд хүн өөрчлөгдөх боломжтой. Манайх л зөв, миний сонгосон бясалгал л төгс гэсэн хандлага байдаг. Ийм хандлага төрж л байвал болоогүй байна гэсэн үг.

-Очир завилгаагаар суулган занданшуулсан шарил хэдэн сарын өмнө олдсон. Урьд цагт самадид орсон ийм лам, гэгээнтэн олон байсан гэдэг. Өндөр түвшинд бясалгадаг тэр уламжлал тасарсан уу, одоо ч бий юу?

-Тасраагүй. Лам нараас гадна бясалгаж байгаа энгийн хүмүүсийн дунд ч өндөр түвшинд хүрсэн хүн зөндөө бий. Бясалгах тусам хүний би гэх үзэл улам багасах учиртай. Өндөр түвшинд хүрсэн хүмүүст би гэсэн үзэл байхгүй учраас чимээгүй байдаг. Миний мэдэхийн өндөр түвшинд бясалгадаг гуч, дөчөөр тоологдох хүмүүс бий. Энгийн хүмүүсийн хувьд зарим нь өөрсдийгөө мэдэхгүй байх нь бий. Зүгээр ярьж суухад хүртэл мэдрэгддэг. Тийм хүмүүстэй ярилцаад сууж байхдаа би ийм түвшинд хүрээгүй байна даа гэж боддог. Над шиг даруу бус, эгондоо баригдсан хүн л ярилцлага өгөөд ч юм уу, иймэрхүү байдалд орж байгаа юм. Өндөр түвшинд хүрсэн бол өгөхгүй гээд зугтаана шүү дээ. Тэгэхээр би болоогүй л байна гэсэн үг.

-Гэхдээ нийгэмд сайныг түгээнэ, эерэгээр нөлөөлнө гэдэг талаас нь харвал харин ч зөв үйл хийж байгаа юм биш үү?

-Хэцүү л дээ. Ярвигтай асуудал. Бүдүүн түвшинд бол “Нээрээ тийм тал ч бий шүү” гээд тоохгүй байж болно л доо. Гэхдээ нарийн түвшинд бол өөр. Бусдад үнэхээр тус болж чадаж байвал хайраараа шалгуур тавих ёстой. Тэр хүнийг энэрч хайрлаж, тусалж, өөрчлөгдөх боломж олгож байвал “Би зүгээр сууж, дуугүй байж болохгүй дээ” гэж бодож болох юм. Ийм шалтгаанаар өөрийгөө өмөөрч болох л байх.

-Хүмүүс бясалгалыг эрүүл мэнд талаас нь харж, их сонирхдог болж. Эрүүлжихийн тулд хийдэг тусгай бясалгал гэж байх уу?

-Бясалгал бол дандаа сэтгэл дээр тулгуурладаг. Сэтгэл амгалан тайван байвал бие махбоди дагаад эрүүлжих боломжтой. Бие өвдөхөд сэтгэл хямардаг, сэтгэл хямрахаар бие өвддөг гэдэг дээ. Тэгэхээр бясалгал сэтгэлийг тайвшруулдаг гэдэг утгаараа биед ч нөлөөлнө. Рейки гэх мэт бие махбодьтой хамаатай бясалгал өчнөөн бий.

-Хорт хавдраар өвчилсөн хүн бясалгаад эрүүлжсэн жишээ нэлээд сонсогддог. Ийм боломж бясалгалд үнэхээр бий юу?

-Боломжтой. Магадлалын хувьд бясалгал хийсэн бүхэн эрүүлжих албагүй л дээ. Гэхдээ хүнээсээ, хавдрын байдлаасаа, оролдлого, зөв арга барилаасаа хамаарч эерэг өөрчлөлт гарах бололцоотой. Сэтгэл амгалан байхаар дагаад бие эрүүлжсэн жишээ олон бий. Миний нэг таньдаг хүн талархлын бясалгалыг жил хийсэн юм. Хүчний байгууллагад ажилладаг хүн л дээ. Байгууллагаараа эрүүл мэндийн үзлэгт орсон чинь их олон өвчтэй гарсан юм билээ. Гэхдээ аминд хүрэхээр ноцтой өвчнүүд байгаагүй. Тэр хүн надтай лекцэн дээр таарсны дараахнаас талархлын бясалгал хийсэн гэсэн. Өдөр бүр дуртай аялгуугаа сонсоод талархаад байж. Жилийн дараа эрүүл мэндийн үзлэгт дахиад ортол ганцаараа цоо эрүүл гарсан үр дүн бий. Ямар ч эмчилгээ хийгээгүй хэрнээ эрүүл гарсан гэж надад хэлж байсан.

-Талархлын бясалгалаа манай уншигчдад зааж өгөх боломжтой юу?

-Бололгүй яахав, их энгийн бясалгал. Миний хамгийн хийх дуртай бясалгал. Юм бүхэнд талархсан, баярласан сэтгэлээр хандаж сурна гэсэн үг л дээ. Дуртай аялгуугаа тавиад аялгуундаа уусангаа талархахад л болно. “Баярлалаа аав, ээж минь. Ямар их хүч чармайлт, хайр энэрлээр намайг хүн болгосон юм бэ, та хоёр минь” гэж ирээд таларх. Талархмаар хүмүүс амьдралд зөндөө бий. Талархлаа хэлж чаддаггүй гэм бидэнд бий. Тэр дундаа монгол хүмүүс. Дотроо бодож явдаг хэрнээ баярласан сэтгэлээ илэрхийлж чаддаггүй. Би эхлээд бурханд талархдаг юм. Тэгээд багш нартаа, аав ээждээ, найзууддаа талархдаг. Хүн үлдээчих вий дээ гэж талархдаг. Дараа нь эд зүйлсдээ талархдаг. Биед эвтэйхэн байдаг хувцсандаа талархаад үзээрэй, үр дүнд нь та сайхан харагдана. Тэгээд дараа нь оршихуй руу, таньдаг мэддэг бүх хүн, нар сар, уулс, үүлс гээд энэ орчлонд талархах зүйл өчнөөн бий. Сайндаа л 10, 15 минутаар өдөр бүр хийгээд байвал гайхалтай үр дүн мэдрэгдэнэ. Амлаж байна. Чин сэтгэлээсээ хийж чадвал сарын дотор маш олон өөрчлөлт гарна.

-Та “Эрдэнэ зуу руу хэзээ явах вэ?

-Маргааш(өнөөдөр) явна.

-Ер нь цаашдаа Эрдэнэ зуудаа л байх хүсэлтэй юу?

-Ямар нэгэн төлөвлөгөө байхгүй. Би хаана байхаас хамаарахгүйгээр тухайн агшин хоромд аз жаргалтай байхыг хүсдэг. Өнгөрсний харуусал, ирээдүйн мөрөөсөл хоёроос болж л бид зовдог. Би тэгсэндээ гэж өнгөрснөөр өөрийгөө дарамталж, эсвэл ирээдүйд тийм юмтай л болбол жаргана гэж аз жаргалд маш том шалгуур тавьчихдаг. Тэгээд тэрэндээ хүрэхгүй дандаа сэтгэл дундуур амьдардаг. Зүй нь бүх юм яг одоо, энэ мөчид л болж байгаа. Тэгэхээр би Эрдэнэзууд байна уу, гадаадад байна уу, хаанаас ч хамаарахгүйгээр тэр мөчдөө л уусч байвал аз жаргалтай амьдарч чадна. Ажлаа ч аз жаргалтай хийх ёстой. Өглөө бүр хүнд ажил хийж өгч байгаа мэт хандаж ажил руугаа явдаг хүмүүс олон бий.

Гэтэл таны амьдралын үнэтэй мөч хором бүр урссаар байдаг. Хүн дунджаар 20 жил ажиллалаа гэхэд бүтэн таван жил буюу 40 мянган цагийг зөвхөн ажил дээрээ өнгөрөөдөг гэсэн тооцоо бий. Хүнд ажил хийж өгч байгаа мэт сэтгэлээр өнгөрөөсөн бол амьдралын үнэтэй цаг чинь тэр хэрээр хорогдохоос биш даргын чинь цаг хорогдохгүй гэдгийг ухаарах хэрэгтэй л дээ.