Categories
мэдээ нийгэм

Тусгай зориулалтын машинуудад таних тэмдэг тавина

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас тогтсон усыг нэг тонн, арван тонны багтаамж бүхий тусгай зориулалтын гурван машинаар тухай бүр соруулж, зайлуулах ажлыг хийдэг. Үүнийг хүмүүс бохир усаа Туул гол руу асгаж байна хэмээн буруугаар ойлгох болжээ.  Гэтэл энэ нь хүмүүсийн ойлгож байгаа шиг ахуйн бохир биш бөгөөд нийтийн эзэмшлийн зам талбай болон автозам дээр тогтсон борооны ус юм. Улаанбаатар хот нь ариутгах татуургын салангад системтэй төлөвлөгдсөн бөгөөд автозамын ус зайлуулах шугам,  далан сувгууд нь шууд гол руу нийлж, борооны усаа хаядаг онцлогтой. Тиймээс цаашид  ус соруулдаг тусгай зориулалтын машинуудад “Борооны ус” таних тэмдэг тавихаар болжээ. 

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Өнгө будаг нь цацарсан ҮЗЭСГЭЛЭНТ БРАЗИЛ

Дэлхийн сая сая хүн  тэр аяараа хөл бөмбөгөөр давалгаалах сэтгэл хөдөлгөсөн ховорхон өдрүүдэд уншигч олондоо Бразил орноор аялсан аян замын тэмдэглэлээ хуваалцахыг ихэд хүслээ.  

Ингээд нуршилгүйхэн тэмдэглэлээ хүргэе. Манай гэр бүл аяллынхаа анхны алхмыг Вашигтон дахь Бразилийн элчин сайдын яамаас виз авахаар эхэллээ. Хамгаалалтын албаны хар хөх өнгийн формтой өндөр, бахь биетэй бразил залуу биднийг харан  инээмсэглэсээр элчингийн шилэн хүнд хаалгыг түлхэн онгойлгов. Тэрээр  богино ханцуйтай  форм өмсчээ. Хоёр гар нь бугуйгаа хүртэл битүү шивээстэй. Зүүн нүднийхээ өтгөн хар хөмсгийн дундуур ташуу зураас гарган  зориуд гурван хэсэг болгон тасалжээ. Элчингээр орж гарах хүмүүс  “панк” эрийг  зэрвэсхэн хараад л өнгөрцгөөнө. Гаднах байдлаараа этгээд харагдах ч бразил хүний найрсаг зангаар жижиг зүйлс дээр ч төвөгшөөлгүй сэтгэлээсээ тусалсны ачаар бидний виз хурдан  шуурхай гарчихав. Ажилдаа хариуцлагатай залуу маань үүд хүртэл биднийг гарган өгч аян замын дөрөөг бэлгэ дэмбэрэлтэй сайхан үгээр мялаасанд бид гурав ч сэтгэлээсээ талархсаар саллаа. Майамигаар дамжин Рио-де- Жанейро ороход найман цаг гаруй болдог аж. “Рио-де- Жанейро”  буюу “Нэг сарын гол” хэмээх их хотын гудамжинд хөл тавьмагц л  зургаан сая гаруй хүн амын шигүү бөгөөд бужигнасан амьдралыг  ”арьсаараа”  л мэдэрч билээ.( Бразилийн нийт хүн ам 202, 694, 000, дэлхийд дээрээсээ тавд орно)

Суусан таксины жолооч бүлтгэр хар нүдтэй, гялтганасан бор залуу. Онгорхой цонхоороо салхи шуугиулан давхингаа, урд  толио үе үе харна.  Бидэнтэй харц тулгармагцаа томоос том цагаан шүд гарган инээмсэглэж нэлээд аялгатай англи хэлээр нөхөртэй маань яриа эхэлж хотоо танилцуулж гарлаа. Замын хажуугаар харагдах хямд төсөр барилгуудын  өнгө төрх, хэлбэр үзэмж нь цаашлах тутмаа аажим сайжирсаар нэг л мэдэхэд амьдралын өртөг ихтэй  Атлантын далайн хөвөө даган унасан дэлхийн  сайхны нэгэнд  тооцогдох  үзэсгэлэнт Copacabana-Копакабана эрэгт ирцгээлээ. Гадаа сүүдрэвч доор сууцгаан хүйтэн шар айраг шимэх царай тунгалаг,  дэгжин хүмүүс толгой дохин инээмсэглэх нь зан сайтайг илэрхийлэх ажуу. 

Халууцсаныг хэлэх юм биш. Сэрүүхэн тохилог буудлынхаа өрөөнд орж  цүнх саваасаа салж, гутлаа тайлахад ядарсан хөлийн улыг хүйтэн гантиг шал сэрүүн татуулан жигнэх нь  хичнээн таатай. Цонхны  зузаан хөшгийг яран дэлгэмэгц гэв гэнэт  нүдний өмнө гайхамшигт зурагтай номны хуудас дэлгэгдэх  мэтээ…  Нэг л итгэмээргүй гоё… Хараа үл салгам үнэхээр сайхан харагдах аж. Байгаль эх энэ нутгийнханд юу ч харамлаагүй мэт. Мянга мянган жилийг элээсэн, геологийн цаг тооллоор маш эртнийд тооцогдох мөлийж мохоо болсон оройтой помбогор бөөрөнхий хэлбэрт аварга уулс нь нууцлаг бөгөөд сүрлэг.  Яг л үлгэрийн мэт энэхүү өндөр уулсын ёроолоор Атлантын далайн номин цэнхэр ус  түрэн орж, эрэг хормойгоороо цав цагаан торгон элсээр эх газраас өөрийгөө таслан  тусгаарлажээ. Байгалийн энэхүү гайхамшгийг  цааш үргэлжлүүлэгч нь гадаа талбайн нэрт  архитектор  Роберто Маркс. Түүний уран сэтгэмжээр 1970 онд бүтээсэн далайн үелзсэн давалгааг дүрслэн хар цагаан чулуугаар хослуулан шигтгэсэн, дөрвөн км үргэлжлэх явган хүний зам  үнэхээр гайхам. Гүн цэнхэр далайнхаа дундуур шугам шиг зурайтал татсан 14 км орчим урт  гүүр барьжээ. Харц татам урлагийн бүтээл болсон энэ гоёмсог гүүр  Рио хот хуучин нийслэл Нитерой хоёрыг холбодог. Өдөрт дунджаар 140 мянга гаруй машин зорчдог байна. Хамгийн сонирхолтой нь гүүрийг  бүр  анх 1875 онд барихаар төлөвлөж байсан байх юм. Үеэс үе дамжсан энэхүү мөрөөдлийг  1974 онд буюу бараг 100 жилийн дараа  биелүүлсэн хүн бол Бразилийн архитекторуудын  “сор” гэгддэг Оскар Нимейер юм. Энэ эрхэм  Нью-Йорк дахь НҮБ-ын барилгыг барихад хүртэл гар бие оролцож явжээ. 

Өдрийн наранд далайд  сэлж, биеэ шарж,  эргээр нь хоол унд эргүүлсэн, дуулж хуурдсан хүмүүс байсан бол харин үдэш чийдэнгийн гэрэлд нүцгэн хөлөөрөө элс бужигнатал гар, хөл бөмбөг тоглох хүмүүс олон юм. Заримдаа нэгэн төрлийн бүжиг хийгээд ч байгаа мэт сонин санагдана. Далай дагасан амьдрал үеийн  үед л ийм байж дээ гэхчилэн элдвийг бодсоор сонирхон явж байтал  нөхөр, хүү хоёр маань өлсөж байна хэмээн дуу дуугаа авалцан сүйд болцгоов.

Шөнийн амьдрал ч ид цэцэглэж хоол зоогийн газар чөлөө завгүй. Бид хэд ч Бразилийн үндэсний зоогийн газарт зориуд орцгоов. Манай барилгын дэлгүүрт тэнгэрт хадсан үнэтэй байдаг бразил чулуугаар эндэхийн зоогийн газар ханаа битүү доторлочихож.  Арай л  тайзаа бүрээгүй юм уу даа. Бразилчууд гоёмсог сайхан гантиг чулуугаар хана туургаа ёстой л чимэглэе гэж чимэглэжээ.  Дашрамд хэлэхэд байгалийн нөөц баялагтай  энэ орон манайд нүдний гэм байдаг халтар мана, гартаам гээд гуч гаруй төрлийн үнэт чулуутай. Түүгээрээ нутгийнхаа шувуу загасыг  амьд мэт хийсэн нь тун гоёмсог.  Гял цал ресторанд ороод суумагц эргэн тойрон дандаа эрэгтэй зөөгчид үйлчилж байгааг хараад   нэг  л хачин  санагдаад явчихав.  Лалын шашинт Пакистанд амьдарч байсан дурсамжууд сэтгэлд сэр хийх нь тэр. Удаж төдөлгүй бидний ширээ амт сайтай шинэхэн ногоо, анхилам үнэрт жимс, шинэхэн талхаар дүүрэв. Хоёр залуу  метр гаруй, хальт харвал сэлэм гэж харахаар төмөр шоронд сүлбэсэн,  атгасан гарын дайтай шарсан хэдэн хэсэг махыг том балиус хутгаар шүүс дуслуулан хүн болгоны  тавган дээр зүсэж өглөө. Алдарт бразил үхрийн мах аргагүй л амттай зөөлөн байна хэмээсээр бид амтархав. Бразил үхрийнхээ тоогоор Энэтхэгийн дараа ордог улс.  Дэлхийн уушги хэмээдэг Амазоны үржил шимт өвс ургамлыг  хоол тэжээлээ болгосон эрүүл чийрэг бразил үхэр сүргийн ашиг шим, ялангуяа  мах экспортлолт сүүлийн таван жил дэлхийд рекорд тогтоожээ.  Америк болон хөрш орнуудад махаа экспортолдог төдийгүй орон нутгуудад мянга мянган ажлын байруудыг гаргадаг улс. Зөвхөн үхрийн мах нь улсынхаа  эдийн засагт хоёр тэрбум ам.доллар оруулж чаддаг. Биднийг орж ирэхэд л байсан  португал хэлээрээ шуугилдан шулагнаж байсан хүмүүсийн хоол өндөрлөх шинж огтхон ч алга. Тэгсхийж байгаад бид гурав ч буудлынхаа зүг хөдөлцгөөв.

Маргааш өглөө эрт  буржгар шар үст Марта аль хэдийнээ ирчихсэн  задгай  цагаан жип машины жолооч эртэй хөөрөлдөн биднийг хүлээн буудлын гадаа   зогсч байв. Төлөвлөгөө ёсоор Рио хотын нэрт цэцэгт хүрээлэнг зорилоо, замдаа  дөрвөн франц,  аргентин хосуудыг  аваад “Тижука” үзэсгэлэнт ойг зорилоо.

Анх 1808 онд Португалийн хаан Жон VI, Бразилд байдаггүй мод ургамлыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулан энэхүү ойд тарьж байсан нь бидний очих газар. Тэрээр Энэтхэгийн баруун хэсгээс задь, чинжүү зэрэг ховор нандин бүхнийг авчирч  нутагтаа тарьж чаджээ. Тэгээд1822 онд зул сарын баяраар нээлтээ хийж ард түмнээ оруулж байсан тухай түүхэнд тэмдэглэгджээ. Үзэсгэлэнт ойн усан цөөрөмд хөөрхөн яст мэлхийнүүд амар амирлангуй хөвж зарим нь наранд биеэ ээн тухлах аж. Нийт 540 мянган хавтгай дөрвөлжин  километр  газарт дэлхийд ховордсон ургамал модноос эхлэн ойролцоогоор 6500 төрлийн чамин ховор цэцэг, навч, кактус, зуу гаруй төрлийн үзэсгэлэнт шувуудтай үзэсгэлэнтэй ой юм. За тэгээд байгалийн музей, хоол зуушны газрууд, уран баримал, усан оргилуур, эртний чулуун шигтгээт баннёс гээд  бүгдийг нэг дор цогцлоожээ. Өндөр хадан хавцлаас солонго татуулан унах хүрхрээний ойролцоо сууцгааж,  ус уун зураг авцгааж түрхэн амарч  амжив.  Угийн яриа хөөрөө сайтай Марта халуун орны хамгийн сайхан гэсэн бүхнийг тайлбарласаар хүчирхэг аварга хүрэн улаан моддыг зааж “бразил мод” гэв. Хүчирхэг энэ сайхан модноос өнөө улаан будаг гаргадаг алдарт бразил самар ургадаг аж. Португалийн язгууртан, армийн командлагч  Педро Алварес Кабрал 1500 онд энд газардсанаар  колончлол эхэлжээ. Шинэ орныг нэрлэхдээ  хамгийн эртний хуучны модны нэрээр “Бразил” хэмээсэн байна. Аялагч бид  нилээн хугацаанд их ч юм үзсэн тул ойгоос гарцгаан машиндаа сууж, элдвийг хуучилсаар 700 гаруй метр өндөр үзэсгэлэнт Корковадо ууланд очицгоов.

Тэртээ дээр уулын оргил оройд дэлхийн гайхамшгийн нэгэнд зүй ёсоор ордог гараа алдлан дэлгэсэн 40 орчим метр өндөр, нүсэр том харагдах Исус Христосийн хөшөөний зүг өгсөцгөөв. Тэртээ өндөрт толгой дээгүүр нь хөвөн цагаан үүлс нүүж, тэртээ доор далайн ус цэнхэртэн өтгөн нов ногоохон модод дундаас хашийн  цагаан барилгууд наранд гялтагнасан  их хотоо харан зогсох “эзэн Исус” нь сүрдэм.  Хамгийн анх 1850 онд хөшөөг энд босгох саналыг хамба лам Винсентайн гаргасан түүхтэй. Хотынхоо хамгийн өндөрлөг, байгалийн “эрхэм тансаг” оройн дээд газартаа шүтээнээ  залж чаджээ. Бразилчуудын дунд шүтлэг бишрэлтэй нь холбогдсон  нэн сонирхолтой судалгааг хэлэхэд хүн амынх нь 97 хувь бурханд итгэдэг харин нэг хувь нь  огт итгэдэггүй байна. Шүтлэг ихтэй энэ орон уран хийц чамин загвартай олон арван сайхан сүм дугантай. Шашныхаа зан үйлийг  далайн эрэг гудамж  талбайд  гүйцэтгэж байх нь олонтаа тааралдана.

Өдөржингөө  уул усаар явсан бид Мартагаас салж, усанд орж, хувцсаа солиод,  шинэхэн ногоотой хөнгөхөн хоол идэж биеэ сэргээж  аваад сэрүү унамагц Лапа гэдэг урлаг соёл, шөнийн дуу хөгжмөөрөө алдартай газрыг зорилоо. Жолооч биднийг бужигнасан улсын дунд буулгачихаад л давхиад явчихав. Эргэн тойрон дуу хөгжим  хангинаж, энд тэндгүй бүжиглэсэн хүмүүс.  Замаар дүүрэн хөгжилдөн инээсэн улс хөлхөлдөнө. Анх хараад юунд ороод ирчихэв ээ хэмээн өөрийн эрхгүй  цочин дуу алдаж билээ. Халуун цуст бразилчууд ёстой л  бужигнан  буцалдаг юм билээ, тэнд. Бөмбөрийн эрч хүчтэй жавхаат аялгуу, хийморь золбоо сэргээх бүжгийн увидаст  хүч  зүрх сэтгэл дэх зовиур гунигийг элдэн хөөх мэт нэг л сайхан санагдсан шүү. Хөгшин залуу, эр эм, хар шар гэлтгүй  ичих зовж биеэ барих зүйл энд алга. Бүгд л  өөрөө өөрийнхөөрөө байх нь хичнээн сайхан, нэг л эрх чөлөөтэй. Ийн бужигнаж явахад өргөн замын голд дунд бүжиглэх  цав  цагаан үс,  хөмсөгтэй, саарал өмдтэй,  туранхай өвгөн миний анхаарлыг ихээр татаж билээ. Тэрээр цагаан цамцныхаа ханцуйг шууж судас шөрмөс гүрийсэн туранхай  гараа дээш  нь шидлэн гав ганцаараа бүжнэ. Өнгөрөн зөрөх охид залуус хэсэгхэн зуур өвгөнтэй зэргэцэн бүжиж байгаад орхиод л явна. Тэгж байтал  нэгэн хижээл эмэгтэй ирээд бас л хамт хөл нийлүүлэн бүжиж байгаад  яваад өгөх жишээтэй. Урсан өнгөрөх олон мянган хүнээс хэн нь ч  өвгөнийг гадуурхаж, дооглож шоолохгүй нь үнэхээр гайхам сайхан. Одоогоос  500 жилийн тэртээд африк, европ, америкийн индианчуудын өв уламжлал дээр хөгжсөн Бразилийн дуу бүжиг олон ястан үндэстэн сая сая ард түмнээ хооронд нь сэтгэл зүрхээр нь  холбон зангидсан мэт санагдаж билээ. 

Д. АЗЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Шалгарсан Засаг дарга нарт байрны урьдчилгаа өгнө

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг угтаж нийслэлийн хороодын Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарлажээ.

Уралдаанд нийслэлийн 152 хорооны Засаг дарга нар оролцох ба 09 дүгээр сарын 15-ны өдөр оролцогчдын материалыг хүлээн авч, I, II шатны шалгаруулалтыг хийх аж.  Болзолт уралдаанд шалгарсан 20 хорооны Засаг даргад орон сууц (60 хүртэл м2) худалдан авахад нь зориулан урьдчилгаа төлбөрийн  20%-ийн хөнгөлөлт үзүүлэх эрхээр шагнах юм байна.  Орон сууцны урьдчилгаанд олгох хөнгөлөлтийг орон сууц худалдан авах байгууллага руу бэлэн бусаар шилжүүлнэ гэж мэдээллээ.

Энэхүү уралдаан нь  Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, “Ухаалаг–Улаанбаатар” хөтөлбөр, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээг  үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг  идэвхижүүлэх зорилготой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын замд суурь хучилт хийлээ

Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам барих ажлыг “ЭСТО” ХХК он дамжуулан гүйцэтгэж байна. Зайсангийн уулзвараас зүүн тийш Скай ресорт хүртэл 10 км замын суурь хучилтыг хийж нээснээр баяр наадмын өмнө Богд уулын арын замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлж эхэллээ. Энэ хэсэгт наадмын дараа өнгө хучилтын ажил хийгдэх юм. Харин Зайсангаас баруун тийш үргэлжлэх замын суурь ба өнгө хучилтыг 8 дугаар сарын 01-нээс өмнө хийж хүлээлгэж өгөх гэрээтэй. Богд уулын арын зам нь огцом эргэлт ихтэй тул туузан хашлага хийнэ. Хотын зүүн хэсгээс төв замд ачаалал өгөлгүй Яармаг-Нисэх чиглэлд шууд нэвтрэх энэ замыг “ЭСТО” компанийн замчид гурван бригадаар, 24 цагт хоёр ээлжээр барьж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын захиргаа цахилгаанаар ажилладаг машиныг туршилтаар ашиглана

 Япон Улсын Мицүбүши моторс корпорациас хоёр цахилгаан машиныг нийслэлд хандивлажээ.  Энэ машин нь 100 хувь цахилгаанаар ажилладаг  бөгөөд хэрэглээнээсээ шалтгаалан бүрэн цэнэглэсэн тохиолдолд 150 км замыг туулах хүчин чадалтай юм байна. Мицүбүши моторс корпорацийн ахлах сургагч Цитому Хагивара  “Энэ машин зөвхөн байгаль орчинд ээлтэй төдийгүй эдийн засгийн хувьд маш их хэмнэлт авчирдаг.   2011 онд Японд болсон аймшигт цунамигийн үеэр гамшигт нэрвэгсэдэд туслах  тээврийн хэрэгсэл нь бидний цахилгаан машин байсан юм.  Хорт утаа ялгаруулахгүй, агаар бохирдуулахгүй, байгаль орчинд ээлтэй,  дуу чимээ бага, ердийн болон хурдан гэсэн хоёр төрлийн цэнэглэгч суурилуулсан гэх мэт олон давуу талтай”  гэж онцлож байлаа. 

Хэрэв туршилтын автомашин нь  үр дүнгээ өгвөл хотын захиргаа Япон Улсын Мицүбүши Моторстой  цахилгаан машин нийлүүлэх тал дээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм. Хандиваар өгсөн машиныг НЗДТГ болон Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар албан хэрэгцээндээ ашиглана  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

“Бүтээлч Монгол” наадмын үзэсгэлэн “Мишээл экспод” гарна

Шинэчлэлийн Засгийн газраас ажилтай, орлоготой Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөрийн яам, Мишээл экспо төв хамтран Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний Их баяр наадмыг угтаж “Бүтээлч Монгол” наадмын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн долдугаар сарын 4-8 ныг хүртэл үргэлжилнэх гэнэ. Үзэсгэлэнд есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэгч 120-180 аж ахуйн нэгж оролцох аж. Наадмын гоёл дээл, даалин, алт мөнгөн эдлэл, монгол гутал, тэлээ гэх мэт үндэсний үйлдвэрлэгчдийн хийдэг бүхий л зүйл тавигдах юм байна. Уг үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүмүүст наадмын хуушуур, айргаар үйлчлэх аж. Үзэсгэлэнд 4-8 ханатай сийлбэртэй болон уянгын гэрүүд тавигдах бол уг үзэсгэлэнд худалдаа наймаа эрхлэгчид үндэсний хувцастай үйлчлэх юм байна. Үндэсний үйлдвэрлэгч нар оролцож байгаа учраас бүх юм үйлдвэрийнхээ үнээр байна гэж “Мишээл экспо” төвийн менежер С.Удвал хэллээ. 

У.Ууганцэцэг

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаар 2015 оноос хойшхи хөгжлийн зорилгыг хэлэлцжээ

БОНХЯ-ны “Хаан” танхимд БОНХ-ийн сайд С.Оюун өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. НҮБ-ын байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган өнгөрсөн сарын 23-27-ны өдрүүдэд Кени улсын Найроби хотноо НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн төв байранд болж өнгөрсөн билээ. Чуулганы төлөөлөгчид эхний өдрийн хуралдаанаараа байгаль орчны Ассамблейн анхны Ерөнхийлөгчөөр БОНХ-ийн сайд, доктор Санжаасүрэнгийн Оюуныг санал нэгтэй сонгосон. Байгаль орчны Ассамблейн анхны Ерөнхийлөгч нь Монгол хүн, НҮБ-ын хүрээнд сонгуулиар гарч байгаа хамгийн өндөр сонгуульт албан тушаал юм.

С.Оюун 2016 оны зургаадугаар сар хүртэл энэхүү сонгуульт албан тушаалаа хаших хугацаандаа:

– НҮБ-ын байгаль орчны Ассамблейг олон улсын бусад байгууллагуудад, тухайлбал НҮБ-ын Ерөнхий Ассамблейд төлөөлнө.

– Чуулган хоорондын товчоо (Товчоо НҮБ-ын гишүүн 193 орныг төлөөлж сонгогдсон 10 гишүүнтэй удирдах бүтэц юм)-г удирдаж, жилд хоёроос доошгүй удаа болох хуралдааныг даргална.

Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаар байгаль орчны хуулийн засаглал, ногоон эдийн засгийн санхүүгийн механизм, зэрлэг ан амьтан, ургамлын хууль бус худалдаа, байгаль орчны тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлий дэмжсэн тогтвортой хөгжлийн болон 2015 оноос хойшхи хөгжлийн зорилго зэрэг асуудлыг хэлэлцэж, төгсгөлийн баримт бичиг гаргасан байна. 

Б.Уранчимэг

Categories
мэдээ нийгэм

“Номин тав трейд” ХХК 10 сая төгрөгөөр торгууллаа

Өнөөдөр ШӨХТГ-т Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар хэвлэлтийн бага хурал хийлээ. Хуралд дараахь мэдээллүүдийг хүргэв.

1.Тус газраас гадаад улсад сургууль болон ажилд зуучлах, гадаад хэлний сургалт явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад хамрагдсан нэр бүхий 26 аж ахуйн нэгж Аж ахуйн үйл ажиллагааы тухай хуулийг зөрчиж, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан байна. Зөрчлүүдийг тогтоож, зөрчлийг арилгуулахаар нэг сарын хугацаанд албан шаардлага хүргүүлж ажиллажээ.

2.Мөн Сантис боловсролын академи ХХК-д гомдол гаргасан 40-н иргэний өргөдлийн дагуу хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг худал, зөрүүтэй мэдээлсэн, сургалтын төлбөрт нэмж оюутан бүрээс 310.000 төгрөг төлөхийг шаардсан үйлдэл нь хууль зөрчсөн. Сантис боловсролын академи ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, Б.Уранзаяа нарын 40 иргэнийг 12.400.000 төгрөгөөс чөлөөлүүлж, дипломыг нь олгуулжээ.

3.Номин тав трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй (есөөр төгссөн үнийн дүнд нэг төгрөг хариулж өгдөггүй) ШӨХТГ-ын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцүүлэх шүүх хуралдаанд оролцож ажилласан. “Монгол банк”-д нэг төгрөг гүйлгээнд байдаггүй учир Номин тав трейд ХХК-д 10 сая төгрөгийн торгууль ногдуулах шийдвэрийг хэвээр үлдээжээ.

4.Түүнчлэн барилгын ажил үйлчилгээ эрхлэгч ААН-ийн үйл ажиллагаанд хийж байгаа хяналт шалгалтын ажил үргэлжлэн хийгдэж байна. МД Тоф ХХК нь Монгол улсын стандарт МNS 6058:2009 “Орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал”-ын 7.2-т “Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна” дахь заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх хэрэгсэхгүй болгосон.

Categories
мэдээ нийгэм

Цай эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

Эрүүл мэндэд тус болдог нэгэн хоргүй эм бол төрөл бүрийн байгалийн гаралтай цай байдаг. Энэ нь үе мөчний өвчин, хуянгаас эхлээд гэдэсний өвчинг дарах чадалтай байдаг. Тэгвэл ямар цай эрүүл мэндэд, ямар сайн нөлөө үзүүлдэг болохыг мэдэцгээе.

1. Хар цай. Өтгөн идээгээр баялаг хар цай нь бактери болон үрэвслийн эсрэг хүчил агуулдаг бөгөөд суулгалт өвчний үед сайнаар нөлөөлдөг. 

Цайны нойтон уутыг зүссэн шарх, зөгий, шумууланд хазуулсан хэсэг дээр тавихад хавдрыг бууруулдаг бөгөөд шүдний өвчинг намдааж, нүд ядарч, өвдсөн үед амраадаг. Халгайнд түлэгдсэн үед нойтон цайны уут дэвтээж тавих хэрэгтэй. Хар цайнд агуулагддаг шүлт нь уруул дээр гарсан яр шархны хүчлийг саармагжуулж, өвчинг намдаана. Өдөрт 3-4 удаа чийгтэй, хүйтэн цайны уутыг яр гарсан хэсэг дээр тавина. Хар цайнд хөлөө дүрж байлгаснаар бактерыг устгаж, хөлсний нүхийг агшаадаг учир их хөлөрхөөс сэргийлж, хөлний эвгүй үнэрийг багасгана. 

2. Ногоон цай. Эрдэмтдийн баталж байгаагаар ногоон цайнд агуулагддаг полифинол нь хавдраас сэргийлэх чухал үүрэгтэй ажээ. 

Энэхүү бодис нь хавдрын эсийн тархалтыг багасгаж, устгадаг байна. Судалгаанд оролцсон хөхний хавдартай 472 эмэгтэй ногоон цайг байнга ууснаар хавдрын тархалт буурсан бас арьсны хавдрын туршилтаар ногоон цай ууж байсан амьтад бүгд эерэг үзүүлэлт үзүүлж байсан байна. Мөн ногоон цай нь зүрхний шигдээс өвчнөөр нас барах эрсдлийг бууруулж, шүдний цооролтыг багасгаж, оюун санааны эрт хөгшрөлтөөс сэргийлдэг аж. Ногоон цайгаар нүүрээ угаавал батганы толбыг бүдгэрүүлдэг.

3. Гаатай цай. Гаатай цай нь хоол шингээх үйл явцад сайнаар нөлөөлдөг ба өтгөн хаталт, дотор муухайрах, бөөлжих зэргийг намдаадаг. 

Хоолны өмнө нэг аяга гаатай цай ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, ялангуяа өөх тостой хоолыг хурдан шингэхэд тусална. Мөн гаатай цай нь хоолойн өвчнийг намдаадаг ба хүйтэн гаатай цайнд хөлөө дүрвэл тайвшруулж, амраана.

4. Удвал цэцгийн цай: Удвал цэцгийн цайг шимж уух эсвэл удвал цэцэгтэй усанд орсноор стресс, уур уцаарыг арилгадаг байна. 

Мөн уг цайг нойргүйдэх өвчтэй хүмүүс уувал тайван сайхан амарна. Удвал цэцэг нь хоол шингээх явцад сайнаар нөлөөлөх ба нэг аяга цай нь сарын тэмдгийг тогтворжуулж, суулгалт, дотор муухайрах, бөөлжис хүрэх зэргийг намдаана. Мөн ходоодны шарх үүсгэдэг бактерийг устгах үйлчилгээтэй. Зөгийн бал нь мөн ходоодонд сайн учир цайндаа бага зэрэг хийгээд ууж болно. Өтгөн удвал цэцгийн цай нь үе мөчний өвчнийг намдааж, батга, цэврүү, хатигны өвчин, улайлтыг намдаадаг. Зөгийнд хатгуулсан үед удвал цэцгийн цайгаар жин тавьбал сайн. Уг цайгаар амаа зайлснаар буйлны үрэвслийг намдаана. Хоолойн үрэвсэлтэй бол удвал цэцгийн цайг бага багаар шимж уугаарай.

5. Нимбэгтэй цай. 

Хэрэв та харшлаас болж шаналдаг бол нэг аяга халуун нимбэгтэй цай ууснаар хамрыг онгойлгож, хамрын хөндий дэх тоосыг гаргаж, өдөржин найтаахаас сэргийлнэ. Үйлчилгээг нь илүү нэмэгдүүлэхийн тулд бага зэрэг ногоон эсвэл улаан гоньд нэмж болно. Нимбэгтэй цай нь мөн хоолойн өвчин, ханиаданд сайн бөгөөд бага зэрэг зөгийн бал нэмж уувал илүү сайн.

6. Цагаан гаа. Хоол боловсруулах тогтолцоонд асуудал гарсан үед цагаан гааг мянга мянган жилийн өмнөөс хэрэглэдэг байжээ. Мөн тархинд нөлөөлж, толгой эргэх, бөөлжис цутгах шинж тэмдгийг намдаадаг. Цагаан гаа нь ходоодны шарх үүсгэдэг бактерийг устгадаг. 

Цагаан гаатай цай ууснаар сарын тэмдгийн үеийн өвдөлт, дотор муухайралт, шарталт зэрэгт сайнаар нөлөөлнө. Цагаан гааны үрэвслийн эсрэг агууламж нь хоолойн өвчин, ханиад зэрэгт маш сайн нөлөөтэй. Мөн эмч нар цагаан гааг хөлрөхийн тулд хэрэглэхийг зөвлөдөг. Үе мөчний үрэвсэл, булчин шөрмөсний үрэвслийн өвчинг бас толгойн хүчтэй өвдөлтийг ч намдаана. Цагаан гаатай цайг зөгийн балтай ууснаар антиоксидантын сайн нөлөөг нэмэгдүүлдэг.

7. Хар перецтэй цай. 

Энэхүү сонирхолтой анагаах аргыг Шинэ Англичууд болон Эртний Хятадууд ханиадны уламжлалт эмчилгээ болгон хэрэглэдэг байжээ. Зөгийн бал ханиаданд антибиоток болдог бол хар перец цусны эргэлтийг сайжруулна. Аяганд 1 цайны халбага шинэхэн бөөрөнхий хар перец, 2 хоолны халбага зөгийн бал хийнэ. Дээрээс нь буцалсан халуун ус хийгээд уустал нь 15 минут байлгаад уугаарай.

8. Гангатай цай.

Ганга өвс нь халдвар тархалтын эсрэг хүчтэй нөлөөтэй бөгөөд үе мөчний өвчинг намдаах үйлчилгээтэй мөн ганга болон гаатай цайны нийлмэл нь хамрын хөндийн өвчинд сайн нөлөө үзүүлдэг байна. 2 хоолны халбага хатаасан гангыг халуун усанд хийгээд 20 минут буцалгасны дараа хөргөөд хөлөө 15-20 минут дүрвэл ядаргаа арилна.

9. Жүржийн хальстай цай. Суулгалтын үед жүржийн хальстай цай уух хэрэгтэй. Жүржийг хальслаад, хальсыг жижиглэж хэрчинэ. Буцалж буй усанд хийгээд таглаж, хөртөл нь байлгаж хандална. Бага зэрэг зөгийн бал хийж амтлаад уугаарай.

10. Багваахай цэцгийн цай. Багваахай цэцэг нь шээсийг хөөдөг бөгөөд бөөрний цусны хангамжинд сайнаар нөлөөлдөг. Бас цөс, элгээ байгалийн аргаар угаах арга болно. Хүндхэн хоолны өмнө болон дараа ууснаар хоолны шингэц сайжирна. Бөөрний өвчинд сайнаар нөлөөлөх ба жижиг хэмжээний бөөрний чулууг ч буталж, уусгах чадалтай.

Categories
мэдээ нийгэм

Цэнгэлдэх хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам барина гэв

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай”

А/539 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Гандийн гудамжны баруун талын төгсгөл хэсэг буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын авто замын уулзвар хэсгийн замд борооны ус зайлуулах шугам барихаар боллоо.

Энэ ажилд 120.000.000 төгрөгийг зарцуулах бөгөөд Нийслэлийн замын сангийн магадлашгүй ажлын хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болгосон байна. Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт даалгалаа.